Categories
мэдээ нийгэм

Р.Раш: Богд уулыг тойрсон уулын төмөр зам байгуулбал транзит тээвэр ихэснэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УБТЗ ХНН-т ажиллах үеэр УБТЗ ХНН-ийн даргын зөвлөх, Хөдөлмөрийн баатар Р.Раш төмөр замын салбартай холбоотой өөрийнхөө байр суурийг илэрхийллээ.

Хөдөлмөрийн баатар Р.Раш “Богдхан төмөр замын трасс байгуулах тухай санал нь 1979 оноос эхтэй. Үүнд Ерөнхий сайд ихээхэн ач холбогдол өгч байгаад тун талархалтай байна. Ерөнхий сайд аа, та ч хөндөж ярилаа. Техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан судалгааны ажил нь төмөр замын салбар төдийгүй улсын хэмжээнд хоцрогдож яваа.

Орос хүмүүс зөвхөн судалгаанд үндэслэж ярьдаг бол япончууд долоо хэмжиж нэг огтолдог хүмүүс. Төмөр замын тухайд ярихад Замын-Үүдэд Тээвэр логистикийн төв байгуулсан. Миний бодлоор энэ нь дэмий ажил байсан. Дэргэд нь Япон улсын тусламжаар баригдсан шилжүүлэн ачих зам, талбай байсаар байхад мөнгө нь илүүдсэн юм шиг ажил энд тэнд байна.

Би улсын эрх ашгийн төлөө ярьж байна. Заримдаа улс төр нь түрүүлээд, эдийн засгийн судалгаа, бодит зүйлс ард нь орчих гээд байгаа тал байна шүү. Богд уулыг тойрсон уулын төмөр зам байгуулбал транзит тээвэр ихэснэ. Энэ олон төмөр зам байгуулахад эрдэм шинжилгээний институт байгуулах хэрэгтэй мэт санагдаж байна. Гэхдээ дахин зардал, бүтэц гаргасан биш, харин шилжүүлэх хувилбараар ажиллах нь зүйтэй. Төмөр замын үндсэн судлаач, ажилтан их бий” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймагт тусгаарлагдсан найман иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох найман иргэн Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд хоёрдугаар сарын 5-ны өдөр буяны ажлаар очиж, сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн тул ойрын хүмүүсийнх нь хамт өнгөрсөн даваа гариг (2021.02.08)-т туслаарласан билээ.

Тэдгээр иргэдээс шинжилгээний сорьц авч, хариу нь гартал Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаасан.

GenExpert-ийн шинжилгээгээр ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын дээрх иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Энэхүү шинжилгээ нь PCR шинжилгээтэй ижил ажээ.

Дашрамд дурдахад, тус аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан иргэдээ татаж авах ажил үргэлжилж буй бөгөөд өнөөдөр дуусах юм. Өчигдрийн байдлаар нийт 300 орчим иргэн аймаг, сумандаа очсон байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 8-нд Эрдэнэбулган, Чулуут, Цэцэрлэг, Жаргалант, Өлзийт, Өгийнуур сумд руу нийт таван автобусаар 165 иргэн гарсан бол Эрдэнэбулган суманд 40 иргэн ирэх юм байна.

Ирсэн нийт зорчигчдоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан тул гэрийн тусгаарлалтад шилжүүлжээ. Тус үйл ажиллагаанд холбогдох байгууллагын алба хаагч нар 24 цагийн турш иргэдийн эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллаж буй юм байна.

Цар тахлын халдварын аюул хэнийг ч ялгахгүй тул Архангай аймгийн онцгой комиссоос иргэддээ гадуур гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, гэрээс гарахгүй, гэртээ зочин урихгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Монгол улс нэн тэргүүний ээлжинд вакцин нийлүүлэх улсуудын жагсаалтад байгаа” гэв

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд С.Энхболдод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад баяртай байна гэв. Тэрээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий манай хоёр улсын хамтын ажиллагааны нэг томоохон хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна гэв.

Ялангуяа КОВИД-19 халдвартай тэмцэх явцад харилцан туслалцаа дэмжлэг үзүүлж, мэдээлэл солилцон нягт хамтран ажиллаж байгаагийн үр дүнд манай хоёр улсад харилцан зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцлов. БНХАУ-ын дарга Си Жиньпин 2020 оны Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд хандаж Хятад Улс КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг бүтээж дэлхий нийтийн хүртээл болгож хамтран ажиллана гэж мэдэгдсэнийг Элчин сайд дурьдаж, дээрх мэдэгдэл бодит ажил хэрэг болж тус улс КОВАКС хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан талаар танилцуулав. Үүний зэрэгцээ БНХАУ өөрийн улсад үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 улсад тусламжийн хэлбэрээр нийлүүлэх бөгөөд Монгол Улс нэн тэргүүний ээлжинд вакцин нийлүүлэх улсуудын жагсаалтад байгаа болохыг мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд БНХАУ-ын Засгийн газраас нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр 5 удаа олгож, харилцан мэдлэг туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн явдалд Эрүүл мэндийн сайдын хувиар гүн талархлаа илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын нийслэлийн хэмжээнд багц халдварын голомтууд нэмэгдэж байгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар товч танилцуулж, цаашид хоёр улсад харилцан халдвар зөөвөрлөгдөөгүй байгаа амжилтыг хадгалахын төлөө хичээж ажиллахын сацуу цартахлын нөхцөл байдал намжиж, халдварыг хяналтдаа авсан цагт хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бусад олон чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

24 цагийн хугацаанд 53 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 2,120 тохиолдлоос 73 хувь нь буюу 1,546 нь эдгэрлээ.

Одоогоор нийтдээ 561 батлагдсан тохиолдол эмчлэгдэж буй. Үүнээс ХӨСҮТ-д 247 хүн, Цэргийн төв эмнэлэгт 211 хүн , УНТЭ-т 1 хүн, Яармагийн 300 ортой эмнэлэгт 96 хүн байгаа юм.

Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл:

-Маш хүнд-1

-Хүнд-4

-Хүндэвтэр-80

-Хөнгөн-476 хүн байна.

Маш хүнд байгаа хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь нэн хүнд байгаа гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагвасүрэн: Монголбанк фитнесийн төхөөрөмж авах тендерээ цуцаллаа

монголбанк-н зурган илэрц

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн фитнесийн тоног төхөөрөмж авахаар зарласан тендерээ цуцлаж буйгаа мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд “Өнгөрсөн онд буюу 2020 онд Монголбанкны захирлуудын зөвлөлөөс Монголбанкны нийт ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бялдаржуулах танхимыг тохижуулах, энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийг 2021 оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан.

Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд, зохих шаардлагын дагуу нээлттэй тендерийг зарласан ч цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй бухимдалтай байгаа энэ цаг үед зохимжгүй гэж үзэж, уг тендерийг цуцалсан болно.
Уг тендерийн зориулалт, худалдан авах тоног төхөөрөмж нь Монголбанкны нийт ажилтан, албан хаагчдад зориулагдсан байсан гэдгийг үүгээр мэдэгдье” гэв.

Эх сурвалж: МОНГОЛБАНКНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

Иргэн Таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй цахим банк болон ATM-ээр үйлчлүүлээрэй. Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банкруугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгоорой.
Хүүхдийн мөнгөн тусламжийг сар бүрийн 20-нд олгодог бөгөөд цар тахалтай холбоотойгоор хугацааг нь наашлуулж Сар шинийн өмнө буюу маргааш олгохоор боллоо.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн өдрүүдэд тээшийн вагон аялахгүй

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар дотоодод нэмэгдэж байгаа учир эрсдэлээс сэргийлэх зорилгоор 2021 оны хоёрдугаар сарын 11, 12, 13, 14-ний өдрүүдэд буюу Цагаан сарын баяраар Тээшийн вагон аялахгүй болсныг мэдэгдье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Насны хишиг” тэтгэмж , “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламжийг өнөөдрөөс олгож эхэлнэ


Ахмад настны тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.
Энэ онд 140 мянган ахмадууд “Насны хишиг” тэтгэмж авах бол Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 223.8 мянган эхэд олгох юм.
Улсын Их Хурлаас 2010 оны зургадугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож, нийгмийн халамжийн сангаас I одонтой эхчүүдэд жил бүр 200 мянган төгрөг, II одонтой эхчүүдэд жил бүр 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгч байгаа.
Энэ оноос эхлэн дээрх 2 үйлчилгээг Халамжийн нэгдсэн систем www.ehalamj.mn -ээр дамжуулан тус цахим системд холбосон дансанд шилжүүлж олгох бөгөөд иргэдийг арилжааны банкинд биечлэн очихгүйгээр дансаараа дамжуулан авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Үйлчилгээнд хамрагдах нийт иргэдийн 97 хувь нь цахим системд дансаа холбосон байна.
Categories
мэдээ нийгэм

Н.Батсүмбэрэл: Иргэд хувийн бэлтгэлээ хангаж, хөл хорионы үеийн зөвлөмжийг дагахыг уриалж байна

Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх буюу хөл хорио тогтоох гэж байна. Энэ хугацаанд нийслэлд өрх бүрийн нэг гишүүнээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулах юм.

Энэхүү ажлыг дүүргийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлээс тодрууллаа.


-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үед дүүргийн хэмжээнд энэ ажлыг хэрхэн зохион байгуулах гэж байна вэ?

-Хөл хорио тогтоох 12 хоногийн хугацаанд нийслэлийн 411.420 өрх бүрийн нэг гишүүнээс заавал шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулагдана. Энэ ажилд нийслэлийн хэмжээнд 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэхээр байна. Чингэлтэй дүүргийн хувьд 19 хороотой, 160 мянга шахам өрх бий. Эдгээр өрхийн нэг гишүүнээс шинжилгээ авах ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон харьяа хэлтэс, албадын бүх төрийн албан хаагч энэ үеэр ажиллана. Бид Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хөл хорионы үеэр өрх бүрээс шинжилгээ авах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ ажилд иргэдийг хамруулах, судалгаа мэдээлэл гаргах гээд олон ажил хийгдэж байна. Үүнд хорооны Засаг дарга, хэсгийн ахлагчдын үүрэг оролцоо өндөр. Хөл хорионы үеэр иргэдийг шинжилгээнд хамруулах ажилд 1200 гаруй албан хаагч ажиллана. Тэгэхээр анхан шатны нэгжээсээ эхлэн төрийн бүх байгууллага хамтран оролцох юм.

-Танай дүүргийн Эрүүл мэндийн төв PCR шинжилгээ авах боломжтой лабораторитой болсон. Үйл ажиллагаа жигдэрсэн үү. Орны хүрэлцээ нөхцөл боломж хэр байна вэ?

-Дүүргийн эрүүл мэндийн төв 250 орны хүчин чадалтай. Коронавируст халдвар болон амьсгалын замын хүнд халдвартай хүмүүсийг тусгаарлан эмчлэх 25 орыг нэмэлтээр дэлгэсэн байгаа. Манай дүүргийн эрүүл мэндийн төв PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой болсон. Иргэдээс шинжилгээ авах ажил хэвийн явагдаж байна. Лабораторид 16 эмч, ажилтны бүрэлдэхүүн 24 цагийн турш ажилладаг. Нийт 11754 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Одоогоор манай дүүргийн 56371 иргэн PCR шинжилгээнд хамрагдаад байна.

-Хөл хорионы энэ хугацаа сар шинийн баяртай давхцаж байна. Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих мэдээлэл өгч байгаа ч иргэд сар шинийн бэлтгэлээ базааж байгаа нь бас ажиглагдаж байна?

-Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бэлэн байдал нь өдөр тутмын бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдал, бүх нийтийн бэлэн байдал гэсэн зэрэгтэй байдаг. Бид он гарснаас хойш бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, халдварыг хумих бодлого хэрэгжүүлснийг иргэд маань мэдэж байгаа. Энэ удаа ч бас халдварын голомтыг хумих, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах томоохон зорилттой энэ ажлыг хийж байна. Сар шинийн баяр давхцаж байгаа учраас иргэд баярын бэлтгэлээ базааж, зах худалдааны төвийн ачаалал ихэссэн, замын хөдөлгөөн нэмэгдсэн нь энэ өдрүүдэд харагдаж байна.

Гэхдээ иргэд маань цар тахлын хор хохирлыг тооцож төр засгаас гаргаж байгаа энэ шийдвэрийг дагаж мөрдөнө гэж итгэж байна. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл хор хохирлыг тооцоход бэрх болно. Өнөөдрийн байдлаар манай улсад 2000 гаруй хүн энэ өвчний халдварыг аваад байна. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол баярын өдрүүдэд энэ тоо хэд дахин нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Тэгэхээр иргэн бүр хариуцлагатай байж, өрх бүрийн гишүүнээс авах шинжилгээг өгч, эрүүл мэндийн байгууллагын заавар зөвлөмжийг дагах хэрэгтэй.

-Халдварын голомтыг хумих нь маш чухал асуудал. Гол нь иргэдийн ухамсар маш чухал байх шиг?

-Тиймээ. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс болон Дүүргийн онцгой комисс гээд шат шатандаа бүгд ажиллаж байна. Иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр Шуурхай штаб өнгөрсөн оны хоёрдугаар сараас ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас халдвар хамгааллын заавар зөвлөмжийг байнга өгч байна. Иргэд ч нэг үеэ бодвол тогтмол амны хаалтаа зүүж, зорчсон газрын QR кодыг уншуулах зэрэг хэвшмэл үйлдлүүдэд дасан зохицлоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч цаашид цар тахалтай зэрэгцэн орших учир дасан зохицох шаардлага бий гэдгийг сануулж байгаа. Тийм учраас бид цаашид амны хаалт зүүх, ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөгө болгох хэрэгтэй.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэд юу анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ ажлыг зохион байгуулахад иргэдийн оролцоо маш чухал. Нийслэлийн хэмжээнд явуулын болон түр цэгүүдээр шинжилгээ авахаар төлөвлөгдсөн байгаа. Өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах учраас шинжилгээний цэгт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэх, шинжилгээндээ хамрагдах нь маш чухал. Мөн бэлэн байдлын зэрэг гэдэг утгаараа хүнс, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадуур зорчихгүй байх хэрэгтэй. Хөл хорионы өдрүүдэд хүнсний хангамж, ус түгээгүүр, эмийн сан, эмнэлгийн байгууллага иргэдэд үйлчилнэ. Гэхдээ иргэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг уриалж байгаа. Тиймээс хөл хорио тогтоохоос өмнө хувийн бэлтгэлээ сайтар базаах нь зүйтэй. Зайлшгүй тохиолдолд гэрээсээ гарах зааварчилгаа өгч байгаа учраас хөл хорионы 12 хоногийн хугацаанд аль болох гэртээ байхыг уриалж байна. Хороодын дарга, алба хаагчид маань нэгж дээрээ ажиллах учир иргэдийг хэрэгцээтэй мэдээллээр хангана.

– Дүүргийн онцгой комиссын даргын хувьд иргэддээ хандаж үг хэлнэ үү?

-Сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа учраас иргэд та бүхнийг ойр дотны хүмүүстэйгээ цахимаар золгон, гэр гэртээ шинэлэн халдварын голомтыг хумихад өөрийн хувь нэмрээ оруулаарай гэж уриалж байна. Цар тахлын голомтыг хумихад та бүхний үүрэг оролцоо юунаас ч илүү чухал. Ингэж чадвал нийгмийн амьдрал хэвийн горимдоо орж, эдийн засаг сэргэх сайхан цаг удахгүй ирнэ. Төр засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярлалаа.

Эх сухвалж: Чингэлтэй дүүрэг

Categories
мэдээ нийгэм

Япон руу тусгай нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна

Маргааш буюу энэ сарын 10-нд Японы Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, 160 иргэнээ татан авна.

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг хоёрдугаар сарын 10-ны өдрийн 15.40 цагт Нарита олон улсын нисэх буудлаас хөөрнө. Нислэгийн бүртгэл Нарита олон улсын нисэх буудлаас терминал №2-ийн 3 давхрын “Q” каунтер дээр өглөөний 11.00 цагт эхэлнэ гэж Токио дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ.

УОК-оос гадаадад гацсан иргэдээ татан авахаар хоёрдугаар сард нийт 5 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд маргааш хийх нь нислэг нь хоёр дахь удаагийнх юм.