Categories
мэдээ спорт

Монгол – Японы тоглолт Чиба хотод болно

“Катар-2022” хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны “F” хэсгийн долоо дахь тоглолтыг манай улс эх орондоо Япон улсын шигшээ багийг хүлээн авч хийх байсан.

Гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой Комисс болон Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос тус олон улсын тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгчээ.

Улмаар тус тоглолт Япон улсын Чиба хотын 20 мянган хүний суудалтай Фукуда Дэнши Арена-д болохоор болжээ.

Тус тоглолтын өмнө манай улсын шигшээ баг гуравдугаар сарын 25-ны өдөр Тажикстан улсын шигшээ багийн талбайд зочлон хэсгийн зургаа дахь тоглолтоо хийх юм.

Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОК “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг орон зайн нэгдсэн системд орууллаа

Энэ сарын 11-нээс шилжих Бэлэн байдлын зэргийн хөл хорионы хугацаанд зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд аль ч бүсэд шаардлагатай тохиолдолд энэхүү дата баазыг ашиглан төлөвлөлтөө хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Уг дата баазыг мөн Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс, ЭМЯ-нд Орон зайн дүн шинжилгээний баг ажиллана.

Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэв. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгөх юм. Тухайлбал, дээрх тандалт илрүүлгийн шинжилгээ, хүнсний худалдаа, үйлчилгээ, тээвэрлэлт, түгээлт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар иргэд 24 цагийн аль ч хугацаанд холбогдож, мэдээлэл авч болно гэсэн үг.

Мөн Нийслэлийн онцгой комисс, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, тэдгээрээс үзүүлж буй төрийн үйлчилгээтэй холбоотой асуултуудад 1800-1200 тусгай дугаарын сувгуудаар дамжуулж иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.

ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас нийт 210 цэг дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэл Бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотойгоор авах арга хэмжээний талаар иргэд мэдээлэл муу байна. Тухайлбал, дэлгүүр хоршоо хаана хаахгүй, эмнэлэг, эмийн сан ажиллана ажиллахгүй гэх мэтчилэн янз бүрийн баталгаагүй мэдээлэл явлаа. Тиймээс албан ёсны мэдээллийг хурдан бас ойлгомжтойгоор иргэдэд өгч байх нь чухал юм” гэв. Мөн Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс хоорондын уялдаа холбоог сайжруулж, багийн зохион байгуулалтад орж ажиллах ёстойг онцолсон юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 11, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох,

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга БОАЖ-ын сайдтай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Т.Аубакир, Н.Наранбаатар нар өнөөдөр Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасантай уулзав.

Уулзалтад тус яамны болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны холбогдох зарим албан тушаалтан оролцов.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг агаарын чанар, хүлэмжийн хий, азотын хүчлийг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч, иргэдэд бодит мэдээлэл өгөх, байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, зөв зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахад анхаарах талаар асууж тодруулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2020 оны ажлын тайланг хэлэлцэхэд хангалттай санагдаагүй учир ирэх жилүүдэд хийх ажлаа оновчтой төлөвлөх талаар, Г.Дамдинням хийх ажлынхаа талаар тодорхой цаг хугацаатай төлөвлөгөө танилцуулах, шахмал түлшний нөлөөгөөр Улаанбаатар хотын агаарын чанар, хүхэрлэг хийн агууламж ямар байгааг ойрын хугацаанд ард иргэдэд мэдээлэх талаар асууж ярилцсан юм.

Түүнчлэн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төсвийн хөрөнгө оруулалтаар болон гадаадын зээл, тусламжаар нийслэл, орон нутагт хэрэгжүүлж буй ажлын танилцуулга дээр үндэслэн асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хот болон бусад томоохон хот, суурин газрын агаар, орчны бохирдлыг үе шаттай шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан агаарын бохирдол өндөртэй аймгуудад тухайн аймгийн нөөц боломжийг харгалзан сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, аймгуудын уурын зууханд Монгол орны нөхцөлд хамгийн сайн тохирох шүүлтүүр тавихын тулд туршилтаар баталгаажуулан сонгож авах, хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, уул уурхайн нөлөөгөөр эвдэрсэн олон мянган га талбай бүхий газрыг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах, үүл буудах ажлыг зохион байгуулалттай болгох, аялал жуулчлалын салбарыг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Боловсролын салбарт 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгддэг. Үүнийгээ багш, хүүхдүүддээ зориулъя

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 1990 оноос хойш салбарын сайдаар ажиллаж ирсэн үе үеийн сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Боловсролын сайд Н.Уртнасан, Шинжлэх ухаан, Боловсролын сайд С.Төмөр-Очир, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, А.Баттөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Ө.Энхтүвшин, Н.Болормаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед томилогдон ажиллаж байгаадаа би өөрийгөө азтай сайд гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд нийт 38 сайд ажиллаж, сүүлийн 20 жилд 18 сайд томилогдон ажилласан байна. Энэ бол сайд нарын буруу биш. Харин үүнийг Монгол Улсын бодлого, сонгуулийн тогтолцоо, нийгмийн гажиг гэж харж байгаа. Уламжлалгүйгээр шинэчлэл гэж байдаггүй. Тиймээс өнөөдөр сайд нарынхаа саналыг сонсъё гэж зорьсон. Би ажлаа аваад хэд хэдэн зүйлийг олж хараад байна. Өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны салбарт 101,390 хүн ажилладаг. Энэ бол нийт төрийн албан хаагчийн 40 гаруй хувь юм. Иймд төрийн албаны шинэчлэлийг манай салбараас эхэлж болохоор байна. Мөн боловсролын салбарт 1,7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгддэг. Үүнийгээ багш, хүүхдүүддээ зориулъя. Ерөнхий боловсролын сургуульд олгодог санхүүжилтээс болж ялгаа үүсч эхэлсэн. Төр өөрөө ялгааг бий болгож болохгүй. Шинжлэх ухааны салбар, их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн хамтран ажиллах сэтгэлгээ хангалтгүй байна. Боловсролын тогтолцоо ийм байхад бид санхүүжилтийг нэмсэн ч бодит байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ бүгдийг шинэчилнэ. Энэ Засгийн газар боловсрол, шинжлэх ухаан, инновацийн салбарт анхаарч, улс төрийн дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүнийг давхар Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүргийг хаших томилгоо хийсэн” гэдгийг онцоллоо.

Сайд нар өөрийн ажиллаж байсан үеийн бодлого, зорилт, авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ алдаа, оноог ярилцаж, салбарын шинэ сайдад хандаж, засаж сайжруулах чиглэлээр хэд хэдэн санал хэллээ. Тухайлбал, боловсролын зорилгыг улсын хөгжлийн зорилготой уялдуулах, үндэсний боловсролын тогтолцоог дэлхийтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх, хүмүүжилтэй хүн бэлтгэх, англи хэлийг хоёр дахь хэл болгох, шинжлэх ухаанч соёлыг түгээн дэлгэрүүлэх, боловсрол судлалыг хөгжүүлэх, их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг арилгах шаардлагатай байна гэв.

Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоо, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сурах бичиг бүтээх харилцаануудыг хуульчлах шаардлагатай, Мэргэжлийн боловсрол, сургалтыг Боловсролын яамны харьяанаас гаргасан нь алдаатай бодлого байсан. Үүнээс болж салбарын шаталсан тогтолцоонд доголдол гарч, багш нар нь хохирсон хэмээж байсан юм.

Шилжилтийн эхэн үед буюу 1990-1993 онд Боловсролын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасан “Миний үед сайдын албыг хашихдаа малчин өрхийн хүүхдүүдийг боловсролтой болгоход анхаарч ажилласан. Сургууль бол хүнийг хөдөлмөрт сургадаг гэж би боддог. Эрдэм мэдлэгээс гадна насан туршдаа хөдөлмөр эрхлэх, хүмүүжихэд гол анхаарах нь чухал байна. Улс орны бодлогыг тодорхойлж, түүнийгээ тууштай, үр дүнтэйгээр хэрэгжүүлж чадсан бол өнөөдрийн түвшинд шүүмжлээд байгаа шиг нөхцөл байдал тулгарахгүй байсан болов уу. Бид зориг, тэвчээр гаргаад тууштай хийж чадаагүй нэг ажил бол багш нарын боловсрол, чадвар, нийгмийн асуудалд анхаарах явдал гэж боддог. Иймд цаашид үүнд анхаарч ажиллаарай” гэв.

1995-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын сайдаар ажиллаж байсан С.Төмөр-Очир “Өнөөдөр монгол хүнд дутагдаж байгаа нэг зүйл бол хүмүүжил юм. Иймд хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Зүрх сэтгэлийн боловсролыг оруулж өгөх нь чухал. Хүн бүр өөрийгөө боловсролыг мэддэг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ тийм ч олон хүн боловсролыг мэддэггүй. Надад захиж хэлэх зүйл байна. МСҮТ боловсролын тогтолцоо юм бол яамны харьяанд авах хэрэгтэй. Мөн багш бэлтгэдэг системийг сайжруулж, онц сайн сурдаг хүүхдүүдийг багшийн их сургуульд сургах хэрэгтэй” хэмээсэн юм.

Сайд Л.Энх-Амгалан уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ “Та бүхний үнэт саналыг ажил хэрэгтээ тусгана. Бодлого боловсруулахад оролцоорой. Та бүхэн хийж, хэрэгжүүлж амжаагүй зүйлээ надаар дамжуулан хэрэгжүүлээрэй. “Хамтрах соёл”-ыг үе үеийн боловсролын сайд нараас эхлүүлье” гэж уриаллаа. Сайд нар ч салбарын шинэ сайдтай хамтарч, дэмжиж ажиллах бүрэн боломжтой гэдгээ тодотгон хэлцгээж байлаа.

Одоогийн Боловсрол, шинжлэх ухааны яам 1924 онд Ардыг гэгээрүүлэх яам нэртэйгээр байгуулагдсан бөгөөд энэ хугацаад 38 хүн салбарын сайдаар ажиллаж иржээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөл хорионы хугацаанд авах арга хэмжээг өнөөдөр танилцуулна

Улсын онцгой комиссоос өнөөдөр 17:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Уг мэдээллээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд авах арга хэмжээг олон нийтэд танилцуулах юм.

Хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Энэ хугацаанд 14 салбарын үйл ажиллагаа зөвшөөрөх бөгөөд тухайн салбаруудад тогтоох тусгай горимыг өчигдөр УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдан боловсруулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Гадаадад байгаа монголчууд саналаа тавдугаар сарын 30, 31-нд өгнө

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Он гарсаар Сонгуулийн ерөнхий хороо танхимд болон цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах өдрийг Төв комиссын саналыг харгалзаж 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд авахаар тогтлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг эцэслэн батлав.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “Богдхан” төмөр замыг стратегийн зам гэж үзнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Богдхан” төмөр замын трасстай газар дээр нь танилцан “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллалаа.

Тэрээр “Богдхан” төмөр зам бол стратегийн зам. Энэ нь зөвхөн Богдхан уулыг тойруулж төмөр зам тавих биш. Харин хотын төвлөрлийг сааруулах, задлах, дагуул хотуудыг хөгжүүлэх гээд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, цогц шийдэл гэж үзэж байна.

“Богдхан” төмөр замын төсөл нь “УБТЗ” ХНН-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалж Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөтэй холбох төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойруулах боломж бүрдэнэ. Мөн төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахаар тооцоолжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ замыг дагасан хот төлөвлөлтийн цогц бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймээс замын Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, гарч болох эрсдлийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгов. Төмөр зам тавихын тулд “УБТЗ” ХНН-ийн зарим байгууламжийг шилжүүлэх, өртөөний замын хүчин чадлыг бууруулах, зам сумыг багасгах, өөрчлөх зэргийг бодлогоор шийдэх, салбар төмөр замтай зайлшгүй холбогддог нефтийн агуулах, дулааны цахилгаан станц, гурил, хүнс, бетон төмөр хийцийн үйлдвэр, ачааны терминал, барилгын материал, нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд учрах хүндрэлийг шийдвэрлэх шаардлагатай тухай нийгэмлэгийн Замын ерөнхий инженерийн орлогч дарга Ш.Нямсүрэн танилцуулав.
нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаах гэх мэтийн зураг байж болно“Олон жил ярьсан энэ замыг тавихын тулд багагүй эсэргүүцэлтэй тулгарна, амаргүй шийдвэр гаргана. Хувийн хэвшлийнхэнтэй ойлголцож, хамтдаа төлөвлөж, үе шаттай хэрэгжүүлнэ” гэж Ерөнхий сайд хэлэв. “Богдхан” төмөр замын Техник, эдийн засгийн үндэслэлийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцоолсон байна. “УБТЗ” ХНН-ийн удирдах ажилтнууд төмөр замын тээврийг сэргээн хөгжүүлэх МОНП-1, МОНП-2 зээлтэй холбоотойгоор дүрмийн сангаа нэмэгдүүлэх хүсэлт тавьсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн тээвэрлэлтийн тарифыг өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, нийслэлд үнэт цаасны бонд гаргах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэн баталлаа.

Тодруулбал, нийслэл хотын 1.4 сая иргэний эрүүл, аюулгүй байдал, тав тухтай орчинд амьдрах бүрдүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо хандуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч төсөв, санхүүгийн хувьд хүрэлцээгүй байгаа аж. Иймд хөрөнгө босгож, бонд гарган төсөл хөтөлбөрүүдийг шаардлага үүсжээ. Иймээс нийслэлд бонд гаргах асуудлыг судлан, ажлын хэсэг байгуулах саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

Нийслэлд бонд гаргах ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ-ын төлөөлөл, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс төлөөлөл ажиллана. Ажлын хэсэг нь бонд гаргах боломжийн талаар судлан, судалгааны үр дүнг нийслэлийн ИТХ-д энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулна гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлж байлаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том ажлын хэсэг байгуулж байна. Иймээс энэ чухал ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хяналт тавих ёстой” гэв.

Эх сурвалж: НИТХ

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчнийхэн мөрдөс нэгт нөхөртөө туслахыг уриалав

Зэвсэгт хүчний салбарынхан мөрдөс нэгт нөхөртөө амьдрах итгэл найдвар хайрлан, чин сэтгэлээсээ туслахыг уриалжээ.

Тус уриалгад “Хэлж ирдэггүй хийсэж ирдэг аюулт өвчин мөрдэс нэгт бидний нөхрийг дайрчээ.

Хошууч Б.Эрдэнэбаяр нь 1987 онд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн. Дорноговь аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг 2005 онд, БХИС-ийг 2010 онд тус тус төгсөж ажлын анхны гараагаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас эхэлсэн юм. Тус ангид салааны захирагчаар 2010-2012, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид 2012 оноос хойш одоог хүртэл зэвсгийн албаны инженерээр ажиллаж байна.

Тэрбээр 2011 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад амжилттай үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагч.

2017 онд Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх зорилго тавин эмчийн үзлэгт хамрагдсан бөгөөд тус үзлэгээр “Цагаан эсийн өөрчлөлттэй” гэж оношлогджээ. Улмаар БНХАУ-ын Бээжин хотын Хэбэй мужийн Яанда эмнэлэгт онош тодруулахаар шинжилгээ өгөхөд СМL буюу Миелоид эсийн гаралтай цагаан эсийн архаг хавдар гэж оношлогдсон байна. Энэ хугацаанд УНТЭ-ийн цусны эмчийн хяналтад монохими эмчилгээ хийлгэж байсан боловч 2020 оны 6 дугаар сараас биеийн байдал хүндэрч эмчилгээ болон эмэндээ өвчин нь дарагдахаа больж эхэлжээ.

2020 оны есдүгээр сард хавдар нь сэдэрч AML буюу цагаан эсийн хурц хавдар луу шилжиж УНТЭ-ийн цусны тасагт 2 удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн боловч дахин сэдэрч Монголд эмчлэгдэх боломжгүй, яаралтай чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон.

Хэд хэдэн орны эмнэлэгт хүсэлт гаргасны дагуу Турк Улсын МЕМОРИАЛ эмнэлгээс эмчлэх боломжтой, эмчилгээний зардалд 300 сая төгрөг шаардлагатай гэсэн хариуг ирүүлжээ.

Мөрдэс нэгт нөхөртөө амьдрах итгэл хайрлаж, амьдралын түшиг ханьд нь, алаг бяцхан үрсэд нь сэтгэлийн илчээ түгээхийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ” гэжээ.

Хандивын данс

Хаан банк 5025477478 Б.Эрдэнэбаяр

Голомт банк 4705113077 Б.Эрдэнэбаяр

Хаан банк 5300674166 USD

Төрийн банк 340601672168 /эхнэр Ц.Саранзаяа/

Холбоо барих утас:

88273755 /Б.Эрдэнэбаяр/, 88869100 /Ц.Саранзаяа/