Categories
мэдээ нийгэм

АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг Чингисийн одонгоор шагнажээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Дашдондогийн Ганбатыг Ардчилсан намын тэргүүн дээд шагнал Чингисийн одонгоор шагналаа. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнасан байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ”Ази дахь ардчиллын баян бүрд, ардчиллын хөгжлийн загвар болсон Монгол орны хувьд хүний эрх, эрх чөлөөг хамгаалан бэхжүүлэх нь тусгаар тогтнолын гол тулгуур хүчин зүйл юм” гэдгийг онцлон хэлэв.

Мөн Ардчилсан нам эгзэгтэй түүхэн цаг үед нэгдэж, нягтарч чаддаг гэдгийг харуулсан үйл явдал болж байна хэмээн Ардчилсан намын гишүүд баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Халхгол суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Тулгат хонхор” гэдэг газар хоёрдугаар сарын 10-ны өдрийн 00:59 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООФХ-ээс цахим шуудангаар 01:12 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газараар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс “Спутник V” вакциныг бүртгэлээ

Коронавирусийн халдварын эсрэг Оросын эрдэмтдийн бүтээсэн “Спутник V” вакциныг Монгол Улсын Эрүүл мэндийн яам бүртгэлээ хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын санг иш татан РИА Новости мэдээллээ.

Тус сангаас гаргасан мэдэгдэлд “Монголын Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын эсрэг Оросын “Спутник V” вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэж байна. Бүртгэлийг тус улсад эмнэлзүйн нэмэлт туршилт явуулахгүйгээр онцгой байдлын үед ашиглах журмаар гаргасан” гэж дурджээ.

Вакцины зөвшөөрлийг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Монголын тэргүүлэх эм үйлдвэрлэгч Монгол Эмимпекс Концерн ХХК-ийн туслалцаатайгаар авсан болохыг эх сурвалж мэдээллээ.

Энэ сарын 4-нд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов “Спутник V” вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэж найдаж буйгаа илэрхийлж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бэлтгэл ажил 87 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд өрх бүрээс нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах ажлын бэлтгэл өчигдөр оройны байдлаар 87 хувьтай байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй. Нийт 12 хоногийн хугацаанд өрх бүрээс насанд хүрсэн нэг иргэнийг шинжилгээнд хамруулах билээ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бэлтгэл:

  • Багануур 70 хувь,
  • Багахангай 100 хувь,
  • Баянгол 80,
  • Баянзүрх 70,
  • Налайх 90,
  • Сонгинохайрхан 90,
  • Сүхбаатар 95,
  • Хан-Уул 85,
  • Чингэлтэй 100 хувьтай хангаад байна.
Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг буцаах хугацааг 1 хоногоор сунгалаа

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгажээ.

Энэ талаар НОБГ-ын дарга А.Дашням “Орон нутгийн иргэдийг буцаах ажил 2021 оны хоёрдугаар сарын 10-ны 00:00 цагт дуусгавар болох байсан. Гэхдээ Улсын Онцгой комисс хуралдаж, энэ хугацааг сунган хоёрдугаар сарын 11-ний өглөөг хүртэл иргэдийг буцаах ажлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дүүргүүдийн пост хоёрдугаар сарын 10-ны өдөртөө багтаан иргэдийг гаргах учиртай” гэв.

Categories
мэдээ нийгэм

​ЗАЛРУУЛГА

Dnn.mn сайт нь нийгэмд өрнөж буй үйл явдлаар ярилцлага, нийтлэл, сурвалжилга, тодруулга, мэдээ бэлтгэн нийтлэдэг билээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хяналт шалгалт хийсэн.

Ингэхдээ, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үлэмж гросерс” ХХК-ийн “Good price” дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүрт хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16000 төгрөгөөр худалдан борлуулж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан” гэсэн албан мэдээг хүргэсэн юм.

Тус мэдээллийг 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр сайтдаа мэдээлэхдээ “Хонины мах 16000 төгрөгөөр зарсан Good Price дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгожээ” гэх гарчигтай мэдээллийг нийтэлсэн билээ.

Уг мэдээг хүргэхдээ үхрийн махны үнийг хонины махтай андуурсан зэрэг сэтгүүлчийн ур чадвараас шалтгаалсан баримтын алдаа гаргасан байна.

Иймд Dnn.mn сайтад нийтлэгдсэн “Хонины мах 16000 төгрөгөөр зарсан Good Price дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгожээ” гэсэн мэдээнд дурдсан Үлэмж Гросерс ХХК-аас хүлцэл ирж, бэлтгэсэн мэдээгээ устгасан болохоо энэхүү залруулгаар илэрхийлж байна.

Dnn.mn сайтын редакци

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайд асан Д.Содном: Төрийн албан тушаалтны буруугаас болж Засгийн газар огцорсон. Гэхдээ энэ бол уламжлал болгох сайн жишиг биш


Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномтой төрийн албан тушаалтнуудын ёс суртахууны асуудлаар ярилцсанаа хүргэе.


-Монгол төрийн дархлаа болсон буурал Ерөнхий сайд танаас төрийн албан тушаалтнуудын ёс зүйн талаар асуух гэсэн юм. Яагаад ингэж асуух болов гэхээр төрийн албан хаагчийн хүнлэг бус байдлаас болж Засгийн газар огцорлоо гээд байгаа?

-Төрийн зарим албан тушаалтны ёс суртахуунгүй үйлдэл олон мянган төрийн ажилтан нарын болон Монголын төр засгийн нэр хүндэд хор хүргэж байдаг. Дөнгөж хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хүндэтгэж хүн ёсоор үйлчлээгүй төрийн зарим албан тушаалтны буруугаас, тэдний өмнөөс уучлалт гуйж Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Засгийн газрын энэ огцролтыг хариуцлага хүлээдэг байхад үлгэр болж байгаа зөв үйлдэл гэж дүгнэж болох боловч уламжлал болгох сайн жишиг гэж бодохгүй байна. Учир нь иргэндээ үйлчлэх үүргээ ухамсарладаггүй, цэвдэг сэтгэлтэй албан тушаалтнуудтай иргэд бараг өдөр болгон дайралддаг. Тэр болгонд Засгийн газраа огцруулаад байж болохгүй.

Өөрөөр хэлбэл, аль нэг төрийн байгууллагын албан тушаалтны буруугаас шалтгаалж Засгийн газрыг огцруулаад байдаг биш, төрийн албаны анхан болон дунд шатны албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх, удирдах ажилтнуудыг зөв сонгох, хүмүүжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хүнд сурталтай, ёс суртахуунгүй ажилтныг тухай бүр илрүүлж огцруулдаг байх нь зөв.

Төр ба ард түмний хоорондын харилцаанд эрхэмлэдэг зүйл дотор иргэд нь татвар төлж ямар ч нөхцөлд цалин хангамжийг нь тасралтгүй өгч байх, төрийн албан тушаалтнууд нь иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлж байх үүрэг байдаг. Төрийн өмнө иргэдийн хүлээсэн энэ үүрэг хуульчилсан байдаг учраас ямар ч нөхцөлд биелж байгаа. Харин төрийн анхан болон дунд шатны зарим албан тушаалтны хүнд сурталтай, сэтгэл зүйн боловсрол сулаас болж иргэндээ соёлтой үйлчлэх төрийн үүрэг биелдэггүй дутагдал архагшсан гэж хэлж болохоор байдаг.

-Тийм үү, үүнийгээ жаахан тодруулахгүй юу. Цэвдэг сэтгэлтэй албан тушаалтнуудтай иргэд өдөр бүр тааралддаг гэчихэв үү дээ?

-Төрийн албаны хүнд сурталтай хийх тэмцэл бол төр, иргэн хоёрын харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө, төрийг тогтвортой, түмнийг амгалан байлгахын төлөөх тэмцэл юм. Төрийн албаны хүнд суртал, ёс зүйгүй харилцааг арилгах тэмцлийг төр ба иргэд хамтарч өрнүүлэхэд анхаарахгүй байх аргагүй болоод байна. Манай улсын төрийн тогтолцоо, эрх зүйн одоогийн хэвшсэн нөхцөлд иргэдэд төрийн анхан болон дунд шатны албан тушаалтнаас үйлчилгээ хүсэхгүй амьдрах нөхцөл байхгүй. Төрийн зүгээс хуулийн дагуу үзүүлэх ёстой үйлчилгээг иргэнд заавал гуйлгаж, хүсэлт өргөдөл гаргуулж байж хүртээдэг. Энэ нь төрийн түшээд олшрох, хүнд сурталтан орших үндэс болдог. Цагт нь гуйгаагүй, хүсэлт өргөдөл өгөөгүйгээс хуулийн дагуу авах ёстой тэтгэвэр, тэтгэмжийн нэмэлт, хөнгөлөлт, элдэв зөвшөөрлийг авч чадаагүй иргэн хохирдог. Ийм төрлийн гажуудлыг төрийн удирдах байгууллага, нийслэл, аймгийн удирдах нөхөд засах ёстой. Цахим засаглалыг бий болгоё гэж байгаа Засгийн газрын санаачилга амжилттай хэрэгжвэл хэрэг болно. Харин иргэдийн хувьд хүнд сурталтай идэвхтэй тэмцдэг байх, хүлцэнгүй байдгаа болих нь чухал юм. Төрийн дунд шатны албан тушаалтантай ярих гэхэд утсаа авахгүй, уулзахыг хүсэхэд хүлээж авахаас цааргалж, ямар хэргээр уулзахыг заавал асууж хувийн хэргээр гэж хэлсэн хүнд тоомжиргүй дээрэлхүү харьцаж эхэлбэл хүнд сурталтантай тулгарч буйгаа мэдэрч, шүгэл үлээдэг, хууль ёсны үйлчилгээг олж авахын төлөө тууштай тэмцдэг, төрийн албаны дээд шатны эрх мэдэлтэнд нь хандаж дэмжлэг авдаг байх ёстой.

Ёс суртахуунгүй, бүдүүлэг дээрэнгүй харилцдаг дарга нар ихэвчлэн иргэдэд мэдээлэгдсэн алдаршсан байдаг. Тийм даргатай аргагүйн эрхэнд уулзах гэж зөвшөөрөл авсан иргэд тэр даргын өрөөнийх нь үүдэнд удаан хугацаанд босч сууж хүлээцгээнэ, тэр зуурт хоорондоо танилцаж зовлон бэрхшээл, түүнийг шийдэх хууль журмаар санал солилцоно, “Энэ дарга өнөөдөр ямар зан ааштай байгаа бол” гэж хоороондоо шивнэлдэнэ. Тэгээд даргын өрөөнд ормогц юу тохиолддог билээ. “Орж болох уу” гэхэд “орчихоод юу гээд байгаа юм” гэж зандарна, – Та сайн байна уу гэхэд хариу мэндлэхгүй, царайгаа харуулахгүй. Харин тухайн иргэнийг гар утастай байгааг харчихвал “Чи миний зургийг авах гэж байна уу, бичлэг хийх гэж байна” гэж зандраад туслахаа дуудаж утсыг нь авч зураг авсан бичлэг хийсэн эсэхийг шалгуулна.

-Энэ бол төрийн зарим албан хаагчдын үнэн нүүр царай мөн. Олон хүн авлига энээ тэрээ авч байгаад баригдсан тал ч бий?

-Бизнес эрхлэх зөвшөөрөл өгөөч гэвэл чиний хүсч байгаа юм чинь амархан бүтдэг зүйл биш гэж хэлнэ. Өрөөнөөс нь гарах үед хамтрагч нь бололтой хүн дөхөж ирээд “Цаадахдаа таван сая төгрөг атгуулчихвал наад юм чинь бүтнэ” гэж зөвлөнө, мөн иргэнийг өөрийг нь буруутгах элдэв шалтаг ухаж гаргаж дарамтална. Тухайн иргэн ямар нэг татвар хураамжийг хугацаанд нь төлөөгүй, баримт бичгийг бүртгүүлэх хугацааг хэтрүүлсэн буруутай бол заавал их хэмжээний төлбөр торгууль оногдуулна. Ёс зүйтэй харьцахыг өөрөөс нь шаардсан, дээд удирдлагад нь хандсан байвал өширхөж хэдэн зуун мянга бүр олон сая төгрөгөөр торгох шийдвэр гаргана. “Би чамайг заавал торгоно, заавал төл, чамайг торгохгүй бол авлига авсан гэж намайг хардана” гэнэ. Өөрөөр хэлбэл авлига гэгчийг иргэнийг торгоход хэрэглэдэг зэвсэг болгоно. Хүнд сурталтан, ёс суртахуунгүй, сэтгэл нь бохирдсон албан тушаалтны зан авир үүгээр зогсохгүй ээ.

-Төрийн зарим нэг албан тушаалтны буруугаас болж Засгийн газар огцорсныг та “сайн жишиг гэж хэлэхгүй” гэсэнтэй санал нэг байна. Ер нь У.Хүрэлсүх чинь Ерөнхийлөгч болох гээд фронтоо хаяад зугтсан, тэр нь одоо хүмүүст ил болоод нэр хүнд нь унаад байх шиг?

-Засгийн газар огцорсон шалтгааныг зарим эмнэлгийн удирдлагын буруугаар тайлбарласан явдал төрийн ажилтнуудын хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарал төвлөрүүлэхэд хүргэж байгаа нь сайн хэрэг. Хуримтлагдсан төвөгтэй асуудлуудаа шийдэхийг залуучуудад хариуцуулж шинэ Засгийн газрыг богино хугацаанд бүрдүүлсэн нь бас сайн. Миний ажигласан зүйл бол Засгийн газар огцрох хоёр дахь гол шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хоорондоо зөрчилтэй, хамт ажиллах нөхцөлгүй болсон, түүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч магадгүй байсан. Энэ нь таны хэлж буйгаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж ч магад. Гэхдээ уг асуудал жич учир нь олдох биз. Харин төрийн албан тушаалтны ажлын хариуцлагыг хэрхэн дээшлүүлэх талаар саналаа хэлье. Нэгд, сайн үйлстэй төрийн ажилтан нараа алдаршуулж урам хайрлаж байх. Төрийн байгууллагад ажиллаж байгаа эззэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа хайртай, ариун сэтгэлээр хүч бололцоогоо дайчилж төрийн үйлчилгээг ард олондоо хүргэж байдаг 200 шахам мянган иргэд бол Монголын төр засаг ба Монголын ард түмний холбоог бэх бат байлгадаг гагнаас юм. Хоёрт, иргэдийн хяналт шаардлагыг хүчтэй болгох. Төрийн ажилтны ажлыг дүгнэхдээ тэр хүний ажил, зан харилцаанд өгч байгаа иргэдийн болон удирдлагад нь ажиллагсдын үнэлэлт дүгнэлтийг гол болгож байя. Төрийн байгууллага бүрт дотоод хяналтыг бий болгоод, тэнд ажилладаг нөхдийн зан харилцаа, ёс суртахууны талаар иргэдээс санал шүүмжлэлийг тогтмол авч бүртгэдэг байя. Гуравдугаарт, сэтгэл зүйн боловсролд анхаардаг байх. Манай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ талаар үлгэрлэж байгаа. Тэд иргэд үйлчлүүлэгчдэдээ ёс зүйтэй, эелдэг харьцдаг, тэгэхгүй бол байгууллагынх нь нэр хүндэд, бүтээгдэхүүнийх нь борлуулалт үйлчилгээнд нь эсрэг нөлөөлдгийг мэддэг. Гэтэл ийм мэдрэмж манай төрийн байгуллагынханд үгүйлэгддэг. Хувийн хэвшлийнхнээс сурахыг шаардъя. Дөрөвдүгээрт, сэтгэл нь бузарлагдсан этгээдүүдийг нийгэмд таниулж жигшүүлэх. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг, төрийн албан тушаалтныг гүтгэдэг, нэр төрийг нь гутаадаг, хөгшин залуу, эр эм, яс үндсээр нь ялгаж доромжилдог, шоронд хат, үх тонил гэх мэтээр харааж байдаг, түүгээрээ мэргэшсэн, бузар үгийг захиалгаар бичиж хэдэн төгрөг авч амьдардаг байж ч мэдэх нэр нүүрээ нуусан хэдэн этгээд бий болсон. Монгол хүний зан араншинд байгаагүй ийм үйлдэлтэй этгээдүүд бол иргэдийн итгэлцлийг эвдэх, нийгмийг задлан бутаргах аюултай. Ийм хорт халдварыг үндсээр нь таслахгүй байж болохгүй. Тавдугаарт, иргэдийн ажил амьдралд саад хийдэггүй байхыг эрхэмлэх. Гурван хүүхэд, таван ам бүлтэй айлын амьдралыг авч яваа залуу “Би засаг төрөөс юу ч гуйхгүй, өөрийн хөдөлмөрөөр гэр бүлийн амьдралаа сайхан аваад явж байх бололцоо байна, хичээж байна. Гэтэл төрийн албаны олон байцаагч нэртэй хүмүүс бараг өдөр бүр ирж асууж байцааж, нэгжлэг хийх шахуу юм болж, тайван ажиллаж амьдрахад саад болж байна. Залхаж байна. Яах билээ” гэж ярихыг сонсож байлаа. Ингэж ярьж байгаа залуучууд олон бий.

-Төрийн албан тушаалтан ба иргэний хооронд ямар харилцаа байж болох вэ?

-Би ганцхан жишээ хэлье. “Би мал бүхий иргэдээс мал худалдаж авч төхөөрөх, мах боловсруулах жижиг үйлдвэр барих төсөл боловсруулж байна. Зөвшөөрөх дэмжих боломжтой юу” гэж нэг иргэн төрийн албан хаагч дээр оръё гэж бодъё. Хариуд нь төрийн ажилтан “Сонин санаачилга байна. Төсөл, түүнийхээ зорилго, ач холбогдлыг хэлээч” гэхэд иргэн “Төслийн хувьд хоногт 100 бог, 20 бод, жилд 12 мянган бог, 2400 орчим бод мал төхөөрч, тураг мах, дотор махны нөөцийг бүрэн боловсруулах үйлдвэр барих юм. Зорилго нь иргэдэд үйлдвэрийн нөхцөлд төхөөрч боловсруулсан малын мах хэрэглэдэг болгох, тураг махаас гадна дотор махны нөөцийг бүрэн боловсруулж хэрэглэдэг байх, арьс ширийг давсалж чанарыг нь хадгалсан түүхий эдээр боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг байх, ач холбогдлын хувьд малыг зах зээлийн үнээр газар дээр нь худалдаж авснаар малчдын орлого нэмэгдэнэ, 50 орчим ажлын байр бий болно. Мэдээж чанартай, эрүүл, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтаас ашиг олно” гэдгээ хэлнэ. Үүнд төрийн албан хаагч, боловсруулж байгаа төсөл санаачилга амжилттай хэрэгжвэл улс орны хөгжил, ялангуяа хөдөөгийн хөгжилд чухал ач холбогдолтойг хэлээд “Сум болгон мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэртэй болчихвол дотоод хэрэгцээ төдийгүй гадаад зах зээлд мах гаргаж чаддаг болж, улмаар малын тоог бэлчээрийн даацад тохирсон хэмжээнд байлгах асуудлыг шийдэх боломж бүрдэнэ” хэмээн ямар дэмжлэг хэрэгтэйг асууна. Мөн үйлдвэрийнхээ ТЭЗҮ-г боловсруулж, баталгаажуулаад аваад ир, түүнийг үндэслэж тодорхой асуудлыг ярилцъя гээд өндөр үр ашигтай байх нь баталгаатай байвал хөрөнгө оруулалтын зээлийн асуудлыг холбогдох байгууллагад уламжилж шийдэж өгнө. Мал худалдаж авахад шаардагдах эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд чинь нэг жилийн хугацаатай зээл олгох асуудлыг шийдэхэд тусална, мах болон махан бүтээгдэхүүнийг дотоод гадаад зах зээлд борлуулахад чинь дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол нь технологи, бүтээгдэхүүний чанар сайн, өрсөлдөх чадвартай байхад онц анхаараарай гэж хүснэ. Төр ба иргэний хооронд ийм маягийн харилцаа бий болж хэвшчихвэл улсын маань хөгжил хурдсах болов уу гэж өвгөн би харж байна.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар хөл хориог хэрхэн тогтоох талаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхлэх товтой. Хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл хийж, хөл хорионы хугацаанд авах арга хэмжээний талаар танилцуулах юм.

Даваа гарагт хуралдсан Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбарыг тусгай горимд шилжүүлэх саналыг боловсруулсан. Гэвч тухайн горимыг олон нийтэд танилцуулаагүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар хууль зөрчөөд байна уу, эсвэл вакцин хийлгэчихсэн юм уу?

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгорт өвс тараагаад нэг л том фермийн эзэн аятай явж байх юм. Бүхэл бүтэн улсыг төлөөлсөн УИХ-ын дарга хүн ганцхан Баянхонгорт л зуд болж байгаа юм шиг аяглаж, зудтай тэмцэж яваа баатрын дүрээр телевиз, радиогаар мэдээ, сурвалжлага цацуулаад сууж таарахгүй л дээ. Өнөө жил ганцхан Баянхонгор гэдэг аймагт зуд болоогүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэхэд л Дорноговь аймгийн нийт нутгийн 25 хувь цагаан зудтай, 35 хувь цагаанаар зудархуу, Мандах, Сайхандулаан сум туурайн болон харын зудтай гэсэн үнэлгээ хийгдэж байсныг санаж байна. Архангай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас өчигдөрхөн цахим хуудсандаа байршуулсан мэдээндээ “Өнгөрсөн зун гантай байсан, одоо цастай байгаа нутгаар мал турж зутрах, өвс тэжээлээр гачигдах, улмаар өвөлжилт хаваржилт хүндэрч зуд нүүрлэх төлөвтэй байна” гэж онцолсон харагдана лээ. Улс даяар зудын нөхцөл байдал сайнгүй ийм үед УИХ-ын дарга нь сонгогдсон тойргоо эргэж яваа хувь гишүүн маягтай хандлага гаргах нь зохисгүй харагдаж байна.

УИХ-ын даргаас гадна Монгол Улсын Төрийн тэргүүн нь бас цар тахлын үеэр хөдөө гадаа явж улстөржсөн шигээ явж байх юм. Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Салхитын мөнгөний ордод очиж олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж баахан бужигнасныг улс даяараа харж үзлээ. Өчнөөн сэтгүүлч дагуулчихсан, хамгаалалтын хувцас ч үгүй харайлгаж яваа нь үнэнийг хэлэхэд таатай биш харагдаж байна. Сонгуулийн өмнөх улс төрөө хийж явааг нь Ерөнхийлөгчийн “Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх даваа гаригаас Монголбанкинд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй”гэсэн үгнээс нь төвөггүй харчихаж болохоор. УИХ-ын даргын үйлдэл ч сонгуулиас өмнө баахан бэлэн мөнгө тараана гэж улстөржих Ерөнхийлөгчийнхөөс ялгарах юм байхгүй. Тойрогтоо сүрхий анхаардаг хүний дүр эсгэн улстөржиж яваа нь хэнд ч ил үнэн.

УИХ-ын дарга нь Баянхонгорт, Ерөнхийлөгч нь Асгатын мөнгөний ордод очиж ажиллаж байгаа нь цар тахлын үеийн хууль зөрчсөн үйлдэл биш үү. Иргэн Бат Улаанбаатараас Говь-Алтайд очсон бол наад зах нь 14 хоног хөл хорионд орох учиртай. Улс даяараа яг энэ журам хуулийг мөрдөж байгаа. Хөдөөнөөс ойрын хүнийх нь бие муудсан мэдээ авсан иргэн гэхэд л Улсын онцгой комисст өчнөөн удаа хандаж, ном журмынх нь дагуу орон нутаг явах эрхтэй болж буй. Хууль дарга, цэрэг гэж ялгалгүйгээр үйлчлэх ёстой. Ингээд харахаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр ч тахлын үеийн хуулийг үг дуугүй сахиж дагах учиртай. Хөдөө гадаа ажиллах шаардлага үнэхээр байгаа бол адаглаад 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай. Гэтэл төрийн томчуулд тахлын хууль үйлчлэхгүй байгааг Г.Занданшатар, Х.Баттулга хоёрын сүүлд хийсэн улстөржилтөөс харчихаж болж байна. Тэдэнд хөл хорионы үеийн дэглэм огт үйлчлэхгүй байна. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой гэдэг үүднээс харвал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд бол Монгол Улсын хуулийг дагаж мөрдөх тангараг өргөчихөөд ажиллаж байгаа хүмүүс. Тангаргаа зөрчиж хуулийг уландаа гишгэснийх нь төлөө, цар тахлын үеийн хөл хорионы дэглэмийг зөрчсөнийх нь төлөө хуулийн хариуцлага хүлээхийг шаардах нь зүй ёсны хэрэг л дээ. Хуулийг даргад долдойддог, доодост хатуу хэрэгжүүлсээр ирсэн шигээ хандмааргүй байна, энэ удаа. Ганц энэ удаа ч биш ерөөс хууль зөрчсөн хэнд ч төр төмөр нүүрээ харуулж чадаж байж улс шиг орших нь жам билээ.

Тахлын үед улс даяараа хөл хорионд орж, хөл хорионоос болж олон компани үүдээ барьж байгаа. Маш олон хүн орлогоо алдсан ч гамшгийн үед хууль номоо яг таг баримталж элдэв зовлон хэлэхгүй аж төрж яваа. Хэрвээ Ерөнхийлөгчөөсөө эхлээд хууль зөрчөөд байх юм бол эгэл ардад ч хуулиа яг таг мөрдөх шаардлага алга. Хуулиа дагаж амьдрах нь өөрөө утгагүй санагдаж байна.

Төрийн тэргүүн, УИХ-ын даргыг ямар ч хамгаалалт горим сахилгүйгээр хөдөө гадаа яваад байхаар “Вакцин хийлгэчихээд ингэж дураараа яваад байгаа юм биш үү” гэж хардах хүн ч цөөнгүй байх шиг. Үнэхээр иргэдээсээ нуугаад вакцин хийлгэчихсэн бол тэрийгээ зарлах хэрэгтэй. Улсаараа вакцингүй байгаа ийм үед амиа бодож вакцин хийлгэсэн бол буруугаа хүлээгээд огцрох ёстой. Ийм ёс зүйгүй хүмүүсээр төр удирдуулмааргүй байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас сая хөндсөн асуудлууд дээр албан ёсны тайлбар хэлмээр байна.

Ц.БИЛИГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин үхэр өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 10. Буд гариг. Билгийн тооллын 29, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:07 цагт мандан 18:06 цагт жаргана. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвийг ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.