Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы П.Энхжаргал Алтан гадас одонгоор шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Өдрийн сонин”-ы нягтлан бодогч П.Энхжаргалыг Алтан гадас одонгоор шагналаа. П.Энхжаргал нь 1997 онд тухайн үеийн төрийн төв хэвлэл болох “Ардын эрх” сонины идэвхтэн бичигчээс ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 2000 оноос өнөөдрийг хүртэл “Өдрийн сонин”-д сэтгүүлчээс эхлэн реклам зар сурталчилгааны алба болон санхүүгийн албанд 24 жил үр бүтээлтэй ажиллаж байна. П.Энхжаргал хэвлэл мэдээллийн салбарын шилдэг мэргэшсэн ажилтан төдийгүй хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг зохион байгуулагч, боловсон хүчин юм. П.Энхжаргалын хэвлэл мэдээллийн салбарт ажилласан 24 жилийн хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы Д.Оюунтуяаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Д.Оюунтуяа нь 1999 оноос хойш үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д сэтгүүлч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн даргаар тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна. Түүний нийгэм, эдийн засаг, улстөрийн шилдэг нийтлэлүүд, шинжлэх ухаан танин мэдэхүйн сонирхолтой ярилцлагуудыг уншигчид хэдийнэ мэдэх билээ. Мөн тэрбээр тогтмол хэвлэлийн редакци, түүний зохион байгуулалт, сэтгүүлчдийн ур чадвар, эх бичвэрийг редакторлах үе шат, сонины хэл найруулгад онцгой анхаарч ажилладаг чадварлаг сэтгүүлч, туршлагатай редактор, зохион байгуулагч юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: 1.9 сая иргэнээ вакцинд хамруулах санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдэгдсэн

Сангийн сайд Б.Жавхлан коронавирусийн эсрэг вакцины санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхийн банкны Ковакс хөтөлбөрт хамрагдсанаар санхүүжилтүүд дээр хөнгөлттэй хэлбэрийн боломжууд нээгдэж байгаа. Үүний нэг нь 50.7 сая долларын хөнгөлттэй зээл юм. Үүнийг намрын чуулганы сүүлийн өдрүүдэд УИХ соёрхон баталсан. Яг өнөөдөр Дэлхийн банкнаас уг зээлийг олгох шийдвэр гарч байгаа. Монголын цагаар өнөө шөнө бид хариугаа авна.

Шийдвэр нааштай гарах болов уу гэж бодож байна. Уг 50.7 сая доллар нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд вакцин худалдаж авах тээвэрлэх дотооддоо вакцинаа эцсийн хэрэглэгчдэд хүргэх замыг санхүүжүүлнэ.

1,981,000 иргэнээ вакцинд хамруулах төлөвлөгөө гарсан. Үүнийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдэгдсэн. 226 тэрбум дээр бусад эх үүсвэр нэмэгдэж байгаа. Сангийн яам мөнгөө бэлэн болгосон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа

Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХҮСЭЛТЭЭ ӨРГӨН БАРИХДАА:

“Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект.

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд олон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна.

Жишээ нь, Авлигатай тэмцэх газрын дэд дарга нас барсны улмаас энэ асуудлыг оруулсан боловч Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хөндөж, эрх барьж буй намын дарга буюу Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилно гэж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт орууллаа. Олонх болсон, эрх барьж буй намын дарга, Төсвийн ерөнхийлөн захирагч нь Авлигатай тэмцэх газрын даргыг санал болгож томилуулна гэдэг нь өөрөө өөрийгөө хянах механизм байхгүй болно гэсэн үг.

Нэгэн жишээ дурдахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гол шалтгаан нь Засгийн газрын сайдууд үнийн дүн ихтэй, том төслүүдийг концесс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор авсан гэдэг асуудал байсан. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давуу эрхтэйгээр, мөн концессын том гэрээнүүдийг авсан гэдэг шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Монголын төрд үргэлж нэг нам олонх байхгүй учраас энэ асуудлыг засах хэрэгтэй байгаа юм.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох асуудал орж ирсэн. Өнөөдөр УИХ бага ард түмэн биш болсон. УИХ-д олигархуудын буюу мөнгөтэй хүмүүсийн, ялангуяа уул уурхайн төлөөлөл олноор орж ирсэн. УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна. Ийм учраас энэ хүсэлтийг өргөн барьж байна. Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна.

Нөгөөтэйгүүр Авлигатай тэмцэх газар сүүлийн хоёр жилд маш идэвхтэй ажилласан. Авлига гэдэг бол хөдөө орон нутагт байдаг асуудал биш, харин Монголын баялгаас олсон хууль бус хөрөнгөө хилийн чанадад маш их хэмжээгээр нуусан эзэд нь ил болж ирэх үед эрх баригчдын ойрын нөхөд, тэдний төлөөлөл сандралдаж, хуулиудыг хурдан хуумгай байдлаар батлах үйл явц өрнөж байна. Түрүүн хэлсэнчлэн, Авлигатай тэмцэх газрын дэд даргын асуудал яригдангуут даргын асуудал болж оруулж ирэх жишээтэй. Ард түмэн үүнийг мэдэхгүй, ойлгохгүй гэж эрх баригчид боддог байх. Ийм учраас маш тодорхой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” гэлээ.

УУЛЗАЛТЫН ҮЕЭР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Н.ЧИНБАТ ХЭЛЭХДЭЭ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээр анх удаа ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субьект бий. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар, дөрөвдүгээрт, Монгол Улсын ерөнхий прокурор, тавд, Монгол Улсын дээд шүүх гэсэн ийм таван субьект Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргадаг.

Өнөөдрийн байдлаар энэ таван субьектээс 16-17 хүсэлт ирсэн байдаг. УИХ-аас хүсэлт ирж байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урьд нь олон жилийн өмнө хоёр удаа хүсэлт ирсэн байдаг. Прокурор, дээд шүүх, Монгол улсын Засгийн газраас хүсэлт ирж байсан.

Бусад төрлийн процессын үйл ажиллагаанаас ялгаатай нь хүсэлтийг хүлээн авч шалгаж байгаа гишүүн түүнээс татгалзах эрхгүйгээр, 14 хоногийн дотор шууд маргаан үүсгээд явдаг. Хүсэлт нь процессын шаардлага хангасан эсэх, бусад нэмэлт шаардлага материал байгаа эсэхээс шууд хамаараад хэргээ үүсгэнэ. Үндсэн хуулийн цэц дээр ирээд хоёроос гурав хоногийн дотор гишүүдэд хуваарилагдана. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хуваарилах зарчим тойргийн журмаар явна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монголын ард түмний талд шийдвэр гаргахыг хүслээ.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Өрх бүрт 1 сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй

Ерөнхийлөгч Л.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан юм. Тэрээр өрхүүдэд 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эрхийн бичиг олгох санал гаргасан. Эрхийн бичгээр гагцхүү үндэсний үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнээс худалдан авах эрх олгохыг онцолсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг дэмжихгүй. Бид бэлэн мөнгөний амлалтаар сонгууль хийдгээ болих хэрэгтэй. Иргэдэд нэг удаа тэтгэлэг өгөөд юу ч өөрчлөгдөхгүй. Ажлын байрыг нэмэх нь л хамгийн зөв арга зам” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Халамжаас бүтээмж рүү шилжих цаг болсон

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар баталсан Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийтэд танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр, “Дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахал иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амжиргаа, эдийн засгийг хямрааж байна. Энэ цаг үед монголчууд, УИХ, Засгийн газар хүчээ нэгтгэж байж хямралыг давах юм. Өнгөрсөн онд бид хүүхдийн мөнгөнд 1 их наяд 60 тэрбум төгрөг төлөвлөсөн. Энэ онд 720 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийт 5.7 их наяд төгрөгийн зардал гаргаснаас 4.1 их наяд нь улсын төсвөөс гарсан байна. Бид байгаа бүхий л боломжоороо цар тахлыг даван туулж, иргэдийн орлогыг хамгаалахын төлөө ажилласан. Шинэ Засгийн газартай иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг даван туулах талаар зөвлөлдөж, статистик тоо баримтуудыг харлаа. Улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай, ажлын байр 68.9 мянгаар цөөрсөн, нийт бизнес эрхлэгчдийн 27 хувь нь огт орлогогүй болсон байна. Дэлхий нийт ч ийм байна. Энэ цаг үед Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөр боловсруулж олон нийтэд танилцуулж байна. Энэ бол Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө. УИХ-аас цар тахалтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Социологийн судалгаагаар иргэдийн 38 хувь халамж хавтгайрч байна гэж дүгнэсэн байна. Тиймээс уг хуулиар төсвийн тодотгол хийх, хэмнэлтийн зарчимд шилжих, хэмнэсэн мөнгөөр эдийн засаг, нийгмээ дэмжихэд зарцуулахаар тусгасан. Цаашдаа халамжаас бүтээмж рүү шилжих цаг болсон. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө УИХ хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, санхүү төсвийн бодлогыг уялдуулахаар төлөвлөж байна. Банкуудын шинэчлэлийн хөтөлбөр ч үүнтэй уялдана. Банкыг нэг эзэнтэй бус хамгийн багадаа 5-аас дээш эзэнтэй байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Төрийн банкнаас эхлээд Хөгжлийн банк хүртэл шинэ менежмент нэвтрүүлж, төрөлжиж, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмждэг, зээлийн хүүг бууруулдаг цогц бодлого ч хэрэгжүүлнэ. Мөн УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын багууд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Ингэснээр ирээдүйн шинэ сэргэлтийн эх үндсийг тавих юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 332 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Авлигатай тэмцэх газар 2021 оны 2 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 332 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 334 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 526 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 192 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт хүргүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Төмөр үхэр жилийн Сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлт боллоо

Монгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын сар шиний соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж, гуравдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээгээр Цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг, Уран сайхны тоглолт, Олон ангит кино, уран сайханы киног олон нийтэд хүргэнэ.

НЭГ. ЦАГААН САРААР СЭДЭВЛЭСЭН НЭВТРҮҮЛЭГ

1. “Цагаан сарын бараа”, “Миний Хятадын цагаан сар” гэсэн цуврал видео, үүнд Хятадын цагаан сарын уламжлалт зан заншлыг танилцуулах бөгөөд Монгол улсын найз Хятад оронд шинэ жилийг өнгөрүүлсэн үлгэрийг ярьж өгөх болно.

2. “Үханиас ирүүлсэн цагаан сарын мэндчилгээ”, “Бяцхан Буянгийн цэнгэлтэй цагаан сар” гэсэн видео нь цагаан сарын үеэр жирийн хүмүүс “Олон нийтийн төлөө өөрийн гэр бүлийн амьдралаа орхиж”, бүх нийтээр цар тахалтай тэмцэх тэмцэлд оролцож байгаа сэтгэл хөдөлгөм үлгэрийг танилцуулах болно.

3. “Малчны сайн сайхан амьдрал” нь малчдын ядуурлаас ангижирсан, шинэ гэр орноо байгуулж байгаа, сайн сайхан амьдралаа цогцлоож байгаа байдлыг танилцуулна.

4. “Түмний дуулах дуртай дуунууд гэсэн онцгой нэвтрүүлэг, сонгодог дуунуудаас сонгон сонирхуулж, сайн сайхан ой санамжийг харуулах гэсэн юм.


ХОЁР: УРАН САЙХНЫ ТОГЛОЛТ

Нэг. Циркийн жүжиг

“Дүүлил”. цирк, илбэ, хөгжмөөр гол илрүүлэх арга болгож, үзэгчдэд гайхамшигт харааны дайллага хийж, аяны шувуудын оршин аж төрөх, нүүх явцаар дамжуулж, хүн төрөлхтөн экологи болон эх байгалиа хайрлан хамгаалж, ногоон экологийг нандигнарай хэмээн уриалав. Уг тоглолт нь ур чадвар сайтай, олон улсад олон удаа тойрон тоглоод үзэгчдийн магтаал сайшаалыг хүртсээр байна.

Хоёр. Концерт

“Шинэ эриний гараа” цагаан сарын концерт хоёрдугаар сарын 14-ний оройн 21:30 цагт Улаанбаатарын телевизээр нэвтрүүлнэ, дуу бүжиг, хөгжим дууриар голлож, агуугаар жигтэй сайхан. “Хүүхдийн дэвжээ” хүүхдийн цагаан сарын концертыг хоёрдугаар сарын 12-ны оройн 18:50 цагт Монгол улсын боловсрол телевизийн хүүхдийн сувгаар нэвтрүүлнэ. Үнэн цайлгаан, сайхны хүүхдийн ертөнцөд үзэгчдийг дагуулах бөгөөд хүүхдийн цайлгаа, сониуч байдлыг харуулах болно. “Хятадын хайр, сэтгэл хамтдаа” 2021 оны Хятадын харьяат, Хятадын хүмүүсийн цахим цагаан сарын концерт цахимаар нэвтрүүлэх болно. Энэ нь хилийн чанадын ахан дүүст цагаан сарын мэндчилгээ сайн сайхны ерөөлийг дэвшүүлэх болно.

Гурав. Олон ангит кино

Үүнд: “Бүгд сайхан байна”, “Хамтдаа” гэсэн хоёр шилдэг олон ангит кино. Төв хотын амраг хосын кино “Бүгд сайхан байна” нэгэн жирийн гэр бүлд болсон үйл явдлыг харуулсан кино, хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Монголын боловсрол телевизийн Asian box сувгаар нэвтрүүлнэ. Цар тахалтай тэмцсэн баримтат кино “Хамтдаа” үнэн бодит үйл явдлаар сэдэвлэж өөрчилсөн кино, эгэл жирийн хүмүүс цар тахалтай тэмцсэн үйл явдал болно, цагаан сарын үеэр Монгол улсын NTN,VTV,Малчин телевизээр нэвтрүүлнэ. Үүнээс гадна Монгол улсын ТВ2, ТВ6, СТАР ТВ, MNС телевизээр NTN телевизээр гаргаж байсан “Бээжингийн амраг хосын үлгэр”, “Дандаа гэнэтийн бэлэг” кино, “Учран золгох зоог”, “Эвтэй гэр бүл бүх юм өөдрөг”, “Хөгшин нөхөр” олон ангит уран сайхны киног дамжуулна.

Дөрөв. Уран сайханы кино

“Миний ахыг яаралтай аваад яваач”, “Барьцаалагч”, “Сэтгэлзүйн гэмт хэрэг” 3 киног хоёрдугаар сарын 12-ны өдөр, 13-ны өдөр, 14-ний өдрийн 13:20 цагт Монгол улсын боловсрол телевизийн киноны сувагт анх нэвтрүүлнэ. Хоёрдугаар сарын сүүлчээр Монгол улсын Улаанбаатар телевизэд дахин нэвтрүүлнэ. “Миний ахыг яаралтай аваад яваач” сургуулийн хорооны инээдмийн хүмүүст нэгийг бодогдуулам ухаарлын кино. “Барьцаалагч”, “Сэтгэл зүйн гэмт хэрэг” адал явдал зодоонтой, хүмүүсийн сонирхлыг их татдаг кино байна.

Тав. Хайр солилцооны арга хэмжээ

Бид “Цахимаар шинэ жилийн золголт хийх” арга хэмжээг зохион байгуулна. “Төмөр үхэр жилийн мэндийг хүргэе” цахим карт хийж, Монгол улсын найз нартаа хамгийн сайн сайхан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлнэ. “Төмөр үхэр жилийн мэндчилгээ” Н5 хэвлэл мэдээллийн контент хийж, Хятадын харьяат, хятад хүмүүст цагаан сарын мэндчилгээ дэвшүүлнэ. Үүнээс гадна, Монгол Улсын цар тахалтай тэмцэж байгааг дэмжиж, бид Монгол улсын хэвлэл мэдээлэл соёлын салбарын найз нарт цар тахалтай тэмцэх бараа бүтээгдэхүүн хандивлахаар бэлтгэж, анхаарал хандуулж байгаа болон мэндчилгээг дэвшүүлж байгаа сэтгэлээ илтгэх болно.

Зургаа. Монголын сошиал хэрэглэгчидэд арга хэмжээг дамжуулах зорилгоор, бид АРР, үүрэн телефон, цахим мэдээллийн хэрэгслийг цахимаар гол болгож ажиллах болно. Олон ангит кино, уран сайханы кино, цагаан сарын концертыг Монгол улсын телевизүүдээр дамжуулахаас гадна бусад арга хэмжээг Хятадын олон улсын радио, Солонго сайтад тусгай булан нээж оруулна. Мөн Монголын цахим мэдээллийн сайтууд болон фэйсбүүк хуудсуудад байршуулна.

Энэхүү арга хэмжээ нь Монголын ард түмний сар шиний баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд таатай уур амьсгалыг бий болгож, ялангуяа цар тахалтай тэмцэж байгаа амин чухал үед, Монгол улсын бүх найз нарт дотно сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж,цар тахлыг ялан давах итгэлийг уламжилж, Монгол, Хятад хоёр орны ард түмний бие, биедээ тусалж, цар тахлыг даван туулах зорилгоор болон хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгах болно.

Categories
мэдээ цаг-үе

Иргэдийн амьжиргаа, эдийн засгийг дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөг танилцуулж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг танилцуулахдаа шударга ёс цахим засаглалыг хэрэгжүүлнэ гэдгийг онцолсон.

Энэ хүрээнд дэлхийн зах зээлд гарч буй стартаппуудыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Мөн төрийн өмчит компаниудын хэмнэлтийг дээд цэгт нь хүргэхээ мэдэгдэв.

Тэрбээр “Үүнийг төр дангаараа хийхгүй. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Хувийн хэвшлийг дангаар нь ажиллахад бодлогын дэмжлэг үзүүлнэ.

Засгийн газрын хувьд 62 төсөл гаргасан. Хувийн хэвшлүүдтэй хөл хорио суларсны дараа хэсэгчилсэн уулзалтууд хийнэ. Энэ тал дээр төр ямар нэгэн хүнд сурталгүйгээр нээлттэй хуулийн хүрээнд хамтарч ажиллана.

Энэ чиглэлийн 100 төслийг бид зарлана. Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт улсын төсвөөс мөнгө гарахгүй бөгөөд зөвхөн зохицуулалтууд хийгдэнэ. Ихэнх нь Монголбанкны эх үүсвэр, баялгаа зөв зохистой ашиглах менежментүүд юм. Төсвийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлж байгаа. Тэр дундаа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цалин хангамж болон бусад асуудлаар хэмнэж болох эцсийн цэг дээр аваачна. Үүнээс гарч байгаа мөнгөн урсгалыг өөрсдийн гаргасан төлөвлөгөө рүү оруулна” гэдгийг мэдэгдлээ

Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үеэр эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээг хэрхэн авах вэ

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний зохицуулалтыг зохион байгуулж ажиллана. Үүнд:

НЭГ. ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

    1. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа үед үүсч болзошгүй эрсдэл, ачааллыг тооцон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган иргэдэд шуурхай үйлчилж, гомдол, чирэгдэл гаргахгүй ажиллана.
    2. Заагдсан хугацаанд үүрэг гүйцэтгэж ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажилдаа ирэх, буцах үеийн тээврийн асуудлын зохицуулалт хийнэ.
    3. Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнийг жижүүрийн эмч болон тухайн эрүүл мэндийн байгууллагаас хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд иргэнийг гэрт нь буцаах үүргийг хүлээн авсан эрүүл мэндийн байгууллага хариуцна.
    4. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 24/48 цагийн горимд шилжүүлж, холбогдох зохицуулалтыг хийнэ.
    5. Хэрэв нөхцөл байдлаас шалтгаалж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэх тохиолдолд үүсч болзошгүй эрсдэлийг тооцон, холбогдох нөөцийг бүрдүүлнэ.
    6. Үйл ажиллагааны тайланг тодорхой баримт, судалгаа, нотолгоотой гаргаж, 02 дугаар сарын 15-ны дотор багтаан Нийслэлийн онцгой комисст ирүүлнэ.

ХОЁР. ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

    1. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдаж байгаатай холбоотой үүсч болзошгүй ачааллыг тооцон тухай бүр зохицуулалт хийж ажиллана.
    2. Дуудлага өгсөн айл, өрхөөс эмнэлэг рүү өвчтөн тээвэрлэх тохиолдолд сахиур, дагалдах хүнийг хамт явахаас зайлсхийх ба үүссэн нөхцөл байдлыг ойлгуулан тухайн хүн, эмчлэгч эмчтэй онлайнаар холбогдох боломжтойг тайлбарлах. Хэрэв хамт явах тохиолдолд хөл хорио дуустал эмнэлэгт үлдэхийг анхааруулна.
    3. Амаржих газруудаас гарч байгаа төрсөн эх, нярайг гэрт нь хүргэж өгөх асуудлыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан, үйлчилгээний өндөр соёлыг хэрэгжүүлж зохицуулна.
    4. Эрүүл мэндийн байгууллагад үүсэх эрсдэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлэг нүүлгэн шилжүүлэх дайчилгааны бэлэн байдлын төлөвлөгөөтэй байна.
    5. Халдварын сэжигтэй тохиолдлын дуудлагад үйлчилсэн эмч, ажилтнуудыг байгууллага дээрээ тусгаарлах эсвэл гэртээ баримтлах халдвар хамгааллын дэглэмийн зааварчилгаа өгч мөрдүүлнэ.
    6. Эмнэлэг дундын үйлчилгээний 2 автомашиныг томилж, бэлэн байдлыг хангах бөгөөд тухайн автомашины үйлчилгээг зохицуулах асуудлыг НЭМГ-ын хариуцлагатай жижүүр удирдана.

ГУРАВ. ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

    1. Өрхийн эрүүл мэндийн төв нь үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангах, үүсч болзошгүй нөхцөл байдлын үед бэлэн байдлыг хангах зохицуулалтыг хийх ба жирэмсний хяналт, нярайн болон гэрийн эргэлт үзлэгийг цахим хэлбэрээр хийж, зөвлөгөө өгнө.
    2. Өдрийн эмчилгээнд тарилгын бус хэлбэр эмийн эмчилгээг зөвлөнө.
    3. Хөл хорионы үед жирэмсэн, төрсөн эх, нярай болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд онцгой анхаарал тавьж, цахим хэлбэрээр эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөгөө өгнө.
    4. Тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хэрэгсэл, автомашины бэлэн байдлыг хангаж ажиллана.
    5. Товлолын дархлаажуулалтыг түр хугацаагаар хойшлуулна.

ДӨРӨВ. ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

    1. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, дэмжлэгэт удирдлагаар хангана.
    2. Дүүргийн хэмжээнд ажиллаж байгаа шинжилгээний цэг, явуулын баг, сорьц тээвэрлэлтийн байдалд тогтмол хяналт тавьж, шаардлагатай зохицуулалтыг тухай бүр шуурхай авч хэрэгжүүлнэ.
    3. Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, мэс заслын дараах, боолт г.м тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг хариуцаж зохион байгуулна.
    4. Мэс заслын дараах тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнд үйлчилгээ үзүүлж, гэрт нь хүргэх зохицуулалт хийнэ.

ТАВ. НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, ОР БҮХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД

    1. Байгууллагын үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах, яаралтай тусламжийн тасагт 2-3 орны нөөцтэй байх, эм, эмнэлгийн хэрэгслийг нөөцийг бүрдүүлсэн байна.
    2. Эмч, ажилчдын ажлын цагийг 24/48 цагийн ээлжийн горимд түр шилжүүлнэ.
    3. Ээлж хүлээлцэх, ажилтнуудыг ирэх болон буцах үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 06:00-08:00 цагийн хооронд зохицуулна.
    4. Мэс заслын дараах тусламж, үйлчилгээ шаардлагатай иргэнд холбогдох тусламжийг үзүүлж, гэрт нь хүргэх зохицуулалт хийнэ.
    5. CT, MRI, ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.
    6. Тухайн эмнэлгийн лабораторид тодорхойлдоггүй үзүүлэлтийг шинжлэх зайлшгүй тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангана.
    7. Түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн сахиур болон дагалдаж яваа иргэдийг халдвар хамгааллын дэглэм баримтлуулан өөрийн эмнэлэгтээ байрлуулах үүргийг хүлээнэ.
    8. Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдийг сахиураар авахгүй бөгөөд сахиур солихгүй.
    9. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн иргэнийг гэрт нь хүргэж өгнө.
    10. Эмнэлгийн гадаад болон дотоод орчны аюулгүй байдлыг хангаж (хальтиргаа гулгаа, гал, усны аюул гэх мэт) ажиллана.
    11. Хүчилтөрөгч, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хангаж ажиллана.

ЗУРГАА. НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВ

    1. Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар тусламж үйлчилгээг үзүүлнэ.
    2. Тусламж үзүүлсэн иргэн нь явганаар хүрэх боломжгүй газарт амьдардаг бол гэрт нь хүргэх үйлчилгээг зохион байгуулна.

ДОЛОО. БУСАД

    1. Түр зааврын 1.1 дэх хэсэгт заагдсан нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс гэрийн ажиглалтад шилжих иргэдийг тээвэрлэх асуудлыг Нийслэлийн Түргэн тусламжийн төв хариуцахгүй.
    2. Хороо бүрт 2-оос доошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгааг анхааруулсан таних тэмдэг байршуулах шаардлага тавих ба иргэдэд тухайн эмийн сангийн хаяг байршлын талаар мэдээллээр хангана.
    3. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хотоос гарах (буяны ажил, эрүүл мэндийн шалтгаан, хүнс, өвс, тээвэр гэх мэт) тохиолдолд ПГУ шинжилгээг шуурхай авах зохицуулалт хийнэ.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС