Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Мэнд-Орших: Ерөнхий сайдын өмнөөс зоригтой дуугарсан Мэндээ гэдгээр танигдмааргүй байна

-АМЕРИКИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ ЧАДСАН МОНГОЛ ИНЖЕНЕР ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ ГЭЖ ТАНИГДМААР БАЙНА-


“Эрксис Инк” компанийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Мэнд-Оршихтой ярилцлаа.


-Ерөнхий сайдын IT-гийнхантай хийсэн уулзалтын үеэр хэлсэн үг чинь цахим ертөнцийн халуун сэдэв боллоо. IT-гаар дэлхийд гарах боломж дүүрэн байхад дотооддоо тендер завшаад суумааргүй байна гэсэн санааг чинь их ч олон хүн дэмжлээ. Олон жил дуугүй зүтгэж яваад тэвчээр нь барагдаж тэсэрсэн хүнээс л ийм үг гарна даа гэж бодож суусан шүү?

-Сошиалд тэгж шуугина гэж санаагүй. Үг хэлэх бодол ч эхэндээ байгаагүй юм.Санал хэлж, асуулт тавих цаг эхлэхэд салбарын асуудал, хөгжлийн гарц ярьсан нэг ч хүн байгаагүй. Олигтойхон асуулт ч сонсогдоогүй.Таны хэлснээр ёстой тэвчээр барагдаад доторхоо уудалсан нь тэр, харин хараалын үг хэлсэн нь илүү байсан, уучлалт хүсч байна. Хэрвээ хэн нэг нь эрүүл шүүмжлэл хэлээд салбарынхаа асуудлуудыг ярьсан бол би дуугүй суух байсан байх.

-Ганц IT ч биш бүх салбарт улс төр дагасан хэдэн компани төдийгөөс өдий хүртэл тендер завшиж, чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэж яваа хэсэг нь өчнөөн дарамт дунд ажилласаар ирсэн нь нууц биш л дээ…?

-Нуулгүй хэлэхэд миний хэлсэн үг сенсаци маягийн болчихсонд санаа зовж байна. Надад сенсаци шуугиан дэгдээчихье, улстөржье гэсэн өчүүхэн ч бодол байгаагүй. Би нам бус. Ерөнхий сайдыг танихгүй.

Салбарынхаа Б.Болор-Эрдэнэ даргатай л нэг, хоёр удаа уулзсан. Энэ салбарт юм хийх гэж зүтгэж яваа сүрхий бүсгүй гэж харсан.Таны хэлдгээр бизнесийнхэн салбар бүртээ ийм шударга бус тогтолцоотой яалт ч үгүй нүүр тулчихсан яваа. Тэр утгаар л сошиал орчинд миний үг сэдэв болсон байх.

“Эрксис Инк” компанийг хамтран үүсгэн байгуулагч залуус. Зүүн гараас А.Мэнд-Орших, Б.Наран, Б.Бат-Амар

-Улс төрөөс хамааралтай компаниуд аль нам нь гарахаас хамаарч тендерээ ээлжилж аваад явдгийг бүгд мэднэ. Бор зүрхээрээ зүтгэж яваа компанийн захирлуудын төрд дайж хаягласан иймэрхүү үгийг нийгэм улстөржсөн гэж харахгүй байх аа.Харин ч ийм эрүүл байр суурийг олноороо хэлж дуугарч байж нийгмээ өөрчлөх юм биш үү?

-Таны хэлсэнтэй санал нэг байна. Таны сая хөндсөн асуудал бизнесийн салбар бүрт бичигдээгүй хууль болчихсон, бид өөрсдөө ч тэрэндээ дасчихсан яваад байгаа нь буруу л даа.

-Бизнесийнхэнтэй уулзаад яриад явахаар “Байр сууриа зоригтой хэлчихээр дараа нь ажилд төвөг болно” гэж цааргалах хүн олон таардаг. Хатуухан хэлэхэд, хэтэрхий аминч хандлага л гэж харагддаг…?

-Тийм ээ тийм, таны санааг ойлгож байна. Би гурван хүүхэдтэй. Хүн бүр үр хүүхдээ илүү сайхан нийгэмд амьдраасай гэж хүсдэг байх. Энэ өнцгөөс нь харвал “Дараа нь ажил амьдралд гай болно” гээд дуугүй суугаад байх нь зөв хандлага биш л дээ. Тийм чухал уулзалт хийж байхад салбарынхаа асуудлыг ярихгүй өнгөрөөчихвөл хайран гэж бодоод үгээ хэлсэн.

-Ерөнхий сайд IT-гаар дэлхийд гарах саналыг чинь яаж хүлээж авсан бэ?

-Эерэгээр хүлээж авсан гэж бодож байна. Уулзалтыг хааж дүгнэж үг хэлэхдээ миний нэрийг цохож байгаад хэлсэн.Дотооддоо компаниудаа дэмжихээс гадна гадагшаа гарах зорилго хүсэлтэй компаниудаа ч дэмжих ёстой юм байна гэсэн утгатай үг хэлсэнд нь олзуурхаж байна.Өнөөдөр Монголд ам.доллар орж ирэх нь чухал гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.Монголын 1000 инженер ам.долларын цалинтай болчихвол эдийн засагт ямар том нөлөө болох билээ. Нэг жижиг компани сардаа 500 мянган ам.доллар улсынхаа эдийн засагт оруулж ирээд байхад л том нэмэр болно. Бидний цангаад байгаа юм ерөөсөө л доллар.Өнөөдрийн хувьд олж буй нийт долларынхаа дийлэнхийг нүүрс, алт буюу нэмэгдсэн өртөг шингээгүй түүхий эдээ зараад олж байна.IT-гаа сайн хөгжүүлж чадвал бидэнд уул уурхайн дайны ам.долларыг дэлхийгээс татах боломж бий.

-Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа бизнесийнхэн тантай холбогдсон уу. Тулгарч байгаа асуудал зовлонг минь сайн хэлж өглөө гэж…?

-Ойр дотны хүмүүс маань л санаа нь зовсон байдалтай хандаж байсан (инээв). Зарим нь “Чамайг зөв юм хэлсэн болохоор хүмүүс дэмжиж байх шиг байна” гэсэн утгатай үг хэлж байсан.

-Байр сууриа илэрхийлсний чинь дараа танай компанийн үүх түүх, хийж бүтээж яваа ажлын чинь талаар сонирхсон юм. Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөртэй амжилттай хамтарсан кейс олон байсан. “Ийм чадамжтай компани төрөөс тендер авч байгаагүй гэж үү дээ” гэсэн гайхширал төрсөн шүү?

-Өнгөрсөн арван жилийн хугацаанд бид төрийн зарим нэг байгууллагуудад ажил хийж байсан. Харамсалтай нь төсөл эхлэхээс авахуулаад л ажлын шаардлагаа сайн тодорхойлох боловсон хүчин байхгүй, ажил хийгдээд дууссаны дараа аваад явах багаа бэлдээгүй гэсэн асуудлууд гардаг.Эсвэл засаг солигдоход бүгд хаягддаг.Залгамж халаа байхгүйгээс урагшаа явахгүй хий эргээстэй, нэгдсэн бодлого, стандартгүй, өөр хоорондоо уялдаагүй яваа нь маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаа, залуусын бүтээлийг үргүй урсгаж байгаад би эмзэглэж явдаг.

-Шог зураач С.Цогтбаяр үг хэлсний чинь дөнгөж дараахан зураг зурчихсан байсан. Тэр зургийг хараад гайхсан уу?

-Ёстой гэнэтийн явдал болсон. Гайхалгүй яахав. Ийм мундаг зураач хүн энэ сэдвийг нийгмийн асуудал гэж харсан учраас зурсан байх.

-Нийгмийн асуудлаар барах уу, нийгэмд буглачихсан, идээ бээр нь хэзээ мөдгүй тэсрэх гээд байгаа том асуудал. Одоо хоёулаа өнгөрсөн арван жилд юу хийж бүтээсээр өнөөдрийг хүрсэн тухай чинь ярилцах уу?

-Таны асуултад хариулахаас өмнө би танд нэг зүйлийг сонирхуулж хэлмээр санагдчихлаа. Манай компанийн хийсэн ажлуудын нэг нь танай сонины цахим хуудас ба цахим сонин байдаг.

-Тийм үү, манай сонины цахим хувилбарт хүмүүс ам сайтай шүү. “Маш эрт, хар үүрээр босоход л и-мэйлээр ирчихсэн байдаг” гээд.Өглөө сэрээд л цахим сониноо харчих нь бидэнд ч амар байдаг юм.

-Бид ч бас өглөө бүр уншдаг (инээв). Манай компанийн хувьд 2010 оноос үйл ажиллагаагаа эхэлж байлаа, “Нью Медиа Групп” гэсэн нэртэйгээр. Би 2010 онд АНУ-д магистрт сурч байхдаа бизнес хийж үзээгүй байж магистрт сурна гэдэг тэнэглэл юм байна гэж бодоод сургуулиа төгсөлгүй Монголдоо ирж бизнесээ эхэлсэн юм.2010 онд интернэт маркетинг гэдэг ойлголт сул байсныг та мэдэх байх.Байгууллагууд интернэт ашиглаж борлуулалт хийнэ, өөрсдөө Фэйсбүүк, Твиттер ашиглана гэсэн ойлголтгүй явсан цаг.Бид тухайн үед байгууллагуудад фэйсбүүкийн ач холбогдол, интернэт маркетингийн өгөөжийг ярьж сургалт хийдэг байлаа.Олсон мөнгөө гадаад зах зээл рүү гаргах бүтээгдэхүүн хийхэд зарцуулдаг байлаа.Цахиурын хөндий рүү гарах ёстой гэдгийг 2011 оноос хойш ярьж, зорьж эхэлсэн л дээ.2016 он хүртэл бүтээгдэхүүнээ гадаад зах зээл рүү гаргах гэж дөрвөн удаа оролдоод амжилт олоогүй.Нэг, хоёр биш дөрвөн удаа алдчихаар хэн ч эргэлзэнэ ээ дээ.Ингээд 2016 онд бид гаргасан алдаа дутагдлаа арай өөр өнцгөөр харахаар шийдсэн. Дэлхий дээр бид хэн ч биш юм байна, эхлээд хүнд үнэхээр хэрэгтэй юм хийж байж л хүнээс хөрөнгө оруулалт татаж, олон улсын зах зээлд амжилт олох гарц замаа нээх юм байна гэдгийг олж харсан. Тэгээд 2016 онд erxes гэдэг бүтээлийнхээ суурийг тавьсан юм.

-Өнөө 90 гаруй улсын 30 гаруй мянган бизнес эрхлэгч хэрэглэж байгаа бүтэгдэхүүн чинь үү?

-Тийм ээ, байгууллагын борлуулалт, маркетинг, харилцагчтай харилцах багуудын харилцаа холбоог сайжруулж, байгууллага даяараа ажиллах боломжтой нэг цогц систем юм. Монголд “Голомт”, “Капитрон” банкууд, “Таван богд групп”, “Мобиком”, “Скайтел”, “Приус Монголиа” гэх мэт томоохон байгууллагууд ашигладаг. Энэ завшааныг ашиглаж одоог хүртэл хамт ажиллаж байгаа баг хамт олондоо, биднийг дэмжиж хамтран ажилладаг харилцагчиддаа баярлалаа гэж хэлмээр байна.Бас бид Цахиурт гялалзаж чадна гэж урамшуулмаар байна. (инээв). Еrxes нь байгууллагуудын хэрэглэгчтэйгээ харилцдаг утас, имэйл, фэйсбүүк, цахим хуудас гэх мэт дөрвөөс таван сувгаас орж ирж буйхэрэглэгчийн мэдээллийг нэг системд төвлөрүүлснээр байгууллагад хэрэглэгчийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, хэрэглэгчээ таних, урамшуулах боломжийг олгох, борлуулалтын процесс нь хаанаа хурдтай, удаашралтай байгаад анализ хийх, нийт хэрэглэгчдээ ижил төстэй шинжээр нь бүлэглэх, масс и-мэйл илгээх зэрэг маркетинг, борлуулалтыг автоматжуулах олон талын боломжуудтай. Мөн байгууллага даяараа ашиглах үүрэг даалгаврын удирдлагын систем ч бий. Дэлгэрэнгүй сонирхохыг хүсвэл https://erx­es.mn/, https://erxes.io/ цахим хуудсууд руу хандан, FREE PLAN хувилбарыг ашиглан, турших боломжтой.

-Монгол залуусын үүсгэн байгуулсан Erxes компани Цахиурын хөндийд гарчихсан юм байна. Тэгэхээр “Нью Медиа Групп”-ийг байгуулсан залуусын мөрөөдөл биелжээ…?

-Мөрөөдөл маань дөнгөж биелж эхлэж байна гэвэл илүү онох байх. Бид Цахиурын хөндийд гарсан, одоогоор нийт 28 хөрөнгө оруулагч нэг сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байгаа.Хакухо аварга манай хөрөнгө оруулагчдын нэг.Бидний өнөөдрийн бүтээчихсэн яваа орон зай Монголын IT-гийн компани болгоны мөрөөддөг зүйл.Монгол залуус гадны зах зээл рүү гарахыг хүсч зориод эхэлчихсэн.Бид түүчээлээд, маш зузаан мөсийг хагалж, зам гаргаж яваадаа баяртай байдаг.

-АНУ-д магистрт сурч байгаад төгсөлгүй буцаад ирсэн түүх чинь тэрслүү санагдлаа. “Бизнес хийгээгүй байж магистрт сурах нь тэнэглэл” гэж хараад ирнэ гэдэг зорих чигээ олоод харчихсан хүний л хийх үйлдэл.Цахиурын хөндий рүү гарах санаагаа Америкаас тээж ирсэн үү?

-Тэгсэн. Америкт сургуульд яваад хамгийн тод ойлгосон зүйл бол энэ.АНУ-ын Цахиурын Хөндий бол IT-ын салбарын гарааны бизнесийн хувьд хөрөнгө оруулалтаа татаж, хүлээн зөвшөөрөгдөх хамгийн чухал газар нь.Энд л Монгол инженерийн бүтээл хүлээн зөвшөөрөгдөж чадвал бид дэлхийд IT салбарт хүлээн зөвшөөрөгдөнө.

-Монгол залуусын үүсгэн байгуулсан IT компани АНУ-ын Үнэт цаасны хорооноос хөрөнгө оруулалт татах эрхээ авсан гэхээр бахархалтай сонсогдож байна шүү?

-Маш их баярлалаа. Энэ цаг үед бидний хамгийн том амжилтын түүх үүгээр эхэлж байна гэж харж байгаа.

-Олон улсын хөрөнгийн зах зээл, дэлхийн биржүүд дээр гарч арилжаа хийж байгаа Монголын гэсэн шошготой компани гэвэл уул уурхайн салбарт л хэд бий. IT-гийн компани ийм эрхийг авч чадсан гэхээр нуулгүй хэлэхэд гайхаж байна.Монголын IT-гийн салбарт түүхэн гэж онцлохоор үйл явдал болж Олон улсын хөрөнгийн зах зээлд гарах босгыг давахын тулд хэчнээн хугацаа зарцуулсан бэ?

-Монгол инженерүүдийн бүтээл дэлхийд гарлаа гэсэн амжилтын түүхийг бүтээхийн тулд бид баг хамт олноороо маш удаан хугацаанд чамгүй хөрөнгө зарцуулж ажилласан. Америкийн хөрөнгийн зах зээлд гарах эрхийг авахын тулд бид хууль, санхүү, аудитын зөвлөх компаниудтай хамтарсан.2020 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарыг дуустал багаараа хичээн ажилласны эцэст Америкийн Үнэт цаасны хорооноос компанийнхаа хувьцааг олон нийтэд худалдаалах эрхээ авсан. Товчхондоо би сошиалд шуугиан тарьсан Мэнд-Орших, Ерөнхий сайдын өмнөөс зоригтой дуугарсан Мэнд-Орших гэж танигдмааргүй байна.Монгол залуус Цахиурын хөндийд гарчихлаа гэдгээр танигдмаар байна.Америкийн үнэт цаасны хорооноос эрхээ аваад тэр том улсын хөрөнгийн зах зээлд гарч чадсан инженер залуусын төлөөлөл гэж танигдмаар байна.

-Америкийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж байгаа гэхээр танай компанийн хувьцааг монголчууд худалдаж авах боломж нээгдчихэж. Хувьцааг чинь худалдаж авахын давуу тал, боломжуудыг сонирхуулаач?

-Манай хувьцааг дэлхийн хаанаас ч худалдан авах боломжтой. Бидний www.erxes.mnцахим хуудас руу хандвал “Хөрөнгө оруулах” гэсэн цэс бий.Тэр цэсэн дээр дарж нэмэлт мэдээлэл, хөрөнгө оруулалт хийх гарын авлагатай танилцах боломжтой.

-Нууц биш бол Хакухо аварга хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-Хакухо аварга технологийн компаниудад нэлээд эртнээс хөрөнгө оруулалт хийж байгаа юм билээ. Аварга залуу үеийн төлөөлөл гэдэг утгаараа юмыг өөрөөр харсанд нь баярлаж олзуурхаж байгаа. Нийт 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын эхний хэсэг нь орчихсон. Мөн Цахиурын хөндийн “Амазон” компанид ажиллаж байсан Н.Шагай гэж залуу хөрөнгө оруулалт хийсэн.Хөдөөнөөс хүртэл хэрэг болгож утасдаад хөрөнгө оруулж байна.Монголд хүмүүс хурдны морь, эсвэл 570 авчихдаг. Хурдны морь авах мөнгөөрөө стартапууддаа хөрөнгө оруулалт хийвэл алсдаа өөрт нь, улсын хөгжилд маш том нэмэр болно гэдгийг олоод харчихаасай гэж хүсдэг.Америк, Европт спорт, урлаг, бизнесийн амжилт гаргасан хүмүүс технологийн гарааны компаниудад маш их хөрөнгө оруулалт хийдэг болсон. 20 жилийн өмнө дэлхийн топ компани гэхээр банк, газрын тос, үүрэн телефоны компани байсан бол одоо Apple, Google, Amazon, Microsoft гэх мэт технологийн компаниуд өнгөлж байна.Хорин жилийн өмнө сонсогдож байгаагүй шинэ компаниуд гараад ирчихсэн. Манайд салж чадахгүй яваа бизнесийн нэг соёл байгаад байна л даа.Тухайлбал, та бид хоёр хоёулаа амжилттай бизнес эрхлэгч байлаа гэж төсөөлье.Та хөөрөг, морь худалдаж авдаг.Гэтэл би тэрийг нь авдаггүй.Энэ тохиолдолд та үнэлэгдэж, би доошоо ордог соёл тогтчихоод, тэрнээсээ салж чадахгүй яваад байна.

-Ингэхэд танай компанийн хувьцааг худалдаж авахад ямар нэг босго шаардлага бий юү?

-Нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг бид эрхэм үнэт зүйлээ болгодог учраас хөрөнгө оруулалтаа ч гэсэн бүгдэд нээлттэй болгон Зогсолтгүй Хөрөнгө Оруулалт буюу Continuous Securities Of­fering (CSO) гэсэн шинэ төрлөөр цахим хуудсаараа дамжуулан хувьцаагаа арилжаалж байна. Хэрэв манай erxes Mongolia, erxes Inc фэйсбүүк хуудсууд руу хувьцаатай холбоотой мессэж илгээвэл бид и-мэйл хаягаар нь холбогдох мэдээлэл, хөрөнгө оруулалт хийх гарын авлагыг илгээж байгаа.Хөрөнгө оруулалт татахтай холбоотой бүхий л үйл ажиллагаа invest.erxes.io цахим систем дээр онлайнаар явагдаад эхэлчихсэн.

-Дэлхийн 90 улсын 30 мянга гаруй бизнес эрхлэгч ашиглаж байгаа бүтээгдэхүүн чинь яг ямар программ юм бэ?

-Манай компанийн бизнес загвар нь “Оpen Source Soft­ware” буюу нээлттэй эхийн программ хангамж юм. Манай компанийг гурван залуу үүсгэн байгуулсны нэг нь би л дээ. Нөгөө хоёр маань Б.Наран, Б.Бат-Амар гэж мундаг залуус бий. “Нью медиа групп”-ыг үүсгэн байгуулахаас эхлээд хамтран ажиллаж ирсэн. Нээлттэй эхийн программ хангамж гэдэг нь дэлхийн хаанаас ч, хэн ч татаж аваад өөрийн серверт суулган үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой гэсэн үг. 90 гаруй улсаас 30 мянга гаруй бизнес ажилдаа ашиглаж байгаа нь чамлахааргүй том тоо. Гэхдээ бидэнд хийх ажил маш их байгаа. Манай хотод байгаа олон орны харилцагч байгууллагууд программыг маань ашиглахын тулд бидний оролцоогүйгээр дэлхийн 30 гаруй хэлээр орчуулж, өөрт хэрэгтэй нэмэлт хөгжүүлэлт сайжруулалтуудыг хийсээр байна. Дэлхийн өнцөг булан бүрт биднээс цалин авдаггүй олон арван программ хөгжүүлэгчид erxes бүтээгдэхүүнийг өдөр бүр сайжруулж байгаа гэсэн үг. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бид жижиг дунд бизнес ашиглах боломжтой онлайн хувилбараа нээсэн, одоо 600 гаруй байгууллага төлбөр төлөн тогтмол ашиглаж байна.

-Ерөнхий сайдад хандсан үгэндээ IT-гийн компаниуд хоёр янз байна гэж ярьсан. Хэдэн тэрбумаар нь шударга бус байдлаар тендер авдаг компаниуд төсвөөс авсан мөнгөөрөө гадаад зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн хийхгүй, хөгжихгүй байна гэж байсан?

-Гадагшаа гарахыг зорьсон, үнэ цэнээрээ нэгдсэн хэд хэдэн компани бий. Саяхан “Анд глобал”-ынхан “Марубени”-гээс 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож чадсан. Энэ бол Монголын IT-ын салбарт маш томд тооцогдох түүхэн үйл явдал болсон. За тэгээд CallPro, Инфинити Солюшн, Томьёо, Шоппи гэх мэт гадаад зах зээлд Цахиурт гялалзахаар зорьж буй компаниуд нэлээд бий. Шударга бусаар дарга, засаг дагаж хэдэн арван тэрбумаар нь төсвөөс мөнгө авч ажил хийсэн мөртлөө энэ салбарын хөгжил, энэ улсын нэрийг олон улсад гаргахгүй таглаа, бөглөөс болж буй компаниуд ч бас нэлээд байгаа.Уг нь шударгаар тендерт оролцож, бусад гарааны бизнестээ адил тэгш оролцох боломжийг олгож олон улсад хамтын хүчээр туршлага хуваалцаж хөгжих нь энэ салбарын цаашлаад Монголын хөгжилд эерэгээр нөлөөлнө л дөө.

-IT төрөөс том мөнгө иддэг салбаруудын нэг гэсэн шүүмжлэл дуулддаг ч яах аргагүй том мөнгө зарцуулах салбар гэх тайлбар дагаад байдаг л даа…?

-Олон хүн нэг км зам барих ч юм уу, нэг цэцэрлэг босгоход хэдэн төгрөг зарцуулдгийг багцаагаар мэддэг. Гэтэл IT-гийн хувьд багцаа байдаггүй.Серверийнх нь ачаалал хүчин чадал хүрдэггүй, үүлэн технологи гэх мэт хол юм шиг зүйлсийг сүртэй яриад өчнөөн мөнгө зарахаас аргагүй гэдэг.Үнэн хэрэгтээ тийм биш л дээ.IT-гийн салбарт зарцуулж байгаа төсвийн мөнгөний хэмжээг харахаар бодит өртгөөсөө хэд дахин давсан, зарим тохиолдолд бүр хэдэн арав дахин давсан тоо сонсогддог.Хатуухан хэлэхэд IT-гийн салбар XXI зууны дарга нарын мөнгөө угаадаг, мөнгө олдог салбар болчихсон нь нууц биш.

-Монголын IT-гийн салбар дэлхийд гарахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэвэл та юуг онцлох вэ?

-Хамгийн гол нь хүсэл мөрөөдлийг амжилтын түүх рүү шилжүүлмээр байна. Манайх, Анд глобал гээд амжилтын түүхээ зохих хэмжээнд бүтээчихсэн.Одоо илүү олон компанийг амжилтын түүхтэй болгох хэрэгтэй. IT бол хил хязгааргүй салбар. Дэлхийн хүнд зориулсан юм хийж чадвал шууд доллар олж болох онцгой давуу талтай. Анх Д.Батбаяр гэх сумочийг хараад Д.Дагвадорж, М.Даваажаргал гээд олон залуус арлын Япон орныг зорьж өнөөдрийн амжилтаа бүтээж чадсан та бидний бахархал болсон аваргууд төрсөн.Мөн л Н.Түвшинбаяр гэж хүн олимпийн аварга болчихонгуут олон залууст олимп хол биш юм байна гэсэн итгэл өгсөн.Яг тэрэнтэй адил технологийн гарааны компаниудад хэд хэдэн амжилтын түүх л хэрэгтэй байна.Хэрвээ бид ингэж амжилтын түүхээ бүтээж чадах юм бол хэн ч тендер хийдэг газарт ажиллахыг хүсэхгүй.

Товчхондоо Монголд компани байгуулаад доллар олъё, экспорт хийе гэдэг мөрөөдлийг л хэд хэдэн амжилтын түүхүүдээр үүсгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, гадаад зах зээл рүү зорьсон зүйл хиймээр байгаа юм. IT бол том хөрөнгө оруулалт шаардлагагүй, үйлдвэр гэх мэт нүсэр байгууламжгүйгээр сандал ширээ, компьютер байхад л цэцэглэчихдэг бизнес.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бар өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 11. Бархасвадь гариг. Билгийн тооллын битүүн, цагаан бар өдөр. Өдрийн наран 08:05 цагт мандан 18:08 цагт жаргана. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 29-34 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 2-7 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-д халдвар авсан хүний тоо 4 сая давлаа

Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 107 сая 469 мянга давж, эдгэрсэн хүний тоо 79 сая 400 мянгад хүрлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна у

Categories
мэдээ нийгэм

Улсын аварга болон хошой аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олныг шалгарууллаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улсын аварга болон хошой аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олныг шалгарууллаа.

1. “Улсын аварга малчин өрх”-өөр:

– Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Баасанжавын Сүхбат, Цэцэрлэг сумын Хонгорж багийн малчин Цэрэндоржийн Пүрэвдорж, Хотонт сумын Бургалтай багийн малчин Жигмэдсорогдонгийн Батсайхан, Ихтамир сумын Бугат багийн малчин Жадамбын Мөнхбат, Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Баянжаргалын Дашдаржаа, Хашаат сумын Жаргалант багийн малчин Жамцын Батсуурь, Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн малчин Жалбуугийн Дарханбаатар, Цэнхэр сумын Орхон багийн малчин Самбуугийн Бадмаагарав, Өгийнуур сумын Тоглох багийн малчин Магсаржавын Отгонбат, Өлзийт сумын Бодонт багийн малчин Жуковын Баатаржин;

– Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх эрэг багийн малчин Пийлэнгийн Дарьсүрэн, Бугат сумын 2 дугаар багийн малчин Шамешийн Серик, Сагсай сумын Холагаш багийн малчин Байсолтаны Айып, Цэнгэл сумын 6 дугаар багийн малчин Бакелийн Космос, Алтанцөгц сумын 3 дугаар багийн малчин Тайсалын Шаят, Дэлүүн сумын 6 дугаар багийн малчин Шалейн Жанарбек, Цэнгэл сумын 1 дүгээр багийн малчин Шаривханы Тилек;

– Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн малчин Бандихүүгийн Бямбасүрэн, Өлзийт сумын Байн ам багийн малчин Пүрэвийн Лхагваа, Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн малчин Хүүхэндуламын Түмэнжаргал, Баянцагаан сумын Дэлгэрэх багийн малчин Цэрэндоржийн Эрдэнэбаяр, Галуут сумын Үнэгт багийн малчин Тэрбишийн Баярсайхан, Баянбулаг сумын Хангал багийн малчин Нанжидзэвгийн Эрдэнэбилэг, Галуут сумын Үнэгт багийн малчин Цэгмидийн Батбаатар, Жинст сумын Хүйс багийн малчин Нэргүйн Батболд, Баянхонгор сумын Шаргалжуут багийн малчин Дамдинсүрэнгийн Батням;

– Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Ойдовын Батжаргал, Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Дашнямын Жаргалтогтох, Гурванбулаг сумын Авзага багийн малчин Өлзийбаярын Дашзэвэг, Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Гаравсүрэнгийн Гантулга, Орхон сумын Бүхт багийн малчин Сурмаажавын Мөнх-Эрдэнэ, Могод сумын Баянгол багийн малчин Бярдамбын Нямдаваа, Сайхан сумын 3 дугаар багийн малчин Найдангийн Батаа, Хангал сумын Сөрт багийн малчин Дорждуламын Лхагвасүрэн;

– Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багийн малчин Хоролын Төмөрбаатар, Бугат сумын Гаханч багийн малчин Эрдэнэсүрэнгийн Төмөрбаатар, Шарга сумын Баянгол багийн малчин Содномын Тогт, Эрдэнэ сумын Сангийндалай багийн малчин Гомбын Цандагва, Баян-Уул сумын Хүйсийн говь багийн малчин Доржийн Ганболд, Жаргалан сумын Завхан гол багийн малчин Жумбын Батсайхан, Халиун сумын Сүүж багийн малчин Бадамдоржийн Мөнхбаяр, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Бузанковын Эрдэнэсүрэн;

– Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ганболдын Уранцэнгэл;

– Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Гүнтэвийн Ганболд, Шарын гол сумын Санжинт багийн малчин Хайбарын Азомат, Дархан сумын Малчин багийн малчин Цэвээнжавын Нэмэхжаргал;

– Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн малчин Бандийн Ням-Осор, Эрдэнэ сумын 1 дүгээр багийн малчин Гомбын Алтанбулаг, Улаанбадрах сумын 3 дугаар багийн малчин Нарантогтоолын Ариунболд, Өргөн сумын Баянмөнх багийн малчин Раднаагийн Батчулуун, Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Доржийн Мягмарпүрэв, Хөвсгөл сумын Жавхлант багийн малчин Лувсаншаравын Нямдорж;

– Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хүрээт багийн малчин Дамдины Пүрэв, Чойбалсан сумын Сүмбэр багийн малчин Шамбийгийн Намхай, Чулуунхороот сумын Галуут багийн малчин Пүрэвдоржийн Дамдинлхагва, Матад сумын Жаргалант багийн малчин Дуламжавын Цогтбаяр, Цагаан-Овоо сумын Элст багийн малчин Чогсомын Баатархүү;

– Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн малчин Шаравдоржийн Энх-Амгалан, Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн малчин Ишцогийн Баярсайхан, Өндөршил сумын 2 дугаар багийн малчин Намжирмаагийн Чинбат, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн малчин Хадын Батсайхан, Сайнцагаан сумын Наран багийн малчин Зундуйжамцын Бямбаа, Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн малчин Ренчингочоогийн Амгаланбаатар;

– Завхан аймгийн Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Намсрайн Балжинням, Яруу сумын Хэц-Улаан багийн малчин Балдангийн Бадар, Сантмаргаз сумын Баяннуур багийн малчин Намхайн Гүрдорж, Завханмандал сумын Олон түрүү багийн малчин Базарын Санж, Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Цэнд-Аюушийн Мягмарсүрэн, Дөрвөлжин сумын Онц багийн малчин Санчиндоржийн Энхболд, Их-Уул сумын Үржил багийн малчин Эрдэнийн Лхагвадорж;

– Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Бат-Очирын Золбоо;

– Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн малчин Зээмэний Цацрал, Бүрд сумын Донгит багийн малчин Ёндонгийн Гэрэлт-Од, Уянга сумын Таац багийн малчин Дорж-Яндагийн Мягмардорж, Өлзийт сумын 1 дүгээр багийн малчин Болоогийн Эрдэнэдалай, Тарагт сумын Хүрэмт багийн малчин Шаарийбуугийн Нямдорж, Хужирт сумын Бэрх багийн малчин Ёндонгийн Дамдингомбо, Гучин-Ус сумын Хөөвөр багийн малчин Цэгмэдийн Дамдинсүрэн, Сант сумын Улаан-Овоо багийн малчин Бямбажавын Батлут, Баян-Өндөр сумын 2 дугаар багийн малчин Дүвчинхүүгийн Батчулуунхүү, Хайрхандулаан сумын Нарт багийн малчин Дамдиндоржийн Уртнасанпүрэв, Хархорин сумын 5 дугаар багийн малчин Лхагваагийн Пүрэвдорж;

– Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин Сугирын Гантөмөр, Цогтцэций сумын Билгэх багийн малчин Цэрэндуламын Сүхбаатар, Ханхонгор сумын Хондот багийн малчин Батчулууны Баярхүү, Манлай сумын Өгөөмөр багийн малчин Бадамцэрэнгийн Адъяабаатар, Мандал-Овоо сумын Өтгөн багийн малчин Буянхүүгийн Хадбаатар, Ханбогд сумын Гавилууд багийн малчин Гэндэнгийн Бооюу, Булган сумын 1 дүгээр багийн малчин Дашнямын Энхбаатар;

– Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн малчин Сүхээгийн Алтансүх, Эрдэнэцагаан сумын Хонгор багийн малчин Шаравын Хас-Эрдэнэ, Баяндэлгэр сумын Баян багийн малчин Бэгзсүрэнгийн Батцогт, Онгон сумын Нүдэн багийн малчин Цэвэгийн Батбаяр, Наран сумын Гүн худаг багийн малчин Жамбын Гомбодорж, Асгат сумын Их-Уул багийн малчин Мажигсүрэнгийн Баатарчулуун, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Тогоочийн Төмөрмөнх, Дарьганга сумын 4 дүгээр багийн малчин Шарбандийн Эрдэнэ-Очир;

– Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр багийн малчин Жигээгийн Батбуян, Орхонтуул сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвийн Санж, Түшиг сумын Ар нуга багийн малчин Пэрэнлэйн Отгон-Эрдэнэ, Баруунбүрэн сумын Ивэн багийн малчин Дорждамбын Октябрь, Баянгол сумын Баян багийн малчин Бямбаагийн Цэгмэд;

– Төв аймгийн Баянцагаан сумын Алтат багийн малчин Цэрэнцогзолын Ширнэнбадрах, Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн малчин Хэнмэдэхийн Нямдорж, Эрдэнэсант сумын 2 дугаар багийн малчин Тотийн Энхбаатар, Архуст сумын Нарст багийн малчин Очирбатын Ганхуяг, Сэргэлэн сумын Баянбүрд багийн малчин Рэнцэнгийн Дашдаваа, Лүн сумын 1 дүгээр багийн малчин Чулууны Гантөмөр, Эрдэнэсант сумын 4 дүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Даваадорж, Аргалант сумын Хөшөөт багийн малчин Жамъяны Отгонбаатар, Угтаалцайдам сумын Харчулуут багийн малчин Дашзэвэгийн Баянмөнх, Баян-Өнжүүл сумын Бараат багийн малчин Махбалын Отгонбилэг;

– Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн малчин Бундаагийн Лхагваа, Завхан сумын Хяргас нуур багийн малчин Сайжрахын Нанзад, Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн малчин Баттулгын Ууганбаяр, Тэс сумын Булгийн-Өндөр багийн малчин Дашзэвэгийн Мөнхбаяр, Тариалан сумын Хархираа багийн малчин Нүүдэлийн Батбуян, Зүүнговь сумын Өгөөмөр багийн малчин Лувзангийн Чимэд-Очир, Хяргас сумын Хангай багийн малчин Баттогтохын Цэнгэнбаяр, Ховд сумын Шивэр багийн малчин Басангийн Хөөхуяг, Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн малчин Норжавын Дорж, Давст сумын 3 дугаар багийн малчин Баянзулын Баян-Очир, Зүүнхангай сумын Баянгол багийн малчин Даньхүрэлийн Тогтохбат;

– Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Шийрэвийн Батсайхан;

– Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн малчин Доржийн Анхбаяр, Мянгад сумын Баянбулаг багийн малчин Лхамсүрэнгийн Пүрэвсан, Дарви сумын Дэлгэр багийн малчин Галсандоржийн Ганбаатар, Булган сумын Алагтолгой багийн малчин Аэрфаланы Баатархуяг, Зэрэг сумын Гүвээ багийн малчин Баатарын Хүрэлдовчин, Мөнххайрхан сумын Алаг багийн малчин Шаравын Төмөрхуяг, Манхан сумын Баянгол багийн малчин Бовоогийн Болдоо, Дуут сумын Хөх бэлчир багийн малчин Самдангийн Даваахүү, Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн малчин Янживын Өлгийсайхан;

– Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Дашдаваагийн Лхагвасүрэн, Цагаан-Уул сумын Тосон багийн малчин Баттөмөрийн Насанбуян, Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн малчин Сандавын Ган-Эрдэнэ, Их-Уул сумын Асгат багийн малчин Ламжавын Батбилэг, Цэцэрлэг сумын Жаргалант багийн малчин Тогоонтөмөрийн Бадарч, Галт сумын Хужирт багийн малчин Лхагварагчаагийн Сандуйжав, Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн малчин Маанийн Даваахүү;

– Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Рашийн Насанбат, Дархан сумын Дотуур булаг багийн малчин Наваанлувсангийн Гэрэлбадрах, Хэрлэн сумын 8 дугаар багийн малчин Дугаржавын Энхболд, Батноров сумын Баянбулаг багийн малчин Оросын Төмөрбаатар, Батноров сумын Эрдэнэчандмань багийн малчин Сандагдоржийн Батсуурь, Дадал сумын Онон багийн малчин Мягмарын Мөнхтөр, Галшар сумын Сангийн далай багийн малчин Дэрийлаагийн Лхагвасүрэн, Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Гомбын Александр, Баянмөнх сумын Баянбулаг багийн малчин Тэрбишийн Энхболд, Дэлгэрхаан сумын Долоод багийн малчин Энхбаатарын Амгаланбаяр

2. “Улсын хошой аварга малчин өрх”-өөр:

– Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн малчин Лхагвасүрэнгийн Айлтгүйбаатар;

– Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн малчин Гончигийн Сүх;

– Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн малчин Доржийн Лавмэдэх;

– Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн малчин Мангалжавын Бямбаа;

– Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн малчин Цэрэндоржийн Доржсүрэн;

– Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн малчин Шагдарын Шаравжамц;

– Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн малчин Чойсүрэнгийн Отгонбаатар;

– Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн малчин Цэгмидийн Мижиддорж;

– Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн малчин Гүндвайгийн Ансей;

– Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн малчин Сандагдоржийн Даваасамбуу;

– Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбай;

– Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Очирын Цэнд-Аюуш;

– Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Хишигдуламын Намсрайжав

3. “Улсын аварга саальчин”-аар:

– Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн саальчин Бадамдашийн Батцэцэг;

– Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн саальчин Рэндоогийн Нансал;

– Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн малчин Нямбуугийн Алтанцэцэг;

– Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн саальчин Доржхорлоогийн Тогоо;

– Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан багийн саальчин Дашдаваагийн Хорлоо;

– Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн саальчин Жамсрандоржийн Сэржмядаг

4. “Улсын аварга фермер”-ээр:

– Дархан-Уул аймгийн Дархан сумын фермер Гончигсүрэнгийн Болор-Отгон;

– Орхон аймгийн Баян-Өндөр сумын фермер Нэргүйн Дэлгэрсүрэн;

– Сэлэнгэ аймгийн Хушаат сумын фермер Сүхээгийн Сүхдаваа;

– Төв аймгийн Баяндэлгэр сумын фермер Жадамбын Баттөгс;

– Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн фермер Баяраагийн Төгс-Эрдэнэ

5. “Улсын аварга тариаланч”-аар:

– Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн Жанасын Майлыбай;

– Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Дүүрэнгийн Мөнхбаатар;

– Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Баярчулууны Галсанбар;

– Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Мягмарсүрэнгийн Мөнхбаяр;

– Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Лувсанжамбаагийн Лувсанпүрэв;

– Завхан аймгийн Улиастай сумын иргэн Доржпаламын Цагаанхүү;

– Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Чойндонгийн Оюунцэцэг;

– Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Нямдоржийн Бадамханд;

– Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн Жавзангийн Отгонбаатар;

– Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Цагаачийн Баасанхүү;

– Төв аймгийн Борнуур сумын иргэн Бямбаагийн Атартунгалаг;

– Увс аймгийн Улаангом сумын иргэн Баазарын Батсүх;

– Ховд аймгийн Буянт сумын иргэн Долдойн Аманжол;

– Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Мижиддоржийн Цэцэгсүрэн;

– Ховд аймгийн Мянгад сумын иргэн Баттогтохын Отгонтөгс;

– Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Долгорын Чимгээ;

– Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэттолгой” ХК-ийн механикжуулагч Даваасүрэнгийн Батбаяр;

– Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдам өгөөж” ХХК-ийн механикжуулагч Нямцэрэнгийн Болдбаяр;

– Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй” ХХК-ийн механикжуулагч Хувцагааны Нарангэрэл;

– Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Баян шинэ зам” ХХК-ийн механикжуулагч Мандирын Алтангэрэл;

– Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Шижир говь” ХХК-ийн механикжуулагч Ванчинсүрэнгийн Батбаяр

6. “Улсын аварга тариаланч хамт олон”-оор:

– Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК;

– Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Улаанбуудайн эх газар” ХХК;

– Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Гарааны Дархан элит” ХХК;

– Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундрага” ХХК;

– Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Атар трейд” ХХК;

– Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК;

– Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК;

– Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Арвин хур” ХХК-ийг шалгарууллаа.

Энэ онд аймгуудаас 168 малчин өрхийг улсын аварга малчин өрхөд, 19 малчин өрхийг Улсын хошой аварга малчин өрхөд, 13 хүнийг аварга саальчинд, найман эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермерт нэр дэвшүүлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн байна. 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 150 малчин өрхийг Улсын аварга малчин өрх, 13 малчин өрхийг Улсын хошой аварга малчин өрх, зургаан хүнийг Улсын аварга саальчин, таван эрчимжсэн аж ахуй эрхлэгчийг Улсын аварга фермерээр шалгаруулжээ. Цар тахалтай холбогдуулан шагналыг нь мал төллөж дуусах үед гардуулах төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Амгалан: Зах, худалдааны төвүүд энэ сарын 16 хүртэл ажиллахгүй

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа н.Амгалан хэв журмын талаар мэдээлэл өглөө:

Томоохон зах, худалдааны төвүүд энэ сарын 16 хүртэл ажиллахгүй гэдгээ урьдчилан мэдэгдсэн. Иймд жижиг дэлгүүрүүд бараа татан авалтаа хийчихсэн. Дэлгүүрүүд бараа татна гэж замын хөдөлгөөнд оролцохгүй. Зөвшөөрөл бүхий 14 салбарын ажилтан, албан хаагчид л нийтийн тээврээр зорчино. Нийтийн тээврийн хэрэгслийн тоо ихээхэн буурсан.

Үйлчилгээний байгууллагууд буюу орон сууцны контор, тохижилт үйлчилгээ, хувийн хамгаалалтын байгууллагуудын ажлын бүлэг томилогдсон. Нэг бүлэг 72 цагийн хугацаагаар ажиллана. Дуудлагын машинууд нь бүгд логотой байх шаардлагатай. Жолооч нар ажлын талбартаа ойрхон байхыг шаардана.

Эмнэлэгт очих иргэд хувийн машинаар явахыг зөвшөөрнө. Мөн гачигдал гарсан тохиолдолд зөвшөөрөл олгоно. Иргэд хүүхдээ хажуудаа суулгаад, хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ гээд сэлгүүцсэн. Камераар хянах тул сэлгүүцэх боломж бага. ЦЕГ дрон нисгэж хянана.

Нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?

Маргааш өглөө 06.00 цагаас эхлэн нийслэл рүү орох болон гарах хөдөлгөөнийг бүрэн хаана. Гачигдал гарсан иргэд УОК руу цахимаар хандан, өргөдөл өгнө. Тэдний хүсэлтэд шуурхай хариу өгнө. Зөвшөөрөл өгсний дараа нэвтрүүлнэ.

Хөл хорио тогтоосны дараа зарим иргэн тусгаарлах байрнаас гарах болно. Тэднийг УОК гэр гэрт нь хүргэнэ. Эмнэлэг рүү явах, хувийн авто машингүй иргэд ойролцоо байгаа төрийн албан хаагчид хандаарай. Түргэний машинууд эдгээр иргэдэд тусална.

Нийслэлд нийт 15 мянган төрийн албан хаагч ажиллана. Тэднийг хороо тус бүрд хуваарилсан. Гэр хороололд тавих хяналтыг мөн төлөвлөсөн. Нэг цэгт ажиллах албан хаагч тэндээ л ажиллана, солихгүй. Бүх төрийн албан хаагч ханцуйн дээрээ КОВИД-19 гэсэн тэмдэгтэй байна. Та бүхэн албан хаагчидтай соёлтой, боловсон харилцаарай.

Маргааш шинийн 1-ний өглөө уул руу гарах хориотой.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө

Засгийн газраас өнгөрөгч хоёр долоо хоногийн хугацаанд гаргасан төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ УИХ, Монголбанкныхантай хамтран ажиллажээ.

Юун түрүүнд, түрүүчийн Засгийн газрын хэрэгжүүлсэн хүүхдийн 100 мянган төгрөг олгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн 2021 онд олгох болно гэдгээ илэрхийллээ. Үүнд 1,7 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Манай улс 10 их наяд төгрөгийн төсөвтэй.

ШИНЖИЛГЭЭ БА ВАКЦИНЖУУЛАЛТ

“Нэг өрх-Нэг шинжилгээ”: Энэ үйл ажиллагааны үр дүнд тархалтыг хумиж, дахин хөл хорио тогтоохгүй байхыг хичээх, зарлах боллоо гэхэд 14-21 хоногийн өмнө мэдээлж байж зарлах төлөвлөгөөтэй.

Математик тооцоолол дээр үндэслээд харвал одоогийн хөл хорионы дараа дахиад 1-2 удаа хөл хорио тавьж болзошгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн урьдчилж хэлнэ. Ирээдүйг илүү тодорхой болгохын тулд ажиллана.

Вакцинжуулалт: Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна. Бидний хувьд астразенека, пфизер вакцинуудыг оруулж ирэхийн тулд ажиллана. Монгол Улсын нутаг дэвсгэрт вакциныг хадгалах боломжийг бүрдүүлэхийн тулд хатуу хөл хорионы үед ажиллана. Нийт хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулахад эрсдэлээс сэргийлэх боломжтой гэдгийг ДЭМБ бидэнд анхааруулсан. Бид 60 хувийг тодорхой дарааллын дагуу хийнэ.

  1. Эрүүл мэндийн байгууллагынхан
  2. Экспортын үйл ажиллагаанд оролцогчид
  3. Өвчтэй болон ахмадууд
  4. Суурь өвчтэй иргэд

Эхний ээлжинд 300 мянган тунг оруулж ирнэ. Зарим хувийн хэвшил вакцины чиглэлээр хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн. Энэ асуудлыг нээлттэй байлгахаар ажиллана. ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон улсуудын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье.

ХӨЛ ХОРИОНЫ ТҮВШИНГ 4 ӨНГӨӨР ИЛЭРХИЙЛНЭ

Иргэдээс авсан ярилцлагаар УОК-ын шийдвэрүүд ойлгомжгүй байна гэсэн. Тиймээс цаашдаа 4 өнгөөр түвшинг ангилна. Аймаг, орон нутаг, хороолол, дүүргүүдэд дараах өнгийн тэмдэглэгээг хийнэ гэсэн үг.

Ногоон өнгө буюу 1-р зэрэг ногоон бүс: Сануулга өгч, мэдээлэх үе. Өвчний тархалтыг хумин тогтоосон. Ногоон бүс буюу халдваргүй газрууд гэсэн үг. Гэхдээ гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй.

Шар өнгө буюу 2-р зэрэг. АНХААРУУЛАХ. Өдөр тутмын бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалтыг зогсоож байгаа ч олон нийтийн дунд тархах эрсдэлтэй. Өдөр тутмын бэлэн байдал буюу анхааруулах өнгө. Өрхийн гишүүдийн дундах халдварын тоо өсөж байгаа. Нэг эсвэл түүнээс олон хоорондоо хамааралгүй халдвар, кластер бүртгэгдсэн.

Улбар шар өнгө буюу 3-р зэрэг: ХАТУУ АНХААРУУЛГА. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг. Нийгмийн бүлэг тодорхой хүрээлэлд халдвар тархсан. Хэд хэдэн кластерт халдвар бүртгэгдсэн.

Улаан өнгө буюу 4-р зэрэг: ШААРДАХ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг. Өвчний тархалт маш хурдтай үргэлжилж байгаа, халдвар бүх нийтийг хамарч, газар авсан.

2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 4-р зэрэгт шилжиж байна гэсэн үг.

Хэвлэл мэдээллийн хувьд төрөөс нэг хүнээр дамжиж мэдээлэл гарна. Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтарч ажиллана. Emongol цонхонд өдөр тутмын халдварын мэдэлээлэл гарна.

Шар болон ногоон өнгөд шилжвэл Нийслэл болон аймгийн онцгой комисс хэсэгчилсэн зохион байгуулалтыг хийнэ.

Улаан өнгөнд шилжсэн тохиолдолд удирдлага Шадар сайдад 100 хувь шилжинэ.

БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?

Хөл хорио дуусангуут буюу 23-ны өдөр бизнесийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаарх шинэ дүрмийг танилцуулна. Бизнесийг шууд болон шууд бусаар харьцдаг гэж хоёр хуваана. Шууд харьцдаг гэдэгт жишээ нь үйлчилгээний байгууллага орно. Шууд бус байгууллагуудад мөн адил стандарт тавьж, ажиллах ажиллахгүйг болон хэрхэн ажиллахыг шийдвэрлэнэ. Түрүүнд нь 13-15 стандарт тавьдаг байсан нь ойлгомжгүй байсан.

Цахимыг дэмжинэ. Цахимаар ажиллах бүх бодлогыг Засгийн газар дэмжинэ. Хүргэлтийн бизнесийг Засгийн газраас онцгой дэмжинэ. Төрийн үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

Хилийн тусгай бүсийг байгуулна. Гадны бизнесийн уулзалтуудыг хийж болно. Онгоцны буудлын наана тусгай зориулалтын бүс байгуулна. Үүнийг ногоон бүс байдлаар зохион байгуулна. Бичиг баримт дээр гарын үсэг зурах, нотариатаар баталгаажуулах зэргийг зохион байгуулах боловч шууд уулзалтыг дэмжихгүй.

Банкуудтай мөн цахимаар үйл ажиллагаа явуулах чиглэлд дэмжиж ажиллана. Бэлэн бус төлбөр тооцоог Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллана.

ГАДААДАД БАЙГАА ИРГЭДЭЭ ТАТАН АВНА

Гадаадад байгаа иргэдээ татан авна. Одоогоор 9135 иргэн гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Засгийн газар 100 хоногт багтаан 16 удаагийн нислэгээр 2560 иргэнээ татан авна. Ирсний дараа заавал 50 мянган төгрөгийн тусгаарлах байранд ор гэхгүйгээр халдвар хамгааллаа сайжруулсан зочид буудлуудад байршуулах боломжийг нээнэ. Зочид буудлуудад тусгаарлалтын бизнесийг нээж өгнө гэсэн үг. Тэгэхээр иргэд 50 мянган төгрөгийн зочид буудалд эсвэл 1000 долларын үнэтэй өрөөнд ч орох боломжийг нээнэ.

Гадагшаа зорчих зөвшөөрөлтэй, боломжтой иргэдээ зорчуулна.

Нислэгүүдийг 1-2 сарын өмнө зарлаж, шат дараатайгаар ердийн горимд шилжүүлнэ.

ЭДИЙН ЗАСАГТАЙ ХОЛБООТОЙ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ 2 ИХ НАЯДЫН АЛХМУУД

Хамгийн их хохирол амсаж буй хүмүүс бол жижиг дунд бизнес эрхлэгчид. Ажлын байрны түрээс, зээлийн хүү хоёр том дарамт болж байна. Тиймээс дараах алхмуудыг хийнэ.

Зээлийн хүүг бууруулах: Хоёр их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй, зээлийн хугацаа 3 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нэг жил байхаар тооцож арилжааны банкуудаар дамжуулж зах зээл рүү нийлүүлэхээр боллоо.

Энэ хоёр их наяд төгрөгийг хэрхэн босгох вэ. Хармагтайн ордын ТЭЗҮ шийдэгдсэн, үүнийг алтны урьдчилгаа байдлаар Монголбанктай ярилцаж 1 их наядыг нь, Засгийн газраас Монголбанкнаас 0 хувийн хүүтэй бонд худалдаж авч, арилжааны банкуудад зээлийн баталгаа гаргаж 1 их наядыг босгоно.

Дээрх зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоно. Үүний тулд Төв банкны менежментийг өөрчилж дундаж орлоготой иргэдийг дэмжих хэлбэрт зохион байгуулна. Төрийн банк “Дундаж орлоготой иргэдийг дэмжих үндэсний тогтолцоо”-ны хүрээнд дээрх зээлийг олгож эхэлнэ гэсэн үг.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ 500 ТЭРБУМЫН ХӨТӨЛБӨР

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана.

Түргэвчилсэн вакум сургалтад залуусыг хамруулах 1 сая төгрөгийн хоёр сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрийг зарлана. Цахимаар ажилгүй болсон, ажлын байрны цомхотголд орсон залуусыг шат шатны ЗДТГ, и-монголиа, НХХЯ зэрэг газруудын цахимаар бүртгэнэ. Сар бүр 5000 залуусыг энэ хөтөлбөрт хамруулна. НХХЯ, БХЯ, БШУЯ хамтран ажиллана. Хагас цэрэгжсэн зохион байгуулалтад оруулж, илчлэг сайтай хоол ундаар хангаж, жолооны курс төгсөх боломжийг хангана. Аль нэгэн шаардлагатай мэргэжлээр сургана.

Төгсөхдөө нэг сая төгрөгийг гардаж, сертификат авна. Ингээд шууд хөдөлмөрийн биржид бүртгүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажилд ажиллах тэргүүн эгнээний зуучлалд орно гэсэн үг. Энэ залуусаас бүрдсэн ажлын байрыг гаргасан компаниудад татварын болон бусад урамшууллыг олгоно. Төвлөрлийг сааруулах бодлого явуулсан компаниудад урамшуулал олгоно.

ОРОН СУУЦЖУУЛАХ 3 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Улаанбаатар хотын хэмжээнд 217 мянган өрх орон сууцны хэрэгцээгээ сайжруулах хүсэлтэй байна.

Орон сууцжуулах 3 их наядын төлөвлөгөөг эхэлнэ. Барилгын салбарт олон залуус ажилладаг. Илүү цэгцтэй төлөвлөгөөтэй амьдрахад залууст орон сууц хамгийн чухал. Тиймээс энэ хөтөлбөрт Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Үүний тулд:

  • Төрөөс газрыг үнэгүй олгоно
  • Төрөөс дэд бүтцийг бүрэн холбоно
  • Нэг маягийн нэгдсэн зурагтай байлгана
  • Ипотекийн зээлийг нийлүүлнэ

1 их наяд нь нэгдсэн зургаар орон сууц барих, газар олгох, цемент арматур төмөртэй холбоотой асуудал, дэд бүтцийг төрөөс хариуцах, орон сууцны орчмын сургууль, цэцэрлэг зэргийг төр байгуулахад зарцуулна. Засгийн газрын тавьж байгаа стандартыг хүлээн зөвшөөрч, барилгын м2-ыг буулгаж чадвал ипотекийн санхүүжилтэд бид 2 их наядыг олгоно. 30 жилийн хугацаатай сар тутам 100 тэрбумыг олгоно. Шаардлагатай бол нэмэлт санхүүжилт олгоно.

Цаашдаа 6 хувийг орон нутагт улам багасгах, хөдөө орон нутагт шилжиж очих тусам орон сууц илүү хямд болох буюу төвлөрлийг багасгах бодлого чиглэлд ажиллана.

ХОЁР ИХ НАЯДЫН ДАХИН САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Монголбанкны дахин санхүүжүүлэх репо хөтөлбөрөөр томоохон бизнесүүдэд зээлийн хүүг бууруулна. Томоохон зээлүүдээ бизнесийн хувьд дахин төлөвлөх боломжийг өгөхийн тулд 16 хувийн хүүг 10,5 хувь болгож байна. 1 их наядыг 2 их наяд болгож, хугацааг 2 жил болгож, улирал тутамд олгох санхүүжилтийг 500 тэрбумд тогтооно.

Хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засгийн царцсан эргэлтийг сэргээх хэлцлийг Монголбанктай хийж чадлаа.

Цаашдаа бодлогын хүүг шат дараалан буулгах бодлого барина. Тиймээс 10,5 хувийн хүү буурах ч боломжтой.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ 500 ТЭРБУМЫН ЗЭЭЛ

Удахгүй хаврын тариалалт эхэлнэ. Өнгөрсөн оноос хойш ковидын сөрөг нөлөөнд хамгийн бага өртсөн салбаруудын нэг нь хөдөө аж ахуйн салбар байв. Энэ салбарыг дараах зээлүүдээр дэмжих бодлого баримтална. Зээлийн хүү нь 3 хувь байна.

  • Хаврын тариалан эрхлэлтийн зээл- 100 тэрбум
  • Нооуур бэлтгэлийн зээл- 200 тэрбум
  • Малчдыг дэмжсэн зээл- 200 тэрбум
  • Өрхийн тариалан зээл – 10,5 мянган тонн хүнсний ногооны үр

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨСЛҮҮД

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы Д.Гансаруул Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн Сар шинийн босгон дээр Өдрийн сонины шуурхай мэдээллийн www.admin.dnn.mn сайтын Орлогч захирал Д.Гансаруул Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялайлаа.
Д.Гансаруул нь 2009 оноос өнөөдрийг хүртэл Өдрийн сонинд сэтгүүлч, тус сонины шуурхай мэдээллийн сайтын Орлогч захирлаар ажиллаж байгаа юм. Саяхан тэрээр Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Оны шилдэг шалгаруулах “Ган үзэг-2020” наадмаас “Оны шилдэг сэтгүүлч” шагнал гардсан билээ.

Д.Гансаруул: Өдрийн сонины Тусгай бичлэгийн шагнал (2011 он)

-Өдрийн сонины “Шилдэг бичлэг”-ийн шагнал (2019 он)

-Нийслэлийн 2019 оны “Шилдэг сэтгүүлч”,

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 2020 оны Шилдэг сэтгүүлч

-Ган үзэг шагналтай

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүн ажилтан” цолтой.

-Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч
-МЗЭ-ийн Төв аймаг дахь салбар зөвлөл “Шувуун саарал” утга зохиолын нэгдлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн даргаар ажилладаг.

-Монголын Урлагийн зөвлөлийн 2020-2021 оны “Онцлох уран бүтээлч”-ээр шалгарч, тус зөвлөлийн “Улаан гэр” бүтээлч орон зайд GANSARUUL LIVE яруу найргийн онлайн уншлагаа зохион байгуулсан.

-2007 онд “Зүрхний нандин, эмзэг уяа чамдаа…” туурвилзүйн ном,
-2009 онд “Саранд гандсан хөшиг” яруу найргийн түүврээ хэвлүүлсэн. Уг ном нь Монголын Зохиолчдын эвлэлийн Анхны номын уралдаанд шалгарсан бүтээл.

-2014 онд “Сарны тосгон” яруу найргийн түүврээ гаргасан.
-2017 онд детектив, триллер, акмейст шүлгийн “Цоохор майлзын түүх” түүврээ хэвлүүлсэн.

-Da.Gansaruul, Саранд гандсан хөшиг, Галбарвас зэрэг фэйсбүүк хуудсаараа шүлэг, зохиолоо олон нийтэд хүргэдэг.

-Artist Da Moon пэйждээ зургийн бүтээлүүдээ сонирхуулдаг. 2019 оны хоёрдугаар сараас эхэлж Da.Gansaruul пэйжээрээ дамжуулж өгүүллэгүүдээ цувралаар хүргэж байгаа хос морьтой сэтгүүлч, уран бүтээлч юм.

Categories
мэдээ цаг-үе

С.Амарсайхан: Маргааш 06:00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтооно

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаанд мөрдөгдөх журмыг Улсын Онцгой комиссоос танилцуулж байна.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханn “Маргааш 06:00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд нэгдүгээрт, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, “Нэг өрх-Нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлнэ. Голомтыг хумих, халдваргүй хот, дүүрэг болох эн тэргүүний зорилт бидэнд бий.

Монголчууд сар шинийн баяраар ах дүүгийнхээрээ зочилж, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Гэвч УОК, Засгийн газрын шийдвэрээр нийтээр тэмдэглэхгүй байж, цахимаар тэмдэглэхийг уриалъя.

Халдварт өртсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй хүмүүс нь ахмад настан, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй хүмүүс гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Засгийн газар, УОК-оос сар шинийн баяраар хатуу хөл хорио тогтоож, эрсдэлээс сэргийлэх, шинжилгээг голомтоос эхлэн явуулна. Одоогоор өдөрт дунджаар 35-38 мянган хүн шинжилгээ өгч байна.

Төрийн захиргааны байгууллага, нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг шинжилгээнд хамруулж байгаа” гэв.

Categories
гадаад мэдээ

Навальныйг дэмжигчид энэ сарын 14-нд дахин жагсаал хийхээ мэдэгджээ

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн бүс нутгийн штабуудын удирдагч Леонид Волков хоёрдугаар сарын 14-нд дахин эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна хэмээн мэдэгджээ.

“Бид энэ удаад жагсаалыг илүү боловсронгуй аргаар хийж, цагдаагийнхантай нүүр тулахгүй, ийм байдлаас зайлсхийнэ” хэмээн Волков ярьсан байна. Волковын мэдээлснээр, хоёрдугаар сарын 14-ний өдөр 20.00 цагт Оросын томоохон хотуудын бүхий л оршин суугчдыг гэрээсээ гарч, утасныхаа гэрлийг асаан, өндөрт өргөж, хэдэн минутын туршид ийм байдлаар зогсохыг Навальный штаб зөвлөж байгаа гэнэ. Ийм арга хэмжээ 15 минут үргэлжилнэ гэж тооцоолжээ.

Нэгдүгээр сарын 23 болон 31-ний өдрүүдийн эсэргүүцлийн арга хэмжээний үеэр “хүчирхийлэл, дарамт шахалт маш их байсан”, 12 мянга орчим хүн баривчлагдсан гэж тэрбээр онцолсон байна.