Categories
зурхай мэдээ нийгэм

Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ

Төгс Буянт Монгол зурхайн ёсны XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн Цаг тооны бичгээс. 2021-2022 он. Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд

Categories
зурхай мэдээ цаг-үе

​XVII ЖАРНЫ ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГА


Төгс Буянт Монгол зурхайн ёсны XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн Цаг тооны бичгээс. 2021-2022 он. Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд

Эхлэх өдөр: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн: 2021.02.12

Дүүрэх өдөр:Өвлийн адаг сарын битүүн: 2022.01.31

Билгийн хоногийн тоо:355

Ёгт нэр:Цөөвөр

Мэнгэ:6 цагаан

Суудал:Огторгуй

Цагаагчин үхэр жилийн хаврын амьсгал орсон өдөр болон тухайн жилийн амь, бие, эрхтэн махбодуудад дулдуйдан төмөр үхэр жилийн шороон үхрийг зураглавал:

-Шар биетэй, цагаан толгойтой, ногоон омруутай, эвэр чих сүүл нь хөх, шар ходоодтой, улаан шийртэй, амаа хамхисан, сүүлээ баруун тийш шарвасан үхрийн урд талд улаан нүүртэй, хөх дээл өмсөж, шар бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ араараа хийсгэсэн, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, унгасан шилбүүр барьсан идэр залуу яаравчилан гүйж явна.

Жилийн ерөнхий байдал нь Жилийн эхэнд ба дөрвөн улирлын эхээр хур бороо цастай. Жилийн эхээр салхилна. Жилийн дундуур тариалан сайн байх боловч, сүүлээр гандах нигууртай. Мал сүрэгт ээлтэй боловч хямрал их гарна. Залууст амгалан, нялхаст ширүүн, өвгөдөд ширүүн жил болно. Цөөвөр хэмээх төмөр үхэр жилд ган гачгаар тариа эвдэрмүй.

“ЦАСАН ЧИХРИЙН АМТ” зурхайн үрээр жилийн ерөнхий байдлыг шинжвэл: Хур-15, үр тариа-13, өвс-13, сэрүүн-7, чийг-17, хий-13, арвидах-15, хомсдох-15, хямрал-11 байна. Дээрх утгуудын сайн муугийн үр дүнг тооцохдоо 5-17 хооронд авч үзэх бөгөөд дундаж нь 11 байна. Эндээс харвал үзүүлэлтүүд нь дунджаас дээгүүр байх төлөвтэй.


МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙД

Categories
гадаад мэдээ

“Covid-19” бүртгэгдээгүй 12 орны тухай

Коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн эсвэл дотроо тархсан нь бүртгэгдсэн 221 улс орон байгаа бол нэг ч тохиолдол бүртгэгдээгүй 12 бий.

1. АМЕРИКИЙН САМОА

  • Нийт хүн ам: 55’191 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэрийн хэмжээ: 200 км/кв

Өмнөд Номхон далайд байрлах АНУ-ын харьяа нутаг дэвсгэр. Үндсэн таван арлаас тогтох тус орон коронавирусийн дэгдэлт дэлхий даяар зарлагдах үеэс эхлэн хоёр сарын турш өөрийгөө гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлажээ.

Нийслэл Паго Паго хотын эрүүл мэндийн байгууллагын хэлснээр коронавирус бүртгэгдээгүй нь гэнэтийн амжилт биш аж. Учир нь тус оронд 2019 оны сүүлчээр улаан бурхан өвчний халдвар тархаж байсан бөгөөд халдварын үед хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ шуурхай авч ажилласан байна. Коронавирус АНУ-д тархаж эхэлмэгч бүх сүм хийдийг хаасан гэж Америкийн Самоагийн ромын католик шашны тэргүүн Бишоп Петер Браун хэлжээ.

Улаан бурхан өвчний улмаас 2019 оны арванхоёрдугаар сард сургуулиудын үйл ажиллагааг хаагаад байсан бөгөөд коронавирустэй холбоотойгоор уг арга хэмжээг үргэлжлүүлсэн байна.

2. КИРИБАТИ

  • Хүн ам: 119,449 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 810 км/кв

Кирибати улс Хятад, Австрали, Шинэ Зеланд улсуудын тусламжтайгаар гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт коронавирусийг оношлох төхөөрөмжтэй болсон. Тус улсын коронавирусээс хамгаалах хамгийн том давуу тал нь Тувалу, Соломоны арлууд зэрэг оронтой адил байгалийн хүчин зүйл юм. Эх газраас алслагдсан 33 арлаас тогтох Кирибатид 2020 оны гуравдугаар сарын 28-нд онц байдал зарласан бөгөөд бүх нислэг, боомтуудаа хаасан байна.

Тус орны хувьд эрүүл мэндийн тогтолцоо сул байдгийн дээр тамхидалтаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг аж. Хүн амынх нь 57 хувь нь тамхи татдаг Кирибатид коронавируст халдвар тархвал маш олон хүн хүндээр өвчлөх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулаад байна.

3. КҮҮК АРЛУУД

  • Хүн ам: 17,564 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 240 км/кв

Шинэ Зеландын харьяаны муж улс хэмээн тодорхойлогддог Күүк арлууд нь халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд анх Шинэ Зеландаас бусад бүх нислэгээ цуцалсан. Харин 2020 оны гуравдугаар сарын 26-нд онц байдал зарлаж, хөл хорио тогтоон, Шинэ Зеландаас ирэх болон буцах нислэгийг хүртэл хаасан юм.

Гэхдээ тус орон 2020 оны зургаадугаар сарын 19-нөөс эхлэн өөрийн улсын иргэдэд хилээ нээсэн ба тухайн иргэд сүүлийн 30 хоногт зөвхөн Шинэ Зеланд болон Күүк арлуудын аль нэгд байсан байх шаардлагатай юм.

15 жижиг арлуудаас бүрдэх Күүк арлууд коронавирусийн шинжилгээгээ баталгаажуулахын тулд заавал Шинэ Зеланд руу явуулдаг. Нийслэл Аваруа хотод байрлах Раротонга арлын нийт эмнэлэгт хэвтэн эмчлэх боломжтой 80 ор байдаг боловч коронавирусийн хүндэрсэн өвчтөнийг эмчлэх ICU ор байдаггүй аж.

4. НАУРУ

  • Хүн ам:10,824 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 20 км/кв

Дэлхийн хамгийн жижиг арал улс, мөн хамгийн жижиг бүгд найрамдах улс Науругийн иргэд халдвар орж ирэхээс маш их айж буй. Учир нь тус улсад халдвар тархвал маш олон хүний амь эрстэх аюултай бөгөөд гаднаас ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх чадвартай орнуудын жагсаалтад 195 орноос 182-т бичигдсэн Науру улсын хүн амд чихрийн шижин, таргалалт, астма зэрэг өвчин элбэг бөгөөд эдгээр өвчин нь коронавиурсийн халдварыг хүндрүүлж буй билээ.

Эрүүл мэндийн систем нь тун ядмаг, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хүнд хэлбэрийн өвчтөн заавал гадаад орныг зорьдог байна.

5. НИУЭ

  • Хүн ам: 1,626 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 260 км/кв

Шинэ Зеландын харьяа муж улс болох Ниуэ нь бусад орнуудтай хийх нислэгээ бүрэн хориглосон бөгөөд Шинэ Зеландаас ирэх тусламжийн онгоцнуудыг хүлээж авч байгаа аж. Хэрэв Ниуэд халдварын тохиолдол илэрвэл заавал гадаад руу буюу Шинэ Зеланд руу явуулах шаардлага гарах тул аль болох тархаахгүй байхаар хичээж байна.

Тус бүс нутгийн арлын орнуудтай адил нийт иргэдийнх нь дунд чихрийн шижин, зүрх судасны өвчин элбэг тул өвчин хүндээр тусах магадлалтай аж.

6. ПАЛАУ

  • Хүн ам: 18,094 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 460 км/кв

2020 оны хоёрдугаар сарын 1-29 ны хооронд шат дараатай арга хэмжээ авч гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарласан Палау улсын ерөнхийлөгч Томми Ременгесо маш зоригтой шийдвэр гаргасан. Тэрээр аялал жуулчлалаа тэр чигт нь зогсоож, 340 гаруй арал дээр тархан суурьшсан 20 мянган орчим хүнийхээ амийг эдийн засгаас дээгүүр тавьсан бөгөөд үүнийхээ хүчинд халдварыг дотроо алдаагүй байна.

Гэвч улсын эдийн засаг хүндэрч, татварын орлого 60 хувиар буурсан талаар өнгөрсөн онд мэдээлж байсан. Палау улс бараг долоо хоногийн хугацаанд тусгаарлах байр бэлэн болгож, вирус шинжлэх лаборатори барьсан бөгөөд коронавирусийн шинжилгээг өөрийн оронд хийсэн бүс нутгийнхаа анхны арал улс болжээ.

7. СЕНТ ЭЛЕНА

  • Хүн ам: 6,077 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 390 км/кв

Өмнөд Атлантын далай дахь Их Британи улсын харьяа нутаг Сент Элена арлын хамгийн ойр эх газар нь Африк тив юм. Африк тивд 2020 оны гуравдугаар сарын 5-нд анхны халдварын тохиолдол илэрсэн бөгөөд үүнээс 7 хоногийн дотор Сент Элена арал Африк тивээс ирэх нислэг, усан онгоцнуудыг хоригложээ.

Галт уул дээр тогтох тус аралд дөрөвдүгээр сарын 20-нд анхны шинжилгээний сорьцууд Их Британиас ирсэн. Одоогоор Их Британиас бусад ихэнх нислэг, тээвэр, аялал жуулчлалаа цуцлаад буй Сент Элена арал дээр ирэх хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байна.

8. ТОКЕЛАУ

  • Хүн ам: 1,357 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 10 км/кв

Шинэ Зеланд улсын харьяа, гурван хэсэг арлаас тогтох уг нутаг дэвсгэр нь 2020 оны гуравдугаар сарын 19-нд гаднаас ирэх бүх хөдөлгөөнийг хориглосон. Гэхдээ дотооддоо аялах нь нээлттэй ба хүнс, бараа тээвэрлэлт хэвийн явагдаж байгаа аж.

Дэлхийн бусад өөрийгөө удирдах нутаг дэвсгэрүүдээс хамгийн жижиг боловч өөрийгөө 100 хувь нарны эрчим хүчээр хангадаг цорын ганц орон юм.

9. ТОНГА

  • Хүн ам: 105,695 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 720 км/кв

2020 оны гуравдугаар сарын 29-нд онц байдал зарлаж бүхий л аялал жуулчлалаа зогсоосон Тонгагийн вант улс өөрийн иргэдээ авчрах эсвэл хандивын зүйлсийг авчрах үед л онгоцнуудыг нэвтрүүлж байгаа аж. Харин дотоодын хөл хориогоо сулруулсан бөгөөд дотор 40, гадаа 80 аас ихгүй хүн цугларахыг зөвшөөрсөн байна.

Мөн цэнгээний газар, зоогийн газруудыг нээж, спортын арга хэмжээнүүдийг хэвийн явуулж буй. Нийт 169 арлаас тогтох Тонгад Дэлхийн банкнаас коронавируст цар тахалтай тэмцэхэд 5.5 сая ам.долларыг хандивлажээ.

10. ТУВАЛУ

  • Хүн ам: 11,792 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 30 км/кв

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-нд онц байдал зарласан Тувалу улсад ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж буй. Цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалаа хязгаарласан ч тус улсын эдийн засагт төдийлөн өөрчлөлт гараагүй. Учир нь Тувалу нь цөөн хэдхэн арлаас тогтдогоос гадна жуулчид харьцангуй бага ирдэг.

Жилд ердөө 200 жуулчин хүлээн авдаг нь тус улсад вирусийн халдвар тархахгүй байх бас нэгэн хүчин зүйл болсон гэж судлаачид үзэж буй.

11. ТУРКМЕНИСТАН

  • Хүн ам: 6,031,200 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 469,930 км/кв

Туркменистан нь Төв Азид Иран, Узбекистан, Казахстан, Афганистан улсуудтай хил залгаа оршдог. Тэдгээр орнуудад коронавирусийн халдвар аль хэдийн голомтлон тархсан. Туркменистан улс 2020 оны хоёрдугаар сарын эхээр Хятадаас шууд болон шууд бусаар ирэх бүх нислэгийг хаасан бөгөөд одоог хүртэл нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь судлаачдын эргэлзээг төрүүлж буй. Мөн тус улсад бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй тул зөвхөн Засгийн газраас нь гаргасан баталгаагүй мэдээллийг дэлхий дахин авч байна.

Ерөнхийлөгч Гурбангули дотооддоо “коронавирус” гэдэг үг хэлэх, бичихийг хориглосон нь түүний авторитар засаглал ямар хатуу болохыг дэлхийд харуулсан. Одоогоор зөвхөн албан ёсны дипломат зочид болон, хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлж байгаа ба тус улсад зочлохын тулд заавал коронавирусгүй гэсэн бичигтэй байх юм.

Нийслэл Ашхабад хотын олон улсын нисэх буудал маш хатуу дэглэм дор иргэдийг шалгаж, тусгаарлаж байгаа талаар хөрш орнуудын хэвлэлүүд мэдээлж буй. Хятад, Орос, Турк, Беларусь зэрэг орноосоо иргэдээ татан авсан ба иргэдийн халууныг хэт улаан туяаны термометр ашиглан хэмжиж байгаа аж.

Мөн Ерөнхийлөгч Гурбангули өнгөрсөн онд коронавирусээс сэргийлэх зорилгоор эмийн зориулалттай ургамал хэрэглэхийг зөвлөж байсан. Гэвч тус ургамлыг олон улсын шинжлэх ухаанаар коронавирусийн эсрэг үйлчилгээтэй гэж тогтоогоогүй юм.

Туркменистан хилээ хаасан ч улс орноо тэжээх хэмжээний бараа бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэгдэх чадалтай хувийн хэвшлүүдтэй. Тиймээс бизнес эрхлэгчдээ маш сайн дэмжиж, цар тахлын үед улс орныхоо эдийн засгийг хямраахгүй арга хэмжээ авч буй гэж судлаачид үзэж буй. Хил хаасны улмаас гаднаас авч чадахгүй болсон зарим бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн нь тус орны хамгийн том онцлог болжээ.

12. УМАРД СОЛОНГОС

  • Хүн ам: 25,778,816 /Хоёрдугаар сарын 11-ний байдлаар/
  • Нутаг дэвсгэр: 120,410 км/кв

Туркменистанаас 5 дахин их хүн амтай Умард Солонгос нь цар тахлын улмаас хамгийн түрүүнд хилээ хаасан улс юм. 2020 оны нэгдүгээр сарын 24-нд хилээ хаасан Умард Солонгос гаднаас нэвтэрсэн иргэдийг 1-2 сарын турш тусгаарлаж байсан. Гэхдээ мөн л халдварын голомт болох Хятад улстай хил залгадаг оронд коронавирус илрээгүй байгаа нь гайхал төрүүлж буй.

АНУ-ын аналист судалгааны баг Умард Солонгост аль хэдийн халдвар тархсан гэж үзэж байгаа ч Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд тогтмол няцаасаар байна. Тоталитар дэглэмтэй уг оронд чөлөөт мэдээлэл хомс тул иргэд нь ялгаагүй нэг талын мэдээллийг авдаг байна.

Умард Солонгосын эрүүл мэндийн тогтолцоо маш сул бөгөөд халдварт өвчинд тэсвэргүй. Хэдийгээр олон эмчтэй ч багаж төхөөрөмж дутмаг аж.

Өмнө нь улаан бурхан, эбола вирус, SARS зэрэг өвчний улмаас Умард Солонгос хилээ хааж байсан удаатай. Халдвар тархаагүй гэж мэдээлж буй ч Хятадаас оношилгооны төхөөрөмж, шинжилгээний сорьц авсан гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн.

2020 оны хоёрдугаар сараас хойш дотоодын ихэнх арга хэмжээгээ цуцалж, амралтын газар, зоог, цэнгээний газруудаа хааж, иргэд нь маск зүүж эхэлсэн ба бүх сургуулиуд нь хаалгаа барьж байв. Мөн тус улсын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн онд эрдэмтэддээ коронавирусийн вакцин гарган авахыг даалгасан билээ.

Б.Ирээдүй

Categories
мэдээ нийгэм

НОК: Согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглохгүй

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар 13 чиглэлд 159 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой үүссэн асуудалтай холбоотойгоор тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоогүй болохыг онцлов.

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 41600 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Ер нь хөл хорионы дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор нэгдсэн мэдээлэлтэй ажилламаар байна. Өглөөнөөс оройн 16.00 цаг хүртэл иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь, “нэг хаалга нэг шинжилгээ”-тэй холбоотой гомдол мэдээлэл, тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар 259 дуудлага ирсэн байна. Улаанбаатар хот найрсаг хот байх ёстой. Цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцаж байгаа зүйлд асуудал байна. Хүнсний дэлгүүрүүд ажиллах цагийн хуваарийг асууж, санал хүсэлтүүд их ирсэн. Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагуудын тээврийн хэрэгсэлийг зорчуулахгүй байгааг цагдаагийн алба хаагчдад хэлж залруулах хэрэгтэй. Дээрээс ингэж хэлсэн гээд зогсч байгааг ойлгохгүй байна. Нэг хаалга-Нэг шинжилгээний хуваарь байршил, архи согтууруулах ундаа зарах эсэх асуудлаар иргэдээс дуудлага олон ирсэн. Согтууруулах ундаа хориглосон асуудал байхгүй. Архи согтууруулах ундааг хориглосноор далд бизнес хөгжснийг өнгөрсөн хугацаанд харсан” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Алтай хотод өсвөрийн тамирчдын Спорт сургалтын төв барина

Говь-Алтай аймгийн Алтай хотод өсвөрийн тамирчдын спорт сургалтын төв барих “Сэтгэлийн хүчээ Ирээдүйд” төсөл хэрэгжинэ.

Уг төслийг Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээ, оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооноос санаачлан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэйгөө хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлсэн бөгөөд төслийн хүрээнд спорт сургалтын төв, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг Нярайн амьсгалын аппараттай болгохоор төлөвлөжээ.

Хүүхэд багачуудын эрүүл саруул өсөж, торних боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан уг төслийг тус аймгаас гаралтай шилдэг компани, хувь хүмүүс дэмжиж, бодит ажил болгохоо илэрхийлсэн байна.

“Хантайшир” бөхийн дэвжээ 2016 онд Улаанбаатар хот дахь Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт 5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлаж байсан бол “Ирээдүй-Алтай” холбоо нь 2019 онд “Цагийн зөрүү” форумын орлогоо аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн нярайн тасгийн тохижилтод өгч байсан удаатай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Callcenter-т тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар 259 дуудлага иржээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Улаанбаатар найрсаг хот байх ёстой. Callcenter-т тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар 259 дуудлага ирсэн байна. Цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцаж байгаа зүйлд асуудал байна.

Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг асууж, санал хүсэлтүүд ирсэн. Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагуудын тээврийн хэрэгсэлийг зорчуулахгүй байгааг цагдаагийн алба хаагчдад хэлж залруулах хэрэгтэй. Дээрээс ингэж хэлсэн гээд зогсож байгааг ойлгохгүй байна. Нэг хаалга-Нэг шинжилгээний хуваарь байршил, шинжилгээ авахгүй байгаа тухай, архи согтууруулах ундаа зарах эсэх асуудлаар иргэдээс дуудлага ирсэн.

Хуваарийн дагуу өдөрт 35 мянган иргэдээс шинжилгээ авах байсан ч 41 мянга болсон байна. Хамгийн өндөр шинжилгээ өгсөн газар Сонгинохайрхан дүүрэг байна.

Лаборатор хүлээж авсан 6,831 сорьц байна. 2,796 иргэний шинжилгээний хариу гараагүй байгаа бол 1,969 иргэний шинжилгээний хариу гарчээ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд иргэд очиж өгөх үү, ирж авах уу гэдэг тодорхойгүй зүйлүүд байна. Жишээ нь тухайн дүүрэгт хаана ямар байршилд шинжилгээ авч байгааг тодорхой болгож, мэдээллээ сайн солилцох ёстой” гэлээ.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Баянгол дүүргийн шинжилгээ авах дөрвөн газрын үйл ажиллагаа цагтаа эхлээгүй гэсэн зөрчил гарсан. Бусад дүүргүүдийн хувьд зохион байгуулалт сайтай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард 5734 эх амаржжээ

Үндэсний статистикийн мэдээлснээр, улсын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сард 5734 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 474 буюу 7.6 хувиар, өмнөх сарынхаас 576 буюу 9.1 хувиар буурсан байна.

Амаржсан эхчүүдийн 4238 буюу 73.9 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 381 буюу 8.2 хувиар буурчээ. Нийт амаржсан эхчүүдийн 8 нь гэртээ төрсөн бөгөөд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8 буюу 50 хувиар буурчээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар 80 сая хүн эдгэрээд байна

Дэлхий даяар 107.8 сая хүн коронавирусийн халдвар авснаас 80 сая нь эдгэрч эмнэлгээс гараад байна. Үүнээс 17 сая нь АНУ-д, 10 сая нь Энэтхэг улсад, 8 сая нь Бразил улсад байгаа юм.

Одоогоор 25.4 сая хүн эмчлүүлж байгаагийн

  • 9.5 сая нь АНУ-д
  • 3 сая нь Францад
  • 1.8 сая Их Британид байна.

Нэг сая хүнд ногдох халдвар авсан хүний тоо Андорра, Гибралтар, Монтенегро улсуудад хамгийн байгаа бол нэг сая хүнд ногдох нас баралтын хувь Гибралтар, Сан Марино, Бельги, Словени улсуудад их байна.

Дэлхийн 21 улсад нэг саяас олон хүн халдвар авсан бол 33 оронд арван мянгаас олон хүн КОВИД-19-ийн улмаас нас бараад буй.

Одоогоор КОВИД-19 бүртгэгдээгүй 12 орон /Америкийн Самоа, Күүк арлууд, Ниуэ, Сент Элена, Кирибати, Науру, Палау, Тонга, Тувалу, Туркменистан, Умард Солонгос, Токелау/ байгаагийн 7 нь НҮБ-д бүртгэлтэй тусгаар улс бол үлдсэн 5 нь өөрийгөө удирдах нутаг дэвсгэрүүд юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил болгон зарлалаа

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан удирдах ажилтны зөвлөгөөнийг анх удаа цахим хэлбэрээр энэ сарын 8-наас 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд алба, хэлтэс, тасаг, Улаанбаатар хот дахь болон орон нутгийн автотээврийн төв, салбаруудын удирдах ажилтнууд хамрагдаж, өмнөх онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, энэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтуудыг тодорхойлон санал солилцлоо.

Удирдах ажилтны цахим зөвлөгөөний нээлтийн үеэр автотээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон 2021 оныг “Цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласан бөгөөд энэхүү ажлын эхлэл нь цахим зөвлөгөөн болохыг онцоллоо.

Мөн зөвлөгөөний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан нар оролцож удирдах ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэн санал солилцож, тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар, заавар зөвлөмж өглөө.

Энэхүү удирдах ажилтны зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулсан нь эдийн засгийн хувьд зардал багатай, дэвшилтэд техник технологийг ашигласан, цаг хугацаа хэмнэсэн ихээхэн үр дүнтэй болж байгаа нь онцлог бөгөөд цаашдаа “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас цахимаар иргэдэд хүртээмжтэй, төрийн үйлчилгээг илүү ойр, түргэн шуурхай хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд Биеийн тамир, спортыг дэмжих лобби бүлэг байгуулав

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нар Улсын Их Хуралд Биеийн тамир, спортыг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт (2021.02.04) хүргүүлжээ.

Тус лобби бүлгийн гишүүд мэргэжлийн болон нийтийн биеийн тамирыг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг дэмжих болон тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэхэд олон улсын дэвшилтэт туршлага, ололт амжилтыг эх орондоо нэвтрүүлэх чиглэлээр төрийн бодлого, хуулийг санаачлан батлуулахын төлөө идэвхтэй ажиллах юм байна. Түүнчлэн биеийн тамир, спортыг дэмжих чиглэлд иргэдийн санал бодол, хүсэл сонирхолд түшиглэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.