Categories
мэдээ цаг-үе

Covid-19-ийн шинжилгээ өгөхдөө юу анхаарах вэ?

Улсын онцгой комиссоос энэ сарын 11-нээс 23-ны хооронд нийслэлийн хэмжээнд нийт 411 мянган өрх бүрийн нэг гишүүнийг Covid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болсон. Тухайн гэр бүл хамгийн олон хүнтэй харилцдаг нэг гишүүнээ шинжилгээнд хамруулах бөгөөд Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ өгөх хүмүүст дараах зүйлсийг анхаарууллаа. Үүнд:

Шинжилгээ өгөхөөс 2-3 цагийн өмнө хоолойгоо ямар нэг уусмалаар зайлж болохгүй
-Архи, тамхи хэрэглээгүй байх
-Халуун бууруулах эм тариа хэрэглэхгүй байх.

Өрх бүрээс авах шинжилгээ хоёр янз бөгөөд өрхийн хамгийн их гадуур явдаг гишүүнээс хуваарийн дагуу явуулын цэг очиж авах, эсвэл харьяа шинжилгээний цэгт очиж өгөх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг харьяа хорооноос өгөх юм байна. Шинжилгээний хариугаа авахдаа eruul.gerege.mn сайтаар нэвтрэн орж, регистрийн дугаараа хийж харна.

Categories
мэдээ цаг-үе

​УОК: 14 байгууллагын ажилчид хувийнхаа автомашинаар зорчино

Бүх нийтийн бэлэн байдлын эхний өдөр Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хөл хорионы хязгаарлалтад авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг газар дээр нь шалгаж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороодод ажиллав. Энэ үеэр хэв журам сахиулахаар ажиллаж буй төрийн албан хаагчид, түлш борлуулагч, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хөл хориотой холбоотой тулгарч буй асуудлуудыг тодруулсан юм.

Тус дүүргүүдэд ажиллаж буй албан хаагчид, зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан, албан хаагчид болон эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ яаралтай авах гэж буй хүмүүсийн бичиг баримтыг үндэслэн хувийн автомашинтайгаар зорчуулж байна. Гэвч зарим иргэд тавьсан шаардлага биелүүлэхгүй, тухайн ажилладаг байгууллагынхаа тодорхойлолтгүй, бичиг баримт бүрдүүлэлт дутуу, эмнэлэгт үзүүлэх нэрийдлээр худал ярих тохиолдол гарч байгаа учраас зайлшгүй бичиг баримтыг нь шалгаж байгаа талаар хэллээ.

Шадар сайд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авах шаардлагатай болон ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолттой, зөвшөөрсөн 14 байгууллагын албан хаагчид, ажилчдыг хувийн машинаар зорчиход саад учруулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад сануулсан юм.

АЛБАН ХААГЧДАД ҮЙЛЧИЛЖ БУЙ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн нөхцөл байдлыг шалгаж дуусаад тэрбээр албан өрөөндөө УОК-ын Шуурхай штабын ажлын хэсгийг хуралдуулав. Иргэдээс гаргасан гомдол, санал дайчилгаанд хамрагдан ажиллаж буй төрийн албан хаагчдад тулгарсан асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Мөн байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулж, УОК-оос гаргасан бодлого шийдвэрийг шат шатны байгууллагууд шуурхай хэрэгжүүлж ажиллахыг онцлоод дараах үүргийг өглөө. Үүнд:

-Бүх нийтийн бэлэн байдал, хөл хорионы үед үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагаас тогтоосон квотын хүрээнд автомашинаар зорчих шаардлагатай ажилтан, албан хаагчдын бичиг баримтыг үндэслэн саадгүй зорчуулах,

-Яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх,

-Дайчилгаанд ажиллаж буй төрийн албан хаагчдын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх,

-Ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдад үйлчилж буй нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өгөв. Цаашид хариуцсан ажилдаа эзэн байж шуурхай ажиллах, өмнөх алдааг давтахгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА

Categories
мэдээ цаг-үе

Хөл хорионы эхний өдөр 48 мянган иргэн PCR шинжилгээ өгчээ

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр 48,000 хүн шинжилгээнд хамрагджээ.

Тодруулбал, хөл хорионы эхний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 мянга, Баянзүрх дүүргийн 10 мянга, Баянгол дүүргийн 8 мянга, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн тус бүр 5 мянга орчим харин Налайх дүүргийн 2 мянга, Багануур дүүргийн 100, Багахангай дүүргийн 6 иргэн шинжилгээ өгчээ.

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1,414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгааг НЗДТГ-аас мэдээлсэн.

Categories
мэдээ цаг-үе

Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно

Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

2021 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 10-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Үндэстнийхээ бадрал мандлын төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнт иржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

“Их мөнх тэнгэрийн ивээлээр эх болсон газар нутагтаа мянга мянганаар эзэн суусан тусгаар Монгол Улсын маань ард иргэд ээ!

Даян дэлхийн энгээр тархан сууришсан элэг нэгт монгол угсаатан түмэн олон минь ээ!

Урин цагийн салхийг нааш нь эргүүлдэг, угтах өдрийн нарыг өргөж уужруулдаг, ихэс дээдсээс минь өвлүүлж өгсөн, ёс төрт их баяр Цагаан сар, Арван долдугаар жарны Цагаагчин үхэр жилийн Сар шинийн мэндийг Та бүхэндээ өргөн өргөн дэвшүүлье.

Тэнгэрийн салхи тэгш үгүйн адилаар хүж дэлхий, хүн зоны ахуй амьдрал төгс жаргалан дүүрэн байдаггүй цагийн учир шалтгаанаар тулж байгаа хүндрэл, туулж байгаа бэрхшээлийг гагцхүү эв эеийн хүчээр даван туулах нь гарцаагүй боллоо.

“Эвт шаазгай буга барина” гэж эртнээс нааш сургасан өвгөд өтгөсийнхөө захиасыг Та бид ухаан сэтгэлдээ сэргээн сэрээж, үндэстнийхээ бадрал мандлын төлөө хамтдаа зүтгэх цаг нэгэнт иржээ.

Эрхэм олон монголчууд аа!

Ирж байгаа Цагаагчин үхэр жил монголчууд Та биднийг амжилт бүтээлийн их дуудлагаар жигүүрлэж, урам зоригийг хөгжөөн хөгжлийн дардан зам руу хөтлөн зурайх болтугай!

Мөнх тэнгэрийн хүчин дор эцэг дээдсийн минь бүтээн босгосон Их Монгол гүрний сүлд их уул Өндөр дээд Бурхан Халдун хайрханыхаа өгөөмөр сайхан нөмөр нөөлгөнд Монгол түмний минь Цагаан сар амар амгалан, тэгш дүүрэн оршиж, хүн зон минь энх сайхан цагтай учран золгох болтугай!

Өрх гэр бүрд баяр жаргал, эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөл түгэн дэлгэрэх болтугай!

Хүлгийн сайнаар талыг туулюу!

Эвийн хүчээр бүхнийг туулюу!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэргүүн их хамба лам Д.Чойжамц: Нийтээрээ эв эеэ хичээн хууль, журмаа дагаж, ёс зүйгээ баримтлах чухал үе ирлээ

XVII жарны “Цөөвөр” хэмээх Төмөр үхэр жилийн Сар шинийн баярт зориулж Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын ард түмэн, нийт сүсэгтнүүддээ хандаж дараахь айлдварыг айлдлаа.


Хулгана жил улирч үхэр жил гарч байна. Монголын ард түмэн болон сүсэгтэн олон Та бүхэндээ Сар шинийн мэндийг дэвшүүлье ээ. Сайхан жил гарч байна. Бид хэдийгээр одоо дэлгэр сайхан золгож, ах дүү амраг садантайгаа золгох боломжгүй ч гэлээ гэр орондоо бэлгэ дэмбэрлээ бэлгэдэж идээ будаагаа засаж, гэр доторх ахмад хүнээсээ эхэлж мэндэлж золгож, үе тэнгийнхэнтэйгээ найрсаж, үр хүүхдээ асарч, сайхан шинэлж хулгана жилээ угтацгаана. Шинэ жил, Сар шинийн эхэн гэдэг бол бас нэг сайхан бэлгэшээлтэй, жилийн эхлэл, билгийн тооллын жилийн эхлэл юм. Тийм учраас монголчууд бэлгэшээж энэ Цагаан сарыг тэмдэглэдэг учир жанцантай. Цагаан сар гэдэг бол уламжлалт баяр, олон зууны турш тэмдэглэж ирсэн ийм сайхан баяр. Ер нь хорвоо юм болсон хойно Монгол Улс өөдөлж яваа, дэгжиж яваа, дээшилж яваа, хөгжиж яваа.

Бид ийм ард түмэн. Тийм учраас энэ хэвэндээ ингээд цаашаа сайхан хөгжиж дэвшинэ ээ гэж бэлгэдэж байна.

Одоо анхаарах юм бол дээдэс гэж ярьдаг дарга, дээдсүүд жаахан алдаа гэлтгүй маш болгоомжтой хөдөлж, ажил үйлээ хийх хэрэгтэй шүү. Хууль, номын дагуу гэсэн нэг иймэрхүү маягийн санамж бол гарсан байна. Дээрээс нь улсын эдийн засагт жаахан өөрчлөлт гарч дэгж, дэвэх маягийн ийм юм харагдаж байгаа. Тэгэхдээ тэрний хажуугаар айл гэрийн эдийн засагт нэг жаахан тиймхэн байдал харагдаж байна. Тийм учраас хувь улсууд ажил хөдөлмөртөө зүтгэх, эв эеэ хичээх, янз бүрийн арга сэдэж өөрсдөө гэр орондоо оёж шиддэг юу байна, тийм юмнуудаа хийж, амьдралынхаа төлөө зүтгэл гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь эв эетэй байх. Ард түмний эв эе их сайхан байвал Монгол орон үймээн, самуунгүй сайн сайхан байх ийм зүйлд зурхайд зурагдсан байдаг юм. Тэгэхлээр бид одоо нэг ард түмэн, Монгол гэдэг нэгдмэл улс, систем учраас бие биедээ сайхан хандаж, биенээ хүндэтгэж, тэгээд бусдыг хайрлах, нигүүлсэх, энэрэх ийм сайхан үзлээр нэгэндээ хандаж ингээд босгох юм бол Монгол орны хөгжил дэвшил бидэнд ойрхон байгаа. Тэр бол тодорхой байдаг. Тийм учраас энэ жил гэлтгүй ер нь жил болгонд бид энийг анхаарч байх ёстой. Эвээ олж, хууль, ном журмаа дагаж ёс зүйгээ баримталж, хөдлөх ийм чухал үе юм даа.

Шинэ жил гээд манай монголчууд нэг, хоёр өдрийг ихэд эрхэмлэж үздэг. Хуучин жилийн хамгийн сүүлчийн өдөр бол битүүн. Битүүний өдрийг баяр цэнгэлтэй тэмдэглэж, чөлөөтэй байгаа үедээ айл хунартаа тавгийн идээ барьж орж битүүлж, идээ будаанд нь хүрч баяр жаргалаа илтгэж ирсэн ийм сайхан уламжлалтай.

Шинийн нэгнээс сар арвидаад шинийн найман гэхэд тал дугуй болдог. Тал дугуй болоод улам арвижсаар байгаад арван таван гэхэд тэргэл сар гардаг. Тэргэл сарнаасаа хомсдох үе эхэлдэг. Хомсдсоор байгаад хорин хоёрны өдөр тал дугуй болдог. Тэгээд улам хомсдсоор байгаад нар үзэгдэхгүй сүүдрээр бүрхэгдэж, битүүрдэг учраас битүүний өдөр гэж жилийн хамгийн сүүлчийн өдрийг онцгойлж ирсэн. Энэ өдрийг эрхэмлэдгийн учир бол бид нэг жилдээ амар тайван, сайхан жаргалтай байж, гэр бүлээрээ өнөр өтгөн сайхан өнгөрөөлөө, шинэ жилийн эхэндээ бэлгэ дэмбэрлээ дээдэлж, сайн сайхан байсан тэр ажил улам үргэлжилж, цаашаа яваад жилийн эцэст ийм сайхан боллоо гэж ажлаа дүгнэж байгаа маягтай баяр цэнгэлийг хийдэг ийм учиртай.

Хорин еснөөс өмнө гэр орноо цэвэрлэдэг, шинэ сайхан, угааж тордсон цэвэр цэмцгэр хувцсаа зэхэж, шинээр дээл хувцас хийж өмсдөг ийм заншилтай байсан. Өр төлөөс юмуу, аливаа нэгэн зүйл байвал хорин еснөөс өмнө төлж бариад сэтгэл уужуурдаг. Мөн урьд жилдээ алдсан, бие биедээ санасан муу муухай зүйл байвал тэрнийгээ шинэ жилдээ авч явахгүйн төлөө хөөрөг зөрүүлж цагааддаг ийм сайхан ёслол урьд байсан, одоо ч тийм байна.

За ингээд шинийн нэгний өглөө нар ургахаас өмнө эртлэн босож, хийморь, сүлд зэргээ эрхэмлэдэг, ингээд зүг чигээ гаргадаг, хөгшдөөсөө эхэлж золгодог, төрийнхөө зүгт хүндэтгэл үзүүлдэг ийм олон янзын ёслолууд урьд байсан. Цагаан сарын үед цагаан зүгийн идээ, аль болох амьтны амь хороогоогүй зүйлсийг хэрэглэхийг чухалчилдаг. Гэхдээ одоо үед эхлээд цагаан зүгийн идээгээ түрүүлж барьж, түүнийгээ цагаалга гэдэг болсон. Дараа нь ёсолгоогоо хийдэг. Энэ үед бурхан шүтээнээ гаргаж залдаг. Хуучны айлууд бүгдээрээ далд байсан бурхан шүтээнүүдээ бүгдээрэнг нь дэлгэчихсэн, тэгээд арц хүж тэргүүтэн анхилам үнэртэй зүйлүүдээ асааж, үнэрээр муу зүйл хөөгддөг гэсэн бэлгэдэл байдаг учраас Цагаан сараа ингэж сайхан тэмдэглэдэг байжээ. Буддын шашин дэлгэрсэн сүүлийн жилүүдэд энэ зочилгооны утга бол нэлээд өргөссөн, нүдэнд нь сайхан дүрс өргөж байгаад гэр орноо цэвцийгээд цэвэрлэчихсэн, бурхан шүтээнээ дэлгэчихсэн, цэвцийгээд байж байгаа энэ байдал бол зочныхоо нүдэнд нь өргөж байгаа сайхан өргөл юм. Дуу хуур тавьчихсан, мэндчилгээ эднүүд их тунамал сайхан, гоё үгээр ярьж, бие биенийгээ хүндэтгэж буй нь чихэнд нь өргөж байгаа өргөл юм, зочныхоо. Сайхан арц хүж уугиулсан нь хамарт нь өргөж байгаа үнэр юм. Аманд нь бол сайхан амт, бууз, хуушуур, тэгээд цагаалга, чихэр бурмаа барьдаг. Энэ бол аманд нь өргөж байгаа сайхан амт юм. Тэгээд бие биедээ хадаг зөрүүлдэг байсан. Тэр нь бол энэ биед их зөөлөн мэдрэмж тусгадаг. Хүртэхүйд нь өргөж байгаа мэдрэмж тэргүүтэй таван эрхтэнд зориулсан ёсолгоог хийдэг ийм сайхан уламжлал манай ард түмэнд зохицсон юм аа.

За ингээд ирж байгаа Үхэр жилдээ Монголын ард түмэн нийтээрээ амгалан жаргаланг эдэлж, эрүүл энх, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, байгаль дэлхий маань цагтаа хур бууж, ган гачиггүй, зуд цурхангүй, Монголын нийгмийн амьдралд их өөрчлөлт гарсан, өөдөө дэвшсэн, хувь хүний амьдралд сайхан өөрчлөлт гарч, гэр орон нь сайхан болсон ийм өлзийтэй сайхан жил гарахын өлзийтэй сайхан ерөөлийг Та бүхэндээ дэвшүүлье ээ.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Тэмдэглэсэн: Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Тангад: Шинийн нэгэнд бэлгэ дэмбэрэлтэйг нь бодон хорол тоглодог


Монгол орныхоо бүх аймаг, сумаар гуч гаруй жил явж, хөгшидтэй уулзаж, амьдрал судалсан, угсаатан судлаач, доктор Д.Тангадын “Монголын угсаатны зүйн хээрийн судалгаа”-наас монголчуудын цагаан сарын ёс заншлын талаар хүргэж байна. Уг судалгааны бүтээлд 1970-аад оны үед тэмдэглэн авсан ахмадуудын яриа хадгалагдан үлджээ. “Угсаатны зүйн судалгаа гэдэг амьдрах ухаан л байдаг юм. Монголын нүүдэлчдийн соёл ямар онцлогтой, хоол унд, хувцас, орон сууц нь ямар байсан юм. Хурим яаж хийдэг, хүнээ яаж оршуулдаг байв. Хүний амьдралын төрснөөс үхэх хүртэл замд тааралддаг бүх л зан үйлийг дайрч өнгөрдөг, тойрдоггүй шинжлэх ухаан юм” хэмээн СУИС-ийн Соёлын сургуулийн багш, доктор Д.Тангад тайлбарласан билээ.

Монгол ардын баяр цэнгэл -хаврын баяр

Малчин монголчууд цагаан сарыг тэмдэглэхдээ эртнээс бэлтгэсээр битүүний оройноосэхлэн баяр цэнгэлээ хийдэг. Шинэ жил эхлэхийн урд орой өөрөөр хэлбэл хуучин оны хамгийн сүүлийн оройг үдэж байгаа ёслолыг битүүн гэж нэрлэдэг. Битүүн гэдэг ойлголтод сар харагдахгүй нь холбоотой. Энэ оройн хүндэтгэлийн идээ зоогийг битүүлэг гэж нэрлэн, нэг хот айлынхан битүүлэг тарааж, солилцон зооглодог . Битүүлэг солилцохын зэрэгцээ өөрсдийн бэлтгэсэн битүүлгээс идэцгээн найр цэнгэл болдог. “Битүүний орой битүүртлээ иднэ” гэдэг үг сүүлд ам дамжсан наргиа үг болохоос биш тэгж их иддэггүй байлаа.Битүүлгэнд банш чимхэн, жигнэж идэцгээдэг байжээ. Битүүний орой хийдэг банш, зочлолын хоол унд, дэг ёс нутаг нутагт арай ондоо юм.Халхын төв хэсэгт битүүний орой үхрийн толгойг ялз чанаж, духыг нь тавагт хийж, айлуудад түгээдэг заншил бий.Үүнийг “дух гүйлгэх” хэмээн нэрийддэг. Энэ заншил Өвөрхангай, Архангайн ихэнхи, Булган аймгийн урд сумдад түгээмэл ажээ.Ихэнхи нутагт хонины толгойг эрүүтэй нь битүү чанаж, бурхан тахилдаа, ууц тэргүүтэй бусад махан шүүс, цагаан идээнээсхурууд, хураасан тос, боов зэрэг амттанг бэлтгэж засдаг.

Битүүний орой хийдэг эдгээр зан үйл нь гарч буй шинэ онтойгоо агуулга хэлбэрийн хувьд ижилсүүлэн битүү байснаа нээгдэж буйг дүрсэлсэн бололтой.Харин торгуудын битүүнд чөмөг таших нь Лхам бурхан гэгч хүнд сайн сайхныг авчрах гэж шинийн нэгний өглөө, яарч явахад шулам саад хийж тэмцэлдэхэд Лхамын хөлгийн хөлийг гэмтээнэ гэж шулмын унааны хөлийг хугалж буй мэтээр ярьдаг домогтой.

Гэр дээр тавьдагцас, аргал, өвснь Лхамын хүлэгт зориулагджээ. Битүүнд битүү мах задлаж, (гургалдай,чөмөг) идэх заншил нь нэлээд эртний уламжлалтай.

Шинийн нэгний өглөө эртлэн тэр жилийн анхны шинэ цай чанасаны дараа эхнэр, нөхөр хоёр хуйхлан чанасан хонины битүү толгойны эрүүг заадаг заншил байжээ. Ингэж заахдаа эрүүнээсавгай нь, нөхөр нь толгойноос татаж:

Бүх юм дэлгэрлээ

Битүү юм нээгдлээ

Буур жил гарлаа.

Ботгон жил орлоо гэж хэлээд толгойны хошуунд шар тос түрхээд, уурга сүүл шагайт чөмөгтэй бурхандаа тавьдаг байжээ.Эрүү, толгой заасан эхнэр, нөхөр хоёр нэг хүн шиг нэг амьтай хэмээн цагаан сараар золгодоггүй ёстой.

Цагаан сарын шинийг нэгнийг маш их бэлгэ дэмбэрэлтэй өдөр гэдэг. Энэ өдөр хүмүүс хийморио сэргээж буй зан үйл (зүгээ гаргах, дарцаг хийсгэн, араг дүүрэн аргал түүх, ээрүүлээ дүүртэл утас ээрэх ) тоглоом наадгайн зүйл нь бүгд дүүрэн бэлгэтэй, зан үйл байжээ.

Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч, шинэ дээлээ өмсөн, овоонд мөргөхөөр идээ цайтай очицгоодог байжээ. Овоон дээр очиж, цай идээнээсээ дээжлэн мөргөхийг төрийн сүлд, эзэн сүлдэд мөргөх, индэрт мөргөх, овоонд мөргөх гэж янз янзаар нэрлэдэг.Шинийн нэгний өглөө эзэн сүлдэд мөргөхөд эхнэр хүн ховор очдог. Эзэн сүлдэд цай, цагаан идээнээсээ дээжлэн, малгайгаа аван, дөрвөн талд нь тойрон мөргөөд, гэртээ ирцгээдэг ажээ.

Зарим нутагт ирэнгүүтээ малчид гэрээсээ нялх хурга гарган хонио цагаалуулж, тэр хургаараа хуц тавьдаг уламжлал ч бас байжээ.Дараа нь хот айлын хамгийн ахмад настныд цайны дээж, тавагтай идээтэй ирцгээдэг. Ахмад хүний тохой дороос түшисхийн, хоёр гарын алгыгөөд харуулан, хадаг барин мэхэсхийн золгоно.Дараа нь сууж,“Лагшин тань амар байна уу” гээд гаанс, хөөргөө солилцон мэндлэнэ. Ийнхүү золгосны дараа ахмадаасаа эхлэн идээнээс амсч, хоол идэж, шимийн архи тогтооно.40 хүртэлх насныхан архийг зөвхөн уруулдаа хүргэн ёсолдог ажээ.

Шинийн нэгний цай хоол зооглосны дараа бэлгэ дэмбэрэлтэйг нь бодон хорол тоглодог.

Угсаатан судлаач, доктор Д.Тангадын “Монголын угсаатны зүйн хээрийн судалгаа”-наасхөгшдийн хууч яриаг хүргэж байна.

Өөлдүүд битүүний орой банш, бууз чанаж, гийдаа хийдэг

1978 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын I бригад, 64 настай Л.Жамсран (өөлд) ийнхүү ярьжээ.

-Битүүний орой банш, бууз, мах чанана, шөлтэй хоол гийдаа (гурилтай шөл) хийдэг. Хамгийн ахмад настайдаа битүүлэг хүргэнэ. Шинийн нэгний өглөө үүр цайхаас өмнө босно. Үүр шөнийн зааг зургаагаас долоон цагийн үед овооны дэргэд “баян гал” түлнэ. Гэрийн эрэгтэйчүүд тавагтай идээ, цай, архи, дэвсгэр авчирна. Дараа нь овоон дээрээ гал түлнэ. Үүн дээрхонины толгой, өвчүүтэй, шагай чөмөг тавина. Овооны хоёр талд зургаа, дээр нь нэг, нийтдээ долоон гал асаадаг. Дараа нь овоогоо тойрон гурван удаа гүйлддэг. Мөн тэндээ золгохдоо овооныхоо хойд талд настай нь суугаад, бусад нь зогсоно. Эмэгтэй хүн овоон дээр очуулахгүй. Овооноос ирээд гэр гэртээ орно. Улмаар ахмад настандаа очиж хорол тоглоом тоглодог. Эхнэр, нөхөр хоорондоо тоглохгүй. Цагаан модыг зөвхөн намар тоглоно. Хорол тоглоомд гахай, нохой, тахиа, мич, хонь, морь, могой, луу, туулай, үхэр бар, хулгана, чандмань, хангарьд, арслан хорол багтдаг.

Хотгойдууд эзэн сүлдэндээ мөргөдөг

Хөвсгөл аймаг Цэцэрлэг сум, V бригад, Д.Дугаржав (хотгойд) 68 настай.

-Битүүний орой малчин айл Лхам бурхныгхүлээн авахын тулд шөнө дунд босоод, гурван цас гэр дээрээ луусны унд гэж тавьдаг. Битүүний орой эхнэр нь өргөстэй улаан харганаар гэрээ шүүрдэж, хогоо гаргаад, улаан харганаа гадаа зүүн хатавчиндаа хавчуулдаг. Авгай ньхогоо аваад гарахад, нөхөр нь босч, баруун хатавчиндаа сүх тавьдаг. Энэ нь Лхамыг дагасан чөтгөр орж ирж чадахгүй гэсэн хэрэг. Лхамд зориулан хоймроо идээ бэлтгэнэ. Үүнд: битүү толгой хуйхлан чанаж болгоод, тавагт хийж, дөрвөн өндөр, гургалдай, (толгойг нь авна) шаант зэрэг бусад мах тавьдаг. Дэргэд нь арц, зул асаана. Шөнө дунд босоцгооно.Энэ үед битүүлгээсээ иддэг. Үүрээр гэрийн эзэн битүү толгой заахдаа “Эрүү, толгой зааж, суудал салгалаа” гэдэг. Эрүүг нь хоёр тийш дэлгээд орхидог. Үүр овоо хаяархад бүгдээрээр сүлдэд мөргөнө. Нар гарах зүг рүү идээн дээжээ цацаж, цай ундаа дээжилдэг. Айлууд гэрээсээ холхон нар гарах зүгт цасаар гурван настай хүүхэд шигт өндөр овоо босгодог. Үүндээ бүгдээрээ мөргөдөг. Том тавагтай идээгээ шүүс гэдэг. Малгайтайгаа мөргөнө. Овоонд мөргөхийгөө эзэн сүлдэд мөргөнө гэдэг.Эмэгтэй хүн сүлдэнд мөргөх гэж очихгүй. Учир нь бүхидээ цагаа, цай ундаа бэлтгэж өгсөн. Эзэн сүлдэнд мөргөсний дараа хамгийн ахмаднастныдаа золгоно. Энэ өдөр шагай тоглодог. Урьд орой нь гэрийнхээ хойморт 108 шагайгаармэлхий өрж орхиод, маргааш нь шоогоороо мэлхийгээ хураана. Битүүний орой тавагтай идээ, зул, данхтай цайтай айлд очиж солилцдог. Зулаа бурхны өмнө асаадаг.

Шинийн нэгэндцайны дараа гурилан зутан хийж уудаг. Зутандаа мах хөшиглөхгүй. Сүү хөөрүүлж ууна. Цай уудаг. Цагаан сараар ирсэн тавагтай идээний саванд юм ёсоор хийж өгнө.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Батсүх: Монголын сайхан ард түмэнтэйгээ энэ орчлонгийн вирусийг арилтал сайхан дуулмаар санагдаж байна даа


“Завханы” хэмээн овоглогддог дуучин, гавьяат жүжигчин С.Батсүх Сар шинийн босгон дээр Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Эрхэм алдрыг хүртсэн түүнтэй ярилцлаа.


-Нутгаараа овоглогддог С.Батсүх гавьяат Ардаараа овоглох боллоо, баяр хүргэе. Энэ эрхэм алдрыг хүртэх болсон тухайгаа сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Баярлах, айх хоёр зэрэгцдэг юм байна шүү дээ. Би чинь 1993 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээд, тухайн үедээ их цочирдож, банкнаас 100 сая төгрөг аваад, дампуурсан юм шиг болсон шүү дээ. Бүх булчирхайнууд ажилладаг, ер нь би яах ёстой вэ гэж бодогддог юм билээ. Жижиг тэмдэг шиг хэрнээ олон түмний сэтгэл хайр, илч энерги шингэсэн байдаг юм байна.

Өчигдөр над руу Ерөнхийлөгчийн Тамгын газраас яриад “Ардын жүжигчин боллоо” гэсэн. Баяр хүргэж байгаа энэ олон хүний сэтгэгдлийг хараад их баярлаж сууна. Хүн эрийн сайндаа сайн явдаггүй юм байна, олон түмнийхээ хүчээр явдаг юм байна. Би бол гайхамшигтай том дуучин биш шүү дээ. Зүгээр л чин сэтгэлээсээ дуулахыг хичээдэг, өөрөөрөө байхыг хүсдэг. Одоо нэг их гайхамшигтай юм надаас гарна гэж юу байв гэж дээ. Гэхдээ чин сэтгэлээсээ Монголын сайхан ард түмэнтэйгээ энэ орчлонгийн вирусийг арилтал сайхан дуулмаар санагдаж байна даа. Анх П.Очирбат Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Ардын жүжигчин гэдэг энэ сайхан цол авч байгаадаа бэлгэшээж байна.


-Цахимаар, утсаар мөн ч олон хүн танд баяр хүргэж байна даа. Та энэ сайхан мэдээг аваад хэнтэйгээ хамгийн түрүүн хуваалцахыг хүссэн бэ?

-Хамгийн түрүүнд ханьдаа хэлсэн. Манай хүн баярын нулимс дуслуулсан. Хүүхдүүд маань ярьсан. Хамгийн том эгчдээ хэллээ. Ойр тойрны найз нөхөд маань олноороо холбогдож байна. Сайхан байна. Олон түмнийхээ алга ташилтан дунд урамшин, хөглөгдөж олон жил дууллаа. Би өөрийгөө маш их азтай хүн юм байна гэж боддог. Би нэг ч төгрөгний бизнес хийгээгүй хүн. Зөвхөн энэ хэдэн дуугаа л сэтгэлээсээ дуулж ирлээ. Миний сургийг сонсоод үзэгчид маань ирж үздэг. Улаанбаатарт анх бие даасан тоглолтоо хийхэд тэр их цасан шуурган дундуур С.Батсүхийнхээ билетийг авах гээд ирж байгаа хүмүүсийг хараад миний нулимс гарч байсан. Ийм л сайхан ард түмэн дээ. Хойшдоо ч чин сэтгэлээсээ дуулж явна аа. Надаас хувь илүү атлаа энэ мундаг цолыг авч чадаагүй сайхан хүмүүс олон бий. Би бол яахав, өөрийгөө жаахан голонгуй явдаг хүн. Гэхдээ энэ булчирхайнууд их ажиллаж байна. Их баярлаж байна даа.

-Та энэ өдрүүдэд аав, ээжийгээ дурссан байх. Тэднийхээ тухай яриач?

-Миний ээж хүүхэд рүүгээ ширүүн ч хардаггүй зөөлөн хүн байлаа. Аав маань ширүүндүү, хатуу шаардлагатай хүн байсан даа. Аав, ээжийнхээ зургийн өмнө би бүх зүйлээ авчирч тавьж байсан. Шинэ цомог гарсан ч хамгийн түрүүнд авчирч тавина. Гавьяат аваад тэмдгээ бурхдын өмнө аав ээжийнхээ зургийн өмнө хадгалсан. Дээрээс харж байдаг байх гэж боддог. Хүн хэн байсан бэ, хаанаас ирсэн бэ гэдгээ санаж явах учиртай. Аав маань орос хэлтэй, боловсролтой хүн байсан. “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Чи өөрөө зүтгээд үз” гээд надад зам зурж өгч байсан. Чиний гараа энэ. Замд чинь шавар шалбааг, чөтгөр шулам, даваа гүвээ, зөндөө юм тохиолдоно. Олдсон боломжийг барьж аваад өөрөө зүтгээд яваарай гэж хэлж байсан. Гурван бадаг дуу барьж аваад, явсаар байгаад өнөөдөр олон түмний хайр хишгийг хүртлээ дээ.

-Энэ өдөр анх тайзан дээр дуулж байсан үеэ дурсахад сонин байх болов уу?

-Анх Завханы театрын тайзан дээр хормойгоо чичрээд, уруул ам эвлэхгүй хөөрхөн юм дуулаад явдаг байсан даа. (инээв) Жаахан байхад маань Дэндэр гээд хараагүй хүн үлгэр ярьдаг байсан юм. Тэр хүний үлгэр дуусдаггүй. Төрөлхийн хараагүй мөртлөө сэтгэлдээ хараатай хүн байсан юм билээ. Түүний ярьдаг үлгэрийн баатар шиг болох гээд шөнө орондоо орчихоод уйлдаг, мөрөөддөг байж билээ. Мөрөөдөмтгий сэтгэлгээтэй болсон маань түүний нөлөө. Сэтгэл доторх жаахан цогийг тэр хүн асааж өгсөн гэж боддог юм. Хожим “Дэндэрийн үлгэр” нэрээр кино концерт хийсэн. Тоглолт хийсэн. Дараа нь над дээр хараагүй хүүхдүүд зорьж ирсэн юм. Юм учиртай байдаг юм болов уу даа. Э.Бат-Энгүүн хүү ч байна. Нүдний зурагтай бөгж хийлгэж байсан удаатай. Тэгээд энэ хөөрхөн хүү ирээд одоо хараатай болсон байх жишээтэй. Цаанаасаа бурхны зараалаар хүүхдүүд над дээр ирдэг юм болов уу гэж боддог. Өглөө босоод аав, ээжийгээ бодно. Бага насаа дурсан санана. Хэн байсан гэдгээ хүн бодож явах ёстой юм билээ. Муу хүн гэж байдаггүй юм байна. Муу хүн байлаа гэхэд түүнд ч бас сайн тал байдаг. Түүн дээр нь сайхан сэтгэл нэмж амьдрах хэрэгтэй. Олон түмний сэтгэлийн эрчим хүч энерги гэдэг хүчтэй юм байна гэж мэдэрсэн. Одоо бол урт наслах хэрэгтэй байна. Эрүүл саруул байх ёстой. Би 33 кг хассан шүү дээ. Студи дээрээ “Өөртэйгөө тэмц, өрөөлийг дэмж” гээд уриа хадсан байгаа. Овоо жин хассан байсан чинь гэр бүлийн хүн маань “Мах ид” гэж загнасаар байгаад эргээд бараг арваад кг нэмсэн байна даа. Шинийн 8-наас эхлээд цагаан хоол, янз бүрийн юмнуудаа хэрэглээд, жингээ хасаад, урт наслахыг хичээнэ дээ. Тэгж байж олон түмэндээ зөв мессэж өгч чадна шүү дээ.

-Та олон шинэ дуучин дэмжсэн. Б.Бат-Энэрэл хүү танд баяр хүргэв үү?

-Хамгийн түрүүнд тэднийхэн надтай холбогдож байна лээ. Б.Бат-Энэрэл маань утсаар надад үг хэлж байна лээ. “Хурдан том болоод, хүүхэдтэй болохоор маань та миний хүүхдийг харж өгөөрэй” гэсэн. Ээж, эмээ хоёр нь дахин дахин залгаад, баяр хүргэсэн. Тэд яг манай гэр бүлийнхэн шиг байдаг. Би ч хамаагүй загнах үедээ загнадаг. Юу ч хэлсэн тоохоо байсан шүү дээ, тэд маань. “Хамгийн сайн хүмүүстээ хаврын тэнгэр, бусдад нь бол бурхан” гээд намайг биччихсэн байсан.

-Та шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Би 2019 онд “Очирвааний хүлгүүд” дуугаа хийсэн. Дараа нь “Сэтгэл минь чиний анд” гээд Ц.Бавуудоржийн шүлгээр хийсэн дуу бий. “Ухаарал” гээд дуу хийлээ. Сая цол авахын өмнөхөн Б.Бат-Эрдэнийн (АРАНЗА) “Хотын хүүхнүүд” дуунд клип хийгээд цацаж эхэллээ. Миний зорилго бол нутаг ус руугаа хандсан, монголчууд руугаа хандсан ухаарлын сэдэв рүү орж эхэлж байна. Одоо бол жаахан цагаан гунигтай дууг сонсохоо байж эхэлж байна. Ерэн хэдэн онд цагаан гунигтай дуу сонсож байсан, 2000 оноос оргилсон баярласан бахархсан, бардсан дуунуудыг сонсдог байсан бол одоо ухаарал сонсож эхэлж байна. Монголын нийгэмд үүр хаяарах цаг ирж байна даа гэж би бэлгэшээдэг. Дээхнэ үед гоё дуучны хоолой сонсож, сайхан дуучны дүрс харж алга ташдаг байсан бол одоо нэгнийхээ сэтгэл рүү өнгийж, хүний сэтгэл сонсдог болж. С.Батсүх энэ дуугаараа яг юу хэлээд байна гэж сонсдог болжээ. “Аашаар засардаггүй орчлонг аргадах л гэж дуулдаг юм, би. Дулаахан сэтгэлийг минь мөнхийн анд гэж итгээрэй”гэх мэтчилэн үгтэй дуунуудыг дуулж сая бичүүлж, клип хийлгэсэн байгаа. Дэлхийгээр тархсан монголчууддаа зориулж сайхан дуу хийх сэн гэж хүсдэг. Нийтийн дуу бол ардын дууны үргэлжлэл гэж боддог.

-Цагаан сар дөхөж байна. Хөл хориогүй байсан бол олон хүн гэрээр тань ирж баяр хүргэх байсан даа. Энэ Цагаан сарыг та яаж тэмдэглэх вэ?

– Ноднингийн Цагаан сарыг ч гэртээ ах дүү нартайгаа цахимаар золгож, сайхан таваг идээгээ засаад, тэмдэглэсэн. Энэ жил ч ялгаагүй. Өнөөдөр дэлхий нийтээр вирустэй байгаа үед гэр гэртээ байж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна. Өөрийгөө хамгаална гэдэг өрөөлийг хамгаалж байгаа гэсэн үг. Уг нь Цагаан сараар залуу дуучид өдөржингөө манайхаар орж ирдэг шүү дээ. Гоё л байдаг. Нэг сайхан нартай өдөр бүх юм сайхан болно. Тэгэхэд өөд өөдөөсөө хараад, бие биентэйгээ гар барих цаг ирнэ. Үзэгчид маань даган дуулж, алга ташихыг харан дуулах өдөр ирнэ.

-Ингэхэд хамгийн дурсамжтай Цагаан сар хэзээ байв?

-Хүүхэд байхдаа аавтайгаа хамт өглөө нартай золгоод, манай өвөлжөөний хажуугийн овоон дээр очиж, тойрч явдаг байлаа. Хамгийн гоё мориныхоо дэлийг нь засаад, уяж сойж бэлтгэдэгсэн. Өндөр настай сайхан улсуудад золгох сайхан л даа. Цагаан сар гэдэг цагаахан хайрын баяр гэж хэлж болно. Өвгөд хөгшдийнхөө тохойг түшээд золгодог, нялх балчруудынхаа алгыг тэнийлгэдэг. Шинэ хувцас өмсдөг, юм болгоныг шинээр эхэллээ гэж бэлгэшээдэг. Хөдөөнийхөн чинь хаваржингаа шахуу золгодог шүү дээ. Хоёр аманд байж, “Зун сайхан уулзана даа” гэдэг юм чинь одоо бол энэ вирустэй үед хавар, зун сайхан золгож уулзах бололцоо гарна гэж бодож байгаа.

-Нутгийнхан тань их баярласан байх аа. Завханчууддаа, хайртай хүмүүстээ сэтгэлийн үгээ хэлж болно шүү. Өдрийн сонин чинь хөдөө хотгүй мянга мянгаараа тардаг юм шүү дээ. Отгонтэнгэр хайрхан тань нутгийн хүүгээ цаашдаа ч ивээх байх аа?

– Сүүлийн жар гаруй жил Ардын жүжигчин, арслан цолыг завханчууд аваагүй. Одоо нэг том үүд хаалга нээгдэж байна даа. Цаашдаа олон сайхан хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж, арслан цолтон төрөх байх гэж найдаж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамьян, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан нартаа ханцуйдаа залбирч явдаг шүү. Тэднийгээ төрөөрөө үнэлүүлж байгаад нь сэтгэл өег байдаг. Гавьяатын тэмдгээ айхавтар зүүдэггүй яваад, Н.Лутбаярыгаа Урлагийн гавьяат зүтгэлтэн болоход зүүдэг болсон доо. Завханчууддаа, монголчууддаа танай сониноор дамжуулан баярлалаа гэдгээ уламжилъя.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин туулай өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 12. Сугар гариг. Билгийн тооллын 1, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 08:03 цагт мандан 18:09 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 8-13 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.