Categories
мэдээ нийгэм

PCR шинжилгээ өгөх дүүрэг, хороод

Өнөөдөр нийслэлийн зургаан дүүргийн 67 хорооны иргэдээс PCR шинжилгээг суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр авна.

Тодруулбал,

  • Баянгол дүүрэг 7 8 9, 10, 11, 13, 14, 17, 19, 20, 22-р хороо
  • Баянзүрх дүүрэг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20-р хороо
  • Чингэлтэй дүүрэг 17-р хороо,
  • Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 13-р хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 10, 11, 12, 13, 14, 16, 18, 19, 28, 30-р хороо
  • Хан-Уул дүүргийн 2, 3, 6, 7, 11, 12, 13, 14-р хорооны иргэд нэг өрх нэг шинжилгээнд 18 наснаас дээш нэг хүнээ шинжилгээнд хамруулах юм.

Дээрх дүүрэг, хорооны иргэд өнөөдөр 10:00-15:00 цагийн хооронд шинжилгээг өгөх бөгөөд тухайн дүүрэг хорооноос шинжилгээг очиж өгөх эсвэл гэрээс авах талаар мэдээллийг өгч ажиллана гэв.

Нийслэлийн хэмжээнд шинэ коронавирусийн халдварын 115 голомт бүртгэгдсэн бөгөөд идэвхтэй 30 голомтын 100 орчим мянган өрхөөс дам хавьтлын дам хэлбэрээр халдвар хэрхэн тархсаныг үзэхээр шинжилгээг авч байна.

Хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд нийслэлийн халдварын идэвхтэй бүс буюу улаан бүсэд байгаа өрхүүдээс, 13-наас хойш бусад өрхүүдээс шинжилгээ авах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 600 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хүрээний Онцгой байдлын байгууллагын 600 гаруй алба хаагч 178 цэг, байршилд үүрэг гүйцэтгэж байна.

Алба хаагчид авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ болон халдвар хамгааллын дэглэмийг сахиуланажиллаж байгаа юм.

Мөн иргэдэд автомашины чанга яригчаар коронавируст халдвараас сэргийлэх зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: 91 мянган иргэнээс шинжилгээ авахад дөрвөн хүнээс халдвар илэрлээ

Хоёрдугаар сарын 11-нээс эхэлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хоёр хоногт 91 мянган иргэнд шинжилгээ хийсэн бөгөөд эдгээр шинжилгээний хариугаар 4 хүнд халдвар илэрсэн болохыг Улсын онцгой комиссоос мэдээллээ.

Эхний ээлжинд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд нийслэлийн халдварын идэвхтэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авч байгаа бол хоёрдугаар сарын 13-наас хойш үлдсэн өрхүүдэд шинжилгээг хийх юм байна.

Энэ эрчээрээ шинжилгээ авахад 6-8 хоногт багтаан нийслэлийн бүх өрхөд шинжилгээ хийх боломжтой байгааг гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авна

Нийслэлийн хэмжээнд “Нэг өрх-нэг хаалга” шинжилгээ үргэлжилж байна.

“Эхний ээлжинд буюу хоёрдугаар сарын 11-13-ны хооронд нийслэлийн халдварын идэвхтэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна. Харин ногоон бүсэд байгаа буюу үлдсэн айл өрхүүд нь 13-наас хойш шинжилгээнд хамрагдана. Тухайлбал, халдварын идэвхтэй бүсэд байгаа Баянзүрх дүүргийн 28 блокийн 32100 өрхийн иргэд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд шинжилгээ өгнө. Бусад дүүргүүд мөн адил эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдээ эхний ээлжинд шинжилгээнд хамруулаад явах юм шүү” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ.Өнөөдрийн байдлаар /2021.02.12/ нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээ авах 87 түр цэг, 191 явуулын багт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж, GPS-ээр байршлыг нь тодорхойлж байгаа юм. Шинжилгээний сорьц тээвэрлэх автомашинуудыг мөн уг технологийн дэвшлээр хянан ажиллаж байна.

Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Бадам, Чагдар хоёр хүүхэлдэйн киноны зохиогч шагнал хүртэв

Бадам, Чагдар хэмээх буриад жаалуудын хөгжилтэй адал явдлын тухай хүүхэлдэйн киног бүтээсэн аав, охин хоёр шагнал хүртлээ.

Буриадын “Үлэгэр “хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал “медалиар шагнасан байна. Улаан-Үдэ дэх Монголын Ерөнхий консулын газраас тэдэнд хүндэтгэл үзүүлэн найман настай Янжим охинд гарын бэлэг гардуулжээ.

Цахим сүлжээнд цацагдсан даруйдаа олон мянган хандалт, шейр авсан энэхүү богино хэмжээний хүүхэлдэйг Буриадын найруулагч эхнэр, охины хамтаар бүтээсэн билээ.

Чагдар, Бадам хоёрын адал явдлыг буриадуудаас илүү монголчууд ихээр үзэж, сонирхсон нь уран бүтээлчдэд урам өгсөн тухайгаа найруулагч Эрдэни Жалцанов ярьж байв. Тэрбээр “Би Чагдар, Бадам хоёрын дүрийг өөрөө зохиосон. Өөрөөр хэлбэл, бага насаа дурсаж зурсан гэж хэлж болно. Энэ богино хэмжээний киногоо анх бага охиндоо зориулж бүтээсэн. Хүүхэлдэйн киногоо ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй” гэв. Сар шинийн баяраар Чагдар, Бадам хоёрын цоо шинэ анги өчигдөрхөн /2021.02.12/ үзэгчдийн хүртээл болоод буй.

Categories
мэдээ спорт

Т.Энхцэцэг олимпын наадмыг дэнслэх Монголын анхны эмэгтэй шүүгч болов

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа.

Монгол Улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг энэ 16 шүүгчийн нэгд багтснаар олимпын зэрэглэлийн шүүгч болоод байна. Ийнхүү Т.Энхцэцэг Монголын спортын түүхэнд олимпын наадам шүүх анхны эмэгтэй шүүгч боллоо. “Токио-2020” олимпын наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпийн эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа.

Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-гийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын үндэсний олимпын хорооны “Бөртэ чоно” наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа.

Т.Энхцэцэгтэй хамт “Токио-2020” олимпын наадмыг шүүх бүрэлдэхүүн:


1. Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL)


2. Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO)


3. Mr. Raul CAMACHO (ESP)


4. Mr. Velimatti KARINKANTA (FIN)


5. Mrs. Roberta CHYURLIA (ITA)


6. Mr. Mathieu BATAILLE (FRA)


7. Mrs. Akiko AMANO (JPN)


8. Mr. Evgeny RAKHLIN (RUS)


9. Mr. Lubomir PETR (AUS)


10. Mr. Everado GARCIA (MEX)


11. Mrs. Sook Hee HYUN (KOR)


12. Mr. Orlando CRUZ (DOM)


13. Mr. Mariano DOS SANTOS (BRA)


14. Mr. Ramziddin SAYIDOV (UZB)

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 23-наас бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалт эхлэхээр төлөвлөсөн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.
Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6,000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9,000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Иргэдтэй харьцах харилцаандаа анхаарахыг алба хаагч нартаа сануулахыг Ерөнхий сайд удирдлагуудад нь үүрэг болголоо.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”:
Энэ сарын 11-нд 46,202, өнөөдөр буюу 12-нд 35,805 өрхөд шинжилгээ хийхэд хоёр хүнээс батлагдсан тохиолдол илэрсэн учир тандалт хийж байна. Энэ хурдаар шинжилгээ авна гэж тооцоход зургаан өдөрт дуусгах боломжтой ч лабораториуд хоногт 40 мянган сорьц баталгаажуулах хүчин чадалтай юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн өмнөх хоёр өдөр төрийн байгууллагын 62 мянга гаруй албан хаагчид PCR шинжилгээ хийхэд эерэг тохиолдол гараагүй байна.
Улсын онцгой комиссын шуурхай штаб:
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярын мэдээллээс үзвэл улсын хэмжээнд 1,780 хүн тусгаарлах байранд байна. 11 зочид буудалд 826 орны бэлэн нөөцтэй. Ирэх сард гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 498 ор бэлджээ. Цаашид тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжтой зочид буудлуудыг судалж байна.
Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байгаа иргэдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ. Тэрээр энэ сарын 23 буюу хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөснийг хэлэв. “Энэ удаагийн хөл хорио өмнөхөөс ялгаатай. 410 мянган өрх бүрээс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах, голомтыг хумих, тархалтыг зогсоох, вакцинжуулах сууриа тавих зорилготой” гэв. Үүнтэй зэрэгцэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхлэхээ тодотгов.
Ерөнхий сайд мөн өдөр Улс, нийслэл, дүүргүүдийн онцгой комиссын өргөтгөсөн хуралд оролцлоо. Цаашид илүү хурдтай ажиллах, нэгдмэл ойлголттой байх, хандлагаа өөрчлөх, өдөр бүр хамтарсан хэлбэрээр, аль болох богино хугацаанд ажлаа ярилцан, тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргээ тодотгож байхыг үүрэг, чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

May be an image of one or more people, people standing and indoor

May be an image of indoor

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр эдийн-засаг

Хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн үү?

Энэ хаврын улс төр нэлээн нүргээнтэй, дуулиан шуугиантай болно. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуультай, тиймээс хүссэн хүсээгүй улс төр пижигнэж эхэлнэ. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгууль цар тахлын шуурган дундуур, өвчин зовлон үхэл хагацал нүүрлэсэн хүнд хэцүү, маш эгзэгтэй амаргүй цаг үед болох нь ойлгомжтой. Өвчин тахал, улс төр, эдийн засаг хосолсон ёстой л нөгөө “хаврын синдром” гэж хэлэхүйц байдлаар улс төр өрнөх байлгүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд хуулийн дагуу нэр дэвшүүлэн өрсөлдөнө. Одооны УИХ-д дөрвөн улс төрийн нам сонгогдсон. Тэгэхлээр ямар ч байсан дөрвөн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Улс төрийн хоёр гол хүчин болох Ардчилсан нам, Ардын намын хооронд тулаан болдгоороо болох байх. Тэгэхээр ийм эгзэгтэй цаг үед хамгийн түрүүнд ард түмнээ бодож өрсөлдөгч намуудын аль аль нь бодолтойхон шиг улс төрөө хийх хэрэгтэй. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн дүр зургийг эргэн харахад хар пиар гэгч нь хэрээс хэтэрч ёстой дайн дажин шиг юм болж байсан.

Цар тахлын үеийн сонгуульд ард түмнээ эхлээд бодоорой гэдэг нь сонгуулиас өмнө айл өрх бүрийг, хүн бүрийг вакцинд хамруулаарай гэсэн үг юм. Үндсэндээ эрх баригчид, улс төрийн хүчнүүд ард түмэн, сонгогч олноо вакцинжуулж, эрүүл мэнд амь насыг нь хамгаалж аваад дараа нь өөрсдийгөө бодох нь хамгийн зөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан оны эхнээс л дуулдаж эхэлсэн. Одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхтэй, эрхгүй тухай хуульчид болоод улстөрчид өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Их хурлын дарга байсан Р.Гончигдорж шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгууль 2023 онд болох ёстой гэж хүртэл үзэж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Фронтоо хаяад зугтсан хурандаа маань одоо төрийн тэргүүний сэнтийг сэрүүн зүүдэлж яваа. Хэн нь ч дэвшсэн хамаагүй. Вакцинд хамрагдаж амь нас нь баталгаатай болсон ард түмэн аль нэгийг нь сонгоод л өгнө. Хамгийн гол нь улстөрчид минь сонгуулиас өмнө ард түмнээ вакцинд хамруулж Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал гэдгийг дахин сануулъя. Тэгэхгүй саяны жагсаал цуглаан шиг юмыг зохион байгуулж ард түмнээ нүцгэн гараар нь халуун чулуу атгуулах гэсний хэрэггүй шүү. Сүүлд дуулж байхад том улстөрчид энэ жагсаалыг зориудаар ард түмнээ турхиран гаргаж ирсэн гэлцэх боллоо. Одоо үүний үр дүнг нь бид бүгдээрээ өглөө бүр 11 цагаас сонсож сууна. Жар далаараа л тахалтай хүн илэрч тахлаар нас барсан хүн дөрөв болсон. Цаашид хэд болохыг хэн мэдлээ.

Гуравхан хоногийн дараа хаврын тэргүүн сар гарах нь ээ. Монгол Улсын хувьд хавар ирнэ гэдэг нь эдийн засаг ирлээ гэсэн үг. Яагаад гэвэл Монголын хахир хүйтэн өвлөөр эдийн засаг явах байтугай амьдрал тэр чигтээ зогсдог гэхэд хилсдэхгүй. Энэ удаад цар тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засагт маш хүнд хаврын улирал эхэлж байна. Азийн хөгжлийн банкнаас Монголын эдийн засаг 2020 онд 2.6 хувиар буурсныг хэлсэн. Өнгөрөгч оны эхний хагаст эдийн засаг -9.7 хувь болтлоо буурсан. Төсвийн алдагдал ДНБ-ий -11.5 хувь болсон. Банкны салбарын актив зургаан сарын дотор гэхэд -4.2 хувиар агшсан. Энэ бол өнгөрсөн жил Засгийн газрыг тэргүүлж, төр засгийг удирдаж байсан нөхдийн улс орноо сүйрүүлсний бодит үр дүн юм.

Коронавирусийн халдвар дотооддоо гараагүй байхад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ямар ч тооцоо судалгаагүй, шинжлэх ухаанч бусаар хий хоосон сүржин мэдэгдлүүд хийж бүх аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон. Ёстой нөгөө сохор нохой дүйвээнээр гэгчээр юм болсон.

Аж ахуйн нэгж, албан газрууд бүтэн арван сар шахам түгжээтэй байсны гороор Монголын эдийн засаг туйлдаа хүрч, тамир тэнхээгээ барж, арайтай л өлбөрчилгүй ард түмэн нөөцөө шавхсаар 10 сартай золгосон. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өнгөрөгч оны 11 дүгээр сарын эхээр коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, жинхэнэ ёсоор цар тахалтай нүүр тулж хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Ингэж улс орны эдийн засаг элгээрээ харуулдсан. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн холбоо, хувиараа аж ахуй эрхлэгчдийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо мөн эдийн засагчид Хүрэлсүхийн Засгийн газарт ээлж дараалан шаардлага хүргүүлж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барин дампуурахад хүрлээ гэдгийг өдөр бүр сануулж, жагсаал цуглаан хийж, сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлж байсан ч хүний урманд тоогоогүй. Бүхнийг хорьсон, хаалга үүдийг нь түгжсэн хэвээр байсан. Харин энэ хугацаанд УИХ-ын ээлжит сонгууль болж эрх баригч Ардын нам дахин ялалт байгуулж, үнэмлэхүй олон суудал авав. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хүмүүсээ бид Засгын газарт эргүүлэн сонгосон. Ганц гялтайх юм нь өвчин алдаагүй юм даа гэж ирээд л ийм сонголт хийчих шиг болсон. Тэгээд одоо хар даа, тахал дунд яаж амьдарч байгаагаа. Олон хүн яах гэж энэ намыг дахин сонгов доо гэж амаа барьж байна.

Л.Оюун-Эрдэнэ хатуухан сорилтой нүүр тулж таарна. Шинэ залуу Ерөнхий сайд хүүхэд шиг хөөрхөн хөөрхөн юм яриад яваа. Гааль, шүүх, татвар, газрын харилцаа гээд бүх зүйл цахимд шилжинэ, эмнэлэгт хэвтэх, эсвэл ажил бүтээхийн тулд албан тушаалтантай уулзах хэрэггүй, хэн нэгэн даргын нөлөөгүйгээр тендерт цахимаар оролцдог болно, орой эрт унтаж өглөө эрт босно, өглөө нийтээрээ гүйдэг болно гээд ярьж байна. Ойрын үед дарга нараас ингэж ярьсан хүн ховор учир сонин содон сонстож байгаа ч ачир дээрээ амьдралаас жаахан тасархай л санагдаад байгаа.

Мөн Ерөнхий сайд юм л болбол “Миний амнаас сайн сайхан үг сонсохгүй шүү” гэж дахин дахин хэлээд байгаа. Цаад санаа нь гашуун ч гэсэн үнэн үгийг хэлнэ гээд байгаа юм уу даа. Гэхдээ засгийг удирдаж байгаа хүн “Надаас та нар сайн үг сонсохгүй” гэж хөмхийгөө зууж байгаа юм шиг хэлэх нь ёр билгээ бодсон ч эвгүй юм. Дээрээс нь бас жадныхаа үзүүрийг айхавтар гүн суулгана гэж айлгаад байгаа. Улс орноо жадлах гээд байгаа юм уу, улс төр, эдийн засаг, ард түмнээ жадлах гээд байгаа юм уу. Энэ нэг жад сэлэм гэх зэрэг дэмий зүйрлэл хэлдгээ төр засгийн удирдлага одоо болих хэрэгтэй. Ер нь удирдагч хүн хувийн ааш авираа олон түмэнд гаргах шиг бүдүүлэг юм байдаггүй.

Ер нь түүнийг өглөө эрт босч, цахим үндэстэн боллоо хэмээн гар утсаа барьж гүйхээс өөр шидгүй хүн болчих вий гэж зовниж байна. Одоо нэн түрүүнд тендерээ хурдан зарлаж уул уурхай, барилга байгууламж, зам харилцаа, газар тариалан, мал аж ахуй гээд бүхий л салбар бүрт царцсан эдийн засгийг яаралтай хөдөлгөх хэрэгтэй. Уул уурхайд гэхэд “Өнөө цаг үед эдийн засгийг авч гарах том боломж” гэж Ерөнхийлөгчийн хэлээд байгаа 100-гаас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, за тэгээд Оюу толгой, Таван толгой болоод өнөө олон цахилгаан станцууд, нефьтийн үйлдвэр байна. “Оюу толгой” төслийг үргэлжлүүлнэ, У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг дагана, Ч.Сайханбилэгийн “Дубайн гэрээ”-г цуцална гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ам ангайх бүртээ хэлж байгаа.

Зэсийн үнэ оны эхээр 8000 ам.доллараас дээш гарсан, ирэх 3-5 жилд энэ байдлаар байх боломжтойг олон улсын зах зээлийн шинжээчид дүгнэж байгаа. Уг зурвас үеийг Монголын Засгийн газар ашиглаж асуудалд улстөржилгүйгээр, манай танай гэлгүйгээр хандаж эдийн засгаа тэлэх нь чухал.

Дарханы зам гэж үхлийн тамыг хүн бүр мэдэж байгаа. 6.5 тэрбумаар түр зам барина гэцгээж ард түмнээ хуураад, засварын ажил явах үед нь хичнээн хүн амиа алдав. Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 240 километр төмөр замын ажилд Ерөнхий сайд бүх анхаарлаа хандуулж, энэ том бүтээн байгуулалтын ард гарах хэрэгтэй. Уг төмөр замын ажилтай Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа очиж танилцаж байсан. Зүүнбаянгийн төмөр зам тавигдвал “Манлай”, “Хараат уул”, “Дулаан уул” зэрэг ашигт малтмалын олон орд газар эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг эрдэмтэд тооцож гаргасан.

Уул уурхай, төмөр зам, барилга байгууламжаас гадна газар тариалан мал аж ахуйгаа анхаарах нь зүйн хэрэг. Сүүлийн үед газар тариалан, хөдөө аж ахуй хамгийн дампуу салбар болсон. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гэдэг нь тариаланчдаа дэмжиж биш, дээрэмдэн мөлждөг сан болсон, мөн тариаланчид нь тариагаа газарт бус цаасан дээр тарьдаг болсон. Хаврын хаварт улаанбуудай, үр тарианы хэрүүл зарга гардаг ийм л ажил нь явдаггүй алхайсан хэрүүлийн талбар болсон. Тэгэхээр энэ бүгдийг Ерөнхий сайд, Засгийн газар анхаарч, хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн байгаа юу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цэрэннадмид: Сэтгүүлч мэргэжлээр 40 гаруй жил ажиллахдаа үзэг, аппарат хоёроо хослуулж олон ч үйл явдлыг сурвалжиллаа

“Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин Д.Цэрэннадмидтай ярилцлаа.


-Та сэтгүүлч болох анхны алхмаа Дундговь аймгийн “Улаантуг” сонинд утга зохиолын ажилтан, сурвалжлагчаар эхэлсэн гэж сонслоо. Чухам яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгох болов?

-Би Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул хүн. Аймгийнхаа арван жилийн дунд сургуулийг төгсөөд тун удалгүй “Улаантуг” сонинд 1969 онд утга зохиолын ажилтан сурвалжлагчаар ажилд анх орсон юм. энэ бол миний сэтгүүлч болох анхны алхам байсан. Би Боржигоны бичээч гэдэг овогтой хүн л дээ. Манай аавын аав Тайж хүн байсан. Миний аав бол бичээч Т.Дашням гэж хүн байлаа. Аав минь бичиг үсэг сайтай, тэр дундаа монгол бичиг сайн мэддэг учраас хошуу тамгын газар бичээчээр ажилладаг байсан. Төрсөн ах маань ч их сайхан бичигтэй. Би хойчийг нь залгаад аймгийн утга зохиолын дугуйланд явна, шүлэг бичнэ. Арван жилд байхдаа хүртэл аймгийн сонинд мэдээ биччихдэг байж байгаад сэтгүүлчийн мэргэжлийг сонгосон. өнгөрсөн хугацаанд завсаргүй л сонинд ажиллалаа даа.

-Та гэр бүлийнхээ талаар ярихгүй юу. Охин тань сэтгүүлч шүү дээ?

-Би таван хүүхэдтэй. Ц.Байгалмаа охин минь сэтгүүлч. Одоо өөрийн хэвлэл мэдээллийн агентлагтай болчихсон ажиллаад явж байна. Нэг хэсэг Батлан хамгаалахын яаманд ажилласан. Миний хань Архангай аймгийн Хангай сумын хүн байсан. Би хязгаарын цэргийн холбоонд гурван жил цэрэгт алба хааж байхдаа “Эх орны манаа” сонинд мэдээ сэлт, зураг хөрөг тавина. Тэгж яваад хэвлэх үйлдвэрт очиж нэг хүүхэнтэй танилцсан минь Дамдины Бадам гэж миний хань байсан юм. 47 жил ханиллаа. Хань минь гурван жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.

-Та МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг 1982 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд олон ч сонины газар ажиллаж байсан юм байна лээ?

-Их сургуулиа төгсөөд Булган аймгийн “Дэвшил” сонинд гурван жил ажиллаад буцаад Улаанбаатар хотдоо эргэж ирсэн. Улаанбаатар хотод ирээд үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн “Хөдөлмөр” сонинд ажилласан. Тухайн үед бүх юм хатуу байлаа. Хотод суурьших хэцүү байсан учраас намайг Дундговь руу, эсвэл Булган руу явуулна, хөдөөний паспорттой хүн хотод байж болохгүй гээд л… Сүүл рүүгээ “Хөдөлмөр” сониныг торгоно гээд би ч сонины ажлаасаа гардаг юм аа. Хотын иргэний үнэмлэх байхгүй хүн нэг сар ажилгүй явж байгаад бүр сүүлд нь “Улаанбаатар хотод суухыг зөвшөөрөв” гэсэн тамга даруулж авлаа л даа. Ингээд сэтгүүлчдийн холбооны Д.Үржинбадам дарга дээр очлоо, тэгсэн “Чи манайд ажилла” гэж байна. Ингээд сэтгүүлчдийн холбоонд референт гэдэг ажлыг хоёр жил хийгээд удалгүй “Улаанбаатарын мэдээ” сонин руу шилжсэн. Сүүлд сонин маань “Нийслэлийн сонин бичиг” нэртэй болсон. Ингээд 1993 онд “Засгийн газрын мэдээ” сонин байгуулагдаад жилийн дараагаар тэнд ажилд орсон хэрэг. “Засгийн газрын мэдээ” сонины залгамж халаа нь “Зууны мэдээ” сонин шүү дээ. Энэ сонинд 28 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тэтгэвэртээ гарсан ч гэсэн залуу сэтгүүлчидтэйгээ бужигнаад л явж байна. Ийм л түүхтэй юм даа.

Хань Д.Бадамын хамт. 1973 он

-“Улаанбаатарын мэдээ” сонинд үйлдвэрлэл, эдийн засгийн албаны сэтгүүлч байсан. Та сэтгүүлч хийхийн хажуугаар гэрэл зураг дардаг шүү дээ. Тэгэхээр гэрэл зураг таны амьдралд томоохон орон зайг эзэлдэг байх?

-Би арван жилийн сурагч байхаасаа гэрэл зураг авч эхэлсэн. Ахыгаа дуурайж зураг сонирхож оролдож эхэлсэн юм л даа. Арван жилийн ангийнхныхаа зургийг дарж аваад шөнө нь гэртээ очиж угаана. Ингээд баахан л саарал зурагтай болж сургуулилж эхэлсэн юм. Сэтгүүлч мэргэжлээр 40 гаруй жил ажиллахдаа үзэг, аппарат хоёроо хослуулж, зурагаа авч сурвалжлагаа бичсээр л ирсэн дээ. Ер нь биднийг сэтгүүлч болоход хамгийн их тусалсан анхны хүн бол Санжийн Батмөнх гэж Дундговь аймгийн “Улаантуг” сонины эрхлэгч хүн байсан юм. Тэр хүн “Залуучуудын үнэн”, “Үнэн” гээд олон ч сонинд ажиллаж байсан мундаг хүн байлаа. Тэр хүн хэдэн залуусыг сэтгүүлч болгоно гэж өөр дээрээ авсан юм. Түүнд нь би, Цэндийн Чимэддорж, гавьяат Сандагдоржийн Пүрэвсүрэн, Цогсүрэнгийн Ганболд бид дөрөв багтсан. Ц.Чимэддорж цэрэгт яваад тэр чигээрээ радиод шингэсэн, С.Пүрэвсүрэн Намын дээд сургуульд орж сэтгүүлч болж Хэнтийн сонины эрхлэгчээр ажиллаад сүүлдээ “Үнэн” сонины сурвалжлагч болсон, Ц.Ганболд Орос улсад сэтгүүлчийн ангид суралцаад сэтгүүлч болсон. Ингээд бүгдээрээ буцаж очоогүй бид чинь Дундговийн сониноо орхиод явчихсан жудаггүй улс байгаа юм даа /инээв/.

Парламентын сурвалжлагчаар 20 гаруй жил ажилллаж байна.

-Та сэтгүүлч болоогүй бол өөр ямар мэргэжилтэй байх байсан бол. Ингэж бодож байсан удаа бий юү?

-Сэтгүүлч болоогүй бол гэж бодож байсан үе байхгүй. Гэхдээ би багадаа их саваагүй хүүхэд байсан л даа. Наймдугаар ангид байхаасаа зураг авч эхэлсэн. Түүнээс өмнө шүлэг бичнэ, зураг зурна гэж аймгийн дүрслэх урлагийн танхимд зуны амралтаараа ажиллаад баахан лоозон бичээд л явдаг байлаа. Хөгжмийн дугуйланд явна гэж баянхуур хөгжим чирээд явдаг байлаа. Ингэж явсаар өөрийн удамд бичээч, бичиг хэргийн улс байсных ч тэр үү ямар ч гэсэн сонинд оръё гэсэн сэтгэгдэл төрөөд аймгийн сонинд ороод л сэтгүүлчийн зам, мөр эхэлсэн дээ.

-Тантай хамт төгссөн олон ч мундаг сэтгүүлчид байна шүү дээ. Зарим нь одоо ч ажилласаар байна?

-Манай төгсөгчдөөс том ч улс байна, жижигхэн ч улс байна, янз бүр л байна даа. Эхнээс нь нэрлэвэл УИХ-ын гишүүн байгаад хоёр удаа яамны сайд байсан Төгсжаргалын Ганди байна. Төгссөнөөсөө хойш багшилж байгаад саяхан тэтгэвэртээ сууж буй Ломбын Норовсүрэн гэж гавьяат багш бий. Төгсөөгийн Оюунбилэг гэж надтай “Улаанбаатарын мэдээ”, “Засгийн газрын мэдээ” сонинуудад хамт ажиллаж байсан одоо хувийн сургууль байгуулчихсан явж байгаа эмэгтэй бий. Дармаагийн Сайнбаяр гэж сэтгүүлч байна. Одоо ч “МОНЦАМЭ”-д ажиллаж л байгаа. Дамдинпүрэвийн Амаржаргал гээд радиод ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан сэтгүүлч бий. Гэх мэтчилэн сэтгүүлч мэргэжлээрээ хэзээний олны танилууд болсон эрхмүүд олон байна л даа.

-Хуучин 120 мянгатаас урагшаа Монголын бүх үйлдвэрүүд байсан шүү дээ. Та тэр бүх үйлдвэрүүдээр явж сурвалжлага бичдэг байсан гэсэн. Тэр тухайгаа хуучлахгүй юу?

-Одоо сэтгүүл зүйд сурвалжилдаг объект нь өөр болчихож л дээ. Төрийн ордон хавиар сайд дарга нар эргүүлээд л байдаг болчихсон. Бид “Улаанбаатарын мэдээ”, “Хөдөлмөр” сонинд байх үедээ жинхэнэ ажилчин, малчныг л сурвалжилдаг байлаа шүү дээ. Төрийн хүмүүсийн ярилцлага тоотой орж ирнэ. Хөдөө их явна. Арьс шир, ноосны нэгдэл, савхин эдлэлийн үйлдвэрүүд гээд том үйлдвэрүүд байлаа. Сурвалжлага бэлтгэхээр нэг талаас нь ороод нөгөө талаас нь гарч ирэхэд өдөр дуусч байдаг тийм л том үйлдвэрүүд юм. Үйлдвэрийн ажилчдын зургийг авна, сурвалжилна. Оюутан цагтаа дадлага хийхдээ ч үйлдвэрүүдээр зураг аваад л явж байлаа. За тэгээд “Улаанбаатарын мэдээ” сонинд ажилладаг байхад Улаанбаатар хот жижигхэн байлаа шүү дээ. Хаана овгор шороо байна, хаана хог овоорсон байна бүгдийг нь мэддэг. Мөн тухайн үед идэвхтэн бичигчийн захиа их ирнэ. Идэвхтэн бичигчийн улсын зөвлөгөөн гэж хүртэл болж байлаа. Сонин хэвлэлийн нэг түшиг тулгуур бол идэвхтэн бичигч нар байлаа шүү дээ. Ажиллаж байх хугацаандаа нам төрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт хөдөө их явна. Яагаад их хөдөө явдаг байсан бэ гэвэл би ганцаараа явахаар нэг хүний томилолтын зардал хэмнэнэ. Өөрөө зургаа аваад бичээд ирдэг болохоор тэр. Сэтгүүлч хүн түүх бичилцдэг шүү дээ. 1990 оны хувьсгал, хувьсгалын өлсгөлөн болж байхад хүзүүндээ аппараттай, гартаа дэвтэртэй олон ч үйл явдлыг сурвалжилсан. Олон ч үйл явдлын гэрч болсон. “Засгийн газрын мэдээ” сонинд байхад Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайтай хамт онгоцоор нисч нефтиэр дээлээ мялааж байхад би зургийг нь дараад бичээд л явж байлаа. Сүүлд П.Очирбат гуай “Би ном хийх гэж байгаа” гээд надаас зураг авч байлаа.

-Буянгийн Жаргалсайханы хоршооны тухай та нэг нийтлэл бичсэн чинь Б.Жаргалсайхан танай редакц дээр ирж маргалдаж байсан гэсэн. Тухайн үед юу болсон юм бэ?

-Анх “Эхлэл” гэдэг хоршоо Урт цагааны урд н.Цоомоо гэдэг эмэгтэй байгуулж би тэр тухай сурвалжилж байсан юм. Харин тэр Б.Жаргалсайханы хоршооны тухай тэнд дурьдагдаж л дээ. Дараагаар нь манай редакц дээр ирээд маргаж л байсан. Гэхдээ тийм юмыг алийг тэр гэх вэ. Би сүүлд барилгын маргааны тухай нэг зүйл бичлээ. Тэгсэн нэг өдөр “Та манай компани дээр хүрээд ирээч” гээд байхаар нь санаанд орохгүй хүрээд очсон юм. Тухайн үед би хөдөө явах гэж байлаа. Тэгсэн “Та манай компанийн тухай баримтыг хаанаас авсан бэ хэл, тэр баримтаа бидэнд өгөхгүй бол явуулахгүй” гээд явуулдаггүй. Би “Бид хаанаас авснаа хэлэх учир байхгүй, шүүхэд өг, шүүх дээр уулзаад учир явдлаа олъё” гэж хэлсээр байгаад салж байсан даа. Энэ мэт сайн саар зүйлийн талаар олон жил бичсэн дээ. Балдоржийн нэрэмжит шагнал авч байлаа. “Зууны мэдээ” сониндоо хориод жил тэргүүн бичлэгийн шагнал авлаа.

-Та залуу сэтгүүлчдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Ер нь сэтгүүлчдийн сургалт тааруу болчихсон юм уу даа. Бидний үеийн сэтгүүлчид асар их хичээл үздэг байлаа. Улс төр, эдийн засгийн ухаан, коммунист намын түүх хүртэл шүү, философи гэх мэт нийгмийн ухааны олон ч хичээл үздэг байлаа. Одоо нийгмийн ухааны үндсэн суурь мэдлэг олгох хичээлүүд нэг их ордоггүй юм шиг байгаа юм. Анх төгсөөд ирж байгаа залуу сэтгүүлчид жаахан тааруухан л санагддаг юм. Сургалт л тааруухан болсных байх. Түүнээс биш хүүхдүүдийн буруу ч гэж юу байхав.

Гэхдээ сэтгүүлч хүн авьяас, оролдлоготой байж их унших, судлах хэрэгтэй. Өөрөө байнга боловсорч байх нь зүйтэй гэж бодогддог юм. Гэтэл өнөөгийн сэтгүүлчдэд тэр нь дутагдаад байдаг. Адаглаад өдөр тутмын сонины гол нийтлэлүүдийг түүгээд уншчихгүй юм. Сэтгүүлчийн мэргэжил бол хамгийн сайхан мэргэжил шүү дээ. Олны дунд явдаг, түүхэн үйл явдлуудад гар бие оролцож сурвалжилж явна гэдэг бол хамгийн сонирхолтой зүйл. Ерөөс сэтгүүлч байя л гэвэл хэзээ ч шантрахгүй, байнга өөрийгөө боловсруулж дайчилж чаддаг байх хэрэгтэй гэж захимаар байдаг юм.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар луу өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 13. Санчир гариг. Билгийн тооллын 2, хар луу өдөр. Өдрийн наран 08:02 цагт мандан 18:11 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.