Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 15-наас 597 хүнсний үйлдвэр ажиллаж эхэлнэ

Хоёрдугаар сарын 15-наас 597 жижиг хүнсний үйлдвэрийн ажилчдын 10-15 хувь ажиллаж эхлэх бол 16-наас 49 жижиг, том зах худалдааны төвүүдийг нээнэ гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ.

Тэрбээр өнөөдөр Нийслэлийн шуурхай штабт ажиллаж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээлллийг авч, үүрэг даалгавар өгсөн байна.

Маргаашаас эхлэн зөвшөөрөгдсөн 14 салбар, чиглэлийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор тухайн байгууллагаас зайлшгүй шаардлагаар ажиллаж буй ажилтнуудаас PCR шинжилгээний хариу нэхэхгүй болсон гэдгийг НЭМГ-ын дарга хэллээ.

Нийслэлийн шуурхай штабаас ажиллуулж буй 1800-1200 дугаарын утсанд ирж буй дуудлагын дийлэнх нь мэдээллийн чанартай тэр дундаа нэг өрх нэг шинжилгээний авах байршилтай холбоотой мэдээлэл байгаа тул дүүргүүдэд иргэдэд зориулсан мэдээллээ сайтар өгөхийг даалгасан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг чирэгдэлгүй нэвтрүүлж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн шалган нэвтрүүлэх “Эмээлт” товчоон дээр ажиллаж, хатуу хөл хорионы үеийн нөхцөл байдал болон тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажлын байрны орчинтой танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.

Товчоодоор зайлшгүй орж, гарах шаардлагатай иргэдээс PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт зэрэг дээр үндэслэн түргэн шуурхай нэвтрүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад санууллаа.

Мөн “Эмээлт” товчооны цаана байрлах суурьшлын бүсийн иргэдийг ч мөн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэх дээр үндэслэн чирэгдэлгүй нэвтрүүлэхийг үүрэг болгов.

“Эмээлт” нь нийслэлээс баруун чиглэл рүү гарах хамгийн ачаалалтай товчоо бөгөөд ямар нэгэн тодорхой бус байдал, байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдлаас болж иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, түвэг учруулж хэрхэвч болохгүйг Хотын дарга онцолсон юм. Мөн тус товчоон дээр үүрэг гүйцэтгэж байгаа дээрх байгууллагын алба хаагчдын ажлын байрны нөхцөл ялангуяа дулаацах байр, бие засах газар зэргийг ая тухтай байлгах чиглэлд холбогдох албаныханд үүрэг өгч, асуудлыг шийдвэрлүүлнэ гэлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар өсчээ

ҮСХ-ны мэдээгээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.4 хувь, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өсчээ.

Энд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэсэн хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 12.3 хувь), тээврийн бүлгийн үнэ 5.2 хувиар буурсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.4 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувиар (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 2.3 хувь) өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Цасанд суусан автомашиныг татан гаргаж, дөрвөн иргэнийг аварчээ

Онцгой байдлын алба хаагчид Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн ойролцоо “Приус-20” загварын cуудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ.

Тухайн автомашинд дөрвөн зорчигч явсан бөгөөд Улаанбаатар хотоос Увс аймгийн Баруунтуруун сумын чиглэлд зорчиж явсан байна.

Тухайн иргэдийн цасанд суусан газар болох ”Аргалантын дөрөлж” нь аймгийн төвөөс хойд зүгт 310 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т байдаг бөгөөд өчигдөр 06:20 цагт цасанд суусан талаарх дуудлага иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 08:30 цагт очиж, тусламж үзүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-д шаардлагатай 395 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд ДЭМБ-аас эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний түвшинд шаардлагатай 395 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д хүлээлгэн өглөө.

Осол гэмтэл нь Монгол Улсын хүн амын өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчигээг цаг алдалгүй үзүүлэх нь нэн чухал тул осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг, ялангуяа эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын түвшинд бэхжүүлэх шаардлагатай юм. Энэ сарын 10-ны өдөр ГССҮТ-д болсон тус тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Эмнэлгийн болон сургалтын зарим тоног төхөөрөмжийг ГССҮТ-д шинээр байгуулагдсан Эмнэлзүйн сургалтын төвд байрлуулна. Энэ нь эмч, резидент эмч, сувилагч нарт янз бүрийн гэмтлийн тусламж үзүүлэх практик дасгал хийх боломжийг олгох юм. Мөн осол гэмтлийн үеийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг 4 аймгийн 95 сумын эрүүл мэндийн төвүүдэд хүргэх болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Амарсайхан: Алба хаагчдаа дайчлахдаа ар гэрийн нөхцөл байдлыг сайн судлах ёстой

Хөл хорионы үеэр дайчлагдаж байгаа төрийн албан хаагчдын ар гэрийн нөхцөлийг сайтар судалж байж эргүүлд гаргахыг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа.

Хоёрдугаар сарын 11-нээс эхлэн төрийн албан хаагчдыг эргүүлд гаргаж, хэв журам сахиулах ажилд дайчилж буй. Энэ ажилтай холбоотойгоор эмэгтэйчүүдийг шөнийн цагаар эргүүлд гаргасан, жирэмсэн эмэгтэй болон хүүхэд харах хүнгүй хүмүүс хүүхдээ дагуулж явсан гэх мэт асуудлууд гарсан. Үүнтэй холбоотойгоор УОК-оос эмэгтэй албан хаагчдыг эргүүлийн ажлаас чөлөөлсөн юм.

Шадар Сайд С.Амарсайхан “Шаардлагатай хүн хүчийг яам, тамгын газраас гаргуулахаар ажлын хэсэг дээр ярилцсан. Алдаа гаргахгүй байх боломж байсан. Алба хаагчдаа дайчлахдаа ар гэрийн нөхцөл байдлыг сайн судлах ёстой. Ар гэрт нь нялх хүүхэд байгаа, хөгшин настай хүн асардаг, хань ижил нь өвдсөн, хавдартай, элдэв гачигдалтай хүмүүсийг эргүүлд гаргаж болохгүй.

Хоёр хоногийн өмнөх албан ёсны заавар зөвлөгөө өгсөөр байтал найман сартай жирэмсэн эмэгтэйг Чингэлтэй дүүрэгт эргүүлд гаргасан байсан. Юу хийх талаараа мэдээлэлгүй очсон байна. Цагдаагийн алба хаагчид хүч, нөөц нь дутагдаж байна. Тиймээс бид дайчлан ажиллуулж байна. Гэхдээ ард нь хүн хохирч болохгүй” гэдгийг мөн хэлсэн юм.

УОК-оос өгсөн мэдээллээр 11 мянган төрийн албан хаагч хөл хорионы үеэр ажиллах тооцоотой байсан бөгөөд эхний өдөр ажилласны дараа эмэгтэйчүүдийг энэ ажлаас чөлөөлсөн байна. Нийт 4700 орчим төрийн эмэгтэй албан хаагчийг хөл хорионы үеэр хэв журам сахиулах ажлаас чөлөөлж, өнөөдрийн байдлаар цагдаа, дотоодын цэрэг, төрийн албан хаагч гээд нийт 10 мянган хүн хөл хориог сахиулахаар ажиллаж байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2526 дуудлага иржээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.02.13-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2526 дуудлага ирснээс 1117 нь яаралтай тусламж, 1409 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 471 хүн мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 25 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 29 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 172 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол хүүхдүүд Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанаас алтан медаль хүртжээ

Монголын балетын хөгжил сангийн санаачлагаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан 16 орны 1000 гаруй уран бүтээлчдийн оролцсон “IUCDC” буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёр сар гаран үргэлжилж өчигдөр дүнгээ танилцууллаа.

Сонгодог, ардын, орчин үе, чөлөөт, стандарт, цэнгээнт бүжгүүд ба бүжгийн сэдэвт уран зураг, кино бүтээл гэсэн төрлүүдээр явагдсан энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуучууд маань ардын, сонгодог мөн орчин үеийн төрлүүдээр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагналууд хүртлээ. Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын Элч Д.Алтанхуяг ажилласан билээ.

Ардын бүжгийн төрөлд Жуниор/При-Жуниор ангилалд:

Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх Саруул дэнж хамтлаг Алтан медаль ба Шилдэг үзүүлбэрийн шагнал

О. Мишээл Алтан медаль

Г. Энгүн Алтан медаль

Я. Түмэн-Эрдэнэ Мөнгөн медаль

А. Биндэръяа Мөнгөн медаль

М. Энхжин Мөнгөн медаль

Х. Хонгорзул Хүрэл медаль

Э. Эмүжин Хүрэл медаль

Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц. Эрхсаран тусгай байр

Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:

Монголын Балетын Үндэсний Сургууль/ National Ballet School of Mongolia-ийн багш Damchaabadgar Yondon

Алтан медаль ба шилдэг үзүүлбэрийн шагнал

Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э. Амаржаргал Мөнгөн медаль

Сонгодог бүжгийн төрөлд:

Дархан-Уул аймгийн Гладнес клубын баг Тусгай байр

Ц. Молор Хичээл зүтгэлийн шагнал

Орчин үеийн бүжгийн төрөлд:

Ц. Молор Тусгай байр,

О. Уянга Тусгай байр тус тус хүртсэн байна.

#MongolianBalletDevelopmentFoundation

https://iucdc.net/en/?fbclid=IwAR1JbIiePIZOsukDFR-…

Categories
мэдээ спорт

Байерн Мюнхен зургаа дахь цомоо хүртжээ

Европын клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн аварга Байерн Мюнхен баг өчигдөр ФИФА клубуудын ДАШТ-ий финалд Мексикийн Тигрес багийг 1-0 гэсэн харьцаатай хожиж, сүүлийн 12 сарын дотор зургаа дахь цомоо хүртлээ.

Германы Байерн Мюнхен баг дасгалжуулагч Ханси Фликийн удирдлага дор сүүлийн 12 сарын дотор ФИФА клубуудын ДАШТ, УЕФА Аваргуудын лиг, УЕФА Супер цом, Бундеслиг, Германы супер цом, DBF-Покал зэрэг тэмцээнүүдэд түрүүлж, хүртэж болох бүхий л цомуудыг хүртэв.

Тэднээс өмнө нь 2009 онд Пеп Гвардиолагийн удирдаж байсан Барселона баг оролцсон бүх зургаан тэмцээндээ түрүүлж байсан түүхтэй.

Байерн Мюнхен клубуудын ДАШТ-ий хагас шигшээд Азийн клубуудын аварга Аль Ахли багийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, финалын тоглолтонд Хойд, Төв Америкийн клубуудын аварга Тигрес багийг Бенжамен Паварын ганц гоолоор хожлоо. Тус тэмцээний шилдэг тоглогчид олгодог алтан бөмбөгийн эзнээр Байерн Мюнхен багийн Польш довтлогч Роберт Левандовски тодорсон бол мөнгөн бөмбөгийн эзнээр Тигрес багийн Франц довтлогч Андре-Пьер Жиньяк, хүрэл бөмбөгийн эзнээр Байерн Мюнхен багийн Герман хамгаалагч Жошуа Киммих нар тодорчээ.

Харин ФИФА клубуудын ДАШТ-ий хүрэл медалийн эздээр Египетийн Эль Ахли баг Бразилын Палмейрас багийг хожиж шалгарав.

2021 оны ФИФА клубуудын ДАШТ ирэх арванхоёрдугаар сард Япон улсад зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нууранд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдож хөлдсөн ба мөсний зузаан өмнөх арав хоногийн зузаанаас 5-30 см нэмэгдсэн байна.

Эг, Бэлтэс, Шишхэд, Идэр, Хануй, Чулуут, Хүдэр, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Орхон, Эг, Онон, Балж, Хэрлэн голын эх, Халх, Ховд, Турган, Буянт, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Хархираа зэрэг голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй.

Хэдийгээр ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч мөс хэврэгшиж, мөсний нягт багассан байна.

Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.