Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр СХД-ийн 10 хорооны иргэдийг шинжилгээнд хамруулна

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Сонгинохайрхан дүүргийн 54 мянга гаруй өрхийн шинжилгээг өнөөдрөөс эхэлж байна. Тус дүүрэгт 02.14-02.16-ны хооронд шинжилгээг хийх ба өнөөдөр нийт 10 хороонд шинжилгээг хийх юм.

СХД-ийн 1, 2, 3, 20, 21, 22, 32, 33, 34, 35-р хорооны 15590 өрхийн шинжилгээг хийнэ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

PCR шинжилгээ өгөхөөс өмнө тамхи татаж, шүдээ угааж болохгүй

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд эхний гурван өдрийн байдлаар, нийтдээ 109.068 хүнээс шинжилгээ авсан байна.

2021 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр 45.885, 12-ны өдөр 34.201, 13-ны өдөр 28.982 хүн хамрагдаад байна.

Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй тус үйл ажиллагааг шинжилгээний түр цэг болон явуулын багаар дамжуулан хийж гүйцэтгэж байна.

Covid-19 илрүүлэх хамар залгиурын шинжилгээ өгөх иргэдэд тавигдах шаардлага:
Шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнө
  • Хоол идэхгүй байх
  • Ам хамраа зайлахгүй байх
  • Юм уухгүй байх
  • Бохь зажлахгүй байх
  • Тамхи татахгүй байх
  • Шүдээ угаахгүй байх
  • Эм уухгүй байх
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ХӨСҮТ: Улаанбаатарт 58 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2351 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 109 мянган хүнд шинжилгээ хийхэд хавьтлуудаас гадна 6 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тодруулбал, 3 өдөр дарааллан тус бүр 2 хүний шинжилгээнд илэрсэн. Өмнөх батлагдсан хүмүүсийн ойрын таван хүнээс илэрлээ.

2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр улсын хэмжээнд хүнд PCR шинжилгээ хийхэд 58 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний хоёр нь нийслэлийг хамарсан өрхүүдийн шинжилгээгээр илэрсэн бол 56 нь өмнө нь батлагдагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээнд илэрсэн гэлээ.

УБ-т 1513 тохиолдол, Монголд кластераар 1839 тохиолдол, нийт халдварын 2351 тохиолдол байгаа бол 1682 нь буюу 71,5 хувь нь эдгэрсэн. Одоо 621 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 29 хүн эмчлэгдэн эдгэрч, гэртээ гарсан” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн байгууллагуудыг халдвараас хамгаалах хувцас хэрэгслээр хангалаа

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хорооноос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байгаа юм.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус үйл ажиллагаанд нийт 1,923 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж буй бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шаардлагатай урвалж, оношлуур, ариутгалын бодис болон хамгаалах хувцас хэрэгслээр ханган ажиллаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдсан нөөцөөс 410 мянган өрхөд шинжилгээ хийхэд зориулж

  • шинжилгээ авах бамбар (тубе) 130,500,
  • хамгаалах комбинзон 47,214,
  • N95 амны хаалт 36,722 ширхэг,
  • жавелион (300ш) 247 ширхэг,
  • гар халдваргүйжүүлэгч (1 литр) 20,184 ширхэг,
  • улавч 365,994 ширхэг,
  • нэг удаагийн бээлий 1,681,608 хос,
  • нэг удаагийн халаад 339,000 ширхэг,
  • нэг удаагийн амны хаалт 43,036 ширхэг,
  • нэг удаагийн малгай 47,706 ширхэг,
  • гадаргуу ариутгагч (500 мл) 246 ширхэг,
  • нүүрний хаалт 47,224 ширхэг,
  • хогны хар уут 16,860 ширхэг,
  • хогны шар уут 33,720 ширхгийг нийт харьяа
Categories
гадаад мэдээ

Япон улсад 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

ТОКИО. /Kyodo/. Бямба гаригийн орой Японы Фүкүшима мужаас зүүн хойд зүгт Номхон далайд хүчтэй газар хөдөлсөн тухай тус улсын Цаг уурын үндэсний газраас мэдээлжээ.

Эхэндээ 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлж байсан боловч дараа нь 7.3 болгосон байна. Газар хөдлөлтийн чичиргээ Фүкшима, Мияги, нийслэлийн бүс зэрэг Японы хойд, зүүн хойд, төвийн хэсгийн доод тал нь арван мужид мэдрэгдсэн байна. Нийслэл Токиогийн төв дэх чичирхийллийн хүч дөрөв орчим балл байжээ.

Японы Цаг уурын үндэсний газраас газар хөдлөлтийн чичирхийлэл долоо хоногийн турш үргэлжилж болзошгүйг анхааруулж байна. Харин бямба гарагт болсон газар хөдлөлтийг 2011 оны гуравдугаар сарын 11-ний хүчтэй газар хөдлөлтийн дараах түлхэлт гэж Японы газар хөдлөлт судлаачид гэж үзэж байна.

Байгалийн гамшгийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо 103 болжээ. Өмнө нь 50 орчим хүн бэртсэн гэж мэдээлж байв. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дийлэнх нь газар хөдлөлт хамгийн их мэдрэгдсэн Мияги, Фүкүшима мужуудын оршин суугчид аж.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд өчигдөр 32310 иргэн PCR шинжилгээ өгчээ

Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өргөтгөсөн хүрээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн есөн дүүргийн 32310 иргэн PCR шинжилгээ өгчээ. Тодруулбал,

  • Багануур дүүрэгт 370,
  • Багахангай дүүрэгт 8,
  • Баянгол дүүрэгт 7,165
  • Баянзүрх дүүрэгт 11,143,
  • Налайх дүүрэгт 582,
  • Сонгинохайрхан дүүрэгт 3,158,
  • Сүхбаатар дүүрэгт 3,227,
  • Хан-Уул дүүрэгт 3,823,
  • Чингэлтэй дүүрэгт 2,834 иргэн коронавирусийн халдвар илрүүлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагджээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр нийслэлийн есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хорооноос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын начин Д.Нэмэхбаяр: Улсын цолгүй бөх тэр жилийн Цагаан сараар гурван аваргатай их шөвөгт шалгарч байлаа

-ДАЛ НАЯАД ОНЫ ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ НЭГЭН ЧИМЭГ НЬ ЦАХИЛГААН МӨНХӨӨ ГУАЙ БАЙСАН ЮМ ШҮҮ-


Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Дугарын Нэмэхбаяртай ярилцлаа. Түүний хувьд 1981 оны Сар шинийн барилдаанд аймгийн арслан цолтойдоо их шөвөгт шалгарч байсан хүчтэн юм.


-Сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд таныг зочноор урьсан нь учиртай. Таны тухайд 1981 онд аймгийн арслан цолтойдоо Сар шинийн барилдааны их шөвөгт шалгарч содон амжилт үзүүлж байсан шүү дээ. Тэр дундаа гурван дархан аваргатай үлдэж олны анхаарлыг татаж байсан. Сар шинийн барилдааны дурсамжаас тань хуваалцах гэсэн юм.

-Би хөдөө суманд амьдарч байсан хүн. зорьж бэлтгэл сургуулилт нэг их хийдэггүй байлаа. Бага наадамд би ганц удаа л барилдсан. Тэр жил үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор нутгаасаа онгоцоор нисч ирээд л маргааш нь Сар шинийн барилдаанд зодоглож таарсан. өмнө нь нутаг орондоо л зодоглодог байсан залуу анх удаа дархан аваргуудтай нэг дэвжээнд гарсан минь тэр. Цол олгодоггүй учраас бөхчүүд шударга барилдаж, ирэх наадмын өнгөө үздэг өндөр ач холбогдолтой барилдаан болдог байлаа. Тэр хэрээрээ үзүүштэй барилдаан ч олон гардаг.

-Орон нутгаас онгоцоор ирсэн залууд бага наадмын оноолт эхнээсээ л хатуу таарсан биз?

-Нэгийн даваанд улсын арслан Б.Ганбаатартай оноолт таарч байлаа. Арслан тухайн үед цэрэг байсан юм. Шавчихаад эргэтэл засуул маань “Хүү минь наадах чинь зааланд түрүүлээд байгаа цэрэг шүү” гэж хэлж билээ. Би ч залуу бөхтэй нэг их бэргэлгүй барилдаад давсан. Б.Ганбаатар тэр жилийнхээ наадмаар улсын начин болсон байдаг. ингээд бодоход шаггүй залуутай оноолт таарсан байгаа биз. Хоёрын даваанд Жамц начинг даваад туг тойртол Ж.Хайдав арслан намайг амладаг юм байна. Арслантай нэг их удаан барилдалгүй давсан.

-Дөрвийн даваанд манлай заан Д.Долгорсүрэнтэй хүч үзсэн гэдэг бил үү?

-Тийм. Долгорсүрэн заан зүүн зөрөх гээд би баруун зөрөх гээд л хэцүү барилдаан болсон шүү. Эцэстээ би зүүн золгоод хавирч давсан. Заан ч тухайн үед ид сайн байсан шүү дээ. Заантай хүнд барилдаан хийж даваад их ч баярласан. Ингээд бага наадмын шөвгийн наймд үлдэж билээ. Үзэгчид шуугилдаад л сүртэй байж билээ.


-Бага шөвөгт Булганы Д.Галдандагва начин та хоёрыг хүн амлалгүй тунаасан санагдаж байна. Аваргууд залуу аймгийн цолтныг амлахаас жийрхээд л байж дээ?

-Баруун бүсийн барилдаанд түрүүлчихээд байсан үе л дээ. Ирээд Д.Долгорсүрэн зааныг хаячихлаар аваргууд амлаад яах уу гэж санасан байх. Ингээд Д.Галдандагва начинтай тунаж таарсан. Дархан аваргуудын сэнжигнээс нь атгачихвал тавьдаггүй тийм л бяртай том биетэй бөх байсан шүү, Галдандагва начин. Түрүү бөхийн тааварт ч орж байсан байх. Бид хоёрын барилдаан бужигнаад л өнгөрсөн. Тухайн үедээ яаж давсан аа ч мэдээгүй. Сүүлд асуухад босоо өрдөг хүнийг баруун талд нь хонгодоод давсан байна лээ. Ингээд баруун Алтайгаас ирсэн аймгийн арслан гурван дархан аваргатай үлдэж их урам авч байлаа. Мөөеө, Баянаа, Цэрэнтогтох гэсэн гурван их аварга шүү дээ. Ингээд Ж.Мөнхбат аварга намайг амлаж барилдаад давсан. Тэр үеийн аваргууд хүчтэй, байгалиасаа бяртай төрчихсөн, биднээс илүү өгөгдөлтэй амьтад байсан даа. Мань мэтийн залуусаас бол хол илүү хүмүүс байсан санагддаг юм. Бага наадмын их шөвөгт үлдчихээд заалнаас гарч байхад хүмүүс баяр хүргээд мөн ч сайхан байсан шүү. одоо ч сар шинийн барилдаан болоход ид сайн барилдаж байсан үе минь нүдэнд харагддаг юм. Би шинийн барилдаанд нэг удаа барилдсан хүн.

-Улсын аваргад оролцохоор хот руу ирсэн гэдэг шүү дээ. Ямар амжилттай оролцов?

-Өөрийнхөө хэмжээнд сайн барилдсан. Тавдугаар байр эзэлж уран барилдааны тусгай шагнал авч байлаа. Ингээд хотод үлдэж бэлтгэл сургуулилт хийгээгүй, хөдөө сум руугаа буцсан. сумынхан радиогоор сар шинийн барилдааны мэдээ сонсчихсон байгаа юм. Нутаг орны нэр дуурсгалаа гэж бүгд баяр хүргээд л сайхан л байсан.


-Бага наадамд шөвгөрсөн залуу тэр дороо л бөхийн хүрээнийхний анхаарлын төвд орсон шүү дээ. Улсын цол хожуу авах шиг санагдсан…

-Тухайн үедээ дагнаад бэлтгэл хийгээд явсан бол гэж одоо хааяа харамсдаг юм. суманд хэнтэйгээ барилдах вэ дээ, гүйж харайж гимнастик хийхээс хэтрэхгүй. Том тэрэгний жолооч байсан учраас хүнд ачаа өргөнө. Тэр л миний бэлтгэл болдог байж дээ. Улсын наадамд долоон удаа л барилдсан. Нэг удаа тав, гурван удаа дөрөв давсан. Уул нь хоёр удаа тав давсан юм. Нэгийг нь тооцоогүй.

-Яагаад тэр билээ?

-1989 оны наадмаар тавын даваанд М.Мөнгөн арслан намайг амласан юм. Намайг давуулж гуядахаар нь тахимдаж хөөгөөд давчихлаа. Гэтэл арслан маань суучихаад намайгаа татаж унагаад дэвээд гүйчихдэг юм. Хөлийн цэцүүд ч нэг муу начинг тоохгүй, Мөнгөн арсланг давуулчихсан. Туг тойроод буцахад нь с.Эрхэмбаяр бид хоёр тосч очоод “Арслан уначихаад дэвээд явчих юм. Яаж байгаа юм” гэтэл өөдөөс “тэгсээн тэгсэн” гэчихээд хурдхан гүйгээд явчихаж билээ. Бид хоёр ч инээлдээд л үлдсэн. Эрхэмбаяр маань тухайн үед шигшээ багийн тамирчин байсан. Олимпийн наадамд зодоглож байсан хүн шүү дээ. Их гоё тонгордог дархан мэхтэй. Жин их хасдаг нь амжилтад нь бага зэрэг сөргөөр нөлөөлсөн гэж боддог юм. Наанадаж л заан болчихоор байсан шүү.

-Тухайн үед баруун бүсийн барилдаан их өрсөлдөөнтэй болдог байсан тухай ахмад бөхийн хорхойтнууд хуучилдаг, та ямар амжилттай барилдаж байв?

-Хоёр удаа зохион байгуулагдсан, би түрүүлсэн. Аймаг бүрээс шалгарсан шилдэг найман бөх тойргоор барилддаг. Улсын заан Ө.Тулгаа, Баянхонгорын А.Норов начин, Говь-Алтайн Ч.Амартүвшин, Цэрэндаш, Буянт начин гээд бөхчүүд тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулж, эхний зургаан бөх улсын аварга шалгаруулах барилдаанд оролцдог байсан.

-Та цэргийн алба хаана хаасан хүн бэ?

-Би 1971 онд Ардын хувьсгалын 71 жилийн ойгоор 10 хэдтэй хүүхэд сумандаа түрүүлж байлаа. Ингээд цэрэгт татагдаж Батлан хамгаалах яамны авто гараашийн ангид цэргийн алба хаасан юм. Чойдонгийн Пүрэвдорж генералын жолооч хийж байгаад л халагдсан. Их ажилтай учраас заалны барилдаануудад гарч чаддаггүй байлаа. Армийн аварга шалгаруулах барилдаанд 31 давахад ангийн захирагч цэргийн начин цолны үнэмлэх бичиж өгсөн нь одоо ч надад байдаг юм.

-Аймгийн наадамдаа олон жил сайн барилдсан байх…

-Цэргээс халагдаад сумын наадамдаа түрүүлсэн.Ингээд 1978 онд Говь-Алтай аймгийнхаа наадамд улсын начин Буянтаар давж түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан. 1979 онд Цэрэндаш начинтай үлдэж үзүүрлэсэн. Аймгийнхаа наадамд би таван удаа түрүүлж, хоёр удаа үзүүрлэсэн.

-1986 оны улсын наадмын талаар танаас асуумаар байна. Таны хувьд улсын цолны босго алхсан шүү дээ, тэр жил.

-Би улсын наадамд их цөөхөн барилдсан л даа. Сүүлийн хэдэн жил сумандаа биеийн тамирын багш хийсэн юм. Хичээл зургадугаар сарын дундуур амарна. Тэр хүртэл чөлөө олдохгүй, бэлтгэл хийх боломж гарахгүй шүү дээ. Хичээл амрахад л хөнгөхөн бэлтгэл хийж байгаад улсын наадамдаа барилдана. Тэр жил Пүрэвийн Дагвасүрэн арслангаар тав давж улсын начин болсон. Дараагийн даваанд нь Д.Цэрэнтогтох аваргын аманд гараад унасан. Аварга ч хурдтай, олон угсраа мэхтэй тэсрэлттэй ховор заяах өгөгдөлтэй хүчтэн байсан даа. Цагаан шүд гаргаад л яралзал сайхан инээдэг, сайхан бөх. Тэр жил Хадбаатар аварга хоёр дахь удаагаа түрүүлж байсан нь тод санагдаж байна.

-Ө.Тулгаа зааны талаар танаас асуумаар байна.

-Шагай шиг биетэй, дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай гоё бөх байсан даа. Хоёр хөлд суудаг, эгзэг нь таарвал айхавтар өмсдөг, угсраа мэхтэй сайхан хүчтэн. Жолоочоо хийгээд л барилдаад явдаг, байгалиасаа засан авьяастай бөх. Бид гурван ч удаа таарч барилдсан. Эхэлж би унаад сүүлийн хоёрт нь би хаясан санагдаж байна. Баруун бүсийн тойргийн барилдааны үеэр гар дээрээ цохиж зайлж татаад туг тойрч байсан маань саяхан юм шиг санагдаж байна.

-Таны үед тодорч байсан хүчтэн бол Д.Хадбаатар аварга. Аваргын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь …

-Би цэргийн алба хааж байхдаа “Алдар” спорт хороонд Тавхай гэж даргын тэргийг хэсэг барьсан юм. Тэр үед заалаар шагайхад буржгар үестэй, тарган шар цэрэг бэлтгэл хийдэг байсан нь хожмын аварга Д.Хадбаатар байсан юм билээ. Би Хадаатай гурван ч удаа барилдаж унаж байсан. Ойгүй их бяртай хүн гэж Хадбаатар аваргыг л хэлнэ дээ. Намайг сэрвүү барьцнаас л тохоод унагачихаж байсан. Хүүхэд шиг цайлган цагаахан сэтгэлтэй, хүн муу санадаггүй мөн ч гүндүүгүй сайхан эр дээ, Хадбаатар маань. Бид сайхан л нөхөрлөж явсан.

-Та Засагт ханы хөх харчуултай сайхан нөхөрлөж л явсан байх. Цахилгаан Мөнхөө гэж үзэгчдийг шуугиулдаг бөхийн тухай ахмад бөхийн хорхойтнууд хаа нэг дурсаж байдаг. Мөнхөө гуай Говь-Алтайн хүн байсан гэх юм билээ…

-Хавирга нь хэрзийсэн буурал толгойтой хөгшин нас өндөр болтлоо зодоглосон. Эгзэг нь таарвал эвгүй тойгддог мэхтэй хүн байж билээ. Хөх буурал толгойтой хөгшин ногоон торгон зодгоо өмсөөд гараад ирнэ. Дэвж байгаа гэж тунчиг сүртэй. Харцага шонхортой төстэй юм шиг.

Ёстой л нөгөө харцага шонхрын дэвэлтээр гэдэг чинь Мөнхөө гуайн дэвэлт болж таарч байгаа юм шиг. Мөнхөө гуай учраа бөхтэйгөө нэг сүрхий өрснөө буцаад алхчихна. Ингэж байгаад шүдээ тачигнуулж байгаад барилдана. Хэд хэд сүрхий хална. Тэгээд яахав цуцна даа, хөөрхий. Эрийг нас, уулыг цас гэдэг шиг залуусын хөлийг яаж гүйцэх билээ. Тахимаа өгчихөөд, өнөө залуугаа нэг үнсэж авчихаад хуучин ногоон далбааныхаа тоосыг гөвсөн шигээ алхаж явахад үзэгчид бас л алга ташина. Дал наяад оны Цагаан сарын барилдааны нэгэн чимэг нь Мөнхөө гуай байсан юм шүү. Ахмад бөхийн хорхойтнууд сайн мэднэ.

-Домог болсон хоёр Мөнх тантай нэг үед л барилдаж явсан хүчтэнүүд.

-Надаас эрт тодорсон улс л даа. Намайг барилдаж эхлэхэд л сар шинийн барилдаанд хамт их шөвөгт шалгарч үлдэж байсан. Бяртай бол бяртай, уртай бол уртай тийм л хүчтэнүүд. Миний тухайд хөдөөний хүн учраас тэр нарийн ширийн юмыг нь хэлж мэдэхгүй юм.

-Нутаг руугаа явж байна уу та?

-Хар азаргын нурууны өвөрт байршдаг Цээл сум үнэхээр сайхан нутаг шүү. Нас ахихаар нутгаа их санах юм. Жилд хоёр удаа очдог. Цээлээс сайн бөхчүүд олон төрсөн байдаг. Улсын начин С.Баатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Л.Гантулга гээд сайн бөхчүүд төрсөн. Бат-Эрдэнэ маань шөрмөсөө гэмтээгээд амжилт нь бага зэрэг уруудсан байх. Наадамд түрүүлчихээр хэмжээнд барилдаж байсан хүн шүү дээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Улстөрчид Оюу толгойн хэлэлцээрт сууж байгаа залууст яг одоо галын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

-У.ХҮРЭЛСҮХ, Ж.ЭРДЭНЭБАТ ХОЁР ДУБАЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛУУЛАХ ЗОРИЛГООР ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАЖ БАЙСАН-


“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн асан, эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Та “Дубайн гэрээг цуцлах ёстой юу” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Ганбаатартай мэтгэлцсэн. Уг нь гэрээ биш санхүүжилтийн төлөвлөгөө. Д.Жаргалсайхан эдийн засагч олонд танигдсан нэршлийг зориуд сонгосон шиг санагдсан. Хэлэлцүүлгийг сонирхсон хүмүүст таны байр суурь хэтэрхий сул, С.Ганбаатар гишүүн асуудлаа мэддэг юм шиг сэтгэгдэл төрүүлчих шиг болсон…?

-Би тэр мэтгэлцээнд Дубайн төлөвлөгөөг танилцуулах гэж очсон. Харамсалтай нь С.Ганбаатар гишүүн улстөржүүлчихсэн л дээ. Сошиал дээр нэвтрүүлэг дуусахаас ч өмнө дайралтууд ороод ирчихсэн байсан. Тэгэхээр цаанаасаа зохион байгуулалттай, анхнаасаа бэлтгэлтэй байсан юм билээ. Миний хувьд юу ч ярьсан ялагдах нь тодорхой байж гэж харсан. Хоёрдугаарт, мэтгэлцээнийг цаг гучин минут үргэлжлэх болов уу гэж бодож байтал 55 минут л болсон. Гуравны хоёрт нь С.Ганбаатар гишүүн байр сууриа илэрхийлсэн. Ер нь их аархуу хүн байна лээ. Би уг нь таван минутын хугацаагаа бүтэн авсан бол оюу толгойг түүхээр нь ярья гэсэн төлөвлөгөөтэй очсон юм. Бидний яриад байгаа Дубайн гэрээ буюу Дубайд гарын үсэг зурсан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө 2011 оны гэрээнээс яагаад огт өөр вэ гэдгийг ярих гэж байсан. Макро эдийн засаг, гуравдагч хөрш, Дубайн өгөөжийг ярья гэж очсон.

-Цаг дууссан учраас ярьж амжаагүй юу, эсвэл ярих боломж огт олгосонгүй юу?

-Ярих боломж ч олдсонгүй, цаг ч дуусчихсан. Шуудхан хэлэхэд, өгөөжтэй нэвтрүүлэг болж чадсангүйд харамсаж байна.

С.Ганбаатар гишүүнийг нягтлан бодохын түвшинд санхүүгийн тайлан ярьсаар мэтгэлцээнийг дуусгана гэж бодоогүй. Илүү том түвшинд, макро эдийн засаг, геополитик, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гэх мэт өргөн хүрээнд ярих болов уу гэж бодсон. Учир нь Дубайн төлөвлөгөө цуцлагдах юм бол макро эдийн засагт маш аюултай байдал үүснэ. Наад захын факт гэхэд л Дубайгаар 40 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж бий болсон юм. Дубайг хүчингүй болгочихвол энэ өгөөж алга болно. Үүнийг ойлгоосой гэж бодож очсон юм. Гэхдээ би нэг зүйлд баяртай байгаа. С.Ганбаатар гишүүн 34 хувиас татгалзаж, рояалтигаар сольё гэдгийг дэмжих хандлагатай байна гэж би хувьдаа ойлгосон. Энэ бол байж болох зөв, бүтээлч шийдэл.

-С.Баярын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг хийж байхдаа өнөөдрийн маргааны гол сэдэв болсон 34 хувийг эзэмшихгүйгээр татвар, хураамжаа тултал аваад явья гэсэн байр суурьтай байсан ч С.Ганбаатар тэргүүтэй улстөрчдийн шахалт, шаардлага Оюу толгойд Монголын засаг хувь эзэмших шалтгаан болсон шиг санагддаг…?

-Би яг наад өнцөг дээр чинь С.Ганбаатар гишүүнийг гайхаад байгаа юм. Байр суурь нь яагаад огцом өөрчлөгдчихөв өө гэж. С.Ганбаатар гишүүн Англид сурч ажиллаж байсан хүн. Англи, Монголын парламентын эмхэтгэлд намтраа бичсэн байна лээ. Англичуудаас маш ихийг сурсан, англичуудыг шүтэж явдаг гэж ирээд бичсэн байсан л даа. Англи бол парламентат ёс үүссэн газар. Парламентын гишүүн хүн парламентаас шийдвэр гарсан л бол үг дуугүй дагадаг жишиг дэлхийд үйлчилдэг. Дубайн төлөвлөгөө бол С.Ганбаатарыг гишүүн байх үед л УИХ-аас батлагдсан шийдэл. Товчхондоо УИХ-ын гишүүн хүн парламентын сонгодог зарчмаа дагах ёстой, монголоор хэлбэл жаахан ёс зүйтэй, хударгатай болмоор байгаа юм. Дахиад хэлэхэд, парламентын гишүүн байсан хүн парламентын шийдвэрийг дагаад явах ёстой. Монгол бол парламентат засаглалтай, төрт ёсны тогтолцоотой улс. Асуудлыг гудамжинд гарч шийддэг жишиг тогтчихсон дарангуйлалтай, дайн самуунтай улс биш. Монголоор дүүрэн асуудал байна. Тэр болгонд гишүүд нь талбай дээр гарч өлсөөд, Хууль зүйн сайд нь очиж аргадаад аж төрвөл УИХ, Засгийн газартай оршихын хэрэг байна уу.

-Мэтгэлцээний сэдэв Дубайд гарын үсэг зурсан гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах уу үгүй юү гэдэгт чиглэсэн. С.Ганбаатар гишүүнийг Дубайн төлөвлөгөөтэй ямар ч холбоогүй нягтлангийн түвшний зүйл ярьсаар мэтгэлцээнийг дуусгасан гэж та сая хэллээ. Уг нь мэтгэлцээнийг хөтлөгч нь асуудлаа мэддэг, мэдэрдэг эдийн засагч хүн. Мань эрд онцолсон сэдэв рүүгээ хөтлөх боломж баймаар санагдах юм, тийм оролдлого хөтлөгчийн зүгээс анзаарагдсан уу?

-Би Германд төгссөн хүн учраас цаг тоологч аппликэйшнтэй очсон. Надад ногдох хугацаа буюу таван минутыг бүрэн гүйцэд өгөөгүй. С.Ганбаатар гишүүн найман минут ярьсан үе ч байсан, гэхдээ яахав би энэ хандлагыг нэг их сүртэй хүлээж аваагүй. УИХ-ын гишүүнд ярих юм илүү бий гэж бодсон байлгүй дээ.

-Мэтгэлцээнд орж байгаа тохиолдолд С.Ганбаатарын УИХ-ын гишүүн байх хэнд ч хамаагүй, оноосон сэдвийн хүрээнд мэтгэлцүүлэх тал руу чиглүүлэх нь хөтлөгчийн мэдлийн хэрэг л дээ…?

-Уг нь тийм. Дөрөвдөгч засаглалын эрх нөлөө гэж бий. УИХ-ын гишүүн чуулганы танхимд юу ч гэж ярьж болно. Хүн рүү яаж ч дайрч доромжилж, аархаж, дээрэлхэж болох байх. Дөрөвдөгч засаглалын хувьд эдийн засагт нөлөөтэй ийм чухал сэдэв дээр мэргэжлийн байх ёстой.

-С.Ганбаатар гишүүний яриаг Дубайн төлөвлөгөө рүү чиглүүлэх оролдлого хийсэн болов уу, тэр энэ гээд онцлоод хэлчих асуултаас нь сонирхуулаач?

-Яг Дубай руу чиглүүлж чадаагүй.

-Та ярианыхаа эхэнд Дубайн санхүүжилтийн төлөвлөгөө, хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын гэрээнүүд хоорондоо ялгаатай, тэс ондоо тусдаа асуудал гэдгийг ойлгуулах гэж мэтгэлцээнд оролцсон ч тийм боломж олдоогүй гэж хэллээ. Энэ хоёр шийдвэр яагаад өөр хоорондоо маш том ялгаатайг манай уншигчидтай хуваалцаач?

-Хувь нийлүүлэгчдийн гэрээг ярихаас өмнө нэг түүхийг зайлшгүй ярих хэрэгтэй болдог. Эрдэнэтийн 50 хувийг хэн, хэрхэн 51 хувь болгосон бэ гэдэг түүхийг. Яг үнэндээ Да.Ганболд 1991 онд Эрдэнэтийн хувийг 51 хувь болгосон юм. Гэтэл Н.Энхбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа Эрдэнэтийн 51 хувийг 2003 онд өөрийгөө авчирсан гэж ярина лээ. С.Ганбаатар гишүүн сая мэтгэлцээнд орохдоо ч иймэрхүү утгатай үг унагасан. 1990 онд ЗХУ өөрсдөө хүнд байдалд орж хамтарсан үйлдвэрүүдээ авч явж чадахгүй учраас хувь эзэмшлээ нөгөө улсууддаа өгч байсан юм билээ. Манайхыг Эрдэнэт, төмөр зам хоёрынхоо хувийг ав гэхэд тухайн үед төмөр замыг удирдаж байсан хүнээс болоод төмөр замаа 100 хувь мэдэлдээ авч чадаагүй түүх бий. Тэр бол маш том алдаа байсан. Хэрвээ тэр үед төмөр замаа авчихсан бол өдийд хос замтай, барууны хөрөнгө оруулалт оруулаад ирчихсэн, Европ Азийг холбосон транзит болчих байсан л даа. Тэгсэн бол юун Оюу толгой, өчнөөн долларыг зөвхөн транзит тээврээсээ аваад явах байсан юм. Да.Ганболд тухайн үед Тэргүүн Шадар сайд байхдаа Эрдэнэт дээр хэлэлцээр хийж 49 хувийг 51 хувь болгосон гавьяатай. Эдийн засагч, орос хэлтэй хүн учраас гэрээ хэлэлцээрт идэвхтэй оролцож тэр боломжийг маш овжноор ашиглаж чадсан байдаг юм.

-С.Ганбаатар гишүүн “Н.Энхбаяр Эрдэнэтийн хувь эзэмшлийг 51 болгож нэмэгдүүлж чадсан. Эрдэнэтийн жишгээр Оюу толгойн 51 хувийг авах ёстой” гэсэн утгатай үг хэлчихлүү?

-Харин тийм утгатай үг хэлнэ лээ. Энэ бол маш буруу ойлголт. Эрдэнэт, Оюу толгойн гэрээнүүдийн тухайд нэг нь БНМАУ-ын үед, нөгөө нь Монгол Улсын үед байгуулагдсан. Ашигт малтмалын хуульд маш тодорхой нэг заалт бий. Хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийгээд орд болгож нөөцийг нь тогтоосон бол 34, төсвийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн тохиолдолд 50 хүртэлх хувийг нь төр эзэмшиж болно гэж байгаа. Оюу толгойн гүний уурхайн нөөцийг хувийн хэвшлийн хөрөнгөөр тогтоосон учраас Оюу толгой дээр Монголын Засгийн газар 50 хүртэлх хувь эзэмших боломжгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээн дээр яваандаа 50 хувь хүргэж болно гэсэн тохироо бий. Хувь нийлүүлэгчдийн гэрээ их сонирхолтой. Уг нь хөрөнгө оруулагч компаниудын хоорондын харилцааг зохицуулах гээд байгаа юм шиг. Гэтэл энэ гэрээнд бидний яриад байдаг өр өсдөг асуудлыг 2009 онд тусгачихсан. 2011 онд Сү.Батболдын Засгийн газар үүнийг нь тодорхой хэмжээнд өөрчилсөн. Хүүг нь багасгасан. Гэхдээ хүүг нь багасгасан ч үлдэгдэл өр нь тодорхой хэмжээнд өсөөд яваа.

-Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хорь гаруй тэрбум ам.долларын өрийн тухай сошиалд хөндсөн байсан. Тэр постыг харсан уу, түүний хөндөөд байгаа энэ өр Дубайтай холбогдох уу?

-Харсан. 22 тэрбум ам.долларын өр гээд байгаа зүйл Дубайтай огт холбоогүй. Э.Баясгалангийн тухайд 34 хувиа хувь нийлүүлэгчдийн гэрээгээр авч байсан анхны өр хүүтэйгээ нийлээд 22 тэрбум болно гэдгийг тайлбарласан харагдсан. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг ойлгож харах хэрэгтэй. Гүний уурхай ашиглалтад орохгүй ч юм уу, орлого ашгаасаа ногдол ашгаа хуваарилахгүй тохиолдолд буюу хамгийн муугаар бодоход ийм байна гэсэн төсөөлөл, таамаг шүү дээ. Асуулттай холбоогүй ч гэсэн нэг юм хэлчих үү?

-Тэг тэг.

-ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалангийн хувьд үнэхээр туршлагагүйтсэн. Ингэж өрөөр, ногдол ашгаар айлгадаг тактик аль арван жилийн өмнөөс л явж байсан. Хэрвээ санаж байгаа бол 2015 онд УИХ дээр тусгай хуралдаан болсон. Тэр хурлын үеэр бүгд л энэ янзаараа бол ногдол ашиг хэзээ ч авахгүй нь гэж ярьж байсан. Бодит үнэн нь ийм байхад Э.Баясгалан гэж бүсгүй ногдол ашигтай холбоотой иймэрхүү мэдээллийг анх удаа сонссон мэт шоконд ороод, төрийн ажлыг фэйсбүүкээр хийгээд байх нь утгагүй л дээ. Төрийн ажлыг талбай дээр өлсгөлөн зарлаж хийх нь ч буруу жишиг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэж бий. Компанийн аливаа төслийн нөөц, ТЭЗҮ-ийг баталгаажуулаад хэрэв стратегийн орд бол Уул уурхайн сайдын тушаалаар бүртгэж авдаг. Тэгж бүртгэж авсны дараа л албан ёсоор ашиглах ёстой болдог юм. Улстөрч байна уу, төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн гишүүн байна уу, ер хэн ч байсан албан ёсны мэдээ баримтад тулгуурласан бодит тоог л гаргаж ирэх ёстой. Гэтэл 22 тэрбум ам.долларын асуудал гаргаж ирээд нийгмээр нь талцуулчихлаа л даа. Цар тахлын үед ийм илүү хийрхэл хэрэггүй. Тийм учраас Э.Баясгалан, С.Ганбаатар хоёрт нэг зүйл хэлмээр байна. “Монгол Улс хуультай, төртэй, тогтолцоотой орон. Энэ бүхнээр шүүгдээд гарч ирсэн тоог барьж яриач” гэж уриалмаар байна. Тэгэхгүйгээр үүргэвч үүрч, чөлөөт хувцас өмссөн зургаараа чимсэн хувийн сошиал хуудсаараа дамжуулаад ийм том төслийн талаар тийм мэдэгдэл хийнэ гэдэг хэтэрхий мэргэжлийн бус харагдаад байна. Ганц Э.Баясгалан ч биш төр төлөөлсөн бүх хүнд улсынхаа эдийн засгийн гол нуруу болсон том төслийн талаар хэлэлцээрт орж, мэдэгдэл, байр илэрхийлэхдээ илүү мэргэжлийн байгаач ээ л гэмээр байна.

-Дахиад өнөө мэтгэлцээн рүү оръё. Уул уурхайн эдийн засагч нэг эрхэм С.Ганбаатар гишүүнийг илүү тооцоотой байлаа гэж үнэлээд Ч.Отгочулуу яалт ч үгүй ялагдлаа гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн харагдсан…?

-Мэдээллийн тэгш байдал гэж бий. Би Оюу толгойгоос гараад таван жил болж байна. Одоо ямар ч харилцаа байхгүй. Оюу толгой төсөлтэй холбоотой мэдээллүүдийг хэвлэлээс л авч байгаа. Миний зорилго анхнаасаа С.Ганбаатарынхаас өөр байсан. Би макро эдийн засагч. Тэр утгаараа макро эдийн засагт Оюу толгой ямар нөлөөтэй вэ, геополитикийн түвшинд нөлөө нь ямар болох тухай л ярих гэж очсон юм. С.Ганбаатарын хувьд УИХ-ын гишүүнийхээ давуу эрхийг ашиглаад элдэв тоо гаргаад ирсэн байх шиг анзаарагдсан. Хэлсэн тоонууд нь үнэн худал эсэхийг мэдэхгүй.

-Өлсгөлөн зарлах үедээ огт ач холбогдолгүй, харь хамаагүй баахан цаас хэвлэж барьчихаад улстөржсөн шигээ асуудалд хандсан байж ч магадгүй гэж үү?

-Магадгүй. Яагаад гэвэл Засгийн газар няцаагаад байсан шүү дээ.

-Бодитой тооцоонууд ч байсан байж болох юм…?

-Хэлж мэдэхгүй байна. Тэгсэн байлаа гэхэд УИХ-ын гишүүн гээд байгууллагын нууцад хамаарах тоонуудыг гаргаж ирэх нь зохисгүй үйлдэл. Ингээд байвал цаашдаа хөрөнгө оруулагчид бидэнд яаж итгэх юм. Ил гаргах, гаргахгүй юм гэж байна. Хоёрдугаарт, С.Ганбаатар гишүүний яриад яваа тэр асуудлаар “Эрдэнэс Оюу толгой”-д нягтлан гээд нэг хүн ажиллаж байгаа. Сангийн яаманд мэргэжилтнүүд бий. Эхэлж тэднийгээ дуудаад, тэр түвшиндээ ойлголцох хэрэгтэй. Оюу толгойн ТУЗ-д төсвийг нь батлаад санхүүгийн тайланг нь ажиглаад сууж байгаа хүмүүс бий. Дубайн төлөвлөгөөн дээр хүртэл тодорхой заачихсан. Зардал төсөв дээр Монголын талын хүн ахална гээд. Тэр хүмүүстэйгээ эхлээд уулзах хэрэгтэй. Миний ойлгож харснаар яг тэр үүргийг нь Э.Баясгалан гүйцэтгэж яваа юм шиг байна лээ. С.Ганбаатар гишүүний пүү паа гээд байгаа тооны хувьд санхүүгийн тайланд нь шинжилгээ хийгээд албан ёсоор гаргаж тавих хүн нь Э.Баясгалан. Харамсалтай нь Э.Баясгалан сүүлийн хэдэн жил Монголд амьдраагүй, хоёр жилийн өмнө амралтаараа ирээд буцсан шиг байгаа юм. Тэгэхээр яаж хяналт тавьж, нарийн ширийн тооцоо гаргах вэ дээ. Төгсгөлд нь онцлоход, мэдээллийн тэгш бус байдал байсан ч миний хувьд байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, байхгүй мэдээлэл яриад байна шүү гэдгийг нь сануулсан. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн ингэж яриад байдаг асуудал биш шүү гэж зөвлөсөн. Зүй нь УИХ-ын гишүүн хүн макро эдийн засаг ярьж, төрийн хүн шиг байх хэрэгтэй. “Эрдэнэс Оюу толгой”-н нягтлангийн хэмжээний асуудал яриад байж болохгүй.

-“Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүний тань хувьд асууя. “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн гэрээнээс зайлшгүй эргэж харах ёстой заалт тохироо нь юу бэ, онцолж хэлэхээр сайн тохироонууд гэвэл юуг нь онцлох вэ?

-ТУЗ-д ажиллаж эхлээд хувь нийлүүлэгчдийн гэрээг онцгойлж сонирхох үед шоконд оруулах зүйлүүд байсан. Жишээ нь, менежмэнтийн төлбөр гэхэд бүх зардлын зургаан хувь гэж байсныг сүүлд Дубайн төлөвлөгөөгөөр хоёр дахин бууруулж гурван хувь болгож байлаа. Улирал бүр хүү бодох дээр лайбор дээр нэмэх нь 6.5 хувь гэдэг бол өндөр тоо. Хувь нийлүүлэгчдийн гэрээний тухайд засаглалын асуудлаа илүү хөндөх ёстой байтал үр өгөөжийн маш олон асуудлыг тусгасан байсан л даа. Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчилье гэсэн агуулгатай тулган шаардах бичгийг тухайн үед өгч байсан.

-Та ТУЗ-ийн гишүүнийхээ хувьд өгч байсан гэж үү?

-ТУЗ-ийн гишүүн болоогүй үедээ өгч байсан юм. Тэгэхэд нөгөө талаас “Оюу толгой”-н хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын тогтоолуудтай нийцсэн гэсэн бичиг гаргаж өгсөн л дөө. Миний хувьд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой гэж хардаг. Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоогүй өөр нэг асуудал бий. Борлуулалтын орлогоос хоёр хувийг BHP авна гэж байсныг Дубайн төлөвлөгөөгөөр болиулсан.

-Дубайн төлөвлөгөөгөөр хувь нийлүүлэгчдийн гэрээн дэх асуудлуудаас нэлээдийг нь Монголын талд ашигтайгаар шийдүүлж чадсан гэж дүгнэж болох нь ээ?

-Тэгж дүгнэж болно. Дубайн төлөвлөгөөгөөр Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой асуудлуудыг цоожлох гэж үзсэн. Менежмэнтийн төлбөрийг тэглэнэ гэсэн саналыг нөгөө талд тавиад хүчтэй мэтгэлцээн өрнүүлж байж гурван хувь болгосон. Гэхдээ энэ бол маш том алхам. Үүнээс гадна Дубайн төлөвлөгөөнд бас нэг том тохиролцоонд хүрч чадсан. Монголын талын үр өгөөжийг 53 хувиас бууруулахгүй гэсэн тохироог хийсэн.

-Дубайн төлөвлөгөөг хийхээс аргагүйд хүргэсэн улс төрийн шалтгааныг учир мэдэх улс бол тоймлоод харчихдаг. Олон нийтэд энгийнээр тайлбарлаад өгөөч гэвэл та юуг онцлох вэ?

-Дубайн төлөвлөгөөний хувьд удаан хугацаанд яригдсан зүйл. Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс л хэлэцэгдэж эхэлсэн асуудал. Дубайн төлөвлөгөөг батлах болсон нэг том шалтгаан нь Ч.Улаан юм. Энэ хүн гурван сайдын ажлын хэсэгт байсан. Ажилдаа маш хайнга хандсан. Хааяа уулзахаар яг энэ Э.Баясгалан шиг “Улстөржинө шүү, гадагшаа гарч элдэв юм ярина шүү” гэсэн утгатай үг хэлдэг байсан л даа. Хоёрдугаарт, маш хүнд сурталтай журам баталсан. Өнөө компани нь улирал бүр цахимаар тайлангаа явуулна. Үүнээс гадна цаасаар бас өгнө. Цахимаар, цаасаар явуулсныг нь тулган баталгаажуулна. Ийм журам баталчихсан. Үүнийг зургаан улирал дараалж хийгээгүй тохиолдолд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хариуцлагатай. Өөрөөр хэлбэл, компанийг татан буулгана гэсэн үг. Ч.Улаан сайдын журмыг биелүүлэх ёстой хэлтсийн дарга нар нь Оюу толгойн санхүүгийн тайланг хүлээж авахгүй яваад байсан асуудал бий. Авахгүй байгаа шалтгаан нь хариултгүй. Төрийн нарийн бичгийн даргаасаа асуу гэж хэлнэ. Төрийн нарийн бичгийн даргаас нь асуухаар сайдаас асуу гээд, сайдаас нь асуухаар Засгийн газрын хуралдаанаар оруулж шийднэ гэсэн хариу өгдөг байсан юм билээ. Тэгээд Засгийн газрын хуралдаанаар гурван удаа оруулж байж Оюу толгойн санхүүгийн тайланг хүлээж авч байсан түүхтэй. Үүнийг Дубай дээр протокол маягаар оруулсан л даа. Дубайн төлөвлөгөө хоёрхон үндсэн хэсэгтэй. Эхний хэсгийнх нь гол агуулгыг базвал “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ингэж маргацгаалаа, 30 гаруй асуудал гарч ирсэн шүү, энэ бүхнийг ингэж тэгж шийдвэрлэсэн” гэсэн протокол маягтай. Хоёр дахь хэсгийн хувьд ирэх долоон жил гүний уурхайг бүхэлд нь биш зөвхөн Хюго Дамметын нэгдүгээр үед ашиглагдахад шаардлагатай бүтээн байгуулалтын санхүүжилтийг л яаж хийх вэ гэдгийг зохицуулсан төлөвлөгөө. Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс ялгаатай нь үүн дээр ямар ч сайд суугаагүй. Зөвхөн тухайн компанийн хөрөнгө оруулагч талыг төлөөлсөн захирлууд л гарын үсэг зурсан. Хоёрт Монгол Улсын хууль, Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлнэ гэсэн тов тодорхой заалттай.

-Нөгөө талаас гүний уур-хайн санхүүжилтийн төлөв-лөгөөг яаралтай баталж гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх удаа дараагийн шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргасан, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нар УИХ, Засгийн газрын шийдвэр, шаардлагын дагуу үүрэг гүйцэтгэх маягаар ажилласан…?

-Тэгсэн. Тэр үед МАН-ынхан АН-ыг 17 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг хасах нэг рүү оруулчихлаа, Оюу толгой дээр хэт хатуурхлаа гэж баалж шахаж байсан түүх бий. Тухайн үед МАН-ын нэг эмэгтэй гишүүн Уул уурхайн сайдыг хүний амнаас гарахааргүй муухай үгээр доромжилж байсныг санаж байна. Тэгээд МАН-ынхан өөрсдөө гүний уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүл гэсэн агуулгатай тогтоол гаргасан юм. Дараа нь дахиад нэг тогтоол гаргасан. Тэр тогтоолыг гаргаж гүний уурхайн бүтээн байгуулалтыг явуулахын тулд У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат хоёр Засгийн газарт орж ажилласан. Тэр хоёр цээжээрээ хамгаалаагүй бол Дубайн төлөвлөгөө хэзээ ч батлагдахгүй байсан. Засгийн газрын хуралдааны үеэр дэмжиж байснаа чуулганы хуралдаан дээр мэдэхгүй болоод явчихсан. Тэр үед үнэхээр гайхаж байсан. Дубайн төлөвлөгөөний тухайд УИХ-ын хоёр тогтоолтой учраас санаа зовох юу ч байхгүй. Тэр тогтоолуудыг сүүлд хүчингүй болгосон л доо. Гэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан.

-“Оюу толгой” дээр шийдэл тохироонд хүрэх нь эдийн засаг талаасаа ч, тусгаар тогтнолын хувьд ч амин хэрэгтэй. Бидэнд яг одоо ямар шийдэл байна вэ?

-92 дугаар тогтоолын дагуу хэлэлцээрээ сайн хийх хэрэгтэй. Сүүлд хэлэлцээрийн мэдээг анзаарахад “Рио тинто”-г төлөөлж гурван монгол залуу хэлэлцээрт орж байгаа юм билээ. Монгол залуус дэлхийд гэж яригддаг том төслийн хэлэлцээрийн ширээний хоёр талд сууж байгаа нь дэвшил шүү дээ. Одоо манай улстөрчид Оюу толгойн асуудлаар хэлэлцээрт сууж байгаа залууст галын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын төлөө ажиллаж байгаад Б.Бямбасайхан шиг шоронд орохыг үгүйсгэх аргагүй. Би Б.Бямбасайханыг хэлмэгдсэнд харамсаж байгаа. Учир нь би чадварлаг залуусаа гаднаас авчрах зорилготой “Зөгийн үүр” хөтөлбөрийг 2009 онд хэрэгжүүлж, санаачлахад оролцоод явж байсан юм. “Зөгийн үүр”-ээр маш олон залуу ирсний нэг нь Б.Бямбасайхан. Энэ өнцгөөс нь харахаар өөрийгөө буруутгаж, гэмших сэтгэл төрдөг. Б.Бямбасайхан шиг асар их туршлагатай, гал усны гашуун зовлон үзсэн хүмүүсээ хэлмэгдүүлмээргүй байна.

-“Оюу толгой”-н хувьд хэрүүлийн алим болсон гол асуудал нь Монголын засгийн 34 хувь. Энэ хувийг манай тал эзэмшихэд голлох үүрэгтэй оролцсон улстөрчдийг нэрлээч гэвэл та хэнийг онцлох вэ?

-Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёрыг онцгой үүрэгтэй оролцож нөлөөлсөн гэж хардаг. Яг үнэндээ мордохын хазгай болгосон хүн бол Намбарын Энхбаяр өөрөө шүү дээ. 2003 оны арванхоёрдугаар сард Оюу толгойн ашиглалтын лицензийг нөөц нь тодорхойгүй, ТЭЗҮ нь байхгүй үед өгчихсөн. “Их өр”-ийг дардаг ардын баатар болох гээд ийм зүйл хийснээ одоо ярихгүй юм. Хамгийн их гай болсон, мордохын хазгай болгоход хамгийн их нөлөөлсөн хүмүүс одоо болохоор хамгийн ихээр дайрч яваад санаа зовж байна. Н.Энхбаярыг Оюу толгойд ашиглалтын лиценз өгснөөс бүр хойно буюу 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсан. 2010 онл ТЭЗҮ-ийг нь хүлээж авсан. Яг эрүүл саруул ухаанаар явсан бол эхэлж ТЭЗҮ-ээ батлаад дараа нь гэрээгээ байгуулаад, тэгээд лицензээ өгөх ёстой юм. Процесс анхнаасаа ингэж буруу явсан учраас мөнхийн хэрүүл үүсэх нь ойлгомжтой. Эдийн засгийн хүнд хэцүү үедээ, яах ч аргагүй болсон үедээ Оюу толгой төсөлтэй холбоотой том хэлэлцээр, тохироонуудыг хийсээр ирснийг та мэдэж байгаа. Ийм үед том дуугарахад маш хэцүү байх нь тодорхой. Маргаан тасардаггүйн бас нэг шалтгаан нь энэ л дээ.

-Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улстөрийн гол сэдэв болчихлоо л доо, Оюу толгой. Оюу толгойн хувьд гуравдагч хөршийн ганц том хөрөнгө оруулалт. Гуравдагч хөршийн гэх тодотголтой бусад компанийг хөөгөөд гаргачихсан түүх өнгөрсөнд хэд хэд бий. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтгүй байлгах бодлого хоёр хөршид байна гэсэн хардлагатай хүмүүс цөөнгүй таардаг л даа. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Оросууд өөрсдөө зарлачихсан шүү дээ. ЗХУ-ын задрал бол геополитикийн хамгийн том сүйрэл, гамшиг байсан учраас тэр үеийн нөлөөгөө сэргээнэ гэдгээ. БНМАУ-ын тухайд ЗХУ-ын колони байсан нь үнэн. БНМАУ-ын хамгийн сүүлчийн хаалтын балансаар жишээлье. Тухайн үед бид 10 тэрбум төгрөгийн эдийн засагтай байсан. Одоогоор багцаалдвал нэг сард худалдаалагддаг жипний л мөнгө. Тэр үед манай гадаад өр 10 тэрбум ам.доллар байсан юм. БНМАУ-аас ардчилсан Монгол улс болж төр солигдоход бид 10 тэрбум ам.долларын өртэй үлдсэн. Энэ бол эрүүл эдийн засаг биш. Колони байсан гээд ойлгочиход хэтрүүлсэн болохгүй. ЗХУ-ын үед бид тэдэнд баялгаа үнэгүй өгдөг байсан. Бүр хэдэн тэрбум ам.доллараар нь шүү. Ганцхан жишээ хэлье. Эрдэнэтийг 300 сая ам.доллараар барьсан гэж оросууд үнэлсэн байдаг юм. Гэтэл Эрдэнэтээс хамаагүй том Грасбергийг яг ижилхэн хугацаанд 70 сая ам.доллараар босгосон түүх бий. Эрдэнэт хотыг 300 сая ам.доллараар барьсан гэдэг. Үнэн хэрэгтээ 8000 ширхэг угсармал л барьсан. 2012-2016 онд бид өөрсдөө 80 мянган айлын орон сууц барьчихсаныг та мэдэж байгаа. Товчхондоо ОХУ ЗХУ-ын үед байсан улстөрийн эрх мэдэл, геополитикийн жин нөлөөгөө алдахыг хүсэхгүй байгаагаа ил тод зарласаар яваа. Хятадын сонирхлын хувьд эдийн засаг талдаа илүү болов уу. Хятадууд стратегиа шууд зарлаад явдаг. Стратегийг нь уншихаар гол сул тал нь зэс гэж харагддаг. Хятад нүүрсээр манайхыг гуйхгүй баялагтай. Газрын ховор элемент ч ялгаагүй, ямар ч асуудалгүй. Ганц асуудал нь зэс болчихсон. Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүд нь есөн сая тоннын хүчин чадалтай, баяжуулах үйлдвэрүүд нь 1.2 сая тоннын хүчин чадалтай. Ингээд харахаар 7.8 сая тоннын хомсдолтой байгаа биз. Үүнийхээ тал шахуу хувийг нь баяжмалаар авч байгаа. Далайн замаар авдаг. Гэтэл Энэтхэг, Япон, Америк, Австрали зэрэг дээр далайн замыг нь боогоод эхэлж байна. Товчхондоо Хятадын гол асуудал нь зэсийн найдвартай хангамж болчихсон. Тийм учраас “Бүс ба зам” нь Пакистан, Африк руу явж байна. Тэндхийн эх орончдыг ашиглаж байна. Зэсийн уурхайнууд дээр нь аль болохоор хяналтаа тогтоох сонирхолтой байгаа. Өөрсдөө ч тэрийгээ нуухгүй яваа. Тийм учраас хоёр том хөршийнхөө нэгэнт ил хэлчихсэн сонирхлыг манай улстөрчид алсын бодолтойгоор анзаарах хэрэгтэй. Хоёр том хөрш маань Африкт ч тэр, Афган, Пакистан, Европт ч тэр эх орончдыг маш ихээр дэмжиж байгаа нь нууц биш. Янз бүрийн жагсаал, fake news зэргээс төвөггүй харчихаж болно. Америк, Герман, Австрийн сонгуульд хүртэл нөлөөлөх гэж оролдож байна шүү дээ.

-Оюу толгой дээр гол шийдвэрийг МАН засаглахдаа гаргачихаад одоо эргээд харахаар АН-ын голдуу гишүүдийг шоронд хийчихсэн анзаарагддаг. Дубай руу чиглэж онилоод байдаг нь цаанаа ийм шалтгаантай болов уу гэсэн хардлагыг улстөрчид хэлдэг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Манай МАН чинь коммунист угшилтай, коминтерн байгуулж явсан нам. Одоо ОХУ, Хятадын ах дүү намууд нь маш их туслалцаа үзүүлдэг. Тэгэхээр МАН-д хоёр давуу тал бий. Нэгдүгээрт дарангуйллын пропоганда хийдэг бэлэн машин өвлөөд авчихсан. Ямар ч тэнэг хүн тэр том аппаратад очсон хамаагүй, маш том нөлөөтэй байж чаддаг. Тийм учраас АН-ын залуус МАН-ынхантай эн зэрэгцэхийн тулд тав дахин их уншиж, тав дахин хүчтэй орилох хэрэгтэй болчихож байгаа юм. Жирийн нэг телевиз МҮОНРТВ-тэй өрсөлдөнө гээд төсөөл дөө. Яг үүнтэй адил зүйл. Хоёрдугаарт тэд либериал, ардчилсан үзэл, чөлөөт зах зээлийг харлуулаад сурчихсан технологитой улс. Тэгэхээр Оюу толгой дээр алдсан алдаагаа Дубай руу чихэх гээд чичирч байж мэднэ. Гэхдээ эд нар бас нэг том алдаа хийгээд байгаа. МАН “Бид хасах нэг хувьтай байсан эдийн засгийн найман хувь болгож өсгөсөн” гэсэн сурталчилгааг сонгуулийн өмнө хийсэн дээ. Гэтэл үнэн хэрэгтээ тэр өсөлт нь Дубай байсан. Гавьяаг нь хүртэх болохоороо Дубайг дурдахгүй хэрнээ АН-ыг буруутгаж харлуулах гэхээрээ Дубайг буруутгаад байгаа юм.

-TRQ саяхан шүүх дээр ялчихлаа. Хөрөнгө оруулагч талын хувьцаа эзэмшигч талуудын маргаан дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Анх гүний уурхайн бүтээн байгуулалтыг 5 тэрбум гаруй доллараар хийнэ гэж байгаад одоо 6.5 болчихсон яваа. Рио Тинто 1.5 тэрбумыг нь хувьцаа гаргаад босгочихъё гэсэн юм. Гэтэл TRQ нэмж хувьцаа гаргахгүй гэчихсэн. Нэмж хувьцаа гаргавал өөрсдийнх нь эзэмших хувьцаа жижигрэх учраас. Тийм шалтгаанаар хувьцаа гаргахаас татгалзаж алтыг нь урьдчилж зарах маягаар санхүүжилт босгоё гэсэн санал гаргасан юм. Алтаа урьдчилж зарах нь бидэнд ашиггүй. Алтаа урьдчилаад зарчихвал зэс хайлуулах үйлдвэр барих асуудал үлгэр болно. Яг энэ өнцөг дээр би “Рио”-гийн талд байсан. Ийм том улс төрд бид өөрсдөө орчихоод илүү ашигтай хувилбар санал болгож яваа “Рио”-гоо балбаад байна л даа.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин могой өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 14. Адъяа гариг. Билгийн тооллын 3, харагчин могой өдөр. Өдрийн наран 08:00 цагт мандан 18:13 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 34-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 28-33 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 13-18 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.