Categories
мэдээ нийгэм

Он гарсаар нийслэлд 218 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 218 удаагийн дуудлага бүртгэгдэж, гал түймэрт гурван иргэн өртөж нас барсан бол таван иргэн түлэгдэж гэмтжээ.

Нийт бүртгэгдсэн дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мөн хугацаанд гал түймэрт 120 өвөл зуны сууц, 33 ил задгай хог, хогийн цэг, хогийн суваг, 25 машин техник, 15 гэр, 14 барилга байгууламж, 8 орон сууцны эд хогшил өртсөн байна.

Харин пийшин, зуух, яндангийн цонолтоос 89, цахилгаан эрчим хүчнээс 56, лаа, шүдэнз, ил гал, ил задгай асгасан үнс нурамнаас 47, машин техник ашиглалтын буруугаас 21, бусад шалтгааны улмаас дөрвөн удаагийн гал түймэр гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газар маргааш ээлжит бус хуралдаан зарлалаа

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг маргааш буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар товложээ. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлж, УИХ-д танилцуулж байна. Чуулганы хуралдаанд танилцуулга үргэлжилж байна.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсох бөгөөд одоогоор сар шинийн баяртай холбоотой хөл хориог хоёрдугаар сарын 5-наас тогтоох талаар яригдаагүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байхаар болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ үеэр хөл хорио тогтооно гэдгийг Шадар сайд асан Я.Содбаатар мэдээлж байв.

Гэхдээ хөл хорио тогтоох хугацааг хоёрдугаар сарын 5-наар тогтоох албан ёсны шийдвэр гараагүй болохыг ЗГХМХХ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Халтар: Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбоно


Засгийн газрын гишүүдийг чуулганы хуралдаанд танилцуулж
байгаатай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зам тээврийн салбарт орсон онцлох ажлуудын дунд хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил орсон. Үүний нэг нь яах аргагүй хэвтээ тэнхлэгийн 124.5 километр зам байгаа. Бидний төлөвлөснөөр энэ ажил 2022-2024 оны хооронд хийгдэнэ. Нийт санхүүжилт улсын төсвөөр гэсэн төсөөлөл байна. 123 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

М.Оюунчимэг: Дадлагажигч биш ажлаа хийдэг сайдууд хэрэгтэй байна

УИХ-ын үдээс хойшхи чуулганаар Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газарт цар тахлын хүнд үеэс гарах эдийн засаг, нийгмийн сөрөг үр дагаврыг арилгах үүрэг бий болж байна. Аль болох айл өрхийг ажлын байраар хангах, орлоготой байх асуудал нэн чухал байна. ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо, олон улсын хөдөлмөрийн байгууллагуудаас манай улсад хийсэн сүүлийн судалгаанаас харахад дан доод үзүүлэлттэй гарсан байна.

Жишээлбэл, хувиараа бизнес эрхэгчдийн 85 хувь нь хөл хорионы улмаас бизнес нь зогссон.

Бидний чинээлэг давхаргыг бий болгох зорилт дундаас доош давхар руу орох аюул Монгол Улсад нүүрлээд байна. Тиймээс цар тахлын нөхцөл байдалд оруулсан өөрчлөлтөд санхүүгээр дэмжсэн нэлээд үаалт оруулж өгсөн. Үсчид гэхэд дахин хаахгүй биз дээ. Бид халдвар хамгааллынхаа дэглэмийг сайтар мөрдөе гэдэг хүсэлт гаргаж байх жишээний.

Энд нэр дэвшиж байгаа сайд нарт анхааруулж хэлэхэд дарга ч бай, эмч, сувилагчид ч бай нэг л журам үйлчилнэ гэдгийг хатуу ойлгуулах хэрэгтэй. Дадлагажигч биш ажлаа хийдэг сайд нар хэрэгтэй байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ сайдуудын товч намтар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайдад нэр дэвшигчдээ УИХ-д танилцуулан хэлэлцүүлж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн намтрыг танилцуулж байна.

Засгийн газрын гишүүдийн намтар:

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургуулийг тус тус төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд “Оюуны-Ундраа” группийн гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.

ЗГХЭГ-ын дарга Ц.НЯМДОРЖ: 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай. 1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль, 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын их сургууль, 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербургийн Улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1992-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд Улсын Их Хурлын дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Ц.Нямдорж нь Төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан туршлагатай.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. 1996 онд Нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна. Х.Нямбаатар нь улсад 20 жил, үүнээс төрийн албанд 11 жил ажилласан туршлагатай.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. 1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль, 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль, 2008 онд АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 1997-2004 онд Монголбанкинд хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Дэд захирал, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байгаад 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 11 жил ажилласан.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН: 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 51 настай. 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал, 1996-2012 онд “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүтэц хариуцсан зөвлөх, 2012-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017 – 2020 онд Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Л.Энх-Амгалан нь улсад 28 жил ажилласан туршлагатай.

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ: 1973 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 48 настай. 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль, 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд “Аз-хур” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2010 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга, 2010-2011 онд Монгол ардын хувьсгалт намын Ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд Монгол ардын намын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны Дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Б.Батцэцэг нь улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 ажил ажилласан.

Эрчим хүчний сайд Н.ТАВИНБЭХ: 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. 1989 онд Нийслэлийн Багануур дүүргийн 64 дүгээр сургууль, 1995 онд Техникийн их сургууль, 2006 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Удирдахуйн ухаан, эрчим хүчний магистрийн зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, инженер, Албаны дарга, 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер бөгөөд дэд захирал, 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “Багануур-Энерги” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017-2020 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Н.Тавинбэх нь улсад 26 жил, үүнээс эрчим хүчний салбарт 24 жил ажилласан туршлагатай.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. 56 настай. 1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Петербург хотын Зам харилцааны их сургууль, 1998 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн Хүндэт профессор цолтой. 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах газарт хашаа цэвэрлэгч, 1983-1985 онд мөн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын техникумд багш, 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвийн захирал, 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газрын орлогч дарга, 2018-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна. Л.Халтар нь зам, тээврийн салбарт 33 жил, үүнээс төмөр замын салбарт 30 жил ажилласан туршлагатай.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН: 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 42 настай. 1996 онд Ховд аймгийн арван жилийн 1 дүгээр сургууль, 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистрийн зэрэгтэй. 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2013 онд “Мээг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2013-2015 онд “Магнат Тайэрс Монголия” ХХК-ийн захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2019-2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. З.Мэндсайхан нь улсад 19 жил, үүнээс төрийн албанд 6 жил ажилласан туршлагатай.

Барилга хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР: 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай. 1992 онд Төв аймгийн арван жилийн 2 дугаар сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хороонд улс төрийн ахлах ажилтан, 2002-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Дэд сайд, 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2019 онд “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2020 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байна. Б.Мөнхбаатар нь улсад 19 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 12 жил ажилласан туршлагатай.

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР: 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистрын зэрэгтэй. 1989-1994 онд Ардын армийн 121 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч, 318 дугаар ангид салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч, 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яаманд Төрийн захиргааны удирдлагын газарт орлогч дарга, хэлтсийн дарга, 2014-2020 онд мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Г.Сайханбаяр нь батлан хамгаалах салбарт тасралтгүй 32 ажилласан туршлагатай.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.АРИУНЗАЯА: 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1 дүгээр сургууль, 1999 онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын менежментийн магистрын зэрэгтэй. 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөцийн тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга, 2016-2020 онд Үндэсний Статистикийн хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна. А.Ариунзаяа нь улсад 16 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 5 жил ажилласан туршлагатай.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН: 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 54 настай. 1985 онд Улаанбаатар хотын арван жилийн 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль, 2002 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй. Докторын (PhD) зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. 1991-1998 онд Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтан, 2002-2007 онд “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайн хэсгийн маркшейдер, ахлах маркшейдер, ерөнхий маркшейдер, 2007-2009 онд “Монголросцветмет” ХХК-д ерөнхий маркшейдер, хэлтсийн дарга, 2009-2013 онд “Монголросцветмет” ХХК-ийн “Шижир Алт” уулын үйлдвэрийн захирал, 2013-2017 онд “Монголросцветмет” ХХК-ийн “Баргилт” уулын үйлдвэрийн уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга, 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018-2020 онд “Монголросцветмет” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 7 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. Г.Ёндон нь уул уурхайн салбарт 27 жил ажилласан туршлагатай.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль, 2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрийн зэрэгтэй. 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байна. С.Энхболд нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 13 жил ажилласан туршлагатай.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.УРТНАСАН: 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд “Ийгл” телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд “Юни Солар” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

Соёлын сайд Ч.НОМИН: 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 38 настай. 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 2003 онд Кембриджийн коллеж, 2006 онд Зүүн Английн Их сургууль, 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй. 2008-2011 онд “Тэрэлж Сүйх” ХХК-ийн захирал, 2011 оноос одоог хүртэл “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зорилтод бүлгийн 4000 өрхөд хүнсний багц хүргүүллээ

Короновируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь хаагдаж, орлого нь буурсан айл, өрхүүдийг дэмжих хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Дэм дэмэндээ-2” аяныг эхлүүлсэн. Нийслэл, дүүргийн албан хаагчдын хандиваар эхэлсэн уг аяныг хувийн хэвшлүүд дэмжсээр байна.

Тухайлбал, худалдаа, үйлчилгээний салбарт тэргүүлэгч “АПУ” ХК, “E-mart”, “Номин холдинг”, “БОСА”, “Алтан жолоо”, “Хар хорин” ХХК зорилтод бүлгийн 4000 өрхөд хүнсний багц хүргүүллээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын үед дэмжлэг шаардлагатай байгаа өрхүүдэд туслах “Дэм дэмэндээ-2” аяныг нийслэл, дүүргийн албан хаагчид цалингаасаа хандив цуглуулж дэмжсэн. Мөн хувийн хэвшлүүд тэр дундаа хүнс, худалдаа үйлчилгээний тэргүүлэгч компаниуд дэмжиж байгаад талархаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд өрнүүлж байгаа энэ аянд идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ уриалж байна” гэлээ.

“Дэм дэмэндээ-2” аяны хүрээнд цугласан хүнсний багцыг төрийн аливаа халамж, үйлчилгээнд хамрагддаггүй, цар тахлын энэ үед орлого нь тасалдсан айл, өрхүүдэд олгох зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ улс-төр

​Л.Энх-Амгалан: Шинэчлэл хийх нэрээр боловсролын салбараар тоглохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимдаа ажиллах сайд нараа УИХ-д танилцуулж байна. Сайд нарын танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдож байгаа Л.Энх-Амгалангаас цаашдаа ямар, бодлого чиглэл барьж ажиллах талаар тодрууллаа.

Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газрын анхаарах, хийх ёстой таван шинэчлэлийг эхлүүлнэ гэдгээ бид ярилцлаж, тохиролцож байгаа. Нэгд, ковидыг ялан дийлэх ёстой. Эдийн засгаа хөл дээр нь босгож, ард иргэдийнхээ орлого ажлын байрыг хамгаалах чиглэлд нэлээд үсрэнгүй арга хэмжээг авах зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Хоёрт, дундаж давхрагын тогтолцоог бий болгох, энэ рүү чиглэсэн реформ бид цаг алдалгүй хийх ёстой. Дундаж давхрагын тогтолцоонд боловсролын салбарын тогтолцооны шинэчлэл, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, ипотекийн орон байрны санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл багтана гэж харж байгаа. Хамгийн гол амин судас болсон боловсролын салбарыг надад итгэж, энэ шинэчлэлийг хий гэж урьж ажиллуулж байгаа гэж ойлгож байгаа. Монголд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгаатай байдал асар өндөр байгаа нь өнгөрсөн 30 жилийн болосвролын салбарын үр дүн юм байна гэж дүгнэж байна. Тиймээс боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш, энэ бол үндэсний зөвшилцлийн хүрээнд хийх ажил гэж би харж байгаа. Бусад улсууд ч боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд 10 жил тутам нэг хийдэг. Өнөөдөр боловсрол хамаагүй монгол иргэн, айл өрх гэж байхгүй. Тийм учраас боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд шийдэж хийх ёстой. Гэхдээ шинэчлэл хийнэ гэж байгаад яаруу, сандруу хийхх ньбас аюултай. Боловсролоор тоглох бүр ч аюултай. Тиймээс тулгамдаж байгаа гол асуудлаа үе шаттай шийдээд явна. Ковидоос болж олон иргэн орлогогүй болохоос гадна шинэ үе бичиг үсэггүй, сургуулийн танхимд орж үзээгүй хоёр, гуравдугаар ангийн хүүхдүүд бий болж байна. Энэ тулгамдаж байгаа, сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг цаг хугацааны эрэмбэ дарааллаар ангилж, бодлого шийдэл гаргаж, УИХ-даа танилцуулна.

Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын үнэлгээний, үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал байгаа. Монгол Улсад цэцэрлэгийн насны буюу сургуулийн өмнөх насны 247 мянган хүүхэд, 30 мянган багш, ЕБ-ын 839 сургууль 686 мянган хүүхэд суралцаж, 34 мянган багш ажиллаж байгаа гэсэн тоо байна. Их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж, 70 мянган багш ажиллаж байна, МСҮТ-д 37 мянган оюутан суралцаж 2000 багш ажиллаж байгаа. Би ажлаа аваад нэг л зүйлийг хийх гэж үзье гэж бодож байна. Боловсролын салбарын тогтолцооны асуудлыг тогтолцоогоор нь нэг харах ёстой. Улсын төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг өгсөн. Энэ зардал 10 их наяд төгрөг байгаагаас боловсролын салбарт 1.7 их наяд төгрөгийг зарлагдаж байгаа юм. Энэ тоог харьцуулахаар зардал нь 15.8 хувь гээд дэлхийн дундажтай дүйцэж байгаа юм. Гэтэл нэг хүүхэд, нэг сурагчид ногдож байгаа зардал 517 мянган төгрөг байгаа юм. Энэ дэлхийн дунджаас хамаагүй бага байгаа. Боловсролын салбарт ирж байгаа 1.7 их наяд төгрөгийн 85 хувь нь урсгал зардалдаа зарцуулагдаад байгаа юм. Уг нь урсгал зардалд бус гол нь сургалтын хөтөлбөр, багш нарын цалин, нийгмийн хамгааллын асуудал явах учиртай гэж би ойлгодог. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын салбарын санхүүжилтийн ужгирсан тогтолцоонд үнэлэлт дүгнэлтүүд хийнэ. Мөнгө хүүхэддээ, багш нартаа очих ёстой. Ийм бага үнэлгээтэй, цалин нийгмийн хамгаалал нь хангагдаагүй хүмүүс ямар бүтээмж, ямар ур чадвар нэхэх вэ. Тогтолцоогоор нь харж өөрчлөх зайлшгүй шаардлага байна ” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хоёрдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болж, хуваарь гаргажээ. Үүнд:

  • Хоёрдугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
  • Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Нийтдээ 840 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Монгол Улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21.716, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 28,359 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгуулсан байдаг.
Харин шинэ он гарсаар нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэгээр 590 иргэнээ татан авчээ.
Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн 29 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 32 нь эрүүл мэндийн шалтгаантай, зургаа нь өндөр настан, найм нь жирэмсэн, 59 нь сааатуулах байранд байсан, 232 нь энхийг сахиулагч, 224 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.
Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-д суралцдаг оюутнуудын анхааралд

БНХАУ-ын Засгийн газар цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа Хятадад суралцдаг гадаадын оюутнуудыг эргэн ирж, танхимаар хичээллэх асуудлыг зохион байгуулах болно хэмээн тус улсын ГХЯ-наас 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор мэдэгдэв.

Гадаад харилцааны яамны Консулын газар БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд Хятад руу буцаж, танхимаар хичээллэх хүсэлтэй байгаа талаараа гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан Хятадын Боловсролын яам, БНХАУ-ын Гадаад оюутны тэтгэлгийн асуудал эрхлэх хороонд тус тус хандаж, мөн дээрх хариуг авсан.

БНХАУ-ын Боловсролын яамнаас цар тахлын онцгой цаг үед Хятадад суралцдаг гадаадын бүх улсын оюутнууд тус улсын ГХЯ, Улсын цагаачлалын удирдлагын газраас гаргасан шийдвэрийг даган мөрдөж байгааг онцлон тэмдэглэсэн болно.

Энэ ташрамд мэдэгдэхэд БНХАУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг түр зогсоох шийдвэр анх гаргасан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн зорилгоор оршин суух, хувийн зорилгоор орших суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэвч сүүлийн үед БНХАУ-ын зарим хот, мужид коронавируст цар тахлын дотоодын халдвар олноор бүртгэгдэж байгаагаас гадна, зөөвөрлөгдсөн тохиолдлууд нэмэгдэж, удахгүй Хятадын Хаврын баяр болох гэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр журмаа чангатгаж эхэлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 30-нд Хөвсгөл аймгийн нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Харин салхины хурд 31-нд нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Мөн 31-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Иймд:

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна