Categories
мэдээ цаг-үе

Хотын дарга “Хархорин” худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж түрээсийн төлбөрийг 20 хувиар хөнгөлөхөөр боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хархорин худалдааны төвд ажиллан, худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021. 05. 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо. Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд нэг тэрбум орчим төгрөгийн бодит хэмнэлт хийх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.

Нийслэлийн зүгээс худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах бөгөөд, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг тэрбээр уриаллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

Л.Мөнхтүшиг: Ирэх сард Сөүл, Токиогийн чиглэлд нэмэлт хоёр нислэг хийхээр төлөвлөж байна

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “УОК, Монгол Улсын Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу хоёрдугаар сард гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах дөрвөн удаагийн нислэгийг урьдчилсан байдлаар батлаад байна.

Эдгээр нислэгээр нийтдээ 840 орчим иргэнийг татан авна.

Урьдчилсан байдлаар Сөүл, Токиогийн чиглэлд нэмэлт хоёр нислэг хийхээр төлөвлөж байна.

БНСУ-аас арваннэгдүгээр сард товлогдсон байсан нислэгийн иргэд болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг түлхүү авна. Япон улсаас нутаг буцахаар өргөдөл гаргасан иргэдийг эрэмбээр нь таван үндсэн шалгуурыг харгалзан үзэн татан авна. Турк улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд цөөнгүй байгаа. Мөн Туркээр дамжин Европын холбооны улсаас нутаг буцах хүсэлтэй байгаа цөөн тооны иргэнийг авахаар төлөвлөж байгаа.

Мөн эдгээр нислэгээр гадаад руу зорчих хүсэлтэй иргэд байгаа” гэв.

Нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 8625 иргэн нутаг буцах хүсэлт гаргаад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар: 1.5 сая гаруй хүнд шинжилгээ хийгээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.

Нэг сая 500 гаруй мянган хүнд “Ковид-19”-ийн шинжилгээ хийгээд байна
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцав. Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “Өндрөөс дээш” гэсэн үнэлгээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн. Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1,693, гадаадын дөрөв, орон нутгийн нэг байранд зургаан иргэнийг тусгаарлаад байна. Тусгай үүргийн 119 нислэгээр 21,716, газраар 6,643, нийт 28,359 иргэнээ татаж авчээ. Ирэх сард БНСУ руу хоёр, БНТУ, Япон Улс руу тус бүр нэг удаа нислэг үйлдэх юм. Вакцин авах, хадгалах, түгээх, дархлаажуулалт хийх зэрэгтэй холбоотой бэлтгэлээ хангаж байна.
Товч мэдээ
“Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр дээрх төрлийн паспорт эзэмшигчид 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Монгол Улсын дипломат паспорт эзэмшигчид 59 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 17 улсад, албан паспорт эзэмшигчид 53 улс, үүний дотор Европын Холбооны гишүүн 12 улсад визгүй зорчих боломж бүрдлээ.
“Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр улсын иргэд 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй харилцан визгүй зорчих юм. Монгол Улсын энгийн паспорттой иргэд 24 улс, үүнээс Латин Америкийн Бразил, Уругвай, Чили, Аргентин, Куба, Эквадор Улсад визгүй зорчиж байна.

1 хүн болон зогсож байна гэх мэтийн зураг байж болно

Дэлхийн худалдааны байгууллагын “Хамгаалалтын арга хэмжээний тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх журам”-ыг батлав. Журам нь импортын тухайн барааны хэт их нийлүүлэлтээс дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учирсан, учруулах эрсдэл бий болсон эсэхийг хянан магадлах, дүгнэлт гаргах, хамгаалалтын арга хэмжээ авах, арга хэмжээг сунгах, дахин хэрэглэх, хэрэгжилтэд хяналт тавих талуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох юм.
Categories
мэдээ улс-төр

Ц.Туваан: Оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх хэрэгтэй

УИХ-ын чуулган хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Айл бүр оюутантай. Оюутан бүр багагүй зардал гаргаж суралцдаг. Долдугаар сарын 1-нийг хүртэл цахилгаан, дулааны үнийг тэглэсэн. Танхимаар хичээллээд ирэх үед оюутны төлбөрийг хөнгөлөх хэрэгтэй. Цар тахалтай холбоотойгоор айл өрхийн санхүү хэцүү байдалд хүрсэн. Эцэг эхийн карманаас гарах мөнгийг багасгамаар байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Сүүлийн 100 жилд тохиож байгаагүй эдийн засгийн хямрал нүүрлэж байна

НҮБ-аас гаргасан “Дэлхийн эдийн засгийн байдал ба хэтийн төлөв” тайланд дурдсанаар өнгөрсөн онд коронавируст цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 4.3 хувиар буурчээ. Энэ нь 2009 онд нүүрлэсэн санхүүгийн хямралтай харьцуулахад 2.5 дахин илүү аж. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гүттэриш мэдэгдэхдээ “Цар тахлын улмаас сүүлийн 100 жилд тохиож байгаагүй ноцтой эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Коронавирусийн халдвар авсан хоёр сая гаруй хүн нас барсан” гэв. Гэсэн хэдий ч энэ жил дэлхий нийт цар тахлаас үүдэлтэй эмзэг байдлаас тогтвортой байдалд шилжих онцгой боломж байгаа гэдэгт итгэлтэй. Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нь бидний нэгэн зүг чиг байх ёстой” хэмээн онцолсон байна. Мөн тэрээр ийн мэдэгдэхдээ Нийгмийн шинэ гэрээ, Олон улсын шинэ гэрээ байгуулах санаачилга дэвшүүлснээ сануулав. Эдгээр гэрээ нь нийтийн эрх, эрх чөлөөг хангах замаар бүх хүнд тэгш боломжийг олгох зорилготой аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

О.Мөнхсайхан: Шүүгч хараат бус, шударга ажиллах эрх зүйн орчин бүрдсэн

2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хуулийг УИХ эцэслэн баталсан. Уг хуулийн зарим заалтын талаарх хоригийг Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр тавьсан. Хоригийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцав.


-Шүүхийн тухай хуулийг шинэчлэх гол шалтгаан нь бидний хэлж заншсан “шударга бусын хонгил”-ыг нураах, хараат бус болгох. Хууль тогтоогчид энэ зорилгодоо хүрч чадсан уу?

-2017-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үед шүүхийг хараат бус, шударга болгох талаар маш их хэлэлцүүлэг өрнөж, судалгаа хийгдсэн, үүний үр дүн ч Үндсэн хуульд туссан. ХЗДХЯ Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсны дараа 2020 оны нэгдүгээр сард цахим хуудастаа байршуулж гурван сар шахам хугацаанд санал авсан. Засгийн газар уг төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлснээс хойш бүтэн найман сарын турш УИХ-ын дотор болон гадна хэлэлцүүлэг өрнөсөн. Жишээлбэл, Бодлогод залуусын хяналт, Оюуны инноваци, Нээлттэй нийгэм форум гэсэн шударга шүүхийн төлөө дагнан ажилладаг ТББ-ууд, Стратеги академи, Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим, УИХ дахь АН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хороо зэрэг газраас 20 гаруй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмжөө ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн шүүхийг дагнан судалдаг судлаачид, хуульчид хувиараа болон хамтран санал, зөвлөмжөө хүргүүлсэн нь бараг бүгд хуульд туссан. Ерөнхийлөгчийн саналын дийлэнх нь энэ хуульд шингэсэн. Түүнчлэн, Ажлын хэсгийн даалгавраар олон улсын сайн туршлага, сүүлийн 20 шахам жилийн дотоод гадаадын судалгаануудын дүгнэлт, саналыг шүүж шаардлагатайг нь хуульд оруулсан. Энэ бүхний үр дүнд Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн, манайд үүссэн шүүгчийн хараат бус байдал, хариуцлагатай холбоотой тулгамдсан асуудлыг зохистой шийдэх бодлогын үндэслэл бүхий хувилбаруудаас сонгосон сайн хууль болсон. Энэ хуулийг зөв ойлгож тууштай хэрэгжүүлбэл хараат бус, шударга шүүх бэхжих суурь тавигдаж, “шударга бусын хонгил” гэгч нуран унана.

Ихээхэн мөнгөн дүнтэй эсвэл улс төрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд улс төрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа гэж ойлгодог. Үнэхээр ийм эрсдэл байгаа юу гэвэл бодитой байгаа. Энэ эрсдэлийг бууруулах, сэргийлэх, хаах олон механизм Шүүхийн тухай хууль орсон.

-Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавилаа. Уг хуулийг шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна гэж үзжээ. Үүнд та тайлбар өгөөч?

-Үүнтэй ерөөсөө санал нийлэхгүй. Харин ч өдийг хүртэл Ерөнхийлөгч гэсэн нэг улстөрчид шүүхийн томилгоотой холбоотой бараг бүх эрх мэдэл төвлөрч “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг” алдагдуулж ирсэн. Улмаар, Ерөнхийлөгчийн институтын зүгээс тодорхой хэрэг, маргааны хувь заяанд шууд нөлөөлөх, эсхүл тийнхүү ойлгогдох байдлыг үүсгэдэг. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон. Үүнээс гадуур Үндсэн хуульд зааж өгөөгүй маш олон үндсэн гэж хэлж болохоор бүрэн эрхийг хуулиар 28 жилийн турш Ерөнхийлөгчид нэмээд өгсөн. Одоог хүртэл үйлчилж буй хуулиудаар Ерөнхийлөгч шүүгчийг томилоод зогсохгүй тэдгээрийг шилж олдог Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн дарга, гишүүд, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулдаг Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүдийг томилж, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг томилж, шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч УЕП-ыг томилж, АТГ-ын дарга, дэд даргыг санал болгодог. Мөн, Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал ямар ч үндэслэл дурдахгүйгээр шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, УЕП, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг дуусгавар болгодог болсон. Үндсэн хуулиар олгоогүй ийм олон бүрэн эрхийг хэтрүүлж өгснөөс болж Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн. Байна байдал нь “шударга бусын хонгил” гэх эрсдэлийг үүсгэж, Үндсэн хууль зөрчдөг. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуулийн 33.4-ийн анхны үзэл баримтлалыг тодотгож “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан нь хонгилыг нураах гол түлхүүрүүдийн нэг. Иймээс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох зэрэг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид эдлүүлэхээр хуульчлахаас татгалзах агуулгаар Шүүхийн тухай хууль гарсан.

-Ерөнхийлөгчийн зүгээс шүүхтэй холбоотой дийлэнх эрх мэдлийг УИХ-д, бүр ялсан намд өгчихлөө гэх шүүмжлэлтэй та санал нийлэх үү. Ерөнхийлөгчийн хоригт ч ийм санаа байсан.

-Санал нийлэхгүй байгаа шалтгаанаа нэг нэгээр нь тайлбарлая. 1992 оны Үндсэн хуулиар ШЕЗ гэж шинэ институцийг байгуулж хуульчаас шүүгчийг шилж олох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах үүргийг хариуцуулсан. Одоо энэ байгууллага таван гишүүнтэй бөгөөд эдгээр таван гишүүнийг бүгдийг нь, мөн даргыг нь Ерөнхийлөгч томилдог. Эдгээр таван гишүүний гурвыг шат шатны шүүхийн шүүгчид, нэгийг Хуульчдын холбоо, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд Ерөнхийлөгчид санал болгодог ч энэ процесс нь маш хаалттай, олон нийтийн болон хуульчдын оролцоо, хяналтгүй явагдаж ирсэн. Ингээд Ерөнхийлөгч өөрийн томилсон ШЕЗ-ийн дарга, гишүүний санал болгосон хүнийг шүүгчээр томилдог одоогийн тогтолцоо нь түүний зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэдэг.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхой болгож үүний дагуу Шүүхийн тухай хууль шинээр батлагдаад байна. ШЕЗ 10 гишүүнтэй байх бөгөөд эдгээр гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд өмнөх шиг шүүгчид давамгайлаад ирэхээр шүүгчийн явцуу ашиг сонирхлыг илүү баримтлаад хариуцлагыг нь сулруулах эрсдэлтэй. Шүүгчийг нь цөөлчих юм бол шүүгчийн хараат бус байдал руу халдах магадлалтай. Тиймээс шүүгч болон шүүгч бус гишүүнийг тэнцүү байхаар Үндсэн хуульд заасан нь хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг хангаж буй нэгэн хэлбэр.

ШЕЗ-ийн шүүгч гишүүн болох хүсэлтэй, шаардлага хангасан аль ч шүүгч нээлттэй нэр дэвших эрхтэй бөгөөд тэдгээрийг хуульчид болон иргэдэд танилцуулж саналыг нь авсны дараа нийт шүүгч чуулж өөрсдөөсөө шууд сонгоно. Энэ нь уг зөвлөлд ирэх зүй бус нөлөөллийг сааруулна. Үүнээс гадна нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчдийн чуулган хэзээ яаж хуралдаж ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг сонгох вэ гэдгийг маш нарийн процессжуулж өгч буй. Уг чуулганыг зохион байгуулах чиг үүрэг нь шат шатны шүүхээс тэнцвэртэй бүрдсэн ажлын хэсэгт ногдох, санал тооллогын комиссыг уг хуралдаан өөрөө тэнцвэртэйгээр сонгож бүрдүүлнэ. Нийт шүүгчдийн чуулганыг 45 хоногийн өмнө зарлах, ШЕЗ-д нэр дэвших боломж олгоход 21 хоног өгөх, нэр дэвшигчдийн танилцуулгыг цахим хуудаст байрлуулах, иргэд асуулт, саналаа илэрхийлэх боломж олгох, нийт шүүгчдийн хуралдаан дээр нэр дэвшигч бүр хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ тайлбарлаж, иргэдээс урьдчилан ирүүлсэн асуулт болон оролцогчдын асуултад хариулах, түүнчлэн тухайн орон тоонд тохирсон хамгийн олон санал авсан шүүгчийг сонгох зохицуулалт бий. Энэ нь шүүгчид нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш сонгох эрхээ эдэлж нууцаар санал хураалгаж хүсэл зоригоо илэрхийлэхэд чиглэсэн процесс хуульчлагдсан.

ШЕЗ-ийн үлдсэн тав буюу шүүгч бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно. Энэ нь гурван үе шатнаас бүрдэнэ. Нэгд, тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг сонгон шалгаруулалт явуулж ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг гаргаж ирнэ. ШЕЗ бол шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй. ШЕЗ-д нэр дэвшигчийн мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагыг нь судалж энэ чиг үүргийг хамгийн сайн гүйцэтгэж чадах хүнийг тодруулах ажиллагаа буюу сонгон шалгаруулалт нь өөрөө хараат бус, бодитой, олон талын оролцоог хангасан байх хэрэгтэй. Иймээс, УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн санал болгосон тэнцвэртэй төлөөлөл бүхий 11 гишүүнтэй ажлын хэсэг энэхүү сонгон шалгаруулалтыг хийх бөгөөд үүнд аль нэг субьект нь давамгайлж, зүй бусаар нөлөөлөх эрсдэл багасна. Шаардлага хангасан иргэд нэрээ дэвшүүлэх 21 хоногийн хугацаа олгох, нэр дэвшигчийг бүртгэж танилцуулга, баримт бичгийг цахим хуудаст даруй байрлуулах, ажлын хэсэг нэр дэвшигчийн баримт бичгийг судлах, тэдгээртэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулж олонхын санал авсан нэр дэвшигчдээс эрэмбэлж УИХ-д санал болгох юм.

Хоёрт, олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангах үүднээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр УИХ-ын хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийнэ. Ажлын хэсгээс сонгон шалгаруулж олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх тайланг УИХ-ын цахим хуудаст байршуулж 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг хүлээн авна. Нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсголыг зарлан явуулах бөгөөд уг сонсголд сонирхсон иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, судлаач, хуульчид оролцож саналаа хэлэх, асуулт асуух боломжоор хангагдахаас гадна УИХ-ын гишүүд тухайн нэр дэвшигчээс асууж шалгааж хэн бэ гэдгийг нь олон нийтийн өмнө харуулж мэдээлэл өгч, иргэдийн саналыг тусгана.

Гуравт, сонгон шалгаруулалтаар шигшигдэж нээлттэй сонсголд орсон нэр дэвшигчийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ. ШЕЗ хуульчдаас шүүгчдийг шилж олж Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд шүүгчид нь иргэд бидний амьдралын хамгийн чухал зүйлс маргаанд орохоор хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ. Ийм чухал чиг үүрэгтэй ШЕЗ-ийн гишүүдийн ядаж тал нь ард түмнийг төлөөлдөг парламентаас хүлээн зөвшөөрөгдвөл өөрөө ардчилсан ёсны легитим шинжийг хангана гэж үздэг. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дэх шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгож, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог.

ШЕЗ-ийг бүрдүүлэх, түүний шилж олсон хуульчийг шүүгчээр томилох процессыг бүхэлд нь харвал аль нэг субьектээс зүй бусаар давамгайлж оролцох эрсдэлийг хааж, шүүгчийг шилж олох, томилоход гол институцүүдийг тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ хараат бусаар хариуцлагатай ажиллах суурь тавигдаж буй. ШЕЗ 10 гишүүн гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай.

ШЕЗ-ийн талыг шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субьектүүдийн ч, мэргэжлийн болон иргэний нийгмийн төлөөлөл, оролцоог ч тэнцвэртэй хангана. Энэ хөндлөнгийн ажлын хэсгийн сонгон шалгаруулж санал болгосон хүнийг нээлттэй сонсголд оруулж ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ нарийн процесс нь өөрөө УИХ-ын үзэмж, дур зоргыг хязгаарлана. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хүнийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоог ч маш сайн хангана.

-Ерөнхийлөгч хоригтоо Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг ШЕЗ сонгон шалгаруулж Ерөнхийлөгч томилох хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж, тухайн шүүхийн шүүгчид нь өөрсдөө ерөнхий шүүгчээ сонгохыг буруушаасан байсан. Энэ тухайд?

-Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь харвал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар өөрт хэт төвлөрсөн эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн агуулга нэвт шингэж, чамин үгээр халхавчилсан нь харамсалтай. Үндсэн хуулийн 51.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэж заасан нь зөвхөн шүүгч болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид л хамаатай.

Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйл болон бусад заалтаар олгоогүй тул эдгээр ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилох нь Үндсэн хуулийн 33.4-д зааснаас хальж уг заалтыг зөрчинө. Өмнөх шиг бүх шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч гэсэн нэгэн улстөрч томилох нь шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулна. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тодруулах асуудлыг Үндсэн хуулиар тусгайлан зохицуулаагүй учраас уг асуудлыг УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиар шийдвэрлэх боловч Үндсэн хуулийн “хууль дээдлэх,” “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал”-ийн зарчмуудад нийцүүлэн зохицуулах үүрэгтэй. Шүүхийн тухай шинэ хуульд Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгохоор заасан нь олон улсын сайн туршлага юм. 2010 онд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас Германы Макс Планк институцитэй хамтран шүүхийн хараат бус байдал, хариуцлагыг судалж 1000 гаран хуудас тайлан гаргаж, “Киевийн зөвлөмж” гэх маш чухал зөвлөмжүүд гаргасны дийлэнх нь УИХ-аас сая баталсан шинэ хуульд туссан. Энэ чухал зөвлөмжид “тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгодог байх нь сайн хувилбар” гэж заасан. Венецийн комисс мөн тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгохыг дэмжиж ирсэн.

28 жилийн хугацаанд хэт их эрх мэдэлтэй ерөнхий шүүгчийг бүгдийг нь Ерөнхийлөгч үзэмжээрээ томилдог болсон нь энэ томилгоогоороо дамжуулан шүүхийн тодорхой шийдвэрт нөлөөлөх эрсдэл үүсгэж байсан. Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг бүгдгийг нь нэг улстөрч томилохоос татгалзсанаас гадна чухал өөрчлөлтийг УИХ Шүүхийн тухай хуульд оруулсан. Тодруулбал, манай улсад ерөнхий шүүгчид хуулиар маш их эрх мэдэл өгсөн нь өөрөө шударга бусын хонгил гэх эрсдэл үүсэх өөр нэг шалтгаан нь. Ерөнхий шүүгч хүссэн хуралдаанаа даргалах, шүүх бүрэлдэхүүнийг томилоход нөлөөлөх, Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч маргааны харьяалал шийдвэрлэх, танхим харгалзахгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох гэх мэтээр шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх давуу эрхийг Ерөнхий шүүгч эдэлж болохгүй гэдгийг тодорхой хуульчилсан. Үндсэн хууль дахь шүүгчийн хараат бус байдлын зарчмаар ерөнхий шүүгч гэдэг бол шүүн таслах ажил дээр бусад шүүгчтэй яг адилхан эрх мэдэлтэй болно. Ерөнхий шүүгч бол “дарга шүүгч” биш, харин шүүх доторх ажлаа уялдуулан зохицуулагч болж буй хэрэг. Өмнө нь ерөнхий шүүгчид төвлөрч ирсэн ихэнх эрх мэдлийг тухайн шүүхийн нийт шүүгчдийг багтаасан зөвлөгөөнд шилжүүлж зүй бусаар ашиглагдах эрсдэлийг үгүй болгож байна.

-Шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг аваад үгүй болгож байна гэх шүүмжлэлд юу гэж хариулах вэ. Ер нь түүний санал туссан уу?

-Нэг талаар, Ерөнхийлөгчийн оролцоог бүрмөсөн алга болгох гээд байна гэх нь ор үндэсгүй. Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд гурван үндсэн бүрэн эрх эдлэхийг Үндсэн хуульд маш тодорхой заасан, түүнийгээ л хэрэгжүүлнэ. Тодруулбал, Дээд шүүхийн санал болгосноор түүний ерөнхий шүүгчийг, УИХ-тай зөвшилцөж Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг тус тус томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх нь хэвээрээ байгаа. Мөн, шүүхийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг томилж оролцож байгаа нь ч өөрчлөгдөөгүйг ерөөсөө ярихгүй байгаа. Нөгөө талаар, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох бүрэн эрхийг Ерөнхийлөгч эдлэх ёстой, энэ нь Үндсэн хуулийн шүүгчийг томилох 51 дүгээр зүйлд заасан бүрэн эрх дотроос урган гарч байгаа юм гэж зарим хүн хэлээд байгаа юм. Ийм зүйл бол огт байхгүй. Үндсэн хуулийн 51-т ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасан бөгөөд ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилно гэх зүйл Үндсэн хуулийн аль ч заалтад байхгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн оролцох асуудал биш. Хуульчдаас шүүгчийг шилж олох ШЕЗ-ийг Ерөнхийлөгч өөрөө байгуулалцаад, түүнээс санал болгосон хүнийг Ерөнхийлөгч өөрөө шүүгчээр томилно гэдэг бол уг томилгоог Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай болгоно. Ийм байх байсан бол Үндсэн хуулиар ШЕЗ-ийг тусгайлан байгуулахгүй байсан төдийгүй энэ нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй илт зөрчилдөнө. Эцэст нь, Ерөнхийлөгчийн саналаас авч болох маш олон заалт дэмжигдсэн. Жишээлбэл, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний аль алийг орон тооны болгох, ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нийт шүүгчид өөрсдөө сонгож гаргах, харин шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилгооны сонсгол хийж томилох, Дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг хэвлэх, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт харгалзан үзэж тодорхой тусгадаг байх гэх мэт санал Шүүхийн тухай хуульд бүрэн тусаж батлагдсан. Харин, Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид огт олгоогүй эрх мэдлийг өөрөө авч үлдэх гэсэн саналыг нь л аваагүй, ийм саналыг нь авсан бол УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унах байсан.

-Шүүгчдийн сахилга хариуцлага сул байна гэх шүүмжлэл байдаг. Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?

-Шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоо удаа дараа өөрчлөгдсөн бөгөөд Ерөнхийлөгч, ҮАБЗ, ШЕЗ гэх мэт янз бүрийн субьектээс хөндлөнгөөс энэ процесст оролцож тарамдуулахаар хуульчилж ирсэн нь уг тогтолцоог тогтворгүй, үр нөлөөгүй болгож байгаа учраас үүнийг шийдвэрлэх үүднээс Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульд шинээр тусгасан. Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллана гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан. Үүний үзэл баримтлал нь Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах болон бусад туршлагатай иргэдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институциэс тэнцвэртэй бүрдүүлэх юм. Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд үүний дөрөв нь нийт шүүгчээс сонгогдсон шүүгч, тав нь шүүгч биш, хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд байхаар туссан. ШЕЗ-ийн гишүүдтэй адилхан процессоор Сахилгын хорооны шүүгч гишүүнийг Нийт шүүгчдийн чуулганаар, шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийж томилно. УИХ шүүгч бус таван гишүүнийг томилох эсэхийг шийдвэрлэж буй боловч үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш. Тал талын төлөөлөл бүхий ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хийнэ, эндээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр нээлттэй сонсгол хийнэ, тэгээд УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд сонгон шалгаруулалт болон томилгооны сонсгол яаж явагдах тухай маш нарийн процессыг хуульчилсан. Үндсэн хуулийн 33.4-ийн дагуу Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох байдлаар шууд оролцохгүй.

Монгол Улс 550 хүрэхгүй шүүгчтэй, сахилгын хэргийн ачаалал тийм их биш учраас уг хорооны гишүүдийн тоо одоогийнх шигээ есөн байх нь зохистой. Шүүхийн сахилгын хорооны есөн гишүүний дөрвөн буюу цөөнх нь шүүгч гишүүн байх нь шүүгч шүүгчээ өмөөрдөг байдлыг хязгаарлаж, сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцоход итгэл найдвар төрүүлнэ. Нөгөө талаар, шүүгч биш гишүүд олонх учраас шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэл үүснэ. Энэ эрсдэлийг хаах зохицуулалтууд хуульчлагдсан. Сахилгын хорооны бүрэлдэхүүний 40 хувийг шүүгчид өөрсдөө шууд сонгож, 60 хувийг тал талын оролцоотой нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсголоор томилно. Ийм байдлаар бүрдсэн Сахилгын хорооны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх нарийвчилсан процессыг анх удаа хуульчилсан. Шүүгч сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг Сахилгын хорооны гишүүнд тохиолдлын журмаар хуваарилна, тухайн илтгэгч гишүүн нь сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ. Сахилгын хэргийг Сахилгын хорооны хуралдаанаар шийдвэрлэж магадлал гаргах бөгөөд уг хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч гишүүн нэг, шүүгч бус гишүүн хоёр орно. ШСХ-ны хуралдааны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд уг хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч гишүүн хоёр, шүүгч бус гишүүн нэг орохоор хуульчилсан нь шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилготой. Сахилгын хорооны хянан үзэх хуралдаан холбогдох шүүгчийн шударгаар шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн тохиолдолд түүний хяналтыг тогтоолыг Улсын дээд шүүхэд гомдол гаргаж хүчингүй болгуулах боломжийг мөн хуульчилсан.

-ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлагын талаар хоригт шүүмжилсэн байсан. Энэ талаарх таны тайлбар юу вэ?

-Ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна гэж заасан талаар асуудал яригдаагүй. Харин, эдгээрийн шүүгч бус гишүүнээр “эрх зүйч” этгээд ажиллах боломжийг хуульд тусгасан гэсэн нь холбогдох заалтад буй өндөр шаардлагыг орхигдуулж дутуу ойлгосны илрэв болов уу. Шүүхийн тухай хуульд зааснаар эдгээр шүүгч бус гишүүд нь дараах таван шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна. Нэгд, “хууль зүйн өндөр мэргэшилтэй” байхыг шаардаж буй нь ШЕЗ, ШСХ-нд ажиллах өндөр мэдлэг, чадвар, ёс зүй, зан төлөв, туршлагатай байхыг ойлгоно.Эрх зүйч, хуульч байх нь наад захын шаардлага мөн боловч эрх зүйч, хуульч бүр “хууль зүйн өндөр мэргэшилтэй” биш юм. Ийм өндөр мэргэшилтэй гэж хуулийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь сонгон шалгаруулалт, нээлттэй сонсгол, томилгооны нарийн процессоор шүүгдэж шийдвэрлэгдэнэ. Хоёрт, “эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан” туршлагатай байх шаардлагатай. Үүнд эрх зүйч, хуульч байх тухай шаардлагыг ажлын байрны тодорхойлолтод зааж, хууль зүйн дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлөх, эрх зүйг судалж хөгжүүлэх зэрэг ажлыг багтаан ойлгодог. Хуулийн зөвлөх, өмгөөлөгч, прокурор, их, дээд сургуулийн багш зэрэг ажил эрх зүйч мэргэжлээр ажилласан хугацаанд тооцогдоно. 2012 оны Шүүхийн тухай багц хуулиар ч ШЕЗ болон Шүүхийн ёс зүйн хороонд зөвхөн хуульч байхыг шаарддаггүй байсан, харин Шүүхийн тухай саяын шинэ хуулиар эдгээр гишүүнд тавих шаардлагыг “хууль зүйн өндөр мэргэшилтэй байх,” “эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан” гэж өндөрсгөсөн. Гуравт, “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй” байх шаардлагатай. Дөрөвт, “сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй” байхыг шаардана. Иймээс, улс төрчдийг ШЕЗ болон ШСХ-нд оруулах боломжгүй юм. Тавд, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

АНУ-ын олон муж, Европын олон улсуудад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо шиг бүтэц шүүгчээс гадна хуульч, өмгөөлөгч, хуулийн профессор, бүр жирийн иргэнээс бүрдсэн алаг бүрэлдэхүүнтэй байхыг сайн туршлагад тооцдог. Гэвч, шүүгчийг шилж олох, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах бүрэлдэхүүнүүдэд жирийн иргэнийг оруулахаас энэ удаа татгалзаж, улмаар зөвхөн шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй, шүүгч бус иргэн орж ажиллах агуулга хуульчлагдсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл анхнаасаа ийм үзэл баримтлалтай байсан.

-Энэ цаг үед иргэдийн шударга шүүхээр шүүлгэх итгэл нуран уначхаад байгаа гэхэд хилсдэхгүй. Хуульд өөрчлөлт орсноор иргэн бүр шударга шүүхээр шүүлгэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадна гэж ойлгож болох нь ээ?

-Дараахь зарчмуудад тулгуурлан шүүхийн тухай хууль батлагдсан тул иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдэлдэг болох шинэчлэл болно. Нэгд, даргад буюу нэг албан тушаалтанд хэт их эрх мэдэл төвлөрүүлбэл шүүгчид зүй бусаар нөлөөлөх эрсдэл нэмэгддэг гэж үзэж үүнээс татгалзсан. Ерөнхийлөгч төдийгүй бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгчдийн эрх мэдлийг зохих байранд оруулж хязгаарласан. Мөн, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний дарга нь бусад гишүүдээсээ давуу эрхтэй байж тэдгээрийг захирдаг байдал гарахаас сэргийлэх олон заалт орсон. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны дарга нь тус бүр зөвхөн нэг жилээр дотроосоо сонгогдож ажиллана гэж заасан. Шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл, сахилгын хэрэг, түүнийг шийдвэрлэх бүрэлдэхүүн нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлын журмаар хуваарилах бөгөөд үүнд дарга үзэмжээрээ оролцохгүй. Хоёрт, томилгоотой холбоотой болон бусад асуудлыг шийдвэрлэх процессыг аль болох нарийвчлан бичсэн нь урьд өмнө манай хуульд байгаагүй шинэ жишиг мөн. ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны гишүүнийг сонгох, сонгон шалгаруулж томилох, шүүгчийн шалгалт авах, сонгон шалгаруулж өргөн мэдүүлэх, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулах, шүүгчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх гэх мэтийг хэзээ яаж хийгдэх, хэн ямар байдлаар оролцохыг нь нарийвчлан, дэлгэрэнгүй зааж байна. Үүнийг сайн хийж чадвал эдгээр процессод зүй бусаар нөлөөлөх, дур зоргоор авирлахаас сэргийлэх, зарчмаараа хандаж шийдвэрлэгддэг болно. Гуравт, иргэдийн оролцоог хангах, ил тод байх зарчим энэ хуулийн бараг бүх хэсэгт шингэсэн. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч дээр заавал нийтийн сонсгол хийнэ, мөн эдгээр нэр дэвшигчид болон шүүгчид нэр дэвшигч дээр иргэд санал, асуултаа илэрхийлэх өгөх боломжийг наад зах нь 14 хоногоор олгож байгаа. Дөрөвт, хариуцлага зайлшгүй байх зарчим суурь болж байна. Тухайлбал, шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой, дэлгэрэнгүй заагаад түүнд тохирсон шийтгэлийн төрлийг олшруулж хөөн хэлэлцэх хугацааг нь сунгаж байна. Үүний зэрэгцээ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний хүлээх үүрэг, хориглох зүйл, огцруулах үндэслэл, журам урьд өмнө байгаагүйгээр нарийвчлан тусаж байгаа. Тавд, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч субъектуудын олон талын оролцоог хангах. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг тал талаас санал болгосон тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг хийнэ. Зургаад, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгоход хэсэг бүлэг шүүгчид биш нийт шүүгчид нууцаар саналаа хураалган шууд сонгоно. Шат шатны шүүгч бүр адилхан шүүн таслах ажил хийдэг тэнцүү эрх мэдэл, статустай, адил оролцоотой гэдгийг тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг сонгох, шүүхтэйгээ холбоотой гол асуудлыг зөвлөгөөнөөрөө шийдвэрлэх олон механизм туссан юм. Долоод, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах. Жишээлбэл, ШЕЗ, Сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа болон бүрэн эрх дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор шүүгчийн эсхүл ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшихийг хориглож байна. Өмнө нь, шүүгчид өөрсдөө ШЕЗ болон Шүүхийн мэргэшлийн хороонд ажиллаж байхдаа давж заалдах болон хяналтын шатны шүүхэд нэр дэвшээд томилогддог байсан, үүнийг хааж шүүгчийн сонгон шалгаруулалтыг шударга, тэгш явах баталгааг нэмж байгаа. Мөн, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүн нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байхаар зааж буй нь мэргэжлийн, хараат бус хүнээр бүрдүүлэхэд чухал хөшүүрэг. Наймд, мерит зарчмыг хангах. Шүүгчид тавих шаардлагыг өндөрсгөж заагаад зогсохгүй үүнийг яаж шалгах вэ гэдгийг маш нарийвчлан хуульчилж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт төдийгүй мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авах зохицуулалтууд орсон. Өмнө ярьсанчлан, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд өндөр шаардлага тавьж маш нарийн процессоор гаргаж ирнэ. Шүүгч хараат бус, шударга ажиллах эрх зүйн орчин бүрдсэн.

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1667 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 12,703 хүний сорьцод шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд болон сүүлд бүртгэгдсэн халдварын голомтоос илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,667 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,236 хүн эдгэрээд байгаа бол 418 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,

  • Хөнгөн-362
  • Хүндэвтэр-52
  • Хүнд-3
  • Маш хүнд-1 хүн байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 221 хүн эрүүлжүүлэгджээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил, гэмт хэргийн тоо өсч, эрүүлжүүлэх байрны ачаалал нэмэгджээ. Өчигдрийн байдлаар эрүүлжүүлэх байранд 221 хүн хоносон бол согтуугаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 иргэнийг саатуулсан байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 98 дуудлага бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагын 102 утсанд өнгөрсөн 24 цагт нийт 1256 дуудлага мэдээлэл бүртгэгдээс 1053 нь зөрчлийн шинжтэй байсан аж.

Хатуу хөл хорионы үед эрүүлжүүлэх байранд хоногт дунджаар 100 гаруй хүн саатуулагдаж, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 50 орчим бүртгэгддэг байв.

Categories
мэдээ нийгэм

Ирландад амьдардаг монгол эмэгтэй хүзүүндээ хутгалуулжээ

Ирланд улсад амьдардаг монгол эмэгтэй дээрмийн халдлагад өртөж, хүзүүндээ хутгалуулсан тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлэв.

Хэрэг нэгдүгээр сарын 20-ны үдэш нийслэл Дублин хотын төв гудамжинд гарсан байна. Тухайн үед 48 настай У гэх эмэгтэй ажлаа тараад явган хүний замаар харьж явжээ. Энэ үеэр дугуй унасан этгээд түүнд ойртож ирээд мөнгө нэхснийхээ дараа хүзүүнд нь хутгалаад зугтаасан байна.

Цагдаа болон түргэн тусламжийнхан хохирогч эмэгтэйг Дублин хотын Матер эмнэлэгт хүргэж, хагалгаанд оруулжээ. Азаар эмэгтэйн шарх аминаас холуур байсан гэнэ. Уг хэрэгтэй холбоотойгоор 15 настай залууг сэжигтнээр баривчилж, мөрдөн шалгаж эхэлснийг Ирландын үндэсний цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Сандагсүрэн: Нийслэлд саарал усыг түлхүү ашиглаж, цэвэр усны хэрэглээг багасгана

Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн ба өчигдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэлд саарал усыг түлхүү ашиглаж, цэвэр усны хэрэглээг багасгах бодлого барина” хэмээжээ

Энэ нь тус сангийн санхүүжилтээр манай улсад хэрэгжихээр төлөвлөгдсөн гурван том төсөл хэрэгжихэд чухал үр нөлөөтэй юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг газрын доорх усны нөөцөөр хангана. Энэ хүрээнд Био комбинат, Шувуун фабрикийн орчимд газрын доорх усны эрэл хайгуул хийж, нөөцийг тогтоосон. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд бүрэн шинэчлэхээр ажиллаж байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бохир усанд гүн боловсруулалт хийж, дулааны цахилгаан станцуудын хөргөлтөд ашиглах боломжийг бүрдүүлнэ.

Ингэснээр хоногт 50 мянган шоо метр усыг цэвэршүүлж станцуудад нийлүүлнэ гэж тооцож байна. Мөн саарал усны ашиглалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Эцэст нь усны засаглалыг бэхжүүлж, уян хатан дэд бүтцийг бий болгох юм. Өнөөдрийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, Монголын мянганы сорилын сангийн корпораци, НЗДТГ, Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо.