Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдыг томилох асуудалд АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдыг томилох асуудалд тав хоногийн завсарлага авах санал гаргав. Тэрбээр “АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлэх, захих, асуух зүйл байна. Бидэнд цаг гаргах ёстой” хэмээн тайлбарласан.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ долоо хоногт багтаан Засгийн газраа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс нэг цагийн завсарлага өгье” гэв.

Ийнхүү АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгсөн учир бусад асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Архангай аймагт төгсөх ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлж эхэллээ

Архангай аймгийн төгсөх ангийн сурагчдыг халдвар хамгааллын дэглэм, эцэг эхийн зөвшөөрлийг үндэслэн танхимаар энэ сарын 21-нээс хичээллүүлж эхэллээ.

Энэ хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд 12-р ангийг 1048 хүүхэд төгсөнө. Төгсөх ангийнхны ЭЕШ ойртож байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос 12-р ангийн сурагчдыг танхимаар хичээллэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан юм.

2020-2021 оны хичээлийн жилд Эрдэнэбулган сумын 2-р сургуулийн хувьд 12-р ангийг 90 гаруй хүүхэд төгсөнө. Тиймээс төгсөх ангийн сурагчдынхаа ЭЕШ-д бэлтгэх нөхцөл байдлыг хангаж, халдвар хамгааллын дэглэмийн дагуу анги танхимаа бэлтгэж, хүүхдүүдээ авч эхэлжээ.

Танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан сургуулиуд ариутгал халдваргүйтлыг тухай бүрт нь хийж байгаа бол 14 хоног тутам нэгдсэн ариутгалыг мэргэжлийн байгууллагаас хийх ажээ.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: Л.Оюун-Эрдэнэ сайд амласан ёсоороо 400 сая жуулчнаа авчраарай

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилохоор УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, гишүүд асуулт асууж үг хэлж байна.

Гишүүдийн 2+1 буюу нийт гурван минутаар үг хэлж, асуулт асууж байгаа бөгөөд хугацаа хангалтгүй байгааг нэлээд гишүүд шүүмжилсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой хамгийн богино үгийг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Манай Херо Б.Баатарын дүү Ерөнхий сайд боллоо. Та амласан ёсоор 400 сая жуулчнаа Монголд авчраарай, амжилт хүсье” гэсэн юм.

2020 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ манай улс 400 сая жуулчин хүлээн авах боломжтой талаар мэдээлсэн нь шүүмж дагуулсан. Энэ тоог тэрбээр санаанаасаа зохиогоогүй, алдаж хэлээгүй гэдгийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж байсан бөгөөд ийм боломж бийг онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-оос УИХ-ын гишүүн С.Ганбаатарт тэмцлийн өөр хэлбэр сонгохыг зөвлөлөө

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар нартай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нар уулзжээ.

ХЭҮК-оос УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тэмцлийг ажиглаж, УОК-ын Шуурхай штаб, ЦЕГ, ЭМЯ зэрэг холбогдох газраас мэдээлэл авч байсан гэдгээ онцлоод хүний язгуур эрх болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэх нь зүй ёсны хэрэг хэдий ч эрүүл мэндийн нөхөгдөшгүй байдлаа хадгалж үлдэхэд анхаарч, тэмцлийн өөр арга хэлбэрийг сонгохыг зөвлөсөн байна.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар монгол гэрүүдийг нийслэлийн төв талбайд бариулах зөвшөөрөл олгох боломжоор хангаж өгөхийг хүсчээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар ХЭҮК-ын үйл ажиллагааны чиглэл хязгаарлагддаг, тухайн асуудлын зөв, бурууг шүүх, ямарваа улс төрийн үйл ажиллагааг дэмжих боломжгүй тул уг хүсэлтийг биелүүлэх, зөвшөөрөл өгөх чиг үүрэг байхгүйг хэлсэн аж

Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Дубайн гэрээг цуцлах байр сууринаасаа битгий ухраарай

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох төслийг Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Ж.Мөнхбат “Дубайн гэрээний талаар асууя. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын үед байгуулсан Дубайн гэрээ бол ард иргэдэд хохиролтой болсон. Энэ бол гэрээ ч биш. Засгийн газар, УИХ-аар ч хэлэлцээгүй. Дубайн гэрээг цуцлах ёстой гэдэг байр суурьтай гишүүдийн нэг нь би. Л.Оюун-Эрдэнэ Дубайн гэрээг цуцлах шаардлага хүргүүлсэн байна лээ. Энэ байр сууринаасаа битгий ухраарай. Хоёрдугаарт, ажлын байрыг дэмжиж, хувийн хэвшлээ анхаарах шаардлага үүслээ. Үүнд хэрхэн анхаарах вэ. Гуравдугаарт, төрийн албаны дунд шатанд байгаа хариуцлагагүй, сэтгэлгүй хүмүүсийг хэрхэн цэгцлэх вэ?

Л.Оюун-Эрдэнэ “Дубайн гэрээг цуцлах санал өгсөн. Амаргүй нөхцөл байдал үүсдэг нь үнэн. Үндсэндээ Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг шийдэхдээ олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгосон. Энэ асуудлыг хөндөхөд тэнд байгаа татвар төлөгчдийн мөнгө хөндөгддөг. Тэгэхээр энэ нь геополитикийн асуудал болдог. Оюутолгойтой холбоотой асуудлаар Н.Алтанхуяг даргын Засгийн газар нэлээд сайд ажилласан байна лээ. Би бүх бичиг баримтыг үзэж танилцсан. Энэ Засгийн газар унасны дараа 7-8 саналыг хөрөнгө оруулагч талаас тавьсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед эдийн засаг хүндрэлтэй байсан учраас хөрөнгө оруулагч талаас тавьсан саналуудыг хүлээн зөвшөөрчихсөн. Тиймээс энэ асуудлыг засах асуудалд анхаарч байгаа. Ажлын хэсэгтэй холбоотой зарим баримт бичиг алдагдсан байна лээ. Нийслэлийн прокуророос гарсан гэж ойлгож байгаа. Тэр хүнтэй хатуу хариуцлага тооцно” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Даваасүрэн: С.Ганбаатар гишүүний амь насаа эрсдэлд оруулж байгаа асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Л.Оюун-Эрдэнэ сайдыг дэмжиж байгаа. Ах хүний хувиар хэдэн зүйл захья. Ямар хариуцлага үүрэх гэж байгаагаа ойлгож байгаа гэж бодож байна. Төрийг залуу насны ааг омгоор удирдахгүй. Туршлага, чин сэтгэл, зүтгэл хэрэгтэй. Дээр нь дутууг чинь нөхөх баг хэрэгтэй. Хэрэв чи өөрийгөө пялдагуудаар хүрээлүүлэх юм бол улс төрийн насыг чинь богиносгоно.

Олон нийт өнөөдөр Оюунтолгойн асуудал ард түмний эрх ашгаас урвасан хүмүүсийг хэрхэн шийтгүүлэхийг харж байгаа. С.Ганбаатар гишүүний амь насаа эрсдэлд оруулж байгаа асуудлыг нэн яаралтай шийдэх ёстой гэж үзэж байна. Миний дүү үүнийг хурдан шийдээрэй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн 15 байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

2021 оны 01-р сарын 27-ны өдрийн 12:00 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд доорх 15 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.

БГД: 12-р хороо 19-р байр
БГД: 5-р хороо 47а байр
БГД: 14-р хороо 16-р байр
БГД: 21-р хороо Горьк нийтийн байр
БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр
БЗД: 2-р хороо 8-1-р байр
БЗД: 17-р хороо 61-р байр
БЗД: 26-р хороо Баянмонгол хороолол 410 байр
БЗД: 7-р хороо 38а байр
ЧД: 3-р хороо 23-р байр
СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
СХД: 15-р хороо 20-р байр
СХД: 19-р хороо Чин нийтийн байр
СБД: 15,16,18-р хорооны бүсчилсэн хэсэг
СБД: 1-р хороо 23-р байр
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.
Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.
Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. ЭМЯ-ны 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой комисс
Categories
мэдээ нийгэм улс-төр

Х.Тэмүүжин АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ

АН-ын 10 дугаар Их хурлаар хэлэлцсэн тус намын дүрмийг Улсын дээд шүүх буцаасан. Ингэснээр тус намын даргыг нийт гишүүдийнхээ дунд сонгууль явуулж, тодруулахаар болж байна. Харин АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ 11 хүн илэрхийлээд байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин тус намын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Тодруулбал тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ын даргын өрсөлдөөнөөс хойш суух бодолгүй байна” хэмээн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 7183 иргэн нэвтэрчээ

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 7183 хүн нэвтэрчээ.

Тодруулбал, 1272 тээврийн хэрэгслээр 3150 зорчигч хот руу нэвтэрч, 1484 тээврийн хэрэгслээр 4033 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 84 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ эдийн-засаг

52384 иргэний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгосон байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон бол банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөгийг олгожээ.

Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд 1 дүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авч буй юм.