Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхцэцэг: Засгийн газар солигдсон ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын амлалт өөрчлөгдөхгүй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригуудыг хүлээж авсангүй. Авлигын тухай хуулиас асуухад АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор томилдог болох нь ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй юү?

-Хуульд Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ-ын томилгооны сонсгол хийж томилно гэж өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын даргыг томилох эрх хуучнаар буюу УИХ-д хадгалагдаж, гагцхүү санал болгох субьект нь Ерөнхийлөгч байсныг Ерөнхий сайд болгон өөрчилсөн. Мөн дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга нь томилдог болох өөрчлөлт оруулсан. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, Төрийн албаны тухай хуультай уялдаж гарч байгаа өөрчлөлт юм. УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилохоор заасан байсан. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай хэрхэн уялдаж байна гэхээр өнгөрсөн 30 жилд засаглалын нэг субьектэд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн явдлыг халж харилцан тэнцвэртэй байх зарчмыг органик хуулиуддаа суулгаж өгөх явдал юм. Сая баталсан Шүүхийн тухай хууль бол үүний тод жишээ. Өнгөрсөн жилүүдэд Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон эрх мэдлийн хүрээнээс хальсан, шүүх засаглалд нөлөөлөх маш олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгож ирсэн байдаг. Жишээ нь, 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсон. 2006 онд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь мөн л эрх мэдлийн хэтийдэл болсон. Иймд Авлигатай тэмцэх газрын даргын нэрийг Ерөнхий сайд дэвшүүлэх нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэхгүй, нөгөө талаас авлигатай тэмцэх бол Үндсэн хуулиар Засгийн газарт олгосон үндсэн бүрэн эрх болох гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээний нэг юм. Үндсэн хуулийн 38.2.7-д Засгийн газрын бүрэн эрхэд “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.

-Өнгөрсөн 30 жилд засаглалын нэг субьектэд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн явдлыг халж харилцан тэнцвэртэй байх зарчмын тод жишээ Шүүхийн тухай хууль гэж байна. Энэ хууль батлагдсанаар шүүх болон шүүгчид улс төрөөс хараат бусаар ажиллах нөхцөл боломж нь хангалттай бүрдсэн үү?

-Шүүхийн тухай хуулийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал байсан. Энэ зорилгоо биелүүлж чадахуйц хууль баталсан гэж бодож байгаа. Эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал учраас Шүүхийн шинэчлэлийн үндсэн зорилго үүнд чиглэж байна. Тэгвэл энэ зорилгыг хангахад шүүхийн томилгоо чухал нөлөөтэй байдаг. Тийм учраас Шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн томилгоонууд дахь тодорхой субьектийн нөлөөлөл, улс төрийн болон бусад ашиг сонирхлыг арилгах, шүүхийг мерит зарчмаар томилон бүрдүүлж хараат бус, хариуцлагатай шүүх тогтолцоог бий болгохоор өөрчлөлтүүд хийсэн. Ингэхдээ шүүх тогтолцооны гол институт болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар сонгон бүрдүүлэхээр зааж өгсөн. Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийг олон улсын жишгээр мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагад үндэслэн сонгон шалгаруулалтаар бүрдүүлэх болно. Мөн шүүгч хараат бус ажиллах баталгааг зааж өгсөн. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч хэн нэгний нөлөөнд авталгүй бие даан шийдвэр гаргадаг байхын тулд хууль зүйн болон эдийн засгийн баталгааг төрөөс хангаж өгсөн байх учиртай. Шүүхийн тухай хуулийн 43-51 дүгээр зүйлд шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглох, шүүгчийн эдийн засгийн баталгааг хангах, шүүгчийн халдашгүй байдлыг хангах зохицуулалтыг оруулж өгч байна. Иймэрхүү Шүүхийн тухай хууль нь тогтолцооны том өөрчлөлт хийсэн хууль болсон. Одоо хараат бус шүүхийг бий болгож, хуулийг шударгаар хэрэгжүүлэх эсэх нь Монголын шүүгчдээс өөрсдөөс нь хамаарна. Ерөнхийлөгч энэ хуулийн тодорхой заалтуудад хэсэгчлэн хориг тавьсныг МАН-ын бүлэг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тухайлсан хориг тавьсан заалтуудыг хүлээн авахгүй байх эрх зүйн үндэслэлүүд бий.

-Тухайлбал?

-Ерөнхийлөгчийн хоригт Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ-аар томилох, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүн нь эрх зүйч байж болохгүй хэмээсэн нь хуульд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэж заасан. Энэ нь ШЕЗ-ийн гишүүдийн тав нь шүүгч, тав нь шүүгч биш байх утгыг илэрхийлж байгаа юм. Яг энэ агуулгаар Шүүхийн тухай хуульд дээрх хориг тавьсан заалтууд орсон. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тал нь шүүгчид дотроосоо буюу нийт шүүгчдийн хуралдаанаас нууц санал хураалтаар томилогдоно. Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн дөрвийг мөн өөрсдөө нууц санал хураалтаар сонгоно. Энд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар оролцохгүй. Шүүх эрх мэдэлд хөндлөнгийн нөлөөлөл орохвий гэсэн болгоомжлолоор томилгооны талыг шүүгчдэд өөрсдөд нь олгосон. Энэ бол шүүгчдийг шүүх эрх мэдлийнхээ дархлаа байгаасай гэсэн үүрэг хариуцлагыг өндөрсгөж өгсөн хэрэг. Харин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилохоор Шүүхийн тухай хуульд зааж өгсөн нь олон улсын жишиг юм. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Франц, Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дэх шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог. “Ардчилсан зарчмаар зохион байгуулагдсан тогтолцоонд шүүхийн зөвлөл нь парламентаар дамжин илэрхийлэгддэг ард түмний хүсэл зоригийн төлөөлөлтэй холбогдсон байх хэрэгтэй” гэж Европын зөвлөлийн Венецийн комисс үздэгийг дэлхийн улс орнууд шүүхийн практиктаа хэрэглэж ирсэн. Ер нь парламентын засаглалтай улсад ШЕЗ гэх мэтийн томилгооны асуудлыг тэнцвэртэй шийдэхийн тулд Ерөнхийлөгчид бүрэн эрх нэмж өгөх замаар бус, харин парламент дахь олонх болон цөөнхийн зөвшилцүүлдэг механизмыг илүү их хэрэглэдэг. Гэтэл өнөөг хүртэл манай шүүх практикт хэрэглэж ирсэн жишиг үүнээс өөр байгаа юм.

-Өнөөгийн практикт яаж явж ирсэн юм бэ?

-ШЕЗ одоогоор таван гишүүнтэй бөгөөд эдгээр таван гишүүнийг бүгдийг нь, мөн даргыг нь Ерөнхийлөгч томилдог. Эдгээр таван гишүүний гурвыг шат шатны шүүхийн шүүгчид, нэгийг Хуульчдын холбоо, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд Ерөнхийлөгчид санал болгодог ч энэ процесс нь маш хаалттай, олон нийтийн болон хуульчдын оролцоо, хяналтгүй явагдаж ирсэн. Ингээд Ерөнхийлөгч өөрийн томилсон ШЕЗ-ийн дарга, гишүүний санал болгосон хүнийг шүүгчээр томилдог одоогийн тогтолцоо нь түүний зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Монголын бүх шүүгчийг, ерөнхий шүүгчдийг ШЕЗ-ийн гишүүдийг, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүнийг 100 хувь ганцаараа томилж байгаа. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь өөрөө хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэлийг бий болгосон. Үүнийг засч залруулах нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүний дагуу сая батлагдсан Шүүхийн тухай хуулийн нэг гол зорилт байсан юм.

-Сүүлийн үед улс төр нэлээд бужигнаж байна. Цар тахлыг дотооддоо алдсаны улмаас манай улс хөл хорио тогтоогоод багагүй хугацаа өнгөрч байна. Хариуцлагатай хүндхэн цаг үед Засаг огцорч байгаад шүүмжлэлтэй хандах хүмүүс нэлээд байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Засгийн газар тогтвортой байх ёстой гэдэг зарчмын үүднээс би Засгийн газрыг огцорч байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Харин засаг тогтвортой байхаас илүү хүмүүнлэг зарчим, ёс зүйн хариуцлагыг чухалд тавьж ард түмнийхээ өмнө алдаа гаргасандаа уучлалт гуйн Ерөнхий сайдын огцорч буйг хүндэтгэн үзэж байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, нийгмийн бүх шатанд сахилга, хариуцлагыг чухалчилж, намаас нэр дэвшигчдэд ёс зүйн өндөр шалгуур тавьж ирсэн. Цар тахлын хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарт хариуцлага алдаж, ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг явдал болсон нь ёс зүйн хариуцлага хүлээж огцроход хүргэсэн гэж үзэж байна.

-Тэгвэл дараагийн Ерөнхий сайдаар МАН ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн. Засаг хэрхэн бүрдэх бол?

-МАН-ын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн. Одоо танхимаа хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг ч тэр, өөр хэн нэгэн, УИХ-ын гишүүн ч оролцох эрхгүй. Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал буюу “Алсын хараа-2050”-ийг боловсруулсан багийг ахлан ажилласан хүний хувьд хөгжлийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлж чадахуйц салбар салбарын шилдэг мэргэжилтэн, манлайлагч нараар танхимаа бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-Шинэ Засгийн газрын бодлого яаж явах бол. Өмнөх Засгийн газрынхаа хийж хэрэгжүүлж ирсэн бодлогыг үгүйсгэдэг гэх зүйлс яригддаг шүү дээ?

-Энэ их чухал асуудал. Төрийн бодлого тогтвортой явагдах ёстой. Өнгөрсөн жилүүдийн Монголын төрийн тогтолцооны гол алдаа бол төрийн бодлого тогтворгүй, залгамж чанаргүй явж ирсэн явдал юм. Дэлхийн улс орнуудын жишээг харахад хөгжлийн бодлого нь тогтвортой бөгөөд тодорхой байдаг. Улс төрийн аль нам гарч ирснээс үл хамаарч тэр бодлого нь хэрэгжээд явж байдаг. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газраас өргөн барьж өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан. “Алсын хараа-2050” гэдэг бол Монгол Улсын хөгжлийн үндсэн хууль гэж хэлж болно. Үүнийг ямар ч нам, улс төрийн хүчин, ямар ч дарга, сайд байсан мөрдөж, хэрэгжүүлдэг байх нь улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Алсын хараа-2050”-д үндэслэн ирэх дөрвөн жилд хийх ажлаа “Хөгжлийн гэрээ” нэртэй мөрийн хөтөлбөр болгон ард түмэндээ танилцуулж дэмжлэг авсан. Иймд Ерөнхий сайд солигдож шинэ Засгийн газар бүрдсэн ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын ард түмэндээ амласан амлалт өөрчлөгдөхгүй, бодлого тогтвортой явна. Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ сайд “Ерөнхий сайд болбол хийх ажил, бодлого, үнэт зүйлсээ танилцуулахдаа нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараахь улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна. Хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангаж ажиллана” гэж хэлсэн. Энэ үгнээс нь шинэ Засгийн газар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны засаглалыг бий болгох, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг өндөрсгөх, цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгаа сэргээх, дундаж давхаргаа дэмжсэн эрүүл мэнд, боловсролын шинэчлэлүүдийг хийхэд анхаарч ажиллах юм байна гэж ойлгосон. Засгийн газар солигдсон ч Монгол Улсын хөгжлийн бодлого, МАН-ын амлалт өөрчлөгдөхгүй.

-Энэ цаг үед эрүүл мэндээс гадна боловсролын асуудал хөндөгдөж байна. Хөл хорионы улмаас сургууль, цэцэрлэг хичээллэхгүйгээс шалтгаалж хичээл хоцрогдолт ихээхэн үүсч байна. Үүнд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-“Ковид-19” цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд оюутан сурагчид теле болон цахимаар хичээл үзэх шаардлагатай болсон. Гэтэл техник технологи, интернэтийн хэрэглээний дутагдлын улмаас бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Гэртээ компьютергүй өрх, компьютертэй ч интернэтгүй өрхийн хүүхдүүд цахим хичээлд оролцох боломж хязгаарлагдмал байгаа. Түүнчлэн гэртээ телевизортой байсан ч кабельгүй, кабельтай ч ухрааж үзэх үйлчилгээгүй өрхийн хүүхдүүд зайны сургалт, хичээлээс хоцрох эрсдэлд оржээ. Мөн уламжлалт мал ахуйн соёл, жендерийн тогтсон үүрэг, амьдралын хэв маяг, амьжиргаа зэрэг нийгмийн хүчин зүйлс хөдөө орон нутгийн хүүхдүүд теле болон цахим хичээл үзэх ижил боломжийг хангаж чадахгүй байна. Энэ нөхцөл байдал их, дээд сургуулиудад ч илэрч байгаа. Цар тахлын хямрал нүүрлэж байгаа ч оюутан, сурагчдын сурч боловсрох эрхийг хангах, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нь Монгол төрийн үүрэг. Бид энэхүү хямралаас бүрэн гарч, эргэн сэргэхийн тулд эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх хэрэгтэй. Боловс-рол, эрүүл мэндийн үйлчилгээ нь хүний суурь эрхүүд тул эдгээр салбарууд төрийн нийтийн өмчлөлд байж, хямралын үед үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх чадавхыг төрөөс дэмжин бэхжүүлж байх ёстой. Цахим сургалтын дэд бүтцийг бий болгох, чадавхыг нэмэгдүүлэх, холболтыг чанартай найдвартай болгох зэргээр боловсролын цахим шилжилтийг хийх төсвийг боловсролын салбарт хангалттай хуваарилах бодлогыг цаашид барих ёстой гэдгийг цар тахал бидэнд харууллаа. Мөн сургалтын үйл ажиллагааг зайн сургалтаар зохион байгуулахдаа алслагдсан сум, орон нутаг болон нийгмийн эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн гар утас, телевиз, интернетийн хүртээмжтэй байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр тэгш хамруулах сургах зорилт биелэгдэхгүй. Тиймээс эрх тэгш, тэгш хамруулсан чанартай боловсролыг хүн бүрт олгохын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагын гишүүд, дэмжигчидтэй хамтран хүүхэд залуус, насанд хүрэгчдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллах болно.

-Шинэ Засгийн газар энэ ажилд хэр анхаарлаа хандуулах бол?

-Анхаарахаас өөр аргагүй, нэн тэргүүнд анхаарах ёстой салбар. Л.Оюун-Эрдэнэ сайдын онцолсон нийгэм дэх тэгш бус байдлыг багасгах бодлогын нэгэн том чиглэл бол боловсрол. Монголын боловсролын салбарт тэгш, хүртээмжтэй байх зарчим алдагдсан, хот хөдөөгийн сургуулиуд болон улсын ба хувийн хэвшлийн сургуулиудын хоорондын сурлагын чанарын ялгаа ихэсч, эцэг эхийн орлого, сурлагын амжилтын хооронд шууд хамааралтай болсон нь үнэхээр сэтгэл зовоох асуудал болоод байгаа. Хэрэв бид боловсрол дахь энэ тэгш бус байдлыг өнөөдөр арилгахгүй бол цаашид нийгмийн тэгш бус байдал улам бүр гүнзгийрэх болно. Тиймээс Шинэ засгийн газар, шинэ Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайдтай бид боловсролын шинэчлэл, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох талаар хамтран зүтгэх болно. УИХ дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны шинэ гишүүд бид УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш боловсролын шинэчлэлийн асуудлаар цуврал хэлэлцүүлэг, уулзалтууд хийж эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд, хилийн чанадад байгаа монголчуудтай хамтран ажиллаж байна. УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх Боловсролын тухай багц хуулиар үндэсний боловсролын тогтолцоогоо шинэчлэх том алхам биеллээ олно гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Яруу найрагч Р.Лхамрагчаа: Суут их Чингис хааны хошууч баатар домогт Урианхайн Сүбээдэйд зориулсан хөлгөн туульсаараа “Алтан-Өд”-ийн эзэн боллоо

Дархан-Уул аймгийн Утга зохиолын салбарын эрхлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ринчендоржийн Лхамрагчаатай ярилцлаа. Тэрээр “Сүбээдэй баатар“ туульсын найраглалаараа оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн шагнал хүртсэн юм.


-Хамгийн олон өрсөлдөгчтэй яруу найргийн төрөлд “Алтан-Өд”-ийн шангнал хүртлээ. “Сүбээдэй баатар” хөлгөн туульсын бүтээл тань шуугиан тарилаа. Ер нь яруу найрагт ийм хэмжээний хөлгөн туульсын бүтээл гаралгүй удсан байх?

-Суут их Чингис дөрвөн хошууч баатрын нэгэн Урианхайн Сүбээдэй баатрын тухай хөлгөн туульс бүтээж утга зохиолын дээд шагнал “Алтан-Өд”-ийн эзэн болсондоо баяртай байна. Сүбээдэй бол Монголын гурван их хааны төрд хүчин зүтгэсэн, жанжны суу билгээрээ эгнэшгүй, Урианхайн их хөвүүн, Монголын түүхэнд тодорсон домогт баатар юм. 14 наснаасаа Чингис хаанд хүчин зүтгэж, тархай бутархай эсгий туургатныг нэгэн дор нэгтгэлцэн, Зүрчидийн Алтан улсыг мөхөөж, Тангудын бач омог, Сартуулын давилуун Султаныг номхотгосон гавьяатай. Чингис хаан болоод есөн өрлөгүүд бүгд бие барсны хойно үйлсийг нь залган үргэлжлүүлж Кипчакийн уудам тал нутаг, Ижил мөрнөөс авахуулаад бүх Оросыг эзлэн дийлж, баруун Европын зүрхэнд шар ус хуруулж явсныг бид түүхээс мэднэ дээ. Энэ домогт баатрын тухай нэг сайхан ном гаргахсан гэх бодол надад эртнээс төрсөн. Гэхдээ яг тэгж ингэж бичье гэж төлөвлөөгүй. Харин 2013 оны өвөл хэдэн өдөр дараалан шүлэглэж бичсэн. Тэр цагаас үүнийгээ яг энэ хэв шинжийг нь алдалгүй баримталж, томоохон бүтээл болгох юм байна гэдгээ мэдэрч, төлөвлөсөн. Миний хувьд бага балчраасаа түүхийн ном зохиол сонирхож шимтэн уншдаг байсан маань гол нөлөө болсон. Үндсэндээ түүхийн суурь мэдлэгтээ дулдуйдан яруу найрагчийнхаа сэрэл сэрэхүйгээр туушиндаж бичсэн. “Монголын нууц товчоо”-ноос авахуулаад гадна дотнын холбогдох бүхий л түүх шашдир, ном бүтээлийг сөхөж харах, унших гээд л миний хувьд судалгаа болж хувирсан. Олон талаас нь жишиж, харьцуулж бодож байгаад яаж бичихээ шийдэх нь мэдээж. Ингээд 2020 оны сүүлийг бараг л мушгиж эх бэлтгэл дээр нь бүтэн жил сууж, ажил амьдралынхаа хажуугаар зүтгэж байж л үр дүнг нь харлаа. Ер нь түүхэн сэдэвтэй бүтээл бол түүхийг гоёчлох, хэт уран сайхны халилд хэтийлгэх, зохиомжлох гэсэн асуудал байж болохгүй. Түүхэн зохиол түүх өөрийнхөө үнэн товчооллоороо хашиж байдаг, хэрхэн амилуулах нь тэр хүний авьяас чадвар. Эл бүтээлийн минь үнэ цэнэ болоод хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн явдалд баярлаж буй минь энэ. Сонирхуулахад, отгон хүүг маань Сүбээдэй гэдэг. Одоо хоёрдугаар ангийн сурагч таваргаж явна.

-Таны хувьд уран бүтээлээ хэдий үеэс эхэлж байв. Утга зохиолын амь халуун багш нарынхаа тухай дурсахгүй юу?

-Би хүүхэд ахуй цагаасаа л ном сонинтой нөхөрлөж, дунд сургуульд байхын шүлэг бичиж эхэлсэн. Сургуульд орохоос өмнө уншдаг болсон байсан. Сургуулиас мөн сумын захиргаанаас зохион байгуулсан шүлэг найргийн уралдаанд идэвхтэй оролцож тэрүүхэндээ түрүү магнай ч болж л явав. Анхны багш гэвэл аав маань, буурал ижийгээ бас нэрлэнэ. Миний аав сэхээтэн хүн. Аавынхаа захиалж уншдаг ном сэтгүүлийн хоёр дахь уншигч нь байсан юмуу даа. Дээр нь надад ном их авч өгнө. Төрсөн өдрөөр аав байнга ном бэлэглэнэ. Энэ бүхэн их нөлөө болсон байх. Аавын маань ээж 1912 онд төрсөн, дөрвөн ч төрийн нүүр үзсэн азай буурал байлаа. Бид эцэг эхээс наймуулаа. Харин би гол төлөв буурал ээжтэйгээ багаасаа ойр, хамт байдаг байсан. Голцуу хоёулхнаа ганц гэр зэлүүд шахам нутаглана. Үлгэр домгоос авахуулаад сонин хачин хууч яриаг намайгаа хүүхэд гэж гололгүй, унтах нойроо хугаслан байж хөврүүлнэ шүү дээ. Утга зохиолын хувьд бол МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Төмөртогоо багштайгаа утга зохиолын сэжим сэнжигээр холбогдож Дарханы утга зохиолын салбарын зохиолч найрагчиддаа намайг танилцуулж үүдийг нээсэн нь 1999 оны үе юм даа. Анхны шагнал, анхны ном гээд гэгээн сайхан он жилүүдийг минь асууж байна. Анх шүлгээ уншсан найргийн наадам их бэлгэшээлтэй санагддаг. Хоёр мянга нэг оны хавар цэргийн баяраар зохиосон цэрэг эх орны сэдэвт найргийн наадамд “Жагсаалын цэргийн өчил” хэмээх шүлгээ уншиж хоёрдугаар байрт шалгарч байсан минь цээжинд тодхон. Авьяас билигт найрагч “Олон түмэнд алдаршаагүй Оросоогийн Ганболд” ах маань тэргүүлж байсан удаатай. Манай Дарханы мундаг уран бүтээлчид, хууччуул дунд болоод залуу үе тэгэхэд бүгд л шижигнэж, бужигнаж асан бас л сайхан үе л дээ. Анхны ном “Унасан нутагтаа өргөх шүлэг” маань 2004 онд хэвлэгдэж, Алтай сайхан нутгийн минь яруусал, Хасагт хайрханы өлзий буян намайг түшиж сум орны “Алдартан” болгож өргөмжилсөн нь бас их хайр, үүрэг ачаа нэмсээн.

-Тэр жил Дарханы утга зохиолын их ойд Намбарын Пүрэв найрагч бид хоёр очиж, танай наадмыг шүүж, Цэвээнгэрэл ах минь цом гардаж мөн ч сайхан баяр болж билээ сэн?

-Тийм ээ, эрхэм дүү минь. 55 жилийн түүхт ой минь маш сайхан болсон. Энэхүү түүхэн тэмдэглэлт үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан МЗЭ-ийн удирдлагад бид бүгд маш их талархсан. Дархан-Уул аймгийн утга зохиолын салбар 1964 онд анх байгуулагдсан цагаас авахуулаад өдийг хүртэл Монголын утга зохиолын үе үеийн сод төлөөллүүд бүтээн туурвиж, ажиллаж амьдарч байснаараа онцлог бөгөөд бахархалтай. “Гал” шүлгээрээ анхны цахиурыг хагалсан Л.Нацагдорж, “Уянга цагаан хуруу” дууны эзэн П.Авирмэд, их утга зохиолын ноён оргилуудын нэгэн Санжийн Пүрэв гуай, алдарт зохиолч Зо Па Жингийн Баттулга, “Зулзаган цагаан хус” дууны эзэн Б.Сосорбарам, нэрт зохиолч И.Гүрринчин, Ш.Сүрэнхор гээд олон буурлууд манай анхдагчид юм. Жамъянгийн Болд-Эрдэнэ, О.Ганболд, Г.Баатар, Ц.Цэнд, Б.Норовсамбуу, Д.Цэвээнгэрэл, Д.Цэрэндаваа, М.Уянсүх гээд бүгдийг нь нэрлэнэ гэвэл барагдахгүй. Энэ бүх зохиолч найрагчидтай нэгэн үед ихэнхтэй нь хамт байж, харилцан шүлгээ уншицгааж бүтээн туурвиж буйдаа бахархдаг. 2008 онд Д.Нацагдоржийн шагналт М.Уянсүх “Шүлгэн гэрэгэ мину” номыг маань уран бүтээлч хүнээс л гарах сэтгэл зүтгэлийг өвөртлөн хянан тохиолдуулж, өмнөтгөл бичиж, аймгийн “Оны шилдэг ном”-оор шалгарсан торгон дурсамж бас байдаг л юм. Манай утга зохиолын нэгдлийг салбарын хэмжээнд өргөжүүлж олон жил тэргүүлж, утга зохиол, яруу найргийг хөгжүүлэх үйлсэд их хувь нэмрийг оруулсан хүн бол МЗЭ-ийн шагналт найрагч Цэвээний Цэнд яриангүй мөн. Миний дотно ах, морьтон түмний бахдал болсон монгол наадмаараа овоглосон Цэвээнгэрэл байна, мөн ч хүнлэг найрагч юм шүү дээ. За тэгээд “Сонгодог зүгээс Бурхан зүг” хүртэл дайдыг хэмжсэн Ланзадын Мөнхбаатар найрагч маань байна.

-“Чинад гилтрагч”, “Виллам” гэдэг ч юм уу, таны шүлгийн номууд нэрнээсээ аваад содон байдаг. Хөөдөөгийн Эрдэнэбатар найрагч таны тухай их л халуун дулаан бичсэнийг санах юм?

-Ер нь бол бусдаас онцгойрохдоо ч нэг их гол биш, өөр өөрт заяагдсан өгөгдөл, шуудхан хэлэхэд тухайн уран бүтээлчийн өөрийн дотоод сэтгэхүй, сэрэхүй мэдрэмж. Түүнийгээ л уудалж буй хэрэг. Хамгийн гол нь үнэлэмж гэхээсээ тэр яруу найраг мөн биш ч гэх юмуу, одоо ийшээ ч явж байна, тийшээ явж байна гэх юм уу, аль эсвэл тэр сайн, тэр муу гэх мэтэд ач холбогдол, дүгнэлт өгөх нь сонин биш л дээ. Цаг үеийг цаг хугацаа өөрөө л дэнсэлнэ. Номын нэр өгөх дээр бид бас муугүй бодож байж шийд гаргана шүү. Монголын үе үеийн найрагчдын бүтээл туурвилыг тэр энэ гэлгүйгээр оюуных нь охь юунаас таалан хүртдэг. Манай монгол яруу найргийн яалт ч үгүй нэгэн сайхан хэв шинж нь цэц холбох. С.Дулам багш, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, М.Уянсүх, Б.Норовсамбуу нарын найрагчид миний бичсэн бүтээл туурвилын өмнөтгөлд энэхүү онцлогийг маань зүгээр ч нэг дурдаагүй болов уу гэж санана. Р.Чойном, Б.Доржпалам, Д.Пүрэвдорж гээд суут цэцдийн бүтээлийг уншаад суух ч бас л сайхан. Ер нь манай ард түмэн чинь цэцэн билгээрээ алдартай. Бидний үед хүссэн, хүсээгүй монгол хүний тэр сайхан заяагдмал чанар нь мөнх юм. Хамгийн гол нь сайн унших, тэр эрдэм мэдлэгээрээ өөрийгөө хурцлах, хөгжүүлэх, аливаад ноён нуруутай хандах нь чухал болов уу. Урианхайн их найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Халхын их найрагч Пүрэвийн Бөхбат хоёртой би зүрх сэтгэл болоод уран бүтээлийн хувьд ойр явсан. “Виллам” номыг баруун Урианхайн их уулсыг эзэгнэнхэн төрсөн найрагч оршоож, намайгаа өргөж байсан. Тэр хоёртоо зориулсан шүлгийн мөрүүд бүхнийг гэрчлэх биз ээ.

Сая би Бямбын Ринчен гуайн “Заан Залуудай”-г дахин уншлаа, Р.Ю.Почекаевын “Бат хаан”-ыг уншлаа. Мөн шинээр хэвлэгдсэн “Монголын эзэнт гүрний түүх” 5 ботио зав зайгаараа халиаж л байна. Шинэчлэл ихтэй, манай улсын шилдэг ахмад болоод, залуу түүхчдийн судалгаа, шинжилгээ, түүхэн шинэ баримт, хариулт нотолгоо гээд их олон талын дүгнэлттэй шастир юм аа, арга байхгүй. Сүүлд нь хэлэхэд, “Сүбээдэй баатар” хөлгөн туульсыг минь энэ цагийн хэл шинжлэлийн ноён оргилуудын нэг, ардын багш Сэндэнжавын Дулам, түүхийн талаас нь миний хүндэт багш профессор Б.Балжинням, цэргийн түүхч Х.Шагдар гуай, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Идэр нар харилцан зөвлөлдөж, түүхэн сурвалжуудыг нягтлан шүүрдэж, санал бодлоо хуваалцан урмын үгээр мялаасан нь уран бүтээлч надад нэр төрийн хэрэг байлаа.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан хулгана өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 28, Бархасбадь гариг. Билгийн тооллын 15, Найралт эх одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8:25 цагт мандан, 17:46 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гаригийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Шөнөдөө хялмаална. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 38-40 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ковидын жилийн тууж” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо” хэмээснийг I-IV-V нүүрнээс уншаарай.

МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь “Хөшигний ард үүссэн том зөрчил энэ цаг мөчид хальж байна хэмээн дүгнэж болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ковидын жилийн тууж” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт үйл явдлын VII нүүрт “Жи тайм-ын М.Маратыг манай улсын хууль хүчний байгууллага мөнгө аваад гаргачихсан шүү дээ” гэв.

Дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн арслан И.Мандах “Их ойн наадамдаа амжилттай барилдаж цолоо ахиулахыг зорьж байна” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/ Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

УХТЭ хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг нэвтрүүлснээс хойш 22 иргэнд мэс засал амжилттай хийгээд байна

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр “Korea Pharma” ХХК-иас УХТЭ-т Хөхний хавдрыг соруулж авах БНСУ-д үйлдвэрлэгдсэн Bexcore system аппаратыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулган, “Korea Pharma” ХХК-ий ерөнхий менежер Б.Ариунтуяа болон бусад хүмүүс оролцлоо.

УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд:

УХТЭ нь 2020 онд шинэ технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, шинэ эмчилгээний арга, технологийг бий болгох, хүний нөөцийг давхар бэлтгэх тал дээр анхаарч ажиллалаа. Үүний нэг болох хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг өнгөрсөн оноос эхлэн нэвтрүүлсэн бөгөөд “Korea Pharma” ХХК-иас сонгомол аппарат буюу зөвхөн хөхний хоргүй болон хортой хавдарт зориулж ашигладаг аппаратыг манай эмнэлэгт хандивлаж байгаад баяртай байна. Монголдоо албан ёсны эрхтэйгээр “Korea Pharma” компани оруулж ирдэг бөгөөд өнгөрсөн зургаан сараас эхлэн тус аппаратыг манай эмнэлэг үйлчилгээндээ нэвтрүүлж, мэс заслыг хийж эхэлсэн. Тус аппарат нь дүрсийн хяналттайгаар хөхний хавдрыг соруулж авдаг. Өнгөрсөн онд 22 иргэнд хоргүй хавдар авах мэс заслыг хийсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээний үр дүн маш сайн байна.

Arslan.mn

УХТЭ-ийн Оношилгооны төвийн дарга Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган:

Энэ эмчилгээний хамгийн гол онцлог нь хөхний хэлбэр, хэмжээг алдагдуулахгүйгээр зөвхөн хавдрын эдийг 0,5 см урттай жижиг нүхээр соруулж авдагт оршино. Мөн ерөнхий унтуулга хийхгүйгээр хэсгийн унтуулгатайгаар мэс заслыг гүйцэтгэдгээрээ онцлогтой. Өвчтөн мэс заслын дараа 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой байдаг. Өнгөрсөн онд хийгдсэн 20 гаруй мэс засал нь бүгд хоргүй хавдар байсан бөгөөд үүнийг хортой хавдар дээр хийх аргачлалыг бид онлайн байдлаар БНСУ-ын багш нараас суралцаж байна. Мэс засалд орсон иргэд 2-3 сарын зайтай хяналтын үзлэгт ордог бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хүндрэл гараагүй. Хавдрын бүтцээс шалтгаалж, мэс засалд орсон өвчтөнүүд 1-13 ширхэг хавдрыг соруулж авсан. Тус мэс засал эмчилгээ нэвтрээгүй байсан бол дээр дурдсан 20 гаруй иргэний хөхийг бүхэлд нь болон хэсэгчлэн тайрч хавдрыг авах байсан. Эмэгтэй хүн хөхөө тайруулснаар бие болон сэтгэл зүйд маш их өөрчлөлтөд ордог бөгөөд бид үүнээс сэргийлж чадсандаа маш их баяртай байна.

Arslan.mn

“Korea Pharma” ХХК-ий ерөнхий менежер Б.Ариунтуяа:

Манай Korea Pharma компани нь 2014 оноос хойш эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагааг эрхэлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд манай компаний зорьж байгаа зорилт нь БНСУ-аас шинэ хагалгааны технологиудыг Монголдоо нутагшуулах ажлыг хийж байна. 2020 онд гэвэл УХТЭ-т хөхний хавдрыг соруулж авах Bexcore system аппаратыг суурилуулж өгсөн бөгөөд өнөөдөр ийнхүү тус эмнэлэгтээ хандивлаж байна. Мөн УНТЭ, Амгалан амаржих газруудад шинэ технологи болох өндөр давтамжит технологиор хавдрыг түлэх эмчилгээг нэвтрүүлээд байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 1236 боллоо

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12703 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 11 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,667 болсноос дотоодын халдварын тоо 1162 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 418 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 3 , хүндэвтэр 52, хөнгөн 362 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 25 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1656 үүнээс эдгэрсэн 1236 буюу 74.1 хувь нь эдгэрсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад бараалхлаа

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв.

Тэрбээр цар тахал, цас зуд нүүрлэсэн амаргүй цаг үеийг даван туулах, шийдлээ хүлээсэн томоохон асуудлуудыг хугацаа алдалгүй, амжилттай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглээд, шударга ёс, хуулийн засаглал тогтоох, ард түмнээ дээдэлж, улсынхаа нийгэм, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх эрхэм хэрэгтээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхахад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар байлцав.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг Улаанбаатар хотоос 498 иргэнээ татан авчээ

Сэлэнгэ аймаг УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос PCR шинжилгээнд хамрагдсан 498 иргэнээ татан авчээ.

Мөн дээрх хугацаанд Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотруу зорчих хүсэлт ирүүлсэн 218 иргэнийг буцаасан байна. Ингэхдээ Шадар сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр шинэчлэн баталсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулан ажилласан гэж Аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Нийтийн тээврээр зорчсон иргэдийн бүртгэлийг хөтөлж, тээвэрлэлт гүйцэтгэсэн 14 автобус, иргэдийн ачаа , гар тээшийг ЗӨСТ-өөс халдваргүйтгэл хийх явцад Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажилласан байна.

Халдварын голомттой бүсээс аймагт очсон иргэд гэрийн тусгаарлалтад 14 хоног байж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх юм.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардан авлаа

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тамгыг нь гардууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87,9 хувийн саналаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон.