Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Өрх бүрд нэг сая төгрөг олгох асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч хоригийг танилцуулж байна. Энэ үеэрээ УИХ-ын намрын чуулганаар өөрийнх нь өргөн мэдүүлсэн Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэлгүй хаах гэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, уг асуудлаар ээлжит бус чуулганыг зарлана гэлээ. Мөн тэрбээр өөртэй нь тэмцэх бус авлига, ядуурал, ажилгүйдэлтэй тэмц хэмээн чуулганы индрээс хэллээ.

Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчилсэн хориг тавьсан юм.

Хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг болон УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 966 дуудлага бүртгэгдэж, 156 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр(2020.01.27) нийт 1222 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 988 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 966 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 12, гэмт хэргийн шинжтэй 55 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 39, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 92, хүний биед халдсан 52, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 68 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 156 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 72 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хавдрын эмчилгээнд иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй боллоо

Дэлхий дахинд жил бүр 19.3 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 10 сая орчим хүн хорвоогоос хальж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жилд 100 сая иргэн эрүүл мэндийн тусламж үйчилгээтэй холбоотойгоор ядууралд өртдөг гэж үзэж байна. Манай орны хувьд жилдээ 6000 орчим хүн хорт хавдраар шинээр оношлогдон, 4000 гаруй хүн нас барж, нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой ядууралд жил бүр 20 000 орчим хүн өртдөг гэсэн судалгаа байна.
Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, энэ оны 01 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь хавдрын үеийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлэх шийдвэр байлаа.

Энэ шийдвэр нь хорт хавдраар шаналж буй олон иргэн, гэр бүлд ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй.
Энэ онд хавдрын тусламж үйлчилгээнд гарах зарим нэг шинэчлэлээс дурдвал:
Хавдрын эмчилгээнд ороход иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй: Өмнөх жилүүдэд хавдрын эмчилгээнд ороход иргэн 25 хувийн төлбөрийг хувиасаа гаргадаг байсан бол энэ оноос иргэд ямар нэгэн төлбөр төлөхөөргүй болж байна. Энэ нь иргэдийг уг өвчний улмаас санхүүгийн эрсдлээс хамгаалсан томоохон шийдвэр боллоо.

Эх орондоо бүрэн оношлогддог болно: Хавдрын үеийн оношилгоонд нэн чухал аппарат бол ПЕТ-СТ юм. Энэ шинжилгээний аппарат Монголд анх удаа Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр суурилуулж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Шинжилгээгээр хавдрын үсэрхийллийг бүрэн илрүүлдэг ба эмчилгээний арга техник сонгох болон үр дүн бүрэн хянах боломжтойгоороо давуу талтай юм. Уг шинжилгээнд орохын тулд иргэд заавал гадаад улс орон руу явдаг байсан бол энэ оноос эх орондоо оношлогдох бүрэн боломжтой боллоо.
Химийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн чанарт онцгой анхаарч, бай эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж эхлэнэ: Хорт хавдрын үед хими эмчилгээний оролцоо 50 гаруй хувьтай байдаг ба энэ нь хавдраар оношлогдсон хоёр хүн тутмын нэг нь хими эмчилгээнд ордог гэсэн үг юм. Эрүүл мэндийн яамнаас аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүд хими эмчилгээ хийх боложтой болж байгаа бөгөөд энэ нь уг тусламж үйлчилгээ авах гэж хөдөө орон нутгаас ирэх иргэдийн урсгалыг бууруулж, ХСҮТ дээрх ачаалал бууруулах ач холбогдолтой. Нөгөө талаар хавдрын хими эмчилгээний үед хэрэглэдэг эмийн чанар дээр онцгой анхаарч олон улсын төвшинд хэрэглэдэг чанартай эм авах бэлтгэл ажлаа хангаж байна. Химийн эмчилгээнд уламжлалт стандарт эмээс гадна бай эмийг эрүүл мэндийн даатгалаар санхүүжих боломжтой болно. Бай эм гэдэг нь зөвхөн хавдрын тухайн эсэд үйлчилдгээрээ давуу талтай юм.
Хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан төр хувийн хэвшлийн эмнэлэгүүд үзүүлдэг болно: Хавдрын үеийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ оочер дараалал ихтэй, өндөр ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр уг тусламж үйлчилгээнд даатгалаас олгох өртгийн хэмжээ нэмэгдэж, төр хувийн хэвшлийн аль ч эмнэлгээр уг үйлчилгээг авах болсноор тусламж үйлчилгээний хүлээгдэл буурах боломжтой боллоо гэж ЭМЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Түлш шатахуун гэдэг бол ямар ч улсын стратегийн гол асуудал байдаг. 30 жил нефтийн үйлдвэртэй болох асуудлыг ярьж ирсэн. Нефт боловсруулах үйлдвэрийн дагалдах дэд бүтцийн асуудал хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн. Үүнд 550 айлын орон сууц, төмөр зам авто замыг нэрлэж болно. Одоо хоолой татах, техник төхөөрөмжөө оруулж ирэх гээд ажил эхлэх гэж байна. Газрын тосны үйлдвэрийн хоолойг олон аймгийн нутгаар дамжиж татна. Аймгуудын Засаг дарга нарт хоолой татахтай холбоотой хариуцлагын асуудлыг хуульд оруулж өгсөн үү?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн зургаадугаар бүлэг дээр энэ асуудлыг тодорхой оруулж өгсөн. Газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдийн тогтвортой нөөцтэй байх зорилгоор газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулж болно гэдэг асуудлыг тусгаж өгсөн. Хайгуулын ашиглалтын талбайг Засгийн газраас тодорхой хугацаанд давуу эрхээр олгох, энэ хугацаанд төрийн өмчит үйлдвэрийн газар өөрсдөө эрэл хайгуулын ажил эхлүүлнэ. Хуулийн төсөлд байгууллага удирдлагуудын үүрэг хариуцлагын асуудлыг оруулж өгсөн. Ажлын хэсэгт говийн аймгуудаас сонгогдсон гишүүд ажиллаж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дөрвөн настай хүүд мэс засал хийж, ходоодноос нь 56 ширхэг соронз авчээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав ахлагчтай мэс заслын багийнхан өнгөрсөн долоо хоногт соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийжээ.

Хүүд өвчний шинж тэмдэг 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д хэвтэж, маргааш нь мэс засалд орсон байна.

Хүү олон тооны соронз залгиснаас ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. Мэс заслын явцад хүүгийн ходоодноос жижиг эрхиний хэмжээтэй 56 ширхэг соронз авсан байна.

Хүүхдийн биеийн байдлыг мэс заслын эмч А.Цэнджав “Хагалгаа амжилттай болсон, хүүхэд босож явж, өнөөдрөөс хоолонд орж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ соронзтой тоглоомоор аль болох тоглуулахгүй, хэрэв тоглоом нь соронзтой бол эрэг, боолтыг шалгаж байхыг дахин анхааруулмаар байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Шатаж байсан гэрээс таван хүүхдийн амийг аварчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шатаж байсан гэрээс долоон сартайгаас 13 насны нийт таван хүүхдийн амийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хороо, Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр (2021.01.27) 19:14 цагт хүлээн авсан байна. Дуудлага авсан даруйдаа тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 19:20 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан аж.

Уг гал түймрээс 13 настай хүү, 9 настай охин, 5 настай охин, 2 настай охин, 7 сартай охин гээд нийт таван хүүхдийн амь насыг авран хамгаалжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв

Categories
мэдээ цаг-үе

“ZEUS ESPORTS” баг хуулийн дагуу шагналын орлогынхоо таван хувийг татварт өгнө

Монголын ZEUS ESPORTS баг PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байранд орж цом, 100 мянган ам.доллар (284 сая төгрөг)-аар шагнуулсан талаар бид мэдээлсэн.

Тэд шагналынхаа 40 мянган ам.долларыг улсдаа хандивлах болсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Үүний талаар багийн ахлагч С.Ундрахаас тодруулахад тус мэдээллийг худал хэмээн үгүйсгэж “Монголын нэрийг өндөрт гаргаад, И-Спортын түүхэнд шинэ түүх бичиж байхад ХХОАТ/Хувь хүний орлогын албан татвар/-аас чөлөөлөх байх гэж найдаж байна “гэсэн хариуг өгсөн юм.

Харин үүнд Монголын татварын албанаас хариу тайлбарыг албан ёсны цахим хаягнаа нийтэлжээ.

Үүнд “ZEUS ESPORTS багийн орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай ташаа мэдээлэл цахимд гарсан байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1. урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг.

Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй юм.

Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг татвар болгон өгч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг юм шүү. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн залуустаа баяр хүргэе” хэмээн бичжээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв өдөрт 500 хүүхдэд үйлчлэх боломжтой

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нь харьяалал харгалзахгүйгээр өдөрт 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нотолгоонд тулгуурласан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үзүүлдэг.

ХНХ-ын Дэд сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн ажилтай танилцаж, тус төвийн үндсэн чиглэл болон хийж хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлын хүрээнд санал солилцож, чиглэл өгсөн юм.

Статистик мэдээллээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй, 18 хүртэлх насны 11 мянга гаруй хүүхэд бий. Тэдний 61.4 хувь нь ямар нэг байдлаар боловсрол эзэмшдэг бол үлдсэн 40 орчим хувь нь сурах эрхээ эдэлж чаддаггүй аж. Тусгай сургуульд 1751, ерөнхий боловсролын сургуульд 4753 хүүхэд хамрагдан суралцжээ.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган таалал төгсчээ

Ард олноо Хатанбаатар Магсаржавын дүрээрээ алдаршсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, найруулагч Л.Эрдэнэбулган 80 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1940 оны хоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат сумын Бухын гол хэмээх газар төрсөн байдаг. Сайн дуучин, жүжигчин төдийгүй дуурийн авъяаслаг найруулагч тул Монголын хөгжмийн театрыг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гавъяатан. Түүний найруулан тавьсан, захиалан хийлгэсэн дууриуд Монголын сонгодог урлагийн түвшинг дэлхийд харуулж чадсан билээ.

Тэрээр Улсын дуурь, бүжгийн театрт гоцлол дуучнаар 10 гаруй жил ажиллахдаа үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурьд дуулжээ. Үүн дотроос амьдралд нь хайр дурлал, аз жаргалыг харамгүй бэлэглэсэн нэгэн дуурийн дүрийг зайлшгүй онцолдог юм.

Амгаланбаатар хотын Жанжны клубт 1968 оны арваннэгдүгээр сард Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол алдарт “Учиртай гурван толгой” дуурь тавигдав. Нансалмаад П.Цэвэлсүрэн, Балганд Б.Готов, Хоролмаад Д.Пүрэвсүрэн, Худалдаачинд Д.Жамъяанжав нар дуулж, М.Санжмятавын удирдсан энэхүү дуурьд Софи хотын консерваторийг дүүргэсэн залуу дуучин Л.Эрдэнэбулган Юндэнгийн дүрд дуулснаараа Улсын дуурь, бүжгийн театрын тайзнаа Эрдэнэбулганы хэмээх тодотголтой Юндэнгийн дүрийг бүтээх дархан эрхтэй болжээ.

Энэ тухайгаа дурсан ярихдаа “Төрөлх театрынхаа тайзан дээр ч, урлагийн бригадаар Монгол орноо бүтэн дөрвөн удаа тойрохдоо ч, мөн гадаадын нэг бус орны тайзан дээр ч нүүр бардам Юндэндээ дуулж явлаа. Эргэн санаж, 319 удаа Юндэнд дуулснаа бодохоор юутай их баяр баясгалан…” хэмээж байв.

УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, НЭРТ НАЙРУУЛАГЧ Л.ЭРДЭНЭБУЛГАНЫ НАМТАРААС:

1957-1959 онд Булган аймгийн Соёлын ордонд туслах кино механикч, дуучин

1960 оны 3-р сарын 15-аас УХДТ-т найрал дуучин

1962-1967 онд БНБАУ-ын Софи хотын Консерваторийн Дуурийн дуучны ангид сурч төгссөн

1967-1975 онд УДБТ-т гоцлол дуучин

1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Консерваторийн Хөгжмийн театрын найруулагчийн ангийг дүүргэсэн

1980-1993 онд УДБЭТ-т гоцлол дуучин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.

НАЙРУУЛАН ТАВЬСАН ДУУРЬ:

1979 он Ж.Россини “Севилийн үсчин”

1980 он П.И.Чайковский “Евгени Онегин”

1980 он С.Гончигсумлаа “Үнэн”

1981 он Ж.Пуччини “Тоска”

1982 он “Лусын дагина”

1983 он Коваль “Чоно ба долоон ишиг”

1983 он Л.Мөрдорж “Хөхөө Намжил”

1984 он Г.Дарамзагд “Нүүдлийн замд”

1985 он Ж.Бизе “Кармен”

1985 он Д.Лувсаншарав “Нүцгэн ноён”

1986 он М.Минков “Хөгжмийн гайхамшиг”

1989 он Ж.Верди “Отелло”

1990 он Ж.Пуччини “Турандот”

1994 он Ж.Верди “Трубадур”

1994 он Д.Жанчив “Хөх торгон дээл”

1995 он Ж.Верди “Риголетто” /Саха-Якутын театрт/

1997 он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /шинэчлэн тавив/

1997 он С.Рахманинов “Алеко”

1999 он П.И.Чайковский “Гилбэрийн хатан” /Улаан-Үд хотын театрт/

2001 он Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” /Говь-Алтай аймгийн ХДТ-т/

2002 он О.Николай “Виндзорын овжин авхай нар”

1986 он Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”

1988 он Ц.Нацагдорж “Үүлэн заяа”

1989 он Х.Билэгжаргал “Гэрэл, сүүдэр”

1991 он Ц.Нацагдорж “Өгөдэй хаан”

2003 он Б.Шарав “Чингис хаан”

2011 он Х.Алтангэрэл “Ай, Нан аа”

КОНЦЕРТ

Түүхт ойн концерт

Улсын баяр наадмын концерт

Гадаад улсаас манай оронд айлчлан ирсэн хүндэт зочдод зориулсан концерт

Аймаг, орон нутагт болж буй түүхт ой, тэмдэглэлт арга хэмжээнд зориулсан концерт

“Алтан намар” хөгжмийн наадам

Гадаад оронд зохиогддог Монголын соёлын өдрүүдийн концерт \ЗХУ, Болгар, Чехословак, Польш, Румын, БНАСАУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг 271 концертийг 20-иодхон жилийн хугацаанд найруулан тавьжээ. Энэ бүхнээсээ Л.Эрдэнэбулган найруулагч 3 концертыг онцгойлон дурсах дуртай.

Нобелийн Энх тайвны шагналт, дээрхийн гэгээнтэн,

XIY Далай лам Данзанжамцыг анх удаа Монгол оронд

залрахад нь зориулсан хүндэтгэлийн концерт

Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ, ТШ/, С.Сүндэд /МУУГЗ/

Зураач: Л.Гаваа /МУАЗ, ТШ/

БНМАУ болон ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч

Ж.Гүррагчааг угтан авах ёслолын баярт зориулсан

хүндэтгэлийн концерт.

Удирдаач: Ч.Жамсранжав /МУУГЗ/, С.Сүндэд /МУУГЗ/

Зураач: Б.Төмөрхуяг

Монголын нууц товчооны 850 жилийн ойн

баярын концерт,

Хөгжмийн зохиолч: Б.Шарав /МУУГЗ, ТШ/

Удирдаач: Ж.Чулуун /МУАЖ,ТШ/, Н.Бүтэнбаяр /МУУГЗ/

Зураач: Ч.Гунгаасүх /МУАЗ/

КИНО ЖҮЖИГЧИН

“Хатанбаатар” 2 ангит у/с киноны Магсаржав

“Зарлаагүй дайны оршил” у/с киноны япон генерал Сато

“Нарны унага” у/с киноны Жалцав

“Фронтод явах өргөдөл” у/с киноны Сумын дарга Дорж

“Намар нахиалсан мод” у/с киноны Лодон лам

“Алтан шонхор” 2 ангит у/с киноны Ниругун баатар

“Цагаан сүүний домог” у/с киноны Бүүвэй баатар

“Ач тус, атаа хорсол” Монгол, БНХАУ-ын хамтарсан у/с кинонд Г.Доржсамбуугийн хамт гол дүр бүтээв.

КИНО НАЙРУУЛАГЧ

“Учиртай гурван толгой” Кино опера 1993 он

“Чин ван Ханддорж” 1994 он

“Үхэж үл болно-Чингис хаан” 2008 он

“Хүнчин” 2012 он зэрэг уран сайхны кино,

Булган аймгийн 60 жил

Геологи, уул уурхайн 90 жил

Булган аймгийн Тэшиг сумын 90 жил

ШШГЕГ-ын 90 жил зэрэг 20-иод баримтат кино бүтээсэн.

Ум сайн амгалан болтугай

Categories
мэдээ нийгэм

Монголд хавдрыг өндөр түвшинд оношилж, мэдрэл, зүрхний эмчилгээний нарийн технологийг анх удаа нутагшууллаа

Хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламжийн чухал бүрэлдэхүүний нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ юм.

Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүд үзүүлж байна. Өнөөдөр хэт их төвлөрөл үүссэнээс эмнэлгүүдэд, ард иргэдэд учирч байгаа бэрхшээлүүдийн гол нь эмнэлгийн очер, дугаарлалтын асуудал юм. Иймд улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж үзүүлж буй I. II. III төв эмнэлэгт ачааллыг жигд хуваарилан 21 аймаг, 9 дүүргийг хувааж өгснөөр хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдийн хүлээгдэл чирэгдлийг эрс буруулах боломж бүрдлээ.

Мөн орон нутгийн бүсийн оношилгооны 5 төвийг дээрх 3 эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулсанаар орон нутгийн иргэд зардал чирэгдэлгүйгээр орон нутагтаа үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлыг оновчтой шийдэж, хөдөөнөөс хот руу чиглэсэн урсгалыг сааруулж байна. Сум, аймгийн төвийн иргэд аймгаас, бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс эмнэлгийн тусламжийг авч, УБ хотод ирэх шаардлагагүй болж байна гэсэн үг юм.

Ингэж төвлөрлийг сааруулахын зэрэгцээ I. II. III төв эмнэлэгт Дүрс оношилгоо архивлан, хадгалах PACS систем болон Би-план ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийж технологийг нутагшуулж эхэллээ. Мөн Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ –г ашиглан оношилгоонд нэвтрүүллээ.

Төрөлжсөн мэргэшлийн тусламжийг зөвхөн нэг төв бие дааж үзүүлж ачааллаа дийлэхгүй ажиллаж, өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ орхигдон гадны улс оронд явж эмчлүүлэх урсгал буурахгүй байна. Тухайлбал улсын хэмжээнд гэмтлийн тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ, хавдрын тусламжийн дийлэнхийг ХСҮТ үзүүлж ирсэн. Энэ төвүүдийн ачаалал хэт ихэссэнээс төлөвлөгөөт хагалгаа 2-3 сараар хойшлох, өдөрт хийгдэх эмнэлгийн тусламжийн хэт их ачаалал нь эргээд тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд нөлөөлөхүйц байгааг анхаарч томоохон өөрчлөлтийг хийж байна. Жишээ нь гэмтлийн мэс засал, яаралтай тусламж, хавдарын хими ба хөнгөвчлөх эмчилгээ зэргийг бусад эмнэлэг, дүүрэг, аймагт үзүүлэх боломжийг бүрдүүлж эхэлсэн. Энэ хүрээнд төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн мэргэжлийн баг нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлэгт /ДЭН/ , мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт /АНЭ/ очиж ажиллах, орон нутгаас тухайн мэргэжлийн эмч, мэргэжилтэнг төв дээр дагалдуулан сургаж “ажиллан сурах” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Эдүгээ хавдрын хими эмчилгээ зөвхөн ХСҮТ, цөөн хэдэн аймгийн НЭ-т хийгдэж байсан бол одоогоор ДНЭ, АНЭ-д уг эмчилгээг хийж эхлээд байна. Тус эмчилгээнд ашиглаж буй эмийн чанар, аюулгүй байдал чухал бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулан энэ чиглэлд томоохон эргэлт, шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.