Categories
мэдээ нийгэм

“Рио Тинто”-ийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар Б.Болдыг томиллоо

“Рио Тинто” групп өчигдөр /2021.01.27/ удирдлагын шинэ багаа танилцуулсан байна. Энэхүү өөрчлөлтөөр Б.Болдыг Зэсийн группийн гүйцэтгэх захирлаар томилжээ.

“Рио Тинто” компани өнгөрсөн тавдугаар сард Австралийн Пилбара мужид төмрийн хүдрийн талбайд тэсэлгээ хийх үедээ тус улсын уугуул иргэд аборигенуудын 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өв болох чулуун агуйнуудыг сүйтгэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ хэрэгтэй холбогдуулан тус компани удирдлагын багаа шинэчлэхээр болсон юм.

Шинэ удирдлагын баг нь “Рио Тинто”-ийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, төсөл хөтөлбөрийг боловсруулж, компанийн байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Австралид итгэх итгэлийг сэргээхийн төлөө зорьж ажиллана гэдгийг тус компани мэдэгджээ.

Б.Болдын хувьд анх 2013 онд “Рио Тинто” компанид ажиллаж эхэлсэн ба дараах албан тушаалуудыг хашиж иржээ.

  • 2013 оны зургадугаар сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч
  • 2014 оны тавдугаар сард Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирал
  • 2015 оны наймдугаар сард Төмрийн хүдрийн группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирал
  • 2016 оноос “Рио Тинто”-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал

Харин үүнээс өмнө:

  • 1999-2007 оны хооронд АНУ-ын хөрөнгө оруулалтын “JP Morgan Chase & Co” банкны Нью-Йорк болон Лондон дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал
  • 2009-2011 онд “NewCom” группийн гүйцэтгэх захирал
  • 2010-2012 оны хооронд Монголын хөрөнгийн биржийн захирал
  • 2012-2014 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциацын тэргүүн

“Рио Тинто” компанийг удирдах шинэ баг:

Гүйцэтгэх захирал – Якоб Стаусхолм

Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд

Худалдааны захирал – Алф Барриос

Санхүү эрхэлсэн захирлын үүрэг гүйцэтгэгч – Питер Каннингэм

Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн группийн гүйцэтгэх захирал – Марк Дэвис

Эрдсийн группийн гүйцэтгэх захирал – Синайд Кауфман

Хууль эрх зүй, гадаад харилцаа хариуцсан захирал – Барбара Леви

Хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал – Жеймс Мартин

Австралийн гүйцэтгэх захирал – Келли Паркер

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал – Арнауд суарат

Стратеги, хөгжил хариуцсан захирал – Питер Тот

Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал – Саймон Тротт

Хөнгөн цагааны группийн гүйцэтгэх захирал – Иван Велла

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Д.Наранзулыг томилжээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг энэ сарын 21-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн.

Мөн тухайн өдөр ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирал Д.Наранзулыг томилсон юм.

Хэсэг хугацаанд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж байсан дэд захирал Д.Наранзул мөн ЭМ-ийн сайдын тушаалаар албан ёсоор ерөнхий захирлын ажлыг өчигдөр орой хүлээн авсан байна.

Д.Наранзул нь сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй бөгөөд ХӨСҮТ-ийн дэд захирлаас өмнө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны давхар судлаачаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

17 их, дээд сургуулийн 68 мэргэжлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

2021 оны нэгдүгээр сард дээрх ажлын хэсгийн хоёр дахь шатны дүгнэлтэд үндэслэн дахин 1 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, 17 их, дээд сургуулийн 68 мэргэжил /хөтөлбөр/-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн 2020 оны намар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээд боловсролын чанарыг сайжруулах ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг багасгаж, олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжинэ. Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэж буй сургуулийг дэмжиж, их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

Энэ ажлын хүрээнд 2020 оны есдүгээр сард БШУЯ-ны ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 2020 оны аравдугаар сард 5 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, мөн 5 сургуулийн 15 мэргэжил/хөтөлбөр/-ийг хүчин болгосон билээ.

Сургалтын хөтөлбөр, багшид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй сургууль, хөтөлбөрийн тоог цөөлснөөр сургалтын чанар дээшилж, оюутан чанартай боловсрол эзэмших нөхцөл сайжирна гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Оффшор данснаас Монголбанкны долларын болон төгрөгийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнхөө өргөн барьсан Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэлгүй намрын чуулган завсарлавал ээлжит бус чуулганыг зарлахаа мэдэгдлээ.

Тэрбээр энэ асуудлыг хэлэлцэхгүйгээр чуулган завсарлаж байгаад харамсаж буйгаа илэрхийлээд цар тахлын үед оффшор бүсээс оруулж ирэх хууль бус хөрөнгийг өрх бүрд нэг сая төгрөгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин олгох санаачилгыг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх үйл ажиллагааг ил цагаан эсэргүүцээд байгааг ойлгох ухаан хайрлана уу гэсэн юм.

Түүний үгэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өглөө.

Тэрбээр “Ерөнхийлөгч сая үг хэлэхдээ оффшор дансны мөнгийг оруулаад ирсэн байхад Ч.Хүрэлбаатар ард түмэнд хэлээгүй юм шиг юм ярьчихлаа. Монгол Улсын Төрийн сан Монголбанкинд байдаг. Түүнд оффшортой холбоотой нэг ч төгрөг, цент ч орж ирээгүй. Ерөнхийлөгчийн ярьж байгаа бүгд худал. Оффшор данснаас Төрийн сангийн Монголбанкны долларын болон төгрөгийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй. Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж ирж, ард түмэнд тараана гэсэн амлалтаа бодоод худал ярьж болохгүй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1,119, хоёр дахь хавьтлын тоо 7,400 гаруй болжээ

Коронавируст халдвар иргэдийн дунд тархах эрсдэл маш өндөр байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа санууллаа.

Тэрбээр “Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хавьтлуудын тоо өсөж байна. Яг өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын тоо 1,119 болсон бол хоёр дахь хавьтал 7,400 гаруй болсон байна. Энэ нь халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Сүүлийн үед халдварын тохиолдол эх уурхайгүй эсвэл санамсаргүй хийлгэсэн хүмүүсийн шинжилгээнээс илэрч байгаа. Иймд хүн бүр хаанаас ч, хэзээ ч халдвар авах эрсдэлтэй гэдгээ ойлгож амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг анхааруулж байна” гэлээ.

Аймгууд сонор сэрэмжтэй байж, Улаанбаатар хотоос очиж байгаа хүмүүст давхар хяналт тавин, шинжилгээ хийлгэсэн сар өдрийг хөөж, халдвартай иргэнийг нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарах шаардлагатайг анхаарууллаа.

Түүнчлэн Улаанбаатар хотод одоогоор хамгийн идэвхтэй байгаа голомтын тоонд БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг “Х apartment” хороололд гарсан халдвар багтаж байна. Уг голомтоос нийт таван тохиолдол батлагдсан тул голомтын өргөжүүлсэн тандалт хийгдэж байна.

Мөн тус дүүрэгт орших зарим нийтийн байр болон СХД-ийн 15 дугаар хорооны байруудад халдвар голомтолж гараад байгаа юм.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Д.Рэгдэл: Бид Монгол Улсын хэмжээнд хөгжлийн цоо шинэ гарц нээх амбицтай хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монгол улсын шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр”, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран “Сургалт, судалгаа, үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж нэгдүгээр сарын 26-нд санамж бичиг үзэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь ШУА, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС-ийн хооронд сургалт судалгаа үйлдвэрлэл, инновацын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж дунд болон урт хугацааны стратегийн төлөвлөлт, түншлэлийг хөгжүүлэх явдал юм.

Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөр нь таван жилийн хугацаанд үргэлжлэх юм.

Гурван байгууллагын ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөнд дараах зургаан багц ажил тусгагджээ. Үүнд:

1.Хүний нөөцийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийх, шинэ мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;

2.Монгол улсын эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд геологи, уул уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн технологи, инновацын судалгаа хөгжүүлэлт;

3.Химийн үйлдвэрлэл-байгаль экологид ээлтэй хаягдлын аж ахуйд чиглэсэн судалгаа хөгжүүлэлт;

4.Эрчим хүчний ханган нийлүүлэлт, хэмнэлтийн судалгаа хөгжүүлэлт;

5.Дижитал технологид тулгуурласан их өгөгдөл, мэдээллийн системийн менежментийг боловсронгуй болгох судалгаа хөгжүүлэлт;

6.Нийгмийн хариуцлагын хүрээнд монгол хүний сэтгэлгээний онцлог, төлөвшил, соёлын суурь судалгаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын соёлын судалгаа хүний нөөцийн менежментийн судалгаа хөгжүүлэлт

Санамж бичгийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Эрдэнэт үйллвэр ТӨҮГ”-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ШУТИС-ийн захирал Б.Очирбат нар үзэглэлээ.

Тэднээс гурван талт хамтын ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, гарах үр дүнгийн талаар ийн ярилаа.

Д.РЭГДЭЛ: БИД МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХӨГЖЛИЙН ЦОО ШИНЭ ГАРЦ НЭЭХ АМБИЦТАЙ ХӨТӨЛБӨР ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Өнөөдөр 3 байгууллага хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурж албажууллаа. Манай 3 байгууллага дундаасаа ажлын хэсэг гаргаад нэлээд судалгаа хийж энэ хөтөлбөрөө боловсруулж гаргасан. Маш шинэлэг маягийн хөтөлбөр гэж бид үзэж байгаа. Сургалт, судалгаа инноваци, үйлдвэрлэл гэсэн 4 том хүрээг хамарсан үйл ажиллагааг 3 том байгууллага яаж явуулах вэ гэдэг ерөнхий төлөвлөгөөгөө одоо ажлын хэсэг гаргаад хөрөнгө мөнгөө зоогоод ажил эхэлнэ. Энэ хөтөлбөрт тусгагдсан 6 багц ажил байгаа. Үүнээс зарим тодорхой ажлууд гарын үсэг зурахаас өмнө эхлээд явж байгаа. Цаашдаа эрчтэй хүчтэй явна гэж тооцож байгаа. Хөтөлбөр 2 шаттайгаар 5 жил үргэлжилнэ. Мэдээж хэрэг 6 багц ажил дотор 3 байгууллага, аль нэг багцад нь аль нэг байгууллага нь илүү оролцоотой, эсвэл гурвуулаа хамтарсан оролцоотой ажлууд явагдаж таарна. Жишээ нь сургалтын асуудлууд, цаашид шинээр байгуулагдах баяжуулах боловсруулах үйлдвэрүүдэд мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх ажил мэдэээ хэрэг ШУТИС илүү оролцоно. Үйлдвэрийн шинэ технологи боловсруулах ажлуудад ШУА-ийн хүрээлэнгүүд илүү оролцоотой байж таарна. Үйлдвэрийн хүдэрийн нөөц, тэрнийг нэмэгдүүлэх баяжуулах ажлуудыг мэдээж “Эрдэнэт үйлдвэр” өөрөө илүүтэй оролцоод явна.

Бидний гол зорилго бол өнөөдрийн Монгол улсын хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн гурван байгууллага хамтраад хөгжлийн нэгэн цоо шинэ гарц нээх том амбицтай хөтөлбөр эхлүүлж байгаа. Энийг хэрэгжүүлэхийн тулд өөр өөрийн нөөцөд тулгуурлаж идэвхи санаачилгатай ажиллаж чадвал энэ маань улсын хөгжлийг цаашдаа шинэ өнгө аяс шинэ агуулгаар баяжуулаад явах болов уу гэсэн хүлээлт байна.

Х.БАДАМСҮРЭН: СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ АМЬД ХОЛБООГ БЭХЖҮҮЛСНЭЭР УЛС ОРОНДОО ӨГӨХ ҮР ӨГӨӨЖ ДЭЭШИЛНЭ

Энэхүү хөтөлбөрийг товч дүгнээд хэлбэл хөгжлийн төлөө хөтөлбөр, хүний төлөө хөтөлбөр гэж хэлмээр байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ судалгаа, үйлдвэрлэлийн ажил хийгдэнэ. Энэ бүхэн инновацид суурилж явагдана. Ялангуяа “Эртэнэт үйлдвэр”-ийн цаашдын хөгжил дэвшил бол инновацид суурилж үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог хангаж байж, үр дүнд хүрэх ёстой. Энэ нь үр дүнтэй болдог гэдгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон өнгөрсөн 2020 онд харуулсан. 2020 оныг бид шинжлэх ухаанд суурилсан эрчимтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх он болгон зарлаад ажилласан. Үүний үр дүнд бид түүхэндээ хамгийн их буюу 32,5 сая тонн хүдэр олборлолоо.

Мөн өнгөрсөн онд “Эрдэнэт үйлдвэр” түүхэндээ хамгийн их хөрөнгө оруулалт буюу 650 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Хамгийн их баялаг бүтээсэн жил болсон. Бид 2020 онд улс, орон нутгийн төсөвт оруулдаг орлогоо түүхэндээ анх удаа нэг их наядыг давууллаа. Энэ бол үндсэндээ газрын хэвлийдэх байгалийн баялгийг ашиглаад үндэсний баялаг бүтээж байна гэж уурхайчид бид үздэг. Өнөөдөр гарын үсэг зурж хамтын ажиллгааны хөтөлбөрийг баталгаажуулж байгаа 3 байгууллагад аль алинд нь давуу тал бий. Мэдээж аль алинд нь цаашид илүү сайжруулах чиглэлүүд байгаа. Үүнд бид хүчээ нэгтгээд ажиллах юм бол их үр дүн гарна гэж бодож байна. Эцсийн дүнд сургалт, үйлдвэрлэл, шинжлэх ухааны амьд холбоог бэхжүүлснээр улс орондоо өгөх үр өгөөж дээшилнэ. Үүний үр дүнд бид зөвхөн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлээд зогсохгүй, ялангуяа оюутан, сурагчид, залуу судлаачдын ажиллах боломжийг нэмэгдүүлнэ. Тэгснээр залуучуудын үнэлэмж нэмэгдэнэ гэж бид ойлгож байгаа. Үйлдвэрлэлийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр баяжуулах үйлдвэр. Цаашдаа боловсруулах үйлдвэр байгуулах, метал ургийн чиглэлийн, химийн чиглэлийн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал чухал. Газарзүйн байршил, далайд гарцгүй гээд аль аль талаасаа бодоод үзэх юм бол монголд ажиллаж байгаа үйлдвэрүүд, ялангуяа уул, уурхай эрдэс баялгийн чиглэлийн үйлдвэрүүд аль болохоор овор, хэмжээ багатай, үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ёстой. Энэ хөтөлбөрийн дагуу сургалт, судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл, шинжлэх ухааныг хослуулаад ажилласнаар ямар үр дүнд хүрнэ гэдгээ бид ерөнхийд нь төсөөлж байгаа. Их сайн үр дүн гарна. Магадгүй энэ хөтөлбөр цаашдаа хэрэгжээд явах шаардлагатай нэн тэргүүний ажил болох байха. Шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл, “Эрдэнэт үйлдвэр” ямар ч байсан энэ ажлыг эхлүүлж байна.

Энэ ажил зөвхөн гэрээ байгуулсан 3 байгууллагад ажилладаг хүмүүсээр хязгаарлагдахгүй. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” бол үйлдвэрлэлийн газар. Энэ үйлдвэрлэл дэргэдээ мөн технологийн сургуультай, шат дамжлагаар нь аваад үзвэл шинжлэх ухааны чиглэлийн судалгаа явуулах, шинжлэх ухааны бүтээл туурвих өөрөөр хэлбэл үйлдвэрлэл шинжлэх ухааны, сургалтын том талбар гэж ойлгож байгаа. Энэ талбар дээрээ бид хүчээ нэгтгэж ажиллахын төлөө энэ хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Баяртай байна. Бид хэрэгжүүлж сайн үр дүн гаргана.

Б.ОЧИРБАТ: МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСГИЙН ТУЛГЫН 3 ЧУЛУУ БОЛЖ УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛД ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЗОРИЛТ ТАВЬЖ БАЙНА

ШУТИС байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын аж үйлдвэрийн салбарт тэр тусмаа геологи, уул уурхайн салбарт үндсэний дээд боловсролтой, инженер технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийг аваад үзсэн ч Оюутолгой болон бусад томоохон үйлдвэрийн газруудад гол ачааны хүндийг ШУТИС-ийн төгсөгч инженерүүд үүрч байгаа. “Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер гэхэд ШУТИС-ийн төгсөгч байх жишээтэй. Бид өнөөгийн шинжлэх ухаан технологийн асар хурдтай хөгжлийг дагаад шинжлэх ухаан, техник технологи үйлдвэрлэлд нэвтэрч, шинэ үр дүн авчрах цаг гарцаагүй тулгарч байна. Тиймээс бид энэ хөгжлийн хурдаас хоцрохгүй, шинэ мэргэжилтнийг, шинэ хөтөлбөрөөр бэлтгэж, богино хугацаанд захиалгаар гаргах явдал чухал болоод байна. Ер нь манай 3 байгууллага бол хоёр талт хамтын ажиллагаатай явж ирсэн. Энэ удаа гурвалсан хамтын ажиллагаа, гурвалсан хөтөлбөр байгуулсны гол утга учир нь бид монгол улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоон хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үндэсний өндөр чадавхитай инженер технологийн шинэ мэргэжилтнүүдийг бэлтгэхэд, энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг хичээж байгаа явдал юм. Ингэснээр мэдлэгт суурилсан эдийн засгийн тулгын 3 чулуу болж манай гурван байгууллага улс орныхоо хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх зорилт тавьж байна.

Categories
мэдээ цаг-үе

В.Баярмаа: Одоогоор Хөвсгөл аймгийн Ханх сумын оршин суугчид богино хариу урвалын шат буюу сандралын түвшинд байгаа

Хөвсгөл аймгийн Ханх суманд энэ сарын 12-нд 6.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаас газрын гадаргын өнгөн хэсэгт цууралт үүсэж, айлуудын шилэн дэлэл хагарч, байшин, саравч нурж, албан байгууллагын хана, тааз нурж, 100 сая орчим төгрөгийн хохирол учраад байгаа юм. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр Ханх суманд өнөөг хүртэл нийт 12500 гаруй удаа газар хөдөлсөн бөгөөд цаашид сар гаруйн хугацаанд чичирхийлэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Газар хөдлөлт иргэдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаагаас тодрууллаа.


1 хүн болон зогсож байна гэх мэтийн зураг байж болно-Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Одоо ч чичирхийлэл мэдрэгдсэн хэвээр байгаа. Энэ нь иргэдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Газар хөдөлснөөс хойш сарын хугацаа хараахан өнгөрөөгүй байна. Аливаа гамшиг, гэнэтийн аюулын үед хүний сэтгэл зүй өөрчлөгддөг. Өөрчлөлт нь хувь хүний сэтгэл зүйн онцлог дээр тулгуурлаж, өгөх хариу урвал нь ялгаатай байна. Энэ тохиолдолд айдас, түгшүүр, сэтгэлээр унах, нойргүйдэх зэрэг сэтгэл хөдлөлийн цөөнгүй өөрчлөлт гарна.

-Гаднын нөлөөгөөр үүссэн айдас, түгшүүр зэрэг нь ямар нэг сэтгэцийн өвчинд хүргэх боломжтой юу. Ямар өвчинд хүргэх вэ?

-Одоогоор Хөвсгөл аймгийн Ханх сумын оршин суугчид богино хариу урвалын шат буюу сандралын түвшинд байгаа. Хэрэв уг айдас, түгшүүр нь зургаан сар болон түүнээс удаан хугацаанд үргэлжилбэл гамшгийн дараах үеийн сэтгэцийн эмгэгт өртөж болзошгүй. Харин одоогийн нөхцөл байдалд иргэдийн сэтгэл зүй ямарваа нэгэн өвчин, эмгэгийн шат руу орох болоогүй. Зөвхөн хариу урвалын үе дээрээ явж байна.

Судалгаагаар уг газар хөдлөлтийг сар гаруйн хугацаанд үргэлжилнэ гэсэн. Хэрэв сар гаруйн хугацаанд газар хөдөлж, чичиргээ нь тус нутгийн иргэдэд мэдрэгдсээр байвал юу болох вэ. Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэдийн сэтгэл зүй сарын дараа ямар байх вэ?

-Сэтгэл зүйн хариу урвалыг дотор нь урт болон богино хугацааны хоёр ангилдаг. Газар хөдлөснөөс хойших нэг сарын хугацаанд нь богино урвал буюу айдас, түгшүүрийн байдалтай байна. Зарим тохиолдолд хувь хүний сэтгэл зүйн онцлогоос шалтгаалан зан араншинд нь өөрчлөлт гардаг. Улмаар зан араншин өөрчлөгдөж байгаад шаналсан, санаа зовсон хүмүүс түгшүүрээс ангижрах гэж хорт зуршилд орох тохиолдол бий. Гэхдээ тухайн явагдаж буй нөхцөл байдал, гамшиг зогсож, үгүй болбол хүний сэтгэл зүй хэвийн байдалд хүрэх юм. Аливаа хүний сэтгэл зүйд нөлөөлж буй хүчин зүйлийг мэргэжлийн хэллэгээр стрессор гэж нэрлэдэг. Тэрхүү стрессорыг хүлээж авч буй хувь хүний сэтгэл зүйн онцлог нь хамгийн чухал. Амархан айж, цочдог хүнд хүндээр нөлөөлнө. Харин сэтгэл зүйн хувьд тайван хүнд нөхцөл байдлаас гарах урвал бага нөлөөлөх юм. Түүнээс биш, бүгд нэг хэвэнд цутгасан мэт сэтгэл зүйн түвшинд хүрнэ гэж үгүй.

-Газар хөдлөлт зогсвол хүний сэтгэл зүй эргээд хэвийн болно гэж ойлгож болох уу?

-Урвал үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл нь үгүй болбол хүний сэтгэл зүй хэвийн түвшиндээ буцаж очно. Харин тухайн хүчин зүйл нь цаашид үргэлжилж, гамшиг тарьвал урвалын хэмжээ ихсэж, хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлнө. Гэвч дахин үргэлжлэх талаар нь мэдээлж, урьдчилан сануулж, гамшиг эрсдэлээс сэргийлж буй үед хүний сэтгэл зүйд гарах урвал бага. Урвал үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлийнхээ тухай мэдээлэлтэй байгаа эсэхээс мөн урвалын хэмжээ хамаарна. Тэгэхээр газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршин сууж буй иргэдэд газар хөдлөлтийн талаарх мэдээллийг идэвхтэй түгээж, анхааруулсан тохиолдолд өндөр хариу урвал гарахгүй.

-Хэрэв газар хөдлөлт цаашид үргэлжлээд, удаан хугацааны хариу урвал илэрвэл сэтгэцийн өвчинд хүргэж болох юм байна. Тийм үү?

-Цочмог хариу урвал нэг сар хүртэлх хугацаагаар үргэлжилдэг. Тэгэхээр Ханх сумын иргэд одоо цочмог урвалын түвшинд байгаа. Харин зургаа болон түүнээс дээш сараар урвал байсаар байвал эмгэг урвалын түвшинд хүрэх юм. Одоогоор тус сумын ард иргэдийн цочмог хариу урвалын түвшинд байхад нь сэтгэцийн өвчин, эмгэг түвшний урвалын талаар ярих боломжгүй.

-Хэрэв эмгэг урвалын түвшинд хүрч, сэтгэцийн өвчтэй болбол ямар аргаар эмчилдэг вэ?

-Тухайн хүмүүст гамшгаас урьдчилан сэргийлэх болон өөрийгөө тайвшруулах аргыг сургах хэрэгтэй. Өөрийгөө тайвшруулахын тулд амьсгалын дасгал хийж сурна. Харин сэтгэцийн өвчтэй, хүнд урвалын түвшинд хүрэх нь гарз, хохиролтой холбоотой байх юм. Хэрэв хүнд гарз, хохирол учирсан тохиолдолд түүнийг нь барагдуулж, нөхөн төлбөл хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлнө.

Categories
мэдээ цаг-үе

Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлж, гэр бэлэглэхээр болжээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны оройны 19:14 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагаан 3 дугаар гудамжинд гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус өрхөд тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд өнөөдөр тухайн галд өртсөн айлд түүний бие төлөөлөгч нар очиж уулзжээ.

Нэн түрүүнд идэр есийн хүйтэн энэ цаг үед яаралтайгаар иж бүрэн 5 ханатай гэр гардуулахаар болсон бөгөөд маргааш гардуулж өгөх юм байна. УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд тойргийн иргэддээ цаг ямагт анхаарч, хүнд хэцүү цаг үед нь тусласаар ирсэн бөгөөд өнгөрөгч долдугаар сард мөн тус дүүрэгт үерийн улмаас гэрээ айлдсан айлд иж бүрэн гэр бэлэглэж байсан билээ.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад эмчлүүлж байгаа хэдий ч тойргийн иргэддээ цаг ямагт анхаарал тавьсаар ирсэн бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард КОВИД-19-ийн улмаас хөл хорио тогтоосон байх үед тойргийнхоо тусламж хэрэгцээтэй 300 гаруй өрхөд хүнсний тусламжийг мөн өөрийн ажлын албаараа дамжуулан үзүүлж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Найман хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 1,244 боллоо

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн найман хүн эдгэрч, эмнэлгээс гарсныг Эрүүл мэндийн мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 1,692 тохиолдлын 73.5 хувь нь буюу 1,244 нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар нийтдээ 435 хүн эмчлүүлж байгаа юм. Үүнээс ХӨСҮТ-д 156 хүн, Цэргийн төв эмнэлэгт 124 хүн, УНТЭ-т 4 хүн, Яармагийн 300 ортой эмнэлэгт 151 эмчилгээ, ажиглалт тусгаарлалтад байна.

Тухайн хүмүүсийн биеийн байдлыг дүгнэвэл:

-Маш хүнд-1

-Хүнд-2

-Хүндэвтэр-44

-Хөнгөн-388 хүн байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Г.Тэмүүлэн: Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортын бензинээс хямд байна

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Газрын тосны үйлдвэрийн эдийн засагтай холбоотой олон эргэлзээтэй асуудал байна. Манайхан санхүүгийн механизм дээр алддаг. Оюутолгой дээр ч гэсэн 34 хувийг авсан гэсэн санхүүгийн маргаан явж байгаа. Зөвхөн нэг жилийн дотор санхүүгийн тооцоолол 60 хувиар зөрсөн байна.

1.2 тэрбум долларыг 1.75 хувиар 2025 оноос үндсэн зээлээ төлж эхлэх юм байна. Үлдэх санхүүжилтээ хаанаас авч байгаа вэ? Хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг 10 жил гэж байна. Энэ хугацаан дахь долларын ханшийг яаж тооцсон бэ? Нефтийн үнийг яаж таамаглаж байгаа вэ?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Газрын тос боловсруулах үйлдвэр нэг тэрбум 236 сая ам.доллараар баригдаж байгаа. Зээлийн хүү нь 1.75, зээлийн хугацаа нь 25 жил. Санхүүжилт хийгдсэн өдрөөс хойш долоон жилийн дараа зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлнэ.

Ямар ч тохиолдолд газрын тос боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн импортын бензинээс хямд байна. Манай улс жилд 1.2-1.5 тэрбум ам.долларын импортын түлш хэрэглэдэг. Үүний дийлэнхийг нь ОХУ-аас авдаг. Гэтэл нэг жилийн импортын бензиний үнэд тэнцэх хэмжээний дүнгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа гэдгийг төсөөлж үзээрэй.

Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой үйлдвэр юм. Түүхий түлшний бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах үүднээс өөрсдийн гэсэн орд газартай болох асуудлыг хуульд тусгасан” гэв.