Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Уртнасанг томиллоо

Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Уртнасанг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, аймаг, дүүрэг, нийслэлийн намыг хариуцлагажуулах зорилгоор өнөөдөр /2021.01.28/ Нийслэлийн Ардчилсан нам болон Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн Ардчилсан намын дарга нарыг томилжээ.

Тодруулбал, Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын даргаар Ж.Сугарсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргаар Д.Цогтбаатар нарыг тус тус томилсон байна.

Л.Уртнасан Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт Намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд Төрийн удирдлагын докторант юм.

Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын тамга шинээр олгогдсонтой холбоотойгоор бүх шатны намын байгууллагын тамга, тэмдэг шинэчлэгдсэн. Шинэчлэгдсэн тамганы дээжийг шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасанд гардуулж байна. Цаашид ялалтын буухиаг үргэлжлүүлж, нэр төртэй сайн ажиллахыг захъя” гэлээ.

Цаашид бусад аймаг, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг шат дараалан томилох болно гэдгийг мөн энэ үеэр намын удирдлагууд мэдэгдсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн С.Батболд шүүхэд хандахаа мэдэгдлээ

No description available.

УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюу толгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна.

Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ.

АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргаж, шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны 12 дугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ өөрсдөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа. Сүүлдээ 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ хүртэл АНУ-ын хуулийн компани өөрөө зогсоосон байгаа нь шүүхийн баримтаас тодорхой байна. Харин энэ компани хэний даалгавраар анх нэхэмжлэл гаргаж, цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар татан авсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой.

Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улстөрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм.

Миний тэргүүлсэн Засгийн газар Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтайгаар сайжруулж, олон зуун сая ам.долларын үр ашгийг Монголын талд авчирсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Үүнийг яаж ч гүтгээд үгүйсгэх боломжгүй юм.

Иймд үнэн зөвөө тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээр маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган хандахаа албан ёсоор мэдэгдэж байна.

2021.01.28

Categories
гадаад мэдээ

“Facebook”-ийн IV улирлын борлуулалт 33 хувиар өсчээ

“Facebook”-ийн IV улирлын орлого 28.1 тэрбум ам.доллар болсныг тус компани мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл IV улиралд борлуулалт нь 33 хувиар өссөн байна.

Цар тахлын үед цахим худалдаа нэмэгдсэнээр олон нийтийн сүлжээн дэх зар сурталчилгааны орлого нэмэгдсэн нь борлуулалт өсөхөд голлон нөлөөлжээ. Харин 2021 оны хоёрдугаар хагаст цар тахлын нөхцөл байдал намжсанаар энэхүү өсөлтөө хадгалахад хүндрэлтэй болно гэж тус компани мэдэгдлээ.

Дээрх мэдэгдлийн дараа “Facebook”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 3.5 хувиар унаж, 272.14 ам.доллар болоод байна. 2020 онд тус компанийн хувьцааны ханш 26 хувиар өссөн юм.

Эх сурвалж Bloomberg TV

Categories
мэдээ цаг-үе

Завханд очсон гурван иргэний ПСР шинжилгээний хариу сөрөг гарчээ

318 хүүхдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ | News.MN

Завхан аймаг Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол баг, Жинст багийн 2 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу сул эeрэг гарсан. Тиймээс сорьцыг Улаанбаатар хот руу явуулсан бөгөөд шинжилгээний хариу дөнгөж сая гарсан байна. Тодруулбал, Завханд очсон гурван иргэний хариу сөрөг гарсан, мөн тэдгээрийн ойрын болон дам хавьтлын 20 хүний хариу сөрөг гарсан гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Чуваш улсад томилолтоор ажиллаж байна

Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Чувашийн Бүгд Найрамдах Улсад 2021 оны нэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд томилолтоор ажиллаж байна.

Энэ хүрээнд тэрбээр Чебоксар хотноо ОХУ-ын Бүгд Найрамдах Чуваш Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Д.И.Краснов, Аж үйлдвэр, эрчим хүчний сайд Е.Р.Герасимов нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар Д.И.Краснов сайд Элчин сайд Д.Даваагийн Чуваш Улсад хийж буй албан томилолтод амжилт хүсэж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбаруудад Монгол Улстай илүү нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, улмаар тус улсын удирдлагын зүгээс дээрх чиглэл, салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргаж ажиллахаа мэдэгдлээ.

Элчин сайд Д.Даваа халуун дотноор хүлээн авсан Бүгд Найрамдах Чуваш Улсын удирдлагуудад талархал илэрхийлж, найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд харилцан ашигтай худалдаа, эрчим хүч, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих бүрэн бололцоотой болохыг тодотгож, энэ хүрээнд Бүгд Найрамдах Чуваш Улсад дээр дурдсан чиглэлүүдээр иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, байгууллагуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын холбогдох байгууллагуудад уламжлан, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэхээ нотлов.

Categories
мэдээ цаг-үе

Монгол улс Музейн тухай хуультай боллоо

Таван музейг төрийн тусгай хамгаалалтанд авнаМанай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байна.

Мөн Монголбанк, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Улаанбаатарын их сургууль “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг дээд боловсролын байгууллагын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим, Олон улсын оюун ухааны музей, “Данзанравжаа” музей, Монголын Уламжлалт Анагаах Ухааны Музей, Чингис хааны өв соёлын музей, Хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Монгол костюмс музей, Цагаандариум музей, галерей зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн, хөдөөгийн сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий.

Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан дүрэм, журам, заавар болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг эрх зүйн баримт бичгээр зохицуулж ирсэн. Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейн өмнө тулгамдаж олон асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байсан юм. Ялангуяа барилга байгууламжийн нөхцөл муу, санхүү хөрөнгө оруулалтын хэмжээ бага, хүний нөөцийн хөгжил сул зэрэг хүчин зүйлээс шалтгаалж соёлын өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд бодит хохирол учирсаар байгаа билээ.

Ийнхүү 2021 оны 01 дүгээр сарын 28-ны УИХын чуулганаар Музейн тухай хуулийг баталснаар соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэж буй юм.

Эх сурвалж: Соёлын яам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Пийшин, зуух, яндангийн цонолтоос үүссэн гал түймрийн дуудлага зонхилж байна

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 218 удаагийн дуудлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн тухай бүр шуурхай ажиллаж 78 иргэний амь насыг аварч, гал түймэрт өртөж 3 хүний амь нас хохирч, 5 хүн түлэгдэж гэмтсэн байна.

Гал түймэрт өвөл зуны сууц 120, ил задгай хог, хогийн цэг, хогийн суваг 33, машин техник 25, гэр 15, барилга байгууламж 14, орон сууцанд эд хогшил 8 өртөж шатсан. Гэр, орон байрны гал, түймрийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл пийшин, зуух, яндангийн цонолтоос 89, цахилгаан эрчим хүчнээс 56, лаа, шүдэнз, ил гал, ил задгай асгасан үнс нурамнаас 47, машин техник ашиглалтын буруугаас 21, бусад шалтгааны улмаас 4 удаагийн гал түймэр гарсан.

Гал түймрийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хөрөнгөд 500 сая гаруй төгрөгийн хохирол учирч, гал түймрээс 4,1 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна. Гал түймрийн дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан дүнтэй байна.

Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
гадаад мэдээ

Алексей Навальныйгийн байр, албан өрөөнүүдэд нэгжлэг хийжээ

Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг гэгддэг Алексей Навальный болон түүнийг дэмжигчдийн Москва дахь байр, авилгатай тэмцэх сангийн албан өрөө, Навальный Лайв студид цагдаагийнхан нэгжлэг хийсэн байна.

Хууль сахиулах байгууллагынхны мэдэгдсэнээр өнгөрсөн амралтын өдөр Навальныйг дэмжигчдийн жагсаал жагсаал цуглаан болсны дараа халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн тухай хэрэгтэй холбоотойгоор нэгжлэг хийгдсэнийг мэдэгджээ. Москва хотын эрүүл мэндийн газрын мэдээгээр Навальныйг дэмжигчдийн жагсаал цуглаанд коронавирусийн халдвар авсан 19 хүн хөл хорио, халдвар хамгааллын дэглэм зөрчин оролцсон гэж мэдээлсэн байна.

Мөн мөрдөгчид Навальныйгийн үүсгэн байгуулсан авилгатай тэмцэх сангийн хэд хэдэн ажилтнуудаас энэ хэрэгтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авахаар төлөвлөсөн тухай Евроньюс мэдээллээ. Харин сөрөг хүчний төлөөлөгчид нэгжлэг олон газарт болсныг мэдээлсэн байна. Авилгатай тэмцэх сангийн хуульч Любовь Соболь, түүний ах Олег Навальный нарыг мэдүүлэг өгснийх нь дараа 48 цагийн хугацаагаар саатуулан хорьжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч Х.Баттулга Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай цахим уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентай цахим уулзалт хийлээ.

Европын холбооны Олон жилийн баримжаат хөтөлбөрийн хүрээнд манай хоёр тал тэргүүлэх чиглэлээ хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хоёр талын эдийн засаг, бизнес, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор дэмжихэд түлхүү анхаарч ажиллах санал дэвшүүлэв.

Тухайлбал, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нөөц бололцоо, Европын орнуудаас дэвшилтэт технологи, нөү-хау, мэдлэгийг хослуулан нэмүү өртөг шингэсэн, харилцан ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны төдийгүй манай хоёр хөршийн зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий болох юм.

Үүний тулд Монгол Улс боловсруулах салбарын дэд бүтцийг барихад анхаарал хандуулж, говийн бүсэд төмөр замын бүтээн байгуулалт, мөн төвийн бүсэд “Дархан-Арьс ширний цогцолбор”-ын төслийг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Монгол орны говийн бүсэд нүүрлээд буй цөлжилтийг бууруулах ажлын хүрээнд 1,000 гаруй км усжуулах хоолойн судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байгааг дуулгасан юм.

Уулзалтын үеэр дэлхий даяар тархаад буй коронавируст цар тахлын хариу арга хэмжээ, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар санал солилцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Европын холбоо болон гишүүн улсаас Монгол Улс вакцин авах асуудлаар дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен цар тахлын хямралыг дэлхий улс орнууд хамтын хүчээр даван туулна гэдгийг онцолж, энэ хүрээнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан саналуудыг ажил хэрэг болгох чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Мах, махан бүтээгдэхүүний экспортын асуудлаар семинар зохион байгуулж байна

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-аас боловсруулсан “Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын гол зах зээлийн шинжилгээ”-ний дүнг танилцуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох семинарыг Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын ХХБХ хамтран 2021 оны нэгдүгээр сарын 28-29-ний өдөр цахимаар зохион байгуулж байна.

Энэхүү шинжилгээг НҮБ-ын ХХБХ-тай хамтран 2018-2020 онд хэрэгжүүлсэн “Далайд гарцгүй түүхий эдээс хамаарал бүхий хөгжиж байгаа орнуудыг бүсийн болон дэлхийн өртгийн сүлжээнд нэгтгэх” төслийн хүрээнд Монголын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт мөн экспортын гол 5 (БНХАУ, ОХУ, Япон, Вьетнам, Казахстан) зах зээлийн онцлог, импортын шаардлага, үнэ тариф, тээвэр, хэрэглээний чиг хандлага, хэрэглэгчдийн зан төлөв болон мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр зохион байгуулдаг томоохон үзэсгэлэн, арга хэмжээг судалсны үндсэн дээр боловсруулсан.

Семинарт ГХЯ, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, хилийн чанад дахь ДТГ-ууд, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, мөн Монголын махны холбоо болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдоос гадна НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Семинарын төгсгөлд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллөөс гаргасан санал, зөвлөмжид үндэслэн махны экспортыг хөгжүүлэх замын зураг гаргахаар төлөвлөжээ.