Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт өчигдөр 3.8-4.6 магнитудын хүчтэй 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн Ханх болон Галт сумын нутагт 3.8-4.6 магнитудын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт болжээ.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн

  • “Улаан мод” гэдэг газар 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт,
  • “Бэрх” гэдэг газар 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Түүнчлэн тус аймгийн Галт сумын сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т, /Ө-51°15’00.0″, У-100°21’00.0″/ Хороо багийн “Ходон” гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд өчигдөр өдрийн 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ цаг-үе

​С.Ганбаатар: Рио Тинтогийн эсрэг нэхэмжлэлээ Нью-Йоркийн шүүхэд явуулсны дараа өлсгөлөнгөө зогсооно

УИХ-ын гишүүн С.Ганбаатар даваа гаригаас Сүхбаатарын талбай дээр “МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюутолгойгоо буцаан авах өлсгөлөн” нэртэй суулт, нойтон өлсгөлөнг зарласан билээ. Тэгвэл дөнгөж сая МАН-ын бүлгийн гишүүд С.Ганбаатар гишүүнтэй төв талбай дээр очиж уулзаж, Рио Тинтогийн эсрэг нэхэмжлэлийг олон улсын шүүхэд дахин гаргаж, хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Үүний дараа тэд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн өрөөнд цугларч, Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэх гаргах тухай ярилцаж байгаа юм. С.Ганбаатар гишүүн МАН-ын бүлгийн даргын өрөөнд хэлэлцээр хийх болсон учраас өлсгөлөнгөө зогсоох болно гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ын бүлгийн гишүүдтэй уулзсаны үр дүнд буюу Рио Тинтогийн эсрэг нэхэмжлэлийг Нью Иоркийн хотын шүүхэд албан ёсоор явуулсны дараа өлсгөлөнгөө зогсооно. Та бүхэн намайг ойлгож, миний эрүүл мэндэд анхаарч, хүндэтгэлтэй хандсанд баярлалаа” хэмээсэн бол билээ.

Тэгвэл өнөө өглөө УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өлсгөлөнгөө тав дахь өдрөө үргэлжлүүлж байна. Бие минь сайн байна” гэж пэйж хуудсаараа мэдэгдлээ.

нэг буюу түүнээс олон хүн гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол: Хил дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа байлдагчийн хамт хүний амь насыг аварлаа

Нэгдүгээр сарын 26-27-ныг шилжих шөнө Өмнөговь аймгийн Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа нэр бүхий компанийн нүүрс тээврийн жолоочийн амь насыг аварлаа гэсэн мэдээлэл түгээд байгаа юм. Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахоролтой холбогдож болсон явдлын талаар тодрууллаа.


-Сайн байна уу. Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Галсанпүрэвийн Бямбахорол гэдэг. Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн. Одоогоор хилийн 0131 дүгээр ангийн наймдугаар штабт харуулын даргаар ажиллаж байна.

-Таныг байлдагчийн хамт хил дээр үүрэг гүйцэтгэж байх үедээ хүний амь нас аварсан гэсэн мэдээлэл байна. Тухайн үед яг юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Энэ сарын 26-27-ны шилжих шөнө хилийн харуул дээрээ үүрэг гүйцэтгээд байж байтал байлдагч Г.Бат-Эрдэнэ над руу “Тэнд нэг машинаас гэрэл гараад байна” гэсэн мэдээлэл өгсөн. Ингээд байлдагчийн хамт машин дээр очиход тухайн машины аккумулятор нь масслаад шатаж эхэлж байсан. Ойртоод харсан жолооч нь машиндаа унтаж байсан л даа. Ингээд машины эзнийг хурдхан дуудаж сэрээгээд галыг унтраасан.

-Тухайн ачаа тээврийн машин нь яг хаана байрлалтай байсан бэ?

-Гашуунсухайт боомтоор урагшаа ордог хэсэгт буюу түр харуулын хажууд ачаа тээврийн машин байсан. Ер нь бол тухайн үед тогны масс авалцаад гал нь ид асаж аккумуляторынх нь хайрцаг нь шатчихсан байдалтай байсан.

-Байлдагч Г.Бат-Эрдэнэ хугацаат цэргийн албаа хааж байгаа юм байна. Хэзээ халагдах вэ?

-Тийм. Байлдагч Г.Бат-Эрдэнэ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын залуу байгаа. 2010 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Хилийн 0131 дүгээр ангид хуваарилагдаж ирсэн. Одоо тавдугаар сард халагдах юм. Г.Бат-Эрдэнэ маань тухайн үед замын хаалтын цагийн манаанд гарч байсан. Харсан зүйлээ надад станцаар мэдэгдээд бид очсон. Энэ үйл явдал шөнийн 23:00-01:00 цагийн хооронд л болсон юм л даа.


-Тухайн ачаа тээврийн жолооч болон компаниас талархал илэрхийлсэн гэсэн?

-Тэгсэн шүү. Хил дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа байлдагчийн хамт хүний амь нас аварлаа гээд талархал илэрхийлж цэргүүдэд гарын бэлэг өгч байна лээ. Жолооч ах Цагаан хаднаас Гашуунсухайт Ганц модны чиглэлд нүүрс тээврийн автомашины жолооч хийдэг хүн. Эрдэнэт хүний амь нас, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан гээд тухайн компанийн хамт олон болон жолоочийн гэр бүлээс их баярлаж талархал илэрхийлсэн.

-Таныг харуулд гарч байхад урьд нь ийм зүйл тохиолдож байв уу?

-Урьд ийм зүйл тохиолдож байгаагүй. Яахав, нааш цаашаа явж байгаа машинууд эвдрэх зүйл бол байна.

-Та хэдэн жил Хилийн цэрэгт ажиллаж байгаа вэ?

-2014-2015 оны хооронд Хилийн 0151 дүгээр ангид хугацаат цэргийн албаа хаасан. Цаашлаад Хилийн 0129 дүгээр ангид гэрээт хилчний албыг хоёр жил хашсан. 2017 оноос Хилийн 0131 дүгээр ангийн ахлагчийн бүрэлдэхүүнд ороод одоог хүртэл эндээ ажиллаж байна.

-Гэр бүлийнх нь хүн хамт ажилладаг гэсэн үү?

-Манай гэр бүлийн хүн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн л дээ. Бид хоёр 2017 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Одоо нэг хүүхэдтэй. Эхнэр маань Хилийн 0131 дүгээр ангид тогоочоор ажилладаг.

-Цар тахлын хүнд нөхцөл байдалтай энэ үед хил дээр ажиллах нэлээд бэрхшээлтэй байгаа байх?

-Коронавирусийн халдвараас шалтгаалаад хил хамгаалах үүрэг мэдээж хүндэрсэн. Өдөр шөнөгүй ачаалалтай ажиллаж байна даа.

-Монгол Улсын дархан хилийг хамгаалж буй хилчид хүний амь нас аварсанд иргэд та хоёроор бахархаж байгаа байх. Нийт хилчид болоод иргэддээ хандаж юу хэлэх вэ?

-Нийт хилчдидээ хил хамгаалалтад нь өндөр амжилт хүсье. Мөн цар тахлын энэ үед сонор сэрэмжтэй үүргээ гүйцэтгээрэй. Хамгийн чухал нь Цагаан хад Гашуунсухайт чиглэлд явдаг нүүрс тээврийн жолооч нарт хандаж хэлэхэд анхаарал болгоомжтой яваарай гэж захих байна.

Categories
мэдээ цаг-үе

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 67 дугаар байранд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 67 дугаар байранд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа.

Тухайн байрны оршин суугчдыг яаралтай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Тиймээс тус байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, хамтран ажиллахыг хүсье хэмээн дүүргийн Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Бумдарь: Хөшигний ард үүссэн том зөрчил энэ цаг мөчид хальж байна хэмээн дүгнэж болно

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна. Хөшигний ард ямар улс төр өрнөв?

-“Бүгдээрээ харлаа, үзлээ” гэдэг улс төр болж байна даа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлт гаргаад бараг долоо хонох гэж байна. Нийгэм бүхэлдээ юу болоод өнгөрөв гэж үнэлэлт дүгнэлт өгч байх шиг байна. Нийгмийн тодорхой хэсэг хариуцлагатай, ёс зүйтэй улс төр хийж байна гэж үзэж байгаа бол ажлаас зугтлаа сонголт хийсэн сонгогчдын хүсэл зорилгыг үл тоомсорлов гэх хэсэг ч байна. Тэгэхээр бид нэг зүйлийг маш сайн эргэн санах хэрэгтэй. Амаржаад удаагүй эхийг ямар ч бэлтгэлгүй зөөсөн хэмээн тайван жагсаал болсон. Үр дүнд Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайд огцрох өргөдөл гаргасан. Ингээд жагсаалын үр дүн гарлаа гэж бодож байтал Ерөнхий сайд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох талаар хүсэлт тавьж ард иргэддээ хандаж тайлбар хийсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тайлбарт анхаарал хандуулах хэрэгтэй байх гэж бодож байна. Тодорхой субьектүүдийн үл ойлголцол, улс төр, эрх ашгаас үүдэлтэй гэсэн санааг бүрэн дүүрэн илэрхийлсэн тайлбар хийснийг бүгд санаж байгаа байх. Тэгэхээр хөшигний ард их том зөрчил үүсч, тэр нь энэ цаг мөчид хальсан байна гэж дүгнэх боломжтой юм.

-Ер цаашид улс төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөх бол?

-Шинэ засаг хэрхэн бүрдэхээс бүх зүйл шалтгаална. Эрх баригчид эв санаа, эв нэгдэл үзэл гэсэн уриагаар Ерөнхийлөгчийн сонгуульд орох эсэх нь кабинет хэрхэн бүрэлдэхээс харах боломжтой байх. Шинэ Ерөнхий сайдын хувьд “Ковид-19”-тэй холбоотой бодлого, зохион байгуулалтын өөрчлөлтийг нэн яаралтай өөрчлөх биз. Сонгуульд хэрхэн бэлтгэж ямар үр дүн гаргах нь кабинетын цаашдын тогтвортой байдал, улс төрийн амьдралд шууд нөлөөлөх байх гэж таамаглаж байна.

хамгийн гол нь эдийн засаг, нийгмийн энэ хэцүү нөхцөлийг амжилттай даван туулах нь улс төр, бодлого барих шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар хаврын улстөржилт эхэлсэн байна. Сонгууль хүртэл олон сонин зүйлсийг нийгэм харах шинжтэй. Мөн улс төр нийгмийн анхаарлын төвд орсон байгаа. Учир нь хөл хориотой холбоотой нийгмийн энгийн харилцаа зогссон тул оролцох боломжтой харилцаа нь цахим улс төр болсон.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг 2021 оны зургадугаар сард зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргаан ихээхэн өрнөж байна. Өмнөх Ерөнхийлөгчид болон ялангуяа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших үндэсгүй талаар улс төрийн хүчнүүд байр сууриа илэрхийлж байна. Ер нь одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломж хэр байна гэж та харж байна?

-үүнд хуульчид өөрсдөө хоёр хуваагдаж байна. үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцсон, тэр үед үзэл санаагаа уралдуулсан судлаачид хүртэл хоёр тайлбар хийж байгаа нь нийгмийг төөрөгдүүлж байх шиг байна. үндсэн хуулийн Цэц ямар тайлбар хийхийг л харах үлдэж байна даа.

Хувь судлаачийн үүднээс харахад тодорхой боломж, дахин нэр дэвших боломж байсан учир Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч дэмжин ажилласан гэж бодож байна. үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байдаг учир тэр институцийн дүгнэлтийг эцсийн хэмээн хүлээх хэрэгтэй байх.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өөрийн хүсэлтээр өгсөн. Энэ нүүдлийг та хэрхэн харж байна. Дараагийн нүүдэл нь юу бол?

-Дээр ч мөн дурдсан. Ерөнхий сайдын огцрох тайлбарыг бүрэн унших хэрэгтэй. Тэндээс тодорхой асуудлыг маш тодорхой тавьсан байгааг олж харах болов уу. Ерөнхийлөгчийн асуудалд хандах байдалд шүүмжлэлтэй хандсан байсан. Дараагийн нүүдэл нь улс төр хийнэ гэж тайлбараас ойлгосон. Тэгэхээр идэвхтэй улс төрийн амьдралд оролцох байх. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг нам болон хувь улстөрч өөрөө шийдэх биз. Одоогоор нэр дэвшихэд хамгийн рейтинг өндөртэй улстөрч байх.

-Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд?

-засаг огцрохтой зэрэгцэн Ерөнхийлөгчийн институцийн зүгээс тайлбарууд гарсан. Шинэ Ерөнхий сайдын асуудлыг хүлээлгэж байна. Талбай дээрх жагсаал, өлсгөлөн зарлалт болон сошиал орчин дахь улстөржилт зэргээс харахад улс төрөөс явахгүй өрсөлдөнө гэсэн бодолтой байгаа нь харагдаж байна. ирэх сонгуульд өрсөлдөх боломжийг хайх, үгүй аваас дүйх хэмжээний улс төр хийх зорилготой болов уу гэж бодож байна.

-Шинэ Ерөнхий сайдын дүр нийгэмд нэлээд хүлээн зөвшөөрөгдчихсөн байгаа шүү дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээж байгаа хамгийн том сорилт юу бол?

-Хамгийн том сорилт цар тахалтай холбоотой нийгэм, эдийн засгийн онц хүндэрсэн асуудлуудыг давах шинэ стратеги баримтлах, төсвийн тодотгол, Ерөнхийлөгчийн сонгууль байх. Түүнээс намын 100 жилийн ой энэ тэр бол баяр ёслолын шинжтэй зүйл.

-Монголд цар тахлын нөхцөл байдал ихээхэн газар авч байна. Өмнө УОК-оос энэ оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн вакцинжуулалтыг өрнүүлнэ хэмээн мэдэгдсэн. Тэр хүртэл одоогийн нөхцөл байдал хэрхэх бол?

-Үүнийг одоогийн Засгийн газраас гэхээс илүүтэй өмнөх засгийн газартай холбоотой авч үзэх хэрэгтэй. хамгийн түрүүнд яагаад вакцин захиалаагүй байсан талаар тодорхой тайлбар авах нь зөв. Вакцин хийлгэж байж олон улсын харилцаанд орох нь тодорхой болчихлоо. Тиймээс улсаараа түгжигдээд суухгүй байх гэдэгт итгэж байгаа тул дипломатын түвшинд, бодлогын түвшинд вакцин захиалах талаар хэлэлцээ хийгдэж байгаа гэж итгэж байна.

Гол нь Ерөнхийлөгчийн сонгууль, намын 100 жилийн ой гэсэн улс төрийн акц хийх шаардлагатай үйл ажиллагаанууд хүлээгдэж байгаа тул гэнэтийн бэлэг болох магадлал ихтэй. Вакцин иртэл яахав хэдүүлээ хөл хорионд орох нь ороод, урьдчилан хамгаалалт, сэргийлэлтээ сайн хийгээд явах асуудал байна. Гол нь нийгэм бараг зэрэгцэн амьдрах тал дээр дасан зохицож байх шиг байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн арслан И.Мандах: Их ойн наадамдаа амжилттай барилдаж цолоо ахиулахыг зорьж байна

Өнгөрсөн зуунд үндэсний бөхийн дэвжээнд тод гялалзсан оддын нэг нь Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Жигжидийн Мөнхбат агсан. Улсын наадамд долоон удаа түрүүлсэн, аатай түүндээ багтаж барилддаг энэ их бөхийн удмыг залгасан хүчтэнүүд өдгөө ч нутаг усныхаа нэрийг улс даяар дуурсгаж сайн барилдаж байна. Бид энэ удаа дархан аварга Ж.Мөнхбатын удмын бөх аймгийн шинэ арслан Идэрийн Мандахтай ярилцлаа. Түүний тухайд 2020 онд төрөлх нутаг Төв аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм.


-Таны хувьд дархан аварга Ж.Мөнхбатын удмаас тодорч байгаа залуу бөх. Дархан аваргатай ээж талаараа садан болдог уу?

-Миний ээжийн аав, Ж.Мөнхбат аварга хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Их ойр өссөн юм билээ. Энэ их бөхийн удам залгаж барилдаж явна гэдэг их заяа юм даа. Мөр бүтэн явахын тулд алхам тутам бүртээ л хичээж байна. Намайг хаана ч явсан хүмүүс Дархан аваргын удмаас тодорч байгаа бөх гэж хүндэлдэг нь их сайхан санагддаг. Би ээж талаараа аваргатай их ойрын хамаатан. Анх ээж минь хот руу авчирч бөхийн бэлтгэлд оруулж байсан нь саяхан юм шиг л санагдаж байна. Тэр их бөхийн удмыг залгаж сайн барилдчихаасай гэж бодсондоо л ээж минь өөрөө хөтөлж бөхийн бэлтгэлд оруулсан юм болов уу.

Сар шинээр манай гэр бүлийнхэн аваргынд очдог байлаа. Дархан аваргын удмаас аймгийн начин У.Цэндпүрэв гэж залуу сайн барилдаж байна. Мөн Эрдэнэсантын Төрболд гэж хүү өсвөр үе, залуучуудын насны ангилалд мундаг барилдаж байна лээ. Улсын начин Б.Бадам-Очир ах маань бидэнд их зүйлийг зааж зөвлөдөг юм. Аваргын ойрын хамаатан хүн шүү дээ. Ид барилдаж байхдаа Ж.Мөнхбат аваргаас их зүйлийг сонссон байх. Түүнээсээ л бидэнд зааж зөвлөж, түшиг тулгуур болоод явдаг хүн дээ, Бадамаа ах. Миний хувьд өнгөрсөн жил аймгийн арслан болж ахыгаа бага ч болов баярлуулсан болов уу. Барилдсан хүн бүр хүрээд байдаг цол биш шүү дээ (инээв).

-Хүүхэд байхад тань Мөнхбат аварга танайхаар ирдэг байсан биз. Бөх болно гэж урамшуулж байв уу?

-Манайх Эрдэнэсант сумын төвөөс баруун тийш Бадын голд зусдаг байсан юм. Хаврын амралтаас авахуулаад л хурга, ишиг хариулаад зунтай золгоно. Аварга манайхаар хааяа ирнэ. Бадам-Очир ах манайд очиж амардаг байлаа. “Миний дүү том бөх болно” гээд л эрхлүүлнэ. 10 гаруйхан настай намайг наадамд дагуулж явна. Энэ их өв соёлын зах зухаас танилцуулж байсан нь тэр юм билээ. Ахынхаа ерөөж байснаар том бөх болохын тулд хөдөлмөрлөж л явна.

2008 онд санагдаж байна. Улсын арслан До.Ганхуяг ах улсын наадамд түрүүлснийхээ дараахан манай гэрт очсон. Сургийг нь л сонсож байсан тэр том бөхийг дэргэдээс нь нүд салгалгүй харж зогссоноо мартдаггүй юм. Ганхуяг арслан Бадам-Очир начин нар их сургуулийн нэг ангийнхан юм билээ.

-Дархан аварга Д.Мөнхбатын тухайд таны ээжийн талын хамаатан юм байна. Аавын тань талд ч сайн барилддаг бөхчүүд олон байдаг гэж сонссон?

-Аймгийн заан Б.Чүлтэмпунцаг, сумын заан Т.Тэгшбат ах бид үеэлүүд. Хоёр ахтайгаа дээлний сугаа ханзартал ноцолдож л бөхийн дөр суусан. Ах нар маань сумын наадамд барилдана. Ойр байдаг улс маань түрүүлж, үзүүрлээд байхад их л баярладаг байсан даа. Одоо ч ах нартайгаа ойр байж бэлтгэлээ хамт базаадаг юм. Миний барилдаанд ямар алдаа дутагдал байна тэр бүрийг гярхай ажиглаж хэлж зөвлөдөг юм.

-Таны хувьд анх чөлөөт бөхийн бэлтгэл хийж байсан гэж сонссон. Ямар бөхчүүдтэй бэлтгэл хийж байв?

-Дархан аварга Ж.Мөнхбат их спортоор өндөр амжилт үзүүлсэн бөх шүү дээ. Тэр ч утгаараа чөлөөт бөхөөр барилдаж сууриа тавибал зөв болов уу гэж бодсон юм. Оюутан ахуйдаа гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа, Цэрэндагвын Цогтбаяр нарын удирдлагад чөлөөт бөхийн бэлтгэл хийж байлаа. Улсын начин Ж.Чулуунбат, улсын харцага Н.Золбоо, улсын начин Д.Хүдэрбулга гээд улсын шигшээ багийн тамирчидтай хамт бэлтгэл хийнэ. Тухайн үед хичээлийн хажуугаар тэр өндөр зэрэглэлийн тамирчидтай ачаалалтай бэлтгэл хийхэд хүнд л санагдаж байсан. Гэхдээ тэвчээд даваад гарсан. Би өөрийнхөө барилдааныг тэр бэлтгэлээс л олсон гэж боддог юм. Баяраа багш “Чиний гар урт, суйлаад сурчихвал чамд их хэрэгтэй” гэж зөвлөнө. Улсын начин Хүдэрбулга ахтай өдөрт л хэдэн зуун удаа суйлах мэхийг давтана. Ингээд л нэг мэдэхэд өрсөлдөгч бөхчүүдээ суйлаад унагадаг болчихсон байсан шүү. Олон чухал давааг сугадаж суйлах мэхээр авсан. Тухайн үед улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар бид хамт бэлтгэл хийдэг байлаа. Өнөөдөр бүгд цолоо ахиулжээ. Мөн Ө.Батзул гэж залуу чөлөөт бөхөөр дагнаж сайн барилдаж байгаа. Сая Орхон аймгийн наадамд түрүүлсэн байна лээ. Бид нэг үеийн бөхчүүд.

-Өнгөрсөн жил Эрдэнэсант сумын зон олон шинэ аймгийн арслантай болоод их л баярлаж байгаа сураг дуулдсан. Шинэ арслангаа хэрхэн хүлээж авав?

-2016 онд аймгийн начин цол хүртэж байлаа. Тэр цагаас хойш Төв аймаг болон Багануур дүүргүүдийн наадамд их шөвөгт шалгарсан. Түрүүлчихээр хэмжээний бэлтгэлтэй барилдсан ч болж өгөхгүй л байлаа. Өнгөрсөн жил харин сайн барилдаж санасан цолондоо хүрлээ. Аймгийн наадамдаа түрүүлчихээд төрж өссөн уул усаа Цэнгэлдэхэд зарлуулах үнэхээр сайхан. Өдгөөгөөс 11 жилийн өмнө П.Иххантай ах аймгийн наадамд түрүүлж Эрдэнэсант нутгийн зон олноо баярлуулж байсан юм билээ.

Миний тухайд Ардын хувьсгалын 100 жилийн ойд аймгийн арслан цолтой зодоглоно гэсэн зорилго тавиад хөдөлмөрлөсөн. Санаснаар боллоо. Одоо их ойд дээшээ барилдаж цол ахиулмаар байна. Ид барилдаж байхад Ардын хувьсгалын 100 тохиож байдаг энэ үеийн бөхчүүд хувь ерөөлтэй юм.

-Энэ цагт Төв аймгаас аймгийн арслан цол хүртчихээр хэмжээнд сайн барилддаг залуус олон бий. Аймгийн заан М.Тэгшбаяр, аймгийн харцага Н.Дашдаваа, М.Жамсрандорж гээд залуусын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөсөн байна лээ. Арслан цол хүртсэн наадмынхаа талаар ярихгүй юу?

-Бэртэл гэмтэлгүй бэлтгэл сайхан таарсан болохоор түрүүлнэ гэсэн сэтгэл зүйтэй л наадамдаа зодоглосон. Барилдаанууд тун хүнд болсон шүү. Наадмын үеэр бороо орчихсон, нойтон зүлгэн дээр халтирч уначих гээд их эвгүй байж билээ. Нэгийн давааны учраатайгаа л барьц сонгож хаялцсан. Энэ нь өөрөө ямар чансаатай наадам болсныг илтгэж байгаа хэрэг л дээ. Гол барилдаануудаа дөрөв болон тавын даваанд хийж аймгийн харцага М.Жамсрандорж, М.Даваажамц нарыг өвдөг шороодуулсан. Эдгээр залуус маань наадмын түрүү бөхийн тааварт нэрлэгдэж байлаа. Алдаа гаргалгүй нягт барилдаж давсан.

-Бөхчүүдээс сумын наадамд түрүүлж байсан тухай нь асуухад сонин дурсамж ярьдаг юм билээ. Таны тухайд?

-Би Төв аймгийн Өндөрширээт сумын түүхт 90 жилийн ойн баяр наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байлаа. Олон хүн цугласан өргөн дэлгэр сайхан наадам болж байсан нь санаанаас гардаггүй юм. Сумын заан цол хүртчихээд гэртээ иртэл гэр бүл, ойр тойрныхон маань бүгд цуглачихсан их л баяр хөөртэй угтаж билээ. Тухайн үед би 19 настай байлаа. Аав, ээж минь хүүгээ их л жаахнаар төсөөлж байсан юм байлгүй, сэтгэл нь их хөдөлсөн байсан. Надаас ч илүү баярласан байсан шүү. Тухайн үед би ч их том цол хүртсэн, ер нь хэнтэй ч барилдчихмаар санагдаж байлаа. Харин хот руу ирж зааланд барилдаад ямар өндөр оргилын бэлд нь зогсож байгаагаа ухаарсан.

-Мандахын тухайд энэ цагт барилдаж байгаа аварга арслангуудтай бүгдтэй нь барилдсан байх. Мянган бөхийн манлайд гарсан хүмүүсийн арга мэх гайхамшигтай биз?

-Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва гээд энэ цагийн шилдэг бөхчүүдтэй гар зөрүүлж байсан. Мянган бөхийн манлайд гарч байсан хүмүүс чинь аймаар байдаг юм билээ. Ч.Санжаадамба аваргын гар бол үнэхээр хүнд санагдаж байсан. Надтай өрөхдөө зөрөөд л өнгөрч байгаа юм. Миний тухайд нүд ирмэхийн зуурт л дээшээ хараад хэвтэж байдаг сан. Гэхдээ тэр хэрээр л сайжирч, туршлагажиж байдаг юм билээ. Анх Н.Батсуурь аваргатай барилдахад гарынх үзүүрт л өнхрөөд өгч байлаа. Дараагийн удаад зууралдаад, давхар шуудганд хүртэл тэссэн. Тэр барилдаанаас их урам авсан шүү. Нээрээ л би чангарараад байгаа юм болов уу гэж дотор хүнтэйгээ ярьж байлаа. Аймгийн начин цол хүртсэнийхээ дараахан Дорнодын Анар харцагыг давуулж гуядаж хаячихаад жигтэйхэн баярласан. Өөрөөсөө илэрхий илүү бөхийг давчихаар санаанд бууж өгдөггүй юм билээ. Улсын цолтой бөхчүүдээс ганц нэг бөхийг даваад ирэхээр үеийнхээ бөхчүүдтэй барилдахдаа өөртөө итгэлтэй болж ирсэн. Заавал давна гэж өөрийгөө хурцлаад л дэвжээнд гардаг болсон.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагын ангийг дүүргэсэн. Одоогоор бөхийн спортдоо гол анхаарлаа хандуулаад мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна.

-Бөхийн спорт залуу насны ажил. Цаашид юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Одоогоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харьяалагддаг. Цаашид зэсэгт хүчинд ажиллахаар төлөвлөсөн байгаа. Өөрөө ч энэ чиглэлээр ажиллах сонирхолтой. Намайг бүх зүйлд дэмждэг “Алдар” спорт хорооны хамт олондоо талархал илэрхийлье.

-Та үндэсний бөхөөс амьдралд хэрэгтэй юуг тусгаж авсан бэ?

-Таны асуултад ёс суртахуун гэж хариулмаар байна. Залуусыг анзаарахад ахмад үеэ хүндлэх тал дээр асар дутагдалтай, ёс суртахууны доголдолтой байгаа юм шиг. Хажуугаар нь аливаа зүйлээс халширдаг, тэвчээргүй зэрэг чанарууд анзаарагддаг юм. Үндэсний бөх гэх энэ их өв соёлыг тээж яваа ах нар минь биеэ хэрхэн зөв авч явах, ах зах хүмүүсийг хэрхэн хүндлэхийг надад үлгэрлэсэн. Олон өдрийн ачаалалтай бэлтгэл аливаа бэрхшээлийг тэсч гарах тэвчээр суулгасан. Бөхчүүд ийм тийм гэж шүүмжлэх хүмүүс хаа нэг таарч л байсан. Энэ спортод бие сэтгэлээ зориулж яваа залуусын олонх нь зөв ёс суртахуунтай, хэнтэй ч мэнд устай төлөвшсөн хүмүүс байдаг юм шүү.

-Шинэ арслан гэр бүл зохиож амжсан уу?

-Миний эхнэрийг Т.Оюунбилэг гэдэг. Булган аймгийн Хялгант тосгоны бүсгүй. Бид удахгүй шинэ хүнээ тосч авна гээд гэр дүүрэн баяр хөөртэй сууж байна. Сая бэр гуйх ажилтай хөдөө явж байгаад ирсэн.

-Таны аав ээж барилдааныг тань Цэнгэлдэхэд ирж үздэг үү?

-Ээж аав минь Эрдэнэсант сумандаа амьдардаг. Зурагтаар бөх гарахаар хүүгийнхээ барилдааныг харна. Дүү минь эрдэм номын хүн.

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш барилдаан зохион байгуулагдсангүй. Хөл хорионы үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Гэрийн нөхцөлд боломжоороо бэлтгэлээ хийж байна. Хүчний бэлтгэлдээ түлхүү анхаарч байгаа. Баяр наадмын шийдвэрлэх давааны барилдаанууд шуудагны барьцнаас л шийдэгддэг. Энэ ч утгаараа хүчний бэлтгэл чухал. Хүчний бэлтгэл базаахад энерги их зарцуулна. Нөхөхийн тулд нэмэлт тэжээл, уураг шаардлагатай. Багын найз С.Болдгэрэл маань тэр бүрт л дэмжлэг үзүүлдэг. Миний зорилгыг ойлгож, дэмждэг найздаа их баярлаж явдаг. Олон наадамд баярлуулахын төлөө хичээнэ ээ.

-Сар шинийн барилдаан зохион байгуулагдах тухай асуудал УОК-ын хэмжээнд яригдаад эхэлж. Сар шинийн барилдаанд ямар амжилттай барилдаж байв?

-Сумын цолтнуудын барилдаанд зодоглож байсан. Сүүлд аймгийн харцага болоод улс, аймгийн цолтнуудын ангилалд гарч байлаа. Энэ жил Сар шинийн барилдааныг зохион байгуулаасай л гэж хүлээж байна. Бусад улс орныг анзаарахад нөхцөл байдалтай дасан зохицоод тэмцээн уралдаан явуулж л байна. Манайх ч халдвар хамгааллын дэглэм сахиад заалны барилдаануудаа зохион байгуулаасай гэж хүлээх юм. Би хувьдаа гараад барилдахад бэлэн байна. Бөхөөр барилдана гэдэг залуу насны л хөдөлмөр. Бидэнд тухайн цаг хугацаа асар үнэ цэнэтэй байна. Зөвхөн Сар шинийн барилдаан гэлтгүй заалны барилдаануудаа зохион байгуулаад яваасай л гэж бодох юм.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин үхэр өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 29, Сугар гариг. Билгийн тооллын 16, Үнэг одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:23 цагт мандан, 17:47 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 29-34 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Банкинд байсан хонзогногчид, банк талагчдын салбараа багалзуурдах ажиллагаа бэлэн болж дээ​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт “ЭМЯ улстөржөөд байгаа нь мэргэжлийн үйл ажиллагааны том алдаанууд гарахад хүргэж байна гэв” хэмээн I-VII нүүрт өгүүллээ.

Хотын дарга асан,
Улсын баатар Э.Бат-Үүл “МАН-ын дарга
У.Хүрэлсүх Ардчилсан
намгүйгээр
Ерөнхийлөгчийн
сонгуульд орно гэсэн
тооцоотой байж” хэмээснийг I-V нүүрнээсс уншаарай.

Эдийн
засагч Х.Батсуурь “У.Хүрэлсүхийн
Засгийн газрын 20 шахам их
наяд төгрөгийн зарцуулалтад
аудит оруулах ёстой” гэлээ.

Ховд
аймгийн Онцгой комиссын
дарга Б.Алтанбадралт “Орон нутагт эмчилгээ үйлчилгээ явуулж болно, гэхдээ огт
халдвар бүртгэгдээгүй голомтод шинэ голомт үүсэхээс сэргийлсэн” хэмээн III нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Банкинд байсан хонзогногчид,
банк талагчдын салбараа
багалзуурдах ажиллагаа
бэлэн болж дээ” хэмээн өгүүллээ.

“Рио тинто”-гийн Зэсийн группийн
ерөнхий захирал Б.Болд “Засгийн газрын байр суурийг
ойлгож хүлээж авч байна” хэмээв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Хуурамч” шампанск үйлдвэрлэсэн компанийг 20 сая төгрөгөөр торгов

“Цэс Хайрхан” ХХК шинэ жилийн баярт зориулан дотооддоо үйлдвэрлэсэн “Luxurious” оргилуун дарс нэрээр гадна талд бүрсэн шошго наалтыг хуулж наасан Советское оргилуун дарсыг борлуулсан нь тодорхой болжээ.

Тэгвэл ШӨХТГ-аас “Цэс хайрхан” ХХК-ийн оргилуун дарстай холбоотой гомдлын дагуу хийсэн хяналт, шалгалтын дүн гарчээ.


Тус компанид бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн тул 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгаварыг гаргасан байна.