Categories
мэдээ нийгэм

С.Батболд: Намайг Оюутолгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр гүтгэж байна

АНУ-ын шүүхэд УИХ-ын гишүүн С.Батболдын хэрэг үүссэн гэх асуудал олны анхааралд байгаа. УИХ-ын гишүүн С.Батболд энэ асуудлаар мэдэгдэл гаргажээ.

УИХ-ын гишүүн С.Батболд “Намайг төрийн эргэлт хийсэн, Оюутолгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна.

Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ.

АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргаж, шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны арванхоёрдугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ өөрсдөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа. Сүүлдээ 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ хүртэл АНУ-ын хуулийн компани өөрөө зогсоосон байгаа нь шүүхийн баримтаас тодорхой байна. Харин энэ компани хэний даалгавраар анх нэхэмжлэл гаргаж, цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар татан авсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой.

Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улстөрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм.

Миний тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтайгаар сайжруулж, олон зуун сая ам.долларын үр ашгийг Монголын талд авчирсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Үүнийг яаж ч гүтгээд үгүйсгэх боломжгүй юм.

Иймд үнэн зөвөө тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээр маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган хандахаа албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Сүхбаатар аймаг дахь сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Тодруулбал сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн оюутны ойрын хавьтал гурван хүнийг давхар шинжилгээнд хамруулжээ.

Тус оюутнууд нь 01 дүгээр сарын 26-ны татан авалтаар Сүхбаатар аймагт ирж, улмаар Түвшинширээ суманд очсон байжээ. Одоогоор бүгд гэрийн ажиглалтад байгаа бөгөөд сумын төв доторх хөл хориог сулруулж эхэлсэн ч замын хяналтын постыг татан буулгаагүй хэвээр байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

П.Анужин: Миний амьдралд 4 нөхөр, 4 эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан сүүлд Live TV телевизэд өгсөн ярилцлаганыхаа үеэр УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн ярьсан юм. Түүний энэ ярианд УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр “Олон хүн над руу Б.Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд доромж гутаамж, гүтгэлэгийг даахыг хичээж ирсэн, даадаг ч юм. Харин би монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө!

Миний амьдралд, дөрвөн нөхөр, дөрвөн эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!! Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй!” гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 59 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Өнөөдөр 59 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт 1303 хүн буюу халдвартай өвчтөнүүдийн 76,2 хувь нь эдгэрээд байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Өчигдөр нийт 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд өмнөх хавьтлуудын ойрын хавьтал байна.

  • Х апартмент
  • Микс пицца
  • Наркологийн эмнэлэгтэй
  • Өмнөх тохиолдлуудын давтан шинжилгээгээр шинэ тохиолдлууд илрэв.

Улмаар Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 877 боллоо. Улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 1710-т хүрэв.

Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Шинээр 18 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1710 боллоо

Коронавируст халдварын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 12885 хүнд PCR шинжилгээ хийхэд 18 хүнээс халдвар илэрлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гал түймрийн дуудлагын тоо 15,1 хувиар буурчээ

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 28-ны өдрийн байдлаар гал түймрийн 218 удаагийн дуудлага бүргтгэгдсэн байна. Гал түймэрт 3 иргэн өртөж нас барсан бол 5 иргэн түлэгдэж гэмтжээ.

Гал түймэрт 120 өвөл зуны сууц, 33 ил задгай хог, хогийн цэг, хогийн суваг, 25 машин техник, 15 гэр, 14 барилга байгууламж, 8 орон сууцны эд хогшил өртсөн байна.

Харин пийшин, зуух, яндангийн цонолтоос 89, цахилгаан эрчим хүчнээс 56, лаа, шүдэнз, ил гал, ил задгай асгасан үнс нурамнаас 47, машин техник ашиглалтын буруугаас 21, бусад шалтгааны улмаас 4 удаагийн гал түймэр гарчээ.

Гал түймрийн дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан үзүүлэлтэй байна нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Бямбацогт, Д.Ганбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нараас өргөн мэдүүлсэн Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргажээ. Байнгын хорооны энэхүү саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох МАН 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан бөгөөд энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа тул энэ нь монголчууд XX зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаараа тухайн түүхэн үеийн ололт, амжилт, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж үзжээ.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймагт үсчин, фитнесс, халуун усны газруудыг 7 хоног хаана

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж, үсчин, гоо сайхан, фитнесс, халуун ус, саун зэрэг зарим салбарын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн түр хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Хязгаарлалт хоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Нэгдүгээр сарын 26-ны шөнө Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлд хүнс тээвэр эрхэлдэг жолооч тус аймагт очсон бөгөөд шинжилгээний хугацаа 48 цаг өнгөрсөн тул постод хонуулж, дахин шинжилгээ авсан байна. Тухайн жолоочийг эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд сэжигтэй тохиолдол хэмээн Улаанбаатар хот руу хүргүүлжээ. Ингээд шинжилгээний хариу эерэг гарсан тул Улаанбаатар хотод бүртгэлтэй халдвараар бүртгэгдсэн” гэлээ.

Тухайн жолооч 1-р сарын 21-нд PCR шинжилгээ өгсөн бөгөөд 23-ны өдөр сөрөг шинжилгээтэйгээр Дархан-Уул аймагт ирсэн бөгөөд 25-ны өдөр дахин очиход нь шинжилгээний хугацаа дууссан шалтгаанаар түр гэрийн хорионд байх шаардлага тавьсан боловч 26-ны өдөр 18-20:00 цагийн үед “Тохь” нэртэй фитнесст үйлчлүүлсэн байна.

Жолооч хүнс тээврийн жолооч байсан тул арав хоногт явсан маршрутыг тогтоон, хариу арга хэмжээг авч эхэлжээ. Улаанбаатар хотоос ирсэн 900 иргэний шинжилгээг авч буй юм байна.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Өнөөдөр сайдуудын танилцуулгыг сонсож, тангараг өргүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулахдаа сайдуудыг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, сайд нарыг УИХ-д тангараг өргүүлнэ гэдгийг мэдэгдлээ.

Мөн УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийх юм.

Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  1. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  3. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны нэгдүгээр дүгнэлт;
  4. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  5. Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
  6. Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
  7. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  8. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
  9. Хуулийн төслүүдийг эцэслэн батлах;
  10. УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  11. Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулга;
  12. Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа;
  13. УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  14. УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хаалт.
Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайдуудаа хэлэлцэнэ

Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11.00 цагт болохоор товлогджээ. Хурлаар шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайдуудын нэрийг хэлэлцэнэ.

Шинэ Засгийн газарт У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийн олонх нь үлдэж, ажлаа үргэлжлүүлэх чигтэй байна. Тухайлбал,

  • Сангийн сайд- Ч.Хүрэлбаатар
  • ХНХ-ын сайд А.Ариунзаяа
  • ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
  • ХХААХҮ-ийн сайд С.Мэндсайхан
  • Барилга, хот байгуулалтын сайд- Б.Мөнхбаатар
  • Зам, тээврийн сайд- Л.Халтар
  • Эрчим хүчний сайд- Н.Тавинбэх
  • Батлан хамгаалахын сайд- Г.Сайханбаяр
  • БОАЖ-ын сайд- Д.Сарангэрэл нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар яригдаж байна.

Харин бусад сайд нарын нэрс тодорхойгүй байгаа юм.

Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын гишүүдээ бүрдүүлж, Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж болно. Сайдыг томилох, эсэх санал хураалт явуулахгүй. Ерөнхий сайд захирамж гарган, сайд нараа батламжилна. Үүний дараа сайд нар УИХ-ын чуулганд Засгийн газрын гишүүний тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжих Үндсэн хуулийн зохицуулалттай.