Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улс 408.1 мянган тонн улаанбуудай хураан авчээ

Өнөө жил улсын хэмжээнд 394.6 мянган тонн га-д үр тариа, үүнээс 3604.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянга га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн юм. Тэгвэл энэ жилийн ургац хураалтын нэгдсэн дүн мэдээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа. Манай улс 2020 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 408.1 мянган тонн улаанбуудай хураан авчээ. Мөн 240.5 мянган тонн төмс, 113.5 мянган тонн хүнсний ногоо, 21.2 мянган тонн тосны ургамал, 169.4 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авч, гурил үйлдвэрлэлд 238.6 мянган тонн буудай нийлүүлэгдээд байна. Үүнийг өнгөрсөн оны ургац хураалтын дүнтэй харьцуулахад үр тариа 4.1 мянган тонноор,төмс 49.7 мянган тонноор, хүнсний ногоо 18.9 мянган тонноор, тэжээлийн ургамал 49.8 мянган тонноор тус тус ахиу байна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байна.

Уул нь урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөв гарсан байв. “Ургац хураалтын төлөвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80.0 мянган тонноор нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах боломж бүрдэж байгаа юм” гэж салбар яамныхан мэдээлж байсан. Өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангана гэдгийг батлан илэрхийлсэн. Мөн “Монгол Улс цаашид хүнс үйлдвэрлэгч улмаар экспортлогч орон болохыг зорьж байна” хэмээн баяртайгаар мэдэгдсэн. Гэвч урьдчилсан балансаас хамаагүй ихээхэн зөрүүтэй буюу(урьдчилсан баланс 487.6, бодит дүн 408.1) алдагдалтай гарчээ.
Categories
мэдээ нийгэм

Архангайн иргэдээс PCR шинжилгээ шаардахгүйгээр нийслэл рүү нэвтрүүлнэ

Архангай аймгаас нийслэлийг зорьсон иргэн уржигдар буюу арванхоёрдугаар сарын 07-нны өдөр 22:00 цагийн үед 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй хүлээсээр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаач аймагтаа түргэвчилэн оношлуураар шинжилгээ өгөхөд “Covid-19” халдвар илрээгүй гэж гарсан ч Архангай аймгийн хэмжээнд PCR шинжилгээний аппарат байхгүй, сорьц зөөвөрлөх шаардлага тулгарсан учраас явуулын лабораторийг 22-ын товчоон дээр ажиллуулах явцад дээрх харамсалтай хэрэг гарчээ. Тэгвэл Архангай аймгийн онцгой комисс өчигдөр /2020.12.08/ хуралдан “Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад сумын иргэдийн орон нутаг болон нийслэл хот руу зорчих хөдөлгөөнийг зохион байгуулахдаа түргэвчилсэн оношлуурын шинжилгээ болон асуумжын хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг сахиулж бүртгэлийг эхлүүлэх” шийдвэр гаргажээ. Ингэснээр Архангай аймгийн иргэд PCR шинжилгээ өгөх шаардлаггүйгээр түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлнэ гэсэн үг юм.

Дээрх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд УОК-оос ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болгосон юм. Дашрамд дурдахад, Архангай аймагт PCR шинжилгээний аппараттай болох тухай хүсэлтийг УОК-д хүргүүлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Эрдэнэ: АН дүрэмтэй нам юм бол дүрмийнхээ дагуу тоглох хэрэгтэй

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан намыг байгуулсан таван нам нэгдсэний 20 жилийн ой энэ сард болж байна. Та намын нөхдөдөө хандаж юу хэлэх вэ?

-2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд улс төрийн таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулсан. Энэ жил 20 дахь жилийн ой нь тохиож байна. Энэ таван намын үе үеийн дарга нар, Ардчилсан намын нийт гишүүддээ баярын мэнд хүргэе. Цаашдаа намынхаа, улс төрийн дараа дараагийн сонгуульд амжилт гаргахын төлөө идэвх чармайлттай ажиллаарай гэж уриалмаар байна.

-Манай улс цар тахлыг дотооддоо алдлаа. Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж, цэгнэж байна вэ?

-Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байна. Ийм нөхцөл байдалд манайх шиг сахилга хариуцлага сул улс харин ч цар тахлыг удаан хугацаанд барилаа. Гэхдээ үүнээс илүү хугацаанд барих боломж байсан. Өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, засаг захиргааны нэгжийн хувьд иргэдэд хяналт тавих боломж өргөн зэрэг давуу байдал бидэнд бий. Энэ давуу талаа ашигласан бол илүү үр дүнтэй байж болох байсан. УИХ-д байхдаа ч би У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлж буй ажилд шүүмжлэлтэй хандаж байсан. Дотооддоо халдварыг алдаагүй байгаа үедээ давуу байдлаа ашиглаач, гаднаас тээвэрлэж буй иргэдээ шинжилгээнд бүрэн хамруулаач, аюулгүйгээр зөөх тал дээр анхаарч ажиллаач гэж хэлж байв. Мөн гадаадад байгаа иргэдэд тавих анхаарлаа нэмж, бүртгэл судалгааны ажлыг эхлүүлж, сар тутамд эдийн засгийн дэмжлэг тусламж үзүүлээч, хүний нутагт байна гэдэг эх орондоо байгаагаас хэд дахин хүнд хэцүү шүү гэж бодит саналуудыг дэвшүүлж байсан. Харамсалтай нь энэ талаар үр дүнтэй ажлууд хийгдээгүй.

-Цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Товчхондоо бид хүндхэн цаг үетэй нүүр тулаад байна. Энэ тохиолдолд УИХ дахь сөрөг хүчин эрх баригчдад ташуур болж ажиллах учиртай. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ төдийлөн сайн биелүүлэхгүй байх шиг анзаарагдах юм.

-Санал нэг байна. Өмнөх парламентад АН-ын бүлэг илүү их дуугарч, шаардлага тавьж ажиллаж байсан. Энэ удаад 2020 оны сонгуулиас хойш цар тахал, хөл хориотой холбоотойгоор жагсаал, цуглаан зэргийг зохион байгуулалттайгаар хорьчихлоо. Энэ нь эргээд эрх баригчдад хуульгүй юм шиг аашлах, дураараа авирлах боломжийг олгож байна. Гэсэн хэдий ч хууль дүрмээрээ л явах ёстой. Мөн нэгэнт сөрөг хүчин гэгдэж, улс төрийн маш том хүчин болж оршин байгаа тохиолдолд намын үйл ажиллагаа, зорилго, чиглэлээ байнга мэдэрч, хэрэгжүүлхийн төлөө ажиллах ёстой. Харамсалтай нь АН сонгуулиас хойш нам гүм байна.

-Та Ардчилсан намын дарга байсан хүний хувьд дуугарч, алдаа дутагдлыг нь хэлэхгүй хэрэг үү?

-Миний хувьд Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлагаа хүлээж огцорсноо мэдэгдсэн. Гэхдээ Үндсэн дүрмийн хорооноос “Дараагийн АН-ын дарга сонгогдох үед намын даргын тамга, тэмдгээ албан ёсоор шилжүүлж өгснөөр таны эрх, үүрэг дуусгавар болно” гэх тогтоолыг энэ оны долдугаар сарын 3-нд гаргасан. Улс төрийн намуудын тухай хуулийн 21-т улс төрийн намуудын дотоод хяналтын байгууллагын шийдвэр нь эцсийнх байна гэж заасан байдаг. АН-ын Үндсэн дүрмээр ч Үндсэн дүрмийн хорооны шийдвэр эцсийнх байдаг. Тэр утгаараа долдугаар сарын 3-нд гарсан тэр шийдвэр бол эцсийнх. Тухайн үед нэгэнт тамгаа шилжүүлээд өгчихсөн, ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдэг шийдвэрээ гаргачихсан байсан учраас хүлээцтэй хандаад, аливаад өнөөдрийг хүртэл дуугүй явж байна. Гэхдээ ямар ч зүйлд хэмжээ бий. Өнөөдөр дуугүй байхад хэцүү л болж байна. Учир нь бодит байдал дээр АН-ын нөхцөл байдал улам л хүндэрсэн. Ийм цаг үед сөрөг хүчний гол нам болсон АН нь дуугардаггүй, улс төрийн идэвхтэй тэмцэл явуулдаггүй байж таарахгүй л дээ. Энэ нь цаашдаа улс оронд хэзээ ч сайн зүйл авчрахгүй.

-Та Үндсэн дүрмээрээ шинэ намын дарга сонгогдтол би намын дарга хэвээрээ гэж хэлж байна. Тэр утгаараа өнөөдрийн УИХ дахь намын бүлэгтэй хамтарч ажиллах эрх, үүрэг танд байгаа юм биш үү?

-Одоогоор Ардчилсан намын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон зүйл алга. Нэгэнт өөрчилнө, шинэчилнэ, чадна гээд гараад ирчихсэн хүмүүст боломж олгох ёстой гэж бодож байгаа учраас дуугараагүй, оролцоогүй. Үнэхээр энэ намыг өөрчлөөд, үйл ажиллагааг нь эрчимжүүлээд явчих юм болов уу гэж харсан. Сонгуулиас хойш бараг хагас жилийн хугацаа өнгөрлөө. Намын үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт гарсангүй. Би АН-ын гишүүн хүн. Намын гишүүний хувьд Үндсэн дүрмээр эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой. Тиймдээ ч би дуугарах эрхтэй. Өнөөдөр АН-ын бүхий л үйл ажиллагаа дүрмийн бус байна. Үүнийг таслан зогсоох цаг нь болсон. АН Үндсэн дүрэмтэй юм бол түүнийхээ хүрээнд л ажиллах ёстой.

-АН Үндсэн дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж буй. Та түүнтэй танилцсан уу, өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа юу?

-АН-ын Үндсэн дүрмийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж. Тэр ажлын хэсэг дотор ХҮН намд байсан, УИХ-д бие дааж нэр дэвшсэн хүнээс эхлээд янз бүрийн маш олон хүн орсон байна билээ. Өөр намд, “гудамжинд” байсан хүмүүс гарч ирээд АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг гардаад, санаачлаад явж байгаа нь сонин харагдаад байгаа юм. (инээв) Яагаад 200 гаруй мянган гишүүнтэй энэ том нам энэ намын үйл ажиллагаанд олон жил үр бүтээлтэй, идэвхтэй оролцсон гишүүдээсээ ажлын хэсэг бүрдүүлж болоогүй юм бэ. Яагаад заавал өөр намд байсан, эсвэл намынхаа үнэт зүйл үзэл санаанаас урваад, бие даагаад Үндсэн дүрэм зөрчөөд явчихсан хүмүүсийг оруулж ирж, намын амин судас болсон Үндсэн дүрмийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт оруулж ажиллуулаад байгаа юм бэ. Энэ нөхцөл байдлыг хараад надад таатай санагдахгүй л байгаа юм. Энэ мэтчилэн дуугарах зүйл олон байна.

Үндсэн дүрмийн агуулгыг харахад тийм ч их шинэ зүйл байхгүй. Яг л хуучин луугаа явж байна. Бид Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулахын тулд гурван жил гаруйн хугацаанд 21 аймаг, 330 сум, 172 үүр хороо, нийслэлийн есөн дүүрэгт хэлэлцүүлэг явуулж, 2019 оны намын Их хурлаар баталсан. Түүнээс хойш жил гаруйн л хугацаа өнгөрсөн байна. Тийм байхад өөрчлөх шаардлага юунд байна вэ.

-Намын даргаа сонгох үйл явцыг илүү амарчилсан юм биш үү?

-Гишүүдийн оролцоо, сонгох эрхийг хязгаарласан заалтууд түлхүү орсон байна билээ. Хуучин ч гэсэн тийм л байсан. АН-ын 228 гишүүнтэй Үндэсний зөвлөлдөх хороо хуралдахаараа л намын даргаа солих, өөрчлөх тухай ярьдаг. Намын удирдлагын төлөөх фракц хоорондын тэмцэл тэнд болдог байсан. Нам доторх фракц бүлэглэлүүдийн тэмцэл туйлдаа хүрчихсэн л нам байсан. Ийм намыг л бид өөрчилсөн. АН гишүүн төвтэй л нам юм бол бүх гишүүдийн оролцоог хангасан, гишүүдийн сонголт санаачилга дээр тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг нам байя гэж зорьсон. Энэ өөрчлөлтийг хийхийн төлөө ажилласан. Бид тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байгаа.

Би 2017 оны хоёрдугаар сард намын даргын ажлыг хүлээж авсан. Түүнээс хэдхэн сарын дараа анхны хариуцлагатай том сонгууль болох Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Тухайн үед МАН парламент 65 суудалтай хэт үнэмлэхүй олонхыг бүрдүүлчихсэн, бид есүүлхэнээ. Ийм байдалтай л сонгуульд оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ялах найдлага туйлын бага байсан. Гэхдээ бид тактик стратегиэ маш зөв боловсруулж, сурталчилгааныхаа ажлуудыг үр дүнтэй хийсэн. Хэдий хүнд байсан ч ялна гэдэг итгэл, үнэмшилтэй оролцож, итгэл төгс ялалт байгуулж чадсан. Энэ бол гишүүн төвтэй намын хамгийн анхны ялалт байсан. Үндсэндээ төрийн бүх шатны байгууллага нөгөө талд ажиллаж байсан шүү дээ. Харин бид АН-ын гишүүдийнхээ үүрэг хариуцлага дээр тулгуурлаж байж энэ ялалтыг байгуулсан. Тиймээс энэ үзэл баримтлал үнэт зүйлээ буруутгаж болохгүй. Үр дүн нь гарсан юм аа. Үүний дараагаар АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын концесс болоод янз бүрийн хууль бус үйл ажиллагааг нь буруутгаж, тэдгээрийг баримтжуулан улс төрийн идэвхтэй эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсны үр дүнд огцруулж чадсан. Үнэмлэхүй олонх бүрдүүлж байсан 65 гишүүнтэй Засгийн газрыг огцруулж чадсан. Сөрөг хүчнийхээ хувьд маш амжилттай ажилласан.

-2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ч мөн хөндөгдөж байсан. Тухайн үеэс АН-ын дотоодод зөрчил гарч эхэлсэн байх аа.

-Тухайн үед ЖДҮ-ийн сан, гишүүдийн хууль бус үйлдлүүд, хөрөнгө мөнгө, хүн амины хэрэгтэй холбоотой гээд маш олон асуудал яригдсан. Энэ үед сөрөг хүчний зүгээс маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Улс төрийн зөвлөл хуралдаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг ч гаргасан байсан. Харамсалтай нь гадны хүчин зүйл, эрх баригч намаас үл хамаараад зөвхөн АН-ын дотоодоос гарч ирсэн урвагчдаас болж У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдсэн. Гурван урвагч эсрэг санал өгч, АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн эсрэг зогссон. Энэ нь улс төрийн хариуцлагагүй, увайгүй үйлдлээс гадна Монголын түүхэнд тэмдэглэгдэж үлдэх маш том урвалт байсан. Тэр үед бид маш том боломжийг алдсан. Тэр цаг мөчөөс эхлээд У.Хүрэлсүхийн Засгийн газар, тодорхой улстөрчид, бүлэглэлүүдийн зүгээс намайг харлуулах, гүтгэх, муулах кампант ажил тасралтгүй гурван жил явсан. Намайг төрөл бүрийн шугамаар, сэдвээр харлуулж гүтгэсэн. Маш олон тэрбум төгрөг зарсан байх аа. Ингээд л 2020 оны сонгууль дөхөж ирсэн дээ. Товчхондоо, 2016-2020 оны хооронд АН маш сайн ажилласан.

-Сонгууль үнэн шударга болж чадсан уу. Та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Шулуухан хэлэхэд, 2020 оны сонгууль цэвэр улс төрийн намуудын өрсөлдөөн байгаагүй. Төрийн оролцоотой маш том луйврын сонгууль болсон. Бүртгэлийн байгууллагаас эхлээд маш их төрийн байгууллагын оролцоотой луйвар болсон гэж хэлнэ.

-Үнэхээр л хууль бус явагдсан юм бол та бүхэн баталж, нотолж үнэн мөнийг дэлгэх хэрэгтэй юм биш үү?

-Өнгөрч байгаа цаг хугацаа бүр үүнийг нотолж байна. Төрийн дээр ямар хүмүүс гарчихав, тэдний явуулж буй үйл ажиллагаа олон түмний хүсэл сонирхолд нийцэж байна уу, үгүй юү гэдгийг харах хэрэгтэй. Энэ бүхэн луйврын сонгууль болж өнгөрчээ гэдгийг маш тод томруун харуулж байгаа. Ер нь тэгээд түүхийг үнэн зөв шүүдэг зүйл нь цаг хугацаа шүү дээ.

-Таны хэлж байгаачлан луйврын сонгууль болоогүй бол АН өнөөдөр парламентад хэдэн суудал авах байв?

-Аль нэг нам тасархай ялах тухай бодож байгаагүй. АН-ын талд арай илүү давуу гарч, гэхдээ дангаараа засаглах боломж бага байх болов уу гэж тооцож байсан. Эвслийн буюу хамтарсан Засгийн газар байгуулах хувилбар луу явах байх л гэж харж байсан.

-Ардчилсан нам УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ сонгохдоо алдаа гаргасан, үүнд нь тодорхой албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд нөлөөлсөн гэх зүйлийг улс төрийн хүрээнийхэн хэлдэг. Та намын даргын хувьд нэр дэвшигчдээ хараат бусаар сонгож чадсан уу?

-Анхан, дунд шатны намын байгууллагын саналыг голлож анхаарсан. 21 аймаг, есөн дүүргийн дунд шатны намуудаас ирүүлсэн санал, Сонгон шалгаруулах хорооны хуралдааны дүн, мэдээж зарим нэг хүн дээр хувь нэр дэвшигчийн рейтинг, оролцоо зэргийг харгалзсан зүйлүүд бий. Сонгуулийн дүнд мэдээж нэр дэвшилт нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ сонгуулийн үйл ажиллагаа өөрөө маш булхиатай, хууль бус байсан нь үр дүнд шууд нөлөөлсөн.

-Ардчилсан нам хоёр удаагийн том ялагдал хүлээлээ. Энэ ч утгаараа Ардчилсан намын өмнө маш том хариуцлага ирж байгаа. Цаашид хаа хаанаа үүрэг хариуцлагаа ухамсарлаад эвтэй, чадалтай байж чадах болов уу?

-АН хэзээ ч ялж, дангаараа засаглаж үзээгүй, хоёр удаа л Эвслийн Засгийн газрыг тэргүүлж ажилласан. 1996, 2008 онд олуулаа болж Эвслийн Засгийн газар байгуулсан юм. Энэ цаг үеүдэд АН алдаатай, оноотой ч улс орны хөгжлийг урагш чирсэн. Ингэж үр дүнтэй ажиллаж чадсанаараа АН өнөөгийн эрх баригчдаас илт ялгардаг. 30 жилийн алдаа оноог үйлдвэрлэсэн хүмүүс нь өнөөгийн эрх баригчид хэрнээ тэд дандаа уснаас хуурай гардаг. Харин нэг ч удаа дангаараа засаглаж үзээгүй АН-д бурууг авчирч тохдог. Тиймээс АН дандаа муухай болж харагддаг. Бидний гол алдаа бол хийсэн бүтээсэн, хэрэгжүүлж чадсан зүйлийнхээ талаар ярьж, иргэдэд сурталчилж чаддаггүй байдал. Эрх баригчдын гүтгэлгийн сөрөг пиарыг үгүйсгэж, баталж чаддаггүй, дөрлүүлчихсэн юм шиг байдаг. Цаашдаа энэ тал дээр бодох ёстой юм билээ.

Одоо АН хамгийн гол нь тоглоомын дүрмээ л баримтлах ёстой. Хүчин мөрдөгдөж байгаа Үндсэн дүрмээ дага л даа, юу нь болохгүй байгаа юм. Саяны сонгуулийн ялагдлыг Үндсэн дүрмээс болсон гэж үзэж байгаа бол би үгүй гэж хэлнэ. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг, тархай бутархай, үзэл баримтлал онолын хувьд тодорхойгүй байсан нам Үндсэн дүрмээ өөрчилж зүг чигтэй болсон. Тархай бутархай намыг нэг үзэл санаатай болгоно гэдэг маш хүнд ажил. Энэ ажлыг би намын дарга байхдаа амжилттай хийж чадсан. Ардчилсан нам үзэл баримтлалынхаа тулгын чулууг тавьж, тугаа босгож чадсан. Энэ нь маш том ололт байсан. Одоо үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. АН энэ сонгуульд хэр бэлэн байна вэ?

-Үндсэн дүрмээ хэрэгжүүлэхгүй, дүрмийн бус үйл ажиллагаа явуулж, тархай бутархай байдалтай байгаа учраас ялалт байгуулна гэдэг хэцүү. Үндсэн дүрмийнхээ дагуу хийх ёстой ажлуудаа маш хурдтай хийх ёстой. Дээр хэлсэнчлэн Үндсэн дүрмийн хорооны долдугаар сарын 3-нд гарсан тогтоол шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Энэ ч утгаараа би АН-ын хувь заяанд санаа зовж байна. Харсаар байж эвдүүлээд, нураалгуулаад унагачихгүй юмсан гэсэн сэтгэл зүрх надад байна.

-Дүрмийн бус ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ?

-Манай намын дүрмэнд намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал байхгүй. Өнөөдрийн тухайд АН-д эрх нь хадгалагдаж байгаа хоёрхон л байгууллага бий, бусад нь эрх зүйн чадамжгүй. Тийм байтал хэдэн нөхдүүд намын дээр сандайлж суучихаад дүрмийн бус бодлого шийдвэр гаргаад байна. Энэ нь АН-ын ирээдүйд маш хортой. Одоо тэр хүмүүс аливаа зүйл хэрээс хэтрээгүй байгаа дээр дүрмийн бус үйл ажиллагаагаа зогсоогооч. Үндсэн дүрмийн хүрээнд хүчинтэй байгаа Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороодын дарга ажлаа хийгээч ээ. Яагаад эрх үүргээ биелүүлэхгүй, бусдад төрөөр бол төрийн эргэлт хийх боломж олгоод байгаа юм бэ. Энэ бүхнийг таслан зогсоогооч. Намын Их хурлыг Дотоод сонгуулийн хороо зарлан хуралдуулаач. Миний бие намын даргын тамга, тэмдгийг Ц.Туваан гэж нөхөрт өгөхөөс өмнө намын даргын сунгаа, Их хурлыг хуралдуулах товыг зарласан байсан ч хойшлуулсан. Ц.Туваан гэж нөхөр намын дэд дарга байсан, Үндсэн дүрмийн хүрээнд тэрээр хариуцлага хүлээх учиртай. Тийм байтал үүрэг гүйцэтгэгч гэж өөрийгөө өргөмжлөөд дур мэдэн шийдвэр гаргаад яваад байдаг. Энэ бүхэн бүгд дүрмийн бус. Хэрэв бүрэн эрх нь дуусгавар болсон Үндэсний бодлогын хороо, зохион байгуулж хуралдуулах эрх үүрэг хүлээгээгүй этгээдүүд намын Их хурлыг хуралдуулж, Үндсэн дүрэмд дур мэдэн гар хүрэх юм бол энэ нь намыг маш том хагарал руу аваачна.

-Сонгууль өрнөж байх үед Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хэд хэдэн хүнийг барьж хорьсон. Энэ үйл явдалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн явцад Ардчилсан намын нэр дэвшигчдээс барьж хорьсон асуудал бол хуулийн маш ноцтой алдаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ч тэр нэр дэвшигчдийн аюулгүй байдлын баталгааг хангах заалттай. Ийнхүү барьж хорьсон нь хууль шүүхийн байгууллага хууль дээдлэх зарчмаар ажиллаж чадахгүй байгааг л харуулж байгаа тодорхой жишээ. Надад баримтууд болоод хэлэх зүйл бий. Цаг нь болохоор энэ асуудлуудыг би гаргаж тавина. Хууль шүүхийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад янз бүрийн зүйл яриад байх нь зохистой биш гэж бодож дуугүй байгаа. Түүнээс айж эмээсэндээ дуугүй байгаа хэрэг огт биш. Хүний эрх талаасаа маш олон бүдүүлэг алдаа гарсан. Үүнийг хэн ч хэлнэ. Түүх энэ бүхнийг гаргаж ирнэ. Өнөөдөр хэн нэгний захиалга, дарамтаар, “хонгилын” хуульч болоод өгсөн чиглэлийн дагуу хууль дээдлэх зарчмаа умартаж ажилласан хүмүүс хэзээ нэг өдөр хариуцлагаа хүлээж л таарна. Их хурал, Засгийн газрын тогтоол, хамтын шийдвэрийг хэрэгжүүлсэн гэж хэн нэгнийг буруутгаж байгаа нь тун эмзэг асуудал. Цаашдаа хэн төрд итгэж зүтгэх юм бэ. Энэ үйлдэл маш буруу жишгийг тогтоож байна.

-Та намынхаа тэдгээр нөхөдтэй уулзсан уу?

-Сонгуулийн өмнө болоод дараа тэдгээр хүмүүстэй нөхрийн болоод намын даргын хувиар уулзсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Баясгалан: АНУ бага орлоготой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилгүй иргэддээ тэтгэмж олгож байна

МУИС-ийн багш, олон улсын харилцаа судлаач С.Баясгалантай ярилцлаа.


-Коронавирусийн тархалтын үед дэлхийн улс орнууд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэдгээс ярилцлагаа эхэлье. Манайх шиг хатуу хөл хорио тогтоосон улс хэр их байна вэ?

-Коронавирусийн тархалт улс орнуудын ард иргэдийнх нь соёл, амьдралын хэв маяг, эдийн засгийн чадамж болон хөгжлөөс шалтгаалж янз бүр байна. Үүнтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ нь ч олон янз байна. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадамжтай, иргэд нь халдвар хамгааллын дэглэм сахиж буй орнууд хатуу хөл хорио тогтоохгүй байхыг хичээж байна.

Ер нь цар тахал эрчимтэй тархаж эхэлсэн 4-6 сард олон хүний амь нас эрсэдсэн учраас өндөр хөгжилтэй байсан ч хатуу хөл хорио тогтоож байсан тохиолдлууд байна. Тухайлбал, Хятад гэхэд л дэлхийн түүхэнд хамгийн олон хүнийг хөл хорионд оруулсан гэдгээрээ тэмдэглэгдэн үлдэж байх шиг байна. Испани, Франц, Герман, Их Британи зэрэг орнууд эхэн үедээ хэсэг хугацаанд хатуу хөл хорио тогтооход хүрсэн. Мөн ОХУ ч ялгаагүй хэсэг хугацаанд хатуу хөл хорио тогтоосон. Харин Япон, БНСУ хатуу хөл хорио тогтоохыг яараагүй, өвчин бүртгэгдсэн тухайн голомтод л хатуу хөл хорио тогтоосон. Өөрөөр хэлбэл, эдгээр орнууд хатуу хөл хорио тогтоохдоо биш эрсдэлээ тооцсоны үндсэн дээр ийм арга хэмжээ авч байна.

Улс орнууд нөхцөл байдалтай уялдуулан шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна. Бүрэн хөл хорио тогтоож гэрээсээ ажлаа хийх, сургуулиудыг цахим сургалтад хамруулах, хэсэгчилсэн хөл хорио тогтоох, хүн хоорондын зай бариулах, эсвэл бүр хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах буюу олон нийтийн газар орж болох ч хорио цээрийн дэглэмийг сайн баримтлах гэх мэт олон арга хэмжээ авч байна. Ийм арга хэмжээнүүдийг дэлхий даяараа л хэрэгжүүлж байна. Хатуу хөл хорио тогтоогоогүй, үлгэрлэж байсан Швед улс хүртэл цар тахлын тархалтаас болж хөл хорио тогтоохоос өөр аргагүй болсон шүү дээ.

Монголчуудын хувьд хэдийгээр дэглэм сахиж байгаа ч хөгжлийн хувьд, өөрөөр хэлбэл өөрсдөө вакцин гаргаж чадахгүй, эрүүл мэндийн техник, багажийн хувьд дутмаг, өргөн цар хүрээг хамарвал эдийн засгийн хувьд асар хүнд цохилтонд орох учраас Монгол Улсын нөхцөл байдалд үнэлэлт өгсний үндсэн дээр хатуу хөл хорио тогтоож байгаа болов уу. Энэ арга хэмжээг төр засгаас хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ ДЭМБ ч зөвлөж байна. Ер нь Европт тархаж эхлэхэд л ДЭМБ тахал гарсан улс орнууд хөл хорио тогтоохыг хүссэн. Ийм агуулгатай мэдэгдлийг ДЭМБ-ын удирдалага ч гаргаж байсан. Гэхдээ НҮБ-ын энэхүү төрөлжсөн байгууллага зөвлөмж гаргадаг учраас улс орнууд тус тусын онцлог нөхцөл байдлаас хамааран янз бүрийн хэмжээнд хөл хорио тогтоож байна. Манай улсын хувьд төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэр зөв зүйтэй зохион байгуулж байна гэдэг өөр асуудал л даа. Зарим улс орнуудад иргэд, ААН, байгууллагууддаа төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийсэн ч хүндээр тусахгүй байна.

-Дэлхий нийтээр эдийн засгийн уналтад байгаа энэ үед бусад орнууд эдийн засгаа сэргээх чиглэлд ямар арга хэмжээ авч байна. Аж ахуйн нэгжээ хэрхэн дэмжиж байна вэ?

-Баян орнуудаар жишээ татаж яривал үйлдвэр, компани, ААН-ийн үйл ажиллагааг доголдуулахгүй байлгах зорилгоор хүүгүй зээл, нэмэлт санхүүжилт олгож, өмнө хэлсэнчлэн том компаниудаа тэтгэж байна. Үүнд, татвар хөнгөлөх буюу 0 болгох, эсвэл татвар авсан ч 80 хувийг эргүүлэн өгөх, эргэлтийн хөрөнгө болгож зээл олгох, ажилчдын цалингаас татвар авахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна.

Иргэдээ хамгийн их дэмжсэн улс нь Япон байна. Япон ДНБ-ын 23 хувийг зарцуулсан байдаг. Харин АНУ 14 хувь, Австрали 8,4 хувь, Канад 5 хувь, Англи 1,5 орчим хувийг тус тус зарцуулаад байна. АНУ, Япон, БНСУ, Герман зэрэг улсууд үйлдвэрүүдийг дампуурахаас хамгаалж, улмаар ажилгүйдэл ихсэхээс болгоомжилж, гол экспортын бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдээ тэтгэж байна. ОУВС-ын судалгаагаар шүү дээ.

Хэрвээ цөөн тооны ажилчидтай жижиг дунд үйлдвэр, ААН-үүд ажилчдын цалин, зээлийг төлж байгаа бол зээлийн хүүгээс чөлөөлж байна. АНУ-ын хувьд Холбооны нөөцөөс компаниудыг дэмжиж 4,5 их наядыг зарцуулжээ. Татварын 50 хувийн буцаан олголтыг хийж, ажилчид ч гэсэн татварын хөнгөлөлтөд хамрагдаж байна.

Азийн орнууд ч ялгаагүй ААН-ээ дампууруулахгүй байхад гол анхаарал чиглүүлж байна. Япон зэрэг орнуудад тодорхой хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр хүүгүй зээл өгч байна. Мөн зарим зээлийн төлөлтийг түр зуур зогсоосон. Үүнээс гадна компаниуд ажилчдаа цомхотгохгүй бол санхүүжилт өгч байна. Япон улсын хувьд компаниуд дампуурах, эсвэл ажилгүйдэл ихсэх нь хамгийн аюулд тооцогдож байна. Тиймээс энэ чиглэлд ойролцоогоор 200 орчим их наяд иен төсөвлөжээ. Өмнөд Солонгос компаниудаа дэмжихийн тулд хөрөнгийн биржээр хувьцааг нь авах арга хүртэл олсон байна.

-Улс орнууд иргэддээ зориулсан ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?

-Цар тахал улс орнуудыг баян ядуугаар нь ялгаж байна. Баян орнууд их хэмжээний санхүүжилт төсөвлөх замаар иргэдээ дэмжиж байгаа бол харин ядуу орнууд өөрсдийгөө урьдчилан сэргийлэх замаар хамгаалах, Олон улсын байгууллага болон бусад сайн дурын байгууллагуудаас тусламж, хандив авах замаар асуудлыг шийдэх шаардлагатай болж байна.

Ер нь боломж, нөөц бололцоотой орнууд иргэдээ олон арга замаар дэмжиж байна. Тухайлбал, хүүхэд, иргэн бүрт тэтгэмж олгох, цалинтай чөлөө олгох, ажлын байрны цомхотгол хийхгүй байх, татварыг хөнгөлөх, татварын буцаан олголтыг 80 хүртэл хувиар хийх, зээлийн хүүгээс чөлөөлөх зэрэг олон аргууд хэрэглэж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь Европын орнууд болон Япон, Солонгост нийтлэг байна.

Манайд ч гэсэн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тэтгэмж, санхүүгийн дэмжлэг өгөх боломжгүй юм гэхэд зээл, татвар гэх мэт асуудалд янз бүрийн уян хатан арга хэмжээ авах боломжтой гэж бодож байна.

-Европ болон Азийн зарим улс орнууд энэ хүнд нөхцөлд иргэдээ дэмжих зорилгоор тэтгэмж, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг авч байна гэлээ. Үүнийг тодруулахгүй юу. Ямар орнууд аль давхаргын иргэдэд хичнээн төгрөгийн тэтгэмж, халамж өгч байна, нөхцөл нь юу вэ?

-Зарим эдийн засгийн чадамжтай улс орнууд боломж бололцооноосоо хамаарч түгээмэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь мөн л тухайн үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан тэтгэмж олгож байна. Тухайлбал, АНУ 1200 хүртэлх ам.долллар, Канад 2000 канад доллар, Коста Рика 200 ам.доллар, Хонконг 10,000 хонконг доллар, Япон 100,000 хүртэлх иен, Сингапур 600 сингапур доллар гэх мэт.

Төр засгаас нь мөнгөн тэтгэмж өгч байгаа нь халамж биш болов уу гэж бодож байна. Энэ нь тэтгэмж хэлбэрээр олгож байх шиг байна. Өөрөөр хэлбэл, иргэдээрээ дамжуулан мөнгөний эргэлтийг саатуулалгүй явуулснаар эдийн засгаа унагахгүй байлгах нэг арга байна. Өндөр хөгжилтэй, баян орнуудаар жишээ татъя. Тухайлбал, АНУ 2,3 их наяд ам.долларыг төсөвлөсөн байна. Ингэхдээ иргэн бүрт 1200 хүртэлх, хүүхдэд 500 ам.доллар гэжээ. Гэхдээ энэ бүгдэд нь биш бага орлоготой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилгүйчүүдийн тэтгэмжинд зориулсан байна. Германы хувьд тодорхой хугацаанд НӨАТ-ыг тэглэх, гэр бүлийг тэтгэхийн тулд хүүхдэд тэтгэмж олгох, 60 доош хувь орлого нь буурсан компаниудад зээл олгох, энд ихэнхдээ үйлчилгээний салбар орж байна.

Харин ядуу орнууд Олон улсын байгууллага болон бусад хандивлагч нараас санхүүжилт авах хэрэгтэй болоод байна.

-Манай улсын эдийн засгийн чадамжтай төстэй улс орнууд улсын төсвөө аль салбарт, юунд голлож хуваарилж байна вэ?

-Улсын төсвийнхөө ихэнх хувийг цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх алхамд зарцуулж байна. Учир нь урьдчилан сэргийлэх нь эдийн засгийн хувьд хамгийн хямд өртөгтэй. Урьдчилан сэргийлэхэд төсөв нь голдуу маск, шинжилгээ, оношилгооны багаж хэрэгсэл, хяналтын байр гэх мэтэд л зарцуулж байна. Энэ арга хэмжээ мөн л ДЭМБ-ын шугамаар улс бүрд хэрэгжиж байгаа.

Энэ тохиолдолд иргэдийн ухамсар, төрийн зөв менежмэнт хамгийн чухал гэдгийг бүгд л мэднэ.

-Цар тахлыг даван туулахад дэлхий нийтийн чиг хандлага хаашаа явж байна?

-Цар тахлыг даван туулахад улс орнууд эдийн засгаа сөхрүүлэхгүй байхад гол анхаарлаа хандуулж байгаагийн зэрэгцээ вакцинд их ач холбогдол өгч байна. Түүнчлэн хувийн эрүүл мэндийн дэглэм, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмд гол анхаарлаа хандуулж байна. Энэ нь цаашдаа хүн төрөлхтний амьдралын хэв маяг болох хандлагатай боллоо гэж бодож байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан нохой өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 9. Буд гариг. Билгийн тооллын 24, улаан нохой өдөр. Өдрийн наран 08:30 цагт мандан 16:59 цагт жаргана. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабарын “Оросууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт БЕГ-ын дэд дарга асан, хошууч генерал О.Үржин “Гамшиг, тахлын үед үүрэг
хариуцлага л яригдана. Тэрнээс
хүний эрх яригдахгүй”
хэмээснийг I-XIнүүрнээс уншаарай.

Монголын эрүүл мэндийн
ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга,
удирдахуйн ухааны доктор
( P h.D) Б.Мягмар “Ирэх жилүүдэд 400 мянган
ажлын байрыг мүэх хамгаалах
хэрэгтэй болно” гэлээ.

Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд
асан Ц.Оюунгэрэл “Цаг үеэ зөв мэдрээгүй
төсөв ард түмнээ эргээд дааж давшгүй
өрөнд оруулна”
хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Оросууд” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Баримт үйл явдлын VII нүүрт Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч д.Батсүх “Шүүх хавтаст хэрэгт нотлогдоогүй баримтаар Ж.Эрдэнэбатыг буруутгасангэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай. Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу. “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК хөл хориог 3 хоног сунгах санал гаргалаа

Төрийн ордонд Улсын онцгой комисс хуралдаж байна. Уг хуралдаанаар коронавируст цар тахал дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан голомтлон тархаж буй газруудад хатуу хөл хориог хэсэгчлэн энэ сарын 11 хүртэл сунгаад байгаа билээ. Тодруулбал Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэвээр байгаа бол бусад аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа юм. Тэгвэл Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дахин гурван хоног буюу 12 сарын 11-14 хүртэл сунгаж 12-р сарын 14-нд нээхээр санал гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орлоо

Нийслэлчүүдийг шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр өнөөдөр Налайх дүүрэгт ашиглалтад орлоо. Зүүн бүсийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцов.

Үндсэн үйлдвэрүүд нь нэг цагт 180 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд дотоодын 57 аж ахуй нэгжийн 2,000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт найман шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх юм. Тус үйлдвэрт БНСУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлжээ. Зүүн бүсийн үндсэн үйлдвэрүүд нь нэг цагт 180 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Тус үйлдвэрийн нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдвэрлэхэд Тавантолгой түлш ХХК-ийн нийт ажилтан, албан хаагчдын хүч, оролцоо өндөр байсныг онцлов. Мөн Засгийн газрын оновчтой бодлого, зөв шийдвэрийн дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийг байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангасан нь сайшаалтай юм. “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн 220,000 өрхийг сайжруулсан шахмал түлшээр тасралтгүй хангах боломж бүрдсэнд талархаж байна гэлээ.

Баян зөрлөгөөс салбарласан ачилт, буулгалт хийх сэлгээний гурван эгнээ 4.2 км төмөр замыг суурилуулсан

Шинээр ашиглалтад орсон зүүн бүсийн үйлдвэрийн хүчин чадлын талаар Таван толгой түлш ХХК- гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлчүүдийн түлшний хангамжийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн бүтээн байгуулалтын хүрээнд 15 гаруй барилга, байгууламж уг үйлдвэрийг түшиглэн баригдсан байна.

Түүнчлэн төв замтай холбосон дайрган зам тавьж ашиглалтад орууллаа. Мөн түүхий эдийн татан авалт, бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх төлөвлөлтийн хүрээнд Баян зөрлөгөөс салбарласан ачилт, буулгалт хийх сэлгээний гурван эгнээ 4.2 км төмөр замыг суурилуулсан” гэв.

“Таван толгой түлш” компани ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор тэжээлийн хэсгийг газар доор байгуулж, туузан дамжуулгыг битүүмжлэн, үйлдвэрийн орчин дахь тоосжилтыг бүрэн бууруулахаар тооцоолсон байна.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-д 33 хүүхэд мэндэлжээ

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээллээр Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1676 дуудлага ирснээс 568 нь яаралтай тусламж, 1022 нь зөвлөгөө, мэдээлэл авчээ. Мөн

ЭХЭМҮТ-д 33 хүүхэд мэндэлж, яаралтай 48 мэс засал хийсэн байна. ГССҮТ-д 157 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. ЭМЯ-наас коронавирусийн халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явахгүй халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.