Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Зургаан аймаг, Улаанбаатар хотод Засгийн газрын нөөц хөрөнгөөс 3 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Цар тахалтай холбоотойгоор төлөвлөөгүй зардал ихээхэн гарсан тул ийнхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

Засгийн газраас 23 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Цар тахлын үед гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 220 гаруй мянган өрхөд сайжруулсан түлшийг 50 хувиар хөнгөлөлттэй үнээр худалдаална. Уг хөнгөлөлт маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Нэг тонныг 75,000 төгрөгөөр худалдана.

Коронавирусийн халдвар дотоодод тархсанд хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд халдвар тархаж болзошгүй найман цэгт хяналтын баг очиж ажиллана. Нэгдүгээрт ХӨСҮТ-д ажиллана. Хоёрдугаарт тусгаарлах байранд хяналт тавина”

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Сайжруулсан шахмал түлшийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл 50 хувь хямдралтай үнээр худалдана

Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна.

Үүнд:

Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.

2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.

Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.

“Ковид-19” цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.

Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж: Засгийн газар

Categories
мэдээ цаг-үе

МУИС PCR шинжилгээний төхөөрөмжөө ХӨСҮТ-д хэрэглүүлэхээр болов

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон Монгол улсын их сургуулийн захирал Б.Очирхуяг нар Монгол Улсын Их сургууль (MУИС)-ийн санаачилгаар 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Короновируст цар тахал дотооддоо тархсантай холбогдуулан оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотой МУИС нь өөрсдийн судалгаа шинжилгээний зорилгоор хэрэглэдэг ПГУ (PikoTeal Real Time-PCR) аппаратыг цар тахал намжтал ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид хэрэглүүлэхээр хүлээлгэн өглөө.

Энэхүү PCR нь нэг удаад 96 сорьцод шинжилгээ хийх боломжтой, хоногт 4 удаагийн шинжилгээг хийдэг өндөр хүчин чадалтай аппарат юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 812 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 12,015 хүнд коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийсэн. Үүнд халдвартай иргэний хавьтал болох 259 хүний шинжилгээ ч мөн багтсан. Ингэхэд 11 хүний шижилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол.Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 812 боллоо. Үүнээс 358 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт 445 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчин өнгөрсөн оныхоос 4 хувиар буурчээ

Нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 30-ны байдлаар, амбулаторийн 42.595 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 1287 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 3.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 4.0 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 43.1 хувийг 1 хүртэлх нас, 21.0 хувийг 2-4 нас, 8.9 хувийг 5-9 нас, 3.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 597 дуудлага ирснээс 40.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Мөн 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 орон дээр 355 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Шинээр хэвтсэн өвчтөний 43 буюу 20.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөн байгаагаас 86.0 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 14 буюу 19.7 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөн эзэлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга аймаг, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай цахим уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал болон коронавируст цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Уг цахим уулзалтад орон нутгийн удирдлагуудаас гадна Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар оролцов.

Засгийн газар болон Улсын онцгой комиссоос Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу орон нутгийн удирдлагууд иргэдээ татан авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх түр журмуудыг батлан хэрэгжүүлж эхэлжээ.

Ихэнх аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн байна. Одоогийн байдлаар аймгуудад дунджаар 6-12 см цасан бүрхүүл тогтсон бөгөөд өвс, тэжээлийн нөөц, санхүүжилтийн асуудалд УИХ, Засгийн газрын зүгээс анхаарч, улсын нөөцөд байгаа өнжмөл өвс, тэжээлийг худалдаанд гаргах, отор нүүдэл хийж байгаа малчдыг дэмжих шаардлагатай. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж байгааг цахим уулзалтын үеэр хэлж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар дэг журмыг чандлан баримталж, өвөлжилтийг өнтэй давахад отор нүүдэл хийж байгаа малчдадаа аль аль талдаа анхаарал тавьж, хамтран ажиллахыг уриалав.

Мөн энэ удаагийн цахим уулзалтаар Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар ярилцаж, ИТХ-ын дарга нарын саналыг сонссон юм. Улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх энэ хуулийн төслийг орон нутгийн удирдлагуудаар дахин хэлэлцүүлж, саналыг нь тусгаж ажиллана. Түүнчлэн аливаа хуулийн төслийг хэлэлцэхдээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан ард иргэдийн саналыг авч, хуульд тусгадаг болох шинэ жишгийг нэвтрүүлж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийн эмнэлэг ГССҮТ-тэй хамтарч түнхний үе хагас солих мэс заслыг амжилттай хийлээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн мэс заслын тасаг ГССҮТ-тэй хамтран түнхний үе хагас солих мэс заслыг амжилттай хийжээ.

Гэмтлийн бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хийдэг байсан нь тус эмнэлэгт хэт ачаалал үүсгэсэн тул анхан, дунд шатны тусламж үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийдэг болох шийдвэр гаргасан.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарь ёсоор өглөө 08.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Covid-

19-ийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаарх мэдээллийг сонсоно.

Өчигдөр 11:00 цагийн байдлаар манай улсад Covid-19-ийн батлагдсан тохиолдол 801, дотоодын халдварын тоо 358 болсон. Нийт 358 тохиолдлын 84 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. ХӨСҮТ-д нийт 434 хүн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд дөрвөн хүн, хүнд зургаа, хүндэвтэр 82, хөнгөн 342 хүн байна.

Засгийн газар өнгөрсөн Ням гариг (2020.11.29)-т ээлжит бусаар хуралдаж, Улаанбаатар болон халдварын голомт нутаг болоод байгаа Сэлэнгэ, Архангай аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020.12.11-ний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг мөрдөхийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.

Халдвар бүртгэгдээгүй бусад аймгуудын хөл хорионы зэргийг 2020.12.01-ний 06:00 цагаас эхлэн бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлсэн билээ.

Засгийн газрын өнөөдөр (2020.12.02)-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сумъяабазар: Согтууруулах ундаа худалдахтай холбоотой шийдвэр гарахгүй

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр 22:30 минутад холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө.

Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо.

Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байгаа. Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр мөн шар айраг, дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах талаар Засгийн газрын зарим гишүүний түвшинд хөндөгдсөн. Гэтэл иргэдийн дунд энэ талаар шийдвэр гарсан гэх ойлголт үүсээд байсан юм.

Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгс “Хөл хорионы хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буурсан. Үүнд гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 402 бүртгэгдэн 71 хувиар буурсан. Мөн хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 1313 бүртгэгдэн 49 хувиар, зөрчлийн шинжтэй дуудлга 8705 буюу 55 хувиар буурсан, архидан согтуурсан шинжтэй дуудлага 2307 бүртгэгдэн 71 хувиар буурсан. Арванэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл эрүүлжүүлсэн хүн 1476 байгаа нь 69 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхайн штабын хуралдааны үеэр өглөө. Энэ нь улсын хэмжээний статистик тоон мэдээлэл аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Аливаа ажлыг нэг өнцнөөс харах нь зохисгүй гэдгийг энэхүү тоон мэдээллээс харагдаж байна. Согтууруулах ундааны асуудал гэмт хэрэг зөрчилтэй холбоотой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн яаж холбогддог нь И.Баттөгс хурандаагийн танилцуулсан тоон статистик мэдээнээс харж байна. Бүх гэмт хэргийн дундажлаад харахад 53 хувиар буурсан. Архинаас хамааралтай болон согтууруулах ундаанаас хамааралтай гэмт хэрэг согтууруулах ундаа хэт их хэрэглэн бусдад зохисгүй байдал гаргасан гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Мэдээж зохистой хэрэглээг ойлгоод явж байгаа хүмүүс бий. Энэ тал дээр шийдвэр хүлээж байгаа олон иргэд бий. Аливаа асуудлыг том зургаар харж эрсдэлийг тооцох шаардлага байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байгаа. Улаанбаатар хот өндөр эрсдэлтэй гэдэг дүгнэлтийг өдөр болгон гаргаж байгаа учраас энд бид архи дарстай холбоотой шийдвэр гаргах нь өөрөө эрсдэл гэдгийг дээрх тоо харуулж байгаа. Хамгийн гол нь одоо бид цар тахлын хөл хорионы дэглэмд байгаа гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна. Иргэд тодорхой хэмжээнд согтуурахад анхаарлаа сулруулдаг, сарниулдаг. Үүнээс улбаалан халдвар хамгааллын дэглэм буурч, хяналт тодорхой хэмжээгээр сулардаг. Дэглэмээ ягштал сахих эсэх, согтуурсан үедээ хаагуур явж байгаа замын зураглал тодорхойгүй болдог гээд сөрөг үр дагаврууд их байгааг иргэд зөв ойлгоосой гэж хүсэж байна. Бидний хамгийн том ажил бол халдварыг хумих бодлогод их ач холбогдол өгч байгаа. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан шийдвэрт бид хүндэтгэлтэй хандаж, эрдэмтэн судлаачид, галын шугам дээр ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийнхээ шийдвэрийг бид хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ хэлэх нь зүйтэй. Мэдээж энэ үед хүмүүс гэртээ согтууруулах ундаа ганцаараа уухгүй нь ойлгомжтой. Найз нөхдөөрөө суух уух, цуглах тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Үүнийг дагаад иргэд эрсдэлд орно гэдгийг ухамсарлаад 10 хоногийн хугацаанд тэсвэр тэвчээр гаргаад өгөөсэй гэдгийг хичээнгүйлэн хүсэж байна.

Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Баяраа: Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болчихлоо

Хуульч Б.Баяраатай Үндсэн хуулийн Цэц тойрсон асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед хуульчид Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр, үйл ажиллагааны талаар нэлээд шүүмжлэлтэй ханддаг болчихлоо, яг ямар шалтгаанаар цэц тойрсон шүүмжлэл өрнөх болов гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд заасан шаардлага хангахгүй иргэдийг 2018 онд Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, өнөө хүмүүсийг нь УИХ томилсон нь хуульчид судлаачдын дунд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан л даа. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн бол хуульч хүний хувьд мэргэжлийн дээд карьер. Тэр утгаараа хуульч мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, энэ салбарт хүлээн зөвшөөрөгдөөгүй, танигдаагүй иргэд Цэцийн гишүүнээр томилогдсоныг хуульчид эсэргүүцсэн хэрэг. Манайд Үндсэн хуулийн Цэц нэртэй ч олон улсын тогтсон ойлголт нь Үндсэн хуулийн шүүх шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр “хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй иргэнийг томилно” гэсэн боловч Үндсэн хуулийн шүүх битгий хэл ердийн шүүхийн шүүгчийн шаардлага хангахгүй, хуульч мэргэжлээрээ тогтвортой ажиллаагүй, хуулийн салбар тэр дотроо Үндсэн хуулийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдөх легитим шинжгүй буюу хууль зүйн өндөр мэргэшилгүй иргэдийг Цэцийн гишүүнээр томилсон. Цэцийн гишүүнээр томилогдох үеийн УИХ дээрх ярилцлагаас харахад Үндсэн хуулийн эрх зүйн суурь мэдлэг муутай нь тодорхой харагдсан. Цэцийн гишүүнд нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангахгүй байхад өөрөө нэр дэвшиж, нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн зүгээс зөрчилтэйг нь мэдсээр байж нэрийг нь өргөн барьж хүч түрэн Цэцийн гишүүн болгочихсон. Үүнийг албан тушаалд томилогдсоны хариу болгож нэр дэвшүүлэгчийн захиас даалгаврыг биелүүлэх зорилготой гэж хардахаас аргагүй.

-үндсэн хуулийн цэцэд улс төрийн захиалга биелүүлдэг гишүүд томилогдсон гэж үү?

-Үндсэн хуулийн Цэц хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдахаас гадна Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, чандлан сахиулах баталгаа болдог. Энэ утгаараа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч болон төрийн өндөр албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянадаг шүүхийн байгууллага. Өөрөөр хэлбэл, өөрийг нь нэр дэвшүүлдэг, томилдог байгууллагыг ч эргээд хянах үүрэгтэй. Гэтэл хуульд заасан шаардлага хангахгүй, мэргэшсэн бус этгээд томилогдсон нь нэр дэвшүүлэгч даргынхаа захиас даалгаврыг биелүүлэх зорилгоор ам өчиг өгч албан тушаалд очсон гэж хардахаас аргагүй байдал үүсч байна шүү дээ.

-Хувь хүний хувьд ингэж хардаж болно л доо, гэхдээ хуульчийн хувьд яг ямар үндэслэлээр гэдгээ тайлбарлах ёстой байх…?

-Сая хэлсэн Цэцийн гишүүд томилогдсоноос хойш хэн нь хэн бэ гэдгийг харах хангалттай хугацаа өнгөрлөө. Хоёр жил зургаан сар гэдэг бол урт хугацаа. Харамсалтай нь хуульчдын хардлага бодит болоод эхэллээ л дээ. Нэр дэвшүүлсэн улстөрчийнхөө захиас даалгаврыг биелүүлж эхэлсэн баримтууд тодорхой болж байна. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх” нэмэлт оруулах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр баталсан. Маргааш нь Улсын дээд шүүхээс энэ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргасны зэрэгцээ мөн нэр бүхий есөн иргэн мэдээлэл ирүүлсэн байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгох хүсэлтийг Ерөнхийлөгчийн санаачилж нэр дэвшүүлсэн Цэцийн гишүүн дээр хуваарилаад өнөөдрийг хүртэл бүтэн 20 сар гаруй хугацаанд дунд суудлын хуралдаан зарлахгүй “хав дарж” байгааг сонирхлын зөрчилгүй гэж үзэх үү. Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ дийлэнх хугацааг маргаан гацаасан байдалтай өнгөрүүллээ. Үндсэн хуульд заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг илэрхий зөрчсөн энэ хуулийг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэхгүй байгаа нь ардаа маш их хор уршиг дагуулж байна.

-Яг ямар хор уршиг дагуулж байгаа талаар тодорхой жишээ хэлээч?

-Тухайлбал, ҮАБЗ бүх шатны шүүгчийн төлөөллийг оролцуулан 17 шүүгчийг “үзүүлэн” болгож албан тушаалаас түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт шалгаж эхэлснээр шүүх эрх мэдэл бүхэлдээ улстөрчдийн гарт хуулийн дагуу орсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, шүүгч ажил, амьдралгүй болохгүйн тулд хуульд захирагдах зарчмаасаа ухран улс төрийн захиалгаар шийдвэр гаргах эхлэлийг энэ хууль тавьсан. ҮАБЗ-ийн хууль бус шийдвэрийн улмаас Улсын дээд шүүхийн иргэний танхим бүрэлдэхүүнгүй болж бүтэн жил гаруй хугацаа алдаж хэрэг маргаан шийдвэрлэж байгаа нь муу үр дагаврын нэг жишээ. Энэ хууль эрх зүйн ухралт болсоныг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн бүх түвшинд хүлээн зөвшөөрч алдаагаа засаж залруулах тухай ярьж байхад хүртэл Үндсэн хуулийн Цэц таг гацсан хэвээр байна. УИХ-ын дарга шүүхийн багц хуулийн хүрээнд цаашид ҮАБЗ-өөс шүүхийг хянах шаардлагагүй болсон гэж чуулганы нээлтэд мэдэгдсэн. Ерөнхийлөгч ч ялгаагүй тухайн цаг үеийн шаардлагаар баталсан тул цаашид хэрэггүй гэж үзээд өөрийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр хасаж оруулсан гэсэн. Ерөнхийлөгчийн энэ байр суурьтай Засгийн газрын хуулийн төслийн байр суурь ч адил байгаа. Ер нь Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг илт алдагдуулсан муу хуулийн үр дагаварт улс төрийн хэрэгт олон иргэд хэлмэгдсэн тухай нийтээрээ ярьсаар өнөөг хүрсэн. Хэрэв УИХ Үндсэн хууль зөрчсөн хуулийнхаа сөрөг үр дагаврыг амсаж, өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрч засах хүртэл хүлээх юм бол Цэцтэй байхын шаардлага юу байна. Энэ хуулийг буцаан хүчингүй болгох хуулийг УИХ-ын 17 гишүүн өргөн барьсан байгаа.

-Цэцийн шийдвэр гарахгүй гацаж, хугацаа авах нь хэнд ашигтай гэж та харж байна вэ?

-Шуудхан хэлэхэд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалахын зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилдог, шүүгчийг түдгэлзүүлж, томилж, чөлөөлөх замаар шүүхэд нөлөөлөх онцгой давуу эрх эдэлдэг Ерөнхийлөгчид л цэцийн шийдвэр гарахгүй удах нь ашигтай байх шиг. Тодорхой үнэн гэвэл энэ л байна.

-Гэхдээ ганц үйл явдлаар шууд буруутгаж болохгүй байх аа?

-УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар манай улс түүхэндээ анх удаа Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хууль баталсан. Коммунист СССР-ийн үед Н.Хрушевийн даалгавраар Зөвлөлтийн эрх баригчид Эрүүгийн хуулийг хоёр ч удаа буцаан хэрэглэсэн хууль баталсан гашуун сургамж байдаг тухай би өмнө нь тантай ярилцаж байсан. Тухайн үед СССР улсад валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг дамын наймаа эрхэлсэн гэж буруутган найман жилийн ял өгч шоронд хоригдох хугацаанд нь Н.Хрушевийн даалгавраар онцгой тохиолдлоор гэж тодотгон Эрүүгийн хууль буцаан хэрэглэж 15 жилийн ял өгч дараа нь хэсэг хугацааны дараа хуулиа дахин чангатгаж буцаан хэрэглэх замаар цаазаар авч байсан жишээ бий. Үүнээс өөр жишээ дэлхийд олдохгүй. Харамсалтай нь Монгол Улс Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хуулийг 2020 онд баталсан нь парламентын төлөвшил, эрх зүйн судалгаа, хүний эрхийн мэдрэмж ямархуу сул байгааг харуулж байна. НҮБ-ын олон улсын хэд хэдэн гэрээгээр Эрүүгийн хуулийг дордуулан буцаан хэрэглэхийг хориглодог. Зарим улс шууд Үндсэн хуулиараа хориглохоос гадна шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийн хүрээнд “Эрүүгийн хууль буцаан хэрэглэхээс хамгаалуулах эрх” гэсэн шинжлэх ухааны ойлголт байдаг. Манай парламентын баталсан хууль удахгүй эрүүгийн эрх зүйн хамгийн муу жишээ болж сурах бичгийн судлагдахуун болох байх. Товчхондоо бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэх тухай хууль юм. Асуудал хөөн хэлэлцэх хугацаандаа ч биш, зарчмын хувьд эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхийг зөвшөөрвөл цаашид шинээр гэмт хэрэгт тооцон ял шийтгэх, ял шийтгэлийг хүндрүүлэх зэргийг зөвшөөрснөөс ялгаагүй болно.

Энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолгохоор хэсэг иргэд Цэцэд хандсан боловч дахиад нөгөө шүүмжлэлд өртдөг Цэцийн гишүүн дээр яагаад ч юм хуваарилагдаад өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй “хүлээлгийн горим”-д шилжээд байна. Батлагдсанаас хойш 10 сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэр ч бүү хэл иргэний нэг өргөдлөөр өгсөн хэд хэдэн мэдээллээс Эрүүгийн хууль буцаан хэрэглэсэн хэсгийг ялгаж үлдээгээд үлдэх хэсгийг нь Цэцийн дунд суудлын хурлаар шийдвэрлэсэн тохиолдол ч байна. Ерөнхийлөгчийн шударга ёстой тэмцэж байгаа гэх асуудлын хүрээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн төрийн албан хаагчдад энэ хуулийн дагуу нэхэн ял шийтгэж эхэлсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргахгүй байх нь хэнд ашигтай нь ойлгомжтой байгаа биз дээ.

-Хууль санаачлагчид нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг шийдвэрлэгдэхгүй байна гэж тайлбарласан удаатай. Энэ тайлбар дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд хэрэглэгддэг хуулиар олгосон боломж юм. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж тодорхой хугацаанд үгүйсгэгдэж байдагтай холбогдуулан гэмт хэргийн ангиллаас шалтгаалан харилцан адилгүйгээр хөөн хэлэлцэх хугацааг тоолдог. Хууль хяналтын байгууллагаас цаг наргүй хэдэн жилээр иргэдийг хэрэгт холбогдуулан шалгаж залхаахгүй байх үүднээс хуулиар хэрэг шалгах тодорхой хугацаа тогтоож өгснөөрөө хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн ач холбогдолтой. Тиймээс хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол хэргийг дахин сэргээн шалгаж шүүхийн эрх хэмжээнд хууль тогтоогч халдах үндэслэл байхгүй. Хууль тогтоогч өөрийнх нь баталсан хуулийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүхийг буруутгах нь утгагүй. Эндээс хууль тогтоох байгууллага тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиасаа эргэж буцаад байвал хууль дээдлэх зарчим алдагдаж, хэн хуулийг дагаж мөрдөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Манай Эрүүгийн хуульд зөвхөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өөрөөр хэлбэл, хууль үйлчлэх бэлтгэл хангадаг хуулиар суурь Эрүүгийн хуулиа үгүйсгэсэн зөрчилтэй зохицуулалт оруулсан. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар аливаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зорилго нь хууль тогтоомжийн өөрчлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа этгээдийн эрхийг хамгаалах зорилгоор батлагддаг юм.

-Үндсэн хуулийн Цэцийн ажлын ачаалал их учраас зарим асуудал ингэж дарагдчихаад байдаг юм болов уу?

-Үндсэн хуулийн Цэцийн цахим сангаас үзэхэд 2019 онд 8, 2020 онд 11 маргааныг дунд, их суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 20 хүрэхгүй маргаан шийдвэрлэсэн нь дунджаар сард нэг хүрэхгүй хурал, гишүүн бүр жилд нэг л удаа маргааныг судалж илтгэж хуралд оруулж байна гэсэн үзүүлэлт юм. Үүн дээр маргаан үүсгэхээс татгалзсан хариу өгөх, бага суудлаар хуралдах зэрэг ажлууд нэмэгдэх хэдий ч Цэц мэргэжлийн ажлын аппараттай гэж тооцохоор Цэцийн гишүүдийг ачаалалтай ажилладаг гэж дүгнэх үндэслэлгүй. Харин улс төрийн захиас даалгавраар зарим маргааныг гацааж, зарим маргааныг хурдан шийдвэрлэдэг гэвэл үнэнд ойртсон тайлбар болно.

-Үндсэн хуулийн Цэцийн зүгээс улс төрийн даалгавраар гэх шалтгаанаар хурдан шийдсэн яг ямар маргаан байна вэ, та нэг кейс сонирхуулаач?

-Үндсэн хуульд төмөр замын өргөн, нарийн царигийн талаар үг, үсэг байхгүй байхад мөнөөх л Цэцийн гишүүн УИХ-ын төмөр замыг нарийн царигаар барих тухай тогтоолыг судалж илтгээд Үндсэн хуулийн Цэцээс маш богино хугацаанд хүчингүй болгож шийдвэрлэсэн жишээ бий. Үүнээс ч чухал хүний эрхийн зөрчилтэй олон асуудал хүлээгдэж байхад өргөн, нарийн цариг шийдээд байгаа нь хэнд ч ойлгоход хэцүү хандлага. Бас нэг жишээ хэлье. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн зургаан нэр дэвшигчийг шүүхээс хууль зөрчин цагдан хорьсноор Ганц худагаас сонгуульд өрсөлдүүлж байсан. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35.2 дахь заалт буюу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорихыг хориглосон заалтыг ердийн шүүхүүд зөрчсөн тухай маргаан тухайн үед гарч байсан. Нэр дэвшигчийн сонгуульд нэр дэвшихээс санал хураах хүртэл 21 хоногийн хугацаанд цагдан хорих, албадан саатуулах, баривчлахгүй байх хуулийн баталгаа нь Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох, иргэд төлөөллийн байгууллагаар дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох үндсэн эрхийн хууль зүйн баталгаа болохын зэрэгцээ сонгуулийн үйл ажиллагаа тэгш, шударгаар явагдах зарчмын үндэс болдог. Гэтэл нэр дэвшигчдийн хуулийн хамгаалалт болж байсан заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгээд аль хэдийнэ дунд суудлын хурлаа зарлачихсан байгааг юу гэж ойлгох вэ.

-Цэцийн ийм ялгавартай хандлагыг засч залруулах гарц, гаргалгаа, шийдэл гэвэл танд санаа оноо байна уу?

-Улс төрийн захиалга даалгавар биелүүлдэг Цэц бол огт Цэцгүй байхаас ч илүү хортой. Цэцийн гишүүний шаардлага хангахгүй иргэдийг томилохын хор уршгийн талаар тухайн үедээ Үндсэн хуулийн чиглэлийн эрдэмтэн судлаачид хангалттай сануулсан атал огт тоож үзээгүйн гор нь өнөөдөр гарч байна. Муу үр дагаврыг нь өмгөөлөгч нар л шүүх дээр их мэдэрч байна даа. Үндсэн хуулийн Цэц зарим маргааныг хэзээ шийдвэрлэх нь мэдэгдэхгүй хэдэн сар жилээр дарагдуулж, зарим маргааныг өдөр хоног алдахгүй яаран шийдвэрлэж байгаа нь Цэц өөрөө Үндсэн хуулийн 1.2-д заасан “хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг зөрчиж байгаа хэлбэр л дээ. Хэрэв Цэц ажлаа хийхгүй бол цаашид татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад эрх ямба эдлээд суух нь хэр зохистой вэ гэдгийг бодож үзмээр байна.

-Цэцийн гишүүдийн ашиг сонирхлыг зохицуулсан хууль байдаг уу?

-Төрийн алба, нийтийн албаны ашиг сонирхлын тухай хуулиуд бий. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэр дэвшүүлсэн болон томилсон этгээдээс хараат бусаар ажиллах үүрэгтэй боловч зарим нэг шаардлага хангахгүй “арын хаалга”-ны гишүүд тэгж ажиллаж чадахгүй байна л даа. Хэрэв цаашид энэ маягаар үргэлжилбэл Ерөнхийлөгчөөс Цэцэд хүсэлт гаргах, эсхүл түүний эсэргүүцсэн асуудлаар мэдээлэл ирвэл өөрийнх нь санал болгосон гишүүн дээр хуваарилахгүй, мөн уг гишүүнийг бүрэлдэхүүнд оруулахгүй байж чадвал ашиг сонирхлын зөрчилгүй шийдвэр гарна.

-Ер нь маргааныг шийдвэрлэх дэг дараалал, хуулийн хугацаа гэж байдаг уу?

-Үндсэн хуулийн Цэцийн холбогдох хуулиудаар маргааныг шийдвэрлэх дараалал, цаг хугацаа, үе шат зэргийг нарийвчлан зохицуулаагүй. Ерөнхий хугацаа байвч Үндсэн хуулийн Цэц баримталдаггүй, түүнийг хянах механизм ч байхгүй. Цэцийн тухай хуулиудыг шинэчлэхгүй бол өнгөрсөн зуунд баталсан хуулиуд шүү дээ.

-Хуульд асуудал байна гэсэн үг үү?

-Бусад эрүү, иргэн, захиргааны процессын эрх зүйтэй харьцуулахад Үндсэн хуулийн Цэцийн хууль 1992 онд процессын хууль 1997 онд батлагдсан. Хуулийн нэр томьёо нийтээр хэрэглэгдэхээ болсон, хууль зүйн техникийн хувьд хоцрогдсон, зарим процесс шуурхай бус эргэж буцсан, тухайлбал санал хураалтыг дахин дахин явуулж эцсийн байдлаар шийдэх гэх мэт дутагдлууд ихтэй. Аливаа процессын эрх зүй дэс дараалал, цаг хугацаатай нарийн уялдаж гэмээнэ сая бодитой хэрэгждэг. Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээр зарим маргаан хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй хэдэн жилээр хүлээгдэж байна. Мэдээлэл гаргагч өөрийн субьектив эрх хөндөгдөөгүй тул хүлээгээд суухаас өөр аргагүй байгаа нь их бүдүүлэг зөрчил.

-Хуульч хүний хувьд энэ асуудлыг ингээд шийдчихэж болно гэх мэт гарц шийдэлтэй суугаа байх…?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлэх шаардлага гарч байна. Бусад процессын салбар эрх зүйг эрийн цээнд хүрсэн гэвэл Үндсэн хуулийн процесс хөлд орж байгаа хүүхэд шиг л байна. Өргөдөл, мэдээлэл хуваарилах зарчим тодорхойгүйн зэрэгцээ процессын нарийн зохицуулалт байхгүйг далимдуулан Цэц “дүрэмгүй” дур зоргоор ажиллаж байна. Үндсэн хуулийн процессыг цаг хугацаа, үе шат, дэс дарааллын нарийн дэгийг хуулиар тогтоохгүй бол өнөөдрийн энэ алдаа засагдахгүй. Зарим маргааныг сар жилээр ор тас мартаж орхидог, заримыг оочер дайруулж өдөр хоног алдахгүй яарч шийддэг энэ байдлыг хуулиар зохицуулан хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх нь зөв. Монгол Улсын Үндсэн хуульд заасан Үндсэн хуулийн Цэцийн гишүүний хууль зүйн өндөр мэргэшлийн шаардлага, шалгуурыг Үндсэн хуульд нийцүүлэн тодорхой хуульчлах, үүнд хамгийн багадаа Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах шалгуурыг хуульчлах нь зөв болов уу. Хуульдаа нийцүүлээд өнөөдрийн шаардлага хангахгүй гишүүдийг ч эргүүлэн татах асуудлыг тавих шаардлагатай, учир нь хууль зүйн өндөр мэргэшилгүй шаардлага хангахгүй Цэцийн гишүүдээс хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр гарна гэж хүлээлтгүй. Цэц сургалтын байгууллага биш. Мөн Цэцийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөж тодорхой болгохоос гадна сонгон шалгаруулах, нийтийн сонсгол хийх зэргээр томилгооны нөлөөллийг багасгах шаардлага байна.

Нэмж хэлэхэд, Цэц Үндсэн хуулийн манаачийн ажлаа зохих ёсоор хийж байсан бол өнөөдрийн энэ олон хүний эрхийн зөрчил, улс төрийн гэх тодотголтой эрүүгийн хэрэг маргаанууд үүсэхгүй байсан. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүссэн хуулийг хэрэглэх асуудлаар ердийн шүүх хэргийг түдгэлзүүлэх, эсхүл шийдвэрлэх зэргээр харилцан адилгүй шийдвэр гаргаж байгааг нэг мөр болгох шаардлагатайг Цэц анхаарахгүй байна.

Цэцэд мэдээлэл өгсөн иргэд хэзээ, ямар үндэслэлээр мэдээлэл өгснөө марттал нь залхааж байна. Үүнээс гадна Үндсэн хууль зөрчсөн муу хуулийн үйлчлэлд өртөж эрх ашиг нь хохирсон иргэдийг жагсаал цуглаан хийх дээрээ тултал чирэгдүүлж байгаа өнөөдрийн Цэцэд хариуцлага тооцох асуудлыг ч сөхөх хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр биш, алганд багтсан эх орон болох Үндсэн хууль, хүний эрхийнхээ хамт байдаг гэдгийг мартаж болохгүй.