Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын I багийн Уурхайн зам гэдэг газар суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдсөнөөс хүн төмөр эд ангид хүн хавчуулагдан нас баржээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 15:18 цагт ОБЕГ-т ирүүлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15:23 цагт очиход суудлын автомашины жолооч Т (19 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат) иргэн Ш (17 настай, эрэгтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат) нар машины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Алба хаагчид цогцсыг гарган аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Түүнчлэн хөл хорионы хязгаарлалтад орсон иргэдийг нутаг буцахдаа баталгаатай замаар анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Багачуудад зориулсан 26 контент бэлэн болжээ

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “Ковид-19 цар тахлын хүрээнд хүүхэд багачуудад зориулсан 104 жишиг контентийн эхний 26 контент бэлэн боллоо.

Үүнийг Боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй юм.

Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэхэд зорьж байгаа аж.

Хамтран ажиллагч байгууллагууд:

  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • НҮБ-ын Хүүхдийн Сан
  • НҮБ-ын Хүн Амын Сан
  • НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)
  • “Монгол Контент” ХХК

ИНТЕРАКТИВ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ БА ШААРДЛАГА

Сүүлийн үеийн хүүхдүүд мэдээ орсон цагаасаа эхлэн цахим хэрэгсэлтэй төвөггүй харьцдаг болсон. Z болон альфа үеийн төлөөллүүдийг “цахим хүүхдүүд” ч хэмээн нэрлэж болно. Тиймээс тэдний мэдлэг, боловсрол олж авах арга хэрэгсэлд интерактив хичээл чухал нөлөөтэй.

Теле-хичээлийн явцад багшийн яриа болон зорилгоо танилцуулж буй байдал хамгийн өндөр, харин сурагчийн оролцоо, сурагч бие даан хийх боломж хамгийн бага үнэлгээтэй байна. Мөн теле-хичээлийг сурагчдын сонирхол татсан агуулгаар баяжуулах, сурагчдын суралцахуйг дэмжсэн дасгал, даалгавар оруулах, цахим хэрэглэгдэхүүнийг оновчтой, үр дүнтэй ашиглах чиглэлээр сайжруулах шаардлагатай байгааг дурджээ. (НҮБ Хүүхдийн Сан “Онцгой байдлын үеийн теле-хичээл, түүний тохиромжтой байдал судалгааны тайлан” 2020).

Иймээс цар тахлын үед бид дэлхийн боловсролын чиг хандлагад нийцүүлж цахим сургалтын контент буюу хичээлийг хүүхдийн оролцоо, бүтээлч чадварыг нь дэмжсэн интерактив хэлбэрээр хүргэх нэн шаардлагатай байна.

Интерактив цахим контент нь олон хүний дэмжлэг, оролцоотойгоор бүтэж байгаа бөгөөд БМДИ нь нэгж контент, жишиг хичээлийн агуулга, зорилго, зорилт, бататгах асуултууд, үнэлгээний хэсгийг боловсруулах зэргээр сургалтын агуулга талаасаа арга зүйн мэдээллээр ханган ажиллаж байна. БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг “Монгол Контент” ХХК-ийн уран бүтээлчид НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн сонирхолтой, интерактив хэлбэрт буулган цахим контентуудыг бэлтгэж байна.

“Интерактив хичээлийн төсөл”-ийн гүйцэтгэгчээр ажиллаж буй “Монгол Контент” ХХК нь 15 жилийн туршлагатай компани бөгөөд тус компани нь комикс, видео контент бүтээх баг, маркетинг креатив баг, зураачид, сэтгүүлчид, апп, веб хөгжүүлэгч инженерүүд гээд уг ажлыг гүйцэтгэх цогц багийг бүрдүүлсэн хамт олон билээ.

Интерактив хичээл бүрт мэргэжлийн багш, мэргэжилтнүүдийн оролцоо, санал сэтгэгдлийг шингээснээс гадна ур чадвартай зураач, дизайнер, хөгжүүлэгчдийн ур ухаанаар бүтсэн, үндэсний цөөнх болон тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, онцлогийг нь харгалзан бүтээсэн жишиг контент юм.

Нэг үгээр энэ нь хүүхэд багачуудын хувьд цахим орчноор дамжуулж, өнгө будаг хосолсон хөдөлгөөнт зураглал, сонирхолтой дүрийн хамтаар мэдлэг боловсрол, танин мэдэхүйн олон шинэ зүйлийг сурах “Цахим аялал” юм.

Интерактив хичээлүүд: Сургуулийн өмнөх боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Монгол хэл, Математик, Хүн ба байгаль, Хөгжим, Дүрслэх урлаг, Биеийн тамир, Хүн ба Орчин, Англи хэл, Хүн ба Нийгэм, Монгол бичиг, Мэдээлийн технологи, Газар зүй, Физик, Хими, Биологи, Нийгэм, Түүх, Дизайн технологи, Иргэний ёс зүй, Орос хэл, Уран зохиол, Эрүүл мэнд

Интерактив хичээлийн хэлний сонголт: монгол, казах, тува, дохионы хэл

Мэргэжилтнүүд, контент бүтээгчид хамтран интерактив хичээлүүдийн дараа дараагийн жишиг контентуудыг теле хичээлийн агуулга, төлөвлөгөөтэй уялдуулан шат дараатайгаар хүргэнэ. Эхний ээлжид энэхүү 26 жишиг контент монгол хэлтэйгээр хүрч байгаа ба бусад хэл дээрх жишиг контентууд тун удахгүй бэлэн болно.

Интерактив хичээлийн онцлог:

  • Хичээл бүр хүүхдийн сонирхлыг татахуйц өнгө будаг хосолсон зураглалтай, зарим нь богино хэмжээний сонирхолтой үлгэр, өгүүллэгийг агуулсан.
  • Хүүхдийн суралцах үйлийг сонирхолтой дүрүүд хөтлөн чиглүүлнэ. Энэ нь хичээлийг илүү сонирхолтой болгоно.
  • Хүүхдийн оролцоог бүрэн дэмжсэн буюу асуулт хариултын явцад дүрүүд хүүхдэд баяр хүргэх, туслах зэргээр хамтарч ажилладаг.
  • Хичээлийн агуулгаар дамжуулж монгол ёс заншил, байгаль дэлхийгээ хайрлах зэрэг хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлнэ.

Интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Айраг, Замын-Үүд сумын тэг зогсолтыг энэ сарын 11-нийг хүртэл сунгалаа

Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж Айраг, Замын-Үүд сумын тэг зогсолтыг энэ сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгалаа.

Харин тус аймгийн Даланжаргалан сумын Олон овоо багт тогтоосон тэг зогсолт буюу бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн зарим төрлийн үйл ажиллагаа сэргээсэн байна.

Дорноговь аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж зарим худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээгээд байна.

Энэ оны 12 дугаар аарын 02-ны байдлаар Дорноговь аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол 21 байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг энэ долоо хоногт ашиглалтад оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Улаанбаатар хот энэ жил 710 мянган тонн сайжруулсан түлшний хэрэгцээтэй. Өдөрт 2800-3000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж байна. Нийслэл өдрийн хэрэгцээ 2800 тонн шахмал түлш хэрэглэж байна. Сайжруулсан түлшний нөөц өдөрт үйлдвэрлэж байгаагаас гадна 57 мянган тонн түлш байгаа. Улаанбаатар хотын хэрэгцээнд сард 90 мянга орчим тонн нүүрс байдаг. Тэгэхээр бидэнд хагас сарын хэрэгцээтэй дүйцэхүйц хэмжээний сайжруулсан түлшний нөөц байна.

Улаанбаатар хотын сайжруулсан түлшний хэрэгцээг хангахаар Улаанбаатарын зүүн талд шинэ үйлдвэрийг барьж байгаа. Тус үйлдвэрийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 97 хувьтай явж байна. Энэ долоо хоногт бид үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор сайжруулсан түлшний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр цаашдаа үйлдвэрлэлтэд асуудал гарахгүй болно” гэлээ.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сайжруулсан түлшний нэгжийн үнийг 50 хувиар хямдруулж байгаа. Тэгэхдээ зөвхөн ахуйн хэрэглэгч нарт зориулж буулгасан учир иргэд тонн гэлтгүй нэг шуудай сайжруулсан түлшээ 50 хувь хямдруулж авна гэдгийг онцлон хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Худалдаа эрхлэгчид Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг шүүхэд өгч буйгаа мэдэгдлээ​

Монголын Худалдаа эрхчлэгчдийн холбоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж, шүүхэд өгөхөөр болсон гэдгээ мэдэгдлээ. Хувиараа бизнес эрхлэгчид “Нарантуул” олон улсын худалдааны төвийн үүдэнд жагсаал зохион байгуулж, шаардлагаа танилцуулсан юм.

Худалдаа эрхлэгчид хөл хорио тогтоосны улмаас үүдэж, бараа бүтээгдэхүүн муудсан, лангууны төлбөр гарсан зэрэг хохирлоо барагдуулахаар шүүхэд хандаж байгаа аж.

Харин шаардлагад түрээсийн төлбөрийг зогсоох, хуульд тусгах, банк, банк бус санхүүгийн зээлийн хүүг зарцаах, улсын төсөвт тодотгол хийж, цар тахлын үед иргэдэд мөнгөн олговор олгох, эрсдлийн сангаас бизнес эрхлэгчдээ дэмжих, тэг зогсолтоос үүдэж муудсан бараа бүтээгдэхүүний хохирлыг барагдуулах зэрэг шаардлага багтсан байна.

Энэ талаар Монголын худалдаачдын холбооны тэргүүн Т.Энхсайхан “Төр засаг худалдаа эрхчлэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт хөл хорио тогтоосон нь түрээсийн хүндрэл үүсэх шалтгаан боллоо. Худалдааны төвүүд хаасан ч түрээслэгч нар лангууны түрээсээ нэхэж, бараа бүтээгдэхүүн нь хуучирч, муудах асуудал гарч байна. Монголын худалдаачид 30 жил төр засгаас юу ч гуйгаагүй бор зүрхээрээ явж, татвар хураамжаа төлсөөр ирсэн. Гэтэл төр засаг худалдаачдынхаа асуудлыг шийдэж, бусад улс орны жишгээр хандах хэрэгтэй байна.

Монголын Худалдаа эрхчлэгчдийн холбоо Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж, шүүхэд өгөхөөр болсон. Хөл хорио тогтоосны улмаас үүдэж, бараа бүтээгдэхүүн муудсан, лангууны төлбөр гарсан зэрэг хохирлоо барагдуулахаар шүүхэд хандаж байгаа юм” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгээс Шадар сайдад зөвлөмж хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүллээ.

Зөвлөмжийг бүлгийн дарга Д.Ганбат, бүлгийн дэд дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ц.Туваан нар Шадар сайд Я.Содбаатарт өнөөдөр /2020.12.02/ хүлээлгэн өгөв. Ийнхүү зөвлөмж хүргүүлж буй нь иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх хөл хорионы үеийн сөрөг нөлөөг бууруулах зорилготой гэдгийг гишүүд тайлбарлав. Ардчилсан намын бүлгийн зөвлөмжид, чанаргүй зээлийг худалдан авах зэргээр санхүүгийн оновчтой бодлого боловсруулах, хот суурин газарт эмзэг бүлгийн айл өрхүүдийг түлшээр үнэ төлбөргүй хангах асуудлыг тусгалаа. Мөн хот хооронд зорчих иргэдийн шинжилгээ, хяналтад улсын болон орон нутгийн Онцгой комисс уялдаатай ажиллах, цар тахлын голомт, эрсдэлтэй бүст ажиллагсадыг халдварт өртөхөөс сэргийлэх, экспортын гол түүхий эдийн олборлолт, тээвэрлэлт, тэнд ажиллаж буй ажилтан, жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах тусгайлсан арга хэмжээ авч ажиллах ёстой.

Түүнчлэн үйл ажиллагаандаа олон улсад ашиглаж буй дэвшилтэт технологи ашиглан халдварын голомттой бүсийн иргэдийн хөдөлгөөнийг хянах, гаднын зээл, тусламжийн зарцуулалтын тайланг хялбар байдлаар оруулдаг байх. Ямар ч нөхцөл байдал үүссэн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх зэргийг үйл ажиллагаандаа анхаарах нь зүйтэйг дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Хугацаа дууссан 321 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нийт 6,435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 2020 оны арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд нийт 5,694 объектод хяналт шалгалт хийгээд байна.

Үүнээс хүнсний худалдааны газар-5,417 буюу 95.2 хувийг, хүнсний үйлдвэр цех-277 буюу 37 хувийг хамруулсан. Хяналт шалгалтад хамрагдсан газруудаас 1,285 нь үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн бүртгэл хөтөлдөггүй, 73 нь амны хаалт тогтмол хэрэглээгүй, 1,125 нь үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй,161 нь гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим алдагдсан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалсан, 709 нь ажлын байрны угаалга цэвэрлэгээ болон ариутгалын бодисын баталгаажилтгүй, шинжилгээнд хамруулаагүй байна.

Түгээлт, борлуулалт хийж байгаа газруудын 153 нь түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, угааж халдваргүйтгэл хийгээгүй, хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй, 849 нь үйлчлүүлэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, ариун цэврийн өрөөгүй байна.

Нийт 147 аж ахуйн нэгж, иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 321 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Я.Содбаатар: 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв.

Хурлаар үндсэн хоёр чиглэлээр мэдээлэл солилцов. “Ковид-19” халдварыг дотооддоо алдсанаас хойш аймгийн удирдлагуудтай хоёр дахь удаагаа цахим хурал хийж, тодорхой үүрэг чиглэл өгч, аймгийн онцгой комисстой байнгын холбоотой ажиллаж байна.

Аймгийн удирдлагуудаас “Ковид-19” халдвартай холбоотой саналуудыг сонслоо. Тухайлбал: Баян-Өлгий, Өмнөговь, Орхон, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгуудад түргэвчилсэн оношлуур, PCR урвалж нэмж авах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн орон нутаг болон Улаанбаатар хооронд зорчих хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж ажиллах болон бусад асуудлаар саналаа хэллээ.

Шадар сайд 21 аймгийн засаг дарга нарт хэд хэдэн чиглэл өглөө.

– Боловсруулах үйлдвэрийн салбар нээсэнтэй холбоотойгоор “Түр журам” гаргах хэрэгжүүлэх

– Халдвар гарсан ч хяналтандаа авсан аймгууд хөдөлгөөнөө хязгаарлалттай нээх

– Халдвар гарсан аймгаас гарч байгаа иргэдийг заавал PCR шинжилгээнд хамруулах

– Халдвар тархаагүй 14 аймаг халдвартай бүсээс ирсэн иргэдээс заавал PCR шинжилгээний хариу нэхэх

– Халдваргүй бүсээс ирсэн иргэдийг асуумж хаяг, байршлалын нарийвчилсан мэдээллийг авч нэвтрүүлэх

– Аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээх

– Халдвар гараагүй аймгууд худалдаа, үйлчилгээг үе шаттайгаар хэвийн горимд оруулах

– Голомттой аймгуудад Засгийн газрын нөөцөөс дэмжлэг үзүүлэх

– Бусад аймгууд төсөв дотроо зохицуулалт хийх замаар гарч буй зардлыг шийдвэрлэх зэрэг үүрэг, чиглэлийг өглөө.

Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт, отор нүүдлийн талаар санал бодол, хүсэлтүүдээ ЗГХЭГ, ХХААХҮЯ, Улсын онцгой комисс-д илэрхийллээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй, эрсдэлтэй 10 аймагт Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор 2 тэрбум 160 сая төгрөгийг ший

Categories
мэдээ цаг-үе

Батцэнгэл суман дахь халдварын голомтыг хяналтандаа бүрэн авлаа

Энэ сарын 1-ний 04.00 цагийн байдлаар Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн халдвар бүртгэгдсэн хоёр иргэний ойрын хавьталаас дахин вирус илэрч нийт тохиолдлын тоо гурав боллоо. Анх халдвар авсан нь батлагдсан иргэний гэр бүлийн хүн тул шуурхай штаб анх дуудлага авсан өдрөө тусгаарлалтад авсан байсан.

Одоогийн байдлаар ойрын хавьтлын 60 орчим иргэн, дам хавьтлын 400 гаруй иргэнийг тодорхойлж тусгаарлалтад авсан. Халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 550 гаруй иргэний шинжилгээний сорьцыг цуглуулаад байна. Нэг гэр бүлд байсан иргэдийн шинжилгээг хоёр хоногийн зайтаa давтан авч, бусад ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээг долоо хоног тутам авч байх юм.

Мэргэжлийн дөрвөн тархвар судлаач ажиллаж, сүүлд нэмэгдсэн нэг тохиолдлын тархвар судлалыг дахин хийж байна. Энэ мэт АОК голомтыг хяналтандаа бүрэн авсан. Ийм учраас иргэд гэрээсээ гарахгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, мэргэжлийн байгууллагын зөвөлгөөг дагах, амны хаалтыг зөв хэрэглэх, хүн хоорондын зай барих, гэртээ байхдаа агаар сэлгэлт хийж байх, чийгтэй цэвэрлэгээ ойр ойрхон хийх, дархлаа дэмжих хүнс хэрэглэх, онцын шаардлагагүй бол гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байх зэргийг аймгийн Эрүүл мэндийн газар, АОК-оос уриалж байна.

Цаашдаа АОК-оос өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд Батцэнгэл сумын 3771, Ихтамир сумын 5200 иргэнийг нэг иргэн-нэг шинжилгээ хэлбэрээр буюу бүх хүнийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт PCR шинжилгээ хийх аппарат олгоно

Улсын Онцгой комиссоос Баян-Өлгий аймагт PCR шинжилгээ хийх аппарат олгохоор боллоо.

Засгийн газар, Улсын Онцгой комиссоос энэ сарын 1-ний өдөр аймгуудын Засаг дарга болон холбогдох албаныхантай цахим хурал хийсэн.

Цахим хурлын үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан тус аймгийг PCR шинжилгээ хийх аппараттай болгох, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,7 км замыг засахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх, Улаанбаатар хотоос нутаг буцах хүсэлтэй иргэдийг тус аймаг руу онгоцоор хүргэх ажлыг зохион байгуулах, Цагааннуур боомтын одоогийн цагийн хуваарийг сунгах зэрэг хүсэлтүүдийг УОК-т тавилаа.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар нэн тэргүүнд PCR шинжилгээ хийх аппарат олгохоо илэрхийлэв. Харин бусад саналуудыг холбогдох хүмүүстэй хамтран шат дараатай шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдлээ.