Categories
мэдээ улс-төр

Т.Доржханд: Олон улсын платформуудыг хэрхэн ашиглах вэ гэдгээ бодох нь чухал

ASU.MN - Т.Доржханд:Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэт мөлгөр байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19″ цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Японы засгийн газрын мөнгийг бага хүүтэй урт хугацаагаа авч байгаа төслийг дэмжиж байгаа. Үүнтэй зэрэгцээд олон эх үүсвэрүүдийг татах чиглэлээр сангийн яам ажилламаар байна.

Жайка, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг энэ бүх байгууллага хувийн секторыг дэмжих чиглэлээр ажиллаж, бага хүүтэй урт хугацаатай эх үүсвэрүүдийг өгдөг. Энэ ажлуудыг сэргээж, яриа хэлэлцлүүдийг идэвхжүүлмээр байна. Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас эхлээд бас л олон байгууллага бий. Сангийн яам эх үүсвэрүүдийг татах чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэй.

Хамгийн чухал нь 15 жилийн хугацаанд зээл аваад үр өгөөжөө өгчихсөн хоёр шатлалтай ЖДҮ-ийг дэмжих төслийн гурав дахь шатыг өгөхөд Японы тал бэлэн гэж байгаа. Тухайлбал бид нар уг төслийн нэг, хоёрдугаар шатан дээр 75 сая доллар авсан. 40 жилийн хугацаатай, жилийн 0.6 хувийн хүүтэй мөнгөн. Энэ мөнгөөр бид 13,600 ажлын байрыг шинээр бий болгосон. 11 мянган ажлын байрыг хадгалсан. Эдийн засгийн хямралтай үеүдийг маш амжилттай давсан.

1,000 аж ахуйн нэгжид зээл өгсөн. Үүнийгээ банкаар дамжуулж байгаа. Зээл авсан аж ахуйн нэгжүүд ажлын байраа өсгөсөн, борлуулалтын орлого дунджаар 30%-аар өссөн.

Монгол хүмүүс урт хугацаатай бага хүүтэй зээл аваад үр дүн гаргаж чаддаг юм гэдгийн маш том баталгаа нь энэ юм. Тэгэхээр энэ зээлийг аваач гэж Жайкагаас холбогдсон. Энэ мэтийн зээлүүдийг авч хувийн секторыг дэмжих чиглэлээр ашигламаар байна. 2021 оны төсөвт иргэд рүү чиглэсэн бодлого 90 хувьтай байгаа. Гэтэл ажлын байрыг бий болгоход чиглэсэн бодлого дээд тал нь 10 хувьтай байгаа. Өр өснө гэсэн байдлаар харахаас өмнө өнөөдрийн нөхцөл байдлыг давахын тулд олон улсны платформуудыг хэрхэн ашиглах вэ гэдгээ бодох нь зөв” гэв.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ариутгал хийлээ

ШЕЗ-ийн даргад Дээд шүүхэд тэнцчих ганц хүн 500 шүүгчээс олдсонгүй юу »  Guren.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгэн ажилтнаас “Covid-19”-ийн халдвар илэрсэн тул тус газрыг хамгаалалтад авч, зарим ажилтныг тусгаарлан, шинжилгээ авч эхэлсэн гэх мэдээлэл өчигдөр /2020.12.02/ үдээс хойш хэвлэлээр цацагдсан.

Албан эх сурвалжаас “Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ариутгал хийгдсэн. Олонх нь гэрээсээ ажлаа хийж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байсан” гэх тайлбар хийгээд буй.

“Covid-19” халдвартай холбоотой мэдээллийг өдөр бүрийн 11 цагт Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хийж буй. Иймээс өнөөдрийн хуралдаанаар халдвар тээгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтан байсан уу, эсвэл үйлчлүүлэгч нь байсан уу гэдэгт тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай болж байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд дотоодоос “Covid-19” халдвар авсан нь батлагдсан тохиолдол өчигдөр 396-д хүрээд буй. Үүнд:

Сэлэнгэ-183

Улаанбаатар-90

Дархан-Уул-44

Орхон-24

Дорноговь-21

Говьсүмбэр-4

Архангай-3 тохиолдол тус тус бүртгэгдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: ШЕЗ-д ажилладаг үйлчлэгч коронавирусийн халдвар авсан нь батлагдсан

А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод ойрын хавьтлын 1063 хүн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтан коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл өчигдөр орой гарч, тус байгууллагад тусгаарлалт хийсэн. Гэтэл энэ байгууллагад тухайн үед ажиллаж байсан 50 гаруй хүнээс дарга нар нь тусгаарлагдаагүй гэсэн гомдол ирсэн гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.

Тэрбээр, Коронавирусийн батлагдсан тохиолдлын хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгааны явцад ШЕЗ-ийн ажилтныг илрүүлэн, шинжилгээ хийхэд коронавирус илэрсэн. Энэ хүн тус байгууллагад үйлчлэгч хийдэг. Энэ хүн тухайн албан газрын хоёрдугаар давхарт ажилладаг учир ойрын болон дам хавьтлын 50 гаруй хүнийг тусгаарласан. Ойрын хавьтлыг эмнэлэгт, дам хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан. Хавьтал болсон хүнийг албан тушаалаар ялгаварлан тусгаарлана гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар тус байгууллагын 37 хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 114 хүн эрүүлжүүлэгджээ

ТҮК-ийн ажилтан сум алдаж гудамжинд явж байсан иргэнийг гэмтээжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр өдрийн байдлаар нийт 920 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Нийт дуудлагын 367 нь зөрчлийнх бол,

хулгайлах 5,

гэр бүлийн хүчирхийллийн 59,

гэмт хэргийн шинжтэй 32 дуудлага мэдээлэл тус тус ирсэн байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 114 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон есөн зөрчил гарчээ. Мөн 12 хүн гэмтэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 65, оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 53 дуудлага 102 дугаарт иржээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өвс, тэжээлийг малчдад зээлээр өгөх боломжтой юу.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Гадаад зах зээл дээр өвс, тэжээлийн үнэ өсөөд байна. Гэтэл бидэнд дутагдалтай. Бид үнийн өсөлт, дутагдалаас сэргийлж энэ арга хэмжээг авч байгаа.

Жишээ нь, ОХУ-д ирэх хоёрдугаар сараас улаанбуудайнд квот тогтоох гэж байна. Оросод улаанбуудайн үнэ нэмэгдэнэ. Энэ эрсдлээс өрсөж арга хэмжээг авч байгаа юм. УОК-оос өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй холиод малчдад үнэгүй өгөх шийдвэр гарсан. Аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдахдаа энэ шийдвэрээ танилцуулсан. Өвс тэжээлийн зээлээр авах боломж нь ААН-үүдэд байгаа. Малчид, ААН-үүд хоорондоо тохиролцоод явах боломжтой.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хийж байна. Япон улсаас авах $233 саяын зээлийн асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Батцэнгэл, Ихтамир сумын иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Батцэнгэл, Ихтамир сумын бүх иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулна

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн халдвар бүртгэгдсэн хоёр иргэний ойрын хавьтлаас дахин вирус илэрч нийт тохиолдлын тоо гурав боллоо. Анх халдвар авсан нь батлагдсан иргэний гэр бүлийн хүн тул шуурхай штаб дуудлага авсан эхний өдрөө тусгаарлалтад аваад байжээ.

Үргэлжлүүлэн мэргэжлийн шуурхай баг болон тандалт судалгааны баг голомтод ажиллаж байна. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 60 орчим иргэн, дам хавьтлын 400 гаруй иргэнийг тодорхойлж тусгаарлалтад авсан. Арванхоёрдугаар сарын 02-ноос тав хоногийн хугацаанд Батцэнгэл сумын 3771, Ихтамир сумын 5200 иргэнийг нэг иргэн-нэг шинжилгээ хэлбэрээр буюу бүх хүнийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна хэмээн Архангай аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн нэг шуудай сайжруулсан түлшийг 1875 төгрөгөөр худалдана

Мэдээ.МН

Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан түлшийг өнөөдрөөс эхлэн нэг шуудайг нь 1875 төгрөгөөр худалдана. Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулах шийдвэрээ Ерөнхий сайд өчигдөр танилцуулсан.

Нэг шуудай сайжруулсан түлш 3750, 1 тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин өнөөдрөөс гэр хорооллын иргэд тал үнээр нь авах боллоо. Нийслэлийн гэр хороололд 220 мянган өрх бий. Тэд өвөл өдөрт 4,000 тонн, сард 120 мянга орчим тонн сайжруулсан түлш хэрэглэдэг байна. Дээрх шийдвэр хэрэгжих дөрвөн сарын хугацаанд Засгийн газраас иргэдэд 30 гаруй тэрбум төгрөгийн бодит дэмжлэг үзүүлэх тооцоог хийжээ. Энэ санхүүжилтийг төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК гаргахаар болжээ.

50 хувийн үнийн хөнгөлөлт зөвхөн иргэдэд хамааралтай бөгөөд ААН-үүдэд үйлчлэхгүй. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт өвөлжилт хүндэрч, зудын эрсдэл үүсчээ

Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт өвөлжилт хүндэрчээ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зурагт нийт нутгийн 40 гаруй хувьд их (нэн их 6.0 хувь, их 30,4 хувь), 30 орчим хувьд нь (28.2 хувь) дунд зэрэг эрсдэлтэй байгааг мэдээлжээ.

Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их зэрэглэлтэй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр нутгаар өвөл, хавар цаг агаар хүндрэх нөхцөл бүрджээ.

Энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Баянхонгор аймгийн сум, багийн удирдлагуудтай өвөлжилтийн нөхцөл байдлын талаар цахим уулзалт хийлээ. Уулзалтад Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан оролцож, мэдээлэл өгсөн юм. Өнгөрсөн зун гантай байсан Баянхонгор аймгийн нутгаар өвс ургамлын гарц муу, га-гийн ургац бага, бэлчээрийн даац хэтэрсэн, малын тарга хүч муу, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ хомс, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг нэмж байгааг сумын удирдлагууд хэлж байна. Энэ жил ихэнх сумдад зуншлага оройтсон, одоогоор нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, дунджаар 5-10 см, хонхор жалга газарт 20-60 см хүртэл зузаан цастай байгаа аж. Нийт сумдад өвс, тэжээлийн хомсдол үүсжээ. Өвөлжилт хүндрэх сургаар хивэг тэжээлийн үнэ өсөж, шуудай нь 22-23 мянган төгрөгт хүрснийг сумын удирдлагууд цахим уулзалтын үеэр хэлж байлаа.

Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 6 аймагт 40 мянган тонн экспортын мах бэлтгэх тусгай эрхийг 14 аж ахуйн нэгжид олгосон байна. Одоогийн байдлаар 16.5 мянган тонныг бэлджээ. Салбарын яамнаас экспортод гаргах хугацааг сунгах талаар дэмжлэг үзүүлэх бөгөөд орон нутгийн удирдлагууд мах бэлтгэлийн ажилд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулсан юм.

Засгийн газраас отор нүүдлийн асуудлыг зохицуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөр отор нүүдлийг хаах шийдвэр гаргасан байна. Иймээс отроор очсон малчдад тухайн сумын удирдлагууд дэмжлэг үзүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхийг салбарын сайд хэллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ихэнх нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэл нэгэнт үүссэн, цар тахлын нөхцөл байдал, зудын эрсдэл иргэдэд давхар шок үүсгэж байгаад онцгой анхаарч, орон нутгийн удирдлагууд мах бэлтгэл, өвс тэжээлийн нөөцийг бэлтгэх, хуваарилах оновчтой зохион байгуулалт хийж ажиллахыг үүрэг болголоо.

Categories
мэдээ улс-төр

З.Мэндсайхан: Дотоодын зах зээлд тэжээлийн импортын бүтээгдэхүүн авах хэрэгцээ 80 орчим хувь байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн гаалийн хэсгийг л би дэмжиж байна. Тэр тусмаа улаан буудайн асуудалтай холбогдуулан. Жил бүрийн улаан буудайн хэрэглээний 30 хувийг гаднаас авдаг. Үүний сан авлигын асуудал байна. Газар тариалангийн сан хэдэн жилийн өмнөөс авлигад идэгдсэн. Үүний улам өөгшүүлэх хэрэггүй. Энэ дээр анхаарал хандуулах хэрэгтэй.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Ургац алдсанд олон янзын шалтгаан бий. Гэхдээ Хөдөө аж ахуйг дэмжих сан асуудалтай юу гэвэл асуудал бий. Хуримтлагдсан өрийн авлага үүссэн ийм асуудал бий” гэв.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Дотоодын нөөц бололцоо хэр байгаа вэ. Үүн дээр судалгаа шинжилгээ хийсэн үү? Говийн бүс нутагт өвөлжилтийн байдал хүндэрч байна. Ялангуяа хорио цээрийн энэ цаг үед оторлож буй малчид хэцүү байдалд байна. Энэ дээр яамны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Энэ жилийн нийт 480 мянган тонн будаа хурааж авсан. Дотоодын зах зээлд тэжээлийн импортын бүтээгдэхүүн авах хэрэгцээ 80 орчим хувь байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Жилээс жилд ургац хураалт багасч байна. Цааш цаашид ямар арга хэмжээ авах вэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээхэд ямар бодлого баримтлах вэ. Хивэг тэжээлийн хэдэн үйлдвэр байгаа вэ. Хивэг тэжээлийн үнэ нэмэгдэж байна. Энэ асуудал дээр ямар бодлого баримтлах вэ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Сүүлийн 10 гаруй жил дотоодын улаан буудайг дотоодоосоо хангадаг гэсэн ойлголттой байсан. Би ажлаа авснаасаа хойш сүүлийн 5 жил улаан буудайг дотоодоосоо хангаж чадахгүй байгааг ойлгосон. Газар тариалан мал аж ахуй хоёр зөрчилдөж эхэлж байна. Бэлчээрийн аж ахуй газар тариалангаа татаж унагаахад бэлэн болчихлоо. Иймээс энэ асуудлыг ялгаж салгаж шийдвэрлэх явах хэрэгтэй. Хивэг тэжээлийн дөрвөн үйлдвэр бий.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагтаа очсон зарим иргэд PCR шинжилгээ өгөөгүй байжээ

ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ НИЙСЛЭЛЭЭС ГАРГАЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 1-нээс хөл хорионд гацсан орон нутгийн иргэдээ нийслэлээс гаргаж эхлээд байна.Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийж, эрсдэлт бүсээс ирж буй иргэдийн шинжилгээний бичгийг тусгай багажаар шалгаж буйг онцлов.

Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр “Халдварын голомттой бүсээс ирсэн иргэдийн дунд шинжилгээ өгөөгүй, шинжилгээний хугацаа 48 цаг өнгөрсөн тохиолдлууд байсан тул бид давтан шинжилгээг авсан. Цаашид эрсдэлт бүс нутаг Улаанбаатар, Дархан-Уулаас ирж буй иргэдийг бид онцгойлон анхаарч, хяналт тавьж ажиллана. Явцын дунд шинжилгээг давтан авах, гэрийн хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авна”

Зорчигчдын шинжилгээний дүгнэлтийг цагдаагийн байгууллагын шалгах багажаар уншуулан оруулж байгаа гэнэ. Хөвсгөлд өчигдөр Улаанбаатар хотоос 12, Дарханаас 8 нийт 20 автобус, 200 орчим жижиг тэрэгтэй нийт 1600 орчим иргэн иржээ. Энэ үеэр шинжилгээ өгөөгүй иргэн ирсэн байсныг илрүүлж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан аж.