Categories
мэдээ нийгэм

Геронтологийн үндэсний төв бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ний өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудын бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжин тусламж үйлчилгээг үзүүлж байна. Төвийн гамшгаас хамгаалах штаб “Коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож ГҮТ-ийн захирлын 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А/80 тоот тушаалаар батлан тохиолдлын удирдлагын тогтолцооны багт хуваагдан ажиллаж байна. Геронтологийн үндэсний төв бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

1.Төвийн байранд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйл ажиллагааг түр зогсоох албан шаардлага хүргүүлж үйл ажиллагааг нь зогсоож төвийн эмч мэргэжилтнүүдийг хариуцлагатай жижүүрээр томилон ажиллуулж төвөөр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдээс тандалт судалгааны асуумж авч коронавирусын сэжигтэй тохиолдлын тандалт хийн ажиллаж байна. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд үйлчлүүлэгчийн халуун хэмжиж, амны хаалтны хэрэглээг хянан, гарыг халдваргүйжүүлж, хүн хоорондын зайг бариулан үйлчилж байна.

2.Коронавируст халдвараас сэргийлэх талаар нийт хүн амд чиглэгдсэн сурталчилгааг төвийн вэб хуудсаар сурталчилж төвийн эмч, мэргэжилтнүүдэд коронавируст халдвартай холбоотойгоор гарсан сайдын тушаал, түр заавруудын дагуу эмнэлзүйн болон халдвараас сэргийлэх сургалт сурталчилгааг хийж байна.

3.Бүх нийтийн хөл хориотой холбоотойгоор үйлчлүүлэгчид амбулаторийн тусламж үзүүлэхээс гадна утсаар болон цахимаар эрүүл мэндийн зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна.

4.Геронтологийн үндэсний төв нь Эмгэг судлалын үндэсний төвтэй хамтран Нийслэлийн эрүүл мэндийн газрын захирамж, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэргэжил арга зүйн зөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн 58 дугаар дунд сургууль дээр зорилтот хүн амаас коронавирус илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах түр лабораторийг байгуулж, 8 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй хариу арга хэмжээний 1–р багийг томилон ажиллуулж байна. Түр лабораторид шинжилгээний сорьц авах үйл ажиллагааг халдвар хамгааллын чанд дэглэмийн дор зохион байгуулж, үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 25-наас эхлүүлэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илрүүлэн оношлох болон PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

5.Бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийслэл хотод амьдарч байгаа тусламж үйлчилгээ нэн хэрэгцээтэй эмзэг бүлгийн настнуудын судалгааг шинэчлэн гаргаж ДЭМБ-ын дэмжлэгээр ахмад настнуудад эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд нийслэл хотод амьдарч буй 2500 ахмад настан болон Увс, Баян-Өлгий, Сэлэнгэ аймагт амьдарч буй 450 гаруй харж асрах хүнгүй, хавсарсан архаг хууч өвчтэй, эмзэг бүлгийн ахмад настанд гериатрийн төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээр хүргэж хүмүүнлэгийн тусламж үзүүлэн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Жүжигчин Эллен Пейж трансжендэр гэдгээ мэдэгдлээ

Оскарын шагналд нэр дэвшиж байсан алдарт жүжигчин Эллен Пейж олон нийтэд трансжендэр гэдгээ зарлаж, нэрээ сольж байгаагаа мэдэгдлээ. Нэрээ сольж Эллиот Пейж гэх болсон бөгөөд “Өөрөөрөө байх үнэхээр сайхан байна” хэмээжээ.

Түүнийг “Juno”, “X-Men”, “Inception”, “The Umbrella Academy” кинонуудаар нь хүмүүс сайхан мэдэх жүжигчин Эллиот сошиал хуудсандаа мэдэгдэл оруулсан нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Тэрбээр өөрийгөө трансжендэр гэдгээр бахархаж, өөрийгөө хайрлаж, олонд зарласнаар ямар сайхан байгаа тухайгаа бичсэнээс гадна трансжендэр хүмүүст ирдэг дарамт, халдлага зэргээс ямар их айж, үүнд сэтгэл нь эмзэглэдэг тухай бичсэн юм.

Фэйсбүүкийн зүгээс “Бид чамд хайртай, Эллиот” гэсэн бол “Netflix”-ээс “Бид супер баатраараа маш их бахархаж байна. Хайртай шүү, Эллиот! “The Umbrella Academy”-ийн гуравдугаар бүлэгт эргэн ирэхийг чинь тэсэн ядан хүлээж байя” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дархлааг дэмжих шилдэг 5 хүнс

Эрүүл байхын үндэс амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх билээ. Тэгвэл танд зориулан дархлаа дэмжих чадвартай хүнсний бүтээгдэхүүний талаар зөвлөмжийг хүргэж байна.

1. Исгэлэн төрлийн жимснүүд: Нимбэг, киви, жүрж гээд C витаминаар баялаг бүхий л төрлийн жимсийг өргөн хэрэглэх нь дархлаагаа дэмжих хамгийн найдвартай арга юм.

2. Амтат чинжүү: Томхон хэмжээтэй нэг амтат чинжүүнд 209 мг “С” амин дэм агуулагдах ба энэ нь дундаж хэмжээтэй нимбэгэн агуулах“С” амин дэмийн агууламжаас даруй 3 дахин их гэсэн үг юм.

3. Брокли: Навчит ногоон ургамлын төрөл болох брокли нь дархлаа сайжруулахад хэрэгцээт глютаминыг ихээр агуулж байдаг бөгөөд өвөл цагт түлхүү хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг.

4. Тахианы шөл: Ханиад томуутай тэмцэх хамгийн хялбар арга болно тахианы халуун шөл уух юм. Тахианы шөлөнд энгийн хоолонд агуулагддагаас 40 хувиар илүү В6 витамин агуулагддаг бөгөөд энэ нь дархаа сайжруулж, цусны улаан эсийг нөхөн төлжихөд чухал үүрэгтэй. Мөн олон цаг ястай нь буцалгасан тахианы шөлөнд кальци, төмөр зэрэг олон төрлийн уураг нэмэгддэг нь дархлааг дэмжихийн хажуугаар ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж.

5. Сармис: Сармисанд агуулагдах олон төрлийн эрдэс нь хүний зүрхний болон ходоодны үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглэх нь таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, биеэс хортой бодисыг гадагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байн.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын чуулган: Япон улсаас 233 сая долларын зээл авахыг дэмжив

Ч.Хүрэлбаатар: Японоос авах зээлийг зөвхөн ковидтой холбоотой зүйлд  зарцуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Covid-19”-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд гишүүдийн 63.8 хувь нь дэмжин, баталлаа.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь “Covid-19” халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулагдах юм. Нийт 25.0 тэрбум иенийн /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилт олгох ба зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байх юм.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Энэ зээл Олон улсын валютын сан /ОУВС/-тай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үргэлжлэл мөн үү. Хөтөлбөрийг хэрэгжүүлж байх үед Монгол Улс гадаад өрүүдээ гадаад зээлийн эх үүсвэрээр төлөх болохоор цааргалдаг байсан. Одоо хөтөлбөр дууссан учраас ирэх онуудад гадаад өрүүдээсээ төлж эхлэх боломжтой юу. Энэ гэрээн дээр хориглосон зүйл байхгүй биз дээ.

Хоёрдугаарт, зээлийг иениэр хийнэ гэж ойлгосон. Ханшийн эрсдлээс хамгаалсан ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байсан тэр хөтөлбөртэй энэ зээл хамаарахгүй. Нийтдээ 800 орчим сая ам.долларын зээл авахаар ОУВС-тай тохирсон байсан. Үүнээсээ өмнө Японтой тохирсон байсан. ОУВС-гаас 280-аад сая ам.доллар авсан. Үлдсэнийг нь аваагүй байгаа. Энэ зээлийг зөвхөн Covid-19 халдвартай холбоотой асуудалд л зарцуулна. 2020 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын сарын хооронд авч хэрэгжүүлсэн аж ахуй нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшилд ажиллаж буй иргэдээс хувь хүний орлогын албан татварыг авахгүй чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэгтэй холбоотой арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд хэрэглэнэ. Ханшийн эрсдлийг зохицуулна, Монголбанктай гэрээ байгуулан ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Энэ бол сайн зээл. Гэхдээ зарцуулалт нь төсвийн алдагдал нөхнө. 233 сая ам.доллар нь ойролцоогоор 700 тэрбум төгрөг болно. Үүнийг иргэдэд тараавал ойролцоогоор 800 мянга гаруй төгрөг оногдох юм. Энэ нь иргэдийн орлогыг дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэлийг давхар дэмжинэ. Эсвэл тус зээлийг эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт зарцуулмаар байна. Төсвийн алдагдалыг нөхөж зээлийг үрэн таран хиймээргүй байна. Ерөнхий сайд мөнгө байвал хамаагүй иргэддээ тараана гэж хэлсэн. Хэлсэндээ хүрэх хэрэгтэй. Өмнө нь Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үеэр дотооддоо халдвар алдаагүй байсан. Одоо иргэд бараг нэг сар гаруйн хугацаанд орлогогүй гэртээ сууж байна.

Categories
мэдээ нийгэм

​Самар түүхээр яваад гацсан 500 иргэнийг баруун түрүүн товчоогоор нэвтрүүллээ

Самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг Улаанбаатар руу  нэвтрүүллээ

Энэ жил самар их ургасан тул Сэлэнгэ аймаг руу самар түүхээр явсан олон хүн тус аймагт хөл хорионд орсон талаар Шадар сайд Я.Содбаатар өмнө нь мэдээлэхдээ Хүдэр суманд 680 гаруй, Мандал суманд 1600 гаруй самарчин хөл хорионд гацсаныг мэдээлсэн юм. Эдгээр иргэнийг шинжилгээнд хамруулж, нутагт нь буцаах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг мэдэгдсэн билээ.

Тэгвэл Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлжээ. Үүнээс өмнө Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид иргэдийг 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулах ажил зохион байгуулжээ. Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх онд барилгын салбарт 824 төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ

Барилгын салбарын өсөлт удаашрах эрсдэл нүүрлэлээ

Барилгын салбарт улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд бүтээн байгуулалтын 824 төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед “Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрийн үйл ажиллагаа”-г энэ сарын нэгнээс эхлэн нээх болсноор 21 аймагт 56 үйлдвэрийн 1232 ажилтан, Улаанбаатар хотод 44 үйлдвэрийн 993 ажилтан буюу 100 үйлдвэрийн 2225 ажилтан албан хаагч ажиллаж эхэлжээ.

Улсын төсвийн хөрөнгөөр 2020 санхүүжих 691 төсөл үйл ажиллагааны 546,3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсвийн тухай хуульд 824 төсөл, үйл ажиллагааны 850,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр тусгав. Дээрх 824 төсөл үйл ажиллагааны 516 буюу 63 хувь нь он дамжин санхүүжих төсөл. Үүнээс харахад 2020 онд 691 шинээр тусгасан бол 2021 онд 308 болж, улсын төсвийн хөрөнгө оруулалт буурчээ.

Барилгын салбарт одоогоор барилга угсралтын 5045, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 724, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх 182, барилгын материалын үйлдвэрлэлийн 532 аж ахуйн нэгж буюу нийт 6483 аж ахуйн нэгж, байгаагаас 73,700 ажилчид ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

NBA-ийн 48 тамирчин халдвар авч, Леброн Жэймс гэрээгээ сунгалаа

LeBron James and Anthony Davis Fulfill Lakers' Finals Promise - The New  York Times

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020-2021 оны улирал арванхоёрдугаар сарын 22-нд эхэлнэ. Одоогоор багууд ирэх улиралдаа бэлтгэж, бүрэлдэхүүнээ шинэчилж байна. Өнгөрсөн долоо хоногт лигийн зүгээс 546 тамирчдыг “Сovid-19”-ийн шинжилгээнд хамруулахад 48 нь буюу 8.8 хувь нь халдвар авсан гэж тогтоогджээ. Одоогоор халдвартай тамирчдыг тусгаарлаж байгаа бөгөөд бүрэн эдгэрсэн хойно нь багийн бэлтгэлд хамруулах аж.

Саяхан Голден Стэйт Уорриорс багийн хоёр тамирчнаас “Сovid-19”-ийн халдвар илэрснийг тус багийн ерөнхий менежер Боб Майерс мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан багийн бэлтгэлээ ирэх долоо хонот хүртэл хойшлуулжээ.

Мөн өнөөдрийн мэдээллээр Леброн Жэймс 2023 оныг хүртэлх хоёр жилийн 85 сая ам.долларын гэрээг Лос Анжелес Лэйкерс багтайгаа сунгажээ. Саяхан 36 нас хүрсэн тэрбээр өнгөрсөн улирал 25.3 оноо, 10.2 ашигтай дамжуулалт дунджилж, багтайгаа аварга авч, өөрөө финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор дөрөвдэх удаагаа тодорсон билээ.

Лос Анжелес Лэйкерс баг өмнө нь 2013 онд 35 настай Коби Брайанттай 48.5 сая ам.долларын хоёр жилийн гэрээний сунгалт хийж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ-аас хүн бүр өдөрт 150-300 минут дасгал хийхийг зөвлөж байна

Дэлхийн хүн ам илүү идэвхтэй хөдөлгөөнтэй байсан бол жилд 5 сая нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. “COVID-19” цар тахлын улмаас олон хүн гэртээ байгаа энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дасгал хөдөлгөөн болон суугаа зан үйлийн талаар шинэ удирдамж гаргалаа. Өнгөрсөн сарын 26-ны өдөр албан ёсоор гарсан уг удирдамжид бүх насны хүн ам бие бялдрын байдлаас үл хамааран идэвхтэй байх боломжтой, хөдөлгөөн бүр чухал болохыг онцолжээ.

Шинэ удирдамж нь бүх насны хүн ам, түүний дотор архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс долоо хоногт багадаа 150-300 минут дунд зэргийн болон өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, хүүхэд, өсвөр насныхан өдөрт дунджаар 60 минут дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Эмэгтэйчүүдийг жирэмсэн үед болон төрсний дараа дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндэд чухал ач тустай болохыг онцолсон байна. Ахмад настнуудын хувьд (65 ба түүнээс дээш настай хүмүүс) унахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ дэмжихэд тэнцвэр, булчингийн дасгал хийхийг зөвлөж байна.

Биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь зүрх судасны өвчин, чихрийн шижингийн 2-р хэв шинж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, сэтгэл санааны хямрал, айдас түгшүүрийн шинж тэмдгийг бууруулах, ой санамж муудах эрсдэлээс сэргийлэх, ой тогтоолтыг сайжруулах, тархины үйл ажиллагааг дэмжихэд чухал ач холбогдолтой.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейесус, “Хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэнд, сайн сайхан байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөдөлгөөн бүр чухал, ялангуяа коронавируст халдварын цар тахлын энэ үед бид бүгд аюулгүй, бүтээлчээр өдөр бүр хөдөлж байх хэрэгтэй” хэмээв.

Бүх төрлийн дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндэд ашиг тустай. Ажлын байранд, спорт зааланд, чөлөөт цагаараа эсвэл алхах, дугуй унах, гэрийн ажил хийх, бүжиглэх, тоглох, цэвэрлэгээ хийх зэргээр хаана ч, хэзээ ч идэвхтэй хөдөлгөөнтэй байж болно.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг 24 цагийн турш хүлээн авч байна

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн арваннэгдүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу дээрх хуулийн хэрэгжилтэд Хүний эрхийн үндэсний комисс өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хяналт тавьж ажиллаж байна.

Энэ оны арваннэгдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд нийслэлээс гарах, орох авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод буюу СХД-ийн Эмээлт, Баруунтуруун, ХУД-ийн Өлзийт, Налайх, Багахангай дүүрэгт, иргэдээс шинжилгээ авах цэгүүд болох СХД-ийн 8-р хороо, нийслэлийн 67 дугаар сургууль, БГД-ийн 4-р хороо, нийслэлийн 38 дугаар сургууль, БЗД-ийн 16-р хороо, нийслэлийн 44 дүгээр сургууль, ЧД-ийн 4-р хороо, нийслэлийн 5 дугаар сургууль, ХУД-ийн 11-р хороо, нийслэлийн 32 дугаар сургууль зэрэг нийт 20 байршилд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Мониторинг үргэлжилж байна. Хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комисс 24 цагийн турш хүлээн авч байна.

Утас: 7000-0222

Цахим гомдол хүлээн авах: info@nhrcm.gov.mn

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрний гэрлийн шон, бетон хашлагыг мөргөжээ

Арванхоёрдугаар сарын 3-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрний гэрлийн шон, бетон хашлагыг мөргөсөн осол гарчээ.

Тухайн автомашиныг барьж явсан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба хурдаа тохируулж яваагүйн улмаас осол гаргасан аж.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна хэмээн ТЦА-аас мэдээллээ.

Өнөөдөр бүртгэгдсэн ослоос дурдвал:

2020.12.03-ны өглөө 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн.

2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна.