Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Дотроо хэт сүржигнэх тусам уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд нүүрсээ гаргах боломжууд хаагдах эрсдэлтэй

– МАН ИРЭХ ЖИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ ТӨСВИЙГ ХУВААРИЛСАН –


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Төсвийн талаар олон шүүмжлэл гарч байна. Төсвийн байнгын хорооны дэд даргын хувьд та төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Төсвийн байнгын хороон дээр би хэд хэдэн асуудал дэвшүүлж, “Ковид-19” эдийн засагт нөлөөлөх нь ээ. Тийм учраас төсвөө хэлэлцэхдээ тодорхой арга хэмжээнүүдийг авахгүй бол болохгүй байна гэдэг саналуудаа хэлсэн. Эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой зэрэг байгууллагуудаас бусад төрийн байгууллагуудын урсгал зардлыг 20 хувь танах, эндээс гарах хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлэх, мөн дэд сайд, яам агентлагийн газрын дарга зэрэг өндөр зардалтай албан тушаалуудыг цомхотгох замаар төсвийн хэмнэлт бий болгох, Онцын шаардлагагүй музей, захиргааны барилга, офиссын барилга зэрэг нийтдээ 149 төсөл хөтөлбөрийг царцаагаад, үүнээс гарах 403 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэлийг зээлд шилжүүлэх ийм саналуудыг гаргасан боловч, харамсалтай нь МАН тухайн үедээ тоож, авч хэлэлцээгүй. Төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн тавьсан хориг дээр тухайн үед миний хэлж байсан энэ гурван санал бүгдээрээ нийлээд ороод ирж байна лээ.

-Эрх баригчид ковидын төсөв гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Төсвийн байнгын хорооны дарга нь ч тэр, Сангийн сайд, Засгийн газрын тэргүүн нь ч тэр 2021 оны төсөв бол ковидын төсөв боллоо гэж ярьж байна. Ядаж вакцинаа авах хөрөнгө тусгаагүй байж ковидын төсөв гэж ярьж болохгүй. Ковидыг ганц өвчин гэж хараад байх шиг байна. Дэлхий нийтийн бүх улс оронд ковид бол эдийн засгийн хямралд хүргэх өвчин байна гэж хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас хамгийн чухал зүйл бол аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд тодорхой хэмжээнд төсвийн болон бусад эх үүсвэрээ ашиглах ёстой. Гэтэл харамсалтай нь эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуульд зориулагдсан ийм төсөв боллоо. Өөрөөр хэлбэл, тодорхой хөрөнгө оруулалтууд, музей, номын сан зэрэг том том 50, 60 тэрбум төгрөг дээр, замын концесс дээр хөрөнгө тавьж, ирэх жилийн намынхаа Ерөнхийлөгчийн сонгуульд зорилуж төсвийг хуваариллаа шүү дээ. Дээрээс нь аймаг, нийслэлийн түвшинд тендерүүдээ шалгаруулах замаар замбараагүй хөрөнгө оруулалтуудыг хийсэн ийм төсөв боллоо. Энэ бол ковидын төсөв биш эрх баригчдын хулгайн төсөв гэж би үзэж байна.

-Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Харин МАН-ын бүлэг хүлээж авсангүй. Тэгэхээр цаашид яах ёстой вэ?

-Нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч ковидтой холбоотойгоор ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээнд том эрсдэлүүд ирнэ. Үүнд зориулж нөөц бэлдэж, дэмжлэг үзүүлэх зорилгоор хориг тавьж байна. Гэтэл хоригийг цэвэр улс төрийн нүдээр харж, МАН хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргалаа.

Ингэж үзэж байгаа нь өөрөө том асуудал юм. Хоригийг хүлээж авахгүй болсон ч маш яаралтайгаар он гарангуут төсвийн орлого дутагдсантай холбоотойгоор төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрнэ. Ер нь Төсөв хэлэлцэх явцад нүүрсний машин өдөрт 1200 гаруй гардаг. Дээрээс нь зэсийн үнэ өндөр байсан учраас эдийн засгийг даваад гарчихна гэсэн бодолтойгоор асуудалд хандаж байсан бол өнөөдөр нүүрсний машин 200 болчихлоо. Нэлээд барьц алдсан нөхцөл рүү улс орон маань орж байна. Тийм учраас зайлшгүй төсвийн тодотгол хийх шаардлагатай.

-Төсөвт орлого олох тал дээр нэг ч төгрөг тавигдсангүй, дээр нь зарим аймаг, орон нутагт их хэмжээний төсөв тавилаа гэх шүүмжлэл гарч байгаа?

-Төсөв бол улстөрчийн дахин сонгогдох хэрэгсэл болж байна. Төсөв бол улстөрчдийн пиараа өсгөх хэрэгсэл болж байна. Засгийн газрын тэргүүн нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүнтэйгээ нийлж байгаад төсвийн маш их хөрөнгийг Хэнтий аймагт тавилаа. Маш их хөрөнгийг Их хурлын дарга нь Баянхонгор аймагт тавьж байна. Намынх нь генсек Говь-Алтай аймагт маш их хөрөнгийг тавилаа. Дээрээс нь төсвийн орлогыг төлөвлөхдөө жил болгон 42 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөдөг. Харамсалтай нь энэ тоондоо хүрсэн тохиолдол байхгүй. Дээд тал нь 20-38 сая тонн нүүрс гаргадаг. Төсвийн орлогыг нэг талдаа өндөр тавьчихаад тэр хэмжээгээр орлого олно гэж урьдчилж үзээд зардлуудаа өндөр тавьдаг. Харамсалтай нь орлого нь төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаагаас үүдээд алдагдалтай төсөв баталж байгаа. Төсвийн алдагдал бол ирээдүйд бидний үр хүүхдэд өр болж очно. Тиймээс иймэрхүү байдлаар улс орны хөгжлийн бодлогод хортой зүйлүүдийг төсвөөр дамжуулж байнга хийгээд байвал манай улс хөгжихгүй ээ, харин ч хойшлох болно.

-Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналыг МАН-ын бүлэг хүлээж аваагүй?

-Нэг сая төгрөгийн 200 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдсэн 800 мянган төгрөгийг аж ахуйн нэгжүүдээ дэмжих ваучер бүтээгдэхүүн худалдаж авах санаачилгыг Ерөнхийлөгч гаргасан. Дэлхийн улс орнууд ийм арга хэмжээнүүдийг авч байна. Жишээ нь, АНУ, Япон улс хатуу хөл хорионы үед иргэддээ тодорхой хэмжээний бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлж байна. Дэлхий нийтийн энэ жишгийн дагуу иргэддээ хатуу хөл хорионы үед дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгч гаргасан. Харамсалтай нь үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн улс төр гэж үзээд МАН бойкотоллоо. Ерөнхийлөгчийн санаачилга бол иргэдээ дэмжих бодлого байсан болохоос биш улс орноо хорлочихъё гэдэг юм байхгүй.

-Засгийн газар, УОК-оос “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд олон алдаатай шийдвэр, бодлогууд яваад байна. Ер нь дотооддоо вирус алдсаны дээр хариуцлагын асуудал яригдах ёстой юу?

-Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бүх талаас нь би дэмжээд явж байгаа. Цар тахлын үед УОК-ын хийж байгаа ажлыг харахад шүүмжлэх олон асуудал гарч байна. Гэхдээ энэ болгон дээр ажил хийж байгаа хүмүүсийн хажуугаар ороод шүүмжлээд явах нь илүү биз. Цар тахлын үед иргэд өөрсдөө ухамсартай байж, хариуцлагаа өндөржүүлэх, маскаа зүүх, зайгаа барих, гараа угаах зэрэг үндсэн дэглэмүүдийг хийж хэвших нь чухал байна. Тэгж байж цар тахлыг хохирол багатай даван туулж чадна. Ер нь бол Европын холбоо, бусад улс орнууд “Ковид-19”-өөс сэргийлэх ажил бол хувь хүний өөрийнх нь асуудал юм байна. Тийм учраас иргэд хорио цээрийн дэглэмээ бариад, өөрсдөө хариуцлагатай байгаад, хориогоо сулруулж, хилээ нээж байна. Үүнтэй адил бид бүхэн хувь хүмүүсийн хариуцлагыг өндөржүүлээд илүү бодит байр сууринаас асуудалд хандаад явах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Бид дотооддоо ковид алдчихлаа гээд ард иргэдээ айлгаад улс төр хийж болохгүй. Учир нь хажуу хөрш орнуудаа айлгаж болохгүй. Хөрш орнууд чинь дотооддоо ковид алдчихлаа, янз бүрийн том эрсдэл үүсчихлээ гэвэл хилээ хаах ийм эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Үүнээс үүдээд өдөрт 1200 машин гарч байсан бол 200 гарч байна. Дотроо хэт сүржигнэх тусам уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд гадаад зах зээл рүү нүүрсээ гаргах энэ боломжууд хаагдах эрсдэлтэй. Одоо Засгийн газар тодорхой хэмжээгээр Улаанбаатар хотод алдсан тохиолдлуудыг хатуу хөл хорионы үед хумьж эхэлсэн. Тийм учраас цаашид дэглэмээ сулруулах, ковидын эсрэг арга хэмжээг авч чадсан гэдгээ бусад хөршүүддээ мэдээлэх шаардлага гарч байна. Дээр нь аж ахуйн нэгжүүдээ үйл ажиллагаанд оруулж, тэднийг орлоготой байлгах, экспортоо нэмэгдүүлэх боломж энэ хүрээнд гарч ирнэ.

-Өмнөх хөл хорионы үед үйл ажиллагаа нь зогсоод жигдэрч амжаагүй байсан, дампуурлын ирмэгт байгаа маш олон аж ахуйн нэгж байна?

-УИХ-ын гишүүд чуулган дээр үг хэлэхдээ иргэдийн орлого багасч байна гэж яриад байгаа. Иргэдийн орлого аль хэдийнэ зогссон. Харин гишүүдийн орлого багассан байж магадгүй. Тийм учраас тодорхой хэмжээнд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, тэдний үйл ажиллагааг идэвхтэй болгох, арга хэмжээнүүдийг маш яаралтай хийхгүй бол өнөөдөр нийт хүн амын 900 мянга орчим нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэд байна. Энэ хүмүүсийн үйл ажиллагаа зогсож, цалингүй, орлогогүй байдал удаан үргэлжилж болохгүй. Тиймээс Засгийн газар хувь хүн бүрийн дэглэм, хамгаалалтыг нь хийлгээд ойрын үедээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх нь чухал байна.

-Ардчилсан намын их хурал цар тахлын улмаас хойшилсон. Их хурлаа цахимаар хийхээр яригдаж байгаа гэсэн үү?

-АН дүрмээ өөрчлөх шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд их хурлаа цахимаар хуралдуулаад дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэж батлаад Улсын дээд шүүхэд өгнө. Улсын Дээд Шүүх дүрмийн өөрчлөлтийг баталсны дараа энэ дүрмээрээ намын даргаа сонгох их хурлыг хийнэ. Ихэнх гишүүд намын даргаа сонгохдоо цахимаар хийхгүй, намын их хурлын төлөөлөгчид бүгд сууж байгаад хурлаа хийгээд намын даргаа сонгох хүсэлтэй байгаа. Тийм учраас бид намын даргаа сонгохдоо хорио цээрийн дэглэм буурсны дараа хийнэ.

-АН-ын дараагийн шинэ дарга хэн болох вэ гэдэг дээр хүмүүс байр сууриа илэрхийлээд эхэлсэн байна.АН-ын дарга хүн ямар байх ёстой гэж та бодож байна вэ?

-Олон хүн АН-ын даргад өрсөлдөхөөр сунгаанд нэрээ өгсөн байсан. Би нэг зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. Ер нь дурын нэг нөхөр гарч ирээд АН-ын даргад нэрээ дэвшүүлдэг ийм үнэмлэмжгүй нам биш. Манай нам бол Монгол төрийн хоёр багана болсон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралыг шийдэж байгаа ийм том улс төрийн хүчин. Намын дарга болох хүн маш өндөр ёс суртахуунтай, олны итгэлийг хүлээсэн хүн байх ёстой гэж үздэг. Тийм учраас дурын нэг хүн дэвших ёсгүй гэж би бодож байна. Намын дүрмээр намын даргыг сонгохдоо Үндэсний бодлогын хороогоор намын даргад нэр дэвшиж байгаа бүх хүмүүсийг оруулаад тэндээсээ шалгаруулаад намын их хурлаар тэр хоёр хүн дээр санал хурааж шийдэх дүрмийн өөрчлөлт орно. Тийм учраас АН-ын даргад ард иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээсэн, улс төрийн өндөр мэдрэмжтэй чадвартай хүн сонгогдоно гэдэгт итгэж байна.

-Энэ хүнд цаг үед үүргээ гүйцэтгэж ард түмнээ төлөөлж, хариуцлага нэхэж дуугарахгүй байна гэдэг шүүмжлэл гарч байна. Яагаад цөөнх дуугарахгүй байна вэ?

-АН-ын цөөнх тодорхой байр сууриа УИХ дээр, Байнгын хороодын хурал болон бусад хэвлэл мэдээллээр ч илэрхийлж байгаа. Харамсалтай нь дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүдийн амыг янз бүрийн аргаар барих ажлыг эрх баригч нар хийж байна. Тийм учраас МҮОНТP, бусад телевизээр манай намын бүлгийн гишүүдийн шүүмжлэлт байр сууринаас хандаж хэлсэн үгийг гаргахгүй байна. Олон нийт, ард иргэдэд АН-ын цөөнх ажиллахгүй байна гэдэг ойлголт төрж байгаа байх. Ардчилсан намын гишүүдийн хэлсэн үгийг харах юм бол бид хангалттай ард түмнээ төлөөлж үгээ хэлж байгаа. Харамсалтай нь үүнийг олон нийтэд хүргэх ажил тодорхой хэмжээнд саарч байгаа тохиолдол бий.

Categories
мэдээ нийгэм

Ломбардуудад зээлдэгчийн эд зүйлийг борлуулахгүй байх зөвлөмж хүргэлээ

Ломбардууд хулгайг өөгшүүлж, хуулиас гадуур хаанчилсаар байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжид,

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчээс зээл авсан иргэний зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд,

1. Зээлийн барьцаанд байгаа үнэт эдлэл болон бусад эд хөрөнгийг зээлдэгч хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдан борлуулахгүй байх

2. Зээлдэгч иргэнд зээлийн гэрээний хугацааг сунгах эсхүл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барьцаанд байгаа эд хөрөнгөө эргүүлэн авах боломж олгож ажиллахыг тусгажээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд өнөөдөр PCR шинжилгээнд хамрагдана

Оюутан – Монгол Улсын Их Сургууль

Орон нутаг руу явах оюутны байрнаас гадуур амьдарч буй МУИС-ийн оюутнуудыг 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр буюу өнөөдөр PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ.

PCR шинжилгээ хийх дүүрэг, сургуулийн байршил:

Дүүрэг

Байршил

Хан-Уул

114-р сургууль

Хан-Уул

32-р сургууль

Хан-Уул

15-р сургууль

Хан-Уул

41-р сургууль

Баянгол

38-р сургууль

Баянгол

141-р сургууль

Чингэлтэй

37-р сургууль

Чингэлтэй

39-р сургууль

Сүхбаатар

31-р сургууль

Баянзүрх

87-р сургууль

Баянзүрх

102-р сургууль

Сонгинохайрхан

Өнөр цогцолбор сургууль

Сонгинохайрхан

67-р сургууль

Сонгинохайрхан

106-р сургууль

АНХААРАХ ЗҮЙЛС

2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр зөвхөн оюутны дотуур байрнаас гадуур амьдарч буй орон нутаг руу буцах МУИС-ийн оюутнууд шинжилгээнд хамрагдана.

Оюутан бүр иргэний болон оюутны үнэмлэхээ шинжилгээний байранд авч ирнэ.

Шинжилгээний дугаар авах шаардлагагүй.

Оюутнууд дээрх байршлаас өөрийн одоо амьдарч буй газартай ойрхон байршлыг сонгож шинжилгээ өгнө үү.

Халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг хатуу мөрдөхийг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Д.Батсүмбэрэл LFA холбооны аваргын төлөө тулалдана

АНУ-ын LFA холбооны 96 дахь удаагийн аварга шалгаруулах
тэмцээнд Монголын MGL-1 холбооны 77 кг жингийн гурван удаагийн аварга Д.Батсүмбэрэл Бразилын тулаанч Мейкон Мендонкатай тулалдах аж. Уг тулаан 10 цагаас Uni Live, Look tv, Ddish Live сувгуудаар гарах юм.

АНУ-ын Канзас мужийн Парк хот дахь “Hartman Arena”-д болох тулааны ялагч LFA холбооны дунд жингийн аварга болно. Долоон тулаан хийхдээ нэг ч ялагдаагүй Д.Батсүмбэрэлийн өрсөлдөгч Мейкон 14 тулаан хийхдээ 10 ялжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УГТЭ-ийн эмч нар хэвлийн гол судасны цүлхэнд “графт стент” тавих мэс заслыг амжилттай хийлээ​

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Улсын гуравдугаар төв эмнэлэг тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдалд эмнэлзүйн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй ханган ажиллаж байгаа билээ.

2020 оны арванхоёрдугаар сарын 04-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх, Монгол улсын Хүний гавьяат эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн, Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн эрхлэгч Ц.Дамдинсүрэн, Зүрх судлалын тасгийн Хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий, Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгч Д.Бат-Ундрал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ш.Батцэцэг, ангиографийн болон мэс заслын сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилагч, ангиографийн инженер, техникч нарын хамтарсан баг хоёр талын ташааны тараагуур судсыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэний эмгэгт Монгол улсад хоёрдох удаагаа бие даан судсан дотуурх мэс заслын аргаар “стент графт” буюу өмсгөлтэй стент суулгах мэс заслыг амжилттай хийлээ.

Хоёр ташааны тараагуур судас хамарсан хэвлийн гол судасны цүлхэн оноштойгоор тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч нарын хяналтад байсан 63 настай эмчлүүлэгчид ерөнхий унтуулгын дор хоёр гуяны тараагуур судсаар дамжуулан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэнд нэхмэл полиэстр материал бүхий өмсгөлтэй стент графтийг байрлуулж, цүлхэн хагарч цус алдах хүндрэл болон улмаар амь нас эрсдэх аюулаас сэргийлж чадлаа.

Монгол улсад хараахан хийгдэх боломжгүйн үүднээс зайлшгүй гадаад улсад явж эмчлүүлэх өвчний жагсаалтад багтсан уг өвчин энэ удаа дэлхий нийтийн хэмжээнд тархаад байгаа цартахлын улмаас үйлчлүүлэгчийн хувьд гадаад улсад явах ямар ч боломжгүй болоод байсан билээ. Энэ хүнд хэцүү цаг үед нарийн технологи, өндөр ур чадвар шаардсан энэхүү мэс заслыг тус эмнэлгийн эмч нар өөрсдөө бие даан хоёр дахь удаагаа амжилттай гүйцэтгэн, эмчлүүлэгчийг эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдэлээс хамгаалахын сацуу өндөр түвшний чанартай тусламжийг ямар ч чирэгдэлгүйгээр эх орондоо авах боломжоор хангаж ажиллаа.

Тус эмнэлгийн зочин профессор болох Бээжингийн Их сургуулийн эмнэлгийн судасны мэс заслын зөвлөх эмч, профессор Ли Ёонг Жун энэ удаа мөн онлайнаар холбогдон алсын зайнаас шууд зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлжээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хар морь өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 5, Санчир гариг. Билгийн тооллын 20, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр жилтнээ бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гаригийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар цас орохгүй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт 1124 иргэн гэрийн хяналтад байна

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан халдварын нөхцөл байдлын талаарх мэдээг олон нийтэд өгч ажиллаж байна.


2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 17:30 цагийн байдлаар аймагт нэвтэрсэн тээврийн хэрэгсэл

  • Баян-Хонгор аймгаас хоёр ачааны машин ирсэн / хоёр жолоочтой/ өнөөдөр буцаж гарна.
  • Завхан аймгаас нэг ачааны машин ирсэн / гурван хүнтэй/
  • Улаанбаатар хотоос 10 машин орж ирсэн.
  • Хоёр автобусаар 83 хүн / гэрийн тусгаарлалт/
  • Найман суудлын машинаар 33 хүн / гэрийн тусгаарлалт/

Гарсан тээврийн хэрэгсэл долоо байгаагаас нэг автобус 22 хүнтэй, үлдсэн зургаан машин 12 хүнтэй явсан.
Тус аймагт нийт 1124 иргэн гэрийн хяналтад байна.





Categories
мэдээ нийгэм

“Идэш хоолгүй болсон хэрэмнүүд олноор үхэж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй гэв

Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байгаа тухай нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд мэдээлэлд ашиглагдсан зургийг гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь тогтоогдсон.

Өнөөдрийн байдлаар самар бэлтгэснээс Хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, хэрэм, жирх зэрэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орон хорогдсон талаарх мэдээлэл байхгүй байна.
Иймд аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг уриалж байна.
Энэ жил Хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр их ургацын жил тохиож байгаа нь тогтоогдсон. Энэ хүрээнд 8 аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, 10 Улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын бүс, Нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгосон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярт оногдуулсан 5 жилийн хорих ялыг 2.6 жил болгож бууруулав

Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр цахимаар болж байна. Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргасан бөгөөд С.Баярт оногдуулах ялыг хоёр жил зургаан сар болгож ялын хэмжээг бууруулжээ.

Анхан шатны шүүхээс С.Баярыг таван жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.