Categories
мэдээ нийгэм

Халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагчдад шаардлагатай хэрэгсэл бүхий аранзыг бэлтгэн өглөө

Имарт Хайпермаркетийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Ковид-19” цар тахлын яг голомтод, халдварын эрсдэл өндөртэй нөхцөлд, өвчтөнтэй нүүр тулан ажиллаж буй эмч, сувилагч нарт шаардлагатай хэрэгсэл бүхий аранзыг бэлтгэн хүргүүллээ.

Эхний ээлжинд дотоодын халдвар эрчимтэй тархаад буй нөхцөл байдал хүндрэлтэй орон нутгууд болох Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймгуудын Эрүүл мэндийн газруудад өнөөдөр Монгол шуудангаар илгээмжээ явууллаа. Дараагийн ээлжинд мөн адил онцгой нөхцөл байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчдад хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд тусламжийн эд зүйлсээ бэлтгэж эхлээд байна. Дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй “Ковид 19” цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, түүнийг таслан зогсоох үйлсэд бид хамтдаа хүчээ нэгтгэн тэмцвэл, удахгүй үүсээд буй цар тахлыг зогсоож чадна гэдэгт итгэлтэй байна.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс халдвар бүртгэгдсэн аймгууд руу явах иргэдийг бүртгэж эхэллээ

Орон нутаг буцах иргэдийн эхний автобус Дорнодын чиглэлд хөдлөв – Монгол  туургатны цахим сайт

Халдвар бүртгэгдсэн аймгууд руу зорчих иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхлэх талаарх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос холбогдох албан газруудад хүргүүлсэн байна.

Тодруулбал, Одоогоор коронавирусийн халдвар бүртгэгдсэн Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон халдвар бүртгэгдээгүй стратегийн ач холбогдол бүхий Өмнөговь аймаг руу зорчих иргэдийг халдвар хамгааллын дэглэмж сахиулан, PCR шинжилгээнийн хариуг үндэслэн өнөөдрөөс бүртгэж, тээвэрлэлтийг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгалаа

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг цаг-үе

Х.Болор-Эрдэнэ: Монгол бас нохой гол дүр нь учраас “Хишигт” тууж маань францчуудын сонирхлыг татсан

Үргэлжилсэн үгийн зохиол, шинэ роман, кино, дууны шүлэг, хүүхдийн ном, жүжиг, сэтгэлгээний өгүүллэгүүдийн түүвэр гээд олон төрлөөр бичсэн цөөхөн эмэгтэй зохиолчийн нэг Х.Болор-Эрдэнэ. Францад амьдарч, бичиж,бүтээж байгаа түүнтэй цахимаар ярилцлаа.


-Таны “Хишигт” тууж франц хэлээр хэвлэгджээ. Монгол зохиолчийн ном юугаараа францчуудын сонирхлыг татсан юм бол?

-Нэгдүгээрт, Монгол гэдгээрээ. “Монгол моодонд орж байна” гэж хэдэн жилийн өмнө би бичиж байсан даа.Хоёрдугаарт, нохой гол дүр нь учраас. Энд нохойгүй айл гэж бараг л байхгүй. Гудамжинд эзэнгүй ганц ч нохой байдаггүй. Нохойнууд бүгд яг хүн шиг гэрчилгээтэй, бичиг баримттай, тусгай эмнэлэг, хүнсний газруудтай. Алга болбол байршил тогтоодог чиптэй. Тийм учраас “Хишигт” тууж үнэ хүндтэй байх нь аргагүй. Гуравт, монгол нохой гадаа уяатай чигээр өвлийн хасах 30 хэмд амьдардаг гэхээр бүгд эрүү нь мултрах шахдаг. Дөрөвдүгээрт, энэ номд социализмын он жилүүд гардаг. Энэ сэдэв европчуудын хувьд үргэлж сонирхлыг нь татдаг. Тэгээд хамгийн гол зүйл нь бодит түүх, жинхэнэ эзэн нь би өөрөө учраас.

-Америк, Европын зах зээлд гарахыг хүсч байгаа монгол зохиолчид юуг онцолж зөвлөх вэ?

-Наадах чинь надад ахадсан асуулт байна. Гадаадын хэлнүүд рүү сайн орчуулагчдыг төр бодлогоор бэлдэх зайлшгүй шаардлагатай гэдгийг алхам тутамдаа ойлгож байна. Багагүй хөрөнгө мөнгө шаардагдах ажил учраас төр гэж яриад байгаа юм л даа. Маш олон хэлнээс монголчууд эх хэл рүүгээ хөрвүүлж чадаж байна. Харин гадны хэл рүү монгол уран зохиолыг орчуулах асуудал үнэндээ таг байна. Тэрнээс бид тэгтлээ оюун санааны хувьд дорд орсон уран зохиолтой орон биш. Орчуулж л чадвал манайд жинхэнэ гайхамшгууд нуугдаж байна. Гадагшаа монгол уран зохиолыг орчуулж чаддаг орчуулагчдын тоо маш цөөн, бараг л байхгүй гэхэд болно. Гадаадад ажиллаж амьдардаг ганц, хоёрхон л хүн оролдож байна. Харин тэдний мэддэггүй хэлээр хэн ч орчуулж чадахгүй байна. Харин үүнийг шийдэх ганц гарц бол энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг хөрөнгө, хүч, цаг хугацаа зарж бодлогоор бэлдэх хэрэгтэй байна.

-Оюуны зах зээл дээр ажиллаж, бичиж байгаа хүний хувьд нүүр тулж байдаг гол саад бэрхшээл юу байна?

-Гадаад зах зээл рүү тэмүүлж байгаа монгол зохиолч бүрт, ерөөсөө энэ талбарт бизнес хийж байгаа монгол хүн бүрт төр болон харьяалах төрийн бус байгууллагаас нь тодорхой бодитой дэмжлэг хэрэгтэй байна. Хувь хүн бор зүрхээрээ зүтгээд нэг юм гэлдрээд байна л даа. Гэвч далайц муутай.Эдийн засгийн өсөлтөө дагаад Хятадын уран зохиол, зохиолчид нэг хэсэг дэлхийд маш хүчтэй түрэн гарч ирсэн. Тэд зүгээр нэг тохиолдлоор санамсаргүй гараад ирлээ гэж үү?Би тэгж бодохгүй байна. Тэд бол араасаа санхүүгийн болоод бодлогын асар том дэмжлэгтэйгээр энэ том далайд хөл тавьсан. Монгол бол газарзүйн хувьд далайд гарцгүй орон. Гэтэл бид бас оюуны далайд ч гарцгүй байна шүү дээ. Монголын нөгөө тэрбум тэрбумаар нь хөрөнгө цацаад байгаа “зөөлөн хүч”-ний бодлого хаана байна? Дээр нь бидний эв нэгдэлгүй байдал. Ерөөсөө “Би л болчихвол бусад нь хамаагүй” гэдэг жалгын үзэл бидний гадаад гарцыг шууд хааж байна. Дэмжлэг гэдэг дээр нэг жишээ хэлье. Энэ бол мөнгө санхүүгээс тусдаа бидний моралийн асуудал. Гадаадад ажиллаж уран бүтээлээ хийж байгаа цөөн хэдхэн монгол хүн бий. Зохиолч, кино найруулагч, зураач, “Нарны цирк” зэргийн“А” зэрэглэлийн үзүүлбэрийн уран нугараачид гээд дуусч байна. Ер нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүний нэг хөл нь эх орондоо зоолттой зогсож байдаг.

“Эх орон” гэдэг харагдаж үзэгдэхгүй хэрнээ тэр их хүч араас нь цаг үргэлж тулж түшиж байдаг юм. Харин нөгөө хөл нь тухайн зах зээл болсон улс орон дээр гишгээтэй зүтгэж байдаг. Тийм хүмүүсээ араас нь урамшуулан тэтгэж дэмжихийн оронд нөгөө эх орондоо зоолттой байгаа ганц хөлийг нь нутаг нэгтнүүд нь дэгээдэж унагах гээд л дайраад байдаг. Хойно байгаа миний өрөөсөн хөлөөр оролдвол тэнцвэрээ алдсан би гарцаагүй унаж л таарна. Унахдаа хоёр хөлөө зэрэг алдаж, нөгөө салбараа давхраар нь дараад унах л байхгүй юу. Тэгэхээр үүнийг их бодмоор байна аа. Хэрэгтэй үед хэлсэн ганц сайхан үг мянган сургаалаас илүү хүч өгдөг. Ялангуяа гадаадад байгаа хүмүүс тэр л урмаар сэхэж сэргэж “амьд” явдаг. Сүр сүр юм ярьж айлгамааргүй байна. Зөвхөн урлаг ч биш том зах зээлд орсон хэнд ч амжилт олно гэдэг зөөлөн боорцог биш ээ. Тиймээс тэдгээр хүмүүсээ ойлгож дэмждэггүй юм гэхэд хойд хөлийг нь араас нь битгий татаж чангаагаарай л гэж хэлье дээ. Сая нэг монгол залуу Америкт гүйгээд чухам ямар их хэл аманд оров оо. Чинагийн Галсан гэж том зохиолчийн тухай яагаад зөвхөн Монголд л хамгийн бага мэддэг юм бэ?

Одоо хэдүүлээ хамтдаа сайн бодъё. Хэн нь хол явах бололцоотой вэ? Хэнд боломж, хүч, амжилт хамгийн ойр байна гэдгийг нь эхлээд харж сурмаар байна. Тэгээд дэмжсэн шиг дэмжье. Түүнээс “Бурхан минь ээ. Намайг амжилтад хүргэдэггүй юм гэхэд ядаж тэр муугийн боломжийг үгүй хийгээд өгөөч дээ” гээд залбираад суугаа цагт дэлхий манай уран зохиолыг уншиж чадахгүй.

-“Хэзээ ч, хэн ч чамайг над шиг хайрлахгүй” гэж таны бичсэн дууны үг байдаг. “Үл таних эмэгтэй” киноны дуу. Ингэхэд хайр гэж юу юм бэ?

-Гавьяат Ө.Уянгын дуулдаг “Буруугүй буруутан” жүжгийн дууны үгийг хэдэн онд бичсэн юм бэ дээ. Түүнд ”Үнэн худлыг чинь би хамтад нь хайрлажээ” гэсэн үг бий. Худлыг нь хүртэл хайрлаж чадах тэр сэтгэлийг л хайр гэх байх даа. Эх үр, эцэг хүү, дурлалт хосуудын гэхчлэн хайр ер дуусч дундардаггүй, элж барагддаггүй мөнхийн ус шиг ид шидтэй зүйл. Бараг бүх зохиол, бүх урлагт хайр дурлал гардаг. Шашнууд хүртэл бүгд л хайрыг номлодог. Хэдий нохойн тухай өгүүлдэг ч “Хишигт” бол бас л нэг хайрын түүх. Нээрэн, би одоо энэ асуултаас эргээд санахад хайрын тухай үнэхээр их бичсэн юм байна. “Би чамд хайртай-2” киноны зохиол ч хайрын тухай. “Хувьсал”-ын “Хайр” жүжгийн дуунд бас л өнөөх хайр. “Дуулаад дуусаагүй дуу минь чи билээ” гээд л… “Нүцгэн шөнө”, ”Зүрхэнд үйлдвэрлэв”, ”Диваажингийн хоригдлууд”, “Би, бид, хоёр”. За тэгээд, ”МИ-15”, “Болор туужууд”, “Болор өгүүллэгүүд”, “Муу залуу” тууж маань байна. Бүгдэд нь л ямар нэг хэмжээгээр хайрын түүхүүд бий. “Нарны өнгө” гэж кино хүртэл явсаар байгаад л өнөөх хайр дээр очно. “Нарыг хайрла” гэж дуулаад төгсдөг. Нээрээ тийм байна. Бас үнэхээр сайхан санагдаж байна. Хайргүй ганц ч зохиол байхгүй юм байна.

-Та хүүхдүүдээ Францад өсгөж байгаа. Францчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга нь манайхнаас өөр юм шиг байна лээ. Франц ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх аргуудаас хуваалцаач?

-Юуны өмнө би бол монгол ээж. Францчуудыг бодвол монгол ээжийн хүмүүжлийн арга барил их өөр. Монгол ээжийн хүүхдүүд гэр бүлдээ тусалдаг, эцэг, эхээ хүндэлдэг, монгол хэл, соёлоо сонирхдог, ахмад хүнийг хүндэлж мэддэг. Хайрлуулж өссөн монгол хүүхдүүд нас өндөр болсон эх, эцгээ асрамжийн газарт орхихгүй. Харин өрнийхний ихэнхэд нь энэ бол энгийн л үзэгдэл. Гэхдээ бас эндхийн хүмүүжлийн арга барилаас авах зүйл их бий. Хүүхдүүдэд худлаа ярьж болохгүйг маш багаас нь зааж сургадаг. Мэндлэх, хүндлэх гэх мэт харилцааны соёлын зайлшгүй чухал хандлагыг хүн бүрт эзэмшүүлэх, хооллох соёл, бусдад төвөг болохгүй зэрэгцэн орших, хогоо зохих газарт нь хаях, хүний нас хүйс, сонирхол болон ажил мэргэжлийг ялгаварлан гадуурхахгүй байх гээд соёлт хүнд байх шаардлагатай бүхнийг ухаан орох цагаас нь ягштал суулгаж байна. Багш нар хүүхэд ялгаварлаж, дур мэдэн эцэг эхчүүдээс мөнгө татаж, бэлэг авахыг хатуу цээрлэдэг. Үүнийгээ зүй ёсоор ажлаа хийж байгаа хэрэг л гэж үзнэ. Хэн нэг нь худлаа хэлбэл бөөн юм болно. Хүүхдүүд нэгэндээ бүдүүлэг үг хэлбэл том асуудалд орно. Тэгэхээр худалч хүн их цөөн байдаг гэсэн үг. Энэ нь надад их таатай санагддаг. Алхам тутамдаа ч үүнийг мэдэрдэг.

-Хөл хорионы үеэр өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ, юунд илүү цагаа зарцуулж байгаа вэ?

-Бичиж л байна. Гэхдээ бас зүгээргүй ээ. Хөл хорионд сууж байгаа монголчууддаа зориулаад өөрийн гэсэн хамаг л бүтээлээ маш хямдхан үнэтэй болгоод “Mplus” аппликэйшнд оруулаад авлаа. Үүнийгээ бид хүмүүсийн оюуны дархлааг дэмжсэн нэг чухал ажил гэж үзэж байна. Жишээ нь, хаалттай номын дэлгүүрээс хайгаад ч авч чадахгүй байгаа “Гүйж яваа эмэгтэй”-г маш хямдаар цахимаар шууд л уншчихна гэдэг чинь боломж шүү дээ. Энэ хөл хориог дагаад Америк, Европын эрдэмтдийн судалгаагаар депрессээс үүдэлтэй сэтгэцийн өвчтөний тоо асар их хэмжээгээр нэмэгдсэн. Монголчууд ч гэсэн хүн л юм хойно судлаад гаргаагүй ч гэсэн ийм асуудалд өртөж л байгаа. Манайхан нэрэлхүү учраас ил хэлдэггүй, эсвэл юу болоод байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй л явцгааж байгаа байх. Тиймээс тэр бүхэнд дусал ч болсон тус дэм болох гэж арга сүвэгчилж л байна.

-Таны “Гүйж яваа эмэгтэй” их амжилт олсон. Энэ номын дараагийн дэвтэр гарах болов уу гэж уншигчид их сонирхох юм аа?

-Дараагийн дэвтэр гэдэг зүйл байхгүй. Энэ бол сериал кино биш ээ. Гэхдээ хүсэн хүлээж байгаа уншигчдадаа маш их баярлаж сууна. Мэдээж би дахиад өөр номнууд гаргана. Тэдгээр номд ч бас өөр өөр гүйж яваа эмэгтэйчүүд байж болох юм. Эрчүүд ч байж болох юм.

-Та өөрийнхөө амьдарч байгаа хотын цар тахлын нөхцөл байдал, хөл хорионы үеийн нөхцөл байдлын талаар ярьж өгөөч.

-Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд Франц орон даяар хатуу хөл хорио зарлаад, зургадугаар сарын сүүлээр хөл хориогоо цуцалсан. Хүмүүс зуны турш юу ч тохиолдоогүй мэт аялж зугаалж, холилдож хутгалдаад бас л хайнга хандаж байлаа. Ингээд аравдугаар сард дахин хатуу хөл хориог Франц даяар тогтоов. Зарим хүмүүс бүр маск зүүхийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлж, сүмд оруулах боломжоор мөргөлчдийг хангаж өгөхийг шаардсан эсэргүүцлийн цуглаан ч хийцгээж байлаа. Гэвч тахал тэдний хариуг сайн өгсөн. Франц халдвар авсан иргэдийнх нь тоо нэг сая давсныг зарлав. Нас барагсдын тоо өнгөрсөн хаврынхаас хавьгүй илүү өссөн. Ингээд бүгд чимээгүй болж, төрийнхөө зааврыг дагахаас өөр гарцгүй болцгоосон. Гэхдээ энэ улс тахлаар далайлгаад иргэдээ заналхийлээд байгаа зүйл бол алга. Тахал аюултайг одоо бүгд мэддэг боллоо. Хэн ч цагдаагийн оролцоогүй 1-2 метрийн зайгаа барьж байна. Хүүхдүүд масктай хичээлдээ сууцгааж байна. Дэлгүүр хоршоо хэвийн ажиллаж байна. Банкууд бүгд энгийн ажиллагааны нормтойгоо байна. Хүмүүс орж гарахдаа зөвшөөрлийн бичгээ үйлдээд, эсвэл утсандаа аппликэйшн суулгаад цаг, нараа бичээд явчихдаг болж сурсан байна. Уулзахдаа бас салахдаа 2-4 удаа үнсэлцдэг уламжлалтай францууд гараа даллан мэндэлж, инээмсэглэн толгой дохиж сурч байна даа.

-Одоо хөл хорио суларсан уу. Хүмүүс маск зүүж, зай барихыг хэрхэн үзэж байна?

-Тийм ээ, хатуу хөл хориог сулласан. Гэхдээ хорио бүрэн дуусаагүй. Гурав дахь давлагаа гуравдугаар сард дахин ирнэ гэдгийг Европ даяар анхааруулж байна. Англи улс лав ирэх долоо хоногт эмзэг бүлгийнхэн болон настай хүмүүсээ эхэлж вакцинд хамруулахаар зарлачихлаа. Франц ч бас эмзэг бүлгийн иргэд, өндөр настнууддаа хамгийн түрүүнд вакцин хийхээр боллоо. Гуравдугаар сараас өмнө амжаад ихэнх иргэдээ вакцинжуулна гэсэн зорилготой байх шиг байна.Ер нь иргэдийнх нь ухамсар, аливаа хууль журмыг хүндлэн үздэг онцлогтой орнууд бол коронавирусийг ялж эхэлж байна. Иргэд зай барих, маск зүүх ёстой гэдгийг хатуу ойлгож байна. Маск бол энэ тахлаас хамгийн түрүүнд хамгаалах вакцин юм байна гэдгийг хамгийн балчир хүүхэд хүртэл ойлгочихлоо. Би эмч, доктор хүн биш учраас ердөө л хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ уншиж ойлголт аваад явж байна.

Монголд одоо л цар тахал гарч байна. Энэ бол цаг хугацааны л асуудал байсан. Харин ч удаан тогтоож барьсан. Одоо бусад улс орнуудын бэлээхэн харуулж, бий болгож байгаа зохион байгуулалтыг хуулаад ч болсон ажиллах хэрэгтэй л санагдаж байна. “Нэг метрийн зай барь, амны хаалт зүү” гэдгийг хэлээд ойлгохгүй байгаа хүмүүст “Нэг хонины, эсвэл нэг морины зайтай зогс оо” гээд ойлгох хэлээр нь сайтар мэдүүлээд л өгмөөр байгаа юм. Жижиг сажиг үйлчилгээний хүндрэлүүдээ одоо больчихмоор юм даа. Хүн хүндрүүлэх бүх л арга чаргыг бодоод сууж байдаг хүмүүс төрд ажиллаад байна уу гэмээр л харагдах юм. Одоо эрүүл ахуйн дэглэмээ сайтар бариад, хяналтаа чангатгаад ажлын байрнууд, үйлчилгээнийхээ газруудыг нээхгүй бол дараа нь үүсэх эдийн засгийн том цохилтноос манай улс босож ирэхгүй шүү. Ингэхэд би Онцгой комиссын ажилтан биш байж яг юу яриад байгаа юм бол?

-Тийм ээ, нээрээ сэдвээ өөрчилье. Та роман, тууж, кино зохиол, жүжиг, өгүүллэг гээд олон төрлөөр бичдэг. Гэтэл бас олон сайхан хит дууны үг бичсэн шүү дээ?

-Анх бол би ихэнхдээ хөгжмийн зохиолчдын өгсөн аян дээр үг зохиож өгдөг байсан. Тэр л их туршлага болсон байх. “Бэлэн аян дээр үг тааруулж бичдэг хүн их ховор. Загдын Түмэнжаргал ах байхдаа л тэгж бичдэг байсан. Одоо чи л байна” гэж МУГЖ Т.Ариунаа нэг удаа хэлж байсан юм. Угаасаа аян дээр дууны үг бичих саналыг анх дуучин Т.Ариунаа л надад тавьж байлаа. Тэрнээс хойш МУУГЗ Л.Балхжав, МУУГЗ Т.Сэр-Од, МУСГЗ Г.Пүрэвдорж, МУУГЗ Г.Бямбабаяр гээд манай мундаг хөгжмийн зохиолчдын өгсөн аянууд дээр үг бичсэн.Бүгд л амжилттай сайхан дуулагдсан. Дуучдын маань хөдөлмөрч чанар, дууныхаа араас уйгагүй гүйдэг, цэцэг усалж байгаа мэт уран бүтээлээ үргэлж шинэчилж, түгээж байдагтай л дуу хит болох асуудал холбоотой гэж бодож байна. Тэгэхээр тэдгээр мундаг хүмүүсийн авьяас чадлаар л дуунууд маань амжилттай болоод байгаа хэрэг. Тэгээд л нэг мэдэхэд өөрийн үгнүүд дээр маань бүтээсэн дуунууд ч бас бий болж эхэлсэн. Хамгийн сүүлд “Харанга” хамтлагийн МУУГЗ Ц.Чулуунбат, “Никитон” хамтлагийн, дуучин МУУГЗ Батчулуун гээд хүмүүстэй дуучин СТА Б.Баярцэцэгийн дуулсан “Наашаа суу”, “Намайг зур” гээд дуунууд бүтээлээ. Аль аль нь амжилттай сайхан л явж байна.

-Ингэхэд хичнээн кинотой билээ. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Би дэлгэцэнд гаргасан дөрвөн кинотой. Дэлгэцэнд гараагүй хэд хэдэн кино зохиол бий. Өнгөрсөн жил Швейцарийн нэг студийн хүсэлтээр бичсэн киноны ажил маань хөл хорио, цар тахал гээд бүтэн жилээр хойшилсон байгаа. 2021 оны төлөвлөгөөнд орсон гэсэн. Яг одоо МУУГЗ зохиолч Санжийн Пүрэв баавайгийнхаа нэгэн сайхан туужийг кино зохиол болгох ажилтай сууж байна. Кино зохиол бичнэ гэдэг төвөгтэй ажил. Харилцан яриа нь нэг л буруудчихвал эхнээс нь дахиад хөөж засах хэрэгтэй болдог. Тиймээс амаргүй ч бас сонирхолтой ажилтай л сууж байна.

Б.ЭГШИГЛЭН

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАНБОГД СУМ: Жолооч нарын паспортыг сунгалаа

Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтоор уул уурхайн экспорт хийгдэж, улс орныхоо эдийн засгийн гол ачааг үүрч байна. Хоёр хилийн боомтод ажиллаж байгаа 348 жолоочийн гадаад паспортын хугацаа хөл хорионы энэ үеэр дуусгавар болж, ажлаа хийх боломжгүй боомт дээр зогсоод байсан юм. Энэ асуудлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэн, УОК-т хандаж, УБЕГ болон Өмнөговь аймаг дахь УБХ хамтран 60 гаруй аж ахуйн нэгжийн 348 хүний гадаад паспортыг шинээр хэвлүүлэн олгууллаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

#CTA аппликэйшныг ашиглан найзуудтайгаа мэдлэгээрээ өрсөлдөх боломжтой боллоо

Монгол залуусын хөгжүүлсэн #CTA аппликэйшн дээр олон сонирхолтой сэдвүүд байх ба асуултад хариулан, найзуудтайгаа мэдлэгээрээ өрсөлдөх боломжтой юм.

“Математик”, “Friends”, “Зөв бичих дүрэм”, “NBA”, “Among Us” гээд ерөнхий мэдлэг, спорт, энтертайнмент чиглэлийн 30+ гаруй сэдвүүдээс сонгон өөрийн челленжийг үүсгээд найзуудыгаа урих боломжтой. Асуулт бүрд хариулах хугацаа 10 секунд бөгөөд хэн хурдан бас зөв хариулна, илүү өндөр оноо авах юм. Одоо л хэн нь үнэнхүү тооны аварга, жинхэнэ Поттер толгойтон гэдгийг мэдэх цаг ирлээ. #CTA аппликэйшн дээр өдөр бүр хүссэн хэн ч оролцох боломжтой асуулт, хариултын тэмцээнүүд явагддаг. Найзуудаа урьж, идэвхтэй тоглосноороо XP цуглуулан, шагналтай тэмцээнүүдэд орох боломжтой.

Мөн сүүлд #CTA аппликэйшнд нэг шинэ гоё юм нэмэгдсэн байна. Энэ юу вэ гэвэл дурын нэг сэдвээ сонгоод шууд 1VS1 халз үзэх боломжтой болжээ. Хөл хорио сунгагдсан энэ үеэр хийх зүйл алга гээд обойнхоо хээг тоолж, орныхоо булан бүрд очиж хэвтэж байгаа өөр нэг хүнтэй шууд өрсөлдөн, хэн нь илүүгээ шалгаж болох нь. Үүнээс гадна #CTA аппын “Хөөрхөнөө”, “Сансараа”, “Мангуу”, “Энэбиш” роботуудтай ч тоглож өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

iPhone буюу iOS үйлдлийн системтэй утастай бол ЭНД Android үйлдлийн системийн утастай бол ЭНД дарж #CTA аппликейшнийг татаж аваарай.

Categories
мэдээ нийгэм улс-төр цаг-үе

С.Батхүлэг: Уих-ын зарим гишүүдийн зүгээс ийм дайралт ирнэ гэж огт бодож байсангүй

Өмгөөлөгч С.Батхүлэгтэй ярилцлаа.


-Та Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшсэн. Яагаад нэр дэвшихээр болсон талаар тань ярилцлагаа эхэлье?

-Юуны өмнө танай сонины хамт олонд болон уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Шүүх бол төрийн засаглалын үндсэн гурван салаа мөчрийн нэг, нийгэмд гүйцэтгэх чиг үүрэг, хуулийн салбарт эзлэх байр суурийн хувьд хамгийн нэр хүндтэй, чухал салбарын нэг. Уг салбарт ажиллах хүсэл сонирхол ихэнх хуульчдад, ялангуяа залуу хуульчдад байдаг байх. Би тэдний л нэг. Миний одоо ажиллаж байгаа өмгөөллийн салбар мөн ялгаагүй л чухал салбар. Өмгөөлөгчийн ажил ч сайхан. Би өмгөөлөгчөөр цөөнгүй жил, чамлахааргүй амжилттай ажиллаж байна. Гэхдээ энэ хугацаанд өөрийгөө хувь хүний талаасаа төрийн албанд тохирох юм болов уу гэж дүгнээд ийм шийдвэр гаргасан. Хувийн салбарт ажиллахад мэргэшил мэдлэгээс гадна уян хатан байдал, маркетинг, хэлэлцээ хийх зэрэг бизнесийн талын чадварууд давхар шаарддаг бол төрийн алба илүү тогтвортой, хараат бус зэрэг арай өөр арга барилаар ажиллах шаардлагатай. Тиймээс ажлаа сольж үзье, төр нийгэмдээ өөрийн мэдлэг, туршлагаараа хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Тэгээд 2020 оны эхээр зарласан Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон юм. Энэ миний анхны оролдлого биш л дээ, би бүр 2015 оноос эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөлд материал бүрдүүлж өгч эхэлсэн.

-Таныг Голомт банкинд ажиллаж байсан, тийм учраас сонирхлын зөрчил үүснэ, “эзэн”-дээ үйлчилнэ гэж хууль тогтоогчид хардаж байна. Өмнө нь Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан хуульч Дээд шүүхийн шүүгчээр сонгогдож ажилласан. Энэ дахин давтагдах нь гэж зарим гишүүд хэлж харагдсан. Голомт банкинд яг хэдэн жил ажилласан бэ. Ямар албан тушаалууд хашиж байв?

-Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан М.Батсуурь шүүгчийн хувьд би ямар асуудалд холбогдсоныг тодорхой мэдэхгүй. Тэр тусдаа хувь хүний асуудлыг надад хамаатуулах ямар ч үндэслэл байхгүй. Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан гэдгээр нь хамаатуулж ойлговол арай хэтэрхий хавтгайруулсан хэрэг болно биз дээ. Тэр салбарт сайнтай муутай хэдэн арван мянган хүн ажиллаж байгаа шүү дээ. Би Голомт банкинд анх 2006 онд хуульчаар ажилд ороод 2009 онд хуулийн хэлтсийн захирал болж, 2011 он хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан. Д.Баясгалан захирлыг танина. Гэхдээ түүнтэй ойр дотно, найз нөхөд, эсхүл дундын ашиг сонирхлоор холбогдоод байдаг зүйлгүй. Би түүний удирдлага дор 2006-2007 оны хооронд шинэ ажилтан байхдаа нэг жил ажилласан байдаг.

2007 онд Д.Баясгалан гүйцэтгэх захирлын ажлаа өгч банкны ажилд оролцохоо больсон. Тэр цагаас хойш бид цөөхөн тааралддаг, мэнд устай л явдаг хүмүүс. Мэдээж тэр хүнтэй сонирхол нэгтэй, ойр дотны хүмүүс байдаг л байх. Гэхдээ би бол биш. Тийм байсан бол олон жилийн өмнө Голомт банкнаас өөрийн хүсэлтээр гараад, хувиараа өмгөөлөл хийгээд явахгүй л байсан байх. Аль нэг хувийн байгууллагад ажилласан л бол эзнийх нь “гар хөл” гэж цоллох нь ялгаагүй л хэтэрхий хавтгайруулсан хэрэг биз дээ. Мөн би хожим 2013-2015 оны хооронд Голомт банкинд гэрээт зөвлөхөөр хоёр жил орчим ажилласан. Гэхдээ ямар нэг албан тушаал хашаагүй, тус банктай холбоотой гадаадын шүүх арбитр дээр үүссэн хоёр маргаан, дотоодод үүссэн нэг маргаанд намайг хөлсөлж ажиллуулж байсан юм. Би тухайн үед хувь өмгөөлөгч байсан болохоор хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрөөс татвар, нийгмийн даатгал суутгагдаад төлөгдөж байсан. 2015 он гэхэд тэдгээр маргаанууд дуусч, миний гэрээ ч дуусгавар болсон. Түүнээс хойш би өөрийн үүсгэн байгуулсан өмгөөллийн нөхөрлөлөөрөө үйл ажиллагаа одоог хүртэл явуулж байна. УИХ-ын зарим гишүүд миний Голомт банкинд ажиллаж байсан хугацааг өмгөөлөгчөөр ажилласан жилд тооцох ёсгүй гэж эсэргүүцээд байгаа. Энэ асуудалд би өөрийн байр сууриа УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн.

-Голомт банкинд ажиллаж байсан хугацааг өмгөөлөгчөөр ажилласан жилд тооцохгүй гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Би 2005 онд хуульчийн гэрчилгээ, 2006 онд өмгөөллийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр цагаас хойш Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоонд татвараа төлж, сургалт арга хэмжээнд нь хамрагдаад явж ирсэн. Би 2002 оны Өмгөөллийн тухай хуулийн дагуу өмгөөллийн эрхээ авсан. Уг хууль 2012 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус хуулиар өмгөөлөгч хүн аль нэг байгууллагад ажиллахыг зөвшөөрдөг. Тиймээс тухайн цаг үед аж ахуйн нэгж, байгууллагууд өмгөөлөгчдийг хуульчаар ажиллуулдаг практик түгээмэл байсан. Энэ эрх зүйн орчны хүрээнд 2006-2011 оны хооронд Голомт банкинд хуульч, хуулийн хэлтсийн захирлаар ажилласан. Тиймээс өмгөөлөгчөөр ажилласан жилийг 2006 оноос эхлэн тоолох боломжтой гэж үзсэн. Гэхдээ би өөрөө л ингэж ойлгоод байгаа юм биш. Шүүгчид нэр дэвшигч шаардлага хангаж байгаа эсэхийг хуулийн дагуу байгуулагдсан Шүүхийн мэргэшлийн хороо гэдэг байгууллага шалгадаг. Тэр байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөсөө тусдаа бөгөөд есөн гишүүнтэй, Улсын Дээд шүүхийн зургаан шүүгч, давж заалдах шатны нэг шүүгч, их сургуулийн хоёр профессороос бүрдсэн хороо. Хуулийн дагуу Шүүхийн мэргэшлийн хороо материалыг шалгаж үзээд шүүгчид тавигдах хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн. Түүнчлэн олон төрлийн шалгалт авч, намтрыг нарийн судалж, дүн гаргадаг юм билээ. Шүүгч биш байсан хүмүүсээс авдаг шалгалт нь бүр илүү олон байсан. Мөн Монголын хуульчдын холбооноос шалгалт хийж, намтар, ажил эрхлэлт, сүүлийн гурван жил оролцож байсан хэрэг маргааны талаар судалж дүгнэлтээ ирүүлсэн байдаг. Монголын өмгөөлөгчийн холбооноос ч мөн өмгөөллийн үйл ажиллагааны талаар дүгнэлт ирүүлсэн байдаг. Үүний дараа л шалгуур хангасан хүмүүсийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар оруулж сонгон шалгаруулалт хийдэг. Тэгэхээр энэ олон байгууллага, албан тушаалтнууд бүгдээрээ нэгэн зэрэг хууль зөрчинө гэж байхгүй.

-Банкны салбараас өөр салбарт ажиллаж байсан уу?

-Манай өмгөөллийн фирмийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь санхүүгийн эрх зүйн чиглэл боловч эрх зүйн бусад чиглэлээр ч өмгөөлөл, зөвлөхийн үйл ажиллагаа явуулж байгаа. Татвар, уул уурхай, хөдөлмөрийн эрх зүйн маргаанууд, төрөл бүрийн эрүүгийн хэргүүд дээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Бидний үйлчлүүлэгчид дотор банк санхүүгийн байгууллагууд, боловсролын байгууллагууд, компаниуд, жирийн иргэд зэрэг нийгмийн бүхий л сектор бий.

-Улсын дээд шүүхэд нэрээ дэвшүүлээд батлагдана гэж итгэж байсан уу?

-Мэдээж анхандаа юу гэж тийм итгэлтэй байх вэ дээ. Олон л хүн өрсөлдөж байсан. Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шалгуурыг давах эсэх, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарах, эсэх нь одоо ч тодорхойгүй шүү дээ. Харин УИХ-д танилцуулах ажиллагаанд ингэж гацаа үүснэ гэж огт бодоогүй.

-Нэр дэвшиж байх үед сөрөг дайралтууд ирнэ гэж тооцоолоогүй юу?

-Өмгөөлөгч нараас анх удаа шууд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч болсон болохоор янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байсан. Анхны юм бүр амаргүй байдаг. Харин парламентын зарим гишүүдийн зүгээс ийм дайралт ирнэ гэж огт бодож байсангүй. Үндсэн хуулийн суурь зарчмууд болох шүүхийн хараат бус байдал, төрийн засаглал хуваарилах зарчим, шүүх улс төрөөс ангид байх зарчмуудын хүрээнд шүүгчийн томилгоонд парламент, эрх баригч нам оролцох, нөлөөлөх ёсгүй гэсэн итгэл үнэмшилтэй л явж ирсэн. Энэ зарчмыг манай төрийн уламжлал хадгалсаар ч ирсэн.

Харин сая намайг танилцуулах явцад ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл ч юм уу, эсхүл Ерөнхийлөгч үндэслэлээ тайлбарлаад намайг томилохоос татгалзсан бол өөр хэрэг.

-Хэрвээ та Улсын дээд шүүхийн шүүгчээр батлагдлаа гэхэд Голомт банктай холбоотой маргаан ороод ирвэл ямар шийдвэр гаргах вэ. Голомт банкны эсрэг шийдвэр гаргаж чадах уу?

-Маш чухал асуулт байна. Ямар ч хүн сонирхлын зөрчилд орох боломжтой. Хүн бүр л гэр бүл, ах дүү, хамаатан садантай. Тэд нар нь ямар ч бизнес, албан тушаалтай байж болно. Сонирхлын зөрчил гэдэг нь өргөн утгаараа тухайн нөхцөл байдал нь бусдын нүдээр харахад сонирхлын зөрчилтэй гэж эргэлзээ төрүүлж буй бүх нөхцөлийг ойлгодог. Сонирхлын зөрчилд орох боломжгүй хүн гэж энэ дэлхий дээр байхгүй. Тиймээс энэ асуудлыг хуулиар, хуульчийн болон шүүгчийн ёс зүйн дүрмүүдээр маш нарийн зохицуулж, хэрхэн шийдвэрлэх аргыг зааж өгсөн байдаг. Шүүгч дээр сонирхлын зөрчилтэй асуудал хүрээд ирвэл өөрөө татгалзан гарах үүрэгтэй. Хэрэв өөрөө татгалзахгүй бол хэргийн оролцогчид шүүгчээс татгалзах эрхтэй. Татгалзал нь үндэслэлтэй эсэхийг өөр шүүгч шийдээд явдаг хуультай. Сонирхлын зөрчлөө шүүгч нь нуугаад, хэргийн оролцогч нь мэдэлгүй өнгөрөөсөн бол хожим шүүгчид хариуцлага тооцох механизм ажиллаж байдаг.

Би эрүүгийн хэргийн шүүгчийн орон тоонд нэрээ дэвшүүлсэн. Мэдээж банкууд байнга л шүүхийн маргаанд оролцож байдаг. Гэхдээ тэр хэргүүд нь ихэнхдээ өр зээлтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн маргаанууд л байдаг. Голомт банктай холбоотой эрүүгийн хэрэг Улсын дээд шүүхэд очиж байсан түүхийг би мэдэхгүй юм байна.

-ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр та хоёр найзууд уу. Хамт хойно сурч байсан юм билээ. Ер нь та хаана, хаана боловсрол эзэмшсэн бэ?

-Би 1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэж ороод 1997 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр ОХУ-ын Кубанийн их сургуульд шилжин суралцаж, 2002 онд төгссөн. Төгсөх жилдээ сургуулиасаа докторантурт үргэлжлүүлэн тэтгэлгээр суралцах урилга авсан. Докторын зэргээ эрүүгийн эрх зүйн чиглэлээр 2005 онд хамгаалж, тухайн үедээ 26 настай, хуулийн салбарт хамгийн залуу доктор болж байлаа. Хожим 2013 онд Австрали улсад менежмэнтийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан. ШЕЗ-ийн дарга Э.Батбаяртай 2005 онд нэг сургуульд докторын зэрэг хамгаалсан нь үнэн, энэ талаар би мэдээллээ өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны үеэр Э.Батбаяр дарга ч өөрөө энэ талаар мэдэгдэж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай нэг сургуульд докторын зэрэг хамгаалснаар ашиг сонирхол нэгтэй болчихгүй. Докторын сургалт нь оюутны сургалт шиг биш, нэг анги танхимд хамт суугаад байдаггүй, тус тусдаа эрдмийн удирдагчтай, эрдмийн ажлаа өөрсдөө хийж яваад улсын коммиссын өмнө очиж хамгаалдаг. Би тэр үед ирж очоод, ажлаа хийгээд, хажуугаар нь докторын диссертациа бичээд явдаг байсан. Э.Батбаяр даргыг тухайн үеэс нь хойш танина, мэнд устай явсаар ирсэн. Гэхдээ бидний хооронд садан төрлийн хэлхээ холбоо, хамт ажилласан, хамтын бизнес зэрэг нэгдмэл ашиг сонирхол гэхээр зүйл нэг ч байхгүй. Энэ асуудлыг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-иар зохицуулдаг. Хуулиар нэг сургуульд сурсныг ашиг сонирхлын зөрчил гэж үздэг бол Монголын ихэнх хуульчид хоорондоо сонирхлын зөрчилтэй болно биз дээ.

-Таныг Тост Тосон бумбад лицензтэй ч гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ тухайд тайлбар өгөх үү?

-Гарчгаасаа эхлээд ташаа мэдээлэл. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг жилийн өмнө Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад бүрэн авсан. Тэгэхээр тэнд одоо тусгай зөвшөөрөл нэг ч байхгүй гэсэн үг. Нэр нь гараад байгаа “Өсөх зоос” ХХК ч тэнд тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагүй юм билээ. “Өсөх зоос” ХХК-ийн хувьцааны тухайд би удирдлагаас нь зохих зөвшөөрөл авсан болохоор товч тайлбар өгье. Би уг компанийн бодит хувьцаа эзэмшигч байгаагүй. Тэр компани өөрийн тодорхой тооны хувьцааг банкны зээлд барьцаалахдаа хөндлөнгийн гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлж баталгаажуулахаар гэрээ байгуулсан байдаг. Тухайн үеийн мөрдөж байсан хууль тогтоомжоор хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг барьцаалахад ямар нэг улсын бүртгэл, баталгаажуулалт байдаггүй. Одоо ч энэ байдал их дээрдээгүй байгаа. Тиймээс хувьцаагаа гэрээгээр түр шилжүүлэх замаар барьцааг баталгаажуулах арга түгээмэл хэрэглэгддэг. Гэрээний хоёр тал аль аль нь надад итгэл хүлээлгэж, хүсэлт гаргасан тул би дундын зуучлагчаар оролцсон. Миний оролцоо нь компани зээлээ төлбөл хувьцааг буцааж шилжүүлэх, зээлээ төлөхгүй бол хувьцааг худалдаж зээлийг нь төлүүлэх үүрэгтэй байсан. Энэ бол жирийн хууль зүйн үйлчилгээ. 2014 онд тус компанийн тодорхой бага хэмжээний хувьцаа миний нэр дээр бүртгэгдээд, хожим буцаад өмнөх хувьцаа эзэмшигчдээ шилжсэн явдал. Компани зээлээ төлж, хувьцаа нь буцаад шилжсэн. Тэр үеийн бүх гэрээ хэлцлүүд нотариат, улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа.

-Ер нь хүнийг ажиллаж байсан албан газраар нь ялгаварлаж үзэх хэр зөв юм бэ. Хувийн байгууллагад ажиллаж байсан хүн төрд ажиллаж болохгүй юу гэж үзэх хэсэг ч байна. УИХ-ын гишүүд таны танилцуулгатай танилцахгүй бол яах вэ. Энэ тухайд ямар бодолтой байна?

-Үндсэн хуульд хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй, мөн хүнийг эрхэлж байсан ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Тиймээс хувийн байгууллагад ажилласан хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн хууль тогтоомж байдаггүй. Төрийн албаны тухай хуульд Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах гэсэн үндсэн зарчмыг тодорхойлсон байдаг. Хуулиар заасан болзол шалгуураа хангаж байгаа бол бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхах нь Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг болно. УИХ танилцахгүй байгаад байвал цаашид яахыг би үнэндээ хэлж мэдэхгүй. Миний хувьд одоогоор өөрөө нэрээ татаж авах бодолгүй байна. Би хууль зөрчөөгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Энэ Батхүлэг гэдэг ганц хүний албан тушаал хаших, эсэх тухай асуудал биш. Шүүхийн томилгоонд парламент, эрх баригч нам оролцох, нөлөөлөх нь зөв үү, буруу юу гэдэг зарчмын асуудал.

Цаашлаад таны асуугаад байгаа хувийн салбарт ажиллаж буй мянга мянган залуусын ирээдүйд нөлөөлж мэдэх, мөн өмгөөллийн салбарын зуу зуун өмгөөлөгчдийн хүсэл мөрөөдөлд хамааралтай асуудал гэж би хувьдаа харж байгаа. Бас миний дээр дурдсан олон байгууллага, Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны лавлагаа, дүгнэлт, шийдвэрийг үгүйсгэсэн хэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

“Covid-19” илрүүлэх шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өчигдрөөс эхлэн 30 цэг дээр “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулж эхэлсэн. Шинжилгээг энэ сарын 11-н хүртэл 70 мянган иргэнээс авах юм.

Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын ажилтан “Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа дүүргийн онцгой комиссоос хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхүүдээс нэг хүн сонгох хэлбэрээр жагсаалтаа гаргасан. Өөрөөр хэлбэл, олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон шинжилгээнд хамруулна. Улмаар жагсаалтад багтсан иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг мэдэгдэнэ. Хэрэв шинжилгээний хариу сэжигтэй гарвал PCR шинжилгээгээр баталгаажуулна. Түүнээс биш нийслэлийн айл өрх бүрээс шинжилгээ авахгүй. Нэмж хэлэхэд шинжилгээнд орохын өмнөх хоёр цагийн турш бохь зажлахгүй, тамхи татахгүй, юм идэж уухгүй байх хэрэгтэй. Мөн шинжилгээ өгөхийн өмнө хамрын хөндийгөө цэвэрлэх хэрэгтэй. Хэрэв хамар нь мурий эсхүл, хамарны хагалгаанд орж байсан бол эмчдээ хэлж сануулбал шинжилгээ авахдаа илүү болгоомжтой хандана. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо болон бусад дүн мэдээллийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас танилцуулна” гэлээ. Өчигдрийн байдлаар “Covid-19”-ын халдвар Баянгол дүүрэгт 26, Баянзүрх дүүрэгт 24, Сүхбаатар дүүрэгт 14, Сонгинохайрхан дүүрэгт 14, Хан-Уул дүүрэгт 16, Чингэлтэй дүүрэгт 1,Багануур дүүрэгт 1 тохиолдол тус, тус бүртгэгдээд байна. Шинжилгээ өгөх цэг Баянгол дүүрэг дээр 6 цэг, Баянзүрх дүүрэгт 6 цэг, Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг, Сүхбаатар дүүрэгт 3 цэг, Хан-Уул дүүрэгт 4 цэг, Чингэлтэй дүүрэгт 2 цэг, Багануур дүүрэгт 2 цэг, Налайх дүүрэгт 2 цэг, Багахангай дүүрэгт 1 цэг байна.

“Ковид-19” вирус илрүүлэх хамар залгиурын арчдас авах шинжилгээ өгөх хүмүүс шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнө:

– Хоол идэхгүй

– Юм уухгүй

– Бохь зажлахгүй

– Хамраа зайлахгүй байх

– Шүдээ угаахгүй байх

– Эм уухгүй

– Тамхи татахгүй ба татаагүй байх шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм

“Covid-19”-ийн эсрэг вакцин бий болсон ч цар тахал дуусах болоогүйг ДЭМБ анхаарууллаа

Коронавирусийн эсрэг вакцин бий болсон ч цар тахал дуусах болоогүй, вирустэй хийх тэмцлээ сулруулж болохгүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын удирдлагууд өчигдөр улс орнуудын засгийн газрууд, ард иргэдэд анхааруулжээ.

Швейцарийн Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Вакцин бүтээх ажилд ахиц дэвшил гарснаар хонгилын үзүүрт гэрэл харагдаж эхэллээ. Гэсэн хэдий ч Covid-19 цар тахал дуусах нь гэсэн буруу ойлголт дэлгэрч, назгайрал бий болохоос ДЭМБ болгоомжилж байна” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр цар тахал дуусах хараахан болоогүй бөгөөд хэр удаан үргэлжлэхийг вакцин биш, улс орнуудын эрх баригчид, ард иргэдийн авах арга хэмжээ эцэслэн шийдэх гэнэ.

Мөн ДЭМБ-ын яаралтай тусламжийн эксперт Майк Райан вакцин нь коронавирустэй тэмцэх гол зэвсэг мөн боловч дангаараа цар тахалд цэг тавьж чадахгүйг анхааруулжээ. “Вакцин нь “Covid-19”-ийг шууд тэглэх зүйл биш” гэж тэр хэлсэн юм.

ДЭМБ нь коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад тэгш хуваарилах зорилготой COVAX хөтөлбөрийг дэмжиж байгаа. Уг хөтөлбөрт сүүлийн байдлаар дэлхийн 189 улс нэгджээ. “2021 оны төгсгөлд хамгийн багадаа 2 тэрбум тун вакцин бүрдүүлж, COVAX-д нэгдсэн орнуудын хүн амын 20 хувийг дархлаажуулах нь бидний зорилго юм” гэж ДЭМБ-ын ахлах судлаач Сумя Сваминатан өчигдрийн хурлын үеэр мэдэгдсэн байна. Үүний үр дүнд цар тахлын хамгийн хурц дэгдэлтийг зогсоож, дэлхий даяар хүний эндэгдлийн тоог бууруулж чадна гэж үзэж байгаагаа тэр тайлбарлажээ. Энэ долоо хоногийн лхагва гарагт Их Британи улс анх удаа Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгосноор ирэх долоо хоногт хүн амаа дархлаажуулах ажлыг эхлүүлэхээр болоод байна. Уг вакцинд АНУ-ын засаг захиргаа ирэх долоо хоногт зөвшөөрөл олговол тус улс 2020 онд багтаж 20 сая иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Жилийн өмнө Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирус тархаж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар дэлхий даяар 65 сая гаруй хүн өвчилж, 1.5 сая орчим хүн амиа алдаад байна.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Цахим сургалтад 73 алба хаагч хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Зудын эсрэг хариу арга хэмжээ” сургалтын хөтөлбөрийн төслийн хүрээнд “Онцгой нөхцөл байдлын үед жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэх нь” сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Онцгой байдлын үед жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах олон талын хамтын ажиллагааг төв, орон нутгийн түвшинд бэхжүүлэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох ажилтнуудад мэдлэг, мэдээлэл олгох зорилготой тус цахим сургалтад Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 73 алба хаагч хамрагдлаа.

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь нийгэм, эдийн засаг, газарзүйн байршил, соёл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг хүний эрхийн ноцтой зөрчил, нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал юм. Хохирогч нь ихэвчлэн охид, эмэгтэйчүүд байдаг бөгөөд энэхүү хүчирхийлэл нь тэдний нийгэм, эдийн засаг, улс төрийн эрхээ эдлэх боломжийг нь хязгаарлаж байдаг. Үүнээс гадна бие махбодь болоод сэтгэл санааны маш олон асуудлыг үүсгэж, зарим тохиолдолд амиа алдахад ч хүргэдэг байна.

2017 онд хийгдсэн үндэсний хэмжээний судалгаагаар хоёр монгол эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед жендерт суурилсан хүчирхийлэлд өртөж байсан гэжээ. Эсвэл онцгой байдал, гамшгийн үед, ялангуяа эмзэг бүлгийн дунд энэхүү хүчирхийлэл нь жирийн үеийнхээс нэмэгдэж, хүчирхийллийн хохирогчид тусламж авахад улам бэрхшээлтэй болдог байна. Иймд гамшиг, онцгой байдлын үед ч тухайн үеийн болон шинээр гарч болох эрсдэлийг бууруулах замаар хүчирхийллийн хохирогчдод амь аврах болон бусад нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​”Hunnu international”-ын залуус өнөөдөр зорилтот бүлгийн өрхүүдэд 10 тонн түлш тараахаар болжээ

“Hunnu international” moto klub-ийн залуус Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа нэн ядуу шахмал түлш авах боломжгүй
зорилтот бүлгийн өрхүүдэд өнөөдөр 11 цагт 10 тонн сайжруулсан түлш тараахаар болжээ.