Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс орнууд хөл хорио, хязгаарлалтаа чангатгаж эхэлжээ

Covid-19-ийн халдвар буурахгүй, зарим улс оронд дахин дэгдэж, бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас зарим улс орнууд хөл хориогоо чангатгаж, хязгаарлалт тогтоож эхэлсэн байна.


СӨҮЛД 2 ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ

Сөүлд маргаашнаас эхлэн 21:00 цагаас хойш зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болов. Тодруулбал, БНСУ-ын нийслэл Сөүл хотод 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны 18:00 цагаас 18-ны өдрийг дуустал 2 долоо хоногийн турш өдөр бүр 21:00 цагаас хойш 300 м2-ээс дээш талбайтай дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, нийтийн тээврийн зорчих тоог 30 хувь багасгах арга хэмжээ авахаар болжээ. Ингэхдээ зөвхөн 300м2-ээс дээш тайлбайтай дэлгүүр болон хүн олноороо цуглардаг аж ахуйн нэгжүүдийг орой 21:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг эрсдэлтэй гэж үзэж хааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүн олноороо цугларах газруудыг 21:00 цагаас хойш хаасан хэдий ч 300м2-ээс доош талбайтай жижиг хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй аж. Тус хугацаанд том дэлгүүрүүдээс гадна кино театрууд, PC тоглоомын газар, уншлагын танхим, автомат тоглоомын газар, стади кафе, хүүхдийн тоглоомын парк, үсчин гоо сайхан, март болон их дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох ю.

ХЯТАДАД 18 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭВ

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 30-нд, Хятадын 31 муж (Өөртөө засах орон ба шууд харьяа хот), Шинжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст шинээр 12 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Үүний дотроос 8 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 4 нь дотоодоос халдвар авсан юм байна. Түүнчлэн шинээр нас баралт, сэжигтэй тохиолдол илрээгүй. Тухайн өдөр мөн 12 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ. Арваннэгдүгээр сарын 30-ний өдөр хүртэлх байдлаар Хятад улсад нийтдээ 86 мянга 542 хүн халдвар авч, 81 мянга 631 хүн эдгэрэн эмнэлгээс гарч, 4634 өвчтөн нас баржээ.

ӨМӨЗО-Д ГАДААДААС ЗӨӨВӨРЛӨГДСӨН 3 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

ӨМӨЗО-д Манжуур хотод covid-19-ийн 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн 07.00 цагаас арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 07.00 цаг хүртэл халдвар авсан хүн 4-өөр нэмэгджээ. Арванхоёрдугар сарын 1-ний өдрийн 07.00 цаг хүртэл ӨМӨЗО-нд covid-19-ийн халдвар авсан тухайн орон нутгийн өвчтөн 18, сэжигтэй тохиолдол 2, өвчний илрэлгүйгээр халдвар авсан өвчтөн 2 байна. Бүх хүмүүсийг Манжуур хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж бий.

Мөн нэг болон хоёрдугаар хавьтлын 1045 хүн тогтоогдож, бүгдийг тусгаарлан ажиглалт хийж байна. Одоо ӨМӨЗО-нд гадаадаас ирсэн covid-19-ийн халдвар авсан хүн 3 байна. Эдгээр хүмүүсийг тусгаарлан ажиглалт хийж байна.

ТУРКТ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ЧАНГАЛАВ

Туркийн коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүндэрч Даваа гарагийн байдлаар нийт өвчлөгсдийн тоо 500000 давсан бөгөөд хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эрдагон хөл хорионы дэглэмийг чангалж, ажлын өдрүүдэд 21:00-05:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд Баасан гаригийн 21:00 цагаас Даваа гарагийн 05:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав.

Мөн 65-аас дээш, 20-оос доош насныхан нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, худалдааны төвүүд зөвхөн #Hes кодоор шалган нэвтрүүлэх зэрэг хязгаарлалтууд хийгдэж эхлэв.

СИНГАПУР УЛС “КОВИД-19”-ИЙН “PCR” ШИНЖИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОВ

Сингапур Улсын иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Ковид-19”- ийн вирусийн “PCR” оношилгоо шинжилгээнд нээлттэй хамрагдах боломжтой боллоо. Өнөөг хүртэл зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн болон Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ өгөх зөвшөөрөл авсан хүмүүс “PCR”-ийн шинжилгээнд хамрагдах боломжтой байсан юм. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвшөөрөгдсөн хувийн эмнэлгүүдэд урьдчилан цаг авч үйлчлүүлэх ба шинжилгээ. 200 синг.долларын төлбөртэй байх ажээ.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООХ УУ, АЛЬ ЭСВЭЛ УДААШРУУЛАХ УУ?

ИБУИВУ-ын Засгийн газар олон нийтийн арга хэмжээг хориглох нь коронавирусийн цар тахлын тархалтыг ердөө 5 хувь бууруулж буй тул үр дүн багатай гэж үзэж байна. Халдвар ихэвчлэн гэр бүлийн гишүүд болон бага талбайтай өрөө, тасалгаанд ойр хавийн хүмүүс хооронд илүүтэй дамжин тархаж, харин ил задгай талбайд халдвар харьцангуй бага байна гэж тус улсын Ерөнхий сайдын шинжлэх ухааны асуудал хариуцсан ерөнхий зөвлөх ноён Патрик Валланс хэвлэлийн “ВВС” агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна. Тэрбээр цаашид эмнэлгийн байгууллагууд коронавирусийн халдварын шинж тэмдэг сулавтар илэрч буй иргэдэд оношлогоо хийхгүй, гэрийн хөл хориог сахих зөвлөмж өгөх бөгөөд хүндэвтэр шинж тэмдэгтэй халдвар авагсдыг яаралтай оношилж, эмчилгээний сонголтыг хийх чиглэлээр ажиллах болно гэж нэмж хэлсэн байна.

Иймд гадаадад ажиллаж, амьдарч, оршин суугаа Монгол улсын иргэд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, амьдарч байгаа улсынхаа дүрэм журмын талаар мэдээлэл авахыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Categories
мэдээ нийгэм

Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Өмнөговь аймагт ажиллаж байна.

Шуурхай бүлэгт УУХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ЗТХЯ, ТЕГ, Хилийн цэрэг, Автотээврийн газрын алба хаагчид багтан ажиллаж байгаа юм.

Шуурхай бүлгийн гишүүд “Шивээнхүрэн”, “Гашуунсухайт” хилийн боомтод ажиллах юм.

Өмнөговь аймгийг “Ногоон бүс” болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд “Гашуун сухайт” хилийн боомт орчмын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг аймгийн 21 эмч мэргэжилтнүүд хоёр ээлжээр хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 849 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл
байдлын талаар мэдээллийг хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу 12-р сарын 5-ны өдөр улсын хэмжээнд нийт 14019 хүнд шинжилгээ хийсний 700 гаруй нь хавьтлын сорьцынх байлаа. Ойрын хавьтлын 7 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт ойрын 4 тохиолдол /нийт 201/, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гэр бүлийн хавьтал бүхий 3 тохиолдол /нийт 208/ шинээр бүртгэгдлээ. Нийслэл болон бусад аймагт коронавирус нэмж бүртгэгдээгүй.

Ийнхүү улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 849, эдгэрэлт 384, эмчлэгдэж байгаа 456 хүн байна.

Нийт насны бүлгээр авч үзвэл 3 сартайгаас 90 настай өвчтөнүүд байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​СЭЛЭНГЭ АЙМАГ ШААМАР СУМ: Түргэвчилсэн оношлуурын цэг ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны дамжин өнгөрөх дөрвөн замын уулзварт явуулын түргэвчилсэн оношлуурын цэг ажиллаж байна. Тус дөрвөн замын уулзвар нь Сэлэнгэ аймгаас Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймаг болон бусад аймаг, сумд руу дамжин өнгөрдөг олон улсын авто замын гол төв цэг юм. Иймээс энэхүү байршилд явуулын түргэвчилсэн оношлуурын цэг байгуулан ажиллуулж байгаа аж. Өнгөрсөн сарын 24, 25, 27-ны өдрүүдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулжээ. Нийт 10 аймаг, найман сумын 528 иргэнийг шинжилгээнд хамруулан орон нутагт нь буцаасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Төв аймагт метилийн спирт уусны улмаас дөрвөн хүн амиа алджээ

Төв аймагт таван хүн метилийн спирт ууж, дөрөв нь амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд “хүн нас барсан байна” гэсэн дуудлага өчигдөр /12.05/ 19 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Техникийн спирт уусан 31-49 насны дөрвөн хүн хордож амиа алдсан бол 40 настай эрэгтэйн биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлэгдэж байгаа аж.

Метилийн спиртэд хордвол яаралтай авах арга хэмжээ:
– Яаралтай түргэн тусламж дуудах, хамгийн ойр байрлах эмнэлэгт хандах
– Юм уух чадвартай бол их хэмжээний шингэн уулгаж, бөөлжүүлэх
– Түргэн тусламж иртэл өвчтөний амьсгалын замыг чөлөөлөх, шаардлагатай бол хиймэл амьсгал хийх
Categories
мэдээ нийгэм

Арванхоёрдугаар сарын 07-11-ний теле хичээлийн хуваарь

Теле хичээлийн 2020 оны 12 сарын 07-11-ний өдрүүдийн хуваарийг танилцуулж байна. Үүнд сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Насан туршийн боловсролын теле хичээлүүдийн хуваарь багтсан болно.

Теле хичээлийн хуваарийг Econtent.edu.mn сайтын хичээлийн ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ хэсэгт байршуулдаг боллоо.

Categories
мэдээ цаг-үе

​ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусийн халдвар авчээ

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусийн халдвар авчээ. Коронавирусийн халдвартай иргэдэд тусламж үзүүлж байсан ХӨСҮТ-ийн 13 эмч, сувилагч, туслах ажилтнууд халдвар авсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр энэ тоо нэгээр нэмэгдэж, 14 болсон байна.

Халдвар авсан эмчийн хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг маргааш хүргэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Автобусны жолоочийн ойрын хавьтал И Март, Баянзүрх захуудаар үйлчлүүлжээ

“Автобус нэг”-ийн жолооч Ц-аас хоёр хоногийн өмнө коронавирус илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Уг автобусны жолооч Ц-ийн ойрын хавьтал нь Баянзүрх зах болон тус дүүрэгт байрлах И март сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлжээ. Тиймээс И Мартын кассчин болон халуун хэмждэг хамгаалалтын ажилчдыг түр тусгаарлаж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарчээ. Маргааш писиар шинжилгээний хариу гарах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Харагчин хонь өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 6, Адъяа гариг. Билгийн тооллын 21, харагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 18-20 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газар болон Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.