Categories
мэдээ нийгэм

“Ган үзэг 2020” сэтгүүл зүйн салбарын оны шилдгийн шалгаруулалт эхэллээ

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинацаар шилдгийг тус, тус шалгаруулна. Ковид-19 корона вирусний халдвар тархалтаас сэргийлэх хөл хорионы дэглэмээс шалтгаалан шилдгийг шалгаруулах номинаци, журамд өмнөх жилийнхээс өөрчлөлт орсны зэрэгцээ шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна.

ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

– Шилдэг телевиз – 1

– Шилдэг радио- 1

– Шилдэг мэдээллийн сайт – 1

– Шилдэг сонин-1

– Шилдэг сэтгүүл-1

– Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл-1

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

– Телевизийн шилдэг сэтгүүлч-1

– Радиогийн шилдэг сэтгүүлч-1

– Сонины шилдэг сэтгүүлч-1

– Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1

– Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1

– Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч-1

– Орон нутгийн шилдэг сэтгүүлч-1

– Шилдэг редактор-1

– Шилдэг менежер-1

– Шилдэг судлаач-1

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

– Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

– Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.

– Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

– Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.

– Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь

– Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь

– МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 503 тоот. Утас: 11-330948, 94111727
И-Мэйл: mseonline@yahoo.com, msneonline@gmail.com

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2020 оны 12 дугаар сарын 29-нөөс 2021 оны 1 дүгээр сарын 13-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Шилдгүүдийг МСНЭ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 01 дүгээр сарын 16-нд зарлана.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА


Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгий аймгийн сумдад казахаар оноосон нэр өгсөн зөрчил илэрчээ

Баян-Өлгий аймгийн бүх сумдад Монгол хэлээр нэрлэгдээгүй Засаг захиргааны нэгж, гудамж байгаа эсэхэд хяналт хийлгэж үзэхэд Улаанхус, Дэлүүн, Сагсай сумдад шинээр байгуулагдсан багуудад Казах хэлээр оноосон нэр өгсөн зөрчил илэрсэн байна. Зөрчлийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандаж, тухайн багуудад оноосон нэрийг хүчингүй болгож залруулжээ. Мөн “Геодези, зураг зүйн тухай хууль”-ийн 11-р зүйлийн 11.1-д заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж зөрчил дутагдлыг арилгах, иргэний бүртгэлийн мэдээллийн санд зөрчилтэй бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг зөв болгох, цаашид ийм зөрчил гаргуулахгүй байх талаас нь ажил зохион байгуулж ажиллах, нутаг дэвсгэртээ хамаарах газар зүйн нэрийн хэрэглээнд хяналтаа тавьж ажиллахыг холбогдох төрийн байгууллага, тодорхой сумдын Засаг дарга нарт даалгасныг ШӨХТГ-аас мэдээллээ

Categories
гадаад мэдээ

Ухань хотын цар тахлын талаар анх мэдээлсэн сэтгүүлчид хорих ял оноосныг АНУ, Европын Холбоо эсэргүүцлээ

Ухань хотод коронавирусийн цар тахал анх дэгдэхэд гадагш мэдээлэл түгээж байсан иргэн Зань Заньд Хятадын шүүх Даваа гарагт дөрвөн жил шоронд хорих ял оноосон юм.

Түүнд “нийгмийг талцуулж, тогтворгүй байдалд турхирсан” гэх үндэслэлээр хорих ял оноосныг өмгөөлөгч нь мэдээлжээ.

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео гаргасан мэдэгдэлдээ иргэний сэтгүүлч Зань Занийг даруй суллахыг уриалж, Уханьд дэгдсэн цар тахлын талаарх бодит мэдээллийг хааж, хориглож байгаа Хятадын Коммунист Намыг шүүмжилсэн байна.

“Гадаадын ажиглагчдыг байлцуулалгүй яаран шүүх хурал зохион байгуулсан нь Хятадын Коммунист Нам иргэдийн шударга дуу хоолойноос ямар их айж байгааг харуулж байна” гэж Помпео мэдэгдэлдээ өгүүлжээ.

Европын Холбоо өчигдөр бас Зань Занийг даруй суллахыг Хятадын засгийн газарт уриалсан байна.

“Найдвартай эх сурвалжаас авсан мэдээллээр хатагтай Занийг саатуулахдаа эрүү шүүлт тулгаж, зүй бусаар харьцаж байсныг тогтоосон. Үүний улмаас түүний эрүүл мэнд муудаад байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

Өрнөдийн орнуудад зул сарын амралт тохиож буй өдрүүдэд Заний шүүх хурлыг зохион байгуулсан нь анхаарал татахгүй байхын тулд зориуд тооцоолсон арга хэмжээ гэж шүүмжлэгчид үзэж байна.

Одооноос бараг жил орчмын өмнө төв Хятадын Ухань хотод шинэ коронавирусийн халдвар тархах үед тус хотын бодит нөхцөл байдлын талаар гадаад ертөнцөд мэдээ түгээж байсан цөөхөн хүмүүсийн нэг Зань Зань байжээ.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг шагналаа

Залуучуудыг ажил хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэл, шинжлэх ухаанч хөгжилд уриалах, залуу үеийн мэргэжлийн боловсрол, ур чадвар, мэргэшсэн боловсон хүчний бодлогыг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог журамтай.

Энэхүү журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2020 оны шагналыг хүртээх тухай зарлиг гаргаж, “мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжээрээ өөрийн ажиллаж буй салбартаа онцгой амжилт гарган тэргүүлж, үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй” шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшууллаа.

Коронавируст цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гарсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН” ШАГНАЛЫГ:

Шинжлэх ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Отгоны Насантогтох “Хүнцэл (III)-ийг исэлдүүлэн тунадасжуулах аргаар хаягдал ус зайлуулах шинэ технологи” сэдэвт судалгааны бүтээлээрээ хүртлээ.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн машин үйлдвэрлэлийн салбарын Хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор Лхагваагийн Тэлмэнбаяр “6061 маркийн хөнгөн цагааны хайлшийн гадаргууд бүрхүүл тавьж, зэврэлтэд тэсвэртэй болгох нь” сэдэвт судалгааны бүтээлээрээ хүртлээ.

“Монос” ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор Дашнямын Хандмаа “Бактерийн эсрэг болон судас үүсгэлтийг дэмжих үйлдэлтэй эмчилгээний ион агуулсан микробөмбөлөг гарган авч, эдийн нөхөн төлжилтөд ашигласан нь” сэдэвт судалгааны бүтээлээрээ тус тус хүртлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ ЗАЛУУ ИНЖЕНЕР” ШАГНАЛЫГ:

Төмөр замын хэт хүнд даацын төмөр бетон гүүр ба түүний хүчитгэсэн дам нурууны барилгын технологи, арга аргачлалыг боловсруулан практикт нэвтрүүлж, Монгол орны говийн уур амьсгалд тохируулан барилгын ажлыг хээрийн аргаар өөрийн оронд анх удаа гүйцэтгэсэн “ГБЭТ” ХХК-ийн Ерөнхий инженер Эрхэмбаярын Тодгэрэл хүртлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ “ШИЛДЭГ АЖИЛЧИН” ШАГНАЛЫГ:

Мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжээрээ онцгой амжилт гарган, Тавантолгой – Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндэсний бүтээн байгуулалтын ажилд үлгэр жишээ хувь нэмэр оруулж буй мэргэшсэн боловсон хүчин, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаан Бавуугийн Мөнхжаргал мөн хүртлээ.

Мөн шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох тухай журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тэтгэлгийг уламжлал ёсоор зарлаж, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг шалгарууллаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 30 оюутан суралцагчид олгох тухай зарлиг гарч, холбогдох журмын дагуу тэтгэлгийг олгоод байна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн 500 гаруй иргэн PCR шинжилгээнд хамрагджээ

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас гэрийн ажиглалтад байгаа иргэд, Онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, тохижилт үйлчилгээний ажилчид, банкны теллерүүд, үсчин, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн худалдагч зэрэг 411 иргэнээс COVID-19-ийн илрүүлэх шинжилгээ авчээ.

Мөн Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтнууд, эмчлүүлэгчид, амьсгалын замын халдварын шинжтэй өвчтөнүүдийг хамруулан нийт 500 гаруй иргэдээс тандалт авлаа. Шинжилгээг журмын дагуу тээвэрлэн ЗӨСҮТ-д илгээсэн байна.

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 12 дугаар сарын 24-ний өдрөөс 1 дүгээр сарын 6-ныг хүртэл сунгаж,
  • Улаанбаатар хотоос ирж байгаа ачаа тээврийн үйл ажиллагаа болон зөвшөөрөлгүй зорчиж байгаа хөдөлгөөнд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг зохицуулах зорилгоор 3 хяналтын постыг үргэлжлүүлэн ажиллуулж байна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр УИХ-ын гурван Байнгын хороо хуралдана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөллөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр гурван Байнгын хороо хуралдана. Ямар Байнгын хороод хуралдаж юу хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын төсөл /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай /Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 2019, 2020 оны үйл ажиллагааг хамруулан шалгаж, дүгнэлт гаргах, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 5.1.3, 8.3.15 дахь дэд заалтын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Бусад.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Сэлэнгэ: Цэц зөв шийдвэр гаргалаа, УИХ алдаагаа засч хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна

МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэтэй Үндсэн хуулийн Цэцийн өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэрийн талаар ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Та энэ асуудлаар Цэцэд мэдээлэл гаргасан. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Үндсэн Хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач болохын хувьд зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ингэснээр УИХ-д алдаагаа засах, цаашид хүний эрхийг зөрчсөн хууль гарахаас сэргийлж байгаа нь сайн талтай. Гэхдээ миний мэдээлэлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгож сэргээх тухай хуулийг гаргаснаар шүүх эрх мэдэлд халдсан гэж үзсэнийг Үндсэн Хуулийн Цэц хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасанд сэтгэл дундуур байна.

-Хуульч, судлаач хүний хувьд УИХ-аас баталсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн агуулгыг цөөхөн үгээр тайлбарлаач гэвэл та юуг онцлох вэ?

-Энэ хуулинд нэгдүгээрт, хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурор, шүүхээс хэрэгсэхгүй болгосон авлигын гэмт хэргийг сэргээн шалгаж, ял оногдуулах, хоёрдугаарт, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй буюу хөөн хэлэлцэх хугацааг зогсоох, гуравдугаарт, Эрүүгийн хуулийн хууль буцаан хэрэглэх заалт үйлчлэхгүй байхаар заасан. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйл, ардчилсан ёсны зарчим, хүний эрхийг зөрчиж, хууль тогтоох байгууллага төдийгүй хуулийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулах, хууль зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн.

-Хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргах болсон хамгийн гол шалтгаанаа онцлооч, ардчилсан улсад байхгүй жишгийг хуульчилсан гэх шүүмжлэл давтамжтай дуулдаж байгаа?

-Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгох хууль гаргадаг жишиг ардчилсан улс оронд байхгүй.Ийм ойлголт хууль зүйн шинжлэх ухааны онол, түүхэнд байхгүй юм. Энэ нь Монголын хууль зүйн шинжлэх ухааныг харлуулж, хүний эрхийг зөрчсөн учраас Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан.

-УИХ яагаад Үндсэн хууль, хүний эрх зөрчсөн хуулийг батласан гэж та харж байна вэ?

-УИХ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн зорилго нь зөв боловч арга нь буруу байсан. Судлаач хүний хувьд, УИХ нь хууль тогтоох үйл ажиллагаанд гажуудал бий болгосон хуулийг батлахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Жишээ нь, Монгол Улс тухайн үед хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гадна авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн хянан шийдвэрлэх үйл явц хэтэрхий удаашралтай байгаа. Олон жил мөрдөн шалгаж, шүүхээр шийдвэрлэсний эцэст хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар гэмт этгээдэд ял завших боломж болгож байгаа нь нөлөөлсөн гэж хардаг. Нөгөө талаар УИХ-д шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаанд үндэслэн хууль баталдаг парламентын жишиг бүрэн төлөвшөөгүй байна. Мөн улстөрчдөд улс төрийн тоглолт хийх сайхан боломж байсан болов уу.

-Авлига, албан тушаалын томоохон гэмт хэргүүд тасрахгүй гарч байгаа өнөөгийн нөхцөлд Авлигын эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх ёстой биш үү. Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцэд нийцэж байгаа гэж зарим улстөрч тайлбарласан харагдсан. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцэд хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурор, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн ял оногдуулах тухай заалт байхгүй. Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхдээ “Эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцүүлэн авч үзэх, хөхиүлэн дэмжих”, “хуулийн өмнө шударга, хариуцлагатай, эрх тэгш байх зарчим, үнэнч шударга байх явдлыг хангах” замаар хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байгаа. Эдгээр заалтыг хууль тогтоогчид хууль зүйн үүднээс ойлголгүйгээр конвенцийг зөрчсөн хуулийг баталсан.

-Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээний хэд хэдэн нөхцөлийг зөрчсөн гэж сонссон…?

-Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх болон хөөн хэлэлцэх хугацааны талаарх шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдөж, тогтсон ойлголтуудыг зөрчсөн хуулийг баталснаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын олон конвенц, пактыг зөрчсөн. Дээр хэлсэнчлэн Авлигын эсрэг конвенцийн заалтыг зөрчсөнөөс гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан “хүнийг ялгаварлан гадуурхахгүй, хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй”, “нэг гэмт хэргээр дахин шийтгэхгүй”, “эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн.

-Гэмт хэрэгтэй, тэр дундаа албан тушаалын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж тэмцэх нь хэр үр дүнтэй, хуулийн үндэслэлтэй арга вэ?

-Ийм аргыг ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн улс орнууд хэрэглэдэггүй. Монголын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг, хууль зүйн шинжлэх ухааны ололт, амжилтыг харлуулсан арга болсон учраас үр нөлөөнийх нь тухай ярих боломжгүй. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглох хууль зүйн үндэслэл, практик орчин үеийн хууль зүйн шинжлэх ухаанд болон ардчилсан улс орнуудад байхгүй байна. Танай сониноор дамжуулан иргэдэд зөв ойлголт өгөх үүднээс Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тухай шинжлэх ухааны товч ойлголт өгөх нь зөв байх. Хүний эрх, эрх чөлөөг төр хөндөж буй тохиолдолд гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хуулийг буцаан хэрэглэх онцгой нөхцөлийг аль ч улс орны Эрүүгийн хуульд заадаг. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон хуучин үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэхийг хэлээд байгаа юм.

-Авлига, албан тушаалын томоохон гэмт хэргүүд тасрахгүй гарч байгаа өнөөгийн нөхцөлд Авлигын эсрэг конвенцэд нэгдсэн улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй хэрхэн тэмцвэл илүү үр дүнд хүрэх бол. Монгол Улсад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдог гэсэн шүүмжлэл их байдаг. Үүний цаад шалтгаан нь юу вэ, хуульд асуудал байна уу эсвэл…?

-Монгол Улсад авлига, албан тушаалын гэмт хэрэг төдийгүй аливаа гэмт үйлдэлтэй тэмцэхийн тулд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Юуны өмнө Эрүүгийн хуулийн хөөн хэлэцэх хугацаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан хуульчлах шаардлагатай. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг чангатгах ёстой. Үүнээс гадна мөрдөгч, прокурор, шүүгчдийн мэдлэг, чадвар, туршлагыг нэмэгдүүлж, хуульчдын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах хэрэгтэй.

-Өнөөгийн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт хангалтгүй байна гэсэн үг үү. Гадаадын улс орнуудад яаж зохицуулсан байдаг юм бол?

-Монгол Улсын Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан ч, хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтыг бүрэн сайжруулж чадаагүй, хийдэлтэй хэвээр байна. Эрүүгийн хуулинд мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын ялгаа, заагийг гаргаж хуульчлаагүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа зогсох, түдгэлзэх, сэргээх үндэслэлүүдийг нарийвчлан хуульчлаагүй хэвээр байгаа. Харин гадаадын улс орнууд эрүүгийн хуулинд хөөн хэлэлцэх хугацаа эхлэх, зогсох буюу тасрах, түдгэлзэх, дуусах үндэслэл, ямар гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байхыг нарийвчлан хуульчилж өгсөн байдаг. Тухайлбал, гэмт этгээд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэх, харин гэмт этгээд яллагдагчаар татагдсан болон хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх болсон хөөн хэлэлцэх хугацааг зогсоох гэх мэт үндэслэлүүдийг нарийвчлан заасан байдаг. Харин манай улсын Эрүүгийн хуулинд ийм зохицуулалтыг хуульчилж байгаагүй.Ийм болохоор гэмт этгээд оргон зайлсан ч, яллагдагчаар татагдаагүй нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байна л даа.

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын хэмжээг чангатгах ёстой гэж та түрүүн хэллээ. Гадаадын улс орнуудын Эрүүгийн хуультай харьцуулбал Монгол Улсын авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ ямар байна вэ?

-Авлигын эсрэг тэмцэх Сингапурын болон Шведийн гэсэн хоёр загвар бий. Авлигын эсрэг тэмцэх Сингапурын загварын дагуу зарим улс орон авлигын гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгахаас гадна авлигын гэмт хэргийн төрлийг нэмэгдүүлж, нарийвчлан хуульчлах болсон. Улс орнуудын Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял нь дунджаар дээд тал нь 10-25 жилийн хорих ялыг оногдуулахаар тусгасан байдаг.Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг конвенцэд зааснаар авлигын гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх замаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгадаг. Тэр утгаараа авлигын гэмт хэрэгт оногдуулах ял чанга, хатуу байдаг юм. Хэрвээ ялын дээд хэмжээ таван жилийн хорих ялтай бол таван жилээс дээш хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох боломжгүй гэсэн үг. Харин Манай улсын Эрүүгийн хууль дахь авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ дунджаар дээд тал нь 5-12 жил байгаа.

-Монголд яагаад авлига, албан тушаалын хэргийг олон жил мөрдөн шалгадаг юм бэ?

-Хөөн хэлэлцэх хугацааны зогсох, түдгэлзэх, сэргээх үндэслэлийг хуульчилж өгөөгүй нөхцөлд авлига, албан тушаалын гэх мэт томоохон гэмт хэргүүдийг олон жил мөрдөн шийдвэрлэж, хугацаа ихээхэн алдаж байгаа нь ял завшуулах, эцэст нь хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгох нөхцөлийг бүрдүүлж байна.Иймд хөөн хэлэлцэх хугацааны эхлэх, зогсох буюу тасрах, түдгэлзэх, дуусгавар болгох үндэслэл болон ямар хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх заалтуудыг Эрүүгийн хуулинд тусгах нь авлигын төдийгүй аливаа гэмт хэрэгтэй тэмцэх нэг арга зам гэж хэлээд байгаа юм. Нөгөө арга зам нь хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, тэдний ажлын ачаалалыг багасгах нь аливаа хэргийг хуулийн хугацаанд шийдвэрлэх нэг нөхцөл гэж үзэж байна.

-Хэргийг олон жил мөрдөн шалгаж шийдвэрлэж байгааг хуульчдын мэдлэг, ур чадвар, туршлагатай холбож байна. Хүнд хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд хугацаа орох юм биш үү?

-Аливаа хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэх хуульд заасан хугацаа бий. Энэ хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхэд хэргийн болон гэмт этгээдийн нөхцөл байдал, мөрдөгч, прокурор, шүүгчдийн ажлын ачаалал, ур чадвар, туршлага гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч томоохон хэргүүдийг олон жил шалгаж мөрдсөн атлаа анхан, давах, хяналтын шатны шүүхээс хэргийн нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар прокурорт буцах явдал их байгаа нь мөрдөгч, прокурор, шүүгчдийн мэдлэг, чадвар, туршлагад эргэлзэхэд хүргэж байна л даа. Нөгөө талаар мөрдөгч, прокурор, шүүгчдийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах талаарх онол, практикийн мэдлэг ихээхэн дутмаг санагддаг. Энэ тал ч нөлөөлж байгаа.

-Шүүхийн хууль ёсны, үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрлэсэн хэргийг дахин сэргээн шалгахыг хуулиар даалгаж болох уу. Энэ нь эрх мэдэл хуваарилах зарчимд хэр нийцдэг вэ. Үндсэн хуулийн Цэц яагаад шүүх эрх мэдэлд халдаагүй гэж үзсэн юм бэ?

-Шүүхийн эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн хууль ёсны шийдвэрийг хууль тогтоох байгууллага хүчингүй болгож, дахин сэргээн шалгаж шийдвэрлэхийг хуулиар тогтоодог онол, туршлага хууль зүйн шинжлэх ухааны түүхэнд байхгүй. Судлаач хүний хувьд олон улс орны хуулиудыг судлаад ийм зохицуулалтыг олоогүй. Хууль, шүүхийн байгууллагын хууль ёсны шийдвэр, үйл ажиллагаанд хууль тогтоох байгууллагаас эрх зүйн бус (хүний эрхийг зөрчиж, хууль зүйн шинжлэх ухааны ойлголтыг гажуудуулсан) хууль батлах замаар оролцохыг төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын үүднээс шүүх эрх мэдэлд халдаж буй явдал гэж үзэхээс өөрөөр юу гэж үзэх юм бэ. Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг авсны дараа Цэцийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг мэдэх боломжтой.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе.

-Хууль тогтоогчид хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, Үндсэн хуульд нийцсэн хуулийг батлах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн. Энэхүү үүргийг зөрчих нь хүний эрхийг зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн үнэт зүйл, үнэ цэнийг алдагдуулж, улмаар төрийн бодлого гажуудах нөхцөлийг бүрдүүлэх аюултай. Иймд УИХ алдаагаа засч, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Цэцгээ: Өмнөд Монголын олон аймаг хошуудаас үндэс угсаа нэгт Монгол түмнээ гэх сэтгэлээр ирүүлсэн хандиваар олон гэр бүлд хүнсний тусламж үзүүлж байна

“Эрүүл амьдрах арга ухаан” сургалтаар алдаршсан А.Мөнхөө эмч болон “Сайн энергийн төв” ТББ-аас санаачлан өмнөд монголчууд Улаанбаатар хотод амьдардаг амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүнсний тусламж үзүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулсан юм. Энэ тухай бид “Сайн энергийн төв” ТББ-ын захирал С.Цэцгээтэй ярилцлаа.


-Сайн байна уу. А.Мөнхөө эмч багшийн “Эрүүл амьдрах арга ухаан” сургалтыг Монгол Улсад эрхлэн явуулдаг “Сайн энергийн төв” ТББ -аас санаачлан сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж байна. Энэ аянаа хэзээнээс эхлүүлэв?

-Бүгдэд нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Дэлхий нийтийг айлгасан аюулт өвчний улмаас удаан хугацаанд ажилгүй, орлогогүй байна гэдэг олон айлд хүндхэн даваа болж тэр тусмаа өдөр тутмын багахан орлогоор амьдардаг цөөнгүй айл өрхүүд хоолгүй хоноход тулсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид харсаар байна. Эдгээр хүмүүст туслах зорилгоор А.Мөнхөө эмч багшийн “Эрүүл амьдрах арга ухаан” хичээл сургалтыг Монгол улсад эрхлэн явуулдаг “Сайн энергийн төв” ТББ -аас санаачлан Мөнхөө эмч багш, Өвөр Монголын “Сайн энерги” компани, Өвөр Монголын бүх сайн энергичидэд хандан Улаанбаатар хотын амьжиргааны доогуур түвшин дор ард иргэдэд хүнсний тусламж хүргэх сайн үйлсийн хандивын аяныг зохион байгуулж байна.

-Монголчууд А.Мөнхөө эмчийг “Эрүүл амьдрах арга ухаан” сургалт тогтмол явуулдаг гэдгээр нь сайн танина?

-А.Мөнхөө эмч багш “Эрүүл амьдрах арга ухаан ” эрүүл мэндийн цогц хичээлийг зохион бүтээгч бөгөөд 2014 оноос хойш Монгол Улсад эрүүл мэндийн сургалт, бясалгалын хичээлийг тогтмол явуулснаар маш олон хүн, гэр бүл эрүүл амьдрах арга ухаанд суралцаж үзэл бодлоо өөрчилж эрүүл энх, аз жаргалыг олж авсаар байна. Өмнөд Монгол даяар эрүүл мэндийн их багш хэмээн алдаршсан Мөнхөө эмч багш иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хийсэн олон жилийн ажил хөдөлмөрөөрөө 2019 онд Хятадын 1,3 тэрбум хүнээс оны шилдэг арван хүний нэгээр шалгарч улс даяар танигдсан алдар гавъяатай хүн шүү дээ.


-Энэ сайн үйлсийн аянд нийт хичнээн иргэд хамрагдаж, хэдэн төгрөгний хандив цугларсан бэ?

-А.Мөнхөө эмчийн болон компанийн удирдлага дуртайяа хүлээн авч хандивын ажлыг эхлүүлж Өмнөд Монголын өнцөг булан бүрт Мөнхөө багшийн эрүүл мэндийн хичээлд суралцагч ард иргэд, бүх сайн энергичид, элэг нэгт монгол ахан дүүс минь идэвхийлэн зүтгэж маш богино хугацаанд 206 мянган юань буюу 90 сая төгрөгийн хандивыг цуглуулжээ. Хүн өлсөхгүй байна гэдэг эрүүл байхын үндэс болохоор бид бүхэн энэ мөнгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авч МУЗН-ээр дамжуулан Улаанбаатар хотын есөн дүүрэг бүх хороонд хүнсний тусламж нэн шаардлагатай айл өрхүүдэд хүргэж байна.

-Хүнс түгээх ажлаа ямар хугацаанд хүргэхээр төлөвлөсөн бэ?

-Нэг дүүрэгт дунджаар 300 гаруй өрх, нэг хороонд 15 айлд хүнсний багц хүргэхээр тооцоолж нийтдээ 25 тн гурил, 12.5 тн будаа, таван тонн ургамлын тосыг нийт 2500 өрхөд шинэ оноос өмнө хүргэхээр төлөвлөж байна. Ингээд нэг айлд 10кг гурил, 5кг будаа, хоёр литр тос хүргэж байна.


-А.Мөнхөө эмч болон Өмнөд Монголын ахан дүүс минь их цаг зав, сэтгэл зүтгэлээ гаргаж байгаад их баярлаж байна?

-Өмнөд Монголын олон аймаг хошуудаас мянга мянган сайхан сэтгэлт ард иргэдээс 10, 20, 50, 100 гээд 500, 1000-н юань хүртэл ёстой олны олон таван цэн гэгчээр хүн бүр боломжийнхоо хэрээр хандивлаж үндэс угсаа нэгт Монгол түмнээ гэх халуун сэтгэлээр ирүүлсэн мөнгөнөөс энэ их хүнсний тусламж бүрдэж байна. Ажил бизнесийн зардал хөрөнгийг хасаж, айл гэрийн хэрэглээг хэмнэж, ирээдүйд зориулах хадгаламжаасаа илүүчилж цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан ашиг орлогоосоо ядарч зүдэрсэн хүмүүст өгөөмөр сэтгэлээр харамгүй хуваалцана гэдэг үнэхээр энэрэнгүй сайхан сэтгэл төдийгүй их эр зориг юм аа. Та нартаа маш их баярлалаа. Энэ хүнсний тусламжийг хорио цээр, халдвар хамгааллын дэглэмтэй аюултай хэцүү нөхцөлд Улаанбаатар хот даяар Налайх, Багахангай, Багануур гээд бүх дүүрэгт бүх хороонд хүрэх ёстой хүмүүст нь 2500 айлд тараах буянтай тустай хэдий ч хүнд ажлыг гардан хийх МУЗН-ийн хамт олонд мөн баярлалаа. Хоол хүнсний тусламж нэн шаардлагатай иргэд, өрхийн судалгааг түргэн шуурхай гаргаж, заавар зөвлөгөө өгч бидний ажлыг тусалж дэмжсэн Улаанбаатар хотын дүүрэг хороодын зохих албаны хүмүүс мөн олон. Өмнөд Монголчуудын онож хэлснээр хайр халамжийн энэ хандив тусламж нь зохих эзэндээ хүрч Монгол Улсын төр засгийн байгууллагаас эхлээд Монгол түмэн баярлаж талархаж буйг сайхан сэтгэлт тэр хүмүүс сонсож мэдвэл бидний зүгээс барих хамгийн том хариу бэлэг болох юм. Мөн чанартай сайн хүнсний бүтээгдэхүүнийг боломжит хамгийн бага үнээр нийлүүлж бидний ажлыг дэмжсэн “Улаанбаатар гурил”, “Дельта Фүүдс”, “Луча” зэрэг компаниуддаа баярлалаа. Хорио цээрийн үед хүнд нахцөлд байгаа Улаанбаатар хотын 2500 өрхөд нэн шаардлагатай хүнсний тусламж хүргэх ажлыг “Сайн энергийн төв” ТББ-аас амжилттай зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин хонь өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 30. Буд гариг. Билгийн тооллын 16, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 08:42 цагт мандан 17:08 цагт жаргана. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 39-41 градус, бусад хэсгээр 32-34 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 32-37 градус, Дархадын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 37-39 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 36-38 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.