Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ангар: Хатуу хөл хориог дахин сунгавал маш том эдийн засгийн хямрал эхэлнэ

– ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ТЭГЛЭЖ БАЙЖ УЛСААРАА КОРОНАВИРУСИЙГ ДАВЖ ГАРНА-


Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Цар тахлын үед эдийн засгаа сөхрүүлчихгүй аваад үлдэх боломж байна уу?

-Хөл хорио тогтоосныг буруутгаж болохгүй. Энэ шийдвэр зөв. Гэхдээ нөгөө талд нь эдийн засгаа давхар харж байх ёстой. Ийм үг гарсан байсан даа. “Коронавирусээс болж олон хүн нас барна. Харин түүнээс илүү хэдэн мянган хүн дампуурна” гэж. Коронавирус эдийн засгийн вирус болчихжээ. Нэг хүн коронавирусээр өвдлөө гэхэд нөгөө талд нь 1000 хүн сөрөг үр нөлөөнд нь орж байна гэсэн үг. Бид коронавирусийг эдийн засаг талаас нь харах ёстой. Эхлээд бүх л улс орнууд эрүүл мэнд талаас нь харсан. Харин нөгөө талд коронавирус эдийн засгийг маш их сүйтгэж байгааг олж харсан. Сүүлийн хагас жилийн хугацаанд улс орнууд коронавирустэй хамт эдийн засгаа анхаарч эхэлсэн. Монгол Улс хэд хоногийн өмнө халдварыг алдсан гэж хөл хорио тогтоосон нь зөв алхам. Гэтэл эдийн засаг маань үнэхээр сүйрч байна. Монголын эдийн засагт коронавирус маш хүндээр тусч байна. Яагаад гэхээр зээлийн хүүтэйгээ уялдаад тэр. Бусад улсын иргэд, ААН нь ч зээлтэй. Гэхдээ бусад улс орны зээлийн хүү нь бага байдаг. Бизнесийн зээл жилийн таван хувь. Коронавирус гараад эхлэнгүүт ААН-үүдээ таван хувийн зээлийг төлж чадахгүй гэж үзэн өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сараас эхэлж бага байсан зээлийн хүүгээ улам буулгасан. ААН-үүдээ аврахын тулд зээлийн хүүгээ нэг хувь болгож өгсөн. Энэ цаг үед ААН-үүдэд харилцагч, борлуулалт, ашиг орлого байхгүй. Тиймээс улс орнууд эдийн засгаа хамтад нь анхаарч эхэлсэн. Эдийн засаг гэдэг үгийн цаана ААН гэдэг ойлголт бий. Солонгос улс бизнесийн зээлийн хүүгээ нэг хувьд хүргэсэн. Герман гэхэд ААН-үүддээ амьсгаа авах боломж өгөхийн тулд зээлийг нь төр нь худалдаж авч байна. Монголд бизнесийн зээл 25-28 хувийн хүүтэй. Жижиг, дунд ААН-үүдэд банкнаас зээл олддоггүй. Тиймээс ББСБ, ломбардаас зээл авдаг. Энэхүү зээл нь 50-100 хувийн хүүтэй. Хуучин ААН-үүд өндөр хүүтэй ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явдаг байсан. Харин сүүлийн долоо хоногийн хугацаанд ААН-үүд харилцагч, борлуулагч, орлого байхгүй. Цаад талд нь зээлийн хүү нь гүйгээд ирэхээр санхүүгийн хүнд байдалд орж байна. Энэ тал дээр Монголын төр арга хэмжээ авахаас өөр аргагүй.

-Саяхан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 23 арга хэмжээг Засгийн газраас авсан. Эдгээр арга хэмжээнд ААН-үүдийг дэмжсэн зүйл алга зэрэг шүүмжлэл хөвөрч харагдсан…

-Засгийн газрын авч байгаа арга хэмжээнээс нэг нь ч ААН-д үнэхээр тус дэм болохгүй. Байгаа оноогүй, асуудлаа ойлгоогүй 23 шийдэл байна лээ. Харин Монголбанк мөнгөний бодлогоо хоёр хувиар буулгалаа. Энэ бол эхлэл. Үүнээс ч илүү буулгах ёстой. Бодлогын хүүг гурав хүртэл нь буулгаж байж ААН-үүдийн дарамт багасна. Эдийн засаг хүндрэлтэй үед төрөөс оролцож зээлийн хүүг буулгах ёстой. Солонгос, Герман, АНУ, Англи, Австрали шиг жилийн нэг, хоёр хувийн хүү болго гэхээ больё. ААН-үүдийн зээлийг 25 хувиас нэг оронтой тоонд буюу 8,9 хувь хүртэл буулгаж өгөх ёстой.

-Бизнесийн зээлийн хүүг бууруулах боломж бий юү?

-Бүх боломж нь манайд байна. Гол нь Засгийн газар, Монголбанк хөдөлж өгөхгүй байна. Коронавирусийн түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар маш зөв санал гаргасан. Хадгаламжийн хүүг дунджаар 11 хувийн хүүтэй байна. 11 хувийн хүүг тэглэх ёстой. Ингэж байж зээлийн хүү 11 хувиар буурна. Одоо зээлийн хүү 20 гаруй хувьтай гэхээр хадгаламж тал хувь нь. Хадгаламжийн хүү буурчихвал иргэд, ААН-д ирж байгаа зээлийн хүү 11-12 хувиар буурна гэсэн үг. Энэ цаг үед эдийн засагт хадгаламжинд хүү төлөх чадвар байхгүй. Банк нэг ч төгрөгийн хадгаламжийн хүү төлдөггүй. Иргэд, ААН-үүдийн төлсөн хүүнээс банк өөрийн ашиг, өөрийн зардлыг санхүүжүүлээд тэр мөнгөнөөсөө хадгаламжийн хүү гэж төлдөг. Гэтэл иргэд, ААН зээлийн хүүгээ төлөх нь байтугай, цалингаа ч тавьж чадахгүйд хүрчихлээ.

-Хадгаламжийн хүүг тэглэх ёстой гэж үү?

-Хадгаламжийн хүүг тэглэх л хамгийн зөв алхам. Өөр шийдэл байхгүй. Энэ асуудлыг дээрх хоёр гишүүн гаргачихаад байгаа юм биш. 1933 онд АНУ-д их хямрал болсон. Үүний дараа АНУ банкны хадгаламжийн хүүг бүгдийг нь тэглэсэн. Тэр зохицуулалт саяхныг хүртэл үргэлжилсэн. Арилжааны банкуудын хадгаламжийн хүүг төв банкнаас зохицуулах учиртай. Монголд сүүлийн 30 жил хадгаламжийн хүү нь ямар ч зохицуулалтгүй явж ирсэн учраас банкууд хоорондоо өсгөж уралдсаар байгаад хадгаламжийн хүүг хэт өсгөсөн. Хадгаламжийн хүүний өсөлтийг зээл авсан иргэд, ААН төлдөг. Тиймээс одоо шууд хууль гаргаад хадгаламжийн хүүг тэглэх шаардлагатай. Энэ хэмжээгээр зээлийн хүүг бууруулах ёстой. Ингэж байж бүх улсаараа коронавирусийг давж гарна. Тэрнээс хадгаламжийн хүүг хэвээр нь байлгавал бүх ААН-үүд дампуурна.

-Хадгаламжийн хүүг тэглэх боломжгүйг Монголбанк, Монголын Банкны Холбооноос хэлж байгаа. Ингэснээр төгрөгийн ханш унаж, банк санхүүгийн салбарт эрсдэл үүснэ. Харин таны хувьд хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байна уу?

-Хадгаламжийн хүүг бууруулахаар ямар өөрч-лөлт гарна гэхээр өндөр хадгаламжтай хүмүүс хөрөнгө оруулалтын бусад сонголтуудыг хайж эхэлнэ. Компаниуд, ААН-үүдэд хөрөнгө оруулж эхэлнэ. Энэ бол бусад улсад бий болсон туршлага. Бид тэр замаар л явах ёстой. Хадгаламжийн хүү тэг боллоо гээд мөнгөө ам.доллар болгоод гадагшаа гаргачихна гэсэн зүйл байхгүй. Дотоодод байгаа бусад өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг хайж эхэлнэ. Тэр нь компанийн бонд. Би 200 сая төгрөгийн хадгаламжтай байлаа гэж бодъё. Банк надад 12 хувийн хүү өгч байгаа тохиолдолд тэр мөнгөө эргэлдүүлэх ямар ч шаардлага байхгүй. Би жилд 24 сая төгрөг, сард хоёр сая төгрөгийн хүү зүгээр л аваад байна. Хадгаламжийн хүү өндөр байгаа үед мөнгөтэй хүмүүс толгойгоо ажиллуулах шаардлагагүй. Гэдсээ илээд л хэвтэж байна. Харин одоо хууль гараад Монголбанк хадгаламжийн хүүг тэглэлээ гэж бодъё. Тэгвэл хадгаламжиндаа байгаа мөнгөө авалгүйгээр мөнгөндөө хүү олохын тулд компаниуд руу бонд авахаар хандаж эхэлнэ. Энэ процесс л Монголд явна. Бусад улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд байдаг гэхээр хадгаламжийн хүү байдаггүй болохоор. Монголд хадгаламж хүүтэй болохоор хөрөнгийн зах зээл хөгждөггүй юм. Харин иргэд илүү өндөр өгөөжтэй санхүүгийн хөрөнгө оруулалтуудыг л хайж эхэлнэ. Эхний ээлжинд компанийн бонд байна. Энэ бол маш сайн зүйл. Ингэж байж компаниуд бага хүүтэй санхүүжилттэй болно. Банк надад 12 хувийн хүү өгөөд байгаа учраас би юу ч бодохгүй гэртээ суугаад байна. Харин хадгаламжийн хүүг тэг болгочихвол би компаниас бонд худалдаж авдаг болно. Бүх улсад хадгаламжийн хүү төрөөс маш зохицуулалттай явдаг. Хөл хорио тогтоосон үед хадгаламжийн хүүг тэглэх ёстой. Зарим эдийн засагч, Монголбанкны залуучуудын яриад байгаа шиг хадгаламжийн хүүг тэглэчихээр сүйрэл болохгүй. Банкны систем унахгүй, дампуурахгүй. Харин ч банкуудад ашигтай.

-Дахиад хөл хорио сунгавал эдийн засагт ямар нөхцөл байдал үүсэх бол?

-Арванхоёрдугаар сарын 1-нээс хатуу хөл хориог цааш нь сунгавал шууд маш том эдийн засгийн хямрал эхэлнэ. Зогсоож дийлэхгүй. Жижиг, дунд ААН-үүдийн 50 хувь нь дампуурна. Нэг жижиг, дунд ААН-ийг босгохын тулд таван жил зарцуулагддаг. Зах зээлдээ танигдана, өөрийн гэсэн харилцагчтай болно гээд хугацаа орно. Цар тахлын үеэр төр засаг ААН-үүдээ дампууруулчих юм бол ойрын 10 жилдээ эдийн засаг сэргэхгүй. Үүнийг би ч хэлж байгаа юм биш. Бүх улс энэ цаг үед яагаад эдийн засаг гэж яриад байгаагийн утга учир ердөө энэ. Компаниудаа дампууруулж болохгүй гэдэг бодлого төрийн бодлогын нэгт яваад байна. УИХ, Засгийн газар илүү том бодлогоор харах хэрэгтэй. Үсчин, жижиг хоолны газар, өдрийн цалингаараа амьдардаг хүмүүс сүйрч байна. Эдийн засгийнхаа суурь болсон ААН-үүдээ харж үзэх ёстой. ААН-үүд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл арай гэж тэсч байгаа юм. Үүнээс цааш дахиад хөл хорио яригдах юм бол ААН-үүд тэсэхгүй. Нэг жижиг ААН гэхэд л банк, банк бусаас зээлтэй байгаа. Олон ААН-үүд зэрэг дампуураад эхэлвэл банкны системдээ ч нөлөөлнө. Системийн маш том хямралын асуудал яригдана. Гэтэл үүнийг төр засаг ойлгохгүй. Цар тахлыг дарж авах ёстой, гэрээсээ гарч болохгүй гээд байдаг. Гэр бүлдээ хайргүйдээ гарах гээд байгаа юм биш ш дээ. Өр зээл нь нэхэгдээд байгаа учраас ажлаа явуулах шаардлагатай байна. Энэ бүхнийг томоохон өндөр хадгаламжтай төрийн дарга нар ойлгохгүй л байна л даа.

-Ерөнхийлөгч төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гаргасан. Үүнийг Засгийн газар хүлээж авсангүй. Энэ тухайд та ямар байр суурьтай байна?

-Ирэх оны төсвийн тухай хэлэхэд, хямралын үед соёлын төв, спортын ордон, хөшөө барих ажлыг зогсоох ёстой. Энэ хэмнэлтээрээ иргэд ААН-ээ дэмжсэн арга хэмжээ авах нь зүйтэй. Дэлхийн банкнаас 50 сая ам.долларын зээл хүсч огт болохгүй. Бүхэл бүтэн улс байж төсвөөс гарсан хэмнэлтээрээ өөрсдөө вакцинаа худалдаж авах ёстой. Ерөнхийлөгчийн саналыг шилдэг арга гэж хэлэхгүй. Гэхдээ хөшөө барьснаас хамаагүй дээр. Дотоодын эдийн засгийн эргэлт гэж байхгүй болчихлоо. Үүнээс илүү шийдлүүд бий. Бид шийдлээ бодож сууж байгаад олох шаардлагагүй болчихсон. Манай улс бүх зүйлийн хойно алхаж байна. Үүний давуу тал нь бусад улсын алдаж оносон бодлогуудыг харж байгаад хийчих юм. Ерөнхийлөгчийн бэлэн мөнгө өгөх санал буруу биш. Ихэнх улс үүнийг хийсэн. Гэхдээ үүнээс илүү ашигтай зохицуулалт нь зээлийн хүүг буулгах. Энэ тал дээр Ерөнхийлөгч дуугарахгүй байна. ААН-ийн зээлийн хүүг дуугаараасай гэж бодож байгаа. Төрийн гурван өндөрлөг зээлийн хүүг бууруулах тал дээр амандаа ус балгачихсан юм шиг таг суучихаад байна. Төрийн гурван өндөрлөгийн нэг нь зээлийн хүү, бодлогын хүүг бууруулах чиглэл өгвөл төрийн бодлого арай өөрөөр явна.

Categories
мэдээ улс-төр

Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан.

Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх тов гарчээ.

Ирэх мягмар гарагт Хууль зүй, Төсвийн байнгын хороод, лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг тус тус хэлэлцэн, үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм.

Төсөвт хориг тавьсантай холбоотойгоор уг асуудлыг 14 хоногт багтаан хэлэлцэх бөгөөд Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг хэлэлцэхийг хойшлуулаад байгаа юм.

Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсантай холбоотойгоор Сангийн сайд мөн байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ “Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа” гэсэн юм

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

СҮХБААТАР АЙМАГ БАРУУН-УРТ СУМ: “Маскаа зүүцгээе, гараа угаах”-ыг даалгав

Аймгийн Засаг даргын захирамжаар “Маскаа зүүцгээе, гараа угаая” албан даалгавар гарсан байна. Уг даалгаварт ажилтан албан хаагчдыг амны хаалтаар хангах, тогтмол хэрэглүүлж хэвших, дархлааг дэмжих ажлыг эрчимжүүлэхийг уриалсан аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар хүйтэнд тэсвэртэй

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэдийн дунд коронавирус агаарт дэгдэж байна, хүйтний улиралд тэсвэртэй гэсэн ойлголтууд түгээд байна. Бид өмнөх мэдээллээр хэлснээр коронавирус гадаа агаарт эргэлтэд ороод байхгүй. Харин битүү, вакуум орчинд илүү үржих чадвартай. Мөн хүйтэн тэсвэртэй. БНХАУ-ын хөлдөөсөн бүтээгдэхүүн, сав баглаад нь коронавирус илэрч байна. Мөн БНСУ-д гаднаас ирсэн бараа хадгалдаг хүйтэн агуулахад илэрсэн. Дэлхийн эрдэмтэд ч хүйтний улиралд томуутай коронавирус хавсрах магадлалтай гэж анхааруулж байсан. Тиймээс коронавирусийг хүйтний улиралд тэсвэргүй гэж ойлгож болохгүй” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Уул аймагт 9 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Дархан-Уул аймагт өнөөдөр /2020.11.28/ 11:00 цагийн байдлаар халдвар авсан нь батлагдсан тохиолдол 35 бүртгэгдээд байсан юм. Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал “Нэг иргэн нэг өрх шинжилгээгээрээ дөрвөн иргэний эерэг тохиолдол бүртгэгдлээ. Тэд батлагдсан 20 тохиолдлын ойрын хавьтлын иргэд байна. Өглөө таван тохиолдол бүртгэгдсэн. Тэгэхээр нийт батлагдсан тохиолдол 44 болж байна” гэх мэдээллийг өглөө.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн хамгийн үнэтэй цүнх

Италийн Болонья хотын “Boarini Milanesi” компани 7 сая ам.долларын өртөг бүхий дэлхийн хамгийн үнэтэй цүнх урласнаа зарлав. “Parva Mea” цувралын энэхүү цүнхийг ногоон туяатай усан цэнхэр өнгөтэй, хагас гялтгар болгож боловсруулсан аллигатор матрын арьсаар хийжээ. Мөн 10 цагаан алтан эрвээхийгээр чимэглэж, дөрөвт нь очир эрдэнэ, гуравт нь нийт 130 гаруй каратын жинтэй индранил болон ховор төрлийн үнэт чулуу болох парайба турмалин шигтгэжээ. Мөн алмаз ч орсон байна.

“Boarini Milanesi” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Маттео Родолфо Миланесе энэхүү гар цүнхийг өсвөр насандаа хагацсан аавдаа зориулжээ. Тэрбээр байгаль орчныг хамгаалахад олны анхаарлыг хандуулах зорилгоор далай тэнгисээс санаа авч цүнхний загвараа гаргасан байна. Маттео Родолфо Миланесе ийм гурван цүнх урлах бөгөөд зарагдсаных нь дараа тус бүрээс 950 мянган ам.долларыг далай тэнгист хөглөрч буй асар их хуванцар хогийг цэвэрлэх ажилд хандивлахаар төлөвлөжээ.

Дизайнер Каролина Боаринигийн хэлснээр чулууны сонголт ч бас далайтай холбоотой аж. “Цэнхэр индранил нь далайн гүнийг, турмалинууд нь бохирдоогүй Карибын тэнгисийг, харин очир эрдэнэс нь бороо болон унах тунгалаг усыг бидэнд санагдуулдаг” гэж тэрбээр хэлсэн байна.

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-д бичигдсэн хамгийн үнэтэй цүнх бол “Mouawad 1001 Nights Diamond Purse” юм. Энэхүү цүнхийг урлахад мэргэжлийн 10 уран дархан 8800 цаг зарцуулжээ. Зүрх хэлбэртэй энэхүү цүнхэнд 18 каратын алт, 56 ширхэг ягаан өнгийн очир эрдэнэ, 105 ширхэг шар өнгийн очир эрдэнэ болон 4356 ширхэг тунгалаг алмааз шигтгэжээ. Цүнхэнд орсон нийт очир эрдэнийг нийлүүлбэл 381.92 карат болох бөгөөд 3.8 сая ам.доллароор үнэлэгдсэн аж.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

​Т.Оргилмөнх: “Зэвүүн яриа”-г хийсэн нь өөрөө зэвүүн алхам байсан

“Зэвүүн яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнхтэй ярилцлаа.

-“Зэвүүн яриа” нэвтрүүлэгт уригдсан зочдоос хамгийн түрүүнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач гэжасуудаг. Тэгвэл энэ удаа Т.Оргилмөнх гэдэг хувь хүнийг уншигчдад танилцуулвал?

-Намайг Тайванбаатарын Оргилмөнх гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуульд сурч байгаад 8-р ангидаа гарчихсан.Түүний дараа “Сити” их сургуулийн жүжигчний ангид нэг жил сурч байтал SBN телевизээс ажлын санал ирээд түүнээс хойш энэ салбартай холбогдсон. Тэрнээс хойш ажилласаар яваад сургуулиа төгсөж чадаагүй гэсэн үг.

-“2020 онд их сургуульдаа эргээд суралцаж, боловсролдоо анхаарах зорилго тавьсан” гэж ярьсан байсан. Зорилгоо биелүүлж амжив уу?

-Харамсалтай нь чадсангүй ээ. Хорь, хорь гэдэг он чинь хориод л байх юм. \инээв\ Их дээд, сургуульд суръя гэсэн зорилготой байсан ч цар тахлаас болоод хойшлогдчихлоо.

-“Зэвүүн яриа” нэвтрүүлэголон үзэгчтэй, тэр хэрээрээ олон ч хүнд шүүмжлүүлдэг.Олны хэл амыг үл тоон, 4 жил тасралтгүй нэвтрүүлгээ бэлтгэхэд юу нөлөөлсөн бэ?

-Анх 2016 онд Д.Сарангэрэл захирал намайгТок шоу хийгээч” гэж санал болгож, хамтдаа ярилцаад энэ нэрийг өгсөн. Хүмүүсийн надад өгсөн итгэлийг хөсөрдүүлэхгүй байх юмсан гэдэг бодол маань миний өдийг хүртэл тууштайяваа шалтгаан болов уу. Өөрөө чажилдаа дуртай болохоор хийхэд урамтай. Хэрвээ “Зэвүүн яриа” нэвтрүүлгээ хийж эхлээгүй бол ялгаагүй урлагийн салбартажиллаж яваа байх.

-Анх “Учиртай урилга” нэвтрүүлэгтэй төстэй, санаа авсан болов уу гэж олон хүн харддаг байсан?

-Тухайн үед ярилцлагын төрлийн олон ток шоунууд гардаг байсан. Угаас жанр нь адилхан болохоор тэгж бодогдсон байх. Миний нэвтрүүлэг нэгдүгээрт асуулт бэлддэггүй, тухайн үеийн мэдрэмжээрээ ямар ч эвлүүлэг, засваргүй хүрдэг гэдгээрээ ялгаатай.Тухайн зочны олон нийтэд дэлгэдэггүй далд зүйлийг яриулах зорилготой байдгаараа бусдаас өөр. Тиймдээ ч хар масс ихтэй.

-Нэвтрүүлгийн дараа сөрөг сэтгэгдлүүдээр булуулж, олон нийтэд үзэн ядагдсаны дараа юу бодогддог вэ. Нэг үеэ бодоход сэтгэлзүйн хувьд дархлаатай болсон боловуу?

-Гэнэтийн таагүй юм орж ирэхээрхүн сэтгэлээр унадаг. Хэдэн жилийн өмнө би цаг агаарын нэвтрүүлэг хөтөлж байгаад “5 минут алхлаа, гадаа хүйтэн байна. Оюутан бол харин алх, алх” гээд хэлчихсэн юм. Тэр үед буюу 2016 онд анх удааолон мянган хүнд сошиалаар муулуулж, доромжуулахад эвгүй санагдаж байсан. Тэдэн дундаас таньдаг царайгаа харах л муухай юм билээ. Гэхдээ би үр дүнгээ харчихсан болохоораливаа доромжлол, шүүмжүүдэд эмзэглэдэггүй. Одоо ч муулуулсаарявна. Саяхан найз бүсгүйтэйгээ хөгжилтэй байдлаар дасгалын тайлбар уншсан хөнгөхөн бичлэг дээр хүртэл харлуулах хүмүүс байна. Тэр болгон дээр тайлбар хийгээд хэрэлдээд явахыг хүсдэггүй.Намайг ч яахав, хайртай хүнийг минь доромжлох ёстой хэцүү санагддаг юм байна.

-Ярианыхаа тактикийг урьдчилан бэлддэг үү. Хүмүүсийн тэр бүр дэлгэдэггүй хувийн чанартай зүйлсийг яриулчихсан байдаг.

-Манай гэр бүлийнхэн бүгд яриасаг хүмүүс байдаг. Ярилцахын хувьд маш олон тактик бий. Би өөрөө бодож олсон ч юм уу, угаас байсан ч байж магадгүй олон тактик гаргаж байсан. Эхний арван минутад тухайн хүний өөрийгөө танилцуулж байгаа байр байдлаас нь характерийг нь тодорхойлдог. Энэ хүнийг магтах уу эсвэл бага зэрэг хатгавал юм гарах уу гэдгийг ярилцаж байх хугацаандаа харж байгаад асуудаг.

-Нэвтрүүлэгтээ урихыг хүсдэг болон хэзээ ч урилга авдаггүй зочин хэн бэ?

-Урилга ерөөсөө авдаггүй гэвэл реппер Gee. Маш олон хүмүүс Gee-г оруулаач гэж санал тавьдгийн дагуу 2 жил уйгагүй залгасан. Реппер Цэцээг орохоос өмнө “Нэвтрүүлэгт оролцоно” гэдэг байсан.Цэцээг орсны дараа “Хоёулаа суугаад гуравдагч хүний талаар ярьж байгаа нь таалагдаагүй болохоор орохгүй ээ” гэсэн. Одоогийн байдлаар оруулахыг хүсч байгаа хүн гэвэл Батмөнх гэдэг хүнтэй л ярилцаж үзмээр байна. Сошиал медиа дээр гэр бүлийнхээ талаар пост оруулдгаар нь хүмүүс мэдэх байх. Яагаад гэхээр тэр хүний өөрийгөө өндрөөр үнэлсэн байгаа байдал надад их сонирхолтой санагдаад байгаа.

-Дандаа олны танил хүмүүсийг оролцуулдаг байж байгаад Хосбаяр гэдэг бөөг урьж ярилцсан нь их сонирхолтой дугаар болсон байсан?

-Хосбаярыг орсноос хойш надаас бараг таван мянган хүн утасны дугаарыг нь асуусан.

-Нэвтрүүлгээсээ ямар нэг ашиг олдог уу?

-Ер нь манайх ашиг олдоггүй. Төлбөртэй зочин авдаггүй болохоор айхавтар ашиг олоод, мөнгөний төлөө явсан зүйл байхгүй ээ.

-Реппер Энэрэлийг оролцуулсан дугаарын дараа та хоёрын дунд үүссэн асуудлын талаар нэг хэсэг шуугиад өнгөрлөө.Энэ асуудал түүгээр дууссан уу?

-Бид хоёр ерөөсөө харьцдаггүй. Би яагаад тэрийг ярьсан бэ гэхээр эрэгтэй хүмүүсийн хоорондын маргааныг сүртэй асуудал гэж боддоггүйд байгаа юм. Тэр үед инээгээд, тэсээд өнгөрсөн. Тэр нь ч надад эмзэглэмээр зүйл шиг санагдаагүй. Хүн уураа гаргахад тэвчээд өнгөрөх хэрэгтэй гэдэг талаас нь тэнд яримаар байсан. Энэрэл ч надтай дахиж холбогдоогүй, хэн хэн нь тэр асуудлыг дахиж сөхөөгүй.

-Урьсан зочидтойгоо дараа нь дайснууд болчихдог гэжбайсан. Нэвтрүүлэгт ороод танд дургүй болсон олон хүн байдаг уу?

-100 гаруй зочдын 70, 80 нь надад дургүй шүү (инээв). Яагаад гэхээр нэвтрүүлэгтээ эвлүүлэг хийдэггүй болохоор хасуулъя гэж олон хүн залгадаг байсан. Ярихгүйгэж бодож байгаад гэнэдээд ярьчихдаг. Дараа нь надаас гадна зочин бас муулуулах үе байна. Ялангуяа Чариот гэж бүсгүй “Miss Universe” тэмцээнээс шударга бусаар хасагдсан учраас намайг оруулаад өгөөч гэсэн санал өөрөө тавиад орсон. Тухайн газраа шүүмжлэх гэж байгаад эсрэгээрээ өөрөө шүүмжүүлсэн дугаар байдаг. Орсон хүнийх нь буруу болж дууссан учраас тэр хүннадад нэлээд дургүй байх.

-Тэгвэл “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн зочдоос хамгийн таалагдсан нь хэн байсан бэ?Шударга, баггүй ярьсан хүнийг нэрлэ гэвэл?

-Миний хувьд хамгийн гүндүүгүй ярьсан, надад таалагдсан зочин гэвэл Сэлэнгэ гээд ах байсан. 16 жил шоронд суугаад гарч ирсэн тэр ах нэг тийм хүндэлмээр санагдсан. Бүтэн цагийн нэвтрүүлэгт нэг суусан байрлалаараа дуусан дуустал суусан. Дээр миний хэлсэн шиг уурандаа алдаа гаргасан, тэр бүхнээямар ч баггүй бүх зүйлийг үнэнгээр нь ярилцсан. Тэр дугаар маш олон хүнд нэг хормын уураа тэвчих нь ямар чухал болохыг ойлгуулсан байх гэж би хувьдаа боддог.

-9911-тэй дугаар барих ньхүний үнэлэмж гэж боддог гэсэн байсан. Тэр дугаараа одоо барьж байгаа юу?

-9911-тэй дугаараа би зарсан. Тодорхой хэмжээнд үнэ өсгөж зарсан. 9911 зах зээл дээр хамгийн багадаа 30-40 сая төгрөгний ханштай байна. Тэгэхээр миний хувьд гангараа гэхээсээ илүү үл хөдлөх хөрөнгө гэдэг утгаар нь худалдаж авсан.

-Нэвтрүүлгээсээ гадна өөр ажил, бизнес эрхэлдэг үү?

-Маш олон зүйл хийдэг, алдаж онож үзсэн. Энтертаймент үйл ажиллагаа зохион байгуулдаг жижиг компанитай.Удахгүй найз бүсгүйтэйгээ хамтраад влог хийх бодолтой байгаа.

-Таны өмнөх найз бүсгүйдээ зориулсан бичлэг цахим орчинд тавигдаж мөн л шуугиад өнгөрч байсан. Одоо та жинхэнэ хайртайгаа учирсан гэж боддог уу?

-“Жинхэнэ хайртайгаа учирсан цагт бусадтай нь яагаад болоогүйгээ ойлгоно” гэдэг үгийг одоо л мэдэрч байна даа. Бүтээе гэсэн ч бүтдэггүй өөр хүмүүс байдаг бол цаанаасаа бүх зүйл нь зориулагдсан гэмээр хүн гэнэт гараад ирдэг юм байна. 2020 он хэцүү жил байгаа ч хайртай бүсгүйтэйгээ учирсан болохоор миний хувьд хамгийн дурсамжтай, нандин жил болж байна. Манай найз бүсгүйн байгаа байдал, зорилго мөрөөдөл тэр бүхэн нь надад маш мундаг санагддаг. Эр хүн ээж шигээ бүсгүйг хайдаг гэдэг шиг бүх зүйлээрээ ээжтэй минь төстэй санагддаг. Би эцсийнхээ жинхэнэ хайрыг олсон гэж боддог.

-Найз бүсгүйтэйгээ яаж танилцсан бэ?

– Бид хоёр их сонин ойрхон зөрөөд л яваад байсан байна лээ. Хоёулаа нэг сургуульд байсан мөртлөө тэр үед танилцаагүй. Бид хоёрыг найз маань танилцуулсан. 7-р сарын 10-нд анх учирснаас хойш 4 сар гаруй үерхэж байна. Бусад хүний хувьд бага хугацаа байж болох ч бидний хувьд нэг хүн шиг болох хангалттай хугацаа өнгөрсөн гэж бодож байгаа. Манай хүн фитнессийн багш. Би хайртай хүнийхээ бүх зүйлийг дэмжихийг хүсдэг.

-Ойрын зорилго болон хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Бид хоёр хоёулаа ээж, аав амьтай бүлсэг байдаг нь нандин санагддаг. Би их энгийн зүйл мөрөөддөг. Ирээдүйд олон үр хүүхэдтэй болоод энгийн өвчин зовлонгүй тэгш дүүрэн амьдрах бол миний хамгийн том мөрөөдөл. Ээж аавыгаа хажуу талын байрандаа амьдруулаад ч юм уу тэдэнтэйгээ ямагт ойрхон байна гэж боддог. Бие биенийхээрээ орж гарч, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадсан дулаахан гэр бүл байхыг хүсдэг. Энэ л миний зорилго.

-Ярилцлагын төгсгөлд таны амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн алхам юу байсныг асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Миний хувьд хийсэн зэвүүн алхмууд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөрчлөгдсөн байдаг. “Зэвүүн яриа”-г хийсэн нь өөрөө зэвүүн алхам байсан. Одоо бол амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн алхам бол миний хайртай бүсгүй. Ганц бие амьдралаас эргэлзээгүйгээр гэр бүл зохиох итгэлийг энэ бүсгүй надад бэлэглэсэн.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДОРНОД АЙМАГ ЧОЙБАЛСАН СУМ: Дотуур байрны сурагчдыг буцаана

Тус аймгийн харьяат, аймагтаа дотуур байранд амьдарч байгаа сурагчид болон оюутнуудаас эмнэл зүйн асуумж судалгаа авч, эрүүл мэндийн үзлэгт хамруулан итгэмжлэгдсэн хүмүүст нь хүлээлгэн өгөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, хөдөө сумдаас ирсэн оюутан сурагчдыг гэрт нь буцааж байгаа аж. Үүнийг зохион байгуулахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулахыг Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэв.

Categories
мэдээ цаг-үе

COVID-19 халдварын талаар мэдээлэл, зөвлөгөө авах тусгай дугаарууд

Иргэн Та коронавируст халдвар /COVID-19/-ын талаар мэдээлэл, зөвлөгөө авах бол дараах тусгай дугаарт хандана уу.

1. Коронавирусний шинжилгээ өгөх цагийг Нийслэлийн эрүүл мэндийн газар – 1800-0119 дугаарт эсвэл 119.mn сайтад өөрийн овог нэр, регистрийн дугаарыг оруулж авч болно.

2. Коронавирусний шинжилгээний хариуг 119.mn сайтад өөрийн овог нэр, регистрийн дугаарыг оруулж авна

3. Эмнэлзүйн шинж тэмдэг, халдвараас сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв – 119 тоот дугаарт залгаж авна.

4. Сэтгэлзүйн болон стресс хэрхэн тайлах талаар зөвлөгөөг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв – 1800-2000 тоот дугаарт залгаж авна.

5. Тусгаарлан ажиглах байртай холбоотой мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар – 1800-1105 тоот дугаарт залгаж авна.

6. Нийслэлээс гарах, орох хөдөлгөөн, хүнс тээвэрлэлт болон бусад асуудлын талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын шуурхай штаб – 11-324207 тоот дугаарт залгаж авна.

7. Халдваргүйжүүлэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөөг Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 70284393, Нийслэлийн онцгой байдлын шуурхай штаб – 11-324207 тоот дугаарт тус тус залгаж авна.

Categories
мэдээ цаг-үе

А.Амбасэлмаа: Хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т хүргүүлсэн

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Эмч, эмнэлгийн ажилтан өвдөх эрсдэл их байна. Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног байна. Анх халдвар бүртгэгдснээс хойш нэг үеийн нууц хугацаа дуусаж байна. Хяналтын 14 хоногийн хугацаанд хөл хориогоо сулруулахгүй байхыг хүссэж байна. Тиймээс мэргэжлийнхээ дагуу 14 хоног сунгах саналаа УОК-т хүргүүлсэн. Өнөөдөр эсдлийн үнэлгээг дахин хийнэ” гэлээ.