Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монгол Улсад $1.5 саяын буцалтгүй тусламж нэмж олгохоор болов

Азийн хөгжлийн банк (АХБ) шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг нэмж олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү буцалтгүй тусламжийг Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас олгох юм.

“Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг цогц арга хэмжээ авч ажилласны үр дүнд дэлхий нийтэд тохиолдсон нийгмийн эрүүл мэндийн хямралаас харьцангуй ангид байна” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцлоод “Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэндийн салбарт шаардлагатай байгаа нөөц дутагдаж байгаа тул АХБ-наас үзүүлж буй энэхүү дэмжлэг нь эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, оношилгоо, эмчилгээний хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай нөөцөөр хангахад зориулагдах болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улс COVID-19 цар тахлыг дотооддоо тархаахгүй байхад чиглэсэн тандалт судалгаа болон карантины арга хэмжээг сайтар хэрэгжүүлсэн. Гэвч эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй тулгараад байна. Тухайлбал, 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын эдийн засаг 9.7 хувиар огцом агшсан бөгөөд судалгаа шинжилгээний голлох байгууллагуудын төсөөллөөр оны эцэст эдийн засгийн өсөлт сөрөг утгатай гарахаар байна.

COVID-19-ын халдвар авсан өвчтнүүдэд тусгаарлалтын дэглэм сахиулах, эмчилгээ, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь нэн чухал хэдий ч, холбогдох нөөц бололцоо дутмаг хэвээр байна. Ийм үед дэлхий дахины нөхцөл байдал улам хүндэрсэн тохиолдолд эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангаж чадахгүйд хүрч болзошгүй.

Тиймээс АХБ-наас үзүүлж буй энэхүү буцалтгүй тусламж нь цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үйл ажиллагааг дэмжихэд чухал нөлөөтэй юм. АХБ нь Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгсэл (МСХСХ)-ийн хүрээнд цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлсэн. Энэхүү МСХСХ нь АХБ-наас энэ оны 4-р сард зарласан COVID-19 цар тахлын эсрэг хөгжиж буй гишүүн орнуудад хэрэгжүүлж буй хариу арга хэмжээг дэмжих зорилготой 20 тэрбум ам.долларын өргөжүүлсэн санхүүжилтийн нэг хэсэг юм.

Түүнчлэн АХБ нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн хүрээнд эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах, хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчлэх зэрэгт зориулан 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт болон “Хүнсний талон”, “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр 26.4 сая ам.долларын “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг тус тус батлаад байна.

АХБ-наас Монгол Улсад үзүүлэх тусламж, дэмжлэгийн хүрээ үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд зориулсан 70 сая ам.долларын санхүүжилт болон төсвийн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарын үр ашигт байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 100 сая ам.долларын нэмэлт санхүүжилтүүдийг батлахаар ажиллаж байна.

АХБ нь мөн энэ оны 3-р сард Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг амьсгалын замын өвчний оношилгоо, эмчилгээний зориулалттай тоног төхөөрөмж худалдан авах болон тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг шаардлагатай хэрэгслээр хангахад зориулан олгосон юм. Мөн онцгой байдлын үед шуурхай арга хэмжээ авах болон оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах; хүнсний аюулгүй байдлыг хангах; гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилго бүхий нийт 3 техник туслалцааны төслийг тус тус батлаад байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ирэх долоо хоногоос эхлэн даваа, лхагва, баасан гарагт мэдээлэл хийнэ

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ “Covid-19”-ийн халдвар дэлхийн 216 оронд тархаж, 26 сая 600 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, мянга гаруй эдгэж, 872 мянган хүн эндлээ. Халдвар сүүлийн гурав хоногт нэг саяар нэмэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд 279 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн энджээ. Энэ нь өмнөх өдрөөс халдварын тохиолдол 34 мянга, нас баралт 2000-аар нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал, ОХУ-д 4995 хүн шинээр халдвар авч, 114 хүн эндлээ. БНХАУ-д 34 хүн шинээр халдвар авсан бөгөөд найм нь зөөвөрлөгдсөн байна. Японд 659 хүн шинээр халдвар авч, долоон хүн эндсэн байна. БНСУ-д 189 хүн шинээр халдвар авснаас ес нь гаднын орноос зөөвөрлөгджээ.

АНУ-д их, дээд сургуулийн орчинд, цахилгаан шатанд тамхи татахыг хориглох шаардлага хүргүүлжээ. Энэ нь халдвар авах эрсдэлийг тав дахин нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.

Манай улсын хувьд өчигдөр (2020.9.3) 12 хүн ажиглалтаас гарч, 217 хүн ажиглалтад шинээр орсон. Одоогоор 3896 хүн тусгаарлах ажиглалтад байна. Эдгээрт 31 их эмч, 85 резидент, 56 төрийн алба хаагч үйлчилж байна.

Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 46 дуудлага ирсэн. СЭМҮТ-ийн 18002000 утсанд 16 хүн холбогдож мэдээлэл авлаа.

Коронавирусийн халдварын талаарх гадаад, дотоодын цаг үеийн мэдээллийг ирэх долоо хоногоос эхлэн даваа, лхагва, баасан гарагт хийхээр болсон тухай тус яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл өнөөдөр ээлжит мэдээллийн цагаараа хэллээ. Бямба, ням гарагт мэдээлэл хийхгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн замын хучилт, тэмдэглэгээний ажил хийгдэж байна

Дарь-Эхийн зам засварын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг мэдээллээ.

Дарь-Эхийн зам өчигдрөөс өнгө хучилтаа хийж эхэлсэн байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гурван удаа ирж, ажлын явцтай танилцсан. Өгсөн үүрэг даалгаврын биелэлт нь 1,5 км авто зам засварын өнгө хучилтын ажлыг хийж гүйцэтгэх байсан. Харин гурван км замыг хучиж даалгаврыг давуулан биелүүлжээ. Одоогийн байдлаар замын индүүдлэгийн ажил, үлдсэн замын хучилтыг хийж байгаа аж.

Замын ажлын ерөнхий инженерийн хэлснээр “Эхний хэсэгт хаасан 1,5км замын өнгө хучилт дуусах тал руу орсон. Одоогоор 80 хувьтай ажиллаж байгаа. Тэмдэглэгээний ажил урд хэсгээсээ эхэлсэн” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 3-нд ХӨСҮТ хоёр, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 537 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 83, 84, 63, 57 настай дөрвөн эмэгтэйн шинжилгээнд коронавирус батлагдлаа.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:

  • Есдүгээр сарын 2-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолооч
  • Тандалтын 5 хүний
  • Наймдугаар сарын 20-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ
  • Дорнод аймагт тусгаарлагдсан 47 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлах байрны 29 хүний давтан шинжилгээ
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээ
  • Сувилалд тусгаарлагдсан 3 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 310 боллоо. Үүнээс 296 хүн эдгэрсэн. Сувилалд 16, гэрийн ажиглалтад 25, 255 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдэж байна. 13 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ улс-төр

Туршлага судлах, онлайн хурал уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өчигдөр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Хоёр орны хамтын ажиллагаа 2002 оноос хүмүүнлэгийн ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр хил дамнасан усны асуудал, хөдөө аж ахуй, хог хаягдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.

Швейцарын Хөгжлийн агентлагын дарга Стефани Бури “Өнөөдрийн уулзалтаар ирэх дөрвөн жилийн хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах боломж, бололцоо байгаа талаар санал солилцох хүсэлтэй байна. Учир нь 2024 оноос бид хамтын ажиллагааг зогсоож, түншлэлийн хэмжээнд буюу ижил түвшний оролцоотой байлгахаар зорьж байгаа. Ингэснээр нэг тал тусалж, туслуулдаг бус хамтран шийдэж, харилцан ашигтай ажиллах боломжтой болох юм.

Мөн бид улс орнуудад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хөдөө аж ахуй, хил дамнасан усны менежмент болон бусад асуудлаар бүс нутгийн судалгааг хийдэг. Үүндээ Монгол Улсыг хамруулахаар зорьж байгааг энэ дашрамд дуулгая” гэсэн юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Бид Швейцарын Хөгжлийн агентлагтай хэд хэдэн чиглэлд хамтран ажиллахаас гадна олон улсын түвшинд бие биенийхээ санаачилгыг харилцан дэмжиж, хамтран ажиллаж байгаадаа талархдаг.

Эдгээрээс бидний чухалчилж байгаа гол асуудал нь Тогтвортой хөгжлийн боловсрол юм. Иргэдийн тэр дундаа хүүхэд, багачуудын боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, эх дэлхийгээ хайрлах, байгальтайгаа зөв харьцах тэр сэтгэл, хүмүүжлийг төлөвшүүлэх нэн тэргүүний шаардлага байгааг онцолмоор байна. Түүнчлэн манай улс Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээрээ тодорхойлсон. Энэ хүрээнд бид ковид-19 цар тахлын байдлаас шалтгаалан аялал жуулчлалын бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж байна.

Швейцар бол аялал жуулчлалын гайхалтай бүс нутаг. Тиймээс бид туршлага судлах, онлайн хурал уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна” гэдгээ онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн эд эрхтэнг хадгалж байсныг илрүүлжээ

Цагдаагийн газрын алба хаагчид ховор амьтан болох хүрэн баавгай агнасан хэргийг илрүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У нь 2019 оны 10 дугаар сард агнагдсан байж болзошгүй Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн түүхий эд болох 2 мерт орчим урттай арьс, 4 ширхэг савар, толгойг хадгалж байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ан агнасан нь илэрсэн тохиолдолд дараах хуулийн хариуцлага хүлээнэ.

  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Чинбүрэн: Хуурамч эмийг хянадаг эмийн агентлагтай болох зайлшгүй шаардлагатай

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.


– Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлтүүд орж байгаа талаар ярилцлагаа эхэлье. Үүнтэй холбогдон Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан болов уу?

-Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх зорилгоор дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Манай эрүүл мэндийн даатгалын тогтолцооны сул тал нь байгууллага дагадаг санхүүжилт явдаг байсан. Тэгвэл одоо эсрэгээрээ хүнээ дагасан санхүүжилт хийх гэж байна. Энэ бол том дэвшил. Нэг ёсондоо иргэн өөрөө эмнэлгээ сонгон үзүүлээд эмчлүүллээ гэхэд тэр эмнэлгийн байгууллагад даатгалаас санхүүжилтийг нь өгнө гэсэн үг. Үүнийг иргэнээ дагасан санхүүжилт гэж байгаа юм. Сүрьеэ, хүүхдийн тусламж, яаралтай тусламж, хавдар зэрэг төрөөс санхүүжилтийг даадаг тусламжууд байдаг. Ийм тусламж үзүүлдэг байгууллагууд руу нь татаас хэлбэрээр төсөвт тусгачихаад бусад газруудад өгдөггүй учраас өөр газар тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Зөвхөн татаас авсан эмнэлгүүд үйлчлэх ёстойгоос нэг газар ачаалал их үүсдэг. Жишээ нь, гараа зүсүүлсэн хүн заавал гэмтлийн эмнэлэгт очих шаардлагагүй. Баянзүрх дүүргийн эмнэлэгт оёдол тавиуллаа гэхэд яаралтай тусламж үзүүлсэн энэ эмнэлэгт даатгалын байгууллагаас санхүүжилтийг нь өгнө. Хүүхэд ч мөн адил. ЭХЭМҮТ-т очилгүй даатгалын байгууллагатай магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлээд эмчлүүллээ гэхэд тэр байгууллагад мөн эмчилгээний мөнгийг нь өгнө. Хуучин татаас маягаар төсөвт тусгачихсан байдаг учраас байгууллага дагасан санхүүжилт болчихдог байсан. Энэ одоо байхгүй болж байна. Эрүүл мэндийн даатгалаараа хэн бүхэн аль ч эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг авах эрхтэй болж байгаа. Тусламж үйлчилгээг улс, хувийн эмнэлэг гэж ялгалгүй даатгалын сангаас ижил үнэ тарифаар санхүүжүүлнэ. Ингэснээр улсын эмнэлгүүдийн ачаалал, дараалал, хүлээгдэл буурах боломжтой.

-Хөнгөлөлттэй үнээр эм худалдан авах нөхцөл байдал хялбар болсон уу. Сар бүрийн эхний өдөр хөнгөлөлттэй эмэнд хамрагдах гэж нэлээд урт дараалал үүсдэг. Үүнээс гадна хөнгөлөлттэй эмийн төсөв дуусчихдаг зэргээс шалтгаалж олон хүмүүс хөнгөлөлттэй эмэнд хамрагдаж чаддаггүй шүү дээ. Энэ тухайд?

-Хөнгөлөлттэй эм олгох ажлыг хөнгөлөх хоёр том арга хэмжээ авна. Архаг хууч өвчтэй, байнга даралт нь ихэсдэг, сахартай хүмүүс тогтмол эм уудаг. Эдгээр хүмүүс эмчид үзүүлэх бүртээ хөнгөлөлт эдлэх боломжтой.

Мөн хөнгөлөлттэй эмээ авахын тулд заавал өрх, сумын эмчээрээ эмийн жороо бичүүлээд даатгалын байгууллагаас итгэмжлэгдсэн эмийн санд оочерлож эмээ авдаг байсан. Дахин даатгалын байгууллагаас сонгогдсон аптек дээрээ очоод дахиад оочерлодог. Эмийн сан гурван сая төгрөг дотор л хөнгөлөлттэй эм зарах нөхцөлтэй, даатгалын байгууллага эмийн санд хязгаар тогтоочихсон байсан. Одоо хоёр, гуравдугаар шатлалын эмч эм бичээд өгсөн л бол тэр хүчинтэйд тооцогдоно. Заавал өрх, сумын эмчээр давхар бичүүлэх шаардлагагүй. Дурын эмийн сангаасаа, сар бүрийн эхэн гэлтгүй хэзээ ч хөнгөлөлттэй эмээ авч болно. Аптект төсвийн тааз байхгүй. Эмийн сангуудад төсөв хуваарилахгүй. 1000 хүнд ч хөнгөлөлттэй эм худалдаж болно. Тэр мөнгийг даатгалаас өгнө гэсэн үг. Энэ хуулийн хэрэгжилт энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. НӨАТ-ын баримт бичдэг бүх аптек үүнд хамрагдана. Сайн менежмэнт хийдэг эмийн сан хэдийг ч зарж болохоор байгаа юм. Ингэснээр хөнгөлөлттэй эмийг оочер дараалалгүй, хүртээмжтэй хүртэх боломж нээгдэж байна.

-Бүх рашаан сувиллын хөнгөлөлтийг хасч байгаа юм уу?

-Хүмүүс амрах гэж очдог сувиллын үйлчилгээг хасч байгаа юм. рашаан сувилал эмчилгээний газрыг хасаагүй. Байгалийн чанар, нөөц, эмчилгээний бодит үр дүнтэй гэдэг нь батлагдаж тогтоогдсон бол даатгал үйлчилдэг хэвээрээ үлдэнэ. Жишээ нь, Шаргалжуут, Аварга тосон, Бигэрийн халуун элс зэрэг рашаан сувилалд даатгалаараа үйлчлүүлнэ. Харин сувилал нэртэй боловч амралт зугаалгаар үйлчилдэг газруудад даатгал үйлчлэхгүй. Нийгмийн халамжийн сангаас итгэмжлэгдсэн амралтын газрууддаа санхүүжилт өгдөг шүү дээ. Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг газруудыг хасаагүй гэдгийг дахин хэлье.

Түүнчлэн тусламж үйлчилгээний өртгийг босгож өгсөн. Өндөр өртөгт гэж өмнө нь яригддаг байсан даа. Улсын эмнэлэгт хүн ходоодоо тайрууллаа гэж бодъё. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төв дээр хагалгаа хийлгээд даатгалаас ор хоног гэж тусдаа, мөн хагалгаа хийлгэж байгаа учраас нэг удаа ашигладаг үнэтэй багаж хэрэглэдэг. Түүнийг нь мөн даатгалаас гаргадаг. Хоёр тусдаа санхүүжилт өгөөд иргэн эмчилгээ хийлгэдэг байсан. Одоо бүгдийг нь нэгтгээд нэг үнэ гаргасан. Ходоод тайрахад есөн сая төгрөг. Хавдар судлалын үндэсний төв дээр ч, хувийн эмнэлэг дээр ч ходоод тайрвал есөн сая төгрөгийг даатгалаас олгоно. Хуучин Улсын эмнэлгүүд өндөр өртөгт гэдэгтэй холбоотой тендер зарлаад хэдэн багаж зардаг, хэдэн компаниуд хоорондоо маргалдаад багажаа авч чаддаггүй байлаа. Заримдаа бүр хэрүүл маргаан нь жилийн турш үргэлжилж худалдан авалтаа хийж чаддаггүй байсан. Одоо нэг өртгөөр эмчилдэг болж байна. Чанартай сайн эмчтэй газрууд хагалгаагаа хийгээд төсөв мөнгөө авна. Өндөр өртөгтийн өртөг нэг дороо орчихож байгаа юм.

-Хил гаалиар орж ирж байгаа эмийн үнийн зохицуулалт зах замбараагүй болсон талаар чуулганы хуралдаан дээр яригдсан. Энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт хийгдэх үү?

-Гаалиар оруулж ирсэн эмийн үнэ иргэнд хүрэхдээ 68 хувиар нэмэгддэг. Жишээ нь, 10 мянган төгрөгийн өртөгтэй эм гаалиар бүртгэгдэж орж ирээд 16800 төгрөг болж иргэнд очиж байгаа юм. Энэ бүгдийг зохицуулахаар 2021 онд эмийн агентлаг байгуулахаар хуульд тусгагдлаа. Ингэснээр үнийн бодлого, чанарт нөлөөлнө. Манай улсад жилийн аспириний хэрэглээ нэг сая гэж бодоход үүнийг оруулж ирэхийн тулд эмийн бөөний худалдаа хийдэг компаниуд энд тэндээс баахан олон янзын аспирин авчирдаг. Энэ нь үнийн хөөрөгдлийг бий болгодог. Манай улс жижигхэн зах зээлтэй. Эмийн чанартай бүтээгдэхүүн зардаг компаниуд цөөхөн тоогоор зарахдаа мэдээж үнэтэй зарна. Ихээр нь худалдан авалт хийхэд хямд зарна. Тиймээс чанартай сайн эмийг бага үнээр авах бодлогыг эмийн агентлаг хийнэ. Нэг сая аспиринийг өндөр чанартай хийдэг компаниас бага үнээр Монголд авах үнийн хэлэлцээр хийнэ гэсэн үг.

-Манай улсад гурван эм тутмын нэг нь хуурамч эм орж ирдэг гэдгийг ээлжит бус чуулганаар гишүүд хөндөж байсан. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд яригдахаар болсныг энэ тоон мэдээ харуулж байна. Хуурамч эмийг зах зээлээс яаралтай шахах шаардлагатай болжээ?

-Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал гэдэгтэй санал нэг байна. Гурван эм тутмын нэг нь хуурамч гэдгийг хувьчилж үзвэл 33 хувь байна гэсэн үг. Монголын эмийн зах зээл дээр зарагдаж байгаа эмийн 16 хувь нь бүртгэлгүй, нууцаар оруулж ирж зарж байгаа юм. Үлдсэн 10 гаруй хувь нь чанарын шаардлага хангаагүй. Манай хоёр хөршид хуурамч эмийн маш том зах зээл байдаг. Эм доторх найрлага, тун нь хангалттай хүрээгүй эмийг хямдаар оруулж ирж зарж байгаа юм. Эмнэлгийн агентлаг байгуулагдсанаар хуурамч эмийг зах зээлээс шахагдан гаргах нөхцөл бий болно. Монголчууд гадаадад зарж байгаа эмийг уухаар толгойны өвчин намддаг, харин Монголд зарж байгаа эм намдаахгүй байна гэдэг. Хуурамч эмийг онцгой анхаарсан эмийн тусдаа агентлагтай болж хянахгүй бол эмийн бодлого алдагдах нь ээ.

Мөн нэг талдаа эмийн зах зээл ашиг сонирхлын зөрчилтэй. Эмийн монополь нөлөөлөл байдаг. Тиймээс энэ нөлөөллөөс хамаарахгүй бүтэц бий болгох гэж байна. Ингэж байж эмийн асуудлаа шийднэ. Маш их мөнгө эргэлддэг зах зээлд зохицуулалт хийхгүй бол болохгүй гэдгийг харуулж байгаа юм.

-Эмч сувилагчдын цалин нэмэгдэхээр болж байгаа юм билээ. Цалингийн тааз тогтоосон уу?

-Эрүүл мэндийн даат-галын шинэчлэлээр эмч сувилагчдын цалингийн хязгаарыг байхгүй болгож байна. Жишээ авч үзэхэд дээд хязгаар нь төсвийн хуулиараа 850 мянган төгрөг. Түүнээс дээш өгье гэхээр төсөв дэх фонд нь хүрдэггүй. Одоо доод хязгаарыг нь тогтоож өгнө. Эмнэлгүүд хамгийн их орлого олж байгаа эмчдээ илүү цалин өгөх боломж бүрдэж байгаа юм. Тиймээс төсвийн хуулиасаа эмнэлгийн ажилчдын цалинг хассан. Хавдар судлалын үндэсний төвд 600 ходоод тайрдаг. Нэг удаагийн мэс засал есөн сая төгрөг гэхэд 5.4 тэрбум төгрөг зөвхөн нэг хагалгаанаас олж байгаа юм. Нийт төсөв нь 32 тэрбум төгрөг. Нэг хагалгаагаар үүний 1/6 хувийг олж байна. Үүнээс гадна маш олон хагалгаа байгаа шүү дээ. Тиймээс мэс ажилбарт оролцож байгаа ажилчдын цалин буурна гэж харагдахгүй байгаа. Нэмэгдэх л боломжтой. Яг хэрэгцээтэй эмч ажилчдадаа илүү цалин өгөх боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Харин ажил хийдэггүй, шахаасаар ажилладаг хүмүүс халагдах магадлал үүсч байна.

-Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллах юм байна гэж ойлгосон. Энэ чиглэл рүү төсөв нэлээд чиглэгдэж таарах байх?

-Даатгалын сан гэдэг эрсдэлийн сан. Нэг ёсондоо хэн нэгэн өвдөхөд эрсдэлийг хааж санхүүгийн дарамтад оруулахгүйгээр өвчнийг эмчилж байгаа юм. Өвдөж байгаа иргэдийг эрт үед нь оношлуулбал даатгалын сан бага мөнгө зарцуулна. Харин хүнд өвдчихсөн үед нь асар их мөнгө зарцуулна. Даатгалын байгууллагын гол зорилго иргэдээ аль болох эрт үед нь оношлоод хямд зардлаар эмчлээд явах нь эрсдэлийн сандаа ашигтай. Тиймээс даатгалын сан урьдчилан сэргийлэх үйлчилгээг санхүүжүүлэх гэж байгаа юм. Манай улсад элбэг тохиолддог өвчлөлүүдийг эрт илрүүлэх шаардлагатай. Хавдрыг эрт илрүүлснээр өртөг бага, иргэнд аюулгүй, хөдөлмөрийн чадвараа алдахгүй зэрэг давуу талтай. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрт илрүүлэх үндэсний том хөтөлбөр хэрэгжүүлнэ. Даатгал эрт илрүүлэх чиглэл рүү санхүүжилтээ хийж иргэдээ дуудаж үзэх тогтолцоотой болох гэж байна.

-Хавдар судлалын үндэсний төвийн төсөв хаанаа ч хүрдэггүй. Хавдарт зориулсан төсөв хөрөнгө нэмэгдсэн үү?

-Монгол Улсыг хөгжүүлэх таван чиглэлийн үндсэн чиглэл гэдэгт шалгуур үзүүлэлт дотор нийт хорт хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 70 хувь нь хожуу оношлогддог. Тэгвэл бид энэ таван жилийн хугацаанд 70 хувийг нь эрт оношилдог болох зорилт тавьж байна. Энэ бол маш том зорилт. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд жил бүр давхардсан тоогоор нэг сая 300 иргэнээ эрт үзүүлэх оношилгоонд хамруулна. Энэ тогтолцоог хийх ажил эхлээд явж байгаа. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгт орж байгаа томоохон үзүүлэлт. Одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг буцаан сэргээж орон нутаг даяар аймаг дүүргүүдэд эрт илрүүлэх төвүүд байгуулж, тэр төвүүд нь эрүүл хүмүүсийг дуудаж үздэг тогтолцоо бүрдүүлэх гэж байна. Үүнийг хийж чадах юм бол аливаа өвчний 70 хувь нь эрт оношлогддог болно. Эргэн дуудах тогтолцоо гэж нэрлээд байгаа. Нэг дуудахад ирэхгүй бол улирал өнгөрөөд дахиад дуудна. Тухайн иргэн бүрт захиа очно, утсаар ярина. Ирж үзүүлээгүй бол хариуцлагын тогтолцоо гэх зүйл ярина. Үнэгүй үзэх гээд байхад ирэхгүй бол хариуцлага тооцно гэсэн үг. Хавдрын эмчилгээний хамгийн их төсөв “ууж” байгаа зүйл нь хими эмчилгээ болон хавдрын байн эмчилгээ. Хавдрын эмчилгээнд нэг тэрбум төгрөгийн төсөв нэмж байгаа. Цар тахлаас шалтгаалсан эдийн засаг хүнд байгаа учраас байгаа боломжоо ашиглаад нэг тэрбумаар нэмж байна. Ер нь ойрын хугацаанд дөрвөн тэрбум төгрөг эмийн төсөв дээр нэмчихэд хавдрын бай болон хими эмчилгээ нэлээд урагшаа явчихна. Дээрээс нь хавдрын байр сав хүрэлцдэггүй. Тэгвэл шинэ ХӨСҮТ-ийн салбар байгуулахаар ирэх онд зураг төсөв хийх мөнгө нь тусгагдсан.

-Хавдрын эмнэлгийн хүртээмж гэснээс УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн эзэмшлийн эмнэлгийн байрыг ХӨСҮТ түрээслэх ажил хууль шүүхийн шатанд өнөөдөр яригдах боллоо. Гэрээ хийгдэж урьдчилгаа төлбөр таны дүүгийн компанид олгогдсон гэж байсан. Үүнд тайлбар өгөх үү?

-Нэгдүгээрт, энэ гэрээ хийгдээгүй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Энэрмед эмнэлэгтэй холбоотой асуудлаар Арбитрийн шүүхэд маргаан явж байгаа. Энэ маргаан шийдэгдсэний дараа дэлгэрэнгүй тайлбар өгье. Энэ асуудал хууль журмаараа шийдэгдэх байх.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирлээ

A054D3C3-4931-4CAA-AA34-06DB7E5F326F.jpeg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-107 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

CCCP өгсөн, CCCP нь буцааж татсан

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Ю.Цэдэнбал 1988 онд эхнэрийн хамтаар Улаанбаатарт ирж нэг сар хэртэй болсон юм. 1984 онд зөвлөлтүүд түүнийг огцруулан Монголын төрийн удирдлагаас зайлуулахдаа Москвад гэрийн хорионд байлгаж байсан нь үнэн. Цэдэнбалыг Монгол руу буцаавал төлөвлөсөн бүх ажиллагаа нь нурж, тэрээр эргээд төрийн эрхэнд гараад ирнэ гэдгээс болгоомжилж ийм арга хэмжээ авсан бололтой. Жил хэртэй өнгөрсний дараа нэгэнт ийм аюул үгүй болсон тул КГБ Цэдэнбалыг зөнд нь орхижээ. Тэрээр Монголдоо эргэж ирэх нь чөлөөтэй байсан, 1988 онд ирээд буцахгүй эндээ үлдэж ч болох байсан. Гэвч буцсан нь эхнэрийнх нь сонголт байсан бололтой.

Монголын шинээр бүрэлдсэн төр, Засгийн газраас Цэдэнбалыг хавчиж, элдвээр муу хэлж, гадуурахсан явдал байгаагүй. Эхнэрийнх нь шаардлагаар Монголын банкинд хадгалагдаж байсан нэг сая 300 мянган төгрөгийг нь өөр рүү нь бүгдийг нь шилжүүлсэн байдаг.[i] Тэр хоёрыг Улаанбаатарт ирэхэд нь сууж байсан байрыг нь лацдаад бүрэн бүтнээр нь хадгалж байжээ. Тэд эндээс өөрсдөдөө хэрэгтэй гэснийгээ авч ачаад Москва руу явуулсан. Москва дахь бариулж дууссан барилгыг нь хураагаагүй, угаасаа тэр нь төрийн өмч байсан учир зарж борлуулсан. Тэгээд ч тэднийх уг байшинд орж сууж амжаагүй байсан юм билээ.

1991 онд Цэдэнбалыг нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч Монгол Улсын цэргийн зүтгэлтнийх нь хувьд Алтан-Өлгийд нэр хүндтэйгээр оршуулсан. Цэдэнбал нь асар олон жил Монголын нийгмийг удирдаж байсан хүний хувьд ард түмний дунд нэр хүндтэй, их нөлөөтэй нэгэн байлаа. Түүний оршуулгад үй олон хүн оролцож, хүмүүс үнэн сэтгэлээсээ гашуудан уйлж байсан нь үүний баталгаа.

1986 оноос Зөвлөлтийн перестройкагийн нөлөөгөөр Монголын ард түмэн сэрж эхэлсэн. Социализмыг өөрчлөн байгуулж улам төгөлдөршүүлэх, урьд өнгөрсөн түүхэндээ алдсан оносноо эргэж харан шүүмжлэх өнгө аяс цухалзаад эхэлсэн юм. Ялангуяа 1930-аад оны хядлага аллага, үндэсний уламжлал түүхийг гуйвуулсан, хориглосон талаар сэхээтнүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандах боллоо. Олон жил дарагдуулж нууж ирсэн энэ учир битүүлэг явдлын үнэнийг мэдэхийг хүмүүс хүсэх, улмаар шаардах болжээ. Түүхээ эргэж сөхөн шүүмжлэх болоход юун түрүүн Цэдэнбалын нэр холбогдох нь мэдээж хэрэг. Энэ талаар тодорхой хүрээлэлд хагас нууц маягаар шүүмжлэн ярьдаг байсан болохоос илээр илэрхийлэхийг тухайн цагийн дэглэм зөвшөөрдөггүй байлаа.

Ингэж аажмаар бэлтгэгдсэн нийгмийн сэтгэлгээ 1988 оны сүүлчээс зад тавин ил гарч эхэлсэн билээ. Дэлхий дээр 70 гаруй жил оршин тогтносон коммунист систем задран унах нь 1989 он гэхэд бүхэнд тодорхой болсон. Дарангуйлал үгүйгээр орших бололцоогүй нийгмийн байгууламж болох нь түүхийн шалгуураар батлагдаж буй нь энэ. Нийгмийн ийм тогтолцоонд хамгийн түрүүн эгнээнд багтсан Монгол орон, Монголын нүүдэлчин ард түмэн нэг талаас соёл иргэншлийн хувьд мундахгүй амжилт олсон боловч үүнийхээ төлөөсөнд асар их гамшиг туулсан билээ.

1990 оны хувьсгал нь Монголын нийт ард түмний дэмжлэгтэйгээр ялалтад хүрсэн юм. Энэ нь дан ганц шинээр үүссэн нам, хөдөлгөөнийхний үйл хэрэг биш, Монголын төрийн удирдлага болон, төрийн эрх дангаараа барьж байсан МАХН-ын удирдлагын оролцоо, дэмжлэгтэйгээр явагдсан. Хэдийгээр хожим нь янз бүрийн цуу, мушгин гуйвуулалт, зохиомол яриа бишгүй нэг гарсан авч, үнэндээ шинээр гарч ирсэн нам, хөдөлгөөнийхнийг хүчээр дарах тухай ямар ч яриа, санаа оноо хэнээс ч гараагүй. Харин ч хамтарч ажиллаж, биенээ ойлголцож байсан. Үүнд тухайлбал Ж.Батмөнх, П.Очирбат, Ц.Намсрай, А.Жамсранжав, Д.Бямбасүрэн, Б.Чимэд, К.Зардыхан, П.Жасрай, Б.Даш-Ёндон, Л.Моломжамц, Ц.Гомбосүрэн гээд нам, төрийн удирдлагад байсан олон хүнийг нэрлэж болно. Ардчилсан хувьсгал бол Монголын нийт ард түмний бүтээл, түүний дотор шинэ, хуучин улс төрийн бүх хүчний оролцоотой хийгдсэн нийгмийн шинэчлэл байлаа. Тийм ч учраас Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ огцорч, хуучин Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бүх нам, хүчний хооронд зөвшилцөлд амархан хүрч, Монголын түүхэнд анх удаа чөлөөт ардчилсан сонгууль болж, мөн л Монголын түүхэнд анх удаа ард түмэн өөрсдийн удирдлагыг чөлөөт сонгуулиар буй болгосон. Сүүлийн 300 гаруй жилийн түүхэнд анх удаа монголчууд өөрийн төрийг өөрийн үзэмжээр байгуулж, өөрийн үнэлэмжээр бодлогоо явуулах болсон юм.

Нэгэнт хуучин нийгэм халагдаж цоо шинэ үзэл санаа, нийгэм-эдийн засгийн шал өөр тогтолцоо буй болж эхлэхэд хуучин удирдлагыг шүүмжлэх, заримдаа хэтрүүлэн хорсол занал илэрхийлэх явдал аль ч хувьсгалын үед гардаг. Ийм хувь заяа Цэдэнбал төдийгүй түүнийг хүрээлж байсан удирдлага, улам цаашлаад эрт галавын Чойбалсан нарыг дайрсан. Гэхдээ монголчуудын 1990 оны хувьсгал оготны хамраас цус гаргаагүй, ганц цонх хагалаагүй. Чаушеску цаазаар авахуулж, Хоннекер гадаад руу зугтаж, Живков баривчлагдаж, СССР-ийн сүүлчийн удирдлага болох путчийнхэн шоронд орж, зарим нь амиа хорлож байлаа. Харин Монгол ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд найрамдах Монгол ард улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга асан Бүгд найрамдах Монгол ард улсын маршал Юмжаагийн Цэдэнбалыг 1991 онд харь газар нас барахад нь эх орон нь тосон авч маш өндөр хэмжээнд хүндэтгэл үзүүлэн оршуулсан. Үүнд нь үй олон хүн үнэн сэтгэлээсээ гашуудан оролцсон юм.

1990 оны хувьсгалын үеэр МАХН түүнийг буруушаасан тогтоол гаргаж, намаас нь хөөсөн төдийгүй тухайн үед мөн л тус намын гарт байсан төрөөс бүхий л одон медалийг нь хүчингүй болгожээ. Үүгээр тогтохгүй “тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэдгийг үүсгэн прокуроор шалгуулж эхэлсэн. Цаг үетэй нь уялдуулан үүнийг ойлгож болох юм. Энэ нь цаг зуурын хийрхэл төдий юм биш. Орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөж, 70 жил замнасан нийгмийн байгууламж үндсээрээ шинэчлэгдэж байхад төрийн эрхийг дангаараа барьж байсан улс төрийн нам өөрийн бодлого, зарчмын шугамаа яаралтай өөрчлөх шаардлага гарсан. Тухайн үед хэдийгээр хувьсгал болж нийгмийн баримжаа солигдож байсан ч гэсэн МАХН маш нөлөөтэй, тэр хэрээрээ нийгмийн өмнө асар том хариуцлага хүлээж байлаа. Анхны чөлөөт сонгуульд энэ нам Ардын их хурлын нийт суудлын 80 хувийг, Улсын бага хурлын суудлын 60 хувийг авч, төрийн эрхийг цааш үргэлжлүүлэн барьж байснаас үзэхэд түүний нийгмийн өмнө хүлээх хариуцлага асар их байлаа. Ийм нөхцөлд хуучин тогтолцоог төдийгүй түүнийг удирдаж байсан хүчин болон хувь хүмүүстэй хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг билээ.

Цэдэнбал гадны хүчний тавиул байсан, гэмгүй олон хүнийг хэлмэгдүүлсэн, улс орны хөрөнгө мөнгийг зүй бусаар зарцуулсан, ард түмний үндэсний уламжлал бахархлыг дэвсэлсэн гэх мэтээр энэ хүнийг олон янзаар буруутгаж болно. Гэвч Цэдэнбал бол тухайн нийгмийнхээ л бүтээгдэхүүн байсан. Чойбалсан байгаагүй бол түүний үүргийг хэн нэг нь гүйцэтгэх л байсан. Цэдэнбал ч яг ийм хувь заяатай байлаа. Энэ хүн тухайн үед нь хажуугаас нь хөөргөгч нарын магтаж байсан шиг “гарамгай удирдагч”, “суут гүүш” байгаагүй нь мэдээж. Гэхдээ тэр өөрийн гунигтай, харамсалтай, шоглоомтой хувь заяаг туулсан жирийн монгол хүн байлаа. Юутай ч тэрээр хүний адаг биш нь ойлгомжтой.

Алсын бүдүүлэг хоцрогдсон хязгаараас эрдэм сурахаар ирсэн дөнгөж 15-16 настай жаахан хүүхдийг НКВД олзлон авчээ. Тухайн үед хамтралжуулалтаас болж СССР-т сая сая хүн өлсгөлөнгөөр үхэж байлаа. Усанд чанасан байцаанаас өөр хоолгүй монгол сурагчид өлсөхийн эрхэнд “мах, мах” гэж орилолдож байсныг Цэдэнбал хожим нэг бус удаа дурссан байдаг[ii]. Чухам “мах”-наас болж хойно сурахаар очсон хүүхдүүдийн дийлэнх нь гэр рүүгээ буцсан. Цэдэнбал үүнийг тэсэн давж гарч чадсан. Ингэхэд нь цаадуул нь ч тусалсан. Хүнийг нэг уургалаад авчихвал насан туршид нь тавьдаггүй тийм л нийгмийн тогтолцоо байсан.

Тийм л учраас тэрээр бүх насаараа бусдын дуулгавартай гүйцэтгэгч болсон. Энэ бол үнэндээ эмэгнэлт хувь заяа. Түүнд амьдралынхаа ханийг ч өөрөө сонгох эрх байгаагүй. Сонгосон болгоныг нь НКВД-ийн төлөөлөгчид голсоор, эцэст нь өөрсдийн бэлдсэн хүүхэнтэй суулгажээ. Тэрээр гэр орны хувийн жаргал үзээгүй. Эхнэрээсээ айдаг, түүнийгээ өөрийг нь хянаж байдаг байнгын дагуул гэж үздэг, хэлсэн ярьснаас нь зөрвөл цаанаа эзэнтэй гэж сүрддэг байжээ. Тиймээс ч гэр орноосоо аль болох дайждаг, эхнэрээ унтахыг хүлээн шөнө дөл болтол ажил дээрээ суудаг байж.

НКВД-ийн төлөөлөгч Иванов, Важнов нар түүнийг архинд оруулсан. Энэ тухай маш үнэмшилтэй баримт цөөнгүй бий. [iii]Архинаас хэдий их хамааралтай болох тусам, архинаас холдуулах гэж тэмцэх эхнэртээ талархсаар улам бүр гарт нь оржээ. Үүн дээр нь мартах, орчноо үл ойлгох өвчин тусч, энэ нь тэр хэрээрээ гүнзгийрэх тутам төрийн эрхийг үнэн хэрэгтээ эхнэртээ алджээ. Оросын хөдөө тосгоны тариачин гаралтай бүдүүлэг, боловсролгүй, тэнэг авгай “алтан загасны эмгэн” шиг улам давшлан, жижиг буурай орны төрийг эзэгнэхэд тэр ч, түүнийг тойрон хүрээлэгчид ч саад болж чадаагүй юм.

Кремлийн тогооч нарын дурсамжид өгүүлснээр гадаадын хүндэт зочдод захиалгаар нь тэд хоол бэлтгэдэг байж. Цэдэнбал ирэхээрээ хонины бүхэл мах, гол төлөв шаант чөмөг, хавирга захидаг гэнэ. Тэрээр махаа гараараа барин шүдээрээ зулгааж амтархан иддэг байсан тухай дурссан байна. Мах идэж өссөн монгол хүн шүү дээ. Гэтэл ямар ч боловсролгүй мөртөө орос авгай нь хэн нэгнээс “холестрин” хэмээх хорны тухай дуулсан бололтой, мах хорьдог, холестринд сайн хэмээн голдуу байцаа идүүлдэг байжээ. Бүх насаараа идэж уухаараа хүртэл хориулсан хүн жаргалтай байх уу? Москвад гэрийн хорионд байхад нь жолоочоор нь ажиллаж байсан хүний яриагаар эхнэр нь гадаа салхинд гаргадаггүй, гутал хувцсыг нь нуучихдаг байсан гэнэ. Уужим тал хээрийнхээ эрүүл агаар салхинд өсч өндийсөн монгол хүн шүү дээ. Насаараа ажил хийж үзээгүй тэнэг авгай халамжилж, арчилдаггүй байсан учир насны эцэст усанд оруулах хүн байхгүйгээс бие нь загатнан хөөрхий болж байж. Мөнөөх жолооч эхнэрээс нь нууж хааяа усанд оруулж, хумсыг нь авч өгдөг байжээ.[iv] Насны эцэст тэнэгрэх өвчин тусан орчноо огт ойлгохоо больж, гэртээ төөрдөг болсон байна.[v] Хоёр хүүхэд нь ч, эхнэр нь ч хөөрхийг зөнд нь орхисон бололтой.

Цэдэнбалыг 1984 онд зөвлөлтүүд төрийн эрх мэдлээс нь зайлуулсан. Үүнд нь ямар ч монгол хүний оролцоо байгаагүй нь цагийн явцад тодорхой болов. Бүх операци явагдаж, эцсийн шатандаа орсон үед л эрэмбээрээ түүний дараа орох Батмөнх, Моломжамц нарт дуулгажээ. Дуулгасан төдийгүй шахаж шаардсан юм. Өнөө хоёр нь үнхэлцгээ хагартал айсан байдаг. Цэдэнбалыг зайлуулах талаар Монголын удирдлагаас хэн нь ч ядах нь ээ бодож ч байгаагүй. Түүнд сайндаа ч биш, ерөөсөө ийм юм толгойд нь орж ирэхээс ч эмээдэг байв. Бараг бодлыг нь тагнаж мэддэг байсан тогтолцооноос айдастай хүмүүс. Бүгдээрээ л тийм байсан. 1937-1938 оны аймшигт хядлага хүн бүрийн зүрхэнд гүн суусан байлаа. Дарга даамал болох нь нэг талаас сайхан хэрэг ч, нөгөө талаас асар эрсдэлтэй, нэг л хазгай гишгэвэл амь нас, хувь заяагаараа дэнчин тавьсан аймшигтай шоглоом, тийм л тогтолцоо байсан юм шүү дээ.

Үнэндээ Цэдэнбалыг улс орноо удирдаж чадахаа болилоо, авгай нь галзуураад байна, өөрөө мартдаг өвчтэй боллоо гэж зөвлөлтүүд зайлуулсан юм биш. Ийм шалтгаан бий боловч энэ нь хоёр гурав дугаар зэргийн асуудал. Өөрөөр хэлбэл, ердөө л шалтаг. Жинхэнэ шалтгаан нь СССР энэ дэлхийд ганцаардах болсонтой холбоотой. Брежневийг үхсэний дараа, ерөөс СССР геополитикоо өөрчлөхгүй бол цаашид тэсэн гарах нөхцөл улам хаагдах нь маш тодорхой боллоо.

Онолын маргаанаас эхэлсэн ч гучин жил үргэлжилсээр зэвсэгт мөргөлдөөн хүртлээ хурцадсан Хятад улстай харилцах ”хүйтэн дайны” уур амьсгалаа өөрчилж, яаралтай эвлэрэх шаардлага СССР-ийн хувьд гарлаа. Дэлхийн хоёр дахь хүчирхэг гүрэн геополитикийн гүнзгий өөрчлөлтөд орохоор зэхэв. Тэд хамгийн түрүүн Хятадтай харилцаагаа сайжруулах нь зөв гэж шийджээ. НАТО-гийн эсрэг Европт байрлуулсан зэвсэгт хүчнээс нь хавьгүй их Зөвлөлтийн цэргийн хүчин Хятадыг бүслээд байрлачихсан байв. СССР-ийн Хятадтай харилцах харилцааны гол барометр нь Афганистан, Вьетнам, Монгол байжээ. Үүн дотор хамгийн том үзүүлэлттэй нь нутагтаа 100 мянган цэргийг нь байрлуулсан БНМАУ улс байлаа. Хятадын эсрэг хийж буй Монголын хөдөлгөөн болгоныг Кремлийн явуулга гэж Бээжин хардаг, тэр нь ч үнэн байсан юм. Гүнзгий склероз туссан, архинд донтсон, зөнөсөн, өвчтэй Цэдэнбал СССР-ийн шинэ геополитикийг ойлгохгүй, ойлгосон ч маргааш нь мартчихна. Даварсан эхнэр нь хүн болгоныг “Хятадын тагнуул”-аар нь дуудан халж солино. Яг ийм үед зөнөсөн эхнэр, нөхөр хоёрын Хятадын эсрэг өдөөн хатгалга, явуулга улам идэвхжиж байв. Чухам ийм шалтгаанаар л зөвлөлтүүд Цэдэнбалыг зайлуулахаар шийдсэн юм. Түүнийг цагтаа НКВД тавьсан, хэрэггүй болохоор нь КГБ зайлуулсан.

1984 онд Цэдэнбал явснаар Монголд цэдэнбализм буюу түүний буй болгосон дэглэм цааш Цэдэнбалгүйгээр үргэлжлүүлэн тогтсон. Гэхдээ түүний авторитари дэглэм байхгүй болсон юм. Түүний залгамжлагч Батмөнх нь ганцаар захирагч огт биш. Харин 1990 оны хувьсгалаар ерөөс цэдэнбализм гэж нэрлэж болохуйц тоталитари дэглэм сөнөсөн билээ.

1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэдэнбалыг цагаатгаж, урьд нь хурааж авсан бүхий л одон медаль, цол хэргэмийг нь буцааж олгосон юм. Эндээс эхлээд Цэдэнбал нь улс төрийн болоод хөрөнгө мөнгөний ашиг завшаан хөөцөлдөгчдийн тоглоом болж эхэллээ. Монголын цэргийн нэрт зүтгэлтэн, жанжин Д.Сүхбаатарыг нас барснаас нь олон жилийн хойно гэнэт “мандуулан” улс төрийн хөзөр болгож, ашиг завшаан, нэр төр хөөцөлдөгчдийн тоглоом болгосон гунигт сургамж бий. Мандуулахаа ч хат, хэлээгүйг нь илтгэсэн, бодоогүйг нь үйлдсэн болгож, нэгэнт тэнгэрт хальсан сайн хүнийг гутаан доромжилсон, ясыг нь өндөлзүүлсэн явдал болсон юм. Гашуун сургамж байсаар атал ийм явдал давтагдах болов.

Цэдэнбалын нэрэмжит сан, сургууль, академи, нийгэмлэг олноор байгуулагдаж хоорондоо өрсөлдөн, эд мөнгө булаацалдаж, зарга заальхай үүсгэх нь жигшмээр. Яг л Филатовагийн “Хүүхдийн төлөө фонд”-ын үлгэрээр санхүүжилт босгон худал хуурмагаар дүүрсэн кино, товхимол, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл олноор нь үйлдвэрлэх болжээ. Ард түмний тодорхой хэсэг, ялангуяа түүний төрсөн нутаг усныхны хувьд Цэдэнбал нь гэгээлэг ариунаар үлдэж, маш ихээр хүндэтгэн дурсдаг. Энэ нь ч нээлттэй нийгмийн хувьд байх, зүй ёсны үзэгдэл. Харин үүн дээр дөрөөлөн улс төрийн сонгуульд ашиглах, эсрэг хүчнээ намнахад зэвсэг болгон хэрэглэх, хэрүүл уруул, хардлага сэрдлэгийн бай болгох явдал улам гаарах болов. Улмаар монгол хэл мэдэхгүй хүүг нь авчирч төрийн сонгуулд өрсөлдүүлэх, өнөөх нь малчин ардын өмнө хэлмэрчтэй оччихсон “дорогие араты” гээд зогсож байхыг харах нь тоглоомоосоо халиад шоглоом руугаа гүнзгий орсон эмгэнэл мэт.

Улаанбаатарын төвд Цэдэнбалын хөшөө босгожээ. Цэдэнбалын санаачилга хүсэлтээр энд олон жил гозойж байсан Сталины хөшөөг 1990 онд буулгаж, оронд нь Цэдэнбалтай хамгийн их шөргөөцөлдөж асан нэрт эрдэмтэн, үндэсний үзэлтэн Б.Ринчингийн хөшөөг сүндэрлүүлсэн юм. Ном сугавчлан номхон зогсох Ринчинг сандал дээр хөлөө ачин суугаа Цэдэнбал байгалийн зүгээр биш, тэс хөндлөн чигтэй эгц урдаас нь ширтэх аж.

Түүхийг буцааж болдоггүй. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл. Энэ сургамжийг авч, цаашдын зам мөрөө зөв залахын тулд түүх үнэнээрээ үлдэж, дараа үеийнхний нүдийг нээж байх ёстой. “Түүхээ мэдэхгүй бол чамд түүх зохиож өгөх хүн олдоно” гэж хоёр мянганы өмнө суут Цэцэрон захиж байжээ. Үнэнээс гажсан түүх цээжилсэн хүн угтах ирээдүйгээ зөвөөр төсөөлж чадахгүй. Түүхийн ач холбогдол чухамдаа энэ буюу.

Өөрийн үндэстний өмнө байгуулсан Цэдэнбалын хамгийн том гавьяа бол түүний санаачилж, удирдан зохион байгуулж хийлгэсэн Соёлын хувьсгал юм. Дундад зууны хоцрогдлоос морио унаж модоо тохсоор ХХ зуунд давхиж орж ирсэн нүүдэлчин монголчуудын мянган жилийн хэвшмэл амьдрал Цэдэнбалыг хүртэл онцын өөрчлөлтөд ороогүй байлаа. Усанд ордог, бичиг үсэгтэй, цагаан даавуун дээр унтдаг, дотуур хувцастай, бөөснөөсөө салсан, арьс өнгөний өвчингүй, зөв боловсон хооллодог, гадаад хэлээр ойлголцдог, иргэншиж соёлжсон өнөөгийн дундач монгол иргэн бол чухамдаа Цэдэнбалын “бүтээл” юм. Хоцрогдсон алс хязгаарын жаахан банди СССР-т явж эрдэм ном сурсан төдийгүй, иргэншиж соёлжин, юм үзэж нүд тайлснаар барахгүй өөрийнхөө араас шинэ үеийн зуу зуун мянган эх орон нэгтнүүдээ үлгэрлэн дагуулсан. Магадгүй Цэдэнбалаас өөр хүн улс орныг толгойлж байсан бол ийм аугаа хувьсгалыг хийж чадаагүй ч байж болох. Боловсрол мэдлэгтэй, иргэншсэн, тэр хэрээрээ хүчирхэг шинэ Монголын шинэ үеийнхэн Цэдэнбалын биечлэн хийсэн энэ том хувьсгалыг үргэлжлүүлэн, улс орноо улам мандуулан цэцэглүүлэх нь маргаангүй билээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Даш-Яндаг: Төрийн мэдлийн эмнэлгүүдэд ус, цахилгаан, дулааны асуудлыг боддог дарга бараг байхгүй дээ

Монгол Улсын гавьяат эмч Б.Даш-Яндагтай ярилцлаа.


-“Баянзүрх” эмнэлэг 1997 онд уиХ, Засгийн газрын шийдвэрээр эрүүл мэндийн салбарт анх удаа менежмэнтийн хувьчлалаар хувьчлагдсан. Хагас бие даасан буюу автономит байгууллагыг удирдахад чухам юу анзаарагдав?

-Эрүүл мэндийн салбараас Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, соёлын салбараас Хүүхэд залуучуудын театрт менежмэнтийн хувьчлалыг туршилтаар 23 жилийн өмнө хийсэн. Харин боловсролын салбарт Санхүү эдийн засгийн их сургуульд хувьчлал явагдсан юм. Баянзүрх эмнэлгийн хувьд таван жил туршилтаар явж, 2005 онд жинхэнэ хувьчлал болсон. Тэгэхээр туршилт нь үр дүнтэй болсон учраас анх удаа хувьчилсан. ерөөс менежмэнтийн хувьчлал гэдэг бол үйл ажиллагааны бие даасан байдал юм. Ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлснээр ажлын чанар сайжирна. Эмнэлгийн 90 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалаар, үлдсэн хувь нь өөрийн орлогоор явдаг. Менежмэнтийн хувьчлал гэдэг нь төр өмчөө худалдаж байгаа гэсэн үг. Түүнээс биш үнэгүй авна гэсэн ойлголт огт байхгүй.

-Энэхүү менежмэнтийн хувьчлалыг хийхэд эрх зүйн орчин бүрдсэн болов уу?

-Тухайн үед нийгмийн салбарыг хэрхэн хувьчлах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан. Ингээд төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуульд “нийгмийн салбарыг хувьчилж болно” гэсэн заалт орж, асуудал шийдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн хөрөнгийг хувьчилж, 900 гаруй сая төгрөгийн үнэтэй байгууллагыг худалдаж авсан. Тэгэхдээ ямар журмаар ажиллах гэрээг Нийслэлийн Эрүүл мэндийн газартай байгуулсан юм.

-“менежмэнтийн хувьчлал” эмнэлэгт үр өгөөжөө өгсөн үү?

-Хамгийн гол асуудал нь санхүүжилт юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, эхний гурван жил төрөөс авах санхүүжилтээ бага багаар бууруулаад явсан. Тухайлбал, Бид анх Баянзүрх эмнэлгийг авахад бүх хөрөнгө нь нийлээд 970 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж байлаа. Энэ мөнгийг төлөөд өмч хувьд болсон үйл ажиллагаа юм.

-Улсын эмнэлгүүдийг “Менежмэнтийн хувьчлал”-тай болгоё гэсэн бодлого төрд байх шиг?

-Одоо Эрүүл мэндийн яамны хийх гэж буй энэ ажил ямар бүтцээр явахыг мэдэхгүй. Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх гэж байгаа бодлого зөв шүү дээ. Ерөөс хувийн удирдлагатай байна гэсэн бодлого явж байгаа болов уу. Энэ эмнэлгийг аваад төсөв мөнгөнд нь тааруулаад яв, үүндээ багтаагаад юугаа хийх нь чөлөөтэй гэсэн санаа гэж хувьдаа ойлгосон. Өөрөөр хэлбэл, Төрийн өмнөөс хяналт тавихын тулд удирдах зөвлөлийг ажиллуулах ёстой. Ингэснээр удирдах зөвлөл байгууллагын дотоод асуудлыг зохицуулна. Менежмэнт гэдэг хамгийн гол нь санхүү, үйл ажиллагааны төлөвлөлтийг яаж хийх юм бэ гэдгээс эхэлдэг. Тухайн төлөвлөлт тохиромжгүй байвал буруу замаар будаа тээнэ.

-Та Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт менежмэнтийн хувьчлал хийхэд ахалж ажилласан.Тэгвэл хувьчлалын давуу болон сул талыг олж харав уу?

-Тэр хэний өмч байх нь сонин биш, гагцхүү тухайн өмч дээр суурилж эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн дээшлүүлэх, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг яаж үзүүлэх, жилд орох орлогоо юунд зарцуулах гэх мэтчилэн зүйлд анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь удирдлага ямар арга барилаар ажиллах нь чухал. Жишээлбэл, Улсын байгууллагууд өдрийн цагаар бүх л гэрэл чийдэнгээ асаалттай байлгадаг жишээ бий. Тэгвэл менежмэнтийн хувьчлалд, цахилгааныг хэрхэн хэмнэх, ямар гэрэл тавибал ашигтай болох зэргийг бодно. Удирдах зөвлөл аль болох арвилж гамнах, зүй зохистой зарцуулах асуудал руу гарцаагүй явна. Би 23 жилийн турш “хувьчлалын менежмэнт”-ээс ямарч сул тал олж хараагүй. Өөрөөр хэлбэл, сул талаа яаж сайжруулах тухай бодоход юу ч харагдахгүй байна шүү дээ. Гарц хайхгүйгээр урагш хөгжих боломжгүй, асуудалтай тулгарахад тэрийг заавал шийдэх ёстой шүү дээ. Хэрэв хойш тавиад байвал асуудал даамжирсаар нэг л өдөр унаад өгч мэднэ. Хамгийн гол нь өрсөлдөөнд ялгарч гарах нь чухал. Ер нь аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд нэлээд хоцрогдсон байдаг. Тэгвэл манайд улсын эмнэлгээс давсан зүйлс ч бий. Эмч ажилчид маань мэдлэг мэргэжлээр хамаагүй илүү боловсорч байгаа.

-Тэгвэл удирдлагын бодлого, шийдвэрээс үүдэн тухайн байгууллагын хөгжил тодорхойлогдох нь ээ?

-Эрүүл мэндийн даатгалыг зөв зохистой зарцуулах, өөрийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх гэдэг бодлогоор явж байгаа юм. Хүмүүсийг яаж цалинжуулах, хэдэн орон тоотой байх, урсгал зардлыг яаж хэмнэх гэх мэтийг өөрсдөө шийднэ. Төрийн мэдлийн эмнэлгүүдэд хүйтэн халуун ус, цахилгаан дулааныг боддог дарга бараг байхгүй дээ. Төрөөс даадаг юм чинь байж л байна гэсэн үзэлтэй. Тэгвэл менежмэнтийн хувьчлал энэ бүхнийг хэмнэх давуу талтай юм. Жишээ нь, Эмнэлэгт хар цаасан уутнаас эхлүүлээд халдвар хамгааллын өдий төдий олон юм шаардагддаг. Энэ бүгдийг хаанаас авах, нийлүүлэгч нь хэн байх вэ гэх мэтчилэн байгуулагын дотоод бодлогыг бодно гэсэн үг.

-Тэгэхээр хувьчлалын менежмэнт нь дотоод үйл ажиллагаанд ахиц дэвшлийг авчрах боломжтой гэсэн үг үү?

-Баянзүрх дүүргийн эмнэлэг маань дотооддоо олон төрлийн менежмэнтийн арга хэлбэрийг ашигласан. Эмч ажилчдын цалин улсынхаас бага байвал энэ эмнэлэгт хүн тогтохгүй биз дээ. Тиймээс тэднээс илүү байлгахын тулд гүйцэтгэлийн менежмэнтийг хийгээд эхэлдэг. Ерөөс аливаа ажлыг зохион байгуулахдаа зөв төлөвлөж хяналт үнэлгээ хийх нь чухал. Мөн удирдагчдын манлайлал нэн чухалд тооцогдоно. Миний хувьд Баянзүрх дүүргийн эмнэлгийн стратегийн түвшний менежерийг хийж байсан. Дараагийн шатанд, гүйцэтгэх менежер, эмч ажилчид гэсэн нийт гурван түвшинд төлөвлөлт хийгддэг. Ингэж удирдлагын түвшинд өөр өөр бүтэц бий болгож явна. Мөн хөндлөнгийн хяналтын баг, инновацийн баг ажиллана. Жишээ нь, ямар технологи нэвтрүүлэхийг инновацийн зөвлөлөөр ороод шийдэх юм.

-Хагас бие даасан хэлбэртэй гэхээр улсын болон хувийн хэвшилд аль алинд нь хамаарна гэж ойлголоо?

-Улсын үйлчилгээг ч үзүүлнэ. Цэвэр хувийн үйлчилгээ үзүүлбэл Баянзүрх дүүргийн 380 мянган хүн яах вэ, хаана үзүүлэх вэ гэдэг асуудал гарч, зөрчил үүснэ. Цэвэр бид нар хувьчилж авсан юмаа цаашдаа хөгжүүлнэ гэвэл хэцүү. Энэ дүүргийн ганц эмнэлэг нь юм шүү дээ. Тус дүүрэгт менежмэнтийн хувьчлал хийгдэх үед 110 мянга гаруй хүн амтай байсан. Харин одоо хүн амын тоо гурав дахин нэмэгдсэн байгаа биз. Тэгэхээр эмнэлэг ороо нэмэгдүүлэх, байшингаа өргөтгөх шардлагатай болж буй.

-Ард иргэдийн дунд улсын эмнэлэг гэхээр л ачаалал, дараалалтай гэх яриа өрнөдөг. Тэгэхээр энэ асуудлыг менежмэнтийн хүрээнд шийдэж болох нь ээ?

-Хүнд хүлээлт үүсгэлгүй хамгийн сайн үйлчилгээг эмнэлэг л үзүүлэх ёстой. Эрүүл мэндийн салбарт үйлчилгээний менежмэнт дутагддаг. Ерөөс эрүүл мэндийн салбарын ажлын 80-90 хувь нь үйлчилгээн дээр тогтоно. Тэгэхээр хүнтэй хэрхэн мэндлэх, оочер дугаарыг яаж багасгах, чирэгдлийг бууруулах арга замыг эрэлхийлэхэд хувийн менежмэнтийн ач холбогдол оршино. Тиймээс энэ менежмэнтийг мэдэрсэн удирдлагатай байх ёстой. Аливаа үйлчилгээ харилцаа, хандлага, сахилга батаас эхэлнэ. Харамсалтай нь эмнэлгийн салбарт үйлчилгээний менежмэнт сул байна. Нэг үйлчлүүлэгчид сайн хандвал араас нь зургаан үйлчлүүлэгч ирдэг гэсэн судалгаа хүртэл бий. Харин хувийн эмнэлэг аль болохоор олон хүнд үйлчлэхийг хичээдэг. Магадгүй үүгээрээ энэ хоёр ялгаатай. Улсын эмнэлэг ачаалал ихтэй, маргааш нөгөөдөр ир гэдэг ч юм уу, цаашаа хүлээж бай гээд л суугаад байна. Тухайлбал, манайх эмчилгээ үйлчилгээний чанарыг алдагдуулахгүй ахиулах гэсэн бодлоготой.

-Эмнэлгийн салбарт “менежмэнтийн хувьчлал” үр өгөөжөө хэрхэн өгсөн бэ?

-Улсын эмнэлэг ачаалал ихтэйдээ биш, хамгийн гол нь эмч өдөрт 20-25 хүнийг үзэх ёстой гэж заасанд гол учир байдаг. Тэнд гүйцэтгэлээр нь цалин олгодог систем алга. Харин манай эмнэлэгт илүү олон өвчтөнийг үзвэл урамшуулна гэсэн системтэйгээр 20 гаруй жил явж байна. Ингэснээр үр бүтээмжтэй ажиллаж, үйлчилгээ, эмчилгээ, оношилгоо сайжирч байна.

-Тэгвэл энэ тал дээр шийдвэрлэх асуудал нь юу байна?

-Байгууллага хагас бие даахад банкны зээлийг чөлөөтэй болгох хэрэгтэй. Гагцхүү энд банкны зээл авах боломж нээгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, автономит болгоход хууль эрх зүйн хүрээнд банкнаас зээл авах эрхийг нь нээж өгөх ёстой. Хууль эрх зүйн орчноо сайтар бүрдүүлж өгөхгүй бол зөрчил үүсэх эрсдэлтэй.

-Эмч ажилчдынхаа цалин, урамшууллыг хэрхэн шийдсэн бэ?

-Нэн түрүүнд ажилчдын сэтгэл ханамж. Хоёрдугаарт, авч байгаа мөнгө юм. Жишээлбэл, тэтгэвэрт гарахад сүүлийн таван жилийн цалинг 20 хувь нэмдэг. Манайд хамгийн дээд хэмжээ гэхэд сард нэг сая 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэгэхээр хүмүүс ажиллахыг хүснэ биз. Төр цалинг 5-10 хувиар нэмдэг бол бид 20 хувиар нэмнэ шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ