Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Засгийн газраас 100 мянган ширхэг амны хаалт хандивлалаа

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусний халдвартай тэмцэхэд үзүүлэх гуравдугаар ээлжийн тусламжийг хүлээлгэн өгөв.

Энэ удаагийн тусламжаар 100 мянган ширхэг нарийн шүүлтүүртэй N95 амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд гардууллаа. Өмнө нь коронавируст халдвартай тэмцэхэд БНХАУ-аас манай улсад лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, амны хаалт зэрэг тусламжийг мөн хүлээлгэн өгсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар барилга 2020” үзэсгэлэнд 100 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байна

Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн өдөрт зориулж, “Барилгачдын өдөр”-ийн хүрээнд “Улаанбаатар барилга 2020” үзэсгэлэн 15 дахь жилдээ БХБЯ, “Барилгын хөгжлийн төв” “Мишээл Экспо” компани, хамтран зохион байгуулж байгаа юм байна. Мөн “Улаанбаатар барилга 2020” орон сууц хот тохижилт, барилгын материал, дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн энэ сарын 4-7-ны өдрийг хүртэл болох аж. Үзэсгэлэнд: • Шинэ орон сууцнууд • Барилгын материал, тоног төхөөрөмж • Хүнд машин, механизм • Барилга угсралт, зураг төслийн компаниуд • Банк бус санхүүгийн байгууллагууд • Барилгын гадна тохижилт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 100 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.

Categories
мэдээ нийгэм

​Хөвсгөл аймгийн Тариалан суманд 53 настай, эрэгтэй сураггүй алга болжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Хошгойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Мөрөн сумын харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/ хадлан хадахаар /2020.08.26/ очжээ.

Улмаар 2020.08.31-ний өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б-ын “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинд сууж Мөрөн сум руу явах замдаа “Бозоот“ гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ эзэнгүй айлын өвөлжөөний хажууд буугаад сураггүй болсон байна.

Онцгой байдлын албанд 2020. 09.02-ны өдрийн 10:59 цагт дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус багийн “Бозоот” гэдэг газраас “Далтын даваа” гэдэг газар хүртэл 20 км-т, сураггүй болсон газарт 45 км-ын радист эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ.

Өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхсайхан: Энэ ондоо багтаагаад 3-5 эмнэлэгийн яаралтай тусламжийн үйлчилгээг бүрэн шинэчлэх ёстой

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах хүрээнд хамтарсан цуврал уулзалтууд зохион байгуулагдаж байна. Есдүгээр сарын 04-ний өдрийн уулзалтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ы магистр, Клиникийн профессор Э.Галбадрах эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа холбогдох албаныхантай хэлэлцлээ.

УЛААНБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ТАВАН ГАЗАРТ ГЭМТЛИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БОЛГОНО

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ГССҮТ бол хамгийн их ачаалал авдаг эмнэлэг. Тус эмнэлэгт ачааллаасаа хамаараад тоног төхөөрөмж, рентген аппаратны элэгдэл бусад эмнэлгээс хоёр дахин их байдаг. Хэрэв бид ГССҮТ-ийн эмч, ажилчид, тоног төхөөрөмжийг нь нэмэгдүүлээд явбал төвлөрлийг сааруулахгүй харин ч улам төвлөрөл үүсгэнэ. Харин ГССҮТ-өөс гадна УНТЭ, УХТЭ, Түлэнхийн төв, Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг, ТТАХНЭ зэрэг эхний ээлжинд Улаанбаатар хотын хэмжээнд таван газарт гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгоно. Энэ хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс өмнө 3-5 газарт гэмтэлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлтгэл ажлууд хийгдэж байна.

ГССҮТ-ийн ачаалал тав дахин буурч, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдэнэ. ГССҮТ-ийн хувьд нийт эмчилгээний 90 хувь нь мэс заслын тусламж, үйлчилгээ байдаг. Тиймээс ГССҮТ одоо төлөвлөгөөт мэс засал, яаралтай тусламжийн үйлчилгээгээ ялгаж, төлөвлөгөөт мэс заслаа хэдэн сараар нь төлөвлөдөг байх ёстой. Үүний үр дүнд чирэгдэл багасч, бүх зүйл тодорхой болох ёстой. Хэвтэлт, гаралтын нэгдсэн системийг томоохон эмнэлгүүд бүгд ойрын хугацаанд ашиглалтад оруулах хэрэгтэй. Яамнаас энэ тал дээр хэрэгтэй дэмжлэгээ авах хэрэгтэй. Хэвтэлт, гаралтын системгүй учраас ард иргэд хэзээ хэвтэхээ мэдэхгүй, тодорхойгүй хүлээлт, чирэгдэл ихтэй байна. Аргагүйн эрхэнд танил тал хайж гуйдаг асуудал үүсээд байна.

Гэмтлийн үйлчилгээн дээр бид орон нутгаас өвчтөнийг хот руу зөөдөг биш, тэнд нь очиж эмчилдэг тогтолцоо, багийг, тоног төхөөрөмжийг бүрдүүлнэ. Яаралтай тусламжийн тогтолцоог бүрэн шинэчлэх шаардлагатай. Тиймээс тогтолцоог улсын хэмжээнд шийдэх, тойргийн систем бий болгох судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнтэй уялдуулан дүүргийн болон орон нутгийн эмнэлгүүдэд гэмтлийн эмчилгээ, үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхийг зорино. Бид үүнийг хийнэ, хэрэгжүүлнэ” гэлээ.

” ГССҮТ НЬ ӨӨРИЙН ХҮЧИН ЧАДЛААСАА ДӨРӨВ ДАХИН ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА”

Хамтарсан уулзалтаар ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах танилцуулгадаа “Монгол Улсад хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаарт, нас баралтын тэргүүлэх шалтгааны гуравдугаарт осол гэмтэл, гаднын шалтгаан ордог. Өнөөдрийн байдлаар ГССҮТ нь өөрийн хүчин чадлаасаа дөрөв дахин их ачаалалтай ажиллаж байна. Манай төв дээр осол гэмтлээс сэргийлэх үндэсний III хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжиж байгаа бөгөөд 2022 оноос IV хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна. Өнгөрсөн хугацаанд ГССҮТ нь нийт 312 шинэ технологи, сүүлийн хоёр жилд 11 шинэ технологийг амжилттай нэвтрүүлсэн.

2020-2024 онд оношилгоо эмчилгээний дэвшилтэт 71 технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний чадамжийг дээшлүүлэх, хүртээмжийг сайжруулах төсөл хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 3-5 сарын хугацаатай 4-5 эмч, эмнэлгийн ажилтны бүрэлдэхүүнтэй гэмтэл согогийн нарийн мэргэжлийн баг орон нутагт томилолтоор ажиллаж, сургалт болон оношилгоо, эмчилгээ, мэс засал хийж ажиллалаа. Үүнийг цаашид үргэлжлүүлж, жилд 3-4 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Бат-очир Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаас илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Авто тээрийн шалган нэвтрүүлэх гурван товчоо зургаан хяналтын цэгт хийсэн шалгалтын тухайд онцолбол наймдугаар сарын 31-ний байдлаар нэг сая 264 мянга 145 тээврийн хэрэгсэл үзлэг шалгалт хийсэн.

Нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан 197 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авсан. Түүнчлэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал канабис 1.9 кг-ийг тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэв

Categories
мэдээ нийгэм

“Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” хэлэлцүүлэг болж байна

“Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д эхэлж байна.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь Монгол улсын төсвийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, алдаа сургамж, улсын төсвийн 2020 оны тодотгол, цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хүндрэлийг даван туулахад төсвийн зөв оновчтой төлөвлөлтийн үр нөлөө, улсын төсвийн алдагдлыг бууруулах ба үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар хэлэлцэх, санал зөвлөмж гаргах юм.

Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Жил бүр Танхим төсөвтэй холбоотой саналаа УИХ-д хүргүүлдэг бөгөөд 2020 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх үед эрсдэлийг харгалзан үзээгүй хэт өндөр төсвийн орлого зарлага, алдагдлыг төлөвлөсөн гэж үзээд тодорхой саналуудыг хүргүүлж байсан. Гэвч эдгээр санал зөвлөмж, анхааруулгыг ойшоож үзэхгүйгээр өдийг хүрч байна.

Энэ оны 2-р улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлынхаас 300 сая ам.доллароор нэмэгджээ. Засгийн газрын мэдээллээс харахад өрийн үйлчилгээний төлбөр 2020 онд төсвийн орлогын 19 хувь, 2021 онд 29.2 хувь, 2022 онд 38.4 хувьд хүрч 2019 онтой харьцуулахад төсөвт үзүүлэх дарамт 2 дахин нэмэгдэхээр байна. Цар тахлын энэ үед төсвийн тодотгол хийхдээ зардлыг эрэмбэлэх зарчмыг баримтлан зайлшгүй бус зардлаа танах царцаах, алдагдлыг тохиромжтой түвшинд барьж, үр ашигтай, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байлаа” хэмээв.

Эдийн засагч Энхбаяр “Монгол Улс түүхий эдийн үнийн тодорхой хувийг төсвийн тогтворжуулалтын санд тууштай төвлөрүүлэх хэрэгтэй хэдий ч хангалттай бүрдүүлж чаддаггүй. Тогтворжуулалтын сан нь төрөөс хараат байх ёстой бөгөөд орлогыг олон улсад гаргаж хадгалах хэрэгтэй. Мөн уул уурхайн өсөлтийн орлогыг усан сан шиг тусд нь байлгах ёстой” гэлээ.

Хэлэлцүүлэгт нийт 30 гаруй эдийн засагч, судлаач болон 20 гаруй эдийн засгийн сэтгүүлч оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Н.Содбилэг хүү номныхоо орлогоос 500 000 төгрөг УОК-т хандивлалаа

Наранбаатарын Содбилэг БЗД-ийн “Төгс дэлгэрэх” ЕБС-ийн 5в ангид сурдаг. Тэрээр цахим хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа хүүхэд, багачуудад зориулан өөрийн зохиосон үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын дэлгүүрүүдэд худалдаалсан байна.

Тэрбээр өнөөдөр номныхоо орлогоос Улсын Онцгой комисст 500 000 төгрөгийг аавын хамт ирж гардууллаа.

Н.Содбилэг хүүгийн зохиосон “Ухаант мэргэн” ном нь 5 боть бөгөөд хоёр нь үлгэрийнх, гурав нь комик хэлбэрээр бүтээгдсэн. Үлгэрийн ном нь 9900, комик ном нь 5500 төгрөгөөр худалдаалагддаг гэдгээ энэ үеэр ярьсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан есдүгээр сарын 3-ны өдрийн 22.00 цагаас эхлэн тус сум руу орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Мөн тус хэсгээр дамжин өнгөрөх автомашиныг зогсоолгүй, шууд явуулж буй юм байна.\.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын талаар ЗӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрахаас тодрууллаа. Тэрбээр “Уг тохиолдол нь 38 настай эрэгтэй бөгөөд наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж идсэн гэсэн өгүүлэмжтэй байгаа.
Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж, 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбоотойгоор Тосонцэнгэл суманд хэсэгчлэн хөл хорио тогтоож, ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулаад байна. Сэжигтэй тохиолдлоос сорьц цуглуулж, хурдавчилсан тестээр шинжлэхэд эерэг гарсан. Тиймээс сорьцыг ЗӨСҮТ рүү өнөө өглөө 05.00 цагт явуулсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн 20, Сонгинохайрханы 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороог түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд нэмсэн

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр мэдээллээ.

Агаарын чанарыг сайжруулах 154 хорооны 99 хороо нь гэр хороолол байдаг.

Нийслэлийн хэмжээнд таван хороо түүхий нүүрсийг хориглох бүсэд ороогүй байсныг Засгийн газрын 189 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хан- Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороодыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд оруулж, 2020-2021 оны өвөл тус таван хорооны иргэд, ААН-үүд сайжруулсан шахмал түлш хэрэглэх шинэ хэрэглэгчид болж байгаа аж.

Иймд тус хороодод холбогдох сургалтуудыг явуулсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил хэлэв.

Мөн НМХГ-аас агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд тогтмол хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг.

Агаарын бохирдлыг бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл. Тэр дундаа дизель хөдөлгүүртэй машины тээврийн хэрэгсэл нь өндөр хувийг эзэлдэг.

Иймд энэ жил ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 17 ААН-ийн 281 дизель хөдөлгүүртэй ачаа тээврийн хүргэлтийн машинуудад тортогжилтийн хэмжээнд MNS50142009 стандартын дагуу хэмжилт хийсэн. Шалгалтаар 70 хувь нь утааны тогтворжилтын хэмжээ нь стандартын шаардлага хангаагүй үзүүлэлттэй гарсныг НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Бат-очир хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Хичээл орж эхэлснээс хойш долоон хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтжээ

Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ны хооронд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын талаарх 1002 дуудлага иржээ. Энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 26 хүн гэмтсэний долоо нь хүүхэд байжээ. Тэднээс

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 14
  • Мөргөлдөх хэлбэрээр – 2
  • Автобуснаас унагасан – 2
  • Унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр – 2 тус тус бүртгэгдсэн байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 491 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 жолоочийг шүүхээр баривчлуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.