Categories
мэдээ цаг-үе

М.Хүрэлсүх: Өнөөдөр миний бизнесийг төр булааж байгаа нь маргааш өөр олон хүний бизнесийг булаана гэсэн үг

-ЖДҮ-ИЙН БОЛОМЖИЙГ ТӨР ХУЛГАЙЛДАГ БАЙСАН БОЛ ОДОО ИЛ ЦАГААН ДЭЭРЭМДДЭГ БОЛЖЭЭ-

“Нар Мон” компанийн захирал М.Хүрэлсүхтэй ярилцлаа.


-Нийслэлээс таны 20 гаруй жил ашиглаж үйл ажиллагаа явуулж ирсэн газрын зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгосон гэх юм. та газраа хэзээ эзэмшилдээ авч байсан юм бэ?

-2011 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийн захирамжаар газрынхаа гэрчилгээг авч гэрээ байгуулж байлаа. Манай компани үүнээс өмнө тооцоо нийлсэн актаар газрын төлбөрөө төлж ирсэн. 1997 онд “Нар Мон” компанийн нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацарлтын захирамжаар түлш модон материал бэлтгэх зах ажиллуулах зөвшөөрөл авч байлаа.

-Түлш модон материалын зах байгуулаад та юу хийв?

-Улаанбаатар хотын иргэдээс түлээ түлш нийлүүлэх хүсэлт их ирсэн. Социализмын нийгмийн үед түлээ түлш нийлүүлдэг дөрвөн гол цэг байсан юм билээ.

Дөрөвдүгээр цахилгаан станцын хажууд, Модны хоёр, Чулуун-Овоо зэрэг газруудын модны зах нийслэлийн иргэдийн түлшийг хангадаг байсан юм билээ. Манай компани түлш модон материалын зах нээсний дараа Хангай зах нээгдэж байсан.

Бид Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны төмөр замтай газар дээр орос цэргийн ангиудын ачаа буудаг хаягдсан төмөр замын бүх шапалийг нь солиж, битонон хашилт хийж ажиллагаанд оруулсан. Улмаар Төмөр замын хоёрдугаар ангитай гэрээ хийж, өвлийн ид ачааллын үед өдөрт 10 вагон нүүрс Багануур, Шивээ-Овоогоос татаж шуудайлаад хотын иргэдэд нийлүүлж ажиллаж байсан юм.

-Газар эзэмших эрхийн гэрчилгээг тань цуцлах шийдвэр хэзээ гарсан бэ. Үндэслэл нь юу байв?

-Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан шийдвэр 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гарсан байна лээ. Газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан захирамж гаргасан байсан. Энэ захирамжийг бид огт мэдэлгүй явсаар наймдугаар сарын 28-ныг хүргэсэн.

-Таны “Нар Мон” ХХК төлбөрийн өртэй байсан юм биш үү?

-С.Амарсайхан даргын захирамж гарахаас 10-аадхан хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн газрын албанд очиж хоорондын тооцоо хийхэд “Нар Мон” ХХК 84900 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна гэсэн лавлагааг бидэнд өгсөн.

Үндсэндээ 20 гаруй жил тасралгүй үйл ажиллагаа явуулахад газрын төлбөрөө бид тогтмол төлж ирсэн. “Нар Мон” компани байгуулагдсанаас 500 орчим ажлын байрыг бий болгож, цар тахлын үед ч “Шөнийн зах”-ын түрээслэгч нартаа боломжоороо хөнгөлөлт үзүүлж ирлээ. Бид уг нь энэ жил агуулахын аж ахуй эрхлэхээр нийслэлээс архитектур төлөвлөлтийн даалгавар аваад хүнсний ногоо хадгалах хоёр агуулах, барилгын материал хадгалах гурван агуулах барихаар банкны зээл авч ажлаа эхлүүлээд байтал нийслэлтэй үл ойлголцол гарч эхэлсэн.

-Одоо ямар үйл явц үргэлжилж байна вэ?

-Сая наймдугаар сарын 24-нд нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай албан тоотоор бидний эзэмшил газрыг хурааснаа мэдэгдээд, газар дээрх үл хөдлөх хөрөнгө болон агуулахуудыг албадан буулгахаа мэдэгдлээ.

Энэ мэдэгдэлтэй манай компанийн эзэмшиж байгаа газрыг “Таван толгой түлш” компанид шилжүүлснээ дуулгасан. газар чөлөөлж байшин буулгах компаниа сонгосон юм шиг байна лээ.

-Та нийслэл рүү хамтарч ажиллах санал тавиагүй юм уу?

-Манай компанийн эзэмшил газрыг нийслэлээс илт сонирхож байгааг албаны хүмүүсээс сонссон. Бид нийслэлийн Засаг дарга, ерөнхий төлөвлөгөөний газарт Улаанбаатар хотын иргэдэд түлээ, нүүрс нийлүүлж байсан туршлагатай учир төр хувийн хэвшлийн түншлэлийн шугамаар хамтарч ажиллах санал хүргүүлсэн. гэвч ямар ч хариу ирүүлээгүй.

Тэгээд бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хамтарч ажиллах тухай албан бичиг явуулсан. Ерөнхий сайд хамтарч ажиллахыг дэмжиж, чиглэл өгсөн юм билээ. Гэтэл нийслэл бидний газрыг хүчингүй болгож бизнес, хийх орчныг дээрэмдсэн байна.

-Энэ асуудлын ард ямар ашиг сонирхол байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд Нийслэлийн газрын газрын алба худлаа мэдээлэл өгсөн юм шиг байгаа юм. Нэг бол энэ А.Энхманлай “Таван толгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.ганбаатар гэх хүмүүс манай газрыг хүчингүй болгож энэ цар тахлын үед манай компанид асар өндөр эрсдэл бий болголоо. Бид банкны зээлтэй, үйл ажиллагаагаа арай ядан явуулж байхад жижиг дунд бизнесийг дээрэмдэж байгаа нь цаашдаа бусад хүмүүсийн бизнесийг дээрэмдэж эрсдэлд оруулахгүй байгаасай гэсэндээ олон нийтэд хандлаа.

-Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай гэж хүнтэй та уулзсан уу?

-Уулзаж учир явдлыг тайлбарлах гэж их оролдсон. Огт хүлээж аваагүй.

-Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан руу та хандсан уу?

-Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд холбогдох баримтуудыг цуглуулаад нягталж үзэхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй байна. гаргасан захирамжаа цуцална гэж найдаж байгаа. Хэрэв энэ харалган шийдвэрээ эргэж харахгүй бол хуулийн байгууллагад хандана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аз жаргалаас болон дурлахаас айх айдас бол хамгийн өвөрмөц хэрнээ өрөвдөлтэй айдсууд

-ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ СЭТГЭЛД ХҮРЭХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭХЭЭС ХАМГИЙН ИХ АЙДАГ-

“Medway Consulting” компанийн гүйцэтгэх захирал, хүний их эмч С.Анударьтай ярилцлаа.


-Хүн ямар нэгэн байдлаар айдастай нүүр тулгарч байдаг шүү дээ. Тэгвэл айдас гэж чухам юу болох талаар шинжлэх ухааны үүднээс нь дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Айдас гэдэг нь ямар нэгэн биет болон биет бус зүйлд үзүүлж байгаа хүний сөрөг сэтгэлийн хөдөлгөөн. Одоогийн байдлаар дэлхийд 400 гаруй айдас бий. ангилбал нийгмийн, талбайн, өвөрмөц гэж гурав ангилдаг. Үүнээс гадна айдсын эмгэг, айдас гэдэг хоёр өөр ухагдахуун бий. Нэг зүйлээс цочиж айх бол энгийн айдас. Харин тухайн айдас нь сар юм уу түүнээс илүү хугацаанд үргэлжилж тухайн хүний хооллолт, нойр, энгийн өдөр тутмын амьдралд нь нөлөөлбөл эмгэг буюу өвчин болж байгаа хэрэг. Яахав, айдас гэдэг монголчуудын хувьд хол сэдэв байх л даа. Бага насны хүүхэд дээр жишээ авч ярихад л гадаадууд хүүхдээ багаас нь өөр өрөөнд байлгадаг. Гэтэл монголчууд насанд хүртэл нь шахуу хамт амьдардаг. Гэхдээ сүүлийн үед амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой манайхан тусдаа өрөөнд байх болсон.

-Айдсын эхлэл хүүхэд насанд тавигддаг шүү дээ. Бага насандаа нэг зүйлээс олон дахин айснаар томрох тусам эмгэг болох тохиолдол бий гэж ярьдаг?

-эхлэл хүүхэд насанд тавигддаг гэж үздэг. Наснаасаа шалтгаалаад тодорхой цаг үеүдэд туулдаг айдас гэж бий. 0-6 сартайдаа хүүхэд хурдан хөдөлдөг, олон өнгийн алагласан зүйлсээс айдаг бол 3-6 насандаа эргэн тойрныхоо зүйлсийг мэдэрч, өөрийгөө хэн бэ гэдгийг ухамсарлаж ирдэг. Энэ хугацаанд ямар нэгэн зүйлээс айх нь хүүхдэд том цохилт болно л доо. Харин 7-8 настайдаа хүүхэд эцэг эхдээ гологдох вий дээ гэдгээс маш их айдаг. Нэг үгээр эцэг эхдээ хангалтгүй байна гэж хэлүүлэхээс айна гэсэн үг. Тэгэхээр энэ үед нь хүүхэдтэйгээ найзын харилцаатай байж ямар ч үед хамт байна гэдгийг сайн ойлгуулах нь зүйтэй. Ингээд эргээд насанд хүрээд ажил дээр гараад ажлынхандаа таалагдахгүй байх вий гэж хүртэл эмээдэг. Энэ байдал нь чухамдаа багаасаа ямар нэгэн айдсыг эцэг эхийн тусламжгүй давснаар эмгэг болох аюултай. Тэгэхээр хүүхэд насанд нь үлдсэн айдас насанд хүрсэн хойно ч дагасаар л байдаг.

-Айдас олон дахин давтагдаж, өдөр тутмын амьдралд нь өөрчлөлт орох үед эмгэг болж хувирдаг юм байна шүү дээ. Тэгвэл энэ эмгэгийг ямар аргаар эмчилж байна вэ?

-Айдсын тухай ярихаараа хүмүүс ихэвчлэн осол гэмтлийг л чухалчилж яриад байдаг. Түүнээс гадна ойр дотныхон буюу эмээ өвөө нь нас барах хүүхдэд маш том цочрол өгдөг. Нас нь бага юм чинь юу ч мэдэхгүй гэж боддог. Гэтэл гурван наснаас эхлээд л бие хүн болж төлөвшөөд эхэлж байгаа. Энэ үед л ямар нэгэн зүйл болбол мэргэжлийн эмч юмуу, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмчид хандаад тухайн хүүхэд айдсаа хүлээн зөвшөөрөөд эмчлүүлбэл насанд хүрсэн хойно нь ямар нэгэн асуудал үүсэхгүй.

-Залуусын хувьд тохиолддог хамгийн энгийн айдас бол илтгэл тавихад гардаг сандрал. өдөр бүр нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог учраас өөр олон ч төрлийн айдас бий байх?

-Тийм шүү. Ер нь залууст харилцаа холбоотой айдас их тохиолддог. Тухайлбал, гэр бүлтэй холбоотой айдас байна. Хэрэв бага насанд нь гэр бүл нь ямар нэгэн асуудалтай байсан бол тухайн хүүхдэд цочрол болж гэрлэх нас нь болчихсон байгаа хэрнээ хүнтэй гэрлэхгүй яваад байдаг асуудал бий. Мөн давчуу орон зайнаас айдаг, лифтэнд сууж чаддаггүй хүмүүс байна. Хэтэрхий давчуу орон зайд орохоороо хөлс нь гарах, зүрх нь хүчтэй цохилох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн олон хүний өмнө гарахаараа сандарна, айна. Гэхдээ энэ бол тухайн үеийн л зүйл. Дасаагүй орчинд ороход хүнээс бага зэрэг сөрөг сэтгэл хөдлөл илэрдэг. Харин олны өмнө гараад ухаан балартаад унах, чичирч салганаад өөрийгөө хянаж чадахгүй байгаа тохиолдлууд эмгэгийн төрөлд багтана.

-Эдгээр айдсуудыг хэрхэн даван туулах вэ?

-Айдсыг давах хоёр л арга бий. Эхнийх нь тэр айдсаасаа зугтах, нөгөөх нь айдастайгаа нүүр тулах. Жишээлбэл, олны өмнө гарч чаддаггүй бол гарахаасаа өмнө цээжлэх, бэлтгэлээ сайн хийх, гартаа юм бариад гарах гэх мэт. Хэрэв үнэхээр өдөр тутам тэр айдастайгаа нүүр тулахаас өөр аргагүй бол дасан зохицохоос өөр арга байхгүй. Гэхдээ айдастайгаа нүүр тулж байж тухайн айдсыг даван туулна гэдэг зарчмын хувьд зөв. Гол нь айдсын эмгэгтэй хүмүүс дан ганцаараа айдастайгаа нүүр тулахад хэтэрхий аюултай.

-Цаг хугацаанаас айх, үгнээс айх гээд өвөрмөц айдастай хүмүүс байдаг юм билээ?

-Цаг хугацаанаас айх айдсын талаар Монголд одоогоор дата мэдээлэл байхгүй. Харин аНУ-ын хүн амынх нь 12.5 хувь нь ийм айдастай гэсэн судалгаа бий. Хонхны баяр, төрсөн өдөр, шинэ жил гэх мэт тэмдэглэлт өдрүүдэд мэдрэгддэг. Цаг хугацаа хурдан явж байна, дуусч байна шүү л гэсэн мэдрэмжийг аваад байгаа юм л даа. Цаашлаад тэр айдсаасаа хүчтэй шаналдаг. Ялангуяа юмс өөрчлөгдөх, толины тусгал, алиалагч/АНУ/, мэдлэг, үг, хүний нүд рүү харахаас, дурлахаас, нүхнээс, үхлээс айх гээд олон төрлийн өвөрмөц айдас бий. Мөн бидний сонсож байгаагүй нэг айдас бол аз жаргалаас айх айдас. аз жаргалаас айх айдсын онцлог нь тухайн хүнд ямар нэгэн баяртай сайхан үйл явдал боллоо гэхэд айдаг. Яагаад гэхээр энэ удаа надад сайн зүйл тохиолдсон юм чинь дараагийн удаа заавал ч үгүй муу юм болно гэж боддог. Үүнээсээ болоод аль болох аз жаргалтай байхаас зайлсхийдэг. Түүнчлэн аз жаргалаас айх болон дурлахаас айх айдас гэж ярьдаг бол хамгийн өвөрмөц хэрнээ өрөвдөлтэй айдсууд.

-Цаг хугацаа, үхлээс айх айдас ихэвчлэн ямар насны хүмүүст тохиолддог вэ?

– Ер нь айдас нас ахих тусам ихсэх хандлагатай байдаг. Хөгшин хүмүүст ихэвчлэн цаг хугацаатай холбоотой айдас, үхлээс айх айдас зонхилдог. Мөн үр хүүхдүүддээ санаа зовсон айдас. Төрөх, үхэх бол амьдралын жам шүү дээ. Мөн эргээд хүмүүст дурсагдахгүй, мартагдах вий гэхээс их айдаг.

-“Үхтэл үр харам” гэдэг. Монголчуудын хувьд үр хүүхдүүддээ маш их санаа зовдог?

-Тийм шүү. Үр хүүхдүүддээ санаа зовох айдас азиудад илүү илэрдэг. азиуд их гэр бүлсэг соёлтой. Гэр бүлтэй болсон ч эцэг эхтэйгээ хамт амьдарч асарч хамгаалж байдаг шүү дээ. Жишээлбэл, монголчууд эрт дээр үеэс хүүхдээ элдэв зүйлээс айвал ширгэлдэг. Ямар нэгэн эм тан өгөлгүй домнож эмчилдэг сэтгэл заслын аргатай. Ширгэлж байх явцдаа хүүхдээ үнсэнэ, за одоо айх зүйлгүй болчихсон гээд тайтгаруулж байгаа явц маань сэтгэлийг нь засаж байгаа юм. Энэ мэт сэтгэл зүйгээр холбогддог учраас үр хүүхдэдээ санаа зовох тохиолдол элбэг шүү.

-Айдсын эмгэг хүндэрвэл ямар нэгэн өвчний суурь болох уу?

-Өвчний суурь болох гэхээсээ илүү айдастай нүүр тулж байгаа хүний биед маш их өөрчлөлт гарна. Тухайн хүн шоконд ороод өөрийнхөө оюун ухаанаа алдаад ухаан балартах хэмжээнд хүрч хүчтэй зүрх дэлссэнээс шалтгаалж амь насаа алдах ч эрсдэлтэй. Бидний энгийн гэж боддог зүйлс айдсын эмгэгтэй хүнд ямар ч аймшигтай зүйл болж харагдахыг үгүйсгэхгүй. Тэр хүний төсөөллөөс шалтгаалж байгаа учраас бид мэдэх арга байхгүй. Харин энгийн хүн айдастай нүүр тулахад зүрх дэлсэх, бүх биеэр халуу дүүгэх, гэнэт их хэмжээгээр хөлрөх чичрэх, арьс хуулрах, амьсгал давхцах, гэдэс муухайрах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Орон нутгийн үнэмлэхээр хотод жолоо барихыг хориглох хэрэгтэй” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины уламжлал болон гардаг “Танайд өнжье” буланд “Маргаашийн манлайлагчдыг бэлтгэж буй “БЯЦХАН МЭРГЭД”-ийн нэг өдөртэй хамт байлаа. I-XIII нүүрнээс уншаарай.

Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Дашнамжилын Цогтбаатартай ярилцсанаа хүргэж байна. Тэрээр “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулахдаа алдаа гаргасан С.Одонтуяа огцрох ёстой” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Орон нутгийн үнэмлэхээр хотод жолоо барихыг хориглох хэрэгтэй” хэмээн өгүүлжээ.

“УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү: УИХ-ын 30 гаруй гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой” хэмээн “Улс төр”-ийн V нүүрт өгүүлэв.

ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутгаар дамжуулан хий нийлүүлэх хоолой барих асуудлаар саяхан манай Засгийн газрын ажлын хэсгийнхэн Оросын “Газпром” НХН-ийн удирдлагатай хамтран цахим хурал хийж ажлынхаа явц, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тохиролцсоны дээр тодорхой баримт бичигт ч гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Л.Хангайтай ярилцлаа.

Монголд 10 гаруй жил ажиллаж, амьдарсан АНУ-ын иргэн Гаррет Вилсонтой сонирхолтой яриа өрнүүллээ. Тэрбээр “Хүний оюуны өндөр чадамж шаарддаг төрлөөр монголчууд дэлхийн бүх үндэстнүүдийн дээгүүр эрэмбэлэгддэг” гэлээ.

Тосонцэнгэл сум руу орох, гарах хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-нийг хүртэл хязгаарлалаа. Энэ талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяраас тодрууллаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АН орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж байна. Өнөөдөр АН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. Нийслэлийнн АН МАХН, ШИНЭ намтай хамтарч ажиллан, сонгуульд дэмжиж оролцохоор баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэл суманд “Тарваган тахлаар өвчилсөн иргэн нас бараагүй”

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал өвчнөөр өвчилсөн өвчтөн нас барсан” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа мэдээлэл өгчээ. Тэрбээр “Тарваган тахлын хоёрдогч уушгины хэлбэрээр өвчилсөн иргэн 38 настай эрэгтэй Б-ийн биеийн байдал маш хүнд байгаа нь үнэн. Нас барсан гэх мэдээлэл худал юм. Яг одоо шаардлагатай эмчилгээг хийж байна. Амьсгал, зүрх судас дэмжих эмчилгээ хийж, амьсгалын аппараттай байна.

Ойрын нэгдүгээр хавьтлын 25 иргэнээс тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Тиймээс баталгаатай, эх сурвалжаас мэдээлэл авахыг иргэдэд зөвлөж байна. Сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан мэдээллүүд цацагдаж буй нь сайшаалтай юм.

Олон нийтийг цочирдуулсан худал мэдээлэл цацаж буй нь зохимжгүй. Тиймээс аймаг, сумын Онцгой комисс, Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас албан ёсоор мэдээлэл өгсөн тохиолдолд тухайн мэдээллийг эх сурвалж болгож олон нийтэд үнэн бодит зөв мэдээлэл тараахыг хүсч байна” гэж мэдээлсэн байна.

Тосонцэнгэл сумын Засаг даргын А/174 дүгээр захирамжаар 2020 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 00.00 цагаас 11-ний өдрийн 23.59 цаг хүртэлх хугацаанд сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төвүүд, ресторан зоогийн газар, кафе, караокены ажлын цагийн хуваарийг хорио цээрийн дэглэмийн хугацаанд 10.00-18.00 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хоригложээ.

Сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны есдүгээр сарын 7-ноос 11-ний өдөр хүртэл түр хугацаагаар зогсоосон байна. Мөн сумын төвийн нутаг дэвсгэрээс иргэдийн орох, гарах хөдөлгөөнийг есдүгээр сарын 11-ний өдөр хүртэл зогсоожээ.

Улаанбаатараас Увс, Улиастай чиглэлийн гол зам дайран өнгөрдөг тул хорио цээрийн дэглэмийн үеэр дайран өнгөрч буй автомашиныг сумын төвөөр оруулахгүй, зогсоохгүйгээр шууд явуулж буй аж.

Categories
мэдээ нийгэм

Зарим гол, мөрний усны түвшин 25-45 см даван, хүчтэй үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-165 см даван үерийн түвшинд дөхөн үерлэж байна.

Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Балж, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 25-45 см даван хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж:

-Урьдчилан сэргийлэх цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар ээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх,

-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд тоглуулахгүй байх,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;

– Гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргээс Лаос улсын иргэний цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс үл таних эрэгтэй хүний цогцос олдсон нь Бүгд Найрамдах Лаос улсын иргэнийх байжээ.

Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Орон сууцны гадна үүргэвч үүрсэн настай эрэгтэй хүн хэвтэж байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж, амь хохирогч нь Бүгд Найрамдах Лаос Улсын иргэн 60 настай Phengsiaroune Sisounthone гэгч болохыг тогтоосон байна. Улмаар хэргийн газраас эд мөрийн баримтаар хар өнгийн үүргэвч хураан авч Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь зүрхний өвчний улмаас нас барсан байж болзошгүй байгаа аж. Тус иргэн нь манай улсад 34 жил амьдарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн замыг нээжээ

Баянзүрх дүүргийн 27-р хороо, хоёрдугаар хороо, “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлыг долдугаар сарын 27-нд эхлүүлж, замыг хаасан. Иргэдийн дунд багагүй шүүмжлэлийг дагуулсан тус замыг өчигдрөөс /2020.09.05/ нээсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын үүсгэдэг. Тийм учраас уг зам долоон шүүрт худагтай байсныг 21 болгосон байна.

Зам засварын ажлыг наймдугаар сард гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас замын ажил тодорхой хугацаагаар саатсан байна.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Дарь-Эхийн авто замын өнгө хучилтын ажил эхэллээ. Бид хучилтаа хийж дуусаад, замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийнэ. Наймдугаар сарын 27-нд замын хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч гурван өдөр дараалан бороо орсны улмаас чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийж байна. Өнөөдрийн хувьд 12 машинаар асфальт зөөвөрлөлт хийж, 60 орчим хүн ажиллаж байна. Хашлага дээр гурван бригад ажиллаж байна” гэсэн мэдээллийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн сурагчдыг хар тамхинаас сэргийлэх сургалтад хамруулна

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг хумих, урьдчилан сэргийлэх зорилгоор “Хасах-25” аян өрнүүлж буй юм. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас мансууруулах бодисын талаарх ойлголт, хэрэглээний тархалт тодруулах судалгаа авах юм байна.

Судалгаанд 10 000 орчим сурагч хамруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн НҮБ-аас гаргасан стандартын дагуу 211 сургуулийн 1079 бүлгийн 29 мянган сурагчид “Мансууруулах бодисын хор хөнөөл” сэдвээр сургалт явуулах ажээ. Нийт 91 мянга гаруй сурагчийн ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах юм байна. Мөн аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнуудад ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох юм байна.

Манай улсад хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон хүмүүсийн 88 хувь нь 35 насныхан бөгөөд түүний 5.7 хувь нь сурагч байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хар тамхи хэрэглэдгийг цагдаагийнхнаас сонсоод ихэд цочирддог ажээ. Тиймээс Хар тамхитай тэмцэх газрынхан мэргэшсэн сэтгэлзүйчтэй болж, эцэг эх болон сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өгч эхэлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Монголчуудын стратеги, менежмэнтийн ухааны нууцыг Америк,Оросын цэргийн академи судалж байна


“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Монголын компаниуд менежмэнтийн ухааныг зөв хэрэгжүүлж чадвал Америк, Европ, Хятадын том компаниудтай олон улсын тавцанд өрсөлдөх боломжтойг Чингис хаан, түүний баатруудын түүх харуулсаар байна гэсэн өөдрөг өгүүлбэр таны сая гаргасан “Менежмэнтийн психологи” номд байна лээ. Өнгөц сонссон хүнд бол өнөө л улиг болсон өнгөрснөө ярьж цээжээ дэлдэх нь үү гэсэн егөө төрж мэдэх л юм, тийм ээ?

-Магадгүй. Гэхдээ би“Нууц товчоо”, Чингис хаан гэж цээжээ дэлддэг төрлийн хүн биш гэж өөртөө найдаж байна (инээв).Хоосон түүхээр бахархаад хэрэггүй. Тэр түүх хэрхэн бүтсэн бэ гэдэг асуултыг өөртөө тавьж, тухайн түүхийг нөхцөлдүүлсэн хүчин зүйлийг нь судлах ёстой. Түүнээс биш дэлхийг Чингис, Жамуха хэн эзэлсэн нь сонин биш.Гол нь тэр амжилтад хүргэсэн хүчин зүйл л бүгдээс.Тэр нь менежмэнтийн ухаан, стратегийн ухаан.Хүн өөрөө психологийн ухаан.Би номондоо энэ гурвыг “уулзуулсан”.Чингис хаанд зэвсэг, цэрэг хэрэгтэй байгаагүй. Менежмэнтийн ухаан, стратегийн ухаан хэрэгтэй байсан.Өнгөрсөн түүхийн энэ үнэнийг эргэж санагалзахын хажуугаар дэлхийн орчин үеийн псхилогийн ололтыг шинжлэх ухааны үндэстэй шингээхийг зорьсон юм.

-Ингэхэд санхүүч хүн яагаад сэтгэл зүй сонирхох болсон юм бэ?

-Худалдаа хөгжлийн банкинд диллерээр ажиллаж эхэлснээс үүдэлтэй.Одоогоос бараг хорин жилийн өмнө.Бүр тодруулж хэлбэл, 2002 оноос.Диллерээр ажиллах явцад алтны ханш хэд болох, еврогийн ханш өсөх буурах эсэх, ам.долларын ханш цаашид яах вэ гэх мэт маш олон талтай зүйлийг судлах хэрэгтэй болдог.Ханшийг зөв таамаглаж чадвал ашиг хийх боломжтой.Ханшийг яаж зөв таамаглах вэ гэхээр мэдээж судалгаа хийж таарна. Онолууд баримтална. Би тухайн үед ажлаа яг таг нарийн тооцоо, судалгаа байхад л болчихдог, сэтгэл хөдлөлгүй машин мэтээр төсөөлсөн ч үгүй байсан л даа. Алтны ханш өсөх тусам эрэлт нь ихэсч байдаг.Гэтэл эдийн засгийн сонгодог онолоор бол аливаа юмны ханш нь өсөхөөр эрэлт нь буурдаг. Тэнд ажиллаж байхдаа ханш диллерүүдийн сэтгэл зүйгээс хамаардгийг ойлгосон. Хувьцааны ханш гэдэг бол санхүүгийн тайлангийн анализ гэхээс илүүтэй хөрөнгө оруулагчдын хүлээлт буюу сэтгэл зүйгээс хамаардгийг олж харсан.Ингээд сэтгэл зүйн ухааныг судалж эхэлсэн.Сэтгэл зүйн ухааныг гүнзгийрүүлж судлаад арав гаруй жил болчихож.

-Диллерээс менежмэнт рүү орж, ном бичих хүртлээ дурлаж судалсан нь мөн л сэтгэл зүйг сонирхох болсонтой чинь холбоотой юу?

-Худалдаа хөгжлийн банкинд ажиллах үетэй бас холбогдоно. 2003 онд Худалдаа хөгжлийн банкийг Америкийн компани хувьчилж авсан юм. Худалдаа хөгжлийн банкны менежмэнт дээр INGбанк орж ирж ажилласан. ING банкны тухайд банкны анхны менежмэнтийн өөрчлөлтийг хийсэн газар.Теллер суурьтай систем рүү анх шилжүүлж байлаа.Тэр үед анхны эрсдэлийн удирдлагын газар гэдгийг банкны салбарт байгуулахад би бүтэц өөрчлөх ажлын хэсгийн нарийн бичгээр ажилласан юм.ING банкны Худалдаа хөгжлийн банк руу нэвтрүүлсэн бүх өөрчлөлтийг орчуулах ажлыг давхар хийсэн.Диллер цаг наргүй ажилладаг стресстэй ажил учраас менежмэнт рүү орох ёстой юм байна гэсэн шийдвэрийг тэр үед гаргасан л даа.Ер нь сүүлийн арав гаруй жил менежмэнт, психологи гэсэн хоёр ухааныг уулзуулъя гэж бодоод явсан юм.Энэ хоёр ухааныг уулзуулж байж захирлууд байгууллагаа амжилттай авч явна, Ерөнхий сайд улсаа амжилттай удирдана.Би эдийн засаг санхүүгийн хүн учраас нэг сумаар хоёр биш хорь ч юм уу, болж өгвөл 2000 туулай буудах гэж оролддог.Тэр утгаараа энэ ном зөвхөн захирлуудад зориулагдаагүй. 21 настай залуу авч уншаад яаж гүйцэтгэх захирал болохоо хараасай гэж хүссэн. Хүүхэд хүмүүжүүлэх боловсролын агуулга ч бий.Ингээд харахаар хувь хүний хөгжлийн ном гэж хэлж болно.Бас философи ч байгаа.

-Менежмэнт, стратеги гэсэн сэдэв рүү гүнзгий орохоос өмнө асуух нэг асуулт байна. Чингисийн байлдан дагууллын гол хүч нь ерөөсөө л менежмэнт, стратегидаа байсан гэсэн үг үү?

-Шуудхан хэлэхэд тийм. Монгол үндэстэн дэлхийн геополитикийг 500 жил тодорхойлсон. Тэр утгаараа монгол үндэстэн бол малчин үндэстэн биш.Монгол хүн малчин хүн биш.Өв соёлоо судалж яваа түүхчид “Монгол хүн хэн бэ” гэсэн асуултад малчин гэж хариулах гэж байгаа бол туйлын буруу.Бид 1200-1600 он хүртэл дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлсон ард түмэн.Өнөөгийн Энэтхэгийг монголчууд байгуулсан.Монголчууд Энэтхэгийг нэгтгэхээс өмнө Энэтхэг маш олон салангид улс байсан.Хэрвээ монголчууд нэгтгэж өгөөгүй бол Энэтхэг гэж байхгүй, тэнд долоон мянган өөр улс орших байсан.Хятад ч ялгаагүй.Орос ч адилхан.Ингээд харахаар бид дэлхийн геополитикийг тодорхойлж байсан ард түмэн болохоос малчин ард түмэн биш байгаа биз.

-Өв соёл гэхээр малчин, нүүдэлчин гэсэн үг л шууд санаанд бууж байна…?

-Малчин гэдэг бол бидний амьдралын ахуйн хэлбэр. Бид өнөөдөр ном уншдаг уншигч болоод дөрвөн ханатай тасалгаанд сууж л байна.Хөдөө гараад мал маллачихна.Америкт очоод банкинд ч юм уу компанид ажиллаад амьдарчихаж чадна.Амьдрах аргаа үндэсний нэрийн хуудас гэж ойлгоно гэдэг бол яавч болохгүй зүйл.Үндэсний хүсэл эрмэлзэл гэдэг зүйлийг салгаж ойлгох ёстой.Хүн төрөлхтний стратеги, менежмэнтийн ухааны өв соёлд хамгийн том хувь нэмэр оруулсан ард түмэн бол монголчууд гэдгээ олж харах цаг нь болсон.Дэлхийн түүхэнд харагдаагүй, бичигдээгүй стратегийг хэрэгжүүлсэн ард түмэн бол монголчууд.Тоогоор цөөн, зэвсэглэлээр дутмаг, дайсны газар нутагт, дэлхийн хамгийн хүчтэй улс орнуудтай байлдаад дандаа ялдаг байсан уг шалтгаан нь ерөсөө л сая хэлсэн стратеги, менежмэнт.Өнөөдөр монголчуудын стратеги, менежмэнтийн ухааны нууцыг Америкийн цэргийн академи, Оросын цэргийн академи сонирхож байна.

-Монголчуудын найман зууны өмнөх стратеги, менежмэнтийн ухааныг жишээ нь Оросын цэргийн академи хэзээнээс сургалтын хөтөлбөртөө оруулсан байдаг вэ?

-Оросын цэргийн академи 1850 оноос хойш албан ёсны сургалтын хөтөлбөртөө оруулсан байдаг юм.

-Манай цэргийн чигийн сургуулийн хөтөлбөрт эртний монголчуудын менежмэнт, стратегийн ухаан багтсан байдаг уу?

-Харамсалтай нь байхгүй. Бид менежмент стратегийн ухааныг хүн төрөлхтөнд таниулсан ард түмний нэг мөртлөө өнөөдөр хамгийн менежмэнтгүй, туйлын стратегигүй ард түмэн болчихсон.Маш эмгэнэлтэй дүр зураг.Миний хувьд энэ номоо Монгол Улсын дахин сэргэн мандалтын түлээний мод болоосой гэж бодож, зорьж бичсэн. Түүнээс биш алдар нэр олох, гайхуулах зорилго хэтээсээ байгаагүй. Мөнгө олох хэрэгсэл бол бүр биш.

-Менежмэнт стратеги гэхээр маньд хамаагүй юм шиг хол сонсогдоод байдаг л даа. Яагаад компани, улс, гэр бүл, хувь хүн гээд бүгдэд хэрэгтэй вэ гэдэг асуултад энгийн, амьдралд нь ойрхон хариу сонсох сонирхолтой хүн олон байгаа байх?

-Яам, сургууль, эмнэлэг, төрийн байгууллага, холбоо, улс орон, дэлхий, хүн төрөлхтөн, ер нь бүх зүйлд менежмэнт хэрэгтэй. Одоогоос 60 мянган жилийн өмнө агуйд амьдарч байсан зэрлэг хүмүүсийг төсөөлье, хоёулаа. Хооллох хэрэгцээтэй үед нь арслан заан явж байвал яах вэ.Ганц нэгээрээ чулуугаар нүдээд тэр аварга амьтныг дийлэхгүй.Яаж тэр арслан зааныг агнах вэ гэдгээс менежмэнт гэдэг ухаан төрж байгаа юм.Арслан зааныг хэрхэн агнах вэ гэдгээс стратегийн ухаан гарч ирж байгаа юм.Ингээд харахаар менежмент, стратеги бол хүн төрөлхтний салшгүй, суурь ойлголт.Тэгэхээр менежмент, стратеги гэдэг компанийн захирал ч юм уу менежмэнтийн профессорын хийдэг ажил огт биш.Хүн байгаа цагт менежмэнт байна, менежмэнт байгаа цагт сайн стратеги гарч ирж байх ёстой.Хамгийн дотны ойлголт боловч өнөөдөр хамгийн хол ойлголт болчихсон нь үнэн л дээ. Сүүлийн 30 жилд Монгол улсын, монгол үндэстний зорилго юу юм бэ гэдгийг бид сонссонгүй. Зорилго бол менежмэнтийн ухагдахуун.Зорилгодоо яаж хүрэх вэ гэдэг нь стратеги.Стратеги маань ямар байхыг ч бид мэдэхгүй суугаа.Өөрөөр хэлбэл, улс орноороо зорилго чиглэлгүй болчихоод байна.Энэ маань эргээд компани, эмнэлэг, сургууль, төрийн байгууллага гээд бүгдэд нөлөөлж байна. Айл өрх, хувь хүнд ч нөлөөлж байна. Хувь хүн зорилготой байх ёстой.Тэр зорилгодоо хүрэх арга зам буюу, стратегитай байх хэрэгтэй.Компани, байгууллага, улс орон ч ижилхэн.Бидний барьдаг гар утас, өмсдөг хувцас, ярьдаг микрофон, суудаг сандал гээд бүгдийг хүн төрөлхтөн өгдөг, монгол үндэстэн хүн төрөлхтөнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй зөвхөн хэрэглэдэг байж болох уу гэдэг асуултыг өөрсдөдөө тавих ёстой.Энэ номыг бичих суурь хариуцлага эндээс ургасан.

-Хүн төрөлхтөн лидер хэрхэн бэлдэх вэ гэж ярьдаг хэрнээ дагагчдыг ярьдаггүй гэсэн өнцөг чинь сонирхолтой санагдсан…?

-“Дагагч ба лидер” бол номондоо хөндсөн дөрвөн сэдвийн нэг л дээ. Беркелейн их сургуулийн эрдэмтэдтэй ном хаялцсаны эцэст боломжийн сэдэв гэж бодоод сонгосон юм. Орчин үеийн баруун төвтэй соёлын хувьд хүн бүрийг лидер болгоё гэж байна.Харвардад лидерийн таван курс бий.Миний сурсан дэлхийд дөрөвт ордог том сургууль болох Калифорнийн Беркелей лидерийн дөрвөн курстэй.Дагагчийн нэг ч курс байхгүй.Дагагч байхгүй бол лидер хэн юм бэ гэсэн асуудал тавигдаж байна л даа.Дараагийн нэг чухал сэдэв бол сэтгэл зүйн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололтуудыг багтаасан “Төсөөлөл ба бодит байдал” гэсэн хэсэг.Толгойд орж ирсэн бодол болгоноо бид үнэн гэж боддог.Эндээс тэнэглэл эхэлдэг.Бидний толгойд орж ирсэн бодол бол зөвхөн бодит байдлын төсөөлөл тусгал.Товчхондоо лидер, дагагч, аав, ээж, ер хэн ч бай төсөөлөл нь буруу бол ямар ч олимпиадын аварга, Харвардын докторын зэрэг байгаад сүйрлээр дуусна гэдгийг орчин үеийн шинжлэх ухааны гол ололтууд дээр тулгуурлаж харуулахыг хичээлээ.

М.МӨНХСАЙХАН