Categories
мэдээ нийгэм

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛӨӨР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар тодрууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2015 онд батлагдсан уг хууль 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ хоёр жил зургаан сарын хугацаанд үргэлжилж байна. Өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны статистик мэдээллээр 5.2 сая зөрчил бүртгэж, шийдсэн байна. Иргэд Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгох, өөрчлөх тухай санал шүүмжлэл хэлдэг. Үүний шалтгаан нь 5.2 сая хүн гурван жил хүрэхгүй хугацаанд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээсэнтэй холбоотой.

Зөрчлийн тухай хууль нь Монгол Улсын нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулдаг 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг нь хүлээлгэдэг хууль юм. Зөрчлийн тухай хууль нь бие даасан хариуцлагын тухай хууль гэхээсээ илүү 280 гаруй хуулиар нийгмийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийн тодорхойлолтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хууль юм.

Иргэдийн нийт гаргасан зөрчлийн 96-97 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил эзэлдэг. Энэ нь насанд хүрсэн хүн бүр тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой.

Бидэнд Зөрчлийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага байна. Дараах зарчмын өөрчлөлтүүдийг Зөрчлийн тухай хуульд оруулахаар зорьж байна. Үүнд:

  • Өмнө нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан байсан, жижиг гэмт хэргүүд гэж томьёолж байгаа зөрчлүүдийг буцааж Эрүүгийн хууль руу шилжүүлэх. Өөрөөр хэлбэл жижиг, том хулгай гэж ялгах шаардлага байхгүй. Харин үүнийг шийтгэл оногдуулахдаа л ялгах ёстой. Гэмт хэргийн тоо маш их өсөх сөрөг талтай. Хоногт 200 гаруй зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгддэг ба зарим шөнө 10-15 гэмт хэргийн дуудлага ирдэг. Тэгэхээр зөрчлийн дуудлага мэдээлэл гэмт хэрэг гэж бүртгэгдэн тоо нь өснө гэсэн үг.
  • Зөрчлийн хууль бичигдэхэд 250 хуулийн хариуцлага гэдэг хэсгийг тастаж авсан нь буруу байсан. Энэ нь салбарынхаа хуульд үлдчихсэн. Тэгэхээр бид 2300 зөрчлийг дахин шинээр томьёолно. Зарим төрлийн зөрчлийг нэгтгэнэ, давхардлыг арилгана. Хэм хэмжээний бүрдлийг шийднэ

  • Туйлын тодорхой заалттай байна. Торгууль тодорхой байна гэсэн үг. Зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгууль ногдуулна. Торгууль нь дээд доод хязгаартай байх юм. Зарим төрлийн зөрчлүүдэд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага байна. Тухайлбал шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч тэр дор нь захирамж гаргаж баривчлах шаардлага оногдуулна. Энэ нь шүүхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдэл. Гэтэл 2017 оны нэмэлт өөрчлөлтийн үед танхимаас санал гаргаж баривчлах шийтгэлийг унагаасан. Өөрөөр хэлбэл зуун мянган төгрөг төлөөд шүүх хуралдааныг хэдэн ч удаа тасалдуулж болно гэсэн зүйл байгаа.
  • Торгуулийг хугацаанд нь буюу 7-10 хоногийн дотор төлсөн тохиолдолд шийтгэл, торгуулийг 50 хувиар бууруулна. Энэ нь бусад улс орнуудад байдаг эрхзүйн хөшүүрэг юм. Тухайлбал, ОХУ-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөд торгуулийн тасалбар хүлээж авсан хүн долоо хоногийн дотор төлбөл 50 хувь бага төлдөг хууль бий.
  • Зөрчлийн тухай хуульд орж буй хамгийн том өөрчлөлт бол дийлэнх зөрчилд сануулдаг үе шат орж ирж байна. Хүний амь, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахааргүй зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногт шаардлага өгч, сануулдаг байх юм. Заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол зөрчлийн харилцаа үүсэж, торгууль шийтгэлийг ногдуулна. Зарим төрлийн зөрчилд сануулах боломж байхгүй. Эдгээр нь замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой.

Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль нь Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль юм. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулна. Харин нийгэмд илүү аюултай хор хохирол учруулсныг Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Эдгээр хоёр хууль нь хоорондоо уялдаатай.

ЗӨРЧЛИЙН 88100 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖЭЭ

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцог 2017 оны долоодугаар сараас энэ оны эхний хагас жилийн байдлаар Прокурорын байгууллагаас хийж гүйцэтгэсэн ажлын талаар илтгэл тавилаа. Дээр дурдсан хугацаанд Монгол Улсын хэмжээнд 532 мянган зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, газар дээр нь хялбаршуулсан замаар хянан шийдвэрлэсэн таван сая 489 мянган шийдвэрлэлтэд прокурор хяналт тавьсан байна. Зөрчлийн 88100 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Прокурорын байгууллага батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр тусгай ангид заасан зөрчлүүдийг тодорхой болгож, иргэд, ААН хуулийг уншаад ойлгох, ямар нэг эргэлзээгүй байдлаар хуулийг дагаж мөрдөх боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн анх удаа буюу тодорхой төрлийн зөрчлүүд дээр зөрчлийн үр дагаврыг арилгах зөрчлийг засах бололцоог олгоно.

ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат “2018 онд 39 тэрбум гаруй төгрөгийн торгууль ногдуулж ажилласан байна. Гэтэл үүний 19 тэрбум орчим төгрөгийн торгууль одоог хүртэл төлөгдөөгүй байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагыг оновчтой тогтоогоод, хэрэгжүүлбэл иргэдийн зөрчлүүд багасна. Иргэд хуулийг торгох, шийтгэх гэсэн талаас нь хардаг. Харин тухайн хуулийг хэрэгжүүлснээр ямар эрхзүйн соёлыг үүсгэж, ирээдүйн үр хойчид журамтай нийгмийг үлдээхэд тустай вэ гэдгийг олж харах нь зүйтэй.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэгч 30 гаруй байгууллагын төлөөлөл, 150 гаруй хүн оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

ФАТФ-ын төлөөлөгчид Монголд иржээ

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахад бэлэн болсон эсэхийг нягтлах, газар дээрх хяналт шалгалтыг аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд хийх гэж байна.

Тэгвэл ФАТФ-ын төлөөлөгчид өнөөдөр /2020.09.29/ Улаанбаатар-Казакстан чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад ирсэн байна. Тус байгууллагаас манайд зургаан үүрэг даалгавар өгсөн бөгөөд Монгол Улсын гаргасан ахиц, дэвшлийг үнэлэх ажлыг газар дээр нь ирж шалгах юм.

Хяналт, шалгалтыг газар дээр нь хийсний дараа ФАТФ манай улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргахаа эцэслэн шийдвэрлэх юм.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Categories
мэдээ нийгэм

Ч.Хүрэлбаатар: “Мазаалай” бондыг хоёр дахин бага хүүтэй “Номад” бондоор сольж арилжлаа

Засгийн газрын шинэ бондын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Засгийн газар, Монголбанк хамтран 5.125%-ийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай $600 сая долларын өртөг бүхий “Номад” бондыг аравдугаар сарын 29-ний 04:00 цагт босгосноо өнөөдөр танилцууллаа.

2017 онд 10.0875%-ийн хүүтэй босгож байсан “Мазаалай” бондоос хоёр дахин бага хүүтэй энэхүү бондын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг 17%-ийн өсөлттэй байсан үетэй ижил үнээр COVID-19-тэй, эдийн засгийн өсөлт саарсан, төсвийн алдагдал өндөр байгаа энэ үед 600 сая ам.доллар босгож чадсанаараа онцлог. Энэ мөнгө Монгол Улсад орж ирэхгүй. 600 сая ам.долларын бондын мөнгөөр “Мазаалай” бондыг дахин санхүүжүүлэх бөгөөд “Чингис” бондын төлбөрийг хойшлуулж байгаа” хэмээн тэрбээр тайлбарлалаа.

“Чингис” бондын төлбөрийг хойшлуулж байгаа”

Ингэснээр хүүгийн зөрүүгээс 26.5 сая ам.доллар буюу 70 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх юм байна. “Монгол Улс жилд бондуудын зөвхөн хүүгийн төлбөрт 203 сая ам.доллар төлдөг бол “Номад” бондыг гаргаснаар жилд төлөх хүүгийн төлбөр 167.4 сая ам.доллар болж буурч байгаа” гэдгийг нэмж хэлэв.

Хоёрдугаарт, бондын тулсан төлбөрүүд байсныг тэрбээр тайлбарлав.

“Төлбөр төлөх хугацаа ойртсон үед бонд босгох гэвэл хүү өсдөг.

500 сая ам.долларын өр төлөх гээд бид улс орон даяараа хандив цуглуулахдаа тулж, цуглуулж ч байсан. Тиймээс эндээс сургамж аваад тодорхой цаг хугацааны өмнө бондыг арилцаалах ёстой юм байна гэж үзсэн тул энэ арилжааг хийсэн.

Ингээд 2021, 2022 онд “Мазаалай” бондын $500 сая, “Чингис” бондын $1 тэрбумыг төлбөр жилд 1.5 тэрбум долларыг төлөх ёстой байсан бол үүнийг $900 сая болгож бууруулж чадлаа.

ААН, бизнес эрхлэгчдийн дунд ирэх жил их хэмжээний долларын өр төлөх тул төгрөгийн ханш сулрах юм байна гэсэн хүлээлт үүсэж, энэ эргээд эдийн засагт сөргөөр нөлөөлөх байсан бол энэ хүлээлт алга болж байгаа. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид тайван байж болох боломжийг бид бүрдүүлж байна. Энэ бол Монгол Улсын төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Зээлийн хүүг буулгахад ч нөлөө үзүүлнэ” гэв.

Мөн энэ жил онлайнаар бонд босгож чадсан гэдгийг онцоллоо.

График. Монгол Улсын Засгийн газрын бондуудын хүү

Categories
мэдээ нийгэм

Таван хүүхэд угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

ЭМЯ-наас өнгөрсөн хоногт Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт ирсэн дуудлагын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, өнгөрсөн хоногт нийт 1693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1091 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Мөн ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5138 хүн үйлчлүүлсний 35 нь томуу, томуу төст өвчлөлөөр, 1546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 175 нь хөдөө орон нутгаас хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Харин эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарын утсанд 2708 иргэн хандаж, шаардлагатай үйлчилгээгээ авсан байна.

Түүнчлэн ЭХЭМҮТ-д есдүгээр сарын 28-ны өдөр нийт 38 хүүхэд шинээр мэндэлжээ.

Энэ өдөр нийт 265 мэс засал хийгдсэнээс яаралтай 73, төлөвлөгөөт 192 мэс засал байв. ГССҮТ-д 368 иргэн тусламж, үйлчилгээ авч үйлчлүүлсэн байна.

Мөн ЭХЭМҮТ-д угаарын дуудлагаар 5 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцжээ.

Categories
мэдээ нийгэм

ДЭМБ: КОРОНАВИРУСНИЙ ТҮРГЭН ОНОШЛУУРЫГ 133 ОРОНД НЭВТРҮҮЛНЭ

Коронавирусны халдварыг хэдхэн минутанд илрүүлэх оношлуурын хүртээмжийг бага, дунд орлоготой орнуудад нэмэгдүүлнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ.

Таван ам.долларын үнэтэй оношлуур нь эмнэлгийн ажилтнууд, лабораторийн дутагдалтай, орлого багатай орнуудад халдварын тархалтыг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой байна. Оношлуурын үйлдвэрлэгчидтэй байгуулсан гэрээний дагуу зургаан сар гаруйн хугацаанд 120 сая оношлуурыг түгээнэ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус энэ явдлыг чухал үйл хэрэг хэмээн тодорхойлжээ.

Шинжилгээ хийхээс хариу гарах хүртэл хугацаа урт байгаа нь халдварын тархалтыг хянахад олон оронд хүндрэл учруулж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Энэтхэг, Мексик зэрэг халдвар их тархсан орнуудад шинжилгээнд хамруулалтын түвшин бага байгаа тул халдварын тархалтын талаарх үнэн бодит мэдээлэл гарахгүй байгаа гэнэ.

“Шинэ, зөөвөрлөх хийгээд хэрэглэхэд хялбар оношлуур” нь одоогоор хэдэн цагаас хэдэн өдрийн хооронд гарч буй хариуг 15-20 минутын дотор гаргана гэж Т.Гебрейесус даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн аж. Түүний мэдээлснээр, “Abbott”, “SD Biosensor” эм үйлдвэрлэгч компани Билл, Мелинда Гейтсийн хандивын сантай 120 сая оношлуур үйлдвэрлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь халдвар хамгийн их тархсан Латин Америкийн орнууд тэргүүтэй 133 орныг хамарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хөнгөлөлтэй эмийн жор бичих эмч нарыг бүртгэж байна

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-д заасны дагуу төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувийн хэвшлийн клиник, ор бүхий эмнэлэг, мөн эмийн сангийн хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгааг авах болсон тул хавсралтад заасан хүснэгтийн дагуу судалгааг гаргаж, дараах цахим хаягаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор яаралтай ирүүлнэ үү.

  1. Сүхбаатар дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.sbne@gmail.com
  2. Баянзүрх дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.bzd@gmail.com
  3. Чингэлтэй дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.chd@gmail.com
  4. Баянгол дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.bgd@gmail.com
  5. Хан-уул дүүрэгт байрлах эмийн сангууд- nemg.hud@gmail.com
  6. Сонгинохайрхан дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.shne@gmail.com
  7. Багануур, Налайх, Багахангай дүүрэгт байрлах эмийн сангууд – nemg.als3 @gmail.com

Жич: Асууж тодруулах зүйл байвал 79970101 утсаар Эмнэлгийн тусламжийн хэлтэстэй холбогдоно уу гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бамбарын буухиаг гуравдугаар сарын 24-нд эхлүүлнэ

Токио-2020” олимпын наадмын бамбарын буухиаг гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужаас эхлүүлнэ гэж тус наадмыг зохион байгуулах хорооны вэб хуудсанд мэдээллээ. Цар тахлын улмаас хойшлуулсан бамбарын буухиаг “Токио-2020” эхлэх өдрийг нэг өдрөөр урагшлуулсантай холбогдуулан буухиалах өдрийг өмнө нь товлосноос нэг өдрийн өмнө эхлүүлнэ. Буухиа төлөвлөсний дагуу 121 хоног үргэлжилж, бамбарыг Японы бүх 47 аймгаар буухиалан авч явна.

Үүний зэрэгцээ Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн бамбарыг буухиалах хүмүүсийн араас дагаж явах машины тоог цөөлөх, муж болгонд зохион байгуулах холбогдох баяр ёслолын цар хүрээг багасгахаар төлөвлөжээ.

Японы нийслэл Токио хотноо энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зуны олимпын наадам болох ёстой байсан боловч цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг хойшлуулсан ч “Токио-2020” нэрийг нь хэвээр үлдээхээр болсон. Түүнчлэн паралимпийн бамбарын аялал ч үүнтэй ижил хугацаанд буюу 121 хоногт, Японы бүх аймгийг дайран өнгөрөх ажээ.

Олимпын бамбарыг одоо Токио дахь Олимпын музейд олон нийтэд үзүүлэхээр түр байрлуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 568 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 568 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэж ЭМЯ-наас өнөөдөр (2020.09.29) мэдээллээ.

Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан нийт 313 тохиолдлоос 305 нь эдгээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 291 нь ажиглалтаас гарсан бол гэрийн ажилаглалтад 4, хяналтад 10 хүн байна. Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол батлагдсан найман хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний хоёр нь биеийн байдал хүндэвтэр, зургаагийнх нь хөнгөн байгаа аж.

Өчигдөр (2020.09.28)-ийн байдлаар Эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор нийт 5138 хүн үйлчлүүлсэнээс 35 нь томуу, томуу төст өвчилжээ. Тэдгээр иргэдийн 1546 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд нийт 3164 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 175 нь хөдөө орон нутгаас иржээ.

Эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгаар нийт 907 хүн тусламж авсан бол 1800-0119 дугаарын утсанд 2708 иргэн хандсан байна. Түүнчлэн ЭХЭМҮТ-д өчигдөр 38 хүүхэд шинээр мэндэлжээ. Тус төвд таван хүүхэд угаарын дуудлагаар хүргэгдэн ирж, эмнэлгийн тусламж аваад буцсан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэтхэгт халдвар авсан хүний тоо зургаан сая давлаа

Энэтхэгт “COVID-19” халдвар авсан хүний тоо зургаан сая давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээллээ.

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 82170 тохиолдол шинээр илэрч, 1039 хүн нас баржээ. Ингэснээр халдвар авсан хүний тоо 6074702-т, халдвараар нас барсан хүний тоо 95542-т хүрчээ.

Энэтхэгт өнөөдрийн байдлаар халдвар авсан 5016520 хүн эдгэрсэн бол 962640 хүн эмчлүүлж байна. Энэтхэгийн Анагаахын шинжлэх ухааны судалгааны зөвлөлийн мэдээлснээр, ням гаргийн байдлаар орон даяар 71967230 хүнд шинжилгээ хийжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Чадраабал: УИХ, Засгийн газрын томчууд өөрсдөдөө зориулсан хууль баталж, цалингаа 4 сая 300 мянган төгрөг хүртэл нэмсэн байна

-УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ПРОТОКОЛ ХӨТЛӨГЧ ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААС ИЛҮҮ ЦАЛИНТАЙ БАЙХ НЬ ИНЭЭДТЭЙ БИЗ ДЭЭ-

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” өвчний мөр дээр энэ жил монголчууд хүнд ачаа үүрсэн. Энэ үед бүгдээрээ бүсээ чангалж, аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Гэтэл манай дээдсүүд өөрсдийнхөө цалин хангамжийг нэмж, эрх дархаа баталгаажуулсан байна. Энэ асуудлаар Монгол Улсын Гавьяат хуульч, “Шударга төрийн төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Чадраабал Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргажээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Төрийн албан хаагчдын цалин хөлс хэтэрхий ялгавартай болж шударга ёс алдагдаад байгаа талаар зарим хүмүүс ярих боллоо. Энэ асуудлаар та ч бас анхаарал тавьж Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Хоёулаа энэ сэдвээр ярилцъя.

-Би 2007 оноос хойш “Шударга төрийн төлөө” нэртэй төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байна. Тиймээс ч төрийн ажил албатай холбогдуулан гаргасан төр засгийн бодлого шийдвэртэй үргэлж танилцаж сэтгэлээ чилээж суудаг юм. 2020 оны УИХ-ын сонгуулиар шинээр бүрдсэн хууль тогтоох гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагынхан маань эрх мэдэлдээ хэтэрхий бярдаж төрд ажиллаж буй албан хаагчдаа алагчлан үзэж ялгаварлан гадуурхсан шийдвэр гаргасан тул би энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа.

-Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлынхаа талаар тодруулж ярихгүй юу?

-Төрийн албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон шийдвэрүүдээс нь харахад УИХ, Засгийн газар ажлын албадынхаа төрийн албан хаагчдын эрх ашгийг онцгойлон авч үзэж хэт өндөр цалин тогтоосон байна. Төрийн албанд шинэчлэл хийх шаардлагын хүрээнд 2017 онд УИХ-аас “Төрийн албаны тухай” хуулийг шинэчлэн батлаад 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс уг хууль мөрдөгдөж эхэлсэн юм. Энэ хүрээнд олон дүрэм журмууд шинэчлэгдсэний дотор цалин хөлстэй холбоотой асуудлууд ч багтсан байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар орсон зохицуулалтууд болон холбогдох дүрэм журмууд нь бүрэн хэрэгжиж хэвшээгүй байхад УИХ 2020 оны тавдугаар сарын 7-нд Төрийн албаны тухай хуульд дахин нэмэлт хийж зөвхөн (УИХ-ын дарга, дэд дарга, даргын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын ажилтнуудынхаа) цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр УИХ-ын Тамгын газрын хамгийн доод тушаалын албан хаагч болох ахлах зохион байгуулагч сард 2.256.000 төгрөгийн цалинтай. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга сард 4.351.000 төгрөгийн цалинтай байх бололтой. Энэ бол зөвхөн албан тушаалын сүлжээний цалин шүү дээ. Үүн дээр нэмээд Төрийн алба хаасан хугацаа, зэрэг дэв, доктор цолны нэмэгдлүүд гэж Төрийн захиргааны албан хаагчид олгогддог 70 гаруй хувийн нэмэгдэл байдаг юм. Гэтэл Төрийн Яамдын газрын дарга нар хамгийн дээд шатлалаараа гэхэд л 1.611.500 төгрөгийн цалинтай байна. Энэ хоёр албан тушаал ангилал зэрэглэлээрээ тэмээ, ямаа шиг ялгаатай мөртлөө цалингаараа тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа биз. Улсын Их Хурлын гишүүд, зөвлөх, дарга нарынхаа цалинг Яамны Төрийн Нарийн бичгийн даргын албан тушаалын хамгийн өндөр шатлалын цалингаас жишиглэн тогтоосноор Төрийн нарийн бичгийн даргын хамгийн өндөр цалин 1.232.536 төгрөг байдаг бол УИХ-ын даргын зөвлөхийн цалин 2.588.325 төгрөг, УИХ-ын даргын цалин 3.734.584 төгрөг байх бололтой. Дээр нь улс төрийн албан тушаалтнуудад олгодог онцгой нөхцөл болон доктор цолны нэмэгдлүүдийг оруулж тооцохоор тоо нь талийж өгнө дөө. Ер нь өнөөдөр хамгийн ашигтай бизнес бол улс төр болсныг батлах нэг баримт энэ мөн л дөө. Уг нь УИХ бол Улсын төсвийг батлах эрхтэй болохоос биш өөрсдөдөө өндөр цалин хангамж, төсөв зардал батлаад суух хүмүүс биш. Үүнийг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7-д зааснаас гадна Төсвийн тухай хуулиар тухайн салбарын төсвийг нь Төсвийн ерөнхийлөн захирагч (сайд, аймаг нийслэлийн Засаг дарга) нарын нэр дээр батлахаар зохицуулсан байдаг юм. Хачирхалтай нь манай УИХ намд авсан суудлын тоогоор болон бие төлөөлөгч, зөвлөх, туслахын зардал гэж төсөв хуваарилуулж аваад зогсохгүй гишүүдийн үйл ажиллагааны зардал гэж өөрсдөдөө хэд хэдэн тэрбумаар нь зардал баталж төрөөс төрсөн тэрбумтан болцгоодог жишиг тогтоосон л доо. Хэрэв өнгөрсөн онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зохицуулалт нь хэрэгждэгсэн бол энэ нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл мөн шүү дээ.

-Төрийн эрх барих дээд байгууллага болохын зэрэгцээ хууль батлах онцгой бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг юм бол энэ шийдвэрийг буруутгах ямар үндэслэл байгаа юм бэ ?

-УИХ-ын гишүүд ард түмний итгэлийг хүлээж тухайн албан тушаалд очсон, тодорхой хугацаанд тэр албыг хаших хүмүүс биз дээ. Тэгэхээр ард түмэн тэднийг өөрсдөдөө эрх дарх тогтоох бус, бидний төлөө зүтгээрэй гэж сонгосны гадна ямар үйл ажиллагаа явуулахыг нь хуульчлан тогтоосон байдаг. Ерөөс Монголын төр ард түмэнд үйлчлэхдээ ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл болон хуулийг дээдлэх нь үндсэн зарчим нь мөн гээд Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байдаг. Мөн хуулийн 70 дугаар зүйлд “хууль, зарлиг, төрийн байгууллага, албан тушаалтны бүх шийдвэр гагцхүү Үндсэн хуультай нийцсэн байх ёстой” гэж хуульчилж тогтоосон байдаг. Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд “…хэнийг ч үл ялгаварлан гадуурхаж болно гээд 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол….нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэдгийг заагаад өгчихсөн юм. Хууль батлах эрхтэй ч үйл ажиллагаагаа яаж явуулахыг нь ийнхүү хуульчилсан байхад хууль нэртэй шийдвэр л баталж байвал хамаагүй гэж үзэх аргагүй биш үү. Өнөөдөр Монголын төрд 190.000 гаруй албан хаагч ажилладаг гэх судалгаа бий. Хэрэв энэ хүмүүсийг нийтэд нь хамааруулаад цалин хангамжийг нь нэмэгдүүлсэн бол түмэн олон магнай хагартал баярлаж төр засгаа хүрээлнэ л дээ.

-Ер нь цалин хөлсийг ямар шалгуураар олгох ёстой юм бэ?

-Төрийн албаны тухай хууль 1995 оны зургадугаар сараас хойш мөрдөгдөж байгаа юм. Энэ хугацаанд дөрөв дэх удаагийнхаа өөрчлөлтийг хийж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлсэн. Энэ хуулийн зохицуулалтаар бол төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудыг тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэл гэж тав ангилаад ангилал тус бүрт хамаарах албан тушаалыг нь заачихсан байдаг. Жишээлбэл, Төрийн яамдад хамгийн доод буюу туслах түшмэлийн албан тушаалд зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтан хамаарч байгаа бол тэргүүн түшмэлийн буюу хамгийн дээд ангилалд нь Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтнууд багтдаг. Түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон УИХ-ын харьяа агентлагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын ангилал зэрэглэлийг тогтоохдоо “Төрийн албаны зөвлөл”-ийн саналыг үндэслэн УИХ шийдэх учиртай. Ийнхүү Төрийн захиргааны түшмэлийн таван ангилалд хамаарах албан тушаалыг тодорхойлж заасан УИХ болон Засгийн газрын шийдвэрүүд байдаг. УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлээр Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, шүүх, прокурор, УИХ-ын харьяа агентлагуудын албан тушаалтнуудыг ангилсан байгаа. Үүгээр бол УИХ-ын Тамгын газрын ахлах зохион байгуулагчийг бусад байгууллагын ахлах зохион байгуулагчтай адилтган дэс түшмэл ангилалд буюу АА11 (Ажлын албаны хамгийн бага албан тушаалтан)-ээр тогтоосон байсныг УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ахлах түшмэлийн буюу АА8 ангилал (бусад байгууллагуудын шинжээчийн ангилалд )-тай адилтган үзжээ. Ийнхүү УИХ бүх албан хаагчдынхаа албан тушаал цалин хөлсийг нэмэгдүүлсэн нь хууль тогтоох эрх мэдлээ ашиглан давуу эрх эдэлсэн хэрэг юм.

-УИХ-ын баталсан энэ хууль тогтоомжууд олон улсад мөрдөгддөг дүрэм журмуудтай зөрчилдөх тал байгаа юм уу ?

-“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” гэж 1948 онд батлагдаад уг тунхаг бичгийг хүлээн зөвшөөрсөн улс болгон дотоодынхоо хууль тогтоомжид агуулгыг нь суулгаж өгөх ёстой НҮБ-ын шийдвэр байдаг юм. Энэ тунхаглалд манай улс нэгдэж орсон учраас үзэл санааг нь дагах ёстой. Тэр тунхгийн 23 дугаар зүйлийн 2-т “Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй” гэж заасан байдаг юм. Энэ тунхгийн үзэл санааг дэлгэрүүлж Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас гаргасан 190 конвенц, 6 протокол, 206 зөвлөмж байдаг юм гэсэн. Үүнээс манай улс 20 конвенцыг нь соёрхон баталсан гэдэг байх шүү. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 4-т “Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн байдаг юм. Уг нь өмнөх “Төрийн албаны тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 4-т “Төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс олгоно” гэсэн зохицуулалт байсныг 2017 онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хасчихсан байна билээ. Би Үндсэн хуулийн Цэцэд хандахдаа энэ заалтыг сэргээх нь зүйтэй гэсэн шаардлага тавьсан. Ер нь аль ч албан тушаалыг хүлээх хариуцлага, үүрэх ачаа, хувь хүний мэдлэг чадвар, туршлага, үйл ажиллагааны цар хүрээ зэрэг шалгуураар нь ангилдаг болохоор Төрийн Яамны газрын даргаас УИХ-ын Тамгын газрын протокол хөтлөгч өндөр цалинтай байх нь инээдэмтэй биз дээ. Харин цалин хөлстэй холбоотой асуудлаар хариуцан ажиллаж судалгаа гарган төр засгийн шийдвэрт албан ёсны байр сууриа илэрхийлэх чиг үүрэгтэй байгууллага гэвэл Төрийн албаны зөвлөл, Хүний Эрхийн Үндэсний комисс, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам зэрэг байгууллагууд байх учиртай. Гэтэл Хүний Эрхийн Үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлийнхөн өөрсдөө шоовдорлогдож цалин хөлсөөрөө алагчлуулаад яваа байхгүй юу. Тэгээд ч өнөөдөр манай дээдсүүд өөдөөс нь дуугарсан л бол хүчээ үзүүлдэг болохоор хэцүү л дээ. Төрийн албаны тухай хуулиар бол төсөв хөрөнгө, цалин хөлстэй холбоотой төрийн шийдвэр гарахад Төрийн албаны зөвлөл гол үүрэгтэй байхаар зохицуулагдсан юм.

-Засгийн газар бас өөрсдийнхөө албан хаагчдын цалинг тусгайлан өндөр тогтоосон гэсэн?

-УИХ шийдвэр гаргахаас өмнө Засгийн газар ХЭГ(Хэрэг эрхлэх газар)-ынхаа албан хаагчдын цалинг нэмээд авсан байдаг юм. Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 75 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны зарим албан тушаалын цалингийн сүлжээ тогтоох тухай” гэсэн 3 хавсралт бүхий тогтоолын 1 дүгээр хавсралтад ажлын албаныхаа хүмүүсийн цалинг адил түвшингийн албан тушаалтнуудын цалингаас хэт өндөр тогтоосон байна. Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д зааснаар бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий Прокурор, Үндсэн хуулийн Цэц, Сонгуулийн Ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний Статистикийн хороо … зэрэг байгууллагуудын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал зэрэглэлийг УИХ тогтооно гэсэн зохицуулалтын хүрээнд эдгээр байгууллагуудад ажиллаж буй албан тушаалтнуудыг АА1-АА11 хүртэл шатлалаар ангилсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хамгийн доод албан тушаалтан АА(ажлын алба) 11 ангилалд багтдаг бол ажлын албаны дарга АА1 ангилалд хамаарч албан тушаал цалин хангамж нь ялгаатай байхаас гадна ижил ангиллын албан тушаал адил цалин авч байхаар зохицуулагдсан байдаг. Гэтэл дээрх 75 дугаар тогтоол 1 дүгээр хавсралтаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнууд бусад байгууллагын адил түвшний албан хаагчдаас 130-500 мянга гаруй төгрөгийн цалин илүү авч нэмэгдлүүдийг оруулаад тооцвол бүр ялгаа гарах боломжтой юм билээ.

-Төрийн ажил алба ч үнэхээр нарийн шалгуур зохион байгуулалттай бололтой. Тэгэхээр энэ тэгш бус байдлын ялгааг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар нь засч болдоггүй юм уу?

-Уг нь Үндсэн хуулийн 45 дугаар зүйлд “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол, захирамж гаргана. Хэрэв хуультай нийцээгүй байвал Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гэсэн байдаг юм. Гэтэл манай УИХ хууль тогтоомж зөрчиж байгааг нь зөвтгөж засахын оронд өөрсдөө олзуурхан шүүрч аваад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар цалин хөлсөө ахиулаад авлаа даа. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр замгүй.

-Үндсэн хуулийн Цэц энэ мэдээллийг нь шалгаад шударгаар шийдвэрлэж чадах болов уу. Ер нь яаж шалгах ёстой юм бэ?

-Уг нь Үндсэн хуулийн Цэц хуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж шударгаар шалгадаг байсан бол төрийн дээд байгууллагууд ийм хандлага, арга барилтай болох ёсгүй юм л даа. Тэгэхээр Цэц яаж шийдэхийг нь ард түмэн хараг ээ. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль гэж байдаг юм. Тэр хүрээндээ авч үзэх байлгүй. Би Цэцэд мэдээлэл бичихдээ холбогдох бүх хууль тогтоомжуудыг бүрдүүлж өгсөн. Бодит жишээ үзье гэвэл, Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын ажилтнуудын мөн Цэц, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Улсын Дээд Шүүх, Улсын Ерөнхий прокурор, Санхүүгийн Зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаныхан цалин нэмэгдлүүдийг УИХ, Засгийн газрынхны цалинтай харьцуулахад л хангалттай. Энэ албаны хүмүүс нэг л ангилал шалгуураар цалинжих ёстой. Сэтгүүлчид та нар төрийн албан хаагчдын авч буй цалин хангамжийг сонирхоод мэдээллийг нь ил тавиад үзэхэд гэмгүй дээ. Тэгвэл их юм ойлгоно. Харин байгууллагын нууц гээд үзүүлэхгүй байж магадгүй шүү. Тэд нарт ийм эрх байхгүй.

-УИХ, Засгийн газар гэдэг манай төр засгийн эрх барих дээд байгууллагууд яагаад албат иргэдээ алагчлан үзэж байна вэ. Та үүнийг яаж харж байна?

-Өөрсдийгөө хууль гээд бодчихоод бяр нь амтагдаад хуулиас дээгүүр гишгээд байгаа юм. Тэгсэн атлаа бид хуулийн засаглал дор амьдардаг гэж ярьцгаадаг чи бишгүй л сонсоо байлгүй. Гагцхүү өнөөдөр ч биш өмнөх бүх УИХ, Засгийн газрын үеүдэд ийм л байсан. Нарийн хэлбэл шударга ёс хууль хоёр нь зөрчилдөөд бараг гучаад жил өнгөрлөө. Би түрүүн хэлсэндээ энэ ардчилсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд шударга ёс хууль дээдлэх гэж. Энэ үүднээс шударга ёсондоо захирагдаж хууль нь гарах ёстой байтал шударга бус явдлыг нь хууль болгон баталчихаад өнөөхөөрөө түрий барьж өөрсдийгөө бурханчлуулан ард түмнээ басамжлан тохуурхаад байгаа юм. Бас дээр нь дээдсүүдэд тусалж, зөвлөж байгаа мэргэжилтнүүд нь мэдлэг чадваргүй хүмүүс, цүнх баригчид, албан тушаал худалдаж авсан хүмүүс зонхилсон учраас Төрийн бодлого шийдвэр алдаа ихтэй, шударга бус болоод байна. Магадгүй тэд дарга нартаа нөлөөлж ийм шийдвэр гаргуулж байгаа байж ч болзошгүй. Энд яригдаж буй сэдвийн хүрээнд ганц жишээ хэлэхэд л УИХ-ын тухай хуулийн 45 дугаар зүйлд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг төрийн захиргааны албан тушаалтан гэж тогтоосон атлаа сонгон шалгаруулалтгүйгээр томилно. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэхчлэн онцгойлон авч үзсэнээр барахгүй сайд дарга нараас өндөр цалин олгохоор тогтоосон байх юм. Мөн Засгийн газрын 2020 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Төрийн нарийн бичгийн даргын цалинг Яамны газрын даргын цалингаас 400.000 гаруй төгрөгөөр доогуур тогтоосон атлаа 75 дугаар тогтоолын 3 дахь заалтад ажлын үр дүнг нь харгалзаж улирал тутмын урамшуулал олгоно гэсэн байх юм. Гэтэл цалин, урамшуулал хоёр ялгаатай шүү дээ. Албан тушаалын цалинг сүлжээгээр тогтоож урамшууллыг ажлын үр дүнгээр олгодог болохоор (сайдын таалалд нийцээгүй) Төрийн нарийн бичгийн даргад энэ урамшуулал олдохгүй. Газрын даргаас бага цалинтай Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцоход хэцүүгээс гадна, дэвшин ажиллахад сөргөөр нөлөөлнө. Мөн энэ 75 дугаар тогтоолоор зөвхөн Төрийн төв байгууллагуудын албан хаагчдын цалинг нэмэгдүүлээд нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй хүмүүсийг орхигдуулсан нь ч алагчлан үзсэн асуудал юм. Эцэст нь хэлэхэд, төрийн бодлого шийдвэрийн нэг чухал агуулга бол дээдсийг хазаарлаж, доодсыг халамжилдаг байхад чиглэгдэх ёстой.