Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: 1159 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт 1159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ” гэлээ. Сайн дураар өгсөн 76 хүн болон санамсаргүй тохиолдлын гурван хүний шинжилгээнд мөн халдвар илрээгүй байна.

Мөн тэрээр “Манай улсад нийт батлагдсан тохиолдол болох 313 хүний 305 нь (97 хувь ) эдгэрсэн бөгөөд тэдгээрийн 8 нь сувиллын, 3 нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний тандалт бүрэн дуусжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 8 хүний 6-гийнх нь биеийн байдал хөнгөн, харин 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сайд Н.Энхтайван Унгар Улсын Сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийлээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой цахим уулзалт хийв. Уулзалтаар дээд, өндөр түвшний яриа, хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах нь Монгол, Унгарын харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтойг сайд нар онцлоод цар тахлын үед цахим уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр санал солилцох боломж тохиосонд баяртай буйгаа илэрхийлэв. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, Биокомбинатыг шинэчлэх төсөл амжилттай урагшилж байгааг сайд нар тэмдэглэв. Хөдөө аж ахуй, түүний дотор хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, усжуулалтын чиглэлээр дараагийн шатанд төслүүд хэрэгжүүлэхээр уулзалтын үеэр мөн тохирсон байна. Сайд Н.Энхтайван боловсролын салбар нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг болохыг онцлон, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцах манай оюутнуудыг хүлээн авсанд талархал илэрхийлэв. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж, холбогдох баримт бичгийг ойрын хугацаанд байгуулах сонирхолтой буйгаа унгарын тал нотлов. НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлэх асуудлыг сайд нар хөндөж ярилцлаа. Энэ жил Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

Categories
мэдээ нийгэм

Дональд Трамп, Жо Байден нар мэтгэлцэж байна

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас улиран нэр дэвшсэн Дональд Трамп болон Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден нарын анхны мэтгэлцээн одоо /2020.09.30/болж байна. Удаан хүлээгдсэн мэтгэлцээнд хоёр тал АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн томилгоо, коронавирусийн цар тахлын үе таарсан учир эрүүл мэндийн системээр мэтгэлцэж байна. Мэтгэлцээнийг АНУ-ын “Fox News” агентлагийн хөтлөгч Крис Уаллас хөтлөн явуулж байна. Нэр дэвшигчдийн мэтгэлцээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвараас зайлсхийсэн асуудал яригдаж эхлэхэд маргаан ширүүсчээ. “New York Times” сонинд мэдээлснээр Дональд Трамп сүүлийн 10 жилд татвараас тогтмол зайлсхийж, төлдөггүй байсан аж.

Жо Байден коронавирусийн цар тахалтай тэмцэхэд Дональд Трампын захиргааны менежментийг хурцааар шүүмжлэв. Тэрбээр “Бид дэлхийн хүн амын дөрвөн хувийг бүрдүүлдэг хэр нь нас баралтын 20 хувийг эзэлж байна” хэмээжээ. АНУ-д коронавирусийн халдвараар 205 мянга гаруй хүн нас барсан тухай Жон Хопкинс эмнэлгээс мэдээлжээ. Гэтэл дэлхий дахинаа халдвараар нийтдээ 1 сая 4 мянга гаруй хүн нас бараад байна.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэллээ

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.2 дахь хэсэгт сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулахаар заажээ. Үүнд:

сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;

сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

ухуулах байр ажиллуулах;

радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

цахим орчин ашиглах;

өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.

Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй бөгөөд ийм төрлийн зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС

47 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

47.1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;

47.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

47.1.3.сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

47.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

47.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

47.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

47.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.

47.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.

47.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

47.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

47.5.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

47.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх;

47.5.2.зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх;

47.5.3.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

47.5.4.энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

47.5.5.оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах;

47.5.6.олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.

47.6.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэний шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй.

47.7.Орон нутгийн Хурлын төлөөлөгч сонгуульд нэр дэвших бол энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тойргийн сонгогчдодоо ажлын тайлангаа танилцуулах зорилгоор хийсэн уулзалт, энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ болон тараасан тайлан нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй.

47.8.Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.

47.9.Дахин болон нэмэлт санал хураалт дуусах хүртэл хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглоно.

47.10.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.

47.11.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.

47.12.Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хуулийн 47.10-т заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ хуулийн 47.9, 47.10-т заасныг зөрчсөн тохиолдолд радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

47.13.Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 45.13, 47.1.7, 47.8-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

47.14.Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээг авч болно.

47.15.Энэ хуулийн 47.13-т заасан зөрчлийг шалгах хугацаанд шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад хүргүүлэх арга хэмжээг авч болно.

Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд хэсгээр аравдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
мэдээ нийгэм

“Эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөнд үзүүлэх асаргаа сувилгаа” сургалтыг БГД-тэй хамтран зохион байгууллаа

-ЭЦСИЙН ШАТАНДАА ОРСОН ХОРТХАВДАРТАЙ ӨВЧТӨНИЙ АР ГЭРИЙХЭНД ЗОРИЛУСАН СУРГАЛТ-

Монголын Үндэсний Их Сургууль болон БНСУ-ын Чусонь Их Сургуулиас хамтран хэрэгжүүлж буй “Тэргүүлэх Их Сургууль Бэлтгэх Олон Улсын Хамтын Ажиллагааны Төсөл”-ийн нэг хэсэг болох “Эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөнд үзүүлэх асаргаа сувилгаа” төсөл амжилттай хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд 2020 оны есдүгээр сарын 25~26-ны өдрүүдэд БГД-ийн 22 хороонд харъяалагддаг эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөний ар гэрийхэнд зориулан сургалт зохион байгууллаа. БГД-ийн 22 хороог дөрвөн бүсэд хувиарлан IV, VI, XII, XIX хорооны “Иргэний танхим”-д сургалтыг зохион байгуулсан бөгөөд 130 гаруй хүн оролцлоо.

“Хорт хавдартай өвчтөний өвдөлт ба асаргаа сувилгаа”, “Хорт хавдартай өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээ”, “Хорт хавдартай өвчтөн ба тэдний гэр бүлийн сэтгэлзүйн сувилгаа”, “Хорт хавдартай өвчтөний хооллолт ба эрүүл ахуй” гэх сэдвүүдээр сургалтыг явуулсан бөгөөд ХӨСҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Дуламсүрэн, МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн, ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Пүрэвдаваа, Үндэсний II төв эмнэлгийн Сувилахуйн албаны дарга Н.Эрхүү, Монголын Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б.Болорчимэг болон багш Э.Сувд-Эрдэнэ нар лекц уншлаа.

Уг сургалтаар дамжуулж хорт хавдартай өвчтөний ар гэрийхэн олон төрлийн мэдлэгтэй боллоо. Ялангуяа хорт хавдартай өвчтөнийг бодит байдал дээр хэрхэн асарч сувилах, хорт хавдартай өвчтөний стресс, хорт хавдартай өвчтөний ар гэрийхний сэтгэлзүйн ачааллыг хэрхэн багасгах тухай сурсандаа сэтгэл өндөр байна хэмээлээ. “Сургалтыг олон талаар харамжгүйгээр дэмжсэн төслийн дарга Ким Жинь Хый профессор болон төслийн багийханд баярлаж талархсанаа илэрхийлье” гэжээ.

БГД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга А.Одонтунгалагтуул нь “Манайх МҮИС-д хэрэгжиж буй сувилахуйн төсөлтэй хамтран 2 жилийн өмнө хүүхдийн амны хөндийн боловсрол олгох сургалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт сайн дурын үйл ажиллагаа явуулах зэргийг зохион байгуулж байсан. Өнөөдөр хорт хавдартай өвчтөний ар гэрийхэнд зориулсан сургалтыг хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалт минь маш чухал сургалт болох тул хорт хавдартай өвчтөний ар гэрийхэн маань маш хариуцлагатай байж, энэхүү семинараас олон зүйл сураасай гэж хүсэж байна” хэмээн сургалтын нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэн мэндчилгээ дэвшүүлсэн.

БГД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Энхмаа:

БГД нь уг төсөлтэй хамтран ажилласаар ирсэн. Өнгөрсөн жил БГД-ийн ӨЭМТ-ийн сувилагч нарт сургалт зохион байгуулсан. Мөн сувилахуйн мэргэжлийн сурах бичиг хэвлүүлэн “Номын нээлтийн ёслол” хийж БГД-ээс очиж оролцсон. Мөн энэ удаагийн арга хэмжээ болох “Эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөний ар гэрийхэнд зориулсан семинар” хоёр өдөр болж өнгөрлөө. Хавдраар өвчлөгчдийн тоо өсөж байгаа энэ үед үнэхээр хэрэгтэй бөгөөд олон хүнд үр өгөөжөө өгсөн сургалт боллоо. Сургалтыг явуулсан хүмүүс, төслийн багийханд баярлаж талархаж байна” гэлээ.

“Уг төсөл нь цаашид Монгол Улсын хэмжээнд хэрэглэгдэх сурах бичиг гаргах, багш нар болон оюутнуудыг хөгжүүлэх, Монголын Сувилахуйн салбарыг илүү хөгжүүлэхэд бид бүхэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн Монголын Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б.Болорчимэг ярьсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөд монголчуудыг кирилл бичигт шилжүүлье

Өмнөд монголчууд бичиг үсгийнхээ төлөө тэмцэж, зөрчил тэмцэл нь хурцдаад байна. Худам монгол бичгээ хамгаалах хөдөлгөөн урд хөршид өрнөж, эсэргүүцлээ хүчтэй илэрхийлсэн хэсэг нь эрхээ хасуулж, хоригдож, дэлхийн улс орнуудад амьдарч буй өмнөд монголчууд амьдардаг газрынхаа Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн лоозон барьж жагсаж юм юм л болж байна. Угсаа соёл нэгтэй бид ч энүүхэндээ дуугүй байхгүй, санаа зовцгоож сууна.Урд хөршийн засаг захиргааныхан бидний эндээ хийж буй тэмцлийг “Бидний дотоод хэрэг эдэнд ямар хамаа байна аа” хэмээн гайхсан өнгөөр шүүмжилж байна.

Уг нь монгол нь монголынхоо төлөө дуугарах тэгтлээ гайхах зүйл биш. Ингэлээ гээд Хятадын дотоод хэрэгт оролцоно гэж ч юу байхав. Энэ бол нэг үндэстний л өөр зуурын, зайлшгүй дуугарах ёстой асуудал. Харин ингэж бусдыг гайхшируулахад тултлаа холдсон нь л бидний том асуудал болчихож. Ингэж хэлүүлэхдээ тултлаа үндэстнийхээ нэг хэсгийг гаргуунд нь хаяжээ гэсэн бодол төрж байна. Тусгаар улс болохын тулд өмнөд Монголыг гаргуунд нь хаясан нь түүхийн гашуун үнэн мөн үү гэвэл мөн. 1915 оны гурван улсын гэрээгээр “Өөртөө эзэрхэх Гадаад Монгол”-ын хилийг зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараар заагласан түүхийг монгол хүн бүр мэднэ.Тэр цагаас хойш монголчууд ар, өвөр гэж тусгаар оршиход хүрсэн нь бодитой үнэн. Гэлээ гээд өмнөд монголчууд монгол биш болчихгүй. Бид нэг угсаатай, нэг үндэстэн.

Урд хөршид хэрэгжиж буй шинэ журмын дагуу өмнөд монгол хүүхдүүдэд заадаг гол гурван хичээлийг Хятадын албан ёсны хэл болох мандаринаар заахаар болоод буй. Өмнөд монголчуудын тэмцэл хурцдах үед Хятад улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь “Холбогдох бүх хууль тогтоомжийн хүрээнд Хятад улсын Засгийн газар монгол болон бусад үндэсний цөөнхийн өөрийн эх хэл бичгийг хэрэглэх, хөгжүүлэх эрх чөлөөг хангаж өгдөг. 2017 оноос орон даяар бүх дунд сургуулиудад уран зохиол, улс төр, түүхийн хичээлийг Үндэсний Сурах Бичгийн Хорооны мэргэжилтнүүдийн хятад хэл дээр боловсруулан гаргасан нэгдсэн сурах бичгээр зааж эхэлсэн.Энэ оноос Өмнөд Монгол зэрэг зургаан муж, өөртөө засах оронд эдгээр сурах бичгийг нэвтрүүлж байгаа. Нэгдсэн сурах бичгээр заах дээрх гурван хичээл нь үндэсний цөөнхийн хэл дээр заадаг бусад хичээлүүдэд нөлөөлөхгүй. Монгол хэл дээр заадаг хичээлүүдийн цаг, сурах бичиг хэвээр хадгалагдаж байгаа.

Одоогийн хос хэл дээр хэрэгждэг боловсролын системд өөрчлөлт орохгүй” гэсэн тайлбар өгч байв. Гол гэгдэж буй гурван хичээлийг монгол бичгээр заахаар хүүхдүүд үеийнхээ хятад хүүхдүүдээс хоцроод байна, хичээл, сурлагын хоцрогдол гараад байгаа учраас ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн гэх тайлбар дуулдаж буй. Үгүйсгэх аргагүй шалтгаан. Шинжлэх ухааны, цааш хөгжихөд нөлөөлөх голлох гурван хичээлийг анхнаас нь хятад хэлээр зааж байж өмнөд монгол хүүхдүүд үеийнхнээсээ хоцрохгүй хөгжинө гэсэн тайлбарыг шууд буруутгаж эсэргүүцэх аргагүй. Мандарин хэлээр зарим хичээлийг орохоос аргагүйд хүрсэн шалтгаан өмнөд монгол хүүхдүүдийн боловсролоос болсон гэх тайлбар оргүй биш ортой. Ний нуугүй хэлэхэд уйгаржин монгол бичгээр шинжлэх ухааны, гол хичээлүүдийг заах төвөгтэй. Худам монгол бичгийг бичиг, соёлын улс нь судалж, хөгжүүлээд явахад л болчихно. Манайд ч тийм байгаа. Монгол хэл бичиг, соёлын улс л үндэсний хэл бичгээ судалж, түгээж яваа.

Хятад хэл ч сурахад төвөгтэй, хэрэглэхэд хэцүү хэлний нэг. Жирийн дундаж хятад хүн бүх ханзаа сурч амждаггүй, хэлээ төгс эзэмшсэн хятад хүн ховор гэдэг.Солонгос, япон шиг ханзаа орчин үежүүлж хялбаршуулсан бол яахав гэхсэн. Тийм биш болохоор заавал мандарин хэлэнд төгс нэвтрэх ёстой гэж хүчилж шахах ч шаардлагагүй. Хэл хэрэглээ гэсэн талаасаа бол ингэж харагдаж байна.

Тэгэхээр өмнөд монголчуудаа кирилл үсэгтэй болгоё. Ингэж байж нэг соёлтой монголчууд нийлж ойртоно. Нэг угсаатай монголчууд нэгдэж нягтарна. Бүр тодруулж хэлбэл ар, өмнөдийн хоёр Монгол нэг бичигтэй болъё. Тэр бичиг нь кирилл байя. Өмнөд монголчуудын хүүхдүүдээ сургуульд явуулахгүй гэсэн тэмцлийг харахаар өнгөрсөн зууны эхээр “Лам багш буруу номтны сургуульд битгий явуул гэсэн” гээд хүүхдээ сургуульд явуулахгүй гэж тэмцэлдэж явсан монголчуудын маань гөжүүдлэл л санаанд буугаад байх юм. Гөжүүдлэл гэдэг хэтэрхий зөөлрүүлсэн тодотгол л доо. Хатуухан хэлэхэд тухайн үеийн тэр үйлдлийг өнөөгийн өндөрлөгөөс харвал тэнэглэл гэсэн үг л утга дүйнэ. Тэгэхээр байна аа, өмнөд монголчууд минь та нарын энэ тэмцэл бүдүүлэгдүү харагдаад байна.

Ар, өврөөр зааглагдсан нэг үндэстэн хэл, соёлоороо холдсон нь гашуун ч гэлээ үнэн, нэг нь нөгөөгийнхөө төлөө зовоход харь үндэстэн гайхаж шогшрох дээрээ тултал холдсон нь булзах аргагүй бодит байдал.Нэг л үндэстэн юм чинь бүгдээрээ ойлголцох нэг бичигтэй больё. Өмнөдмонголчууд ч тэндээ шаардлагаа тавих хэрэгтэй. Хятадын төрд ар монголчуудтайгаа адил кирилл бичигтэй болъё гэсэн шаардлагыг албан ёсоор тавимаар байна. Бид ч эндээс нь төр засгийн түвшинд хэлж уламжлаад явах учиртай. Дахиад хэлэхэд ингэж нэг бичигтэй болж байж бид соёлоороо нэгдэнэ.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхсайхан: Ерөнхийлөгчийн институцийн зүгээс тодорхой хэрэг, маргаанд зүй бусаар нөлөөлөх бодит эрсдэл байгааг хуулиар хаах хэрэгтэй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Ойрд ямар сэдвээр судалгаа хийж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хичээлээ заахын зэрэгцээ судалгаа хийж, түүнийхээ үр дүнгээр хууль зүйн салбарын асуудал шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахыг хичээдэг. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 40 гаран хууль шинэчлэгдэж батлагдана. Эдгээр шинэ хуулиас өөрийн судалдаг чиглэлийн хуулиа хэрхэн гарах хэрэгтэй талаар судалж байна. Жишээлбэл, МУИС-ийн хуульд “Шүүхийн эрх зүй” гэж хичээл зааж энэ чиглэлээр 4 ном дангаар болон хамтран хэвлүүлсэн судлаачийн хувьд шүүхийн тухай хуулийн шинэчлэлд анхаарч байна. ХЗДХЯ-аас Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулж эхний хувилбараа 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр вэб сайтдаа тавьсан тул энэ төслийг бүтэн сар орчим судлаад дэлгэрэнгүй саналаа хүргүүлснээс заримыг нь Ажлын хэсэг төсөлдөө тусгасанд талархаж байгаа. Энэ саналаа 200-аад хуудастай цахим ном болгон Нээлттэй нийгэм форумын вэбсайтад хэвлүүлсэн. Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн төслийг эцэслээд 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд УИХ-д өргөн барьсан. Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн болон Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай хуулийн гэх хоёр төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд өргөн барьсан. Ерөнхийлөгчийн зүгээс энэ төслөө нийтэд хангалттай хугацаанд танилцуулж санал аваагүйгээс өргөн барихаас нь өмнө саналаа хүргүүлэх боломж олдоогүй. Иймээс, зуны амралтын дараа судалгаа хийж Засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслүүдийн заалтуудаас аль нь сайн, аль нь засаж залруулах, хасах, өөрчлөх хэрэгтэй вэ гэдийг санал болгож, үндэслэлээ бичиж дуусаад байна. Энэхүү хоёрдахь удаагийн дэлгэрэнгүй санал маань Стратеги академийн сэтгүүлд 90 хуудас болж хэвлэгдсэн. Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх саналаа боловсруулахдаа уг төсөл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн эсэх, манайд шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагатай холбоотой асуудлыг зохистой шийдсэн эсэх, олон улсын сайн туршлагыг Монголын онцлогт тохируулан харгалзсан эсэхийг судалсан.

-Таны саналаа өгсөн Шүүхийн тухай хуулийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Сүүлийн жилүүдэд Шүүхтэй холбоотой маргаан их гарч байна. Аливаа нэг хэрэг маргаан шударга бусын хонгилоор орж, хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэх болсон. Шүүх бие даасан, шүүгч бүр өөрийн гэсэн толгойтой байж, улс төрөөс хараат бус ажиллахад ямар зохицуулалтыг тусгах ёстой юм бэ?

-Ихээхэн мөнгөн дүнтэй эсвэл улс төрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд зөвхөн хууль, нотлох баримтаар биш, харин улс төрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа гэж ойлгодог.

Энэ утгаар үнэхээр ийм эрсдэл байгаа. Зарим тодорхой хэргийг шийдэж байгаа байдал, тэр шийдвэр гаргаж байгаа цаг момент зэргээс ийм эрсдэл байна гэж хардах хүмүүс байна. Үүнээс гадна олон улсын судалгаанаас иймэрхүү дүр зураг ч харагддаг. Жишээлбэл, Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн хүрээнд 140 гаруй улс дахь шүүхийн хараат бус байдлыг үнэлж жил бүр эрэмбэлдэг. Манай Улсын хувьд 2011 онд 2.6 үнэлгээ авч 122-т жагсаж байсан ч уг үнэлгээ баг багаар нэмэгдэж 2016 онд гэхэд 3.2 үнэлгээ авч 100-д жагссан. Гэвч, 2017 ондоо 3 үнэлгээ авч 110-т, 2018 онд 2.8 үнэлгээ авч 113-т, 2019 онд 2.6 үнэлгээ авч 120-т жагсаж буурч байна. Шүүхийн хараат бус байдлын энэ судалгааг бизнес эрхэлж байгаа хүмүүсээс авч дүгнэдэг. Тэгэхээр бизнес эрхлэгчид өөрсөдтэй нь холбоотой маргаан шударгаар шийдэгдэж байгаа дээр тун хангалтгүй байна.

2012 оны Шүүхийн багц хуулиар шүүхийг дагнаж байгуулсан, ШЕЗ-ийг Дээд шүүхээс тусад нь байгуулж, түүний бүрэлдэхүүнийг орон тооны болгосон, шүүхийн эдийн засгийн баталгааны заалтыг хуульчилсан зэрэг ахицтай зүйлс хийгдсэн. Гэхдээ тэр үеийн шинэчлэл амлаж байсан улс төрийн амлалтдаа хүрч чадаагүй. Нэгд, Шүүхийн тухай багц хуулийг батлах явцад Ерөнхийлөгч дээр хэт төвлөрсөн эрх мэдлийг задлах бус, харин ч ШЕЗ-ийн дарга, гишүүнийг батлах бүрэн эрхийг өгөх зэргээр илүү төвлөрүүлчихсэн. Хоёрт, 2014, 2015 онд шүүхийг шинэчлэн зохион байгуулахтай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг чөлөөлчихөөд буцаан томилохдоо 13 шүүгчийг томилолгүй үлдээчихсэн, маш олон шүүгчийг өөрсдөөс нь санал авахгүй өөр тийшээ шилжүүлэн томилсон нь шүүгчийн хараат бус байдлын ноцтой зөрчил болсон ч өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэгдэж чадаагүй байна. Гуравт, Шүүхийн тухай багц хуулийн амин сүнс болсон заалтууд нэг нэгээрээ Цэц дээр болон УИХ дээр хүчингүй болсон. Цэцийн шийдвэрийн зарим нь Үндсэн хуулийг эргэлзээтэй байдлаар тайлбарласнаас гарсан, харин УИХ бол бодлогын хувьд ухралт хийсэн. Жишээлбэл, шүүхийн үйл ажиллагааны төсвийг болон шүүгчийн цалин хөлсийн хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахыг хориглосон заалтыг 2015 онд УИХ хүчингүй болгосон. Дөрөвт, зарим талаар шүүхийн шинэтгэлийн амин сүнсийг ойлгож хэрэгжүүлэх эсэхэд эргэлзээтэй хүмүүсийг томилсон. Жишээлбэл, гэмт хэрэг мөрдөн шалгах явцад хяналт тавьдаг УЕП-оор нэгэн улстөрчийг томилсон, дараа нь цагдааг томилж, прокурорыг цагдаажуулсан. Цэцийн гишүүнээр хууль зүйн дээд боловсролгүй хүнийг нэр дэвшүүлж томилуулсан. Энэ мэтээс болж 2012 оны шүүхийн шинэчлэл хүлээгдэж байсан үр дүнгээ өгөөгүй.

-Шударга бусын хонгил гэх зүйл юунаас болж үүсчихэв?

-1992 оны Үндсэн хуулийн 33.4-д Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно гэж заасан байсан. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багшийн “Төр ба эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал” номонд бичсэнээр энэ заалт нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнд түүнийг нарийвчлан журамласан тодорхой бүрэн эрхийг л хуульд заах үзэл баримтлалтай. Гэтэл өнгөрсөн хугацаанд Үндсэн хуулийн 33.4 энэ үзэл баримтлалаараа хэрэгжээгүй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг Үндсэн хуулиар ерөнхийлөгчид олгосон. Үүнээс гадуур Үндсэн хуульд үндсэн бүрэн эрх болгож болгож зааж өгөөгүй маш олон үндсэн гэж хэлж болохоор бүрэн эрхийг хуулиар нэмээд өгч ирсэн. Тухайлбал, 1993 онд шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь өнөөдөр хүртэл хэрэгжиж байгаа. Ийм бүрэн эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар огт олгогдоогүй. 2002 оноос хойш сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. Энэ мөн Үндсэн хуульд заагаагүй хэрнээ өнөөдрийг хүртэл дараагийн хуульд нь суугаад хэрэгжээд явж байгаа. 2006 онд АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн нь мөн л Үндсэн хуульд буй хүрээнээс хальсан явдал. 2012 онд ШЕЗ-ийн дарга, гишүүдийг бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болсон. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч шүүгчдийг томилоод зогсохгүй тэдгээрийг хуульчдаас шилж олох чиг үүрэгтэй ШЕЗ-ийг томилдог болсон нь шүүгчийн томилгоонд түүний зүгээс хэт нөлөөтэй болсон. 2019 онд ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал ямар ч үндэслэл дурдахгүйгээр шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах бүрэн эрхийг өгөөд байгаа. Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг ч ямар ч үндэслэл дурдахгүйгээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр дуусгавар болгодог болсон. ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлдэг, Ажлын албыг нь томилж удирддаг. Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхэд хамаарахгүй маш олон ийм бүрэн эрхийг хэтрүүлж өгснөөс болж Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн. Жишээлбэл, авлигын гэмт хэргийг шалгах үүрэгтэй АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг, тэр гэмт хэргийг шалгаж байгаа процесс хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч томилж байна. Дээрээс нь тэр маргааныг шийддэг шүүгч, ерөнхий шүүгчдийг томилох, хариуцлага тооцоход Ерөнхийлөгч маш нөлөөтэй. Энэ нөхцөлд олон нийтийн хардаж хэлээд байгаа шиг тодорхой хэрэг, маргаанд Ерөнхийлөгчийн институцийн зүгээс зүй бусаар нөлөөлөх бодитой эрсдэл бий. Эрх мэдэл ингэж хэт төвлөрсөн байгаа нь шударга бусын хонгил гэх эрсдэлийг үүсгэж, Үндсэн хууль зөрчдөг. Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгчид ийм олон бүрэн эрх өгдөггүй.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн шүүхтэй холбоотой бүрэн эрхэд нэлээд өөрчлөлт орсон гэж ойлгодог.

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуульд заасан 33.4 дэх заалтын уг үзэл баримтлалыг тодотгож “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан. 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын хоёрдугаар тогтоолд Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй бүрэн эрхийг өгч болохгүй гэж илүү бататгаад орчихсон. Энэ бол хонгилыг нураах гол түлхүүрүүдийн нэг.

-Одоо өргөн барьсан шүүхийн тухай хуулийн төслүүдэд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэрхэн тусгагдсан бэ?

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн хувьд Үндсэн хуулийн 33.4-т заасан Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнээс хальсан бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн заалт маш олон байна. Жишээлбэл, Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заажээ. Засгийн газрын төсөлд ингэж олгоогүй, харин тухайн шүүх бүрийн шүүгчид нь дотроосоо ерөнхий шүүгчээ сонгоно гэж орсон нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон олон улсын сайн туршлагад нийцсэн заалт. Манай улсад ерөнхий шүүгчид хуулиар маш их эрх мэдэл өгсөн нь өөрөө шударга бусын хонгил гэж хэлээд байгаа эрсдэлийг үүсгэх өөр нэг шалтгаан нь. 2012 оны Шүүхийн тухай хууль төдийгүй одоо өргөн барьсан төслүүдээр ч тэр ерөнхий шүүгч хүссэн хуралдаанаа даргалах боломжтой зохицуулалт байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталдаг, шүүх бүрэлдэхүүнийг томилоход нөлөөтэй. Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгч маргааны харьяалал шийдвэрлэх, давж заалдах шатны ерөнхий шүүгч танхим харгалзахгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох гэх мэт заалтууд хэвээр байна. Шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх ийм давуу эрхийг Ерөнхий шүүгч эдэлж болохгүй. Ерөнхий шүүгчийн давуу эрхүүдийг бүгдийг нь хасах ёстой. Үндсэн хууль шүүгчийн хараат бус байдлын үзэл баримтлалаар ерөнхий шүүгч гэдэг бол шүүн таслах ажил дээр бусад шүүгчтэй яг адилхан эрх мэдэлтэй байх ёстой. Ийм хэт эрх мэдэлтэй ерөнхий шүүгчийг бүгдийг нь дахиад Ерөнхийлөгч томилдог болох юм бол энэ томилгоогоороо дамжуулан шүүхийн тодорхой шийдвэрт нөлөөлөх эрсдэл арилахгүй. Үүний оронд тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээс сонгодог байх ёстой. Ингэхээр шүүгчдэд нэг субьектээс нөлөөлөх боломж нь багасчихаж байгаа юм.

-Үндсэн хуулийн 33.4-т заасныг зөрчиж Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнээс хальсан бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгсөн өөр заалт байна уу?

-Ерөнхийлөгчийн төсөлд шүүгчийг чөлөөлөх, огцруулах эрхийг Ерөнхийлөгчид олгосон байна. Үндсэн хуулиар энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгөөгүй. Засгийн газрын төсөлд ямар нэгэн албан тушаалтан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд оролцохгүй байхаар сайн зохицуулалт Засгийн газрын төсөлд тусгасан байна.

Тодруулбал, ШЕЗ болон Сахилгын хорооны орон тооны гишүүнээр сонгогдсоноор шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэнд тооцогдох бөгөөд дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрх нь сэргэнэ гэжээ. Мөн, Засгийн газрын төсөлд “ШЕЗ шүүгчийг сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үндэслэлээр түдгэлзүүлэх,” уул “үндэслэл арилсан бол бүрэн эрхийг сэргээнэ” гэсэн байна. Үүнтэй адилхан өөрийнх нь буруутай холбоогүй үндэслэлээр, тухайлбал чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, шилжсэн, томилогдсон, сонгогдсон бол шүүгчийг чөлөөлөх асуудлыг ШЕЗ шийдэхээр хуульчлах нь шүүгчийн хараат бус байдалд илүү нийцнэ. Учир нь, ШЕЗ шүүгчдээсээ сонгогдсон тав, бусад нээлттэйгээр нэр дэвшүүлж томилогдсон тав, даргаа дотроосоо сонгосон тал талын төлөөлөлтэй төдийгүй ШЕЗ-ийн шийдвэр нь захиргааны шүүхийн хяналтад байдаг. Түүнчлэн, Засгийн газар, Ерөнхийлөгчийн төслийн аль алинд нь Үндсэн хуулийн 33.4-ийг ноцтой зөрчиж байгаа нийтлэг нэг зүйл байна. Энэ нь ШЕЗ-ийн нэг гишүүнийг, Шүүхийн сахилгын хорооны гурван гишүүнийг Ерөнхийлөгч санал болгохоор Ерөнхийлөгчийн төсөлд биччихсэн. Засгийн газрын төсөлд ШЕЗ-ийн гишүүний нэг, шүүхийн сахилгын хорооны нэг гишүүнийг тус тус Ерөнхийлөгч томилохоор биччихсэн. Энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгчид өгч болохгүй. Ингэж хэлэхээр зарим нэг шүүмжлэл гарч буй нь үндэслэлгүй.

-Тухайлбал ямар шүүмжлэл гарч байна вэ?

-Нэгд, Ерөнхийлөгчийн оролцоог бүрмөсөн алга болгох гээд байна гэж байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд гурван үндсэн бүрэн эрх эдлэхийг Үндсэн хуульд маш тодорхой заасан, түүнийгээ л хэрэгжүүлнэ. Тодруулбал, Дээд шүүхийн санал болгосноор түүний ерөнхий шүүгчийг, УИХ-тай зөвшилцөж Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг тус тус томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх нь хэвээрээ байгаа. Мөн, шүүхийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг томилж оролцож байгаа нь ч өөрчлөгдөөгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн оролцоог огт байхгүй болгож байна гэх нь утгагүй. Хоёрт, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох бүрэн эрхийг Ерөнхийлөгч эдлэх ёстой, энэ нь Үндсэн хуулийн шүүгчийг томилох 51 дүгээр зүйлд заасан бүрэн эрх дотроос урган гарч байгаа юм гэж хэлээд байгаа юм. Ийм зүйл бол огт байхгүй. Үндсэн хуулийн 51-т ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасан бөгөөд ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилно гэх зүйл Үндсэн хуулийн аль ч заалтад байхгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн асуудал биш. Хуульчдаас шүүгчийг шилж олох ШЕЗ-ийг Ерөнхийлөгч өөрөө байгуулалцаад, түүнээс санал болгосон хүнийг Ерөнхийлөгч өөрөө шүүгчээр томилно гэдэг бол уг томилгоог Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай болгоно. Ийм байх байсан бол Үндсэн хуулиар ШЕЗ-ийг тусгайлан байгуулахгүй байсан төдийгүй энэ нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй илт зөрчилдөнө.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэх бэ?

-ШЕЗ болон Сахилгын хорооны бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ерөөс оролцож болохгүй гэх үзэл баримтлалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Үндсэн бүрэн эрхээс нь гадуур эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгч болохгүй гэж Үндсэн хуулийн 33.4-т тодруулан шинээр заасан гэж түрүүн тайлбарласан. Үүнээс гадна 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 49.5-т ШЕЗ-ийн таван гишүүнийг шүүгч дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилох бөгөөд тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар нэг удаа ажиллана, даргаа дотроосоо сонгоно гэж заасан. Шүүгч нь давамгайлаад ирэхээр явцуу ашиг сонирхлыг илүү баримтлаад хариуцлагыг нь сулруулах эрсдэлтэй. Шүүгчийг нь цөөлчих юм бол шүүгчийн хараат бус байдал руу халдах магадлалтай. Тиймээс шүүгч болон шүүгч бус гишүүнийг тэнцүү байхаар Үндсэн хуульд заасан нь хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг олж байгаа юм. Даргаа дотроосоо сонгож байгаа нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай.

-УИХ-д өргөн баригдсан төслүүдэд ШЕЗ-ийг хэрхэн бүрдүүлэхээр тусгасан байна вэ?

-ШЕЗ-ийн шүүгч болон шүүгч биш гишүүдийг бүрдүүлэх талаарх төслийн заалтууд Үндсэн хуульд нийцсэн эсэхийг тус тусад нь ярья. ШЕЗ-ийн шүүгч гишүүнийг сонгоход баримтлах гурван шаардлага Үндсэн хуулийн 49.5-д агуулагддаг. Нэгд, ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг Монгол Улсын шүүхийн нийт шүүгчдийг багтаасан бүрэлдэхүүнээс шүүгч гишүүнийг сонгох агуулгатай бөгөөд ингэхдээ шүүгчид биечлэн, цахимаар, шуудангаар гэх мэт аргаар саналаа өгөх боломжтой. Ийм агуулга Ерөнхийлөгчийн төсөлд туссан ч Засгийн газрын төслөөр Дээд шүүхийн шүүгчид дээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонхыг багтаасан Шүүгчдийн зөвлөл ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг сонгохоор заасан нь шүүгчдийг ялгаварлан гадуурхаад зогсохгүй Үндсэн хуулийн 49.5-ийг зөрчдөг.

Монгол Улсын бүх шүүгч ШЕЗ-ийн гишүүнийг сонгоход оролцох ёстой. Хоёрт, Үндсэн хуулийн 49.5-д зааснаар шүүгчид ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг УИХ зэрэг аливаа этгээдэд санал болгох бус, харин дотроосоо шууд сонгох ёстой. Энэ шаардлагыг Засгийн газар төсөл хангаж байна. Гэтэл, Ерөнхийлөгчийн төслөөр шүүгчид өөрсдөө ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг шууд сонгохгүй, харин УИХ-д санал болгож томилуулна гээд оруулчихсан. Гуравт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх тухай УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолд гурван шатны шүүх тус бүрийн шүүгчдийн тэнцвэртэй төлөөллийг ШЕЗ-д хувь тэнцүүлэн оруулахаар заасан. Энэ нь аль шатны шүүхэд хэр олон шүүгч ажиллаж байгаатай хувь тэнцүүлж хуваарилна гэдэг санаа. Шүүгч таван гишүүний олонх анхан шатны шүүгчдээс сонгогдох ёстой. Засгийн газрын төсөлд ийм шаардлага тавиагүй. Харин, Ерөнхийлөгчийн төслөөр анхан шатны шүүхийн шүүгч гурав, хяналтын шатны болон давж заалдах шатны шүүхийн шүүгч тус бүр нэгийг ШЕЗ-д оруулахаар заасан нь зүйтэй. ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг бүрдүүлэхдээ Үндсэн хуульдаа энэ мэтээр нийцүүлж оруулах ёстой.

-Төслүүдэд ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг хэрхэн сонгон шалгаруулж томилохоор байгаа бол?

ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэх талаар төслүүдийн заалтыг авч үзье. Засгийн газрын төсөлд ШЕЗ-ийн арван гишүүний шүүгч биш, таван гишүүнийг хууль зүйн байнгын хороо гурав, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр нэг хүнийг нээлттэй сонгон шалгаруулж томилно гээд орчихсон. Ерөнхийлөгчийн төсөлд шүүгч биш, таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гурвыг нь хуульчдын холбоо санал болгож УИХ томилгооны сонсгол хийж томилно гээд заачихсан. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг хэрхэн сонгох талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалд гурван шаардлага бийд төслүүдийг нийцүүлэх хэрэгтэй. Нэгд, ШЕЗ-ийн гишүүнийг Ерөнхийлөгч санал болгох, томилох зэргээр оролцохыг Үндсэн хууль 33.4 хориглодог. Төслүүдийн аль алинд нь Ерөнхийлөгч оролцохоор болчихсон байгаагаас татгалзах хэрэгтэй. Хоёрт, Үндсэн хуулийн 49.5-д ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг “нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно” гэж заасны үзэл баримтлалыг УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолд “ШЕЗ-ийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний …бусад таван гишүүнийг бусад институциэс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилох”-оор заасан. Өөрөөр хэлбэл, шаардлага хангасан хэн ч чөлөөтэй нэрээ дэвшүүлэх, улмаар тэдгээр нэр дэвшигчээс шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг сонгон шалгаруулж гаргаж ирэх, энэхүү сонгон шалгаруулалтад шүүхээс бусад институцийн тэнцвэртэй оролцоог хангана гэсэн агуулгатай. Үндсэн хуулийн энэ гурван шаардлагыг хамгийн сайн хангах, олон улсын сайн туршлагад нийцсэн, Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр олон янзын бодлогын хувилбарууд байж болно.

-Ерөнхийлөгчийн оролцоогүй ямар хувилбарууд байж болох уу. Хэрхэн сонгон шалгаруулах вэ?

-Сонгон шалгаруулалтыг хэн хийх вэ гэдэг дээр хоёр хувилбар яригдаж байгаагаас нэгийг нь сонгоосой. Тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулж шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулах үүргийг хариуцуулах нь эхний хувилбар. Ажлын хэсэг нь ШЕЗ-ийн гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн нэр дэвшигчийг гаргаж ирнэ гэсэн үг. Нэг талаас төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субьектүүдийн төлөөллийг, нөгөө талаас мэргэжлийн болон иргэний нийгмийн төлөөллийг тэнцвэртэй хангаж энэ ажлын хэсгийг шууд байгуулах хэрэгтэй. Жишээлбэл, ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг дараах есөн субьектээс бүрдүүлж болно. Юуны өмнө, УИХ дахь олонх, цөөнхөөс нэг нэг хүн ажлын хэсэгт оруулбал ардчилсан сонгуулийн үр дүнг хүндэтгэж, олонх цөөнхийн тэнцүү оролцоог хангана. ХЗДХЯ нэг төлөөлөл оруулах нь хууль зүйн салбарын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд шүүхийн асуудлыг тусгах, шүүхийн төсөв зэргийг шийдвэрлүүлэх, ШЕЗ болон ХЗДХЯ-ны бодлогын уялдааг хангахад тустай. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага бөгөөд хууль зүйн өндөр мэргэжилтэй хүмүүсээс бүрддэг учраас уг комиссын саналаар нэг хүнийг ажлын хэсэгт оруулж болно. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог ийм дөрвөн институци ажлын хэсэгт оролцож болж байна.

Төрийн институтын зэрэгцээ иргэний болон мэргэжлийн институцийн төлөөлөл Ажлын хэсэгт орж ирэх нь маш чухал. Жишээлбэл, хуулиар байгуулагдсан хоёр мэргэжлийн холбоо байдаг. Өмгөөлөгчдийн холбоо болон Хуульчдын холбооноос нэг, нэг гишүүнийг ажлын хэсэгт оруулж болох юм. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус, хариуцлагатай байдал хангагдахгүй бол ямар сайн үндэслэл гаргаад нэмэргүй өөр зүйлээр хэрэг шийдэгдэх учраас хуульч болон өмгөөлөгчийн ажил утгагүй. Иймээс, эдгээр мэргэжлийн холбоод энэ зарчмыг хангахын төлөө ажиллах үүрэгтэй. Түүнчлэн, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулиудын төлөөллийн нэгдсэн хуралдаанаас нэг субьект оруулж болно. Хууль зүйн сургуулиуд нь хууль зүйн дээд боловсролыг олгохдоо хүний эрх, хараат бус шүүх, хууль дээдлэх ёс гэх мэт үнэт зүйлийг эзэмшүүлэхийн төлөө ажилладаг. Мөн, Монголын Хүний эрхийн форумаас нэг гишүүн оруулж болно. Энэ форум нь хүний эрхийн чиглэлээр тууштай ажилладаг ТББ-уудыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний сүлжээ бөгөөд НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд гурван ч удаа Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх иргэний нийгмийн тайланг хүргүүлсэн, олон улс болон бүс нутагт нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн бүтэц юм. Вэбсайт, телевиз, сонин, сэтгүүлийн тал талын төлөөллийг хангаж сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагын ёс зүйн стандартыг тогтоож мөрдүүлдэг нэр хүндтэй байгууллага болох Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс нэг хүнийн ажлын хэсэгт оруулж болох юм. Хэвлэл мэдээллийн зөвлөлийг оруулбал 9, оруулахгүй бол найман гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдана гэсэн үг. Ажлын хэсэг нь хэн нь шаардлага хамгийн сайн хангасан бэ гэдгийг судалж тухайн албан тушаалд тус бүрт нэг нэр дэвшигчийг санал болгох хэрэгтэй. Энэ шийдвэрээ дийлэнх олонх буюу 2/3-р шийддэг болбол ямар нэгэн субьект, УИХ дахь олонх, цөөнх, сайдын нөлөө хэт давамгайлж нөлөөлөх боломжгүй болно.

-ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг сонгон шалгаруулалт хийж тодруулсны дараа хэн томилох нь зүйтэй вэ?

-Ажлын хэсэг байгуулаад эсхүл таван өөр субъект тус тусдаа сонгон шалгаруулалт хийгээд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнд нэр дэвшигчийг тодруулаад ирэхээр тэдгээрийг УИХ томилдог болох хэрэгтэй. Яагаад гэхээр ШЕЗ хуульчдаас шүүгчдийг шилж олж Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд шүүгчид нь иргэд бидний амьдралын хамгийн чухал зүйлс маргаан орохоор хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ. Ийм эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүгчдийг шилж олох учраас ШЕЗ-ийн гишүүдийн ядаж тал нь ард түмнийг төлөөлдөг парламентаас хүлээн зөвшөөрөгдвөл өөрөө ардчилсан ёсны легитим шинжээр хангана. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Франц, Испани, Итали зэрэг улсад шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгох, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ томилдог. Парламент томилно гэдэг нь үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш. ШТХ-иар УИХ-ын үзэмжийг хязгаарласан гурван механизмыг олон улсын сайн туршлагад үндэслэн суулгаж өгөх хэрэгтэй. Нэгд, сонгон шалгаруулалтыг дээр дурдсан тал талын төлөөлөл бүхий ажлын хэсэг хийж эсхүл таван өөр мэргэжлийн болон иргэний нийгмийн институцээс тус тусдаа хийж, үүнийхээ үндсэн дээр УИХ-д санал болгоно. УИХ өөрөө үзэмжээрээ хэнийг санал болгохыг шийдэхгүй. Хоёрт, УИХ-ын дур зоргыг хязгаарлах, олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангах үүднээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийсний үндсэн дээр томилдог байх хэрэгтэй. Энэ сонсголд сонирхсон иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, судлаач, хуульчид оролцож саналаа хэлэх, асуулт асуух боломжоор хангагдах нь чухал. Гуравт, санал болгосон хүнийг томилох эсэхийг УИХ дийлэнх олонхиор шийдвэрлэх хэрэгтэй. Ингэснээр УИХ дахь олонх нам, эвсэл давуу байдлаараа эрдэж бус, харин цөөнхтэйгөө зөвшилцөж шийднэ, олонх төдийгүй цөөнхөд хүлээн зөвшөөрөгдсөн хүн л томилогдоно гэсэн үг. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг томилох эсэхийг парламент дийлэнх олонхоор шийдвэрлэдэг нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг, сайн туршлага юм. Парламентын засаглалтай улсад ШЕЗ гэх мэтийн томилгооны асуудлыг тэнцвэртэй шийдэхийн тулд ерөнхийлөгчид бүрэн эрх нэмж өгөх замаар бус, харин парламент дахь олонх болон цөөнхийн зөвшилжцүүлдэг ийм механизмыг илүү их хэрэглэдэг.

Энд санал болгож буй байдлаар ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулж томилохоор хуульчилбал аль нэг субъектээс зүй бусаар давамгайлж оролцох эрсдэлийг хааж, шүүгчийг шилж олох, томилоход гол институцийг бүгдгийг нь тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ бие даан, хараат бусаар хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдэнэ. ШЕЗ-ийн талыг шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж томилоход мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагууд төдийгүй УИХ дахь олонх, цөөнх, бодлогын яам, хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоог хангана. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хуульчийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоог маш сайн хангана.

-Шүүгчдийн сахилга хариуцлага сул байна гэх шүүмжлэл байдаг. Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?

– Шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоо удаа дараа өөрчлөгдсөн бөгөөд ҮАБЗ, ШЕЗ гэх мэт янз бүрийн субъектээс хөндлөнгөөс оролцох байдлаар хуульчилж ирсэн нь уг тогтолцоог тогтворгүй, үр нөлөөгүй болгож байгаа учраас үүнийг шийдвэрлэх үүднээс Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульд шинээр тусгасан. Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллана гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан. Уг хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж орхисон боловч үүний үзэл баримтлалыг УИХ-ын 2020 оны 2 дугаартай тогтоолд Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах ажиллагаанд хуульчид, нэр хүндтэй иргэд, хууль зүйн өндөр мэргэжилтэй эрдэмтдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институцээс тэнцвэртэй бүрдүүлэх зарчмыг хуульчлахаар тодотгож бичсэн.

Засгийн газрын төсөлд Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байна. Дөрөв нь шүүгчдийн зөвлөлөөс сонгоно, гурвыг Хууль зүйн байнгын хорооноос, нэгийг Ерөнхийлөгчөөс, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус бүр сонгон шалгаруулж томилно гээд заачихсан. Ерөнхийлөгчийн төсөлд Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хуульчдын холбоо болон шүүгчдийн нэгдсэн зөвлөлөөс тус бүр гурван хүнийг санал болгож УИХ сонсгол хийж томилно гээд орчихсон. Энэ 2 төсөл дээр дахиад л Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгохоор орж ирж байгаа нь Үндсэн хуулийн 33.4-ийг зөрчсөн байна. Монгол Улс 530 хүрэхгүй шүүгчтэй, сахилгын хэргийн ачаалал тийм их биш учраас уг хорооны гишүүдийн тоо одоогийнх шигээ ес байхад болно. Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний 4 буюу цөөнх нь шүүгч гишүүн байх нь шүүгч шүүгчээ өмөөрдөг байдлыг хязгаарлаж, сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцоход итгэл найдвар төрүүлнэ. Нөгөө талаар, шүүгч биш гишүүд олонх учраас шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэл үүснэ. Энэ эрсдэлийг хаах үүднээс Шүүхийн сахилгын хорооны сахилгын зөрчлийн агуулгыг шийдсэн магадлал нь хууль зөрчиж байна гэж үзвэл Дээд шүүхэд гомдол гаргаж шийдүүлж байх ёстой. Засгийн газрын төсөл яг ийм агуулгатай. Сахилгын хорооны шийдвэрийг Дээд шүүх дээр гомдол гаргаж шийдүүлэх учраас Дээд шүүхийн шүүгч сахилгын хороонд орохыг хориглох заалтыг Засгийн газрын төсөлд шинээр тусгах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн төсөл Дээд шүүхэд гомдол гаргах эрхгүй байхаар заасан нь Үндсэн хууль дахь шүүгчийн хараат бус байдалтай зөрчилдөнө. Шүүхийн сахилгын хорооны сахилга оногдуулдаг бүтцийг бий болгоход шүүгч нар нь цөөнх байна, түүний гарсан шийдвэрийн талаарх гомдлыг Дээд шүүхэд гаргаж шийдүүлнэ гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд бичсэн.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэхдээ ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг бүрдүүлэхтэй адил зарчмаар шийдвэрлэх хэрэгтэй. Тодруулбал, эдгээр гишүүдийг тал талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг сонгон шалгаруулдаг байж болно эсхүл уг сонгон шалгаруулалтыг Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хууль зүйн сургуулийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан, Монгол Улсын хүний эрхийн форум эсхүл Хүний эрхийн үндэсний комисс хийж болно. Энэ хоёрын аль нэг хувилбараар шалгарсан хүнийг УИХ томилгооны сонсгол хийж дийлэнх олонхын саналаар томилдог байхаар хуульчлах хэрэгтэй. Шүүхийн сахилгын хорооны 9 гишүүний дөрөв нь нийт шүүгчдээсээ сонгогдсон шүүгч гишүүн байх тул шүүгчийн ажлын онцлогийг ойлгож, шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэлийг бууруулна. Бусад таван гишүүн нь өөр өөр институцийн тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшигч сонгон шалгаруулалтаар гарч ирэх тул шүүгчийн сахилга, хариуцлагыг хангахад тустай.

-Манай улсад шүүгчдэд сахилга хариуцлага тооцдог механизм хэрхэн явж ирсэн байдаг вэ?

-2014-2018 оны хооронд нийт 71 шүүгчид сахилгын арга хэмжээг Шүүхийн ёс зүй хороо авсан байдаг. Эдгээрийн ихэнх нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж ердөө 15 нь сахилгын шийтгэл хүлээсэнд янз бүрийн шалтгаан бий. Уг хорооны шийдвэрийн чанарын асуудал байсныг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хуулийн буруу зохицуулалтаас болж сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэж чадахгүй байдал үүсдэг. Жишээлбэл, шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоог үр нөлөөгүй болгож буй нэг шалтгаан бол хэт богино хөөн хэлэлцэх хугацаа. Засгийн газрын төсөлд шүүгчийн сахилгын зөрчил гарснаас хойш 12 сар өнгөрвөл ямар ч хариуцлага тооцохгүй гэдэг заалт орсон. Нэг жил бол дороо өнгөрчихдөг учраас сахилгын ноцтой зөрчил гаргасан шүүгчид шийтгэл оногдуулж чадахгүй болно. Манай улсад 28 жил шүүгчийн маш ноцтой сахилгын зөрчлийг шийдэж чадахгүй байсан гол цоорхойнуудын нэг нь хэт богино хөөн хэлэлцэх хугацаа. Шүүгчийн үйл ажиллагаа ямагт олон нийтийн итгэлийг дааж байх ёстой гэдэг үүднээс олон улсад манай улс шиг хөөн хэлэлцэх хугацааг нэг жил гэж заадаггүй. АНУ, Канад, ОХУ зэрэг улсад хөөн хэлэлцэх хугацааг огт үйлчилж болохгүй гэж үздэг. Европын улсуудад хөөн хэлэлцэх хугацаа тавивал таван жилээс дээш хугацаагаар тавьдаг. Жишээлбэл, Италид 10 жил, ХБНГУ-д огцруулах зөрчилд ийм хугацаа үйлчилдэггүй.

Түүнчлэн Засгийн газрын төсөлд албан томилолт, баяр ёслол болон албан ёсны арга хэмжээтэй холбогдуулан бусдаас шүүгчид өгсөн нэг сарын цалингаас дээш үнэтэй бэлэг дурсгалын зүйлийг төрийн өмчид тооцох бөгөөд худалдан авах санал өөрөө гаргаагүй бол шүүгч тэдгээрийг өөрийн ажиллаж байгаа шүүхэд баримттайгаар хүлээлгэж өгнө гэж байгаа юм. Нэг сарын цалин хүртэлх хэмжээний бэлэг сэлтийг шүүгч өөрөө авч болно гэж байгаа нь шүүгчийг авилга, ашиг сонирхлын зөрчилд автах эсхүл тэгж ойгогдох байдал үүсгэх ухралт болно. Мөн шүүгчийн хариуцлагыг дордуулсан заалт шүүгчийн сахилын зөрчилд хүлээлгэх шийтгэлийг хэт хөнгөвчилсөн заалт хоёр төсөлд орчихсон. Шүүгч сахилгын зөрчил гаргавал хаалттай эсвэл нээлттэй сануулна, сургалтад суулгана, зэрэг дэвийг бууруулна, эсвэл огцруулна гэж байгаа юм. Огцруулахаас бусад нь ерөнхийдөө хөнгөн шийтгэл. Ер нь шүүгчид зэрэг, дэв байх нь зүйтэй эсэх эргэлзээтэйгээр гадна зэрэг дэв бууруулсан ч үндсэн цалин нь хэвээр үлдэх тул энэ нь хөнгөн шийтгэл юм. Гэтэл дунд зэргийг хүнд шийтгэл төсөлд тусгагдаагүй байна. 1993, 2012 оны хуулиудад орж хэрэгжиж ирсэн цалин бууруулах гэсэн дунд зэргийг шийтгэлийг хасаж буй үндэслэл нь ойлгогдохгүй байна. Төрийн албан хаагчдад 20 хүртэлх хувиар цалин бууруулах шийтгэл байдаг. Гэтэл энэ бүгдээс илүү өндөр хариуцлагатай алба хашдаг шүүгчдэд яагаад энэ шийтгэлийг хасаж байгаа юм. Шүүгчид хүлээлгэх сахилгын шийтгэл хөнгөн, дунд, хүнд гээд олон төрөлтэй байвал тухайн сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд нь тохирсон шийтгэл ногдуулах боломж бүрдэж шударга ёс хангагддаг.

-Шүүхийн мэргэжлийн хороо яг ямар үүрэгтэй байгууллага юм бэ. Энэ хороо байх ёстой юу?

-Хоёр төсөлд бичсэнээр Шүүхийн мэргэжлийн хороо хоёр чиг үүрэгтэй байхаар байна. Нэгд, шүүгчид нэр дэвшигчээс шалгалт аваад шалгалтад тэнцэхгүй бол хасна, тэнцсэнийг нь ШЕЗ-д хүргүүлнэ. Хоёрт, Шүүхийн мэргэшлийн хороо шүүгч мэргэжлийн хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарвал түүнд үндэслээд шүүгчийг чөлөөлөхөөр заажээ. Энэ хороог татан буулгах хэрэгтэй.

Үндсэн хуулийн 49.4-т ШЕЗ гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох үүрэгтэй гэж заасан. Гэтэл ШЕЗ-ийн шилж олох ажлыг Шүүхийн мэргэжлийн хороо гээд байгууллага руу шилжүүлж ирсэн нь маш их шүүмжлэл дагуулдаг. 2012 оны хуультай адилхан Мэргэшлийн хороо шүүгчид нэр дэвшигчээс шалгалт авч тэнцсэнийг нь оноогоор нь эрэмбэлэн ШЕЗ-д хүргүүлэхээр Ерөнхийлөгчийн төсөлд заажээ. ШЕЗ онооны эрэмбийг заавал бариад хамгийн өндрийг нь Ерөнхийлөгчид санал болгохоор зохицуулбал ШЕЗ-ийн шүүгчийг шилж олох бүрэн эрх үгүйсгэгдчих гээд байдаг. Эсхүл ШЕЗ уг эрэмбийг өөрчлөхөөр хамгийн муу оноо авсан хүнийг Ерөнхийлөгчид санал болголоо гэж шүүмжлэгддэг. Засгийн газрын төслөөр Шүүхийн мэргэжлийн хороо шалгалт авчхаад тэнцсэн бүх нэр дэвшигчийг ШЕЗ-д хүргүүлэх боловч оноогоор эрэмбэлэхгүй гэж буй нь ШЕЗ сонголт хийх боломж олгож буй ч шалгалтаар тааруу оноо авсан хүнийг шүүгчээр томилуулахаар санал болгох боломж нь хэвээр үлдэнэ. Засгийн газрын төслөөр Шүүхийн мэргэжлийн хороог ШЕЗ байгуулахгүй, харин түүний 9 гишүүний зургааг Шүүгчдийн зөвлөл сонгохоор байна. Тэгэхээр Шүүгчдийн зөвлөл гэх бүтэц ШЕЗ гэх Үндсэн хуулийн байгууллагын хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийг хуваалцах болчхоод байгаа юм. ШЕЗ өөрөө шалгалтаа аваад хүнийх нь хувьд судлаад хамгийн сайн үнэлгээ авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид санал болгохоор хуульчилж ШЕЗ-д Үндсэн хуулиар ногдуулсан ажлыг нь өгөх хэрэгтэй.

-Шүүхийн мэргэшлийн хорооны үлдэж буй нөгөө чиг үүргийг хаана хариуцуулах уу?

-Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн төслөөр шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн дүгнэлт гаргах чиг үүргийг Шүүхийн мэргэшлийн хороонд өгөхөөр заажээ. Тодруулбал, энэ талаар дүгнэлт гаргуулахаар давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж, Мэргэшлийн хороонд хүргүүлэхээр Засгийн газрын төсөлд бичжээ. Мэргэшлийн хороо шүүгчийг албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан бол ШЕЗ-д хүргүүлж, улмаар ШЕЗ шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох саналыг Ерөнхийлөгчид гаргана гэжээ. Шүүхийн мэргэшлийн хорооны дүгнэлтийн дагуу шүүгчийг чөлөөлөх эдгээр зохицуулалтыг бүхэлд нь хасах хэрэгтэй. Нэгд, энэ нь доод шатны шүүхийн шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулна. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрэг маргааныг гомдлоор хянан шийдвэрлээд зогсохгүй ийм дүгнэлт гаргуулах хүсэлтийг Шүүхийн мэргэшлийн хороонд хандах бөгөөд уг хорооны гуравны хоёр нь мөн л давж заалдах болон хяналтын шатны шүүгчид байхаар төсөлд заасан. Хоёрт, хяналтын эсхүл давж заалдах шатны шүүхийн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн асуудал орхигдохоор байна. Гуравт, маргааныг шийдвэрлэх шударга процесс Мэргэшлийн хороондбайхгүй, төсөлд алга. Нотлох баримт гаргаж өгөх, маргаанаа шийдвэрлэх хуралдаанд биелэн оролцох гэх мэт эрхийг шүүгч эдлэхгүй. Дөрөвт, тулгамдсан асуудал бий ч ийм замаар шийддэг олон улсын сайн туршлага олдохгүй байна. Үүний оронд бусад улсад ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг илт хангахгүйг харуулсан тодорхой үйл ажиллагааг сахилгын зөрчилд тооцохоор тодорхой жагсааж хуульчлаад бусад сахилгын зөрчилтэй адил журмаар шийдвэрлүүлж байна. Тавд, ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшинг илт хангаагүй байх нь шүүгчийн сахилгын зөрчил учраас уг зөрчлийг Мэргэшлийн хороонд харьяалуулбал Үндсэн хуулийн 49.6-д заасан Шүүгчийн сахилгын хорооны чиг үүргээс хувааж Мэргэшлийн хороонд шилжүүлсэн зөрчил болно. Эндээс үзэхэд Шүүхийн мэргэжлийн хорооны шалгалт авах чиг үүргийг ШЕЗ-д шилжүүлэх, дүгнэлт гаргах чиг үүргийг нь хасаж сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах ажлыг нь Шүүхийн сахилгын хороонд бүрэн хариуцуулах нь Үндсэн хуульд илүү нийцнэ.

-Улсын дээд шүүхийг улстөрөөс хараат бус байлгах талаар төсөлд хэрхэн тусгагдсан бол?

-Өргөн барьсан төслүүдэд Дээд шүүхтэй холбоотой ноцтой зүйлс байна. Улсын дээд шүүхэд одоогийн хуулиар шүүгч, прокурор, өмгөөлөгч, хууль зүйн сургуулийн багшаар ажилладаг туршлагатай хуульчдыг оруулдаг. Энэ бол олон улсын жишигт нийцсэн зүйл. Дээд шүүх хуулийг тайлбарлаж хөгжүүлдэг учраас өөр, өөр мэргэжлийн ажил хийж байсан хүмүүс орж байж хуулийг зөв тайлбарладаг. Гэтэл Засгийн газрын төслөөр зөвхөн шүүгчээр ажиллаж байсан хүмүүс л Дээд шүүх рүү орох чиглэлийг илүү барьсан байна байна. Өмгөөлөгч эсхүлпрокуророор зөвхөн дагнан арваас доошгүй жил ажилласан хүмүүс улсын дээд шүүхэд ажиллах эрхтэй болно гэж байгаа юм. Жишээлбэл, өмгөөлөгчөөр тав, прокуророор тав жил ажилласан хүн Дээд шүүхэд ажиллах боломжгүй болох нь. Мөн их сургуулийн хуулийн багш орохыг хориглочхож байгаа юм. Үүнийг хааж байгаа нь Дээд шүүхийн хууль тайлбарлах, хяналтын журмаар маргаан хянан шийдвэрлэх чадавхад муугаар нөлөөлнө. Мөн, Дээд шүүх Ерөнхий шүүгч болон 24-өөс доошгүй шүүгчээс бүрдэнэ гэх заалт одоогийн хуульд заасан нь төслүүдэд хэвээрээ орчихсон. 24-өөс доошгүй гэхээр дээшээ хэд ч байж болно. Энэ заалтыг урвуулан ашиглаж шүүгчдийн тоог нэмэх замаар Дээд шүүхэд нөлөөлөх эрсдэл байна. Ийм заалтыг олон улсын сайн туршлага хориглодог. Хуульдаа Дээд шүүхийн бүрэлдэхүүний тоог тодорхой заах ёстой. Одоогийн тоогоо барьж Ерөнхий шүүгч болон 24 шүүгчээс бүрдэхээр хуульчлах хэрэгтэй. Үүний зэрэгцээ Дээд шүүх бүх зүйл рүү орж шийддэгийг нь хязгаарлаад зөвхөн хуулийн хэрэглээний хамгийн ноцтой асуудлуудыг шийдэхээр хуульчилбал бүрэлдэхүүний энэ тоо хангалттай. Ерөнхийлөгчийн төсөлд буй нэг сайн заалт бол Дээд шүүх дээр тухайн маргааныг шийдэхэд цөөнх болсон шүүгч тусгай саналаа хэвлүүлэх эрхийг олгож буй явдал. Энэ заалт шүүгчдийн хараат бус байгаа эсэхийг нь харах, хариуцлагыг нь дээшлүүлэх, шүүхийн ил тод байдлыг нэмэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сайжруулах тул дэмжинэ. Эцэст нь, Дээд шүүхэд хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлэх заалтууд орчихсон байна. Дээд шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар шийднэ, хууль хэрэглэх талаар тайлбар гарна, Цэцийн гишүүнд гурван хүнийг нэр дэвшүүлнэ гээд олон бүрэн эрхтэй. Төслөөр шүүгчийн мэдлэг, чадварыг үнэлүүлэх Мэргэжлийн хороонд дүгнэлт гаргуулахаар хүсэлт явуулах бүрэн эрх нэмээд өгөхөөр заажээ. Үүнийг хасах талаар түрүүн ярьсан. Мөн, Дээд шүүх шүүгчдэд сургалт явуулна гэж байгаа юм. Шүүгчийн сургалт дээр 29 улсыг судлаад үзэхээр шүүхийн захиргааны эрх мэдлийг аль субъектэд өгч байна, түүнд шүүгчийн сургалтаа хариуцуулдаг. ШЕЗ-тэй улс орнууд дийлэнх нь ШЕЗ-дөө сургалтаа өгдөг бөгөөд Дээд шүүхдээ шууд өгдөггүй. Үүнээс гадна Дээд шүүх зөвлөмж гаргана, шийдвэр бичих аргачлал, журам батална. Энэ бүх эрх мэдэл нийлэхээр Дээд шүүхийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүгчид зүй бусаар нөлөөлөх, улмаар шүүхийн дотоод хараат бус байдал алдагдах эрсдэл үүсгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Авгаржин Баяраагийн яруу найраг ба бидний үл мэдэх “Ганган цагаан”-ууд

Ж.Баяржаргал найрагчид байгалиас заяасан яруу өгүүлэхүй ухаан, уран сэтгэмж, ер бусын сэтгэлгээ бий нь шүлэг бүрээс нь, шад болгоноос нь уншигчдад сонсогдоод байдаг нь “Ногоон дара эхийн уншлага” зэргийг жигдэлснээс нь улам тод мэдрэгддэг билээ. Яруу найрагч хүмүүн ямар залуухан сэтгэл, ямагт дулаахан нөмөртэй байдгийг мэдрүүлэгч тэрбээр цаг агаарыг “сэрлийн”, улирлыг “сэтгэлийн” гэж хамаатуулан тодотгоно. Чингэж юмс үзэгдлийг(сэрэхүйн) шүлэг болгодог, сэтгэлгээний шинж ажиглагддаг, шинэлэг санаанууд ч зурсхийлгэдэг.

“Бор борын бургасанд

Улаан даашинз өмсгөлтэй

Бодол элдэвлэн гүлийх

Эгийт урсгал эс нам дуу” зэрэг үл ойлгогдом ч ер бусаар “олзолж” авсан чөлөөт сэтгэмжтэй нь илт байна.Яруу найрагч өөрийн туурвил зүйгээ олох гэж насан туршдаа эрэл хайгуул хийж байдгийн илрэл нь түүний “Замилан таалал” сонгомол яруу найргийн түүвэр (2019) буюу үгийн содон чуулбар юм. Үүнийг

“Залуухан өвс ногоог сэрлийн царамд сэвэгнүүлж” (Байгалийн сурлага),

“Шинэ сарнаар хацар тань

Цэцэглээд, мүлгэрэн туяарна” (Хажид тэнгэрийг баясгах хэлний чимэгт дуун),

“Галын дөл цоролзох нь

Хүй нэгдлийн жидбүүгийн

Алганы хээг илчилнэ”,

“Нүдгүй хөх алсад

Нүүдлээ, бас үрээ товир болгох

Аянч, дууч хүүхнүүд” (Монголын хүүхнүүд),

“Уртаар санаа алдалт нь

Утаа болж булхирна” (Чүлтэм ламын дурсгалд)зэргээс илт үзэж болно. Өөрөөр хэлэхэд өмнөх түүврүүд нь энгийн үйл явдал, байгалийн үзэгдлийг яруу уянгаар нээсэн дүрслэлийн онцлогтой бол энд үгийн эрлийг илүүтэй үргэлжлүүлснээрээ ялгарч байна. Үг хэл нь зохиолч хүний (тухайн бүтээлдээ илэрхийлэхийг зорьсон)үзэл санааны “багаж хэрэгсэл” байдгийн хувьд эх хэлнийхээ далай баян сангаас сонгож амилуулна гэдэг яруу найрагчийн зөн сэтгэлгээний тод илрэл болох нь ч илт ажээ. Тухайлбал,

“Эрчлээт цэнхэр ус

Долгис яраа зурна

Элбэг хангалуун талд

Хялгана чөрхөлж ургана

Сүмбэр хангир уулс

Сүрийг бадрааж товхолзоно

Сүн харвах үүлс

Тэнгэр норгож сэмэрнэ” (Өвөг он жилүүд) гэх буюу

“Хүзүү цээжээр нь

Сарны шуурга үелзээд

Хүйсний тигд

Жизигарав цэцэгс дэлбээлнэ…” (Ойрмогхон загас барьсны дараа өрсөн бодлын тоног) зэрэг нь үг, санааны эрэлд “хатаж” явдгийг нь тов тодорхой илтгэж байна.

Гэхдээ утга зохиолын хэлний үгийн сангийн нийтлэгээс буюу тогтсон үг хэллэгээр бус “Яйлуу сар”, “цалир сар”, “гэрлийн зураа”, “далайн яраа” гэх мэт өвөрмөц сонин үгсээс сондорлон хэлхдэг нь “Өлөнгөр уулс”, “Нуурын олихай”, “Алар онууд”, “Цагийн аравсай”, “Элмэг бодол”, “хэлмэг туульс”, “хөргөл үгүй сэтгэл”, “Салхин бүжмэлж”, “Сэрлийн булчин”гэх зэргээр үргэлжлэн “Улир хүрэн байц”, “Үүл манан цэлхэрнэ”, “Агаруу хөвхөр цэцэгс” гэсэн тодотгол, “Арван тавны тэргэлшил”, “Янагшил” зэрэг холбоцуудаар залгамжилжээ.“Жизигарав” гэсэн цэцгийн нэр монгол хэлний болоод ургамлын аймгийн толь бичиг (Н.Өлзийхутаг Монгол Улсын гуурст ургамлын Латин-МонголОрос нэрийн толь, 1983)-т ч үгүйг хэт уянгат яруу найрагчид маань цаашдаа анхаарууштай. Мөн“Яйлуу” гэсэн үг тайлбар толь бичигт үгүй тул хагалах, бутлах гэсэн утга бүхий “яйлах” гэсэн үгээр хавирган сарыг дүрсэлжээ гэж,“цалир” гэдэг нь ч “царил” хэмээсэн нутгийн аялгуу гаралтай үг байх тул ямар төрлийн сар болох нь зөвхөн найрагчийн “төсөөлөл”-өөр бүтсэн хэмээн үзэхэд хүргэж байна. Түүнчлэн“Өлөнгөр” гэж үг үгүй тул нүцгэн (өлөнгө) уулсыг дүрсэлсэн гэж “ойлгох” нь хатаж гандах гэсэн утгатай “өлөнжир” гэсэн үгийг академич Д.Төмөртогоо “Монгол хэлний үгийн гаралын тайлбар толь” (2018:202)доо тэмдэглэснээр баталгаажуулж болохоор юм. “Аравсай” гэж үг бас л байдаггүй ч Өмнөд Монголын эрдэмтэн Ц.Норжин, Чойдандар нар “АрбасаЦонх гэсэн утгатай төвөд гаралтай үг” (Нутгийн аялгууны үгсийн хураангуй, 1992:253) гэснийг мөн өвөрлөгч эрдэмтэн Баярмэндийн “Арабсанэр үг, Сүбэн, Дээд, эзний цонх хэмээсэн утгатай” (Монгол хэлний нутгийн аялгуун дахь өвөрмөц үгсийн судлал, 2010:66) гэж тэмдэглэсэн нь нотолдог. Иймд “цагийн аравсай” гэж бичсэнийг шүлгийн утга, санаанд нь нийцүүлж“цаг хугацааны толь” атугай “цагны шил, нүүр” гэж ч уншигчид хүлээн авах, ойлгох боломжгүйг тэмдэглэхээс аргагүйд хүрэв.

Нөгөө талаар нэрээс нэр үг үүсгэх “ш” нөхцөл дээр нэрээс үйл үг үүсгэх “л” нөхцөлийг хамтатган “тэргэлшил”, “янагшил” зэрэг алдаатай үгс үүсгэснээ анхаарууштай нь тэмдэг нэрэнд хүчээр залгаж буруу хэлбэршүүлснээс үүтгэлтэй.“Улир” гэж шувууны нэр (Хойлог) атал “улир хүрэн байц” гэснийг уншигч бид гайхаад сууна. Учир нь “Монгол ардын баатарлаг тууль”-д:

“Тэрэм талд нь тэх хуц мөргөлдүүлэн сийлсэн,

Хатавч талд нь улир шувуу нисгэн сийлсэн” гэж бий тул шувуу суусан хүрэн байц юмсан уу, он цаг улираасан гэж бичих гэсэн юм болов уу алин болох нь тодорхойгүй юм. Мөн түүнчлэн “АгарууТом модон хувин”г хэлдэг нэр үг атал энд өнгө буюу тэмдэг нэрийн үүргээр хэрэглэснийг мөнөөх “агаруу хөвхөр цэцэгс” бататгахын зэрэгцээ “Гилбэнгэтэх” гэж үгүй ч “юмны өнгө зүс гэрэлтэж үзэгдэх, гялалзах, айж бэмбийх” (Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, ХЗХ, 2008:496) гэсэн утгатай “гилбэгэнэх” гэсэн үгийн зохиомол хувилгал “бололтой” юм. Харин “олихой” гэж бичихийг “олихай” гэж эндүүрсэн, “бүжмэлж” гэж үг байдаггүй тул бүжих гэсэн үгийн утгатай “эвцэлдүүлэх” гэсэн бололтой хэмээн тайлбарлахад хүргэж байна. Бичгийн боловсролд гүнзгий нэвтэрсэн зохиолч хүн утга зохиолын хэлийг баяжуулан шинэ үг зохион хэрэглэж болох ч монгол хэлний үг үүсгэх зарчим, зөв бичгийн дүрмийг ягштал баримталж утгын тайлбартай үйлдэх аваас уншигч олонд зохиол бүтээл нь хүрнэ үү гэхээс энэ мэт үл тайлбарлагдах үгс үргэлжилсээр ахул ганган хээнцэр (ганган цагаан) үгийн цуглуулгаас хэтрэхгүйд хүрэхээр байна. Үл ойлгогдох энэ мэт үгс

“Зуун галавын ойн хүрдэн

Эсэн царчих сэлмүүнд” (Өнө мөнхөд орших) зэргээр үргэлжлэхийн зэрэгцээ хэлмэг, эсгэнэ, хөргөл, мүлгэрэн, жидбүү, булхирах гэх мэт үгүүд нь дээр дурдсан монгол хэлний тулгуур толь бичгүүд болоод Б.Амаржаргал “БНМАУ дахь монгол хэлний нутгийн аялгууны толь бичиг” Халх, Ойрад аялгуу I, II боть (1988), Ж.Буяндалай “Торгууд аялгууны толь бичиг” 1996, О.Сүхбаатар “Монгол хэлний харь үгийн толь” (1999), Ю.Цэндээ “Дөрвөд аялгууны язгуурын үгс” (2001), Г.Гантогтох “Буриад нутгийн аялгууны толь” (2011) зэрэг сурвалжид тэмдэглэгдээгүй тул өргөн олноор ойлгох, хүлээн авах боломжгүй үгсийн тоонд бид багтааж байна.

Тэрбээр “яраа” гэж бичих дуртай (ус, далай) төдийгүй “мандаа цалир саран”, “галт уулсын гурив”, “хөөрөн гялтрах мөнгөн сэрэл” (Тунгалаг тэнгэрийн дор),“улалжин гэрүүд” (Жирэлзэгч он цаг) зэргээр яруу найргийн үгийн сангаа баяжуулсан нь өвөрмөц содон болж ялгарна уу гэхээс утга, урын хувьд тийм ч оновчтой болж чадахгүй ажээ.Энэ нь хэдийгээр Ж.Баяржаргал найрагчийн мэдлэгийн цараа, яруу сэтгэмж, бичлэгийн онцлог мэт харагдавч хэрэглэгчдэд үл хүрэх шинжээрээ цаашид гагц үгээ хайх бус ураа гүнзгийрүүлэх, санааг шүтэх бус сэтгэлгээ, шинэлэг аяс, гүн санааны эрэлд анхаарах хэрэгтэйг сануулж байна. Учир нь

“Босмол унага болжморын ангаахайтай зэрэгцэн өсдөг

Бороо бүрэлзсэн мананд гаатай салхин томоождог” (Монголын түнэр шөнө, гэрэлт өглөө)гэсэнд“босмол” гэдэг нь “нэгэнт босож өндийсөн байдал”ыг юм уу “хэргээс оргон нуугдаж буй хүнийг босмол хулгай (оргосон хулгай)” гэдэг тул босоо төрсөн унагыг хэлэх гэсэн санаа мэт боловч үгийн утга, сонголтын хувьд тохиромжгүй гэж бас үзэж буй юм.Нөгөө талаар уншигч бүрт ойлгогдох албагүй ч утга зохиолын хэлний түвшинд уран сайхны үүргээ биелүүлэх л учиртай билээ, яруу найраг. Тухайлбал,

“Нэг хэсэгтээ жаргая

Нэгэн насаараа жаргая

Эрлэгийн элч морилоход

Инээмсэглэж угтъя” (Жаргалтай хорвоо) гэсэнд энэхүү “жаргал” нь нүгэлийн дагуултай мэт сэтгэгдэл төрүүлэх нь өгүүлэн буй “эрлэгийн элч”-ээс тодорхой болж байна. Энэ мэт

“Яруу найрагчийн гэргий

Яралзуу алсад товолзох учиртай” (Хань),

“Багын анд нөхрийн минь ширээнээ

Барлаг цагийн мэргэдийн

Бичмэл судар тоосорч” (Нөхрийн дурсгалд)хэмээн толгой холболтонд хэт шүтэгдсэнээс утгын алдаа гарсан нь цаг хугацааг “барлаг”, “эрлэг”ээр нь ангилж, бас тодотгон төлөөлүүлэх нь ямар бол гэж сануулахад хүргэдэг.Яралзуу гэж үг байхгүй, яралзуур гэж харин үг бийн адил барлаг гэдэг нь “нэн эртний овог аймаг, бас боол, зарц” гэсэн утга илэрхийлдэг тул шүлгийн утга, үг сонголтонд зохирохооргүй юм. Тиймээс

“Зорьсондоо харайж хүрэх

Хүсэл мөрөөдлийн чинь дэргэд

Зовлого бие алжаах,

Энэлэн шаналах юу ч биш” (Баатарлаг урт аян) гэснийг салаавчилсан толгой холболтоор үг сонголт төдийгүй гоо зүйн алдаа гаргасан гэж үзэх нь яруу уянга бүдэрсэн “можгорхон чамтайгаа”, “өөвгөр божгор хүүхнээ” (2015 оны хаврын сэтгэмж)гэж бичсэнээр улам баталгаажна. Учир нь

“Дуу, дээл элээсэн борог, хожгорхон амьдралдаа

Дуслаар нулимсаа бөмбөрүүлж дахин учирна, хоёулаа” (“Гандирын хөг” хэмээх бүл сонет) гэсэнд мөнөөх можгорхон бүсгүй нь “хожгорхон амьдрал” болон баяжиж, утгаа тодотгох гээд яруу сайхан гээгдсэн мэт санагдав.

“Хүмүүс намайг бүү дурла гэдэг

Хүүхэнд бүр ч бүү дурла гэдэг” гэх мэт ойлгомжгүй шадууд нь “Дурлалын тухай шүлэг” нэртэй ч эм хүний тухай бус буюу өөр хүйстэнд бас дурлаж явдаг сэтгэгдлийг төрүүлэхүйц болжээ. Аль эсвэл уншигч бид буруу бодоод байна уу?Түүнчлэн юмс үзэгдлийг дурсахдаа тоочин бичээд буй тул мөнөөх тодотгол үгүүд (яраа, бөнжрөх, сэрлийн, сэтгэлийн гэх мэт) нь давтагдаад буйг анхаарууштай. Үүнд “Хүрлэг уулс” “Хүрлэг он жил”, “Үснэр үүт дагина” “үснэр үгүй дагина”, “Говийн бархад” -“намрын бархад”, “Далан сая жилээр бүмлэх” “Үхэшгүй мөнхийн цадиг бүмлэж” зэрэг давтамж бүрийн утгад уншигчид тээнэгэлзэж эхлэх нь үгийг хэт чөлөөтэй сонгосноороо “Замилан таалал”(2019) ялгарч буйг бататгах ажээ. Нөгөө талаар яруу найргийг дан уянгаар бус утга, урыг шүтэж тийм агуулгаар бичих цаг нэгэнт оройтсоныг сануулж байна. Учир нь “гялтрах” “гилбэнгэтэх” гэх мэт хүн бүрийн мэдэхгүй, толь бичигт ч байхгүй үгс цөөнгүй төдийгүй

“Сэрлийн мөнгөн туульсаар

Яруу найрагчид гангарч

Сэтгэлийн нандин тигээр

Монголынхоо нүдийг нээнэм” (Сэтгэлийн нандин тиг) гэсэнд толгой холболтонд баригдсан чөлөөт шүлэглэл болох нь илт байна. Иймд хуучин шүлгүүдээ давтаж хэвлэдгээ анхаармаар, “булцгар хуруудыг хазал юу”, “дөрөөл юү” (Төв сайхан учрал) зэрэг буруу бичсэнийг ч засууштай. Зүй нь “хазалъюу”, “дөрөөльюү” гэж бичих ёстойг бага гэлтгүй сануулахын зэрэгцээ сумдын нэрийг холбож шүлэг бүтээсэн ч яруу найраг болоогүй, болохын ч аргагүй тоочилтын адил “Дэлхийн төгсгөлийг хэмжих гангар талын дуулал”-д амьтан ургамлын нэрийг зүйж тоочсоныг бас тэмдэглэхгүй өнгөрөхийн аргагүй байна. Яруу найргийн үгийн сан илүү чөлөөт хэлбэртэй байдаг ч яав ч ийм дураараа байж боломгүй нь үг сонголт гэдэг шүлгийн айзам хэмнэл, уянга яруу, утга агуулга, уншигч олонд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэгтэй холбоотой.Тиймээс Английн яруу найрагч С.Т.Колридж “Яруу найраг бол шилмэл үгсийн эмх цэгцтэй дараалал” (Poetry: the best words in the best order) хэмээсэн билээ. Энэхүү “хамгийн сайн” гэсэн утгад энгийн, оновчтой, ойлгомжтой үгсийг онцолсон гэж бид ухаарч байна. Дэлхийн яруу найрагт үгийн сонголт (diction) нь үндсэн буюу товч тодорхой утгаас гадна хэлэгдэх, сонсогдох байдал болох авиа, нэмэлт утгыг харгалздаг байхад бид чамирхал, үл ойлгогдох төөрөгдөл рүү ухарч боломгүй санагдана. Хэдийгээр барууны шүлэгт санаа, хэлбэр, бүтэц (үе), монгол яруу найрагт уран сэтгэмж, утга, уянгыг (өргөлт) голлодог ч аль эртний Аристотель “Туурвилзүй”дээ нэр үг, үйл үг болоод үгийн үе (syllable), холбоос (conjunction), авиалбар (phoneme), айзмын нугалаа (inflection), илэрхийлэл (utterance), үг холболт (connec­tive) гэсэн найман хэсгээс үг сонголт бүрдэнэ” хэмээснийг монгол зохиолчид мартаж боломгүйг сануулъя. Бас утга зохиолд үг сонголтыг эртний (Arhaic diction), дээд эрэмбийн (High diction), өдөр тутмын (Low diction) гэж гурав ангилдгаас “Авгаржин” яруу найргийн үгийн сан “эртний” шинжтэй ч ихэнхдээ утга тодорхойгүйд (уншигчдад) хэргийн учир оршино. Ийм ойлгомжгүй үгс нь шүлгийн агуулгаа бүрэн гүйцэт ойлгуулах үндсэн үүрэгтээ сөргөөр нөлөөж буйг анхаарууштай. Тиймээс л шинэ содон үг хайх бус сэтгэлгээний эрлээ үргэлжлүүлээрэй гэж давтан захихад хүргэв.Гэхдээ

“Цатгалан зуны өвс

Чамайг дагаж ургана” (Бодох цаг) гэх мэт сэтгэмжийн эрэл цөөнгүй төдийгүй “Лусын хөдөлгөөн” зэрэг шүлэг нь омог төгөлдөр, сүрлэг бадрангуй агаад захирангуй шинжтэй бичигдсэн нь түүний яруу найргийн үндсэн араншин юм. Тухайлбал,

“Уулгалах далай –шингэрүүлсэн уулс юм

Ууршихаараа ян сарьдгаас ч өндөр юм

Улалзах гол- урссан цас юм

Улаан, цагааны дээд туйл юм

Өргөн мөрөн ч дээрхийн адил

Долгилох их уулс, дотоод шингэн хүч юм” гэж дүрслэх юм уу,

“Алаг тарлан бөмбөрцгийн эвэр сүүлний заадаст

Альхан газрын цөстэй хүү над шиг дунгуйрч

Хээр мандлын сар шиг тэргэл дүүргэн цалиршиж

Хан Авдархангайн цохио чулуу шиг асч зэрэглэн ургах бол

Хэрлэн их мөрөн шиг гүн дотогш анирдан хавж

Хонгор дорнын тал шиг налгар амгалан цэлийх бол” (Зохист хувь тохиол доорх бадар аялгуулал) хэмээн омогшиж бадарсан нь үүний жишээ болно.Нөгөө талаар найрагч маань

“Өвгөдийн сахал шиг

Өвс цэцгэн дээр хэвтээд

Өчигдрийн салхиар илбүүлж

Өнө эртийн далайд сэлдэг байлаа” хэмээн орон зай, цаг хугацааг гүн ухааны аясаар сэрж мэдрэн

“Аавыгаа усанд оруулаад

Ар нурууг нь угааж зогслоо

Аяа, ижий минь

Яасан их өтлөө бол…” (Он жил, 2017) хэмээн ухаарч

“Ээж минь шоголтой

Алтангэрэл”-ээ тэврээд

Эсгий гэрээ бүрэнхийд тойрохдоо

Эх дэлхийгээ олж харна” (Гэгээрэл, 2017) гэсэн шүлэг бичих болов.Эдгээр нь“Гуйлгачинд арчаагүйг нь сануулж өглөг өгч бай”, “Хамгийн хулчгар эрсээс хамгийн харгис авир гардаг”, “Мунхаг хүнийг хэтрүүлж үнэлэх нь бурхны суудлыг чөтгөрт тавьж өгч буй хэрэг”, “Хэн нэгнийг нөгөө нь байгаагаар нь ойлгож, хүндлэхийг хайр гэнэ” гэсэн 1995-2002 оны үед бичсэн афоризмуудыг нь уншиж асныг эрхгүй санаанд буулгаж байв. Тиймээс өгүүлэн буй түүвэр нь “Замилан таалал”, “Цагийн аяс” зэрэг сургаалын аястай шүлгүүдээр баяжсаныг

“Цагаан гэрүүд дээгүүр нь хөвөгч хөлөг онгоц юм

Уул, толгод гэдэг цалгиант

Тэнгисийн хүчит давлагаа юм

Хүйтэн давлагаанд цохиулж нордог нь

Хөхөрч гандсан аав минь юм” зэргээр амьшуулж дүрсэлсэн гүн санаа бүхий уянгын тайллууд гэрчилнэ. Энэ мэт “Яруу найрагчийн нэгэн насны нууцат мөчлөг” шүлгийн зарим нэг санаа давгүй санагдлаа.

Нөгөө талаар уран бүтээлч хүн номуудаа өмссөн хувцаснаасаа илүү чимж урладаг шиг Жа.Баяржаргал найрагч номын соёл өндөртэй нь илт анзаарагддаг. Үүнд: Нэгдүгээрт: Номынхоо нэрийг өвөрмөц сонгодгийг “Гучин татарын зуслан” (2002), “Дөтгөөр галавын турадас буюу дээд мандал дахь бослого” (2003), “Гэрлийн жилийн хэлмэрч” (2006), “Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна” (2008), “Сэрлийн цаг агаар” (2011), “Замилан таалал” (2019) зэргээс харжболохоор юм.

Хоёрдугаарт: Ном бүрээ хатуу хавтастай хэвлэж, зураг чимэглэл нь бие даасан уран сэтгэмжтэйгээсгарчиг үйлдэлт нь онцгой чамин төдийгүй шадын хэмжээс богино, дөрвөн мөрт шүлгийг ч нэг хуудсанд багтаасан хүндлэл ажиглагддаг.

Гуравдугаарт: Номын бүлэг бүрт нь уран бүтээлч, судлагчид өргөл үг бичсэн зохиомж, онцлогтой ажээ. Тухайлбал, “Аадрын оршил үүлс голын дээгүүр манарна” түүврийг таван уран бүтээлч, “Сэрлийн цаг агаар”т мөн таван уран бүтээлч бичсэн төдийгүй өгүүлэн буй “Замилан таалал” номын шүлгүүдийг сонгож, ариутган шүүсэн “редакцын зөвлөл”-д 16 уран бүтээлчийн нэр жагсаж байна. Ийнхүү номын бүлгийн тоогоор буюу багадаа л таван хүнээр ариутган шүүлгэж редакци мэт томилдог нь түүний номыг дээдлэх үзэл баримтлалтай нь холбоотой болов уу? Магадгүй энэ нь яруу найргийн нэг номоо хамгийн олон хүнээр редакторлуулж үг бичүүлсэндтооцогдож мэдэхээр юм. Учир нь

“Даарсан бороо

Эргэн ирэхдээ

Даль жигүүртэй

Цас болно

Алган дээр чинь

Зөөлөн бууна

Ааль зан гэдэг

Эрхгүй танигдана” хэмээн цаг хугацааны эргэлтийг дотоод мөн чанараар нь нээсэн урлал, өвөрмөц эрэлтэй нь эрхгүй анхаарал татдаг. Тиймээс

“Тооноор ойчсон сар

Яст мэлхий болоод

Дорно зүгт мөлхөнө” (Тэргэл шөнө) гэх юм уу

“Ян сарьдаг, том сартай

Янагууд шиг тэврэлдэв

Талын их довцог дээр

Танхил бүсгүй алс ширтэнэ

Их хүлээлтийн үрээр

Нутгаа сайтар зүсэлж сурав

Өглөөний нар, өлөн шүүдрээс

Өөрийн сэтгэлийг анзаарав

Өндөр тэнгэр, өлзийт уснаас

Өнийн төөргөө үсэглэв

Үгсийг хураагч яруу хүмүүн

Үүлэн дундаас бүсгүйг танив” (Хүлээлт) гэсэн далд уянга, гүн сэтгэмжит шүлгүүдийг уншаад бодлоо хуваалцах сэтгэгдэл төрсөн билээ. Иймэрхүү бодрол бясалгалын аястай олон хэсгээс бүтсэн, бадаг бүрийг гинжлэн давтсан томоохон хэмжээний шүлэг түүний яруу найргийн мөн чанарыг илтгэдэг тул энэ төрлийг илүү бичээсэй гэж хүсэх байна. Үүнд “Зохист хувь тохиол доорх бадар аялгуулал”тэргүүтэн шүлгийг нэрлэх нь тэрбээр л ийнхүү бичиж чадахад оршино. Мөн түүнчлэн хүүрнэл хэлбэрийн зохиол бичвэл илүү амжилтад хүрэх мэт санагддаг нь сэтгүүлчийн авьяас туршлага, нийтлэл, тэмдэглэлийн уран санаа, гоёмсог хэллэг, өвөрмөц үг найруулгаас нь үүтгэлтэй билээ. Үүнд “Хөвчийн жонон уулсаар зорчсон тэмдэглэл үгүүлэмжит шүлэгс” зэргийг дуртгаж болохоор байна.

Яруу найрагч хүн ямагт дурлаж явдаг юм. Энэ орчлонд, хүний сайхан сэтгэл, алив бүхэнд асан дурлаж бичдэгийг нь асаж дүрэлзсэн сэтгэлтэй, асар өндөр оюун-сэтгэлгээний боловсролтой уншигчид л таашаана. Бусад нь төдийлөн ойлгохгүй, ойшоохгүй өнгөрдгийг онцлон тэмдэглэхгүй үлдээх аргагүй байна.

Доктор Д.ЦЭВЭЭНДОРЖ

/Хэл зохиолын хүрээлэн/

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин Галдангийн Жамсран багшийнх

1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхэн үеэр эрэмгий дайчин барилдаанаараа бөхийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлж, дэлхийн дэвжээнд ур чадвар уран гоё барилдаанаараа гайхагдаж явсан хүчтэн бол самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин, нэрт дасгалжуулагч Галдангийн Жамсран билээ.

Өдгөө Багахангай дүүргийн спорт хорооны даргаар ажиллаж буй Г.Жамсран багшийнхаас энэ дугаарын “Танайд өнжье” булан хүрч байна.

Амралтын өдрийн өглөө аажуухан босч Жамсран багш руу утас цохиход шавь нартайгаа л бужигнаж байгаа бололтой, шуугилдаж байна. Цаг товлож бага үдийн алдад Сансарын Баянцээлийн ойролцоох гэрт нь хүрч очиход халуун бүлээрээ цуглажээ. Г.Жамсран багш гэргий Б.Буянхишигийн хамт ач, зээгээ тойруулаад сууж байлаа.

“Өглөө хэдэн хүүхдүүдийн бэлтгэл хийлгэж байгаад сая тарлаа” гэсээр биднийг угтсан юм. Том өрөөнийхөө хойморт урт гэгч нь тууз хадаж, медалиудаа эгнүүлээд өлгөчихжээ. Бөхийн самбо барилдааны залуучууд болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байсан хоёр мөнгөн медалиа зэрэгцүүлж хадсан нь нүдэнд тод туслаа. Дээрх хоёр медалийг нэг онд авч байсан талаараа Жамсран багш хуучилсан юм.

Залуучуудын ангилалд барилддаг байхдаа л жингийн ах нараа ялж дэлхийн дэвжээнд өндөр амжилт үзүүлж байж. Хананд өлгөөтэй туузан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн 11 медаль гялалзаж байна.

Г.Жамсран багш Увс аймгийн Тэс сумынх. Тэрбээр “Миний аав Галдан сургууль соёлын мөр хөөж сумандаа дарга хийж насыг элээсэн хүн. Увсын Тэс суманд Шараахан гэж овог байдаг юм. Дээд үедээ хүчтэй бяртай улс байсан гэлцдэг. Би ч Шараахан удмын хүн. Энэ удмаас тив дэлхийн хэмжээнд барилдаж өндөр амжилт үзүүлсэн хүмүүс олон бий. Миний төрсөн дүү Г.Баатарсүрэн дэлхийн залуучуудын аварга, ахын маань хүү гавьяат тамирчин Дамдинсүрэнгийн Нямхүү олон жил сайн барилдсан. Мөн эгчийн маань хүү гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир олимп, дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчин” гэсэн юм.

Ардын багш Д.Сэрээтэр, өөрийн шавь улсын арслан Ц.Содномдорж нарын хамт.

Г.Жамсран багшийг бөхийн замд Тэс сумын биеийн тамирын багш Д.Чойжилсүрэн хөтөлжээ. “Намайг дөрөв, тавдугаар ангид байх үеэс Д.Чойжилсүрэн багш бөхийн секц хичээллүүлж эхэлсэн. Суманд тусгай заал танхим гэж байхгүй. Нэг ангийг чөлөөлж байгаад бор эсгий давхарлаж дэвсээд л хоорондоо барилдана. Хичээлийн байр галлагаатай болохоор түлээ модоо ч өөрсдөө бэлтгэнэ. Баахан ноцолдож байгаад босоод ирэхэд өмссөн хувцас, ам хамраар л бөөн хялгас болчихно. Дур байхад тэр зэрэг бол юу ч биш. Манай секцнээс аймгийн арслан Балдорж, Гүржав гээд олон сайн бөх төрсөн” гэж бөхийн ертөнцтэй анх танилцсан дурсамжаа хуваалцлаа.

Тэрбээр ахлах ангидаа нийслэл хотод ирж чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагчдын нэг Хангайн Намшир багшийн шавь болжээ. “Намшир багш надад бөхийн үнэр, тамир суулгасан” хүн хэмээж хүндэлж явдгаа хэлж байв.

Г.Жамсран багш үндэсний бөхийн аварга, арслангуудын баяр наадмын бэлтгэлийг тааруулахдаа мэргэшсэн хүн.

Энэ цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй Увсын аварга, арслангуудын амжилтын ард Жамсран багшийн ур ухаан, эрдэм мэдлэг явдаг ажээ.

2012 онд П.Бүрэнтөгс гэж залуу аймгийн арслан цоорч улсын наадамд түрүүлэхэд бэлтгэлийнх нь ирийг Г.Жамсран багш тааруулсан гэнэ. Мөн улсын арслан Ц.Содномдоржтой хамтарч ажиллаж улсын наадмын түрүү хүртсэн байна. Өнөөдөр ч Ц.Содномдорж арслантай хамтарч ажиллаж байгаа гэнэ. Тэд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор том шуугиан тарихаар аль хэдийнэ бэлтгээд эхэлжээ.

“Би шавь нартаа холыг хар, хоёр жилийн дараа хэн байхаа төлөвлөж түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлө, өнөөдрийн ялагдал хамаагүй гэж хэлдэг юм. Өнөөгийн хүүхдүүд тэмцээнд ганц нэг ялагдаад шантрах гээд байдаг болчихсон. Надад Увс, Хэнтий, Хөвсгөл, Ховд гээд аймгуудын олон шавь бий. Тан дээр бэлтгэл хийе гээд ирсэн хүүхдийг буцааж чаддаггүй юм. Нутгархдаг, жалга довны үзэл гаргадаг багш дасгалжуулагч нар хаа нэгтэй таарж л байдаг. Багш хүн тийм байж болохгүй” гэв. Тэрбээр улсын арслан Ц.Содномдоржийн талаар “Содном сийрэг толгойтой, шатар сайн тоглодог хүүхэд. Барилдааны торгон мэдрэмжтэй, ямар ч хэцүү нөхцөл байдлаас, ямар ч мэх хийх чадамжтай онцгой бөх. Аварга болох боломж түүнд байгаа” хэмээв.

Түүнтэй өнгөрсөн наадмын талаар хуучлахад “Наадмын өмнө “Увс нуур” гал руу очиход П.Бүрэнтөгсийг Т.Баасанхүү харцага л хаячихаад байсан. Бэлтгэл нь таараагүй, нэг их сайнгүй л харагдаж байлаа. Би ч дотроо “Энэ жил Бүрэнтөгс дээшээ барилдахад хэцүү юм байна” гэж санаад л өнгөрсөн. Харин наадмаар богинохон хугацаанд сэргэлт аваад их гоё болоод гарч ирсэн” гэлээ.

Тэрээ цааш нь “Батсуурь аваргын аав Намсрайжав харцага бид дотно нөхөрлөдөг юм. Батсуурь чинь айлын эрх хүүхэд. Өөрийнхөө барилдааныг олчихсон, хэнтэй яаж барилдахаа оновчтой тооцоолдог бөх. Энэ цагт барилдаж байгаа бөхчүүдээс дархан аварга цолонд хамгийн ойрхон нь Батсуурь байсан юм. Харамсалтай нь наадмын дараа асуудалд холбогдчихлоо” гэж нутгийн бөхчүүдийнхээ талаар ярьж байна.

Жүдо бөхийн 81 кг-ын жинд олон жил сайн барилдсан Азийн наадмын аварга гавьяат тамирчин Д.Нямхүү Жамсран багшийн төрсөн ахын хүү юм.

“Нямхүү таван настай байхдаа л жижиг жудоги өмсөөд надтай хамт явдаг байсан. Жүдогийн орчинд л хүмүүжсэн хүүхэд. Олон ч жил сайн барилдсан даа. Олимп дэлхийн аварга бөхчүүдийг жирийн олон улсын тэмцээнд ялаад байдаг ч яг том тэмцээн дээр л бүтэлгүйтчихээд байдаг. Сүүлд зодог тайлахдаа үеэл дүү С.Ням-Очирыгоо мундаг жүдочин болж бэлтгээд явсан. Өнөөх нь ахынхаа дутууг гүйцээж олимп, дэлхийгээс хүрэл медаль хүртсэн” гэлээ.

Жамсран багш үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Тэрбээр Увс аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд түрүүлж арслан цол хүртэж байсан гэнэ.

“Улсын заан Ж.Ганболд бид аймгаасаа шалгарч улсын аварга шалгаруулах барилдаанд ирж барилдаж би түрүүлж байлаа. Тэр чигээрээ үндэсний бөхөөр хичээллэсэн бол гайгүй дээшээ барилдчих байсан болов уу гэж боддог юм. Их спортоор хичээллэж эхэлснээс хойш үндэсний бөхийг нэг их тоохоо больсон. Наадмаар барилдаж хийморио сэргээнэ. Гурав даваад л сэтгэл ханачихна. Нэг жил Ж.Хайдав арслан намайг дөрвийн даваанд амладаг юм. Тэгснээ хэлж байна. “Увсын дөрвөн залуу гурав давчихлаа. Дөрөв давсныг нь би авдаг юм бил үү” гэж байна. Талбайд гарсан хойно “Цаадуул чинь дөрөв давж чадахгүй бол яана аа. Ер нь чи дөрөв давах юм уу” гэдэг байгаа. “Яалаа гэж, та дав” гээд би ч унаад өгсөн” хэмээн хуучиллаа.

ХҮНЭЭС ЮМ АСУУДАГ ХҮН Л АМЖИЛТАД ХҮРДЭГ

Ардын багш Ч.Насантогтох, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, ардын багш Ц.Дамдин, гавьяат тамирчин Г.Жамсран, улсын заан С.Хүрэлбаатар, улсын начин С.Эрхэмбаяр нарын улсын шигшээгийн тамирчид. 1980-аад оны эхэн үе.

Өөрийн дүү нар болох гавьяат тамирчин С.Ням-Очир, Д.Нямхүү нарын хамт.

2008 онд хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр олимпийн аварга болоход Г.Жамсран багш шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар нь ажиллажээ.

“Тэр жил 100 айлын ойролцоо машинаа угаалгаад зогсож байтал Түвшинбаяр “Багш аа, сая Европын цуврал тэмцээнд оролцоод ирлээ. Надаас хол тасарчихсан амьтан алга, боломжийн санагдлаа. Олимпод шаанс байна шүү” гэж хэлдэг юм. Ингээд л дасгалжуулагч гол өрсөлдөгч нарынх нь барилдааны бичлэгийг үзэж барилдааныг нь нарийн судалж арга тактик боловсруулсан. Ингэж очоод л олимпийн аварга болсон байдаг. Түвшинбаяр цаг тутам л багш нараасаа зөвлөгөө авч явдаг чанар нь надад таалагддаг юм. Ер нь хүнээс юм асуудаг, зөвлөгөө авч явдаг хүн амжилтад хүрдэг” гэсэн юм.

Г.Жамсран багшийн эхнэр Б.Буянхишиг мөн л Увс аймгийн Тэс сумынх. Тэрбээр Анагаахын шинжлэх ухааны дээд сургуулийг дүүргэж ХӨСҮТ-ийн сүрьеэгийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан байна. Насаараа эрүүл мэндийн салбарт ажилласан доктор Б.Буянхишиг өдгөө зөвлөх эмчээр ажилладаг юм байна.

“Намайг ид барилдаж байхад хань минь их түшиг болсон. Дэлхийн дэвжээнд үзүүлсэн амжилтуудын ард миний хань л зогсож байсан. Би бэлтгэл сургуулилт гээд гэрийн бараа бараг харахгүй, арын ажлуудыг миний эхнэр л зохицуулдаг байж дээ. Бэлтгэлээ хийгээд ядарсан амьтан гэртээ ирээд эхнэрийнхээ гарын хоолыг идээд л амрах үнэхээр сайхан” хэмээн Жамсран багш ярив.

Эднийх гурван хүү, нэг охинтой. Хоёр хүү нь инженерийн мэргэжил эзэмшжээ. Охин нь E-Mart худалдааны төвд ажилладаг юм гэнэ.

Том хүү нь жүдо бөхөөр хичээллэж, -100 кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр начин Э.Энхбат хамт барилдаж байсан ч харамсалтайгаар амь насаа алджээ.

“Хүү маань залуучуудын улсын аварга болоод сайн барилдах нь гэж итгэл хүлээлгэж байсан ч харамсалтайгаар амиа алдсан. Хүүгээ алдсаны дараа их хэцүү байсан шүү. Тэнгэр нураад л ирэх шиг болсон. Хэсэг хугацаанд бор дарс ч амсаж явсан удаа бий. Хүн тэгээд ямар ч бэрхшээлийг даваад гардаг” гэж байлаа.

Жамсран багшийн зээ Э.Тэлмэн соробан сампингаар хичээлэдэг. Өвөө шигээ олон медаль цомтой. Соробан сампин хүүхдийн ой тогтоолтыг сайжруулахад онцгой ач тустайг өвөө нь онцолсон юм.

Ач хүүгээ жүдо бөхөөр хичээллүүлэхээр төлөвлөөд буйгаа Жамсран багш дурдана лээ.

1980-аад оны үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн тамирчинд гавьяат тамирчин цол олгодог байжээ. Эл нормыг Г.Жамсран багш 1984 онд биелүүлж Ю.Цэдэнбал даргаас гавьяатын тэмдэг авч байсан гэнэ. Улсын заанд З.Дүвчин, боксын Р.Отгонбаяр нарын хамт гавьяат тамирчин цол хүртэж байжээ.

“Гавьяат тамирчин болоод их баярласан шүү. Ю.Цэдэнбал дарга тамирчдад гавьяатын тэмдэг зүүж өгөөд өрөөндөө хүлээж авсан юм. Ширээн дээрх тавганд нь баавгайтай чихэр овоолоод тавьчхаж. Тухайн үед том хүү маань төрөөд байсан юм. Хүүдээ өгөхөөр нэг чихрийг нь аваад л тас атгачихлаа. Хуралдаад л суугаад байсан өнөөх чихэр маань хайлаад л хачин юм болж байгаа юм. Хүний нүд хариулж байгаад л халаас руугаа сэмээрхэн хийгээд л гарч билээ” гэж өөрт тохиолдсон хөгтэй явдлаа ярилаа.

Удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа Г.Жамсран багш Багахангай дүүргийн спорт хорооны даргын ажлаа хүлээлгэж өгөөд дасгалжуулагчийн ажилдаа түлхүү анхаарах гэнэ. Түүний бэлтгэж буй залуу хүүхдүүд ч зэрэг дэвтэй тамирчдыг “айлгаад” эхэлсэн гэнэ. Хэнтийн Бор-Өндөрийн О.Уранбаяр гэж хүү сая зохион байгуулагдсан жүдо бөхийн тэмцээний үеэр дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатарыг цэвэр ялж хүрэл медаль хүртэж багшийгаа баярлуулжээ. Жамсран багш Уранбаярыг 73 кг-ын жинд сайн барилдаж хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж итгэл хүлээлгэж байгаагаа онцолно лээ.