Categories
мэдээ нийгэм

НДШ-ийн тайланг цахимжуулах төсөл 90 хувьтай явагдаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ) нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн тайланг цахимжуулах төсөл боловсруулж, Азийн хөгжлийн банк (АХБ)-ны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд ажлаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Энэхүү ажил нь одоогийн байдлаар 90 хувьтай хийгдэж буй бөгөөд энэ оны аравдугаар сард бүрэн цахимжиж дуусах юм байна.

НДШ-ийн тайланг цахимжуулах төслийн хүрээнд 2020-2024 онд даатгуулагч, иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг цахимаар, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай гаргаж өгөх зэргээр олон төрлийн цахим үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэх талаар ХНХЯ-наас мэдээлэв.

Нийгмийн даатгалын дэвтрийг цахим хэлбэрт шилжүүлэх нөхцөл бүрдсэнээр хуурамч лавлагаа авах, үндэслэлгүй тэтгэвэр тогтоолгох боломжгүй болох юм. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл, материалыг цахимаар хүлээн авч шийдвэрлэх боломжтой болох нь. Үүнээс гадна нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтыг зайнаас, цахимаар хийх, ажил олгогчийн санхүүгийн ажилтан, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудын ажлын ачаалал буурах зэрэг олон давуу талтай юм.

Categories
мэдээ нийгэм

2020-2021оны хичээлийн жилийн нийслэлийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар мэдээлэл хийлээ

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: Өндөржүүлсэн бэлэн байдалд орсон энэ үед хичээл сургуулийг есдүгээр сарын нэгнээс танхимын хэлбэрээр эхлүүлэхээр болсон. Нэг ангид 20 сурагчаас хэтрэхгүй сурагч суралцана. Нийслэлд 3 өдөр танхимаар 2 өдөр цахимаар хичээл орох зэрэг зохион байгуулалтын ажлууд хийгдэж байгаа. Халдварын дэгийг баримтлан хичээллэхээс гадна сум, багууд танхимаар хичээл орох юм.

Нийслэлд гурван өдөр нь танхимаар хичээллэх бол 2 өдөр цахимаар гэх зэрэг зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Цэцэрлэгийн цахим элсэлтийг зохион байгуулахгүй. Учир нь цахим бүртгэлийг хоёр настнуудыг бүртгэхэд зохион байгуулдаг, энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй учир цахим бүртгэл хийгдэхгүй. Нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэх цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Мөн иргэд хүсвэл сургууль дээр нь биечлэн очиж бүртгүүлж болно. Сурагчдын бүртгэл наймдугаар сарын гуравнаас 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдана.

Нэгдүгээр ангид элсэгчдэд тавигдах шалгуур:

-Нийслэлд хаягтай байх

-2014 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ

-Тодорхой шалтгааны улмаас өмнө нь нэгдүгээр ангид элсэн суралцаагүй 2010 оны нэгдүгээр сараас 2013 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүд элсэж болно.

-Гадаад улсын харьяалалтай хүүхдүүдийг бүртгүүлэхийн тулд харьяа сургууль дээр нь биечлэн уулзах шаардлагатай.

Мөн нэгдүгээр ангид хүүхдээ бүртгүүлэхийн тулд Parent.edu.mn сайтад нэвтэрнэ. Сайт руу нэвтэрч, шинэ хэрэглэгчийн бүртгэл нээх бөгөөд хуудсан дээр гарч ирсэн асуултуудад хариулж өөрийн хавтсыг үүсгэх юм байна. Нэгдүгээр ангид бүртгүүлэгчийн цонх дээр дарж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулснаар элсэх боломжтой сургуулиудын мэдээлэл гарч ирэх юм. Үүний дараа мэдээллээ хадгалж илгээх бөгөөд 24 цагийн дараа таны хүсэлт батлагдсан болон цуцлагдсан төлөвт шилжинэ. Цөөн тохиолдолд цуцлагдана. Хүүхэд хамран сургах тойрогт бүртгэлгүй, түр оршин сууж байгаа бол тухайн хаягаар бүртгүүлэх боломжгүй, хүсэлт цуцлагдсан гэсэн хариу ирэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын нөхцөл байдал

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 272 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас найман хүн гэмтэж бэртэн, хоёр хүн амиа алджээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 93 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.08.02-ны өдрийн 06:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Даргавай” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 41 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.08.02-ны өдрийн 20:00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Улаан чулуу” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож , жолооч 46 настай, эрэгтэй М-ийн амь нас хохирсон.
Иймд жолооч нарыг алсын замд хурдаа хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм

​Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагуудын удирдлагуудтай уулзсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, цаашдын хөгжилд нь нөлөө үзүүлдэг салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар. Тэдэнд чанар, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатайгаас гадна тухайн хүний хөгжлийн бэрхшээлээс хамаарч нэмэлт хэрэгцээ шаардлага гарч байдаг. Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал байгааг ТББ-уудын төлөөлөл хэлж байна.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтмол ууж хэрэглэдэг зарим эм, тариа, тос зэрэг нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлэх жагсаалтад байдаггүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд хэн нэгний тусламжгүйгээр зорчих боломж нөхцөл хангагдаагүй. Тусгай шаардлагад хэрэглэгддэг зарим бүтээгдэхүүн хилээр орж ирэх нь хязгаарлагдсантай холбоотойгоор сүүлийн үед хангалт хүрэлцээ муудах, үнэ нь нэмэгдэх зэрэг асуудал гарч байгаа зэрэг олон асуудлыг ярьжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийх ажил маш их байгаа. Үүнд чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгийг эрүүл мэндийн сайд хэлсэн.

Ялангуяа шинээр ашиглалтад орж байгаа эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэйгээр барьж байгуулах. Мөн хуучны барилга байгууламжуудаа ч шинэчлэн сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэх ажил нэн тэргүүний зорилтод туссан гэдгийг хэллээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардагддаг тусгай хэрэгцээт эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх бүхий л талын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарна гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцолсон талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түүхийг өөрчлөн түрүүллээ

Зүүний 17 дахь маэгашира Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёгийн сүүлчийн өдөр сэкивакэ Митакэүмиг бяраар ааглан ялж 13-2 амжилтаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хоёрдахь удаагаа түрүүллээ.

Удахгүй 29 нас хүрэх тэрбээр цагтаа сүмогийн дээд хэсэгт заларч, ёкозүна цолны болзол сонсож явсан нэгэн. Хэрвээ сүүлчийн өдөр Тэрүнофүжи ялагдсан бол 12-3 амжилттай гурван бөхийн хооронд нэмэлт барилдаан явагдаж магадгүй байсан.

Гэвч тийм зүйл болсонгүй. Тэрбээр хоёр өвдөгний гэмтэл, бас бус өвчний учир 2018 оны эхэнд дээд зиндаанаас уруудсаар бүр жониданд (сүмогийн зургаан зиндааны тавдахь нь) унасан билээ. Сүмогийн түүхэнд озэки цолтон жониданд буусан түүх огт үгүй, буучихаад эргээд дээд зиндаанд гарсан нь бүр ч дуулдаагүй. Гэмтэл бэртлээ бүрэн эдгээж амжаагүй ч яван чангарсаар сүмогийн дээд өрсөлдөөнд эргэн ирж, хамгийн эрхэм цомын эзэн болсон Г.Ган-Эрдэнэд баяр хүргэе.

Ийнхүү Монголын сүмочид Японы үндэсний спорт сүмод 88 дахь түрүүгээ хүртэв. Долдугаар сарын тэмцээнийг тэргүүлж явсан ёкозүна Хакүхо М.Даваажаргал (10-3-2)12 дахь өдөр гэмтэж, барилдаанаас гарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Япон улсын Элчин Сайд Кобаяши Хироюкитой уулзлаа

Image may contain: one or more people and indoor

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Япон Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас манай улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон JDS тэтгэлэгт хөтөлбөр, КООСЕН хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Сайд Л.Цэдэвсүрэн хоёр улсын харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, мэдээллийн технологийн нарийн мэргэжилтэн, инженер бэлтгэхэд илүү сайн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдад үдийн хоолоор үйлчлэх хууль, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр сургуулийн гал тогоог хангахад хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Ноён Кобаяши Хироюки Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг олон улсын жишигт нийцсэн ая тухтай орчинд суралцуулах шинэ сургуулиудын барилгыг төлөвлөгөөт хугацаанд хүлээлгэн өгч, хүний нөөцийг бэлтгэх хөтөлбөрүүдийг танай улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлд хандуулан үргэлжүүлэхийн зэрэгцээ Боловсрол, шинжлэх ухааны яамтай олон талаар хамтран ажиллана гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Сүхбаатар чиглэлийн замд болгоомжтой зорчихыг анхааруулаа

Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай замд болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. Энэ сарын 1-нд А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу усархаг ширүүн бороо орсон улмаас Шарын голын гүүр гараад 262-263-р км-т замын далан хөвөө гурван хэсэгт үерт урсаж эвдрэл үүсээд байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 429 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлма “Наймдугаар сарын 2-нд 429 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 7-р сарын 29-нд Сөүл-УБ-ын онгоц, Афганистанаас ирсэн иргэдэд хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдаж, 230 эдгэрсэн. 63 хүн эмчлэгдэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Легион цэрэг Х.Бямбасүрэн: Тэсрэх бөмбөг аюулгүй болгох үед зүрхнийхээ цохилтыг сонсож чадах тийм мэдрэг агшин байдаг


Дэлхийд алдартай Францын арми дахь легион буюу хөлсний цэргүүдийн талаарх олон сонирхолтой баримтууд байдаг.

Дэлхийн аль ч бүсэд, ямар ч нөхцөлд тулалдах, дайтах чадвартай, дээд төвшинд бэлтгэгддэг цэргүүдтэй гэдгээрээ гайхагддаг тус армид дэлхийн олон орны цэргүүд алба хааж байгаагийн дотор Монгол Улсын 100 гаруй цэрэг үүрэг гүйцэтгэн ажиллаж dea. Монгол легион цэргүүдийн төлөөлөл Хаш-Эрдэнийн Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрбээр Францын армид 14 жил тасралтгүй алба хааж байгаа бөгөөд, Францын армийн бага офицер цолтой, өдгөө салаан ахлагчийн ажил үүрэгтэй аж.


-Ярилцлагаа таны одоо үүрэг гүйцэтгэж байгаа газрын сонин сайхнаас эхэлье гэж бодлоо. Таны хувьд тасралтгүй арав гаруй жил Францын армид алба хаасан учраас мэдээж олон газарт очиж, олон ч дайнд оролцсон байх?

-Би одоо Өмнөд Америк тив дэх Гвиана гэдэг мужид үүрэг гүйцэтгэж байна. Энд Францын хоёр цэргийн анги байрлаж байна. Францын сансрын хиймэл дагуул эндээс нисдэг учраас хиймэл дагуулын аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт эндхийн газар нутаг тэр чигээрээ алт ихтэй.

Бразилчууд Францад хууль бусаар орж ирж алт ухаж байгаль орчин сүйтгэх, бохирдуулах зөрчил их байдаг. Өнөөдөр бидний энд гүйцэтгэж байгаа чухал үүрэг бол ойд хууль бусаар алт ухаж байгаа хүмүүсийг зогсоох, тэдэнтэй тэмцэх юм. Монголоор нинжа нар гэдэг шүү дээ. Энэ хүмүүс мөнгөн ус хэрэглэж, байгаль орчин бохирдуулах, ой мод сүйтгэх гээд олон зөрчил гаргадаг.

Дээр нь хүн олон цугларсан газар учир гэмт хэрэг зөрчил гарах гээд эмзэг байдал үүсээд байгаа юм. Энэ байдлыг зогсоох, тэмцэх үүрэгтэй ажиллаж байна. Энд байрлаж байгаа ангиасаа ширэнгэн ойд таваас долоон өдөр алхаж нинжа нар дээр очдог. Цаг агаарын хувьд далайгаар хүрээлэгдсэн учраас чийглэг уур амьсгалтай.

Ерөнхийдөө ширэнгэн ойд нойтон өвсөн дундуур олон цагаар алхаж очдог. Хувцас хатдаггүй, мөнхийн нойтон байдаг. Хуурай хувцсаа унтахдаа сольж өмсөөд маргааш нь нойтон хувцсаа өмсөөд явдаг. Очсон хойноо хууль зөрчиж байгаа иргэдийг хайж олно, хийж байгаа үйл ажиллагааг нь зогсоох-зэргээр олон ажил бий.

Яг одоогоор манай салаанд “Ковид-19” гараад бид бүхэн 14 хоног тусгаарлалтад ороод байна. Биднийг завиар хүргэж өгдөг хоёр нутгийн иргэдээс “Ковид-19” илэрсэн тул ийнхүү тусгаарлалтад орж, бидний оронд өөр баг ирж үүрэг гүйцэтгэж байна.

-Наана чинь тантай хамт хэдэн монгол цэрэг байгаа вэ. Цар тахлын нөхцөл байдал хэр хүнд байна?

-Манай салаанд надтай хамт дөрвөн монгол цэрэг байна. Ковидын халдвар байна. Цэргүүд байнгын бэлтгэлтэй биеийн эсэргүүцэл сайн учраас туссан ч гэсэн 14 хоног тусгаарлалтад ороод эдгэж байна.

Өндөр халуураад парацетамол уугаад эдгэж байгаа. Ковид туссан цэргүүд амтлах, үнэрлэх чадвар байхгүй болчихдог юм байна гэж ярьж байна. Биеийн эсэргүүцэл сайтай хүнд тийм ч айхавтар хүндрэл өгөхгүй эдгэж байна. Хууч, суурь өвчтэй, өндөр настай хүмүүст их халгаатай өвчин гэж яриад байгаа нь үнэн бололтой.


-Легионд тийм ч амархан тэнцчихдэггүй болов уу. Анх очиж байсан дурсамжуудаасаа хуваалцаач. Хөгтэй хөгжилтэй зүйл болж байв уу, эсвэл эсрэгээрээ хэцүү шантрахаар олон асуудал тулгарч байсан уу?

-Анх энд ирээд хэл мэдэхгүй хэцүү байсан. Хүүхдүүдээрээ шахуу ирж байж дээ.

Франц хэлээр хичээл ороод байдаг, ойлгохгүй, нэг тийм хүнд үеийг давсан. Францаар л ярихыг зөвшөөрдөг учраас өөр хэлээр ярих боломжгүй. Тэгээд манайхнаар “та та тун га дана” гэдэг бил үү. Олон орны залуучууд хоорондоо хэл нэвтрэхгүй францаар ярина, ойлголцоно гэдэг бөөн инээдэм болдог байлаа. Хэлээ л хурдан сурахыг хичээсэн. Хурдан ч сурсан гэж боддог.

Гутлаа бараг тайлахгүй, бэлтгэл байнга хийдэг, өдөр болгон цүнхээ үүрээд алхалтууд хийдэг учраас хөл нэлдээ цэврүү. Анхны алхалтуудыг одоо бодоход бага багаар хийдэг байсан ч шинэхэн цэрэг бүх хэрэглэлтэй цүнхээ үүрээд алхдаг байсан учраас хөлний асуудал их чухал байдаг байж билээ.

Биедээ буу зэвсэг бусад хэрэглэл, дээр нь цүнхтэйгээ нийлээд бараг 50 кг ачаатай явна гэсэн үг. Хөлөө цэврүү үсрээд ирэхээр хоёр давхар оймс өмсөнө. Ер нь легион цэрэгт хөл маш чухал. Өдөр болгон хол алхаж, гүйж албан үүргээ гүйцэтгэдэг учраас хөл сайтай байх ёстой. Ялангуяа хөлөндөө шарх сорвитой, гэмтэл бэртэл авч байсан бол асуудал гэсэн үг.

-Одоо та Францын цэргийн армийн бага офицер цолтой. Хэдэн онд цол нэмж байсан бэ. Олон орны шилдэг цэргүүдээс цойлж гарч ирнэ гэдэг бас том амжилт байх?

-Хурдан цол ахиж байсан ч шүү. Миний цэргийн карьер 2008 оноос эхэлж байлаа. Эхлээд Орос, Америк, Франц, Африк, Япон, Итали, Герман гээд олон орны залуучуудтай мөр зэрэгцэн хичээллэж эхэлсэн.

Одоо эдгээр олон улсын залуучуудаа ахлаад салаан дарга хийгээд явж байгаа нь сайхан санагддаг ч нөгөө талдаа 27 хүний аюулгүй байдал, амь нас, тэдний цаашдаа өсөн дэмжих боломж, хүний нөөц, сургалт гээд олон асуудлыг хариуцан ажиллана гэдэг том хариуцлага юм байна. Өдөр болгон буу зэвсэгтэй харьцдаг хүмүүс учраас эрсдэл өндөр.

Нэг удаа буруу шийдвэр гаргавал хүний амь нас эрсдэх ийм аюул ойрхон байдаг учраас маш өндөр хариуцлага юм даа. Монголын анхны бага офицер, анхны салаан даргаар томилогдон ажиллаж байна. Намайг цол нэмж байхад бага офицер цолтой монгол цэрэг байгаагүй. Миний эзэмшсэн мэргэжил “Мина, тэсрэх бөмбөг салгаж аюулгүй болгох” юм.

Аливаа байлдааны ажиллагаа эхлэхээс өмнө тухайн замыг онгойлгож, тэсрэх бөмбөг, мина салгаж аюулгүй болгох үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Зам онгойлгосны дараа цэргүүд тэр замаар явж үүргээ гүйцэтгэдэг. Би Францын Цэргийн инженерийн сургуулийг төгссөн. Бас Францын газрын армийн дээд зэргийн мэргэжил гээд хоёр жилийн сургуулийг төгссөн.

-Тэгвэл та их эрсдэл өндөртэй мэргэжил эзэмшсэн юм байна шүү дээ. Хэчнээн дайнд оролцож байсан бэ. Мэргэжлийн ур ухаан гаргаж хэчнээн бөмбөг аюулгүй болгосон тухайгаа сонирхуулаач?

-Аюулгүй болгосон бөмбөгийн тоо хэлэхэд хэцүү байна, багийн хамтын ажиллагаа байдаг учраас.

Дайны тухайд, Афганистанд зургаан cap үүрэг гүйцэтгэсэн. Тэнд тэсрэх бөмбөг аюулгүй болгох буюу зам онгойлгож байлаа. Зургаан сарын турш өдөр бүр зам дээр тэсрэх бөмбөг, пуужин, мина юу байдгийн бүхий л тэсрэх дэлбэрэх зэвсгийг шинжилж, аюулгүй болгож, зам онгойлгоно.

Бас Иракт зургаан cap сургагчаар явсан. Иракт ажиллах хугацаанд Исламын улсын эсрэг ажиллагаанд оролцсон. Тэнд сургагчаар явахдаа яаж тэсрэх бодистой харьцах уу, яаж аюулгүй болгох уу, хэрхэн хайж олох уу, олсон үедээ ямар арга хэмжээ авах уу гэх зэрэг хичээлийг цэргүүдэд зааж байсан.

Мөн 2014 онд Африкийн Малийвд терроризмын эсрэг ажиллагаанд оролцсон. Тэрнээс бусад нь Францын бусад арлуудаар их явлаа. Өнөөдөр дайнтай, байлдаантай байгаа улс орнуудад хамгийн гол аюулын нэг нь тэсрэх бөмбөг байдаг. Цэргүүд ямар нэг газраар явахаас өмнө эхлээд бид нар зам онгойлгож өгнө. Тэрний дараа цэргүүд явдаг ийм л ажил хийдэг дээ.

-Амь насанд эрсдэлтэй ийм хүнд ажил юм байна. Яг тэсрэх бөмбөг, пуужин, мина аюулгүй болгож ажиллах тэр мөчид сэтгэл зүй ямар байдаг вэ. Айж сандрах үе бий юу, эсвэл харин ч анхаарал төвлөрөл өндөр байдаг уу?

-Айна гэхээсээ илүү хамгийн гол нь энэ ажил ганц миний амь настай холбоотой асуудал биш, маш олон хүний амь нас эрсдэлд орох учраас маш өндөр хариуцлага юм. Үүрэг хариуцлагаа өндөр ухамсарласан байдаг гэх үү дээ.

Хэрвээ би энэ замыг онгойлгож чадахгүй бол 20, 30 хүний амь нас эрсдэх аюултай учраас миний амь нас гэхээсээ илүү энэ олон цэргүүдийн амь нас, тэдний ар гэр гээд маш олон хүний эрх хөндөгдөнө гэж боддог. Үүргээ маш сайн ухамсарлаж, маш хариуцлагатай, дутуу ажил хийж болохгүй. Яг бөмбөгөн дээр очоод аюулгүй байдлаа бүрэн хангаад заавраа дагаад ажиллахад тийм ч ажиллаж болохгүй хүнд ажил биш.

-Нарийн мэдрэмж, ур ухаан шаарддаг байх даа?

-Мэдээж тодорхой шалгуур бий. Манай ангид ийм мэргэжилтэй болж байгаа 12 хүн байна. 900 цэргээс 12 нь энэ мэргэжлийг эзэмшжээ. Нөгөө талаар хүн бүрийн хийхийг хүсдэг ажил биш байх л даа.

Зарим нь айна, эсвэл оюуны чадавх хүрэхгүй байх гээд олон зүйлээс шалтгаалдаг болов уу. Маш тайван, дуу чимээгүй, эргэн тойрон хамгаалагдсан, аюулгүй орчинд ганцаараа хийдэг ажил. Өөрийнхөө зүрхнийхээ чимээг хүртэл сонсох, хурууны өндгийг хүртэл мэдэрдэг тийм үе. Шороо чулуу болгон эмзэг чухал зүйл мэт санагддаг.

Бүх анхаарлаа тэр зүйлд төвлөрүүлж ажилладаг гэх үү дээ.


-Легион цэрэг биедээ хэчнээн буу зэвсэгтэй явдаг юм бэ. Сум нэвтрэхгүй хантааз өмсдөг биз дээ. Хувцас хэрэглэл нь хүний аюулгүй байдлыг хэр хангасан байдаг юм бол?

-Хувцас хэрэглэлийн тухайд өөр өөрийн онцлогтой явган цэргийн анги, мина, тэсрэг бөмбөгийн анги гээд олон анги бий. Анги болгоны онцлогоос хамаарсан өөр өөрийн гэсэн тусгай хэрэгсэл, буу зэвсэг ашигладаг.

Францын арми 143 орны 9,000 легион цэрэгтэй. Ерөнхийдөө цэрэг болгон хоёр буутай байна. Нэг том буу, нэг гар буутай явдаг. Тэсрэх гар бөмбөг авч явна. Мэргэжлээсээ хамаараад өөр өөр буутай байна. Жирийн сум нэвтрэхгүй хантааз зөвхөн цээж, нуруу хоёр талаараа хамгаалагдсан байдаг. Тусгай дэлбэрэлтээс хамгаалсан хувцас бас бий.

-Ажиллагаанд явахдаа биедээ буу зэвсэг авч явахаас гадна үүргэвчиндээ маш хүнд ачаатай гардаг гэж сонссон?

-Ажиллагаанд явж байгаа цэргүүдийн үүргэвчинд дор хаяж 48 цагийн хоол хүнс, унтаж амрах хэрэгсэл, эмнэлгийн анхан шатны эмийн сантай байна. Шархадлаа гэхэд эмнэлгийн анхан шатны эм тариа, боолт хийх шаардлагатай зүйлсүүд багтана.

Биедээ өмссөн хувцас хэрэглэл, буу зэвсэгт 15 кг, цүнхэндээ 20 кг ачаатай явдаг, дор хаяж. Ус маш чухал. Хол алхдаг учраас замдаа уух усаа авч явна. Өдөрт дунджаар дор хаяж зургаан литр ус уудаг.

Хүн зургаан литр ус авч явах уу, 12 литр ус авч явах уу гэдэг тухайн цэргийн өөрийнх нь асуудал. Юм болгоныг аль болох хөнгөн байлгах гэж хичээдэг дээ. Шүдний сойзоо хүртэл ишийг нь тайраад авч явдаг.

-Өдөрт хэдэн километр алхдаг гэсэн үг үү?

-Очих газраасаа шалтгаална. Ойд бол дунджаар 15 км алхана. Ойд бартаа ихтэй учраас таван километр газар бараг таван цаг алхаж туулдаг. Гол ус гатална, даваа толгойд өөдөө мацна гээд бартаа ихтэй.

Жирийн тэгшхэн газар таван км газар нэг цаг л зарцуулна шүү дээ. Ерөнхийдөө нэг цэрэг жирийн нөхцөлтэй бартаагүй газар цагт зургаан км алхана гэж дундчилж тооцдог. Ойд урагшлахгүй ээ. Гол таарна, уул, даваа ихтэй. Өвдөнө, ядарна гээд байж болох олон л асуудал тулгардаг даа.

Үргэлжлэл бий…