Categories
мэдээ цаг-үе

Цагдаагийн байгууллагаас гал голомтоо бадраасан хоёр хурандаагийнх

“Танайд өнжье” буландаа энэ удаа 100 жилийн түүхтэй Монголын цагдаагаас гал голомтоо бадрааж, шинэ мянганы түүхийг нь бичилцэж яваа хоёр сайхан хурандааг урьж, зочилсондоо талархалтай байна. Гэрийн эзэн РаахүүгийнТөмөрбаатар Цагдаагийн ерөнхий газрын Барилга, хяналтын тасгийн дарга.

Хоёр жилийн өмнө буюу 2018 онд Улс тунхагласны баяраар хурандаа цолоо одоогийн Хууль зүйн яамны дэд сайд, тухайн үед Монголын цагдааг удирдаж байсан С.Баатаржаваас гардаж авсан эрхэм нэгэн. Харин гэрийн эзэгтэй цагдаагийн дэд хурандаа Султанмуратын Дина. Цагдаагийн байгууллагад анх үйлчлэгчээр орж дэд хурандаа болтлоо дэвшин 30 шахам жил ажилласан түүнийг цагдаад таньдаггүй хүн гэж бараг л үгүй. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст нярав, дараа нь нийслэлийн цагдаад ахлах нягтлан бодогч, ингээд төв аппарат буюу Цагдаагийн ерөнхий газарт хариуцлагатай алба хашиж, дотоод хяналт шалгалт, бодлого төлөвлөлт гээд түүний гар бие оролцоогүй салбар чиглэл ховор юм билээ.

Р.Төмөрбаатар хурандаа “Ах нь яах вэ, цагдаагийн байгууллагын хэмжээнд баригдаж буй бүх барилгын явцыг хянадаг ийм л ажилтай хүн. Харин миний хань бол Монголын цагдаад хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн” гэж ханиараа бахархан хэлсэн юм.

Дина дэд хурандаа Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд байх үед цагдаагийн стратеги төлөвлөлтийг эрдэмтэн докторуудын хамт боловсруулж, суурь судалгааных нь ажлыг хийж цагдаагийн цаг үеийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулжээ.

“Намайг ЦЕГ-т бодлого зохицуулалтын чиглэлийн ахлах байцаагч хийж байхад цагдаагийн байгууллагын төлөвлөлтийн асуудал тавигдсан. Төлөвлөлт гэдэг тодорхой үе шаттай, шинжлэх ухаанчаар явагддаг зүйл. Дорлигжав сайдын үед стратеги төлөвлөгөөг бодлого төлөвлөлтийн хууль,“2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-тэй уялдуулан“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулах ажлыг сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургууль, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хэрэгжүүлсэн. Хууль сахиулахын ажлын хэсгийг тус сургуулийн дэд захирал хурандаа Бат-Эрдэнэ, ЦЕГ-ыг тэргүүн дэд дарга, хурандаа Батсүх нар ахалсан. Ажлын хэсэгт туслах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсэг байгуулагдах шаардлагатай болсон. Дэд ажлын хэсгийн жинхэнэ мэргэжилтнүүдийн багийг миний бие ахалсан. Бат-Эрдэнэ захирал шинжилгээний төвөөс ажлаа эхэлсэн өндөр мэдрэмжтэй, стратеги төлөвлөлт болоод ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход мэргэшсэн, суурь сайтай хүн байсан. Мөн тэр багт орж ажилласан эрдэмтэн докторуудыг хэлэх хэрэгтэй. Ингэж бид бүхэн12 жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжих стратеги төлөвлөгөөг боловсруулсан” гээд ярих нь үнэндээ лут сонстоно. Тэгээд зогсохгүй “Стратеги төлөвлөгөөгөө Б.Пүрэв генерал (Монголын цагдаагийн загалмайлсан эцэг гэгддэг)-д танилцуулж байсан. Пүрэв генерал “Цагдаагийн байгууллага шинжлэх ухаанчаар хөтөлбөр төлөвлөгөөндөө анхаардаг болжээ. Энэхүү стратеги хөтөлбөр маш сайн боловсрогдсон байна. Манай алба хаагчид өндөр чадамж чадавхтай болсны илэрхийлэл, бид ийм хүмүүсийг бэлдсэн байна” гэж сэтгэл хангалуун хэлсэн” гэх нь бүр чиг даац далайцтай сонстож байгаа юм. “Би яах вэ, манай хүн л…” гэж гэрийн эзний хэлсэн нь ийм учиртай байх нь.

Бидний яриа хөөрөө ингэж л стратегийн хэмжээнд эхэлсэн. Төмөрөө хурандаа ээж талаасаа гэвэл Архангайн Хашаатын хүн. Дина эгч болохоор казах бүсгүй. Гэхдээ түүнд казах гэх ул мөр бараг л харагдаагүй гэхэд хилсдэхгүй. Ярианд ямар нэгэн аялга байхгүй, царай нь бол яг л монгол эмэгтэй. Аав нь эдүгээ ерэн таван настай буянт буурал Туул голын хөвөөг даган амьдарч байна, ээж нь ч өндөр сайхан насалж байна. Ховд, Баян-Өлгийн казахууд бөгөөд бага залуудаа Улаанбаатарт ирж танилцан гэр бүл болцгоожээ. Дина эгчийн бага нас Дэнжийн 1000-ын карьерийн байр буюу тэр үеийн зам гүүрийн ажилчдын байранд өнгөрсөн байна. Сурагч ахуйдаа ариун цэврийн дарга, салаан дарга, ангийн дарга гээд өөрийнх нь хэлснээр баахан сэтэртэй байж. “Нийгмийн идэвхтэй тийм нөхөр чинь хувьсгалт залуучуудын эвлэлд үеийнхнээсээ хамгийн түрүүнд элсэнэ биз дээ” гээд инээд алдав. Дүүргийнхээ шилдэг сурагчаар шалгарч “Орос хэлний нэвтэрхий толь” зэрэг олон гоё номоор шагнуулснаа дурсаад авсан. Багаасаа ном уншдаг, нагац ахынхаа даалгавраар уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлдөг, тэгж номын ухаанд, монгол хэлний баялаг сан, монгол үгийн охь дээжсийг мэдэрч өссөнөө сонирхуулсан. Одоо миний мөрөөдөл “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийг гэртээ залах гэж хэлсэн нь яруу найрагч, номын садан надад хичнээн дотно санагдсан гэж санана. Төрийн шагналт Дамбын Төрбаттай холбогдоод 108 ботийг авахаа хоёул тохирлоо. Номыг ингэж дээдэлдэг номтой айл байна. Хоймрынх нь шүүгээнийн дээд талд хоёр гурван хазаар байгаа нь нүднээ тусав. Төмөрбаатар ахыг хурандаа цол хүртэхэд төгсөгчид нь суран хазаар бэлэглэжээ. Мөн хуучны хар мөнгөн товруутай казах хазаарыг аав нь манайхны ахуй амьдралыг миний охин залж авч яваа гэж хүндэтгээд овог омгоос нь үе дамжиж ирсэн тэрхүү хазаарыг өгчээ. Мөн улаан бургасыг зэсээр ороож нарийн хийцтэй урласан гөрмөл суран казах эмэгтэйн ташуур байсан нь гэрийн эзэгтэйд ижий ааваас нь өвлүүлсэн нандин өв. “Аав маань эртний эдлэл цуглуулдаг. Манайд бүр эртний хоёр зэс таваг байгаа. Хуучны кинон дээр харагддагховор эд” гэж сонирхуулав. Энэ мэт эцэг өвгөдийнх нь буян нүнжиг, сүлд хийморь оршсон дурсгалт зүйлс хурандаагийнд үзмэр лугаа хараа булаах нь сонихон.

Зүүн гар талаас дэд хурандаа С.Дина, Хууль зүйн дэд сайд Удвал, генерал Ч.Амарболд

“Та хоёрын танилцсан түүхийг сонирхъё” гэхэд Төмөрөө хурандаа “Манай хүн өнгөтөөр яриад өгнөө” гээд инээвхийлэв. Энэ даруйд гэрийн эзэгтэй баруун аймгийнхаа аагтай өтгөн шаргал цай чанаж, өрөм ааруул, чихэр жимс таваглан, уур савссан жигнүүрт бууз өрөх зуураа “Дунд сургуульд химийн багш Бэгз “Заяаны хань зам дээр байдаг” гэж хэлэхэд нь, та юунд ингэж сонин зүйл хэлдгийн, зам дээр таардаг хань гэж юу байхав” хэмээн доог тохуу хийдэг байв. Нээрээ л заяаны хань зам дээр таардаг юм билээ. Бид хоёрын түүх Сонгинын цагдаагаас эхэлсэн. Би нярваар ажилд орох үед Цагдаагийн академийн хэдэн оюутан дадлага хийхээр ирсэн. Тэр дунд Төмөрөө байлаа” гэв. Тэр хоёр Сүлжмэлийн автобусны буудал дээр биенээ харж, автобусанд анх танилцаж, Бэгз багшийнх нь хэлснээр “яг замын голд” учирчээ. Ерэн зургаан онд нэг гэрт орж Төмөрөө хурандаагийн ээжид Мах комбинатаас өгсөн ганц өрөө байрны гал тогооноос амьдрал нь эхэлсэн гэдэг.“Бид хоёр амьдралаа өөрсдөө босгосон” гэж хэлсэн нь сайхан санагдсан. Эл хоёр залуу хурандааг амьдралаа босгоход хоёр талынх нь нэг нэг нагац, хүндтэй буурлуудын сургаал үг чиг шугам нь болжээ гэх бодол төрнө. Төмөрбаатар хурандаагийн нагац ах Дамбын Хишигбаатар гэж Галын албаны дарга байсан, бүхий л насаараа уг албанд зүтгэж олон түмэнд “Галын Хишгээ” гэж нэрлэгдсэн ёстой домогт хүн. Тэр хүний ил цагаан, шулуун шударга үг амьдралд нь нөлөө болсон байх. Султанмурат гэж казахын омгийн ахлагч, урт цагаан сахалтай аксакалын хавхаар чоно барьж, түүнээ мөрөн дээрээ тохсон ерэн тавтай хөгшний зургийн хажууханд Хишигбаатар гуайн зураг байсан. Бас нэг хүндтэй хүн нь Дина эгчийн нагац ах Хавдалын Жука гэж Барилгын цэргийн 22 дугаар ангид автын механик хийж байсан, Алтан гадас одонтой, тэдний удмынхны бахархан дээдэлдэг хүмүүн. “Биднийг залж хүмүүжүүлсэн хүн дээ” гэж гэрийн эзэгтэй хэлж байна. Казах хүн хэдий ч буддын шашныг шүтдэг, буддын философийг дээдэлдэг байсан нь сонин. “Юу тааралдсанаа идэж, ялих шалихгүй зүйлээр өөрийгөө хооллож сурах нь чухал, хэзээд хэрэг болно. Хүнд чин сэтгэлээсээ чай чанаж, хоол хийж өгч сур, буян нь чамд оршино. Чамд хүн бохир аяганд цай хийж өгөхөд түүнийг рашаан гэж бодоод ууж бай. Тэгвэл чи өвдөхгүй” гэж хэлж, чухамхүү амьдралын үнэнийг сургасан байх юм. Тэр хүний философиор тэдний удмынхан явж, буддын шашныг шүтдэг, номыг дээдэлдэг хүмүүс болцгоожээ.

Дина багаасаа хуулийн хүн болно гэж зүтгэж, Их сургуулийн хуулийн ангид өрсөлдсөн боловч 193 хүүхдээс хоёрт жагссанаар хүссэн сургуульдаа орж чадаагүй байна. Нэгт жагссан хүүхэд нь ганцаараа хуулийн ангид орсон гэдэг. Ингээд нэг, хоёр жил аавынхаа зам гүүрийн ажилд тусалж, ажилчин ангийн эгнээнд явж байгаад тухайн үед Пүрэв генералын санаачилгаар байгуулагдсан ЦЕГ-ын гуравдугаар тусгай тасагт үйлчлэгчээр оржээ. Тэрхүү тусгай тасаг “Жаран хар” нэртэй шилдэг залуучуудаар бүрдсэн байв. Мөнхдалай хурандаагийн хүү Бат-Эрдэнэ, Хурцгэрэл хурандаагийн хүү Болдбаатар гээд нэртэй хурандаа нарын хүүхдүүд ч байжээ. Тэр олны дунд явахдаа бие хамгаалах ур чадварыг эзэмшиж, ялангуяа гэнэтийн довтолгооны үед өөрийгөө хэрхэн яаж хамгаалах, мөн ямар тактик боловсруулж ажиллах зэргийг сурсан гэнэ. Дээрээс нь цэвэрлэгээ хийнэ гэдгийг мэргэжлийн түвшинд сурчээ. Аж ахуйн дарга нь цагаан хөвөн барьж ирээд ажлыг нь шалгадаг байсан гэдэг. Тэнд хамт ажиллаж байсан бүсгүйчүүд өөрсдийгөө “мэргэжлийн хоккейчид” хэмээн нэрлэдэг гэсэн. Шалны модоор “хоккей тоглож” мэргэшсэн нь цаашдын амьдралд нөлөөлсөн нь мэдээж. Тусгай тасгийн үйлчлэгчээр ажиллаж байхад Жука нагац ах нь санхүүгийн боловсрол эзэмших чиг үүрэг өгчээ. Үүний дагуу Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дээд курст нягтлан бодогчоор суралцаж онц дүнтэй төгсөөд ХААДС-ийн нягтлан бодогчийн эчнээ ангид үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гарджээ. Түүнийг санхүүгийн чиглэлээр явахад ахуй амьдралаа болгочихно гэдгийг Жука ах нь сайн мэдэж байж. Динаг гуравдугаар ангид байхад, 120-ын худалдааны төвд худалдагч байсан ээж нь хүндээр өвчилж тэр л цагаас гэрийнхээ санхүүг барьсан байна. Аавынхаа тэтгэвэр, нагац ахынхаа цалингаар арван хүний сарын хэрэгцээг зохицуулна гэдэг бага ангийн балчир охинд амаргүй даваа. Гэвч түүний багын хичээл зүтгэл, амралтаараа ажил хийж дүү нарынхаа хичээлийн хэрэгслийг олдгоос аваад ээжийнхээ, бага дүүгийнхээ эмчилгээний зардлыг олох гээд бүхий л зүйлд өөрийгөө дайчлан, ажлыг гололгүй хийж ирснийг нь сонсоход бахархалтай. Эл бүхнийг нагац нь мэдэх учир нягтлан бодогч болгож, Монголын цагдаагийн замнал түүхтэй холбогдсон амьдралынх нь алтан харгуйг эхлүүлжээ.

Дина дэд хурандаагийн амьдралын замнал арав арван жилээр зааглагдана. Эхний арван жил мэдээж СХД-ийн цагдаагийн хэлтэстэй холбогддог. Гуравдугаар тусгай тасагт байсан Чулууны Мөнхбат дарга нь Сонгины цагдаад анх нярваар ажилд авсныг дурсдаг. Тухайн үед Сонгинохайрханы цагдаагийн хэлтсийн байр байдал, нөхцөл тун хэцүү. Адаглаад дотроо 00-гүй, айлын нохойд хөөгдөн барьж 00 ордог, зун нь бороо орж ус тогтвол хашаанаас зүүгдэн зуурч явдаг ийм л дүр зурагтай байсан. Үе үеийн дарга, удирдлагууд тохижуулж Монголын хамгийн том дүүргийн цагдаагийн хэлтсийг бий болгожээ. Үүнд Динагийн хувь нэмэр их байсан нь “Зуун айл руу зуун удаа явж барилгын ажилд бараг мэргэжлийн болсон” гэх ярианых нь сэжүүрээс аандаа мэдрэгдэнэ. Мөнхбат хошуучаас Пүрэв хурандаа тэгээд Бумнанжид, Болдбаатар, Цог, Энхтөр гээд нэртэй хурандаа нар, мөн ШШГЕГ-ын дарга байсан Ганхүү генерал гээд дандаа луугарууд удирдаж байсан юм билээ. Тэр аваргуудтай ажилласан он жилүүд Дина дэд хурандааг практик дээр жинхэнэ боловсруулаад, мэргэшүүлээд өгчээ. “Пүрэв хурандаагаас би албан бичиг хөтлөлтийн стандартыг, Баатарын Болдбаатар хурандаагаас цэвэр аж ахуйн ажлыг сурсан” гэв. Пүрэв дарга нь нярвын ажилтай түүнийг бичээчийн ажлыг давхар хийлгэж сургасан нь хувь хүний чадварыг нь үнэлсэн үнэлэлт байжээ гэж бодогдоно. Болдбаатар хурандаа Сонгины цагдаагийн хэлтсээс ЦЕГ-ын дэд даргаар томилогдоод явахдаа “Ажлаа

үнэнчээр хий. Нам улс төр энээ тэрээ хамаагүй. Ажлаа үнэнч, чин шударгаар хийсэн байхад амжилт өөрөө ирнэ” гэж захисныг мартдаггүй юм билээ. Ер нь Дина хэмээх энэ хатагтай хүний их бага нь хамаагүй тусыг мартдаггүй, дандаа ач буян санадаг, мөн бусдын сайн сайхан чанарыг өөртөө агуулж чаддаг, сайн сайхныг нь олж харах билгийн мэлмийтэй хүн гэдэг нь яриа бүрээс нь илт анзаарагдаж байсан. Нийслэлийн цагдаад ажилласан он жилүүдийг нь сөхөхөд бүр ч илүү мэдрэгдэж байв.

Нийслэлийн цагдаагийнх нь 10 жилийг томьёолно гэдэг амаргүй л дээ.Нийслэлд ажиллаж байх хугацаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр хяналт шалгалт ирдэг, тэр шалгалтаар гурван удаа нийслэлийн цагдаа нэгдүгээр байрт орж байсныг сонирхуулсан. Нийслэлийн шилдэг байгууллагын шилдэг ажилтан болсноо ч нуугаагүй. Тодруулбал “Захиргааны шилдэг” хэмээх өргөмжлөл 500 мянган төгрөгийг Д.Батжаргал даргаасаа гардахад танхим дүүрэн хүмүүс нижигнэтэл алга ташиж баяр хүргэжээ. Энэхүү алга ташилтын нүргэлсэн чимээ Дина бүсгүйд өгсөн хамт олных нь баяр талархлын илэрхийлэл байлаа. Нийслэлийн цагдааг Д.Батжаргал дарга удирдах үед их хотод “Аюулгүй Улаанбаатар” гэх стандарт мөрдөгдөж, “Эргүүл” хөтөлбөрийг санаачлан ажиллах үед хэв журам аюулгүй байдлыг тогтоохоор судалгааны төвтэй хөтөлбөр боловсруулах ажил тулгарчээ. Уг хариуцлагатай ажлыг Батжаргал дарга Динад даалгасан байдаг. “Хоёр сарын хугацаанд цуцалтгүй ажиллахдаа миний бие бүх дүүргүүдийн хэв журмын хэлтсийнхэн хөдөлгөөнт эргүүлийнхэнтэй уулзалт хийсэн” гэж хэлнэ билээ. “Намайг шагнуулахад олон хүн баярласан. Ажил бүтээлээрээ бүх хүнд өөрийгөө таниулна гэдэг бахархалтай юм билээ” гэж даруухнаар хэлсэн нь ямар чиг ажлын ард зүтгэж гарч байж санаа нь амардаг хүн мөн дөө гэх бодлыг төрүүлэв. Нийслэлийн цагдааг Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын дарга буурал Ганболд, Бумнанжид хурандаа, тэгээд Баатаржав сайд, АТГ-ын Мөрдөн байцаах газрын дарга байсан, ХСИС-ийн захирал асан Ө.Энхтөр гээд Монголын хууль хүчний шилдгүүд удирдаж байсныг бид мэднэ. “Төрийн албан бичгийн стандарт гэдгийг Монголын цагдаад бий болгож чадсан хүн бол С.Баатаржав дарга, албан хаагчдаа хайрлах хүндэтгэх, шагнал урамшууллын систем шударга байхыг шаарддаг хүн нь Энхтөр дарга” гэх нарийн нягт тодорхойлолтыг Дина эгч хэлнэ билээ.

Гэрийн эзэгтэйтэй цай цүй, хоол унд болох зууртаа эл бүгдийг ярилцаж суув. Бид хоёрын яриан дундуур Төмөрбаатар хурандаа хаа нэгтээ орж ирнэ. Цэрэг, цагдаагийн хүнд л зориулагдсан бие хаа байх гэж харахаар өндөр нуруулаг тэрээр багаасаа усан спортыг сонирхжээ. Сонирхогчдын усан сэлэлтийн аваргын алт мөнгөн медальтай гэж байгаа. Дугуйн спортоор хичээллэдэг, боломж л гарвал дугуй унах дуртай, яалт ч үгүй спортын сонирхолтой хүн байх нь. Энэ гэр бүлээс мэдрэгдсэн нэг сайхан зүйл нь тэднийх албан ёсны нэг охинтой ч, дүүгийнхээ гурван хүүхдийг өөр дээрээ авч өсгөж сургуультай, ажил албатай, амьдралтай нь залгуулжээ. Тэр гурван хүүхэд гурвуулаа хоёр хурандааг аав ээж гэж дууддаг байна. Өөрийнх нь охин Баярзул Хятадад дунд сургууль төгсөөд одоо Солонгост эдийн засгийн чиглэлээр магистерт сурч байна. Том охин Жанар мөн Хятадад уламжлалт анагаахын чиглэлээр сургууль төгсөөд магистерт сурч байгаа бол том хүү Аскар өөрийн төрсөн ижий аав, эмээ өвөөгийнхөө хажууд мал маллаж байна. Бага хүү Эрдэнэболд Дотоод хэргийн их сургуулийг төгсөөд Зүүнхараагийн хорих ангид аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллаж байна. “Бид хоёр саяхан бага хүүгээ Зүүнхараад төвхнүүлж өгөөд ирлээ” гэж байсан. Албан ёсны нэг хүүхэдтэй хэрнээ дөрвөн хүүхэд өсгөсөн, үндсэндээ дөрвөн хүүхдийн ижий аав аз жаргал, хайр гэрэлтсэн гэр бүл. “Дүү маань гэр бүлийнхээ хүний хамт аав ээж хоёрыг минь асраад, тэр том ажил албыг залгуулж байхад хүүхдүүдийг нь өсгөж сургууль номтой, ажил албатай болгох нь бид хоёрын үүрэг” гэж гэрийн эзэгтэй хэлэхэд маш гоё санагдсан шүү. Хятадад хоёр хүүхдээ сургахын төлөө гурван өрөө байраа зарж хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийсэн нь гайхалтай.

Гавьяат хуульч, комиссар Д.Хишигбаатар, С.Дина нар.

Дина дэд хурандаагийн хувьд нягтлан бодогчоос санхүүгийн хяналт шалгалтын ахлах байцаагч, Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг бүртгэлийн ахлах, Шуурхай удирдлагын төв байгуулагдахад мэдээллийн ахлах менежер, ЦЕГ-ын газрын Захиргааны удирдлагын хэлтэст бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн гээд түүний ажлаагүй, гар бие оролцоогүй салбар Монголын цагдаад ховор. Тэр бүгдийг нэг бүрчлэн бичих боломжгүй. 2015 оноос ЦЕГ-ын Дотоод хяналтын албанд ажиллан Цагдаагийн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хяналт шалгалт тавих тийм л хариуцлагатай албыг нэр төртэй гүйцэтгэсэн. Эрдэм шинжилгээний ажлын эх үүсвэр нь тэндээс эхэлжээ.“Манай хүн сүүлийн үед докторынхоо ажилд ихэд шамдаж байгаа. Их ч том сэдэв авсан юм” гэж Төмөрбаатар хурандаа яриан завсраа хэлсэн. Дэд хурандаа “Дээр дурьдагдсан стратеги хөтөлбөрийн талаар Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баясгаланд танилцуулж, тодорхой зарим нэг хөтөлбөр, арга хэмжээг 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулсан, мөн Хууль сахиулахын их сургуулийн дэд захирал Б.Бат-Эрдэнэтэй хамтарч цагдаагийн ажлын хэсэгт ажилласан нь эрдмийн цол зэрэг горилоход нөлөө болсон байдаг. Дээрээс нь мэдээж цагдаагийн байгууллагын 2017 оны хэрэглэгчийн үнэлгээний суурь судалгааг хийж чадсан явдал. “Миний судалгаан дээр үндэслэж хүмүүс магистер, докторын ажлаа эхлүүлэх боломжтой” гэж бардам хэлэхийг бодоход үнэхээр сайн судалгаа байх нь. “Би цагдаагийн эмэгтэй албан хаагч нартай ажиллах жаахан дургүй хүн. Харин чиний чадварыг бол үнэллээ. Монголын цагдаа өөрийн гэсэн стратегичтэй болжээ. Цагдаагийн эмэгтэй албан хаагчид чадавхжсан байна. Чи боловсролоо дээшлүүл, докторын зэрэг хамгаал” гэж барагтайд үг унагаад байдаггүй Бат-Эрдэнэ захирлын үг Динаг докторын ажилд шамдах урам зоригийг төрүүлжээ. Түүний докторын сэдэв “Цагдаагийн байгууллагын шинэчлэл, хөгжлийн чиг хандлагыг тодорохойлох нь” хэмээх утга агуулгын хувьд үнэндээ барахааргүй том сэдэв. “Үүнийг хамгаалаад гараад ирэх юм бол хүний нөөц, санхүү эдийн засаг, техник технологийн шинэчлэл гээд чиглэл бүрээр нь аваад явчихаж болно” гэж эрхэм хатагтай хэлж байна.Тэрээр нийслэлийн цагдаад Монголын Улсын хүчит заан Рэгжийбуугийн Даваанямын удирдлагад ажиллаж байснаа, бөх хүн хэрнээ торгон мэдрэмжтэй агуу хүн байсныг, мөн Ч.Амарболд генералыг цагдаагийн дарга байхдаа хийсэн цагдааг шинэчлэх ажил нь ихээхэн үр дүнтэй байсныг, санхүүгийн ажлыг гардаж хийхэд Жамцын Баатар гэж буянтан тус хүргэснийг, хэлтсийнхээ хамт олныг эв нэгдэлтэй, зорилго нэгтэй болгож чадсан Ц.Ням-Очир дарга болон хамт олныхоо талаар, цагдаагийн залгамж чанар алдагдах магадлал үүссэн гээд олон сэдвээр яриа дэлгэсэн.

“Цагдаа цагдаатайгаа ханилахын сайн чанар байлгүй яахав. Адаглаад бид хоёр ажлаа сайн мэддэг учир нэгнээ хэзээ ч хардаж байсангүй” гэж инээд алдацгааж байсан. “Би нярав, Төмөрөө дэслэгч байхад бид хоёр нийлсэн. Би дэд хурандаа, Төмөрөө хурандаа. Цэргийн хүний эхнэр нөхрөөсөө нэг цол дээгүүр байдаг бичигдээгүй хуультай. Тэгэхээр би чинь генерал болж байгаа биз” гэж хошигносноор бидний яриа өндөрлөсөн юм. “Генерал” гэж өөрийгөө тодотгосон нь бодит амьдрал дээр хошигносон үг биш шиг санагдсан. Монголын олон луугар хурандаатай ойр дотно явдгийн хувьд Дина дэд хурандаа яалт ч үгүй Монголын цагдаагийн стратегич эмэгтэй гарцаагүй мөн юм даа гэх бодол төрснийг нуух юун. Цагдаагийн байгууллагаас халуун голомтоо бадраасан хоёр сайхан хурандаагийнд өнжсөн тэмдэглэлээ товчхон хүргэхэд ийм байна.


Categories
мэдээ цаг-үе

Э.Амарбаясгалан: Нойр булчирхайд тарваганы хүн мах сайн гэсэн ам дамжсан яриагаар залгиж амь эрсэдсэн олон хүн бий

-НОЙР БУЛЧИРХАЙД ХАМГИЙН ХОРУУ ЧАНАРТАЙ ЗҮЙЛ БОЛ ХОРХОГ, БООДОГ, ШОРЛОГ, АРХИ-

“Синдүра-Мед” эмнэлгийн дотрын их эмч Э.Амарбаясгалантай нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа.


-Нойр булчирхай ямар үүрэгтэй эрхтэн гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Үүнээс хоёулаа яриагаа эхэлье?

-Нэгэнт нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцаж байгаа учраас эхнээс нь дэлгэрэнгүй тайлбарлаад явах нь мэргэжлийн хүний хувьд зүйн хэрэг болов уу. Нойр булчирхай нь хэвлийн хөндийн дээд хэсгийн ар хананд буюу ууц нурууны I, II нугалмын түвшинд, гялтан хальсаар нэг талаараа хучигдан ходоодны ар талд, хос гэдэс, дэлүүний хооронд хөндлөн байрлалтай байдаг. Ягаан саарал өнгөтэй гадаад болон дотоод шүүрэл ялгаруулдаг, хоол боловсруулах эрхтэн. урт нь 14-22, өргөн нь гурваас есөн сантиметр. Харин зузаан нь хоёроос гурван сантиметр бол жин нь 70-80 грамм байдаг. Нойр булчирхайг толгой, их бие, сүүл гэж гурван хэсэгт ангилдаг. Булчирхайн гол цорго нь цөсний ерөнхий цорготой хэд хэдэн хэлбэрээр нийлдгээс элэг-нойр булчирхайн цүлхэн үүсэх хэлбэр хамгийн олон тохиолддог. Цөсний ерөнхий цоргоны төгсгөлд гэдэсний агуулагдахуун цорго руу орохоос хамгаалсан оддын хуниас нь нойр булчирхайн эмгэг үүсэхэд гол нөлөө үзүүлдэг хэрэг.

-Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн өвчлөл залуужаад байна шүү дээ. Ер нь энэ өвчлөл юунаас эхэлдэг вэ?

-Нойр булчирхайн үрэвслийг цочмог болон архаг гэж хоёр ангилдаг. Цочмог нойр булчирхайн үрэвслийн үе нь аминд халтай учраас яаралтай ойр байрлах эмнэлэгт хандан эмчид үзүүлж эмчилгээг түргэн эхлэх шаардлагатай. хэт их стресстэх, удаан хугацааны эмийн хэрэглээ, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, өөх тостой шарсан хуурсан, хоносон, хөрсөн хоол хэт их идэхээс шалтгаална. Эвэл өдрийн турш юм идэхгүй явж байгаад гэнэт хэтрүүлэн идэх болон цөсний чулуунаас болж нойр булчирхайн архаг үрэвсэл үүсдэг. Ерөнхийдөө тухайн хүний амьдралын хэв маягаас 100 хувь шалтгаална. Мөн бодисын солилцооны эмгэг, хоол боловсруулах эмгэг буюу ходоод гэдэсний үрэвслийн улмаас нойр булчирхайн архаг үрэвсэл үүсдэг. Цочмог болон архаг нойр булчирхайн үрэвслийн үед эмнэл зүйн шинж тэмдэг эрс өөр байдаггүй.

-Нойр булчирхайгаар өвчилсөн хэдий ч мэдэлгүй явсаар хүндрүүлдэг тохиолдол их бий. Тэгэхээр өвчилж эхэлсэн хүнд ямар өвдөлт, шинж тэмдэг илэрдэг вэ?

-Ихэвчлэн аюулхай орчимд их хүчтэй өвдөл өгдөг. Энэ өвдөлт нь зүүн талын хавирган нум дагуу мөн ар тал руу, далны доод ирмэг хүртэл бүслэх маягтай дамждаг. Энэ өвдөлтийг Кnife /хутгалуулж буй/ гэж нэрлэдэг. Ихэвчлэн өөх тостой шарсан хуурсан хоол идэх, архи хэтрүүлэн хэрэглэсний дараа энэ зовиур илэрнэ.

Мөн цаашлаад дотор муухайрч бөөлжих, гүйлгэх, зүрхний цохилтын тоо олшрох /тахикарди/, халуурах, турах гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

-Монголд зуны цагт, тэр дундаа найр наадмын дараа өвчлөл эрс нэмэгддэг гэсэн байсан. Энэ нь хорхог, сүүтэйцай, архинаас болдог гэх юм. Үнэн үү?

-үнэн. зун цагт бид бүхний төдийгүй гадны жуулчид сонирхон ирж баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ үеэр өөх тос ихтэй шарсан хуурсан хоол /хорхог, боодог,шорлог, дотор гэдэс/-ийг хамаатан садан болон найз нөхдөөрөө цуглан иддэг. үүгээр ч зогсохгүй согтууруулах ундааг маш ихээр хэтрүүлэн хэрэглэдэг. Нэг өдөр биш олон хоног үргэлжилсэн найр наадмын улмаас хэвлийгээр хүчтэй өвдөлттэй, бөөлжиж гүйлгэсэн хүмүүс их ирдэг. Сүүлийн үед ахимаг насны хүмүүс гэлтгүй залуужиж залуучууд их ирэх болсон нь харамсалтай байна.

-Нойр булчирхайн өвчлөлийн гол хүчин зүйл нь эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маяг гэлээ. Зөв хооллолтоос гадна сэтгэл зүйн байдал хамааралтай юу?

-Нэгдүгээрт, бидний амьдралын хэв маягаас хамгийн их шалтгаалж байгаа. Өөх тос ихтэй шарсан хоолыг согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь нойр булчирхайг цочроож байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр таны асуусанчлан сэтгэл зүйн байдалтай тун их холбоотой. Сүүлийн үед залуучуудад стрессийн шалтгаантай ходоодны үрэвсэл их оношлогдох болсон. Энэ нь хоёрдогчоор нойр булчирхайн архаг үрэвсэл үүсэх том шалтгаан юм. хамгийн гол нь стрессээс зөв аргаар ангижрах шаардлагатай. Энэ өвчин 100 хувь бие хүнээс шалтгаалдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүр цаг алдалгүй хийх шаардлагатай. Жишээ нь, албан байгууллагууд жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдах ёстой. Эмчилгээ зөвлөгөөг хүн бүрт тулж өгдөг ч өөрөөс шалтгаалсан олон жилийн дадал болсон амьдралын хэв маягийг л засахад тун хэцүү дээ.

-Тэгвэл нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжихийн тулд ямар ногоо, хоол хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй бол?

-Эхлээд нойр булчирхайн үйл ажиллагаанд бага ачаалал өгөх хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Үүнд уургаар баялаг,ургамлын гаралтай өөх тосоор бэлтгэсэн, антиоксидант агуулсан хүнсийг сонгож хэрэглээрэй. Нүүрс ус болон амьтны гаралтай өөх тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг маш бага, болж өгвөл хэрэглээнээс хасах хэрэгтэй. Мөн бүхэл үр тариа, бууцай, нэрс болон интоорыг зуушаар хэрэглэх нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг.

-Монголчууд зуны цагт агаар салхинд гарах бүртээ хорхог, боодог, шорлог их хийж иддэг шүү дээ. Ингээд араас нь өтгөн сүүтэйцаи, эсвэл хүйтэн айраг, архи уудаг. Энэ нь бараг бичигдээгүй хууль аятай болжээ?

-Өөх тос ихтэй хорхог,боодог,шорлогийг архитай хамт хэрэглэх нь тун буруу. Нойр булчирхайн үрэвсэл нь өөрөө ойр орчмын эд эрхтнээ хайлуулж гэмтээдэг. Нэг үгээр нас баралт ихтэй өвчин. Мөн халдвар байх эс байхаас шалтгаалж мэс засал эмчилгээ юу, мэс заслын бус эмчилгээ юу гэдгийг шийддэг. Аливаа зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Яг л улс орон хууль дүрэм мөрддөгтэй адил.

-Нойр булчирхайгаар өвчилсөн хүнд ямар хоол хүнсийг хориглодог вэ?

-Нүүрс ус/согтууруулах ундаа/, цардуул ихтэй цагаан гурил,төмс, өөх тос ихтэй мах, махан бүтээгдэхүүн/хорхог,боодог,шорлог/ болон тослог ихтэй сүү сүүн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээ хязгаартайгаар хэрэглэх хэрэгтэй. Товчхондоо өмнө хэрэглэж байсан хэмжээнээс хоёр дахин бага хэрэглэх шаардлагатай болно.

-Нойр булчирхайн үрэвсэл нь оношлогдоод эмчилгээ хийлгэж байгаа хүн ганцаараа хоолны дэглэм барих бус гэр бүлээрээ дэглэм барьж, дэмжих шаардлагатай болдог байх?

-тэгэлгүй яахав. тухайн үйлчлүүлэгч нойр булчирхайн үрэвсэл нь оношлогдоод эмчилгээ эхэлсэн тохиолдолд зөвхөн эмчлүүлж буй хүн биш гэр бүлээрээ амьдралын хэв маягаа солих шаардлагатай болдог. Хотод байна уу, хөдөө орон нутагт байна уу мөн баруун, зүүн, төвийн бүсийн аймаг байна уу огт хамаагүй. Эрүүл мэнддээ анхаарч гэр бүлтэйгээ илүү урт удаан байя гэвэл гэр бүлээрээ хичээх хэрэгтэй гэж бодож байна. Мөн тухайн үйлчлүүлэгчийн маань найз нөхөд маш сайн дэмжиж туслах хэрэгтэй. Ганцхан удаагийн дэглэм алдалт бүхэл бүтэн эмчилгээг үгүй хийдэг. Цаашлаад амь насанд ч халтай.

-Дэлхий дахинд энэ өвчнийг бүрэн оношилж, эмчилж чадаж байгаа юу?

-Бүрэн оношилж эмчилж байгаа ч архаг нойр булчирхайн үрэвсэл нь цаашид даамжирсаар хавдар болдог. дэлхий даяар ч тэр манай улсад ч хавдрын төгс эмчилгээний аргыг олоод шийдсэн. Жишээ нь, хими эмчилгээ, туяа эмчилгээ болон мэс заслын арга гэх мэт. Харин нойр булчирхайн хавдар маш хоруу чанартай байдаг учраас эрт оношилсон ч гэсэн шууд мэс заслын заалттай.

-Нойр булчирхай хүндрээд сахартай болдог. Энэ процессын талаар ярихгүй юу?

– Ерөнхийдөө бол чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд цусан дахь сахарын хэмжээ буурч бас ихэссэнтэй холбоотойгоор ухаан самуурч муужирч унах цаашлаад таталт өгдөг. Энэ үед яаралтай ойр байрлах эмнэлэгт хандаж эмчид үзүүлж арга хэмжээ авахуулах шаардлагатай. Цусан дахь сахарын хэмжээ буурсан тохиолдолд хамгийн ойр байх дэлгүүрээс, эсвэл айл болгонд байдаг хатуу чихрийг хүлхэн цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх хэрэгтэй. Эсрэгээрээ цусан дахь сахарын хэмжээ ихэссэн тохиолдолд цаг алдалгүй цусан дахь сахарын түвшинг буулгах эм, эсвэл инсулин тарих шаардлагатай.

-Согтууруулах ундаанаас татгалзах нь нойр булчирхайгаа хайрлах хамгийн гол арга гэдэг. Энэ талаар ярихгүй юу?

-Архийг байнгын хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс буюу хоёр жилээс дээш хугацаанд хэрэглэж буй хүмүүст энэ өвчин илрэх нь элбэг. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн нэг удаагийн уулт нь 100-150 мл. тэгэхээр нийт архийг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн 20 хувьд нь нойр булчирхайн үрэвсэл үүсдэг. ийм тооны хүмүүст элэгний церроз ч мөн үүсдэг. Архи буюу этанол нь хэд хэдэн замаар нойр булчирхайг үрэвсүүлдэг л дээ. “Secretion with block­age” буюу бөглөрөлттэй шүүрэлт механизмаар этанол нь оддын хуниасыг агшаадаг. Ингээд нойр булчирхайн ацинар эсийн метаболик хор учир нойр булчирхайн энзимүүдийн нийлэгжил,шүүрэлд саад хийдэг хэрэг. Тэгэхээр архи уух нь нойр булчирхайн шүүрлийг хамгийн түрүүнд идэвхжүүлдэг. Мэргэжлийн хэллэгээр энзимийн уургуудын хэмжээ ихэсч нойр булчирхайн цоргонд тунадаг. Ингэснээр энэ хэсэгт кальци хуримтлагдан олон тооны цоргуудыг бөглөдөг буюу цоргоны даралтыг нэмэгдүүлдэг. Иймээс нойр булчирхайд хамгийн хоруу чанартай зүйл бол архи буюу этанол юм л даа. Үүнийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.

-Нойр булчирхайн өвчлөл удамшдаг уу?

-Удамшлын шалтгаант нойр булчирхайн үрэвсэл гэж бий. Нойр булчирхайн үрэвсэл нь доминант буюу давамгайлагч генээр удамшдаг. “Cationic trypsino­gen gene PRSS1” мутацид орсноор нойр булчирхайн үрэвсэл үүсдэг. Мөн нойр булчирхайн цорго нь гажигтай хүмүүсийн хоёр хүн тутмын нэгд нойр булчирхайн үрэвсэл үүсдэг гэх үү дээ.

-Энэ өвчинд тарваганы хүн мах сайн гэлцдэг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тарвага бол мэрэгч амьтан. Монгол Улсад хар болон шар гэсэн хоёр зүйлийн тарвага бий. Манай ард түмэн амнаас ам дамжин тарваганы хүн махыг сайн гэж түүхийгээр нь залгисаар ирсэн. шуудхан хэлэхэд амьд үлдсэн хүмүүст аз таарсан. Цаана нь маш олон хүн тарваган тахлаар амь үрэгдсэн. Хүний бие махбод организм мэрэгч амьтантай ямар ч төс байхгүй. Энэ талаар судлаад гаргаад ирсэн судалгаа монголд байтугай дэлхийд ч байхгүй. Зөвхөн тарваганы хүн мах залгих дээр ч бус ам дамжин сайн гэх олон зүйлийг хэрэглэж амьдралаараа тоглосон амь эрсэдсэн олон хүн бий. Маш их харамсаж байна.

-Нойр булчирхайн үрэвслийг бүрэн эмчлэх боломжтой юу?

-Нойр булчирхайн үрэвслийг бүрэн эмчлэх боломжтой. Урт хугацааны туршид эмэн эмчилгээ болон хоолны эмчилгээг хавсарч хэрэглэнэ. Гэхдээ дур мэдэн эм хэрэглэж болохгүй. Заавал нарийн мэргэжлийн эмчид хандан өөрт тохирсон эмчилгээг авах шаардлагатай.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабар “Хөөрхий муу Сайжаа” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Валютын ханш тойрсон сэдвээр эдийн засагч Б.Мөнхдөлтэй ярилцсан ярилцлагыг Өдрийн сонины I-IV нүүрнээс уншаарай.

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа. Тэрээр “Эрх барьж байгаа намын хулгай, луйвар нь мэдээж үргэлжлэх байх” гэлээ.

Ус цаг уурын хүлээлэнгийн инженер Э.Доржпүрэвээс тодрууллаа.

Өдрийн сонины гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабар “Хөөрхий муу Сайжаа” хэмээлээ.

Эрүүл мэнд буландаа “АВИ МЕД” эмнэлгийн захирал, ерөнхий эмч, “Марал” эмнэлгийн уламжлалт анагаах ухааны эмч Н.Отгондалайтай ярилцлаа.

“Family dent” шүдний эмнэлгийн эмч Б.Бадамцэцэгтэй ярилцлаа. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс өргөмжлөлтэй түүнийг хүмүүс телевизийн олон ангит “Хэцүү анги” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр нь илүүтэй мэддэг билээ.

CallPro компанийн хамтран үүсгэн байгуулагч, Faro сургалтын төвийн партнер, комедиан Б.Идэр-Одтой ярилцлаа. Тэрээр “Гадаад хэлийг сайтар судлах нь давхар эх хэлээ судлахад тустай” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Голд машинаа угаасан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран “Ирлээ-Явлаа-Цэвэр” аян хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр (2020.08.04) Баянзүрх дүүргийн 23-р хороонд Улиастай голын эрэг дагуу шалгалт явуулав. Шалгалтаар иргэд голын эрэг дээр автомашин, техник хэрэгслээ угаах зөрчил, мөн хог хаях зөрчил илэрснийг газар дээр нь илрүүлсэн байна.

Тус албанаас иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил үйлдэгдэж буйг баримтжуулан, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдуулжээ. Тодруулбал, голын усанд автомашинаа угааж байсан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгосон байна.

Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (100,000 мянган төгрөг), хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй (1 сая төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

2020 онд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хамгийн их бүртгэгджээ

Монгол улсын хэмжээнд 2020 он гарснаас хойш өнгөрсөн долоон сарын хугацаанд нийт 16 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс хөнгөн хэлбэрийн 13 мянга, хүнд хэлбэрийн 3000 орчим гэмт хэрэг байна.

Хамгийн их бүртгэгдсэн гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг9000 гаруй, хулгайлах гэмт хэрэг 4500 орчим, хувийн өмчийн хулгай 4000 орчим, залилан 3000 орчим, малын хулгай 800 гаруй, хөдөлмөрийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 600 орчим гэмт хэргүүд үйлдэгдсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Сансрын ШТС-аас Сансрын тунель рүү зүүн эргэхийг хоригложээ

Наймдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Сансрын ШТС-аас Сансрын тунель рүү зүүн эргэхийг хоригложээ. Ийнхүү дараах өөрчлөлт гарна гэж үзсэн байна. Үүнд:

Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57.3 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол 35-36 болж нэмэгдэнэ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох материал хүлээн авч байна

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгохоор материал хүлээн авч эхэлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдэгджээ.


Мэдэгдэлд:

Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүсэх хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материалыг ОБЕГ-ын даргын 2018 оны А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу бүрдүүлж, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газарт 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Тусгай зөвшөөрлийг Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд заасан шаардлагуудыг баримтлан олгох ба Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан Эрсдлийн үнэлгээ хийх журмын 7.1–д заасан мэргэшлийн төрлийг харгалзах бөгөөд тусгай зөвшөөрлийг өмнө хүссэн хуулийн этгээд дахин хүсэлт гаргаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэшсэн чиглэлийг нэмж, өөрчилж болно.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр олгох “Гамшгийн эрсдлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл”-ийг хүлээн авах хуулийн этгээд нь УИХ-аас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь хэсэг, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.36 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамж төлөхийг анхаарна уу.

Холбогдох бичиг баримтууд: (Линкүүд дээр дарж танилцана уу)

  1. Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаал https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/06/%D1%82%D1%83%D1%88%D0%B0%D0%B0%D0%BB.pdf
  2. Гамшгаас хамгаалах тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/12458?lawid=12458
  3. Галын аюулгүй байдлын тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/11222
  4. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/34/
  5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/397
  6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/515
  7. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам http://nema.gov.mn/wp-content/uploads/2018/02/%D0%93%D0%90%D0%9C%D0%A8%D0%93%D0%98%D0%99%D0%9D-%D0%AD%D0%A0%D0%A1%D0%94%D0%AD%D0%9B%D0%98%D0%99%D0%9D-%D2%AE%D0%9D%D0%AD%D0%9B%D0%93%D0%AD%D0%AD-%D0%A5%D0%98%D0%99%D0%A5-%D0%96%D0%A3%D0%A0%D0%90%D0%9C.pdf

Нэмэлт мэдээлэл авах утас: 263579, 263585, 263547

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аварга П.Бүрэнтөгсөд баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.

Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

Улсын аварга П.Бүрэнтөгс:

  • Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзий
  • Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбагана
  • Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулга
  • Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
  • Тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан
  • Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ
  • Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Орших
  • Наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан
  • Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Б.Батзоригийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр хийлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааржурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 13 хавтас бүхий эрүүгийн хэргийг хүлээн авсан.

Яллагдагч Б.Батзориг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч Гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, прокурорын гаргасан хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, оногдуудах ялын төрөл, хэмжээний талаар саналыг хүлээн зөвшөөрснийг шүүхээс хүлээн авч, , прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “… прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгүээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан намын даргыг орон нутгийн сонгуулийн дараа сонгоно

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ц.Туваан Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит XVII хуралдааныг өчигдөр зарлан МҮЭСТО-нд хуралдуулав.

Тус хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн, Дотоод сонгуулийн хороонышийдвэр, Ардчилсан намын Их хурлын тов зэрэгасуудлуудыг ҮБХ-ны гишүүд хэлэлцсэн.

Үндсэн дүрмээр ҮБХ нь Ардчилсан намын их хурлыг товлох ёстой бөгөөд COVID-19 болон удахгүй болох Орон нутгийн сонгууль зэрэг цаг үеийннөхцөл байдлыг харгалзан үзэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд, Ардчилсан намын даргыг сонгох сунгааг Орон нутгийн сонгуулийн дараа зохион байгуулах, ҮБХ-ны гишүүдийн ротаци буюу нөхөн сонгуулийг орон нутгийн сонгууль болсноос хойш 90 хоногийн дотор зохион байгуулах, Ардчилсан намын Их хурлыг арваннэгдүгээр сарын 16-нд хуралдуулахаар болжээ.