Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-08-06-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 7-10 -ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татна


УОК-ын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг маргаашнаас эхлэн гурав хоног 09.00–18.00 цагийн хооронд Хиагт-Алтанбулаг боомтоор татаж авахаар болжээ.

Нутаг буцах хүсэлтэй иргэд коронавирусний шинжилгээнд хамрагдсан бичиг, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 сая 50 мянган төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангах шаардлагатайг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.

Б.Оюундарь

Categories
мэдээ нийгэм

ШИНЭ ДЕЛИ ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР 165 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

Улсын онцгой комиссоос наймдугаар сард 14 удаагийн чартер нислэгээр гадаадын улс орнуудаас 3500 орчим иргэдээ татан авах шийдвэрийг гаргаж, нислэгийн хуваарийг зарласан.

Тэгвэл өнөө өглөө Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хуваарийн дагуу 07:22 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Энэтхэг, Вьетнам улсуудаас нийт 168 иргэн эх орондоо ирлээ. Эдгээр иргэдийн 114 нь лам нар бол бага насны хүүхэдтэй гэр бүл 14, жирэмсэн 1, эрүүл мэндийн шалтгаантай 3, бусад шалгаантай 35 иргэн хүрэлцэн ирсэн байна.

Иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Монголын Үндэсний Их сургуулийн дотуур байранд тусгаарлах юм байна.

Б. Оюундарь

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цэлмэг: М.Энхсайханы ялыг хэвээр үлдээсэн шийдвэртэй санал нийлэхгүй учир хяналтын шатны шүүхэд гомдол гаргах болно

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлоор хянан хэлэлцжээ. Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оноосон ялыг хэвээр үлдээв. Тодруулбал, анхан шатны шүүхээс ногдуулсан 4.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгөөлөгч, доктор Ц.Цэлмэгтэй ярилцлаа.


-Таны үйлчлүүлэгч М.Энхсайханы давж заалдах шатны шүүх хурал болсон. Хурлын үр дүнгийн талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 30-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох 40 хавтаст хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж хэвээр нь баталсан. Өмгөөлөгч бид энэ шийдвэртэй санал нийлэхгүй учир хяналтын шатны шүүхэд гомдол гаргах болно.

-Давж заалдахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, олон улсын гэрээ конвенцийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гээд долоон ч үндэслэл дурдсан байсан. Давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлүүдийг хүлээж аваагүйгээ хэрхэн тайлбарласан бэ?

-Эхний үндэслэл нь Таван толгойн мега төслийг УИХ-д өргөн барьсан үйл явдал нь 2015 онд болсон учир тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх ёстой гэж бид үзсэн. Учир нь албан тушаалын гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд үлэмж хэмжээний хохирол шаардаж байж гэмт хэрэг болдог байсныг 2015 оны Эрүүгийн хуулиар хохирол шаардахгүй үйлдэл хийснээр гэмт хэрэгт тооцдог болсон.Хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хуулиар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хуулийн 1.8-д заасан бөгөөд зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх байтал эрх зүйн байдлыг дордуулсан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль зөрчсөнийг давж заалдах шатны шүүх нүд анин өнгөрөөв. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн 263, 264 дүгээр зүйлийн алинаар нь ч М.Энхсайханыг зүйлчилсэн үлэмж хэмжээний буюу 8,5 сая төгрөнөөс дээш хэмжээний хохирол учирсан тохиолдолд л гэмт хэрэг болно, гэтэл гэрээний төслийг УИХ-аар хэлэлцээгүй учир ямар ч хохирол учраагүй, гэмт хэрэг биш болчихоод байсан учир анхан шатны шүүх НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийг баримталж байгаад 2015 оны хүндрүүлсэн Эрүүгийн хуулийг баримталж ял оноосныг зөвшөөрөхгүй байгаа. Хоёрт: Таван толгойн төслийг Монгол улсад ашиггүй, гадаадын хөрөнгө оруулагчдад давуу байдал олгосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь аливаа улсын нэн тэргүүний зорилт байдаг бөгөөд Таван толгойн нүүрсний орд газрыг ашиглах мега төслийг хөдөлгөхийн тулд харилцан ашигтай нөхцөл заах нь хэнд ч тодорхой.

Гэтэл прокурор, шүүхээс гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл олгосон гэрээний зүйл заалтуудыг түүж аваад яллах атлаа Монголын талд ашигтай тусгагдсан гэрээний заалтаас огт дурдсангүй.

-Тухайлбал?

-Олон жил маргалдаж одоог хүртэл тавьж чадаагүй байгаа Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төслийн компанийн хөрөнгөөр барьж байгуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих, 13 төрлийн татвар, хураамжийг Монголын талд төлөх зэрэг ашигтай гол гол заалтуудыг зориуд орхигдуулж яллалаа.Давуу байдал олгосон гэдгийг гэрээ хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн үеэс эхэлж тооцох ёстой доо, энгийн ухаанаар бодоход. Гэтэл байгуулагдаагүй гэрээний төслийг боловсруулсны төлөө ялтан болж байгаа нь цаашид мега төслийг хөдөлгөх албан тушаалтан Монголд олдохгүй болж магадгүй.

Гуравт: М.Энхсайханыг дур мэдэн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дангаар шийдвэрлэж албан тушаалаа урвуулсан гэж буруутгасан нь үндэслэлгүй.

Тэрээр дангаараа Таван толгойн гэрээний төслийг боловсруулаагүй бөгөөд ажлын дэд хэсэг гэж 15 хүн /Ерөнхий сайдын 2015 оны 28 дугаар захирамжаар байгуулагдсан/, үндсэн ажлын хэсгийн 10 хүн, Засгийн газрын нийт 17 гишүүн гээд олон арван хүний оролцоо, хүч хөдөлмөр шингэсэн үйл ажиллагааны үр дүнг ингэж харлуулж таамаглалаар хүнийг буруутгаж болохгүй.

Дөрөв: Таван толгойн мега төслийг өргөн барьсан асуудлыг нь прокуророос албан тушаалаа урвуулснаас гадна давхар хорлон сүйтгэх гэмт хэрэг гэж үзээд шүүхэд шилжүүлснийг шүүх нотлогдохгүй байна гэж прокурорт буцаасан. Буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар нэгэн зүйл заалтыг удирдлага болгоогүй нь тус хуулийн 1.6-д заасан “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмын заалтыг зөрчиж байгаа юм. Зүй нь нотлогдохгүй л бол хэрэгсэхгүй болгох учиртай атал заавал яллана гэж байгаа юм шиг тусгаарлаж шийдвэрлэхээр заасныг буруу гэж давж заалдсан.

Тав. Хорлон сүйтгэх үйлдлийг тусгаарласныг зөвтгөх гээд ЭХХШтХ-н 34.18 дугаар зүйлд зааснаар “Хэргийг тусгаарлаж хэлэлцэх” гэсэн заалтыг барьсан юм болов уу гэж таамаглаад хартал тухайн зүйлд “…Шүүх зөвхөн эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлана” гэж заасан ба өмгөөлөгч, прокурор нарын хэн нь ч санал гаргаагүй.

Зургаа. Хамаарал бүхий этгээдээсээ автомашин худалдан авсан үйлдлийн тухайд гэмт хэргийн шинжтэй байж болох ч үнэлгээг зөв хийх ёстой. Уг автомашин 2013 онд улсын хилээр 13000 mile гүйлттэй орж ирснийг анх хүлээн авсан жолооч гэрчилдэг, гэтэл шинжээч нар 2019 оны байдлаар 120,000 mile гүйлттэй үед нь үнэлгээ хийх жишээтэй.Тэгээд хөөн хэлэлцэх хугацааны талаар манай нөгөө өмгөөлөгч нар нэлээд мэтгэлцсэн боловч давж заалдах шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

-М.Энхсайхан давж заалдах шатны хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан байсан. Шүүх энэ хүсэлтийг яагаад хүлээж аваагүй юм бол?

-М.Энхсайхан өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан. Гэхдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор цахимаар хуралд оролцож өөрийн санал, хүсэлтийг илэрхийлсэн.

-Шүүх хурал хуулийн хүрээнд явагдсан уу. Гэр бүлийнхэн нь оруулахгүй байна гэж ярьж байсан?

Шүүх хурал хэлбэрийн хувьд хуулийн хүрээнд явагдсан. Дээр өгүүлсэнчлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ар гэрийн хүмүүсийг нь шүүх хуралд оруулахгүй байгаа. Цахимаар оролцож санал хүсэлтээ илэрхийлэхэд техник гацсан, сонстохгүй байх зэрэг асуудал гараагүй.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: 16 хүн эдгэрч, 441 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 441 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Үүнд Сиатл-Улаанбаатар чиглэлээр ирсэн 256, мөн Халдвартын эмнэлэгт, Дорнод, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан хүмүүсийн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдөр 16 хүн эдгэрч, дараагийн сувиллын тусгаарлалтад шилжлээ. Манай улсад 293 тохиолдол батлагдсанаас 260 нь эдгэрсэн. 33 хүн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Туул голын усанд толгойгоо норгох гэж байгаад осолджээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ үедээ “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унажээ.

Ослын дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Түүнчлэн онцгой байдлын албанаас иргэдийг

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ёндон: Экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилттой ажиллаж байна

УУХҮ-ийн сайд Г.Ёндонтой ярилцлаа.


-Манай улсын хувьд Уул уурхайн салбар улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Таны хувьд салбарын сайдын ажлыг дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед хүлээж авлаа. Нэн тэргүүнд ямар ажилд анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Уул уурхайн салбар бусад салбаруудаас илүү эдийн засагт үзүүлдэг нөлөө нь асар их. Тиймээс ч энэ салбар амжилттай хөгжсөнөөр бусад салбар дагаж хөгждөг.

“COVID-19” цар тахлын халдвар тархалтаас хамгаалах зорилгоор улс, орнууд хил гаалийн нэвтрэх чадварыг хязгаарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон нь уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортын хэмжээг бууруулж, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байна. Нэн тэргүүний зорилт гэвэл уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, “Covid-19”-өөс өмнөх хэмжээнд нь хүргэх, цаашид хэвийн үргэлжлүүлэх бодлого баримтлан ажиллах гэж харж байна.

Долдугаар сарын 20-22-ны өдрүүдэд УИХ-ын даргын ажлын хэсэгт орж ЗТХ-ийн сайд Л.Халтар, Хятад улсын элчин сайд Цай Вэньруйгийн хамт орон нутагт ажиллалаа. Дорноговь, Өмнөговь аймагт манай яамны шууд оролцоотой газрын тосны бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр зам, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Мөн Гашуунсухайт боомтын нэвтрүүлэх чиглэлийг нэмэгдүүлэх талаар хилийн боомтын удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Энэ уулзалтаар хилийн гарцын тоог нэмэгдүүлэх, хилээр гарч байгаа монгол жолоочдыг урд хонуулах нөхцөл бололцоог хангах, боомтуудыг 24 цагаар ажиллуулах боломж байгаа эсэх гурван асуудлыг хөндлөө. Хятадад хуурай замд 24 цагаар ажилладаг боомтууд байдаггүй гэж ойлгосон. Тиймээс эхний хоёр асуудлаар нэлээд голлож ярилцсан. Энэ хүрээнд Хятадын элчин сайд, Гадаад хэргийн яам, ЗТХ-ийн яам болон манай яам хамтран “Ногоон гарц”-ын журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Салбарын яамнаас цаашид богино хугацаанд хилийн боомтуудаар нэвтрэх уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, улс орны эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү ажилд БНХАУ-тай байгуулсан Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлэх журам ихээхэн түлхэц өгнө гэдэгт итгэж байна.

Мөн Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох ажлыг үргэлжлүүлэх, улам эрчимжүүлэх ажлыг Монголбанк, арилжааны банкуудтай хамтран зохион байгуулж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн, боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэх замаар хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Эрдэс баялгийн салбарын багц хуулийн төсөл, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл зэрэг салбарын суурь баримт бичгүүдийн төслийг боловсруулж, батлуулах ажлыг мөн төлөвлөөд байна.

-Та уул уурхайн салбарын хүн. Манай уул уурхайн салбарын хөгжил манайд ямар шатандаа явж байгаа гэж харж байна?

-Монголын уул уурхайн салбар бусад орнуудтай харьцуулахад залуу. 2022онд уул уурхайн салбарын 100 жилийн ой тохионо. Харьцангуй залуу салбар гэхэд манай зарим уулын үйлдвэрүүд хүчин чадал, ашиглаж буй техник, технологи, менежмэнт үйл ажиллагаагаараа дэлхийд эхний 10,20-т бичигддэг. Аливаа уул уурхай хөгжихөд үндсэн хоёр зүйл байдаг. Энэ нь түүхий эдийн баталгаатай, найдвартай нөөц, мөн сайн боловсон хүчин. Энэ хоёр л байвал шинэ техникийг худалдаж авч, шилдэг технологийг нэвтрүүлж, эзэмшиж чадна. Хамгийн гол нь мэргэжлийн уул уурхайн боловсон хүчнийг үе шаттайгаар бэлтгэх асуудал юм.

-Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямрал уул уурхайн салбарт үүсэхээр байна уу?

-Уул уурхайн үйлдвэрлэл нь зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, банк санхүүгийн систем, барилга, хот байгуулалт зэрэг салбарт шууд бус, дам нөлөө үзүүлж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Он гарсаар дэлхий нийтэд цар тахал хурдацтай тархсанаас үүдэлтэй гадны улс, орнууд хорио цээрийн дэглэм тогтоосноос үүдэлтэйгээр үйлдвэрлэлийн хэмжээ багасч эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байна. Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээс улсын эдийн засаг, төсөвт ордог мөнгөн урсгал төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй, тасалдах нь тодорхой боллоо. Эхний хагас жилийн байдлаар 20 гаруй хувийн биелэлттэй явж байна. Газрын тос 16 хувьтай явж байх жишээтэй. Тиймээс бид цар тахлын өмнөх түвшинд хүргэх зорилготой ажиллаж байна. Гүйцэх боломжийг хайж байна. Уул уурхайн салбар эдийн засгийн тулгуур, зүтгүүр салбар учраас энэхүү тасалдал, алдагдлыг аль болох бага байлгахын төлөө, болж өгвөл төлөвлөгөөндөө хүрэхийн төлөө ажиллах шаардлага бий болж байна.

-Нүүрс тээвэрлэлт ковидоос шалтгаалж хэсэгтээ гацсан. Урд хөрш рүү экспортлох нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байгаа юу. Энэ жилийн хувьд манай улс хэдий хэмжээний алдагдал хүлээгээд байна вэ?

-Манай улс вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилийн боомтуудыг түр хаах шийдвэрийг гаргасан.Энэ нь уул уурхайн салбарт ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар эхний хагас жилийн байдлаарх тоо баримтуудыг харахад нөхцөл байдал хүнд байна. Хүлээгдэж буй гүйцэтгэлийг ч харахад олон чиглэлээр зориулагдах ёстой төлөвлөсөн мөнгөн урсгал саарах чигтэй. Гашуунсухайтын боомтоор өдөрт 500-гаад машин гарч байна. Өмнөх үеэсээ хоёр дахин бага тоо. Нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтыг ил болгох уу?

-Өнөөгийн байдлаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд оролцох боломж нээлттэй. Мөн тусгай зөвшөөрөл олгох талбайг төрийн захиргааны төв байгууллагууд болон тухайн сум орон нутгаас санал авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж байна.Дээрх бүх мэдээлэл ашигт малтмал газрын тосны газрын Веб хуудаст нээлттэй.Цаашид Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олголтыг ил тод болгох гэхээсээ илүү ил тод мэдээллийг хэрхэн авч болох талаар иргэдэд сурталчлан таниулахад анхаарал хандуулан ажиллах шаардлагатай.

-Алт,зэснийүнэ нэмэгдэж байгаа. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг даван туулахад жинтэй нөлөө үзүүлж чадах болов уу?

-Тодорхой хэмжээнд эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Ковидоос шалтгаалж уул уурхайн экспортод онцгой нөхцөл байдлын түр журам хэрэгжиж байгаа. Гэсэн ч зэсийн экспортын тээвэрлэлтийг зогсоогоогүй. Зэсийн үнэ нэг үеэ бодвол сэргэж байна. Алтны үнэ өсөлттэй хэвээр байна. Алтны салбарыг дэмжсэн бодлого явуулж байгаа. Дээр дурдсан, Төв банкны валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа явдал юм. Алтны нийлүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн шалтгааны нэг нь энэ болов уу. Мөн гадаад руу хууль бусаар гардаг алтны урсгал Ковид-19-тэй холбоотойгоор хаагдсан гэж таамаглаж болно.

-Уул уурхайн салбарыг дагасан бүтээн байгуулалт ирэх жилүүдэд өрнөх үү?

-Уул уурхайг хөгжүүлэх гол хүчин зүйлүүдийн нэг бол дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалт,төмөр зам, авто замын төслүүдийг эрчимжүүлж, тухайн ордын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх асуудал байдаг.Энэ хүрээнд Засгийн газраас Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдийг эрчимжүүлэх шийдвэр гарч, санхүүжилтэнд “Эрдэнэс Таван толгой” ХК голлон оролцсоноор төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.Тус яамнаас Оюу толгой, Цагаансуварга гэх мэт томоохон ордуудын бүтээн байгуулалтын ажлыг дуусгах, үйлдвэрлэлээ эхлэх, эрчимжүүлэх, төслийн эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын хувьд дэмжин ажиллах зорилтыг тавьж байна. Мөн Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ыг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүх талаар дэмжиж ажиллах ёстой гэж бодож байна. Энэхүү Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг эхлүүлснээр зэсийн баяжмалыг боловсруулах, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор баяжуулах үйлдвэр байгуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх, ажлын байр шинээр бий болох нөхцөл бүрдэх юм.

-Дотоодын уул уурхайн компаниудыг хэрхэн бодлогоор дэмжиж ажиллах вэ?

-Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр аль болох хариуцлагатай, ил тод байх шаардлагыг тавьж ажиллана.Эрдэс баялгийн салбарын багц хуулийн төслийн хүрээнд дотоодын боловсруулах үйлдвэрийг зах зээлийн ханшаар түүхий эдээр хангасны дараа экспортлох эрх нь нээгдэхээр эрх зүйн зохицуулалтыг оруулж өгч байна.

-Уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд манайд хэрэгцээ шаардлагатай байдаг. Үүнийг хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ?

-Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь голдуу уул уурхайн түүхий эдэд тулгуурласан бөгөөд экспортын 90 гаруй хувь нь технологийн багтаамж багатай, хагас боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Бид уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллаж байна. Цаашдаа боловсруулах үйлдвэрийг Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах замаар кластераар хөгжүүлэх бодлого баримталж ажиллана.Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.Тус паркад катодын зэс, металл хийц, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үйлдвэрүүд байгуулагдана. Аливаа томоохон боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжихэд түүнийг дагалдан ханган нийлүүлэлтийн сүлжээ үүсч, тогтмол ажлын байр бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдэх зэрэг улсын нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх боломж бүрддэг.

-Манай улсад боловсруулах үйлдвэр хоцронгуй байсаар ирсэн шалтгаан юу байсан гэж боддог вэ?

-Манай улсад боловс-руулах үйлдвэрийн хөгжил хоцронгуй байгаа шалтгаан нь ихэнх үйлдвэрийн түүхий эд, сэлбэг, хэрэгсэл импортоос хараат, мэргэшсэн боловсон хүчний нөөц дутагдалтай, борлуулалтыг дэмжих механизм бүрдээгүй, шинэ техник, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх боломж хомс, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ бий болоогүй зэрэг олон шалтгаан дурдаж болох юм. Мөн Хүнд аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, шинэ үйлд-вэрүүдийг барьж байгуулах нь өндөр зардалтай, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт байдаг тул эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа суурьшлын бүсүүдэд хөрөнгө оруулалтыг татах, тэдгээрийн дэд бүтцийн барилга байгууламжуудыг барьж байгуулахад төрөөс татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Иймд бид дээрх асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эрх зүйн орчин бүрдүүлэхзорилгоор Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байгаа.

-Хариуцлагатай уул уурхай гэж сүүлийн жилүүдэд ярих болсон. Энэ чиглэлд та хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Уурхайн нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулсан, хуучирч хоцрогдсон, байгаль орчинд сөрөг нөлөөтэй техник, технологийг нэвтрүүлэх, хуульд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа зарим тохиолдлууд нь уул уурхайн салбарын нэр хүндийг унагаж байна.Манай Улсад уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ, нийгмийн харилцаа нэмэгдэж байгаа энэ цаг үед хариуцлагатай уул уурхайн зарчмыг тодорхойлж, төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагатай уялдаа холбоотой ажиллаж, ил тод байдлын тогтолцоог олон талын оролцоотойгоор бүрдүүлэх, хариуцлагын тогтолцоог бүрдүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Хариуцлагатай уул уурхай гэж уул уурхайг нээхээс эхлэн уурхайг хааж эдэлбэр газрыг нутгийн захиргаанд хүлээлгэж өгөх хүртэлх хугацаанд ашигт малтмалыг олборлох, боловсруулах, нөөцийг иж бүрэн ашиглах зэрэг бүх үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх ашгийг хүндэтгэсэн, хуулиа дээдэлсэн, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлбагатай, байгалийн нөөцийг иж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах техник, технологийн түвшинг хангасан, олборлох үйлдвэрийн ил тод байдал, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах эрдэс баялгийн салбарын цогц үйл ажиллагаа гэж үздэг.

Байгалийн баялгийг олборлосныхоо дараа нөхөн сэргээдэг, хүн малын амьдрах орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээлтийг бий болгохын төлөө яамны гол бодлогууд чиглэгдэж байгаа. Эрдэнэт хотод “Ногоон хөгжлийн төв” байгуулах гэж байна. Хуулиараа компаниудыг шахсаар байгаад нөхөн сэргээлт хийлгэдэг. Гэтэл дараа нь “нинжа” хэмээх хууль бус олборлогчид ороод нөгөө газрыг нь сүйтгэчихдэг. Ийм жишээ надад ч тохиолдож байсан. Шижир алтны үйлдвэрт ажилладаг байхад маш том талбайд гурав гаруй тэрбум төгрөгөөр нөхөн сэргээгээд орон нутагт нь буцаагаад өгтөл хойтон жил нь нөгөө газар дахиад авах юмгүй болсон байсан. Сум орон нутгийн байцаагчид хянах боломж нь хүрдэггүй юм шиг байгаа юм. Хамгийн зөв бодлого бол нөхөн сэргээлтийн зардлуудыг дундын дансанд байршуулж уулын ажил дууссаны дараа мэргэжлийн байгууллагуудаар нөхөн сэргээлт хийлгэх бодлого баримтлах юм.

-Сүүлийн үед сошиал сүлжээгээр яригдаад байгаа нэг зүйлийн талаар асууя. Та яг зөвлөх инженер мөн юм уу?

-Уг нь ч мөн л дөө. Зарим хүмүүс өөр бодолтой байх шиг байна. Би 2006 онд тэр үеийн Салбарын яам болон ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн хамтран зохион байгуулсан шалгуур нөхцөлийг биелүүлж байж, тэдний зохион байгуулсан гурван долоо хоногийн сургалт-семинарт хамрагдаад, дараа нь диплом хамгаалж байж Өнгөтийн салбарын анхны зөвлөх инженерүүдийн нэг болсон юм. Харин тэр миний нэр бүртгэлд нь байхгүй гээд байгаа МГУУМИ гэдэг байгууллага бол 2015 онд л байгуулагдсан юм билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай улсад 13-хан мянган төрийн албан хаагч байхад уг нь болох юм

2016 оноос хойш төрийн албан хаагчдын тоо даруй 33 мянгаар нэмэгдээд байгаа тухай мэдээлэл хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 оны хавар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэгт оролцох үеэрээ “Төрийн албан хаагчдын тоо 189 мянгад хүрээд байна. Намайг Засгийн газарт ажиллаж байсан үеэс 49 мянгаар нэмэгдсэн байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын тоо баялаг бүтээгчдийн тоотой тэнцэж байгаа нь эрүүл биш. Ядаж л 2:1 харьцаатай байж эдийн засаг эрүүлжинэ. Төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Төрийн албыг чадвартай болгож чадвал 90 мянган төрийн албан хаагч байхад л хангалттай” гэж онцолж байсан юм билээ. Гэтэл Төрийн албаны зөвлөл 2017 оны төгсгөлд Монгол Улс нийт 192475 төрийн албан хаагчтай гэсэн статистик тоо гаргаад байсан юм.

Жил бүрийн төсөв батлагдах үеэр хөндөгддөг асуудал бол төрийн алба хаагчдын тоо. 2020 онд төрийн албан хаагчдын орон тоо 3300-гаар нэмэгдэх тооцоог гаргасан. УИХ-аар жил бүр төсөв хэлэлцэх тоолонд төрийн албан хаагчдын тоо өсөж байгаад анхаарч, цомхотгох асуудал хөнддөг ч шинээр сургууль, цэцэрлэг баригдаж ашиглалтад орж байгаатай холбоотойгоор орон тоо өсдөг гэсэн албаны тайлбараар ам тагласаар ирсэн. Харин ийм тайлбарын ард цаг бүртгүүлсэн, хий хоосон суудаг мөртлөө тогтмол цалин хүртдэг намын нөхөд бийг хүн бүр мэддэг ч дуугүй байсаар.

Энэ жилийн хувьд төрийн албанд 3300 шинэ хаагч нэмэгдэх тооцоог гаргаж, төсвийн урсгал зардлыг 52 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дуулгаж байсан. Тэгэхээр 200-гаад мянган албан хаагчийн зардалд жилд хэдэн тэрбумыг сул хаядаг болж таарах нь вэ. Тэр чинь төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгө. Энэ жил 3300 төрийн албан хаагч нэмэгдэж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “Сургууль, цэцэрлэгт 1838 орон тоо, эмнэлэгт 403, мэргэжлийн хяналтын лабораторид 18 орон тоо гаргана” гэжээ. Энэ нь 2200 гаруй орон тоо. Үлдсэн 1100 орчим орон тоогоо байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа 228, “Найрамдал” зусланг улсын төсөвт эргүүлэн татахтай холбоотой 158 орон тоо, Татварын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 61, мөнгө угаах терроризмтой тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор авлигатай тэмцэх мөрдөгч 60, прокурор 50, хил хамгаалах ерөнхий газарт 43, шүүгч 20, Санхүүгийн зохицуулах хороонд 10, Цагдаагийн ерөнхий газарт тав гэх мэтээр хуваарилжээ . Шинээр гаргаж буй эдгээр орон тоог харахад яалт ч үгүй нийгэмд хэрэгтэй мэт ч энэ байдлаараа Монгол Улсын төрийн албан хаагчийн тоо мөдхөн 250 мянгад хүрэх нь ээ.

2017 онд Төрийн албаны зөвлөл 192 мянган төрийн албан хаагч байгааг албан ёсоор зарласнаас хойш энэ жил гэхэд 3.3 мянган албан хаагч нэмэгдэж байна. 2018, 2019 онуудад хичнээнээр нэмэгдсэн тухай тодорхой мэдээлэл алга. Лав л нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй нь баараггүй. Тэгэхээр 2016 оноос хойш төрийн албан хаагчдын тоо 33 мянгаар нэмэгдсэн гэдэг нь ортой.

Монгол Улс 3.1 сая хүн амтай байхдаа 180 мянган төрийн албан хаагчтай байлаа. Энэ нь хүн амд ногдох төрийн албан хаагчдын хувь 5.8 гэсэн үг. Харин одоо 6.06 хувь болж өсөөд байна. Өнөөдрийн 3.3 сая хүн амтай Монгол Улсад 200 гаруй мянган төрийн албан хаагч байна гэдэг бол данхар тоо.

Гэтэл Малайзад энэ хувь 4.68 хувьтай. Тус улсын хүн ам өчигдрийн байдлаар 32.401.840 байна. 32 сая хүнтэй тус улсад сая гаруй төрийн албан хаагч ажиллаж байдаг юм байна. Хэрвээ Малайз улс манайх шиг төрийн данхар бүтэцтэй байсан бол төрд нь хоёр сая гаруй хүн ажиллаж байх ёстой болох нь. 126.440.072 хүн амтай Япон улс дөрвөн сая төрийн албан хаагчтай. Энэ нь нийт хүн амын 3.23 хувийг эзэлж байна. Тайвань, Тайландад энэ хувь хоёр байдаг бол БНСУ, Филиппин, Индонезид нэг хувь байна. Жишээ нь, Индонез улс 273.776.774 хүн амтай. Хүн амд ноогдох төрийн албан хаагчийн хувь нь 1.79, дөнгөж шүү.

Энэ нь тус улсыг 4.8 сая төрийн албан хаагчтайг хэлж өгч байна.

Монгол Улсын хувьд Азийн эдгээр орнууд дотроо хүн ам багатай мөртлөө хүн амд ногдох албан хаагчийн тоогоороо толгой цохиж, 6.06 хувьд хүрч байгаа нь харамсалтай. Зарим хүмүүсийн таамаглаж буйгаар 250 мянган төрийн албан хаагчтай болвол яанам бэ.

Дэлхийн том гүрэн Хятад улс улсынхаа нийт эдийн засгийнхаа 20 хувийг төрийн албан хаагчдынхаа зардалд зориулдаг бол жижигхэн төсөвтэй Монгол Улс нийт эдийн засгийнхаа 40 хувийг төрийн албан хаагчдадаа зарцуулж байна.

Швейцарь улс 8.6 сая хүн амтай атлаа 35 мянган төрийн албан хаагчтай. Хэрвээ төрийн албан хаагчдын тоо нь их, төрийн алба нь данхар бүтэцтэйгээрээ ажил нь амжилттай явж, улс нь хөгждөг бол манай улс юун Швейцарь, юун Америк вэ. Тэднийг ардаа хаях байлаа. Бид Швейцарь улсын жишгээр төрийн албаа бүрдүүлж, тэр шалгарсан системээр нь төрийн албаа зохион байгуулсан бол өнөөдөр Монгол Улсад 13 мянган төрийн албан хаагч ажиллаж байх ёстой байжээ. Энэ нь нийт хүн амд ногдох төрийн албан хаагчдын хувь 0.3 гэсэн үг л дээ.

Одоо Монголын төрд ажиллаж буй төрийн албан хаагчдыг ажил үүргийнх нь хувьд, бүтээмж, чанараар нь дүгнэж, чадваргүйг нь гаргаж “шүүсийг нь шахаж”, усыг нь базвал хичнээн нь үлдэх бол. Танил талаараа, хээл хахууль өгч төрийн албан шургалсан этгээдүүдээс гадна нам дагаж, цүнх барьж яваад тэс хөндлөн салбарт мэргэжилтэн, хурган даргын сэтэрт хүрсэн хүмүүс хэдэн мянгаараа бий. Тэднийг хаацайлж хэдий болтол “Сургууль, цэцэрлэг ихээр ашиглалтад орж байгаатай холбоотой төрийн албан хаагчдын орон тоо нэмэгддэг юм аа” гэж худлаа ярих вэ. Төрийн албыг олуулаа мөртлөө чанаргүй явуулахаа больж, эрүүл зөв тогтолцоог сонгох цаг нь болсон. Төрийн алба бол нам дагасан нөхдийн дөрөв дөрвөн жилээр ээлжилж, орогнодог түр газар биш. Тэнд төрийн жинхэнэ албан хаагч, мэргэшсэн мэргэжилтнүүд сууж, боловсруулсан бодлогыг хэрэгжүүлэхэд мэдлэг чадвараа гаргаж байдаг ажлын талбар юм. Түүнээс биш энд тэндээс ирсэн эрээвэр хураавар юмнуудаар дүүргэдэг сав биш гэдгийг ухаарах хэрэгтэй. Гуравхан сая хүнтэй Монгол Улсад 13-хан мянган төрийн албан хаагч байхад л уг нь болчих юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Тулгат: Сүүлчийн либералист Монголд үлдвэл тэр нь би байна гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй

АН-ын идэвхтэй залуу гишүүдийн нэг, ардчилсан хуьсгалын түүхэнд тод мөртэй“Хонх”-ын С.Цогтсайхан агсны авга дүү, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Тулгаттай цаг үеийн сэдвээр ярилцлаа. М.Тулгатын улс төрийн талаас хашдаг алба нь НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь АН-ын бүлгийн дарга. Бизнес чигт хийж байсан ажил нь уул уурхайн “Хишиг Арвин” группийн дэд захирал юм.


-Японд “Софтбанк”-нд дажгүй карьертай алба хашиж байгаад Монголд ирснийг чинь мэднэ. Тэндээ карьер хөөгөөд явсан бол гэж боддог уу, одоо…?

-Огт тэгж боддоггүй. Миний амьдралын утга учир бол улсдаа ихийг бүтээх. Японд сурч байхдаа л Монголдоо буцаж ирнэ гэсэн бодолтой байсан.Амьдрал сайхан эхэлсэн л дээ, таны сая хэлсэнчлэн карьер сайтай ажилд ороод.Амьдралын тав тух, орчин нөхцөл гээд харахаар өөлөх юм байгаагүй. Сургуулиа төгсөөд “Софтбанк” гэдэг том компанийн элит хэлтэст нь ажилд орсон. Гэхдээ хүний нутагт хүний төлөө ажиллаад яваа мэт мэдрэмж салж өгдөггүй байсан.

-Элит хэлтэс гэхээр ямар асуудал хариуцахав?

-Намайг ажилд ордог жил буюу 2005 оны сакура цэцэглэх үеэр гэхэд л “Софтбанк” 2700 шинэ ажилтан авсан байдаг. Би Бизнес төлөвлөлтийн хэлтэст нь ажилд орсон юм. Улсаар яривал төлөвлөгөөний комисс гэмээр юм уу.Компанийн бүх төсвийг хянадаг, группийн хэмжээний захирал, хэлтсийн дарга нартай л харилцдаг, гэрээнүүдийг хянах ажил хийдэг байлаа. Яалт ч үгүй цаг наргүй ажиллаж байгаа юм. Яг тэр үед “Энэ хүчээ Монгол Улсдаа гаргавал” гэсэн бодол яалт ч үгүй орж ирдэг юм билээ.

-Японд оюутан байх үеийн чинь нийтлэл, бичвэрүүдийг уншдаг байсан. “Хонх”-ын Цогтсайханы ахынх нь хүү ингэж бичилгүй яахав гэж боддог байж билээ.Сүүлд нийтлэлүүдээ эмхэтгэж ном болгосон байх аа?

-Тэгсэн. Ер нь аавын талд бичдэг хүмүүс олон шүү. Одоо бол монголчууд бүгд шахуу гадагшаа явдаг боллоо, залуус олноороо дэлхийн том сургуулиудад сураад эхэлчихлээ. Намайг оюутан байх үед тийм хүмүүс харьцангуй цөөхөн байсан л даа. Намайг сургуульд явдаг 1998 онд гэхэд Япон руу тийм олон хүн явдаггүй байлаа.Манай хөгжлийн түвшин ямар байлаа гээд бодохоор их сонин дурсамжууд тодордог.Зүгээр л нэг урсдаг шат гэхэд цоо шинэ хэрэглээ байлаа шүү дээ (инээв).Шив шинэ ертөнцөд оччихсон нөхөр судалгаа хийж, уншиж, суралцаад явахаар дотроосоо ассан л даа.

-Дотроосоо асаад бичээд эхэлчихсэн гэж үү?

-Тэгсэн, цаанаасаа оргилж бичдэг байсан (инээв). Одоо эргээд бодох нь ээ хамгийн гоё үе маань санагддаг.Номын санд урьд уншиж байгаагүй номон дунд орчихоор далайд сэлж байгаа мэт шинэ мэдрэмж төрсөн.Монголын тухай 1920, 1930-аад онд Японы эрдэмтдийн бичсэн судалгааны номнууд Киотогийн номын санд өчнөөнөөрөө байсан.Тийм номон дунд орчихоор үгээр хэлэмгүй гоё мэдрэмж авдаг юм билээ.Тэгээд ирэхээр судалж суугаа үндсэн өнцгөөсөө хазайгаад өөр өөр зүйл уншиж судалж, ухаж төнхөөд явчихаж байгаа юм.Танин мэдэхүйн аз жаргал эдэлсэн үе минь байж гэж боддог юм.

-Би энийг олоод уншчихлаа шүү дээ гэж кайф авч дуу алдсан баримт олон биз?

-Өө, тэгэлгүй яахав. Дэлхийн нэгдүгээр дайнаас хоёрдугаар дайны хооронд япон эрдэмтдийн Манжуур, Монголыг судалсан судалгааны бүтээлүүдийг олноор нь уншсан. Тухайн үед бидний өнгөц хардагчлан оросууд үнэхээр Монголыг аварсан уу, ер нь яг тэр цагт Орос, Хятад, Япон улсууд ямар бодлого явуулж байв гэх мэт олон асуултдаа хариу авч байлаа. Тэр үед Орос, Хятад, Япон улс Монголд идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж, тагнуулаа тавьж, судалгаа хийж байсан түүхтэй.Энэ өрсөлдөөнийг Японы өнцгөөс харахад бас их сонин.Японд дэлхийд Азийг гаргаж ирэх маш том амбиц байсан.Барууныхан XIX зуунд Азиудыг “шар сармагчин” гэж гоочилж байсан тухай уншиж, дуулсан хүн олон байх.Япончууд XIX зуунд, Мэйжийн хувьсгалынхаа дараа асар хурдтайгаар баруунаас суралцаж, хүнд аж үйлдвэр хөгжүүлж, төмөр зам тавьж, танк, усан онгоц үйлдвэрлээд эхэлчихсэн.1895 онд Хятадтай байлдаад ялчихаж байгаа юм.1905 онд Европын том гүрэн Оростой байлдаад ялчихсан.Яг тэр үед барууныхан шар сармагчингууд юу болчихов гээд анзаарч эхэлсэн байдаг.Япончууд дэлхийд Азийг гаргаж ирнэ, Их Британи гэдэг шиг Азийн хамгийн том холбооны улсыг байгуулна, Азийн орнуудыг нэгтгэнэ гэж амбицлангуутаа Их Азийн энхтайван энэ тэр гээд явчихсан.Сүүлдээ байгаа байгаа улс орнууддаа дур зоргоороо аашилсан гэх мэт асуудал гарсан юм билээ л дээ.

-Японоос Монголд ирэнгүүтээ юу хийсэн бэ?

-Би 2010 онд ирэнгүүтээ Япон, Монголын хооронд бизнесийн харилцаа хөгжүүлэх гүүр болох зорилгоор компани байгуулсан юм. JETRO гээд Японы гадаад худалдааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын албан ёсны эрхийг авч байсан.Ингээд Японы Нийгата гэх мэт зарим нэг мужийн бизнес координатороор ажиллаж эхэлсэн.

-2010 он гэхээр Монголд уул уурхайн “бүүм” болохын өмнөх жил иржээ?

-Тэгсэн. 2011 онд ДНБ-ий өсөлт 17 хувьтай гарч байсан. 2009 онд Оюу толгойн гэрээ зурагдсан, “Энержи ресурс”-ын уурхай ажиллаж эхэлсэн. “Эрдэнэс Таван толгой”-н Зүүн Цанхи ажиллаж эхэлсэн жил шүү дээ. Том уурхайнууд ажиллаж, эдийн засаг жинхэнэ утгаараа өндийж, сэвхийж эхэлсэн үе. Монголыг гадаадын хөрөнгө оруулагчид ид сонирхож эхэлсэн тэр цагт компани байгуулаад ажилласан.

-Ирээд шууд улс төрд орсон уу, эсвэл бизнесээ босгоё гээд зүтгэсэн үү?

-Манайхан чинь гэр бүлээрээ ардчиллын төлөө зүрх сэтгэлтэй хүмүүс. Ирээд шууд АН-д элсэж, 2012 оны орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд ялсан.Тэр жил Баянзүрх дүүрэгт АН анх удаа ялсан юм.

-НИТХ-д ялсныхаа дараахан уул уурхайн бизнес рүү орсон санагдаж байна. “Хишиг арвин”-ы удирдлагад ажиллаж эхэлсэн түүхээ яриач.Яг ямар шалтгаанаар энэ компанийг удирдах болсон юм бэ?

-Шалтгааныг нь хэлэхээс өмнө танаас нэг зүйл асуучих уу?

-Тэг тэг.

-“Эрдэнэс Таван толгой”-н Зүүн Цанхи дээр “Чалко”-тай хийсэн гэрээ таныхаар ямар болсон санагддаг вэ?

-Их муу гэрээ, урьдчилж аваад нийгмийн халамж нэрээр тараачихсан 350 сая ам.доллараа нүүрсээрээ төлж барах гэж улсаараа мачийсан байх аа?

-Тэгсэн, “Эрдэнэс Таван толгой” яг энэ шалтгаанаас болж хүнд байдалд орж эхэлсэн. 2012 оны зургадугаар сараас хойш Монголоос үл хамаараад дэлхийн уул уурхайн зах зээл уначихсан.За тэгээд Зүүн Цанхийн муу гэрээнээс болоод “Эрдэнэс Таван толгой” алдагдал хүлээгээд эхэлсэн. Нүүрсээ зөвхөн “Чалко”-д зах зээлийн үнээс хямдаар зарах ёстой, олборлолтоо Монголын биш, Австралийн үнэтэй компаниар хийлгэх ёстой гэсэн хатуу тохироонуудтай. Нүүрсний үнэ унангуут олборлож зарах тусмаа алдагдал хүлээгээд эхэлсэн. Олборлолтоо зогсоонгуут Австралийн компани сул зогслоо гээд мөнгө нэхчихдэг. Хөдөлсөн ч, зогссон ч алдагдал хүлээдэг болчихсон юм. Ийм асуудал үүсэнгүүт Н.Алтанхуягийн Засгийн газар маневр хийсэн. Баруун Цанхи дээр үндэсний компаниудын дунд тендер зарлаад “Чалко”-гоос хамааралгүйгээр нүүрсээ зараад эхэлсэн.Тэр тендерт “Хишиг арвин” ялсан. Хамаатны ахын маань компани л даа. 2013 онд 300 гаруй ажилтантай байсан компани маань одоо 2000 гаруй ажилтантай болж өргөжөөд байгаа.

-Таныг Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн бол ялаад гараад ирчих боломжтой кандитат гэж харж байсан. Гэтэл сонгуулийн өмнөхөн та биш өөр хүн нэр дэвшчихсэн.Цахим орчинд бухимдлаа ил тод бичсэнийг чинь уншсан.АН-ын сонгуулийн ялагдлын бас нэг том шалтгаан нь дажгүй нэр дэвшигчдээ боломжтой тойрогт нь сойгоогүйнх гэвэл та санал нийлэх үү?

-Баянзүрхийн 22 дугаар тойргийн хувьд миний ажиллаж байсан тойрог. Таван мандат дээр таван хүний нэр явж байсан. 100 саяа төлөөд, үйл ажиллагааны тайлангаа өгөөд явж байтал тавдугаар сарын 16-ны Үндэсний бодлогын хорооны хурлаар бүх зүйл өөрчлөгдсөн л дөө. Үндэсний бодлогын хорооны хурлыг өглөө нээнгүүтээ завсарлага аваад хаачихсан.Өдөр нь Сонгон шалгаруулах хороо хуралдаж байна гэсэн зар явсан.Гэвч үнэн хэрэгтээ хуралдаагүй.Бүр орой арван цагийн үед Сонгон шалгаруулах хороо хориод минут хуралдсан. Үндсэндээ хурал гэхээсээ илүү 76 нэр дэвшигчийг танилцуулах арга хэмжээ болсон. Тэр нэрс дунд миний нэр байгаагүй.

-Оронд нь тантай бизнесийн ч, улс төрийн ч холбоотой гэгддэг хүний нэр ороод ирчихсэн…

-Би тэр хүнтэй бизнесийн хувьд ямар ч харилцаа байхгүй шүү дээ.

-Олон жил яг ийм мэдээлэл давтамжтай цацагдсан нь тэгвэл ямар учиртай юм бэ?

-Л.Наранбаатар гэж залуу 2014 оноос хойш тэгж ярьсаар байгаад хүмүүст тийм ойлголт төрүүлчихсэн юм. Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг дээ, тийм л зүйл болсон.

-Тэгвэл улс төрийн харилцаа бий байх аа?

-Ардчилсан хүчний холбоо “Шонхор” фракц гэж та мэдэх байх. Намайг Японоос ирэх үед Ардчилсан хүчний холбоо байгуулагдсан юм.Үүсгэн байгуулах хуралд нь оролцож байлаа.Ардчилсан хүчний холбооны дарга нь З.Энхболд.Миний хувьд Ардчилсан хүчний холбооны гишүүн нь гэж явж байсан.Өнгөрсөн хугацаанд МоАХ, МҮДН гэх мэт фракцаас нэгдээч гэсэн санал ирж байсан ч ийш тийш савлах дургүй учраас хүлээж аваагүй.2012 оны сонгуулиар Ардчилсан нам хамгийн олон суудал аваад З.Энхболд УИХ-ын дарга болсон.Тэр нь Баруун Цанхийн тендерийн үетэй давхацчихсан юм.

Тэр үед би “Хишиг Арвин”-д ажиллаж таарсан.Ардчилсан хүчний холбооны, З.Энхболдын хүн оччихлоо гэсэн яриа яг тэр үед гарч эхэлсэн л дээ.Уг нь цаад шалтгаан нь тийм биш.Түрүүн танд хэлсэнчлэн хамаатны ахын маань компани.

-Бизнесийн хувьд ямар ч харилцаагүй гэж үү. З.Энхболдыг хувьцаа эзэмшигч гэх мэтээр бичиж мэдээлээд байдаг шүү дээ?

-Нэг төгрөгийн ч харилцаа байхгүй. З.Энхболд гэдэг хүнийг ингэж бичүүлж, янз бүрээр хэлүүлэх бүрд “Том улстөрч хүн хэцүү юм даа” гэж бодоод өнгөрдөг.Өөрт нь төвөгтэй байдаг байх.Компанид ч төвөгтэй байдаг.З.Энхболд бол том улстөрч.Тухайн үед УИХ-ын дарга гэсэн том алба хашиж байсан хүн.Миний хувьд Ардчилсан намын, “Шонхор” фракцийн гишүүн.Тэр утгаараа Таван толгойтой холбоотой тооцоо, нөхцөл байдлын талаар асуухад нь хариу өгөх гэх мэт харилцаа бол байсан. 2016 оны дөрөвдүгээр сард, УИХ-ын хаврын чуулганаар Шинхуа, Сумитомо, “Энержи ресурс”-ын консорциумын гэрээ унасан даа.Тэр үеэр надаас нөхцөл байдалтай холбоотой зүйл асууж байсан тал бий.Ажил хэргийн ийм харилцаа л байсан.

-З.Энхболд гэдэг улстөрчийн ямар чанарыг үнэлдэг вэ?

-Зарчимч хүн шиг санагддаг.

-Сүүлийн үед илэрхийлээд байгаа байр суурь, хандагуудаас нь лав таны чигээ болгосон либерал хандлага үнэртдэггүй. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсноосоо хойш ардчиллын үнэт зүйлийн эсрэг зүйл яриад эхэлсэн гэж шүүмжлэх хүн олон байдаг. Танд тэгж харагддаггүй юу?

-Сүүлийн үед үзэл баримтлалын хувьд нэшнлсоциалист маягийн байр суурь илэрхийлээд эхэлсэн л дээ. Социал демократ угшилтай гээд бодохоор нэг их гайхаж хүлээж авах өнцөг биш ч байж магадгүй. Та сая хэллээ, намайг либерал үзэлтэй гэж. Үнэн л дээ, би либерал үзэлтэй хүн. Хувийн өмч, хүний эрх чөлөө, жижиг төр ярьдаг хэсэгт багтана. 2017 онд намын үзэл баримтлал батлах гээд боловсруулалтын түвшинд байхад хэсэг залуус АН-ын үзэл баримтлал, үнэт зүйл дотор төрийн хязгаарлагдмал оролцоо гэдэг үгийг оруулсан юм. Либерал үзэл санаа гэдэг бол ерөөсөө л төрийг аль болох жижиг байлгах, хувь хүн, хувийн хэвшлийн орон зайг том байлгах гэсэн үзэл санаа шүү дээ. Тэр үзэл санаагаа буулгах зорилгоор үзэл баримтлалдаа төрийн хязгаарлагдмал оролцоо гэдэг үгийг оруулсан хэрэг. Тэр үед энэ үгийг оруулахыг маш их эсэргүүцсэн хүн л дээ, З.Энхболд. Мань хүний ярианаас нэг зүйлийг анзаарсан. Монгол бол хоёр том хөрштэй жижиг орон учраас хувь хүний эрх чөлөө гэхээс илүү төр нь бодлоготой байх ёстой гэж хардаг шиг байгаа юм. Энэ бол хувь улстөрчийн л үзэл бодол. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албаа өгөөд намын даргын зөвлөх болоход нь дотроо эсэргүүцэж явсан тал бий, надад. Хувь хүнийхээ хувьд “Баруун төвийн үзэл баримтлалтай нам байж яагаад ийм үзэлтэй хүнийг намын даргынхаа зөвлөхөөр авах ёстой юм бэ” гэж бодож байсан.

-Тэгээд дараа нь нэр дэвших боломжоо булаалгачихсан…?

-Тухайн хүн нь З.Энхболд гэдэг хүн байж таарсан л гэж хардаг. Илүү том зургаар харах ёстой өнцөг л дөө. Та түрүүн их онож хэлсэн. Гарчих боломжтой тойргуудад нь нэр дэвшигчдээ тодруулж чадаагүй гэж. Үнэн л дээ. Баянголын Засаг даргаар ажиллаж байсан Оросоог Эрдэнэтэд, Одонтунгалагийг Баянголд, Увсад бэлдэж байсан хүнийг Баянзүрх рүү нэр дэвш гэсэн.Сүхбаатарт бэлдэж байсан Өнөрбаярыг гэнэтхэн Хан-Уул руу дэвшүүлчихсэн. Алдаа нь системдээ байна гэж харсан. АН олон фракцтай, хоорондоо хагаралтай гэж шүүмжлүүлсээр ирсэн учраас 2016-2020 онд арай өөрөөр ажилласан. Нийт гишүүдээс сонгогдсон даргынхаа тугийн дор ажиллая, юу хийхийг нь харъя гэдэг байдлаар хандсан. Нийтдээ ингэж харсан учраас намын дарга дээр маш их эрх мэдэл төвлөрсөн юм. Сүүлдээ нэр дэвшигч тодруулах үеэр намын дарга хоёр, гурван талын асар их дарамт, шахаанд орчихов уу гэж харсан. Тийм шалтгаанаар нэр дэвшигч тодруулах ажил холион бантан болчихсон байх.

-Либерал үзэл гэснээс сүүлийн үед АНУ-ын улс төрийн том сэтгүүл хүртэл төрийн оролцоог чухалчлах ёстой гэсэн өнгө аястай нийтлэлүүд бичих болсон тухай учир мэдэх нэг хүн ярьж байсан. Дэлхийн хандлага өөрчлөгдөөд байгааг баталсан үйл явдал ч ганцаар тогтохгүй өрнөөд байх шиг. Либерал үзэл тийм чухал уу гэсэн асуулт Америкт хүртэл тавигдаад эхэлчихсэн гэхээр…?

-Хүн төрөлхтний түүхийг харахаар их өөдрөг дүр зураг тодордог. Хувь хүний нандин чанарыг дээдлэх үзэл санаа зугуухан ялсаар ирсэн.Тухай тухайн мөчлөг, цаг үед коммунитари, нацист гэх мэт хүчтэй төрийн үзэл хүчээ аваад унаж, хүчээ аваад унасан байдаг. Зугуухандаа гэвэл яалт ч үгүй либерал үзэл ялан дийлсээр энэ цагийг хүрсэн. Цаашдаа ч тийм байна гэдэгт огтхон ч эргэлздэггүй.Либерал үзлийг маш энгийнээр тайлбарлавал хувь хүний орон зайг хүндэтгэдэг, хувийн санаачилга, бие даасан байдлыг бүхний түрүүнд тавьдаг, тэр бүгдийг хамгийн үнэ цэнэтэйд тооцдог үзэл.Либерал үзэл бол миний цусанд шингэсэн үнэ цэнэ. Бүх хүн өөр зүйл ярьсан ч би хувьдаа үзлээсээ ухрахгүй. Сүүлчийн либериалист Монголд үлдвэл тэр нь би байна гэдэгтээ огтхон ч эргэлздэггүй.

-Намын даргад хэт их эрх мэдэл төвлөрсөн алдааг засах гарц хувилбарууд байна уу, танд?

-Нэг хүн дээр хэт төвлөрсөн эрх мэдлийг зөв задлах хэрэгтэй. Английн Консерватив нам гэхэд л намын дарга нь, намын хурлын дарга нь тусдаа. Гэтэл манайд намын дарга нь өөрөө хурлаа удирдаад явдаг. Намын дарга хүн хурлаа удирдчихаар бүх зүйлээ өөртөө тааруулаад явчихдаг тал бий. Намын, хурлын, бодлогын ерөнхий зөвлөлийн дарга гэж тусад нь салгавал илүү зөв шийдэл болох байх.

-УИХ-ын сонгуульд ялагдчихлаа, хариуцлагаа хүлээнэ гээд дарга нь суудлаа өгсний дараагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төр АН-д сөргөөр нөлөөлөөд эхэлчих шиг боллоо. Ийм хардлага төрөхөөр үйл явдал шил дарж байна. Чоно борооноор гэдэг шиг үйл явдалд орон зай өгчих эрсдэлтэй цоорхой танай намын дүрмэнд байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Намын дүрэмд сонгуулийн хариуцлагын талаар тов тодорхой заалтууд бий. Нэг, хоёр заалтын хувьд амьдрал дээр зөрчил үүсэхээр зүйл байна. Үндэсний бодлогын хороог сонгуулийн өдрөөс хойш 30 хоногийн дотор, Намын их хурлыг 90 хоногийн дотор хуралдуулах ёстой. Сонгуульд ялагдвал намын дарга, дэд дарга, генсек шууд огцорно, санал хураалтын дүн гарлаа л бол огцорсонд тооцно гэсэн өгүүлбэр бий.Огцорсныг нь Үндэсний бодлогын хорооны хурлын үеэр зарлаад аль нэг дэд даргад нь намын даргын эрх үүргийг түр хугацаанд шилжүүлэх ёстой.Тэгээд ялагдсан тойргууд дээр Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нөхөн сонгуулийг явуулах заалттай. Намын дарга, дэд дарга, генсекийг шууд огцорчихоор нам удирдлагагүй болчихож байгаа юм. Үндэсний бодлогын хорооны хурлыг зарлан хуралдуулах ёстой субьект нь намын дарга юм уу Улс төрийн зөвлөл. Гэтэл намын дарга нь огцорчихсон. Улс төрийн зөвлөлийг хуралдуулдаг нь генсек. Генсек нь бас огцорчихсон. Уг нь С.Эрдэнэ дарга тамгаа өгөхийнхөө өмнө Үндэсний бодлогын хорооны хурлыг товлочихоод буух ёстой байсан юм билээ. Яг сонгуулийн дараа Улс төрийн зөвлөл хуралдаад АН-ыг төлөөлөх бүх эрхийг Улс төрийн зөвлөл авна гээд тогтоол гаргачихсан юм. Тийм тогтоол байсаар атал намын даргын тамгыг хадгалж байгаа Ц.Туваан гэж хүн Үндэсний бодлогын хорооны хурлыг хамгийн сүүлийн өдөр нь тулгаж зарлаад хийчихсэн.Бушуухан намын даргын үүрэг гүйцэтгэгч болоод авъя гэж байгаа мэт үйлдэл гаргасныг нь Үндэсний бодлогын хорооны гишүүд эсэргүүцсэн. Маш олон хүн хуралдаа суугаагүй.Ийм шалтгаанаар ирц хүрээгүй. Үндэсний бодлогын хороо 408 гишүүнтэйгээс сая болсон хурлын ирц нь 100 гаруй хүнээс бүрдсэн. Ирц нь хүрээгүй ийм хурал хийгээд өөрийгөө намын дарга үүрэг гүйцэтгэгч болгоод тамга авчихсан. Эхнээсээ хууль дүрмээрээ явбал дараа нь үл ойлголцол үүсэхгүй. Гэтэл эхнээсээ ийм үл ойлголцол үүсчихээр дараа нь сонгууль дөхөх тусам асуудлууд ургаж гарч ирэх эрсдэлтэй.

-АН-д одоо орон нутгийн сонгууль гэж том даваа байна. Орон нутгийн сонгуульд амжилттай оролцох ямар боломж, гарц АН-д байна вэ?

-АН-ын хувьд цаашид ямар гарц байна вэ гэхээр нэгдүгээрт үзэл баримтлал дээрээ хатуу зогсдог, дүрмээ яг таг баримталдаг хүн намын дарга болох хэрэгтэй байна.

-Таны сая хэлсэн үгийг АН-ыг өнгөтэй өөдтэй, хүчтэй нам байгаасай гэж хүсдэг хүн бүр л бодож суугаа байх. Гэхдээ яг амьдрал дээр буулгаад харахаар Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх өрсөлдөөний золиос болчих эрсдэл танай намд бодитоор нүүрлэчихлээ л дээ.АН-ын шинэчлэлийн төлөө дуугарч ярьсан бүхэн шантарч няцмаар зураг харагдаад байх юм, танд тийм мэдрэмж төрж байна уу?

-Би их өөдрөг хүн. Цаг хугацааны тохироо гэж бий.Хэзээ нэгэн цагт тэр үе нь ирнэ гэдэгт огтхон ч эргэлздэггүй.

-Тийм цаг ирнэ л дээ. Гэхдээ одооноос нам гэдгээ мэдрүүлж эхлэхгүй бол байдал хэцүүдэж байгаа юм биш үү. Сая гэхэд л Оюу толгойн гэрээ, шийдвэрт оролцсон гэх хүмүүсийг намын харьяаллаар нь ялгаж байгаад хориход АН дуугарсангүй. Шинэчлэгдэх, урагшлах чин хүсэлтэй байгаа бол дуугармаар өнцөг дөө уг нь…?

-Дуугарах эзэн нь ч байхгүй болчихлоо л доо. Өртэй, байр нь ч хүртэл намынх өөрийнх нь биш гээд яривал асуудал их байна. Тийм учраас Үндэсний бодлогын хороогоо бүрэн бүрэлдэхүүнээр нь ном ёсоор нь хуралдуулах ёстой гээд байгаа юм. Тэгж хэлж, шаардсаны хүчинд Үндэсний бодлогын хороо өнөөдөр (өчигдөр) хурлаа эхэллээ.Шинэчлэлээ цаг алдалгүй хийж, зөв гарц, шийдлээр урагшлахгүй бол манай нам цөөхөн хүний халаасанд ороход бэлэн болчихоод байна.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганзориг: Нийгмийн даатгалын салбарт шинэчлэл хийх ёстой

Нийгмийн даатгалын тогтолцоо болон тэтгэврийн шинэчлэлийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын дарга Д.Ганзоригтой ярилцлаа.


-Нийгмийн даатгалын тогтолцоо, өнөөдрийн үйлчилж буй тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд үзэж буй. Үнэхээр шинэчлэл хийх шаардлагатай эсэх талаар ярилцлагаа эхлүүлье?

-Дэлхийн ихэнх орны хүн ам эрчимтэй өсөхийн зэрэгцээ амьдралын чанар дээшилснээр насжилт өндөр болж байгаа нь хүсүүштэй үр дүн мөн боловч тэтгэвэр авах хугацаа уртассан нь засгийн газруудын шийдвэрлэвэл зохих асуудал болж хувираад байна. Иргэдийн дундаж насжилт, тэтгэвэр авагчдын тоо байнга нэмэгдсэнээр тэтгэвэр авагчдад ногдох ажилтай хүний тоо буурсаар байгаа нь манай улсад ч тулгамдаж буй асуудал. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 10 орчим хувь нь 55 болон түүнээс дээш настай бөгөөд энэ хувь цаашид ч өсөх төлөвтэй байгаа юм.

1994, 1999 онд хийгдсэн тэтгэврийн тогтолцооны шинэчлэл тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн тул шинэ түвшинд авч үзэх хэрэгтэй болоод байна. Учир нь 1999 оноос хойш бодлого боловсруулагчид тэтгэврийн бодлогыг тодорхойлохдоо жижиг хэмжээний өөрчлөлтүүдийг л хийж ирсэн нь иж бүрэн шинжилгээ судалгааны үр дүнд тулгуурлаагүй, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг сайтар төсөөлж чадаагүй тул санал болгосон өөрчлөлтүүд нь хүссэн үр дүнгээ өгч чадаагүй. Иймд тэтгэврийн даатгалын тогтолцоог даруй шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын хуримтлуулсан туршлагаас харахад хуваарилалтын, хагас хуримтлалын, хуримтлалын гэсэн тэтгэврийн гурван тогтолцоо хэрэгжиж байна.

Манай улсын хувьд иргэдийг нийгмийн даатгалд хамруулах замаар Нийгмийн даатгалын сангийн орлого болон зарлагын гүйцэтгэлийг хангуулж, улмаар хуваарилалтын буюу эв санааны нэгдлийн зарчмаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжих нөхцөлийг бүрдүүлээд байна.

Хагас хуримтлалын тогтолцоонд шилжихдээ Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны аргыг сонгосон. 1960 оноос хойш төрсөн иргэдийг нэрийн дансанд хамруулах зорилгоор даатгуулагчийн нэрийн дансны гарааны үлдэгдэл, төлсөн шимтгэл, эцсийн үлдэгдлийг бүртгэн хуримтлуулж, мэдээлэх ажлыг зохион байгуулсан боловч зохих үр дүнд хүрч чадахгүй л байна.

-Тэтгэврийн тогтолцооны энэ олон эрсдэлийг хэрхэн тодорхойлж байна вэ. Тухайлбал, мөнгөний ханш, инфляцийн асуудал байна, 30 жилийн дараах мөнгөний үнэ цэнэ энд яригдах байх?

-Тэтгэврийн тогтолцоонд олон эрсдэл тулгарч байна. Тухайлбал, шилжилтийн болон одоогийн тогтолцооны хувьд шимтгэлийг бууруулсан, нөхөн даатгалын хууль баталж хэрэгжүүлсэн нь тэтгэврийн нэрийн дансыг бүрдүүлэх шимтгэлийн хэмжээг багасгасан, Засгийн газрын төлөх өрийг нэмэгдүүлсэн, хамгийн бага тэтгэвэр авагчдын тоог өсгөсөн зэрэг нь ихээхэн сөрөг үр дагаврыг үүсгэсэн.

Тэтгэврийн энэхүү бодлогын дүнд ахмад настнуудын ялгаатай гурван бүлэг бий болсон. Тодруулбал, 1960 оноос өмнө төрсөн бөгөөд 1994 оны шинэчлэлээр тэтгэврээ тогтоолгосон, түүнд нь инфляцийн тохируулга хийгдсэн тэтгэвэр авагчид болон цаашид авах хүмүүсийн нэг бүлэг байна. Энэхүү бүлгийг “Хуучин болон шилжилтийн тогтолцоо” гэж нэрлэсэн. Харин 1979 оноос хойш төрсөн бөгөөд 1999 оноос бий болсон НДТТ-ны дагуу харьцангуй бага тэтгэвэр авах хүмүүс. Одоогийн тогтолцоонд хамрагдахгүй, тэтгэвэр авахгүй хүмүүс бас бий. Мөн мөнгөний хуваарь өөрчлөгдөж, ханш унасантай холбогдон 1995 оны шинэ хуулиар тэтгэвэртээ гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүү маш их байсан. Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмж ирсэн ч мөнгөний ханшны уналтыг гүйцэж байгаагүйгээс болж өндөр настнуудын олонх нь ядуучуудын эгнээнд шилжих нөхцөл үүссэн. Нэрийн дансны тогтолцоо нь одоохондоо хийсвэр хуримтлалын тогтолцоо тул дээр хэлсэнчлэн даатгуулагчийн төлсөн шимтгэл нь бодитойгоор дансанд хуримтлагдаагүй, зөвхөн дэвтэр дээр бичилт хийгдэж байгаа төдий юм.

-Нийгмийн даатгалын тогтолцоо тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, ажилгүйдэл, Эрүүл мэндийн даатгалын сан гэсэн нийт таван сангаас бүрддэг. Үүнээс хамгийн ээдрээтэй нь Тэтгэврийн сан болоод буй. 2020 оны байдлаар л гэхэд улсын хэмжээнд нийт 660 мянган хүнд Нийгмийн даатгалын сангаас 2.5 их наяд төгрөг зарцуулахаар байсан. Том зургаар нь харахад, нийгмийн даатгалын тогтолцоо итгэлцэл дээр тогтдог харилцаа гэж ойлгож болох нь?

-Тэтгэврийн доод хэмжээг зөв тогтоох нь чухал асуудлын нэг болоод байна. Тэтгэвэрт гарах үеийн нэрийн дансан дахь мөнгөний үнэ цэнэ нь авах тэтгэврийг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тул улсын төсвөөс үзүүлэх татаасаас хамаарахад хүрээд байгаа юм.

Тэтгэврийн доод хэмжээг дундаж цалинтай холбож тогтоож буй тул дундаж цалин өсөх бүрт Засгийн газрын төлөх тэтгэврийн өрийг нэмэгдүүлсээр байна. Өндөр настан болон өндөр насны тэтгэвэр авагч иргэдийн талаар хэдэн тоо, баримт харвал, Монгол Улсын хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор 55 ба түүнээс дээш насны 310,319 иргэн тоологдсон. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020-2045 он хүртэлх хүн амын хэтийн тооцооны дүнгээр өндөр настан хүн амын тоо 1.6 дахин өсөх хандлагатай байна. Түүнчлэн 2009 онд өндөр насны тэтгэвэр авагч иргэд 197 мянга байсан бол 2019 онд 307 мянга болж, сүүлийн 10 жилийн хугацаанд 110 мянгаар буюу 56 хувиар өссөн байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа.

Хөгшрөх үйл явц нь нэгэнт амьдралын жам ёсны үзэгдэл учраас ахмад настнуудад тааламжтай нөхцөлд хэвийн амьдрах бололцоог бүрдүүлж өгөх нь нийгмийн бодлогын нэн чухал хэсэг байх учиртай. Одоогийн үйлчилж буй зохицуулалтын гол хүндрэл нь санхүүгийн зах зээлийн сул хөгжил, өндөр эрсдэл бүхий хувийн хадгаламж болон өмч эзэмших эрхэд нөлөөлж буй эдийн засгийн тодорхой бус байдалтай ихээхэн холбоотой. Мөн инфляцийн өндөр түвшин, нийгмийн хамгаалал болон ЭМД-ын хангалтгүй үйлчилгээ, хувийн тэтгэврийн системийн зохицуулалтгүй зэрэг нь байдлыг улам дордуулж байна.

-Хамгийн гол асуудал нь хүн ам зүйн насжилт. Өндөр настны тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ямар гарц, боломж байна вэ?

-Тэтгэврийн сангийн хэтийн тооцоо буюу актуар тооцооллоос үзэхэд хуучин тогтолцоог хэвээр хадгалах тохиолдолд шимтгэлийн орлогоос тэтгэврийн зардал нэлээд хэмжээгээр давахаар байгаа юм.

Өнөөгийн тогтолцоонд даруйхан өөрчлөлт хийхгүй бол сангийн жилийн алдагдал нэмэгдсээр байх бөгөөд улмаар түүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин өссөөр Тэтгэврийн даатгалын сан хямралд орж болзошгүй.

Онолын хувьд, иргэдийн өндөр насны тэтгэврийн даатгал хэд хэдэн хэлбэрээр хэрэгждэг. Тухайлбал, тэтгэврийн орлого бий болгох талаас мөн тэтгэвэр тогтоолт, зарцуулалтын талаас нь авч үзэж болно. Тэтгэврийн орлого бий болгох талаас нь авч үзвэл хуваарилалтын, бүрэн хуримтлалын, хагас хуримтлалын хэлбэрээр хэрэгжинэ. Тиймээс тэтгэврийн тогтолцооны хэлбэрүүдийг нарийвчлан судалж, дэвшилттэй шинэ арга, механизмыг хэрэгжүүлэхдээ санхүүгийн нарийвчилсан тооцооллыг хийж, болзошгүй эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-Тэтгэврийн тогтолцооны олон арга хэрэгсэл байдаг юм байна. Гэвч манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо өөрөө дэлхийн чиг хандлагад нийцэж байгаа юу?

-Дэлхийн улс орнуудын чиг хандлагад нийцүүлэхийн тулд олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь хөдөлмөрлөсөн жил болон шимтгэл төлсөн хугацааг харгалзан хуваарилалтын зарчмаар тэтгэвэр тооцож олгох ганцхан төрөлтэй. Өөрөөр хэлбэл, нэг шимтгэл төлөгчид ногдох тэтгэвэр авагчдын тоо харьцангуй олон, тэтгэврийн хэмжээ туйлын бага, олон зуун иргэд шимтгэл төлөхгүй байгаагаас даатгалын гадна үлдэж, ирээдүйн амьдралын баталгаа нь алдагдахад хүрэх зэрэг бэрхшээлүүдтэй тулгарч байна. Тэр хэрээр нийгэмд бухимдал үүсгэж байгааг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд цаг үеэ олсон, олон улсын сайн туршлага, судалгаа шинжилгээнд суурилсан төрийн оновчтой бодлогыг зайлшгүй бий болгох, хууль эрх зүйн орчинд зоримог шинэчлэлийн асуудлыг тусгаж хэрэгжүүлэх нийгмийн захиалга бий болоод байна. Өөрөө хэлбэл, нийгмйин даатгалын салбарт зайлшгүй шинэчлэл хийх ёстой.

-Нэг хэсэг судлаачид тэтгэврийн тогтолцооны талаар их ярьлаа. Тэр дундаа Төрийн тэтгэврийн систем, Хувийн тэтгэврийн системийн талаар мэргэжлийн хүний хувьд ямар ялгаа байгаа талаар тодруулбал?

-Төрийн тэтгэврийн систем нь агуулгын хувьд гурван төрөлд хуваагддаг.

Үндэсний суурь тэтгэврийн даатгал: Энэ бол бүх иргэдийг хамарсан буюу төрийн албан хаагчид болон хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгж, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын болон шашны бүх байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай нэгж төслүүдэд ажиллагчдыг хамардаг.

Ажиллагчдын тэтгэврийн даатгал: Энэ нь ажил хөдөлмөр эрхлэгчид залуу насныхаа эрч хүч, авьяас чадвар, оюун ухаанаа төр, засаг, компани, байгууллагын үйл ажиллагаанд зориулсныхаа төлөө өндөр насалж, хөдөлмөрийн чадвар багассан үедээ орлогын эрсдэлд өртөхөөс хамгаалахын тулд ажил олгогчтой хамтарч тусгай сан байгуулан тэтгэврийн хэлбэрээр орлогоо нэмэгдүүлэх боломж олгоход энэ даатгалын зорилго чиглэгдэнэ. Энэ нь орчин үеийн тэтгэврийн даатгалын шинэ төрөл юм.

Цэргийн албан хаагчдын тэтгэврийн даатгал: Энэ нь Батлан хамгаалах, Дотоодын цэрэг, Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг хамрах ба тусгай сангуудаар дамжуулж тэтгэвэр, тэтгэмж олгох төрийн тэтгэврийн системийн нэг хэсэг байна. Даатгалын шимтгэлийн хэмжээ, тэтгэвэр, тэтгэмжийн нэр, төрөл, тооцох аргачлал зэрэг нь ажиллагчдын тэтгэврийн даатгалтай үндсэндээ адилхан зарчимтай байна.

Үндэсний суурь тэтгэврийн даатгал, Ажиллагчдын тэтгэврийн даатгал, албан хаагчид, Цэргийн албан хаагчдын тэтгэврийн даатгалын систем нь төрийн тэтгэврийн системийг бүрдүүлэх ёстой юм. Мөн түүнчлэн хувийн тэтгэврийн системийг нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь олон тулгуурт тогтолцоонд чухал шаардлагатай.

-Хувийн тэтгэврийн системийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Хувийн тэтгэврийн системийн талаар сүүлийн жилүүдэд маш их яригдсан. Одоогоор манайд хэрэгжиж нэвтрээгүй ч иргэдийн хамгийн их сонирхдог хэлбэр.

Хувийн тэтгэврийн системийн гол шинж бол удирдлага, бүтэц, санхүүжилт, ашиг тодорхойлох, ажлын хөлс, төлбөрийг тогтоох зэрэгт эрх чөлөөтэй байдаг. Гэхдээ эдийн засаг, нийгэм, эрх зүйн орон зайд төрийн зохих хэмжээний оролцоо байх шаардлагатай юм. Хувийн тэтгэврийн систем компанийн захирал нэг талын санаачилгаар, эсвэл ажиллагчдын санаачилгаар хамтын гэрээний үндсэн дээр үүсч бий болно.

Компанийн түвшин дэх хамтын гэрээнд ажилчдын хандив, суурь цалингийн хэмжээ, үүрэг хариуцлагын тэгш байдал, тэтгэврийн сангийн удирдлагад ажилчдын оролцуулах асуудлууд тусгагдана. Хувийн даатгалыг бий болгоход Үйлдвэрчний эвлэлүүд ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд тэд хамтын гэрээ бүхий газруудад үүрэг өндөртэй. Хувийн тэтгэврийн систем нь төрийн тэтгэврийн хангамжаас хөдөлмөрчдийн нийгмийн сонирхлыг илүү хамгаалж, өндөр настнуудын орлогыг нэмэгдүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэдэг боловч ахмад насны хүмүүст урт хугацааны нийгмийн хамгааллын баталгаа бүрэн өгөх чадвар сул, нийгэмд тогтворгүй байдлын эх үүсвэрийг үүсгэх сөрөг талтай байж болох юм.

-Тэтгэврийн даатгалын бие даасан байдлын талаар та юу хэлэх вэ?

-Нийгмийн даатгалын тухайн хуулийг хэрэглэх журмын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын хуулиуд хүчин төгөлдөр болохоос өмнө төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага болон түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцохоор заасан байдаг.

Түүнчлэн энд нэгдлийн гишүүд, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг нэгэн адил хамруулахаар заасан. Тэгэхдээ нийгмийн даатгалын хуулиуд хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн. Тухайлбал:

1995 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэрт зарцуулагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн тухай хуулиар тогтоож Нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр хуулинд заасан байдаг.

Хуулийн дээрх заалтуудыг бүрэн хэрэгжүүлж ирсэн бол Тэтгэврийн даатгалын санд тодорхой хэмжээний хуримтлал үүссэн байх боломжтой байв.

Гэвч улс орны санхүүгийн байдал, хөрөнгийн хомсдол зэрэг олон шалтгаанаар хуулийн дээрх заалтуудын дагуу олгох хөрөнгийг жил бүр дутуу олгож шимтгэлийн хөрөнгөнөөс дутагдсан зөрүүг нь “төсвийн татаас” хэлбэрээр олгож ирснээр энэ сангийн бие даасан байдал хангагдаагүй. Цаашлаад шимтгэлийн орлогыг давуулан биелүүлэх, сангийн хэмжээг нэмэгдүүлэх, үлдэгдлийг банкинд хадгалуулснаар эх үүсвэр бий болгох зэрэг асуудлыг хязгаарласан сөрөг үр дагаврыг бий болгосон гэж үзэж байна.

Иймд ойрын хугацаанд Тэтгэврийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах, цаашид эрсдэлийн сан бий болгох шаардлагатай байгаа нь зайлшгүй чухал ажил.

-Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтэй холбоотой асуудлыг дүгнэж хэлбэл?

-Тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлснээр Тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдлыг бүрэн бууруулж чадахгүй, зөвхөн богино хугацаанд багасгах бөгөөд нэрийн дансны тогтолцоонд хамрагдсан даатгуулагчид тэтгэвэр авч эхлэх үед тэтгэврийн нас нь сангийн алдагдлын хэмжээнд нөлөөлөхгүй юм.

Цаашид нэрийн дансны тогтолцоонд шилжих шилжилтийг гүнзгийрүүлэх, 1960 оноос хойш төрсөн иргэдийг нэрийн дансны тогтолцоонд бүрэн хамруулах, нийт даатгуулагчдын тэтгэврийн насыг өөрчлөх, тэтгэврийн доод хэмжээ тогтоодог зарчмыг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох аргачлалыг өөрчлөх асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг өнөөгийн хууль, эрх зүйн баримтуудыг үндэслэн тодорхойлж байна. Түүнчлэн нэрийн дансны тогтолцоо амжилттай хэрэгжих гол нөхцөл бол уг тогтолцооны санхүүгийн оновчтой удирдлага, бүтэц зохион байгуулалт, мэдээллийн сүлжээний дэвшингүй хөгжил, шимтгэл хуримтлуулах хүчтэй хөшүүрэгтэй байх явдал гэж үзэж байна.