Categories
мэдээ цаг-үе

Валютын ханш тойрсон хүндрэл цаашид ч гүнзгийрч болзошгүй

Үндэсний статистикийн хорооноос гаргасан хагас жилийн тайлан мэдээллээр төгрөгийн хадгаламж өнгөрсөн зургадугаар сарын эцэст 10.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.2 (2.5 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 13.4 (0.1 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Харин валютын хадгаламж өнгөрсөн зургадугаар сарын эцэст 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 338.2 (8.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеэс 1.4 (47.1 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн хадгаламж жилийн хугацаанд ердөө 0.1 хувиар өсч байхад валютынх 47.1 хувиар нэмэгдсэн нь иргэд үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэхгүй байгааг харуулж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд бүх төрлийн гадаад валют өссөөр ирсэн бөгөөд ам.долларын ханшийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6, юань 3.4, евро 5.8 хувиар тус тус нэмэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад рубль 1.9 хувиар буурсан ганц валют байсан боловч өмнөх тавдугаар сартай харьцуулахад 5.9 хувийн өсөлт үзүүлсэн байна. Валютын ханш тасралтгүй өсч, төгрөгийн үнэ цэнэ буурсаар байгаа уг үзэгдэл нь иргэд Засгийн газар, төв банкны валютын ханшийг тогтворжуулах бодлогод итгэхгүй байгаагийн илрэл хэмээн эдийн засагчид үзэж байна. Ханшийн өсөлтийн нөлөөгөөр импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн цалин, тэтгэврийн үнэ цэнэ буурдаг. Үүний нэг томоохон жишээ бол хэдхэн хоногийн өмнө шатахууны ханш литр тутамд 50-70 төгрөгөөр өссөн явдал байв. Үүнд гадаад хүчин зүйл нөлөөлөөгүй бөгөөд ам.долларын ханшийн өсөлт зардлыг нэмэгдүүлэхэд хүргэсэн хэмээн нефть импортлогчид тайлбарласан юм.

ТӨМӨР ЗАМЫНЦАРИГ ДЭЭР ДАХИНОЙЛГОМЖГҮЙ БАЙДАЛ ҮҮСЛЭЭ

Валютын ханш тойрсон сэдвээр эдийн засагч Б.Мөнхдөлтэй ярилцлаа.


-Валютын ханш тасралтгүй өссөөр байна. Шалтгааныг нь хэрхэн тайлбарлах вэ?

-Манай голлох бүх валют болох ам.доллар, юань, иен зэрэг бүгд байнга дээд ханш тогтоож яваад байна. Маш товчхон дүгнэвэл, Монголд ам.доллар орж ирэх нь гарахаасаа бага байна гэсэн үг. Экспортын орлого хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь валютын орох урсгалыг сааруулсан. Эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийг харвал 679 сая ам.доллар Монголоос гараад явжээ. Мэдээж энэ төгрөгөөр гарахгүй, ам.доллараар гадагшилна. Тэгэхээр ам.долларын эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш унаж байна.

Ер нь иргэдийн дунд төгрөгт итгэх итгэл буурч байна. Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жил тогтмол өсч байсан ч цаашид эдийн засгийн ирээдүйд итгэх итгэл буурч байна гэсэн үг. Энэ нь нэг талаас цар тахалтай холбоотой. Нөгөө талаас гаднаас хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Гаднаас экспортын орлого, хөрөнгө оруулалт гэсэн хоёр гол эх үүсвэрээр валют орж ирнэ. Экспортын орлого мэдээж хумигдсан. Нэмээд гадаадын хөрөнгө оруулалт маш бага байна. Статистик харвал эхний зургаан сарын байдлаар 898 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний дийлэнх нь зөвхөн ганц төсөлтэй холбоотой. Тэр нь мэдээж Оюу толгой. Бусад төсөл, салбарт гадаадын хөрөнгө оруулалт бараг байхгүй гэж хэлэхэд болно.

-Цаашид ханшаас үүдэлтэй эрсдэл улам өссөөр байх нь?

-Ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын Засгийн газрын өрийг төлөх ёстой. Үүнийг бид төлж чадахгүй нь ойлгомжтой. Засгийн газар ч хүлээн зөвшөөрч мэдэгдсэн. Тиймээс хугацааг сунгана, эсвэл дахиж зээл авч энэ их өрийг дарна. Тэгэхээр ирээдүйд ам.долларын эрэлт улам нэмэгдэх төлөвтэй байна. Ам.долларын эрэлт нэмэгдэж, цаашид төгрөгийн ханш улам унах болов уу гэсэн төлөв харагдаж байна. Харамсалтай нь бодит хүлээлт ийм байна.

-Хадгаламжийн дүн мэдээг харахад иргэд төгрөгөөс илүү валютыг нөөцлөх сонирхолтой болжээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Төгрөгт итгэх итгэл маш бага байна гэсэн үг. Хүн олсон мөнгөө аль болох ам.доллар болгож хадгалахыг хичээж байна. Ханш цаашид унана гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Төв банкнаас долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа явуулах учиртай. Энэ нь зах зээлд ам.доллар нийлүүлж ханшийн огцом өсөлтийг хязгаарлах, сааруулах зорилготой. Гэвч ийм боломж төв банкинд хэр байна вэ. Тэгэхээр цаашид төгрөгийн ханш унах нь тодорхой. Харин хэр удаан үргэлжлэх вэ гэдэг тодорхойгүй. Монголын эдийн засаг нэгдүгээр улирлын байдлаар хасах руугаа орсон. Хоёр улирал дараалаад ДНБ унавал хямрал гэж нэрлэдэг. Тэгэхээр Монголын эдийн засаг хямралд орсон нь тодорхой байгаа.

-Эдийн засагт гэрэл гэгээтэй дүр зураг байна уу?

-Нэг сонирхолтой статистик байсан. “World economics” байгууллагаас худалдааны менежер гэх индексийг саяхан гаргасан. Худалдааны менежерүүдээс санал асуулга авахад итгэл нь дээшилсэн байсан. Тэд гуравдугаар улирлаас эдийн засаг бага зэрэг сэргэж магадгүй гэж таамагласан байна лээ. Тиймээс гуравдугаар улирлаас манай эдийн засаг тогтворжиж, дахин унахгүй байх болов уу гэсэн хүлээлт байна. Хятадтай “Ногоон гарц”-ын хүрээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд экспорт өсөх болов уу гэж найдаж байна. Гэхдээ бодит хөрсөн дээр яаж буухыг мэдэхгүй.

-Ер нь ханшийн уналтын суурь бодлогын уялдаагүй, хариуцлагагүй байдалтай холбоотой. Энэ талаар та ямар дүгнэлт хэлэх вэ?

-Бодлогын, засаглалын тогтворгүй байдал Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ. Уг нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх зэргээр эдийн засгийн тулгуур салбараа тодорхойлсон. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хангалттай хөгжөөгүй. Гол ажиллаж байгаа салбар нь уул уурхай байдаг ч хамгийн их улстөржүүлдэг. Монголын голлох экспортыг нүүрс, зэс хангаж байна. Гэтэл төмөр замаа барьж чадахгүй асар их хугацаа, боломжоо алдлаа. Дээрээс нь саяхан сонгуулийн өмнө нэг хачирхалтай шийдвэр гарсан байна лээ. Тавдугаар сарын 13, 14 хавьцаа байсан санагдана. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг олон улсын стандартаар буюу нарийн царигаар барихаар УИХ-ын тогтоол гарсан. Тэгтэл тус шийдвэрийг эсэргүүцэж Н.Удаанжаргал гэж хүн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Энэ хүн бол төрийн өмчит “Таван толгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал. Ингээд ҮХЦ улсын нууц гэсэн шалтгаанаар нууцаар хуралдаад дээрх шийдвэр Үндсэн хууль зөрчсөн юм байна гэж үзсэн. Маргааш нь шууд УИХ-ын чуулганаар оруулаад ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авахаар шийдвэрлэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам өргөн царигаар баригдана гэсэн үг. Энэ мэтээр хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбарыг гацаах үйл явц явагдаад байх шиг.

-Өргөн царигаар тавибал урагш зөөхөд хүндрэл үүснэ шүү дээ?

-Тэгнэ. Царигийн зөрүүг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй. Хил дээр очоод дугуйгаа солих юм уу, яг яах ёстойг мэдэхгүй байна. Бас нэг зүйл нь Таван толгой-Гашуунсухайтын төмөр замын гүйцэтгэгч компани болох “Бодь интернэшнл”-д эрх олгохдоо тендергүй, нууцаар шийдвэрлэсэн. Би хувьдаа манай эдийн засгийн хамгийн том мега төсөл нь Таван толгойн төмөр зам гэж хардаг. Гэтэл энэ мэт ойлгомжгүй, нууц байдлаар явагдаж буй шийдвэрүүд хардалт төрүүлж байна. Тэгээд аль хэдийн эхэлсэн ажил дээр дундаас нь царигийг нь өөрчилчихөөр юу гэж ойлгох ёстой юм. Нөлөөллийг нь яаж тооцож байгаа юм гэдэг дээр Засгийн газар хариулт өгөх ёстой байх. Үүнээс гадна хайгуулын лиценз байна. Сүүлийн жилүүдэд хайгуулийн лиценз огт олгогдоогүй гэж хэлж болно. Гэтэл дараа дараагийн Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт зэргийг залгамжлах ордуудаа илрүүлэх ажил хоцроод байна. Одоо хайж эхлэхгүй бол 20-30 жилиййн дараа том ордуудын нөөц дуусахад дараагийн том уул уурхайн төсөл юу байх вэ. Үүнийг дагасан гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах асуудал бас байна. Уг нь хариуцлагатай уул уурхайн хүрээнд хайгуулын лицензийг тодорхой бодлоготойгоор олгоод явах нь зүйтэй гэж хардаг. Энэ мэтээр ханш өсөхөд нөлөөлсөн хөрөнгө оруулалтын зогсонги байдал, экспортын орлого хумигдсан зэрэг нь өмнөх бодлогын алдаануудаас үүдэлтэй.

-Та хилийн чанад дахь монголчуудын холбоог төлөөлдөг. Ер нь тэдний шилжүүлж буй мөнгө валютын ханшид нөлөөлөх хэмжээний байж чаддаг уу?

-Өнгөрсөн жил 590 гаруй сая ам.доллар хувь хүний дансаар Монголд орж ирсэн байдаг. Үүнд мэдээж ялгаатай ойлголтууд байгаа л даа. Албан бусаар орж ирж байгаа их хэмжээний мөнгө бас бий. Тэгэхээр гадаадад байгаа монголчууд эх орон руугаа дунджаар 600 сая ам.доллар шилжүүлж байна гэвэл хол зөрөхгүй. Энэ бол их мөнгө. Валютын ханшид нөлөөлөх хэмжээний дүн юм. Гэвч он гараад энэ мөнгө багассан. Яг хэр хэмжээтэй багассаныг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ханшид нөлөөлөх хэмжээний валют Монголд орж ирэхээ байсан.

АЛТ ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Ам.долларын эрэлт буурсан боловч валютын ханш өссөөр байна. Ялангуяа, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийн үед ханшийн өсөлт импортын бараа, үйлчилгээний үнэд нөлөөлж, иргэдийн цалин, тэтгэврийг үнэгүйдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Наад зах нь бензиний үнэ өслөө. Ер нь ханшийн өсөлтийн шалтгаан, өсөлтөөс үүдэлтэй хор нөлөөг хэрхэн харж байна вэ?

-Манайх шиг дотоод үйлдвэрлэл муутай улс оронд төгрөгийн ханш тогтвортой байх нь маш чухал үзүүлэлт. Гэвч мэдээж тийм байдаггүй. Ам.долларын эрэлт буурсан ч нийлүүлэлт бүр хүчтэй буурсан. Төлбөрийн тэнцэл зургадугаар сарын байдлаар 680 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Үүнд голлох нөлөө нь нүүрсний экспортын орлого 50 гаруй хувиар буурсантай холбоотой. Тэгэхээр үндсэндээ төгрөгийн ханш сулрах суурь нөхцөл бол үүссэн гэж харж байна. Угтаа олон улсад ам.доллар бусад томоохон валютын эсрэг суларч байгаа шүү дээ.

Үүний хор нөлөөг та асуултандаа бараг тодорхойлчихсон. Манай хэрэглээний маш өндөр хувийг импортоор хангадаг. Тэр бүхний үнэ өснө. Энэ бол иргэнд бууж буй нөлөөлөл. Макро эдийн засаг талаасаа харвал манай бодит ДНБ-ий өсөлтийг ам.долларт шилжүүлэн харвал хасах утга руу оруулах эрсдэл үүснэ. Тэгэхээр хэнд ч хэрэгтэй зүйл биш.

-Иргэд Засгийн газар, төв банкны бодлогод итгэхгүй байна уу гэх хандлага анзаарагдаж байна. үүнийг валютын хадгаламжийг илүүд үзэж байгаагаас харж болох нь?

-Үүнийг долларжилт гэдэг. Ханшийн савлагаа үүсэх бүрт л гардаг үзэгдэл. Хүн бүрт л өөрийнхөө хадгалсан хэдэн төгрөгөө илүү өгөөжтэй байлгахыг хүснэ. Эдийн засгийн онолд үүнийг хүлээлт гэдэг. Үүний эсрэг төв банк маш зөв бодлогын алхмууд хийсэн. Үүний үр дүн ч гарсан. Хэрэв тэгээгүй бол асуудал одоогийнхоос ч хүнд байх байсныг үгүйсгэхгүй.

-2021 оноос бондын томоохон төлбөрийн хүлээлт байгаа. Тиймээс төв банкны тухайд нөөц бүрдүүлэхэд голлон анхаарч зах зээлд нийлүүлэх валютын урсгалыг бууруулснаар ханш өсөх шалтгаан болж байна уу?

-Өмнө нь хэлсэнчлэн долларжилт бий болгохгүй байх тал дээр оны өмнөөс л сайн алхмууд хийсэн. Харин зах зээлд ам.доллар нийлүүлэх тал дээрээ хойрго хандаж байгаа юу гэвэл тийм бас үгүй. Яагаад тийм гэхээр зах зээлийн нийт эрэлтийг бол биелүүлэхгүй байгаа. Энэ нь хуримтлагдсаар л байна. Яагаад үгүй гэхээр Төв банк нь валютын арилжаагаар огцом савлагааг л үгүй хийдэг, тэрнээс суурь трендийг өөрчлөх боломжгүй. Үүнийг өөр арга хэрэгслээр л зохицуулдаг. Тэгэхээр бид Төв банкнаас бүх нөөцөө гаргаад өгчих гэж шахах учиргүй юм.

-Валютын ханш өссөнөөр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрддэг хэмээн ярьдаг. Энэ боломж нөхцөл манайд бүрдэх боломжтой юу. Үүнд чиглэсэн төв банк, Засгийн газрын бодлогын уялдаа, арга хэмжээ байна уу?

-Шууд тийм гэж хэлэхэд хэцүү. Валютын ханшийн савлагаа нь зээлийн хүүтэй шууд уялддаг. Тэгэхээр ханш өсөөд байвал зээлийн хүү өндөр байсаар байна. Энэ нь үндсэний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжгүйд хүргэнэ. Харин аль хэдийнэ манайд маш олон үйлдвэр байгаад тэр нь үнийн өрсөлдөөнөөс болоод ашиггүй ажиллаж байсан бол яахын аргагүй ханш эерэг нөлөөлнө. Гэхдээ тийм биш гэдгийг та мэдэж байгаа.

-Алт худалдан авалтыг хэрхэн дэмжих хэрэгтэй вэ. Өнөөгийн цаг үед алт эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Алт хөтөлбөр хэрэгжин тодорхой зээлүүдийг өгч байна. Сайн хэрэг. Харин процесс нь жаахан удаан байна. Алт бол яахын аргагүй одоогийн нөхцөл байдалд эм л гэсэн үг. Энэ нь шууд улсын валютын нөөцийг нэмэгдүүлдэг болохыг та мэдэж байгаа. Яаралтай үүнийг шийдвэрлэж, алтны олборлолтыг дэмжихгүй бол цаг хугацаа нэгэнт оройтсон байх болов уу. Алтны ханш үргэлж ийм өндөрт, шатахуун хямд байхгүй шүү дээ.

Г.БАТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөөрхий муу Сайжаа

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


О.Жи.Симпсон бол америк футболын алдартай тамирчин асан хүн. Түүнээс гадна кинонд жүжиглэж, телевизийн нэвтрүүлэг хийж багагүй алдар хүнд, эд баялаг олсон юм. Харин түүний хүн алсан хэрэг нэрийг нь Америкийн түүхийн хуудаснаа мөнх хаджээ. 1994 оны зургадугаар сарын 12-нд тэрээр Лос Анжелест өөрийн салсан эхнэр, түүний найз залуу хоёрыг гэрт нь хөнөөсөн байна. Америкийн шүүхийн практикт Симпсоны хэрэг олон зүйлээрээ шинэ явдал байснаар барахгүй, шинжлэх ухаан технологийн шинэ эрэмбэ үе, мэдээллийн хэрэгслийн хурдан түгэх болон олон түмний сэтгэлд нөлөөлөх чадвар, хуулийн логик болоод хуулийн заалтуудын зөрчил зэрэг олон үйл явдлын эцэст энэ хэрэг нь Америкийн шүүхийн тогтоцын хэрхэн шударга үнэн ажилладгийг дэлхий даяар үзүүлсэн хичээл боллоо. Төгс төгөлдөр хуулийн систем гэж байдаггүй юм байна, үгүйдээ л хүн төрөлхтөн тийм түвшиндээ очиж чадаагүй юм байна гэдгийг энэхүү дэлхий даяар хоёр жилийн турш цацагдан сурталчлагдсан шүүх хурал харууллаа. Шударга ёс гэдэг харьцангуй ойлголт боловч нөгөө талаас шударга үнэний зарчим гэж юм бас байдгийг, түүнийг нь баримтлах талаар дэлхийд Америкийн шүүхийн систем үлгэр үзүүлдгийг бас баталлаа. Байж болох бүх хувилбараас хамгийн сайн ямар ч шийдвэрийг сонгосон байлаа, нээлттэй тогтцод бүх хүнд таалагддаг шийдвэр үгүйг харууллаа. Урьд өмнө үүн шиг дэлхий даяараа шүүх ажиллагаанд оролцож зөв бурууд нь олон хүн дүгнэлт өгсөн өөр нэг ч хэрэг байгаагүй. Энэ бол мэдээллийн даяаршилд орсон өнөөгийн дэлхийн нэг том үзүүлэлт байлаа. Шүүх хурлын үеэр Симпсоны зөв бурууг Африкийн жунглид, Австралийн цөлд, Европын сургуулиудад, Антарктидийн шинжилгээний экспедицид, Монголын талд хүмүүс шүүж байлаа. Америк төдийгүй дэлхийн бүх мэдээллийн хэрэгслээр цаг алдалгүй түгэн тарж үүнд нь зөвхөн америкчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс гэрч болон санал сэтгэгдлээ илэрхийлэн, шүүхэд нөлөөлөх оролдлого хүний түүхэнд урьд гарч байгаагүй их хэмжээгээр ширүүссэн боловч Америкийн шүүх бол үнэхээр хэний ч нөлөөнд ордоггүй институци юм байна, хамгийн гол нь хүний эрхийн түгээмэл зарчмыг ягштал баримталж чаддаг юм байна гэдгийг энэхүү үзүүлэн тоглолт-шоу-шүүх харуулсан юм.

Симпсон хоёр хүн алсан нь батлагдсан. Үүнд хэн ч эргэлзээгүй. Шүүх ч, прокурор ч, гэрчүүд ч, сэтгүүлчид ч, телевиз үзэгчид ч, шведүүд ч, ботсванчууд ч, перүчүүд ч, монголчууд ч үүнд баттай үнэмшиж байсан. Хэргийн газар түүний үлдээсэн цус, нус, хөлсөнд ДНХ-ийн задаргаа шинжилгээ хийж мөн гэж тогтоосноороо шинжлэх ухаан технологийн өнөөгийн түвшний ч том сурталчилгаа боллоо. Түүний хүн алсныг нотлох өөр олон баримт гарч ирсний дотор гутал зэрэг даанч бодитой зүйл хүртэл байв. Харин энэ бүхнээ прокурор хуульд зөвшөөрсөн аргаар нотолж чадахгүй байлаа. Тэдний авсан нотлох баримтууд нь бүгд хууль бус аргаар олдсон байв. Шүүх нэг талаас мөр нь таарч байгаа гутлыг мөн гэдгийг нь ойлгож байгаа боловч энэ нь нотлох баримт биш гэж үзсэн учраас түүндээ автаж яллаж болохгүй. Үүнийгээ ч шүүгчид ойлгож Симпсоныг цагаатгасан юм. Харин Симпсон дараа нь иргэний шүүхээр дахин орж буруутай болох нь батлагдан 25 сая доллараар торгуулах болжээ. Эрүүгийн шүүхийн цагаатгасан асуудал дээр иргэний шүүх зөвхөн торгууль ногдуулах байдлаар шийтгэдэг юм байна, тэнд.

Бүтэц энгийнтэй тархиар тунгаахад гарцаагүй хоёр хүн алсан Симпсон эрх чөлөөтэй тэнэж явна гэдэг шударга бусын цаадах шударга бус зүйл гэлтэй. Гэтэл прокурор хууль бусаар нотлох баримт гаргаж болдог, тэр нь шүүхийн шийдвэрт нөлөөлдөг, шүүх алив хэргийг логикоор бодоод ял тулгачихдаг болбол цаашид Америкийн шүүхээр хэд хэдэн мянган гэмгүй хүн шийтгэгдэх болно. Наад зах нь хэрэгтнийг дарамталж байгаад өөрөөр нь худал хэрэг хүлээлгэчихээд үүнийгээ нотлох баримт гэж шүүхээр шийдүүлэх аваас гучаад оны зөвлөлтийн болон Монголын шүүх болж хувирна. Төгөлдөршиж амжаагүй хуулиар Симпсоныг шоронд хатааснаар цаашид олон хүнийг хэлмэгдүүлэх хаалга нээгдэнэ. Иймээс энэ бол булчин шөрмөс нь хөгжсөн олны танил нэгэн хар арьст алиа салбадайн асуудал биш юм. Энэ бол нийтэд хамаарсан хүний эрхийн түгээмэл асуудал, шударга үнэний тухай үндсэн зарчим. Симпсон ял завших нь дээр үү, олон нийт шудрага бус шүүхийн өмнө олноороо оочерлох нь дээр үү гэсэн зарчмын сонголт.

Симпсон шийтгүүлээгүй гэж санана уу? Үгүй, тэр хоёр хүний амийг 25 сая доллараар төлчихөж байгаа юм биш. Тавин нас ч хүрээгүй тэрээр хүний амь зэрлэгээр хөнөөсөн хэмээн бүх орчин нь дэндүү сайн мэдэж байгаа хорвоод ажиллаж амьдарна гэдэг түүндээ бол шоронд сууснаас том шийтгэл. Хааяа зурагтаар сурвалжлагчийн асуултад хариулах түүний царайг хараарай. Америк бол бузар аргаар мөнгө олж болдог нийгэм биш. Манайд л цагдаа хутгалчихаад сонинд ярилцлага өгч мөнгө олдог байх. Симпсон өөрийн алдар цуугаар далимдуулан дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнийг хөтлөх гэсэн боловч Атлантагийн захирагчид зөвшөөрөөгүй. Түүний хөршүүд нь хүртэл бузар хэрэгтэнтэй хөрш байхаас татгалзаж тухайн газраас зайлахыг янз бүрийн хэлбэрээр шаардаж шахаж байлаа. Байраа зарах гэтэл хүн алсныхаа төлбөрийг төлөх гэж байна гээд худалдаж авах эзэн олдохгүй шарлааж байв. Өөрийг нь хүүхэд хөгшдөөс авахуулаад нийтээр жигшиж байгаа тийм орчинд амьдарна гэдэг там л даа.

Хууль, хууль тогтоох, хуульчлах, шүүх, яллах, өмгөөлөх, өршөөх гэх мэт ухагдахууны өнөөгийн орчин үеийн ойлголт өмнөх бүх үеийнхээс тэс өмнөө юм. Энэ бол бүхэл бүтэн түүх, урлаг, бясалгал, шинжлэх ухаан, авьяас билэг, мэдлэг боловсролын цогц. Улс төрийн ерөнхий удирдагч, өөрөөр хэлбэл хаан, жанжин, ноён энэ бүх ажлыг түүхийн урт хугацаанд гүйцэтгэдэг байсан ба сүүлдээ боловсронгуйжин ялангуяа шашин, шашны удирдлага, эсвэл тэндээс томилогдсон итгэгдсэн хүн, эсвэл ямар нэг хэмжүүрээр “ухаантай” буюу “шударга” гэж үнэлэгдсэн хүмүүс энэ бүхнийг эрхэлдэг байлаа. Энэ байдал лалын орнууд болон Хятадад энэ зуун хүртэл үргэлжилсэн юм. Монголд ч мөн ялгаагүй. Өөрөөр хэлбэл, зууны дунд үе хүртэл бидэнд шүүхийн тогтоц байтугай тэр талаарх төсөөлөл ч маруухан байсан. Харин өрнийн иргэншил тав, зургаан зуун жилийн өөрийн хөгжлийн явцдаа эртний Герег, Ромын хуулийн зарчмыг авч хөгжүүлж боловсронгуйжуулан явсаар бүхэл бүтэн бие даасан шүүхийн тогтоц, институци, засаглал бий болгож түүнийгээ энэ зуун гэхэд нийт хүн төрөлхтний хүртээл, практик болгож чадсан байна.

Монголд иргэншсэн хуулийн гажуудсан хэлбэр системийн хувьд энэ зууны дундуур коммунист үзэлтэй хамт орж ирсэн ба энэ нь нэг талаас шүүх хуулийн систем цоо шинээр бүрдүүлэх эхний том алхам болсон боловч нөгөө талаас дундад зууны инквизаторын үүрэгтэйгээр цаазын хутга гэдэг ганцхан утга чанараа үзүүлсэн болохоор ард түмний сэтгэлд үнэнийг тогтоогч гэхээсээ цээрлүүлэн гэсгээгч гэсэн төсөөллөөр сэтгэлд нь буусан юм. Энэ байдал үнэн хэрэгтээ ерээд он хүртэл онол практикийн хувьд үргэлжилсэн. Зөөлөн хатуугийн хувьд янз бүр л байсан байх, гэхдээ л гэсгээн цээрлүүлэх төрийн том машин гэдэг утгаа хадгалж л байлаа. Гуч дөчөөд оны үеийн их аллагыг бүгд сонссон учраас энд орхиё. Тэр үед энэ ард түмний насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 шахам хувь нь зөвхөн шүүхийн тогтоолоор ертөнцийн мөнх бусыг үзсэн юм шүү дээ. Цаана нь эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд байсан гээд бод доо. Ингэхээр шүүх засаглалын үнэн мөнд энэ ард түмэн итгэл үзүүлдэг болтол хэчнээн жил хэрэгтэй вэ!

Миний бие ХХ зууны хоёрдугаар хагаст төрсөн шинэ үеийн хүн. Гэтэл миний нүдэн дээр болж өнгөрсөн аймшигт хэлмэгдүүллийн ганцхан жишээг хэлье. Би 120 мянгатад өссөн, хар багын хотын иргэн. Манай хөрш айл маань Р.Сайжаа гэгч таван хүүхэдтэй ердийн нэгэн сэхээтэн гэр байсан. Дэлгүүрт нябо хийдэг эхнэр нь нэг удаа 25 мянган төгрөг алджээ. Түүнийг хулгай хийсэн хэмээн тулган тасалж олон жилийн ялаар шийтгэсэн төдийгүй, нөхрийг нь хувааж идсэн хэргээр олон сараар шоронд хорьж шар махтай нь хатаасан. Тэд гурван жил шахуу шоронд суусан. Харин тэр хойгуур нь жинхэнэ хулгайчид илэрч эхнэр, нөхөр хоёр өршөөгдлөө. Хөөрхий Янжмаа гуай халуун зунаар шоронгоос суллагдсан мөртөө өвлийн чихтэй малгай эрүүвчлэн орцны үүдэнд эрүүл салхи үнэрлэн сар гаруй суусан нь хүүхэд миний нүднээс одоо болтол гардаггүй юм. Тэрээр хоёр сар ч тэсэлгүй нас барсан. Харин мань хоёрыг шоронд байх хойгуур нь таван хүүхэд нь үндсэндээ сүйрсэн. Миний үе чацуутан том хүү нь чухам тэрнээс болж амьдралаа зохицуулж чадалгүй шоронгийн хадаас болсон, дараагийн дүү нараас нь миний мэдэхээр хэн ч жаргал үзээгүй. Магадгүй тэндээс нийгмийг тэр чигээр нь өширхөгчид буй болгодог юм шүү. Чухам энэ маань л нийгэмд шударга явдал тогтооход хамгийн том саад болдог тухай би “Шударга ёсны төлөөх алалдаан” хэмээх саяхны өгүүлэлдээ тодорхой хэлсэн. Чухам ийм төрийн шийдвэр гаргахад голлон нөлөөлж, хувийн өчүүхэн алдар нэр, одон медалийн төлөө зүтгэсэн прокурор “Н” гэгч өнөөдөр энэхүү нээлттэй нийгэмд хамгийн их орлого бүхий өмгөөлөгчийн ажил хийгээд тарган цатгалан явааг, хамаг бага өсвөр насаа алуулж, бие сэтгэл байтугай сэтгэцийн хувьд ч хохирон хэлмэгдсэн, ямар ч буруугүй Сайжаагийн хүүхдүүдийн нүдээр хараад ямар нэг шударга үнэний тухай та нар эцсийн үг хэлж чадах уу. Шүүх засаглал энэ ард түмний нүдэнд эхнээсээ олигтой харагдаагүй. Тийм л учраас нэрт найрагч Чойном “МАХН-ын машин” гэдэг нэршил гаргаж ирсэн байх.

Нэгэнт хэлбэршин тогтоогүй хууль нь урлагийн хувьд шинжлэх ухааны хувьд, практикийн хувьд, мэдлэг оюуны хувьд хөгжин дээшилж улам сайжрах шалгарлын замаар яваагүй тохиолдолд нийгэм гэнэт нээлттэй системд ороход хууль нь харин ч хэсэг бүлэг хүний биенээсээ өс хонзон авах, хувийн алдар нэр олох хэрэгслэл болдог юм байна гэдгийг практикт харуулж байна. ЗХУ хагас нээлттэй системтэй болж, хуучны зуршлыг халж эхэлж байх тэр үе буюу наяад оны эцэс ерээд оны эхээр Зөвлөлтийн прокурор Гдлян, Иванов нарын хэрэг үүнийг тод жишээ. Зөвлөлтийн нийгэм ялзарсан, ялангуяа түүний удирдлага тамтгаа алдаж, идээчин уугаачин, хээл хахуульчдын үүр овоохой болсон гэсэн нийтийн ойлголт бүхнийг хамарч байлаа, тэр үед.

Чухамхүү нийгмийн ийм ойлголт Гдлян, Иванов нарын нэр сүрээ бадруулан мандах хөрс болж өгсөн юм. Тэд Узбекистанд томчуудтай холбогдолтой хээл хахуулийн хэрэг илрүүлсэн ба үүнийхээ хүрээг зориуд өргөсгөн олон хүнийг гүжирдэн гүтгэж, бүхнийг хамарсан хээл хахуулийн тухай домог үүсгэв. Хөөрхий гүжирдүүлж гүтгүүлэгч нэг бус хүн амьдралаа үрж, амиа хорлох явдал олон гарсан. Харин мөнөөх хоёр прокурор улам хөөрцөглөж, энэ хэргийг бүрэн нээлттэй болгон илрүүлэхэд цаана нь бүр том том акулууд байгаа нь садаа болж байна хэмээн зарлаж, нийгэмд шударга явдал тогтоох бүхий л сайн сайхны хэмжүүр өөрсдөө болоодохов. ЗХУ-д болсон анхны нээлттэй өрсөлдөөнтэй Дээд Зөвлөлийн сонгуульд мань хоёр зовлонгүй ялалт байгуулан, депутат болоодохлоо. Нийтийг хамарсан хээл хахууль, түүний жинхэнэ эзэн болсон далд эздийн тухай домог, хууч яриагаа мөнөөх хоёр улам чангатган үнэндээ нийтийг хамарсан парной үүсгэв. Тэд дахин депутат ч болсон. Харин мөнөөх яриад байгаа далд эздийн нийгэм нь системийн хувьд задран унасан боловч Гдлян, Иванов хоёр нэмж хэлэх юу ч үгүй, хий хоосон хардлагаа л өргөжүүлэх гэж дэмий нэг оролдож байлаа. Тэр хоёрын нэр төр олох их аянд ямар олон гэр бүлийн хувь заяа эмгэнэлтэйгээр эргэсэн гэж бодно.

Үүнтэй адилхан процесс ерэн онд манайд ч бас болоод л өнгөрсөн. Хуульчдын хоорондын маргаан, шийдэгдээгүй асуудал, ажлын алдаа дутагдал төдий зүйл нь ерэн оны хувьсгалын өнгөн дээр “Отгонбаярын хэрэг” гэгч сүр дуулиантай хэрэг болон мандсан. Буян хишгээ ч хайрлаж, хэд хэдэн хүнийг депутат болгож, кино, жүжиг, уран зохиол, шүлэг дуу руу халдварлан олон хүнийг хоолтой болгож өгсөн. Далимд нь гэмгүй нэг хуульч эмэгтэйн амьдрал хувь заяа тэр чигээрээ золигт гарсан. Мөн далимд нь эрүүгийн рецидив гэмт хэрэгтнүүд суллагдсан төдийгүй хэнийг огцруулах, хэнийг дэвшүүлэх талаар өөрсдийн хүслийг шаардлага болгон элдэв байдлаар шахалт үзүүлэн, байчихаад шударга үнэний жинхэнэ хэмжүүр болон тодорцгоов. Чухам энэ суурин дээр нийгэм дэх хамгийн луг мундаг хуульч гэдэг албан бус титэм толгойдоо аваад зүүчихсэн, түүндээ өнөө хүртэл өөрөө үнэмшчихээд шуугиантай хэрэг болгон руу далдганан орж нийгэмд өөрийгөө дахин дахин сануулж байдаг “өвчтэй” хүн ч гарч ирсэн шүү дээ.

Өнөөдөр бүх дэлхий даяар, түүний дотор Америкт ч, Монголд ч үндсэндээ адил зарчимтай хууль үйлчилж байгаа. Хүн чанартай ухаантай, боловсролтой хуульч ч; тэнэг, адгуу, алдар нэрд үхэн хатан дурладаг авьяас билэггүй хуульч ч аль алинд нь байгаа. Харин хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх практик маань дээрх Симпсоны хэргээс харахад даанч ялгаатай юм даа. Иргэншсэн соёлжсон ертөнцөд шүүх бол хэний ч нөлөөнд ордоггүй бие даасан засаглал. Уул зарчим нь ийм юм. Шударга үнэн хэмээх гүн ухаан, теологийн тодорхой бус зарчим хүн төрөлхтний оюуны хөгжлийн явцад чухам хуулийн засаглал гэсэн утгаар л амьдрал практик дахь зөв шалгуур нь болон тогтсон. Харамсалтай нь шүүх засаглалын бие даасан байдал гэдгийг машинтай, гарааштай, өөрөө дуртай цагтаа сандал ширээгээ худалдаад авчихдаг, мөнгө төгрөгөөр боогддоггүй бие даасан аж ахуйн нэгж утгаар ойлгодог хуульчид манайд нэг бус байдаг юм билээ. Шүүхийн танхим дотор шийдвэр гаргахдаа хэнээс ч үл хамаарсан байхыг л шүүхийн бие даасан засаглал гээд байгаа юм, уг нь. Хэнээс ч үл хамаарна гэдгийн “хэнээс ч” гэдэгт зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд нар төдийгүй олон нийтийн үзэл бодол, нотлох баримтад тооцогдохгүй гэж хуульчлагдсан нотлох баримтууд ч бас орно.

Хуулиа мэдэхгүй, хуулийн логикоо ойлгохгүй, мэдлэг боловсролгүй, нийгмийн үр дүнг нь тооцоолохгүй, үл ойшоосон, харалган, заримдаа адал балмад зарим нэг хууль хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа нь нийгэмд халдварлаж, бариад авах барьцгүй, яг энэ гээд заачих хил хязгаар зааг хэмжүүргүй “шударга үнэн” гэгчийг тогтоох сайн дурын их аянд олон түмнийг хийрхүүлэн хөдөлгөж байна. Үүнийг манай мэдээллийн хэрэгслэлүүд, элдэв цуглаан жагсаал, сайн дурын уран сайханч шударга гарууд, тэр байтугай УИХ-ын ёс зүйн дэд хороо гэгчийн үйл ажиллагаанаас хүртэл харж болно. Нийгэм нийтээрээ хөөрлийн, хийрхлийн байдалд орчихвол тийм нийгмээс шударга үнэн гэгч гарах уу. Нийтээрээ хөөрөлд орчихсон байсан хувьсгалын үеийн Франц,; Ленин, Сталины үеийн Орос; соёлын хувьсгалын үеийн Хятад,; наяад оны Камбожид чухамхүү л шударга үнэнийг тогтоох их аян болж байсан юм шүү дээ.

“Зоригийн амь насанд халдсан хэрэг”, “казиногийн хэрэг”, “хээл хахууулийн хэрэг”, “алт дилерийн хэрэг”, “банкны хэрэг” зэрэг өнөөдөр нийгмийг хийрхэл рүү түлхэх олон олон шалтгаан бидэнд хангалттай байна. Дээр нь хэн ч бишийг хэн нэгэн болгож чадах увидастай төрийн сонгууль улам ойртсоор байна. Эцэст нь энэ нь хэний гар хөлөөр хэний төлөө, юуны тулд үйлчилж, хэний хэнийг ардын баатар болгож, хэнийг сонин болгоны тэргүүнд залж, хэнд ашигтай тусч, хэн хожоод байна вэ? Үүнийг эрхэм хууль хэрэгжүүлэгчид анхааралдаа авна биз. Шударга үнэн гэж юм байдаг юм. Гэхдээ тэр нь цагийн их орчилд аяндаа алсаас харагддаг болохоос хармай хотноосоо юм уу, аль нэг хонгилын булангаас чимхэж гаргаад алган дээрээ тавин нийтэд үзүүлдэг бодит юм биш ээ.

1999.XII.5

Categories
мэдээ цаг-үе

Б.Идэр-Од: гадаад хэлийг сайтар судлах нь давхар эх хэлээ судлахад тустай

CallPro компанийн хамтран үүсгэн байгуулагч, Faro сургалтын төвийн партнер, комедиан Б.Идэр-Одтой ярилцлаа.


-Таны бичсэн “IELTS 600” ном бестселлeрийн эгнээнд орж байна. Энэхүү номыг бичихэд хэр хугацаа зарцуулсан бэ?

-Ном бичих санаа нэлээн эрт төрсөн ч, хоёр жилийн өмнөөс л ажил болгож эхлүүсэн. Үгийг цээжлэх гэхээс илүү хэрэглээг нь задалж ойлгуулсан, хэл зүйн ном юм. IELTS-ийн шалгалт харьцангуй хүнд хэлбэртэй учраас үгнүүд нь янз янзаар хэрэглэдэг, олон салаа утгатай. Энэ хэрэглээг л нэвт ойлгуулах зорилготой юм. Би “Faro” сургалтын төвд таван жил багшлахдаа сурагчдын хамгийн хэцүү зовлонг ойлгосон учраас ном бичих санаагаа олсон. Ихэнх сурагчид үгээ хурдан сурдаг ч, зоригтой хэрэглэж чаддаггүй, төвөгтэй санааг илэрхийлсэн бичвэр бичихдээ маруухан байдаг.

-Уг номыг нийт хэдэн хувь борлуулсан бэ?

-Анх 10 мянган хувь хэвлүүлсэн. Одоогоор есөн мянга орчим хувь нь зарагдсан байна. “IELTS 600” ном бичихэд ахлах багш Б.Намуун хамгийн их тусалж хамтран ажилласан. Ингээд хэвлэлтэд гарсан даруйдаа борлуултаар тэргүүлсэн.

-Мэдээж гадаад хэл сурна гэдэг хувь хүнээс маш их хичээл зүтгэл шаарддаг. Таны зүгээс англи хэл сурагчдад үг цээжлэх арга барилыг түлхүү зөвлөдөг. Тэгвэл хамгийн чухал нь “үг” гэдэг шалтгааныг тодорхойлбол?

-Хэлний мэдлэгийг хэмжих суурь хэмжүүр нь үгийн сангийн баялаг юм. Онолоор бол ямар ч хүн 2000 үгийг мэдэж байвал хаа ч амиа аваад явчихдаг гэдэг. IELTS-ийн шалгалтад орохдоо миний номонд багтсан 600 үгийг бүрэн эзэмшсэн байхад оноо нэг функтээр хангалттай өснө. Үндсэндээ эдийн засгийн эргэлтэд орно гэдэг шиг ухагдахуун. Ерөөс хэлийг бүтээж буй гол түүхий эд нь “үг” болно гэсэн санаа. Тиймээс үгийн сангаа баяжуулах чадвартай байх хэрэгтэй. Гэхдээ ганцхан үг сурснаараа хэлийг төгс эзэмшинэ гэж хэлэхгүй. Мэдээж унших, бичих, ярих чадваруудад багшийн хэрэгцээ заавал шаардагдана. Үгийг задалж ойлгох, хэл шинжлэл талаас нь ухах чадваргүйгээр уран тансаг эзэмших боломжгүй.

-Уншигчдын зүгээс ямар сэтгэгдүүлийг илгээж байна вэ?

-Номоо боловсруулахдаа барууны хөнгөхөн ярианы үг ашигласан. Мөн тухайн үгтэй нь дүйцэхүйц болон дайвар холбоо үгсийг хамтад нь оруулснаараа онцлогтой. IELTS-ийн шалгалтад түгээмэл ирдэг 600 үгийг багтаасан мэт боловч үнэндээ яг уншихаар хоёр мянга гаруй үгтэй.

-Үгийг дуудлагатай нь хамт сонирхолтой байдлаар цээжлэх “Hip­po cards” аппликэйшнийг нэвтрүүлсэн шүү дээ?

-Энэ аппликэйшнийг одоогоор хагас сая хүн татаж авсан байна. Ингэснээр Монголын боловсролын салбарт хамгийн олон таталттай аппликэйшн болж буй. Тодруулбал, өдөр тутмын хэрэглэгчдийн тоо 20 мянга байгаа. Хэрэв багш хөлсөлж, сургалтын төвд явах боломжгүй бол бага зардлаар гар утсаараа үгийн баялгаа хурдтай нэмэх боломжтой гэсэн үг.

-Төрөлх хэлээ сайн эзэмшсэн бол цаашид гадаад хэл сурахад түүртэх зүйлгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, эх хэл гэдэг тулгуур багана мэт үүрэгтэй байх?

– Үүнтэй шууд санал нийлэхгүй. Ерөөс гадны хэлийг сурах тусмаа хувь хүн өөрийнхөө төрөлх хэлийг давхар судлах эрмэлзэл төрдөг, шаардлага нь ч гардаг. Германы хэл шинжээчийн дундаж амьдралтай айл өрх өдөрт хичнээн төрлийн үг амнаасаа унагадаг гэдгийг судлахад, манай улс ерөөс 180 үгээр л хоорондоо ойлголцдог гэнэ. Ойр зуур “хоолоо хийсэн үү, хүүхдээ цэцэрлэгээс нь авсан уу, хайр нь ирлээ” гэх мэт үгсээр харилцдаг байх нь. Түүнээс биш гэртээ сансар, тив дэлхий, гариг ертөнцийн төвөгтэй хэллэгээр ярьдаггүй. Тиймээс ч гадаад хэлийг сайтар судлах нь давхар эх хэлээ судлахад тустай. Яахав, зарим хүмүүс эхлээд монгол хэлээ гүн судал, дараа нь гадаад хэл рүү ор гэж дараалал үүсгэдэг талтай. Үүнийг ч үгүйсгэхгүй. Харин миний хувьд ижил түвшинд явах ёстой гэж сэтгэдэг. Нуулгүй хэлэхэд миний монгол хэл шинжлэлийн мэдлэг гүнзгий биш. Тэгсэн ч гадаад үгийг тайлбарлах оролдлого хийснээр эх хэлээ давхар сурсан.

-Тэгвэл хэл сурч буй хүн болгонд өгөх зөвлөгөөг тань эх хэл, гадаад хэлийг зэрэг сайжруулж суралцах хэмээн ойлголоо. Тэгвэл гадныханд үндэстнийнхээ онцлогийг ойлгуулах чадвар ганц хэл байх ?

-Хүн даяаршиж, дэлхийгээр явсны дүнд дангааршиж эх орныхоо онцлогийг ойлгодог. Монгол хүн гэдгээ гадныханд яаж эвтэйхэн ойлгуулах вэ, гадныхны Монголыг үнэлдэг зүйл нь чухамдаа юу юм гэдгийг гадаадад тэнэж явахдаа л ойлгоно. Зөвхөн Монголдоо эх орноо шүтээд л суувал хэзээ ч хөгжихгүй.

-Өдөрт “Faro” сургалтын төв болон CallPro харилцаа холбооны байгууллагад ажиллана, давхар комедиан хийнэ. Таны амьдралын хэмнэл ямархуу байдаг вэ?

-Сүүлийн нэг жил ихэнх цагаа “Hippo cards” аппликэйшний багтай өнгөрүүллээ. Миний ажлын цагийн 90 хувь нь энд өнгөрдөг гэж хэлж болно. UB комеди шоу 20 цагаас хойш эхэлдэг. Өнгөрсөн долоо хоногт нээгдсэн цар тахлаас үүдэлтэйгээр хагас жил хаалттай байлаа. Энэ клуб миний ажлын цагаас авдаггүй.

-Комедиан хошин санаагаа хэрхэн яаж олдог талаар яривал сонирхолтой байх болов уу?

Хошин комедиан санаа олохын тулд хөдөө гадаа явах, аялах саналуудаас хэзээ ч татгалздаггүй. Найзуудтайгаа аль болох уулзаж янз бүрийн амьдралын өнгийг мэдрэх дуртай. Ингэснээр сэргэг санаа олддог. Тэмээний тухай арав гаруй минутын хошигнол видео байдаг. Үзэгчдээс их хандалт авсан. Би баруун гурван аймгаар бүтэн арав хоног аялах явцад тэр хошигнолын санаа орж ирсэн. Хүмүүсийн тавхан минутын инээгээд өнгөрдөг агшны ард миний нэлээд хоногийн аялал байдаг.

-Өмнө нь бид бүтэн цаг гаруй хугацаа зарцуулж хошин шог, эсвэл жүжиг үзэж л инээдэг байлаа. Гэтэл тайзан дээр нэг хүн тавхан минут ярьчихаад л танхим дүүрэн хүнийг инээлгэнэ гэдэг үнэхээр сонин. Хүмүүсийг уйлуулах амархан, инээлгэх хэцүү гэж ярьдаг?

-Манайд хошин урлагийг хоёр өөр төрлөөр ойлгодог. Миний хичээллэдэг төрөл бол ганцаарчилсан хошин шог буюу стэнд апп комеди гэж нэрлээд буй. Аль ч улсад нийгэмдээ хамгийн их нөлөөтэй салбар бол урлаг юм. Ер нь нөлөөгөөрөө хөгжмийн салбарын дараа ордог. Англи, Америкт бараг кино салбартайгаа тэнцэхүйц нөлөөтэйд тооцогддог юм. Америкийн Цагаан ордонд жил бүрийн үдэш томоохон хүлээн авалт болдог. Тэр үеэр Ерөнхийлөгч нь заавал стэнд апп комедианыг урьж авчраад өөрөө өөрийгөө элэглүүлдэг юм билээ. Ингэж зааланд буй конгресийн гишүүд, телевизээр үзэж буй ард түмнээ хөгжөөдөг. Комедиа урлаг төрийн хэмжээний соёл хүртлээ хөгжсөн байдаг. Ер нь сул талаа ярьж, өөрсдийгөө шүүмжлэлтэйгээр харж чаддаггүй хүн дотоод зөрчилтэй, эмзэг, хөгжөөгүй сэтгэлгээтэй гэж нийтээрээ хардаг. Чухамдаа болж бүтэхгүй зүйлээ нуулгүйгээр инээлдээд ярьж чаддаг үндэстэн л урагш ахина гэж боддог.

-Ээжтэйгээ ярилцсан подкаст тань хагас сая хүний хандалт авсан. Амьдралдаа дагаж мөрддөг ээжийнхээ алтан зөвлөгөөнүүдээс хуваалцвал?

-Яг санаанд орж байгаагаас гэвэл “өмнө үеийнхээ шавартай битгий хутгалд, зүгээр гэгээлгээр өөрийнхөө дуртай ажлыг хийгээд явах нь өөрчлөлтийг авчирч чадна” гэдэг.

-Сошиал орчинд сайнаас саар муу сэтгэгдэл, мэдээлэл түмнийг хамарч, түгэх эрсдэлтэй.Таны хувьд цахим орчинд тархсан хар муу мэдээг хэрхэн хардаг вэ?

-Маркетингийн агентлагуудын судалгаагаар хар муу мэдээлэл эерэг мэдээг бодвол түгэх хурд нь 3-5 дахин илүү байдаг гэж буй. Энэ хар буруу бичиж буй зүйлс сошиал медиа дээр байгаагаасаа хэд дахин илүү хүчтэй, чухал болж мэдрэгддэг гэнэ. Гэхдээ сүүлийн үед манайхан баярлаж талархсанаа их илэрхийлдэг, урмын үгийг харамгүй өгөх нь илт анзаарагдаж байгаа. Миний хувьд 2013 оноос сошиалд идэвхтэй байгаа гэдэг чинь долоон жилийн хувь хүний ажиглалт шүү дээ.

-Гэрлэлтийг та өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Гэрлэлт бол тоглоом биш, ялангуяа хүүхэдтэй болох бүр ч тоглоом биш. Нийгмээ ажаад байхад гэр бүлийг дагаж хариуцлага ирдэг гэдгийг ойлгодоггүй юм шиг санагддаг. Жишээлбэл, гэрийнхээ ажлыг хамтдаа хийх ёстой. Монголчууд гэрийн ажил эмэгтэйгийнх, дансанд мөнгөтэй бол эрэгтэй нь болчихлоо гэсэн авир гаргадаг. Үнэндээ гэр бүл гэдэг бүхий л жижиг зүйл дээр ч хамтдаа оролцож, харилцаагаа үргэлж бэхжүүлэх нь чухал.

– АНУ-д Канзасын их сургуулийг агаарын хөлгийн инженер мэргэжлээр дүүргэжээ. Инженерээр суралцаад МИАТ компанид гурван жил ажилласан. Ер нь онолын мэдлэгийг практикт тушсанаараа жинхэнэ мэргэжилтэн болох байх?

-МИАТ компанийн агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт онгоцнуудад бүх төрлийн урсгал болон хүнд хэлбэрийн засвар үйлчилгээг хийдэг. Тэр газар анхдагч дагалдан инженерээр гурван жил ажилласан. Хэдий академийн суурь мэдлэг чухал боловч үүнийг дадлагатай хослуулахгүйгээр хэзээ ч бүрэн мэргэжил эзэмшилт болохгүй. Тэгэхээр би нисэхийн инженерийн мэргэжлийг бүрэн эзэмшсэн гэж өөрийгөө боддоггүй. Ялангуяа нисэхийн инженерийн мэргэжлээр дор хаяж арван жил тууштай ажилласны үндсэн дээр эзэмшдэг юм шиг санагдсан.

-Мянга боловсролтой ч, хувь хүний дотоод хөгжил, сэтгэл гэдэг нэн түрүүний шаардлага. Таны хувьд энэ их ажлын хажуугаар стресс бухимдлаас хэрхэн ангижирдаг вэ?

-Саяхан подкастын зочноор Ренбүчи ламыг урьж ярилцлаа. Заримдаа эргээд бодоход уурлах шаардлагагүй өчүүхэн зүйл дээр бухимдсан байх юм аа. Энийгээ хэрхэн засахыг асуусан. Ерөөс нэг ном уншаад, нэг сургаал сонсоод засагддаг амархан зүйл хорвоо дээр цөөхөн. Ихэнх муу зан үйл дандаа дадлаар засагддаг гэж хэлсэн юм. Тэгэхээр сайн дадлуудаа бодоод өдөр болгон үйлдэж, заншил болгож чадваас муугаас ангижирна гэж хэлсэн.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Бадамцэцэг: Төрсөн өдрөөрөө бусад хүмүүсийг, хүүхдүүдийг баярлуулах нь илүү гоё байдаг

“Family dent” шүдний эмнэлгийн эмч Б.Бадамцэцэгтэй ярилцлаа. “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс өргөмжлөлтэй түүнийг хүмүүс телевизийн олон ангит “Хэцүү анги” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр нь илүүтэй мэддэг билээ.


-Та саяхан төрсөн өдрөөрөө 40 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилж өгчээ. Сайн үйлс хийсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Таны үеийн охид бүсгүйчүүдийн хувьд төрсөн өдрөө тэмдэглэдэг хэв маяг бий. Насныхаа тоог илэрхийлсэн шаар үлээгээд найзуудтайгаа тансаг орчинд, ганган хувцас өмсөж тэмдэглэдэг. Гэтэл та төрсөн өдрөөрөө сайн үйлс хийжээ?

-Төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг болоод гурван жил болж байна. Төрсөн өдрийн хувьд энэ өдрийг тэмдэглэх арга барил нь хүн хүнд өөр өөр байдаг. Хүн хүний хувьд баяраа хэрхэн тэмдэглэж байгаагаасаа таашаал авдаг нь ч өөр байдаг шүү дээ. Нэг өдрийг байнга уулзалддаг найзуудтайгаа уулзаад бялууны лаа үлээгээд суухаас илүүтэй хэзээ ч уулзаж байгаагүй хүүхдүүдтэй уулзаж, тэднийг баярлуулж, эцэг эхийг нь ч давхар баярлуулдаг.

Өнөөдөр Монголд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөл өндөр байгаа. Хүүхдийнх нь шүдийг нэг удаадаа ингээд эмчлээд өгөх нь ялангуяа залуу гэр бүлүүдэд эдийн засгийн хувьд нэлээд том хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй юу. Миний энэ үйлдэл бол “Хүүхдийнхээ шүдийг анхаарах ёстой юм байна” гэдэг ойлголтыг эцэг эхчүүдэд өгөх. Ингэхийн тулд би энэ ажлыг гурав дахь жилдээ хийлээ. Монголд хүүхдийн амны хөндийн өвчлөл маш өндөр түвшинд байдагт эмзэглэж явдаг.

-Хүүхдийн шүдийг эмчлэхэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулна. 40 хүүхдийн шүдийг эмчлэх зардлаа яаж гаргадаг вэ. Хүмүүс тусалдаг уу?

-Үгүй, үгүй. Бүгдийг өөрөө л зохицуулдаг. Эмнэлгийн зүгээс багаж тоног төхөөрөмжөөр хангаж, нэг удаагийн багажнууд өгдөг. Мөн сувилагчид маань хүүхдүүдэд тусалдаг. Эмнэлгийн зүгээс үзлэг хийх цэвэр, ариутгасан орчинг бүрдүүлж өгдөг.

-Төрсөн өдрөөрөө таны хэлдгээр байнга уулздаг найзуудаа дуудаад лаа үлээхээс илүүтэй буян үйлдэж, нийгэм рүү хандсан сайн үйлс хийх нь шинэ үеийн залуусын хандлага болоод байгаа шүү?

-Энэ насандаа, энэ дэлхий дээр нэг л удаа амьдрах юм чинь. Миний хувьд долдугаар сарын 27-ны өдөр бол энэ дэлхий дээр ирсэн өдөр минь. Ирсэн өдрөөрөө ганцаараа баярлах биш, бусад хүмүүсийг, хүүхдүүдийг баярлуулах нь баярлаж байгаа тэр хүмүүстээ ч, өөртөө ч гоё байх юм болов уу гэж боддог шүү дээ. Миний хувьд төрсөн өдрөө нэг их айхавтар сүртэй тэмдэглэдэггүй. Оюутан байхдаа л төрсөн өдрөөрөө ийм гоё үйл ажиллагаа хийж үзэх юмсан гэж их боддог байсан юм. Мэргэжлийн эмч болоод жаахан туршлагатай болоод бие дааж үзлэг хийж, хүүхдүүдэд зөвлөгөө өгөх чадвартай болсон учраас энэ үйл ажиллагааг хийх болсон.

-Энэ жил хүүхдүүд гэртээ, хөл хорионд байсан учир элдэв чихэр жимс, ундаанаас хол, гэрийнхээ хоол хүнсийг идэж байгаа болохоор өвчлөл нь харьцангуй бага байж мэдэх юм. Тан дээр ирсэн 40 хүүхдийн хувьд ямархуу байв?

-Төрсөн өдрөөр минь ирж үнэгүй эмчлүүлсэн хүүхдүүдээс шүд нь цоо эрүүл байсан гэвэл 10 хувь нь л байсан байх шүү. Би “Долоон нас хүртэлх хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ” гэж зар тавьсан. Учир нь эцэг эхийн хувьд хүүхдийн шүд арчилгааг таван нас хүртэл нь хийх ёстой. Энэ бол эцэг эхийн хариуцах ёстой ажил байдаг. Хүүхдийн шүд эрүүл байх эсэх нь таван нас хүртэлх шүд арчилгаанаас нь хамаардаг. Түүнээс цааш эцэг эх нь өөрсдөө хүүхдэдээ шүдээ байнга, тогтмол, зөв угаахыг үлгэрлэж, шүд угаахын ач холбогдлын талаар ярьж тайлбарлаж, ойлгуулах ёстой байдаг, долоон нас хүртэл нь. Тэгэхээр долоон нас хүртэлх хүүхдүүдийн шүд маш хүндээр өвдөж, өвчилж байгаа нь бүгд эцэг эхийн буруу гэж боддог. Үзлэг хийж байхдаа эцэг эхэд нь маш сайн зөвлөгөө өгдөг. Шүдний эмнэлэгт хандаж ирж байгаа үйлчлүүлэгчдийн дунд нэг сонин үзэгдэл бий. Хоёр настай хүүхдээ дагуулж ирээд “Одоо шүдийг нь угаах болсон уу” гэж асуудаг эцэг эхчүүд хүртэл байдаг. Энэ бол нэг хүний асуудал биш. Монголын түвшинд, эцэг эхчүүд, залуу гэр бүлүүд, эмээ өвөө нарын дунд ч амны хөндийн арчилгааны талаар мэдээлэл хомс, мэдлэг муутай гэж би хувьдаа дүгнэдэг.

-Хүүхдийн шүдийг хэзээнээс эхэлж угаах ёстой вэ?

-Дөнгөж төрсөн цагаас нь л эхэлж амны хөндийг нь арчлах ёстой.

-Нярай хүүхдийн хэлний өнгөрийг цэвэрлэдэг. Тэр чинь амны хөндийн арчилгаа хийж байгаа нэг хэлбэр биз?

-Эхчүүд дөнгөж төрсөн хүүхдийн зөвхөн хэлийг нь л цэвэрлээд орхичихдог. Аман дотор нь ганцхан хэл байхгүй шүү дээ. Салст, буйл, завж байна. Бүгдийг нь цэвэрлэх ёстойгоо мэддэггүй. Энэ талаарх мэдээлэл, контентыг телевизүүдээр гаргадаг рекламны завсар зайгаар түлхүү явуулж байвал хүүхдүүдэд, хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй болов уу. Энэ талаар бодсон ажил бий ч одоогоор хүүхдүүд минь жаахан байгаа болохоор хэрэгжүүлэх боломж хараахан олдохгүй л байна.

-Та “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрийг бүтээсэн. Дараа нь миссийн тэмцээнд орж түрүүлж байсан?

-Тийм нэг тэмцээнд орж байсаан, орж байсан (инээв).

-Мисс, жүжигчин бүсгүйчүүд олонд танигдсаныхаа дараа дараа алга болчихдог. Үе үе лайваар бараа зарж л харагддаг шүү дээ. Гэтэл та тэднээс огт өөр. Нийгэм рүү хандсан, нийтийн эрүүл мэнд рүү чиглэсэн ажил хийгээд явж байгаа нь хүмүүсийн талархлыг хүлээж байна?

-Ер нь бол би энэ үзлийн эсрэг байр суурьтай байдаг. Олны танил хүн гэхээрээ яагаад заавал амар хялбараар амьдардаг гэж боддог юм бэ. Дийлэнх хүмүүс тэгж боддог. Миний мэддэг, миний хүрээлэлд байдаг олны танил хүмүүс бүгдээрээ маш хөдөлмөрч. Хөдөлмөрлөж чадаж байгаа хүмүүс далд байгаа. Би ийм юм хийж байна, би ингэж байна гэж ил гарч ирж ярихгүй байгаа л болохоос бүгдээрээ цаанаа хөдөлмөрлөж байгаа. Зарим нь дөнгөж бизнесээ эхлүүлээд үйлчлүүлэгч татахын тулд лайв хийх нь бий. Тэрийг нь хүмүүс буруу ойлгоод “Олны танил болчихоороо л янз бүрийн юм рекламдаад, болсон болоогүй юм хийгээд байна” гэж ойлгодог тархиндаа кодтой болчихоод байна. Миний хувьд үүнийг эрс няцаадаг. Адилхан л хүн, адилхан л энэ Монгол Улсад амьдарч байгаа иргэн хүн. Өөрийн гэсэн чадавхаа ашиглаад хөдөлмөр эрхэлж байгаа л гэж боддог шүү дээ.

-Таныг эмч гэхээсээ илүүтэй “Хэцүү анги”-ийн Гэрлээгийн дүрээр тань хүлээж авдаг хүмүүс олон байдаг байх?

-Манай үйлчлүүлэгчид “Таныг анх хараад юун таньдаг хүн билээ гэж харж байлаа”, “Манай хамаатны хүний охин бил үү гэж бодлоо” гэцгээдэг юм. Их дотно сэтгэгдэл төрүүлдэг юм шиг байна лээ. Мэдээж олон ангит киноны буян байгаа байх л даа.

-Та “Ану хатан” түүхэн кинонд бас тоглосон. Эмч мэргэжлээрээ ажиллаж байгаа ч киноны санал ирвэл тоглоно л биз дээ?

-Залуу насанд ямар ч шийдвэр гаргаж болно шүү дээ (инээв).

-Төрсөн өдрөөрөө хүүхдийн шүд үнэгүй эмчилнэ гэхэд тань хичнээн хүн хандсан бэ?

-Энэ жилийн хувьд хандалт их байсан. Би ганцаараа үзлэг хийх учраас нэг өдөр 40 хүүхэд хүлээж авч үйлчилнэ гэж тооцсон л доо. Бараг 2000-аад хүүхдийн эцэг эх хандсан нь Монголд хүүхдийн шүдний эмчилгээ маш их хэрэгтэй байгаа юм байна гэж бодсон. Уг нь манай ээж аав нар бага насны хүүхдийнхээ шүдийг их эртнээс анхаарах ёстой юм л даа. Дараа жил илүү том хүрээнд, илүү олон хүүхдийг хамруулсан ажил хийе гээд одооноос төлөвлөж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Эдийн засгийн алуурчин” нь яг жинхэнэдээ хэн бэ?” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Баасан гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа. Тэрээр “Малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг өсгөх хэрэгтэй” гэлээ.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Пүрэв-Очиртой ярилцлаа. Ярилцлагыг I-XI нүүрнээс уншаарай.

Нийтлэлийн бодлого тодорхойлогч гуравдугаар нүүрт “Эдийн засгийн алуурчин” нь яг жинхэнэдээ хэн бэ?” хэмээлээ.

Эрүүгийн цагдаагийн алба, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Нийслэлийн прокурорын газар зэрэг албаны төлөөллүүд өнгөрсөн лхагва гаригт газраа зориулалтын бусаар ашигласан, бусад хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр хоёр байгууллага дээр очиж хяналт шалгалтын ажиллагаа явууллаа. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, ахмад Х.Түвшинбаяраас тодрууллаа.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй цахимаар ярилцсанаа хүргэж байна.

“Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж буй этгээд хохирлоо заавал нөхөн төлсөн байх ёстой” гэлээ. Хууль, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа. Баримт, үйл явдал нүүрнээс уншаарай.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Соёлч нөхөрлөлийн 10А ангийнхан оролцлоо.

Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Баатархүүтэй гурван шөнө дараалан харагдах солирын борооны талаар ярилцлаа.

“AIM4R продакшн”-ыг үүсгэн байгуулагч, бүжигчин Э.Батзоригтой ярилцлаа. Тэрээр “Хил нээгдчихвэл бид бүжгээрээ дэлхийд “толгой цохих” нь баттай” гэв.

“Сав шим” буланд далайн гүнд амьдардаг хачирхалтай амьтдын тухай сонирхуулж байна.

Эдгээр болон бусад цаг үеийн гадаад, дотоонын мэдээ мэдээлэл багтсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Токио-Улаанбаатар” чиглэлийн тусгай үүргийн нислэгээр зорчих иргэдийн анхааралд

Монгол Улсын Онцгой комиссоос энэ сарын 7-ны өдрийн “Токио-Улаанбаатар” чиглэлийн нислэгээр зорчих иргэдийн анхааралд:

  • Энэ удаагийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн “ОМ-502” дугаарт нислэг нь энэ сарын 7-ны өдрийн 16:40 цагт /орон нутгийн цагаар/ Нарита ОУНБ-аас хөөрнө. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал I-ийн “F” каунтер дээр үдийн 12:00 цагаас эхлэнэ. Бүртгэлийн цагаас хоцрохгүй байхад анхаарна уу.
  • Мөн МИАТ-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас нислэгт багтсан иргэдтэй нэг бүрчлэн холбогдож, тийзийн бичилт хийж байна. Иргэд тусгаарлагдах байрны төлбөр болон дотоодын тээвэрлэлтийн зардлыг төлсний үндсэн дээр нисэх онгоцны тийз баталгаажна.
  • Тусгаарлагдах байрны төлбөрийг дараах дансанд тушаана. Үүнд:

Иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардал /хоногийн 50 000 төгрөг/ болон дотоодын тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 1 060 000 төгрөг, 6-18 хүртэлх насны хүүхэд /хоногийн 30000 төгрөг/ болон тээвэрлэлтийн зардал /10 000 төгрөг/ буюу нийт 640 000 төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байх учиртайг анхаарахыг хүсье. 0-5 настай хүүхэд төлбөргүй.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдэг бичвэрийг тодорхой дурдсан байх зайлшгүй шаардлагатайг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх 12 товчоонд хяналт хийж байна

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар нь Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн тээврийн үйлчилгээний газруудтай хамтарч “Агаарын тухай”, Автотээврийн тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулиуд болон дагаж мөрдөх дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх зорилгоорНийслэлийг тойрсон шалган нэвтрүүлэх 12 товчоон дээр явуулж байна. тус хяналт, шалгалтыг хийж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдад мотоцикл гардууллаа

Улсын тусгай хамгаалалттай газар, сав газарт байгаль хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсээр байна. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Улсын төсвийн хөрөнгөөр 411.495.000₮ үнэ бүхий ZS200-6 нүүдэлчин маркийн 210 ширхэг мотоциклийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн нэр бүхий 24 хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагчид, 21 сав газрын захиргаадад гардуулан өглөө.

2014 оноос хойш буюу зургаан жилийн турш улсын төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдийг мотоциклоор хангаагүй юм. Харин 2017 онд Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох төслийн санхүүжилтээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаадын материаллаг баазыг сайжруулах зорилгоор 3.85 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслээр хангаж, хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан аж.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

“Говь” компани гадаад зах зээлд цахим дэлгүүр нээжээ

Олон улсыг хамарсан “COVID-19”-ийн цар тахлын хорио цээрийн нөлөөллөөр дэлхийн аялал жуулчлалын урсгал хумигдсантай холбоотойгоор “Говь” ХК-ийн бүтээгдэхүүний дотоод борлуулалтын орлого 57 хувиар буурч 18.8 тэрбум төгрөг болжээ.

Хэдий тийм ч тус компани олон улсын зах зээлд цахим, шинэ дэлгүүрүүдийг нэвтрүүлж БНХАУ, Герман, ОХУ, Польш, Их Британи, Францын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Ингэснээр гадаад зах зээлд гурван тэрбум төгрөгийн борлуулалт хийв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15 дахин өссөн үзүүлэлт болжээ.Энэ талаар тус компанийн Санхүү, стратеги төлөвлөлт хариуцсан захирал Б.Өнөболд болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар “Говь” ХК-ийн энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд танилцуулах үеэр мэдээллээ.

Тайлант хугацаанд компанийн нийт борлуулалт 37.5 тэрбум төгрөг буюу 45 хувиар буурчээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

“Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор” зэрэг газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийнхуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хэлэлцэж баталлаа.

Тодруулбал ус хангамжийн Барууншинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбортөслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбайн газар зэрэг гурван газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтжээ.

Ус хангамжийн Барууншинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барихтөслийг АНУ-ын Мянганы Сорилтын сангийн 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ус хангамжийг цогцоор сайжруулах төсөл” 2019-2024 он хүртэлтаван жилийн хугацаатай хэрэгжүүлэх төсөл юм.

Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбортөслийн тухайд уг төслийг УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор “Монгол улсынхөгжлийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх “Дэд бүтцийн томоохон төсөл” нэртэйгээр хэрэгжүүлж буй УИХ-аас батлагдсан Засгийн газрын төсөл юм. Төслийг Улаанбаатар хотын төвөөс 25 км зайд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

А.Мөнхнаран