Categories
мэдээ нийгэм

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 107 мянга гаруй иргэн байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт ажиллалаа.

Монгол улсад 2019 оны байдлаар 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 34.8 мянга нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Тэдний хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, халамж үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын хамрагдалт, орчин нөхцөл цаашлаад нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон асуудал бий. Улсын хэмжээнд хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 345 буюу 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Хуулийн дагуу ААН, албан байгууллагууд 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах үүрэгтэй хэдий ч түүнийг биелүүлэхгүй байгаад анхаарах шаардлагатай.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллах боломжийг бүрдүүлэхээр Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллаж байгаа аж. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах, орчин бий болгох, нийгмийн хамгааллыг сайжруулах, салбар зөвлөлийн уялдаа холбоог дээшлүүлэх зэргээр ажиллах юм байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг системтэй, үе шаттай сургаж, хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө чухал. ААН байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах хуулийн заалтаа өөрийн салбарын хэмжээнд хэрэгжүүлж бусдыгаа манлайлан, үлгэр жишээ болж ажиллах нь чухал болохыг онцлов.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-08-09-ний байдлаар

No photo description available.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 3 хүн эдгэрч, 592 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь лабораторид нийт 592 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 3 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилалд шилжлээ. Үүний хоёр нь энхийг сахиулагч, нэг нь жолооч байна.

Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 293 байгаа ба 263 нь эдгэрсэн бөгөөд 47 хүн сувиллын ажиглалтад, 23 хүн гэрийн тусгаарлалтад, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан байна. ХӨСҮТ-ийн клиникт 30 хүн эмчлэгдэж байгаагаас нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд хэвээрээ эрчимт эмчилгээ хийгдэж байна.

Өнөөдөр үүрээр 06 цагт Франкфурт Улаанбаатар чиглэлийн онгоцоор 260 хүн ирэхэд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж, “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна. Тус аймагт ажиллах үеэрээ тэрбээр тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардууллаа.

Энэ жил Дорноговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 203 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 12, Хоёрдугаар зэргийн одонг 191 ээжид одон хүртээж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одонг гардуулсныхаа дараа баяр хүргэж:

“Ээж нар аа, эхчүүд ээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын иргэдийг эрүүл саруул, цовоо цолгин, аз жаргалтай өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг уламжлал маань тасалдсан. Гэхдээ 720 ээжид “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 9,957 гаруй ээжид “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон олгох тухай зарлиг гарсан байгаа.

Өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үедээ зарим эхчүүдийн одонг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хүүхэд бол бидний залгамж ирээдүй, Монгол Улсын хамгийн үнэт баялаг, өрх бүрийн гэрэл гэгээ, аз жаргал, утга учир болсон эрхэм нандин эрдэнэ билээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Тийм учраас эхчүүд Та бүхний нөр их хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж ирсэн. Та бүхэнд нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж, дахин дахин баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн хүчин дор өрх гэр бүхэнд энхрий үрсийнх нь аз жаргалтай дуу хадаж, эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болж өсөн торних болтугай.

Баярлалаа” гэлээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж байна.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн онцгой байдлын 10 дугаар ангийн шинэ барилгын шавыг тавилаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ барилгын шавыг тавьжээ.

Шав тавих ёслолд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баатар болон хэлтэс албадын дарга нар оролцов.

Тус ангийн хуучин барилга 1957 онд ашиглалтад орж байжээ. Аврах гал унтраах 10 дугаар анги Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн нийт дуудлагын 40-50 гаруй хувьд дуудагддаг ачаалалтай ажилладаг. Хуучин барилга газар хөдлөлтийн чичиргээнд тэсвэргүй, ажилчдын ажиллах орчин нөхцөл муу зэрэг олон хүчин зүйлийг харгалзан шинэ барилгын ажлыг эхлүүлж байна гэж ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян дурдлаа.

Шинээр баригдах байр цутгамал төмөр бетон, хийц бүхий зоорьтой, 7 давхар, 37690 м/куб олон улсын стандартад нийцсэн байх бөгөөд үндсэн болон туслах албаны 12 автомашины граж, амрах байр, өрөө тасалгаа, танхим зэрэг төлөвлөгдсөн байна.

Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий 500 хүний багтаамжтай хурлын танхим, 150 хүн хооллох танхим, 170 гаруй өрөө тасалгаатай байх юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд зарлан мэдээлэх нэгдсэн төв байрлаж, төвийн болон бусад албадтай холбогдон шуурхай байдал хангаж ажилладаг байхаар төлөвлөжээ. Уг барилгыг 2021 оны 11 сард бүрэн ашиглалтад оруулахаар “Голден лайт групп” компани барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Мягмаржав: Соёлын өвийн бүртгэл, хамгаалалтад авах шаардлагатай 41 барилга байна

Улаанбаатар хотын соёлын өв бүхий барилга байгууламж, түүний оршин байгаа газрыг тоолж бүртгэлжүүлэх, хамгаалалтын бүсийг тогтоох, түүнийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал боловсруулах, санхүүгийн эх үүсвэрийг судлах ажлын тухай асуудлыг нийслэлийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав танилцууллаа.

Соёлын өвийн бүртгэл хамгаалалтад авах шаардлагатай нийт 41 барилга байгууламж бий. Шинээр хамгаалалтад авах барилгад Монгол Улсын Засгийн газар байрлаж байсан барилга, МУИС-ийн хичээлийн төв байр, Монголын орчин үеийн анхны зочид буудал зэрэг хэд хэдэн барилга байгууламжууд байна. Харин нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай барилга байгууламжид Гэсэр сүмийн цогцолбор, Улаанбаатар хотын музей, Хүүхдийн урлан бүтээх төв, Дамбадаржаалин хийд болон Ерөнхий сайд Ц.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” орж байгаа юм. Цаашид үйл ажиллагааг сайжруулж, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах шаардлагатай байгууламжид Гандантэгчинлэн хийдийн цогцолбор, Дарь-Эхийн сүм, хоёр чулуун багана, гол сүм орж байна. Хамгаалалтаас хасах шаардлагатай барилга, байгууламжид Жуковын гэр музей, Бэтүб хийд, Түвдэнпэлжээлин хийд барилгууд байна.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-08-08-ны байдлаар

No photo description available.

Categories
мэдээ нийгэм

Э.Сарантогос Киргиз Улсын Элчин сайд Д.Бактыгуловатай өчигдөр цахим уулзалт хийжээ​

Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд хатагтай К.Д.Бактыгуловатай өчигдөр цахим уулзалт хийжээ.

Монгол Улс “COVID-19“ цар тахлын онцгой нөхцөл байдалд Парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсан туршлагаас хуваалцахыг киргизийн тал хүслээ. Мөн Киргизийн Парламентын ээлжит сонгуулийг энэ оны аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй юм. Үүнтэй холбогдуулан манай Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагыг ажиглагчаар оролцохыг урьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулагийн боомтоор Өчигдөр 15 иргэн хил нэвтэрчээ

УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-ны 09:00-18:00 цагийн хооронд тус боомтоор ОХУ-аас иргэдээ татаж буй юм. Өчигдөр буюу татан авалтын эхний өдөр хил нэвтэрсэн 15 иргэнийг Дархан хотод тусгаарлажээ.

ОХУ дахь манай ЕКГ-уудад эх орондоо буцах хүсэлт гаргасан 200 гаруй иргэн байгаа бөгөөд тэдгээрээс гадна хүсэлт гаргалгүй шууд хилийн боомт дээр ирж буй иргэдийг ч нэвтрүүлж байгаа юм. Хил нэвтрэх иргэдийн тоо өнөөдрөөс нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд иргэдийг Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт хотуудад тусгаарлахаар бэлтгэл хангасан байна.

Categories
мэдээ нийгэм

Эх нялхсын хойд уулзвараас 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүрэг “Эх нялхас”-ын хойд уулзвараас “Хасбаатарын гудамж” 40 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх цэвэр усны шугам, сүлжээний ажил хийгдэх болсонтой холбогдуулан энэ сарын 9-нөөс 23-ны өдрийг хүртэл авто зам хаана.

Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.