Categories
мэдээ улс-төр

Боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзжээ.

Уулзалтын эхэнд сайд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үр өгөөж жилээс жилд нэмэгдэж буйд талархал илэрхийллээ. Номхон Далайн командлал хоорондын байгуулсан хүмүүнлэгийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд баригдан хүлээлгэн өгсөн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил, Ирээдүйн манлайлагчдын хөтөлбөр /FLEX/, Монгол Улсын иргэдийг АНУ-ын нэр хүнд бүхий сургуульд сургадаг Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Элчин сайдын үүрэг их байсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд дурдлаа.

Цэцэрлэг барих төслийг цаашид өргөжүүлэн хамтран ажиллах, багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, инновац, энтрепренершипийг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулах, улмаар АНУ-аас старт-ап компани үүсгэн байгуулж, амжилттай ажиллаж буй шилдэг залуу бизнесмен, манлайлагч нарыг Монголд урьж туршлага хуваалцах, инновацын төслийн хамтарсан уралдаан зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаа талууд илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд бүх шатны сургалтын байгууллагын англи хэлний багшийг чадавхжуулах, Фулбрайт хөтөлбөрийг өргөжүүлэн үргэлжлүүлэх, цэцэрлэгийн барилгын төслийг үргэлжлүүлэх, инновацын гарааны компанийн чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо.

Categories
мэдээ цаг-үе

Улсын заан М.Бадарч: Гарьд цолны даваанд гарахад наадмын түрүү хажууханд л харагддаг юм байна

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Монгол Улсын шинэ заан Мягмарын Бадарчтай ярилцлаа.


-Улсын заан болсонд баяр хүргэе. 512 бөхийн барилдаанд их шөвөгт шалгарч улсын заан цол хүртэнэ гэдэг амар ажил биш. Энэ наадмаар ийм том цолд хүрнэ чинээ санаж байв уу?

-“Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Энэ жил бэртэл гэмтэлгүй, бие хөнгөхөн, бэлтгэл сайхан таарсан. Том цол бодож нервтехгүй өөрийнхөөрөө сайхан барилдсан. 512 бөхийн барилдаанд долоо давж улсын заан цол хүртэж дүүрэн сайхан наадлаа. Миний бага байхад зургаан залуу зааны өрсөлдөөн монгол бөхийг чимдэг байлаа. Манай голынхон ч бүгдээрээ залуу заануудын барилдааныг шимтэж үзнэ. Тийм ч учраас улсын заан цол хүртвэл мөн ч сайхан юм даа гэж боддог байсан маань сая биеллээ оллоо, сайхан байна. Том цолны энд хүрч барилдах үүрэг хариуцлага дагаад ирж байна. Улсын заан цол хүртсэн хүн чинь доогуур даваанд унаад байж болохгүй. Том цолны нэр хүндийг өргөж явахын тулд илүү хичээж хөдөлмөрлөх үүрэг хариуцлага надад ирлээ. Эхлээд батлах, цаашлаад ахиулахын төлөө өөрийгөө дайчилна даа. Намайг дэмждэг, давахад баярладаг ямар олон хүн байдгийг харлаа. Олон хүнийг баярлуулахын төлөө хичээнэ дээ.

-Өнгөрсөн өвөл нэгдүгээр сараас хойш заал танхимын барилдаан зохион байгуулагдаагүй. Баяр наадмын бэлтгэлээ хэрхэн базаав?

-Формоо хадгалахын тулд гэрийн нөхцөлд хүчний бэлтгэлээ түлхүү хийсэн. Хааяа нэг зааланд барилдааны бэлтгэлээ цөөхүүлээ базаана. Дан ганц хүчний бэлтгэл хийгээд байвал барилдааны мэдрэмж алдагддаг сөрөг талтай. Өнгөрсөн наадмуудаар унасан барилдаанууддаа дүгнэлт хийж жингээ хассан. Барилдааны мэдрэмж ч илэрхий нэмэгдсэн нь амжилтад маань эергээр нөлөөллөө. Наадмын бэлтгэлд “Бөх билэгт” дэвжээнийхэнтэйгээ эрт гарсан. Багш нартайгаа алдаа оноогоо зөвлөж тухай бүрт нь засч залруулж байлаа.

-Наадмын барилдаануудынхаа талаар ярихгүй юу. Тавын даваанд Увс аймгийн арслан Навааны Хүрэлсүхийг амлаж барилдсан. Залуу арслангаас ямар хий, зай харж амлав?

-Хүрэлсүх бид өмнө нь цөөн удаа таарч барилдаж байсан. Шуудганд хүрч барилдана гэж төлөвлөж байлаа. Давхар шуудагны барьц аваад түрэхэд Хүрэлсүх тосгуулаад хавирч байсан. Мэхийг нь мэдэрсэн учраас биеэ суллаад дээр нь туссан.

-Шинэ начин Х.Цогтгэрэлийг амласан барилдаан олны анхаарлыг татаж байсан. Хөмөрдөг хүнийг л хөмрөөд давж байна лээ. Барилдаанаа хэрхэн төлөвлөж гарав?

-Х.Цогтгэрэл бид нэг үеийн аймгийн арслангууд. Олон удаа таарч барилдаж байлаа. Гол төлөв би хаяж байсан.

Барилдааныг нь сайн мэддэг учраас л амласан хэрэг. Сугадахад нь элэг бүсдэж хөмрөөд давсан. Барилдааны явцад өөртөө итгэлтэй тайван байсан. Ер нь бэлтгэл сайн байхад сандарч тэвдэх асуудал гардаггүй юм билээ.

-Заан цолны даваанд улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арсланг тунаагаад таныг амлаж байна лээ. Нутгийн арслантай хийсэн барилдаан ямар болов?

-Арслан хөдөлгөөнтэй хүнийг амлаад дэмий гэж бодоод Б.Зоригтбаатарыг үлдээж, намайг авсан болов уу. Хоорондоо олон барилдсан болохоор надад ч амар байсан. Алдаа гаргалгүй өөрийнхөөрөө барилдаж хүчтэй арсланг давж заан цолны босго алхсан.

-Наадмаас хойш арслантай уулзсан уу та?

-Амжаагүй л байна. Утас руу нь хэд хэд залгахад холбогдохгүй байна лээ. Хөдөө амарч яваа байх.

-Улсын гарьд цолны даваанд улсын аварга Н.Батсуурьт амлуулж хүч үзсэн. Аваргатай хийсэн барилдааныхаа талаар ярихгүй юу?

-Аваргын бэлтгэл гойд сайн байна лээ. Мэхэндээ тэсрэлттэй, тун ч их бяртай байсан. Дээрээс нь барилдаанаа зөв тооцоолдог, алдаа гаргадаггүй онцлогтой бөх. Даваа ахих тусам л биедээ түүргүй сийрэгхэн барилддаг. Миний хувьд бөхийн өлгий нутгаа төлөөлөөд улсын наадмын өндөр даваанд гараад ирэхэд сайхан санагдсан.

-Шинэ заан нутагтаа очиж амжсан уу. Хэрхэн хүлээж авав?

-Наадмын дараа очоод цөөхөн хоног амраад ирсэн. Архангай аймаг дархан аваргатай, аварга, арслантай бөхийн өлгий нутаг. Заан болоод очиход нэг их сүржигнэхгүй байна лээ (инээв). Магадгүй надаас илүү том амжилт хүлээж байгаа болов уу.


-Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 1024 бөх барилдана. Энэ цагт ид барилдаж байгаа бөхчүүдийн тухайд цол чимгээ ахиулах том боломж байх…Таны хувьд энэ их ойн босгон дээр цолоо ахиулж байдаг бэлгэшээлтэй л юм даа.

-Тийм шүү. Том боломж. Ашиглахын тулд наадмын дараахнаас л бэлтгэлдээ орсон. Энэ бэлтгэлийн формоо унагалгүй хадгалж байгаад их ойд зодоглох зорилго тавьж байна. Улсын заан цол хүртэхэд тав болон зургаагийн давааны тунаанаас гарчихаж байгаа юм.

-Анх 2012 оны улсын наадмын сорилго барилдаанд Архангайн Бадарч гэж залуу Бөхийн өргөөнд шуугиулж байсныг тод санаж байна. Заал танхимын барилдаанд анх удаа гарч барилдсан нь тэр үү?

-Хотод ирж бэлтгэл хийхдээ заал танхимын барилдаануудад гарч барилддаггүй байлаа. Сумын цолтнуудын барилдаанд цөөн удаа гарч барилдсан. 2012 оны хавар сумын начин цолтой залуу улс аймгийн цолтнуудын барилдаанд аманд гарч байсан маань санаанаас гардаггүй юм. Наадмын сорилго барилдаан байсныг ч хэлэх үү. Бөхчүүд бэлтгэлдээ гарчихсан бие нь чангарчихсан, их л сүртэй харагдаж байсан. Оноолтоо сонсоод сууж байтал Баян-Өлгийн улсын начин Б.Баатарцолтой оноолт таарсан тухай зарлаж байна. Өөрийнхөө хэмжээнд бэлтгэл сургуулилт хийчихсэн байсан учраас тэгж их тэвдээгүй. Барилдаад давчихлаа. Харин хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнтэй оноолт таардаг юм. Шинэ гарьдтай тухайн үед яаж барилдсанаа одоо хэр нь сайн санадаггүй юм. Нэг мэдэхэд л туг тойрч байсан. Бөхийн өгөөнд цугласан олон уухайлаад л мөн ч сайхан байсан шүү. Том урам авч билээ. Тэр барилдаанд О.Хангай харцага сумын заан цолтой сайн барилдаж улсын заан Б.Соронзонболдоор хоёр давж байсан.

-Дараахан нь аймгийнхаа наадамд очиж барилдаад түрүүлсэн байх?

-Улсын том цолтой бөхчүүд давсныг маань нутгийнхан зурагтаар харсан юм билээ. Нутагтаа очиход тэр хавиар л хөл хөөр болж байсан. Гэтэл сумын наадамдаа түрүүлж заан болно гэж барилдаад гурвын даваанд уначихдаг юм. Манайхан ч “Гадны бөхөд түрүү алдлаа. Олигтой барилдсангүй” гээд их зэмлэж байна. Миний шар хөдлөөд тайван ч сууж чаддаггүй. “Нөгөөдөр би аймгийн наадамд түрүүлнэ” гэж том ам гарчихлаа. Хэлсэн амандаа ч багтаж аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр долоо давж түрүүлсэн. Нүүр бардам сумандаа очиж билээ. Одоо эргээд бодоход сайхан байдаг юм. Сая наадмаар Б.Мөнх-Эрдэнэтэйгээ дөрвийн даваанд оноолт таарч барилдаад давсан. Өмнө нь миний харцага цол хүртдэг наадмаар мөн таарч барилдаж байсан.

-Таны ах нар, тэр дундаа ээж тань их баярласан байх даа?

-Анх бөх болно гээд хөдөө гэрээсээ цүнхээ үүрээд гарахад ээж маань тун ч дургүй байж билээ.

Аймгийн арслан цол хүртээд гэртээ очиход “Одоо болно. Том цол хүртсэн юм чинь ирж малаа малла” гэж хэлж билээ. Тухайн үед ээждээ “Би улсын том цол заавал авна” гэж амлаж байснаа мартдаггүй юм.

Намайг улсын цол хүртсэнээс хойш л дэмждэг ойлгодог, барилдааныг маань анхаарч хардаг болсон юм даа, ээж минь. Одоо би ээжтэйгээ хамт амьдардаг. Бэлтгэлээ тараад харихад ээжийн хоол цай мөн ч сайхан шүү дээ. Ах нар маань бүгд сум орон нутагтаа барилддаг цолтой бөхчүүд. Намайг бодвол уртай барилддаг улс бий. Би ч тулж зогсохоос илүү унасан ч давсан ч хамаагүй уран хурц барилдаан үзүүлэхийг зорьдог юм. Үзэгч дэмжигчид бөхчүүдээс уран барилдаан л хүлээдэг шүү дээ. Нэг бол тойрч зугтаад, үгүй бол тулж зогсоод байж болохгүй. Үзэгчдээ хүндлээд үзүүштэй барилдаан гаргах нь бөхчүүдийн үүрэг гэж боддог.

-Таны хувьд гарьд цолны өндөр даваанд гарч барилдлаа. Ер нь наадмын түрүү хэр хол харагдаж байх юм?

-Даваад гарьд цол, дахиад ганцхан давахад л улсын арслан цолд хүрнэ шүү дээ. Хажууханд л харагддаг юм билээ. Анх аймгийн арслан цолтой улсын наадамд барилдаад тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд уначихаад улсын цолгүй үлдлээ гэж шантрах бус жаахан хичээхэд л улсын цол дэргэд байна шүү гэж өөртөө хэлж байсан. Сүүлд Э.Оюунболд аваргад мөн начин цолны даваанд унаж байсан. Жаахан хөдөлмөрлөхөд л улсын цол хүртэх юм байна гэж өөрийгөө хурцлаад л өнгөрсөн. Удсан ч үгүй улсын наадамд зургаа давж улсын харцага цол хүртсэн дээ. Энэ жилийн наадмаар заан цол хүртлээ. Миний хувьд бүх зүйлээ золиосолж бэлтгэл сургуулилтаа базааж байна. Нэгэнт амьдралаа зориулсных оргилд гарна л гэж зүтгэж байгаа. Надаас шалтгаалах нөөц бололцоо юу байна тэр бүгдийг л дайчилна. Зөв явахад болох байлгүй дээ.

-Таныг улсын заан Д.Хишигдорж бөхийн замд хөтөлсөн гэл үү?

-Би зургаан ахтай нэг дүүтэй. Тусад ороод л ах нартайгаа дээлний сугаа ханзартал ноцолддог байлаа. Эхлээд ч насны зөрүү гараад ах нартаа унана. Сүүлдээ ихэвчлэн давдаг, даваад сум овооны наадамд барилддаг, боломж нь олдвол түрүүлчихдэг болсон. Миний дээд талын ах Д.Хишигдорж заантай уулзаж “Дүүгээ бөх болгомоор байна” гэж хэлсэн юм билээ. Ингээд заантай уулзахад гайгүй барилдчихаар итгэл төрүүлсэн юм байлгүй, хотод ирж бэлтгэл сургуулилт хийхээр болсон.

-Сумын наадам сэтгэлд тод үлддэг шүү дээ. Анх аль сумын наадамд барилдаж ямар цол хүртэж байв?

-Сумын наадам сайхан шүү. Анх ээжийнхээ төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртэж байлаа. Сүүлд улсын харцага болчихоод дараахан нь очиж барилдсан. Бөхийн амжилтын гараагаа эхэлж байсан дэвжээндээ улсын цол хүртээд очиход мөн ч сайхан сэтгэлд дотно санагдаж байж билээ. Жаахан хүүхэд яаж барилдаж байсан маань нүдний өмнө харагдаад л.

-Бөхийн удамтай юу?

-Аав, ээжийн аль аль талдаа удамтай. Ээжийн талд Их монгол Шаравжамц аварга байсан юм билээ. Аавын талд орон нутагтаа сайн барилдаж явсан цолтой бөхчүүд бий.

-Энэ цагийн бөхчүүдэд үлгэр дуурайл болж буй дархан аварга Г.Өсөхбаяр “Бөх билэгт” дэвжээний бөхчүүдтэй наадмын бэлтгэлд хамт гарч алдаа оноог нь хэлж байгаа харагддаг. Аваргын нөмөр нөөлөг их биз. Наадмын өндөр даваанд гарч барилдах бололцоотой нутгийн дүүдээ өндөр аварга юу захидаг вэ?

-Нөмөр нөөлөг их шүү. Дэвжээний бөхчүүдээ их хурцална. Бэлтгэлээ сэтгэлээсээ хий, бүх боломжийг алдалгүй ашигла гэж зөвлөдөг юм.

-Энэ жилийн наадмаар шинэ аварга цолтон төрлөө. Шинэ аваргын талаар?

-П.Бүрэнтөгс аварга анх 2012 онд аймгийн арслан цолтой улсын наадамд түрүүлж шинэ мянганы гайхалтай түүх бүтээж байсан мундаг бөх. Улсын наадамд түрүүлснээсээ хойш найман жилийн хугацаанд өндөр ачаалалттай бэлтгэл хийж энэ хэмжээнд барилдаж байгаа нь түүнийг ямар хэмжээний бөх болохыг илтгэж байгаа хэрэг. Энэ жилийн тухайд бэлтгэл нь онцгой сайн байна лээ.

-Тэр жилийн наадмаар улсын арслан Ц.Содномдорж заан цолны даваанд таныг давчихаад их баярлаж байгаа харагдсан. Барилдааны талаар хуучлахгүй юу?

-Заан цолны даваанд анх удаагаа гарч барилдсан минь тэр л дээ. Содном арслан хавирахад нь шуудгаа тавиад дараад уначихъя гэж тооцоолсон юм. Гэсэн ч гарандаа хөшигдөөд уначихсан. Сургамжтай барилдаан болсон шүү.

-Та “Нутгийн буян” группийн нэр дээрээс барилддаг бил үү?

-Арагшаа санаа зоволгүй бэлтгэл сургуулилтаа базаана гэдэг амжилтын үндэс байдаг. Ийм боломжоор хангадаг “Нутгийн буян” группийн захирал Л.Бат-Орших ахдаа, гэр бүлд нь талархаж явдгаа хэлье.

-Архангай аймгийн Цэнхэр сумаар зарлуулж барилддаг. Таны төрсөн нутаг уу?

-Тийм. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт Орхон голын эхэнд төрсөн юм билээ. Боломж л гарвал нутгаа зорьдог. Сая наадмын өмнө төрсөн бууцан дээрээ очоод ирсэн. Унасан газраа эргээд буцахад ч бодол санаа цэгцрээд сайхан байдаг юм билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таксины тоолуурыг сантиметрээр хэмжье

-ФЕЛЬЕТОН-

Шударга ёс дараа дараагаар ялж байна. Гар утасны яриаг минутаар биш секундээр тооцож төлбөр хийхээр болжээ. Энэ дашрамд гар утасны компаниудад баярлаж явдгаа хэлмээр байна. Гайхах хэрэггүй ээ. Тэд утасны төлбөрөө бүтэн ба бүтэн бус цагаар, эсвэл хоногоор тооцоод авж болох л байсан шүү дээ. Нарийндаа “Утсаа залгаа л бол гүйцээ, бүтэн бус хоног ярьсан гэж үзнэ” хэмээн мөнгө нэхвэл болох байтал тэгээгүй юм шүү, хөөрхий.

Дараагийн ээлжинд таксины тоолуурыг сантиметрийн хуваараар хэмжих цаг нэгэнт болсоон. Нэг метрийн наана цаана буугаад алхахад бишгүй хөөрхөн зөрөө бий гэдгийг явган зорчигч болгон мэднэ. Гэтэл өнөөдөр таксичид метр явсан ч хамаагүй километрээр тооцон авдаг шударга бус байдалд биднийг дасгасан байна.

Нийтийн хоолны салбарыг ч хэлэлтгүй, бөөн шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө бус байдал дүүрэн. Хүн хоолоо үмх үмхээр иддэг атал тэд “таваг” гэдэг өрөөсгөл хэмжүүрийг бидэндээ тулгадаг. Таваг хоолыг үмх үмхээр хэмжиж үзэхэд бутархай тоо гарах энүүхэнд гэж үмхэгчид хэлж байна. Мөн цайг балга балгаар уудаг атал аяга хэмээх хэмжээсээр тооцож байна.

Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын шинэ алхмыг хүлээж байгаа дараагийн объект бол хүний нас гэж үзнэ. Хүний насыг жилээр хэмждэг нь зөв юм уу? Хүнийг төрсөн даруйд нь долоо хоногтой, нэг сартай, зургаан сартай гэхчлэнгээр овоо нарийн хэмжиж байснаа “гурван настай” “хорин настай”, “далан настай” болгон бүдүүвчилж эхэлдэг нь тоогүй. Нано тооллын эрин үед хүн өөрөө өөрийнхөө хэмжигдэхүүн дээр ийм хайнга хандаж байгаа нь харамсалтай.

Хүний насыг жилээр биш сараар тоолоход наанадаж илүү сүрлэг тоо гарна. “Дорж гуай 60 настай, Самдангийн 70 насны ой” гэхийн оронд “720 сар зооглож буй Дорж гуай тандаа”, “Самдан таны 840 сарын ойд” гэхчлэн ярьж байвал сүртэй. Ер нь олон оронтой бол их сайхан. Жишээлэхэд “5000 төгрөгөө алдлаа” гэхийн оронд “Чиний өрийг өгөх гээд явж байтал хармайнд байсан таван зуун мянган мөнгө байдаггүй” гэвэл ямар сонсогдох вэ?

Арай цаг нь болоогүй гэх байх л даа. Хүний насыг хоногоор тоолбол дээр өгүүлсэн Дорж гуай гэхэд “чамайг бодоход юм үзсэн, 21900 хоногтой толгой” гээд ихэрхэж суух болно. За цагаар тоолбол ч аймаар юм гарна. Баргийн хүний амыг “525.600 цаг насалсан хүнтэй чи юу ярих гээд байна” гэж ирээд л таглах юм байна.

Цаана чинь тамхины тухай аймаар хууль гарч байгаа юм гэнэ. Тамхийг гэрт татахгүй, айлд татахгүй, ажил дээрээ татахгүй, ажлаас халагдаад татахгүй, модон дотор татахгүй, модны гадны талд ч татахгүй юм байна. Түүнчлэн агаарт татах нь шувууны уушгинд муу гэж үзсэн байна. Мөн усан дотор тамхи татахыг хатуу цаазлах юм байна. Усан дотор тамхи татахад загас ихээр хордон найтааж, заламгайгаа гэмтээдэг болохыг судалгаа харуулжээ.

Хууль тогтоогчид, зарим талаараа хатуу мэт боловч үнэн хэрэгтээ зөөлөн хууль болсон хэмээн хэлж байна. Жишээлэхэд, тамхийг усанд, хуурай газарт, агаар мандалд татахыг л хориглоод бусад газарт бол зөвшөөрч байгаа гэнэ. Зөвшөөрөгдсөн газруудад тамхи татахдаа баримтлах журмуудыг бас тогтоожээ. Жишээлэхэд, амандаа зуух, тамхийг үзүүрээс нь асаах, утаа гаргах, сорох зэргийг хориглох байдлаар журамлажээ.

Хуулийг хэрэгжүүлэхийн тулд УТЕГ (Улсын тамхины ерөнхий газар) байгуулах ба эхний ээлжинд 100 орчим мянган орон тоо, 50 нисдэг тэрэг, ажилтан албан хаагчийн тоогоор шөнийн хараа хэрэгслэл шаардлагатай байгаа гэсэн тооцоо гарчээ. Хотын албан байгууллагуудыг ч яахав хянаж болно. Харин айл бүрт камер суурилуулж гэр бүлийн амьдралыг нь 24 цагийн турш бичээд бичлэгийг нь УТЕГ-т аваачин хянаж байх юм байна. Дээр нь асар уудам хээр талаа өдөр шөнөгүй нисдэг тэргээр эргүүлдэн тамхины утаа манасхийх тоолонг бүртгэх бололтой.

Мөн иргэн бүрийн хүзүүнээс утаа мэдрэгч зүүх төсөл ч яригдаж байна. Хүзүүнийхээ зүүлтийг цамцныхаа цаагуур нуучихаад тамхи татаад байж мэднэ хэмээн эсэргүүцсэн гишүүн ч байна. Тэднийхээр бол утаа мэдрэгчийг иргэдийн хамраас зүүх нь илүү үр дүнтэй юм байна. Ард нийтээрээ боловсон дөртэй болж байгаа юм байх аа.

Хуулинд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн олон сайхан эерэг заалт бас оржээ. Ой модон дотор тамхи татахыг л хориглосноос бус архи уухыг хориглоогүй аж. Мөн тэнд тамхины гал гаргахыг нь хориглоод байгаагаас бус түүдгийн болоод түймрийн галыг зөвшөөрөх юм байна. Дээр нь энэ хууль амны тамхинд л хамаатай болохоос биш хамрын болоод хар тамхинд огт хамаарахгүй юм байна.

2012.10.17

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганчимэг: Миний дуулсан дуунууд он жилийг түүчээлэн амьдарч, ард түмэн минь дуулсаар байгаасай хэмээн энэхүү номыг бүтээлээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Ганчимэг дуулсан дуунуудаа эмхэтгэж, төгөлдөр хуурын дарамжтай “Энэ миний ДАРХАН ХИЛТЭЙ ЭХ ОРОН” номоо гаргажээ. Номных нь талаар түүнээс тодрууллаа.


-Анхны номоо өлгийдөн авсан сэтгэгдлээ уншигчдад хуваалцахгүй юу?

-Шинэ хүүхэд мэндэлсэн мэт нэг л тийм үгээр хэлэмгүй гэгэлзсэн, хайр хүрэм санагдаж байна. Миний бие 1994-2020 он хүртэл дуулсан дууныхаа сангаас нийгэмд өгөх санаа, бэлгэ дэмбэрэл, ач холбогдлыг бодож 57 дууг сонгон авч “Энэ миний Дархан Хилтэй-Эх орон” нэртэйгээр та бүхэндээ өргөн барьж байна. ХЦДБЧ-ын зөвлөх хормейстр, хөгжмийн зохиолч, удирдаач Ж.Батхүлэг багшийн минь хөгжим, ХЦДБЧ -ын гоцлол дуучин, дууны яруу найрагч Г. Мөнхжаргал ахын минь шүлэг ХЦДБЧ-ын найрал дуучид найрал хөгжимтэй надад зориулан бичсэн энэ сайхан дуугаар нэрлэсэн.

Энэ жил “Чиний минь ирэх харгуй” дуу дуулсны 20 жил, ХЦДБЧ-ын 80 жилийн түүхт ой тохиолдуулан тангараг өргөсөн цэргийн жинхэнэ албан хаагч офицер, багш хүний хувьд ойдоо барьж байгаа бэлэг гэж ойлгож болно оо.

Номны маань өмнөтгөл үгийг нь хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай бичсэн. Номонд орсон дуунуудыг эцэг эх, элбэрэл хайр, цэрэг эрс эх орон, гүн ухааны, найрал дуучидтай дуулсан гэж ерөнхийд нь таван хэсэгт хуваасан.

-Энэ номыг мөн дуучдад зориулсан сурах бичиг гэж ойлгож болох уу?

-Тийм. Төгөлдөр хуурын дарамжтай 57 бүтээл багтсан.

Номын санааг 2019 оны ажлын төлөвлөгөөндөө оруулж оны эхний өдрөөс хэрэгжүүлж ажилдаа орсон. Орчин цагт төгөлдөр хуурын дарамжтай дууг хэрэглэх хүн олон болсон ч ийм ном харьцангуй ховор гарч байна. Тийм учраас Ганчимэг гэдэг хувь хүн гэхээсээ илүүтэйгээр нийгмийн шаардлагаар мэргэжлийн түвшинд энэ номыг гаргах зорилго тавин хамтран зүтгэгчдийнхээ хүчин зүтгэлээр гаргалаа.

Төгөлдөр хуурын дарамж гэдэг нь хөгжмийн тайзны бүтээлийг дуулах хөтөч буюу удирдбарын төгөлдөр хуурт оруулсан хөрвүүлэг юм. Дуулсан дууны түүврийг минь хараад дуулах, хөгжимдөх хүмүүст нэн тохиромжтой төгөлдөр хуурын тавиур дээр бүрэн дэлгэгдэж тавигддаг нуруу сайтай хийгдсэн.

-Дуунуудаа сорчилж ном болгох болсон гол шалтгаан нь юу байсан бэ?

-Миний дуулсан дуунууд зөвхөн надаар дуусалгүй олон сайхан дуучид үе дамжуулан авч яваарай гэдэг утгаараа энэ номыг гаргасан. Энэ дуунууд маань он жилийг түүчээлэн амьдарч, олон жил ард түмэн минь дуулаасай гэсэн үүднээс номоо бүтээлээ.

-Таны дууны номыг урлагийнхан илүү их сонирхож байгаа байх. Ялангуяа СУИС, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын залуу уран бүтээлчид?

-Тийм ээ, хүмүүс шууд л асууж сураглаад эхэлж байна. Ер нь өөрийнхөө дуулсан дуунуудаар төгөлдөр хуурын дарамжтай ном гаргасан дуучид бараг байхгүй. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай өөрийн дуулсан, зохиосон болон буриад дуунуудаараа, Х.Уртнасан багш өөрийн ари, романсуудаараа ном гаргасан гэх мэтээр өмнө нь бэлэн байсан зүйлээ л гаргаж байсан. Яг орчин цагийн дуучдаас ийм эмхэтгэл гаргасан дуучин байхгүй болов уу.

-Энэ номыг худалдаж авахыг хүсвэл хаана хандах вэ?

-Фэйсбүүк хуудсаар маань, мөн Интерном номын дэлгүүрт тавигдана. Авахыг хүссэн хүмүүс холбогдвол хүргэлтийн үйлчилгээ ч бас байгаа.

Энэ номын ерөнхий редактор, эмхтгэсэн Цэргийн хөгжмийн сургуулийг онцсайн дүнтэй төгссөн, цэргийн хөгжмийн удирдаач, МУСТА Д.Отгонтогтоол болон ХЦДБЧ-ын найрал дууны багш Т.Батмандах, мэргэжлийн талаас, ном гаргах бүх л талын дэмжлэг туслалцаа өгсөн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,

“Хилчин” хамтлагийн ахлагч М.Нямзаан, ХЦДБЧ-ын Урын сангийн фондын эрхлэгч Ц.Энхцэцэг, хэвлэлийн эхийг бэлтгэсэн ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны эх бэлтгэгч А.Оюунгэрэл, хавтасны болон эх бэлтгэсэн “Адмон Принт” ХК-ийн хамт олон болон эх бэлтгэгч Д.Пүрэвсүрэн, зохиолч Ванхүүгийн Батбаяр агсны хүү Төрмөнх болон энэхүү номыг бүтээхэд оролцсон дэмжсэн бүх найз нөхөд, ах эгч, хөгжмийн зохиолчид, яруу найрагч нартаа болон энэ бүхний ард асаалттай танк шиг зогсож байсан халамжит сайхан хань Д.Баттөмөртөө баярлалаа гэж хэлье.

Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эх үр хүүхдийн элбэрэл хайр, нутаг ус байгаль эх дэлхийг хайрлан хамгаалах шүтэн дээдлэх, цэрэг эрс, эх орноо магтан дуулсан миний дуунууд он цагийг түүчээлэн хүн зоны итгэл сэтгэлийн гал дээр уянга нэмэн эгшиглэх болтугай. Ирэх 2021 онд өөрийн дуулсан дуунуудаараа дуучдын дунд уралдаан зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Иргэд өглөө бүр гимнастик хийж, дархлаагаа дэмжиж байна

Иргэд дархлаа дэмжих эрүүл мэндийн дасгалыг өглөө бүр долоон цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийж байна. Баянзүрх дүүргийн биеийн тамир спортын хорооноос энэхүү аяныг санаачилж зохион байгуулж байгаа бөгөөд өглөөний гимнастикийг үндэсний бүжгийн хөдөлгөөн, биелгээтэй хослуулан дэглэжээ. Өчигдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очлоо.

Тамирын хослол, биед эвтэйхэн хувцастай бүхий л насныхан хэдийнэ ирж биеэ халааж, дугуй жийж, хөнгөн алхаж, гүйж байлаа.

Иргэн М.Цэрэндолгор “Өглөө болгон зургаан цагт гэрээсээ гараад есөн цаг хүртэл хүрээлэнг бүтэн тойрчихоод, гимнастикаа ч хийнэ. Гэрээсээ гараад цэцэрлэгт хүрээлэн хүртэл хоёр километр гаруй замыг алхаж туулна даа. Ингэж бүтэн тойроод гэртээ харихад найман километр болж байгаа юм. Энд гимнастикийн янз бүрийн дасгалыг багш нар үнэ төлбөргүй заадаг. Дасгал хөдөлгөөн хийснээр өдрийнхөө эрч хүчийг авч цоглог болно. Өнөөдөр ардын бүжгийг хослуулсан гимнастик заана. Бие биелгээ заахад яах ийхийн зуургүй л 50 гаруй хүн цуглардаг. Биелгээ хийнэ гэдэг бүх биеийн хөдөлгөөнийг шаарддаг. Бүр гурван килограмм жин хассан байна шүү дээ. Энд ижил зорилгоор, зүрх сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс очиж идэвхтэй дасгал хийдэг. Надтай хамт дасгалд ирдэг эмээ гэхэд 70 гаруй насных. Эрүүл мэндийнхээ төлөө ингэж явахаас өөр аргагүй” хэмээлээ. Өндөр настан О.Баярсайхан “Дасгал хөдөлгөөн хийснээр сайхан эрүүлжиж байна. Эрүүл мэндээ бодоод 72 настай байж хоёр сарын турш Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ алхаж, идэвхтэй гимнастик хийж байна. Идэвхтэй хөдлөхөөр бие хаа хөнгөрөөд сайхан шүү” хэмээн ярилаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Цагдаагийн талбайд анх ахмадуудад зориулж гимнастикийн аян эхлүүлсэн ч яваандаа хүмүүс ихэд сонирхох болсон тул ийнхүү насны хязгааргүй болжээ. Гимнастикийн багш О.Энхтуяа “Засаг даргын захирамж гарсны дараа өмнөх долоо хоногоос нийтийг хамарсан дасгал болгоё гэж шийдсэн. Дэлхий нийтэд дэгдээд буй цар тахлаас үүдэн карантинтай байсан. Тиймээс энэхүү дасгалаар иргэдийн дархлааг дэмжиж, үндэстний аялгуунд монголчууддаа зориулсан хөдөлгөөн зохиоё гэж бодсон. Би 1981 онд сургуулиа төгсөөд гимнастикийн багш хийгээд одоо тэтгэвэртээ гарчихсан. Түүнийгээ ч биелүүлж, бичлэгээ сошиал орчинд тавьсан. Ингэхэд хүмүүс өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч суръя, заалгая гэсэн. Би анх Нийслэлийн Биеийн тамир спортын хороонд ийм хөдөлгөөн зохиолоо гээд санал тавьсан юм. Тэд ч миний саналыг дэмжсэн. Дасгал хөдөлгөөний аян эхлээд долоо хонож байна” хэмээгээд “Өглөө биелгээний хөгжмөө тавиад дасгалаа эхлүүлэхэд хүмүүс сайн дураар санаачилгаараа оролцдог. Түүнээс биш энэ их цар тахлын үед кампанит ажил болгоод л хүчээр авчирсан юм биш. Бид энэ дасгалаа өглөө бүр тогтмол зохион байгуулна” гэж нэмж тайлбарласан юм.

Дасгал хөдөлгөөний багийнхан ихэвчлэн 40-50 эргэм насныхан харагдлаа. Тэд хурд хүчтэй цочмог хөдөлгөөн хийхээс илүү аядуу намуухан ая эгшигт нийцүүлэн тайван, эвсэлтэй хөдлөх аж. Бие биеэсээ зайдуухан нуруу эгц, цээж тэнэгэр зогсоод өвдгөө хагас нугалжээ. Үүнийг эхэлж ажвал монгол ардын бүжиг бүжиглэх нь үү гэлтэй. “Өглөө эрт долоон цагаас гимнастик эхэлдэг. Эрт босохоор тэр өдөржингөө ухаан санаа сэргэг, бие хөнгөн болдог. Угтаа гимнастик гэдэг бүжгийн хөдөлгөөн юм шүү дээ. Яахав энд бүжгийг арай уян болгоод л хийж байгаа. Энэхүү ахмадын эрүүл мэндийн дасгалд хүмүүс дуртай ирж, эрүүл мэнддээ анхаардаг болсон нь ажиглагдсан. Мэдээж цар тахлын үед дархлаагаа дэмжихэд хөдөлгөөн маш чухал шүү дээ. Хөдөлгөөн гэдэг эрүүл мэнд, саруул ухаан гэсэн үг. Тиймээс өөрсдөө гимнастик, дасгал сургуулилт хийсний үндсэнд бие махбодид ямар өөрчлөлт орж буйг мэдэрнэ. Ялангуяа, ахмадын хөдөлгөөнүүд яг л хүний бүх эрхтэнд нөлөөлж буй. Ерөөс өглөө болгон тогтмол алхаад хөдөлгөөнөө хийвэл турна, эрүүлжинэ. Ингэснээр нөгөө янз бүрийн эм бэлдмэл хэрэглэхгүй, эрүүлээр турна гэсэн үг” хэмээн тус дасгалын идэвхтэн иргэн Л.Баярмаа хэлэв.

Дасгалын багш О.Энхтуяа “Энэ дасгал харьцангуй тайван зөөлөн хөдөлгөөнтэй учраас үе мөч, нуруу өвддөг хүмүүст хэрэгтэй. Ер нь бидний зааж байгаа биелгээтэй хосолсон гимнастик хөлийн шагайнаас эхлээд ууц нуруу, хүзүү сээр гээд хүний биеийн бүхий л үеийг ажиллуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, биеийн бүх үеийг тосолж өгнө гэсэн үг. Анх хөдөлгөөнийг нь мэдэхгүй алдах үе гарна, долоо хоногийн дараагаас л сурчихдаг юм. Энд өглөөний гүйлтэд ирсэн хүмүүс ч нэгдээд гимнастикийг дагаж хийдэг” хэмээн шавь нартаа зөвлөж байлаа. Өндөр настай, ууц нуруу нь өвддөг хүмүүс түргэн, цочмог хөдөлж болдоггүй бөгөөд хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын намуухан аялгуунд тааруулан аядуу тайван бүжиглэхэд бүхий л биед нь эерэг нөлөө үзүүлдэг аж. Зохион байгуулагчдын хувьд дасгалд хамрагдсан хүмүүсийн хоорондох зайнд анхаардаг гэж байлаа.

Өчигдөр “Dance chance” хамтлагийнхан ирж, иргэдтэй хамт дасгал хийсэн юм. Тэд багаараа үндэсний хувцсаа өмсөж, хүмүүсийг бүжигт урьж байлаа. Тус хамтлагийн багш Н.Эрдэнэ-Очир “Сүүлийн нэг сарын хугацаанд өв соёл, уламжлал болсон ардын бүжгээр бид бүхэн давлагааллаа. Энэхүү давлагааг үргэлжлүүлж, үйл ажиллагааг нь зогсоохгүй идэвхжүүлсээр байна. Одоогийн байдлаар “Шарка Барка”, “Журай Гэлдэн”, “Хатариш” гэсэн гурван челленж эхлүүлсэн. Машинаас бууж бүжиглэх нь манай төв суурин газар хийхэд аюултай, зохимжгүй. Харин өнөөдөр энд хийхээр санаачилсан. Хэцүү бүжиг биш шүү” хэмээсэн юм. Ингээд бүжгийн хамтлагийнхан халдвар хамгааллын дэглэмийг зөрчилгүй иргэдийг метр хагасын зайтай зогсоож, “Журай Гэлдэн” бүжгийн аянд дасгал хөдөлгөөн хийж эхлэв.

Цэцэрлэгт хүрээлэнд 80 настай буурайгаас найман настай балчир хүртэл дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэхээр иржээ. “Би таван настай. Бүжиглэх маш их дуртай. Энд цугласан ах эгч нар маш гоё бүжиглэсэн. Өмнө нь цэцэрлэгтээ л бүжиглэдэг байснаас энд ирж бүжиглэж байгаагүй. Хараад дагаад бүжиглэх амархан байсан. Надад бүх хөдөлгөөн нь таалагдсан” хэмээн үндэснийхээ хувцас өмссөн Ц.Сондор охин хэлэв. Түүний найз М.Түвшинбаяр “Манай найзууд гоё бүжиглэдэг. Би энд монгол үндэснийхээ хувцастай бүжиглэхэд гоё мэдрэмж төрсөн. Энэ хувцсыг миний ээжийн найз оёж өгсөн юм.

Бүжиг, дасгалууд таалагдаж байна. Би бүжиглэе гэж дандаа боддог” гэж цовоо дуугаар хэллээ. “Хүүхдээ бүжиглэхийг нь харах ёстой хөөрхөн байна. Хүүхдэдээ үндэснийх нь хувцсыг өмсгөөд гимнастикийн энэ аяныг дэмжвэл гоё юм болов уу гэж бодсон. Өмнөх өдөр нь хүүхдийнхээ дээлийг бэлдэж тавьсан. Охиноо бүжиглэж байгааг харсан чинь үнэхээр хөөрхөн, өхөөрдмөөр байна. Хөгжилтэй хөөрхөн байна шүү” хэмээн Ц.Сондор охины ээж Б.Солонго ярьж байлаа.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Улаанбаатар хотын нийтийн биеийн тамирын асуудал, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлж, хөгжүүлэх чиглэлээр нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа юм байна. Цахим орчноос дасгалын аяны талаар мэдээллийг хараад зорьж ирж сонирхсон Н.Ариунаа, Г.Энхбат нар “Өглөөний цагийг өөртөө зориул гэдэг. Гол нь гимнастик дасгал хөдөлгөөн гэдэг нь хүнийг эрүүл байлгах зорилготой. Удахгүй сэрүү унана. Олон удаа ингэж гимнастик хийж дархлаагаа дэмжих боломж гарахгүй байх” гэж ойр зууртаа ярьж байв.

Эрүүл мэндийн дасгалын аян энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Дадалд зам барьснаас Дарханыхаа замыг дөхүүлээч ээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Даваа гаргийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Даваа гаригийн дугаарт хэвлэгддэг “Танайд өнжье” буланд Хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Таны төлөө бид” эмнэлэгт өнжлөө.

ШИНЭН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ярилцлаа. Тэрээр “Өнгөрсөн сонгуулийн булхай луйврын талаар баримтат киног хийж эхэлсэн” гэлээ.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа. Ярилцлагыг I-VII нүүрнээс уншаарай.

Өдрийн сонины нийтлэлийн бодлого тодорхойлогч гуравдугаар нүүрт “Дадалд зам барьснаас Дарханыхаа замыг дөхүүлээч ээ” хэмээлээ.

“Choi Hainzan” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Ч.Ундралтай ярилцсан ярилцлага хэвлэгдлээ.

Миний аав буланд “П.Адарсүрэн агсны хүү А.Амартайван: Аавынхаа үлдээсэн энэ их өв, авьяас билгийг мартуулахгүй, өргөж явна гэж зүтгэсэн гэв.

Мөн өнөөдрийн дугарт “Эх орон сумаас эхэлнэ” булан багтлаа.

Волейболын дээд лигийн тэмцээний таван удаагийн шилдэг дасгалжуулагч, спортын мастер Б.Болдбаатартай ярилцлаа.Тэрбээр одоо “Хөвсгөл Шинэ-Үе” клубийг удирдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Айлын гэр мөргөж бага насны хоёр хүүхэд гэмтээжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Зүүнсалааны замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй жолооч айлын хашаа, гэр мөргөж 2, 3 настай хоёр хүүхэд, 20 гаруй насны эмэгтэйг гэмтээсэн хэрэг гарлаа. Хоёр настай хүүхдийн биеийн байдал хүнд, ээжийн хамт ГССҮТ-д хүргэгджээ.

Тээврийн хэрэгслийн жолооч 32 настай эмэгтэй Х-ээс 1.64 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон байна. Тухайн жолооч осол гарах үед эгчийн хамт, 2-12 насны дөрвөн хүүхдээ тээвэрлэн явж байжээ. Зорчигчид бэртэж, гэмтээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

“Эх нялхас”-ын баруун хойд уулзвараас Бичилийн зүүн урд уулзвар хүртэлх замыг хаана

“Эх нялхас”-ын баруун хойд уулзвараас баруун тийш Бичилийн зүүн урд уулзвар хүртэлх замд цэвэр усны шугам суурилуулах ажил хийх тул наймдугаар сарын 09-ны 23 цагаас наймдугаар сарын 23-н хүртэл хаана.

Мөн “Эх нялхас”-ын арын замыг наймдугаар сарын 08-ны 23 цагаас хаасан бөгөөд наймдугаар сарын 09-ны 23:00 цагт эргэн нээх аж.

Авто зам сэтэлж цэвэр, бохир усны болон цахилгааны шугам суурилуулах ажлууд:

1. “Дөлгөөн нуур”-ын уулзвараас “Баянбүрд”-ийн тойрог хүртэл “Гэр хорооллыг цэвэр бохир усаар хангах” ажил /2020.08.05 – 2020.08.19 06:00/

3. “Эх нялхас”-ын баруун хойд уулзвараас баруун тийш Бичилийн зүүн урд уулзвар хүртэл Цэвэр усны шугам суурилуулах ажил /2020.08.09 23 – 2020.08.23/

4. Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзвараас СУИС-ийн зүүн урд уулзвар хүртэл Чингис хааны музейн Дулаан, бохир усны шугам суурилуулах ажил /2020.08.07 23:00 – 2020.08.09 23:00/

Categories
мэдээ нийгэм

Франкфурт хотоос 260 иргэн эх орондоо ирлээ

Германы Франкфурт хотоос “OM138” дугаарт тусгай үүргийн нислэгээр 260 иргэн эх орондоо ирлээ. Өчигдөр буюу наймдугаар сарын 8-нд тус хотыг чиглэн ниссэн “Boeing 767” онгоц өнөөдөр өглөө 05:59 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газарджээ.

Онгоцоор нийт 260 иргэн ирсэн бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байхгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян эхэллээ

Иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын 8-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж эхэллүүлжээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал

“Нийслэлчүүд бид гэр бүл, албан байгууллагын хүрээнд аялахдаа тодорхой төлөвлөлттэй, хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх шинэлэг мэдээллийг авч, өөрсдийн аюулгүй байдал болон эрүүл ахуй үйлчилгээний стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлчилгээг авах нь чухал байна.

Иймээс нийслэлийн аялал жуулчлалын газар энэ салбарт ажилладаг байгууллагын чанар стандартыг хангах, тогтвортой хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилгоор аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран нөлөөллийн аяныг зохион байгуулж эхэлж байна” хэмээв.

Энэхүү аян нь:

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, салбарын үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААНБ-уудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, бодлогоор дэмжиж ажиллах, нийгэм эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөө үзүүлэх,

Аялал жуулчлалын бүс, байгалийн цогцолбор газрууд болон түүхийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулж хүүхэд залуус иргэдийн боловсролыг дээшлүүлэх, бахархах хайрлах үзлээр хүмүүжүүлэх, танин мэдэх соён гэгээрлийн нөлөөлөлд хамруулах,

Жуулчдын голлон зорих байгаль, түүх соёлын өв бүхий газруудад отоглох цэгүүдийг байгуулж, үйлчилгээний нэг стандартыг тогтоох,

Төр хувийн хэвшлийн түншлэлээр шинэчилсэн бодлогыг боловсруулах, хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг бий болгох,

Нийслэлийн иргэд, хүүхэд залууст түүхэн өв уламжлал, биет болон биет бус өвийн талаарх ойлголтыг өгөх, салбарт ажиллан буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран тулгамдсан асуудлаар санал хэлэлцэх,

Түүхч эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээл туурвилын талаарх мэдээллийг хүргэх, эцсийн бүлэгт хоггүй эрсдэлгүй ээлтэй аяллыг уриалах нөлөөллийн ач холбогдолтой юм байна.

Үйл ажиллагаанд нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар болон бусад хамтран ажиллаж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцов.