Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад 2.6 жилийн ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноолоо. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хаслаа. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ.

Одоогоор ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноогоод байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон үндэслэлээр 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм.Түүнчлэн маргааш УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан үндэслэлээр шүүх юм.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ?

Худалдаа үйлчилгээ, зочид буудал, банк санхүү, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан 10 орчим охин компани, 2000 орчим ажилтан бүхий Бишрэлт группийг удирдагч Б.Ундармаа нь 11 жил дараалан Монголын Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулж байсан билээ.Группээ удирдахын сацуу НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, Боловсролын дэд сайдаар ажиллаж явсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагын хэрэгт холбогдсон шалтгаан.Эрх баригч намын голдуу төрийн түшээд, албан тушаалтнууд, намын ажилтнууд жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой байсан зээлийн хөрөнгийг өөрсөддөө авцгаасан нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн 2018 оны зун АТГ мөрдөн шалгаж эхэлсэн. Уг хэргийг шалгах явцад хэд хэдэн УИХ-ын гишүүний гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон байдаг. Уг нь ЖДҮХС-гийн 2018 оны сонгон шалгаруулалтад 1031 төсөл орсноос зээлийн шаардлага хангасан 468 төсөл байжээ. Гэвч гишүүд, дарга нарын нөлөөлөл орсон 134 иргэн, хуулийн этгээдэд зээлийг олгосон байдаг. Санхүүжилтэд багтаасан энэ 134-ийн жагсаалтыг Төсөл сонгон шалгаруулах хорооныхон ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тушаалаа гаргаж байжээ.

УИХ-ын таван гишүүн ЖДҮ-гийн хэрэгт татагдаж, бүрэн эрхийнх нь асуудал яригдаж байсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа юм. Тэрээр өөрийн хамаарал бүхий “Доктор мейк” ХХК-ийн 2017 онд ЖДҮХС-гаас зээл авсан “Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр байгуулах” төслөөр дахин зээл авсан болох нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон байна.Түүний компанид зээл олгох боломжгүй, шаардлагуудыг хангаагүй байсан хэдий ч дарга нар, болон үүрэг гйцэтгэгч албан хаагчидруу удаа дараа залгаж, шахаж шаардаж байж материалаа бүрдүүлэн өгчээ. Төсөл сонгон шалгаруулах ажил явагдаж, наймдугаар сарын 14-нд сайд Б.Батзориг “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай “А-141 дугаартай тушаал гаргаж, санхүүжилт олгох иргэн, хуулийн этгээдүүдийн нэрсийг гаргажээ. Уг жагсаалтад Б.Ундармаа гишүүний “Доктор мейк” ХХК багтаж, 800 сая төгрөг олгохоор шийдвэрлэгдсэн байна. Ингээд Б.Ундармаагийн “Доктор мейк” ХХК тус сангаас 800 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авчээ. Удалгүй ЖДҮ-гийн хэрэг дэгдэж, олон нийтэд мэдээлэл хүрч эхлэжээ.

Ийнхүү түүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна. Тэрээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Доктор МЭИК компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх дөрвөн удаа хойшилсоны эцэст нь шүүхээс гэм буруутай хэмээн үзсэн байна.

Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: Өчигдөр 504 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан

ЭМЯ-наас нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл “ДЭМБ-ын Ерөнхий захирал коронавирусын цар тахлыг даван туулахад хоёр алхмыг зайлшгүй хэвшүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон. Үүнд:

1. Засгийн газар шуурхай ажиллах,

2. Иргэд амьдралын шинэ хэв маягт суралцах, хэвшил болгох (маскаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих, гараа сайтар угаах, зөв ханиаж найтаах, ОН-ийн газраар явахгүй байх)хэрэгтэй гэх мэдээллийг хүргэлээ.

Түүнчлэн өчигдөр буюу 2020 \08.10\ 504 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Улсын хэмжээнд батлагдсан 293 тохиолдол байгаагаас 263 эдгэрсний 44 гэрт, 193 хүн ажиглалтад байна. ХӨСҮТ-д 52 хүн байна. Мөн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

“Төлбөр төлөх хялбар шийдэл ‘Qpay’-д ХХБ нэгдлээ”

Худалдаа, хөгжлийн банк нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг анхлан нэвтрүүлж, үйлчилгээндээ дэвшилтэт технологийн сайжруулалтыг тогтмол хийхийг зорин ажилладаг. TDB Pay үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлээд хэдийнээ хоёр жил өнгөрчээ. Энэ удаад Худалдаа, хөгжлийн банк, ККТТ компанитай хамтран Qpay үйлчилгээндээ технологийн дэвшлийг ашигласан сайжруулалт хийж, пос төхөөрөмж ашиглахгүйгээр төлбөр хүлээн авах боломжийг бүрдүүлээд байна.

Ингэснээр бизнес эрхлэгч Та бүхэн ПОС төхөөрөмжгүйгээр гүйлгээ хүлээн авах юм. Өөрөөр хэлбэл карт болон бэлэн мөнгө дамжуулахгүй, ПОС төхөөрөмжид карт уншуулж, нууц код хийх гэж хүрэх шаардлагагүй болж байна. Эрсдэлгүй бөгөөд шинэ технологи ашиглаж, үйл ажиллагаагаа сайжруулахыг хүсвэл ХХБ-ны дурын салбарт бичиг баримттайгаа хандаарай. 2020 оны 10-р сарын 01-ны өдрөөс өмнө мерчантаар элссэн тохиолдолд 12-р сарын 1-ний өдөр хүртэл гүйлгээний шимтгэлийг 50% хөнгөлж байна.

Харин карт эзэмшигч та бүхэн үйлчилгээний байгууллагад төлбөр төлөхдөө “QPay wallet” аппликейшнийг татаад, картын данснуудаа холбож, шимтгэлгүйгээр гар утаснаасаа тооцоогоо хийгээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.tdbm.mn веб сайт, 1900-1977 лавлах төв болон өөрт ойр ХХБ-ны салбарт хандан авах боломжтой.

Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

“Альфа үеийнхэн” хүүхдийн нэвтрүүлэг “Хүүхдэд зориулсан үндэсний бүтээл” төрөлд шалгарчээ

“Марчаахай” ХХК-иас 5-12 насны хүүхэд багачуудад зориулан эрхлэн гаргадаг “Альфа үеийнхэн” хүүхдийн нэвтрүүлгийг энэ оноос эхлэн хийж байгаа билээ. Улсын их баяр наадамд зориулсан тусгай дугаар нь Засгийн газрын дэмжлэгээр зохион байгуулсан Үндэсний бүтээлийн уралдааны “Хүүхдэд зориулсан үндэсний бүтээл” төрөлд шалгарлаа.

“Ирээдүйн боловсролтой иргэдийг хамтдаа бэлтгэцгээе” уриатай “Марчаахай” ХХК нь 2013 онд “Марчаахай” брэндийг үүсгэн бага насны хүүхэд багачуудад сонирхолтой, ойлгомжтой, хөгжилтэй аргаар боловсрол олгох, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготой хүүхдийн хүүхэлдэйн уран бүтээлийг хийхээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн контент” болохоор ажиллаж байна. “Марчаахай” брэнд нь бага насны хүүхдүүдэд зориулсан мэдлэг боловсрол олгох үүднээс Монгол үндэсний зан заншил, өв уламжлал, түүх соёлыг тусгасан видео анимейшн, хүүхдийн нэвтрүүлэг, видео контент, зурагт ном, комик ном, адал явдалт цуврал ном, аудио номыг хийж байна.

“Марчаахай” брэндийн онцлох бүтээл нь гар утас, таблет, суурин компютерт зориулсан “Марчаахай” аппликэйшн юм. Хүүхэд багачууд дэлхийн хаанаас ч “Марчаахай” аппликэйшныг татаж авч интернэтгүй үед үзэх боломжтой бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ юу үзэж байгааг бүрэн хянаж болох давуу талтай. Одоогоор 200 гаруй хүүхдэд зориулсан уран бүтээл, хичээлүүд /үсгээ суръя, хүрд, дуу, шүлэг, үлгэр, ертөнцийн гурав, оньсого, караоке, сонсдог ном, Альфа үеийн нэвтрүүлэг, танин мэдэхүй, зөвлөгөө, мөн сөб болон 1-5 дугаар ангийн теле хичээл/ байршсанаас гадна шинэ бүтээлүүд нэмэгдэж байдагаараа онцлог. Мөн “Марчаахай” брендийн 1 болон 2 дугаар ангийханд зориулсан Цагаан толгойн “35” үсэг, “Хүрд”-ны тооллыг видео анимейшн хэлбэрээр хийж аппликэйшндээ байршуулсан нь сургуульд сурч эхэлж байгаа бага насны хүүхэдтэй залуу эцэг, эх, асран хамгаалагч болон бага ангийн багш нар түүнчлэн гадаадад амьдарч байгаа иргэдийн дунд маш их эрэлт хэрэгцээтэй, талархал хүртсэн бүтээл болсон. Цаашид бага ангийн математик болон монгол хэлний нэн хэрэгцээтэй хичээлүүдийг цувралаар хийхээр ажиллаж байна. “Марчаахай” брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Ковид-19” цар тахалын хөл хорионд байгаа хүүхэд багачуудадаа зориулан “Марчаахай” аппликэйшний жилийн хураамжаа 15000 төгрөг болгон хямдруулжээ.

С.ЦЭЦЭГ

Categories
мэдээ соёл-урлаг

Э.Батзориг: Хил нээгдчихвэл бид бүжгээрээ дэлхийд “толгой цохих” нь баттай

“AIM4R продакшн”-ыг үүсгэн байгуулагч, бүжигчин Э.Батзоригтой ярилцлаа.


-“AIM4R продакшн”-ыг байгуулж байсан хугацаа саяхан мэт л санагдаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш олон сайхан бүжигчид төрүүлжээ?

-Тийм шүү. Продакшны үүсэл хөгжлийн тухай яривал, би арван жилээсээ бүжиглэх дуртай хүүхэд байлаа. 2008 онд МУИС-ийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөөд “Зоос” банканд маркетингийн менежерээр хоёр жил ажилласан л даа. Удалгүй БНХАУ руу хэлний бэлтгэлд суралцах боломж олдоод явсан ч ханз бичнэ гэдэг миний хийх ёстой зүйл биш гэдгийг мэдээд сургуулийнхаа бүжгийн зааланд цаг зав гарвал бүжиглэдэг болсон. Тэгтэл нэг өдөр хятад бүжигчид ирээд надтай танилцаж нэрийн хуудсаа үлдээгээд явлаа. Ингээд долоо хоногийн дараа залгатал Ханжоу хотын хоёр том бүжгийн студийн нэг “MADA” надад бүжгийн багшаар ажиллах санал тавьсан хэрэг. Ингээд л анх арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулсан. Ер нь хамтлаг болж ажиллахаас илүү зах зээл нь байсан учраас продакшн болж ажилласан. Одоо зөвхөн “Assassins” гэхэд л 60 гаруй бүжигчидтэй.

-Гудамжны бүжиг хэмээн нэрлэдэг чөлөөт бүжгийг хүмүүс ойлгож эхэлсэн байна. Ер нь энэ урсгалын хөгжил Монголд аль шатандаа явж байна?

-Үүнийг дан ганц би тодорхойлох эрхгүй л дээ. Өмнө нь бид хоцрогдолтой байсан нь үнэн. Харин сүүлийн таван жилийн хугацаанд манайд чөлөөт бүжиг сайн хөгжсөн. Хэрвээ боломж нөхцөл нь байгаад эдийн засгийн асуудлаа шийдчих юм бол бид нар гадны ямар ч тэмцээнд бүх төрлөөр ороход бэлэн болсон. Гадагшаа явж байнгын тэмцээнд оролцож байгаа салбар бол “Bboy” салбар. Энэ салбараас Дөк гэх залуу гадаадад болдог уралдаан тэмцээнүүдэд нэлээдгүй амжилттай оролцож яваа. Азидаа танигдсан гэхэд илүүдэхгүй. Манайхаас Кай, Даваа хоёр Орос улс руу явж батлл тэмцээнд ордог. Ер нь Хятад улс Азийн бүжгийн төв нь болчихсон шүү дээ. Тэндхийн нэгэн гэр бүл Америкийн томоохон бүжгийн тэмцээнийг Хятадад зохион байгуулж эхэлсэн байдаг. Үүнээс хойш Хятадад мундаг, том хамтлагууд бэлтгэлээ хийдэг, тэндээ сургалтуудаа явуулдаг болсон. Бид нар ч тэр тэмцээнүүдэд орохоор судалгаа хийгээд, бэлтгэлдээ орох гэж байтал коронавирус гарчихлаа.

-Монгол бүжигчдийн ур чадвар дэлхийд үнэлэгддэг шүү дээ. Ер нь ганц хувь хүн гэлтгүй баг хамт олноороо дэлхийд танигдахын тулд яах ёстой юм бол?

-Би урлагийн нэг төрлийг бизнес болгоод явж байгаа энгийн л залуу. Манайд 14-25 насны олон залуус бий. Эдгээр залуус маань дан ганц бүжиглэхээс илүү мэргэжлээрээ төгссөн залуучууд. Жишээлбэл, “As­sassins” хамтлагийн Ruby, Кай хоёр “Volume Plus” сувагт хөтлөгчөөр ажилладаг. Ялангуяа Кай өөрийн найз охины хамт нөлөө бүхий in­flucer болчихсон явж байна. Миний хувьд продакшныхаа нэг охины дууг удахгүй гаргахаар ажлуудыг нь гүйцэтгээд явж байна. Ер нь толгой ухаантай ажиллаад хил нээгдчих юм бол бид дэлхийд толгой цохиж эхлэх нь баттай. Дэлхийд гарахын тулд яах вэ гэдэг бодолд бизнес ухаан л шаардана. Монгол залуус дэлхийд өрсөлдөхөд бэлэн болсон шүү.

-“AIM4R продакшн” нийт хэдэн хамтлаг төрүүлэв ээ. “Авьяаслаг монголчууд” шоунд олон ч хамтлаг оролцсон?

-Маш олон хамтлаг төрүүлсэн. Тоог нь мэдэхгүй байна. Ер нь бид олон ч залуусыг зөв зүг рүү нь чиглүүлээд арав гаруй жил болж байна. Бүжгийн урлаг гэдэг дан ганц хөдөлгөөн биш шүү дээ. Хүнтэй зөв харилцаж, хүндэлж сурна, телевизийн шоу нэвтрүүлэгт орж сурна, ялж ялагдаж сурна.

-Бүжгийн сургалтуудаа онлайнаар орж байгаа юу. Ер нь гадаадаас хүүхдүүд холбогддог уу?

-Студийн сургалтууд хөл хорионы улмаас хаагдсан. Арван хүнтэйгээр сургалт явуулж болно гэсэн зөвшөөрөл гарсан. Сургалтаа зохион байгуулах гэсэн ч эцэг эхчүүд хүүхдүүдээ сургалтад хамруулахаас эмээсэн байдал анзаарагдсан. Тэгээд заримыг нь онлайнаар явуулахаар болсон. Яахав, танхимаар орох хүсэлтэй найм, есөн хүнд танхимаар ордог. Бүхэл бүтэн гучин хүн бүжиглэх боломжтой зааланд арав хүрэхгүй хүнд сургалт явуулахаар заалны түрээснээс гадна жижиг сажиг асуудлууд гарч ирнэ. Гэсэн ч бид хэзээ ч төрөөс биднийг дэмжээч ээ гэж гуйгаагүй, цаашид ч гуйхгүй.

-Сургалтад нь насны хязгаар бий юү?

-Хязгаар гэж байхгүй. Өвчтэй хүн ч гэсэн бүжиг заалгахаар ирдэг.

-Бүжгийн тэмцээнүүдэд нэлээн шүүгч хийж харагддаг шүү дээ. Шүүж байх үед яг энэ хүнтэй л хамтарч ажиллая гэсэн хүн гарч ирж байв уу?

-Шүүнэ гэдэг их хариуцлагатай ажил. Хүмүүсийн ур чадварыг шүүх нь нэг талаараа шинэ санаа олох, хүмүүсийн техникүүдийг харж давхар өөрийгөө хөгжүүлж болдог. Тэмцээнд оролцогчдоос хамтран ажиллах юмсан гэсэн хүмүүс харагддаг. Гэхдээ яг хамтран ажиллах болохоор анхнаасаа нэг үзэл санаан дор хамт ажиллаагүй тул зөрчилдөх үе гарна. Хэдий техник нь байгаа ч цааш бүжгээрээ явахгүй ч хүн бий. Ер нь манай продакшн өөрсдийн сонгон шалгаруулалтаа явуулж боловсон хүчнээ авдаг учраас тэмцээнд оролцогчидтой тэр бүр хамтрах санал тавьдаггүй.

-Сүүлд дуучин Укагийн “Аавд” гэх уран бүтээл дээр ажилласан. Бүжгийн дэглэлтээр чухам юуг илэрхийлэхийг зорив?

-Дуучин УКА эгчийн “Аавд” хэмээх уран бүтээл дээр 50 гаруй бүжигчидтэй хамтран ажилласан. “Assas­sins” гэх охидын бүрэлдэхүүн хамтлагтай. Охид маань намайг Daddy нь гэж дууддаг. Охиддоо хэлээд байдаггүй ч дотроо хайрлаж явдаг гэдгээ энэ бүтээлийн бүжгийн дэглэлтээр хэлэхийг хүссэн. Санаагаа ч сайн гаргасан.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “AIM4R Gaming” салбараа хөгжүүлэхээр түлхүү ажиллалаа. “E-sport”-д багаасаа хоббитой байсан гэсэн. Энэ талаараа хуучлаач?

-Тэгэлгүй яахав. Сүүлийн үед платформ хөгжүүлэх ажил ч нэлээн хийлээ. E-sport-ийн тухайд багийн мөрөөдөл байсан шүү. Бага байхдаа тоглодог байсан ч цаг хугацааны явцад больсон. Гэсэн ч үргэлж бодогдоно. Бодогдсоор өнгөрсөн жилийн өдийд Кай бид хоёр нийлээд багтай болох талаар ярилцсан л даа. Ингээд Монголд амжилттай яваа таван залуутай хамтарч ажиллах санал тавиад их хурдан гар нийлсэн. Е спортын шаардлага их өндөр. Тоглогч бүр өөр өөр keyboard, чихэвч ашигладаг. Дэлгэц 144 герц байх ёстой энэ нь зөвхөн нэг брэндийнх байх хэрэгтэй гээд л. Ер нь коронавирус нөлөөлж чадахгүй байгаа салбар шүү дээ.

– Та бүхний цаашдын төлөвлөгөө юу байна?

-“AIM4R Gaming” хоёр дахь бэлтгэлийн байраа нээсэн. Охидын багаа сонгоод авчихсан. Цаашид өөр төрлийн тоглоомын багтай болно. Үндсэн таван тоглогчийнхоо дэргэд арван дөрвөн настай хүүхдүүдийг элсүүлэн авсан. Арван долоон нас хүртлээ олон улсын хэмжээний тэмцээнд орохгүй. Хоёр жил бэлтгэгдсэний дараа зүгээр л “ниргэнэ”. Үүнээс гадна томхон оффистой болох зорилго тавьсан.

-Продакшныхаа цаашдын хэтийн төлөвийг тодорхойлчихсон байх. Дурдахгүй юу?

-Монголын уран бүтээлчид их задгай сэтгэж эхэлж байна. Урлаг хөгжиж эхлэхтэй зэрэгцээд сүүлийн үеийн клипүүд бүжиггүй явахаа больсон. Нийтийн дуу ч гэсэн одоо өөрчлөгдөх хэрэгтэй. Гэхдээ нийтийн дуун дээр бүжиг хийнэ гэдэг хэцүү. Зарим дуунд бүжиг дэглэж болдоггүй гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Азиар хязгаарлагдаад зогсохгүй бид цааш илүү хөгжинө. Урлагийг харах өнцгийг бид өөрчлөх болно.

С.ЛХАМАА

А.ЗОЛЗАЯА

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Д.БААТАРХҮҮ: Солирын борооны оргил үе энэ сарын 11-нд идэвхжиж, тод харагдана

Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Баатархүүтэй гурван шөнө дараалан харагдах солирын борооны талаар ярилцлаа.


-Солир бол гариг хооронд орших чулууны жижиг хэлтэрхий шүү дээ. Тэгвэл солирын урсаа буюу бидний хэлдгээр солирын бороо хэрхэн үүсдэг юм бэ?

-Солирын бороо нь сүүлт одноос үүсэлтэй. Сүүлт од гэдэг нь нарыг тойрч буй хэврэгдүү тоосонцроос бүтсэн биет юм л даа. Энэ сүүлт од нарыг тойрох замдаа жижиг биетүүд үлдээдэг. Түүнийг нь солирын бороо гэж нэрлэдэг.

-Солирын бороо жилд хэд хэдэн давтамжтай үзэгддэг. Энэ сарынх аль чигийн ордноос үзэгдэх вэ?

-Найман сарынхыг персейн солирын бороо гэж нэрлэдэг. Монгол нэрээр бол тэнгэрийн онгоцны ордны чиг дэх солирын урсаа юм. Хүмүүс од харвана гэж ярьдаг шүү дээ. Тэр од харвах үзэгдэл их хэмжээтэй болно л гэсэн үг. Хоёр гурван өдрийн турш нэлээн идэвхжиж эхэлнэ. Энэ жил 50-60 орчим солирын бороо ажиглагдана. Жил болгон өөр өөр байдаг л даа. Хамгийн дээд тал нь цагт 100 орчим солирын бороо ажиглагдана. Найман сард нэг удаа болно. Дараа нь арваннэг, арванхоёрдугаар сард болно. Хаанаас солир гарч байна, тэр чиглэлээс харж байгаад нэр өгчихдөг хэрэг. Энэ удаагийнх бол долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын сүүл хүртэл нэг сарын хугацаатай болно.

-Монголд энэ сарын 11, 12, 13-нд солирын бороо үзэгдэнэ гэсэн шүү дээ. Яг тод үзэгдэх оргил үе нь аль өдөр вэ?

-Энэ сарын солирын борооны оргил үе нь 11, 12, 13 гэж таарч байна. Нарийвчилбал, арваннэгний шөнөөс арванхоёрны өглөө хүртэл тодорхой хугацаанд маш ихээр харвана.

-Солирын бороо нэг минутаас эхлээд хэдэн өдрийн турш ч үзэгдэж болно гэсэн. Энэ хугацааг юунаас хамаарч бас хэрхэн тодорхойлдог юм бэ?

-Манай дэлхий солирын биет буюу сүүлт одны явсан замд орчихсон тэр үеийг хэлж байгаа хэрэг. Тодорхой өдрүүдэд их хэмжээний урсгал руу орчихож байгаа юм. Түүнийг нь хиймэл дагуул буюу ажиглалтаар дэлхийн хөдөлгөөн, солирын хөдөлгөөнийг тус бүр судлахаар тодорхой болчихно.

-Манай улс солирын тогоог хэр хэмжээнд судалдаг вэ. Энэ талаар ярихгүй юу?

-Эрт дээр үед дэлхий дээр унасан солирын тогоонууд бий л дээ. Хэмжилт судалгаа хийгээд галт уулын тогоо юу, солирын тогоо юу гэдгийг нь тогтоочихсон. Манай Монголд ч хэд хэдэн солирын тогоо бий. Дэлхий дээрх хамгийн том солирын тогоо гэхэд Аризонагийн солирын тогоо бий. Хэлтэрхийнүүд ч олддог.

– Баянхүр, Цэнхэрийн тогоог солирын тогоо гэдэг юм билээ. Үүнээс хойш солирын тогоо олдсон уу?

-Манайд унасан нь Баянхүрийн тогоо, Цэнхэрийн тогоонуудыг солирынх гээд тодорхойлчихсон байгаа л даа. Ер нь сүүлд 2000 оноос хойш солирын тогоо судлах ажлууд жил бүр явагдаж л байгаа.

-Гэрэлтэй газар буюу сартай шөнө тод харагдахгүй, харанхуй газар илүү тод үзэгдэнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотод харагдах уу?

-Тийм шүү, саргүй шөнө сайн ажиглагдана. Энэ сарын 13,14-нд тал сар гарах учраас бүдэгхэн л харагдах байх. Гэхдээ солирын бороо их тод, өнгөлөг байдаг учраас хүний нүдэнд харагдана. Хөдөө орон нутагт бүр сайн харагдана гэсэн үг. Хотод гэрэл нөлөөлөөд харахад хэцүү.

-Солирын бороог үзье гэсэн хүмүүс хотоос зайдуу хаахна очвол илүү тод харагдах вэ?

-Хотоос гараад гэрэлгүй, харанхуй газар очиход л сайн харагдана. Уулын орой дээр ч юм уу. Хүн таван одны зүгээс л цацарч харагдана. Өдөр ч гэсэн харваж байгаа л даа. Гэхдээ нарны гэрэлд харагдахгүй.

-Долдугаар сарын сүүлээр сүүлт од тод харагдаж байсан шүү дээ. Энэ одны талаар ярихгүй юу?

-Сүүлт од тодорхой давтамжтай нарыг тойрдог. Нарыг тойрох явцдаа манай дэлхийтэй ойртож байгаа юм. Энэ үед л шөнө харагдаж эхэлнэ. Цацарсан гэрэл нь цэнхэр ногоон өнгөтэй. Хойшоо харсан сүүлтэй. Нарны гэрлийн гаралтаар тоосонцор нь хойшоогоо цацарч харагддаг.

-Ер нь сүүлийн жилүүдэд дэлхийд аюул урчуулж болохоор биетүүд ажиглагдаж байгаа юу?

-Дэлхий нарыг тойрч хурдтай эргэж байгаа шүү дээ. Секундэд 30 километр орчим эргэдэг. Нарны аймгийн найман гариг бий, эдгээр нь өөрийнхөө проекторуудад буй жижиг биетүүтийг зайлуулаад, цэвэрлэчихсэн. Гэхдээ аюул учруулж болзошгүй биетүүд ажиглагддаг л даа. Том хэмжээний солирууд, гурав дөрвөн ч солир дэлхийтэй мөргөлдөж магадгүй л гээд байгаа шүү дээ. Эдгээр нь нарыг тойрдог томоохон хэмжээний солирууд. Урсгал нь нарны голоор, нар сарны цаагуур явдаг. Сайн ойртлоо гэхэд дэлхийн хажуугаар өнгөрнө. Үүнээс гадна бага гаригууд байдаг л даа. Эд нар их аюултай. Зарим нь дэлхийн проектор луу ч орж ирдэг.

С.ЛХАМСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

Соёлч нөхөрлөлийн 10А ангийнхан

Хүний амьдралын он жилүүдэд нэг ангид ижилдэн суралцсан минь эргээд санахад алтан үсгээр бичигдэх хугацаа байж ээ.Саруул танхимд хамтдаа сууж угтах ирээдүйгээ зөгнөн мөрөөдсөн үеийнхэн маань сургууль соёлоо дүүргэн их амьдралын гараанд дөрөөлж байсан маань өчигдөр мэт санагдавч олон жилийн нүүр үзсэн байна даа.Бид бүхэн өөрсдийгөө залуу мэт бодож явтал үсэнд минь цагийн хяруу унаж он цагийн урсгалаар далан насыг давсан ахмад настнууд болжээ.

Сэтгэл зүрхнээс хөндийрдөггүй олон л дурсамжууд байгаа.Тэр бүхнийг бичих гэвэл барагдахгүй. Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Д.Пүрэвдорж агсны зохиосон ДарханУул аймгийн сүлд дуу:

Ахан дүүсийн өлзийтэй гараар

Анхны чулууг нь өргөн тавьсан

Нарлаг Монголын энэ хотыг

Найрамдлын Дархан гэдэг юм… гэсэн энэ сайхан дууны эзэн болсон бид тэртээ 55 жилийн өмнө, Дархан хотынхоо Нэгдүгээр арван жилийн бүрэн дунд сургуулийн анхны 10 дугаар ангийг 34-үүлээ төгсөж байсан нь саяхан мэт санагдана. Анги даасан багш физик, математикийн Сэдбазар, Бямбажав нар байлаа.Багш маань биднийг хичээл сурлагадаа ямагт шамд, залхуурч болохгүй, эзэн хичээвэл заяа хичээнэ, ирээдүйд хэн болох нь өөрсдөөс чинь шалтгаална шүү гэж сургадаг байв. Манай сургуулийн захирал П.Очирбат, хичээлийн эрхлэгч Лажиймар, түүх газар зүйн багш Д.Дамба, математикийн багш Түдэв, химийн багш Дамдинсүрэн, Намжилмаа, хэл уран зохиолын багш Ш.Лувсанжамц, Цэсрэн, биеийн тамирын багш Ваанжил, шугам зургийн багш Чулуунбаатар, хөдөлмөрийн багш Дэмбэрэл нар Дархан хотын анхны багш нар байсан юм. Багш нар маань баялаг мэдлэгтэй, ухаантай, оюунлаг, яриа хөөрөөтэй, хүнийг татах хүчтэй хүмүүс байсан.Анги удирдсан С.Сэдбазар гээд бүх багш нараа бид хүндэтгэн биширдэг ээ.

Биднийг 1965 оны хавар 10 дугаар ангиа төгсөх хүртэл манай сургууль одоогийн Хараагийн ДарьЭхийн гэцэг даржаалин хийдийн дүнзэн байшинд хичээллэж байсан юм.1962 онд манай ангийн бүх хүүхдүүдийн талаас илүүгийн эцэг, эх, ах, эгч нар нь Дархан хотын их бүтээн босголт, байгуулалтад бие сэтгэлээрээ оролцохоор газар газраас зорин ирсэн хүмүүс байв. Ардын армийн 021 дүгээр ангийн дайчдын 19631965 онд барьсан 10 жилийн сургуулийн шинэ хичээлийн байр, шинэ Дарханы нэгдүгээр таван давхар байшин (одоогийн Comfort ресторан) барихад ангиараа очиж тоосго буулгах, зөөж хураах, шуудуу ухах зэрэг ажлыг хийдэг байлаа.

1963 онд Орос клубийн цементэн задгай талбайд шугам жагсаал болж 10 жилийн Нэгдүгээр дунд сургуулийн бүлгэмийн зөвлөлийн анхны хүндэт пионероор Дархан хотын анхны дарга С.Цагаан гуайг элсүүлсэн нь Дарханы анхны хүндэт пионер болсон билээ. Манай ангийн охид, хөвгүүд хэдий өөр өөр газраас шилжиж ирсэн ч гэсэн тунчиг хурдан ижилдэн дасч, их л ойр дотно үерхэж нөхөрлөдөг байжээ.

Ангийнхан маань хоорондоо нэг эхийн хүүхдүүд шиг эв эетэй байсан нь анги дэвших тусам л улам нягтарч сурлага, урлаг, спортоор тэргүүлэгч анги байв. Үүний нэг тод жишээ бол 1964 онд улсын хэмжээний хоёрдогч “Соёлч нөхөрлөлийн анги” болох үүрэг амлалт авч 1965 оны хавар дөрөвдүгээр сард Ц.Жаргалсайхан ахлагчтай 10 дугаар анги ангиараа “Соёлч нөхөрлөлийн анги” болж хотын ХЗЭийн хорооны 1 дүгээр нарийн бичгийн дарга Ж.Цэрэнсодном соёлын ордонд хийсэн баярын хурал дээр мандат гэрчилгээг гардуулан өгч байлаа. Энэ шагнал урамшуулал хүүхэд бидний амьдралынхаа туршид хийж бүтээх, сурч, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлд ихээхэн түлхэц болсон доо.

8, 9 дүгээр ангид байхдаа мал төллөх үеэр хөдөө явж малчдад туслах, концерт тоглож өгөх, зун намар нь Орхон суман дахь сургуулийн хөдөлмөр зусланд очиж ногооны зэрлэг зулгаах, төмс ногоо хураах, сургуулийн гал тогооны болон хичээлийн байрны галлагааны өвлийн хэрэгцээний түлээний модыг ууланд явж бэлтгэх, татаж оруулах ажлуудыг багшийн оролцоогүй хийж чаддаг байв.

Мөн урлаг, спортын өндөр авьяастай бүжигчин, дуучин, цана, тэшүүр, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, дугуй, хоккейн мастерууд, сурлагаараа манлайлагчид гээд олон төрлийн авьяастай хүүхдүүдтэй сайхан хамт олон байлаа. Манай ангийнхан багаасаа л их өөдрөг, сэргэлэн авхаалжтай, санаачилгатай хүүхдүүд байж төгсөтлөө энэ зан чанар нь хэвээр үлдсэн.Тухайн үед улс, аймгийн олон төрлийн олимпиад, спортын уралдаан тэмцээнд үргэлж амжилттай оролцож байр эзэлдэг байлаа. Энэ бүхэнд сургуулийн удирдлага, багш маань их баярлаж, бид ч их урамшдаг байжээ.

Тэр үед сургууль, анги танхим маань цэвэр цэмцгэр, өнгөлөг, эрдмийн өргөө, багш нар маань биднийг ирээдүйд эрдэм боловсролтой, мэргэжилтэй сайн иргэн болгохын төлөө бие сэтгэлээ тууштай зориулсан маш оюунлаг, чадварлаг сурган хүмүүжүүлэгчид байсан билээ.Аль тэртээ 60аад жилийн өмнөх бидний амьдрал өөрчлөгдсөн ч бага насны дурсамж сэтгэлээс огтхон ч гараагүй саяхан юм шиг тодхон санагддаг юм.

Энэхэн дурсамжуудын дотроос мартахын аргагүй нь тухайн үеийн ургац хураалт намрын ажилд явах, ер нь хамтдаа ангиараа ямар ч ажилд явах сурагчдын хүсэн хүлээдэг баяр байж. Манай ангийг биеэ даасан ямар ч ажлыг үр дүнтэй, бүтээлтэй хийдэг байсан болохоор сургууль маань бүрэн найдвар өгдөг байсан. Хүүхдүүд маань намар, өвлийн спартакиадад байнга амжилттай оролцож дандаа тэргүүн байр эзэлнэ.Манай Ч.Батдэлгэр, Ж.Батцагаан, Отгон, Ч.Жадамбаа, Сумъяабаатар, Чулуунбат, Ц.Энхтуяа, Чулуун, Ваанчиг, Амараа нар маань цана, тэшүүр, дугуй, волейбол, хөнгөн атлетик, ширээний теннис ганцаарчилсан төрлүүдэд оролцоно. Амралтын өдрүүдэд шинэ, хуучин Дарханы хоорондох Антеннтай толгойн урд ууланд гарч цана, чаргаар гулгаж тоглоно. Мөн 1964 оны хавраас эхлэн манай анги санаачлан сургуулийнхаа орчныг моджуулах, цэцгийн мандал тарих, зүлэгжүүлэх ажлыг хийж эхэлсэн юм. Тэр үед бидний тарьсан улиас моднууд ДарьЭхийн хийдийн хашаан дотор өнөөг хүртэл бүдүүн, саглагар мөчирөө дааж ядан ургасаар байгаа.

1965 оны хавар зургадугаар сарын 9ний өдөр сургуулиа төгсөөд амьдрал хэмээх их далайд хөл тавина, эргэж ангидаа суухгүй гэж бодохоор сэтгэл зүрх маань баяр гунигаар ээлжлэн гэгэлзэн догдолж мөнгөн хонхныхоо баярыг хийсэн юм. Алтан нар ээсэн нарлаг сайхан тэр өдөр бидний амьдралын хамгийн аз жаргалтай өдрийн нэг байв. Тэр өдөр 12 охид, 22 хөвгүүдтэйгээ 34үүлээ төгссөн. Баярын тэр өдөр ангийн багш Сэдбазар, захирал П.Очирбат нар үг хэлж баяр хүргэж, сургамжаа хайрлахад нүдэндээ нулимстай хүүхдүүд цөөнгүй байсан. Дархан хотын АДХГЗ-ны анхны дарга Цагаан гуай ирж бидэнтэй хамт дурсгалын зургаа татуулж байсан нь их хүндэтгэл байсан юм.

Арван жил нэг ангид суралцсан болохоор бидний үерхэл, нөхөрлөл гэгээн дурсамж үнэхээр сайхан байдаг. Олон жил нэг ширээнд хамт суусан, зан аашаараа дотносож, нөхөрлөсөн найзууд тэврэлдэн уйлж байлаа.Хамгийн жаргалтай, хамгийн хөгжилтэй дурсамжаар дүүрэн он жилүүдийг 10А ангидаа л өнгөрөөсөн дөө. Одоо бид сургуулиа төгсөөд хэдийнэ 55 жил болж, цаг хугацаа гэдэг урсах салхи шиг хурдан юм.

Сургуулиа төгссөнөөс хойш өөр өөрийн амьдралын зам мөрөөр алхаж явсан хэдий ч ижилдэн дассан нэг ангийнхан маань таван жил тутамдаа уулзаж бие биенээ үгүйлсэн сэтгэлээ баярлуулж, мөнх бусыг үзүүлэн бурхны оронд байгаа нөхдөө дурсаж, жаргал зовлонгоо ярьж, инээж хөөрдөг, өөриймсөг томоогүй зан нь хэвээрээ байдаг. Биднээс Б.Батчулуун, Янжин, Эрдэнэцэцэг, Чулуунбат, Н.Жадамбаа, Сумъяабаатар, Нацагдорж, Б.Лхагважав, Цэцэнбямба, Ц.Ичинноров, Ц.Жаргалсайхан нар маань төрөлх Дархан нутгийнхаа голомтыг сахин аймаг орон нутагтаа гавьяаныхаа амралтыг эдлэн ач, зээ нараа тойруулан амар түвшин амьдарч байна. Харин Я.Амаржаргал, Давдай, Ваанчиг (Зүүнхараа) нар маань Хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймагтаа сайн сайхан аж төрж ажиллаж амьдарч байна. Ц.Энхтуяа, Д.Энхтуяа, Оюунбилэг, Ч.Батдэлгэр, Нина, Уранчимэг, Чулуун, Эрдэнэбилэг нар маань нийслэл Улаанбаатар хотод мөн л үр хүүхэд, ач зээ нартайгаа бужигнан амар түвшин амьдарцгааж байна.

Манай ангийнхан сургуулиа төгсөөд их, дээд сургуульд элсэн орж эмч, багш, цахилгаан, холбооны инженер, жолооч, илчит тэрэгний техник механикч, хуульч, нябо, эдийн засагч, дизайнер, худалдаа, нийтийн хоолны мэргэжилтэн зэрэг төрөл бүрийн ажил мэргэжлийг эзэмшин эх орныхоо олон салбарын бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож тэр дундаа Дарханы хүүхдүүд учир Дархан хотынхоо бүтээн байгуулалтад гар бие, зүрх сэтгэлээрээ зүтгэн үр бүтээлтэй хөдөлмөрлөцгөөсөн.

Бидний дундаас улс, эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулсан ажлын үр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Б.Батчулуун маань төрийн дээд шагнал Монгол Улсын Гавьяат багш цолоор, мөн Н.Давдай, Чулуунбат, Ч.Батдэлгэр нар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Х.Эрдэнэцэцэг, Ц.Жаргалсайхан, Б.Уранчимэг, Б.Баасандорж, Я.Амаржаргал нар Алтан гадас одонгоор, Ц.Энхтуяа, Ц.Ичинноров, Ч.Батдэлгэр, Г.Нина, Б.Уранчимэг, Г.Цэцэнбямба, Чулуун, Х.Эрдэнэцэцэг нар маань олон хүүхэд төрүүлж өсгөж Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор энгэрээ мялааснаас гадна олонх маань ажилласан салбар, салбарынхаа тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагджээ. Манай анги хоёр хурандаатай.Хурандаа Ч.Ванчиг, Н.Жадамбаа нар Алтан гадас болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонтой. Б.Сумъяабазар, Б.Лхагважав нар маань Осолгүй манлай онц тээвэрчин цол тэмдэгтэй.

Өнөөдөр бид нар Дарханыг дархлалцаж явснаараа, анхдагчдын нэг байсандаа ямагт бахархаж байдаг юм.Залуу насны эрч хүчтэй үе, бие сэтгэл зүрхээ эх орондоо зориулж хөдөлмөрлөн зүтгэж явсан амжилт түүхээрээ бахархсан нэг ангийнхан даа, бид.

Анги хамт олноо дурсан сийрүүлсэн Ц.ЖАРГАЛСАЙХАН, Ц.ИЧИННОРОВ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эдийн засгийн алуурчин” нь яг жинхэнэдээ хэн бэ?

Эдийн засгийн алуурчид гэж ирээд цоллуулдаг цөөн хэдэн хүн бий, Монголд. Бүр нэр ус нь олны чихнээ аль хэдийнэ танил дасал болчихсон. Өнөө айхавтар “алуурчид”-ыг нь хэн бэ гээд харахаар ихэнх нь улстөрчид юм уу, том компанийн захирлууд байдаг юм. Тэднийг ингэж шүүмжлэгсдийн ихэнх нь яг яаж яагаад эдийн засгаа “алчихсан”-ыг нь ухаж бодохыг хүсдэггүй. Шүүмжлэхийн тулд шүүмжилж, адлахын тулд адалдаг гэдэг дээ, яг тийм сэдлээр үзэн ядацгаасаар өнөөг хүрсэн санагддаг. Бас л хачирхмаар үзэгдэл шүү. Ийм хандлага хаанаас эхлэлтэй, яагаад өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа энэ тэр гээд яривал бичих сэдэв, харах өнцөг мундахгүй л дээ. Гэхдээ ингэж ярьж, бичлээ гээд эцсийн үр дүн, эерэг нөлөө нь бага. Эдийн засгаа алаад байгаа нь яг жинхэнэдээ хэн бэ гэсэн асуулт тавиад бодитой үндэслэлтэй хариу хайх нь л хэргээ өгсөн зөв шийдэл. Ийм асуудт тавиад эргэцүүлж ухахаар ярих өнцөг өчнөөн бий л дээ. Гэхдээ юун түрүүнд онцолж хэлэхээр нэг том өнцөг бол Монголын шүүх. Эдийн засагтай хамаатай, холбоотой өчнөөн хэргийн хэлэлцүүлэг шүүхийн танхимд өрнөдөг.

Сүүлийн жишээ гэхэд л Монголын шүүх Дубайн төлөвлөгөө гэсэн тодотгол дор дөрвөн ч хүнийг шүүгээд торны цаана суулгачихлаа. Гадаадын хөрөнгө оруулалт тасарсан, дэлхий даяараа коронагаас болж хямарсан, нүүрсний экспорт өмнөхөөсөө тавин хувиар буурсан энэ үед Монголд дажгүй хэмжээний доллар олж ирж байгаа ганц төсөл нь Оюу толгой. Дубайд Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлаагүй бол Оюу толгой таг зогссон хэвээр энэ цагтай золгох байсан, Монголын эдийн засаг тэгж ингэж хэцүүдэх байсан энэ тэр гээд яривал өчнөөн тоо, тооцоо, баримт сэлт дурдаж болно. Эдийн засагчид энэ тухай хангалттай тайлбарлаж, ярьсан учраас элдэв тайлбараа алгасъя. Товчхондоо Монголд хэрэгжиж буй цорын ганц мега төсөл бол Оюу толгой. Оюу толгой төсөл амжилттай хэрэгжиж яваа учраас долларын ханш 5000 хүрчихгүй өдий зэрэгтэй байгаа гэдэг нь бодитой үнэн.

Бүр цаашлуулж яривал Монголын эдийн засаг, улсын төсөв уул уурхайн салбар дээр тогтож байгаа. Их мөнгө эргэлддэг учраас улстөржилтийн халуурал уул уурхайн салбарт жинхэнэ утгаараа дэвэрдэг. Уул уурхайн голдуу хэрэг шүүхийн танхимд халуун хэлэлцүүлэг өрнүүлж, олны анхаарал татдагийн цаана ийм шалтгаан нуугддаг нь хэтэрхий тодорхой үнэн. Уул уурхайн гэх тодотголтой хэргүүд дээр Монголын шүүх хэт улстөржсөн шийдвэр гаргадаг нь ч нэгэнт ил болсон үнэн. “Уул уурхай бол эдийн засаг” гээд харвал маш эмзэг сэдэв. Эдийн засгийн яах ийхийг тодорхойлдог салбартай хамаатай хэргүүдийг улс төрийн өнгө аясаар, хэн нэг эрх мэдэлтний дохиур зангаагаар шийдэх нь эргээд бидний халаасанд, улсын хэтийн хөгжилд нөлөөлөх учраас эмзэг сэдэв гэж тодотгоод байна л даа.

Уул уурхайтай хамаатай хэргийг шүүхэд Монголын шүүх яаж улстөрждөгийг нотолсон кейс ганц, хоёроор тогтохгүй. Наад захын жишээ гэхэд л 108 лицензийг хоморголж хүчингүй болгосон, “Хан ресурс”-ын лицензийг хураагаад сүүлд нь олон улсын арбитрын шүүх дээр ялагдал хүлээж улсын төсвөөс 70 сая ам.доллар төлж байж салсан кейс байна. Монголын гурван шатны шүүхээс “Хан ресурс” компанийн эсрэг шийдвэр гаргаж байв. Монголын шүүхээр явж ялагдсаныхаа дараа Канадын “Хан ресурс” гэж компани олон улсын арбитрын шүүхэд хандаж байлаа. Арбитрын шүүх Монголын шүүхийг алдаатай шийдвэр гаргасан гэж үзээд Канадын компанийн талд алх тогшсон нь тийм холын жишээ биш. Шүүхийн алдаатай, улстөржсөн шийдвэрээс болж Засгийн газар иргэдээсээ хурааж авсан татвараасаа 70 сая ам.доллар төлж, Монгол Улс одоогийн ханшаар бол бараг 200 цэцэрлэг барих мөнгөө салхинд хийсгэсэн юм.

Улсын хувь заяатай хамаатай эдийн засгийн энэ мэт хэргүүд дээр Шүүхийн танхимд ямар алдаа анзаарагддагийг одоо хэлье. Шүүгч, прокурорууд эдийн засгийн нарийн мэдлэгтэй, эдийн засаг чигт мэргэшсэн байх албагүй. Тухайн чиглэлийнхээ хуулийн нарийн мэдлэгтэй байхад л болчихно. Харин шинжээчид нь эдийн засгийн нарийн мэргэшсэн хүмүүс байх учиртай. Хараат бус, хөндлөнгийн, нарийн мэргэшсэн байх гэсэн гурван том шаардлагыг хангасан хүмүүс шинжээчээр ажиллах ёстой. Бүр тодруулж хэлбэл, эдийн засагтай хамаатай хэрэг дээр ажиллах шинжээчид тухайн чиглэлээрээ нарийн мэргэшсэн байж гэмээ нь Шүүхийн шийдвэр зөв гарах суурь болно. Харамсалтай нь Монголын шүүгчид мэргэшсэн шинжээчийн дүгнэлтийг сонсохгүйгээр алхаа тогшчихдог. Мэргэшсэн шинжээчийн дүгнэлтийг сонсохгүйгээр гэж шууд хэлж болохгүй юм байна. Томилсон шинжээчид нь мэргэжлийн биш, хараат, улс төрийн нөлөөтэй албан тушаалтан байдаг гэвэл илүү оносон тайлбар болох юм байна. Ийм шалтгаанаар эдийн засагт хор хөнөөлтэй, алдаатай шийдвэрүүдийг Монголын шүүх гаргасаар байна.

Өнгөрсөн сард анхан шатны шүүх хурал нь болоод дууссан Дубайн гэх тодотголтой хэрэгт шинжээчээр оролцсон хүн гэхэд л татварын байцаагч байх жишээний. Гэтэл энэ хэргийн хохирогч нь Засгийн газар. Шинжээч нь Засгийн газрын шууд нөлөөнд ажилладаг Татварын газрын байцаагч байхаар яахав. Жинхэнэ утгаараа хараат шинжээч болж таарна аа даа. Ийм шинжээч зөв, эрүүл, мэргэжлийн дүгнэлт гаргахгүй нь хэнд ч ойлгомжтой. Зүй нь энэ шүүх хуралд олон улсын гэрээний эрх зүйгээр мэргэшсэн, хөндлөнгийн, хараат бус хүн шинжээчээр ажиллах учиртай. Ашигт малтмалын 108 лицензийг хомроголон хүчингүй болгосон шүүх хурал дээр ч ийм зураг харагддаг. Тухайн шүүх хуралд хохирогчоор ҮАБЗ, АМГ оролцож, шинжээчээр нь тэдний хараа нөлөөнд ажилладаг төрийн албан хаагч оролцож байв.

Шүүгчдэд хамаатай нэг өнцгийг төгсгөлд нь онцолъё. Уул уурхай эдийн засгийн гол салбар гэж өмнө дурдсан. Ийм онцлогтой салбар учраас хуулийн сургуулиудад Эрүүгийн эрх зүй гэдэг шиг Ашигт малтмалын эрх зүй гэсэн хичээлийг тусгайлан заах ёстой гэж уул уурхайн учир мэдэх улс ярьдаг. Бодож үзэж, шийдэл ажил болгомоор л асуудал.

Categories
мэдээ цаг-үе

Н.Ганибал: Малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг өсгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.


-Сүхбаатар аймгаас сөрөг хүчний төлөөлөл болж УИХ-д сонгогдлоо. Ер нь яагаад улс төрд орох болов. Таны улс төрийн замнал хэдий үеэс эхлэлтэй вэ?

-1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үеэр би ахлах ангийн хүүхэд байлаа. Тэр үед социалист нийгмийн дараагийн өөрчлөлт, шинэчлэлт нь ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл, хувийн өмч, хүний эрх эрх чөлөө гэсэн ойлголтууд байсан. Эдгээр нь өсвөр насны хүүхдэд сонин содон санагдаж, энэ өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотой сонин, сэтгүүлүүд тараагддаг байсныг сонирхож, уншиж байлаа. Үүнтэй залгуулаад тухайн үеийн нийгмийн асуудлуудыг тайлбарлаж, бичсэн социалист нийгэм ба ардчилсан нийгэм, хүний эрх эрх чөлөөний талаарх Баабар, Баярхүү нарын олон сайхан нийтлэлүүдийг олж уншдаг байв. Их сургуулиа төгсөөд орон нутагтаа ажиллаж байх хугацаандаа Ардчилсан нийгмийг дэмжсэн үзэл санаа бүрэн суусан. Тиймээс 2000 онд Сүхбаатар аймгийнхаа Ардчилсан намын намын хорооны гишүүнээр албан ёсоор элсэж, улс төрийнхөө замналыг эхэлсэн юм.

-Та Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн. ҮБХ-ны хурлаар Их хурлаа зарлах тов гарлаа. Намын даргын сунгааны эргэн тойронд юу болоод байна вэ?

-Би 2008-2012 онд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. Мөн төв Ардчилсан намдаа намын байгуулалтын газрын дарга, намын хэрэг эрхлэх газрын дэд дарга гэсэн албан тушаалуудад ажиллаж, гал тогоонд нь байлаа. 2007 оноос Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Намын даргыг сунгаагаар тодруулах нь зөв үү, буруу юу гэдэг асуудал манай намын хамгийн чухал сэдэв болсон.

-Үндэсний бодлогын хорооны ээлжит хурлыг та даргалсан байх аа. Гишүүд юу ярьж байна?

-Хуралдааны үеэр гишүүдийн хэлж байгаа үг, Их хурлын сонгуулийн ялагдлын дүгнэлтүүд гээд олон зүйлсийг гишүүд маань нээлттэй ярьсан. Гарч байгаа дүгнэлтүүд тодорхой байсан. Орон даяар намын даргын сунгааг зохион байгуулах, аймаг, дүүрэг, нийслэлийн намын даргыг сунгаагаар сонгодог тогтолцоо зөв үү, буруу юу гэх асуултын хариулт нь АН-ын УИХ-ын сонгуульд гаргасан үр дүн юм. Гурван сая хүн амтай улсад энэ тогтолцоо зөв биш гэдэг нь харагдсан.

-Шалтгаан нь юу вэ?

-Тухайн сунгаа болгон Ардчилсан намыг хэдэн хэсэгт хувааж байсан. Өмнө нь намын даргын сунгаанд таван хүн нэр дэвшиж байлаа. Намын гишүүдийг 330 сум болгон дээр хувааж, нэр дэвшигчдийн тоогоор таван хэсэгт хуваасан. Дараа нь аймаг, дүүрэг, сумын намын даргыг сонгох сунгаа явуулахад хуваагдал нь улам баталгаажсан. Энэ хуваагдал өнгөрсөн дөрвөн жилд эдгэж амжихгүй явсаар сонгууль болоход АН нягт нямбай улс төрийн хүчин болж чадалгүй ялагдсан. Энэ систем өрсөлдөөнийг бий болгох ёстой байсан бол АН дээр хуваагдлыг бий болгосон. Тиймээс энэ системийг дахин ашиглахад хүндрэлтэй юм байна гэдгийг ҮБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө. Ийм учраас ҮБХ-ны хурлаас намын дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. Түүнчлэн АН-д эв нэгдэл хамгийн чухал байна. Дээрээс нь нийгэм рүү хандсан захиалгат улс төрийн нам байхад юун дээр алдсан бэ гэдгийг зайлшгүй тодруулах, судлах шаардлага бий гэдэг дүгнэлтийг хурлаас гаргасан. Ингээд албан ёсны ажлын хэсэг байгуулж, судалгаа дүгнэлтүүдийг гаргуулахаар шийдсэн. Намын дүрэмд өөрчлөлт оруулах бол заавал Их хурал хуралддаг. Их хурлаа орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулна. Орон нутгийн сонгуульд бид амжилт гаргахын төлөө нэлээд ажлуудыг ярилаа. Хурлаас орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг дэмжих ажлын хэсгийг байгуулахаар болсон.

-Сунгаа явуулахгүй болсон гэхээр намын даргаа яаж сонгоно гэсэн үг үү?

-Өөр олон янзын аргууд бий. Намын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн гарц гаргалгаануудыг судалгаан дээр үндэслэж гаргана. Хуучин ардчилсан нам намынхаа Их хурлаар даргаа сонгодог байсан. Энэ зарчим нээлттэй учраас сэргээж болно. Түүнчлэн нэр дэвшигчдийг аймаг болгон намын хорооны хурлаар хэлэлцээд дэмжих гэх мэт олон гарц, гаргалгаанууд байгаа л даа. Энэ гарц гаргалгаануудаас алийг нь сонгох вэ гэдгийг ажлын хэсэг гаргана. Тэрийгээ Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцүүлээд, намын Их хурал дээр энэ асуудал эцэслэгдэнэ.

-Та МАА-н салбарт санаагаа чилээдэг хүн. Ирэх дөрвөн жил хэрхэн ажиллах вэ?

-Мэдээж мал аж ахуйн салбар дээр голчлон ажиллана. Яагаад гэвэл Сүхбаатар аймгийн нийт сонгогчдын 60 орчим хувь нь малчин өрх. Нийт хүн амын 80 хувь мал аж ахуйн орлогоос шууд хамааралтай. Сүхбаатар аймаг мал аж ахуйн үйлдвэрлэлээрээ хамгийн гол бүтээн байгуулалтуудаа хийдэг. Тэнд мал аж ахуй хамгийн хүртээмжтэй салбар. Тэгэхээр мал аж ахуйн салбарын хөгжилд гэрэлт ирээдүй харагдаж байгаа. Мэдээж нийгмийн асуудлууд болох эрүүл мэнд, боловсрол, соёлыг асуудлыг төсвөөс шийднэ. Цаана нь сум орон нутгийн эдийн засгийн хамгийн том тэлэлтийн асуудал мал аж ахуй байгаа. Мал аж ахуйгаас олж байгаа орлого маань өнөөдөр хэд байна, маргааш хэд байхав, нөгөөдөр хэдэн төгрөг олох вэ гэдэг нь тус аймгийн иргэдийн олох орлого, бүтээн байгуулалтын асуудалтай шууд хамааралтай.

-ХААЯ-ны Мал аж ахуйн газрын даргын албыг хашиж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар, ямар ажил хийж гүйцэтгэсэн бэ?

-Мах экспортлохын төлөө үе үеийн засгийн газар ажиллаж ирсэн. Гэвч бодит үр дүнд хүрэхгүй байлаа. Ингээд бид гарц хайсаар хонь ямаа, үхрийн махыг дулааны аргаар боловсруулж, адууны махыг түүхийгээр нь дэлхийн зах зээлд борлуулах боломжийг бий болгосон. Улмаар дэлхийн худалдааны байгууллага, мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьдаг шаардлагуудыг биелүүлж чадахгүй олон жил болсныг шийдвэрлэж эхэлсэн. Мөн нийт малчин өрхийг жижиг дунд үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ баталгааны тэмдэг олгон бүх малчдаа мэргэжлийн үнэмлэх тэмдэгтэй болгосон. Малчин хүн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн гэж хэлж болно.

-Малчид ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон нь таныг ажиллаж байх үед шийдэгдсэн ажил уу?

-Тийм ээ, “Сайн малчин” хөтөлбөрийг боловсруулж, засгийн газраар батлуулан малчдаа ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангаж эхэлсэн. Малчны зээлийн хүүг 21.6 хувиас 10 хувийн хүүтэй болгож бууруулсан юм. Малчин олсон орлогоо банкны хүүнд зарах биш малаа эрүүлжүүлж, чанаржуулах, худаг усаа сайжруулахад зарцуулах боломж бүрдсэн гэж хэлж болно. Мөн хөдөө аж ахуйн биржийг байгуулж, малчдын түүхий эд бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах эхлэлийг тавьсан. Ийнхүү олон шат дамжлагыг багасгаж малчдын түүхий эдийн үнийг дэлхийн зах зээлийн үнэ рүү ойртуулах боломжтой болсон л доо.

-Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажилд шинэчлэл хийсэн гэж ойлгож болох уу?

-Энэ асуултад бодит тоон дүнгээр хариулах нь зөв болов уу. Эрчимжсэн мал аж ахуйд шинэчлэл хийснээр сүүний аж ахуйд 27.7 сая доларын хөрөнгө оруулалт хийж, 13 мянган сүүний чиглэлийн үхэр нэмэгдсэн. Махны эрчимжсэн аж ахуйг махны хэрэгцээнд нийлүүлэх нойтон махны хэмжээг 7000 тонноор нэмэгдүүлсэн. Тодруулбал, үхрийн мах 5792 тонн, хонины мах 171 тонн, гахайн мах 1076 тн, тахианы мах 125 тонноор тус тус нэмэгдсэн. Түүнчлэн, ноос ноолуурын дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр 127.3 сая долларын хөрөнгө оруулалт олгож, үйлдвэрлэлийн хүчин чадал, чанарыг эрс сайжруулсан шүү. Мөн арьс ширэн эдлэлийг дэлхийн зах зээл дээр гаргах Дарханы арьс ширний паркийн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан юм. Тус парк ажиллаж эхэлснээр нэг их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг дотоодын болон дэлхийн зах зээлд нийлүүлэх болно.

-Мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд хэд хэдэн тоо баримтыг ярих хэрэгтэй болно. 2019 оны эцсийн тооллогоор 70,9 сая мал тоолуулсан. Хонин толгойд шилжүүлбэл 110 сая малтай. Монгол Улс 113,0 сая га бэлчээр нутагтай, хонин толгойд шилжүүлсэн 74.6 сая малын даацтай. Тэгэхээр өнөөдрийн малын даац нь 34 сая хонин толгойгоор хэтэрсэн байна. Нийт малчдын 40,2 хувь нь амьжиргааны түвшнээс доош орлоготой байна. Энэ бүгдээс харвал малчдын орлого жигд бус, дундаж малчны амьдрал хангалттай түвшинд хүрээгүй, өсөн дэвжих боломж сул харагдаж байгаа юм.

-Манай улсын жилийн дотоодын махны хэрэглээ хэдэн тонн байдаг вэ?

-Дотоодын махны хэрэглээ жилийн 250 мянган тонн. Жилийн нийлүүлэлт хамгийн багадаа 350 мянган тонн байна. Нийлүүлэлт эрэлтээс илүү байснаар махны үнэ бага байх хамгийн гол шалтгаан болж байгаа юм л даа. Мал аж ахуйн салбар 170 мянган малчин өрхтэй. Монгол Улсын нийт ажиллах хүчний гуравны нэг нь гэсэн үг. Үүнээс 11.5 хувь нь 50 хүртэлх малтай, 28,9 хувь нь 50-200 малтай, 34 хувь нь 200-500 малтай, 18,5 хувь нь 500-1000 малтай, 7 хувь нь 1000-аас дээш малтай байна.

-Малчдын орлогыг нэмэгдүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулах улмаар тус салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ямар боломж, арга зам байна вэ?

-Ганц арга зам байгаа нь малчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үнийг өсгөх юм. Өөрөөр хэлбэл, мах, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, цаашлаад хурдан морины үнийг өсгөх хүртэл энд хамаарна. Үүний тод илрэл нь 2020 оны хувьд ноолуурыг экспортлох боломжгүй болсноор ноолуурын үнэ өнгөрсөн жилээс 50 хувиар буурлаа. Энэ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нь хамгийн зөв гарц гэдгийг илэрхийлж байна. Хөдөө аж ахуйн сайд асан Ч.Улаан дотоодын худалдан авалтыг дэмжиж хөнгөлөлттэй зээл гаргах, малчдыг ноолуурын үнийн уналтаас хамгаалах бодлого боловсруулж ажилласан боловч, хэрэгжилтдээ алдаа гаргаснаар өнөөдрийн хүндрэл үүсээд байна. Бусад түүхий эдийн хувьд ч гэсэн ноолууран дээр хийсэн шиг бодлогыг хийх ёстой. Махны экспортыг чөлөөлж, элдэв квот хязгаарлалтыг болих хэрэгтэй байгаа юм.

БНХАУ-ын Эрээн хотод өнөөдрийн байдлаар хонины мах 80 юань буюу 32 мянган төгрөгийн үнэтэй байна. Бид нар экспортыг чөлөөлж, энэ зарагдаж буй үнийн 50 хувьд хүргэхэд малчид махаа 15 мянган төгрөгөөр зарах боломж бүрдэнэ. Ингэснээр малчдын амьжиргааг шууд хоёр дахин өсгөх боломжтой. Мөн дотоодын махны үнэ өссөнөөр малчдын амьжиргаа дунджаар хоёроос гурав дахин өснө. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 хувиар өсгөнө.

-Үе үеийн эрх баригчид, өмнөх засгийн газар, төр барьж байсан хүмүүс ийм боломжийг яагаад олж харж, хэрэгжүүлээгүй юм бол?

-Малчин өрхийн тоо нийт өрхийн гуравны нэгийг эзэлж байна. Тийм болохоор улс төрчид үлдсэн гуравны хоёрынх нь амьдралд нөлөөлөх шийдвэрийг гаргахаас айсаар ирсэн. Гэтэл үнэндээ малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар өсөх бөгөөд энэ нь тэр алдаж байгаа гуравны хоёрын амьжиргааны зардлын өсөлтийг хангалттай нөхөөд илүү гарахаар байгаа юм. Тийм учраас төрийн зохицуулалтыг зоригтой хийснээр нийт ард түмнийхээ 30 хувийн амьжиргааны түвшинг шууд гурав дахин өсгөх боломж байна. Махны экспортоос орж ирж буй илүү 1.5 тэрбум долларын орлогоос дотоодын махны үнийн өсөлт амьжиргаанд нь шууд хүндрэл учруулж буй нийгмийн эмзэг хэсэгт зарцуулах төрийн зохицуулалт хийж болно.

-Коронавирусийн үеийн эдийн засгийн хүндрэл болон бондуудын өр төлбөрийг төлөхөөс эхлээд амаргүй дөрвөн жил хүлээж байна…

-Бодит байдлыг бид бүгд мэдэж байгаа. 2020 оны УИХ-ын сонгуульд Ардын намаас тавьсан маш олон нийгмийн болон эдийн засгийн том амлалтууд байгаа. Наймдугаар сарын 17-ноос ээлжит бус чуулган зарлагдсан. Хэлэлцэгдэх хамгийн нэгдүгээр асуудал бол 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулна. Энд сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрэн тусгагдсан байх. Тухайн сонгуульд иргэдэд ямар амлалт өгсөн тэрийгээ л хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс “Covid-19” цар тахал гарч, эдийн засаг хүндэрч байгаа учраас энэ алхмуудыг бид арагшаа тавилаа гэсэн байдал байж болохгүй. Эдийн засаг хүнд байна гэдгийг бүгд мэдэж байсан. Сонгууль зургадугаар сард болж дууссан. Тэрнээс өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, эдийн засгийн үзүүлэлтүүд бүгдээрээ сөрөг гарч байсан. Үүнийг даван туулна гэдгээ ч эрх баригчид амласан. Даван туулах байх гэдэгт нь итгэж, найдаж байна. Мөн бондуудын өрийг төлнө, ер нь үеийн үед төлж л ирсэн.

Дөрвөн жилийн өмнө, 2016 онд Монгол Улсын нэг хүнд ногдох өр 15 сая төгрөг байлаа. Сүүлийн мэдээллээр 28 сая болсон байна. Ийм зөрүү гарч байна. Томоохон реформ хийсэн эдийн засгийг арга хэмжээнүүдийг авахгүй бол энэ асуудал цаашид үргэлжилсээр л байна.

-Төсвийн тодотголын асуудлыг хэрхэн харж байгаа вэ?

-Орлого тал нь тасраад байгаа учраас бүтээн байгуулалт болон урсгал зардлуудаа мэдээж хасах ёстой. Тэгж байж зарлагаа нөхнө шүү дээ. Хоёр дахь гарц нь төсвийн зээл авах. Ийм л хоёр гарц байна. Тэгэхээр алийг нь сонгох оо Засгийн газар өөрсдөө шийднэ. Үр өгөөжгүй баахан хөрөнгө оруулалтууд тавьчихсан. Тэрийгээ зайлшгүй хийх ёстой гээд зээл авах ёстой юм уу, аль эсвэл тодорхой хэмжээнд зарлагуудаа багасгах уу. Сая Засгийн газар байгуулахад дэд сайдын орон тоог байхгүй болговол урсгал зардал дээр хэдэн арван тэрбум төгрөг хэмнэгдэх боломжтой гэдгийг зарим нэг гишүүд ярилаа. Цаашлаад Хэнтий аймаг гэхэд 2020 оны төсвийн хөрөнгө оруулалт 240 орчим тэрбум төгрөг тавигдсан байна лээ. Үүнийг хэмнэх ёстой. Дэлхийн болон олон улсын аялал жуулчлалын салбар эргэж хөл дээрээ босохын тулд эргээд бидэнд хоёроос гурван жил шаардлагатай. Тиймээс өнөөдөр зайлшгүй шаардлагатай байгаа экспортын үйлдвэрлэлүүдээ бий болгох асуудал дээрээ анхаарах ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зураг минь буухаас өмнө дахиад нэг түрүүлчих юмсан гэж бодож байсан

Зуны халуун өдрүүдэд сумогийн долдугаар сарын башё уламжлалт ёсоор Нагояад болдог бол энэ удаа Токио хотноо болж өнгөрлөө. “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс үзэгчийн тоог хязгаарлаж, урьдынх шиг дуу шуугиантай, ууж наргиж, зугаацан цэнгэж үздэг сумогийн башёгийн уур амьсгал орвонгоороо өөрчлөгдсөн мэт нам гүм, чимээ аниргүй, хөлхөх хүний тоо татарсан, нэг л болгоомжилж, цэрвэсэн, хатуу хяналтан дор үргэлжилсээр хамгийн сүүлийн башёон өдрийг Монголын залуу сумо бөх, цагтаа Озеки хэмээн алдар хүндийг өргөж явсан Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ цочоон, уур амьсгалыг итгэл найдвар, эрмүүн зориг, гэгээн зүг рүү хөдөлгөх шиг болсон юм. Башёг шууд дамжуулдаг Японы олон нийтийн телевиз болох “Эн Эйч Кей”-н үзэгчийн рейтинг урьдынхаас нэг дахин ихэсч, үзэгч олныг гайхан бишрүүлсэн билээ. Учир нь гэвэл хамгийн доод зиндаанд унаж, эргэн ахисаар энэ жилийн 3 дугаар сараас дээд зиндаанд барилдаж, таван жилийн дараа хоёр дахь түрүү Эзэн хааны цомыг 13 даваа хоёр унаатайгаар хүртэж, сумогийн түүхэнд маэгшира зиндааны хамгийн доод эрэмбээс түрүүлсэн бөхийн хоёрдугаарт, цолгүй түрүүлсэн бөхийн хоёрдугаарт хэмээн бичигдлээ. Хамгийн доод зиндаанд унаж, бэртэл гэмтлээсээ болж, тэргэнцэрт хүртэл сууж үзсэн түүний хувьд больё гэж хэд хэдэн удаа Исегэхама ояагата багшдаа хэлж байсан боловч эхлээд бэртлээ эдгээ! Тэгээд шийдье гэсэн хариултаас хойш өнөөдрийг угтаж, шавийнхаа түрүүлэн байгааг бахдан харж зогссон тэрбээр “Түрүүлчихнэ ч гэж арай бодоогүй ээ. Тавин хувиа биелүүлээд бэртэл нь даамжирахгүй дуусвал л боллоо гэж бодож байсан. Үнэхээрийн сайн хичээж барилдлаа” хэмээн бахдангуй өгүүлж зогссон юм.


Ингээд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй цахимаар ярилцсанаа хүргэж байна.


Энэ сарын башёд түрүүлж, Эзэн хааны цомыг хоёр дахь удаа тэврээд зогсож байхдаа юу бодогдож байв?

-Хүнээс илүү хөлсөө дуслуулсны үр шим юм болов уу даа. Хүн ер нь тууштай л байвал бурхан цаанаас нь харж байдаг байх.

-Сумогийн түүхэнд бас л шинэ хуудас нэмчихлээ. Озеки байсан хүн доошоо зиндаа унавал шууд л зодог тайлдаг шүү дээ. Ингэх нь сумоч хүний шударга ариун ёс ч гэж үздэг. Энэ талаар өгүүлэхэд?

-Хамгийн гол нь багшийнхаа үгийг л дагасан л даа. Багш одоо болноо болно гэсэн бол би аль хэдийн больчихсон байгаа. Башё эхлэхийн өмнө хамт хоол идээд сууж байхад юутай ч арав давчихвал тусгай шагнал авч магадгүй гэсэн шүү юм багштай яриад өнгөрсөн. Эхний хэдэн өдрийн учраа таарах бөхчүүдээ харчихсан, нэлээд сайн судалгаа хийгээд багцаа, тактикаа сэтгэл дотроо бодчихсон. Ямар ч байсан арав даваад тусгай шагнал хүртчих юмсан л гэж бодож байлаа.

-Башён тав дахь өдөр Такаясуд унасан. Орой нь юу бодогдсон бэ?

-Урьд нь бодож тооцоолсон эвгүй бөхчүүдийн нэг нь байсан л даа. Яг л тэр эгзэгтэй эвгүй бөхдөө уначихсан. Өнөөдөр бол өнөөдөр. Өчигдөр бол өчигдөр. Нэг өдөр уначихаад л арван таван хоногийн турш бодоод л байвал яаж ялах вэ дээ. Хайран биз дээ.

-Башён 14-дэх өдөр Шёодайд унасан. Хэд дэх өдрөөс ер нь түрүүлэх бодол орж ирсэн бэ?

-Найм, ес даваад цаашаа бол ер нь тавирчихсан даа. Хийх юмаа хийчихлээ. Бэлтгэлээ яс хийгээд цааш нь тайван сайхан барилдаад л явчихъя гэж бодсон.

-Энэ удаа түрүү бөхийн цомыг хүртлээ. Ер нь энэ зүүдэнд оромгүй явдал байсан уу?

-Башё эхлэхийн өмнө би нэлээд бодоод яваад л байсан л даа. Японы нэгэн зүйр цэцэн үг байдаг даа. Хаку гэдэг хэлэх гэсэн үг ханзаараа ам гээд нэмэх хасахын тэмдэг дүрсээр илэрхийлэгддэг. Хүн гэдэг чинь амаараа сайн ч юм, муу ч юм хэлнэ. Чадна эсвэл чадахгүй ч гэж хэлнэ. Тэр ханз үгийн хасах гэдэг тэмдгийг аваад хаячихвал биелнэ гэсэн утгатай “канау” гэсэн үг болдог. Дандаа сайн сайханыг, би чадна, болгоно гэсэн эерэг үг хэлээд байвал биелнэ гэсэн утгатай болж байна. Үүнтэй адил би түрүүлнэ л гээд хэлээд байвал үг биеллээ олно гэдэг шиг л. Манай монголчууд ч тэгж хэлдэг биз дээ. Би заавал түрүүлнэ л гэж өөртөө хэлээд байсан. Ямар ч байсан арав давчих болов уу л гэж бодож байсан. Анх түрүүлэхээсээ өмнө ч гэсэн дэвжээнийхээ ханан дээр би түрүүлнэ гээд ханзаар бичиж байснаа санаж байна. Ер нь миний ам гарсан зүйлүүд дандаа биелээд байдаг шиг санагддаг. Анх цолгүй байхад би энэ жилдээ жүрёод гарна гээд тэр жилдээ гарч байсан. Тэгээд шинэ жилийн баярын үдэшлэг дээрээ би макүүчи зиндаа алгасаад санякү цолонд хүрнэ гэж хэлэхэд дэвжээнийхэн шоолоод за юутай ч макүүчидаа л гарч үз гэж байхад би санякү цолтой болоод тэр жилдээ Озеки болно гэж хэлээд болж байлаа. Озеки болчихоод харин би хэсэгтээ амарна гээд байсан чинь бэртэж гэмтээд, янз бүрийн юм болсон.

-Сумод гараас нь хөтөлж оруулж ирж байсан ачит хүмүүсээ эргэн санаж, талархаж байгаа даа?

-Хамгийн анх Мөнхбат аваргад танилцуулж, хөтөлж аваачиж өгсөн хүн маань Бөх тайлбарлагч Ганбаатар ахын дүү Төмөрбаатар гээд манай хамаатаны ах байсан юм. Өөд болчихсон. Мөнхбат багш, тэр ах хоёр минь одоо тэнгэрээс хараад баярлаж байгаа байх гэж бодож байна.

-Одоо өвдөгний бэртэл нь ямаршуухан байгаа вэ?

-Барилдааны дундуур бол эмчилгээгээ хийнгээ л дундаасаа тэнийхгүй болчихсон. Өдөрт ганц барилдаан юм чинь биеэ сайхан халааж байгаад л өвчин намдаах эм уугаад л гарчихдаг юм даа. Сүүлийн хэдэн жил бол ер нь өвчин намдаах эм байнга ууж л барилдаж байна.

-Гол нь тамирчин хүнийг сэтгэлийн их хүч, хат, тэнхээ л авч явдаг юм уу даа?

-Ер нь бол сүүлийн хэдэн жил би өөртэйгөө их ярьж байна. Толинд хараад л –Чи чаднаа гээд л бодоход хүч ундардаг юм уу даа.

-Гурван сарын башёгоос хойш тавдугаар сарын башё цаанаасаа өнжлөө. Тойргийн барилдаан бас болоогүй. Эдгээр нь өөрийн тань хувьд хэрхэн нөлөөлөв?

-Миний хувьд нэлээн сайнаар нөлөөлсөн. Башёгоос башёгийн хооронд тойргийн барилдаан гээд маш завгүй цагийн хуваарьт шахагдаж, хурдан түргэн хэмнэлээр аян замын ядаргаа ч тайлагдахгүйгээр нэгээс нөгөө газар шилжиж явсаар башён барилдаан эхэлдэг. Харин энэ удаа бол өөртөө долоо, долоон хоногоор нарийн төлөвлөгөө боловсруулаад энэ долоон хоногт энэ булчингаа хөгжүүлнэ гэсэн зорилт тавиад бэлтгэлээ хийсэн. Өглөөдөө кейко хийж, биеэ бариулж, эмчилгээгээ хийлгүүлээд, оройдоо спортын төвд очиж хүчний бэлтгэл, бас эмчилгээгээ, хөлний дасгалаа хийгээд л гэсэн туж завгүй хэмнэлээр л өнгөрөөдөг.

-Эмчилгээнээс гадна их нарийн цагийн зохион байгуулалтаар өдрийг өнгөрөөдөг байх нь ээ?

-Хөлний жижиг булчинг хөгжүүлэхэд их анхаарсан л даа. Хүн чинь өөрийнхөө биеийг хэнээс ч илүү мэднэ шүү дээ. Аль булчин болохгүй байна гэдгийг хөндлөнгөөс өөр хүн хараад мэдэхгүй. Эмчилгээ хийж байгаа эмч, хүчний бэлтгэл хийж байгаа дасгалжуулагчтайгаа маш сайн ярилцаад л Шийрэв багштайгаа бас байнга холбоотой, зөвлөгөө аваад явсан даа. Өвдөөгүй байх үед ямар ч дасгал юу ч хийсэн сайжраад л гоё болоод л өнгөлөг жавхаа ороод байгаа юм шиг санагддаг байсан бол одоо өвчтэй биедээ тааруулж л дасгал сургуулилт хийж, нарийн дэглэмтэй, өөрөө л хичээхгүй бол өөдлөхгүй гэдгээ их мэдэрдэг болсон доо.

-Гэргий нь спортын төвд хамт явдаг. Арын тань албыг сайн даадаг гэж сонсож байсан. Түрүүлэхэд их нөлөө үзүүлж, түшиг болсон хүний нэг яахын аргагүй мөн дөө.

-Тэгэлгүй яахав. Ямар ч үед үргэлж цуг байсан болохоор. Гэрийнхэн, багш, дасгалжуулагч гээд л дэвжээний хамт олон, доошоо унахад ч хамт түшиж байсан хөгжөөн дэмжигчид гээд олон хүний тус дэм ихээр нөлөөлсөн. Аав хүүгээ түрүүлсэн гээд эргэн тойрныхоо бүх хүүхдэд зайрмаг авч өгөөд баярлуулаад байж байна гэсэн. Ээж болохоор уйлчихсан гэсэн.

-Японы хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Зовлон зүдүүрт дасчихжээ” гэж хэлсэн үг нь надад их гүн тусч байсан. Юуны учир тэгж хэлэв?

-Олон л юм тохиолдож, болж өнгөрлөө. Тэргэнцэрт ч сууж үзлээ. Одоо ч аар саархан, ялих шалихгүй зүйлд ач холбогдол өгөөд байхгүй, тоохоо больсон.

-Дараагийн зорилтын талаар юу гэж бодож байна?

-Түрүү бөхийн зургийг сар сараар Сумогийн ордонд залж, таазанд хүндэтгэлтэй өлгөдөг шүү дээ. Нийтдээ 32 башёгийн зураг байдаг. Таван жилийн өмнөх түрүү бөхийн зураг минь хараахан буугаагүй байгаа. Энэ жилийн 3 дугаар сарын башёгоос эхлээд дээр байгаа зургаа нэг харчихаад л барилддаг болсон. Удахгүй буух болчихсон энэ үед дахин түрүүлж, зураг минь дахин шинээр тавигдах болно. Зургаа буухаас өмнө ахиад түрүүлчих юмсаан гэсэн сэтгэлийн мухар дахь мөрөөдөл ийнхүү биелсэн гэх үү. Сайхан л байна. Бас Япон, Монгол даяар өчнөөн телевиз, хэвлэл мэдээллээр гарлаа. Энэ бүхнийг би их хариуцлага гэж үзэж байна. Ямар ч байсан чадах бүхнээ хийнэ. Манайхан чинь тэгээд хэтэрхий их юм шаардаад байдаг шүү дээ. Уначихаар дэвсчих гээд л. /Инээв/

-Сумогийн шүтэн бишрэгч болон Монголын ард түмэндээ юу гэж хэлмээр байна вэ?

-Залуучууддаа хандаж хэлэхэд зорилго тавиад түүнийхээ төлөө цуцашгүй хөдөлмөрлөж, хичээн чармайж, хамаг бүхнээ зориулдаг байгаасай. Ард нь гарч байж л сэтгэл нь амарч байгаасай гэж хүсч байна. Би зорьсон аливаа нэг юмны ард нь л гарахгүй бол бухимдаад байдаг. Бэлтгэл хийсэн ч энэ булчингаа л дутуу ажиллуулчихлаа даа. Өнөөдөр амжиж хийсэнгүй гэж бодохоор л нэг юм дутуу санагдаад сэтгэл дундуур болчихдог.

Манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Гэрэл зургийг В.ДАВАА