Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол гардууллаа

Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, шинэ зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Энэ үеэрээ Монгол Улсын гавьяат цол хүртээж, “Эхийн алдар” одон гардууллаа.

Энэ жил Дундговь аймгаас нийт 161 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг найм, Хоёрдугаар зэргийн одонг 153 ээжид хүртээж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагнал гардуулсныхаа дараа алдарт ээжүүдэд хандан үг хэлэхдээ, “Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт” болохыг онцоллоо. Мөн тэрбээр Монголын иргэдийг эрүүл саруул, цовоо цолгин, аз жаргалтай өсгөн бойжуулж байгаа ээжүүдэд халуун талархал илэрхийлж, баяр хүргэв.

Мөн энэ үеэр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баяр хүргэж үг хэлэхдээ, “Өнөөдөр одонгоо гардаж байгаа олон эхчүүдийн хамт нэгэн буянтай бууралд Монгол Улсын гавьяат малчин цол, тэмдгийг гардууллаа. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай юм. Тэрбээр 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ.

С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан. Үйлс буян нь дэлгэрсэн бууралдаа зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье” гэлээ.


Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд элчин сайд М.Клечески УИХ-ын даргаар дахин сонгогдож, ажлаа үргэлжлүүлэх болсонд баяр хүргэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд COVID-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэсэн юм. Тэрбээр, “АНУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (USAID) манай улсад ажлаа сэргээж, Улаанбаатар дахь ЭСЯ-нд USAID-ийн төлөөлөгч дахин томилогдсонд баяртай байна. Тус байгууллага нь манай улсыг шилжилтийн үеэс нь эхлэн тууштай дэмжиж ирсэнд Монголын төр засаг, ард түмэн талархалтай байдаг” хэмээлээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Говийн аймагт өрнөж буй үндэсний төмөр зам бүтээн байгуулах ажилтай танилцаад ирсэн талаар болон уг төслийн үр ашгийн талаар мэдээлж, санал солилцов. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески гуравдагч хөршийн хувьд экспортыг нэмэгдүүлэх энэхүү томоохон бүтээн байгуулалтыг олон талаар дэмжин хичээж ажиллахаа амлав. Тэрээр, зэс хайлуулах үйлдвэр барих, ногоон хүлэмж байгуулах зэрэг том төсөлд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар нь иргэний нийгэм, улс төрийн үйл явц дахь залуус, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог бэхжүүлэх “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн талаар дурдлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо жил бүр нэмэгдэж буйг онцолсон юм.

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-ноос хуралдаж төсвийн тодотгол болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, нутгийн удирдлагын тогтолцооны асуудлаар санал солилцсон юм. Үүнтэй холбоотой хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт дэмжин ажиллахыг хүсэв. Уулзалтын үеэр байлцсан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Монгол Улсын найм дахь удаагийн парламент банк санхүүгийн салбарт реформ хийх зорилттой ажиллаж буйг онцлов. У

Categories
мэдээ нийгэм

​Л.Мөнхтүшиг: Одоогоор 55 улсаас 12,718 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна

Манай улс коронавирусийн тархалттай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд 17211 иргэнийг татан аваад байгаа талаар Улсын Онцгой Комиссын Шуурхай Штабаас мэдээллээ. Тухайлбал БНСУ-руу олон удаагийн нислэг үйлдсэнээр 3000 орчим, АНУ-аас 900 орчим, Европоос 1200 орчим, Зүүн өмнөд Азиас 500 орчим иргэдийг татаж авсан.

Түүнчлэн БНХАУ-аас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн манай улсын 160 иргэн байна. Тэдгээр иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүдийн боомтоор эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулна.

Урьдчилсан байдлаар БНХАУ-ын өгсөн зөвшөөрлөөр, наймдугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд боомтоор тэдгээр иргэнээ татан авахаар төлөвлөж байна.

Мөн Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад гацсан, санхүүгийн хүнд байдалд ороод буй зарим иргэдэд тусламж үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Төв аймагт шүлхий өвчний дархлаажуулалтыг 95.9 хувьтай хийж гүйцэтгэжээ

Төв аймгийн Засаг даргын А/286 тоот захирамжаар 05 дугаар сарын 12-ноос эхлэн аймгийн хэмжээнд гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын төлөвлөгөөт дархлаажуулалтыг эхлүүлж 95.9 хувьтай гүйцэтгэлтэй байгааг аймгийн“Мал эмнэлэг”-ийн газраас мэдээллээ.

Тус дархлаажуулалтад аймгийн хэмжээнд нийт2515 айл өрхийн 579734 мал хамруулсан байна. Ийнхүү Баян, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр, Зуунмод, Баянжаргалан, АрхустБорнуур, Батсүмбэр, Баянчандмань,Баянцогт, Аргалантсумдад, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын төлөвлөгөөт дархлаажуулалтыг эхлүүлж өнөөдрийн байдлаарнийт 27 сумын хэмжээнд шүлхий өвчний дархлаажуулалтыг хийж гүйцэтгэсэн аж.

Б.ОЮУНДАРЬ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, яриад байсан хариуцлагаа яг одоо тооцоорой

Чингис хааны мэндэлсэн нутгийг аялал жуулчлалын бүс болгоно, “Андлалын өргөө”, “Их хуралдай” гэх мэт хэд хэдэн цогцолбор барина гээд улсын төсөвт хэдэн тэрбумаар нь суулгаж байлаа, түрүүчийн УИХ, Засгийн газар. Андлалын өргөө, Их хуралдай цогцолборт гэхэд л тус бүрд нь хоёр тэрбум төгрөг төсвөөс зарцуулсан мэдээлэл бий. Азийн хөгжлийн банкны санхүүжилт ч орсон гэж дуулдсан. Урлагийн гэх үнэлэмжид багтахаар хийц загвартай, үнэ цэнээ хадгалсан чансаатай аятайхан өргөө босгочихвол яриад байх юм алга. Түүхэн үйл явдал өрнөсөн уул ус, гэрэлт хөшөөнөөс өөр Чингисийн, Их Монголын гэхээр хөшөө дурсгалаар маруухан Хэнтийд нүд баясгаж, сэтгэл сэргээхээр хэдэн сайхан цогцолбор барьчихад болохгүй юмгүй. Гэтэл өнөө цогцолборынх нь зураг сошиал орчинд шуугиан дэгдээгээтэхлээ, хэд хоногийн өмнө. Хэдэн тэрбумыг зарцуулж барьсан гэхэд итгэмээргүй ядруухан өнгө төрхтэй тэр байгууламжуудыг харсан хэн ч шүүмжилж бухимдахаар. Ур хийц тааруу, сүр бараа, өнгө донж муутай, анх танилцуулсан загвар зургаасаа тэс өөр дүр төрхтэй байгууламжийг та харж байна.

Уран бүтээлчид ч хоёр тэрбумын өртгөөр боссон өнөө байгууламжийг шүүмжлээд эхэлчихэж. Зураач С.Цогтбаяр саявтар нүүр номондоо өнөө зургийг нь өөр олон хөшөө дурсгалын зурагтай эгнүүлж тавьж байгаад шүүмжилсэн харагдсан. Мань эр “Уг санаа зорилго нь эхэндээ зөв байж болох ч төсөл хэрэгжүүлэх явцдаа загвар дизайнаа, туслан гүйцэтгэгчээ зөв сонгохгүй, эцсийн гүйцэтгэлд хяналт тавьж чадамжгүй, төсөвлөсөн мөнгөнд завсар дундын цавчаа их орж, мэргэжлийн бус сайн дурынхан зориулалтын бус материалаар халтуурдсан зэрэг алдаануудын үр дүнд шавар цементэн овоолго нэмэгдсээр. Бид шоолж шүүмжлээд өнгөрөхөөсөө илүүтэй энэ алдаа эндэгдлийг яаж засаж үр дүнтэй байлгах тал дээр хэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Монголд юу л байна зураач барималчид, гарын уртай авьяастнууд л байна. Ямар сайндаа л Өвөрмонголд өрнөж буй том бүтээн байгуулалтуудад ихэнхид нь манай бүтээлчдийн ур ухаан шингэж байхав. Эндээ харин эсрэгээрээ байх юм. Хэтрүүлбэл бараг 100 айлын би чадначуудад хариуцуулаад байгаа юм биш үү” гэж ирээд нэлээд ширүүхэн дуугарсан байна лээ.

Төсвийн мөнгөөр баригдах ямар ч ажлын шат болгонд авлига цэцэглэсэн нь нуугаад байх юмгүй ил үнэн. Ноёд, түшмэдгүй улсын мөнгийг ашиг цавчаа болгож хувааж идсээр өнөөг хүрсэн нь ч булзах аргагүй бодитой үзэгдэл. Уран бүтээлч нэрээр халтуур хийдэг хэсэг хүмүүсийн тухайд үлдсэн багахан мөнгөнд нь тааруулж хийдэг учраас иймэрхүү шавар цутгахаас аргагүйд хүрдэг байх. Түрүү жил шиг санагдаж байна, “Андлалын өргөө”-ний гоё зурагтай тайлбар дотор “Энэ төсөл хэрэгжсэнээр ирэх жуулчдын тоо 280 мянга болж, шинээр 180 орчим ажлын байр бий болно” гэсэн өгүүлбэр харагдсан. Санаанд хачин тод үлдсэн энэ өгүүлбэр лав ажил болохгүй. Ийм хэцүү, ядруу байгууламжийг харах гэж жуулчид ирнэ гэдэг үлгэр, жуулчдын урсгалыг дагаж өчнөөн хүн доллартай болж амьдралаа цэцэглүүлнэ гэдэг мөрөөдөл. Шавар амбаар төдийг харахаар өчнөөн мөнгө төлж Монголыг зорих гэнэн жуулчин гэж хаана байхав.

Хоёр тэрбумын цогцолборын мөнгө төгрөг, хөрөнгө мөнгө шийдэгдэхийн өмнөхөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нэлээд ширүүхэн мэдэгдэл хийж байсан юм. Эдийн засаг сайнгүй байна, юун хөшөө дурсгал вэ, аминд тулсан асуудал л биш бол төсвийн мөнгийг хамаагүй цацах боломж алга гэсэн утгатай яриа хөөрөө эдийн засагчдын дунд ид өрнөж байсан цаг л даа. Өнөө мөнгийг нь аялал жуулчлалд заръя, гэхдээ арай боломжтой газар нь бодитой ажил хийе гэсэн яриа өрнөсөн шиг байгаа юм. Ийм шалтгаанаар ЗГХЭГ-ын дарга бухимдаж сүйд болсон түүх өнгөрсөнд бий. Л.Оюун-Эрдэнэ сайд хөмсгөө атируулж суугаад их л ширүүн дуугаар “Түүхэндээ хөрөнгө оруулалт хийчихье гэхээр заавал яагаад ийм, болохгүй талаас нь яриад байгаа юм бэ. Энэ бол үндэсний аюулгүй байдал, Монголын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Болгох талаас нь хамтарч ажиллах ёстой болохоос болохгүй талаас нь шалтаглаад сууж болохгүй. Тэр Батсансар гэж хүн хаана байна? Энэ нэг гурван үсэгтэй хэдэн компанийн утсан хүүхэлдэй болсон хүмүүс та нар аятайхан байна шүү. Монголд төр гэж байгаа шүү. Компани төрийн дээр гарч байсан түүх гэж байхгүй. Тэгээд урагшилсан нэг ч улс байхгүй. Хатуу тэмцэх болно шүү. Энийг бас сануулчихъя. Хариуцлага тооцох санал гаргана. Тэр Батсансар гэж хүнийг зайлуулах хэрэгтэй. Батсансар гэдэг хүнд хэн чиглэл өгсөн бэ гэдгийг би мэдэж байгаа. Цаашид энэ төсөл дээр ямар нэг байдлаар Монгол Улсын түүхийн эсрэг ажиллавал улс төрийн хатуу тэмцэл хийнэ шүү” гэж мэдэгдсэн удаатай. Өнөө бичлэг нь сошиалын гол сэдэв болчихсон яваа учраас уншигч та ч олоод харчихсан байх.

Энэ бичлэгийг сөхөж, эрхэм сайдын мэдэгдлээс эшилсэн нь цаанаа учиртай. ЗГХЭГ-ын даргаар өнөө ч ажиллаж яваа Л.Оюун-Эрдэнэд үг дайх гээд байгаа юм. Их хааныг алдаршуулах төслийг хэрэгжүүлэхэд садаа болсон хэнийг ч төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ, хариуцлага тооцно, хална, хөөж явуулна гэж өндөр дуугарсан шигээ их хааны нөхөрлөл, сүр хүчийг алдаршуулах хөшөө дурсгал цогцолборыг шавар овоохой шиг, сум, аймгийн угтах хэсэгт харагддаг самбар шиг хийчихсэн нөхдөд хариуцлага тооцмоор байна. Шавар овоолчихсон юм шиг нунж дорой харагдах Андлалын өргөө, Их хуралдай цогцолборт төсөвлөсөн мөнгөнөөс хувь хүртсэн шат шатны ноёд, түшмэдүүдэд хариуцлага тооцмоор байна. Энэ төслийн зарцуулалтад аудит хийлгэж, энэ төсөлд хамаатай албан тушаалтнуудыг ажлаа яг таг, зөв шударга хийсэн эсэхэд шалгалт оруулж, шаардлагатай бол АТГ-т хандмаар байна, сайд аа. Түүхэн дурсгал барих мөнгөнөөс хувьдаа завшиж, бүтээл биш, шавар болгосон явдал ч бас тусгаар тогтнол, түүхийн эсрэг гэмт хэрэг гэдэгтэй та санал нийлэх байх.

Төсвийн мөнгө гэдэг бол төрийн мөнгө биш. Төр угаас баялаг бүтээдэг субьект биш. Баялгийг, бүр тодруулж хэлбэл төсөвт цуглардаг мөнгийг эрхэм сайдын гурван үсэгтэй гэж илүү үзэж, төр дээр нь байх ёстой гэж адладаг компаниуд, ажлаа хийгээд цалингаа авч яваа татвар төлөгч жирийн иргэд бүрдүүлдэг юм. Компани, иргэдээс татвар хураамж хэлбэрээр татаж цуглуулсан төсвийн мөнгөнөөс Л.Оюун-Эрдэнэ сайд бас цалинжиж, сайдын ямба хангамж эдэлдэг суугаа. Ийм учраас жирийн иргэдэд төсвийн мөнгөнд хяналт тавих эрх бий. Өөрийнхөө өгсөн мөнгөний зарцуулалт нь ямархуу явааг хянах, шүүмжлэх эрх Монгол Улсын бүх иргэнд байгаа. Тийм болохоор л иргэд сошиалд “Төсвийн хоёр тэрбум дэмий зарлага болчихлоо” гэж халаглаж, шүүмжлээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт бага насны хүүхдийг дайрч амь насыг нь хохироожээ

Наймдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4-р багийн нутаг дэвсгэр “Улаан эрэг” гэх газарт автомашины дэргэд тоглож байсан 2 настай хүүхдийг жолоочхараагүйн улмаас автомашины хөдөлгөөн эхлэх үед портер маркийнавтомашинаар дайрч амь насанд нь хүрсэн хэрэг гарлаа.

Эцэг эх, асран хамгаалагч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Архидалтаас үүдэж нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу наймдугаар сарын 10-нд нийт 1482 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнд нийслэлийн 1254, орон нутгийн 228 дуудлага байна.

Гэмт хэргийн 64, зөрчлийн 608, зам тээврийн ослын 209, бусад 601 дуудлага мэдээлэл иржээ.Гэмт хэргийн 64 дуудлага мэдээлэл дунд онцолбол хүн амины гэмт хэрэг 1 бүртгэгдсэн байна. Хэргийг тодруулбал СХД-ийн нутаг дэвсгэрт иргэд архидан согтуурч хувийн таарамжгүй харилцааны улмаас 34 настай эрэгтэй М амь насаа алдсан байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​Чехээс 250 иргэн эх орондоо ирлээ

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөөний 06:06 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа энэ нислэгээр 250 иргэн эх орондоо ирж байгаа юм. Иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар 192 иргэн, Чех, Унгар, Австри, Польш улсуудаас бага насны хүүхэдтэй гэр бүл-21, эрүүл мэндийн шалтгаантай-3, ахмад настан-4, хүндэтгэн үзэх шалтгаантай 32 иргэн ирж байгаа юм.

Тус онгоцоор ирсэн иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллэж байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Б.Отгонсүх: Хүүхдүүд оройн цагаар гарцаар аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүллээ

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлуудын талаар тодрууллаа.


-Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн өмнөхөн сургууль орчмын гарцуудыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлээс хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын тэмдэг, тэмдэглэгээ, гарцын гэрэлтүүлгийг хийж дууслаа. Үүнд нийт 78 байршилд 100 ширхэг лед гэрэл гарцын босоо гэрэлтүүлгийг байршуулж, дөрвөн байршилд хурд сааруулагч, 100 ширхэг лайт бокс буюу поспортдог тэмдэг, 1400 ширхэг зам дээрх цацруулагчийг хийж дуусаад байна. Хүүхдүүд оройн цагаар ч гарцаар аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гарцын гэрэлтүүлгийг суулгаж өглөө.

-Цаашид сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс ямар ажлууд хийгдэх вэ?

-Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Тиймээс стандартын шаардлага хангасан тэмдэг, тэмдэглэгээг шинээр тавьж, зарим тэмдгийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Түүнчлэн судалгаа хийж, жолоочдын хурд хэтрүүлдэг байршлуудад хурд сааруулагч тавьж байгаа. Тиймээс хүүхдүүд харанхуй оройн цагаар гарцаа хайж явалгүй гарцаараа аюулгүй гардаг, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцдог байх нь чухал. Энэ хүрээнд сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд тайвшралгүй хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хүүхэдтэйгээ явах үедээ явган хүний гарцаараа гарч хэвшихийг уриалж байна. Ингэснээр хүүхэд багачуудад зөв үлгэр дуурайл үзүүлж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах юм шүү.

Categories
мэдээ нийгэм

​УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-нд эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд эхлүүлэхээр товложээ.

Чуулганаар Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна 2020 оны улсын төсөвт тодотгол хийхээр хүлээгдэж байна.

Мөн ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзах үеэрээ хэлжээ.

А.МӨНХНАРАН