Categories
мэдээ цаг-үе

Ч. Ундрал: “The Woman” киноны гол дүрийн бүсгүй яг л миний дотоод хүн байсан

“Choi Hainzan” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Ч.Ундралтай ярилцлаа.


-Саяхнаас “The Woman” кино үзэгчдийн хүртээл болоод байгаа. Энэ кинонд чухам юуны тухай өгүүлдэг вэ?

-Үүнийг дан ганц эмэгтэй хүний тухай өгүүлсэн кино гэж ойлгож магад. Гэвч эх хүнээр дамжуулан дэлхий ертөнцийн хөгжлийн үнэлэмжийг илэрхийлэхийг зорьсон. Байгалиа аргадсан нүүдэлчин амьдралтай эх хүнийг дэлхийтэй адилтгах үзлийг шигтгэсэн. Энэ утгаараа“The woman” нэрийг кинондоо өгсөн. Коммершиал кино дандаа аз жаргалтай төгсгөлтэй байснаараа сэтгэл ханамжтай ч юм шиг болгодог. Арт хаус чиглэлийн зохиолчийн бүтээл учраас тодорхой хэмжээнд хүмүүст арай өөр өнцгөөс юм бодогдуулах болов уу. Түүнээс биш заавал гадаад эртэй нөхцүүлэх гээд, эсвэл хэн нэгнийг аллага хядлагатай хурц үзэгдлийг хүсээгүй. Намуухан, тайван өнгө аястай, үг болгон нь ухаарал хайрласан текстүүдтэй. Эх хэлний маань үгийн сан ямар баялаг билээ. Гэтэл яагаад дандаа хараалын үгтэй, утгагүй байх ёстой гэж.

-Монгол ёсонд эмэгтэй хүн мал муулах байтугай харахыг ч цээрлэдэг. Гэтэл энэ кинонд эмэгтэй хүн мал өвчиж буй агшинг харуулдаг. Уг үзэгдлээр чухам ямар санааг өгүүлэхийг зорьсон юм бол?

-Яг мал муулсан эсэхийг нь треилэр дээр нь харуулаагүй, зөвхөн өвчиж буй хэсгийг гаргасан. Цахим орчинд “Монголоо алдсан, ёс заншлаа гээсэн” гэсэн сэтгэгдлийг үзээд миний хувьд баярласан. Тэд Монголоо алдаагүй, энэ хэсгийг ойлгосон юм байна гэсэн утгаар хүлээн авсан. Тиймээс ч үзэгчид сайн харж, шүүжлэлтэй хандсанд дотроо баярласан. Чухамдаа өмнө нь хэн нэгэн муулсны дараа тэр эмэгтэй өвчөөд үлдэж байгааг харуулаагүй. Үүнийг үзэгчид бүтэн үзээд ойлгох байх. Мэдээж хонь өвчих хэсэг үнэхээр хэцүү байсан. Энэ зураг авалтыг ганц удаа л хийхгүй бол дахин дахин улаа үзэх сонирхол байхгүй. Миний хувьд амьдралдаа нэг ч удаа хийж үзээгүй зүйл шүү дээ.

-Жүжигчин Батаатай нэг анги гэж сонссон. Тиймдээ ч нэг кинонд дүр бүтээжээ?

-Мал чирээд ирэхээр энэ Ундрал чадахгүй дээ гэсэн харцаар харсан. Батаа дотроо ангийнхаа охиныг хотын айлгүйчүүдийн нэг гэж бодсон байх. /инээв/ Зураг авалтын дараа Батаа надад баяр хүргэсэн.

-Киноны зураг авалтыг Ховдод хийсэн гэв үү?

-Миний хувьд Улаанбаатар хотод төрсөн. Аав маань Ховдод төрж өссөн. Энэ ч утгаараа энэхүү киноны зураг авалтыг аавынхаа өлгий нутагт хийлээ.

-Эр нөхрөө алдаж хадам ээж, хоёр хүүхэдтэйгээ өнчрөн үлдсэн эмэгтэй хүний дүрийг бүтээжээ. Ерөөс эр хүний нөмөр нөөлөггүйгээр эмэгтэй хүн тэр их ачааг дангаар үүрч яваа агуулгыг гаргаад байх шиг?

-Мэдээж арга билиг хосолж амьдрал бүтэн оршино. “The Woman” кинонд солонгос эмэгтэй жүжигчний дүр ч томоохон үүргийг гүйцэтгэж байгаа. Тэр дүр кинонд харьцуулагдаж орж буй юм. Хэдийгээр гол дүрийн бүсгүй нөхрөө алдсан ч хадам ээжийгээ асраад хоёр хүүхдээ өсгөөд амьдарч явж болж байна. Гэтэл хөгжингүй хотожсон орны зарим эмэгтэй карьер, эд хөрөнгө, ажил мэргэжлээ эхэнд тавьдаг. Тиймээс ч гэр бүлийн үнэ цэнэтэй, ариун нандин чанарыг орхигдуулж байгааг харьцуулан гаргахыг зорьсон.

-Солонгосын алдарт жүжигчин Ан Жи Мүн “Зоригт эрийн түүх” киноны дүрээр олонд танигдсан. Энэ уран бүтээлчийг урьж, хамтран ажилласан нь сонирхолтой?

-Жүжигчин Ан Жи Мүний хувьд урьд нь монгол кинонд тоглож байсан туршлагагүй ч маш гайхалтай жүжиглэлт үзүүлсэн. Тэрээр урьд нь Монголд хэд хэдэн удаа ирж үзсэн юм билээ.“Зоригт эрийн түүх” кинонд тоглож байхдаа нэг ирсэн. Тэрний дараа хоёр удаа айлчилж ирсэн юм билээ.Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон жүжигчнийг урьж авчирсан. Мэдээж гадны жүжигчидтэй холбоо тогтоож гэрээ байгуулах асуудал хагас жил үргэлжилсэн.

– Таны хувьд хамтран тоглоход ямар санагдсан бэ?

-Үнэхээр тулгатай, түшигтэй санагдсан. Угаас хоёр жүжигчин өгөө аваатай гэж байдаг. Миний үзүүлэх санааг ойлгохгүй өөдөөс өөр тоглолт гаргаад байвал хэцүү шүү дээ. Яг нэг уур амьсгалд орж тоглолтоо гаргадаг үнэхээр гайхалтай чадварлаг мэргэжлийн жүжигчин байсан. Мэдээж “The Woman” киноны зохиолыг солонгос хэл дээр гаргаж өгч байгаа юм. Ингэж зохиолоо уншиж судалсан учраас жүжиглэлт, кино тал дээр ойлголцлын зөрүү гараагүй, айхавтар төвөг учраагүй. Хэдий завандаа тэр олон текстийг цээжилсэн, монголоор ярьдаг ганц хоёр хэсгийн дуудлагыг байн байн асуугаад л хичээл зүтгэлтэй. Жүжигчин хүн зохиолоо уншиж судалсан болохоор харц, тоглолт, биеийн илэрхийлэмжээрээ мэдэрч ойлголцож байгаа. Мэдээж дандаа давхар орчуулга шаардлагатай учраас шууд харилцаа байгаагүй.

– Та “Би чамд хайртай 2” киногоор үзэгчдэд танил болсон. Энэхүү киноны эхний ангийг үзэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Угаас “Би чамд хайртай 1” бол хүн болгоны сэтгэлд хүрсэн үнэхээр гайхалтай бүтээл. Тухайн үедээ тэр сайхан уран бүтээлд тоглож байхдаа ойлгоогүй. Монголын бүх ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн киноны хоёрдугаар ангид нээрээ би тоглосон юм байна гэж бодсон /инээв/. Яг түүн шиг багаасаа “Зоригт эрийн түүх” киноны Ким Ду Ханыг үзэж байлаа. Тухайн үед ямар мундаг жүжигчин, гоё ах вэ гэж шимтэн үзэж байснаас тэр хүнтэй мөр зэрэгцээд хамт кинонд тоглоно гэж төсөөлөөгүй. Тэгэхээр дэлхий ертөнц уудам, юу ч тохиолдож болно.

-Таны хувьд гэр бүлийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлдог вэ?

-Бүхнээс илүү гэр бүл чухал. Ажил мэргэжил, амжилт бүтээл, нэр төр хажууд нь юу ч биш. Энэ үнэ цэнийг мэдрэлгүй алдагдуулсан нөхцөлд амьдралын тэнцвэр алдагдана. Гэр бүлийнхээ ханыг нураахгүйгээр нуруун дээрээ авч явж, бусад асуудлыг энэ хананаас гадуур хаяснаар тэр ариун харилцаагаа хадгалж, гол нуруугаа аваад явдаг эрэгтэй зөв харагддаг. Эхнэр хүний хувьд ажил амьдралдаа тэнцвэртэй хандвал төгс харагдаад байгаа юм. Гэр бүл, үр хүүхэд гэж өөрийгөө нийгмээс тусгаарлахгүй, эсвэл карьер ажил гэж орхигдуулахгүй тэнцвэрээ барих чадамж эмэгтэй хүнд чухал. Тиймээс тэнцвэртэй байдлыг хадгалж чаддаг гэр бүл бат бэх харагдаад байна. Би хоёр хүүхэдтэй. Эх хүний хувьд хамгаас түрүүнд хүүхдүүдийнхээ хүмүүжил, боловсролд анхаардаг. Үр хүүхдэдээ юу үлдээх ёстой юм гэвэл боловсрол, хамгийн гол нь гэр бүлийн хүмүүжлийг олгох ёстой. Энэ бол эмэгтэй хүний нэн түрүүнд хариуцах, өөрийнхөө нуруун дээр авч явах зүйл юм.

-“The Woman” кино Гадаадын кино фестивальд оролцож байгаагаараа онцлогтой. Нүүдэлчдийн үнэт өв соёлыг шингээж шигтгэж өгснөөрөө гадаадын үзэгчдэд шинэ ертөнцийг нээх болов уу?

-Нүүдэлчин ахуйгаа л үзүүлэхгүй юм бол өөр юугаа дэлхийд харуулах билээ. Энэ соёл уламжлал, ахуйгаас өөр гайхуулах зүйл байхгүй шүү дээ. Бид гаднаас юу ч хайгаад нэмэргүй.

-Киноны дүрслэлээс эмэгтэй хүн багана түшээд зогсох дүр зургийг харахад их эвгүй санагдсан?

-Ингэж дуугарч байж л энэ нийгэмд хариу дохио өгч, харуулна шүү дээ. Бид үзэгчдийг хүчээр уйлуулъя гэж хүсээгүй, угаас уянгын халилыг айхавтар хийгээгүй. Гэвч хүмүүс уйлаад байна гэсэн сурагтай. Тэгэхээр илүү амьдралд ойрхон байсан юм болов уу. Ямар нэгэн хэтрүүлэггүй энгийн амьдралын өгүүлэмжтэй болохоор хувь хүн өөр дээрээ тусгаж, сэтгэлийг нь хөдөлгөдөг байж магадгүй.

-Аливаа уран бүтээлийг өлгийдөн авахдаа сайн, муу хоёр талаас нь хардаг. Тэгвэл “The Woman” кинонд “Зовлон, зовлон бас дахин зовлонг л харуулж байна. Энэ дунд чинь амьдралын сайхан гэгээлэг дүр зураг бага ч атугай байж болоогүй юм уу” гэдэг шүүмж гарсан байна лээ ?

-Би ерөөсөө ч зовлонтой эмэгтэйн дүрд тоглоогүй. Энэ гаслант амьдралдаа түүртсэн, ядарсан эмэгтэйн дүр биш. Харин ч Дагийна бол маш хүчирхэг бүсгүй. Мэдээж үзэгчдийн сэтгэгдлийг хүндэлнэ. Аливааг ямар өнцгөөр харахыг хүсэх нь хувь хүний асуудал байх. Халуун дулаан байшинд бичиг цаастай ноцолдоод, доктор профессор хийх бол нэг өөр ойлголт. Харин байгалийн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай нутагт түших тулах хань ижилээ алдаад амьдралынхаа төлөө зүтгэж байгаа эмэгтэй бол хамгийн супер эмэгтэй. Эх дэлхий байгалиа аргадаад, таван хошуу малаа хариулаад хадам ээжийгээ асарч буй ийм хүчирхэг бүсгүй юм. Хэдий бэлэвсрээд үлдсэн. Ялархах зүйлгүйгээр амьдарч байгаа “wonder woman” байгаа биз./инээв/ Урлагийн шүүмжлэгч нар тун ховор шүү дээ. Шүүмжлэгч нарт тоогдоод шүүмжлэгдэж байвал арай дөнгүүр юм болсон гэж харж байгаа. Хурц тод өнгө шийдэл, ар араас хөвөрсөн үйл явдалтай эмоци төрүүлэх бүтээл биш.

-Хүний хамгийн нандин чанарыг өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Ямар ч үед унаган зангаа л алдаж болохгүй. Арван жил, их сургуульд сурч, ажил хөдөлмөр эрхэлнэ, гэр бүл үр хүүхэдтэй болох энэ амьдралын явцад хүн олон зүйлийг үзнэ. Магадгүй зарим нь хэт биеэ тоож болно, эсвэл унаган зангаа алдаад дорд болсон нь ч байдаг. Яг өөрийнхөө унаган занг ямар ч цаг үед алдахгүй байх нь чухал. Үүнийгээ алдахад л тэс өөр нэгэн болдог. Багадаа ямар хүүхэд байсан тэр зангаа гээж болохгүй гэж өөртөө үргэлж сануулдаг. Эцэг эхээс олгогдсон гэр бүлийн хүмүүжил, зан чанараа хаяхгүй хадгалах учиртай. Миний хувьд сахилгагүй л хүүхэд байлаа /инээв/ Дугуй унаад л эрэгтэй хүүхэд шиг спортод их дуртай.

-Цахим ертөнцөд ээждээ захидал бичих уралдааныг зарласан байна. Эдгээр түүх, сэтгэгдлийг уншиж үзэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Монголчууд эцэг эхээ дээдэлж хайрладаг ард түмэн шүү дээ. Ямар сайндаа “Ээжийн бор аяга” гэдэг дуу хүртэл гарахав дээ./инээв/ Захидлуудыг уншихад хүн болгоны дахин давтагдашгүй нандин түүхээр аялж байгаа юм. Ээжийгээ эх дэлхийтэй зүйрлэж хайрлаж чадаж байгааг нь түрүүлүүлнэ. Байгалиас заяасан гадаад өнгө үзэмж энд огтхон ч хамаагүй. Эмэгтэй хүн тэсвэр тэвчээртэй, нинжин сэтгэлтэй, ямар ч шалгуур сорилтыг дийлээд гарах чадамжтай чадвартай байдаг нь хамгийн гоё.

-Таны зүгээс ээждээ илгээх сэтгэлийн үг?

-Эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхдэдээ хайртай бол хариу нэхдэггүй. Хариу нэхэхгүйгээр зориулалт гаргахыг хайр гэж хардаг. Би ээжийнхээ талаар нэг их юм яримааргүй байна. Зүгээр миний сэтгэлд л нандин хэвээрээ байвал сайхан. Миний ээж гавьяатаас ч илүү алтан гартай эмч, улсдаа цөөхөнд тооцогдох үе мөчний тариа хийж олон хүнийг хөл дээр нь босгосон алтан гартай хүн. Дөрвөн хүүхдээ төрүүлж, өдий зэрэгтээ өсгөсөн ачтан. Ээж маань барагтай юманд дуугараад байдаггүй. Ер нь бол ээжийн маань дүр энэ кинонд байна л даа. Юунд ч ялархахгүйгээр бүх юмыг даагаад гарчихдаг. Үр хүүхэд биднийхээ хувьд ээж болгон тийм сайхан байх даа.

-“The Woman” киног хэзээ хийсэн бэ. Энэ жилийн хувьд цар тахлаас үүдэн олон арга хэмжээ цуцлагдсан шүү дээ?

-Цар тахлаас өмнө амжаад кино зураг авалт бүх зүйлээ хийсэн байсан. Уг нь гуравдугаар сарын 1-нд нээе гэж төлөвлөсөн боловч вирус гарсан учраас хадгалсаар кино театруудынхаа хүсэлтээр нээсэн. Хүүхэд насанд “Говийн ганц айл” нэвтрүүлгийг шимтэн үздэг байлаа. Тэгэхэд л энэ киног хийх хүсэл төрж, хийх бүтээх үр суусан гэсэн үг. Яг зохиолоос авахуулаад бэлтгэл ажлыг гурав, дөрвөн жил нухсан. Кино бол хамтын бүтээл гэдэг утгаараа энтертаймент ертөнцөд хамгийн сайн байгууллага, баг хамт олонтой хамтарч ажиллахыг зорьсон. Мөн олон улсын жүжигчин авчирч, дэлхийн зах зээл рүү гаргах эрмэлзэлтэй байсан. Тиймээс ч техник, тоног төхөөрөмжийн шалгуурт багтах сайн камер хэрэглэх шаардлага нэн түрүүнд үүссэн. Манай кинонд 70 гаруй хүн ажилласан, олон хүний хүч хөдөлмөрөөр боссон гэсэн үг.

-Сар гаруй хугацаанд гурван мянган метрийн өндөртэй ууланд гарч зураг авалт хийсэн гэв үү?

-Бид гурван мянган метрийн өндөртэй уул биш юм аа гэхэд Зайсан толгой руу өдөр болгон гарахад ямар байхав. Баатарван уулын Босготын даваа гэдэг газар өглөө болгон гараад, орой болгон бууж сарын хугацаанд зураг авч, гайхалтай хөдөлмөрч ажилласан. Тэр дунд шантрах үе ч гарна, даваад гарч чадна гэсэн зориг ч орно.

-Жүжигчид сэтгэл хөдлөл өндөртэй байдаг. Таны хувьд дүрээ бүтээхдээ сэтгэл зүрхний угаас уйлж байсан тохиолдлууд бий юү?

-Дүр бүтээсэн кино болгон дээрээ хэрвээ уйлж харагдаж байгаа бол энийг чин сэтгэлээсээ хийж байгаа гэсэн үг. Түүнээс биш зүгээр уйлаад үзүүлэхийг ямар ч жүжигчин хүсэхгүй, мэргэжлийнхэн хэзээ ч тэгэхгүй. Жүжигчин хүний хувьд хамгийн том хүсэл мөрөөдөл бол аливаа тоглосон уран бүтээлдээ дүр бүтээхийг л хүсдэг. Яахав тэрийг жинхэнэ дүр болж уу гэдгийг ард түмэн дүгнэдэг. Насаараа жүжиглээд дүр бүтээгээгүй нэгэн байхад ганцхан кинонд тоглоод дүр бүтээсэн хүн ч бий. Тиймээс энэ бол бүх жүжигчдийн хүсэл мөрөөдөл юм. Өөрөөсөө өөр дүр бүтээнэ гэдэг өөрөө маш том зүйл.

-“The Woman” киноны дүр танаас өөр дүр байв уу, эсвэл таны амьдарлын дүр байсан уу?

-Надаас шал өөр хүн хэдий ч, гол улаан шугам нь яг л миний дотоод хүн байсан.

-Та одоо Л.Баатартай холбоотой байдаг уу?

-Мэдээж бид чинь дундаасаа Хабул гээд сайхан хүүтэй. Хүү маань аавтайгаа долоо хоног болгон уулздаг, бид ч хүүхдийнхээ асуудлаар ярилцах үе гарна шүү дээ. Түүнээс биш сонин сэтгүүлд гардаг шиг тийм айхавтар сенсацилаад байх юмгүй. Хааныг харцууд бүтээнэ гэдэг шиг шар хэвлэлийнхэн л зохиомлоор үүсгэдэг болохоос нэг их сүйдтэй биш. Угаас дундаа үр хүүхэдтэй хүмүүс хоёр талаасаа хариуцлагатай хандах нь ойлгомжтой. Энэ зөвхөн чиний хүүхэд шүү гээд хаяад явдаг хүн бол адгуус биз дээ.

-Шар хэвлэлээр П.Анужинтай холбож шуугьдаг л даа?

-Өнгөрсөн зүйлийг дахиж сөхөөд ярианы сэдэв болгох албагүй, шаардлагагүй. Миний хувьд тийм байдлаар ил байх дуртай биш. Яг хийсэн бүтээсэн уран бүтээлээр л гэхээс хов жив хөөж сенсацитай, сонирхогчийн өнцгөөр амьдармааргүй байна. Аливаад хэт туйлшрахгүй, гол нь тэнцвэртэй байхыг эрмэлздэг.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Уурласан баавгайн үлгэр” хэмээх нийтлэл хэвлэгдлээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины гуравдугаар нүүрт “Уурласан баавгайн үлгэр” хэмээх нийтлэл хэвлэгджээ.

“Оны эцэст төсвийн алдагдал таван их наяадыг давж мэднэ. ”Эдийн засагч Р.Шинэгэрэлтэй төсвийн тодотгол тойрсон сэдвээр ярилцсан ярилцлага хэвлэгдлээ.

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.

УИХ-ын гишүүн Н. Учралын “Их дээд сургуулийн цахим сургалтыг нэгдсэн системд оруулах шаардлагатай хэмээх ярилцлагыг I-IV нүүрнээс уншаарай.

Д.Загджав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цахим хяналтын системд оруулна хэмээв.

Өнгөрсөн жилийн Төв аймгийн наадамд түрүүлсэн Д. Батсүх допинг хэрэглэжээ гэсэн нийтлэл хэвлэгдлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

​Ахуйн хэрэглээний газ дэлбэрч, нэг иргэний биеийн 80 хувь нь түлэгджээ

Саруул хотхоны 113 байрны 10 давхарт ахуйн газ дэлбэрч, нэг иргэний биеийн 80 хувь нь түлэгдэж ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Тодруулбал, Тагтан дээрх ахуйн хэрэглээний газ дэлбэрсний улмаас тус дүүргийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй, нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн/ биеийн 80 хувь түлэгдэлтэй/ байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.

Тус байрны тагт нь битүү шиллэсэн байсан бөгөөд тагтан дээр нь ахуйн хэрэглээний улаан өнгийн газ алдсан байсан. Хохирсон иргэн газ алдсаныг мэдэлгүй тагтан дээрээ тамхилахаар гараад тамхиа асаахад дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас тагтны шил хагарч доош унасан боловч хүн гэмтээгүй байна.

Иймд иргэд ахуйн хэрэглээний газыг хэрэглэхдээ болгоомжлох, тагтан дээрээ тамхилахаас аль болох сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар тарвага агнасан хэргийг илрүүлжээ


Хууль бусаар тарвага агнах, агнахыг завдсан, тарваганы гаралтай түүхий эд,махыг худалдан авсан зэрэг зөрчлүүдийг увс аймагт илрүүлж хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж байна.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв, Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг сумдад хамтарсан хяналт шалгалт хийж байна.

Амьтны тухай хуулиар амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон. Хууль зөрчвөл хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийн этгээдийг 3000 нэгжээр торгоно.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

А.Ариунзаяа Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банктай хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төсөл, “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төсөл, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл болон “Үр ашигтай нийгмийн халамжийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” төслүүдийг хэрэгжүүлж байна.

Эхний хоёр төсөл дуусах шатандаа явж байгаа бөгөөд дараагийнх нь чадавх бэхжүүлэх зорилготой техникийн туслалцааны төсөл юм. 2021 онд ахмад настны урт хугацааны асрамжийн үйлчилгээний чанарыг сайжруулах болон чадвар бэхжүүлэх гэсэн тодорхой чиглэлд ажиллахаар төлөвлөсөн байна.

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павид Рамачандран ХНХЯ-ыг Ковид-19 цар тахлын үед хариу арга хэмжээ авах гол хэрэгжүүлэгч байгууллага болохыг дурдаад нийгмийн халамж олгох зорилтот бүлгийг тодорхойлох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Ковид-19 гарсан үед донор байгууллагуудын тусламж дэмжлэгийг авч байгаадаа талархал илэрхийлээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг танилцуулав. Мөн нийгмийн халамж, хамгаалал нь илүү зорилтот бүлэгт чиглэх ёстой гэдгийг олон улсын байгууллагууд болон судалгааны үр дүнгүүд харуулж байна. Одоогийн байдлаар бид И-кэйр (E-care) систем дээр ажиллаж байна. Засгийн газрын төвшинд байгаа бүхий л дата мэдээллийн нэгтгэсэн сүлжээг буй болгон, иргэдийн хэрэгцээ шаардлагыг илүү хялбар тодорхойлох боломжтой болно. Ингэснээр халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх боломжтой болно гэдгийг онцлов.

Хоёр тал МСҮТ-ийн асуудал дээр ажил олгогч болон сургууль төгсөгчийн эзэмшсэн мэргэжил, ур чадварыг хооронд нь уялдаа холбоотой болгох, ахмадын асрамжийн үйлчилгээний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөхөөс эхлээд хамтарч хийх олон асуудлын талаар санал бодлоо солилцлоо.

Categories
гадаад мэдээ спорт

Атлетико Мадрид клубийн хоёр тоглогчоос коронавирус илэрчээ

Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгараад буй Атлетико Мадрид клубийн хоёр тоглогчоос коронавирус илэрчээ.

Уг багийн тоглогч болон арын албаны хүмүүсийг Португалийн Эрүүл мэндийн хорооны хяналтад оруулж, шинжилгээ хийхэд тийнхүү илэрсэн гэнэ.

Одоогоор тэд тусгаарлалтад орж, эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал тогтвортой ч халуурах, амьсгал давхцах шинж тэмдэг илрээд байгаа аж.

Уг нь тус баг энэ баасан гарагт Германы Лайпциг клубтэй тоглох хуваарьтай байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой

НӨАТ-ын урамшууллын 2020 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг наймдугаар сарын 16-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны долоодугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон хяналтын цэгүүдэд хяналт, шалгалт хийж байна

Нийслэлийн онцгой комиссын 03 дугаар албан даалгавар, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай А/278 дугаар тушаал”, мөн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол болон нэмэлт өөрчлөлтийн тухай мэдээллийг иргэдэд өгч ажиллаж байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдэд болон бусад иргэдэд зөвлөмж, мэдээллийг Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон хяналтын цэгүүдээр өгч, 24 цагийн турш хяналт, шалгалт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

Наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Увс нуурын савын Хахираа, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Улз, Хэрлэн голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлэж байгаа бол Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмж

Коронавируст халдвар “COVID-19”-ийн үед гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмжийг хүргэж байна.

  • Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх
  • Бага насны хүүхдээс хол байлгах
  • Тэжээвэр амьтныг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх
  • 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх
  • Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх
  • Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих
  • Бусад амьтадтай тоглуулахгүй байх
  • Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Амьтанд амны хаалт зүүлгэх
  • Амьтны хөлийг савантай усаар угаах
  • Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх
  • Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах
  • Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх
  • Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях
  • 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Амьтан хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгууллагад хандана уу.