Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын залуусын өдөр тохиож байна


1999 оны наймдугаар сарын 8-12-нд Лиссабонд болсон дэлхийн улс орнуудын Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалтаас гаргасан зөвлөмжийг үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн энэ өдрийг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлажээ.

Уг тэмдэглэлт өдрийг 2000 оноос тэмдэглэж эхэлсэн (International Youth Day) юм. Энэ өдөр нь залуучуудын дуу хоолой, үйл ажиллагаа, санаачлагыг дэмждэг өдөр юм . Мөн залуусыг нийтээр нь тодорхой зорилготойгоор, үйл ажиллагаанд тэгш оролцох боломжийг хангахад чиглэдэг. Гол үйл ажиллагаа нь подкаст маягаар зохион байгуулах хэлэлцүүлэг байдаг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд залуучууд болон бие даасан залуучуудын байгууллагууд хамтран улс орныхоо эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал ба үйл ажиллагаанд идэвхитэй оролцох нь чухал болохыг ярилцдаг юм.

2020 оны Олон улсын залуучуудын өдрийн уриа нь “Youth Engagement for Global Action” буюу “Дэлхийн үйл хэрэгт залуусын оролцоо” гэсэн байна. Тус урианы хүрээнд залуусын оролцоог орон нутаг, улс орон, бүс, дэлхийн хэмжээнд тодорхойлж, нийгмийн олон талт бүтэц үндэсний хэмжээнд түгээмэл оролцох боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн улс төрийн тогтолцоон дахь тэдний албан ёсны байгууллага, төлөөлөл болон оролцоог сайжруулахад төвлөрчээ.

Энэ жилийн Олон улсын залуучуудын өдрөөр хоорондоо харилцан хамааралтай доорх чиглэлд залуучуудын оролцоог чиглүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Үүнд:

Орон нутгийн түвшний оролцоо/олон нийтийн түвшинд татан оруулах,

Үндэстний түвшний оролцоо/ хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх,

Дэлхийн түвшний оролцоо буюу Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, COVID-19″-ийн цар тахал болон цаг уурын өөрчлөлт зэрэг томоохон үйл явцад оролцох.

НҮБ-ын гишүүн орнуудын гаргасан тодорхойлолт дээр үндэслэн 1981 онд баталснаар 15-24 насныхныг залуучууд гэдэг ангилалд багтаадаг. Өнөөдөр дэлхий даяар 15-24 насны 1.2 тэрбум залуучууд амьдарч байгаа нь нийт хүн амын 16 хувийг эзэлж байна.

А.МӨНХНАРАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 677 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

Өчигдөр ХӨСҮТ, Дарханд нийт 677 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр нийт 6 хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс энхийг сахиулагчид, 07.29-нд Истанбулаас ирсэн хүмүүс юм.

Үүнд,

  • Наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ,
  • Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглан тусгаарлах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 21 ажилтны шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан найман хүний шинжилгээ,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ,
  • Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 21 жолоочийн шинжилгээ,
  • Орхон аймагт тусгаарлах байранд тусгаарлагдсан 71 хүний шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ,
  • Баруун хараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ багтаж байна.

Ингээд өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс 269 хүн эдгэрсэн байна.Эдгэрсэн хүмүүсээс 50 нь сувилалд, 26 нь гэртээ тусгаарлагдаж байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. Одоогоор ХӨСҮТ-д 24 хүн COVID-19 халдварын улмаас хэвтэн эмчлэгдэж тусгаарлагдаж байгаагийн элэгний хатууралтай, бөөрний хам дутагдалд орсон нэг хүний биеийн байдал маш хүнд байна.

Энэ оны нэгдүгээр сарын 08-наас эхлэн нийт 18793 хүнийг шинжилгээнд хамруулсны 293 нь батлагдаад байгаа юм.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор 216 мянган хүн шинээр халдвар авч дөрвөн мянга гаруй хүн нас баржээ

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: “Дэлхийн 216 улс, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд нийт 20,226,094 хүн өвчилж, 13,313,723 хүн эдгэрэн, 741,113 хүн нас бараад байна.

Сүүлийн 24 цагийн дотор 216 мянган хүн шинээр халдвар авч дөрвөн мянга гаруй хүн нас баржээ.

Хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 4,945 хүн өвчилж, 130 хүн эндсэн бол БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Япон улсад өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 700 хүн шинээр өвдөж, 5 хүн нас барсан.

Шинэ Зеландад 102 хоногийн дараа дотоодод дамжсан коронавирусийн эхний халдварын тохиолдол бүртгэгдлээ. Хүн амын дунд халдвар тараагүй гээд тайвширч болохгүйг дэлхийн бусад улсын жишээнүүд харуулж байна” хэмээв.

Түүнчлэн халуун бүлээн ам зайлах уусмал тогтмол хэрэглэж байх нь вирусийг устгах чадвартайг Германы эрдэмтэд нотолжээ. Францын ерөнхийлөгч гудамж талбай, олон нийтийн талбайд амны хаалт заавал зүүхийг уриалжээ. Мөн Финландад гадны орноос ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлах, зөрчвөл 3 сар хорих шийдвэр гаргажээ.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

С.Одонтуяа Канад улсын Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн тэрбээр, “2012 онд НҮБ-аас “Эмэгтэйчүүд чадна” төслийг хэрэгжүүлсэн. Эмэгтэй улстөрчдийг дэмжих уг төслийг Канадын элчин сайдын яам дэмжин идэвхтэй ажилласан. Үүнээс хойш эмэгтэй улстөрчдийн тоо нэмэгдэж, Парламентад хамгийн багадаа 10 гаруй эмэгтэй гишүүн сонгогддог болсон нь уг төслийн нөлөөлөл байсан” гэдгийг тодотголоо.

Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф Хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн төсөл Монголд амжилттай хэрэгжиж байна. Өнөөдөр өглөө л гэхэд Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй гэр бүлийн хүчирхийлэл болон жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээг сайжруулах төсөл арга хэмжээнд оролцоод ирсэн тухайгаа дуулгалаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа 2012-2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулсан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна. Ковид 19 цар тахлын үед гэр бүлийн хүчирхийлэл өссөн харамсалтай статистик мэдээлэл байгаа учир энэ тал дээр харилцан туршлага судлан хамтран ажиллах хүсэлт тавилаа.

Categories
мэдээ нийгэм

ОХУ бүтээсэн вакцинаа “Спутник V” хэмээн нэрлэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой (2020.08.11) тус улсад бүтээсэн дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакцин бэлэн болж, ЭМЯ нь албан ёсоор баталгаажуулсныг зарласан юм.

Уг вакциныг “Спутник V” буюу Зөвлөлтийн үед тус улсын хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэрээр нэрлэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Николай Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан “Covid-19”-ийн эсрэг уг вакциныг Ерөнхийлөгчийн охидын нэг нь өөр дээрээ туршсан нь маш амжилттай болсон талаар ч Путин ярив.

Харин Барууны эрдэмтэд ОХУ-ын вакциныг эрх баригчдынхаа шахалтаар богино хугацаанд гаргахын тулд туршилтын зарим үе шатыг алгассан байж болзошгүй гэж хардаж байгаа бол ДЭМБ аль ч улсад бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин нь аюулгүй байдлыг дээд зэргээр баталгаажуулсан байх ёстойг анхааруулж буй юм. Мөн тус байгууллага нь ОХУ-ын бүтээсэн вакцинд гэрчилгээ олгох боломжийн талаар ярилцаж байгаа тухай ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Ясаревич мэдэгджээ.

ОХУ нь коронавирусийн эсрэг вакциныг ирэх есдүгээр сараас олноор үйлдвэрлэхээр төлөвлөж буй бөгөөд одоогийн байдлаар Латин Америк, Ойрхи Дорнод, Азийн 20 улс нийтдээ нэг тэрбум гаруй тун вакцин ОХУ-д захиалаад байгаа аж. Тус улс нь жилд 500 сая вакцин үйлдвэрлэх боломжтой юм байна

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-наас зогсооно

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт энэ оны аравдугаар сарын 15-нд болохтой холбогдуулан хуульд заасны дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-наас эхлэн түр хугацаанд зогсоохоор болжээ.

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 30-нд баталсан Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 24.1-д шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл иргэн нэг засаг захиргааны нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгуулийн санал авахаас 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр заасан байна.

Дээрх зохицуулалтын дагуу улсын бүртгэлийн байгууллага орон нутгийн сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсооно. Энэ дагуу наймдугаар сарын 16-нд шилжилт хөдөлгөөний бүртгэл зогсож, аравдугаар сарын 16-наас хэвийн явагдах юм. Иргэд шилжилт хөдөлгөөн хийлгэх бол ажлын тав хоногт багтаан бичиг баримтаа бүрдүүлж, шилжин очих газартаа өөрийн биеэр очих шаардлагатай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд УИХ-ын даргад баяр хүргээд тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулав. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, COVID-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын ажлыг дэмжиж эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Мөн “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5 төсөл”-ийн хүрээнд 30 сая ам.долларын Яаралтай түргэн тусламжийн үед шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулаад байна. Мөн цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөлд 26.4 сая ам.долларын зээл олгох юм. Түүнчлэн 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгохоор болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ноён Павит Рамачандрантай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд чухал дэмжлэг үзүүлсээр ирсэнд Азийн хөгжлийн банканд талархал дэвшүүлэв. АХБ нь Монгол Улсад ажиллаж байгаа олон улсын санхүүгийн идэвхтэй байгууллагын нэг бөгөөд санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр болон санхүүжилтийн тоо хэмжээгээр Монгол Улсын бодит бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм. Тэрбээр, “УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт эхэлж, Засгийн газрын 2024 он хүртэлх төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг. Эдийн засгаа солонгоруулахын тулд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх томоохон шинэчлэлтийг хийх шаардлага бий. Тухайлбал, экспортыг нэмэгдүүлэхэд түлхэц болохуйц төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Цаашид зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргахаас илүүтэй ноос ноолуур, арьс шир, мах, сүү зэрэг хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахыг эрмэлзэж байна. Энэ оны 7 дугаар сард Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газартай “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрийг байгуулсан. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чөлөөт бүсийг байгуулна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорыг бий болгох зорилтыг хэрэгжүүлэхэд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахад бэлэн” хэмээв. Мөн банкны салбарт бодлогын томоохон шинэчлэлт хийхээр УИХ-аас ажлын баг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулж байгааг дуулгасан юм.

Талууд үргэлжлүүлэн Монгол Улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олгож буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн болон Азийн хөгжлийн банкны 2021-2024 оны түншлэлийн шинэ стратегийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: Өнгөрсөн сонгуулийн булхай луйврын талаар баримтат киног хийж эхэлсэн

ШИНЭН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ярилцлаа.


-Таны хувьд орон нутгаар иргэд сонгогчидтай уулзаад явж байна. ШИНЭ намын үйл ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

-Хөвсгөл, Дархан-Уул, Орхон-Уул аймгийнхаа иргэдтэй уулзаад явж байна. Явсан газар бүртээ ард иргэдтэйгээ уулзаж, тулгамдсан асуудлуудынх нь талаар ярилцаж байгаа. ШИНЭ намын үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ. Манай намын гишүүд дэмжигчдийн явуулж байсан тэмцэл, шударга ёс, хүний эрхийн төлөөх тэмцэл бүхэн цааш үргэлжлэх ёстой. Бид сонгуульд шударга бусаар, луйвардуулж, луйврын аргаар ялагдал хүлээсэн. Гэхдээ ард иргэд маань бидэнд захидал ирүүлж, утсаар ярьж, ШИНЭ намыг шударга ёсны тэмцлээ зогсоож болохгүй ээ, манай нутагт ирж бидэнтэй уулзаач ээ хэмээн мянган мянган хүсэлт явуулж байгаа. Бид өчигдөр Эрдэнэт хотод очиж Содномдаржаагийн ээж Жавзмаа гуайтай уулзлаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын асуудал бол хувь хүний хэрэг биш, нийт монголчуудад хамаатай асуудал. Хууль хяналтын байгууллага цаашид хуулийн дагуу ажиллах уу, эсвэл жирийн ардын хүүхдүүдийг эрүүдэн шүүх журмаар хэрэг хүлээлгэж, тулгадаг бүдүүлэг тогтолцоо үргэлжлэх үү гэдэгт хариулт өгөхийн тулд энэ хэрэг дээр онцгой анхаарал хандуулж ажиллаж байна.

-Тэдгээр хүмүүс гурван шатны шүүхээс ял авсан шүү дээ?

-Эрүүдэн шүүсэн нөхдүүдэд ял өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд маш тодорхой заалтууд байгаа. Шинээр илэрсэн нөхцөлүүдийг харгалзан үзэж, “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” гэдэг заалтын дагуу прокурор дүгнэлтээ улсын дээд шүүх рүү явуулах ёстой. Хуулиараа прокурор 14 хоногийн дотор дүгнэлтээ дээд шүүх рүү явуулна. Явуулсан байх. Шинээр илэрсэн дөрвөн нөхцөл байдаг. Тухайн хэргийг хянан хэлэлцэх явцад гэрч, хохирогч, холбогдогч этгээдийн хуурамч нотлох баримт, мэдүүлэг дээр тулгуурлаж, шүүх шийдвэрээ гаргасан нь хожим тогтоогдсон бол, хоёр дахь нь хуулийн дөрөвдүгээр заалтад “хуурамч нотлох баримтыг бүрдүүлсэн”, бүрдүүлэхдээ эрх мэдэлтнүүд мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж. Шинээр илэрсэн нөхцөл байдлын гурав дахь заалт нь тухайн эрх бүхий албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон гэж. Одоо төв аймгийн шүүхийн шийдвэрээр тогтоосон байгаа. Шинээр илэрсэн нөхцөл байдал бүрэн хангагдаж байгаа учраас прокурор дүгнэлтээ Улсын дээд шүүх рүү бичих ёстой. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралд ч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хууль бусаар шийтгэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тэднийг суллах ёстой. Ийм хууль эрх зүйн нөхцөл байдал үүсээд байгаа. Хүүгээ хүлээсэн эхийн сэтгэл ямар байгааг бид ойлгож байгаа.

-Танай намыг Ерөнхийлөгчтэй холбоотой гэх юм?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засгийн явуулж байгаа зөв бодлогыг бид дэмжих ёстой. Буруу бодлогуудыг нь засч залруулахын төлөө ил тод нээлттэй шүүмжилж, улс төрийн байр сууриа илэрхийлж явах болно.

-Үндсэн хуулийн 6.2 дугаар заалт дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ашигт малтмалын стратегийн ордуудыг нийтийн өмч болгоно гэдэг заалт бий. Хуучин бол ард түмний баялаг гэх заалт байсан. УИХ-ын гишүүн байхдаа чуулганы хуралдаан дээр Үндсэн хуулийн 6.2-той холбоотой байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан. Цаашид ч тэр байр суурь дээрээ байх болно. Байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч бөгөөд Монголын ард түмэн байгалийн баялгаа шууд өмчлөх, эзэмших эрхтэй гэдэг бодлого дээр ШИНЭ нам хатуу зогсдог юм. Таван толгой, Эрдэнэтийн үйлдвэрийг 100 хувь ард түмэндээ хувьчлах ёстой, өмчлүүлэх ёстой. Энэ томоохон цахилгаан станцуудыг мөн ард түмэндээ өмчлүүлэх ёстой гэдэг хатуу бодлоготой улс төрийн хүчин бол бид. Өмч хувьчлалын бодлого буруу явсныг бид бүгд мэдэж байгаа. Өмч хувьчлалыг хэдхэн дарга нар хувьчилж авахыг 30 жил ойлгож, мөн 30 баян гэр бүл төрж, гурван сая ядуу иргэдтэй улс орон болсон. Үүнийг зогсоохын төлөө ШИНЭ нам өмч хувьчлалын бодлогыг, байгалийн баялагтай холбоотой бодлого дээр ч бид байр сууриа олон түмэндээ хүргэж яваа. Монголын ард түмэн баялагтаа эзэн болох ёстой гэдэг бодлого дээрээ тууштай байх болно.

-Энэ жилийн сонгуулийн үр дүнгийн талаар?

-Сар гаруйн өмнө болсон сонгуулийн үр дүнгийн талаар ШИНЭ намаас “Сонгуулийн луйвар ба иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн нь” гэдэг баримтат киног хийж эхэлсэн. Баримтат киноны багийг албан ёсоор гаргасан байгаа. Монгол Улсын аймаг дүүрэг болгонд ямар аймшигтай сонгуулийн луйвар болж өнгөрсөн талаар иргэд олон түмэн, нэр дэвшигчид ярьж байна. Дархан-Уул аймагт манай намаас нэр дэвшсэн Эрдэнэбатын хэсгийн хороодынх нь саналын дүн дийлэнх нь нэг жигд байсан. Бүх хэсгийн хороо дээр Эрдэнэбат адилхан тооны саналууд авлаа. Миний 53 хэсгийн хорооны 20 гаруйд нь 217 гэдэг саналыг маш жигдхэн авсан байна лээ. Манай хар машины гайхамшгийн талаарх үлгэр үргэлжилсээр. Хар машиныхаа гайхамшигт үлгэрийн нууцыг хамтдаа тайлахын төлөө ажиллана. Одоо Монголыг 21 аймаг, есөн дүүрэгт очно. Монголын ард түмний саналыг яаж луйвардаж, хулгайлсныг баримтат киногоор ил тод, олон түмэндээ хүргэнэ. Хулгай, луйврыг хийж гарсан тэдгээр нөхдүүд өнөөдөр ялалтдаа бялуурч, их баяртай байгаа байх. Гэхдээ “Үнэнээр явбал, үхэр тэргээр туулай гүйцнэ” гэх Монголын ард түмний, өвөг дээдсийн минь философи бий. Дөрвөн жилийн өмнө “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагадана, эрүүдэн шүүсэн хүмүүс хариуцлагаа хүлээгээд шоронд орно” гэж бидний хэлэхэд хүмүүс итгэдэгүй байсан. Өдгөө Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар тун удахгүй суллагдах гэж байна. Төв аймгийн шүүх эрүүдэн шүүгчдэд ял өгчихсөн. Өнөөдөр сонгууль луйвардсан хүмүүс ч гэсэн ажлаа хийгээд явж байгаа байх. Гэхдээ удахгүй хариуцлага хүлээх цаг ирнэ. Ардчилал шударга ёсон дээр тогтдог. Шударга сонгууль хийж чадахгүй бол шударга ёс гэж ярих шаардлагагүй. Аймшигтай мэдээллүүд ирсэн. СЕХ-ны дийлэх нь МАНАН мафийн саварт бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дадалд зам барьснаас Дарханыхаа замыг дөхүүлээч ээ

Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол Улс-Монголын Эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” гэсэн цогцолборуудыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа бол Дадал суманд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолборыг 19 сая ам.доллараар босгох ажлыг эхлүүлээд байна.“Монголын нууц товчоо”-той холбоотой түүхэн газар нутгууд руу жуулчдыг татах зорилгоор эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа бөгөөд Чингис хот-Дадал чиглэлийн 270 км замын барилгын ажлын нээлтийн ёслол өнгөрсөн жилийн тавдугаар сард болоход Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс очиж оролцож байлаа. Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ “2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэж, салбарын орлогыг 1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наяд төгрөгт хүргэхээр энэхүү томоохон төслүүдийг эхлүүлж байна” хэмээн ярьсан нь олон хүний шүүмжлэл, эгдүүцлийг төрүүлсэн юм. Гэсэн ч тэрхүү “бүтээн байгуулалт”-аа үргэлжлүүлсээр байна.

Олон тэрбумын хөрөнгө зарцуулж босгосон гэх Андлалын өргөө, чукча нарын мөсөн урцыг санагдуулам шавар амбаар зэргийг хараад үнэндээ хэний ч дур гутмаар юм болж байна. Зорьж зам тавьж байгаа бүтээн байгуулалт нь ийм явцгүй, хэний ч сэтгэлд нийцэмгүй байхад Дадал чиглэлийн замын ажил ид өрнөж байна. За яахав, тэр бүтээн байгуулалтын сайн муу болсныг эс тооё. Дадал руу зам барилаа гэхэд эдийн засгийн үзүүлэлтээрээ, улсын төсөвт авчрах ашгийн хэмжээгээрээ яавч Дархан хотыг гүйцэхгүй. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км зам бол зөвхөн Дархан хоттой хамаатай зам биш. Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Хөтөл, Булган, Хөвсгөл, Алтанбулагийн боомт гээд Монгол Улсын эдийн засгийн гол газруудтай хамааралтай. Дархан, Эрдэнэт бол манай эдийн засгийн “саалийн үнээ” гэгддэг. Төдийгөөс өдий хүртэл Монголын эдийн засгийг элгээр нь мөлхүүлчихгүй, чирсээр яваа хотууд. Энэ хоёр хотыг Дадал сум эдийн засагт авчрах үр өгөөжөөрөө гүйцнэ гэхэд жаахан хүүхэд ч итгэхгүй. Л.Оюун-Эрдэнэ даргын яриад байгаа сая жуулчин гэдэг бол бодит амьдралаас тасарсан, попорсон мэдэгдэл байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс нарийн тооцоолол гаргаж ирээд тайлбарлачихсан. Бодит байдлаас, амьдралаас дэндүү тасарсан улстөрчдийн мугуйд үйлдлүүдийн тод жишээний нэг гэхээр өөрөөр тайлбарлах арга алга.

Дадал сум нийслэлээс 600 км, аймгийн төвөөсөө 270 км-ийн зайтай, 2017 оны байдлаар 890 өрхийн 2891 хүн амтай гэсэн тоо байна. Тус суманд ногоон үйлдвэрлэл, ХАА, байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн болон аялал жуулчлал, амралт, сувиллын үйлчилгээний олон талт эдийн засгийг хөгжүүлнэ хэмээн дарга нар олон жил ярьж байгаа. Дадал руу зам тавиад яг тэр яриад байгаа шиг нь эдийн засгийг нь олон талтаар хөгжүүллээ гэхэд ердөө л 3000 орчим хүний амьдрал ахуйг өөд нь татсан ажил болно. Цаанадаж Хэнтий аймгийн эдийн засагт дэмтэй байх л даа.

Гэтэл Улаанбаатар-Дархан хотыг холбосон 204 км авто замын барилгын ажил хоёр дахь жилдээ үргэлжилж, гурав дахь жил рүүгээ гулсаж байна. Энэ онд Дарханы зам ашиглалтад орохгүй гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 2000 оноос хойш томоохон хэмжээний шинэчлэл хийгээгүй, ерөнхийд нь шинээр зам тавих цаг нь болсон гэдгийг авто замын инженерүүд байнга сануулсаар ирсэн. Уг замыг орон нутгийн зам ангийн компаниуд нь чадлаараа нөхөж, тойглосон ч сүүлдээ засал авахааргүй болж, осол аваар их хэмжээгээр гарч 300 гаруй хүн уг зам дээр нас бараад байгааг өнгөрсөн жил иргэдийн төлөөлөл ярьж, замын ажлыг түргэвчлэхийг шаардацгааж байсан. Зөвхөн өнгөрсөн онд Дарханы замд 265 осол гарч, 25 иргэн амиа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн байна. Үүний зэрэгцээ энэ замд олон зуун осол бүртгэгдэж, 300 гаруй иргэн 200 сая төгрөгийн хохирол амсаад байгаа билээ. Энэ бүх тоо баримт өнөө зуны гурван сард нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам бол Монгол Улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой, босоо тэнхлэгийн гол зам.Энэ замаар өдөрт дунджаар 6000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог бөгөөд Цагаан сар, наадмын үеэр 12300 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог өндөр ачаалал авдаг зам. Энэ нь бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь 1.4-2.7 дахин их гэсэн үг. Нөгөөтэйгүүр энэ замаар олон улсын транзит тээвэр явдаг. Тэгэхээр 3000 хүнтэй сум руу чиглэсэн замаа биш харин олон улсын чанартай, улсынхаа эдийн засгийн хөдөлгөөнийг нуруундаа авдаг чухал замаа нэгдүгээрт тавих ёстой.

Дархан хот бол 100 мянга гаруй хүн амтай. ОХУ-тай хиллэдэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт манай улсын эдийн засгийн чухал газар. Сэлэнгэ мөн л 100 гаруй мянган хүн амтай аймаг. Эрдэнэт хот 90 гаруй мянган хүн амтай, цаашилбал Булган аймаг байна, мөн манай улсын аялал жуулчлалын гол төв гэгддэг Хөвсгөл аймаг бий. Эдгээр хот, аймгуудын эдийн засаг буурч, саарч буйн нэг шалтгаан нь яалт ч үгүй Дарханы замын ажил. Улаанбаатар-Дарханы зам аж үйлдвэрийн томоохон төв, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутаг, аялал жуулчлалын бааз, амралт, сувиллын газруудыг дайран өнгөрдөг стратегийн ач холбогдолтой чиглэл. Гэтэл ийм чухал замын ажлыг урагшлуулах нь бүү хэл “Энэ жилдээ ашиглалтад орохгүй нь ээ” хэмээж байгаа төр засгийн удирдлагууд маань юун Дадалын зам, юун Андлалын өргөө, хөшөө ярина вэ. Тэр хаа хол, бөглүү газарт зам барьснаас улс эх орны эдийн засгийн эргэлтэд чухал ач холбогдолтой Дарханы замаа жаахан ч болтугай дөхүүлэх талаар бодвол яасан юм. Түүх байж л байна. “Монголын нууц товчоо” төдийгөөс өдий хүртэл бидэнд хадгалагдан ирсэн. Ганц хоёр жил хүлээлгэчихэд яав л гэж. Тэглээ ч коронавирусийн дэгдэлтийн улмаас ойрын жилүүдэд аялал жуулчлалын салбар хөл дээрээ босох нь эргэлзээтэй, энэ вирусийн эсрэг вакцин гарах хугацаа нь ч хойшлогдож мэдэхээр байна гэдгийг дэлхий нийт мэдэж байгаа.

Монголчуудад эдийн засгийн гол тэжээгч том хотуудыг холбосон авто зам хамгийн түрүүнд хэрэгтэй бүтээн байгуулалт шүү дээ. Хэдийгээр хил хаалттай байгаа ч улс дотроо ингэж авто зам нь тасарч, тэр тасархай дээр өдөр болгон осол гарч, олон арван хүн нас барж, зуун гаруй хүн тэргэнцэр дээр суугаад байгаа нь бидний хувьд эмгэнэл. Төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүдийн хувьд энэ их эгзэгтэй хүнд цаг үед түүх, аялал зугаалга ярихаа түр хойшлуулж, энэ хүндрэлийг хохирол багатайгаар давахын тулд дотоод нөөц бололцоогоо ашиглахад хамаг анхаарлаа хандуулж, эдийн засгаа хэвийн явуулахад нь боломж бололцоог нь хангах эн тэргүүний ажлуудын нэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажлыг яаравчлуулах байгаа юм. Дадалын замыг дараа нь, Дарханы замыг түрүүнд нь хийгээд өгөөч. Ядаж Дарханы замыг жаахан дөхүүлчих.

Categories
мэдээ цаг-үе

Хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Таны төлөө бид” эмнэлэгт өнжлөө

Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн гэр бүлийн хүн Б.Доржпүрэвийн хамт

Ээ, хөөрхий эмч хүний эрдэм чадлын хүчийг

Элбэрэлт бурхдын ид шидтэй дүйцүүл юү

Ээ, хөөрхий эмч хүний алдар гавьяаг мөнхжүүлж

Эгшиглэн хурайлж, зулуйдаа залбиран дуул юу хэмээн нэгэн шүлэгч магтан өгүүлсэн байдаг. Нээрээ л элбэрэлт бурхдын ид шидтэй дүйцүүлмээр нэгэн энгүй их бидний үйлстэн.

Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Таны төлөө бид” эмнэлэгт бид энэ удаа өнжиж саатлаа. Б.Бүлтэн эмчийг танихгүй хүн ховор. Б.Бүлтэн эмч гэхээр захын хүн мэднэ. Эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд тэрээр 40 гаруй жил зүтгэхдээ 16 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ. Өнөөдрийг хүртэл олон мянган хүүхдийг эх барин авсан эмч хүн төдийгүй эх барих эмэгтэйчүүдийн олон сайн эмчийг сурган хүмүүжүүлсэн багш хүн. Бидний сурвалжлах баг тус эмнэлгийг зориход угтах хаалганд Инээмсэглэн угтаж, Итгэлцлээр үдье хэмээх элэгсэг дулаахан үгс нүдэнд туслаа. Угтан авагч үйлчлүүлэгчдэд масаа зүүхийг сануулж, халуун үзэж оруулж байна. Б.Бүлтэн эмчтэй уулзахаар явна хэмээхэд, “Эмч хагалгаанд орсон байгаа, энд түр хүлээгээрэй” хэмээв. Ингээд эмчийг хүлээх зуур хөдөөнөөс дөнгөж орж ирээд байгаа болов уу гэлтэй хөрслөг бор царайтай 50 дөнгөж гарч яваа юм уу гэмээр ах охиноо дагуулан орж ирлээ. Б.Бүлтэн эмчийн эмнэлэг мөн үү, охиноо үзүүлэх гэсэн юм. Нутгийн хүний зааж зөвлөснөөр явна ах нь гэсээр тэвдсэн янзтай урсгаж гарлаа. Ах нь унаанаас буугаад л шууд нааш зүглэлээ хэмээн хөлсөө шудран маскаа дээшлүүлэх нь тэр. Үүдээр орж ирж буй эмэгтэйчүүд ихэнх нь Бүлтэн эмчийг сураглана. Цаг бий юү, хэзээ цаг авч болох вэ гэх зэргээр асуулт хөвөрнө. Эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн хүн, найз залуутайгаа тус эмнэлгийг зорьж харагдлаа. Энэ зуур угтан авагч эмчийн хагалгаа нь дууслаа. Өрөө рүү нь орцгооё хэмээв. Бүлтэн эмчийн өрөө тус эмнэлгийн хоёр давхарт байдаг юм байна.

Тэрээр “Хагалгаанд ороод гарч ирлээ. Хагалгаа амжилттай болсон. Сүүлийн үед манай эмэгтэйчүүд хавдраар их өвдөх болж. Азаар хоргүй хавдар юм” хэмээв.

Бидний яриа тус эмнэлгийн үүх түүх, дурсамжаар эхэллээ. 1991 оноос манай нэгдүгээр амаржих газарт ажиллаж байсан ихэнх эмч нар зах зээлд шилжлээ. Бидний цалин бага амьдралд хүрэлцэхгүйн дээр өдөр шөнийн ээлжинд гарч, завгүй ажиллах нь их байсан.

Надтай хамт зүтгэж, олон жил гар нийлэн ажилласан Монгол Улсын Ардын эмч Б.Үйлст маань төрөх тасгаа, би эмэгтэйчүүдийн тасгаа хариуцаж үлдлээ. Төрөх хүн ховордож, эмнэлэг бараг хоосорсон.

Улс орон даяар салбар бүрт өөрчлөлт гарч, өмч хувьчлал явагдаж эхэллээ. Тэр үед манай амаржих газрын ерөнхий эмч Л.Мижиддорж нэг өдөр бид хоёрыг дуудаад та хоёр ээлжгүй үедээ ажиллаж байхаар өөрсдийн хувийн эмнэлгийг нэг өрөөнд нь ч болов байгуулахгүй юм уу гэдэг юм. Ингээд хувийн эмнэлэг байгуулсан. Б.Үйлст, Ж.Долгорсүрэн нарын гурвуулаа нэг баг боллоо. “Таны төлөө бид” эмнэлэг 1993 онд нээж ажиллуулсан. “Таны төлөө бид” Үүдэн эмнэлэг нэртэйгээр үйлчилж эхэлсэн. Үнэхээр ч амьдралд амьдралд нэмэр болж, шинэ хэвшилд дадах төлөв оров. Ингэж явсаар 2009 онд эмнэлгийн шинэ барилгаа мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор барьж, ашиглалтад оруулсан. Мөн “Эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг” болон өргөжсөн. Найман настай балчираас наян настай бууралд хүртэл үйлчилж байна. Манай гэр бүлийн хүн бодож байгаад хүний төлөө үйлчилж байгаа юм чинь энэхүү нэрийг өгвөл яасан юм бэ хө гэлээ. Таны төлөө гэх нэр надад ч их дотно санагдлаа. Ингээд л хувийн эмнэлэгийнхээ гэрчилгээ, тамгыг гардаж авсан түүхтэй хэмээн хуучлав.

Үргэлжлүүлэн бидний яриа сүүлийн үед тулгамдаж буй эмэгтэйчүүд, охидын эрүүл мэндийн талаар өрнөлөө. Б.Бүлтэн эмч “Өсвөр насны охидын эрүүл мэндэд үнэхээр анхаарал хэрэгтэй болж байна. Сүүлийн үед өсвөр насны охидын жирэмслэлт их болж байгаа нь санаа зовоож байна. 13-17 нас хүртэлх охидын жирэмслэлт нэмэгдэж байна. Зах зээл гараад бараг бүхий л хүмүүс хувийн аж ахуй эрхэлж түүндээ анхаарал хандуулаад үр хүүхдээ, тэр тусмаа охин хүүхдэдээ тавих анхаарал халамж сулхан байна. Манай эцэг эхчүүд хүүхдээ жирэмсэн болсныг мэддэггүй. Охид бас жирэмсэн болсон эсэхээ мэдэхгүй явсаар төрөх хугацаа нь болчихдог. Өсвөр насны охид нь жирэмслэх нь голдуу хүсээгүй гэнэтийн байдаг. Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах арга замыг өсвөр насныханд зааж сургах нь зөв. Өсвөр насны жирэмслэлтийн цаана гарах хүндрэлийг мэддэггүй. Эцэг эхчүүд тэр тусмаа ээжүүд охинтойгоо сайн ярилцдаг баймаар байна. Ээж хүн тэр тусмаа охидтойгоо нээлттэй илэн далангүй байх хэрэгтэй” гэлээ.

Өсвөр насны жирэмслэлтийг дагаад үр хөндөлт яригддаг. Маш бага насандаа өөрөө бие мах бодь нь бэлтгэгдээгүй байхад жирэмслэхийн хор уршиг их байдаг. Умайн хүзүү нь бүрэн бэлтгэгдээгүй учраас ойрын болон холын хүндрэл их гардаг. Өсвөр насны гэлтгүй үр хөндөлт хийлгэх аль ч насанд осолтой. Эцэг эхчүүд хараа салгахгүй л хардаг, гэрээсээ нэг ч гарч хоноогүй гэдэг. Заавал гадуур хонож байж жирэмсэн болно гэсэн үг биш шүү дээ. Өсвөр насны охидод урьдчилан сэргийлэлт хийх хэрэгтэй. Эрт бэлгийн харьцаанд орж болохгүй гэдгийг охид гэлтгүй хөвгүүдэд ч ойлгуулах нь зүйтэй. Арван жилийн сургуулийн программд охидын эрүүл ахуйн хичээл заавал ороосой гэж боддог. Бэлгийн харьцааг замбараагүй байлгах ёсгүй ш дээ. Сүүлийн үед телевиз, сошиалаар буруу суртал явуулж байна. Эмэгтэй хүний ээж болох хамгийн тохиромжтой нас 21-24 нас гэж үздэг. Мөн 35-аас доош байвал сайн. Энэ хугацаанд хүрэхгүй жирэмсэн болох энэ хугацааг хэтэрхий өнгөрөөж байгаад жирэмсэн болох аль аль нь ч хүндрэлтэй. Хожуу жирэмслэлтүүд ч нэмэгдэж байгаа хэмээн нэмж хэлэв.

Түүнчлэн сүүлийн үед мөн л санаа зовоож буй асуудлын нэг эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварт өвчин гэнэ. Эмнэлэгт хандаж байгаа зүйлсийн дийлэнх нь бэлгийн замын халдварт өвчин байгааг тэрээр хэллээ. Бэлгийн замын халдварт өвчин үргүйдлээс эхлээд олон хор уршигтайг хэлж байв.

Хүн байгалийн нэг л амьтан. Тиймээс эмэгтэй хүн төрж, хөнгөрч байх ёстой. Төрөх тусам царай нь гэрэлтээд эхэлдэг. Эмэгтэй хүн сайхан болдог, шинэчлэгдэнэ ч гэж ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүнийг өндгөвчний үйл ажиллагаагаар нь шинждэг. Нүүр ам нь гөлгөр нүд нь цогтой байвал өндгөвч нь сайн ажиллаж байна л гэж ойлгоно. Нөхөргүй бол хүүхэд битгий гаргаач ээ гэж хэлмээр байдаг даа хэмээв.

Кесарево хагалгааны талаар тэрээр кесарево хагалгаагаар тав, зургаа ч төрж болно. Кесарево хагалгаагаар төрсний дараа өөрөөрөө төрж болдог. Гэхдээ болж л өгвөл кесарево хагалгаагаар бус байгалийн жамаар төрөхийг бүсгүйчүүдэд зөвлөнө. Манай эмнэлэг төрөх тасаг руу нөхрүүдийг нь оруулчихдаг. Эх хүн хүүхдээ төрүүлэх үедээ үхэлтэй нүүр тулаад үрээ шүүрч аваад, энгэртээ тэврэн буцаж ирдэг юм гэдэг дээ. Хүн ер нь эх төрж байгааг харах хэрэгтэй. Өөрөө эхээс төрж байгаагаа харах биш дээ. Хийсвэрээр төрж байгаа эхчүүдийн дэргэд мөн адил нөхрийг нь оруулдаг. Нөхрүүд ухаан алдаж байсан тохиолдлууд ч бий. Бид чинь ухаан алдсан хүнийг тоох нь битгий хэл нөгөө эхийгээ төрүүлэхэд л анхаарна шүү дээ хэмээн инээмсэглэлээ.

Б.Бүлтэн эмч, Ж.Бадамцэцэг, Б.Байгалмаа, О.Оюунжаргал, Б.Дарьсүрэн нарын хамт

Тэрээр “Миний ажлын хамгийн гол нь эх барихаас гадна эмэгтэйчүүдийн мэс засал хийх ажил. Эмэгтэйчүүд мэс засалч болох төрөлхийн давуу тал бий. Оёж шиднэ гэдэг чинь эмэгтэй хүний байгалиас заяасан эв дүй. Гарын эв дүйтэй байж хагалгааг хурдан хийнэ. Багш нар маань нэг хөл нь наранд, нэг хөл нь нарсанд гэж эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн бэрхийг зүйрлэн хэлдэг байлаа. Манай хамт олон даанч сайхан бүл дээ. Найрсаг элгэмсэг дотно харьцахыг ирсэн буцсан хэн боловч мэдэрдэг байх. Хамтдаа бий болгосон найрсаг харилцааг эхнээсээ тангараг мэт дагаж явна. Хэн хэдийд ч ирсэн дулаахан, дотно орчинд найрсгаар угтах бидний өдөр тутмын заншил. Хүн бусдын хүндлэлийг хүлээнэ гэдэг өөрөө үлгэр жишээ байхаас эхэлдэг. Монголчуудын сургаалд өөрийн биеэр үлгэрлэж сурга гэдэг. Миний хувьд энэ зарчмыг хаана ч хэзээ ч баримтална. Хагалгаа болгон хариуцлага. Мэс заслын хутга бариад хүнд хагалгаа хийнэ гэдэг том эрх ч, тийм эрхийг хүлээж авахад том үүрэг хариуцлага дагана. Санаандаа хүртэл ажиллаж хагалгаа амжилттай болоход сэтгэл өег гэж жигтэйхэн. Баярлалаа эмч ээ гэх үгсийг сонсоод амьдрал үнэхээр сайхныг мэдэрнэ. Хүний амьдралд юу чухал, юу үнэ цэнэтэй гэдгийг мэдэхээс амьдрал эхэлдэг. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл хаана ч байхгүй. Нэгдүгээр төрөхийн эмч нар миний практикийн шавь нар. Би ч өөрөө олон багштай. Нэгдүгээр төрөхийн эмч нарын хагалгаа хийж байгааг харахаар миний зүүгээ барилт хатгалт их адилхан байдаг. Та нарын хагалгаа хийж байгаа надтай адилхан санагдаад байх юм гэхээр таны шавь юм чинь гэдэг” хэмээв.

“Таны төлөө бид” эмнэлэг өдгөө 10 эмчтэй. Тус эмнэлэг хэвтэн эмчлүүлэх ч тасагтай. Бид дөрвөн давхарт байрлах хэвтэх тасаг руу орж сонирхлоо. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүс ном уншина, утсаар ярих зэрэг харагдана. Төрөх дөхсөн эхчүүд үүгээр түүгээр алхална. Тус эмнэлгийн захирлаар Б.Бүлтэн эмчийн гэр бүлийн хүн Б.Доржпүрэв ажилладаг байна. Гэр бүлийн хоёр арван жилийн сургуулиасаа ижил дасан болон өдийг хүртэл ханилжээ. Б.Бүлтэн эмч Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул. Ижий аав нь малчин хүмүүс аж. Тэрээр айлын арван хүүхдийн ууган нь юм байна. Б.Бүлтэн эмч багаасаа эмч болох хүсэлтэй байсан нь гэртээ хүндрэлтэй төрж буй ээжийгээ хараад сэтгэл нь их өвдөж. Том болоод эмч болж ээжийгээ зовоохгүй төрүүлэх юмсан гэсэн цагаахан бодлоос эмч болох хүсэл нь эхлэлтэй аж. Өдгөө түүний хүсэл биелж ард олны хүйн ээж болжээ.

Бид өдрийн хоол хамт идэн ярьж суулаа. Бидний өмнө “Цагаан мөр” хэмээх шинэхэн номын үнэр ханхална. Бидний яриа шинэхэн номын талаар үргэлжиллээ.

Тэрээр “Хүн өөрийнхөө түүхийг эс бичвээс бусад нь түүний түүхийг зохионо гэдэг. Өлгийдөж буй номонд миний зүрх сэтгэлийг дэлгэн, тоглож өссөн толгод, хамтдаа сурсан нөхөд, хань ижил, үр хүүхэд хамт олон гээд намайг хүрээлж буй бүхэн багтах учиртай. Бид хоёр анх хоёр гудас, нэг хөнжилтэй амьдралаа эхэлж байлаа. Сангийн яамнаас манай нөхөрт 21 дүгээр сургуулийн хажууд халаалтын зуухтай байшин өгсөн юм” хэмээн инээв. Том охин Д.Ариунаа нь тус эмнэлгийн санхүү эрхэлсэн даргаар ажилладаг гэнэ. Харин дунд охин Д.Уранчимэг нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч эх барих эмэгтэйчүүдийн эмч болж “Өргөө” амаржих газар ажилладаг байна. Хүү Д.Ганзориг нь Хоёрдугаар эмнэлэгт Цөмийн анагаах ухааны тасагт цикл хурдасгуурын оператор инженерээр ажилладаг аж. Монголынхоо сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн төлөө, тэдний эрүүл энхийн манаанд эмч сувилагчдын тэргүүн эгнээнд яваа. Бүлтэн гавьяатын эмнэлгээр ийм сонинтой байлаа.