Categories
мэдээ соёл-урлаг

УГЗ Гаадангийн Дунбүрээ: Байгаль бол миний багш, би байгалийн өчүүхэн шавь

УГЗ Гаадангийн Дунбүрээтэй ярилцлаа.


-Сайн байна уу? Юуны өмнө ярилцах хүсэлтийг минь хүлээн авсан таньд баярлалаа. Ингээд яриагаа таны бага насны амьдрал, зураач болох хүсэл мөрөөдлийн тань талаар эхлэе?

-За баярлалаа чамд ч мөн энэ өдрийн мэнд хүргэе. Би 1941 оны хүн, бага байхаасаа л зураг зурдаг байсан. 1950 онд Төв аймгийн Өндөрширээт суманд бага сургуульдаа сурсан. Улаанбаатар хотын 3-р арван жилийг төгссөн. 1958 онд Пионерийн ордон анх ашиглалтанд ороход анхны уран зургийн дугуйланд орсон.

Эхлээд орохдоо би зүгээр ч нэг орчоогүй \инээв\ бөхийн дугуйланд 3 сар гаруй хугацаанд яваад больсон. Хажууд нь “Уран зургийн” дугуйлан байсан. Төрийн хошой шагналт, анхны ардын зураач, УГЗО.Цэвэгжав багш заадаг байсан, тэр дугуйланд хоёр жил яваад 1961 онд төгсөж МУБИС-ийн зураг хөдөлмөрийн ангид орсон. 1964 онд төгсөөд“Урчуудын эвлэлийн хороо”-нд томилогдон очиж эдүгээ 50 гаруй жил монголын дүрслэх урлагийн байгууллагад өөрийн хувь нэмрээ оруулан ажилласаар байна.

-Таны хувьд өөрийн уран бүтээлээрээ юуг түгээхийг зорьдог вэ?

-Миний бүтээлүүд өвөрмөц л дөө. Анх урчуудын эвлэлийн холбоонд ажиллаж эхлээд олон сайхан уран бүтээлч зураачдын дунд ажиллажбайсан учраас тэднээс их зүйлийг сурсан. Бүтээлээрээ монголын ард түмний зан заншлыг Монгол, Европзургийн аргаар хослуулан зурж егөөдөл, ёгтлолын шог хошин байдлын аргаар илэрхийлэн зургаа зурдаг.Миний анхны уран бүтээл болох “10 ямаа” нэртэй бүтээл маань хөрөнгөтний үзэл суртал гээд төрд загнуулж байсан үе бий л дээ. Бүтээлүүдмаань үзэсгэлэнд орохоосоо илүүтэй ихэнх нь хасагдаж байсан. Энэ нь ч надад маш их хат, тэвчээрийг суулгаж өгсөн.

“10 ямаа, 10 тэмээ, 10 адуу гэх олон бүтээлүүд маань монголын мал сүргийг арав арваараа өсөн үржих болтугай хэмээн бэлгэдсэн утгаар зурсан”.

Бүтээл бүрдээ монголын түүх соёл, ахуй амьдралыг тусгахыг л зорьдог доо.

-Урлаг,уран зургийн ертөнцөд 50 гаруй жил ажиллаж амьдарсаар байгаа уран бүтээлчийн хувьд та залуу уран бүтээлчиддээ юуг захиж зааж зөвлөх вэ?

-Монголын дүрслэх урлагийн босго бол хатуу хэн дуртай нь тэр босгыг алхана гэдэг хэцүү. Уран бүтээлч хүн өөрийнхөө бие сэтгэл хамаг зүйлийг зориулж байж бүтээл хийнэ. Шантрах явдал бол бий л дээ гэхдээ нэгэнт сэтгэл гаргасан бол түүндээ үнэн ч байж өөрөө өөрийгөө байнга дайчилж, цэнэглэж, дэлхийн сонгодог урлагийн түүхийг сайтар судалж мэддэг байж бүтээл хийнэ. Хувь хүний хөдөлмөр хичээл зүтгэл, бусдаас суралцах чадвар, судалгаа их чухал. Би өөрөө их судалбар хийдэг тав зургаан зуун мянган судалгааны ажил надад бий. Улсынхаа түүх их хүрээний талаар ихээхэн судалдаг. Нөгөөтэйгүүр “Байгаль бол миний багш, би байгалийн өчүүхэн шавь” хэмээн бодож байгалиас суралцсаар л явж байна.

Байгалиас хүн ихийг сурах ёстой. Байгальд явж байж, байгальд өөрөө шингэж байж зургаа бүтээх хэрэгтэй. Зарим хүмүүс байгальд зурах зүйл юу ч алга гэж хэлдэг.

“Байгаль намайг голно уу гэхээс байгалийг би голохгүй” энэ бол миний зарчим. Нэг мод зурсан ч тэнд үнэ нь шингэдэг байх хэрэгтэй. Би өөрөө байгалийг хараад, дунд нь ороходбайгальд би ууссан юм шиг бүх юм мартагдаад ямар ч анир чимээгүй тэс өөр ертөнцөд орчихдог. Энэ бүхэн л миний уран зургаар дамжуулан авч чаддаг хамгийн гайхалтай мэдрэмж юм даа.

-Короновирустай холбоотой хөл хорио зураач таны хувьд хэрхэн нөлөөлсөн?

-Улам илүү нөлөөлсөн, хөл хорионы үеэр хийсэн судалгааны ажил их байна. Үүнээсээ үүдэн бүтээлүүдээ зэрэг зэрэг эхлээд явж байна. Би зурсан зураг бүрийнхээ ард түүхийг нь биччихдэг юм.

1965 оноос эхлээд л түүхийн сэдэвтэй зүйлийг ахмадуудтай уулзаж судалж байсан. Тэр сайхан хүмүүстэй уулзаж ярилцсан зүйлээ дандаа тэмдэглэж үлдсэн. Түүх гэдэг бол хүний оюун ухааныг өөрөө хөтлөөд орчихдог. Богд хааны музейн захирлаар долоон жил ажилласан. Түүнчлэн Орос болон Европын дийлэнх улс орнуудаар үзэсгэлэн гаргаж оролцож явсан. Их ч зүйлийг судалж сурч мэдэж, харж үзэж, архивт ч олон сар жилийг өнгөрөөн судалгаа хийсэн.

-Ойрын хугацаанд хийхийг төлөвлөсөн, хийж буй уран бүтээлээсээ дурьдвал?

“Их хүрээний” талаар бүтээл зурж байна. Мөн ном гаргахаар төлөвлөж ажилдаа орсон. Миний хийж буй бүтээл, зураг бүхэн улс үндэстнийхээ түүх, соёл, өвөрмөц зан заншил, ахуй амьдралыг шингээж агуулж байдаг. Орос, Монгол, Хятад 3 хүн зэрэг суугаад зураг зурахад Монгол хүний зураг ялгарч чаддаг байх хэрэгтэй гэж боддог доо.

Хүн нэг л сонгосон салбартаа бүхий л хүч чадал, сэтгэл зүрхээ дайчлан, шантралгүйгээр хөдөлмөрлөж чадвал гавьяа шагнал нь өөрөө дагаад ирдэг юм. Цаашдаа энэ салбартаа хувь нэмрээ оруулж бүтээлээ туурвисаар байх болно. Би зургаа зурахдаа хэзээ ч ашгаа бодож зурдаггүй чин сэтгэлээсээ тухайн бүтээлээ хийж чаддаг тиймээс ч бүтээлүүдийн маань эзэн нь өөрөө хүрээд ирчихдэг юм.

-Залуу хойч үедээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Залуучууд бол хамгийн гол нь үндэснийхээ уламжлалт урлаг дээр түшиглэн, түүх соёлоо үеийн үед хадгалан үлдэж хийж буй зүйлдээ хоёргүй сэтгэлээр хандан үнэнч л байх хэрэгтэй хэмээн захья

Ярилцсанд баярлалаа

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг боомтоор нийт 286 иргэнийг татан авсанаас найман иргэнийг тусгаарлажээ

УОК-ын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авсан билээ. Уг арга хэмжээг мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад мэргэжлийн албадтай хамтран амжилттай зохион байгуулсан юм.

авсан бөгөөд иргэдийг хил нэвтэрсэн даруйд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авчээ. Улмаар тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн байна. Ингэхдээ найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа Н.Ууганбаярыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томилжээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Нэргүйн Ууганбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар наймдугаар сарын 5-ны өдөр томилжээ.

Засгийн газрын уг тогтоолыг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулж, Гадаадын иргэн, харьяатын газрын тамга, тэмдгийг Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Мөрөн гардуулан өгч, ажлын амжилт хүссэн байна.

Нэргүйн Ууганбаяр нь 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг төгсөж, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн даргаар ажиллаж байв. Мөн 2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдож, уг албыг хоёр жил хашжээ.

Мөн тэрбээр АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөний дээр Итали, Австрали зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны баярын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Тэрээр “Иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгэний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнууд хийж бүтээсэн ажлаа үнэлүүлдэг удирдлага, санхүүжилтийн тогтолцоог шинээр нэвтрүүлэхээр зорьж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчинг нэрлэжээ

“Хад” хочит Америкийн жүжигчин, продюсер Дуэйн Жонсон “Forbes” сэтгүүлээс эмхлэн гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.

Өдгөө 48 настай Жонсон сүүлийн 12 сарын хугацаанд 87.5 сая ам.долларын ашиг орлого олсон хэдий ч өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ нь 1.9 сая ам.доллароор бага байсан аж. “Netflix”-д тавигдах “Улаан мэдэгдэл” цувралын зураг авалтаас гэхэд л тэрбээр 23.5 сая ам.долларыг олжээ. Түүнчлэн “Under Armour” спорт хувцасны компанитай Жонсон гэрээ байгуулсан нь ихээхэн хэмжээний орлого олоход нь нөлөөлсөн байна.

Канадын жүжигчин Райан Рейнольдс 71.5 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын хоёрдугаарт оржээ. Тэрбээр мөн “Улаан тэмдэглэл” цуврал болон 2019 оны 12 дугаар сард худалдаанд гарсан “6 Underground” кинонд бүтээсэн дүрээрээ ихээхэн ашиг орлого олжээ. Харин “Spenser Confidential” кинонд дүр бүтээж, “McMillions” богино хэмжээний цуврал кинонд продюсероор ажилсан Америкийн жүжигчин Марк Уолберг жагсаалтын гуравдугаарт бичигдлээ.

Араас нь жагсаалтад жүжигчин Бен Аффлек, Вин Дизель, Болливудын од Акшай Кумар нар бичигджээ. Жүжигчин Уилл Смит, Адам Сэндлер, Жеки Чан нар орлогоороо сүүл мушгисан байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн осол гаргасан жолооч хэргийн газраас зугтжээ

Өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 12-ны үүрийн дөрвөн цагийн орчимд СХД-ийн арван-долдугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрлэн дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч 25 настай явган зорчигч Н-ийг мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна. Зугтсан жолоочийг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоожээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн Ханбогд сумын зарим хэсэг дэхь шороон зам урсжээ


Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар /2020.08.11/-ны өдрийн шөнө их хэмжээний усархаг бороо орж Цагаан хад сууришлын бүс , мөн богино хэмжээний эргэлтйн шороон зам дагуух зарим хэсгүүд усанд автаснаар цөмрөх эрсдэл үүсэх магадлалтай нөхцөл байдал үүсээд байна. Иймээс жолооч нарыг болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Цаг уур, орчин шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр говь бүсийн аймгуудаар, маргааш нутгийн зүүн хагаст усархаг, аадар бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очир /Улсын Их Хурлын гишүүн асан/-т холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг долоо хоногийн хугацаатай хойшлуулж энэ сарын 19-ны өдөр товлолоо.

Өмнөх шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар ажлын хөтөлбөрөө УИХ-д өргөн барина

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов.

Хөтөлбөр нь COVID-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна.

COVID-19. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ.

Хүний хөгжлийн бодлого. Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байна.

Эдийн засгийн бодлого. Макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд даван туулах, тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлнэ.

Ногоон хөгжлийн бодлого. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлнэ.

Засаглалын бодлого. Шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журам тогтоон, хүнд суртлыг халж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг чанд мөрдүүлэн, иргэдийг амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлөөр хангана. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого. Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулан, Улаанбаатар болон дагуул хотыг оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл бүхий хот болгоно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн төрөлжилтийг сайжруулж, тэргүүлэх салбаруудыг бодлогоор дэмжин хөгжүүлэх, экспортын өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн бодлого урт хугацаанд тогтвортой байх суурь зарчимд тулгуурлах юм.

-Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болов.

-“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдсанаар дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдэнэ. Зорилтууд хэрэгжсэнээр иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, эрүүл, аюулгүй амьдрах орчин бий болж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх юм. Мөн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилна гэж тооцоолж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулав. Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх юм. Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.

-Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулав. Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх үндсэн зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

​Д.Дамба-Очирын шүүх хурал өнөөдөр болно


УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж магадгүй гэх хэргээр хоёр жил шалгасан. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.08.12/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно.

Д.Дамба-Очир холбогдох хэргийн шүүх хурал 7 сарын 30-ны өдөр болсон ч шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг 8 сарын 12-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм.

Шүүхээс Д.Дамба-Очирыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр албадан ирүүлж, цагдан хорих арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ