Categories
мэдээ цаг-үе

Б.Өсөхбаяр: Аялагчид түүх соёлын өв, дурсгалд хүндэтгэлтэй хандах тал дээр дутагдалтай байна

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Аялал жуулчлалын идэвхтэй улирал үргэлжилж байна. Экологийн цагдаагийн албанаас хоггүй цэвэр аялахыг уриалж аян зохион байгуулж байгаа юм байна. Аяны хүрээнд хийгдсэн ажил арга хэмжээний талаар тодруулахгүй юу?

-“Ковид 19”-ийн нөлөөгөөр дотоодын аялал эрчимжиж ирэх нь судалгаанаас харагдаж байсан. 560 мянга орчим аялагч Монгол Улсын түүхэн болон байгалийн өвөрмөц тогтоцтой бүс нутаг, хилийн зурвас газруудаар аялна гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулаад Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчны яам, Жайка олон улсын байгууллагатай хамтраад байгальд “Ирлээ, явлаа цэвэр” аяны арга хэмжээг хариуцлагатай аялцгаая уриалгатайгаар зохион байгуулж байна. Аян наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотоос гарч байгаа төв замуудад хоггүй цэвэр аялахыг уриалсан стикер наалтуудыг байршуулсан. Мөн дотоодын аялал жуулчлалын компаниудтай хамтарч ажиллаж байна. Нийслэл хотоос орж гарах замуудад хогийн том сав байршуулж өгсөн. Дүүрэг тус бүрийн тохижилт үйлчилгээний хэлтсийн компаниуд хогийг нь ачдаг.

-Аян хэрэгжээд сар орчмын хугацаа өнгөрсөн байна. Гарсан үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Арга хэмжээний үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан гэж үзэж байна. Мэдээж өргөс авсан юм шиг бүх зүйл сайхан болчихгүй. Үр дүнд аялагч нар хогоо ачаад явах, хогийн зориулалтын саванд хийх ухамсартай болжээ.

-Та бүхэн шалгалтын ажиллагааг тогтмол явуулж ажиллаж байгаа. Аялагчдын гаргаж байгаа гол зөрчил юу байна вэ?

-Аялагчид түүх соёлын өв, дурсгалд хүндэтгэлтэй хандах тал дээр дутагдалтай байна. Сүг зурган дээр очоод л эрээчээд, янз бүрийн юм сийлсэн зөрчил олон бүртгэгдсэн. Мөн голын усанд тээврийн хэрэгслээ угаах асуудал их байна. Үүнээс гадна тарваган тахлын өндөр эрсдэлтэй нөхцөл байдал бүртгэгдээд байхад л эд эрхтэнг нь худалдаалах, зөөвөрлөх зөрчил тасралтгүй бүртгэгдэж байна. Ойн дагалдах баялаг самарыг бэлтгэсэн зөрчил хэд хэд бүртгэгдлээ. Аяны хугацаанд 11 удаагийн гэмт хэрэг гарсан. 164 зөрчил бүртгэгдээд байна.

-Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг ямар байдлаар явуулж байна вэ?

-Улаанбаатар хотын ногоон бүсүүдэд анхаарч ажилласан. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Туул голын ай сав газар, Нийслэлийн аврах 105 дугаар анги, Нийслэлийн цагдаагийн газрын морьт эргүүл гэх байгууллагуудтай хамтарч эргүүл шалгалтын ажиллагааг явууллаа. Илэрсэн зөрчлүүдэд тухай бүрт нь арга хэмжээ авч ажилласан.

-Гол усанд машин тэргээ угааж байгаа зөрчилийг илрүүлэхэд иргэдийн идэвх, оролцоо чухал байдаг байх.

-Экологийн цагдаагийн албаны пэйж хуудас, групүүдэд иргэдээс мэдээлэл авч байгаа. Тээврийн хэрэгслийн дугаар, эзэмшигч нь тодорхой бол дуудаад холбогдох арга хэмжээг авч ажилладаг. Зөвхөн тээврийн хэрэгслээ голд угаасан 132 зөрчил бүртгэгдээд байна. Үүнд 6.4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Мөн голын ай сав газарт том миксэр машинууд цементний үлдэгдэл хогоо асгах ноцтой зөрчил гарч байна. Тухай бүрт нь арга хэмжээ аваад явж байна.

-Хөдөө хээр талд замгүй газраар зорчиж экологид хохирол учруулах тохиолдол их гардаг. Үүн дээр ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Хяналт тавьж ажиллаж байгаа. Бидний зүгээс анхааруулна, шаардана. Яг зүлгэн дээгүүр зөрчиж байгаа тохиолдол бүрт цагдаа зогсож, хяналт тавих боломжгүй шүү дээ. Энд хувь хүний ухамсар чухал. Зүлгэн дээгүүр зорчиход байгаль экологид учрах хор хөнөөлийг иргэн ухамсарлах ёстой.

Энд нэг зүйлийг анхааруулахад замгүй газраар зорчино гэдэг өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж байгаа хэлбэр. “Би энэ газрыг мэддэг” гэж бардам зан гаргаад осолдсон, машин тэргээ голд урсгасан тохиолдол бий. Баталгаагүй зам талбайгаар зорчиж амь насаа алдсан зургаан ч хэрэг бүртгэгдсэн. Мөн хүнд, хөнгөн байдлаар бэртсэн найман тохиолдол байгаа. Энэ асуудалд анхаарч баталгаат замаар болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

-Байгаль орчинд хамгийн ойр байдаг улс бол ойн цагдаа, байгаль хамгаалагч нар. Тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Экологийн цагдаагийн албаны гол хамтрагчид нь байгаль хамгаалагч, ойн байцаагч нар байдаг. Бид аймаг сумын байгаль орчны газруудтай тогтмол хамтарч ажилладаг. Ойн байцаагч нар уулын аманд гарч буй зөрчил дутагдлын талаар бидэнд мэдээлж нүд чих болж байдаг. Дээрх улсуудын дэмжлэгтэйгээр бидний ажил хурдацтай явдаг юм.

-Иргэдийн олноор аялдаг газруудад хог их байна лээ. Энгийн жишээ татахад л Хяргас нуурын эрэг орчимд зарим хөл хөдөлгөөнтэй хэсэг хогонд дарагдсан байгаа харагдсан. Хариуцлагагүй аялагчдын нарын хогийг хэн цэвэрлэх вэ. Энэ асуудлыг ямар байгууллага хариуцах вэ?

-Хяргас нуурын захиргаа хариуцах ёстой. Тухайн байгууллага иргэдийг соёлтой аялахыг сануулж байх үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүйгээс хог хуримтлагдсан газрууд байгаа. Мөн өмнөх жилүүдийн хог хаягдлууд ч байгаа. Энэ асуудалд санаа зовсон иргэд зохион байгуулалттайгаар цэвэрлэж, бусдадаа уриалга гаргасан байна лээ. Үүнээс иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь харагдаж байгаа юм.

-Аялагчдад юуг уриалах вэ?

-Аялал жуулчлалаар явахдаа байгаль орчинд ээлтэй байхыг л хүсээд байгаа юм. Бусад аялагчийн эрх ашгийг хамгаалах нь аяллын гол дүрэм. Аялал жуулчлалаар явахдаа төлөвлөх нь чухал. Аялахдаа fail Mongolia аппликэйшн хэрэглэхийг санал болгож байна. Үүнд аялал жуулчлалын зам маршрутаас гадна кэмпүүд бүртгэлтэй байдаг. Аппликэйшнээсээ захиалга өгөх бүрэн боломжтой. Төгсгөлд нь байгалийн сайханд аялсан бол цэвэр үлдээхийг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

М.Наранбаатар: “Марко Поло” кинонд тоглох үед бидний моринд эрэмгийг шагшин гайхаж байсан

Тулааны найруулагч “Action crew” орлон тоглогчдын багийн ахлагч, Соёлын тэргүүний ажилтан М.Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр “Үргээлэг”, “Босуул”, “Миний ах атаман”, “Говийн домог”, “Зүрхний хилэн” зэрэг 20 гаруй киноны тулааны хэсгийн найруулгыг хийсэн юм. Түүнчлэн “Action crew” багийн 40 орчим уран сайхны кинонд өөрөө орлон тоглогчоор ажилласан бөгөөд 2015 онд Унгар улсад зураг авсан Холливудын “Марко Поло”, “Мулан” кино зэрэг олон улсын кино уран бүтээлд оролцсон байна.


-Холливудын “Мулан” кинонд орлон тоглогчоор тоглосон байна. Тэнд хэчнээн баг оролцсон бэ?

-Анх 1998 онд анимейшн хэлбэрээр дэлгэцнээ гарсч байсан. Холливудын “Мулан” кино төсөлд Монголоос “Ac­tion crew” болон “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын баг оролцсон юм. Бид “Мулан” бүтээлд морьтон дайчны дүр бүтээсэн. Дэлхийн даяар нээлт нь гуравдугаар сард байсан ч хөл хорионы үе гээд есөн сар хүртэл хойшилсон. Одоо Австрали улсад киноны зураг авалттай явж байна. Холливудын кинонууд ойролцоогоор хоёр жилийн дараа олон нийтэд хүргэдэг. Бид нууцлалын гэрээ байгуулдаг болохоор киноны нэр, компаниа хэлж болдоггүй. Ямартаа ч одоо энэ цаг үеийн номер нэг компанитай хамтарч ажиллаж байгаа гэхэд болно.

-Монголын кино урлагт орлон тоглогч мэргэжилтэй залуус хэр их байгаа вэ?

-Манай багийн тухайд ихэвчлэн тулаантай киноны хэсгүүдэд тоглодог. Анх гурван хүний бүрэлдэхүүнтэй 2006 онд үүсгэн байгуулагдаж байлаа. Харин 2008 онд үйл ажиллагаагаа бүрэн явуулсан. Одоогийн байдлаар хоёрдугаар сард “Мулан” кинон дээр ажилласан. Орчуулагч, жүжигчид гээд багийн статустай үйл ажиллагаагаа явуулдаг манайх болон “Тэнгэрийн чоно” баг байгаа.

-Киноны зураг авалт хэр хугацаанд авагддаг вэ?

-Хоёр секундэд мөргүүлдэг хэсэг, эсвэл хэдхэн секундын тулааны хэсэг гээд ямар үзэгдлийг үзүүлнэ гэдгээсээ шалтгаалаад хугацаа нь өөр өөр байдаг. Зөвхөн Монголын кинонд тоглосон хэсгүүдээ тоолж үзсэн л дээ тэгэхэд нийт 40 гаруй кинонд тоглосон байсан.

-Киноны орлон тоглогч гэдэг их эрсдэлтэй хүнд ажил мэргэжилд тооцогддог. Яг энэ мэргэжлийн үнэлгээг гадныхантай харьцуулахад бага байдаг уу?

-Талх 1000 төгрөг гэдэгтэй адил тогтсон үнэлгээ гэж байдаггүй. Багийнхаа хоёр гишүүнтэй рекламанд машинд мөргүүлдэг, үсэрч харайдаг хэсгийн зураг авалтад оролцоод 40 мянган төгрөгийн цалин авч байсан. Тухайн үед хөдөлмөрийн үнэлэмж бага байсан шүү дээ. Гадаадад бол гэрээн дээр заасан үнээс гадна хүнд үзүүлбэрийн үнэ гэж тусдаа нэмэгддэг. Орлон тоглогчдийн мэргэжил цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудтай адил их эрсдэлтэй ангилалд ордог. Дэлхийн стандартыг яривал манай Монголын үнэлгээ цалин шагнал их бага талдаа орно. Бид гэхдээ мэргэжлээ үнэ цэнэтэй болгож чадсан.

-Танай баг нийт 40 гаруй кинонд тоглосон гэлээ. Ихэвчлэн гадны кинонд тоглосон уу?

-“Action crew” багаараа Монголынхоо 40 гаруй кинонд тоглосон. Мөн Холливудын хэд хэдэн кинонд тоглосон. 2015 онд Унгар улсад “Марко Поло” цуврал киноны морьтой тулааны хэсгийн зураг авалтад оролцож байсан. Тухайн үед тэр хэсгийн найруулагчид “Монголчууд морьтой харьцах, давхих, морин дэл дээрээ байгаа нь европчуудаас шал өөр юмаа. Бүр морин дээрээ амьдарчих юм” гээд магтаж байсан. Учир нь нэг зургаас дараагийн зураг авалт хооронд маш удаан хүлээх хэрэг гардаг. Энэ хугацаанд гаднынхан мориноос буугаад шууд хэвтээд өгдөг. Харин монголчууд морин дэл дээрээ унтаж, амарч л байдаг. Үүнээс гадна тэр кино төсөлд 11 орны 70 орчим орлон тоглогч оролцсон. Бид зургийн талбайд зураг авалтаа дууссаны дараа шууд заал руу очиж, нэгдсэн бэлтгэлд гардаг. Гадны орлон тоглогчид морьтой хэсэгт ордог, машин тэрэгтэй харьцдаг хурдтай жолоодох эсвэл мөргүүлдэг, өндрийн үзүүлбэр хийж унах юм уу үсэрч харайдаг авирдаг, шатах тэсрэх бодистой харьцдаг гээд мэргэшсэн багууд байдаг юм билээ. Харин бид өөрсдийнхөө хэмжээнд бүхий л хүнд зураг авалтуудад оролцдог ч Монголд хэцүү нөхцөлд ажилладаг.

-Танай багт эмэгтэй орлон тоглогч байгаа юу?

-U film-ын гаргасан “Single ladies” 4” кинонд оролцож байхдаа эмэгтэй жүжигчидтэй ихэвчлэн харилцдаг байсан. Тэр үед эмэгтэй орлон тоглогч хэрэгтэй болсон. Тэгээд тэндээс манайх эмэгтэй орлон тоглогчоо олж авсан. Одоогоор ганц эмэгтэй жүжигчинтэй байгаа.

-Киноны зураг авалтын үеэр золгүй тохиолдол болсны улмаас орлон тоглогчид биедээ хүнд гэмтэл авч, амиа алдсан тохиолдол байдаг юм билээ. Эрсдэлээс өөрсдийгөө хэрхэн хамгаалдаг вэ?

-Бэлтгэлийн үеэр бид гүйж байгаад гэнэт үсэрч унана. Нэгнийгээ цохиж, түлхэж унагана. Мөн солиотой юм шиг хана, хаалга мөргөж уначихаад, энэ уналт онцгүй болчихлоо гээд дахиад хийнэ. Ингэж бэлдэж байж л бид зургийн талбай дахь эрсдэлээ багасгана. Гэхдээ яалт ч үгүй жижиг, сажиг бэртэл авах үе их бий.

-“Action crew” пэйжээрээ богино хэмжээний видеог олонд түгээдэг. Видеогоороо юу өгүүлэхийг зорьсон бэ?

-Мэргэжлийн үнэ цэнэ мөн нарийн мэргэжлийн давуу талыг бусдад ойлгуулахыг хичээдэг. Өөрсдөө бичлэгээ хийж байхдаа давхар туршлага хуримтлуулах зорилгоор богино хэмжээний видео хийдэг. Цаашид бид орлон тоглогч бус өөрсдөө жүжиглэсэн бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөж байгаа.

-Холливудын кинонд тоглох монгол кинонд тоглохоос хэр ялгаатай байдаг вэ?

-Монгол дахь киноны зураг авалтыг авахдаа өдөрт 6-7 удаа давтаж авдаг бол Холливудын кино өдөрт хоёр л удаа зураг авалт авдаг. Орчин нөхцөлөө сайн тааруулж бэлтгэж байгаад авдаг гэх юм уу даа. Түүгээрээ л ялгаатай байх. Мөн киноны мориноос унах, үсрэх гээд бүх хүнд үзүүлбэрүүдийг хийж чадах чадварлаг залуусыг сонгож авдаг. Жэки Чаны орлон тоглогчоор А.Лхагвасүрэн гээд монгол залуу тоглож байсан. Бид гадны кинонд тоглохдоо их олуулаа явдаг. Зөвхөн морь унах хүн л гэхэд 35, орлон тоглогчоор 15 гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ явдаг. Киноны хамгийн хэцүү зураг авалтыг нь үзүүлдэг. Тэгээд орчуулагч гээд багийн ажиллагаатай оролцдог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “ТЭНЭГЛЭЛ vs ШУНАЛ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр “Ял тохиролцох нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж болзошгүй гэдэг нь сая харагдлаа” гэлээ.

Өдрийн сонин ерөнийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн өдрийн тэмдэглэлийг хүргэж байгаа билээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч гуравдугаар нүүрт Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “ТЭНЭГЛЭЛ vs ШУНАЛ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Д.Отгонбаяртай ярилцлаа. Ярилцлагыг IV нүүрнээс уншаарай.

“Гурван шүтээн” уламжлалт бурхан урлалын төвийн бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач Ч.Батзоригтой ярилцлаа. “Бурхан шашины бэлгэдэл, дүрслэлүүдийн мөн чанарыг алдагдуулж болохгүй” гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

​Өвөлжилтийн болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлд анхаарна


МХЕГ-н ээлжит цахим хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, ургац хураалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэлд анхаарч ажиллах тухай МХЕГ-н дарга Т.Гантулга үүрэг өглөө.

Тухайлбал:

  • Нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх
  • Багш, ажиллагсдын эрүүл мэнд, химийн хорт болон аюулт бодисын хэрэглээ, хадгалалтад анхаарах
  • Цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн анги танхимын ариутгал, халдваргүйтэл, эрүүл ахуй
  • Цар тахлын үед гадаад улсаас эх орондоо ирж буй иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид халдвараас урьдчилан сэргийлж ажиллах
  • Хамгаалах хувцас, амны хаалт, бээлийг зохих дарааллын дагуу иж бүрэн өмсөх, тайлах, халдваргүйтгэлийн чанарт анхаарах
  • тарваган тахлын сэжигтэй болон батлагдсан тохиолдлууд гарсаар байгаа тул хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэхээс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг холбогдох албадтай хамтран үргэлжлүүлэх хэрэгтэй гэлээ.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Казахстанд “COVID-19”-ийн халдвар 100 мянга давлаа

Казахстан улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 100 мянгад хүрсэн байна. Үүнээс 74 мянган хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 1313 хүн вирусийн халдварын улмаас нас баржээ.

Тус улсад өнгөрсөн долдугаар сараас хойш коронавирусийн халдварын тархалт идэвхжсэн бөгөөд хамгийн их буюу нэг өдөрт 1962 шинэ тохиолдол долдугаар сарын 9-нд бүртгэгдэж байв. Үүнээс хойш долдугаар сарын турш шинэ тохиолдлын дундаж тоо 1000-1500 дотор хэлбэлзэж байсан юм. Харин наймдугаар сар гарснаас хойш шинэ тохиолдлын тоо аажим аажмаар буурч байгааг Казахстаны Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Гэсэн хэдий ч энэ нь тайвширч болно гэсэн үг биш бөгөөд иргэд олон нийтийн газар амны хаалт зүүх, иргэд хоорондын зайг баримтлах, гараа сайтар угаах зөвлөмжийг дагаж мөрдөхийг сануулсаар байгаа юм.

Түүнчлэн манай улсын 1300 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан бөгөөд үүнээс 200 иргэнээ татаж авсан байна.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Хоригдлуудад керамик урлалын сургалт явуулж эхэлжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги- Хоригдлуудыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд анх удаа керамик урлалын сургалт явуулж эхэлжээ. Сургалтаар хоригдлууд сургагч багшийн заасан арга техникийн дагуу шавраа бэлтгэн, гар техникийн аргуудад суралцаж, өөр өөрийн гаргасан зургийн дагуу бүтээлээ урлаж эхэлсэн байна.

Сургалтын ач холбогдлын талаар албаныхан хоригдлуудын зан байдал, засрал хүмүүжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна суллагдан гараад, эзэмшсэн мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэн, сайхан амьдрах боломж бүрдэж байгаа талаар онцоллоо.

Сургалтад тус хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудаас гарын ур дүйтэй, зураг зурах болон сийлбэр хийх авьяастай 6 хоригдлыг хамруулсан байна. Сургалтын арга хэлбэрийн хувьд 30 хувь нь онолын мэдлэг олгох, 70 хувь нь практик дадлага олгох хэлбэрээр явагдаж байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлын сэжигтэйгээр нэг хүн нас баржээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэйгээр нэг хүн нас барчээ.Тодруулбал: аймгийн төвд 42 настай эрэгтэй,агнасан хоёр тарваган худалдан авч, гэртээ өвчсөний улмаас тарваган тахлын үжлээр хүндэрч өчигдөр шөнө нас барсан тохиолдол гарчээ.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Тарваганы мах өвчиж байхдаа гараа эсгэж халдвар авах тохиолдол их байдаг байна. Ийнхүү манай улсад энэ оны долдугаар сараас хойш тарваган тахлаар 4 хүн халдвар авсан нь бүртгэгдэж, хоёр нь нас барсан байна.


Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Нутаг буцахгүй болсноо даруй мэдэгдэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн бүртгэлийг 2020 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж, Монгол Улсын Онцгой комисс, ГХЯ, “МИАТ” ХК-тай хамтран зургаан удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 1569 иргэнээ нутаг буцаагаад байна.

Иргэд тус ЭСЯ-нд үргэлжлүүлэн шинээр бүртгүүлж буйн зэрэгцээ нэгэнт бүртгүүлсэн иргэдээс нутаг буцахааргүй болсон тухайгаа тус ЭСЯ-наас холбогдоход мэдэгдэх тохиолдлууд цөөнгүй гарч байна. Жагсаалтыг тухай бүр дахин шинэчлэхэд тодорхой хугацаа шаардагдаж буй тул нутаг буцах төлөвлөгөөгөө өөрчилж, нутаг буцахааргүй болсон иргэдийн зүгээс энэ тухайгаа тус ЭСЯ-ны Консулын хэлтэст аль болохуйц шуурхай мэдэгдэж, иргэд саадгүй буцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Жич: Тус ЭСЯ нь энэ оны наймдугаар сарын 24-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэх тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн нэрсийг шинэчлэн гаргаж, УОК-ийн Шуурхай штабт хүргүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилжээ

АН дотоод шинэчлэлийн ажлуудаа эхлүүлжээ. ҮБХ-нооснь томилсон гурван ажлын хэсэг сонгуулийн ялагдалд дүн тавих, намын шинэчлэл, намын даргын сунгаа явуулах, ирэх арваннэгдүгээр сард товлосон Их хурлын бэлтгэлийг хангах зэрэг чиглэлээражиллаж байгаа юм. Энэ хүрээндАН-ын шинэчлэлийн хорооноос нийслэлийн Ардчилсан намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээрД.Пүрэвдавааг томилжээ.

Тэрээр 10 жилийн сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа 1990 оны ардчиллыг дэмжиж явсан. 2001 ондАН ялагдсан хүндхэн үед гишүүнээр элссэн.2012-2017 онд Баянзүрх дүүргийнЗасаг даргаар,2017 оноосМонгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан. Үүний зэрэгцээБаянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, олонхийн бүлгийн даргын сонгууль албан тушаалыг хашиж,дүүргийн АН-ын даргаар ажиллаж ирсэн юм.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

ЖДҮ-ийн газар байгуулжээ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулжээ.

Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх юм.

Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, ДНБ-ны 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.

А.МӨНХНАРАН