Categories
мэдээ нийгэм

​Манай улсад дэлхийн банкнаас 50 орчим сая ам.долларын зээл тусламж үзүүлнэ

Монгол Улсын Шадар сайд /2020.08.12/-ны өдөр Я.Содбаатар Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэйг хүлээн авч уулзжээ.

Дэлхийн банкнаас Монгол Улсад цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр нийт 50 орчим сая ам.долларын зээл, тусламжийг шийдвэрлээд байна.

Үүнд:

Дэлхийн банкны цар тахлын онцгой байдлын сангаас Монгол Улсад нэг сая ам.даллорын буцалтгүй тусламж үзүүлнэ.

“КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 26.9 сая ам.доллараар хэрэгжүүлж байна.

“Цахим эрүүл мэнд” төсөл 2.1 сая ам.долларын санхүүжилтээр нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авахад зориулан шийдвэрлэсэн.

“Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл” 20 сая ам.даллорын хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шадар сайд Я.Содбаатар Дэлхийн банктай цаашлаад урт хугацаанд хамтран ажиллах, одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн биелэлтэд анхаарч, үр ашигтай байхад хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Монгол Улсын эдийн засаг, төр хувийн хэвшлийг дэмжих чиглэлд түлхүү хамтарч ажиллах санал солилцсон тухай Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

​БНХАУ Европийн 36 оронд хилээ нээнэ


БНХАУ өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээр гадны бүх улстай хилээ хаасан. Тэгвэл ийнхүү эхний ээлжинд коронавирусийн халдварын тохиолдол багатай улсуудтай өнөөдрөөс эхлэн Европын 36 улсад хилээ нээхээр болжээ.

Тодруулбал Албани, Ирланд, Эстони, Австри, Болгар, Умард Македон, Бельги, Исланд, Польш, Дани, Герман, Франц, Финлянд, Нидерланд, Монтенегро, Чех, Хорват, Латви, Люксембург, Румын, Малта, Норвеги, Португал, Швед, Швейцарь, Серби, Кипр, Словак, Словени, Испани, Грек, Унгар, Итали болон Их Британи гэсэн улсууд багтсан байна.

Гэсэн ч гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоногийн тусгаарлалтад байлгах журам хэвээр үйлчилнэ. Мөн хил хаахаас өмнө Хятадын виз авсан хүмүүсийн виз хүчингүй болох тул тус улс руу нэвтрэх хүсэлтэй хүмүүс шинээр визийн материал мэдүүлэх шаардлагатай .

Одоогийн байдлаар Хятадад коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байгаа 761 хүн байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

​Боловсролын түвшинг дэмжиж багш нарт компьютер олголоо

БСШУЯ-ны сайд Л.Цэдэвсүрэн “2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт сургалт семинарт оролцсон 21 аймаг, есөн дүүргийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт зөөврийн компьютерийг гардууллаа.

Боловсролын үйлчилгээг цахимжуулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 3287 ширхэг зөөврийн компьютерийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарт олгохоор болсон.

Багш нарыг компьютержуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжийн эдгээр компьютерийг ерөнхий боловсролын 658 сургуулийн 1098, сургуулийн өмнөх боловсролын 885 байгууллагын 2189 багшид хуваарилах юм.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад 30 мянган ширхэг амны хаалт хандивлалаа


30 мянган ширхэг амны хаалт илгээснийг УОК-т хүлээлгэн өглөө (Global Energy Interconnection development organization) байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ. Тэдгээр амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгчээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг арга хэмжээний үеэр “Коронавирус(COVID-19)-ийн халдвар дэлхий даяар дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын иргэдийг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэг тустай хэрэг. Мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, нэн шаардлагатай амны хаалтыг хүлээлгэн өгч байгаа явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна” гэв.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл :214 мянган хүн коронавирусийн халдвараар шинээр өвчилж, 4,000 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ

Сүүлийн 24 цагийн дотор 214 мянган хүн коронавирусийн халдвараар шинээр өвчилж, 4,000 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас барчээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес өчигдөр “Дэлхий дахинд боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хүүхэд залуусыг цар тахлаас сэргийлэх нөхцөл бололцоог бүх боловсролын байгууллага бүрэн хангасны дараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг анхааруулсан байна.

Мөн цар тахлыг бууруулахад залуучуудын үүрэг хамгаас чухал байгааг нэмж онцоллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 67,000 хүн , Бразил, АНУ-д тус бүр 55 мянган хүн шинэ коронавиурсийн халдвар авсан. ОХУ-д 5,102 хүн өвчилж, 129 хүн эндсэн бол БНХАУ-д 82 тохиолдол бүртгэгджээ. Мөн Япон, БНСУ-д өвчлөл тасралтгүй нэмэгдсээр байна” гэв.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 487 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнээс Covid-19 илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-д элэгний хатуурал, элэг бөөрний хам шинжийн дутагдалтай хүн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа тухай мэдээлсэн. Тус өвчтөн өнгөрсөн шөнө нас барсан.

Тэрээр халдвартад 11 хоног эмчлэгдсэн. Наймдугаар сарын нэгэнд Сөүл-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал маш хүнд ирсэн.

Энэ хүн коронавируст халдвараар бус элэгний хатуурал, элэг бөөрний хам шинж хавсарсан тохиолдлын улмаас нас барлаа. Дөрвөн удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэлээ.

Түүнчлэн өчигдөр 487 хүнд шинжилгээ хийхэд 4 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 297 боллоо. ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

Я.Амаржаргалыг ЭМЯ-н төрийн нарийн бичгийн даргаар томиллоо


МУЗГ-н /2020.08.12/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томилсон байна.

Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой.

2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн.

Я.Амаржаргал нь Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргын албан тушаалдшатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн төрийн албан хаагч юм.

2019 оны 10 дугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад 2 удаа орж нөөцөд бүртгэгдсэн удирдах ажилтан байсан талаар ЭМЯ мэдээлсэн.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Жимс түүхээр гараад сураггүй болсон эмэгтэй эсэн мэнд олджээ


Жимс түүхээр яваад сураггүй алга болоод байсан эмэгтэйг онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт суманд “Бор хоньт” гэдэг газар 60 настай, эмэгтэй иргэн С наймдугаар сарын 11-ний өдрийн 07:00 цагт уул руу жимсэнд яваад сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газар 20:45 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт мөн өдрийн 21:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдрийн 09:40 цагт сураггүй болсон газраас баруун зүгт 3 км-т “Бор хоньт” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ цаг-үе

Б.Баяр: Нярай хүүхдийг памперстай олон цаг байлгавал бөгсөн хэсгээр нь хатиг гардаг

“La Salute” эмнэлгийн мэс заслын эмч Б.Баяртай хатиг, буглааны талаар ярилцлаа.


-Хатиг буглааны үүсч байгаа гол шалтгаан нь дархлаа сулрах, чанаргүй хоол хүнс, амин дэмийн дутагдал гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тэгвэл үүнээс өөр хатиг буглаа гарах шалтгаан бий юү?

-Мэдээж тус өвчний тухай ярихын тулд хатигны талаарх ерөнхий ойлголтыг хүргэх нь зөв болов уу. Хатиг нь тодорхой нянгаар үүсгэгддэг арьсны буюу үсний хүүдий, тосны булчирхайн идээт үрэвсэлт өвчин. Ер нь гарын алга, хөлийн улнаас бусад биеийн бүхий л хэсэгт гарч болно. Эхлээд жижиг гөвдрүү мэт үүсгэвэр гарч улайх, өвдөх, хавдах, халуу дүүгэх шинж тэмдгээр эхэлдэг. Шалтгааны хувьд таны дурдсан дархлаа сулрах байж болно. Гэхдээ гол үүсгэгч бол нян буюу бактери юм. Мэргэжлийн хэллэгээр “Staphylococcus aureus” гэх нянгийн төрөл хамгийн элбэг тохиолддог. Энэ бактери нь хэвийн үед эрүүл хүний биеийн арьсны гадаргуу болон хамрын хөндийд байж байдаг. Харин дархлаа сулрах, эсвэл арьсанд ил гэмтэл учрах, шавжинд хазуулах гэх мэт үед арьс, өөхөн эд, тос болон үсний булчирхайд нэвтэрч өвчлөл үүсгэдэг. Тэгэхээр хатиг гарсан хүнтэй хамт амьдарч байгаа, чихрийн шижинтэй, батгашилт, экзем зэрэг арьсны өвчлөлтэй, дархлаа тогтолцоо, сэтгэцийн эмгэгтэй буюу өөртөө тавих анхаарал халамж сул хүмүүст илүүтэй тохиолдохоос гадна эмчилгээний хувьд илүү анхаарал шаарддаг л даа.

-Хатиг олон гарах нь буруу эмчилснээс болдог гэдэг. Манайхан дур мэдэж эм тариа хэрэглэх, гурилын гол тавих зэргээр эмчлэх гэж оролддог?

-Тийм шүү. Хатигийг зөв эмчлээгүйгээс болж олон дахин гардаг. Хатиг долоо дахидаг гэсэн явган яриа байдаг шүү дээ. Зөв эмчилж чадвал дахиж гарахгүй байх бүрэн боломжтой. Манайд эрүүл мэндийн боловсрол сул байгаа нь ажиглагддаг. Хатиг гараад маш олон хоночихсон, эмчид үзүүлэлгүй хүндэрсэн, тэр ч байтугай ам дамжин хатиган дээрээ гурил, хөөлгөгч зэргийг олон хоногоор тавьж боож байгаад хүндрээд ирдэг хүмүүс ч байна. Ер нь цаашдаа хүндэрвэл өөхөн эдийн тархмал буглаа, ясны үрэвсэл, үжил гэх мэт олон эрсдэл үүсдэг. Ялангуяа нярай, бага насны хүүхэд илүү хурдан хүндрэх эрсдэлтэй байдаг учраас мэргэжлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд ч гэлтгүй насанд хүрсэн хүн ч хатигийг дур мэдэн эмчлэлгүй заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй. Эмч хатигийг үнэлэн шаардлагатай тохиолдолд нянгийн шинжилгээ авдаг. Ямар нянгаар үүсгэгдсэнийг олж тогтоосноор эмчилгээний арга барилыг шийддэг хэрэг. Ерөнхийдөө хатиг, буглааны үндсэн эмчилгээ нь мэс заслын аргыг эмийн эмчилгээний аргатай хослуулж эмчилнэ.

-Сүүлийн жилүүдэд MRSA буюу антибиотикт тэсвэрт нянгаар үүсгэгдсэн хатиг, буглааны тохиолдлын тоо олширч байгаа гэсэн судалгаа байна лээ. Ер нь антибиотикт тэсвэртэй нян ямар тохиолдолд үүсдэг юм бэ?

-Хүчтэй буюу супер нян гэж нэрлэнэ л дээ. Өргөн хүрээний антибиотик буюу та бүхний өмнө сонсож байсан пенциллин, цефалоспорин, левомицетин гэх антибиотикууд нөлөөлдөггүй. Гэхдээ энэ нянд үйлчилдэг цөөн тооны бүлгийн антибиотикууд бий. Антибиотик тэсвэржилт нян үүсч байгаа нь антибиотикийг дутуу, буруу, замбараагүй, эмчийн заавраар бус хэрэглэж байгаатай шууд холбоотой. Анагаах ухаан антибиотикгүй бол нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэх аргагүй болох учир антибиотикийг зохистой хэрэглэх хариуцлагын өмнө зөвхөн эмч биш хүн бүр үүрэг хүлээх хэрэгтэй л дээ.

-Сүүлийн үед бага, дунд насны хүүхдүүдэд хатиг их гарч байна. Энэ ер нь юутай холбоотой вэ?

-Бага насны хүүхдүүдэд илүүтэй тохиолдож байгаа нь хүүхдийн дархлаа тогтолцоо сул, тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхтэй байдагтай холбоотой. Үүн дээр нэмэгдээд памперстай олон цагаар байдаг тул хярзан, хошного гэх мэт газар хатиг гарах нь элбэг байдаг. Тэгэхээр бага насны хүүхдийн ариун цэврийг эцэг эх нь сайтар сахих хэрэгтэй. Ер нь хүүхдийн биен дээр хатиг, буглаа гарсан тохиолдолд гэрээр дур мэдэж шахаж болохгүй. Заавал харьяа дүүргийн мэс заслын эмчид үзүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна эцэг эхчүүд маань ялангуяа 0-3 насны буюу өөрийгөө илэрхийлэх чадвар бүрэн хөгжөөгүй байгаа хүүхдийнхээ биеийг тэр тусмаа бэлэг эрхтэн, хошного орчмыг нь сайн анзаарах хэрэгтэй.

-Буруу толгойтой хатиг сүүлийн үед ихээхэн гарч байна. Эмнэл зүйн хувьд наашаа харсан хатигнаас юугаараа ялгаатай бол?

-Эмнэл зүйн хувьд ач холбогдол багатай, адилхан л хатиг. Сүүлийн үед ихсээд байна гэдэг нь миний дээр дурдсан “Methicillin resis­tant staphylococcus aureus” буюу MRSA-ээр үүсгэгдсэн хатиг, буглаа. Мэдээж энэ нь илүү аюултайгаас гадна халдвартай. Шууд хүрэлцэх замаар, эсвэл цагаан хэрэглэл, алчуур, хувцас гэх мэт зүйлийг дамжуулан хэрэглэснээс халдварлах боломжтой. MRSA-ээр үүсгэгдсэн хатиг буглаатай үйлчлүүлэгчийг гэрээр эмчлэхэд тохиромжгүй учир ихэвчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Учир нь хэсэг газрын эмчилгээ болох хатиг, буглааг шаардлагатай гэж үзвэл зүслэг хийж идээг нь гарган боолт хийх, цөөн тооны хүчтэй хэдхэн антибиотик л нөлөөлж чадахуйц байдаг. Ингээд эмчийн хяналтан дор эмийн эмчилгээ хийх, халдвартай тул тусгаарлах өрөөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Иймд MRSA халдвар нь хувь хүний эрүүл мэндээс гадна нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд ч саад учруулах боломжтой.

-Эмнэлгээс хол байгаа үед ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн бага насны хүүхдийн хатиг болон буглааг гэрээр эмчлэх гэсний хэрэггүй. Насанд хүрэгчдийн хувьд үнэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй газар байвал хатиг, буглаа гарч эхлэж байгаа хэсэгт үмхий ногоон тос тавих болон өргөн хүрээний антибиотик уугаад үзэж болно. Гэхдээ энэ нь мөн л антибиотикийн зохисгүй хэрэглээ буюу таамгаар эмчилж байгаа хэрэг болно. Тийм учраас заавал мэргэжлийн эмчид хандахыг хүсч байна.

-Олон дахин хатиг гараад байдаг хүмүүс байдаг. Зарим эмч нар бугын цусан эвэр хэрэглэхийг зөвлөдөг. Харин та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Олон дахин хатиг гардаг, нэг гарахаараа олон тоотой гардаг хүмүүс цөөнгүй байдаг. Энэ нь хатигшил өвчин юм л даа. Мэс заслын эмчид хандан үзлэг, зөвлөгөө авч бактериологийн шинжилгээ заавал өгч, өвчин үүсгэгчийг тодорхойлсноор эмч ямар эмчилгээ хийхийг шийдвэрлэнэ. Бугын цусан эвэр хэрэглэх нь дорнын уламжлалт эмчилгээний арга байх. Энэ өвчний хувьд эмгэг жамын эсрэг шинжлэх ухаанд суурилсан эмчилгээ нь илүү үр дүнтэй мөн эрсдэлгүй, төгс эдгэрэх боломжтой юм л даа.

-Хатиг буглаа нь хүн амын дунд өвчлөлийн тоо өндөртэй эмгэгүүдийн тоонд ордог юм билээ. Монголд хатиг, буглааны мэс ажилбар хэр их хийгддэг вэ?

-Өөрийн тань хэлж байгаагаар өвчлөлийн тоо өндөр байгаа шүү. Түүнийгээ дагаад хийгдэх мэс ажилбарын тоо бас их байна гэсэн үг. Зөвхөн ЭХЭМҮТ-д л гэхэд нэг өдөрт дунджаар арав гаруй орчим хүүхэд тус эмгэгээр өвдөж ирдэг. Улирлын хувьд авч үзвэл хавар болон зуны улиралд илүүтэй өвчлөлийн тоо нэмэгдэж өвлийн улиралд буурах хандлагатай байдаг.

-Хүзүү толгойнд гарсан хатиг амь насанд аюултай гэдэг. Байршлын хувьд ялгаа бий юү?

-Ер нь хатигны байршлаас хамаарч илүү эрсдэлтэй, аюултай байж болно. Нүүр орчим буюу нүд, хамар, уруул, хүзүү болон бэлэг эрхтэн орчим гарсан хатиг буглааг цаг алдалгүй заавал мэргэжлийн эмч буюу мэс заслын эмчид үзүүлэх хэрэгтэй. Жишээ нь, эцэг эхийн эрүүл мэндийн боловсрол сул, анхаарал хайхрамжгүйгээс шалтгаалж хорин хэдэн хоногтой нярай бэлгийн их уруул орчим дахь булчирхайн буглаагаар өвчлөөд эцэг эх нь таваас долоон хоногийн дараа шахуу мэдэж эмчид үзүүлэхээр ирсэн байсан. Гэвч аль хэдийнэ идээ үтрээнд нэвтэрч цоорсон байсан гэх мэт. Тэгэхээр нярай, бага насны хүүхдэд илүү анхаарал хандуулж байх хэрэгтэй. Харин хуруу болон хумс орчим үүссэн идээт үрэвслийг гөгий гэж нэрлэдэг. Монголчууд ганц хуруудах гэж нэрлэж заншсан. Хуруу, сарвуу, хумс орчим идээт үүсгэвэр бий болох, хавдах, улайх, чинэрч лугшиж өвдөх шинж тэмдэг илэрнэ. Энэ нь таны хэлснээр хүмүүс тоолгүй, тоомжиргүй, эмчид үзүүлэлгүй явж хугацаа алдсанаар хуруугаа тайруулах хэмжээнд хүрдэг. Ихэнхдээ гарын хуруунуудад үүсдэг. Шалтгаан нь ямарваа нэг ажил хийх явцад жижиг ил шарх үүсгэж гэмтээх, хуруугаа хаалганд хавчуулах, эсвэл хумс орчмын сөрсөн арьсыг хуулах зэрэг үйлдлийн дараа ил шархаар нян нэвтэрч нян үрждэг. Улмаар хуруу, сарвуу орчмын арьсан дор, хумсан дор, шөрмөс, үе орчим бүүр цаашлаад ясанд буглаа үүсгэдэг. Ер нь нэгэнт идээлж идээт үрэвсэл тархсан бол тухайн хэсгийн ясыг тайрч авахаас өөр аргагүй. Үүсгэгч нян нь хүчтэй, тухайн хүний дархлаа нь сул байвал таван хоногт л ясанд идээ дамжих эрсдэлтэй шүү.

-Хатиг болон буглаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

-Хатиг болон буглаа үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд тус өвчлөлийг үүсгэж байгаа шалтгаануудаас зайлсхийх хэрэгтэй. Хувь хүнээс шалтгаалах сэргийлэлтэд гараа тогтмол угаах, хэрэв арьсан дээр ил шарх гэмтэл учирсан бол тав тогтож эдгэтэл шархны ариун наалт заавал наах ёстой. Мөн шивээс болон цоолбор хийлгэхээр шийдсэн бол баталгаатай, мэргэжлийн газар хийлгэх, ариун цэвэр тогтмол сайтар сахих, дархлааг дэмжих буюу илчлэг сайтай хоол идэх, сайтар унтаж амрах, шөнийн нойрыг авах, стресст өртөхөөс урьдчилан сэргийлэх, стресс менежмэнтед суралцах, биеийн тамир спортоор хичээллэх хэрэгтэй. Ер нь биед хатиг буглаа гарахад нөлөөлж буй өөр үндсэн өвчин эмгэг бий бол түүнийгээ эмчлүүлэх, бусадтай алчуур, аяга, хувцас зэргийг сольж хэрэглэхгүй байхыг санах хэрэгтэй. Харин нэгэнт өвчилсөн бол дахилт болон хүндрэлээс сэргийлж заавал мэргэжлийн эмчид хандах нь зөв. Нийслэл хотын хувьд хүн амын төвлөрөл, гэр хорооллын эзлэх талбай нэмэгдсэний улмаас хүрээлэн байгаа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө улам бүр ихсэж хүн амын эрүүл мэнд, тав тухтай орчинд ажиллаж амьдрах орчин алдагдаад байна. Нэг л жишээ хэлэхэд хөрсний бохирдол. Гэр хороололд 800.000 орчим айл өрх амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг гэсэн судалгаа байдаг. Зуны улиралд үерийн улмаас нүхэн жорлонгоос үүдэлтэй төрөл бүрийн нян үржих таатай нөхцөл хөрсөнд бий болдог нь Улаанбаатар хотод амьсгалын замын эмгэгүүд, гэдэсний халдварт өвчин болон арьсны идээт өвчин зэрэг өвчлөлийн тоо буурахгүй байгаатай холбоотой болов уу.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Дэмбэрэл: Төр уул уурхай руу орж, төрийн өмчит үйлдвэрүүд байгуулах хэмжээгүй дур сонирхлоо хязгаарлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, одоо Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлын албыг хашиж буй С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр шинэ Засгийн газар, УИХ-д эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ямар бодлогын алхам хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа илэрхийлсэн юм.


-Арав орчим жилийн өмнө АНУ-ын моргейжийн зээлээс үүдэлтэй санхүүгийн хямрал гадаад зах зээлээс хэт хамааралтай манай улсад нөлөөлж байсан. Тухайн үед цөөн нэр төрлийн экспортын бүтээгдэхүүнээс хэт хамааралтай байдлыг бууруулах, боловсруулах үйлдвэр байгуулах, тээвэрлэлтийн асуудлыг саадгүй шийдэх зэрэг олон шийдлийн тухай ярьж байлаа. Тэгвэл коронатай холбоотойгоор дахин санхүүгийн хямрал тохиолоо. Эдийн засгийн биеийн байдал ямар байна вэ?

-Цар тахал эдийн засгийн агшилт, уналтын шалтгаан биш л дээ. Харин үүнийг хурдасгагч нь байсан. Ерөөсөө эдийн засгийн амьдрал өөрийн цикльтэй. Манайхан орчил гэж ярьдаг. Энэ орчлын дагуу 2019 оноос эхлээд дэлхий даяар эдийн засгийн бууралтын мөчлөг рүү орж ирсэн. Судлаачид энэ тухай янз бүрийн төсөөллүүд гаргаж байв. Ингээд явж байтал өнгөрсөн оны 12 дугаар сард корона дэгдсэн. Дэлхийн хамгийн том эдийн засагтай Америк, Хятадыг нэг, хоёрдугаар ээлжинд нэрвэлээ. Энэ нь дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн. Мэдээж Монголд ч бас нөлөөлсөн.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын эдийн засгийн тэлэлт 2019 оны дөрөвдүгээр улирал хүртэл үргэлжилсэн. Бүр тодруулбал, 2020 оны хоёрдугаар сараас бууралт, агшилтын мөчлөг эхэлсэн. Энэ бүхэн Европын холбоо, дэлхийн бусад орон, Монголд ч нөлөөлнө. Монгол түүхий эдийн экспортлогч орны хувьд гол эрэлтийг бүрдүүлдэг Хятадын эдийн засгаас шууд хамааралтай. Үүний үр дүнд 2020 оны эхний улиралд манай эдийн засгийн өсөлт хасах 10.8 хувьтай гарсан. Тэрнээс хойш хоёрдугаар улирлын буюу эхний хагас жилийн үр дүн удахгүй гарна. Дээрхтэй ижил өндөр дүн гарахгүй ч 7-8 хувьтай гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Үүгээр 2020 оны нэгдүгээр сараас хойших бодит үйл явцыг харахад бууралт үргэлжилсээр байна. Эдийн засгийн идэвхжилт үүнтэй уялдаад сайн биш байна шүү дээ. Гэхдээ учиргүй зогсчихоогүй. Хөдөө аж ахуй харьцангуй тогтвортой. Харин аж үйлдвэрийн үйлдвэрлэл, борлуулалт, жижиглэн худалдаа зэрэг уул уурхайн бус эдийн засаг маань дандаа хасахтай гарлаа. Хасахыг нөхөөд нэмэх үзүүлэлт болгох үйл явц эхний хагас жилд явагдсангүй л дээ. Тэгэхээр энэ ондоо эдийн засаг үлгэн салган явсаар оны төгсгөлтэй золгоно. ОУВС-гийн төсөөллөөр оны төгсгөлд манай эдийн засгийг хасах 2-3 хувь гэсэн таамаг явж байна. Манай Монголбанкны судлаачдын төсөөллөөр мөн энэ хавьцаа гарч байна.

Эдийн засгийн гол багана болох бизнесийн секторын идэвхжилт ерөнхийдөө тааруу байна. Хэдийгээр гудамжинд гараад харахад барилгын кранууд ажиллаад байгаа боловч ихэнх нь төрийн хөрөнгө оруулалт байх шиг байна. Өрхийн секторын хувьд орлого нь өсөхгүй байна. Гэхдээ учир зүггүй хасах руу орчихоогүй. Яагаад гэвэл инфляци доошлох төлөвтэй байна. Мөнгөний секторт зээл хумигдсан, банкууд зээл олгохоо багасгасан. Мөнгөний нийлүүлэлт ч багассан. Төв банкны мэдэлд байдаг мөнгөний хэмжээ ч буурсан үзүүлэлттэй байна. Ерөнхийдөө хасах үзүүлэлтээр дүүрсэн энэ үед хүнсний үйлдвэрлэл л багахан нэмэгдэлтэй байх шив дээ.

-Ийм үед Засгийн газрын хариу үйлдэл ямар байх ёстой вэ?

-Ер нь коронавирусээс үүдэлтэй хүн ардын эрүүл мэндийг бодсон дэглэм, эдийн засгийн дэглэм хоёр хоорондоо уялдаж явах учраас улс орнууд хил хязгаараа нээх, бизнесээ идэхжүүлэх багц арга хэмжээнүүд аваад эхэллээ. Монголбанкны хувьд ч гэсэн боломжийн хэмжээнд, өөрийн эрх мэдлийн хүрээнд арилжааны банкууд, хадгаламж эзэмшигч, зээл авагчдад хөнгөвчилсөн багц арга хэмжээнүүд авлаа. Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл, татвартай холбоотой арга хэмжээ авсан ч ерөнхий хамаарал нь гадаадаас, Хятадтай холбоотой байна. Гэхдээ Хятадын эдийн засаг сайжраад Монголын нүүрсний экспорт хуучин түвшинд хүрэхийг хүлээгээд бай гэсэн үг биш. Эдийн засагт уул уурхайгаас гадна бусад сектор байна. Уул уурхайн бус экспорт, өрхийн жижиг үйлдвэрлэл, дотоод зах зээлд зориулсан бизнесүүд, мөн үйлчилгээ бий. Энэ болгоныг идэвхжүүлж дэмжих ёстой. Зочид буудлууд хүнгүй, хүмүүс ирэхээ больсон зэргээр эдийн засгийн нэг секторт байгаа тодорхой уналтууд бусад секторууддаа нөлөөлдөг. Энэ мэт гинжин урвал маягийн юм яваад байна. Энэ болгонд анхаарах ёстой. Эдийн засаг 2021 оны хоёрдугаар хагасаас гайгүй болох болов уу гэсэн хүлээлт байна. Гол нь шинэ Засгийн газар, УИХ ямар арга хэмжээ авах вэ гэдгээс олон зүйл хамаарна. Тухайлбал, шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулаад дуусч байна. Үүн дээр нь эдийн засгаа сэргээх, амьжиргааг тогтвортой байлгах, бизнесийн секторыг идэвхжүүлэх ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр юу тусгагдсан юм. Дөрвөн жилд хэрэгжүүлэх олон бодлогын арга хэмжээнээс 2020 оны үлдэж байгаа саруудад тэргүүлэх ач холбогдолтой нь юу байх вэ. Миний хэлээд байгаа өрхийн, бизнесийн секторыг сэв хийтэл өргөөд авчих бодлого хэрэгжүүлж чадах уу гэсэн асуултууд байна. Энэ бүхнээс эдийн засаг хамаарна.

-Төсөвт тодотгол хийх гэж байна. Гэхдээ дорвитой өөрчлөлт орохгүй нь бололтой. Та нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Сангийн сайдын хэлж байгаагаар зарчмын том тодотгол хийхгүй юм билээ. Одоо нэгэнт хуваарилсан зүйл дээрээ нөхцөл байдалтайгаа уялдуулаад жаахан өөрчлөлт хийх юм шиг байна. Уг нь миний бодож байгаагаар бизнес, өрхийн сектор хоёрыг л өргөх, хөдөлгөх тодотгол хийвэл агуулгын хувьд зөв болно. Одоо бол төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой нэмэх, хасах төдий өөрчлөлт орох бололтой. Тэгвэл эдийн засагт нэмэх, хасахаас гадна үржүүлэх, хуваах гэсэн ойлголт бий. Бизнесийн секторын үйлдвэрлэж байгаа баялгийг хэрхэн үржүүлж өсгөх үү гэсэн сэдэл санаа өгсөн тодотгол байвал зүгээр. Дээр нь хуваах гэж байна. Үйлдвэрлэгдсэн баялгаа хэрхэн хуваарилах юм, ард түмнийг тэжээврийн сэтгэлгээтэй болгох уу, эсвэл өөр өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа босгодог үзэл санааг дэмжих юм уу. Зарим хүний хувьд энэ нь нуугдсан, унтаа байна. Нөгөө хэсэг нь ерөөсөө л намайг тэжээх ёстой гэж боддог. Энэ мэт зүйлийг ялгаж салгаж хэрхэн яаж дэмжих бодлогоо зөв явуулах ёстой. Төсвийн тодотгол гэхээр мөнгөн дүнгийн тухай биш шүү дээ. Мөнгөн дүнг нэмж, хасахаас илүү тухайн хэрэгжүүлэх гэж байгаа бодлого нь эдийн засгийг яаж урамшуулах, бизнесүүдийг хэрхэн идэвхжүүлэх вэ гэдэг агуулгад анхаарах ёстой. Ийм л төсвийн тодотгол болоосой гэж хүсч байна. Харамсалтай нь болохгүй байх. Уг нь төсвийн тодотголоор аймаг сумын хаалга, ордон барихаас илүү тухайн орон нутгийн өрх, бизнесүүдийг идэвхжүүлэх сэдэл санаа өгөх зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй л дээ. Энгийн жишээ байна. Зурагтаар “Шарк танк” гээд төсөл шалгаруулаад байдаг. Тэгвэл яагаад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгийг дээрх маягаар ил тод шалгаруулж болдоггүй юм. Иргэд, үйлдвэрлэгчдэд сэдэл санаа өгч, идэвх нь сэргэнэ шүү дээ. Одоо бол ЖДҮ гэхээр иргэд олигтой хүлээж авахаа больсон.

-Шинэ эрх баригч нам, Засгийн газрын хамгийн том оноо авсан амлалт бол зээлийг хүүг бууруулах. Та энэ чиглэлээр нэлээн судалгаа хийж байсан гэж сонссон. УИХ, Засгийн газар хүүг бууруулах алхмыг алдаа мадаггүй, хожим үүсэх сөрөг үр дагаваргүйгээр хийж чадах уу?

-Засгийн газар мөрийн хөтөлбөртөө зээлийн хүүг сарын нэг хувь болгохоор тусгаж, УИХ-д ажлын хэсэг байгуулж, зарим гишүүд дэмжсэнийг бахархалтайгаар бичиж байна. Ажилдаа шуурхайлан орлоо гэсэн мэдээллүүд явж байгаа. Үүнийг хүмүүсийн хүсэн хүлээж байгаа хамгийн гол зүйл гэж ойлгоод байх шиг байна. Би зээлийн хүүгийн судалгааг маш олон орны жишээн дээр хийсэн. Бараг хоёр боть материал надад байна. Миний бодлоор УИХ-ын хандлага арай өөр зүйл рүү чиглэх ёстой. Зээлийн хүү гэдэг нь зээлийн харилцааны үр дүн юм. Зээлдэгч, зээлдүүлэгчийн харилцаа тэгш байна уу гэдэг чухал. Энэ нь эрх зүйн орчноор илэрхийлэгдэнэ. Тэгвэл эрх зүйн орчинд юу дутагдаж байна гэвэл нэгдүгээрт санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хуулиа яаралтай батлах хэрэгтэй. Зээл авч байгаа хүн бүр санхүүгийн хэрэглэгч. Хоёрдугаарт, мөнгө хүүлэлт гэж яг юуг хэлээд байгаа юм. Миний судалснаар бүх оронд мөнгө хүүлэлт гэдгийг тодорхойлчихсон. Энэ үүднээс бодож санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хуулийг маш тодорхой батлах хэрэгтэй. Нөгөө талаас зээлийн өрийг барагдуулах ажил шүүх дээр очоод 3-4 жил болж байна. Ингэж уддаг үйл явц байж болохгүй. Тэгэхээр зээл олгогчдын зүгээс бас энэ мэт үйл явцыг түргэсгэх, зээлийн маргааныг шийдвэрлэх алхамыг оновчтой болгох асуудал чухал байна. Үүнийг холбогдох хуульдаа оруулах хэрэгтэй. Ингээд зээлийн харилцааг тэгш болгоод, санхүүгийн хэрэглэгчийнхээ эрх ашгийг хамгаалаад ирэхээр зээлийн гэрээнүүд зөв хийгдэх болно. Энэ маань цаг их авахгүй, жаахан толгой зарцуулах ажил юм. Судалгаа нь бэлэн байгаа. Энэ бүхнийг анхаарч шат дараатай ажиллахгүй бол УИХ-ын дарга, эсвэл өндөр албан тушаалтан “зээлийн хүүг бууруул” гээд хэлчихээр буучихдаг зүйл биш. Хүчээр тогтоочихвол сөрөг үр дүн гардаг нь нэгэнт олон улсын туршлагаар батлагдсан.

-Мөнгө хүүлэлтийг ямар агуулгын хүрээнд тодорхойлох ёстой юм бэ. Зээл олгогч талыг бүгдийг нь мөнгө хүүлэгч гэж үзэн ядах хандлага байна?

-Бусад орныг харж байхад тогтсон ерөнхий нэртэй эртний ойлголт байна. Манайд бол хүүлэлт гэж байна. Зарим орон төв банкны бодлогын хүүгээс дөрөв дахин хэтэрч болохгүй гэдэг талаас нь тодорхойлж байна. Нөгөө талаас ерөөсөө зээлийн харилцааны тэгш бус байдлыг эвдсэн, зөвхөн ганц талын эрх ашгийг хамгаалсан зээлийн гэрээнээс үүдэлтэй үүсч байгаа хохирол гэсэн агуулгаар тодорхойлсон байдаг. Энэ бүхнээ тодорхойлоод бодит байдал дээр харах хэрэгтэй. Жишээ нь банкны хүү 16, банк бус 48, ломбардууд 60 хувь болоод явчихаж байна. Хамгийн өндөр хүүтэй зээлийг амьжиргааны түвшин доогуур хүмүүс авч байгаа.

Бөгжөө тавиад ч юм уу хүү харгалзахгүйгээр хурдан мөнгөтэй болох зайлшгүй тулсан шаардлага байна. Тэгэхээр хамгийн түрүүнд ломбард, банк бус санхүүгийн байгууллага дээр мөнгө хүүлэлт гэдгийг тоо талаас нь тодорхойлж гаргаж ирэх боломжтой. Агуулга талаас нь зээлийн гэрээн дээр нэг талаас арилжааны банк, нөгөө талаас зээлдэгч иргэн, аж ахуй нэгжүүдийн хооронд хийгдэж байгаа гэрээн дээр тэгш бус байдлыг эвдсэн заалтууд байвал мөнгө хүүлэлт рүү ороод явчихна. Энэ талаас нь бодсон бодлогын алхамуудыг эхлээд хийгээсэй гэж харж байна. Яагаад гэвэл зээлийн харилцааг зөв гольдролд оруулж, зах зээлээс гажихгүйгээр, зах зээлд нь итгэх байдлаар зохицуулалтыг шат дараатай хийх хэрэгтэй. Түүнээс биш дан ганц төрийн сүр хүчийг харуулж хүүг хүчээр тогтоовол эдийн засгаа хорлож, эргээд сүүдрийн санхүүгийн харилцааг үүсгэх нөхцөлийг бүрдүүлчихгүй байгаасай гэж бодож байна.

-Зээлийн өндөр хүүний нөлөөг бууруулах бусад алхамууд байж болох уу?

-Малчид зах зээлийн хамгийн гол харилцаанаас тасалдаад байна.

Өөрөөр хэлбэл, татварын харилцаанд ордоггүй. Нийтийн өмч болох газар бэлчээрийг үнэгүй эзэмшээд малаа өсгөөд борлуулаад үр шимийг нь авдаг. Тэдэнд малын тоо толгойноос нь хамааруулаад хуучнаар бол малын хөлийн татвар авах хэрэгтэй. Энэ цугласан татвараар бэлчээрийн доройтлыг бууруулах зэргээр өөрсдөд нь эргээд зарцуулдаг байх хэрэгтэй. Малчдын 43 хувь нь зээлтэй байгаа. Тэд 10 сая төгрөгийн дотор зээл авдаг. Тэгвэл татварт авсан мөнгөөр зээлийн сан үүсгээд арилжааны банкнаас авсан зээлийн хүүг нь буулгах зорилгоор ашиглах боломжтой. Миний тооцоогоор 130 гаруй тэрбум төгрөг цугларах боломжтой юм билээ. Үүн дээр нь төр нэг удаа төдий хэмжээний мөнгө гаргаад малчдын бэлчээрийн асуудал, эдийн засгийн харилцааг нь шийдээд явах хэрэгтэй. Энэ харилцааг манайхан яагаад хийдэггүй гэхээр малчдаас айдаг. Өөрөөр хэлбэл, малчдад таалагдах гэж хичээж байгаа юм. Үүнийг орон нутаг өөрийнхөө малчидтайгаа ярилцаад асуулга явуулаад татвар авах уу гэхэд ихэнх нь өгье гэнэ. Гол нь үүнийг юунд зориулах вэ гэдэг нь тэдэнд сонин. Нийтийн тогоонд хийгээд замхруулчих уу. Харин тусгай сан үүсгэж бэлчээрийн доройтлыг бууруулахад зориулж, малчдын зээлийн хүүг багасгах буюу эдийн засгийн харилцаанд нь зориулсан татвар юм гэвэл дэмжигдэнэ. Засгийн газар ийм юм хийгээсэй.

-Засгийн газрын анхаарах ёстой дараагийн гол асуудал юу вэ?

-Уул уурхайн бус экспортыг хөгжүүлээсэй. Эдийн засгаа төрөлжүүлж, салаалуулмаар байна, дан ганц уул уурхайд найдаж болохгүй гэж 30 жил ярилаа. Гэвч экспортын бүтэц нь 90:10, 95:5 гэсэн байдалтай байна. Мэдээж 90-95 хувь нь уул уурхай. Үлдсэн 5-10 хувь нь ноолуур, арьс шир, мах зэрэг байдаг. Гэтэл сая бидний хийсэн судалгаагаар Монголын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжээд өгвөл экспортын баримжаатай маш олон бүтээгдэхүүн сүүлийн 10 жилд бий болжээ. Судалгаагаар 520 компани уул уурхайн бус бүтээгдэхүүний голлох хувийг гаргаж байна. Энэ нь 100-500 мянга, 500 мянгаас нэг сая ам.доллар гэх зэргээр ялгарна. Экспортын бүтцийг өөрчлөх бодлогын одооноос зохистойгоор хийж эхлээч ээ. Хэрэв хийж чадахгүй бол 2030, 2040 он гэхэд экспортын 90:10 гэсэн харьцаанаасаа гарахгүй, Монголын эдийн засагт салаалалт үүсэхгүй гэсэн үг. Засгийн газар энэ ажлаа эхлүүлээч ээ. Монголбанк санхүүжилт нь ямар байх юм гэдгийг хийчихсэн.

Засгийн газрын 2018 онд баталсан “Монгол экспорт” гэсэн хөтөлбөрийн дүн шинжилгээг хийж үзсэн. Тэр хэрэгжихгүй юм байна лээ. Яагаад гэвэл дандаа ерөнхий зүйлүүд биччихсэн. Ямар сайндаа би Гадаад хэргийн сайдад хэлж байсан. Бусад улс орнууд экспортыг дэмжих мэргэжлийн агентлаг байгуулж амжилттай ажиллаж байна. Тиймээс экспортлогчдын жаргал зовлонг мэддэг, тэдэнд сургалт хийж, зөвлөгөө өгч, экспортын санхүүжилтийн схемийг нь хэлж өгч чаддаг, банктай холбодог бүтэц хэрэгтэй байгаа юм. Зарим компани бүтээгдэхүүнээ экспортод 3-4 удаа гаргаад зогссон байна. Жишээ нь, хунчир үйлдвэрлэдэг монгол компанийн захирал Хятад болон Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ялгааг харуулж байсан. Монголынх бүх талаараа илүү байгаа юм. Тухайн бүтээгдэхүүнийх нь зах зээл дэлхийд байна. Гэвч тэр компани 3-4 удаа гаргаад зогссон. Энэ нь олон шалтгаантай. Санхүүжилт дутсан байж болно. Дадлага туршлага, судалгаа дутсан байж мэднэ. Энэ бүхнийг экспортыг дэмжих агентлаг чинь хийдэг байх ёстой. Арилжааны банк, Монголбанк нь бодлогын дэмжлэг үзүүлэх схемээ ерөнхийдөө боловсруулчихсан. Экспортын компаниудыг хамгийн түрүүнд санхүүжлүүлнэ. Хэрэв экспортын олон салаалалт үүсээд ирвэл валютын нөөц бүрдэнэ. Зөвхөн нүүрс, зэс хараад суух биш юм.

Манайх дэд бүтцээр хөтлөгдсөн өсөлтийн загвар яриад байна. Энэ чинь хөгжлийн загвар биш байхгүй юу. Би бол дэд бүтэц ярихгүй байгаа биз. Харин зөөлөн дэд бүтэц ярилаа шүү дээ. Энэ зөөлөн дэд бүтэц, санхүүжилтийн схем чинь бидний ирээдүй.

-Уул уурхайн салбарыг тойрсон олон маргаанаас болж хамгийн ирээдүйтэй гэгддэг уг салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол багасаж байна. Төр бүхнийг өөрөө хийнэ гэж зүтгэх нь зөв үү?

-Манайх төрийн өмч дээр тулгуурласан, бүгдийг л төрд авъя гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь ч хэлдэг. Бид их сонин сэтгэлгээтэй болжээ. Өөрөөр хэлбэл, төрийн өмч дээр суурилсан уул уурхайн хөгжлийн загвараар явж байна. Төр уул уурхайгаас мөнгө олоод ард түмэндээ 1072 ширхэг хувьцаа, хүүхэд бүрт 20 мянган төгрөг гэх зэргээр хуваарилаад явж байна л даа. Энэ бол буруу загвар. Ер нь ийм загвартай улс Венесуэл байна. Манайх Тавантолгой, Эрдэнэт төсөвт маш их мөнгө оруулж байгаа гэж тайвшраад, баярлаад, аз жаргалтай байна. Хэдэн лицензээ төрд аваад, олголтыг нь зогсоочихсон байх шиг. Уг нь уг сектор дээр чинь хөрөнгө оруулагч, хувийн хэвшил гол тоглолтоо хийгээд төр зохих татвараа авдаг ийм л харилцаа байх учиртай. Тэрнээс бид улам бүр ухарч байна.

Орчин үед тогтвортой хөгжил уул уурхайн хөгжлийн тулгуур зарчим болсон. Ингэж ярихаар надтай маргах хүн гарч ирнэ. Хятадыг хар, төрийн өмчийн уул уурхайн том компаниуд байж л байна шүү дээ гэнэ. Гэтэл энэ нь манай дуурайх загвар биш. Хоёрдугаарт, улсын өмчийн гээд харьцуулж яриад байгаа тэр компаниуд чинь хөрөнгийн бирж дээр хувьцаа нь гарчихсан, менежмэнт болон гэрээ нь ил тод учир хяналттай, үр ашиг байж чаддаг. Манайх тийм биш. Уг нь гадны хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхолтой байгаа. Гэтэл гадны хөрөнгө оруулагчаа янз бүрээр алаг үзээд байхаар хэн итгэж ирэх юм. Тийм учраас манай улс хөрөнгө оруулалтынхаа бодлогыг эргэж харах учиртай.

-Өрийн дарамт нэмэгдсээр байна. Үүнээс үүдэлтэй гол эрсдэлийг хэрхэн харж байна вэ?

-Гадаадаас авсан зээл, өр төлбөр хэр хэмжээнээс давлаа. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бол манай улсын өрийн тогтвортой байдал урт хугацаандаа хэцүүдэх төлөвтэй болчихлоо. Өрийг өрөөр дарах, сунгах зэрэг янз бүрийн аргаар дахиж өр аваад яваад байна. 1980, 2000-аад онд хөгжиж буй орнуудад тохиолдсон шиг өрийн хямрал болбол яах вэ. Өрийн хямрал хамгийн түрүүнд болох магадлалтай улсуудын тоонд Монгол Улс цохиж байгаа шүү. Нэг хүнд ногдох өр тэд гэж ярьдаг. Тэр харьцуулалтаас илүү эдийн засаг хэр зэрэг шингээж чадах юм, эргэж төлөх боломжийг эдийн засгийн эргэлт бий болгож чадаж байна уу гэдгээс өр хэр тогтвортой байгааг харуулдаг бүхэл бүтэн систем байна. ОУВС-гийн боловсруулсан систем л дээ. Тэрэн дээр Монгол Улсын өрийн байдал их эрсдэлтэй гарч байна. Манай УИХ өрийн тогтвортой байдлын удирдлагыг хамгийн тогтворгүй байдлаар авч явж ирсэн. Би УИХ-д байхад харж л байсан. Энэ процесс дахиад үргэлжлэнэ. 2021, 2022 оны төсөв дээр давтагдаад явах нь л дээ.

Энэ бүхний дүнд өр битгий тавь гэж хэлээгүй шүү. Ав. Гол нь шингээх чадвартайгаа уялдуул, ил тод байлгаж, үр ашгийн тооцоог нь байнга хийж дүгнэлт гаргадаг байх хэрэгтэй. Үүн дээр эрхэм гишүүд, шинэ засаг анхаармаар байна. Асуудал хүндэрч байгаа шүү.

-Та дээр төрийн бизнесийн салбар дахь оролцоо өндөр байгааг хэллээ. Ялангуяа, уул уурхайн салбар төрөөс бүрэн хамааралтай байна. Тэгвэл төр бүхнийг гартаа атгаж, эргээд халамж хэлбэрээр иргэдийг “харж үзэх” нь ямар уршигтай вэ. Халамж өсөхийн хэрээр хүний амьдралынхаа төлөө тэмцэх чадварыг бууруулаад байна уу даа?

-Ядуурал 30 хувьтай байна. Нийт хүн амын 50-аас дээш хувь нь халамжийн тогтолцоонд хамрагдчихсан. 2013 онд байх аа, бүх өрхүүдээр судалгаа хийж 20 орчим бүлэгт хуваасан санагдаж байна. Эхний долоон бүлэгт хүнсний талон өгөх, бусад дэмжлэгт хамруулах гэх зэргээр. Гэвч ингээд ядуурал буурахгүй байна шүү дээ. Харин ч Монголд ядуурал архагшсан байна. Энэ нь сэтгэлгээний архагшил юм. Төр мэдээж өгөх ёстой. Хүүхдийн мөнгө өгөх нь зөв. Гэхдээ зөв бодлогоор уялдаж явах учиртай. Нэг талд халамжийн сэтгэлгээ давамгайлж, нөгөө талд компаниуд ажил зарлахаар хүн ирдэггүй. Энэ чинь ядуу биш мөртлөө сэтгэлгээний залхууралд орчихсоныг харуулж байна.

Төсвийн хөрөнгө оруулалт давамгай байдалтай болоод компаниудад ажил өгөөд эдийн засгийг авч явж байгаа мэт харагдаж байна. Гэхдээ бүтцийг бодоод үзээрэй. Монголын хувийн хэвшлийн 150 орчим мянган аж ахуй нэгж байлаа гэж бодъё. Ихэнх нь өөрийгөө аргалсан бичил, жижиг, дунд бизнес байгаа юм. Яг төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийж, төслүүд хэрэгжүүлээд яваа нь цөөхөн. Хувийн хэвшилд төрийн хөрөнгөнөөс хүртээгээд байгаа юм шиг боловч олонхи нь хувиа борлуулаад явж байна. Манай ихэнх бизнесийнхэн үйлчилгээ, худалдааны салбарт байна. Тэгэхээр төсвийн хөрөнгөөр эдийн засгийг тэтгэнэ гэхээс илүү хувийн хэвшил, өрх рүүгээ хандсан бодлогын алхмыг хэрэгжүүлэх ёстой. Бизнес, өрхийн секторыг хэрхэн дэмжих бодлогоо тодорхойлж, ард нь төсвийг нь зоочих. Төсвийн хөрөнгөөр тэр суманд тийм ордон, зам барина гэдэг. Энэ нь барилгын компаниудад хэрэгтэй. Гэтэл тэр суманд үйлдвэрлэл явуулдаг олон байгууллага, иргэн бий. Зөвхөн зам, барилгын компани биш. Үйлдвэрлэгчид, худалдаачид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг идэвхижүүлж, санхүүгийн орчныг нь сайжруулах талаас харах хэрэгтэй.

Нөгөө талаас төрийн оролцоо хэтрээд байна шүү дээ. Монгол худалдаачин үндэстэн байх ёстой. Манайхыг далайд гарцгүй гэж ярьдаг. Энэ нь олон боломжийг хязгаарлаад байгаа мэтээр хэлдэг. Далайд гарцтай гэж бодъё. Хаашаа худалдаа хийх юм. Ихэнх худалдаа бидний хөрш Хятадад байна шүү дээ. Дээрээс нь Орос гүрэн байна. Иймд асар том хоёр зах зээл рүү чиглэсэн худалдааны бодлого хэрэгжүүлж, ерөөсөө л худалдаачин үндэстэн байх ёстой. Намайг ажиллаж байх үед 2015 онд экспорт, импортод шаардагдах бичиг баримтыг 12-оос тав болгож бууруулсан. Долоог нь хассан юм. Гэтэл эргүүлээд 11-12 болчихсон байна. Өөрөөр хэлбэл, энэ чинь бизнесийн эргэлтийг удаашруулдаг. Зарим тохиолдолд хуурамч байдлаар эх орны хилийг хамгаалах гэсэн шалтаг болдог. Тодорхой баримт нь байна. Хяналтын байгууллагын хоёр дарга нь хахууль авч байгаад баригдаа биз дээ. Өвөр түрийндээ нуусан мөнгө нь гарч ирсэн. Төр бизнесийг боомилсноор эргээд үүсч байгаа асуудал нь энэ юм. Өөрөөр хэлбэл, хүнд суртал нь авлига үүсэх шимт хөрс нь болдог. Төр бизнесийн байгууллагуудад эдийн засгийн эрх чөлөөг нь олгооч ээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын барьж авах гурав дахь асуудал энэ байх учиртай. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчинг аливаа нэг хүнд суртлаас чөлөөлөх, бизнесийн эргэлтийг сайжруулах, түүний дотор уул уурхайн бус экспортын чиглэлийн бүх хууль тогтоомжийг их хөнгөн, хялбар, цахимжсан байдлаар хийх хэрэгтэй. Түүнээс биш Үндэсний хөгжлийн газар гэж Ерөнхий сайдын доор байгуулаад улс орон хөгждөггүй юм.

Төлөвлөлт байхгүй учир улс хөгжихгүй байна гэж гэнэн, тэнэг юм ярихаа болих хэрэгтэй. Улс орныг хөгжүүлдэг зүйл нь зах зээлийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, төрийн хязгаарлагдмал үүрэг юм. Ингэхээр хүмүүс “Энэ чинь либерал үзэл” гэдэг. Тийм тэнэг юм ярьдаг. Бид хэзээ ч либерал үзлийг хэрэгжүүлж байгаагүй. Дандаа төрийн давамгайлал, төрийн оролцоо явж ирсэн. Тэгээд төрийгөө бурханчлан шүтдэг ард түмэнтэй. Төр нь өөр өөрийгөө бурхан гээд ойлгочихсон. Төр бүх юмыг хуваарилдаг байсан. Одоо бараг л бүгдийг нь үйлдвэрлэх нь л дээ. Дандаа төрийн өмчит компаниудаар дүүрлээ. Хөрөнгийн биржээ хөгжүүлье гэвэл хувьчлал явуул л даа. Яагаад энэ талыг мөрийн хөтөлбөртөө тусгахгүй байгаа юм бэ. Яагаад “Тавантолгой” хувьцаат компани болохгүй байгаа юм бэ. Яагаад “Эрдэнэт”-ийн 51, 49 хувийг хөрөнгийн бирж дээр гарахгүй байгаа юм. Төр эцсийн эцэст татвараа л бүрэн авах хэрэгтэй. Энэ асуудал дараагийн дөрвөн жилд ажиллах УИХ, Засгийн газрын нэг чухал зорилт юм. Гэхдээ хийж чадахгүй байх. Манай УИХ, Засгийн газар улсжуулах сэтгэлгээтэй болчихоод байна. Энэ бол урт хугацаандаа их аюултай, хортой. Авлига хэзээ ч арилахгүй.

-Улсжуулах гэдгийг та төрийн хэт давамгайлсан оролцоог тодорхойлж хэлж байна уу?

-Төрийн өмчит үйлдвэрүүдийг байгуулах дур сонирхол хэмжээгүй их байна гэсэн үг. Яагаад гэвэл энэ нь хэсэг бүлэг хүнд ашигтай байна. Муу засаглал гэж юуг хэлдэг гэвэл төрийн өмч ил тод биш, авлигын битүү сэжиг тааврын дунд байдаг явдал. Мэдээж төрийн өмчит компани дандаа муу ажиллана гэсэн үг биш. Хамгийн гол нь нийтийн өмч хяналттай байх ёстой. Хөрөнгийн бирж дээр гарч хөндлөнгийн хяналттай байж “Эрдэнэт”, “Таван толгой”-н үйл ажиллагаа, засаглал нь сайжирна. Энгийн зүйл шүү дээ. Хүн төрөлхтөн аль хэдийн судлаад хэрэгжүүлээд яваад ирсэн. Гэтэл Монгол Улсжуулсан уул уурхайн засаглал гаргаж ирээд байна.

-Та төв банкны томоохон төлөөлөл. Валютын ханшийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Доллар манай бүтээгдэхүүн биш. Америкийн бүтээгдэхүүн. Энэ хүчирхэг валюттай монгол төгрөг гуйж л харьцана шүү дээ. Тийм учраас улс орнуудад валютын ханшны дэглэм гэсэн ойлголт бий. Валютын нөөц арвин зарим улс орон тогтмол ханшны систем мөрддөг. Гэхдээ дэлхийн ихэнх улс тогтмол ханшны систем явахгүй юм байна гэж 1980-аад оноос хаячихсан. Одоо хөвөх ханшны маш олон хэлбэрүүд байна. Манайх үүнтэй ижил. Ийм улс орнуудад ханшийн бодлого нь ерөөсөө л хэт их хэлбэлзүүлэхгүй байх гэсэн байдлаар явдаг. Эдийн засаг сайн, валютын дотогшлох урсгал их үед төгрөг хатуурч эхэлсэн. Энэ нь Монголын түүхэнд хоёр удаа л тохиолдсон. Тэрнээс хойш дандаа л төгрөг суларч байсан. Гол нь энэ нь хэвийн сулрал хэвийн байж чадсан байхгүй юу. Ганц алдсан нь 2016 болсон. Ханш огцом өссөн. Гэтэл тэрний цаад шалтгаан нь хүлээлттэй холбоотой. Удирдагчдын болгоомжгүй, хариуцлагагүй хэлсэн үг хүмүүсийн хүлээлтэд нөлөөлж ханшийн огцом савалгаа үүсгэсэн. Төв банк нь ханшийн зах зээлийг өдөр тутам ажиглаад байнгын худалдаа наймаагаар эрэлт, нийлүүлэлтийг зохицуулж байдаг бүхэл бүтэн баг ажиллаж байна.

-Энэ оны хагас жилийн ам.долларын ханшийн өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төгрөгийн ханш зургаа орчим хувиар суларсан байна лээ. Зүгээр үү?

-Маш хэвийн үзэгдэл. 2016 оны наймдугаар сард засаг солигдох мөчид улс төрийн бужигнаан дээд цэгтээ хүрч Сангийн сайд огцом мэдэгдэл хийснээс болж ханш огцом өссөн. Валютын нөөц хасах руу орсон гэж хэлсэн. Энэ нь үнэн. Гэхдээ энэ чинь зүгээр тоо байхгүй юу. Тэр үед доллар байсан. Яахав, бага л байсан. Яагаад гэвэл валютаа нэлээн зарцуулчихсан. Тэр зарцуулалт буруу, эсвэл зөв байсан гэдэг нь цагийн шалгуурын асуудал. Төв банк Монгол Улсын валютын нөөцийг эзэмшиж удирддаг байгууллагын хувьд үүнийг чинь зохицуулаад яваад байна шүү дээ.

-Төгрөгтэй харьцуулахад ам.долларын хадгаламж илт давуу өссөн байна лээ?

-Эдийн засгийн биеийн байдал хэр байгаагаас болоод долларын хадгаламжийн өсөлт, бууралт хамаарна. 2019 оны хоёрдугаар улирлаас тиймэрхүү хандлага гараад ирсэн. Гэхдээ үүний чинь эсрэг төв банк өөрийнхөө арга хэрэгслүүдээр удирдаад явж байна. Тийм учраас хадгаламж 43 хувь өсчихсөн байна шүү дээ гэж сүржигнэж яриад хэрэггүй. Энэ бол чухал зүйл биш, түр хугацааны ийм зүйл гардаг. Төв банкны блансыг үзэх хэрэгтэй. Арилжааны банкуудын нэгдсэн бланс, мөнгөний тоймоо үз. Тэрэн дээр бүх хандлага нь байгаа. Гэтэл нэг тоог харчихаад өлгөж авч ярьснаар буруу хүлээлт үүсгэнэ. Буруу хүлээлт нь дутуу судалсан тоо, хэт мэдэмхийрснээс үүсдэг. Ам.долларын эрэлтийг бууруулах, долларжилтыг эрэлтийг багасгах бодлого байнга явагдаж байна. Үүнийгээ төв банк байнга гаргаад зарлаад байхгүй. Хэн хаана хөөрөгдөх гэж байгааг шинжээчид мэдэж байдаг юм. Тийм учраас зохицуулалт хийгээд явдаг. Харин том улстөрчид, бяр нь амтагдсан хүмүүс ханшийг “хүүхэд” гэж үзэж их болгоомжтой харьцах ёстой.

-Оффшор бүсэд багтах улс орнуудын жагсаалтыг гаргасан. Зарим орныг үүнд багтаасанд та шүүмжлэлтэй ханддлаг гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-2018 онд оффшор бүсэд орох улсуудын жагсаалтыг тухайн үед УИХ нэлээн халуун хэлэлцээд баталж байсан. Тэнд нь мэдээж оффшор бүс гэж зарлагдах бүсүүдийг оруулсан. Гэхдээ дэлхий дээр байдаггүй нэг юм хийсэн нь олон улсын хамгийн гол байгууллага байрладаг, дэлхийн санхүүгийн төвийн нэг болох Швейцарь улсыг оффшор бүсэд зарлаад оруулчихсан. Энэ нь манай гадаад бодлогод их буруу үзэгдэл болсон. Тухайн үед энийг бараг л хүчээр нэмж оруулсан санагдаж байна. Үүний үр дүнд Швейцарийн Монголд хэрэгжүүлж байсан төслүүд тодорхой бус байдлаар зогссон. Тийм учраас шинэ Засгийн газар оффшор бүсийн жагсаалтаас Швейцарийг хасах хэрэгтэй. Ингэж байж уг улс болон тус орноор дамжуулж дэлхийн банк санхүүгийн төвүүдтэй харилцах боломж гарна шүү дээ.

Г.БАТЗОРИГ