Categories
мэдээ нийгэм

Жайка олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөллүүд оролцсон байна.

Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЖАЙКА олон улсын байгууллагын зүгээс тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж, ариутгагч бодис болон халдвар хамгааллын хэрэгслийг гардуулан өгсөн юм.

Уулзалтын үеэр ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико ЗАА-тай хамтран тохижилт үйлчилгээний компанийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, цар тахлаас хамгаалах, халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг заавар зөвлөмжийг хүргэх зорилгоор сургалт зохион байгуулах саналтай байгаагаа онцоллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад халдвар хамгааллын хэрэгсэл хандивлаж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр “Цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. ЖАЙКА олон улсын байгууллагатай бид 2005 оноос эхлэн хог хаягдлын менежмэнтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр Япон улс цар тахалтай тэмцэж, хүнд нөхцөлд байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байдагт талархаж байна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл 10 дугаар сарын 15 хүртэл ажиллана гэлээ

Нийслэлд худалдааны зарим томоохон төвд гэнэтийн шалгалтхийхэд иргэн Д, Б нар хоёр удаагийн үйлдлээр 2 ширхэг тарваганы мах борлуулах гэж байсныг илрүүлж зөрчлийг талсан зогсоожээ. Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өнөөдөр мэдээллээ.

Мөн Налайх дүүрэгт худгийн эхэнд үхсэн тарвага байна гэсэн дуудлагын дагуу онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагынхан очиж халдваргүйжүүлсэн. Лабориторын шинжилгээгээр энэ нь ямар нэгэн таргаван тахлын эх үүсгэвэргүй, байгалийн жамаар үхсэн тарвага байна гэсэн хариу гарчээ.

Сүүлийн үед бороо үргэлжлэн орж байгаагаас усны түвшин нэмэгдэн, үерийн нөхцөл байдал дахин бий болж буй учир иргэдийг аюулаас хамгаалж Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт завьт эргүүлүүд өглөөний 9.30 цагаас орой 21.30 цаг хүртэл тогтмол ажиллаж байна. 6 дугаар сарын 15-наас эхэлсэн эргүүл 10 дугаар сарын 15 хүртэл ажиллана гэлээ. Энд цагдаагийн байгууллага, Нийслэлийн гэр бүл, залуучуудыг хөгжлийн газраас албан хаагчид хүч нэмэгдүүлж ажллаж өнгөрсөн хугацаанд 280 иргэнийг авран хамгаалжээ.

Өнөөдрийн байдлаар усанд осолдсан 3 хүнийг бүртгэн Туул, Тэрэлж голд эрэн хайж байна. 11 настай нэг хүүхэд Тэрэлж голд эндсэн. Мөн 8 дугаар сарын 4-нд Тэрэлжид 25 настай эмэгтэй усанд осолдсон дуудлагын дагуу НОБГ, цагдаа, орон нутгийн байгууллага, иргэд хамтарсан 200 хүнтэй баг эрлийг үргэлжлүүлж байна. Мөн Туул гүүрний хажууд 24 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ усанд толгойгоо угаах гэж байгаад унан усанд урссан мэдээллийн дагуу эрэн хайж байгаа талаар мэдээллээ.

Мэдээллийн үеэр НБОГ-ын Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар сүүлийн үед нийслэлд, суурьшлын бүсэд ан, амьтан орж ирэх болсон талаар танилцууллаа. Тодруулбал, 8 дугаар сар гарсан сүүлийн 14 хоногт энэ талаар НБОГ-ын 323780 болон нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 31005 дугаарын утсанд 21 дуудлага иржээ.

Үүний 1 нь хоргүй, рашааны могой, үлдсэн 6 нь хортой могой буюу бамбай хоншоорт могойтой холбоотой дуудлага байжээ. БЗД-т 4 удаагийн дуудлага, ХУД, БГД, СХД-т нэг нэг дуудлага бүртгэгдсэн. Мөн Санзайн зуслан орчимд байвгайн мөр байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад хүрэн байвгайн мөр болохыг тогтоожээ.

Улаанбаатар хотын хойд хэсгийн ногоон бүс Хан Хэнтийн нуруунд хамрагддаг, ойр байдаг тул хүрэн баавгай болон бусад төрлийн амьтад гүйдлээр орж ирдэг байна. Иймд иргэд ой модонд амарч, зугаалж явахдаа ан, амьтнаас болгоомжилж, тэдэнтэй учирсан тохиолдолд тайван харьцаж, дуудлага өгөх, мөн самар, жимс боловсорч гүйцээгүй үед хууль бусаар түүх, гал алдах зэргээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Онгоцонд мэндэлсэн ихэр охид болон тэдний ээж насан туршдаа онгоцоор үнэ төлбөргүй зорчино

“Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх замдаа жирэмсэн эх амаржиж, онгоцонд ихэр охин төрүүлсэн.

Эх, хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд тэдний тусгаарлалтын хугацаа дуусч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна.
Ихэр охидын ээж “Онгоцод орохоос хоёр өдрийн өмнөөс бие жаахан чилээрхсэн. Есдүгээр сард төрөх байсан ч охид маань долоон сар хүрээд төрлөө. Анх 1.4 кг, 1.6 кг төрсөн. Одоо хэвийн жиндээ хүрсэн. Охиддоо Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр хайрласан” гэлээ.

Ихэр охид болон ээжийг нь МИАТ ТӨХК-иас нислэг үйлддэг бүх чиглэлд насан туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг олголоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтаж, хүндэт харуулын дарга, хошууч Ж.Баярцогт илтгэл өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Төрийн ёслолын Цэргийн цагаан туганд хүндэтгэл үзүүлж, жагссан бие бүрэлдэхүүнтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн мөн Бүх цэргийн Их хар сүлдийн өргөөнд зочилж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалах яаманд ажиллах үеэрээ тус яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудтай уулзаж, батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, БХЯ болон ЗХЖШ-ийн удирдах бүрэлдэхүүн оролцлоо.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Батлан хамгаалахын үе үеийн сайд нарын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав.

Categories
мэдээ нийгэм

​Японд хэт халсаны улмаас 10 хүн нас баржээ


Япон улсад 8 дугаар сарын 3-наас 9-нийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн хэт халууны улмаас 10 хүн нас барж, 6.6 мянга орчим хүн эмнэлэгт хүргэгджээ.

Биеийн байдал нь хүнд байгаа 180 хүн урт хугацаанд эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгаа бол өөр 2.4 мянган хүний биеийн байдал дунд зэрэг байна.

Хэт халалтын улмаас бие нь тавгүйрхсэн иргэдийн дийлэнх нь 65-аас дээш насныхан байжээ. Хэмнэлт хийх үүднээс тэдгээрийн зарим нь агааржуулагчаа ажилуулахгүй байх тохиолдол олонтаа гардаг байна. Халуун өдрүүдэд эрүүл мэнддээ сайн анхаарч, илүү их шингэн зүйлс уухыг эрх баригчид ард иргэдэд анхааруулжээ.

Энэ долоо хоногт Японд зуны хамгийн халуун өдрүүд тохиож байна. Зарим дүүрэгт агаарын хэм өдрийн туршид 38 хэмээс дээш хүрч халжээ. Тухайлбал, төвийн Гумма мужид 8 дугаар сарын 11-нд 40.1 хэмд хүрч халсан байна.

Categories
мэдээ нийгэм

​Ерөнхий сайд У. Хүрэлсүх БНСУ-н элчин сайдтай харилцан визгүй зорчих талаар санал солилцлоо


Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд харилцан визгүй зорчих талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүссэн бөгөөд Ковид-19 цар тахалтай тэмцэх, иргэдээ татан авах чиглэлээр Солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, “Монгол, Солонгосын найрамдлын жил” хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Ли Ё Хун дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ үед Монгол Улс халдварыг дотооддоо алдалгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч байгааг өндөр үнэлснээ хэлсэн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Д.СУВД-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа

АНУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ковид-19 цар тахалтай тэмцэхэд АНУ-аас манай улсад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд, тус улсад амьдарч байгаа монгол иргэдийн аюулгүй байдалд анхаарч, тусалж дэмжихийг хүсэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байгаад Элчин сайд баяр хүргэж, АНУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн эдийн засгийн чиглэлээр хийгдэж буй хоёр талын хамтын ажиллагааны зарим төсөл, санал, санаачлагын талаар танилцуулж, хамтран хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа хэлжээ.

Талууд Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх тухай АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь Компакт гэрээ, Америкийн хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн шугамаар хэрэгжиж буй сайн засаглалыг бэхжүүлэх, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзаж байна.

Уулзалтын эхэнд, Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гаас баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

Ковид-19 цар тахалтай тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг Элчин сайд Х.Кобаяши хэлээд, Япон Улсын Засгийн газар Монгол Улсад олон талт харилцааны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгааг танилцуулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд талархал илэрхийлээд Ковид-19-ийн улмаас эдийн засгийн хүндрэл учирч байгаа өнөөгийн нөхцөлд нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Талууд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх бэлтгэлийг сайтар хангах талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Шадар сайд Я.Содбаатар газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, тулгамдсан асуудлын талаар сонсгол хийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн явц, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан бөгөөд үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, үйлдвэрийн талбайн газар шорооны ажил, ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгаа тухай мэдээллээ.

Мөн үйлдвэрийн технологийн бус байгууламжийн барилга угсралтын (EPC-1) ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж, түүнтэй хэлэлцээр хийж дууссан бөгөөд гэрээ байгуулахаар ажиллаж байгаа тухай дурдлаа. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн эхний үе шатны барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.

Энэхүү төсөл нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолтойг Шадар сайд цохон тэмдэглээд, үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад холбогдох төрийн болон орон нутгийн байгууллагууд шуурхай, нягт хамтран ажиллах шаардлагатайг анхааруулж, үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлж, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлыг эрчимжүүлэх, газрын тос дамжуулах хоолойн төслийн санхүүжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх зэрэг тулгамдаж буй бусад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

Мөн, дээрх өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Засгийн газрын холбогдох гишүүдээс бүрдсэн байнгын ажиллагаатай ажлын хэсгийг тусгайлан байгуулж, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Categories
мэдээ нийгэм

Локарно олон улсын кино наадмын долоон шагналын гурвыг нь Монголын уран бүтээлчид хүртлээ


Швейцар Улсын Локарно хотноо 2020 оны 8 дугаар сарын 5-15-ны хооронд зохион байгуулагдаж буй 73 дахь удаагийн Локарно олон улсын кино наадмын долоон шагналын гурвыг нь Монголын уран бүтээлчид хүртэв.

Тодруулбал, Найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа нарын “Ze” кино төсөл нь тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40 000 шв.франкийн тэтгэлэгт шагнал хүртэв. Мөн найруулагч П.Лхагвадулам өөрийн кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагнал хүртлээ. Найруулагч С.Уран тус хөтөлбөрийн “Rotterdam Lab” шагналын эзэн болсноор 2021 онд Нидерландын Роттердам хотноо болох “Rotterdam Lab 2021” 5 өдрийн cеминарт оролцож, олон улсын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох эрх авав.

Локарно олон улсын кино наадамд Монгол Улсын кино уран бүтээлчид хоёр дахь жилдээ амжилттай оролцож байгаа юм. Тус хөтөлбөрийн “Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмжлэг үзүүлдэг хэсэгт найруулагч Пүрэв-Очирын Лхагвадулам, продюсер Цэрэнпилийн Ариунаа нар “Ze” кино төслөөр, “Open doors lab” буюу жил бүр 8 кино найруулагчийг шалгаруулж, тэдгээрт олон улсын киноны зах зээлийг илүү ойлгуулах, кино зохиол бичих, киноны мэргэжилтнүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар 6 өдрийн тусгай сургалт явуулдаг хэсэгт IFI продакшны найруулагч Сайнбилэгийн Уран оролцжээ.

Тус наадмын нээлтэд Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн Швейцарын талын урилгаар оролцож Локарно кино наадмын ерөнхийлөгч Марко Солари болон “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал Софи Бурдон нартай уулзаж, “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монголын уран бүтээлчдэд зориулсан кино зохиол бичих сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлэх, мөн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн хүрээнд Монголын кино урлагийн залуу уран бүтээлчдэд дэлхийн киноны зах зээлд гарахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төсөлд хамруулах асуудлыг ярилцаж тохиров.

Швейцарын Гадаад хэргийн яамны харьяа Швейцарын Хөгжлийн агентлаг “Нээлттэй хаалга” хөтөлбөрийг санхүүжүүлж, дэмжиж ажиллаж байгаа юм.

Б.ОЮУНДАРЬ