Categories
мэдээ цаг-үе

Р.Шинэгэрэл: Оны эцэст төсвийн алдагдал таван их наядыг давж мэднэ

Коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор эдийн засагчид төсвийг тодотгох шаардлагатайг аль нэг, хоёрдугаар сараас ярьж эхэлсэн ч Засгийн газар үл тоомсорлосны нөлөөгөөр төсөвт өнөөдөр түүхэнд байгаагүй буюу 3-5 их наяд төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй тулгараад байна. Эдийн засагч Р.Шинэгэрэлтэй төсвийн тодотгол тойрсон сэдвээр ярилцлаа.


-Засгийн газар удтал хүлээлгэсний эцэст төсөв тодотгох нь ээ. Гэвч дорвитой өөрчлөлт хүлээх хүн ховор байна. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Ер нь коронавирустэй холбоотой эдийн засгийн хүндрэл гарах нь он эхлэнгүүт тодорхой болсон. Үүнтэй зэрэгцээд маш олон судлаач, ТББ-ууд яаралтай төсвөө тодотгох шаардлагатайг хэлж, шаардаж ирсэн. Гэвч Засгийн газар үүн дээр тодорхой арга хэмжээ авахгүй, тодотгох шаардлагагүй гэж явсаар өнөөдрийн нөхцөл байдалтай туллаа. Өнөөдөр төсөв 2020 оныхоо алдагдлыг давуулж биелүүлээд байгаа. Цаашид ямар арга барилаар, хэрхэн эдийн засгийг сэргээх үү гэсэн бодлогогүй мэт харагдаж байна.

Сангийн сайд саяхан эдийн засаг орлого талаасаа 10.7 хувиар агшсан, оны төгсгөл рүү гурван их наяд давсан төсвийн алдагдал гарах төлөвтэй байна гэж мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Сангийн яамнаас коронавирусийн үед үүсч буй эдийн засгийн асуудлуудыг шийдэх 5.1 их наяд төгрөгийн хэрэгцээ байгааг мэдэгдсэн. Үүний дагуу төсвийн тодотгол хийхгүй мөртлөө цар тахлын үед ажиллах нэг удаагийн хууль батлаад Засгийн газар өөрөө төсвөө мэдээд захиран зарцуулах эрх зүйн орчныг эрх баригчид өөрсдөдөө бүрдүүлчихсэн. Үүнтэй уялдаад одоо байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд энэ оны төгсгөл рүү төсвийн алдагдал таван их наяд руу орж мэдэхээр байна. Яагаад гэвэл орлого тасралтгүй буурч байна. Орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ ерөөсөө авч чадахгүй байгаа. Экспортын гол орлогыг бүрдүүлэгч нүүрсний экспорт 50 хувиар буурлаа. Үлдэж байгаа таван сарын хугацаанд дорвитой арга хэмжээ авч, нэмэгдүүлэх магадлал тун бага байна. Аж ахуйн нэгжийн орлого буурсаар байгаа. Мэдээж энэ нь төсөв рүү орох татварын орлого тасарна гэсэн үг. Эсрэгээр ирэх намар дахиад орон нутгийн сонгуультай. Дараагийн жил Ерөнхийлөгчийн сонгууль угтаж байна. Тэгэхээр Засгийн газар улс төрийн амлалттай холбоотой зардлуудаа бууруулах сонирхолгүй байх шиг. Хоёр сонгуулийг угтаад амласан амлалтуудаа яаж ийж байгаад, гадны зээлээр ч болов хөрөнгө оруулалтын ажлуудаа хүчээр хөдөлгөөд байх юм байна. Тэгэхээр оны эхэнд танилцуулсан 5.1 их наяд төгрөгийнхөө хэрэгцээг хангаад ирэх юм бол төсвийн алдагдал үндсэндээ 5 их наядад хүрэх болов уу.

-Төсвийн алдагдал хэзээ ч таван их наяд төгрөг давж байсан тохиолдол байхгүй. Яагаад улс орон, ард түмний “хэтэвч”-нд байгаа мөнгөнд хайрамжгүй хандаад байна вэ?

-Төсвийн бодлого дээр тодорхой хэмжээний шинэчлэл хийх ёстой. Түүнийг ярьдаг улстөрч гэж байхгүй болчихлоо. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гээд аль 2010 онд батлагдсан.

Гэвч тэр хуулиа хэрэгжүүлэлгүй маш олон удаа өөрчилсөн. Хуулийнх нь үзэл санаа үндсэндээ алдагдлаа. Дараагийн нэг төсвийн шаардлага бол төсөв үр бүтээмжтэй байх ёстой. Үүн дээр ямар ч шинэчлэл хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, нэг л их зардал гаргаад байдаг. Үүний үр өгөөж ямар байгаа юм бэ. Том бүтээн байгуулалт хийлээ гэхэд ашиг тус нь ямар байдлаар бууж байгаа тооцоо алга. Эрх баригч, ямар нэг өндөр албан тушаалтны буруутай шийдвэрээс болоод төсөвт маш том алдагдал үүссэн байдаг. Төрийн өмч үр ашиггүй болсон байдаг. Хамгийн энгийн жишээ бол “Эрдэнэт” дээр “Жаст”-ын зээлтэй холбоотой маш их мөнгийг төсвөөс төлсөн шүү дээ. Энэ мэт бодлогын асуудал дээр эрх баригчдын зүгээс шинэчлэл явуулахгүй байна.

Төсвийнхөө таван гол зарчмыг шинэчилж, хэрэгжүүлдэг болгомоор байна. Төсөв нээлттэй байх ёстой гээд Шилэн дансны тухай хууль гарсан. Гэвч үүнийг хэрэгжүүлдэг хүн алга. Бас нэг гайхамшигтай зүйл нь төсөв дээр гэмт хэргийн шинж чанартай асуудал гараагүй бол тэрийг энгийн хуулиар шийддэг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хариуцлагын асуудал тэр чигтээ хуульчлагдаагүй үлдсэн байдаг. Тэгэхээр төсөвтэй холбоотой асуудалд хариуцлага байхгүй учир дураараа төлөвлөдөг, дургүй нь хүрвэл тодотгохгүй гүрийгээд явдаг байдал ажиглагдаж байна. Хуулиараа бол төсөв тодотгох, хэлэлцэх шаардлага аль 3, 4 сарын өмнөөс үүсчихсэн шүү дээ. Гэвч өнөөдрийг хүртэл тодотгохгүй гүрийгээд явчихсан. Тэгээд төсөв тодотгохгүй байгаагаас үүдсэн хариуцлагын асуудал тэр хүмүүст нь үйлчилдэггүй. Иймэрхүү байдлаар явсаар байгаад сонгуулийн дараа нэгэнт өндөр алдагдал хүлээсэн төсвийг тодотгох болоод байж байна.

-Төсвийн таван зарчим бий. Төсвийн үр өгөөжтэй, тооцоотой төлөвлөж, хяналттай зарцуулж, үр ашгийг нь бодитой тооцоход зориулж эдгээр зарчмыг хэрэгжүүлэхээр болсон. Хэрэгжилт яагаад хангагдахгүй байна вэ?

-Төсвийн таван зарчим Төсвийн тухай хууль дээр тунхагийн шинж чанартай байгаа юм. Нарийн процессыг нь хуульчлаагүй гэсэн үг. Төсвийн батлах, хэрэгжүүлэх, тайлагнахдаа эдгээр зарчмыг баримтлаа гэчихээд зарчмууд дотроосоо ганцхан тогтвортой байдлыг нь хуульчилсан юм. Тогтвортой байдлын тухай хууль гээд байгаа даа. Төсвийн ил тод байдлын тухай хуулийг Шилэн дансны тухай хуулиар хуульчилсан гэж хэлж болох ч хэрэгжилт хангалтгүй, ил тод биш. Бусад зарчмуудын тухайд яаж ажилладаг болгох уу гэдэг дээр нарийн хуульчилсан зүйл байхгүй. Төсөв өөрөө маш ил тод нээлттэй байх ёстой. Төсвийн үр ашиг нүдэнд харагддаг, тодорхой хэмжүүрээр хэмжигддэг байх учиртай. Энэ байдал байхгүй учир Хэнтий аймагт баригдаж байгаа хөшөө дурсгалтай холбоотой маш олон шүүмж гарч байна. Уг нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Гэтэл энэ салбарт үйл ажиллагаа явуулагчид огт таашаахгүй байна. Хэрэв үүнийг жуулчид сонирхохгүй, барьсан хэдэн тэрбум төгрөгөө нөхөж чадахгүй, нэмээд төсвөөс мөнгө “саадаг” төрийн өмчит компани байгуулагдаад суучихвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ талаар зохицуулалт алга.

-Тэртэй тэргүй ирэх жилээс томоохон дүнтэй бондуудын төлбөр хүлээгдэж байхад төсвийн өндөр алдагдлыг нөхөхийн тулд дахин өр зээл болох нь ээ?

-Төсөвт алдагдал үүсч байна гэдэг нь ерөөсөө л гадаад өр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жилийн хувьд Монгол Улсын гадаад өр маш өндөр хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй болчихлоо. Ирэх дөрвөн жилд төлөх байсан бондын эргэн төлөлтийг хойшлуулж таарах байх. Нэмээд энэ жил бас 1-2 тэрбум ам.долларын өр нэмэгдчихэж байх шиг байна. Тэгэхээр ирэх дөрвөн жил гадаадын өрийн төлөлт хийхэд маш хүнд байхаар байна. Нөгөө талаар “ковид”-оос үүдэлтэй эдийн засгийн уналт хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Дахиад нэг жил ч үргэлжилж мэднэ. Хэрэв ингэж үргэлжилбэл уг нөлөөллийг саармагжуулаад явах хурд байна уу. Бид ийм олон асуултын өмнө нийтээрээ тулчихаад байна.

-Төсвийн хөрөнгө оруулалт ихэвчлэн бүтээн байгуулалт буюу барилгын компаниудад очиж байна. уг салбарын масс эдийн засгийг бүхэлд нь тэтгэх хүрээг хамарч чадах уу?

-Зөвхөн барилгын салбар дотроо тэр хөрөнгө оруулалт, үр өгөөж нь харагддаг. Жижиг, дунд үйлдвэрлэл, оны эхнээс орлого тасалдах нь тодорхой байсан аялал жуулчлал гэх зэрэг олон хүн ажилладаг салбарыг бодлогоор дэмжиж чадсангүй. Энэ зун ингээд өнгөрч байна. Оны эхнээс дотооддоо вирусийг алдахгүй нь тодорхой менежмэнт хэрэгжүүлж байгаа гэдэгтээ итгэлтэй байсан бол үйлдвэр, үйлчилгээний газруудаа чөлөөтэй ажиллуулах боломжоор хангах ёстой байсан. Энэ боломжийг тавихгүй байсаар маш олон өрх, бизнес эрхлэгчийн эдийн засаг хүнд боллоо. Аж ахуйн нэгж дээр тавьж байгаа хориглолттой холбоотой бодлогын шийдвэр гаргахдаа оролцогч нартайгаа маш сайн ярилцдаг болмоор байна. Шууд өөрсдөө дур мэдээд шийдвэр гаргаад яваад байхаар энэ нь эргээд эдийн засгийг ихээр боомилсон үйлдэл болж хувирдаг. Уг нь дотооддоо алдаагүй тохиолдолд эдийн засгаа бодсон арга хэмжээ их уян хатан баймаар байгаа юм. Яагаад гэвэл өрхийн болон хувь хүний эдийн засаг сайн байж тэр хүмүүсийн дархлаа сайжирна. Наад зах нь сэтгэл санаа өөдрөг, хүлээлт нь сайн байна.

Г.БАТЗОРИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уурласан баавгайн үлгэр

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Ялалтын 75 жилийн ойд зориулж Оросын ерөнхийлөгч Владимир Путин илтгэл тавьжээ. Илтгэлийн нэр: “Аугаа ялалтын 75 жилийн ой: Түүх болон ирээдүйнхээ өмнө хүлээх хамтын хариуцлага”.Дэлхийн II дайны өмнөх байдал болон дайны явц, үр дүнгийн талаар өөрийн тайлбараа хэлж өөрийн дүнэлтээ нотлоход Путины илтгэлийн гол үзүүр чиглэсэн байна.

Илтгэлийн эхэнд Германд нацистууд төрийн эрх авсан цаад шалтгааныг Вэрсалийн энх тайвны гэрээнээс болсон гэж тайлбарлажээ. Ийм үзэл бодол аль эртнээс яригдах болсон сэдэв. Тэр байтугай Германд тулгаж байгаа нөхцөл хэт хатуудаж байна, энэ нь хожим өшөө хорсол буй болгоно гэж гэрээнд биеэр оролцсон Мэйнард Кэйнс тухайн үед нь анхааруулж байсан. Харин Путин үүнийг яах гэж чухалчлан онцлов? Дайнаар ялагдсан Герман байтугай дайнгүйгээр ялагдан бутарсан СССР-т хүнд нөхцөл тулгах болсон өрнөдийнхөн өөрийн эрхгүй оросуудын уурыг хүргэж байна гэж анхааруулж буй мэт. Мөрөөрөө байхад нь оролдвол ихэд хилэгнэн уурсдаг орос баавгайн тухай түүний ярих дуртай үлгэр үүнийг санагдуулна.

Германы нацизмыг АНУ, Их Британи хоёр хамгийн ихээр дэмжиж байсан гэсэн Путины нотолгоо зөөлөн хэлэхэд нэлээд эргэлзээтэй. Зарим сондгой баримтыг түүвэрлэн хүчжүүлж нийт бодлоготой нь хүчээр холбож наалдуулах юм бол Оросын большевизмыг АНУ, Их Британи хамгийн ихээр дэмжиж байсан гэж хариу маргах бүрэн үндэстэй. Харин язгууртнууд болон улс төрийн хүрээнийхний дунд радикал болон хэт баруун, үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн Германы нацизмыг дэмжиж байсан гэдэг нь үнэн. Энэ нь мөн өдгөө Өрнөдийн зарим улс төр-үйлдвэрлэлийн хүрээнийхэн болон радикал, хэт барууны, үндсэрхэг хөдөлгөөнүүд Кремлийн бодлого, үйлдэл, авир, түрэмгийллийг зөвтгөн дэмжих болсонтой төстэй ч юм шиг.

Итали улс Этиоп руу халдахад, Япон улс Хятад руу дайрахад, Австрийг Германд нэгтгэхэд, Үндэстнүүдийн Лиги яаж ч чадаагүй, урьдчилан сэргийлээгүй гэсэн дүгнэлт үнэний талтай. Гэхдээ л өчүүхэн Финландад халдан газар нутгийг нь булаан авсых нь төлөө СССР-ийг Үндэстнүүдийн Лигигээс хөөсөн нь бас үнэн баримт шүү. Путины сүүлийн үед байнга улиглах болсон “гарцаагүй нотолгоо”-оор дэлхийн дайныг Польш эхлүүлсэн тухай наргиантай яриа юм. Өнөөдөр Словакт хамаарч буй Кошиц нь аль XIII зуунаас Төв Европын хамгийн хэрүүл маргаантай байсан нутаг. Австри-Унгар, Словак, Чех, Унгар, Польшийн хоорондын маргааны уулзвар. Тэр байтугай тэнд олуулаа суурьшиж байсан жүүд нар, мөн Германы оролцоо ч их байсан. Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг зогссон Унгарын үндэсний үзэлтнүүдийн төв тэнд байсан. Хүн амын дийлэнх нь ч унгарууд байлаа. 1941 оны зургадугаар сарын 26-нд таних тэмдэггүй онгоц Кошицийг бөмбөгдсөнийг өнөө болтол тэр нь Зөвлөлтийнх байсан гэж олонх түүхчид үздэг. Чухам энэ факт л Хартигийн Унгарыг дайнд түлхэж СССР-т дайн заралсан билээ.

Польшийн ард түмэн Герман, Орос хоёрын дунд хэдэн зуун жил нанчидаа барсан. Хөршүүдийн байлдааны завсарт үргэлж замд нь хохирч байжээ. Тэр байтугай Польшийг тэд хувааж аваад газрын зурагнаас арчин хаяж байлаа. Зуу гаруй жил! Тиймээс дэлхийн II дайны өмнөхөн хоёр хүчирхэг хөршийнхөө эвийг олж дунд нь төвийг сахихаар чармайж байв. Польшууд Германтай харилцан үл довтлох гэрээ байгуулсан нь үнэн л дээ. Ийм гэрээг мөн 1934 онд 10 жилийн хугацаатайгаар СССР-тэй байгуулсан нь Германтай хийсэн гэрээтэй ижил нөхцөлтэй байлаа. Гадаад яамны сайд Юзэф Бэк хоёр хөршийнхөө Германд нь илүү итгэж байсан. Тэрээр “Бид германчуудтай байлдвал газар нутгаа алдана, оросуудтай байлдвал сүнсээ алдана” гэж хэлж байжээ. Дээр нь өмнөд хөрш Чехословактай Кошицоос болж харилцаа тун муу байлаа. Чухам ийм далимыг ашиглаж Чехословакийг эзэлснийхээ дараа Гитлер Кошицийг Польшид өгөөш болгон хаяж өгснийг цаадуул нь үмхчихсэн хэрэг. Энэ нь польшууд дэлхийн дайныг эхлүүлсэн шалтгаан мөн үү? Тэгж яривал Сталин Гитлерийн зөвшөөрч өгсөн бэлэг болох хагас Европыг баяртайгаар үмхээгүй гэж үү?

Мюнхэний хэлэлцээр нь Путины яриад байгаа шиг Англи, Франц нь Германтай нийлж хуйвалдаад дэлхийн дайны морийг нь унуулсан гэх нь арай хэтэрхий даваадуулал байх аа? Өрнөдийн ардчилал дарангуйллын дэглэмд бууж өгсөн шившигт гэрээ мөн. Чехословакийн Сүдэтийг тасдан Германд нэгтгэхийг зөвшөөрснөөр Гитлерийг тайтгаруулж Европт энх тайван тогтоно гэсэн гэнэн буулт байсан болохоос гурвуулаа нийлж хуйвалдаад Чехословакийг хувааж аваагүй шүү дээ. Гитлер Сүдэтийг булаан авч анекс хийхдээ муу ч гэсэн зонхилох гүрнүүдийг айлгаж байгаад ч болов зөвшөөрлийг нь авчээ. Путин Крымыг анекс хийхдээ хэнтэй зөвшилцсөн бэ? Крым урьд нь манайх байсан гэж тайлбарладаг. Крым урьд нь герег, скиф, ром, визант, түрэг, монгол гээд зүсэн бүрийн үндэстэнд хамаарч байсан. Бас Орост ч! Украинд төрийн эргэлт гарсан учраас Крымыг авч өөртөө нэгтгэсэн гэсэн Путины увайгүй тайлбарыг юу ч гэж нэрлэмээр юм бэ дээ?. Үүнийг оросоор “нахальство” гэдэг байх. Харин Мюнхэнд Гитлертэй тохиролцсондоо Чэмбэрлэн учиргүй их баярлаж энх тайван гэж орилж байсан нь тэнэглэл, гэвч түүний араас гарч ирсэн Чөрчил “Гитлер там руу зугтаагаад орсон ч араас нь чөтгөрүүдтэй нийлж байгаад ч болов түүнийг устгана” гэсэн. Магадгүй, түүний бодлоор чөтгөр нь Сталин болов уу!

Дайны өмнө өрнөдийнхөн Гитлерийн эсрэг холбоо байгуулахаас янз бүрээр бултан хоёр нүүр гаргаж байсан, гагцхүү СССР л үүний төлөө үхтлээ зүтгэж байсан хэмээн Путин зэмлэжээ. Англи, Францтай Москвад явагдаж байсан хэлэлцээг СССР-ийн талаас толгойлж байсан Ворошилов харин ч илүүтэй хоёр нүүр гаргаж байсан. Германтай байлдах дээрээ тулбал улаан армийг нутаг дээгүүрээ дамжин өнгөрүүлэхгүй гэсэн польшуудын гөжүүдлийг гол шалтаг болгон зөрүүдэлсээр Молотов-Риббэнтропын хуйвалдааныг угтан цаг хожиж байв. Молотов-Риббэнтропын гэрээ энэхүү хэлэлцээнээс хавьгүй өмнө нэгэнт төлөвлөгдсөн байсан шүү дээ. Халх голд цохилт өгснөөр Японтой үл довтлолцох тохиролцоонд хүрсэн. Ер нь Үл довтлолцох гэрээ байгуулсан учраас Польш л дайны хаалга нээсэн гэж Путин зориуд зөрүүдлээд байгаа болохоос Германтай ийм гэрээг Европынхон бараг цөмөөрөө хийсэн, СССР 1939 онд Германтай ийм гэрээнд гарын үсэг зурсныг хэн ч буруутгадаггүй. Асуудал Молотов-Риббэнтропын нууц гэрээгээр Европыг хувааж авсан тухай ярихаар “В огороде бузина, а в Киеве дядька”?

Польшууд жүүдийн эсрэг Гитлерийн үзлийг дэмжиж байсныг үгүйсгэмгүй. Гэвч тэднээс ч илүүгээр жүүдүүдийг устгах ажиллагаанд идэвхтэй оролцсон ленинч хүмүүжлээр бойжсон зөвлөлт украинчуудыг юу гэх вэ? Жүүдийн эсрэг антисэмитизм зарим үндэстний сэтгэлгээнд түүхийн турш гүн бат суусан байдаг. Герман польш гэлтгүй мөн оросууд ч жүүдийн эсрэг үзлийн том төвлөрөл байсаар ирснийг ХХ зууны эхээр жүүдүүдийг хоморголон сүйтгэсэн Хаант Оросын түүхэн жишээгээр нотолж болно.

Германы түрэмгийлэгчидтэй баатарлагаар тэмцэж байсан ард түмнээсээ урваж Польшийн удирдлага 1939 оны есдүгээр сарын 17-нд Румын рүү зугтжээ хэмээн Путин шоолсон байна. Бодвол дайны гол буруутнаар тодруулан байнга эшилдэг Гадаад яамны сайд Бэкийг хэлж буй бололтой. Чухам яг тэр өдөр Германтай урьдчилж тохирсны дагуу улаан арми Польшийн зүүн талаас түрэмгийлэн довтлоход германчуудаас зугтан Брэст рүү нүүн очсон Бэк яах байсан юм бол? Тэгээд ч Бэкийг огцруулж Германы эсрэг дүрвэгсдийн Засгийн газрыг товхинуулж генерал Сикорски төрөө Лондонд байрлуулсан шүү дээ.

Германтай хамтарч Польшийг түрэмгийлэн хувааж авсныгаа аль зөвлөлтийн үеэс “Курзоны хил” гэгчээр цагаатгах гэж оролдож эхэлсэн ба одоо ч үүнийг Путин үргэлжлүүлсээр. Британийн Гадаад хэргийн сайд асан Жорж Курзоны 1920 онд гаргаж ирсэн Польш-Зөвлөлтийн хилийн демаркац гэх санал бий. Үнэндээ үүнийг Курзон санаачлаа ч үгүй, дэмжээ ч үгүй. Гадаад яаманд ажилладаг Намэрский гэгч польшийн жүүд гаралтай ажилтных нь санал. Антисэмит нийгэмд төрж өссөн тэрээр польшуудыг үзэн яддаг нэгэн. Энэ хил гэгчийн тухай олон улсын нэлээд хурлуудад яригдаж байсан боловч хаана ч дэмжигдээгүй. Гагцхүү Молотов-Риббэнтропын нууц гэрээгээр Курзоны хил гэгчийг хоёр тал ашиглан түрэмгийллээ зөвтгөсөн. Хожим Ялтын гэрээгээр нэгэнт факт болсон Курзоны хилийг дайнд ялагч гүрэн СССР-ийн талд ашигтайгаар зөвшөөрчээ. Путины үгээр Герман Польшид довтлонгуутаа л СССР-ийг энэ дайныг дэмжихийг уриалан шахсан боловч өрнөж буй гашуун үйл явдлаас зөвлөлтүүд дөлж байсан мэтээр туужээ. “Вэрсалийн гэрээний дутуу төрсөн зулбадсага болох Польшид эхлээд Германы цэргийн богинохон цохилт, дараа нь Улаан армийн жижиг цохилт өгөхөд яйраад устан алга боллоо”хэмээн СССР-ийн Дээд Зөвлөлийн чуулган дээр ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд Молотов мэдэгдсэнийг юу гэж тайлбарлах вэ? Путины тайлбараар Герман Польшийг бүхэлд нь эзэлбэл Минскт хэт ойртохоос болгоомжилж Улаан арми Польшид халдсан гэнэ. ”Үүнээс өөр сонголт үлдээгүй, эс тэгвээс СССР-ийн хувьд эрсдэл хэд дахин нэмэгдэх байлаа” гэж тэрээр тодотгожээ. Цагтаа Сталин ч ингэж улайм цайм увайгүй тодорхойлолт бодож олж чадаагүй юм шүү. Харин Сталин өчүүхэн Финландад их хүчээр халдаж газар нутгийг нь булааж авсныгаа тэдний хил Ленинградад хэтэрхий ойрхон байна гэж тайлбарлаж байсан нь Путины Минскийн тухай онигооны цаад эх сурвалж байж магадгүй.

АНУ, Британий эсрэг Герман, Итали, Японы гурван талт гэрээнийхний холбоонд СССР-ийг оруулахаар урьсан ч зөвлөлтүүд эвтэйхэн аргалаад татгалзсан тухай Путин бүдэг бадаг дурджээ. Үнэндээ хэлэлцээ хийхээр 1940 онд Берлинд айлчилсан Молотов тэдэнтэй нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд харин ингэснээр СССР-т юу ногдохыг шалж хариуг нь чамласан байдаг юм билээ.

Хоёр дайны хооронд олон улсын гэрээ, тогтсон статус квог дур мэдэн зөрчиж, түрэмгийлэл үйлдэн дэлхийг самарсан дөрвөн аюултай гүрэн нь Германы нацистууд, Японы милитаристууд, Италийн фашистууд, тэгээд СССР-ийн коммунист дэглэм байсан юм шүү дээ. Тэгээд ч СССР ба нацист Герман нь Молотов-Риббэнтропоос хавьгүй өмнөөс цэрэг армид түшиглэсэн эдийн засгийн түншүүд байсан. Нүүрснээс өөр түүхий эдээр хомс Германыг цэрэг армийн түүхий эдээр тасралтгүй хангагч гол түнш нь СССР байлаа. Гитлерийн Герман милитарчлагдан өсөн өндийхөд СССР асар их тус хүргэснийг үгүйсгэх аргагүй. Хариуд нь тэд Германы өндөр техник технологи бүхий зэр зэвсгийг сонирхож байв.

“Онгироо германчууд биднийг очиход хамаг шинэ техник зэвсгээ үзүүлэн гайхуулж худалдан авахыг санал болгов” гэж Вэрмахтын урилгаар Германд зочлоод ирсэн Зөвлөлтийн зохион бүтээгчид Сталинд илтгэж байсан нь нэг бус.

Молотов-Риббэнтропын гэрээгээр СССР өөрт ногдсон орнууд руу халдан газар нутгийг дээрэмдэн булааж байсныг өрнөдийн, тэр дундаа английн зарим улстөрчид “аргагүй байдал” хэмээн тухайн үед албан бусаар хэлж ярьж байсныг Путин нямбайлан эшилжээ.. Зөвлөлтүүдтэй уулзаад комплемент үзүүлж байсан хэл амыг архивын материалаас шинээр оллоо гээд өөрийгөө зөвтгөхөд ашиглажээ. Төрийн албан ёсны шийдвэр мэдэгдэл тогтоол албан баримт бичиг үгүй бол хувь хүний найрсаг үг нь гэрээ хэлэлцээр шиг хүчинтэй байдаггүй. Ийм аргыг одоо ч өнөөгийн байдалтай холбон Путин өөрөө хайр найргүй хэрэглэдэг. Хүйтэн дайн зогсонгуут өрнөдийнхөн НАТО-г дорно тийш тэлэхгүй гэж ам өгөн гэрээ хэлэлцээр байгуулсан мэтээр олон удаа сануулж байгаа. Гэтэл хэргийн мөрөөр хөөвөл урьд нь Холбооны Германы Засгийн газарт сайд асан, тухайн үед ердөө л парламентын гишүүн асан Ойгон Бар Берлинд болсон хүлээн авалт дээр ингэж ам алджээ. Согтуу ч байсан юм билүү?

1939 оны намар Балтын гурван орны ард түмэн өөрсдийн сонгосон төр засгийнхаа зөвшөөрлөөр СССР-ийн бүрэлдэхүүнд сайн дураараа нэгдэн орсон гэж олон арван жилийн өмнө хэлж байсан Сталины үгийг энэ удаа Путин гарцаагүй нотолгоо болгон дурджээ. Молотов-Риббэнтропын нууц тохиролцоогоор Латви, Эстон нь СССР-ийнх, Литва нь Германых болсон юм. Ердөө хэдхэн хоногийн дотор зөвлөлтийн улаан арми Эстони, Латвийг эзэлж анекс хийсэн. Германчууд Польшид довтлоходоо мөнөөх Молотов-Риббэнтропын гэрээнд тогтсон хилийн шугамаас хальж Висла, Саниагаар хуваан хоёр орон хиллэх ёстой байсныг хэтрүүлэн хэтэрхий зүүнтийшлэж гэрээнд тусгаагүй газар эзэлжээ. СССР-Герман хоёр дахин тохиролцоод Гитлер Литваг СССР-т өгөөд оронд нь хэтрүүлж булаасан Польшийн газрыг өөртөө үлдээхээр болсон байна. Дарай улаан армийн 20 мянган цэрэг Литваг эзлэн сонгууль явуулсан ба сонгуульд зөвхөн зөвлөлтийн тал баримтлагч “Хөдөлмөрчин ардын эвсэл” оролцсон. СССР-тэй нэгдэж улсаа байхгүй болгохоор саналаа өгсөн “өөрсдийнх нь байгуулсан төр” гээд байгаа нь энэ! Зөвлөлтүүд дайны дараа өөрсдийн “чөлөөлсөн” гэх Дорнод Европын орнуудад мөн иймэрхүү сонгууль явуулахад “чөлөөлөгдсөн” ард түмнүүд бүгд нэгэн дуугаар нутагтаа коммунизм байгуулахаар саналаа өгч байсан юм. Польшид хамаарч байсан Вильнюс хотыг литовчуудад буцааж өгсөн хэмээн Путин бахархангуй онцлон тэмдэглэжээ. Гэтэл литовчууд хэлэхдээ “Вильнюс Литвагийнх болсон, харин Литва Оросынх болсон” гэх юм билээ. Жижигхэн Финландад зөвлөлт социалист Финланд ард улс байгуулахаар халдан довтлоод чанга хариу авсан тухайгаа Путин харин илтгэлдээ огт дурдсангүй.

Илтгэлийн төгсгөл рүү Дэлхийн дайнд Германы эсрэг оролцсон АНУ, Британи, Францад талархал илэрхийлээд лэндлиз чамгүй тус хүргэснийг дурдсан нь нэлээд шинэлэг зүйл байлаа. Зөвлөлтийн үед лэндлизийг өөрийн ард түмнээс бараг нууцалдаг, урлаг, утга зохиол, киногоор дамжуулан муучилдаг байсан. Путин ч энэ удаа талархлынхаа зэрэгцээгээр лэндлиз тухайн үеийн нийт зэр зэвсэг үйлдвэрлэлийн дөнгөж долоон хувийг эзэлж байсныг заналтайгаар сануулав. Үнэн байх, СССР-т үйлдвэрлэж байсан гранат, гар буу, пулемот, автомат, их буу зэргийг оруулан нийт массаар нь бодоход? Гэхдээ техник технологийн хувьд онц хоцрогдолтой СССР-ийн яагаад ч барахгүй өндөр технологи, тухайлбал автомашин, нисэх онгоц, хөдөлгүүр зэргийг лэндлиз нийлүүлж байсан. “Машины орон та нарын техникийн тусламж байгаагүй бол бид энэ дайнд ялагдах байлаа” гэж Тегераны уулзалтын үеэр Сталин өөрөө хэлж байсан. Дайн дуусч байхад ч Микоян “Та наргүйгээр бид дуусах байсан” гэж байсан.

СССР-ийн ард түмнүүдийн баатарлаг тэмцэл, нацизм фашизмын эсрэг маш их хохирол хүлээн байж ачааны хүнийг үүрэн, ялалтын ноён нурууг даасныг энд үгүйсгэх санаа огт алга. 26 сая хүнийхээ амиар төлөн байж нийтийн дайсныг дарахад оросууд голлох үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг хэн ч үгүйсгэдэггүй. Гитлерийн дайны гол зорилгын нэг нь Арабын нефть, Бакугийн нефтэнд хүрэх явдал байсан. Сталинградад оросууд энэ зорилгыг нь няц дарж чадсанаар нацистуудын ялагдал эхэлсэн. Үүний зэрэгцээ Хойд Африкт чухам англи францчууд Рөмэлийн армийг тогтоосноор тэдний байгалийн чухал түүхий эдэд хүрэх зорилгыг таслан зогсоосон. Хүний түүхэнд тохиосон хамгийн бузар, хамгийн аймшигт дайсныг энэ дэлхийн шударга ард түмэн хамтын хүчээр зогсоож чадсан юм.

Дэлхийн дайныг үргэлж “Эх орны аугаа их дайн” гэж нэрлэн зөвхөн 1941-1945 оныг хамруулан өмчилж ярьсаар дасал болгосон Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгт дассаны хувьд өнөөдөр янз бүрийн үзэл санаа илрээд ирэхээр Путины уур хүрч, байж ядах болсон нь аргагүй байж болох юм. Тэгээд ч илтгэл тэр чигтээ түүхийн үнэн гэхээсээ өөрийн ард түмэндээ зориулсан “зүрхний үнэн үг” болов уу.

Ялангуяа “чөлөөлөгдсөн” гэгдэх хуучин СССР-ийн дагуул байсан ард түмнүүд өөрснийгөө чөлөөлөгдөөгүй, нэг орны дарлалаас нөгөө орны дарлалд шилжсэн гээд унахаар уур унтуу нь хөдөлдөг байх л даа. Түүхийн өндөрлөгөөс харвал тэдгээр ард түмнүүд Германы булаан эзлэгчдээс СССР-ийн буянаар чөлөөлөгдсөн нь үнэн боловч, чөлөөлөгч нь эргээд өөрснөө дарлагч болон хувирсныг 1953 оны Зүүн Германы, 1956 оны Унгарын, 1968 оны Чехословакийн, 1981 оны Польшийн жишээ харуулж байгаа юм бус уу? Коммунизмын үед СССР-ийн хамгийн дотно үнэнч холбоотон байсан болгарчууд хүртэл өнөөдөр “Биднийг улаан арми чөлөөлөөгүй, бид тэр үед чөлөөтэй байсан, харин улаан арми зүгээр байхад орж ирээд эзэлсэн” гэх болжээ.

СССР-ийн эзэнт гүрэн задрахаас гурван жилийн өмнө, 1989 онд Монголд өрнөсөн ардчилал нь 1968 онд тусгаар тогтносон Чехословак улсыг зөвлөлтүүд их хүчээр халдан довтолж эзэлснийг Монголын коммунист нам тухайн үед нь дэмжин тогтоол гаргаж байсныг эсэргүүцэн, уг тогтоолоо хүчингүй болгож Чехословакийн ард түмнээс уучлал гуйхыг шаардсанаар эхэлж байсан юм шүү.

2020.8.9

Categories
мэдээ цаг-үе

Д.Загджав: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цахим хяналтын системд оруулна

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавтай ярилцлаа.


-Та шинэ алба хүлээж авлаа. Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн болоод ШШГЕГ-ын дарга болчихов?

-Би салбарынхаа л байгууллагад ажиллахаар томилогдлоо. Тэс хөндлөн өөр мэргэжлийн хүн ирчихсэн хэрэг биш шүү дээ. 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтыг бизнесийн удирдлагын менежерээр, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын улсын академийг эдийн засгийн удирдлагын менежер, 2017 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр тус тус төгссөн.Улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор цолтой.

-Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан билүү?

-Тийм. Ажлын гараагаа 1985 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн байцаагчаар эхэлж, 1987 оноос Ховд аймгийн АДХГЗ-ны дэргэдэх Хууль зүйн Арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар, 1990 онд Ховд аймгийн шүүхийн гишүүн, 1993-2000 онд “Алтай интернэшнл”-ийн гүйцэтгэх захирлаар, 1998-2006 онд Монголын ардчилсан социалист холбооны ерөнхийлөгчөөр, 2000-2008 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2008-2012 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, Улсын их хурлын Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар, 2013 оноос хойш Монголын энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр,2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдон ажиллаж байгаад одоо ШШГЕГ-ын даргаар томилогдчихоод байж байна. Намтар түүхээ базаад хэлэхэд ийм л юм.

-Чухал салбаруудад ажиллаж байжээ…

-Миний хувьд нэг талаас онцлог цаг үед цэргийн сургууль дүүргэн, тангараг өргөж, үүрэг гүйцэтгэж байсан цэргийн албан хаагч. Нөгөө талаас төр засгийн шийдвэрийг хүндэтгэн биелүүлэх нь миний үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг.

-Та ажлаа юунаас эхлэх гэж байна даа?

-Өмнөх удирдлагуудын хийж хэрэгжүүлэхээр зорьж, төлөвлөж байсан ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ Засгийн газрын бодлого чиглэлтэй уялдуулан ажиллана.Юуны түрүүнд алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг анхаарч үзэх хэрэгтэй гэж үзэж байна.

Мэдээж хэрэг эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлж, эрүү, иргэний болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Улсын их хурлын 52 дугаар тогтоолоор “Алсын хараа- 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Уг баримт бичигт шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбарын чиглэлээр цөөнгүй зорилтуудыг тусгасан. Эдгээр зорилтын хүрээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэхийн зэрэгцээ, байгууллагын хөгжлийн чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаанд орчин цагийн технологи, инновацийн дэвшлийг нэвтрүүлэх, алба хаагчийн нийгмийн баталгааг хангах, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд ингэхдээ Монгол Улсын хөгжлийн бодлого, чиглэлтэй нийцүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр наймдугаар сарын сүүлийн долоо хоногт тохиодог.Танай байгууллагад шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд юу байна?

-Нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай ажил гэвэл салбарын ажлын ачаалал ихэсч байгаатай холбогдуулан алба хаагчийн орон тооны асуудлыг нэмж шийдвэрлэх шаардлага үүссэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд хорих ял шийтгэгдсэн болон баривчлах шийтгэл оногдуулсан, цагдан хоригдсон хүмүүсийн тоо өссөөр байна. Хоригдогсдыг хорих анги, байгууллагад хүлээн авахад багтаамж муу байна. Энэ нь нэг талаараа хоригдогсдын эрх зөрчигдөх нөхцөл байдлыг үүсгэж, нөгөө талаас алба хаагчдын ажиллах ачааллыг нэмэгдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар алба хаагчийн ажлын ачаалал 2-3 дахин нэмэгдсэний зэрэгцээ ажлын цаг нь Хөдөлмөрийн хуулиар тогтоосон ажлын цагаас эрс нэмэгдүүлсэн цагаар ажиллаж байгаа. Ер нь цаашид алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шаардлагатай байгааг олж харсан. 2021 оны нэгдүгээр сараас зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхлэх хуулийн зохицуулалтаас үүдэн бэлтгэл ажлыг яаралтай хангах хэрэгтэй.

Цагдаагийн байгууллагаас баривчлах байрыг шилжүүлж авах ажил үргэлжилнэ. Энэ ажилд шаардагдах хорих байр, алба хаагчийн орон тоо, урсгал зардлын төсөв гээд шийдэгдээгүй олон асуудал бий. Энэ талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллана.

-Насанд хүрээгүй хүнийг нийгэмшүүлэхэд ямар алхмууд хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Манай улсын хувьд өсвөр насны хүнд ял оноохгүй байх бодлого баримталдаг. Ихэнх тохиолдолд давтан болон онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүнд ял оноодог. Хэдийгээр тэд шүүхээс ял сонсож, хорих ялаар шийтгүүлсэн ч сурч, боловсрох, хөгжих эрх нь нээлттэй.

Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ерөнхий боловсрол олгох хичээл, сургалт тасралтгүй явагдахын зэрэгцээ өсвөр насны хүүхдүүдийг зөв хүн болгон төлөвшүүлэх бусад сургалт, нөлөөлөл, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах шаардлагатай байдаг.Энэ зорилтын хүрээнд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай нэг ажил нь Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын байрыг олон улсын жишигт нийцүүлэн цогцолбор хэлбэрээр шинэчлэх ажил бий.

Тус байгууллага нь 1975 онд ашиглалтад орсон хуучин барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хоригдож буй хүүхдүүд болон алба хаагчдын ажиллах орчин нөхцөл хүнд байгаа талаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн. Удахгүй шийдвэрлэгдэх байх гэж найдаж байна.

-Хоригдлыг нийгэмшүүлэхэд хөдөлмөр эрхлүүлэх чухал байх. Энэ талаар танай байгууллага ямар стратеги зорилтуудыг дэвшүүлж байгаа вэ?

-Хоригдлыг ажлын байраар хангах нь манай байгууллагын хувьд чухал асуудлуудын нэг юм. Тэднийг ял эдэлж байх хугацаанд нь улсад болон бусдад учруулсан гэм хорын төлбөрийг нь нөхөн төлүүлэх, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, гэмт хэрэгт дахин холбогдохоос урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хоригдлууд хөдөлмөрөөр дадлагажих сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авдаг. Энэ нь хорих ангиас суллагдаад эзэмшсэн мэргэжлээрээ ажил амьдралаа залгуулах, орлоготой байх гол тулгуур болж байгаа юм. Ер нь цаашид хорих ангийн үйлдвэрлэлүүдийг өргөтгөн шинэчилж, шинээр үйлдвэр байгуулна.

Хоригдлуудыг улс орны бүтээн байгуулалтын болон уул, уурхай, нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэх, говийн бүсийг ойжуулах зэрэг хөдөлмөрийн үйл ажиллагаанд татан оролцуулах талаар бодлогын түвшинд шийдвэрлэхийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна.

-Танай салбарын хөгжлийг ойрын хугацаанд ямар чиглэлээр хөгжүүлэх боломж харагдаж байгаа вэ?

-Инновацид суурилсан дэлхийн дэвшилтэт технологийг хорих анги, байгууллагын үйл ажиллагаанд өргөнөөр нэвтрүүлж, ял эдлүүлэх ажиллагаанд цахим хяналтын систем бий болгож, зорчих эрхийг хязгаарлах ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулах ажлыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн ял эдлүүлэх ажиллагаанд орчин үеийн телекамер, дохиолол, техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, телехяналтын нэгдсэн системийг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил өөрөө онцлогтой.Хүнд нөхцөлтэй. Алба хаагчийн нийгмийн баталгааны талаар ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

-Үе, үеийн удирдлагууд алба хаагчдыг албан үүргээ чанартай гүйцэтгэхэд шаардагдах ая тухтай ажлын байр бий болгох, ар гэр, нийгмийн баталгааг нь сайжруулах чиглэлээр анхааран ажиллаж ирсэн.

Амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг нь хангах зорилгоор 2000 оноос хойш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, орон байрны асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор бодитой тусламжуудыг үзүүлж байсан. Энэ онд 360 айлын дөрвөн блок орон сууцны барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилгыг энэ оны 10 дугаар сард, дараагийн ээлжийн 120 айлын орон сууцны барилгыг 12 дугаар сард тус тус багтаан барьж дуусгахаар зорилго тавин ажиллаж байна.

Мөн тэдний эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх, амьдралын түвшин, ахуй нөхцөлийг дээшлүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бий болгохоос гадна мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд туслах, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэгт онцгой анхаардаг.

-Хүний нөөцийн бодлого, алба хаагчдыг чадавхжуулах талаар ямар ажлууд хийж байна?

-Байгууллагын хэмжээнд 2020 оныг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил” болгон зарласан. Алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх давтан болон мэргэшүүлэх богино, дунд, урт хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Байгууллагын зардлаар гадаад, дотоодын их, дээд сургууль, удирдлагын академид эмч, барилгын инженер, мэдээлэл, технологийн инженер, санхүү, эдийн засаг зэрэг шаардлагатай мэргэжлээр алба хаагч болон алба хаагчдын хүүхдүүдээс сонгон шалгаруулж, суралцуулдаг.Алба хаагчдын англи хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаанд англи хэлийг үр дүнтэй ашиглах сургалтын тогтолцоог бий болгох зорилгоор “Гадаад хэл- мэдлэгийн түлхүүр” дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Цаашид ажлын байран дээрх сургалтыг эрчимжүүлэх, бие даалтын хичээлийг нэмэх, хууль эрх зүйн онол арга зүйн мэдлэгийг мэргэжлийн багштай хамтран системтэй энгийн байдлаар олгох, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн түвшинг дээшлүүлэх сургалтыг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор үүрэн холбооны хэрэгсэлд зориулсан сургалтын программ боловсруулах, онцгой учралын үед ажиллах ажиллагаанд тулгуурласан сургалтын тоглолтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-Нийгэмд багагүй маргаан дагуулдаг иргэн захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байгаа юу?

-Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлтийг нэмэгдүүлэх, өндөр үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичгийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх үүрэг хүргүүлж, ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хүрээнд 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичгийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх төлөвлөгөө баталж аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл хүргүүлээд байна.

Иргэний, захиргааны хэргийн болон эрүүгийн хэргийн хохирол, төлбөр төлүүлэх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн энэ оны долдугаар сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийн 32 мянга гаруй, тэжээн тэтгэх үүрэг бүхий 12 мянга гаруй буюу нийт 45 мянга орчимгүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байгаа. Цаашид шийдвэр гүйцэтгэлийн биелэлтэд онцгой анхааран ажиллана.

Д.ХҮСЛЭН

Categories
мэдээ цаг-үе

​ М.Чулуун: Прокурор гэж бичихээс цаашгүй хүнд том улаан үнэмлэх өгөөд л шууд томилж байлаа


Ахмад прокурор, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Маамын Чулуунтай ярилцлаа.


-Та прокурорын байгууллагад 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ. Хууль сахиулах хариуцлагатай энэ албатай холбогдоход юу хамгийн их нөлөөлөв?

-Багадаа урлаг спорт, биеийн тамирт дуртай байснаас хуулийг нэг их сонирхож байсангүй. Эрийн цээнд хүрч, Улаанбаатарт Улиастайн хуаранд 1000 цэргийн карантинд цоо шинэ цэрэг Дорноговь аймгаас татагдаж очсон юм. Тэр 1000 цэргээс зурж, бичих сонирхолтой цэргүүдийг жагсаалаас гаргаж 10 гаруй хүний авьяасыг шалгаж байлаа. Тэгэхэд би эхний тавд орж, цэргийн карантинд туслах бичээчийн ажил хийх болсон юм. Удалгүй аравдугаар сард маршал Чойбалсангийн нэрэмжит байлдааны гавьяаны улаан тугийн одонт 0116 дугаар нэгтгэлийн 96 дугаар ангид “жагсаалын нууцын бичээч”-ээр ажиллаж байсан. Ингэж гурван жил цэргийн дотоод амьдралд оролцож, алба хаахдаа өглөө бүр ирц, бүртгэлийг авч танилцуулдаг ажилтай байв.

-Тухайн үед гурван жил цэргийн алба хашдаг байж шүү дээ. Тэгвэл цэргээс халагдаад шууд л прокурор мэргэжлийг эзэмшинэ гэж бодов уу?

-Цэргээс халагдаад төрөлх Дорноговь нутагтаа ирсний дараа аймгийн прокурор Х.Жамбал намайг дуудсан юм. Түүнтэй уулзахад “Чамайг судалж үзлээ, прокурор болгоно” гэдэг байгаа. Хууль сахиулдаг, олон түмэнтэй харилцдаг прокурорын энэ том ажлыг арай барахгүй байх аа гэсэн чинь “Аймгийн прокурорын өөдөөс цор цор гэнээ чи хө. Энд дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн 30 гаруй жил чухал хэргийн мөрдөн байцаагч хийгээд, төр засгаас шагнуулаад амжилттай ажиллаж байна. Чамайг сургуульд явуулж сургана, долоо хоногийн дараа ирээрэй” гэсэн юм. Прокурор гэж бичихээс цаашгүй хүнд том улаан үнэмлэх өгөөд л Дорноговь аймгийн хэсгийн прокурорт томилсон доо. Ингээд тухайн үед хүчин төгөлдөр байсан бүх хуулийг өдөр шөнөгүй товчилж тэмдэглэж, мундаг хүмүүсийн үг сургаалыг сонсож, дагалдан явсаар овоо дөртэй болсон. Аймагтаа гурван жил ажилласны дараа “Хууль цаазын дунд сургууль”-д явлаа. Тэр үед математик, нийгмийн асуудлаар шалтгалт өгч тэнцээд сургуульдаа орсон.

-Мэдээж энэ мэргэжил хувь хүнээс маш их үүрэг хариуцлага, сахилга бат шаарддаг байх?

-Прокурорын байгууллага босго өндөртэй. Хүссэн мөрөөдсөн хэн хамаагүй дарга цэргийн хүүхдүүд дуртай цагтаа ороод, дургүйдээ гардаг байгууллага биш. Ийм учраас прокурор хүн өөртөө хариуцлагатай, сахилгатай, зохион байгуулалттай, үнэнч шударга, өрөвддөг хайрладаг, нотлох баримтыг зөв үнэлэн дүгнэх учиртай. Ингэж л төр ард түмний хооронд гүүр болдог.

-Та Монголын мэргэжлийн дугуйчдын наадамд оролцохдоо долоо хоногт 1100 гаруй километр замыг туулсан гэсэн. Аяллын спортоор хэдэн жил хичээллэсэн бэ?

-Би аяллын спортыг Монголд хөгжүүлсэн гарын таван хуруунд багтах хүмүүсийн нэг гэж өөрийгөө тодорхойлно. Би 55 жил дугуй унаж уралдсан, 35 жил дасгалжуулагч хийгээд одоо нийт 1000 гаруй шавьтай болсон. Прокуророор ажиллахаас гадна ээлжийн амралтаараа дугуй унаж, шүлэг найраг бичиж цагийг үр бүтээлтэй сайн ашигладаг байлаа. Тухайн үед мэдээлэл өргөн дэлгэр байгаагүй учраас дугуйгаар илгээлтэд явдаг. Дугуй унаад 63 хоног цас бороо, салхи шуургыг ажралгүй өндөр уруу газруудыг баг хамт олноороо эсэн мэнд туулдаг байв. Бид Баян-Өлгий, Ховд, Увс аймгаас Дорнод аймгийн “Халх гол”, “Сүмбэр” сангийн аж ахуй хүртэл дугуйгаа унаад ажиллана. Тэр үед цэргийн алба хааж буй дайчдын захиаг аваад л аав ээж, ах дүүс нарт нь хүргэж өгдөг. Ийм л мэдээллийн эрин зуунд бор зүрхээрээ зүтгэж явлаа. Хадлангийн бригад, эмчилгээ тэжээлийн цэг, сүү тосны завод зэрэг алс зайдуу, хүн амьтан цөөтэй, мэдээлэл хомс газар очиж, жинхэнэ соёлын үрийг түгээж байлаа. Тэд ч биднийг алга ташин уриалгахан хүлээж авдаг цаг үе. Түүнээс гадна прокурор хүн чинь хяналт шалгалт хийж, ангийн хуулийн биелэлтийг дугуйгаар явж шалгадаг. Газрын алт болсон тарвагыг жинхэнэ харж хамгаална шүү дээ.

-Таны зохиосон дуу Монголын радиогийн алтан фондод байдаг гэл үү?

-Сэлэнгэ аймгийн Хүдэрийн сангийн аж ахуйд халиурсан их тариатай, битүү ногоон модтой, айхавтар шумуултай газар говийн хүүхэд анх удаа очиход маш сонин мэдрэмж төрсөн. Энэ мэдрэмж минь сэтгэл зүрхэнд тод үлдэж “Алтан шаргал тариа” дууныхаа шүлгийг наймдугаар сард нь бичсэн юм. Намар хичээл эхлэхэд шүлгээ дахин засаж янзлаад Монголын зохиолчдын хорооны яруу найрагч, төрийн шагналт Бэгзийн Явуухулан гэх агуу хүнд уншуулж байлаа. Тухайн үед Бэгзийн Явуухулан багш дууны шүлгийг баталдаг. “Алтан шаргал тариа” шүлгээ бариад л өрөөний хаалгыг нь зөөлөн тогшиж Явуу багштай уулзахаар оров. Тэгэхэд багш их дэгжин цэмцгэр, энгэрийнхээ халаасанд гурван өнгөөр гардаг никел, үзэгтэй. Ороод мэнд мэдчихээд “дууны шүлгээ үзүүлэх гэсэн юм аа” гэж сулхан дуугараад ширээн дээр нь шүлгээ тавилаа. Явуу багш юу ч хэлэхгүй уншаад л байсан. Миний дотор бэлбэгнээд зүрх түргэн цохилоод сандарсан гэж жигтэйхэн. Тэгсэн багш халааснаас өнөө никель балаа гаргаж ирээд, улаан өнгөтэй хэсгийг нь чадхийтэл дарснаа зураад хаячих шиг л болсон юм. Ингээд хэсэг бодож сууснаа ганц ч үг дуугаралгүй шүлгийг минь надад буцаагаад өгсөн. Өрөөнөөс нь гараад зайдуухан шиг газар очоод үзтэл “Ая хийхийг зөвшөөрөв Б.Явуухулан 1974 оны аравдугаар сарын 23, 382 дугаартай тэмдэг” гэж бичсэн байлаа. Үүнийг хараад учиргүй баярлаж, нүдний нулимс яах ийхийн зуургүй урссан даа. Миний хувьд анхны дуугаа ийн өлгийдөн авсан нь энэ. Монголын радиогийн Алтан фондод “Алтан шаргал тариа” дуу маань бий. Жил бүрийн ургацын баяраар дуулахад их гоё шүү.


-Та нийт хэдэн дуу зохиосон бэ?

-Уран бүтээл гэдэг нийгмийнхээ хөгжлийн шаардлагаар, тухайн хүмүүсийн оюун санааны хэрэгцээ болдог. Ер нь 200 гаруй дуутай. Яруу найраг болон үргэлжилсэн үгийн яруу найргийн ном нийлээд 10 гаруй номтой. Нүүдэлчин ард түмнийг тэжээж тэтгэсэн урлагийн гайхамшигтай төрөл бол уртын дуу юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Ёндонжамцын дуулсан “Сэлэнгэ мөрөн сэтгэлд урсана” гэдэг дууны шүлгийг ах нь бичсэн. Би “Эзэн Чингисийн дуулал” -ын шүлгийг би ороод тусгай шагнал авч, Дорноговио эзэн Чингисийн дуулалтай болгосон. Эх орны дайнд хойд хөршийн талаас 110 сая хүн оролцсон байдаг. Энэ их дайнаас 20 сая хөвгүүд эргэж ирээгүй, 20 сая эхийн зүрх шаналж өнчирсөн юм шүү дээ. Уг үйл явдал зүрхэнд минь шивнэсэн учраас “Ялалтын марш” гэдэг орос дуугаа 25 жилийн өмнө зохиосон. Мөн Халх голын байлдаанд жолооч нар асар их үүрэг гүйцэтгэсэн учраас “Тээвэрчдийн марш” дууныхаа шүлгийг бичсэн.

-Ажил мэргэжилтэйгээ холбоотой прокурорын дуу зохиов уу?

-“Төрийн мэргэн зөвлөхүүд минь” хэмээх прокурорын байгууллагад зориулсан, сүлд дуу бий. Зөв зохистой хуулийг хэрэгжүүлж, ард түмнээ хэрэг зөрчилд оруулахгүй, хууль ёс, дэг журмыг сахиж, улс орноо хөгжүүлэхэд гар бие оролцдог байгууллага юм. Ийм л газар амьдралынхаа 36 жилийг зориулж ажилласандаа баярладаг юм.

-Дорноговь бол Ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг. Нутгийнхаа энэ агуу соён гэгээрүүлэгчид зориулж, уртын дууны шүлэг зохиосон гэсэн байх аа?

-Агуу соён гэгээрүүлэгч, газар шинжээч, уртын дуучин тэрбээр нэгэн биедээ 15 чадавхыг шингээсэн авьяаслаг нэгэн юм. Ийм алдарт их хүмүүний өлгий нутагт төрсөн болохоор би өөрийгөө хөгжүүлье гэж үргэлж санаж явдаг. Би Ноён хутагтад зориулсан уртын дууны шүлэг бичсэний дараа ая хийлгэх гэж олон хүнтэй уулзсан. Ингээд нутгийнхаа ая зохиогч Н.Лантуутай хамтарч “Ноён хутагт” айзам уртын дуугаа хийсэн юм. Дорноговийн Н.Лантуу бол Монгол Улсад анх удаа “Ноён хутагт Данзанравжаа айзам уртын дуу, “Янзаган зээрд” бэсрэг уртын дууны аялгууг зохиосон анхны эмэгтэй ая зохиогч юм. Энэ шүлэг Дорноговиос төрсөн болохоор, ая нь ч тэр нутгаас төрөх учиртай байж. Хутагт Данзанравжаагийн “Авах хүнд нэг үг ч эрдэнэ, гээх хүнд мянган үг ч улиг” хэмээн хэлсэн сургаалд үндэслээд энэ дууны шүлгийг зохиосон. Сэтгэл зүрхнийхээ хүслээр уг уртын дууг бичсэн нь хутагтыг шүтэн биширдгийн баталгаа юм.

-Та шүлэг зохиол туурвихаас гадна маш сайхан зурдаг юм байна?

-Би чинь сургуульд байхын зурдаг хүүхэд байлаа. Миний зургийн авьяасыг хөгжүүлэхэд нутгийн найз Ш.Доржбал минь тусалсан даа. Манай удамд дуулдаг хүн гэхээс зурдаг хүн байгаагүй гэдэг. Найзтайгаа нийлээд л дөрвөлжин шугамтай дэвтрийг дуустал нь дандаа дайн байлдааны зураг зурдаг байлаа. Надад нэг их алдартай зураг байхгүй, зүгээр номынхоо чимэг зургийг өөрөө хийчихдэг юм. Ихэвчлэн мал сүрэг, уул овооны цөөхөн хэдэн жижиг хэдэн зурагтай.

П.САЙНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ял сонссон Ерөнхий сайдууд шүүхийн танхимд юу гэж хэлэв?” хэмээн өгүүллэ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Баасан гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч мөн” гэж орсон талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүгээс тодрууллаа. Тэрээр “Монгол Улс дефольт болбол нийтийн эзэмшлийн гэж хэлж болох газар нутгуудыг минь авах эрсдэл бий” гэлээ.

Соёлын тэргүүний ажилтан, циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан энэ жил Чулуутын хавцал дээгүүр олсон дээр алхсаных нь дараа уулзаж хөөрөлдсөнөө хүргэж байна.

Өдрийн сонинд “Ял сонссон Ерөнхий сайдууд шүүхийн танхимд юу гэж хэлэв?” хэмээн өгүүллээ.

Өнөөдрийн өдрийн сурвалжлагаараа Импортын машины үнийн талаар сурвалжиллаамашины үнэ 1-2 сая төгрөгөөр нэмэгджээ.

Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгасан, ахмад прокурор, хууль цаазын итгэмжит төлөөлөгч Б.Чойжилсүрэнтэй ярилцаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

Монголын хөгжмийн контентын зах зээлд шинэ өнгө төрх болж буй телевиз бол “Монгол HD”-гийн хоёрдугаар суваг “Volume Plus” юм. Тэгвэл бид энэ удаагийн “Залуус” буландаа тус сувгийн “Хэдийнбээ” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Э.Бат-Эрдэнэ буюу Battery-г онцолж байна.

Өнөөдрийн нэг ангийнхан буландаа “Хандын эрэг”-ийн сургуулийн анхны төгсөгчид оролцлоо.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар П.Одонбаатарыг томилов

Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Пэлжээгийн Одонбаатарыг Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар томиллоо.

Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.

Тэрбээр

  • 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
  • 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч
  • 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга
  • 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга
  • 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар

тус тус томилогдон ажиллаж байсан.

Categories
мэдээ нийгэм

​Зорилтот 7000 өрхөд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ


КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Гэр хороолол дахь нэн ядуу эмзэг бүлгийн иргэд Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Уг төслийн хүрээнд:

  • Төсөлд хамрагдсан 7 дүүргийн гэр бүлд “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Хорооны нийгмийн ажилтнуудад зориулан хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүйн сургалт зохион байгуулах
  • Төслийн зорилтот 7,000 бүлгийн өрх гэр бүлд хоол хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, хоол хүнсний шим тэжээллэг байдлын талаарх мэдээлэл хүргэх
  • Төслийн зорилтот бүлгийн 49 эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах
  • Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд 2,800 багц хувийн хамгаалах хэрэгслийн дэмжлэг үзүүлэх
  • Төслийн зорилтот 7,000 өрх гэр бүлд эрүүл ахуйн бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэх, эрүүл ахуйн мэдээлэл бүхий сургалт хийх
  • Төслийн зорилтот 1,000 өрх гэр бүлүүдийн эрүүл ахуйг дэмжих зорилгоор хувцас угаалгын үйлчилгээ үзүүлэх
  • Төслийн зорилтот 2,100 өрх гэр бүлүүдийн гар угаах нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор угаалтуураар хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Гүүд Нэйборс болон Ногоон Ази ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газар санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд хамтран тус төслийг хэрэгжүүлэх юм.

Б.ОЮУНДАРЬ

Categories
мэдээ нийгэм

​Сурагчид танхимаар 3-4 цаг хичээллэнэ


БШУЯ-ны сайдын 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн А/17 тоот тушаалаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэхтэй холбогдуулан ЕБС-ын хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журмыг гаргажээ.

Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулах аж. Ингэхдээ сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр явуулах юм. Сурагчид өдөрт 3-4 цаг хичээллэх бөгөөд нэг хичээлийн цаг 60 минут байхаар тооцсон байна.

Д.СУВД-ЭРДЭНЭ


Categories
мэдээ нийгэм

Хичээлийн хэрэгсэл хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ

Шинэ хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөн ихээхэн байдаг ”Оргил”, ”Барс”, ”Бөмбөгөр” худалдааны төвүүдээс хичээлийн хэрэгслийн үнэ ханшны талаар судалгаа авлаа. Бидний эхний очсон газар бол ”Оргил” худалдааны төв байсан юм. Энд өргөн сонголттой хямд бөгөөд бичиг хэргийн тасаг нь үйлчлүүлэгчид хайсан бараагаа олоход амар байхаар цэгцтэй байрлуулсан байлаа. Бичиг хэргийн бараагаа Орос, Хятад, Герман, Солонгос зэрэг улсаас татан авч байна.

Үнийн хувьд ямар байгаа талаар худалдаачдаас тодрууллаа.


– Хүн их сэлүүхэн харагдаж байна. Худалдан авалт хэр байна вэ?

-Одоогоор хөл хөдөлгөөн эхлээгүй байна. Наймдугаар сарын сүүлээр л худалдан авалт нэмэгдэх байх даа.

-Саяхан вальютын ханш өссөн шүү дээ. Барааны үнэ дагаад өссөн үү?

– Үгүй. Ер нь үнэ ханш харьцангуй тогтвортой байна. Өмнө жилийнхээс өссөн зүйл бараг байхгүй.

Хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдэж яваа эцэг эхээс тодоруулага авлаа.


– Хэдэн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж байгаа вэ?

– За манайх дөрвөн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг цуглуулж байна.

-Нийт хэдэн төгрөгийн төсөв зарцуулагдав?

-Ойролцоогоор 500 мянгад багтааж авч байна даа.

-Бараагаа байнга эндээс авдаг уу?

– Тийм. Оргил арай хямд сонголт сайтай байдаг болохоор эндээс авах их дуртай байдаг.

ҮНИЙН ХУВЬ ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ.

12-96 хуудастай дэвтэр 200-1160

Зургийн дэвтэр 600-8960

Үзгэн бал 150-22000

Өнгийн цаас 560-14500

Үзэгний гэр 2350-21500

Штринк 640-1800

Фломастер 2500-17280

Өнгийн харандаа 1880-21500

Усан будаг 830-2450

Шугам 350-2100

Гортиг 1900-12500

Сампин 2880-7350

Гуашь 2050-27500

Баримлын шавар 1600–11840

Хайч 890-3460

Тодруулагч 1920-6050 төгрөг гэсэн үнэтэй байна.

БАРСЗАХЫН ХУВЬД ХӨЛ ХӨДӨЛГӨӨН БАГАТАЙ БАЙНА

Барс захын бичиг хэргийн тасгын худалдагчаас тодрууллаа.


-Бараагаа хаанаас татаж авч байна вэ?

-Хятад улсаас оруулж байгаа

-Хүн хэр үйлчлүүлж байна?

– Худалдаа авалт эхлээгүй л байна даа. Хичээл орохтой зэрэгцээд гайгүй болох байх гэсэн горьдлоготой л сууж байна даа.

12-96 хуудастай дэвтэр 250-2000

Зургийн дэвтэр 1100-3500

Үзгэн бал 400-8000

Өнгийн цаас 500-2500

Үзэгний гэр 1800-8500

Штринк 1200-2500

Фломастер 1200-2800

Өнгийн харандаа 650-9000

Усан будаг 830-2450

Шугам 850-5000

Гортиг 2100-4300

Сампин 2800-5400

Гуашь 3200-8000

Баримлын шавар 2100-5800

Хайч 1200-5400

Тодруулагч 450-1000 төгрөг гэсэн үнэтэй байна.

БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВ

Бичиг хэргийн тасагт супер баатрын зурагтай цүнх рүү заан ээжийгээ шаналгах хүүхдээс эхлээд ахлах ангийн сурагчид, оюутнууд үйлчлүүлж байгаа харагдана. Энэ үеэр зарим худалдан авагчаас тодрууллаа.


-Та хичээлийн хэрэгслээ ихэвчлэн хаанаас цуглуулдаг вэ?

Өмнө жил эндээс авч байсан.Үнэ боломжийн байсан учир энэ жил ахин авч байна.

-Танд өмнөх жилийнхээс үнэ нь нэмэгдсэн зүйл анзаарагдав уу?

– Үнийн хувьд 5-10 төгрөгөөр нэмэгдсэн байна.

12-96 хуудастай дэвтэр 250-1600

Зургийн дэвтэр 2000-10000

Үзгэн бал 3000-5000

Өнгийн цаас 1000-2000

Үзэгний гэр 3500-25000

Штринк 1500-4500

Фломастер 1000-2500

Өнгийн харандаа 3500-5000

Шугам 1000

Гуашь 4000-6000

Баримлын шавар 2500-3000

Хайч 2000-6400төгрөгийнтус тус үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д хачгаар дамждаг халдварт вирусээр 7 хүн нас баржээ

БНХАУ-д хачгаар дамждаг халдварт өвчин бүртгэгдсэн. Энэ сарын 12-ны байдлаар тус вирусээр БНХАУ-ын Жиансу, Анхуй мужид 60 хүн өвчилж, 7 хүн нас баржээ.

Цусан дахь цагаан эс задлах хам шинжийн халдвар вирусээр үүсгэгддэг бөгөөд Haemaphysalis longicornis зүйлийн хачгаар дамжин халдварладаг. Судалгаагаар манай улсад уг хачиг бүртгэгдээгүй.

Энэ халдвар анх 2009 онд БНХАУ-ын Хубей, Хенан мужид бүртгэгдсэн ба нас баралтын түвшин 12%-30%. Өвчтөнд өндөр халуурах, бөөлжих, гүйлгэх, олон эрхтэний дутагдалд орох, цусны тромбоцит, цагаан эсийн тоо багасах шинж тэмдэг илэрдэг.

Сүүлийн жилүүдэд уг вирусийн халдвар БНХАУ, Япон, БНСУ-д бүртгэгдсэн. 2017 онд ДЭМБ халдварын тархалт, нас баралтын түвшин өндөр байгаа тэргүүлэх 10 өвчний нэг гэж үзжээ.