Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Эрчүүдийн сэтгэл зүйг ойлгох нь”

Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ялгааг сонирхож ирсэн. Гадна төрх, бүтцийн хувьд илэрхий өөр хоорондоо адилгүй ч хүн гэдэг утгаараа ижилхэн байж болох. Гэтэл сэтгэл зүйн хувьд асар ялгаатай байдаг нь өнөөг хүртэл олны анхаарлыг татсаар байдаг. Тэгвэл “Нью Йорк таймс” бестселлерийн зохиолч Майкл Гориан“Эрчүүдийн сэтгэл зүйг ойлгох нь” номондоо эрэгтэй хүний уураг тархи эмэгтэй хүнийхээс юугаараа өөр байдаг, энэ нь сэтгэл хөдлөл, дадал зуршлаар нь хэрхэн илэрдэг талаар судалгаанд үндэслэн тайлбарлахыг оролджээ. Ингэхдээ эмэгтэйчүүдийн хэзээ ч эрчүүдийг ойлгодоггүй зүйлсийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан байна. Тухайлбал, хэн нэгэн эмэгтэй хөнгөн авто осол гаргасан гэвэл түүний найз залуу, эсвэл нөхөр хамгийн түрүүнд яагаад осол гаргасан тухай сонсохыг бус машиныг хэрхэн засах тал дээр анхаарал хандуулдаг байна. Үүнд эрчүүдийг мэдрэмжгүй хэмээн буруутгах аргагүй аж. Учир нь эрчүүдийн тархины онцлог нь тэр.Бид хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо ялгаатай гэж боддог ч яг үнэндээ хамгийн ялгаатай зүйл нь тархи аж. Пенсилвианы их сургуулийн сэтгэл судлаач Рубен Гур хүний тархийг өнгөт МRI буюу соронзон резонанст томографигаар харахад эмэгтэй хүний тархи эрчүүдийн тархинаас цусны эргэлтээрээ 15 хувиар их байсан аж. Энэ нь ярьж бодож, санах, бусадтай харилцахдаа эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхээс асар ялгаатай гарчээ. Түүний анхдагч судалгаа өдгөө дэлхий нийтийн шинжлэх ухаанчдаар батлагдсаар байгаа аж. Уг номын зохиолч Майкл Гориан зүгээр ч нэг эрчүүдийн тухай ном биччихээгүй. Тэрээр эр, эмийн ойлгоход төвөгтэй ялгааны тухай судалгаа хийж мэргэшсэн нэгэн аж. 1996 онд байгуулсан Гориан судалгааны төв нь хүйс, олон чанарын судалгааг хийдэг байна. Мөн тэрээр “Хүйсийн биологи” гэдэг хичээлийг анх удаа их сургуульд зааж байсан бөгөөд Харвард, Стэнфорд зэрэг олон их сургуулийн бодлого төлөвлөлтөд оролцож байжээ. CNN зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллүүд түүнд анхаарлаа хандуулсаар байна.

Номын тухайд цааш үргэлжлүүлэн ганц нэг жишээ татвал та цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар машинтай өнгөрч яваад хэсэг эрчүүд сагс тоглож байгааг харж байна гээд төсөөлье. Тэд хэл ярианаас илүү орон зайгаар холбогдож байгааг харах болно. Тэд бөмбөг хэмээх зүйлийг орон зайд хөдөлгөж, сагс хэмээх зүйлээр дамжуулан дотно байдлыг мэдэрдэг. Харин кофе шопод сууж байгаа эмэгтэйчүүдийг харвал орон зайд биш, хэл яриагаар илүү дотно байдлыг хоорондоо үүсгэж байгааг анзаарна. Эрчүүдийн тархинд серотонин, окситоцин хоёр хамгийн бага ялгардаг учраас үг хэлнээс илүү үйлдэл түрүүлэх хандлагатай байдаг гэнэ. Харилцан яриа зэрэг хэлний нарийн дохионд хариу үйлдэл үзүүлэхээсээ илүү тодорхой дохионд илүү хурдан үйлдлээр хариу үйлдэл үзүүлдэг байна. Энэ бол зөвхөн эрчүүд яагаад эмэгтэйчүүдийг бодвол дуу цөөтэй, ярихаасаа илүү үйл хөдлөлөөрөө сэтгэл хөдлөлөө илэрхийлдгийн жишээ. Үүнээс гадна эрчүүдийн тархины бүтэц онцлогтой холбоотойгоор олон сонирхолтой судалгаа, жишээг энэхүү номонд бичжээ. Ер нь эрчүүд юу боддог, гэр бүлтэй болох нь тэдний хувьд юуг илэрхийлдэг, үр хүүхэд, гэр бүлийн талаар юу гэж боддог болохыг зохиолч өөрийн болон олон жишээнээс үндэслэн тайлбарлахыг оролдсон нь сонирхолтой санагдав. Ялангуяа эмэгтэйчүүд эрчүүдийг яагаад ийм мэдрэмжгүй юм, хөргөгч онгойлгоод яг нүднийхээ дор байгаа зүйлийг харахгүй асуудаг юм, дэлхийн аваргын тэмцээний ялагч, тоглогч фенийхээ нэрийг санадаг хэрнээ өчигдөрхөн ярилцсан зүйлээ санадаггүй юм гэж бодож байгаа бол “Эрчүүдийн сэтгэл зүйг ойлгох нь” номыг уншаад үзэхэд илүүдэхгүй л болов уу. Ядаж л эмэгтэйчүүд бид эрчүүдийг “Яагаад миний ойлгож байгааг ойлгоход юу нь хэцүү байдаг байна” гэж гомдлохын оронд эрчүүдийн онцлогийг хүлээн зөвшөөрч хэрхэн хоёр биенээ ойлголцож амьдралаа авч явах, амжилтад хүрэх талаар бодож эхлэх байх. Энэ л зохиогчийн гол зорилго юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганцэцэг: Хүүхэд урмаар дутдаг

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Боловсролтой мөртлөө хүмүүжилгүй хүмүүс олширчээ гэж ярих болжээ. одоо тэгээд тэр хүмүүсийг яалтай вэ?

-Сургалт-хүмүүжил гэдэг ойлголтыг бид 30 жилийн өмнөөс гээж зөвхөн сургалтын үйл ажиллагааг чухалчилсан. Ингэснээр нийгэмд хүмүүжил гэх ойлголт гээгдсэн. Сургууль, боловсролын байгууллага сургалтын үйл ажиллагааг эрхэмлэх болсон. Хүүхдийнхээ хүмүүжилд эцэг эх өөрсдөө голлох үүрэг гүйцэтгэх шаардлага тулгарсан. Гэвч өнгөрсөн хугацаанд нийгэм, өрх бүл, сургалтын байгууллага хүүхдийн хүмүүжлийн асуудалд гол анхаарлаа хандуулаагүйн гороо өнөөдөр ч гэсэн амссаар байна. Хүүхдийн хүмүүжлийн асуудал нь сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухаан, нас зүйн сэтгэл судлал, боловсрол судлал гээд олон шинжлэх ухаантай холбоотой юм. Хүүхдийн эрхийн конвенцид эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ тусламж, дэмжлэг авах хэрэгтэй гэж заасан байдаг. Тиймээс эцэг эхчүүд зөвхөн өөрийн баримжаагаар бус, өөрөө хүмүүжсэн хүмүүжлийн арга барилаар хүүхдээ өсгөх гэж хичээх нь өрөөсгөл бөгөөд шинжлэх ухааны үндэс суурьтай хандах ёстой.

-Тэгвэл хүүхдээ шинжлэх ухаанчаар яаж хүмүүжүүлэх вэ?

-Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга номын зохиогч сэтгэл судлаач доктор Жоан Е.Дюррант хүүхдийн хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийг аливаад суралцагчийн хувьд хүч үл хэрэглэн хүндэтгэн харилцах арга зам бөгөөд хүүхэд амжилт гаргахад нь тус нэмэр болох түүнд хэрэгтэй мэдээлэл олж өгөх, түүний өсөлт хөгжилтийг дэмжин тэтгэх сургалтын арга барил гэсэн байдаг. Тиймээс хүмүүжлийн үйл явц хүчирхийлэл, дарамтгүй, тухайн тулгарсан асуудлыг шийдвэрлэх арга замыг чухалчилсан хүндэтгэл харилцаа бөгөөд хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурласан байна. Гэвч бид хүүхдийнхээ насны онцлогийг тэр бүр харгалзан үзэж чадахгүй байна. Тухайлбал, насны онцлогт тохироогүй үг хэлээр харилцах, зодож цохих, стресс бухимдлаа хүүхдэдээ гаргах зэрэг буруу хүмүүжлийг бага наснаас нь олгоод байна. Тиймээс хүүхэд амьдралыг харах, асуудлаа шийдэх загвар нь буруу болдог. Хүмүүжлийн арга барилыг зодуулж авсан хүүхэд өөрт тулгарсан асуудлаа мөн хүчээр шийдэх загвартай болох нь олонтаа.

-Хүүхдийг хүмүүжүүлэх дараалал гэж байдаг байх нь?

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Хамгийн эхэнд хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсэж байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүнийг эцэг эхийн холын зорилго гэх бөгөөд үүнд эцэг эхчүүдийн зүгээс өөртөө итгэлтэй, өөрийгөө зөв илэрхийлдэг, үнэнч шударга, бусдыг хүндэлдэг, нийгэмдээ тустай зөв хүн болгох зэрэг маш олон жагсаалт гардаг. Хэрэв ирээдүйг нь зөв тодорхойлсон бол бага наснаас нь бэлтгэх хэрэгтэй. Багаас нь бэлтгэхийн тулд та өөрөө ямар хүнийг бий болгох гэж байгаагаа сайтар эргэцүүлэн бодоорой, болж өгвөл бичвэл бүр сайн. Түүний дараа хүүхдэдээ элэгсэг дотно харилцах, зөв дэмжлэг үзүүлэх. Тухайн хүүхдийн нас, биеийн онцлогт нь тохирсон зөв дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ өгөх дэмжлэгийг материаллаг талаас хардаг. Гэтэл хүүхдэд сонсох, ойлгох, ярилцах, асуулт асуухад нь анхаарал хандуулах хэрэгцээ дутдаг. Нөгөө талаас хүүхэд урмаар дутаж байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ алдаа дутагдал, засах ёстой зүйлсийг нь сайн мэддэг ч сайн чанарыг нь урамшуулж, дэмждэггүй. Хэрэв урамшуулж, дэмжлэг үзүүлбэл хүүхэдтэйгээ ойлголцоход хялбар болдог. Гуравдугаарт, мэдээлэл олгох арга барил. Ингэхдээ хүүхдийнхээ насны онцлогт тохирсон мэдээлэл өгөх нь зүйтэй. Ялангуяа 3-6 насны хүүхдүүд ээж ааваасаа олон зүйлийг асуудаг. Түүнийг тухайн цаг бүрт нь мэдээллээр хангаж чадаагүйгээс болж, эцэг эхдээ итгэх итгэл нь сулардаг. Цаашлаад өсвөр насандаа зөв зүйтэй мэдээ мэдээллийг аваагүй хүүхдүүд дуугүй, дотогшоогоо хүн болдог. Холын зорилгыг нь тодорхойлсон бол зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Хамгийн сүүлд, асуудал шийдвэрлэх. Энэ нь хүүхдэд тохиолдож болох бэрхшээлтэй нөхцөл байдлын талаар ярилцахдаа учир шалтгааныг таниулан ярих юм. Тухайн насанд юу тохиолдож түүнийг хэрхэн шийдэх тухай эцэг эх жишээ татан ярилцах нь чухал.

-Монголчууд хүүхдийг хүмүүжүүлэх талаар өөрсдийн гэсэн арга барил, уламжлалтай. Бас буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж үг бий?

-Тийм ээ. Монголчууд хүүхэд хүмүүжлийн арвин баялаг туршлагатай хүмүүс. Хүнээр хүн хийх ухаан ч гэж хэлдэг. Бид хүүхдийг хэрхэн насны онцлогт нь тохируулан хүмүүжүүлэх тухай бичигдээгүй олон хуультай шүү дээ. Эрхийг сурахаар бэрхийг сур, бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ, хүн ахтай дээл захтай гэх зэрэг товч бөгөөд хүний сэтгэлд, тархинд хурдан сууж удаан хадгалагдах үгсийг бага балчир наснаас нь хэлж сургаж өөрсдөөрөө үлгэрлэдэг уламжлалтай.

Харин өнөө цагт хэт их үглэх, хүүхдээсээ хүсдэг зүйлээ өөрөө биелүүлэхгүй байх, үлгэр жишээ болохгүй байх, бусад хүмүүсийг хүүхдийн дэргэд муулах, хүүхдэдээ гар хүрэх зэрэг олон буруу үйлдлүүдийг хийж байна. Иймд эдгээр сөрөг үйлдлийг хийх тусам хүүхэд зөрүүд, гөжүүд, бухимдалтай буюу бухын хүзүүнээс хатуу болдог. Бага насны хүүхэд аливаа зүйлийг хийхдээ, яагаад тухайн зүйлийг хийх ёстой, хийж байгаа үйлдэл нь буруу эсвэл зөв гэдгийг мэддэггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд алдаа гаргавал тухайн зүйлийг хийх нь яагаад буруу байсан, ямар алдаа гаргасан гэдгийг нь тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгснээр хүүхэд алдаагаа давтахгүй. Хэрвээ дахин дахин давтаад байвал та ойлгуулах арга хэлбэрээ өөрчлөөд үзэх хэрэгтэй. Аядуу зөөлөн өнгөөр өөрийнх нь харааны түвшинд хүрч харилцах нь чухал.

-“Чамайг сайн байвал ийм тийм юм авч өгнө” гэдэг болзлыг эцэг эхчүүд хүүхдэдээ тавьдаг. Тухайлбал, хувцсаа хураачихвал амттан авч өгнө, утсаа өгнө гэх зэрэг. Ингэж харилцах нь зөв үү?

-Энэ бол эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгөхөөс төвөгшөөх, тайлбар хийхийг орхигдуулж байгаатай холбоотой. Тухайн цаг мөчийг аргалж өнгөрөөж байгаа хэрэг. Хэрэв залуу эцэг эхчүүд хүүхдэдээ мэдээлэл өгөхөөс татгалзсаар байвал тухайн хүүхэд цаашид хийх зүйлс, асуудлын талаар бодож чадахаа больдог. Хүүхдэдээ зарцуулж байгаа чанартай цаг бол дараагийн гарч болох эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

Шилжилт хөдөлгөөнийг ирэх аравдугаар сарын 16-нд сэргээнэ

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болох тул улсын хэмжээнд өнөөдрөөс /2020.08.16/ иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байна. Шилжилт хөдөлгөөнийг ирэх аравдугаар сарын 16-ны өдрөөс буцаан сэргээх юм.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу “царцаа” нүүлгэхээс сэргийлж, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоодог. Гэвч энэ зохицуулалт төдий л үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа тухай санал шүүмжлэл өрнөдөг. Учир нь сонгуульд нэр дэвшигч нь бараг жилийн өмнөөс нэр дэвших тойрогтоо “царцаа” нүүлгэдэг. Санал хурааж дууссаны маргаашнаас “царцаа” нь буцаад нүүдэг гэх нь бий. Гэвч парламентаар УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль зэргийг батлахдаа шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох зохицуулалтыг суулгасаар ирсэн6

Categories
мэдээ нийгэм

Завхан, Хөвсгөлийг холбосон замын ажил 60 хувьтай үргэлжилж байна

Солонготын даваа-Завханы Их-Уулын хатуу хучилттай замаас Хөвсгөлийн Жаргалант сум хүртэлх 27 км сайжруулсан замын ажил 60 хувьтай үргэлжилж байна.

Цаашид Жаргалант-Төмөрбулаг-Мөрөн чиглэл, Жаргалант-Галт сум чиглэлд замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр босоо тэнхлэгийн аялал жуулчлалын гол зам болох боломжтой хэмээн албаныхан үзэж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27 километр замын ажлыг “Хөвсгөл зам” компанийн 60 гаруй ажилтан, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна. Энэхүү замыг сайжруулснаар Завхан аймгийн Их-Уул сум болон Улаанбаатар хотын чиглэлд зорчих Солонготын даваатай холбогдож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 27 километр замыг сайжруулж Улаанбаатар хот орох хатуу хучилттай замтай шууд холбож байна. Мөн тус сум орон нутгийн төсвийн 16.3 сая төгрөгөөр нэгдүгээр багт хоёр чиглэлд орон нутгийн чанартай зам арчлах, засварлах ажил гүйцэтгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монгол охид тодорчээ

Дэлхийн даамын холбоо /FMJD-ноос цахим хэлбэрээр зохион байгуулсан “Үндэстнүүдийн цом” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга багаар Монгол охид тодорчээ. Бүтэн хоёр сар үргэлжилсэн тэмцээний финалын тоглолт өчигдөр /2020.08.15/ шөнө Монголын цагаар 23.00 цагт болж, өндөрлөжээ.

Тэмцээний эхний шатанд 11 орны эмэгтэйчүүд тойргийн журмаар тоглосон байна. Монгол Улсын тамирчид Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Тэмцээний шийдвэрлэх мөчид Э.Хүслэн, Б.Мөнхжин нар ялалт байгуулснаар 4:4 оноогоор тэнцэж, улмаар хоёр тоглолтын нийлбэрээр 9:7-оор хожин, анхны тэмцээний аваргаар тодорчээ. Даамын хүчирхэг гүрнүүдийг ээлж дараалан хожсон Монголын багийн талаар даамын мэргэжилтнүүд “Хэдийгээр өсвөр, залуу насны ангиллын тамирчдаас бүрдсэн ч тэд энэ тэмцээний хамгийн жигд бүрэлдэхүүнтэй баг байлаа. Монголд даамын сургалт өндөр түвшинд хүрчээ” гэх зэргээр дүгнэснийг багш дасгалжуулагч нар нь дуулгалаа.

Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Э.Хүслэнгийн хувьд өнгөрөгч 2019 онд Турк улсад болж буй 100 буудалт даамын ДАШТ-ний охидын 11-13 насны ангилалд 15 оноо /6 хожиж, 3 тэнцсэн/-гоор Дэлхийн аварга болж байсан удаатай. Тэрбээр Монгол Улсаас 100 буудалт даамын үндсэн төрөлд Дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин болж байв.

Дэлхийн даамын холбооны мастер /ДДХМ/ Э.Хүслэн

Харин Б.Мөнхжингийн хувьд 14 насандаа насанд хүрэгчдийн Улсын аварга болсон бөгөөд Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальтай тамирчин юм. Түүий ирэх Б.Анужин нь мөн энэ тэмцээнд амжилттай оролцсон ажээ.

Монголын багийн бүрэлдэхүүн
1. Баярын МИШЭЭЛ – Олон улсын их мастер, FMJD чансаа 2070
2. Энхболдын ХҮСЛЭН – Дэлхийн даамын холбооны мастер, 2070
3. Ганбаагийн ХЭРЛЭНМӨРӨН – Дэлхийн даамын холбооны мастер, 2041
4. Мөнхбаатарын НЯМЖАРГАЛ – Олон улсын их мастер, 2023
5. Баатархүүгийн МӨНХЖИН – Дэлхийн даамын холбооны мастер, 2020
6. Норовсүрэнгийн ЛХАГВАДОЛГОР – Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005
7. Батдэлгэрийн НАНДИНЦЭЦЭГ – Дэлхийн даамын холбооны мастер, 2001
8. Баатархүүгийн АНУЖИН – Спортын мастер, 1989

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 17-ноос эхэлнэ

Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл наймдугаар сарын 17-ноос эхэлнэ. Тодруулбал, шинээр элсэх тав болон бусад насны хүүхдүүдийн бүртгэлийг энэ сарын 17-21-ний өдрүүдэд нийслэлийн цэцэрлэгүүд дээр зохион байгуулна гэдгийг албаныхан мэдээллээ.

  • Мөн өмнөх хичээлийн жилд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагааг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
  • Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас тодруулахад “Улс орон даяар бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Энэ хичээлийн жилд буюу эрсдэлтэй нөхцөл байдалд бид хүүхдийн эрүүл мэнд, дархлааны байдлыг харгалзан 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй, эцэг эх асран хамгаалагчийн асрамж хамгааллын дор хөгжлийг нь дэмжих шийдэл гаргасан.
  • Өөрөөр хэлбэл, хоёр настай 77 мянга орчим хүүхэд гэр бүлийн орчинд байх нь. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу таван настай хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдүүлнэ. Мөн өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-4 настай хүүхдүүдээ хамруулахаар ажиллаж байна” гэдгийг хэлсэн юм.
Categories
мэдээ цаг-үе

Д.Лхагва: “1990” кинонд өнөөгийн залуусын төдийлөн мэддэггүй зүйлсийн талаар өгүүлнэ

“GUYS 666” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагватай ярилцлаа.


-Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “1990” уран сайхны кино театруудын дэлгэцнээ тавигдаад эхэлжээ. Кинонд юуны тухай өгүүлэх вэ?

-Ардчилсан хувьсгал Монголд ялснаас хойш буюу 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаас хойших үеийн монголчуудын амьдралын талаар өгүүлсэн кино.

Тэр үед зах зээлд шилжиж хүмүүс ажилгүй болж байлаа. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр хүнсгүй болсон байсан гэдэг шүү дээ. Хүмүүс наймаа хийхийг оролдож амьдралын төлөө хэрхэн тэмцэж байсныг харуулсан. Би өөрөө энэ хүнд үеийг туулж нүдээрээ үзэж картын талханд дугаарлаж байсан болохоор энэ тухай кино хийе гэж их боддог байлаа. Энэ үеийн түүхийг үзэж, туулсан хүний хувьд хойч үедээ түүхэн үйл явдлыг хальсанд мөнхөлж үлдээх гэсэн давхар зорилго тээж байна. Өнөөгийн залуусын төдийлөн мэддэггүй зүйлсийн талаар “1990” кино өгүүлнэ.

-Ийм төрлийн кино хийх санал хэзээ төрсөн бэ. Хэдий хугацаанд ажиллав?

-Санаа маш эртнээс төрсөн л дөө. Кинон дээр жил хагасын хугацаанд ажилласан. Киноны нээлт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд болсон ч “Ковид 19”-ийн улмаас хойшлогдсон байлаа.

-Кинонд тэр үеийн залуус барууны соёлтой хэрхэн танилцаж байгааг өгүүлнэ гэж ойлголоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тэгж ойлгож болно. Киноны гол санаа нь тэр үед бүх юм хаалттай социализмын үе байсан. Барууны соёл цаашлаад АНУ, Герман, Франц, Английн соёл хаалттай, бүх юм нь буруу, хөрөнгөтний орон. Энэ орнуудын барааг хэрэглэж, идэж ууж болохгүй гэсэн ойлголттой байлаа шүү дээ. Зөвхөн Монгол, Оросын ганц суваг үздэг байсан. Би ч дуу, хөгжимд маш дуртай, барууны дуу хөгжмийг сонсохыг их хүсдэг байлаа.

Ардчилсан хувьсгал ялж нийгэм чөлөөтэй болсноор барууны соёл орж ирсэн байдаг. Дуу хөгжмийг кассет, пянзаар л төсөөлдөг байсан бол хөгжим сонсдог болж дэвшилтэт нийгэм рүү шилжсэн. Анх CD, ФМ радио сонсож үзээд нүд орой дээр гарах шиг л болж байлаа.

Жинсэн өмд, яак, араб алчуур гээд хувцаслалт дээр хүртэл соёл нэвтэрсэн. Бүх юм шинэчлэгдэн өөр ертөнцөд нэвтэрсэн юм шиг нүд, чих онгойж эхэлсэн. Тэр үед хүмүүс шинэ соёлтой хэрхэн танилцсан сонирхолтой түүхэн үйл явдлыг харуулахыг хүссэн юм. Тухайн цаг үед гоё дуутай CD нэгнээсээ гуйж аваад нандигнан сонсдог байсан бол одоо бүх зүйл бэлэн хялбар болсон. Энэ бүгд тэр үедээ маш үнэ цэнэтэй зүйл байсан шүү гэдгийг дахин нэг хүмүүст сануулъя гэж бодсон юм.

Одоогийн залуус байгаа юмандаа үнэ цэнэтэй хандаасай ямар их үнэ цэнээр одоогийн зүйлс бий болсныг мэдээсэй гэдгийг харуулахыг зорьж байна. Хамгийн гол нь амьдралын үнэ цэнийг мэдрээсэй гэсэн санаатай юм.

-Та өнөөгийн залуусын төдийлөн мэддэггүй зүйлсийн талаар кинонд өгүүлнэ гэж яриандаа дурдаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу. Жишээ нь юуны тухай өгүүлэх вэ?

-Өвгөнт гэдэг архи урдаас орж ирдэг байсан юм. Манайхан авдрандаа хадгалж байгаад хүндтэй зочиндоо өгдөг, ахмадууд бурхныхаа өмнө залдаг байлаа. Тэр маань сүүлдээ Хятадын цонх цантуулдаггүй шингэн байж таарсан. Үүнийг нь мэдэхгүй бид их хэрэглэдэг байсан юм билээ. Гэхдээ өвгөнт уугаад хүн үхсэн гэж би сонссонгүй. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр энэ өөрөө үнэн түүх байгүй юу. Тухайн нийгэм мэдэхгүй хэрэглэж л байсан. Залуус энэ киног үзэж өнгөрсөн түүхээ мэдэж аваасай гэж хүсч байгаа юм. 1990-ээд онд ид залуу байсан хүмүүс ч дурсамжаа сэргээгээсэй гэсэн үүднээс энэ киног бүтээсэн юм.

-“Харанга” хамтлагийн “Шүүдэрцэцэг” дууны хөгжим киноны үеэр эгшиглэж байна лээ. Яагаад заавал “Шүүдэрцэцэг” дууг сонгосон юм бэ?

-Кинондоо зориулж “Харанга” хамтлагийнхнаас “Амьдрал”, “Шүүдэрцэцэг” гэж хоёр дууны эрхийг авсан юм. Хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн хэсгүүд дээр хөгжим болгож дэвсэж өгсөн. “Шүүдэрцэцэг” дууны ая манай киноны хайрын хэсгийн хөгжим болж эгшиглэж байгаа. “Амьдрал” дууны хөгжим киноны амьдралын зовлон бэрхшээлийг үзүүлсэн хэсгүүдэд эгшиглэнэ. Тухайн үед одоогийнх шиг цэнгээний газрууд байсангүй. Таалагдсан охин руугаа очихдоо гитартай орцонд нь дуулж найрдаг, сэтгэлээ илчилдэг байлаа. Тэр үеийн ийм л байсан.


“Шүүдэрцэцэг”-ийг гитартай дуулсан тань олон хүнд хүрсэн байна лээ…

-Банзан гитартай, орцны эфекттэйгээр “Шүүдэрцэцэг” дуулж олонд хүргэсэн. Сонсогчид ам сайтай байна лээ. 1990-ээд онд залуус их дуулдаг байсан юм. Тухайн үед залуу байсан хүмүүсийн сэтгэлд хүрсэн юм шиг санагдсан.

-Кинонд 1990-ээд оны орчинг бүрдүүлэх тал дээр хэрхэн ажиллав. Тухайн гудамж талбайтай хэсгийн зургийг хэрхэн авав?

-Тэр үеийн Сансар, 3,4 дүгээр хорооллын орчмыг графикаар хийсэн. Түц газ 53 машин, москвич зэрэг машинууд гээд тухайн үеийн орчин нөхцөл байдлыг бүгдийг нь компьютер график ашиглаж бүтээлээ. Их цаг зав, нөр их хөдөлмөр шингэсэн бүтээл болсон л доо. Тэр үеийн дурсамжийг киногоороо авчрахыг зорьсон их хичээл зүтгэл гаргалаа.

-Энэ таны хэд дэх уран бүтээл билээ?

-Анх 2010 онд кино урлагт хүчин зүтгэж “LVA” энтертайментийг байгуулж байлаа. Үүнээс хойш “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж” зэрэг кинонуудыг хийсэн. “1990” бол миний тав дахь кино. Энэ жил “LVA” энтертайментийн 10 жилийн ой тохиож байгаа. 10 жилдээ зориулж бүтээсэн кинондоо өөрийнхөө оюун санааг бүрэн дайчилж бүтээлээ.

-“Сайн уу амьдрал минь” кино хэрхэн бүтэж байв. Их, дээд сургууль төгсөгчдийн сэтгэлд хүрсэн бүтээл болсон шүү дээ?

-“GUYS 666”, “TV cocktail”, “A Capella” гэсэн хамтлагууд нийлж гурван уран бүтээлийн Нэгдүгээр нэгдэл”-ийг байгуулсан юм. Санаа зорилго нэгтэй дүү нартайгаа хамтарч уран бүтээл хийсэн минь тэр.

“Тэр үед “A Capella” хамтлагийн анхны цомог дээр нь ажиллаж ихэнх дууных нь үг аяыг манай хамтлагийнхан зохиосон. “Учрал” гээд дууны үгийг нь би зохисон юм. Энэ дууны клиппийг нь хийе гэж ярилцаж байгаад богино хэмжээний 10 минут орчмын кино хийе гэж тохирсон юм. Клипэн дээр ажиллаж байхдаа кино хийе гэж шийдсэн. Ингээд “Big” энтертайментийн Болдоо гэж найруулагч залууд санал тавьсан юм. Манай хүн ч оюутны амьдралыг харуулсан сайн зохиол бичсэн. Кинон дээр “A Capella”-ынхан шинэ оюутан болж байгаа, “TV cocktail”-ынхон ид оюутны дунд хутгалдаж яваа, “GUYS 666”-ынхан болохоор сургуулиа төгсөх гэж байгаа амьдрал хөл тавих гэж буй залуусын тухай кино бүтэж байлаа.

-Таны бүтээсэн Анандын дүр олон хүний зэвүүг хүргэж байсан шүү.

-Мөнгөөр л бүхнийг шийдчих санаатай Анандын дүр шуугиан тарьж байсан л даа. Жүжигчин хүний хувиас дүрээ сайн гаргасан байна гэж сайшааж хүлээж авч байлаа. Зарим хүмүүст кино хүрсэн бололтой үзэн ядагчтай болж байсан удаатай. Бид Дарханд очоод нээлтээ хийхэд, киноны төгсгөлд хүмүүс алга ташаад уран бүтээлчдэд баяр хүргэхэд хүмүүс надтай гар барихгүй өнгөрч байлаа. “Чамайг харахаар дургүй” хүрч байна ч гэх хүмүүс таарч байлаа. Анандын дүрийг хүмүүст хүргэж чадсанаараа өөрөөрөө бахархаж байсан шүү, тухайн үед. Кино ч том хэмжээний шуугиан тарьж үзэгчдийг байлдан дагуулж байсан. Киноны нээлтийг ч хавар нээж байсан юм. Тэр үед төгсөгчид Төв талбай ороод, Гандан Зайсангаар дайраад амралтанд явдаг хөтөлбөртэй байлаа шүү дээ. Тэр хөтөлбөрт “Сайн уу амьдрал минь” үзнэ гэж оруулж байсан. Оюутнууд автобусаар ирж үзэж байна гэхэд нь итгэхгүй Тэнгис кино театр луу очиж харж байлаа. Төгсөлтийн тууз хадаж, шаар өлгөсөн автобустай оюутнууд хэдэн зуугаар ирж үзэж байхыг хараад өөрсдөөрөө бахархаж л билээ. Гэтэл тухайн үед сарс өвчин гарч хаагдаж байлаа. Өвчин гараагүй бол тухайн үед үнэмлэхүй дээд амжилт тогтоочих байсан гэж боддог юм. Шуугиулж байхад нь өвчин гарсан.

-Та ингэхэд урлагт хэрхэн татагдаж байв?

-Би урлагт дуртай хүүхэд байсан шүү. Дээх нь “Шелкунчик” гэж хүүхэлдэйн кино гардаг байсан юм. Түүнийг зурагтны өмнөөс секунд ч холдолгүй үзэж дуусгаж байсан юм. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж авч байсан аа мартдаггүй юм. Тэр үед миний ээж “Урлагт ийм дуртай юм уу” гэж гайхаж билээ. Би өөрөө ч урлагийн хүн болно гэж улайрч явдаггүй ч хөгжим сонсохгүй бол унтаж чаддаггүй, кассетнууддаа амь шигээ хайртай, тэр бүр хүнд өгдөггүй байсан юм. Үүнийг ээж мэдэрсэн юм билээ. Улмаар Кино урлагийн дээд сургуульд орохыг санал болгосон. Тус сургуульд элсэж найруулагчаар хагас жил орчим сурчихаад байлаа. Тухайн үед СУИС бол оюутнуудын мөрөөдөл байлаа шүү дээ. Соёл урлагийн их сургуульд л элсчихвэл урлагийн том зам нээгддэг байлаа шүү. Шалгуур өндөртэй, мундаг багш нартай байсан.

-СУИС-д хэрхэн элсэж байв. Оюутан ахуйдаа хамтлагаа үүсгэн байгуулсан бил үү?

-Хичээлээ тараад ФМ 102.5 сонсоод явж байтал миний багш ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэн СУИС-д анх удаагаа элсэлт авах гэж буй тухайгаа хэлж байсан юм. Ингээд найзууддаа хэлээд очиж шалгаруулалтад ороод тэнцэж СУИС-д орж байлаа. Нэгдүгээр курст л Мийгаа, Төгсөө, Уугий гурав орж ирсэн юм. Ингээд дөрвүүлээ нэгдэж хамтлагаа байлаа.Хамтлаг байгуулах мөрөөдөлтэй байгаагаа анх Төгсөөд хэлж байлаа. Тухайн үед манай хүн “Нэг хороолол” гэж хамтлагт бүжиглэдэг, “Одод болохын хүслэн” шоунд орж дуулж, бүжиглэдэг намайг бодвол туршлагатай хүүхэд байлаа. Манай хүн ч дэмжээд хамтлагаа байгуулж байсан түүхтэй.

-Оюутан ахуйдаа тоглолт хийж залуусыг байлдан дагуулж байсан түүх тань сонин санагдлаа. Энэ талаараа хуучлахгүй юу?

-Анх 1999 онд “Далдын хүч” нэртэй тоглолтоо тухайн үед Топ Тен диско клубт тавьж байлаа. “Эмзэгхэн хайр”, “Сонсож бай”, “Эргүүлэг” гээд дуунуудаа гаргачихаад байсан үе шүү дээ. Ингээд тоглолт хийх хэмжээнд хүрсэн гэж өөрсдийгөө үнэлээд Топ Тен клубийн менежертэй уулзахад голонгүй “Та нар заал дүүргэж чадах юм уу” гэж билээ. Хоёр өдөр тоглолт хийхэд хөл гишгэх газаргүй олон хүн цуглаж үзэж байсан шүү. Ийм олон хүн цугласныг хараад нүдэндээ ч итгээгүй. Тоглолтын өмнө манайхан ч хүн үзэх болов уу гэсэн айдастай л байсан. Тухайн үед бид нарыг дэмжих ивээн тэтгэгч байхгүй, нэгнийхээ байрыг барьцаанд тавьж ломбардны ачаар л тоглолтоо хийж байлаа. Тоглолтын дараа өрөө дараад тодорхой хэмжээний ашигтай ажилласан.

-Одоо танай хамтлагийнхан хаана юу хийж байна вэ?

-Тус тусын уран бүтээлээ хийгээд явж байна. Түр хугацааны завсарлага аваад л байна. Төгсөө АНУ-д суралцаж байна. Мягмар, Бат-Ундрал нар хувийн ажлаа хийгээд явж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Болдбаатар: Волейболын тамирчид ажил, тэмцээн дээр ч багаар ажиллах өндөр чадвар эзэмшчихсэн байдаг

Волейболын дээд лигийн тэмцээний таван удаагийн шилдэг дасгалжуулагч, спортын мастер Б.Болдбаатартай ярилцлаа.Тэрбээр одоо “Хөвсгөл Шинэ-Үе” клубийг удирдаж байна.


-Анх волейболын спортод хэрхэн дурласан бэ?

-Миний хувьд 1999 оноос хойш энэ спортоор хичээллэсэн.Тухайн үед анх Хөвсгөл аймгийн Гуравдугаар 10 жилийн багш Л.Амарболдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлж байлаа.Биднийг анх сонгон шалгаруулахад өндөр нуруу гэсэн ганц шаардлага тавьсан. Ингээд 100 гаруй хүүхэд тэнцсэнээс дахин шигшигдэж 15 тамирчин шалгарч үлдсэн. Үүний дотор манай клубийн менежер Х.Энх-Амар бид хоёр багтаж байсан.Бид бэлтгэл сургуулилтаа хийж улсын болон аймгийн чанартай тэмцээнүүдэд эрэгтэй, эмэгтэй баг нийт 40 гаруй удаа аваргын алтан медаль хүртсэн байдаг.Аймгийн аваргад 28, улсын аваргад 10 гаруй удаа медаль хүртсэн байх жишээтэй. Ингэж анх волейболын спорт руу дурлаж орсон доо.

Тамирчны замнал гэвэл, 2006 он хүртэл Л.Амарболд багшийнхаа удирдлага дор хичээллэж байгаад хотод оюутан болж, “Их засаг” их сургуулийн оюутны шигшээ багт тоглох болсон. Улмаар 2010 оноос “Тэнүүн-Огоо” клубт хоёр жил тоглолоо. Мөн 2012-2014 онд “Алтайн барс” клубт тоглож байгаад буцаад “Тэнүүн огоо” клубийнхээ ахлах дасгалжуулагчаар ажилласан. Хоёр жил дасгалжуулагчаар ажиллах хугацаанд ихээхэн амжилттай байж чадсан. 2017 оноос “Хобби эйс” клубийг байгуулж байлаа. Дараа жилийн Монголын волейболын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Өнгөрсөн жил “Алтайн барс” клубийг дасгалжуулж байгаад энэ оноос “Хөвсгөл шинэ үе” клубийг байгуулж дасгалжуулаад явж байна. Нийтдээ 2015-2020 оны хооронд Монголын волейболын холбооны тэмцээний дасгалжуулагчаар ажиллах үедээ таван удаа шилдэг дасгалжуулагч болжээ. Мөн үндэсний дээд лигт тоглож, 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд туслах дасгалжуулагчаар явж байсан.

-Анх уг спортоор хичээллэж байх үетэй харьцуулахад одоогийн хөгжил хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Мэдээж олон дэвшил гарсан. Наад зах нь интернэт хөгжсөн учир дэлхийн волейболын спортын хөгжлийг маш ойлгомжтой хардаг болчихлоо. Биднийг тоглож байх үед зурагтаар л хааяа нэг волейбол үздэг байв. Одоо бол дэлхийн баг тамирчдын тоглолт, тактикийг дэлгэрэнгүй үзэх боломжтой. Үүнээс гадна бидний дараагийн үе нуруу өндөр болсон.Ингэснээр Ази болон дэлхийн түвшинд тоглох боломж нэмэгдэж байгаа юм. Би үеийнхэн дундаа 190-тэй гэхэд өндөрт ордог байсан бол одоо 18, 19-тэй хүүхдүүдийн хувьд энэ өндөр хэвийн нуруу болчихсон.Ганц дутуу юм гэвэл хангамж, цалин мөнгө юм.Зөвхөн энэ спортоор хичээллээд амьдаръя гэхээр тийм боломж хомс. Монголын тамирчид ажилдаа яваад, хажуугаар нь бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаанд оролцоод явахаар дэлхийн түвшинд тоглох боломж дутаад байх шиг байна. Бусдаар бол бүх чиглэлээр нээлттэй болчихлоо. Хоолноосоо авч чаддаггүй эрдэс бодис зөндөө байгаа. Тэр болгоныг интернэт орчноос судлаад надад тийм витамин дутагдаж байгаа учраас аваад уучихъя гэнэ. Энэ витаминууд нь Монголд байна.

Нөгөө талаар бид арван жилээ төгсөөд маш бага цалин авч тоглодог байсан.Одоо бол сайн тамирчид байрны урьдчилгаатай дүйх мөнгөөр жилийн гэрээ хийчихдэг. Хамгийн дээд тал нь сардаа 2-3 сая төгрөгийн цалин авах нөхцөл үүссэн. Тэгэхээр цалин хангамж, дэмжлэг тодорхой түвшинд сайжирсан. Гэхдээ нийт массаа хамарч чадахгүй байгаа. Түүнчлэн, волейболоор хичээллэдэг залуусыг албан байгууллагууд ажилд авах сонирхол ихтэй болсон.

-Волейболын спорт олон улсад хэр нэр хүндтэй байж, цар хүрээгээ тэлж байна вэ?

-Энэ спорт сагсан бөмбөг зэрэг ижил төстэй спортуудтай харьцуулахад классик ангилалд хамаарна.Гольф шиг гэсэн үг л дээ.Дэлхийн хэмжээний тамирчид маш өндөр цалин авч, энэ спортыг сонирхогчид байнга өсөн нэмэгдэж байдаг.Гадны оронд энэ спортыг хэрхэн хөгжүүлэх маш том систем ажилладаг болсон. Үүн дотор маркетинг, менежмэнт гэдэг зүйл том байр суурь эзэлж яваа учир үүнийгээ дагаад дэлхийн топ 10 спортод орж байна.

-Хөвсгөлөөс тамирчид төрүүлэн гаргах зорилгоор “Хөвсгөл Шинэ-Үе” клубийг байгуулсан уу?

-Клубийг үүсгэн байгуулагч нь Х.Эрдэнэбаатар гэж залуу бий.Волейболын спортоос гадна өөр төрлийн спортыг ч дэмжин ажилладаг.Мөн манай менежерээр Х.Энх-Амар ажиллаж байна. Тэрбээр Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгчийн албатай. Бид хоёр багаасаа аймагт хамт волейболын спортоор хичээллэдэг байсан.Манай менежер Хөвсгөлөөс дээд лигийн хэмжээнд тоглох аварга төрүүлэх юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан.Энэ мөрөөдлийн дагуу уг спортод хөрөнгө оруулалт хийж байна.Би ахлах дасгалжуулагчийн ажилтай. Эрэгтэй, эмэгтэй нийлсэн 60 гаруй тамирчинтай. 13-20 насны тамирчид бий.Үүнд үндэсний дээд лиг, холбооны цомын аварга, насанд хүрэгчдийн аваргад медаль авч байсан спортын мастерууд ч бий.

-Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байна вэ. Ойрын зорилтоо тодруулахгүй юу?

-Ирэх есдүгээр сард клубүүдийн хооронд үзэгчгүй, лайв тэмцээн хийнэ.Үүнд бэлтгэж байна.Мөн эмэгтэй багийн хувьд арванхоёрдугаар сард Үндэсний дээд лигт тоглоно гэсэн зорилготой байгаа.Мөн залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах зэрэглэлтэй тэмцээнүүдэд бүгдэд нь эрэгтэй багаа тоглуулна гэсэн бодолтой байна. Бэлтгэлийн хувьд долоо хоногийн зургаан өдөр өдөрт хоёр, хоёр цагаар нийт дөрвөн цагийн бэлтгэл хийдэг. Ингээд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрөв, дөрвөн цаг гэхээр өдөрт найман цагийг бэлтгэлд зарцуулж байна.

-Хөвсгөлөөс тамирчдыг сонгон шалгаруулж авсан гэсэн. Залуус хэр чансаатай байна вэ?

-Тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор хавар сарын хугацаатай Хөвсгөлийн 23 сумаар тойрч явсан.Нэг сумаас нэг тамирчин гэсэн төлөвлөгөөтэй явсан ч нэмэгдсээр эмэгтэй, эрэгтэй 80 гаруй тамирчинтай болсон. Одоо шигшигдээд 60 гаруй тамирчинтай болоод байна. Цаашид энэ тоо 40 болж буурна. Байнгын бэлтгэл сургуулилттай 20 тамирчин байлаа гэхэд сайн бэлтгэлтэй 12 тамирчин тэмцээнд оролцоно.Дараагийн тэмцээнд тэднийхээ дээр гарч байж оролцоно гэсэн өрсөлдөөнөөр явна.Мэдээж тамирчинд насжилт гэж бий. Иймээс жил болгон 5-6 тамирчин нэмж авах байдлаар сэлбэлтээ хийнэ. Гэхдээ мэдээж нуруу өндөртэй, авьяас чадвартай хүүхэд байвал зөвхөн Хөвсгөл гэлтгүй бусад аймаг, нийслэлээс тамирчин авна.

Манай клубийн менежер олон жил Европоор явсан учир Чехийн Элчин сайдын яам болон Волейболын холбоотой хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр орны тамирчдын хамтарсан бэлтгэлийг Монгол, эсвэл Чехэд хийхээр төлөвлөж байна. Солонгост манай хоёр тамирчин тоглодог. Ирээдүйд лигийн тамирчин болгох зорилготой явуулсан. Бэлтгэл сургуулилтаа сургууль дээрээ хийж байгаа.Солонгост байгаа хоёр тамирчины бүх зардлыг даадаг. Мөн цалинтай. Тэд одоо 15 настай. Арван жилээ төгсөөд их сургуульд элсэхэд сургалтын төлбөр, байр зэрэг шаардлагатай бүх зардлыг үргэлжлүүлэн хариуцаж явна. Ингэснээр Солонгос болон Монголын дээд лигт тоглох юм. Ер нь манай баг тамирчид 1-2 жилийн хугацаанд үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байна.

-Ер нь аливаа спортыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт чухал. Волейболын спортын тухайд энэ нөхцөл байдал ямар байна вэ?

-Гадны оронд шоу бизнес болчихсон учир уг спортоор ашиг олж, бизнес хийдэг.Манай Монголд тийм боломж бүрдээгүй.Ер нь волейбол гэлтгүй бусад бүх төрлийн спортыг спонсорлож байгаа хүмүүсийн хувьд тухайн спортыг хөгжүүлэх чин зорилго, спортод элэгтэй байдал нөлөөлдөг.Түүнээс спортоос ашиг олоод, нэр хүндээ өсгөөд, олонд танигдаад явах боломж байхгүй.

-Хөвсгөлийн 23 сумаар явсан гэсэн. Ер нь хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийн волейболын спортоор хичээллэх суурь хэр зэрэг байна вэ?

-Хөвсгөл аймгийн хувьд Их-Уул, Бүрэнтогтох сум, Мөрөнгийн ганц хоёр сургууль зэрэг 4-5-хан газраас бусдад нь волейболын спортын суурь огт тавигдаж чадаагүй.Хүүхдүүд нь хар бороороо сурсан байна.Биеийн тамирын дээд сургууль төгссөн хүмүүс хичээл орж байгаа ч яг волейболын багш дасгалжуулагч биш. Сагсан бөмбөг ч юм уу, өөр спортын хүн учир волейболыг буруу техникээр сургачихсан. Техникээ буруу эзэмшсэнээр тамирчин бэртэх магадлал маш өндөр. Миний хувьд энд бэлтгэгдэж байгаа олон сайхан залуус лигт тоглодоггүй юм гэхэд орон нутагт волейболын спортын суурийг зөв тавьж өгөхөд дэмжлэг үзүүлэх болов уу хэмээн бодож дасгалжуулагч болгох давхар зорилго агуулж байна.

-Волейболоор хичээллэх нь хүнд бие бялдар, сэтгэл зүйн хувьд ямар өгөөж өгдөг вэ?

-Хүнийг хүндлэх гэдэг утгаараа бөхийн дараа эрэмбэлэгддэг.Тийм учраас уг спорт дэг журам өндөртэй, бараг хагас цэрэгжсэн маягтай бэлтгэл сургуулилт хийдэг.Миний хувьд өмнөх, одоогийн багаа дасгалжуулж байгаа гол зэвсэг бол хүмүүжил дэг журам юм.Ингэснээр аливаа сорилтыг даван туулж чадах сэтгэл зүйн бэлтгэлтэй болдог.Үүний дараагийн нэг зүйл бол волейбол багийн спорт дотроо хамгийн их уялдаа холбоотой байхыг шаарддаг.Би эхний дамжуулалтыг буруу авсан бол холбогч түүнийг засч өргөхөд хэцүү.Миний гоё өргөөд өгсөн бөмбөгийг довтлогч сайн довтлохгүй бол оноо болгож чадахгүй.Тийм учраас бүх зүйл багаар ажиллаж байдаг.Аливаа ажил дээр багаар ажиллах чадвар гэж заадаг. Тэгвэл энэ шаардлагыг уг спортоор хичээллэдэг хүмүүс бүрэн дүүрэн хангаж чаддаг. Зүгээр л цаанаасаа оюун, биед нь суучихсан байдаг юм. Ганцаараа зүтгэснээс багаар хичээх нь зөв гэсэн зуршил тэр хүмүүсийн эд эсэд байж байдаг.Энэ нь ажил амьдралд нь хүртэл зөвөөр нөлөөлдөг.Үүний дараагийн зүйл гэвэл волейболоор нэг цаг хичээллэсэн хүний нийт 330 гаруй булчин ажилладаг.Энэ бол хүний их хэмжээний булчин.Тиймээс бие бялдрыг төгс хөгжүүлэх гэдэг тал өндөр ач холбогдолтой.Ялангуяа, эрэгтэй, эмэгтэй хүнд байж болох сайхан гуя, өгзөг, мөр зэргийн булчин маш сайн хөгждөг.Гоо үзэмж талаасаа сайхан харагдах нь ойлгомжтой.Тийм болохоор хүнийг өв тэгш хөгжүүлдэг спорт бол яах аргагүй волейбол.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нарангэрэл: Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс эмгэг өөрчлөлт илэрч байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс эмгэг өөрчлөлт илэрч байна. 5-17 насны хүүхдүүд эмнэлзүйн балархай шинж тэмдгээр өвчилж цаашид бусдад тараах эрсдэлтэй. Тусгаарлалтад шинээр 544 орж, 139 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэнээр 3626 хүн тусгаарлалтад байна. 67 хүн цэргийн төв эмнэлэгт байгаагаас нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Амбасэлмаа: 627 хүнээс коронавирус илрээгүй, 4 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ болон Дарханы вирус судлалын лабораторид 627 хүний шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. 4 хүн эдгэрч гарлаа.

Тусгаарлах байранд байсан эх төрж охинтой боллоо.